Author: admin_shaman

  • УЛААЧ – УДМЫН ЗАЯАГ ТЭГШЛЭГЧ

    Ирж золгож, итгэж дагасан нь ивээлээ авсаар ч… гэвч удмаараа өндийж босохгүй, улиглах муу нь тасрахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
    Удам гэдэг бүхэлдээ цус, ясны өгөгдөл бүхий мэдээлэлт эрчмээр өөр хоорондоо уягдан зангилагдсан торлог тогтолцоо гэж ойлгож болно. Удмын үрсүүдийг хэсэгчлэн заслаа ч удмаараа өргөгдөн өндийх боломж хязгаарлагдмал. Учир нь удмын нэгдмэл мэдээллийн санд засагдаж, залруулагдаагүй үрсүүдийн сөрөг агууламжит мэдээлэл оршсоор, бусдынхаа хувь тавиланд нөлөөлсөөр л байх болно.
    Бүх хүн удмын дээд эсүүдтэйгээ золгож үйл мөрөө тэгшитгэх боломжгүй. Тэгэхээр хэрхэх ёстой вэ? Та зөвхөн ирж золгосон хэдхэн хийгээд эргэн тойрны хэдийгээ засаад л удмаа хамгаалчихгүй.
    Монголчууд эрт цагаас эрчимт мэдээлэл уламжлагдан, харилцан хамааралтай хөгжин орших ураг, удмын торлог бүтцийн үнэний хуулийг танин мэдэж, тэнгэрлэг дээд өгөгдлөөр ураг удмаа бүтээх, хамгаалах, хүчирхэгжүүлэхэд дээд зэргээр анхаарч иржээ.
    Удмын мэдээлэлт эрчим нь 9 үе дотор илүү өндөр агуулгатайгаар буюу илүү нөлөөлөлтэйгээр хамаарна. Энэ төвшний эрчим бүхий мэдээллийн ижилсэлт хүмүүсийн өөр хоорондоо нөлөөлөх, харилцан үйлчлэх, хамаарах өгөгдөл нь харьцангуй өндөр байдаг. Тэр дундаа сөрөг агуулгат мэдээлэл, нөлөөллийн үр нь өндөр байна. Тиймээс ч нэгэн удамд хамаарах үрсийг өөр хооронд нь ураглахыг эрт үеэс цээрлэж ирсэн бөгөөд энэ нь удмын мэдээллийн сан дахь сөрөг агууламжит мэдээллийг дахин өсгөж, нэгэн 9 үеэс дээшхи үед буюу угсаа гарвалийн мэдээллийн төвшинд хадгалагдан уламжлагдах аюултай байдаг аж. Тухайн хэн нэгэн хүний хийсэн сайн муу, алив үйл нь цар хүрээ, давтамж, ач холбогдлын төвшингөөсөө хамаараад тухайн хүнд хамаарах өөрөөс дээшхи болон өөрөөс доошхи, хөндлөнгөөр хамаарах бүхий л удмын торлогт багтах хүмүүст харилцан адилгүй төвшинд нөлөөлнө.
    Угсаа нэгт үрсүүд, удмын хэлхээст багачууд нэг нь нөгөөгөөс хамаарахын нууцыг таньсан эрт цагийн Монголчууд өөрсдөө өндөр тэнгэрт заларсан дээдсүүдээсээ суралцаж, үнэн зөв, дээд хөгжилд тэмүүлж, үр хойчистоо бага балчираас нь үлгэрлэн, зааварчилж, дагуулан хөгждөг байв. Ийнхүү хөгжихдөө “мөн” чанарын хөгжлөөр бусдаасаа дэвшилтэт төвшинд яваа нэгэн болон хөх тэнгэрсээс эрхшээгдэн үүрэгжсэн улаач тавилантан, хүүхэд балчираасаа зөвийн замаар замнаж ухаажсан ахмад настнуудын мэдээлэлт эрчим удам, ургийн бусдадаа илүү хүчтэй нөлөөлж, удмын торлогийг хамгаалж, төвшитгөж, залж, чиглүүлж байдгийг танин мэдсэн байна. Тодруулан хэлбэл хүн бүр удамдаа нөлөөлж, хүн бүр хүссэн ч, хүсээгүй ч удмаасаа хамаарч орших хэдий ч тэрхүү удмын харилцан хамааралт торлог холбоосын өмнө илүү түлхүү үүрэг, хариуцлага хүлээгсэд оршин, бусдадаа илүү хүчтэй нөлөөлж, бүхэл торлогоо хамгаалж, засч, залруулж байдаг ажээ. Өөрсдийн ураг удмын торлогийг цэвэр ариун, зөв зүйтэй хэмжээнд хөгжүүлж, хадгалж, хамгаалж чадсан удмын мэдээллийн санд хорлол, хараал, ядуурал, үгүйрэл, муу авир араншин, зан байдал, алдаа дутагдалтан гэж үгүй бөгөөд адгийн наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун хомсдолтой, хавдар тэргүүтэй урхаг муу өвчтэй хүмүүс ч үл төрнө. Түүнчлэн удмын мэдээллийн давхцалыг нарийн хянаж байдаг тул цус ойртолт хийгээд түүнээс урхагтай гажилтууд гарах боломжгүй юм. Харин ч ухаантан мэргид, эрдэмтэй чадалтан, эгэлгүй авьяастан, улс орон, үндэстэн, угсаатныхаа өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээж, удмынхаа нэр төр, баяр суурь, эрэмбэ зэргийг өндөр өргөх оноолтон тавилантан олноор төрдөг байна.
    Удмын торлогийг хамгаалагч улаач тавилантангууд тухайн удамд байгаа сөрөг эрчимт мэдээлэл болох хараал, хорлол, үйлийн үрийн сөрөг үр дагавар зэрэг муу мэдээллүүдийг үндэсээс нь буюу үүтгэлийн учир шалтгааны төвшинд ариусган цэвэрлэж, эерэг сайн, зөв мэдээллүүдийг хүчирхэгжүүлэн эрчимжүүлэхийн зэрэгцээгээр олон үеийн дээдхи язгуур, угсааны дээд чанаруудыг хадгалах, хөгжүүлэх, удмын дээд тэнгэрүүдээс тэтгэгдэх эрчмийн холбоосыг бэхжүүлж, дараагийн үүрэгтэндээ уламжлуулж, өөрийн эрин үед удмын мэдээллийн санд илүү дээд хийгээд шинэлэг эрдэм увидаст чадварын өгөгдлийг шинээр нэмж оруулах үүрэгтэй байв. Удмын оноолтон буюу удам урагийн хувь заяанд илүү хүчтэй нөлөөлөх боломж, чадвар бүхий тавилантангууд төр улс, түмэн олныхоо өмнө өвгөд дээдсийнхээ хүлээж явсан үүрэг, хариуцлагыг уламжилж, өгсүүлэн дэвшүүлж, байр суурийг нь баталгаажуулж, өөрөөс дээшхи хийгээд дараахи олон олон үеийнхнийхээ хувь тавиланг дэмжин тэтгэдэг байв. Удмын тэргүүн, ахмадуудын хувьд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, эрдэм мэдлэг ухаан, чадварыг заан сургаж, уламжлуулахаас гадна ураг удмын ариун холбоосыг эрхэмлэн таниулах, ургийн түүх, бүртгэл судалгаа, нууцаар дамжуулах учиртай мэдээллийг дараагийн үеийнхэндээ ил ба далдаар дамжуулах үүрэгтэй байв. Удмын үүрэгтэнүүд өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан ойлгож, ёсчлон гүйцэлдүүлж байж тухайн удам хүчирхэгжин өөдлөх учиртай.
    Энэ ч утгаараа удмаа хамгаалах улаач үүрэгтэн өөрөөсөө дээшхи улаач үгүйгээр тасарсан үеүдэд хамаарах хараал хорлол, нэхэл хатуурхал, үйл үртний гэм нүглийн төлөөсийг ариутган засамжилж, эдүгээгийн болон ирээдүйн хойчсоо хатуухан тавилангийн ачаанаас чөлөөлөх ёстой. Үүнийг удмын төвшинд, торлогийн төвшинд хэрхэн хийхийг дээд эсүүд тань заагаад өгөх болно. Өөрийн эринд буюу нэгэн цагт хамт амьдарч буй удмын үрсүүддээ үйлийн үр хийгээд үнэний мөрийг таниулан, алдаа бурууг нь ухуулан ойлгуулж, засахад анхаарах ёстой. Ингэж чадаж гэмээнэ ирээдүйгээ ч бас хамгаалсан үйл болно. Удмын хувь заяанд өндөр нөлөөлөл бүхий оноолтон заяат үрсийнхээ зам мөрийг тэгшилж, заяаг нь өргөн, үйлийнх нь үнэнээр өвөг дээдсүүдээ ч, өөрсдөө, үр хойчисоо ч өргөн босгох учиг холбоосыг бэхэлж чадвал үүргийг нь өвлөсөн өвгүдийнхөө өмнө ч, үүргийг чинь залгамжилсан үрсийнхээ өмнө ч өөрийн эрин үеийн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн гавъяатан болох бизээ. Танд амжилт хүсье.
    Эрэлчин

  • МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЗУРГАДУГААР БАГА ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

    МБНЭ-ийн бага хуралдайн YI хуралдаанаар “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуулдууд” гэсэн илтгэлийг хэлэлцээд ТОГТООХ нь:

    Нэг. МБНЭ-ийн бүх гишүүдэд:

    1. 2014 онд Монгол туургатны Нэгдсэн их тахилгыг Өмнөговь аймгийн Хан богд сумын нутагт, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурт тус тус хийж, түүнд нийт МБНЭ-ийн гишүүдийг оролцохыг уриалсугай.
    2. Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор МБНЭ-ийн гишүүд жилийн хийсэн ажлын тайлангаа төв байгууллагадаа ирүүлж байсугай.
    3. Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны II улиралд багтаан хэрэгжүүлж эхлүүлсүгэй.

    Хоёр.Дээд цэцийн гишүүдэд:
    1. МБНЭ-ийн Бөөгийн ёс зүйг хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлж, түүнтэй уялдуулан сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж 2014 оны 1 дүгээр сард багтаан эхлэх ажлыг зохион байгуулсугай.
    2. 2014 онд орон нутагт хийгдэх тахилгын бүсчилсэн тахилгын төлөвлөгөөг нэгтгэж гарган хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

    Гурав. МБНЭ-ийн хяналтын цэцэд:
    МБНЭ-ийн баталсан ёс зүйн баримтыг хэрэгжүүлэн дүнг жилд хоёроос доошгүй удаа дүгнэж, дүнг Дээд цэцийн зөвлөл, Бага хуралдайд танилцуулж байсугай.

    ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

    МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН
    ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

    2017 оны 02 дугаар Улаанбаатар
    сарын 07-ны өдөр № 01 хот

    Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай
    Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
    Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан, тэнгэрийн “Улаач”,
    түшээ, шүтлэгтэн нарт

    Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
    Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
    Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТЭНГҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

     
     
    djmedia:285

    Арга хэмжээ нь Монголын морин хуурын эгшгээр эхэлж, урлагын тоглолтоор мөнх хөх тэнгэртээ хийх залбирал үргэлжилсэн.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан үндэсний бөхийн барилдаан бага, идэр насны ангилалд боллоо. Бөхийн шагналыг уг ажиллагааг зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдлага гардуулж өглөө.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын нээлтийг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Тэрээр бидний зорилго биелэгдээгүй байгаа тул өмнөх зорилтуудаа, үгээ давтаж байгааг дурьдсан билээ. Мөн Залуучуудаа төлөөлөн Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, хорооны иргэдийг төлөөлөн нар үг хэллээ.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг чандмалсан хэлбэрээр гурав, гурваар гурван галд хийлээ.
    Чандмалсан 3 тахилгыг: А- Монгол бөөгийн зайран Ц.Тамжид, Монгол бөөгийн удган Д.Хүнбиш, Монгол бөөгийн зайран Ч.Гаваагүнчин, Б-Монгол бөөгийн тэргүүн удган Н.Үүрийнцолмон, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Сарантуяа, В-Монгол бөөгийн удган Цэндсүрэн, удган Д.Мөнхжаргал, удган Г.Цолмон нар тэргүүлж бөөллөө.
    ҮНДСЭН ТАХИЛГА галын тахилгад Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Д.Одбаяр нар толгойлон бөөлсөн байна.
    Ийнхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Д.Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл нар удирдан зохион байгуулсан байна.
    Нэг хэсэг нь идэвхитэй ажиллаж байхад нөгөө нэг хэсэг нь ажлын ард үлдэж хоцордогт анхаарах хэрэгтэй. ДЦХ-н гишүүний сонгуультай боловч ажилагаанд оролцоогүй Т.Баттогтох, Я.Мөнгөнсувд, Д.Отгончимэг, Н.Мягмарсүрэн, А.Оюунчимэг нарын гишүүд хамт олны ажилд оролцдоггүй юм бол бие даагаад явах, өөр байгуулагад ажиллах сонголт байгаа шүү дээ. Тахилгад хамт оролцсон атлаа шавиа машин нь асахгүй байхад орхиод явсан тохиолдол байв. Монгол бөөгийн удган Лхагва хүсэл нь төрвөл тахилгад ирээд дураараа бөөлдөг, дургүй бол асуудалд “ихэрхэж” ханддаг хувийн чанарыг анхааруулж байна.

    “МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД ЗҮТГЭЛТНҮҮДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗАЛБИРАН МӨРГӨЕ.”
    Эрхэм хүндэт тэнгэрийн улаач нараа
    Хүрэлцэн ирсэн тэнгэр шүтлэгтэн нараа
    Хүндэт иргэдээ
    Дэлхийн хуурай газрыг донсолгож явсан, хэдэн зуун жил мартагдсан өвөг дээдсийн булшин дээр Монгол бөө анх удаа хүндэтгэл үзүүлэн ёсолсон цаг хугацаа өнгөрөөд зургаан жил болж байна. Монгол бөө уг удам, өвөг дээдсээ хүндэтгэн дээдэлдэг. Түүхийн багахан хэсгийг эргэн уншихад бид ямар аугаа их ард түмний үр сад болохоо мэдэрнэ. Шинэ аугаа ихийг олж мэдэх тусмаа өвөг дээдсээрээ бахархаж, омогшин бадарч, сэтгэлд огшино.
    Өнөөдөр төрлөх газар нутаг, дөрвөн зүг, найман зовхист орших лус савдаг минь баярлаж байгаа. Монголчууд бид гэрээсээ гарангуутаа Мөнх хөх тэнгэртэйгээ, онгон сайхан байгаль дэлхийтэйгээ учран золгодог билээ. Тиймээс өвгөд дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн Мөнх хөх тэнгэрийн үзэлдээ үнэнч байвал бид даяаршлын эрин зуунд жинхэнэ Монгол мөн чанараа авч үлдэж чадна. Бид өөрсдийнхөө онгодоо дээдлэн хүндэлж, бусдын шашиныг хүндэтгэж ирсэн өвөг дээдсийн сургаалийг мартах учиргүй.
    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
    2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн Бага хуралдайн 6-р хуралдаанаас Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах саналыг гаргаж байсан билээ. Энэ бол асар их хүч, хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил билээ.
    Манай тэнгэрийн улаач нар хэлсэнээ ажил хэрэг болгохын тулд их ажил хийж байгаа. Би мөнх хөх тэнгэр, монгол бөө нараараа, Та бүхнээрээ бахархаж байна. Энэ их үйлийг Та нар хийхгүй бол өөр хэн хийх ёстой билээ.
    Монгол удам угсааны мэдээллийг өнөө хүртэл дамжуулж ирсэн олон зуун лус, савдагийн шүнсэглэн залсан шороог эх нутагт залахын төлөө их ажил хийх болно.
    Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээрэн бахархаж байна.
    Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр бахархан дуурсаж байна.
    Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нар, Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа бахархан дуурсаж байна.
    Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэрэг, Унгар Улсын Мухи тосгоны дэргэд. Шайо голын хөвөөнд мажар, хорватын шигшмэл 85 мянган цэргийг хиар цохин устгасан, Монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн Монголын 1000 дайчдаа, Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ дайчин алдрыг өнөөдөр бид эргэн дуурсаж байна.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг дуурсан бахархаж байна.
    Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ бид дуурсаж байна.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа бид дурсаж байна.
    Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь газар үлдэж хоцорсон монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг дурсаж байна.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ бахархан дурсаж байна.
    Монголынхоо түүхийн болон соёлын үнэт өв болсон монгол бичгээ хамгаалан тэмцэж буй ахан дүүсээ бахархан дурсаж байна, бас тэмцлийг нь дэмжиж байна.
    Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг бид биелүүлж байна.
    Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унтсан байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    Энэ үйлсэд Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа хүслийг дамжуулж байна.
    Энэ удаагийн чандмалсан тахилгыг Өвөрмонгол, Оросын буриад нар хийсэн бөгөөд өнөөдөр монголын бөө нар орон даяар нэгдэн хийж, морин цагт эхэлж байгаа билээ. Ийнхүү монгол туургатнуудын хамтарсан тахилга мөнх тэнгэрийн үзэлд хил хязгаар үгүйг нотолж, бас бөөлөлтийг шинэ утга агуулгаар баяжуулсан өвөрмөц онцлготой тахилга болж байгааг онцлон тэмдэглэж байна.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая.
    Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
    Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол омогшил, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын үндэс.
    Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.
    Мөнх тэнгэр биднийг өршөө
    Монголын үе үеийн баатруудын гэгээн алдар бадартугай. Хурай, Хурай, Хурай”

  • БУРИАДУУД ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Өнгөрсөн жил МБНЭ-ийн хамт олон 2 удаа буриад олныг зорин очсон билээ. Эхний явалт нь Байгаль нуурын эрэг дээр хамтарсан тахилга байсан билээ. Манай залуучууд гол үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь бух ноёны онгодод залбирсан.
    Өнгөрсөн жил Улаан-Үд хотод нээгдсэн Бөөгийн сүмийн нээлтийн ажиллагаанд оролцсон билээ. Олон сайхан улаач нартай танилцсан, баярт үйл явдал байлаа. Буриадын соёл шашины асуудал эрхэлсэн төлөөлөлтөй уулзалт хийсэн.
    Байгаль нуурын Ольхан арал дээр хийсэн Сибирийн түймэр унтраах тахилгад МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хамтарсан үйл ажиллагаа явагдсан.
    Энэ жилийн хувьд дэлхийг хамарсан өвчин гарч хил хаагдсан. Гэлээ ч хаа байгаа газартаа монгол туургатангууд Мөнх хөх тэнгэртээ залбиран тахилгаа хийдэг. Энэ удаа манай нэртэй зүтгэлтэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто Байгаль нуурын Ольхоны Бөөгийн аралд хамтран зүтгэгч нарын хамт тахилгаа хийжээ. Бидний бахархал болсон Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто, тулмааш Балжима хоёртоо талархал илэрхийлж байна.

    djmedia:284
  • “ОРДОСТ-2013 ОН” АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ

     

    Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь миний бие арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа.
    Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын-Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой. Бүх зүйл номоороо байсан тул нилээд хугацаа алдаад бид Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа.
    Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
    ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ. Хотыг бүхэлд нь хамарсан давхар засмал зам тавьсан нь түгжирлийг бүрэн шийджээ.
    Хөх хотын төвд, төв захын дунд зочид буудлаа сонгож шийдсэн нь бидэнд олон талаар ашигтай байлаа. Зав цаг гарвал гараад л захаар аялчихна. Өндөр барилгын хамгийн дээд давхарт хоолны газар байрлана. Тэндээс хот сайхан харагдана. Мөн хоолны сонголт сайтай ажээ.
    Миний найз нар манай бөөгийн удирдлагуудыг тусгайлан урьж хооллосон нь энэ өдрийн онцлог байлаа.
    Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв. Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэлийн зоог барьсан билээ. Бид сэтгэл ихэд хөдөлж, ярилцаж суусаар үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.

    Үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн бидээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ. Урьд нь олон удаа ирсэн болохоор гол үзвэрийн хэсгийг орхигдуулсан тул дараа өдөр нь дахин ирж үзэхээр болов.
    Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залууд бүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.
    Өглөө хооллоод бид Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр буцаж явлаа. Уг нь орчуулагч залуу зөрүүдлээгүй бол ингэж цаг алдалгүй өчигдөр Чингис хааны жуулчны цогцолборыг үзээд бас Шинэ Ордос хотыг ч бүрэн үзэх боломж байсан билээ.
    Эх нутагт нь юу ч үгүй байхад өмнөд нутаг амаархамаар сайхан зүйл бүтээжээ. Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэн манайхан бидний дотор өмнө энэ музейг үзсэн хүн байсан тулдаа үзэх ёстой гол зүйлээ үзэлгүй буцах өнгөрөх байсан “аюулаас” мултарсан билээ.
    Ийм сайхан аялагчдыг татах зүйлийг төрийн бодлогоор удирдаж, зөв шийдвэр гаргаж туслалцаа үзүүлж, хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгө гарган хийж, Чингис хааны жуулчны цогцолборыг бүтээн байгуулжээ.
    Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэний дараа элсэн манханд байгуулсан жуулчны баазад очсон юм. Орчуулагч залуу бидэнд энэ бааз урьдчилан захиалга өгөөгүй бол үйлчилдэггүй хэмээн хэлээд зураг авахуулаад 30 минут болоод хөдөлнө гээд эхнэр хүүхдээ дагуулаад бууж одов. Бид ч дурсгалын зураг даруулаад хөдөлнө хэмээн автобусандаа орчуулагчаа хүлээн 3 цаг болов. Энэ хооронд бид жуулчны баазыг бүрэн үзээд цугларчих хугацаа байлаа. Ажилдаа сэтгэлгүй, хүйтэн ханддаг, мэдлэггүй бөгөөд эхэмсэг зантай орчуулагч залуугийн хандлагаас бид үзэх зүйлээ үзэлгүй ийнхүү түүнийг хүлээн цаг алдав.
    Гэхдээ хятад орны хөгжил дэвшил, хүмүүсийн соёл, эх оронч сэтгэлгээ манайханы сэтгэлийг хөдөлгөж, нэг хүний хариуцлагагүй байдлыг нөхөж чадсан билээ.
    Хөх хотын төв хэсэгт байрласан зочид буудал бидний сэтгэлд бүрэн нийсэн билээ. Энэ өдрүүд бол аялагчдын хувьд чөлөөтэй өдөр байсан. Бид нэг хэсэг нь эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлж, нөгөө хэсэг нь Хөх хотын шинэхэн байгуулагдсан төв музейг үзэж сонирхов. Сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжсөн ӨМӨЗО-ын Хөх хотын хөгжил цэцэглэлт, соёл урлаг, эмнэлэг худалдаа үйлчилгээний байдалтай бага ч гэсэн танилцсандаа бид сэтгэл өндөр байлаа.
    Орой нь Хөх хотын “Шинэ өвөрмонгол буудал”-д хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн билээ. Ялангуяа урлагын тоглолт гойд сайхан байлаа. Хөх хотоос Эрээн хотыг зорин автобус хөдлөв. Дөрөв дөрвөөрөө хэсэг болон ая дуугаа өргөн холын замд өрсөлдөн дуулцгаав. Биднийг аян замын явцад шинэхэн сайн үйлчилгээтэй зочид буудлаар үйлчилсэн юм. Энэ бүхэнд бид баярлаж явав. Өвөрмонголын уудам тал, уулархаг хэсэг бүхий л газарт хөгжил дэвшлийн өнөөгийн нүүр царай тод харагдаж байлаа.
    Бид аян замын холд бие биетэйгээ танилцаж, дотно сайхан сэтгэлээр харилцаж амьдралдаа мардагдашгүй нэгэн үйл явдалд биеэрээ оролцсон билээ. Монголчууд бид хөгжлийнхөө тухай эргэцүүлэн бодох, юу хийх ёстой, юуны төлөө ажиллах ёстойг энэхүү аялал бидэнд ухааруулсан билээ. Алс холын аян зам бидэнд өгөх ёстой өгөөжөө өгсөн, тэр нь хөгжил дэвшлийнхээ төлөө урагш тэмүүлэх, ажиллах, тодорхой үр дүнд хүрэх ёстойг бидэнд сургамжилсанд байлаа.
    Дараа жил дахин уулзана. Тэгэхдээ залуучуудаар эгнээгээ тэлсэн баг Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр дахин ирэх болно.

     

    djmedia:283
  • ОТГОНТЭНГЭР УУЛ

    Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ. Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.

    Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
    Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино.

  • Шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй

    XIX зууны үед Ар Монголын Засагт Хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ар ширхтэн овгийн жөгд ясны Гурсогийн Жав зааринг бурхан номын хүчээр даран сөнөөх гэсэн Жавзундамба хутагтын их шавийн дархад отгийн Зөөлөнгийн хүрээний ягаан цорж ламын оролдлого бүтэхгүй болж лам өөрөө бөөгийн гүйлгэсэн холбогонд оногдож өөд болох шахаад арга буюу Жав зааринг залахад тэрээр ламынд ирэхдээ хэнгэргээ унаж ирээд гурван зэвтэй холбогоо биенээс нь авч ламыг эдгээсэн боловч шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тангараг тавиад буцахдаа мөн хэнгэргээ унаад буцсан гэдэг.

  • Баглаан удган нэгэн домог

    Тэгэхээр нь бөө “Та нар намайг хороож чадахгүй. Миний амийг, ээж хамгаалаад байна. Намайг бүү зовоо. Би ээжийгээ явуулчихья. Та нар тэгээд цавч” гээд шивштэл хоёр мөрнөөс нь хоёр бүргэд гараад нисэн одсоны дараа цаазаар авчээ. Энэ үеэр Арилдий бөөгийн ээж Баглаан удган бөөлж “Ганц хүүгийн минь алдын төдий биеийг нууж чаддаггүй яасан хангай вэ” гэж хундсын Улаан хадыг аянгаар бут ниргүүлээд Улиастайн манж сайдыг алах гэж онгодоо явуулсан боловч онгод нь сайдыг хорлож чадахгүй эргэж ирээд Баглаан удганы дөрвөн мөчийг эвхэртэл татуулав. Удган Далайням гэгчийн тусламжтайгаар онгоддоо өргөл засал хийж сэргээд хүргэн хүү жөгд ясны хар заарингаар сайдыг алуулах болжээ.
    Гэтэл бас л хар бөөгийн хонхинуур Улиастайд хүрэлгүй харин хадам ээжийнх нь зүүн мээм рүү орчихжээ. Баглаан удган хүргэнийхээ хонхинуурыг таниад чи үүнийгээ ав гэжээ. Хар бөө хонхинуураа аваад “Чи ингээд төөрөлд” гэж хэлээд амыг нь хадаад хаячихжээ. Үүнээс болж хар бөөгийн ганц хүүгийн хоолой бөглөрч эхнэр Амаажий нь боож үхэв. Аргагүйн эрхэнд хар бөө хонхинуураа хадсан хадаасыг мулталж хүүгийнхээ амийг аварсан гэдэг.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ДАНЗАНГИЙН НАРАНГУА

     

    ·         2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.

    ·         2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.

    ·         2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.

    ·         2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.

    ·         2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.

    ·         2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.

    ·         2019.06.25-ны өдөр. Хувилай хааны ордонд залбиралд оролцсон.

    ·         2019.07.07-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилга

    ·         2019.07.20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.

  • БӨӨГИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОХ ТУХАЙ.

     

    1. Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Н.Цэвэлмаа
    2. Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Энхээ,
    3. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Сосорбарам
    4. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Цэндсүрэн
    5. Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтох
    нарыг тус тус томилсугай.

    Хоёр. Аймгуудын бөөгийн дэд удирдагч нараар
    1. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар,
    2. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, удган Д.Наранцэцэг
    3. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Зайран Л.Дорж
    4. Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдлагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Ч.Болд
    5. Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн дэд удирдлагч, Монгол бөөгийн тэргүүн Удган Р.Цэрэндэмэд
    6. Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Зайран Э.Болдоо нарыг тус тус томилсугай

    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН