Author: admin_shaman

  • МБНЭ-Д “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

    Олны дунд явуулсан судалгаанд үндэслэн Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг Монгол Улсын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэн Үндэсний бренд болох “Нисэхээр завдаж буй шувууны дүрс ба Могнолчуудын хөгжил, мандан бадрахыг бэлэгдсэн загасны дүрслэл бүхий бидний өвөг дээдсээс өвлөж авсан билгүүн гүн ухаан”-ы илэрхийлэл болсон “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” өргөмжлөл цомын хамт гардуулан өглөө. 

    Шагнал олгох ажиллагаа “Улаанбаатар” зочид буулын их танхимд болсон бөгөөд шагналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Чанцал нар гардан авсан байна. Энэ шагнал нь МБНЭ-д олгож байгаа анхны шагналаараа онцлог юм.
    Д.Төмөрөө

  • XX зууны үеийн энхрий хүүхдийн дээл

    Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байна. Энэ удаа XX зууны үед холбогдох “Энхрий хүүхдийн дээл” үзмэрийг уншигч танаа толилуулья.

    Материал: Торго, зэс, төмөр, үнэгний арьс
    Хэмжээ: Урт 36см х 39см
    Холбогдох он цаг: XX зуун
    Монголчууд эртнээс үр хүүхэд тогтохгүй байх болон өвчин ороомтгой үед хүүхдийнхээ хүйсийг нь нууж хувцаслах, олон нөхөөст ба буруу энгэртэй дээл хувцас хийж өмсгөдөг уламжлалтай байжээ.
    Эцэг эх нь хүүхдээ төрөхөд нь ламаас тусгайлан нэр залах, гурван жил айлд оруулахгүй байх, эсрэг хүйсний болон буруу энгэртэй баривч, дээл, хантаазыг өнгө өнгийн торго өөдсөөр дөрвөлжлөн зүйж хийж өмсүүлэх, цоохор дээл, лам дээл, түүнчлэн түнтгэр мөртэй “халх эхнэр дээл” зэргийг зориуд хийж, өмсгөж байсан нь энхрий хүүхдийн нас, хүйсийг муу бүхнээс төөрөлдүүлдэг дом, сүсэг бишрэлийн агуулгатай ажээ.
    Уг үзмэрийн хувьд дээлний энгэрээс гуулин мэлхий хонх, нум, зоос, үнэгний хоншоор зэргийг хэлхэж зүүжээ.
    Энэхүү үзмэр нь Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
    У.Баярсайхан

  • УЛААЧ- УДМЫН ХЭЛХЭЭГ БЭХЛЭГЧ

    Тиймээс удмын өмнөх үүрэг гэдэг улаач бүрт хамааралтай. Үйлийг нь хийдэг нэг нь байхад үнэнийг нь таниулах нэгэн ч гэж бий. Үйлсээрээ өргөж тэтгэх учигтан ч бий. Би удам хариуцаагүй, улсаа түмнээ хариуцсан гэж хэтийдэн бүү орхигдуулаарай. Төр улсын өмнө ч бай, түмэн олны өмнө ч бай, этүгэн эхийн өмнө ч бай, эргэх түүхийн эрхшээлд ч бай үүргээ өндрөөр биелүүлсэн цагтаа өнөд мөнхрөлөөр дурсагдах үедээ ч удмаараа л залгамжаа үлдээж, улирах үеүдэд нь дээд эс нь болон дээдлэгдэх бусуу.
    Улаач заяатан өөрсдийн удмыг өнгөрсөн хийгээд ирээдүйтэй нь холбож, аргамжиж, холынхыг нь ч ойртуулж, хожмын үрсүүдээ л өргөж чаддаг үүрэгтэн.
    Энэ цагийн улаач нарын маань дунд удмаа танин судлах, удмын түүхээ, өв соёл, бахархалаа таниулан сургах, өвлүүлэн уламжлуулах, удамдаа хамаарах урагтнаа судлан бичиглэж, сударлан танилцуулж буй нь цөөнгүй. Амжаагүй нь сайтар судлан нягталж байгаад илүү сайнаар хийх нь бас гарцаагүй бизээ. Дан ганцаараа хийнэ гэж зүтгэлгүй өөрийн удмын ахмад настан, бичиг эрдэмтэн, холбож уялдуулж явдаг хүмүүстэйгээ нэгдэж байгаад илүү үр дүнтэй сайнаар хийж гэмээнэ хожмын үр хойчис чинь удмаараа, гарвалаараа, улаач таниар ч бахархан уламжилж явах учигт үүргээ биелүүлж чадна.
    • Ургийн бичгээ бичих үедээ гол төлөв өөрөөс дээш 5 хүртэлх үеийн түүхийг л таньж мэдэх нь элбэг. Архив түүхийн баримтаас энүүнээс илүүтэй олддоггүй нь харамсалтай. Гэвч та л угийн гарвал, удмын түүхээ урагшуулан судлах учигийг атгаж байгаа шүү дээ. Таньд л таны удмын түүхийг үнэнээр хүүрнэх өндөр дээд эсүүд тань заларч буй. Тиймээс ургийн үнэн түүхийг үе үеэр урагшлуулан таних үүрэг танд ирсэн.
    • Та ямар учиртай угсаа гарвалын, удмын, удмын дээд эсүүдийн үргэлжлэл вэ? Таны угсаалж залгамжилсан удам юугаараа онцлог, ямар бахархууштай нандин түүх, эрхэм чанар, үнэт зүйлстэй вэ? Таны удмын үрс өвөг дээд эсийнхээ ямар чанарыг заавал эрхэмлэн дээдэлж, өөртөө оршоон агуулж, ямар зүйлийг цээрлэж, жигшиж явах учиртай вэ? Энэ бүгдийг та танин судалж, өөрийн эрин цагтаа удамдаа түгээн дэлгэрүүлж, үргэлжлэх хойчистоо үл мартагдах эрхэм өв болгон уламжлуулах учиртай. Тэгж гэмээнэ л та энэ цагт удмаасаа тэтгэгдэх улаач байсныхаа мөрийг тодоос тод үлдээж чадах билээ.
    • Энэ цагийн үрсүүд тань заавал Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг дагагчид байх албагүй ч, бүгд л өвөг дээд эсийнхээ үргэлжлэл нь байж, үр удмаа үлдээгсэд болохынхоо хувьд өв түүхээ мэддэг, хүндэлдэг байх нь чухал. Та үнэнийг, зөвийг таниулан үлдээж чадаж гэмээнэ хожмын үрсүүд дотор чинь харийн соёлыг хэт хөөргөн уламжилж, хүн ч биш, адгуус ч биш холимог төрөлтөн шиг амьдрагсад, Монголоо алдаж харьд уусагсад төрөхгүй. Өвгөдийнхөө үнэнээс, зөвөөс суралцаж чадсан үрсүүд таньд үе үл тасран үндэсээсээ үл тасран өөдлөн дэгжих бизээ.

    Эрэлчин

  • НЭРЧҮҮГИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ШАЛТАГ

    Монголын умард хэсгийг нэгэнт эзэлсэн Оросын түрэмгийллийг зогсоохоор Түшээт хан, Сэцэн хан хоёр хүч хавсран цэрэг хөдөлгөж, “Сэлэнгийн шивээ” гэдэг Оросын бэхлэлтийг бүслэн хаасаар буулган авч, тэднийг хөөн гаргах гэж байтал Галдан чулуун бөгс гаргаж Халхад довтолсон. Монголын цэрэг замын дундаас эргэж, хойд хязгаараа задгай орхин ирсэн.
    Номхон далай руу тэмүүлсэн оросуудын түрэмгийлэл гагц халхуудыг төдийгүй манж нарыг түгшээх болжээ. Манж нар 1640 онд Бээжинг эзэлж Чин гүрнийг тунхагласнаар гол удирдагчид нь уугуул нутгаа орхин Хятад даяар тархан суурьших болсон. Энэ чөлөөг ашиглан оросууд Сунгари, Амар мөрөн хавиар газар эзэлж хүн амыг нь Оросын эзэнт гүрэнд албадан дагаар оруулж, татгалзсаныг нь нутгийн гүн рүү нь хөөх болжээ. Улмаар авчирсан тариачид нь газар хагалж, хот тосгон босгон цайз бэхлэлт байгуулах болов. Мөн уугуул оршин суугчдаас татвар авах болов. Манжийн хаан Амар мөрний тийш хэд хэдэн удаа цэрэг илгээж оросуудыг тэндээс шахан гаргахаар цайз бэхлэлт рүү нь довтолсон боловч бүтэлгүйтсэн байна.
    Энэ үед манж нар Орост элч зарж “Танай Орос улс Зүүнгарын Галданд тусалвал бид Халхтай холбоотон болж урьдын адил дайлан Уралыг давуулан та нарыг хөөх болно. Танай улс Галданд туслахгүй хэмээвээс эзлэн авсан Амар мөрөн, Байгал нуурын орчмын газраа авч болно” гэжээ. Галданд ямарваа нэгэн цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэсэн болзлыг Оросын тал хүлээж аваад Манжтай гэрээ хийхээр болов. Оросыг Халхын эсрэг тэмцэлдээ ашиглах гэсэн Галдангийн хориод жилийн оролдлого ингээд бүтэлгүйтсэн.
    1688 онд Галдан Халхад довтлон орсон явдал нь Орос, Хятад хоёр тохиролцон Монгол улсыг хуваан авснаа баталгаажуулсан уг Нэрчүүгийн гэрээг байгуулах үндсэн шалтаг болсон ажгуу!

  • Абишиг

    – Эрх олгох, олох, бөө болох эрх олж авах, уг барих, босох, залаалах зэрэгтэй адил утгатай.
    Багш нь шавьдаа абишиг хүртээж байдаг бол шавь нь абишиг авдаг. Шарын шашины гаралтай үг, зан үйл болно. Дээхэн үед есөн абишиг хүртэж байж зайран болдог ёсыг шарын шашин дэлгэрсэн үеэс тогтоосон ажээ. Хүнд бэрх сорилуудыг давуулдаг нь нэг талаар бөө болох зорилгыг мохоох гэсэн далд санаатай байжээ.
    “Авай” Гэсэр- XI зууны Монголын нүүдэлчин овог аймгуудын нэгэн хаан байсан Гэсэр хаанд зориулсан “Гэсэр тууль”-ыг XVII-XVIII зууны үед монголчууд зохиохдоо бөөгийн яруу найрагийг ашигласан бөгөөд Гэсэр туульст анх удаа 99 тэнгэрийн тухай оруулсан нь онцгой тэмдэглэлтэй.

  • Б.Галаарид:ЁС СУРТАХУУНГҮЙ, ХҮМҮҮЖИЛГҮЙ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ ЗАРИМДАА СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХҮНИЙХЭЭС Ч ДОЛООН ДОР БАЙДАГ

    -Балар эртний шүтлэгийг амьтан ургамал шүтэх тотемизм, сүнс шүтлэг буюу анимизм, мөн шаманизм буюу бөө мөргөл гэхчлэн ялгаж үздэг. Гэхдээ ялгараад сүйд болоод байх юмгүй харилцан уялдаатай ойлголтууд л даа. Монголчуудын бөө мөргөл бол нэн эртнээс улбаатай уугуул шүтлэг. Үүссэн цаг хугацааны хувьд Эхийн эрхэт ёсны үетэй холбож үзэх нь илүүтэй байдаг.
    -Монгол бөөгийн онол, гүн ухаан нь юу вэ?
    -Онол гэх юм юу байхав, урт удаан хугацааны туршид бүрэлдэн бий болсон оршихуйн ухаан гэвэл илүү зохих байх. Бүхнийг тэнгэр мэднэ, газрын бүхэн тэнгэрийн хуулиар зохицуулагдана, тэнгэрийн хуулийг зөрчигсөд зохих шийтгэлээ хүлээх ёстой гэж үздэг, аливааг тэнгэрийн таалалд нийцүүлэн үйлдэхийг хичээсээр ирсэн. Энэ л гол нь.
    Тийм ч болохоор Бямбын Ринчен гуай “Бүх шашны дотроос хамгийн шударгуу нь бөө мөргөл” гэж хэлсэн биз.

    -Бөөгийн эрдэм гэж ямар ойлголт байна вэ. Монголын бүх ёс жаяг, хэл яриа, хувцасны соёл, дуу бүжиг, үзэл санаа бөө мөргөлтэй хамт уламжлагдсаар ирсэн байдаг?
    -Дэндүү том асуулт байна. Бөөгийн увдис чадварын талаар яривал дуусахгүй. Харин үндэсний хэл соёл, урлаг, үзэл санааг тээгч гэдгийн хувьд санал нэг байна. Бөөгийн онгодоор дамжуулан энэ бүхнийг ухаж судлах боломж бий. Даанч аргазүйн хувьд шинжлэх ухаанч биш л дээ.
    -Түмэдийн Алтан хан, Автай сайн ханы үед бурхны шашин түрэн орж ирж, бөө лам нарын тэмцэл эхэлсэн. Бөө нар уугуул шүтлэг, зан заншлаа алдахгүй гэж тэмцсэн гэдэг. Бөө нарын тэмцэл ямар байсан бэ?
    -Монголчууд өмнө нь ч бурхны шашинтай байсан түүхтэй. Автай ханы үеийн тухайд бөө мөргөл өөрөө шинэчлэгдээгүй, зан үйл нь балар эртнийхээрээ хатуу харгис байсан нь нэг том шалтаг болсон. Харын шүтлэгийн орыг аядуу зөөлөн шарын шашин эзэлснээр “цусан далайг сүүн далайгаар сольсон” гэж лам нар тайлбарладаг. Үнэндээ бол Монголын хан ноёдууд нэг нэгнээсээ цол чимэг, улстөр болоод шашны нөлөөгөөрөө илүүрхэх гэсэн явцуу тэмцлийн улмаас төр нь шарын шашинтай нийлж байгаад л уугуул шүтлэгийг гишгэх газаргүй болгочихсон хэрэг. Дундад зууны Европын инквизаторуудтай яг адилхан алж, шатааж, нутгаас нь хөөж харгислан дарсан гэдэг юм.

    -Бөө мөргөлд хүнийг харсан тэнгэр гэж байдаг гэж үздэг үү?
    -Харсан тэнгэр гэж юм байдаг, хүний ёсноос гажууд явбал тэр чинь хаячихна шүү, зөв шударга амьдар гэж сургадаг байсан юм билээ. Тэнгэр харж байгаа, уул усны эзэд харж байгаа, өвөг дээдсийн чинь сүнс харж байгаа гэж сургадаг, захидаг байж.
    -Бөөгийн эмчилгээний талаар тайлбарлаж өгнө үү? Уламжлалт эмчилгээнээс ялгаатай юу. Эмчилгээний гол арга барил нь юу вэ?
    -Хүний өвчин зовлонг оношлох, шалтаг шалтгааныг нь арилгах, улмаар эмчилж эдгэрүүлэх зан үйлийг бөө нар хийдэг. Уламжлалт мэдлэг, онгодын шидлэг чадварын аль аль нь хэрэг болдог байх.
    -Гал тахих ёс бөөд хамгийн чухал байдаг. Мөн галаар эмчилж, засдаг ёс ч байдаг. Яагаад галыг чухалчилдаг вэ?
    -Гал дээдлэх ёс ганц бөө мөргөлд ч биш, ер нь олон шашинд байна. Галын тэнгэр, галын бурхан гэж бий. Шашны янз бүрийн зан үйлд галыг их ашигладаг. Галын засал гэж байдаг. Монголчууд голомтныхоо галд их ач холбогдол өгдөг, галдаа өргөл өргөж, сэвгүй ариун байлгахыг хичээдэг уламжлалтай. Энэ нь дээд удмаасаа таслалгүй уламжлан авч яваа, нэг ёсондоо айл гэрийн амин сүнс нь гал гэж үздэгтэй холбоотой. Лам, бөөгийн аль аль нь галын засал хийж, гал тахидаг.
    -Бөө нар хүний оюун ухаантай холбогдож бодол санааг нь өөрчлөх чадвартай төдийгүй хүний заяа төөргийг ч өөрчилж чаддаг гэдэг. Үүний арга нь юундаа байна вэ?
    – Хүн, амьтан, байгалийн үзэгдэл, бусдын бодол санаа, заяа төөрөгт нөлөөлөх увдис чадвар гэдэг дан ганц бөөд байдаг юм биш. Нууц тарнийн ухаанд суралцсан, бясалгалын ачаар “би” үзлээсээ ангижирч чадсан хэнд ч болов шидийг бүтээхүйн үүд нээгддэг ёстой. Гэхдээ үүнийг хүссэнээрээ үйлдэж болдоггүй. Ялангуяа, хүний оноолт заяаг өөрчлөх гэдэг хүсмээр эд биш. Үйлийн үрийн мөн чанарыг ухаарсан хэн ч ийм зүйлээр оролдохыг хүсэхгүй. Түүнээс биш арга технологийн хувьд таны ярьсан бүхэн боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ хийж болдог үйл, болдоггүй үйл гэж байна. Дээр нь бөө болгон, онго болгон чадаад байдаг зүйл биш. Үйлдэж болдог үйл, болдоггүй үйл гэж ялгаа зааг бас бий.
    -Бөө мөргөлд далд хүч, байгалийн хүч, увдис хэмээх ойлголт чухал бололтой. Эдгээрийг шинжлэх ухааны үүднээс юу гэж тайлбарлах боломжтой вэ?
    -Шинжлэх ухааны аргаар тайлж тайлбарлах боломжгүй зүйл дэндүү их байна. Тэр бүхнийг шинжлэх ухаанч биш, хуурамч шинжлэх ухаан гэдэг ай савд хамаатуулан үздэг. Парапсихологи, эзотерикийг бүхэлд нь тэгж үзэж байна. Тийм болохоор эрдэмтэн судлаачид маань шинжлэх ухаанч биш харагдаж хэлэгдэхгүйн тулд эдгээр сэдвээс их цэрвэдэг юм. Тэгээд ч лабораторийн аргаар, туршилт хийн баталж нотлох боломжгүй нь дэндүү олон.
    -Буриад бөө шарын шашинтай гүнзгий холбогдож уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь нийлж холилдсон гэдэг. Энэ тухай таны бодол?
    -Хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацаанд байгаа байгаа газраа хилээ хаагаад суугаад байгаагүй учраас харилцан бие биенийхээ шашин соёлд асар их нөлөөлсөн. Тийм болохоор аль шашны ямар зан үйл нь ямар учиртай, хаанаас эхтэйг тогтооход бэрхшээлтэй. Бурханы шашин, бөө мөргөлийн хувьд ч ялгаагүй бие биенээсээ авсан, өгсөн юм ихтэй. Ямар ч шашин шинэ газар нутаг, ард түмэнд нэвтрэхдээ уугуул шүтлэг, өмнөх шашнаас нь өөриймшүүлж байж тухайн ард түмний сэтгэлийг илүү амар хялбар татдаг. Одоо манай христ итгэлтнүүд гэхэд л “Тэнгэр бурхан” гэдэг нэр томьёо бий болгочихсон явж байна. Бурхны шашны Догшид буюу номын сахиуснуудын уг эх нь уул усны эзэд байх жишээтэй. Тэгэхээр шарын бөө бол гайхаад байх зүйл биш л дээ.
    -Бөө мөргөлд нөгөө ертөнц болон дахин төрөл авах тухай үзэл байдаг. Энэ ойлголт шарын шашныхаас юугаараа ялгаатай вэ?
    -Чинагуух ертөнцийн тухай бөөгийн ойлголт нь илүү энгийн, харин бурхны шашных илүү нарийн. Реинкарнаци буюу дахин төрөх тухайтад бараг адилхан. Аль аль нь л үйлийн үртэй холбож үздэг.
    -Сүнс болон бөөгийн онгод хоёрын ялгаа юу вэ?
    -Бөөгийн онгод тэнгэр гээд байгаа зүйл ер нь бол сүнс. Удмын онгодоо зална гэдэг өөрийн дээд удмын аль нэг үед байсан хүний сүнсийг улаачийн биед оруулж харьцаж байна гэсэн үг. Хүн үхэхээр яс махан бие нь устаж үгүй болдог, сүнс буюу оюун санаа мөнхөд оршдог гэж үздэг. Тэр оюун санаатай л харьцаж байна гэсэн үг. Эндээс тэнгэрийн буюу сүнсний орон гэсэн ойлголт гарч ирдэг. Зөв сайн явсан хүний сүнс эзэн нь үхэхээр тэнгэрт гардаг, уул усанд сайн үйлт эзнээр суудаг гэж үздэг. Буруу муу явдалтны сүнс доод ертөнцөд очиж шийтгэлээ эдэлдэг, эсвэл орох газаргүй тэнүүлч зуйгуул болдог гэж үзнэ. Янз бүрийн шалтгаанаар завсрын оронд саатагсад бас үүнд хамаарна. Үүнээс болоод сайн, муу сүнсний тухай ойлголт үүснэ. Завсрын муу юманд эзлүүлсэн, ад тийрэнтэй бөө гэдэг ойлголт үүснэ. Тийм бөө бол бөө биш, хар муу юмны унаа хүлэг нь болж яваа ядарсан амьтан л гэсэн үг дээ.
    -Нисэх чадвартай бөө нар байсан гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
    -Хүн газраас хөндийрч хөөрөх, нисэх паранормал үзэгдлийг levitation гэж нэрлэдэг. Энэ бол байдаггүй биш, байж болдог үзэгдэл. Бөө хүн онгодын шидээр хөөрөх, тарнич бясалгагчид номын хүчээр хөөрөх бол байж болно. Одоо гагцхүү тийм чадалтай нь ховор байх шиг. Түрүү үед, чойжин буулгахдаа хөөрөхгүйн тулд хөлнөөсөө хүнд юм дүүжлүүлдэг, бүр төмөр гинжээр хүртэл бэхлүүлдэг гүртэнгүүд байсан тухай аман түүх, гэрчүүдийн яриа тааралдаж л байдаг. Хөвсгөлийн нисдэг долоон бөөгийн тухай домог яриа оргүй хоосноос гараагүй байх гэж санагддаг.
    -Бөө нар нас барсан хүмүүстэй ярилцаж, эсвэл амьтадтай ойлголцдог гэдэг талаар тайлбарлаж өгөөч?
    -Хий биеттэй ярилцах, бодол санаа солилцох, амьтны хэлийг ойлгох гэх мэтийн итгэмээргүй үзэгдлүүд дан ганц бөөтэй холбоотойгоор яригддаггүй. Гоц мэдрэхүйтнүүдэд ийм түүх их. Номын авшигтай хүмүүс ч ийм тохиолдлын талаар өгүүлдэг. Бөө ч бай, гүртэн чойжинч ч бай аль аль нь бодит ертөнц хийгээд чинад ертөнцийн хоорондох зууч, гүүр нь болдог учраас ийм ийм чадвартай байдаг бололтой. Гагцхүү нэг нь онгодын хүчээр, нөгөө нь номын шидээр үүнийг үйлддэгт л ялгаа нь байгаа юм.
    -Онгод сахиус хилэгнэх гэж ямар ойлголт вэ?
    -Ламын ёсонд сахиус гэж байна. Бөөд онго гэж байна. Аль алийг нь аргадаж, эвийг нь зөв олж явахгүй бол хилэгнэнэ гэж үздэг. Тэгээд дуртай зүйлсээр нь тахил өргөл байнга өргөж байдаг. Тэгж аргадахгүй бол хилэгнэж догшроод эздэдээ муу болж мэднэ гэж үздэг. Жишээ нь, бурхны шашны чойжин сахиусууд бол бурхнаас доогуур эрэмбэтэй, бурхны номыг хамгаална гэж ам өгсөн уул усны эзэд голдуу байдаг. Тэднийг бичин жилд бил үү дээ нэг удаа заавал аргадах дом хийдэг гэх юм билээ.
    -Бөө нарын хувцас өмсгөл болон хэц, хэнгэрэг ямар бэлгэдэлтэй вэ?
    -Чинад ертөнцтэй харьцагсад бүгд өөр өөрийн гэсэн утга бэлгэдэлтэй хувцас хэрэглэлтэй байдаг. Тэр болгоныг тайлбарлавал дэндүү урт яриа болно. Бөөгийн, гүртэнгийн, жочийн өмсгөл хэрэглэл бүгд өөр өөр тайлбартай.
    -Монголын олон угсаатны бөөгийн нийтлэг болон өвөрмөц шинж чанарууд юу вэ?
    -Дэлхий дахины бөө нарт нийтлэг юм бий, өвөрмөц онцлог бий. Монголынхыгоо дархад, буриад гэхчлэн ялгаад яривал жижиг жижиг ялгаа бас байна аа. Гэхдээ сүүлийн үед ингэж угсаа гарвалаараа ялгарахаас илүүтэй аль галын хэн гэдэг бөөгийн шавь нар вэ гэдгээрээ өмсөх хувцас, хийх зан үйл нь ялгаатай болж эхэлж байна. Нэгдсэн ойлголт, нийтлэг зүйл багатай байна. NewAge шиг үзэгдэл нөхдийн дунд бас яваад байна уу даа.
    -Монголын бөө мөргөл шинжлэх ухааны онолтой хэр дүйцдэг вэ?
    -Хэцүү шүү дээ. Бөө мөргөл нь өөрөө нэгдмэл үзэл санаагүй байна, хэлбэршиж чадахгүй. Шинжлэх ухааны аргаар судалж дүгнэх боломжгүй байна. Боломжгүй гэдэг чинь шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөх юм багатай гэсэн үг. Одоо та бид хоёрын яриаг ч гэсэн мухар сүсэг гэж шүүмжлэх хүмүүс захаас аван байгаа.
    -Монголын төрт ёсонд бөө ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
    -Ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ гэж өнгөрсөн цаг дээр асуувал эерэг, сөрөг түүх олон бий. Тэнгэр үзлийн ачаар үндэстнийг нэгтгэх, хүчирхэг дайчин байлгахад эерэгээр нөлөөлж байсан үе бий. Одоо бол Монголын төрд тэнгэр шүтлэгийн зан үйлээс төрийн тахилга, хар цагаан сүлд зэрэг бага сага үлдэц байна, гэхдээ зан үйлийг нь голдуу ламын ёсоор гүйцэтгэж байх шив дээ.
    -Бөө мөргөл нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
    -Аливаа шашин шүтлэг бол ард түмний оюун санааг нэгтгэгч, иргэдийнхээ ёс суртахуун, хүмүүжил төлөвшилд нөлөөлөгч гол хүч байх ёстой. Бэлэн жишээ гэвэл АНУ байна. Ерөнхийлөгч нь Библийн судар дээр гараа тавьж байгаад тангараг өргөдөг биз дээ. Бөө мөргөл түүн лүгээ нэгэн адилаар тэнгэр шүтлэгтнүүдэд зөвийг заадаг, ёс суртахуун, хүмүүжилд нь эерэгээр нөлөөлдөг болж чадвал сая нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлж байна гэж хэлж болно. Монгол бөөгийн үзэлд нэг сайн юм байсан нь, ямар ч ард түмний шашин шүтлэгт хүлцэнгүй ханддаг, өөрсдөө бол тэнгэр үзэлдээ үнэнч байсан. Энд би Их Монгол улсын үеийг ярьж байна. Ирээдүйдбас тийм болоосой гэж хүснэ.
    -Бөө мөргөлд хараал жатгыг хувь хүний эсрэг биш, харин их үйл хэрэг буюу дайны гол зэвсэг болгон ашигладаг байсан гэдэг. Гэтэл одоо ам зөрсөн хүн болгондоо хараал хийлгэх болжээ. Хандсан хүн бүхэнд хүссэн хараал жатгыг нь хийж өгөх нь зөв үү?
    -Та бидний өвөг дээдэс “Хараал явсаар хар толгойд” гээд тов тодорхой захиж сургасан байдаг. Муу үйл сэдсэн хүн үр дагаврыг нь эцсийн эцэст өөрөө л хүртдэг гэдгийг өвгөдийн захиас сануулаад байна биш үү? Болохгүй шүү дээ. Жатга гэдэг хоосон юм биш. Үр дагаврыг нь хэн ч тооцоолох аргагүй. Бас хараалыг хариулдаггүй, дардаг гэж үг бий. Хүн чулуу шидэнгүүт хариулаад арай том чулуу шидэж, эцэст нь учир утгагүй шидэлцээн болж хувирвал онцгүй биз дээ? Ингэж болдоггүй юм гэдгийг ухвар мөчид хүмүүст тэр бөө, лам нар, дом шидтэнгүүд хэлж ойлгуулаад явуулж байх хэрэгтэй. “Өсийг өсөөр тайлдаггүй, өршөөлөөр тайлдаг” гэдэг дээ.
    -Бөө тодруулах зан үйл бизнесийн сүлжээ болжээ гэдэгтэй санал нийлэх үү?
    -Нэг хэсэг ч замбараагаа алдах шиг болсон. Харин сүүлийн үед жаахан намжаа юу.Мөнгөөр хэмжиж, нартын амьдралын жамаар зохицуулж болдоггүй юмаар оролдоод олон ч бөө буруутсан байх. Одоо жаахан ухаарч, тэнгэрийн үйлийг мөнгөний машин гэж андуурснаа ойлгосон юм болов уу.
    -Бөөгийн өвчний илрэх шинж тэмдэг ямар байх вэ. Сэтгэл мэдрэлийн өвчинтэй төстэй тал бий юу?
    -Shamanic illness буюу бөөгийн өвчин гэж нэр томьёо бий. Дээхэндээ үүнийг сэтгэцийн өвчний төрөлд хамаатуулдаг байв. Сүүлийн үед бөө болох оноолт харин ч сэтгэцийн хувьд эрүүл саруул, төрөл дотроо оюуны чадамж өндөр хүмүүст илэрдэг гэж гадаадын судлаачид үздэг, сурах бичиг энэ тэрдээ бичдэг болсон байна билээ. Өөрөөр хэлбэл, онгод орох гэж өгч байгаа тэмдэг дохиог сэтгэцийн эмгэгтэй андуурч болохгүй ээ гэсэн үг. Гэхдээ олон бөө дунд янз бүрийн л хүн байгаа шүү дээ. Сэтгэцийн өвчин гэдэг харьцангуй ойлголт. Хэт хөөрч баясдаг, эсвэл гуньж гутардаг, гэхдээ бусдад гэм халгүй эмгэг хүртэл байдаг. Харин ёс суртахуунгүй, хүмүүжилгүй хүмүүсийн үйлдэл заримдаа сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийнхээс долоон дор байдаг.
    -Бөө мөргөлд үнэ хөлс гэдэг зүйл байх ёстой юу?
    -Аль ч шашинд сэтгэлийн өглөг гэж байдаг. Үнэ тариф тогтоох бол тухайн бөөгийн л хийж байгаа ажил байх. Зарим бөө өргөө цагаан гэр, ийм тийм бодын өргөл онгод нэхэж байна гээд түүнийгээ өнөөгийн ханшинд хөрвүүлэн мөнгө нэхэж байгаа харагддаг. Онгод бол хий биетэй, хийсгэлэн дүртэй эд. Тэр гэрийг ачаад явахгүй, тэр малыг туугаад явахгүй, тэр мөнгийг өвөртлөөд мордохгүй. Тийм болохоор нэхсэн өргөлийг нь цаас даавуугаар ч болов орлуулж үйлдүүлээд, мэдүүлж хүргэдэг гэж учир мэдэх бөө нар ярих юм билээ.

  • Эрх чөлөөний хөшөө

    Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.
    Уг хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж.
    Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

  • Монгол Улс нас барсан нэг ч тохиолдолгүйгээр коронавирусийг ялсан боловч …

     

    ВАШИНГТОН. /Business Insider/. Монгол Улсад коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварын хамгийн цөөн тохиолдол илэрсэн орнуудын нэгд багтаж байна. Хэдийгээр Монгол халдварыг хяналтад авсан боловч эдийн засагт ихээхэн хохирол учирч, тус улсын 11 мянга гаруй иргэн хилийн чанадад гацсан хэвээр байна.
    Монголчууд жил бүрийн долоодугаар сард үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнгө өнгийн хувцас өмссөн тамирчид “эрийн гурван наадам” хэмээн нэрлэдэг морины уралдаан, бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнээр өөр хоорондоо өрсөлддөг. Гэвч энэхүү баярыг 800 жилийн түүхэнд анх удаа цар тахлын улмаас үзэгчгүйгээр, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх дүрэм журамтайгаар зохион байгууллаа. Ердийн үед уг баярыг олон мянган хүн үздэг бол энэ жилийн хувьд шууд дамжуулан үзүүлжээ.
    Гэсэн хэдий ч уг баяраа тэмдэглэх шалтгаан тэдэнд байсан юм. Монгол Улс коронавирусний халдварыг хэдийнээ ялан дийлжээ. Өнөөдрийн байдлаар халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварын 300 гаруй тохиолдол илэрсэн нь бүгд зөөвөрлөгдөн иржээ. Энэ нь халдвар олон нийтийн дунд тархаагүй гэсэн үг бөгөөд 3.3 сая орчим хүн амтай орны хувьд гайхалтай амжилт юм.
    Монгол Улс нь дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшсан орнуудын нэг тул зайнаас харилцах зарим хэлбэр нь амьдралынх нь нэгэн хэсэг гэж хэлж болно. Мөн малын тоо толгойгоор авч үзвэл, нэг хүнд 22 мал ногддог байна. Гэвч нийт хүн амын тэн хагас нь агаарын бохирдолтой Улаанбаатар хотод оршин суудаг нь “COVID-19” шиг амьсгалын замын халдвар өвчин тархах эрсдэл өндөр юм.
    Монголын зарим иргэний хувьд вирусний халдварыг хяналтад авсныг амьдралын уламжлалт хэв маяг, 12-р зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны дотоод хүчтэй холбон тайлбарлаж байна. “Энэ бүгд бидний идэж байгаатай холбоотой” гэж үйлчлүүлэгчдийнхээ ирээдүйг зөгнөн хэлдэг зайран Бямбадорж хэлжээ. Өвлийн улиралд адууны мах, зуны улиралд цагаан идээ хүнсэндээ хэрэглэснээр дархлаа тогтдог гэж Монгол ёсонд үздэг байна.
    Гэвч Монгол Улс хөрш БНХАУ-д халдвар дэгдэж эхэлсэнтэй зэрэгцэн эрт, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь ийнхүү амжилтад хүрэхэд түлхүү нөлөөлсөн байна.
    Монгол Улс нэгдүгээр сарын 27-нд буюу Хятадын эрх баригчид Ухань хотод хөл хорио тогтоосноос дөрөвхөн өдрийн дараа Хятад улстай залгаа хилээ хаасан юм.
    Мөн бүх сургуулийг хааж, олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ хилийн чанадаас эх орондоо эргэн ирсэн Монголын бүх иргэнийг эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлажээ.
    Монгол Улсад гуравдугаар сарын 10-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол Улсын хувьд аль хэдийн дэлхийн дахинаас тусгаарлагдаад байв. Ийнхүү эрт арга хэмжээ авсан нь ч үр дүнгээ өгсөн байна.
    “Монгол Улс халдварыг хяналтад авч чадсан шалтгаануудын нэг нь монголчууд халдварын үр дагаврыг маш сайн ухамсарлаж байсантай холбоотой хэмээн бодож байна” гэж 1990-ээд оны залуучуудын ардчилсан хөдөлгөөний талаарх “Young Mongols” хэмээх номын зохиолч Обри Менард хэлжээ.
    Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот боловч оршин суугчдынх нь тэн хагасаас илүү хувь нь гэр хэмээх монголчуудын уламжлалт нүүдэлчин хэв маягт тохирсон нүүж суухад тохиромжтой майхантай төстэй сууцанд амьдардаг юм. Өвлийн улиралд Улаанбаатарт Цельсийн хасах 40 хэмд хүрч хүйтэрдэг.
    Гэрт оршин суугчид дулаан байхын тулд түүхий нүүрс юм уу ахуйн хаягдлыг түлдэг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар өвөлдөө дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог байна.
    “Иймээс “COVID-19” шиг амьсгалын замын халдварт өвчин тархвал эмнэлгийн хүчин чадал бага, амьсгалын аппарат цөөнтэй Монгол Улсад асар том аюул учирч болзошгүй” гэж О.Менард ярьжээ.
    Гэвч вирусний халдварын хяналтад авах арга хэмжээнүүд нь шууд бус нөлөөллийг ч мөн үзүүлжээ.
    “Монгол Улсад коронавирусний халдвар тархахаас амжилттай урьдчилан сэргийлсэн Засгийн газраа бид сайшаах хэрэгтэй боловч энэ үр дүнд их хэмжээний зардал, золиосоор хүрсэн хэмээн бодож байна” гэж “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын гишүүн Б.Мөнхдөл хэлжээ.
    Монгол Улс эрт хилээ хаасан нь хилийн чанадад ажиллаж байсан олон мянган иргэнд хүнд цохилт болжээ. Хоёрдугаар сард “COVID-19” дэлхий даяар тархаж эхэлж байх үед тэдгээр иргэнд нутаг буцах долоохон хоногийн хугацааг олгосон байна.
    Н.Амарболд гэр бүлийнхнийхээ хамт БНСУ-д гацжээ. Ажилгүй болсон тэд түрээсээ төлөх мөнгөгүй болж, очих газаргүй болсон тул Монголын Элчин сайдын яамны гадна хоноглож буй олон арван хүмүүстэй нэгдэхээс өөр аргагүйд хүрчээ.
    Монголдоо долоодугаар сарын сүүлээр ирсний дараа тэд өөрсдийнхөө зардлаар 21 хоног тусгаарлагджээ. Н.Амарболд бохир давхар ор, угаалгын өрөөны угаалтуураас гоожиж буй бор усны зургийг нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Мөн тэрбээр, “Хаашаа ч явж болохгүй, бүх үйлдлийг маань хянана, цонхоо ч онгойлгож болохгүй, яг л боловсон шоронд байгаа юм шиг санагдаж байна” гэж бичжээ. Хилийн чанадад гацсан, бухимдсан монголчууд АНУ, Турк, Их Британи, Унгар, Малайз, БНСУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаал зохион байгуулсан байна.

    Олон нийтийн энэхүү шаардлагыг Засгийн газар харгалзан үзэж, иргэдээ татан авах үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Есдүгээр сарын байдлаар Монголын 23 мянга орчим иргэн эх орондоо ирснээр 55 улсад 11 мянга орчим иргэн үлджээ.
    Засгийн газрын хувьд иргэдээ эх орондоо авчрах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа зөвтгөсөн байна.
    “Гадаадад гацсан монголчуудын асуудлыг нэр хүнд олж авахад ашиглаж, өөрсдийгөө зөвхөн энэ асуудалд санаа зовниж буй мэт аашилж байгаа цөөн хэдэн хүн байна. Тэд бол урвагчид” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлжээ.
    Мөн хилийг хаасан нь Монголын экспортоос ихээхэн хамааралтай эдийн засагт нөлөө үзүүлсэн бөгөөд тус улсын экспортын 90 орчим хувийг БНХАУ эзэлдэг юм.
    “Монгол Улсын одоогийн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзвэл эдийн засгийн шокийг даван туулах чадвар хязгаарлагдмал байна. Монгол Улс Хятадтай хилээ хаах үед эдийн засаг нь ихээхэн буурсан нь эмзэг байдлыг нь онцлон харууллаа” гэж О.Менард хэлжээ.
    Энэ оны эхний зургаан сард Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим хувиар буурсан гэж НҮБ мэдээлсэн байна.
    Мөн 10 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг ноолуурын үйлдвэрлэл нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний гадаадын эрэлтээс хамаардаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт нь нүүрс, ашигт малтмалын араас хоёрдугаарт бичигддэг юм.
    “Сор кашемир” компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадийн хувьд хил хаалттай хэвээр байвал өөрийн бизнестээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
    “Одоогоор дотоодын борлуулалт бараг байхгүй болсон бөгөөд бидэнд цөөн хэдэн гадаадын захиалга ирж байна. Бид захиалгаа хангахын тулд нийт хүчин чадлынхаа 40 хувийг ашиглаж байна” гэж тэрбээр хэлжээ.
    Монголчуудын гурван хүн тутмын нэг орчим нь өдөрт хоёроос бага ам.долларын орлоготой ядуу амьдарч байна. Гэвч иргэдийн ялангуяа хөдөөний малчдын амьжиргааны түвшин сайжирсан гэж “Вorgen Рroject” байгууллага мэдээлжээ.
    Харин эдийн засгийн одоогийн нөхцөл уг ахиц дэвшлийг арилгаж, хүн амын тэн хагас орчмыг ядуурлын шугамаас доогуур түвшинд хүргэж болзошгүй байна.
    Монголын Засгийн газар “COVID-19”-тэй тэмцэх үйлсийг санхүүжүүлэхийн тулд Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк гэх мэт байгууллагууд болон хувийн хэвшлээс хагас тэрбум орчим ам.доллар зээлжээ. Харин зарим хүн уг мөнгийг хэрхэн зарцуулж буйд санаа зовниж байна.
    Тэр мөнгө хаачсан бэ? Олон улсын байгууллагаас “COVID-19”-тэй тэмцэхэд зориулан өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байна вэ?” гэж “SHAPE Mongolia” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Мөөгий мэдээлжээ.
    Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Breathe Mongolia” төрийн бус байгууллага Засгийн газар зээл, тусламжийг хэрхэн зарцуулсныг шалгах ажиллагааг эхлүүлжээ.
    Монголд намраас хөл хориог сулруулж эхлэв. Үүний дагуу сурагчид анги танхимдаа хичээллэж эхэлсэн боловч долоо хоногт гуравхан өдөр танхимаар хичээллэж байна.
    Хилийн боомтуудыг нээтэл сургуулиуд бүтэн цагаар ажиллах боломжтой тул сэргэлт хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх ажээ. “Маш олон ганц бие ээж хүүхдээ харуулах хүнгүй тул ажилдаа явж чадахгүй байна. Ийм шалтгаанаар тэд дахин ядууралд орох магадлалтай” гэж “People in Need” хандивын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Тим Женкинс хэлжээ.
    Монголын ард түмэн өнө эртнээс эхлэлтэй түүхийнхээ туршид цаг агаарын хүнд нөхцөл, дайн тулаан, улс төрийн үймээнийг туулж өнгөрүүлжээ. “Энэ бол маш том хамтын соёл юм. Монголчууд аливаа зүйлийг даван туулахын төлөө нэгдвэл түүнийгээ бүтээж чаддаг” гэж Б.Мөөгий хэлсэн байна.
    Зайран Бямбадорж болон түүний дагагчдын үзэж буйгаар, вирус амьдралын эртний хэв маягаа мартсан монголчуудад сануулга болжээ. “Энэ өвчин бол байгалийн уур хилэн. Бид байгаль дэлхийгээ сүйтгэж, амьдарч буй газраа үл тоомсорлосон. Эх болсон байгалиа ариун хэвээр нь хадгалах хэрэгтэй бөгөөд үүнийг дагаж мөрдөөгүйгээс энэ өвчин үүссэн. Хэрэв та бүхэн үүнийг баримталбал уг өвчнөөс айх хэрэггүй болно” гэж Бямбадорж ярьжээ.

    Хулан.Э