Author: admin_shaman

  • Завхан аймгийн Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллаа.

    Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн Тэргүүнээр Удган Сосорбарам томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ бол МБНЭ-ийн сумын бөөгийн Тэргүүнээр томилсон анхны тохиолдол байсан юм. Бид сумын бөөгийн байгууллага хэрхэн ажиллаж болох талаар анхны туршлага энд хуримтлагдсан гэж үзэж байсан. Тиймээс Удганы ажлын талаар ихээхэн сонирхосон юм. Энэ суманд ажиллахад Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал байлцсан билээ. Тэднийг нутгийн олон түмэн хадаг, сүүгээ барьж угтсан.
    Дараа нь Нөмрөг сумын бөө нартай уулзсан юм. Энэ суманд хэдэн жилийн өмнө бөөгийн уг босгох чанар хийж байсан бөө нар хоорондоо зодолдож нэгнийхээ амь насанд хүрсэн гэмт хэрэг гарчээ. Түүнээс болоод энэ суманд Бөөгийн нэр хүнд унасан тухай бидэнд мэдээлсэн юм. Тэд мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө хамтарч ажиллах цаг болсоныг дэмжиж байлаа. Нөмрөг сумын бөөгийн Тэргүүнээр Удган Ж.Сонинжаргалыг томилов.
    Тосонцэнгэл сум бол хүн амын төвлөрөлөөр улсад дээгүүр ордог олон хүнтэй сум төдийгүй баруун аймаг руу явах төв зам дайран өнгөрдөг юм. Тиймээс энэ сум олон талаар чухал ач холбогдолтой. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа Удган Утюктай уулзаж, МБНЭ-ийн талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцсон юм. Орон нутагт ажиллаж байхад нутгийн бөө нар хамтран ажиллах талаар ихээхэн дутагдалтай байгаа нь харагдлаа. Тиймээс орон нутагт бөөгийн байгууллага ажиллахад багагүй бэрхшээлийг туулж байж эхний үр дүнд хүрэхийг бодит байдал харуулж байна.

    djmedia:252
  • Архангай аймагт ажил эрчимтэй эхэллээ.

    Аливаа ажлын хувь заяа хариуцагчаасаа шалтгаалдаг.Архангай аймагтолон зуун жил харьцангуйгаарБуддагийн шашин хөгжсөн, 1990 оноос Исусын шашин эрчимтэй түгсэн нутаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт Бөө шүтлэгээ шүтэх байдал хурдтай тэлж байгаа билээ. МБНЭ-ийн салбар байгууллага үйл ажиллагаагаа эхэллээ. Архангай аймгийнБөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Ч.Хишигнэмэхийг томилон ажиллуулав. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрч хүчтэй, эрчимтэй ажиллана гэдэгт МБНЭ-ийн хамт олон итгэж байна.

     

    djmedia:251
  • Увс аймагт ажиллав.

    МБНЭ-ийн удилдлага, аймгийн төв Улаангом хот, Хяргас суманд ажиллав. Энэ үеэр бөөгийн уг аваад цөөнгүй хэдэн жил болсон боловч босч чадаагүй залуучууд ирж уулзаж байлаа. Бөө болохоор шийдэж, найман багшийн нүүр үзэж, 15-н сая төгрөг зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, улмаар дээд сургуулиа хаяж, орон нутагтаа ирсэн. Энд ирээд ч зовлон үргэлжлэж, ах дүү хамаатан садны дунд байх аргагүй болсон хөдөө суманд найз нэгнээ түшин амьдарч яваа нэгэнтээ ч уулзсан. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны зовлонд хэн нэгнийг учруулан байж бөөгийн нэр барьж, “хуурамч” уг босгодог бусармаг байдлыг халах цаг болжээ. Бид ийм асуудлаар МБНЭ-д мэдээлэл авдаг утас ажиллуулах шаардлагатай болсоныг цаг хугацаа харуулав. Бөөгийн нэр хүндийг унагаж байгаа тодорхой хүмүүстэй тэмцэх цаг нэгэнт болжээ.Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Ж.Дэлгэрмааг томилов.

    djmedia:250
  • Хамгийн аймшигтай хараал шингэсэн зүйлс

    Мэдээ хадгалах
    Хараал гэдэг хэзээд үйлийн үртэй зүйл билээ. Түүнийг яаж ч зогсоож болохгүй гэдэг. Учир нь хэн нэгэн хүний гай зовлон, сэмэрсэн сэтгэл шингэсэн тэдгээр эд зүйлс хүрсэн эзэддээ аймшигтай их гай барцдыг авчирч, улмаар амь насыг нь аван оддог байжээ. Ингээд түүхнээ цусаар бичигдэн үлдсэн тайлбарлахын аргагүй хараал шингэсэн эд зүйлсийг танилцуулъя.

    1. Мөсөн хүн
    1991 онд Альпийн нурууны орчмоос ойролцоогоор 5000 гаруй жилийн настай занданшсан хүний цогцсыг судлаачид олсон байна. Гэвч түүнийг олсон 7 судлаач бүгд харамсалтайгаар амь насаа алджээ. Тэдний нэг нь ч жамаараа бус бүгд цаг бусаар дараалан нас барсан гэдэг. Тэд авто машины ослоор, хаднаас унаж, нурангид дарагдан, цусны эмгэгээс гэх мэт бүгд өөр өөр шалтгаанаар нас барцгаасан байна. Яагаад тэдэнд ийм зүйл тохиолдсонд бүгд гайхшаа баран, үхлийн шалтгааныг нь тэрхүү жигтэй цогцосны хараал хэмээн тайлбарлажээ.

    2. Уйлж буй хүүгийн зураг
    Энэхүү зургийг 1980-аад оны үед алдаршаад байсан Испанийн зураач Бруно Амадио (Bruna Amadio) хэмээх зураач зуржээ. Таныг харахад энгийн нэгэн өхөөрдөм хүү ихэд гомдоллон уйлах тус зургийг зураач нэгэн хүүгийн бодит төрхөөр хуулбарлан зурсан гэдэг. Зурган дээрх хүү Мадридад эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан ч, тэдний гэр түймэрт автахад хачирхалтай тохиолоор хүү ганцаараа амьд үлджээ. Улмаар зураач залуу хүүг өрөвдөн өргөж авсан байна. Хүүг ирсний дараахан зураачийн гэрт түймэр гарч, түүний урлан үнс нурам болтлоо шатжээ.

    Үүнд бухимдсан зураач залуу хүүг буруутган зэмлэхэд, түүнд нь ихэд гомдон уйлсан аж. Ийнхүү зураач залуу хүүгийн уйлж буй төрхийг зуржээ. Тэр явдлаас хойш удалгүй хүү ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг дахиж хэн ч хараагүй юм. Хүмүүс түүнийг авто машины осолд орсон хэмээн жиг жуг ярилцаж байсан боловч энэ нь өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн юм. Хачирхалтай нь түүнээс хойш хүүгийн зургийг гэртээ өлгөсөн айл бүрт гал гарч, үнс нурам болтлоо шатдаг байхад зөвхөн хүүгийн зураг л шаталгүй хэвээр үлддэг байна.

    3. Итгэлийн алмаз
    Энэхүү алмаз нь дэлхий даяар хараалтай гэдгээрээ алдартай юм. Учир нь тус чулуу нь 1600-аад оны үед сүмийн шүтээн дээр гэрэлтэж байсан бөгөөд 17-р зуунд түүнийг хэсэг хүмүүс хулгайлжээ. Улмаар сүмийн тахилчид тэрхүү чулууг хараасан хэмээн хүмүүс боддог байна. Тус алмааз нь очсон эзэн бүртээ аймшигтай их гай барцдыг дуудаж, амь насыг нь аван оддог байжээ. Энэ мэтээр маш олон хүний гар дамжсан энэхүү эрдэнийг хүнд өмчлүүлэхгүйн тулд маш өндрөөр үнэлсан гэдэг. Одоогийн байдлаар тус алмаз АНУ-д хадгалагдаж байгаа юм.

    4. “Кох и Нор” алмааз
    Энэхүү алмааз нь итгэлийн алмаазтай төстэй боловч, зөвхөн эрчүүдэд аюул занал учруулдаг байна. Эсрэгээрээ бүсгүйчүүдийг амжилт, хөрөнгө чинээнд хүргэдэг энэ алмазны учрыг хүмүүс өдгөө ч гайхсаар байгаа юм. Магадгүй энэхүү алмазын анхны эзэн, хэн нэгэнд хорсохдоо ийнхүү түүнд хараал шингээсэн ч юм бил үү?

    5. Супермений хараал
    Та гайхаж байж магадгүй. Таны үзэх дуртай “Super man” киног анхлан зохиогчид өөрсдийн баатрыг хараасан хэмээн хүмүүс ярилцдаг. Учир нь түүний дүрийг бүтээсэн жүжигчид ямар нэгэн байдлаар бэртэх, амиа хорлох, саажилттай болох гэх мэт хэлэхийн аргагүй аймшигтай зүйлүүдтэй учирдаг ажээ. Супермэны анхны дүрийг бүтээсэн Жерри Сигел, Жо Шустер нар ажлын хөлсөндөө ямар ч мөнгө авалгүй, “Dc Comics” компанид залилуулсан уурандаа энэ дүрийг хараасан гэж ярьцгаадаг.

    6. Бамбиногийн хараал
    Бамбино (Bambino)-ийн хараал нь дэлхийд хамгийн алдартай спортын хараал юм. “The Boston Red Sox” хэмээх мэргэжлийн бейсбол багийн тамирчин Babe Ruth “New York Yankees” багт орсноос хойш ийнхүү азгүйдэлд унасан ажээ. Түүнээс хойш “Yankees” багийнхан дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд ялалт байгуулж, харин “Red Sox” ялагдсаар байжээ. Гэвч 2004 онд сар хиртэх үеэр Red Sox-ийнхонд ялалт эргэн иржээ. Тэд үүнээс хойш тэмцээн бүртээ ялалт байгуулж, “Yankees”-ийг бут ниргэсэн юм.

    7. “Клуб 27” хараал
    “Клуб 27”-ийн хараал гэдэг нь алдар нэртэй бүлэг хөгжимчдөд хамаарах хараал юм. Тэдний алдрын оргил үедээ буюу 27 насандаа харамсалтайгаар таалал төгсөөд байсанд хүмүүс ихэд гайхаж байсан юм. 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн оддыг дурдвал алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain) 1994 онд амиа хорлосон. Хөгжимчин Жими Хендрикс (Jimi Hendrix) 1970 онд бөөлжсөндөө хахаж үхсэн байдаг. Дуучин Жим Моррисон (Jim Morrison) 1971 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гээд тэдний үхлийн хэн ч тайлбарлаж чаддаггүй. Тэд бүгд 25 насандаа нэрд гарч, 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн юм.

    8. Хараалтай утасны дугаар
    0888-888-888 хэмээх утасны дугаар нь яг л аймшгийн кинон дээр гардгийн адилаар хараал шингэсэн ажээ. Учир нь 2000 оноос өмнө энэхүү дугаарыг ашиглаж байсан хүмүүс бүгд нас барцгаасан юм. Тэдгээр хүмүүс ихэвчлэн хорт хавдар, хар тамхи, бусдад хорлогдсон гэх шалтгаануудаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэхүү дугаар нь Болгар улсын харьяалалд байдаг бөгөөд түүнээс хойш дугаарыг устгалд оруулсан гэнэ. Үүний цаана ямар нэгэн аймшигтай зүйл нуугдаж байгаа ч юм бил үү?

    9. Ирландын хараалтай цайз
    Ирландын Бларнигийн цайзын чулуунаас хэсгийг авч хулгайлсан хүмүүс хэзээд азгүй зүйлстэй учирч, түүнийгээ буцаан авчирахаас нааш тэрхүү хараал зогсдоггүй ажээ. Энэ нь тэрхүү цайзыг бусдын нөлөөнд автуулахгүй гэсэндээ юм. Харин эсрэгээрээ тэрхүү цайзын чулууг үнсэж, хүслээ шивнэх юм бол тухайн хүнд их аз ирж, хүсэл нь биелдэг байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.

    10. Текумсегийн хараал
    Энэхүү хараалыг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. 1840-1960 оныг хүртэлх 0-ээр төгссөн онуудад ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс учир битүүлгээр нас бараад байсанд энэхүү хараалыг “Ерөнхийлөгчдийн хараал”, “0 цифрээр төгссөн оны хараал” гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг. Тус хараалыг ерөнхийлөгч Уильям Харрисон (William Harrison)-оос эхэлсэн хэмээн үздэг. Учир нь тэрээр Америкийн уугуул иргэдийг залилж, тэдний газар нутгийг булааснаас “омгийн ахлагч” түүнийг харааж, Харрисоноос хойш 7 үеийн ерөнхийлөгчдийг түүнтэй ижил нас барна хэмээн хараасан байдаг ажээ.

    djmedia:249
  • Н.Нагаанбуу: 2016-2046 онд Монгол Улс дэлхийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрнэ61

    Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээсэй гэж боддог. Одоо 1 дүгээр сард 3 өдрийн баяртай болголоо гэж байгаа нь монголын биш буддын ёслол юм. Нөгөөтэйгүүр тэр баярын 3 өдөр нь баахан хүн архидаж, баахан хүн хөлдөж үхнэ. Энэ сайн юм биш.
    Тэгэхээр та удахгүй болох цагаан сараар шинэлэхгүй гэсэн үг үү?
    Нэг үг байдаг юм. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэж зурхайтай холбоотой зүйл байдаг юм. Сохор гэдэг нь хүрээнд сууж байсан манжийн амбан нь доголон хүн байсан юм билээ. Түүгээр золгож байсан чинь Богд хаан бошиг гаргаж Төвдийн Төгс буянтаар явахаар болгож өөрчилсөн юм. Энэ үеэс эхлээд монголчуудын өөрсдийнх намрын он тоолол дунд эргэдэхдээ хүрээнийхэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж хавар шинэлдэг ёсыг барьж байсан. Тухайн үед Богдын хуулиар хэрэв намар золговол 6 сарын пүнлүүг нь хасна, бага албан тушаалтнуудыг 2 бодоор торгоно, энгийн хүмүүсийг 80 удаа ташуурдана гээд монголын цагаан сарыг мартуулах гэж Манжийнхан, Богдийн Засгийн газар анхаарал тавьсны уршиг нь өнөөдөр намрын цагаан сарыг мартчихаад байгаа явдал.
    Монголчууд Аравтын тогтолцоогоор явах ёстой гэдгийг та дэмждэг. Яагаад?
    Анхдугаар Үндсэн хуулинд аравт, зуут, мянгатын тогтолцоог бичсэн байдаг. 1924 он хүртэл хэрэгжүүлж байсан тогтолцоо. Телевизээр монголд нам хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн нэвтрүүлэг явахыг харлаа. Тэгсэн чинь 34 нь хүн хэрэгтэй гэж байхад 70 хүн намыг үзэн ядаж хэрэггүй гэж зурсан байна. Миний бодлоор монголд эх оронч үндэсний үзэл хэрэггүй. Монголоо гэсэн чин сэтгэл, эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл бидэнд хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, 70 хүн суугаад 70-уулаа нэг зүйл бодоход гайхамшигтай ухаан гарна. Энэ монголыг сэхээх нэг үндэс нь.
    Монгол төрийн өнөөгийн төрхийг шинжвэл?
    Төр ард түмний итгэлээр тоглож байна. Сонгуульд худлаа амлаж байна. Худлаа амлалтаа хэрэгжүүлэх гэж төрийг самарч байна. Төрийн бодлого үзлээр явж болохгүй ээ. Онолоор явах ёстой. Нам байгаа бол намд онол байх ёстой. Өнөөдрийн энэ хэдэн нам дотор онол байхгүй. Зөвхөн идэж уухын төлөө арцалдсан хэдэн бүлэглэл бий болсон байна. Үүнийг нам гэж үзэж болохгүй. Дор нь баахан хүмүүс дамбийжаагийн тоодгор гэдэг шиг намын батлах авчихаад давхиад байдаг. Үр дүн нь ч өөрсдөд нь ирдэггүй. Тэгсэн мөртлөө хийрхэж ханахгүй цаг үе бий болчихоод байна шүү дээ.
    Гадаад дотоодынхон газрыг маань ухаад баялгийг нь авч хүртээд байна. Байгаль дэлхий эргээд ямар хариу барьдаг вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшиг үүнтэй холбоотой юу?
    Хүний хамгийн гол өмч бол эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл юм. Би үүнийг л баялаг гэж итгэж явдаг. Байгалийг хөнөөж байгаа хүмүүс баяждаггүй юм өө. Түүх байдаг юм. Өнөөдөр баахан мөнгөтэй болоод л, тансаглаад л, ийш тийш нь мөнгө шилжүүлдэг юм. Гэтэл нэг хүний хэрэгцээ юу билээ. Би мөнгө ихтэй хүн гээд өглөө 3 хүний идэх хоолыг, өдөр 5 хүний идэх хоолыг идэж чаддаггүй л байхгүй юу. Би мөнгө ихтэй хүн гээд 3 давхар хувцас өмсөөд гэрээсээ гарвал өвчний уут, хүмүүсийн нүдний булай болно. Тэгэхээр хэрэгцээ бол ядуу, баян адилхан. Тийм учраас баяжина гэж байгаа, баяжсан хүмүүст би нэг л үг хэлдэг. Таван үеийн баян гэж байдаггүй юм гэнэ лээ. Баян хүн адгийн наад зах нь үрийн хоосрол болдог. 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй баян хүн дээр үед байгаагүй юм билээ. Баян хүмүүсийн үр удам байдаггүй юм шүү дээ. Ихэнх нь өргөмөл хүүхэдтэй байдаг. Чингисийн үеэс үлдсэн алт эрдэнэ эдлэл гэж байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр харийнханд оосорлогдоод, янз бүрийн бодлого шийдвэр гаргаад, монголоо хусрааж хоосроож байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг. Бизнесмен, УИХ-ын гишүүдийн зарим нь “энэ нэг юм зохиол, түүх яриад явж байдаг юм” гээд надад их зан гаргадаг юм. Гэтэл тэр өөрөө надад их жижиг харагддаг байхгүй юу. Үнэхээр тэнэг жижиг харагддаг. Алт, мөнгө, уурхай баялаг гэж байгаа хүмүүстэй би юу ярих юм бэ.
    Монголчууд газар доороо байгалийн баялаг нөөцтэй атлаа яагаад ядуу буурай, хөгжихгүй байгаад байна вэ?
    Хүн болгон гадны ямар нэгэн үзлийн золиос болчихоод байна шүү дээ. Ийм нөхцөлд хөгжихгүй. Тухайлбал чи хятадад нөлөөтэй, би орост нөлөөтэй байхад чи бид хоёр шийдвэр гаргах гэж хоёр тийшээ чаргууцалдана. Өөр бас нэг нөхөр казахын төлөө юм хэлнэ. Энэ дунд Монгол хохирсоор, хоосорсоор байгаад л дуусна шүү дээ. Түүнээс биш 3 сая хүн гэдэг бол томхон хотын хүн. Үнэхээр монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн төрийн тэргүүнд гарах юм бол монголыг хөгжүүлэх нь үдийн будаа шиг амархан ажил. Нөгөөтэйгүүр тэр байгалийн баялаг Нагаанбуугийн өмч болох гэж хэдэн зуун жил бүрэлдээгүй шүү дээ. Түүний эзэн бүх монголчуудад баялагийн өгөөж өв тэгш очиж байх системийг Монгол Улс олоогүй байгаа нөхцөлд уурхайн баялаг гэж солиорох нь гутамшиг. Гэхдээ өнөөдрийн зам үүнээс өөрөөр шийдэгдэхгүй. Яагаад гэхээр УИХ-ын 76 мангуу бол 76 шунал л байгаа. Тэдэн дунд монголоо гэсэн сэтгэлтэй хүн ээдээ цөөн шүү. Хэдхэн хүнд л итгэж харж явдаг. Хэрэгтэй цагт тэд нар маань бидэн шиг бодож, сэтгэж эргэж харах болов уу гэж бодож явдаг. Гэхдээ тэдэнд дээрээс нь унжиж байгаа зүйл маш олон бий. Энэ бол хэцүү хувь заяа.
    Чингис хаан хөх цэргүүдтэйгээ тэнгэрээс бууж ирж байгаа гэдэг ямар учиртай юм бэ?
    Тэнгэр гэдэг тархин доторх ертөнц гэж би дээр хэлсэн. Өнөөдөр дуучин Амараа ч юм уу хэн ч юм Хөх Монгол, Босоо Монгол гэх мэт янз бүрийн бүлгэмүүдийг хэлж байгаа юм. Энэ олон залуучуудын тархин дотор Чингис хааны, Чингүнжавын, Галдан хааны тэр юм өнөөдөр бууж байна. Цаг үе нь ирж байна. 30, 40, 50, 60, 70 онд ийм зүйл буухгүй, хорьчихсон байсан. Нам засаг, коммунист, зөвлөлт гэсэн яриан дундуур энэ ордоггүй байхгүй юу. Зай байхгүй байсан. Өнөөдөр ардчилал гарсан, юу ч хийж болно гэж бодоод байсан чинь Чингис хаан гэж баахан хийрхэж явсаар явсаар энэ биш байна гэдгийг одоо мэдэж байна шүү дээ. Үнэн мөн хэрэгтэй гэж. Тэр үзэл санаа сэргэхийг л хэлж байгаа хэрэг. Биетээр бууж байна шүү дээ.
    Тархин доторх ертөнцөө сэрээдэг хүний хувьд Монгол Улс хэзээ хөгжин цэцэглэж, хүн ардын нуруу тэнийх вэ?
    Миний “Итгэхүйн ухаан” номонд монголын эртний зурхайгаар зурж түүхэн он цагийн үечлэлээр гаргасан юм бий. Тухайлбал 360 жилийн давтамж байна. Жарны давтамж байна. Үүгээр хөөгөөд 1925 он дээр ирэхэд цикл нь өөдөө болдог. Үүнээс дээшээ жаран дотроо гэхэд 1986 оноос эхэлж 30 жил уруудах цикл байдаг юм. Тэр нь ирэх 2015 онд дуусна. Ингээд 2016 оноос эхлээд 2046 он хүртэлх 30 жил бол 1205 оны түүхэн үечлэлтэй давхцах гайхамшигтай 30 жилийн цикл бидэнд ирж байгаа. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг 2016 оныг үзэх хэрэгтэй. 2016 оноос 2046 он хүртэлх хугацаанд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ болон өөр бас бус үнэлэмжүүдээрээ дэлхийд цулгар нь болж, хамгийн дээд үзүүлэлтийн үр дүнд хүрнэ. Зурхай гэдэг бол ид шидийн юм биш шүү дээ. Өнгөрсөн давтамж үечлэлүүдийг харьцуулж гаргадаг тоон ухаан. Үүгээр бол 2016 онд итгэ. 2016 оны сонгуулиар монголын ард түмэн хариуцлагатай байсан ч, хариуцлагагүй байсан ч, мөнгө тараасан ч, эс тараасан ч түүхэн хувь заяаны тулганы ам нээгдэнэ.
    Тэгвэл 2014 оны өнгийг хэрхэн харж байна вэ?
    Би ид шид ярих дургүй. Тэнгэр, газрыг шинжээд хэлбэл 2014 онд цаг агаарын хувьд нэг их муу муухай зүйл болохгүй. Яагаад гэвэл могой, морь хоёр жил маш эерэг сайхан жилүүд байдаг юм. Хоёулаа гэрийн хоймор зүгт байдаг жил. Түүхэнд могой, морь жилүүдийн зуулга маш сайн байдаг. Тэр л давтамжаараа явна. Дан могой жил гэвэл их хэцүү. Могой жилийн зуд гэж байна. Тэр бол 60 жилийн давтамжтай явж байдаг. Энэ удаад тийм зүйл байхгүй. Хүннүгийн үеийн тэмдэглэлд хүртэл бичсэн байдаг. Хятадын түүхийн эцэг Си Ма Чянь “могой, морь жилийг Умардын Ху нар ихэд шүт мой. Тэр жил нь тэдэнд сайн мой” гэсэн байдаг. Тэгэхээр Хүннүгийн үеэс эхэлж таатай байсан тэр он жилүүд юм.
    Ярилцсан: Ж.Дагийсүрэн

  • Рүни бичиг

    Хятадын түүхэн тэмдэглэлүүдээс үзвэл хүннү нар согдуудын эртний өвөг канжью нартай хил залган, нутаг савлаж их ойр дөт байсан тул Төв Азийн нүүдэлчдийн “руни” бичгийн гарал эртний согдтой холбоотой байж бүрэн болох юм гэж нэрт судлаач И.Бичурин үзсэн байна /Бичурин.И, 1851, 92-93 дахь тал/.

    Хан улсын Юуван ди хаан умард Хүннүг түрэмгийлэн мөхөөсний дараа тэдний судар бичгийг хойт ордны эрхмүүдэддээ аваачиж гайхуулсан явдал нь мөн хүннү нар өөрсдийн бичиг үсэгтэй байсны мэдээ болно /Бичурин.И, 92-93 дахь тал/. Хүннүгийн бичгийн уламжлал эртний монгол аймаг, улсууд болох Сяньби, Жужан, Хятан нарт уламжлаад зогссонгүй баруун тийш хийсэн Хүннүгийн их нүүдлийг даган монгол бус бусад ард түмний үсэг бичигт нөлөөлсөн байна /Л.Чулуунбаатар, 2002, 20 дахь тал/.

    Үүнийг:
    “Хүннүгийн Аттила өрнө дахины улсуудтай элчин солилцох буюу тавцан босгож магтаал өргөх, шүлэг дуулал зохион уянгалуулах бүр цөм эртний хүннүгийн үсэг бичгээ хэрэглэдэг байж. Ромд хүннүгийн бичиг үсэгт нэвтэрсэн хүн байдаг бөгөөд хүннүд ч мөн латин хэл бичигт нэвтэрсэн хүмүүс байв гэж Чин улсын үеийн Хүн Жиюүний туурвисан “Юань улсын түүхийн орчуулгын нотлол, нөхөрлөл” зохиолд дурьдсан байна /20 дахь тал/.

    Үүнийг мөн эрдэмтэн Ф.Алтхайм эртний Грекийн түүхч Прискаас иш татахдаа:“Хүннү нар бичиг хэрэглэж байсан талаар Приск тод томруун бичиж байна. Жишээлэхэд Атилын ордонд жагсаалт хөтлөж, түүнийгээ чанга дуугаар сонсгон хөтлөдөг байжээ. Гэхдээ тэр жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан хөтлөдөг байсан болохоор грек буюу латин бичгээр байгаагүй байх. Тэр нь армей буюу перс бичгийн нэгэн хувилбар байж болох юм” гэжээ /20 дахь тал/.

    Европ хийгээд Азид тархсан “руни” бичиг хоорондоо холбоотой эсэх талаар яг баталсан зүйл энэ хэр үгүй боловч түрэгч Э.Трыярски, Я.Харматта нарын судалгаанаас үзэхэд огт холбоогүй гэж батлах арга бас байхгүй. Ер нь “руни” маягийн бичиг нь нэн эрт цаас, бөс гараагүй үед хад чулуу юм уу модон дээр чулуугаар зурж ором гаргахад хамгийн хялбар дүрстэй байдаг тул хүн төрөлхтөн нийтлэг хэрэглэж байсан байх бүрэн үндэстэй юм.

    Эртний түрэгийн “руни” бичгийн үүслийг 100 гаруй жилийн турш олон эрдэмтэн, тухайлбал: Е.Блоше, Ф.Алтхайм, Э.Трыярски, Г.Клоузон, А.Рона-Таш, Е.Хаудхауген зэрэг нэрт түрэгчид судалсан бөгөөд хүннү нарын тамга бичгээс гаралтай гэж үндсэндээ зөвшөөрдөг юм. Энэ талаар Францын түрэгч Е.Блоше дараахь тайлбарыг хийсэн байна:

    “…Орхоны түрэгүүдийн бичгийг хүннү буюу хүн нарын бичгээс дам салбарласан гэж үзвэл хүннү нарын анхдагч бичиг буюу өөрөөр хэлбэл түүн дээр түрэгүүдийн нэмж оруулсан тэмдэгтүүдийг хасчихлаа гэхэд тэр үлдсэн бичиг нь арамей гаралтай болохын баталгаа хангалттай буй…” /Blochet.E, 1898/.

    Энэ нь нэгд түрэг бичиг нь хүннү бичгээс эх авсан, хоёрт, тэрхүү эх авсан хүннү бичиг нь угтаа арамей бичгээс гаралтай гэсэн санаа юм. Согд нарын хэд хэдэн бичиг нь цөм энэхүү арамейгаас гаралтай болох нь хэдийнээ нотлогдсон билээ. Мөн нэрт түүхч Н.Сэр-оджав агсан монголын эртний аймгуудын мод хэрчиж хэрэг тэмдэглэдэг байсан нь нарийсан хөгжсөөр түрэг бичгийн эхийг тавьсан бололтой гэж тэмдэглэсэн байдаг /БНМАУ-ын түүх, I боть, 1966, 130 дахь тал/.

    Кавказын нуруунаас урагш Баку, Тбилис хоёрын хооронд байсан Арран нутгийн хамба лам YI зууны дунд үед библи судрыг хүннү хэлээр орчуулж байжээ. Ф.Алтхаймын үзэж байгаагаар Кавказын хүннү нар руни бичиг хэрэглэж байжээ. Е.Блоше ч бас хүннү нарын тухай хятад, ром сурвалжуудыг харьцуулан үзээд хүннү нар руни бичигтэй байсан хэмээн дүгнэсэн байна. Сирийн он дарааллын бичгийг зохиосон Захари Ритор YI зууны үед “Хориод жилийн урьд хүннүчүүд өөрсдийн бичгээр бичдэг байсан” гэж тэмдэглэжээ /Л.Чулуунбаатар. 2 дахь тал/.

    Үүнээс гадна хүннү, авар, сяньби (тоба, табгач) нар ямар хэлтэн байсан бэ? Гэдэг асуулт бий. Тэдний хэл нь эртний монгол хэлний онцлогийг хадгалсан, монгол хэлтэн байсан гэдгийг сүүлийн үеийн хэл, түүхийн судалгааны дүн улам бүр баталсаар байна. Үүнд: хүннү нарын хэлний талаар гэхэд Г.Дөрфер, аваруудын хэлний талаар гэхэд Ж.Немет, сяньби (тоба, табгач) хэлний талаар Л.Базен, П.Бүүдберг, Л.Лигети нарын судалгааг энд дурдаж болно.

    Сяньби хэлний аялгуу болох табгач хэлээр хэл, нэр томьёо, утга зохиол, ардын билиг зүйн 13 ном хэвлэсэн тухай жагсаалт түүхэнд тэмдэглэгджээ. Тэд нь ямар бичгээр байсан бэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Номын нөхөр, нэгэн хятад эрдэмтнээс табгач хэлээр, табгач бичгээр бичсэн нэгэн дурсгалыг П.Пеллио профессор хүлээж аваад байсныг нь үзсэнийгээ академич Л.Лигети табгач хэлний тухай өгүүлэлдээ тодорхой дурдсан байдаг.Үүнээс гадна “Вэй улсын бичиг”-т тоба нар 425 онд мянга гаруй тэмдэгт үсэг бүхий шинэ бичигтэй болсон гэдэг мэдээ байдаг нь тэд үүний түрүү ямар нэгэн бичигтэй байсныг давхар гэрчилнэ.

    Дээр дурдсан зүйлийг нэгтгэн авч үзвэл өвөг монголчууд лавтайяа Хүннү улсын үеэс Төв Азийн нүүдэлчдийн нэгэн адил тамга маягийн “руни” бичигтэй байсан гэж үзэх үндэс бүрэн байна. Энэ бичгийг монгол туургатан олон аймаг, улс янз бүрийн хугацаатай уламжлан, язгуур монголчуудын тухайд “монгол бичиг”-тэй болтол их бага аль нэгэн хэмжээгээр хэрэглэсээр иржээ.

    МЭ I зууны сүүлчээр Хүннү гүрний оронд Монголын түүхийн тавцан дээр зонхилох цэрэг-улс төрийн томоохон хүчин болж удаа дараа гарч ирсэн Сяньби, Муюн, Тоба улсууд болон тэдний захиргаан дор оршин амьдарч байсан Ухуань зэрэг овог, аймгуудын хэл, соёл, шашин шүтлэг, зан заншил нь хүннүтэй үндсэндээ бараг адил, олон талаар төсөөтэй байсныг эртний Хятадын түүхэн сурвалж бичгүүд, орчин цагийн судалгаа шинжилгээ улам бүр лавшруулан нотолсоор байна. Эдгээр улс, овог аймгууд нь мөн тухайн үеийнхээ хэрэгцээ, шаардлагад тохирсон бичгийн болон боловсролын өндөр соёлтой байжээ.

    Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай, бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюуны соёлтой тодорхой байгаа юм. Тэд цөм бөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ёс суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил, ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.

    Сяньби угсааны аймаг, овгуудын дунд төр улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсээд мөн төр, бичиг хоёр дээр тулгуурласан оюуны утга соёл, өндөр түвшний эдийн боловсрол буюу материаллаг соёл бий болж, сяньби угсааны нүүдэлчдийн иргэншилт соёл хэмээх нүүдлийн иргэншил үүсэн хөгжсөн байна. Тэрхүү нүүдэл иргэншлийн бүрэлдэхүүнд төр ёс, бичиг үсэг, шашин шүтлэг, зан заншил, ёс суртахуун зэрэг гэгээн соёлын зүйлс цөм багтаж байв.

    Нэлээд хожуу үе хүртэл хүннү, сяньби зэрэг Төв Азийн нүүдэлчин малчин овог аймгуудыг төр ёс, бичиг үсэгт иргэншилт соёлгүй, сайндаа л зөвхөн хүй нэгдлийн байгууллын эцсийн түвшинд байж өнгөрсөн мэтээр ойлгож дүрсэлдэг байсан юм. Харин сүүлийн үед Сяньби угсааны аймгууд аажмаар төр улс, засаг төртэй болсноор үл барам, бичиг үсэг, соёл буюу нүүдлийн иргэншилт соёл, өөрөөр хэлбэл нүүдэл иргэншилтэй болж хөгжин байсан нь илт харагдсан. Энэ асуудлыг тодруулахад Э.Блоше, П.Пеллио, Л.Лигети, Б.Ринчен, Х.Пэрлээ, Г.Сүхбаатар нарын зэрэг эрдэмтэд тус тусын нарийвчилсан судалгаагаар жинтэй хувь нэмэр оруулсан байна.

    Анх Э.Блоше эртний түрэгүүд Хүннү, Сяньбигаас Жужанаар дамжуулан Орхон- Енисейн шаантаг үсэг хэмээх руни бичиг хэрэглэсэн гэсэн таамаглал гарган, дэлхийн олон эрдэмтэн мэргэжилтэн нарын өмнө дэвшүүлэн тавьсан байна. Дараа нь манай археологч нар Хэнтий, Хангай, ялангуяа Алтайн нуруунаас олон хадны зураг, тамга тэмдэг, үсэг бичгийн зүйл илрүүлэн олж, тэдгээрийн нэлээд нь Орхоны түрэг бичгийн зурлага бичээстэй адил төсөөтэй болохыг гярхай ажиглаж, тэрхүү бичгийг эртний хүннү нар анх Арамей үсгээс авч хэрэглэсэн байж магадгүй гэж үзэх болжээ /БНМАУ-ын түүх, I боть, 1966, 130 дахь тал/.

    Сяньби угсааны аймгуудын бичиг үсгийн асуудлын тухай эртний Хятадын түүх сурвалжид янз бүрээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь сяньби нарыг хятад бичиг үсэггүй, бичиг мэдэхгүй гээд харин хүннү нарын нэгэн адилаар мод сийлж юм тэмдэглэдэг гэсэн байдаг, тэгэхдээ зарим сурвалжид сяньби нарыг мод сийлэх аргаар түүх судар маягийн зүйл бичиж тэмдэглэдэг хэмээн тодорхой заасан байдаг байна.

    Эртний сяньби хэлний онцлог шинжийн талаар эдүгээ тодорхой мэдэх аргагүй боловч “Вей шу”, “Суй Шу” зэрэг хятадын түүхэн сурвалж бичгүүдийн дотор сяньби хэлний зарим үгс хятад үсгээр дам тэмдэглэгдэн үлдсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ. Дээр дурдсан сурвалж бичгүүдэд байгаа сяньби (тоба) хэлний үгсийг К.Ширатори, П.Бүдберг, Л.Базин, Л.Лигети зэрэг эрдэмтэд сонирхон судалж, баримжаалан уншсан нь тухайн хэлний талаар эдүгээ бидэнд мэдэгдэж байгаа гол баримт болж байна.

    Их төлөв эрхэлсэн ажил алба, зэрэг тушаалын оноосон нэрс хийгээд төрөл садны холбоотой цөөн тооны үгсийг таамаглан уншсан эдгээр судалгаанаас сяньбичуудын хэл нь монгол хэлний нэгэн аялгуу болохыг баримжаалан мэдэж болно. Хятад үсгээр тэмдэглэсэн сяньби үгсийн дотор түрэг үгс цөөнгүй байна гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд үүнээс үндэслэн сяньби хэлний тоба аялгууг түрэг-монголын холимог шинжтэй байсан гэсэн дүгнэлт ч бас гарсан байна

    Энэ нь угтаа түрэг, монгол угсаатнууд холилдон сууж байсантай холбоотой бус, харин алтайн хэлний үгсийн сангийн нийтлэг шинжтэй холбоотой бөгөөд сяньбийн аялгуу нь угтаа эртний монгол хэлний нэгэн аялгуу байсан гэдэг нь маргаангүй билээ. Мөн МЭ III-YIII зууны үед зүүн хойд төвдийн нутагт нүүдэллэн очсон сяньбичуудын нэгэн аймгийн хэл аялгууг (төвдөөр А-жа, хятадаар Тү-юй-хунь) монгол хэлний өөр нэгэн голомт гэж зарим эрдэмтэд үздэг боловч түүний онцлог шинжийн талаар эдүгээ бидэнд баримжаалан хэлэх ямар ч баримт байхгүй байна /Монголын соёлын түүх. Тэргүүн боть, 1999, 102 дахь тал/.

    Хятад сурвалжид Сяньби зэрэг Төв Азийн нүүдэлчин аймгуудыг бичиг үсэггүй гэсэн нь чухамдаа гагцхүү хятад үсэг мэдэхгүй гэсэн үг болохоос биш, ерөөсөө ямар ч бичиг үсэг мэддэггүй гэсэн хэрэг бус юм. Эртний Хятадын “Вэй улсын түүх” сударт сяньби нарыг:
    “Мод сийлэн таних тэмдэг болгож, хол ойрын хэрэг явдлыг хүмүүст улируулан уламжилсан нь түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон байдаг” /Монголын соёлын түүх. Тэргүүн боть, 1999, 279 дэхь тал/ гэснээс үзвэл тэд ямарваа модыг зүгээр нэг хэрчин огтчин сийлдэггүй, харин утга санаа оруулан ойлгогдохоор зурж сийлэх бичиг үсэгтэй байсан байна. Хятадууд бас заримдаа сяньби нарын тэрхүү мод сийлэн тэмдэглэдэг байсан зүйлсийг “шүци” хэмээн тэмдэглэдэг байсан нь чухамдаа ном бичиг, бичиг баримт гэсэн утгатай байсан болохоор сяньби нар ямар нэгэн бичиг хэрэглэдэг байсан болох нь магадтай.

    Түүхч Г.Сүхбаатар:

    “Сүмбэ нар мод сийлэн тэмдэг тэмдэглэж, хол ойрын хэрэг явдлыг түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон. Табгая Дао хаан 425 оны гуравдугаар сарын цагаан бичин өдөр…Цзюхуатан ордонд заларч анх шинэ үсэг мянга гаруйг зохиосныг болгоож үзээд зарлиг буулгасан нь: “урьд Юань эзэн хааны үед юм зохион бүтээхдээ Цан Цзед тушаан жигүүртэн араатны мөрийг дууриалган үсэг зохиолгосон амой. Түүнээс хойш цагийн улирлыг даган өөрчилсөнөөр тулгуур бичиг, завсрын бичиг, таталгаа бичиг, дүрэмт бичиг зохион бүгдийг нийтэд хэрэгжүүлжээ… Одоо зохиосон үсгийг нийтэд хэрэглэхээр холхи ойрход тараатугай… хичээнгүйлэн журамлахтун” /Г.Сүхбаатар. Монголын түүхийн дээж бичиг, 1992, 33-34 дэхь тал/ гэж бичсэн байсныг тэмдэглэсэн байна.

    Дундад зууны үеийн Хятадын таван төрийн үеийн “Чжоу улсын түүх”-ийн 50-р бүлэг, “Умард төрийн түүх”-ийн 99 дүгээр бүлэгт Түрэгийн хаант улсын Орхон-Енисейн бичгийн тухай өгүүлэхдээ: “тэдний бичиг нь ху нарынхтай төстэй” /Г.Сүхбаатар, 1971, 107 дахь тал/ гэсэн байдаг байна. Ху нар гэж энд хүннү, сяньби нарыг хэлж байгаа бөгөөд тэгэхлээр тэд Орхоны түрэгийн шаантаг үсэгтэй төсөөтэй бичиг хэрэглэж байсан, тухайлбал урьдын цагт тэд нарын хэрэглэж байсан бичиг үсгийг Хүннүгээс сяньби нараар, магадгүй бас жужан нараар дамжуулан хожмын Орхоны түрэгүүд авч, боловсруулан хэрэглэсэн байж болно.

    Модон дээр сийлэн бичдэг бичиг дэлхий дээр нэлээд хэдэн газарт байжээ. Эрт дээр үед Номхон далай дахь Пасхи арлынхан модон дээр сийлдэг бичигтэй байсан нь Европын колончлолын үед бүхэлдээ устгагдаад үлдсэн хориодын хоёр нь Санкт-Петербург дэх хүн судлал, угсаатны зүйн музейд хадгалагдан байгаа ажээ. Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 279 дэхь тал/.

    Түрэгийн руни үсгийн гарал үүслийн талаар судалгаа хийсэн зарим эрдэмтэд, тухайлбал, казахын эрдэмтэн Хаммутова үгүүлэхдээ: “Эртний Түрэгийн руни бичиг бол янз бүрийн зурагнаас, өөрөөр хэлбэл зураг бичгийн тэмдгүүдээс үүссэн болохыг дээр өгүүлсэн жишээ харуулж буй нь ямар ч эргэлзээгүй… Үсүнь нарын (ер нь Долоон голын түрэгчүүдийн) бичиг нь Үсүнь, Кангюй аймгуудын холбоо байх үеэс, өөрөөр хэлбэл манай эринээс бүр өмнө байсан юм” /Хаммутова А, 1969, 147 дахь тал/ гэжээ.

    Үүнээс үзэхэд Үсүнь зэрэг Казахстан дахь өвөг түрэг угсааны аймаг, овгуудыг эрхшээл нөлөөндөө оруулж, удтал захиран байсан Хүннү гүрэн руни бичигтэй байсныг түүний дараах сяньби нар өвлөн авч хэрэглэн байсан явдал магадтай болж байх бөгөөд чухамхүү тэрхүү бичгийг хятадууд ху бичиг хэмээж байсан нь илт харагдаж байна.

    Сяньби улс тийнхүү ху-гийн бичиг хэмээх руни үсэг хэрэглэж байсан болохоор түүний удмын ухуань, дуань, түгүхүнь, юйвынь, муюн, тоба мэтийн өвөг монгол угсааны аймгууд мөн их, бага аливаа байдлаар хэрэглэж байсан нь мэдээж хэрэг. Сяньбийн дараа Муюн, Тоба, Түгүхүнь улсууд ху-гийн руни бичгийг ихээхэн өргөн дэлгэр хэрэглэх болж байсан бөгөөд өмнө дурдсанчлан Хүннү гүрэнд, түүнчлэн бас Тоба улсад бидэчжэнь (бичээч, бичээчин) цолтой түшмэд байдаг байжээ.

    Бичиг үсэг нэвтэрхий сайн мэдэх хүн их чухал байсны улмаас бичиг хэрэг эрхэлсэн тусгай түшмэд байлгах хэрэгтэй болсон байна. Тэхдээ Хүннү, Сяньби, Тобагийн үед бичээч хэмээх үг бидэчжэнъ гэж ч нь д-гээр дуудагдаж байсан явдал уг үгийн дуудлагын нэн эртний хэлбэр юм.

    Эрт дээр үед Алтай язгуурын зарим хэлэнд бичиг хэмээх үгийн эхний үеийн “бич” нь “бидэ”, “бит” гэх мэтээр дуудагдаж байгаад манж хэлэнд “бит” хэвээр үлдэж, монгол хэлэнд “бич” болж хөгжсөн байна. Ерөөс бидэчжэнь, битхэ, бичиг хэмээх үгсийн язгуурын үүсэл нь Энэтхэг-Европын зарим хэлэнд ч байдаг, ялангуяа Урал-Алтай хэлний бит, бич, биц (бяц) хэмээх үгс мөн богөөд цөм цохих, нүдэх, сийлэх гэсэн утга агуулсан байдаг байна.

    Зураг бичиг (пиктограмм), дүрс үсэг (иероглиф), санаа бичиг (идеограмм) цөмийг эрт дээр үед яс, мод, чулуу, хүрэл, төмөр дээр цохих, нүдэх, сийлэх аргаар бичиж байсан юм. Ху-гийн бичгийг ч мөн тэгж бичиж байсан бөгөөд модыг олоход харьцангуй элбэг, огтлох, тэгшлэхэд хэцүү үгүй, түүн дээр аливаа зүйлийг цохиж нүдэн сийлэхэд хялбар учир Хүннү, Сяньби тэргүүтэй Төв Азийн өвөг монгол угсааны улс аймгууд бичиг бичихэд түүнийг голлон хэрэглэдэг байжээ.

    Тийм учраас тийнхүү модон дээр бичиг үсэг сийлэхийг хятадууд мод сийлж юм тэмдэглэдэг байв хэмээн түүх судартаа өргөнөөр тусган үлдээсэн байна. Хэрэв эрт дээр үеийн түүх сурвалжид ядаж тийм байдлаар ч гэсэн тусган тэмдэглэж үлдээгээгүй байсан бол хүннү, сяньби нар руни бичигтэй байсныг мэдэж авах байтугай ерөөс бичиг үсэгтэй байсныг нь мэдэх, нотлох арга бараг байхгүй байх байсан юм /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 281 дэхь тал/.

    Муюн, Тоба улсууд, ялангуяа тоба нар руни бичиг соёлын хувьд илүү амжилтанд хүрсэн байна. Францын эрдэмтэн П.Пеллиод тоба хэл бичгээр бичсэн зүйлийн 60×50 см хэмжээтэй дардас хуулбар байсан гэдэг боловч тэр нь хаана ч, юунд ч хэвлэгдсэнгүй байсаар өнгөрсөн ажээ. Муюн, тоба, түүнчлэн түгүхүнь нар Умард Хятадыг эзлэн Янь, Юань Вэй улсуудыг байгуулсны дараа бас хятад боловсрол олж, багагүй амжилтанд хүрч байжээ.

    Түүх сударт түгүхүнь нарыг бичгийн боловсрол, эрдэм соёлоор сайтай байв хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед Түгүхүний хаад, ноёдын ярилцаж байсан зүйлээс үзэхэд тэдний зарим нь хятад боловсрол эзэмшсэн, Күнзийн сургаал сэлтийг нэлээд сайн мэддэг байсан байдал ажиглагдаж байгаа юм. Дээрх улсуудын дараа Монгол нутаг дэвсгэр дээр бие даан гарч ирсэн соёл, зан заншлын хувьд өвөрмөц хүчирхэг улс нь Жужан юм. Жужан нар соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ урагш ахисан байжээ.

    Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, Жужан нар хоорондоо хэл авалцах хийгээд харь улс оронтой харилцахдаа бичиг хэрэглэдэг байжээ. Хятад сурвалжид, Жужанчуудад бичиг тэмдэглэл байдагггүй, цэргийн жанжин нь хонины хорголоор цэргийнхээ тоог бүдүүвчлэн тооцдог байв. Хожим мод сийлэн, тэмдэглэл хийхийг сайн мэддэг болсон, Жужанд улсын засгийн явдал эгэл хялбар, ном зохиол мэддэггүй, мод сийлэн хэрэг явдлыг тэмдэглэдэг байв. Харин яваандаа бичиг мэддэг болсон. Эдүгээ эрдэмтэн хүмүүс олон буй гэх мэтээр өгүүлжээ.

    Сурвалж бичгүүдийн дээрх мэдээнээс үзвэл, тэд ямар ч байсан бичиг үсэг хэрэглэж байсан аж. Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн, В.С.Таскин, А.Колауц нарын эрдэмтэд ч Жужан нарыг бичигтэй байсан гэж үзсэн билээ. Сүүлийн үеийн судалгаагаар, Жужанаас өмнөх Хүннү, Сяньби нар бичиг үсэгтэй байсан гэж байгаа болохоор энэ уламжлал Жужаны үед ч байх учиртай. Харин тэд чухам ямар бичигтэй байсан тухайд эрдэмтдийн санал нэгдмэл бус байна. Ямар боловч дээр өгүүлснээр тэд мод сийлэн тэмдэглэл хийхийг сайн мэддэг, өөрөөр хэлбэл, тухайн үед бусад оронд байсны нэгэн адил тусгай модон дээр сийлэн бичиж, тэмдэглэл хөтөлдөг байсан бололтой.

    Харин модонд сийлэн тэмдэглэдэг өөрсдийн тэр бичгээ яваандаа орхисон уу, хятад бичигтэй хамт зэрэгцүүлэн хэрэглэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Юу боловч тэд гадагш харилцахдаа, хятад бичиг ч хэрэглэж байсан бололтой. Жужаны хаанаас 408, 481 онд Өмнөд Ци улсын хаанд, 508 оны 8 сард Тоба Вэй улсын хаанд тус тус албан бичиг захидал илгээж байсан.

    V зууны дунд үед Тобагийн хаан Ху Соу, Цзун Шу гэх хоёр түшмэлдээ, хятад болон жужаны бичгээр тунхаг зохиох зарлиг буулгаж байсан ажээ /Г.Сүхбаатар. Монгол Нирун улс, 118 дахь тал/. Хятад зэрэг харь оронд Жужан нарын илгээсэн бичиг захидлууд нь Хятад бичгээр бичсэн байсан гэж олонх судлаачид үздэг.

    Жужан улс эрдэмтэй хүн олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг, харилцдаг байсан аж. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолон бодож чаддаг, мэрэг төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хүн байсан гэдэг. Мөн Жужаны төрийн хэргийн сайдын дэргэд бичиг хэрэг эрхэлсэн тусгай түшмэл ажиллаж байсан мэдээ байна.

    Сурвалжид өгүүлснээр, таван ухаан, даосын увдисыг сайн мэддэг Энэтхэг лам Ратнаманти (Лэйнаманьти) Хятадын Лоян хотод хүрэлцэн ирсэн хуучны танил нэгэн Жужан хүнийг “Түмэн хуйлаас ном уншсан хүн ч давж үл чадах эрдэмтэй хүн” хэмээн хүндэтгэж, харь (хятад биш) хэлээр өдөржин ярилцан суудаг байсан ба үүнийг харсан бардам хятад түшмэд өөрийг нь тоож үл ярилцах атлаа энэхүү умард зүгийн бүдүүлэг хүнтэй ихэд элгэмсэг буйд атаархажээ. Тэгээд хэн нь чавганы модны боловсорсон ба эс боловсорсон үрийн тоог зөв тооцоолон гаргаж чадахаа үзэхээр мориороо мөрийцжээ. Чингээд Жужан хүн бүсэн дэх ширэн хавтганаасаа таван өнгийн утас сүвлэн, сувд хэлхэсэн нэгэн дэнсэрхүү зүйлийг гарган ирж, чавганы модыг хэдэн тийш хэмжин үзээд нүдээ анивчин бодолхийлснээ үрийн тоог хэлж мөрийгээ авсан гэдэг /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 309 дэхь тал/.

    Эндээс тэрхүү эрдэмтний чадал ухаан ямаршуу байсан нь харагдана. Тиймээс ч түүний алдар олны дотор цуурайтан түгж, шагшин биширцгээсэн ба шаштирт тусгайлан тэмдэглэж үлдээжээ. Жужаны хаант төрийн оронд Түрэг угсааны хэд хэдэн хаант улсууд гарч ирсэн бөгөөд тэдний дотор ихээхэн нөлөө үзүүлсэн нь монгол нутаг дэвсгэр дээр өөрийн бичиг, соёлын арвин их дурсгалыг үлдээсэн Түрэгийн түрүү болон хожуу үеийн хаант улс юм. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг үргэлжлүүлэн хөгжүүлж эдийн болон утга соёлын арвин их өвийг үлдээжээ. Тэдний соёлын хамгийн гайхамшигт ололт бол “Орхон-Енисейн бичиг” хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэж төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн явдал болно. Түрэгүүд хэдийгээр Хятад мэт эртний хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж соёлын ололт амжилтаас нь багагүй зүйлийг авч хэрэглэсэн боловч нүүдэлчдийн ахуй орчин, өвөрмөц онцлогт яв цав нийцэж оюуны хэрэгцээ шаардлагад бүрэн тохирсон өөрийн бичиг үсгийг зохиосон нь нэн том дэвшил болжээ.

    Түрэгийн руни бичиг хаанаас гаралтай болох талаар эрдэмтдийн дунд нэгдсэн санал үгүй байна. Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь эртний арамей бичгийн салбар болох согдын бичиг үсгээс үүсэлтэй гэдэг / Кляшторный. С.Г, 1964, 47 дахь тал/.Гэтэл үүний зэрэгцээ руни бичиг нь Төв Азийн нүүдэлчдийн дунд эртнээс уламжилж ирсэн овог аймгийн тамга тэмдэг, мод хэрчиж хэрэг тэмдэглэх арга зэргээс уламжлан үүссэн гэж үзэх эрдэмтэд ч бий /Киселев.С.В, 1951, 285 дахь тал/. Үүнээс үзэхэд “Орхон-Енисейн бичиг” нь зөвхөн гаднаас бэлэн зээлдэж авсан бус харин орон нутгийн хуучин уламжлалд тулгуурлан гарч ирсэн нь тодорхой ажээ.

    Уг бичиг үүссэн цаг хугацаа болон орон нутгийн асуудал ч эрдэмтдийн анхаарлыг татдаг билээ. Нэлээд хожуу үеийг хүртэл, Долоон мөрөн, Енисей орчмын нутаг дахь руни бичгийн дурсгалыг хамгийн эртнийхэд тооцож байсан бол сүүлийн үес манай улсын Дорноговь аймгийн нутаг Чойроос олдсон нэгэн хүн чулуун дээр бичсэн бичгийг хамгийн эртнийх гэж үзэх болов. Энэхүү дурсгал 688-691 оны үед холбогдох юм /Кляшторный.С.Г, 1964, 47 дахь тал/. Үүнээс үндэслэн түрэгийн руни бичиг нь Төв Азид, тэр тусмаа Монгол нутагт анх үүссэн хэмээх үзэл баримтлал бий болжээ /Кормушин. И.В, 45-47 дахь тал/. дурсгалуудын олдож байгаа байршил ч үүнийг нотолдог юм. Энэхүү бичиг VII зууны хоёрдугаар хагаст үүсч улмаар XII зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд энэ нь аль нэг нутгийн чанартай үзэгдэл биш харин нийт түрэг овогтны тархан нутагласан бүх газар нутагт түгэн тархсан байжээ /Степи Евразии в средневековую эпоху, 1981, 42 дахь тал/.

    Эдүгээг хүртэл түрэгийн руни бичгийн дурсгалыг олон орны эрдэмтэд сонирхон судалж орос, монгол, герман, англи, фин, турк зэрэг олон хэлнээ орчуулаад байна. Жил ирэх тутам энэхүү бичгийн дурсгал шинээр нэмэн олдсоор ирсэн ба одоо манай улсын нутгаас нийт тавь гаруй руни бичээс олдоод байна. Эдгээрийн дотор Билгэ хаан, Күль-Тегин, Тоньюкук, Моюнчур хаан зэрэг нэр цуутай хаад язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний бичээс буйгаас гадна бусад их бага олон тооны бичээс ордог. Түрэгийн руни бичгийн дурсгал нь тусгайлан зассан гэрэлт хөшөөнөөс гадна байгалийн ерийн хад чулуун дээр, барилгын ханын шаваас дээр, зоос мөнгөн дээр, судар номын баринтагийн тээг чулуун дээр бичсэн зэрэг олон хэлбэрээр олдож байна.

    Төв Азийн нүүдэлч ард түмний утга соёлын нандин дурсгал болох руни бичгийн утгыг тайлан уншиж тэдний түүхийг сэргээн тодруулах ажилд дэлхийн олон орны эрдэмтэд хүч оюунаа зарцуулж ирсэн бөгөөд монголын судлаачид ч өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулах болжээ. Руни бичиг үсгийн дурсгал нь нүүдэлчид өөрсдийн оюун сэтгэлгээ, ур ухаанаар төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн биет баримт болохын хувьд эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой бөгөөд түүгээр ч барахгүй эдгээр нь зөвхөн түүхэн сурвалж төдийгүй Алтайн хэлний хөгжлийг судлах, монгол, түрэг хэлний харьцуулсан судалгаа хийхэд чухал хэрэглэгдэхүүн болохоос гадна эртний нүүдэлчдийн яруу найраг, уран зохиолын үнэт өвийн тоонд зүй ёсоор ордог билээ.

    YII зууны дөчөөд онд Зүүн Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний газар нутаг дээр Уйгарын хүчирхэг нүүдэлчин гүрэн тогтжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм-эдийн засаг, соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ. Уйгурууд Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг улсын дотор нэлээд дээгүүр соёлтой байжээ. Тэдний соёлын хамгийи том ололт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастирын зүйл өргөн хэмжээгээр орчуулан туурвих болсон явдал юм. Ингэхдээ Согдын лам нарыг авчирч шашны ном судар орчуулуулж байжээ.

    Уйгарын эрхшээлд байсан Монгол болон бусад олон аймгууд тэдний бичиг үсгийг авч, тэдний олон үг монгол хэлэнд орж ирсэн байна. Монголын түүхч Зава Дамдин төвдөөр бичсэн “Монголын түүх” зохиолдоо Чингэс хааны үеэс даруй 700 жилийн урдаас монгол, уйгар, согд нар их ойр харилцаатай байсныг дурдаад: “Согдын мэргэн багш нар Уйгар хийгээд Монголчуудад үсэг бичиг унших ба бурхны дээд зарлигуудыг өөр өөрийн хэлээр орчуулах ёсыг үзүүлж сургав. Бас Согд нар Энэтхэг орноос бурхны номыг Монгол оронд залж ирсэн бөгөөд энэ шалтгаанаар номын хэлэнд энэтхэг, уйгар, монгол үг холимогоор оршсоор байна” /Л.Чулуунбаатар. 47 дахь тал/ гэжээ. Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу “Орхон-Енисейн бичиг” хэмээх бичгийг хэрэглэж байжээ.

    Тэр үеийн дурсгалын тоонд, “Сэлэнгийн бичээс” хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, мөн үүнээс холгүй оршиж байсан “Сүүжийн бичээс” хэмээн алдаршсан дурсгал, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь “Тэрхийн бичээс”, Хөвсгөл аймгийн “Тэсийн бичээс” зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд орно.

    Түүнчлэн Уйгурын нийслэл Хар балгас хотноо буй, одоо эвдэрч ихэнх хэсэг нь устсан түрэг, согд, нангиад гурван хэлний бичээст аварга том хөшөө тэр үеийн утга соёлын үнэт дурсгалын тоонд зүй ёсоор ордог байна. Уйгурууд Түрэгийн харьяанаас гарч өөрийн төр улсыг байгуулсанаас хойш бусад улс оронтой өргөн харилцаж соёлын нөлөөгөө түгээхийн хамт тэдгээр орны соёлын дэвшлийг тусган авч байжээ. Тухайлбал, дээр дурьдсанаар Дундад Азийн өндөр соёлт согд нараас бичиг авч өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нъ түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршжээ.

    Энэхүү бичиг нъ Уйгур улсын үндсэн бичиг болж дэлгэрээд хожмын үед түүгээр олон зохиол бичиж, орчуулж байсны зарим нь бидний үед хадгалагдан хүрч иржээ. Үүний жишээнд Увс аймгийн Улаангом хотын ойролцоо олдсон Долоодойн хөшөө хэмээх дурсгалыг дурдаж болно. Уйгур бичгийг, тэдний бүрэлдэхүүнд орсон түрэг, монгол угсааны зарим аймаг хэрэглэж байсан бөгөөд улмаар Их Монгол улсын албан бичиг болсон юм. Уйгур бичгээр дамжин олон тооны үг Монголд нэвгэрсэн нь “ном”, “дэвтэр” хэмээх согд үг, “судар”, “эрдэнэ”, “шүлэг”, “бадаг” зэрэг энэтхэг үг, “сүм”, “суварга”, “билэг”, “хөрөг”, “эрдэм” гэх зэрэг уйгур үгс болно. Манай нутагт уйгур бичгээр бичиж үлдээсэн дурсгал үүнээс гадна Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхир чулуу, Бичигт булан, Хотонт сумын Хар балгасны П бичээс, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Тэсийн бичээс гэх мэт дурсгалуудад байна.

  • Юань гүрнийг үндэслэгч Хубилай Сэцэн хаан1

    Сүн улсын нутаг баруун талаараа мөн давшгүй бэрх бартаа бүхий мянга гаруй километр үргэлжилсэн Күн Лүн, басхүү Гималайн уул нуруугаар хүрээлэгдэж, тэдгээр нь гадны дайсан нэвтэршгүй бат бэх хэрэм болж, хятадын уудам тал нутгийг төвдийн өндөрлөг газраас битүүлжхамгаалжбайв.Урьдөмнөдавшгүй, нэвтэршгүй гэгдэжбайсан энэхүү сүрлэг их уулсын оронд Хубилай хаан ахынхаа даалгавраар буман хүнтэй их армиар цөмрөн оржээ. Хэнд ч захирагдаж үзээгүй омголон дайнч овог аймгууд уулын зөрөг жим бүрийг хамгаалж, замыг нь хааж байв.Тиймээс өдөр тутам дайсантай учирч байлдаж, ялж дийлсээр урагшлав.Овог аймаг бүрийг дараалан бут цохиж байлдан дагуулаад толгойлогчоор нь дараагийн аймгийн нутаг руу газарчлуулж, хоол хүнс гаргуулан, дайчдаар нь цэргээ сэлбэж шаргуу давшин явжээ.Ийнхүү алхам алхмаар урагшилж замдаа байнга тулалдан дийлсээр урьд хожид ямар ч цэрэг арми туулж байгаагүй тэр их уулсын орноор 1500 км аялан өнгөрчээ.

    Чингээд Хубилай өнөөгийн Юннаний хил болох Кин Шачианд хүрэв.Энд Нан Чаогийн хаант улсын цэрэг нутгийн овог аймгуудтай хүч хавсран уулсын гол даваагхамгаалан, Хубилайн замыгхаажхоригложээ.Тэд дагаж орохыг шаардаж явуулсан элчийг барьж алав.Тэгэхээр нь монголчууд тэднийг дайран орж амь хайргүй хядав.Нан Чаогийн хаан уулын цайзад амь хорогдон бүгэн суухад нь монголчууд цайзыг дайрч эзлэн Юннан хот руу дутаалгав.Амь тэмцсэн хааныг бариулахаар Хубилай хойноос нь их жанжин Сүвээдэйн хүү Урианхадайг илгээгээд өөрөө улсын нийслэл Та Ли хот руу хөдөллөө.Гэвч энэхүү нийслэл хотыг маш хүчтэй бэхэлж хамгаалсан байсан тул Хубилайн цэрэг хотыг хүрээлэн хуарагнан буугаад, өглөө эртлэн довтлон орохоор бэлджээ.

    Хубилай цэргийнхээ хүрээнд сууж байхдаа нэгэн хятад зөвлөхийнхөө өгүүлсэн ганц ч хүний аминд хүрэлгүйгээр дайсны хотыг эзэлж авсан хятадын нэгэн жанжны тухай домгийг сонсоод босон харайж “Чиний ярьсан үлгэр домог байна.Харин би маргааш үнэн түүх болгоно” гэж ам алдсан гэдэг.Тэгээд үүнийгээ удалгүй ажил хэрэг болгож “Хүний амь хороохыг цаазлан хорилоо” гэж томоор бичсэн туг хиуруудыг босгоод, бууж өгөхийг шаардан цэргийн дарга гурван хүнийг төлөөний элч болгон хот руу явуулжээ.Хотыг хамгаалах цэргийн 2 дарга элчийг алсан ч энэ хооронд үлдсэн нэг монгол цэрэг нөгөө туг хиуртайгаа хотод нэвтрэн оржээ.Тэгэхдээ хотын гудамж талбайд “Хүн алахыг цаазлан хориглож байна” хэмээн чангаар зарлаж явахад нэг ч хүн түүнд гар далайсангүй гэдэг.Ийнхүү нэг ч хотын иргэн монголын нэг ч цэрэг амь хохирсонгүй.Хубилай хотыг ийн буулган аваад элчийг нь алсан нөгөө хоёр даргыг л зарлигийг зөрчсөн учир хэмээн буруутгаад цаазаар авчээ.Тэгээд өөрөө Юннан хотыг яаравчлан зорьж аврагдах ямар ч найдваргүйгээ ойлгосон хан хүү нь буужөгөхөдхэдийгээр монголын ёсонд элчийг алах нь хүнд гэмт хэрэгт тооцогдож заавал алж хороодог заншилтай ч энэ удаа элчийг нь алсан түүнд гар хүрсэнгүй.Түүнийг эхлээд Хархорум хот руу их хаан Мөнхөд хүргүүлэх гэснээ дагаж захирагдахаа илэрхийлмэгц, улсад нь харьяат ноёны албанд нь эргүүлэн тавьжээ.Сүрлэг өндөр уул нуруу дамжин Юннанийг эзлэн авах аян дайн ийнхүү жил гаруй үргэлжлэн дуусав.Хубилай ийнхүү аян дайнаа амжилттай дуусгаж буцахдаа Урианхадайг үлдээж Сүн улсын ар талд түшиц газар бий болгож бэхжүүлэх үүрэг ногдуулжээ.

    Хубилайн алсын аян дайнд авч гарсан буман монгол хүнээс хоёр түмэн хүн үлджээ.Аян дайны явцад их цэргийн тавны дөрөв нь амь үрэгдэх буюу өвчин тахлаар хиарсан ч нутгийн ялагдсан ард түмнээс нөхөн авсаар цэрэг дайчид нь дайнд дөнгөж мордож буй мэт бэлэн байлдааны чадвараа хадгалан байв.Хэдийгээр Хубилай авьяас билэгтэй эрэлхэг зоригтой жанжин ч гэлээ хятад хүмүүжил нь даравч далдайж булавч бултайж байлаа.Энэ байдлыг нь Мөнх хаан мэдэж хойш дуудан тушаалаас огцруулж буруутган яллах гэж байснаа даруй эвлэн учир зүйгээ ололцсон байна.

    Улмаар итгэлийг эвдэн элчийг нь алсан Сүн улсын эсрэг аян дайнд Мөнх хаан өөрөө оролцохоор болжээ.Чингээд хүчээ төвлөрүүлэн өмнөд хятадын Сүн гүрнийг гурван талаас нь нэгэн зэрэг довтолжээ.Энэ үед Хубилай умар зүт Хунаны дэргэдээс хөдлөн Сүн улсад цөмрөн Хөх мөрнөөс хойшхи нутгийг бүхэлд нь эзлээд мөрнийг гаталж, Учань Фү хотыг бүслэхэд Урианхадайн цэрэг баруун өмнөөс нь нэвтэрч орсноор хүчээ нийлүүлж аваад Сүн улсыг тэг дундуур нь тасалж авахаар заналхийлэв.Яг энэ мөчид Хочаугийн дэргэд байлдаж байсан Мөнх хааны цэрэгт цусан суулга өвчин дэлгэрч хаан өөрөө өвдөн нас баржээ.Энэ байдлыг ашиглан Хубилай Долнуурын Шандуд садан төрлийнхөн болон хятад цэргийн ноёд, дарга нар болон хятад мужуудын монгол захирагч нараар хурал хийлгэн өөрийгөө их хаанаар зарлуулав.Чингис хааны нас барснаас гучин жилийн хойно хааныг алтан уршйнхныг бүгдийг нь байлцуулан сонгох, өрсөлдөгч гаргаж ирэхийг цаазлан хориглосон хууль ийнхүү мартагдав. Улмаар улсын нэрийг өөрчлөн нийслэлийг дотор газар шилжүүлж, Хубилайн удирдсан монгол хятадын нэгдсэн цэрэг Арибөхийг бут цохив.Монголчуудьга өөр хоорондын дайн тулаан өрнөснийг Сүн улс ашиглан дахин толгой ондийлгөж ирэв.Гэвч байр сууриа нэгэнт бататгаж чадсан Хубилай гадаад аян дайнд дахин анхаарлаа хандуулав.Чингисийн дайнбайлдааны сургууль мөн гуравдахь үе дээрээ ялан дийлж алдраа дуурсгав.Сүн улсын нийслэлийг эзлэн авч эзэн хааныг нь олзолсон ч 40 жилийн дайн үүгээр дуусангүй.Хятадьтн өмнөд нутагг эсэргүүцэл үзүүлснээр байсныг ихээхэн хүчин чармайлт гарган бүрэн дарж эрхшээлдээ оруулав.

    Хубилайн цаашдын аян дайны ажил үйлс дорно өмнө зүгт чиглэх болжээ.Меконг мөрний өмнөд хэсгийн Нам Бо улсын хаан дагаар орохоо илэрхийлж бараалхахаас татгалзсан учир монгол цэрэг нутаг оронд нь халдан орж нийслэлийг нь эзлэн эвдэн сүйтгэжээ.Аннам улсьгн хаан нутаг дээгүүрээ монгол цэршйг өнгөрүүлэхээс зайлсхийж нэг үзсэнээ сайн дураар алба барьж эхэлжээ.Бирмийн хаан хүүгээ Хубилайд илгээсэнгүй учир нутаг орон нь гурван ч удаа халдлагад өртөв.Хубилайн цэргүүд Сиам, Энэтхэг, Ганга мөрний цаад тал мөн Ява аралд дайтаж явлаа.Дайны ялалт ашиг тусаа өгөх эсэхээс нэг их хамаатай бус гагцхүү газар сайгүй ноёрхож захирах дон Хубилайг эзэмдэж сэтгэл санааг нь тавируулах болжээ.Иймээс Чингис хааны хянуур болгоомжтой аян дайнд бэлтгэдэг шургуу нухацтай бодлого орхидох болсны учир бэрх ялагдал хүлээх нь гарцаагүй мэт болжээ.

    Үнэхээр ч түүхэндээ харийн ноёрхол гэдгийг үзээгүй Япон улсад тулган шаардсан нь доромжлол байсан агаад хариу өгсөнгүй. Тэгэхээр нь 45 мянган монгол, 120 мянган хятад, солонгос дайчид бүхий асар том армийг япон аралд буулган тэгш тал газрыг эзлэн сүйтгэсэн ч бэхлэлт суурингуудыг эзлэх гэсэн оролдлого нь япончуудын баатарлаг эсэргүүцэлтэй тулгарч ахисангүй, дээр нь байгаль дэлхий туслаар ирсэн мэт хар шуурга Хубилайн байгуулсан тэнгисийн цэргийн урьд хожид байгаагүй агуу их флотыг устган сүйрүүлжээ. Японы аралруу Хубилай дахин цэрэг илгээсэн ч дээрх гунигт хувь тавилан давтагдсан байна.Хубилай хятадыг түүний ахуй амьдрал соёлыг хүндэтгэдэг байсан ч хятадуудад итгэдэггүй байв.Хэдэн зуун мянган хүнээр 60 сая хүний хазаарлан барьж буй гэдгээ их хаан хэзээ ч мартдаггүй байсан бөгөөд тэдэнд нэгдэж нягтрах ямар ч бөлөмж гаргаж болохгүй гэдгийг хатуу анхаарч байв.Хятадын цэргийг ашиглахдаа тэрбээр өмнөд хятадынхыг умард хятадад, умардынхыг өмнөдөд суулгаж, дорно зүгийн дайчдыг өрнөдөд, уул хөвчийн овог аймгийг тал хээрт байрлуулан, 2 жил тутамд сольдог байжээ.

    Тэрбээр Монголын төрийн төвийг хятад газар шилжүүлсэн ч өөрийгөө хэзээ ч хятад хүн гэж үзсэнгүй тэднийг захиран дарангуйлсан монголын их эзэн хэмээн үзэж байв.Энэ үед Хубилай их хааны хувиар Ази Европ тивийн тав хуваасны дөрвийг захирч байв.Тэр бол Алтан Ордны улсын ч мөн эзэн байв.Хятад Манжуурт аян дайн явуулахдаа Ижил Днепр мөрөнд ахуй Оросын хотуудаас цэрэг цуух дайчилж байв.Түүний торгон шадар цэрэгт алаан дайчид, кавказ гарлын цагаан арьстнууд, христ түшмэдүүд алба хашиж байжээ.Өмнөд Азид Хүлэгүгийн байгуулсан Амударьяагаас Сири хүртэл дамнан оршиж, Византийн гүрэнтэй хиллэж байсан гүрэн бол Хубилайн улсын гадаад муж гэгдэж байлаа.Хүлэгүгийн улсын хаад Хубилайгаас “Ил хаан” гэдэг хааны хэргэм цолыг хүртдэг байв.Тэбриз хотноо цутгасан зоос Хубилайн нэрээр гарч байв.Энэ асар том гүрэнд монгол хэв ёсны энх журам ноёрхож байсан юм.Даян дэлхийн түүхэнд анх удаа Ойрхи Дорнод, Хятад, Орос, Төвд зэрэг улс орнууд туулшгүй их говь цөл, давшгүй өндөруул нуруугаар зааглагдан оршиж байсан нь одоо өөрчлөгдөж, дайсагнасан улс орнууд харилцан халдан түрэмгийлэхээ больж, хоорондоо мөнхөд олзлолдон булаалдахаа зогсов.Дээрмийн халдлага үймээн самууныг эгнэгт арилгав.Монгол цэрэг аяны зам харгуйг сэргийлэн хамгаалж, монгол түшмэд өртөө бүрт ирэх, явах жингийн цувааг бүртгэн суух тул харьяат аль нэг аймгийн нутагг жингийн ачаа тээш алга болвол амбан сайд нь ялд унах билээ.Ийнхүү Хубилайн алдар суу тив дэлхийгээр дамжин түгсэн билээ.

  • Хуурамч бөө нарыг тэнгэр гэсгээх нь үнэн үү

    Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт яагаад дургуйцэж бас яагаад таалж байгаа, мөн бөөтэй холбоотой ямар ямар жигшүүрт хэрэг гарав гэдгийг сурвалжиллаа.
    Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон.
    Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та төдөн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.

    Д.Дарьчулуун: Жинхэнэ бөө хүн дээд тал нь 3-5 шавь төрүүлэх ёстой

    Энэ талаар Азийн бөөгийн “Тив дэлхий холбоо”, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн баруун урианхайн долоон үеийн зайран Д.Дарьчулуунтай цөөн хором ярилцлаа.

    -Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай хэр санал нийлж байна вэ?

    -Миний хувьд түүнийг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр борооны дараах мөөг шиг олширч буй худал, үнэн бөө нар тэнгэрээ доромжилж дууслаа. Гэхдээ тэр зарлигт нэг дутагдал байна.

    -Ямар дутагтал?

    -Бөөг бөөлүүлэхийг зогсоох талаар ярьсан гэж сонссон. Тэр үнэхээр байж болохгүй асуудал. Тэртээ тэргүй онгод нь ороод ирсэн бөөг яах юм бэ. Бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ардчилсан нийгэм шүү дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэн ч боймолж болохгүй. Харин тэр хулхи гэгдээд байгаа бөө нарыг хууль хяналтын байгууллага олж тогтоох хэрэгтэй.

    -Тэгвэл тэр хулхи, зуурдын бөө нарыг яаж таних боломжтой вэ?

    -Хөх тэнгэр, од, сар, нар, ариун сайхан лусын хаадтай жинхэнэ бөө хүн л харьцдаг. Жинхэнэ бөө гэдэг бол бөөгийн удамтай, бас байгалиас тодордог. Бөө болоход наанадаж гурван жил хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ядаж арцаа зөв уугиулах, онгодоо яаж буулгах зэрэгт суралцах хугацаа юм. Гэтэл шинээр бөө болж байгаа хүмүүс суралцахаасаа илүүтэй шууд онгод ярьдаг болж. Хэрэв тэр хугацааг давж таван жилээс дээш бөөлж чадвал тэр хүнийг зуурдын бөө биш гэж болно. Өнөөх хуурамч, зуурдын бөө гэдэг нь тэнэмэл сүнсээр бөөлдөг хүмүүсийг хэлдэг. Ийм онгодууд эргээд эзнээ хорлодог жамтай. Бас ах дүү, хамаатан садандаа муу нөлөөтэй.

    -Багшаас бөөг төрүүлдэг гэх юм. Тэгээд өчнөөн сая төгрөг нэхэж, олон хүмүүсийг хохироосон хэрэг олон гарч байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?

    -Дээр хэлсэнчлэн таван жилээс дээш хугацаагаар бөөлж байж уул усандаа гардаг. Харин долоон жилээс дээш бөөлсөн хүн багшилж болох дэгтэй. Тэгтэл одоо бөө гэсэн нэрийдэлтэй хэн дуртай нь баахан шавь төрүүлдэг болж. Шавь авлаа гэхэд 3-5-ыг л төрүүлэх ёстой. Түүнчлэн олон сая төгрөг нэхэх нь байж болохгүй зүйл. Тэр шавиар ирж байгаа хүн өөрийнхөө өргөлөөр л бөө болох учиртай юм. Ерөнхийлөгч хэлсэн, хэлээгүй зуурдын бөө нарыг тэнгэр аяандаа тун удахгүй цэгцлэх болно. Эцэст нь хэлэхэд Монгол түмэн минь хан гэхийн ханиадгүй, хархирах гэхийн зовлонгүй байх болтугай.

    БӨӨГИЙН ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР АРХИ ӨГЧ ХҮЧИНДЖЭЭ

    Тэрбээр ийн хэллээ. Тэгвэл хуурамч, зүй бус бөө нарын гайгаар хаана ямар аймшигт хэрэг гарав. Одоогоос долоо хоногийн өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн одоогоос нэг сарын өмнө Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлсэн гэнэ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарсан нь Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалан “Миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье” гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарчээ.

    Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан бөө нартай хатуу тэмцэнэ гэж байгаа ч хуурамч, зуурдын бөө нарыг ямар аргаар илрүүлэхээ мэдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын нэрээ нууцлахыг хүссэн ахлах дэслэгч нэгэн “Уг нь дээрээс энэ төрлийн хэрэг болон хуурамч бөө нарыг олж тогтоох даалгавар ирж байгаа. Гэхдээ нэг хэцүү нь шууд очоод чи хуурамч бөө гээд баривал хүний эрхэд халдсан болно” гэсэн юм.
    Л.БААТАРХҮҮ

  • ГАНДАНГИЙН ОРЧИМД БӨӨГИЙН НЭР БАРИГЧДААС БОЛГООМЖИЛ.

    Гэвч энэ тахилгын дараанаас Л багшийн сураг тасарсан нь гадаадад ажиллах болсонтой холбоотой байв. Нилээд хэдэн жил өнгөрсөний дараа манай нэгдсэн тахилга дээр дан залуучуудаас бүрдсэн баг бүрдүүлж хоёр дахиа оролцсон байдаг. Тэгэхдээ захдуу байрлаж галын тахилга дээр бүх шавиа бөөлүүлж гаргаад, маргааш нь эртлэн хөдөлсөн, тэгээд сураг тасарсан. Бидэнтэй холбогдсон хоёр тохиолдол нь энэ юм.
    Саяхан нэг өдөр манай байгуулагад нэгэн бөө гэх бүсгүй ирж гомдол мэдүүлэв. Амьдралын янз бүрийн гачланд босч, бүдэрч яваа гэх бүсгүй маань “гандангийн орчим”-д байрлаж зан үйл хийдэг нэгэн удган, түүний шавь нарын тухай мэдээлэл өгөв.
    Амьдралд болж бүтэхгүй зүйлээ засуулаад тэгширч амьдрах нь хүн бүрийн хүсч байдаг зүйл. Тэр бодлоор Ц гэдэг иргэн Л гэгч удганд ханджээ. Удган Л гэгч түүнийг онгодтой гэв. Онгодоо авбал бүх зүйл сайхан болно гэсэн ажээ. Тэгээд энэ оны нэгдүгээр сард өвлийн ид хүйтэн тачигнасан, цасаар хучигдаж, мөс зузаарсан үед бөө болгон хуяглаж, босгожээ.
    Тэгээд өвлийн улиралд босгосон олон шавь нараа дагуулан Хөвсгөл орж, Даян дээрхийн агуйд дагуулж очиж бөөлөлт хийжээ. Бөөлөлт хийхдээ хуяглаад эргэлдээд бай, эргэлдээд бай аяндаа онгод ороод ирнэ гэдэг. Энэ бүхний эцэст иргэн Ц-д ямар нэг онгод орж, өөрчлөлт гарсан юм байсангүй. Амьдралд нь ахиц гарсангүй, улам доройтов.
    Иргэн Ц хувьдаа машинтай түүгээрээ амьдралаа залгуулдаг нэгэн байсан. Удган Л иргэн Ц-г шавь болгосон тул түүнээс мөнгө нэхжээ. Багшдаа машинаас өөр ямар ч мөнгөгүй гэж хариулж, багш нь тэр дор асуудлыг шийдэж, санаа зоволтгүй машинаа худалд, эзэн нь ойрхон байна гэжээ. Маргааш нь ойрхон байгаа эзэн тодорсон удган Л-ийн хүү болж, машиныг нь авч явжээ. Бөө болсоны төлбөрт иргэн Ц хоосон үлдэж, амьдралаа залгуулдаг унаанаасаа салжээ.
    Иргэн Ц хэлсэнээр бол удган Л бүх шавь нараа гандангийн хоёр талаар байрладаг газруудад байрлал түрээслүүлэн суулгаж бөө сурч ирсэн иргэдэд үйлчилдэг сүлжээг бий болгосон байгаа нь харагддаг. Түүгээр зогсохгүй удган Л-с МБНЭ ирж тахилга хийхэд бөөлж өгөхийг гуйдаг, тэдний бөөгийн үндсэн зан үйлийг би хийж өгдөг хэмээн хүмүүст “томордог” сурагтай.
    Энэ бүхний эцэст иргэн Ц хохиролоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бололтой. Ингээд бүх зүйл чимээгүй болов.
    Иргэн Ц-д бас хэлэх зүйл байна. Тэрээр өөрөө насанд хүрсэн хувь хүн. Бөө болох сонголтыг өөрөө хийсэн, ийм шийдвэрийг өөрөө гаргасан. Тэгээд гомдлох болохоороо удган Л гэгч өөрийг нь бөө болгосон бус, бөөгийн байгууллага бөө болгочихсон юм шиг аашлаж, гомдлож бас бусдад ингэж ойлгуулдаг бололтой. Хэсэг хугацааны дараа нилээд олон залуус, бас нэртэй зүстэй зайранг дагуулж ирээд танай байгууллага иргэн Ц-г бөө болгосон юм шиг ярив. Тэгээд бид хэд хагас дутуу учраа ололцоод салсан.
    Удалгүй МБНЭ-рүү удган Л гэгч утасдав. Орос, хятад, монголдоо нэртэй луйварчин бүсгүй танайд бидний тухай худлаа яриад яваад байна хэмээн хошуу хүргэв. Тэгээд намайг бөө мөн гэдгийг тодорхойлж цагдаад албан тоот хийж өгөөч гэж хүсэв. Ийнхүү бусдад сургамж болохоор нэгэн үйл явдал болоод өнгөрлөө.
    Энэ бүхний эцэст анхаарах нэгэн сургамж үлдэв. Нийслэлийн шашины төв гандангийн төв хаалгын зүг хөтлөх гудамжний хоёр талаар шашины үйлчилгээ төвлөрсөн байдаг. Тэнд шашины зан үйл хийдэг янз бүрийн байгууллагууд байхаас гадна хэрэглэгдэх эд зүйлсийн худалддаг төвүүд ч байрладаг. Тэнд монгол бөөг зөв талаас нь харуулдаг улаач нар байвал бөөгийн минь нэр төрд их тустай. Харин эсрэг байвал монгол бөөгийн нэр төрд тун цөвтэй.
    Ямар ч байсан өнөөдөр гандангийн хоёр талаар байрладаг бөөгийн үйлчилгээнд болгоомжтой хандах болсоныг энэ үйл явдал харуулж байна.
    МОНГОЛЫН БӨӨГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА. БОЛГООМЖЛОХТҮН, ШҮТЛЭНТЭН ОЛОН ТҮМЭН МИНЬ.