Author: admin_shaman
-
Та “Сүнсэнд даруулж” байсан уу?
Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ шүү. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт санагдсан.
Энэхүү үзэгдлийг дэлхий нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM-stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ.
Нэгэн сонирхолтой баримтаас дурдвал Харвардын их сургуулийн эрдэмтэн, профессор Richard McNally өөрийн судалгаагаар “Харь гаригийнханд барьцаалагдаж байсан” хэмээн өгүүлсэн 10 хүнийг хамруулахад бүгд “нойрны саажилт”-ын шинжтэй байсан байна.
Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis”-ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна.
Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд:
1. Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх
2. Нүдээ нээж, хаах
3. Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх
4. Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх
5. Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх
6. Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.
Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.
Удахгүй Японы их дээд сургуулиудын шалгалтын үе эхэлж байгаа тул оюутнууд хэт их стрессдэж оюуны ачаалал авахаас зайлсхийж, нойр, хоолоо сайн зохицуулахыг хичээгээрэй.
Эцэст нь хэлэхэд дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой.
Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү.
Нийт оюутан сурагчиддаа шалгалтын өндөр амжилт хүсье !!!
Эрүүл биед саруул ухаан оршино.Обирин их сургууль
Сэтгэл судлал мэргэжил 2-р курс
Х.Сайнсанаа -
ЧИНГИС ХААНЫ ӨРЛӨГ ИХ БААТРУУД
Чингис хаан Тэмүжин Их Монгол Улсын хан ор суумагцаа хийсэн шинэчлэлийн нэг нь ноёд дээдэс гагц удам залган цэрэг захирдаг байсан ёс заншлыг халсан явдал. Тэгээд цэрэг захирах авьяас чадвар төгөлдөр, “Монголын нууц товчоо”-ны хэллэгээр “Эрдэмтэн, бие, шил сайтан” бөгөөд хаан төрдөө үнэнч, амь хайргүй зүтгэгсэд, гавьяатныг сонгон томилох болжээ.
Өөрөөр хэлбэл цэргийн ноёныг шалгаруулах эн тэргүүний шалгуур нь цэргийг удирдан зохион байгуулах чадвар, одоогийн хэлээр бол даргалах (даргархах бус) авьяас чадвар байжээ. Хаантан: “Арван хүмүүнийг байлдаанд зохих ёсоор засан тулалдаж чаддаг хүнд мянгат, түмтийг ч өгч болно. Тийм хүн тэднийг ч байлдаанд удирдаж чадна” хэмээн зарлиг болсон гэж “Судрын чуулган”-д өгүүлжээ.
Тиймээс түүний цэрэг ард хэн ч бай, гарал үүслээсээ үл хамааран гагцхүү авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ шалгарч, эзэн хаандаа үнэнч байваас ямар ч албан тушаалд томилогдох боломжтой болсон ба эл зарчмыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьсан нь тухайн үед өөр хаана ч байгаагүй шинэлэг зүйл байсан бөгөөд цэрэг ардыг албандаа үнэнч зүтгэхэд нь чухал нэгэн хөшүүрэг болж байсан нь дамжиггүй. Цэргийн ноёныг сонгох өөр нэг шалгуур нь агсаддаа хүн ёсоор хандаж, тэдний зовлон жаргалыг бие сэтгэлээр мэдэрдэг байх чанар” байв.
Чингис хаан нэгэн гайхамшигт бодгаль баатар эрийн тухай өгүүлэхдээ: “Есүнбай лугаа адил баатар эр байхгүй, тийм авьяастан ч үгүй! Гэхдээ тэр бэрх аянд зүдэрдэггүй, өлсөж, цангахыг ч тоодоггүй болохоороо хамт буй бусад бүх хүн, нөхөд, дайчдаа өөртэйгээ адилхан аяны хүндийг даадаг гэж боддог.
Гэтэл тэд нь аян замын бэрхийг тийн даах хүчин мөхөс бөлгөө. Ийм болохоор тэрбээр цэргийн ноён байж таарахгүй. Гагцхүү өлсөх, цангах гэж юу болохыг мэддэг, түүгээрээ бусдын байдлыг жишиж мэдэрдэг л тэгээд аян замд цэргээ өлсгөж цангаадаггүй, морь малаа турааж тамирдуулахгүй байлгаж чаддаг, тийм тооцоотой явдаг хүнийг л зөвхөн цэргийн ноён болгож болно” хэмээсэн байна. Энэ бол эгэл жирийн мэт авч хамгийн зөв зохистой шалгуурын нэг байсан бөгөөд аливаа шатны дарга, захирагчийг томилохдоо ч санаж явах ёстой чухал зүйл гэдэг нь ойлгомжтой. Энэ мэт бодит амьдралаас урган гарч, Их хаантны дэвшүүлэн тавьсан шалгууруудыг даван гарсан Монгол цэргийн ноёдын дотроос үе хэтийдсэн өрлөг баатрууд олон төрөн гарсан билээ. Тэдний нэг нь Сүбээдэй баатар.Тэрбээр Чингис хааныг Хорезм буюу Сартаулын шахтай дайтах үед Зэв ноёны хамт анх Кавказыг давж, өрнө зүг хүлгийн жолоо хандуулан перс, түрэг, алан, армян, гүрж, орос, болгар, башкир, кибчакийн нутгаар довтолгон хурдавчилсан аяныг хийсэн нь дэлхийн цэргийн урлагийн түүхнээ “хосгүй гайхамшигт аялан дайлалт” хэмээн тооцогдох болсон билээ.
Бат хааны удирдсан Монгол цэрэг орос, кибчаг болон польшоор дайрч, хүчирхэг рыцариудыг хүртэл бут цохин Унгарыг эзэлж, Адриатын тэнгис хүрсэн их аян дайныг төлөвлөж, удирдан гүйцэтгэгчийн нэг нь мөн л Сүбээдэй баатар байв. 1232 оны эхээр Монгол цэрэг хятадын Жиян Зэү хотыг дайлж, цэргийн ноёдыг нь баривчилсанд Алтанулсын ахалсан сайд Ван ян Хад гэгч Сүбээдэй баатрыг биеэр уулзуулж өгөхийг хүсчээ.
Сүбээдэй түүнтэй уулзваас Хад:
“Таныг тэнгэрээс заяасан баатар эр хэмээсэн нь үнэн ажээ. Эдүгээ Таныг олж үзэв. Би одоо нүд анин үхсү” хэмээсэн гэдэг. Дайснаа хүртэл ийн бишрүүлэх нь гагцхүү аугаа их өрлөг баатрын, ховорхон тохиох сүр хүчин болой. “Чингис хаан, Сүбээдэй хоёртой стратегийн ур чадварын хувьд зөвхөн Наполеон л эн зэрэгцэж чадна” хэмээн цэргийн нэрт түүхч Лидделл Харт өгүүлсэн бол орчин үеийн судлаач Ричард А, Габриэл “Түүнтэй тактикийн гайхамшигаараа гагц Ханнибал, Скипио хоёр л эгнэх агаад тэрбээр стратегчийн хувьд Македоны Александр, Цезарь хоёртой л эн зэрэгцэх их жанжин” хэмээн өгүүлсэн байдаг. Сүбээдэй баатар лугаа адил тэр цагийн дорно, өрнийхний сайн мэдэх болсон өрлөгүүдийн нэг нь Зэв. Тэр ч бүү хэл Монголын түүх сударт Зэвийн нэр гол төлөв Сүбээдэйн өмнө бичигддэг нь цаанаа учиртай биз. Түүний уг нэр нь Зэв бус Зургаадай бөлгөө. Анхлан Чингис хаантай дайтаж асан Тайчуудын Бэсүд овгийн залуу баатар. “Хүйтний байлдаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн 1202 оны нэгэн тулалдааны төгсгөлд Чингис хааныг харваж сүйдлэх дөхсөн эр. Байлдаанд Чингис хааны цэрэг ялж түүнийг олзолсон бөгөөд хаантан түүнээс “Миний зэвлэх (байлдааны) ам цагаан хулын аман нурууг нь хэн хуга харвалаа?” хэмээн асуусанд “Уулан дээрээс би харвалаа. Өдгөө хаан үхүүлвээс алганы төдий газар үхэж хоцорсу. Соёрхогдвоос хааны өмнө цээл усыг оггору (цалгитал), цэгээн чулуу цуур (хагартал) довтолж өгсү” гэжээ.
Эл чин зоригт үгийг сонсоод Чингис хаан “Дайсан болж байсан хүмүүн алсан, дайсагнаснаа нууж, үгээ буцах ажгуу. Энэ хэлснээс (үзвэл) алсан, дайсагнаснаа (үнэн) мөнөөр заан (хэлэх) буюу. Нөхцөлт (нөхөрлөж болох шударга) хүмүүн буюу. Зургаадай нэрт ажгуу. Мөн зэвлэх ам цагаан хулын минь аман нурууг харвасны тул Зэв гэж нэрлэж Зэв болгоё чамайг” хэмээгээд “Дэргэд минь яв” гэж зарлиг буулгажээ. (Монголчууд байлдааны хуяг нэвтлэгч сумыг “Зэв” гэдэг). Түүнээс хойш Зэв ноён Чингис хааны шадар нөхрийн нэгэн болж, олон удаагийн байлдаанд ганц ч ялагдаж үзээгүй бөгөөд түүний удирдсан байлдаан, тулалдаанууд нь Чингис хааны цэргийн урлагийн түүхэнд ч ур чадвараараа ялгаран томоохон байр эзэлдгийг өрнө, дорнын түүхчид тодруулан тэмдэглэсэн нь цөөн бус. Чингис хааны цэрэг анх хилийн дээс алхаж Алтан улсыг дайлсан 1211 онд Зэв ноён Гүйгүнэг баатрын хамт Цавчаал боомт хүрэхүй сахиул цэргийн хүчин нэн их агаад бэхлэлт нь ч бэрх чанга ажээ. Түүнийг үзээд Зэв ов зохион “Эднийг өдөж хөдөлгөж ирүүлээд тэнд хүч сорьё” хэмээгээд хүчин мөхөсдсөн дүр эсгэж эргэн буруулсанд хятад цэрэг омогшин боомтоосоо гарч нэхэн уулыг бүрхэж ирэхүйеэ Зэв гэнэт эргэн довтолж бут цохив гэдэг.Бас нэгэн удаа Дүн чан хотыг дайлах үед хотыг сахигчдын хүчин бас л нэн их агаад бэлтгэл сайтай байсан тул цайзыг эвдэж эс чадаад мөн л ов зохион тэднийг дийлэлгүй орхин одож буй мэтээр ухран гарч нутгийн зүг эргэж зургаа хоногийн газар оджээ. Гэтэл Зэвийн цэрэг тийнхүү алс хол одсон тухай мэдээ авсан хотынхон ихэд хөхөн баясаж сонор сэрэмж алдан найр цэнгэл болж байх үед нь эргэн ирж нэгэн шөнө гэнэдүүлэн довтолж эзлэн авч байжээ. Энэ мэт Зэв ноёны удирдсан гайхамшигт уран байлдааны ажиллагаанууд цэргийн урлагийн түүхнээ онцгой хуудас болон мөнхөрсөн билээ. Чингис хаан 1217 онд өрнө зүг дайлаар мордохдоо өмнөдийн хэргийг бүхлээр нь Мухули-д итгэн даатгаж, оройн дээд дайчин хар туг, зарлигийн алтан гэргэ гардуулахдаа “Энэ тугийг мандуулж миний ёсоор явтугай” хэмээн зарлиг болж байсан нь тэрбээр ямархуу итгэлтэй өрлөг баатар байсныг харуулах бас нэг баримт. Монгол цэргийн гол хүч өрнө фронтод дайчлагдаж одсон тэр үед Мухули ердөө 4-5-хан түмэн цэргийн хүчээр 15 түмэн морьт цэрэг, 50 гаруй түмэн явган цэрэг бүхий хүчирхэг Алтан улсыг мохотгон хазаарлах онцгой хүнд, бараг биелж болшгүй гэмээр үүргийг хүлээн хоцорчээ. Энэ нь Монгол цэрэг Сартаулыг дайлаар мордсон үед хүчин тарамдалгүй, бат ар талтайгаар амжилттай дайтах нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой байв.
Түүхэнд өгүүлснийг үзэхүл, “Алтан улсын цэрэг, жанжнууд Мухулийн нэрийг сонсмогц хирдхийн цочиж, буруулан дутаах болсон бөгөөд Алтан улсын цэрэг түүнийг “Улсын ван” хэмээн анхлан дуудах болжээ. Тийн болохоор Чингис хаан түүнийг бэлгэ дэмбэрэлтэй сайн үг, хэмээн сайшааж, түүнд мөнхүү “Улсын их (гоо) ван” цол шагнаж, Алтан улсыг дайлах цэргийн их ноёноор томилсон гэдэг. Эл гурваас гадна Боорчу, Зэлмээс эхлээд бусад өрлөг баатрууд нь ч хаан эзэндээ туйлын үнэнч байхын үлгэр болдог байсан агаад “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр гагцхүү “Сэтгэлийн хүлгээр нөхөрлөсөн” үнэхээр огтхон ч илүү хардаггүй, амиа хоохойлдоггүй дайчин нөхөд байжээ. Жишээ нь, Боорчу бол Тэмүжиний багын нөхөр агаад анх найман шарга морьдоо дээрэмдүүлээд ганцаар нэхэн ядаж явах замд нь учирч харамгүй их тус болсон. Гурван мэргид довтлон ирж Бөртэ үжинийг нь булаахад ч хамт зоволцон байж, Бурхан Халдунд гурвантаа бүслэгдэх үед нь Зэлмийн хамт дэргэдээс нь үл салан хамгаалж байв.
Далан нөмөргөсийн байлдааны дараа өдөржин шөнөжин бороо зүсрэн байсан үед Чингис хааныг тайван амраахын тулд нөмрөгөөрөө халхлан шөнөжин зогсохдоо өрөөсөн хөлөө ганцхан удаа сольж байсан хэмээх домог нь түүний үнэнчийн туйлыг өгүүлсэн баримт гэж болмой. Тэгээд ч худал зүйл гамч зангүй тул Чингис хаанд буруу, зөвийг нь хэдийд ч чигч шударгаар хэлж зөвлөдөг байсан учир хаантан Их Монгол Улсын хан ширээнд залрахдаа “Боорчу, Мухули хоёр зөв явдлыг минь зүтгүүлж, бурууг минь больтол ятгаж энэ оронд хүргэв” хэмээн сайшааж байжээ. Зэлмэ гэхэд Тайчуудын Аучу баатрын цэрэгтэй Ононы хөвөөнд тулалдсан байлдааны үеэр Чингис хааныг шархдахад бусад хүнд үл итгэн өөрөө сахиж, хагсаж бүхий цусыг нь амаараа шимж, хааныг алжаах буй хэмээн холдож ч чадалгүй шимсэн цусаа хажуудаа асгаж, залгихыг залгисаар амийг нь аварч байв.
Тэр үеийн нүүдэлчид сумандаа хор түрхэн харвадаг байсан учраас тэрхүү хор нь цусанд нэвчин орвоос туйлын аюултай байдаг байснаас Зэлмийн тэрхүү үйлдэл нь өөрийнх нь аминд ч хүрч мэдэх амь золисон үйлдэл байсан байна. Тэгээд ч зогсохгүй ухаан сэргэсэн Чингис хааныг “Би ундаасаж байна” гэхэд нь уух юм олж өгөхөөр дайсны хүрээн дунд баригдахаас үл эмээн ганцаараа орж, бүрсэн тараг олж ирж хаантныг ундаалж байсан нь мөн л чин үнэнч хийгээд аюумшиггүй зоригтой, овжин ухаантайн жишиг гэлтэй. Наян ноён гэвээс анх тайчуудаас салж, аавынхаа хамт Чингис хааныг зорин ирэхдээ өөрийн эзэн Таргудай Хирилтугийг дажин болж байж, амь дүйн барьж авч явсан боловч хан эзнээ тийн дайсанд нь хүргэх зохисгүй үйл” хэмээн сэтгэж зам зуураасаа суллан тавьж байсан хүмүүн.
Чингэснийг нь харин хаантан ихэд таашаан “Тус хан эзнээ тэвчин ядсан их ёс төрийг сэтгэжихүй!” хэмээгээд “Наяа төвийн түмнийг мэдтугэй” гэж зарлиг болгож байжээ. Энэ мэтчилэн Зэв, Сүбээдэй, Мухули тэргүүтэн, Чингис хааны дэргэдийн их өрлөг баатруудын тухай дуртгаваас тун ихийг өгүүлэх болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Чингис хааны хөвгүүн Зүч, Цагаадай, Өгөөдэй, Тулуй нар ч цэргийн гарамгай ноёд байлаа. 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед мянганы ноёноор томилогдсон 95 хүн цөм хэн нь хэнээсээ дутахааргүй шалгарсан ноёд байв. Ер нь Чингис хаан цэргийн авьяаслаг ноёдыг сонгон олох “нүдтэйгээс” гадна аравтын ноёноос эхлэн түмний ноён хүртэл цэргийн даргалах бүрэлдэхүүнд нэгэн ижил хатуу шаардлага тавьж, тэднийг сурган боловсруулахад ихээхэн анхаарч байсан нь цагийг эзэлсэн суу билэгт өрлөг баатрууд төрөн гарах нөхцлийг бүрдүүлж байжээ.
Тэрбээр цэргийн хүн хэн ч бай эн түрүүнд хаан эзэндээ үнэнч шударга зүтгэх, хууль дүрэм, цэргийн цаазыг ягштал биелүүлж, хатуу чанд сахилгатай байх, олзонд үл шунах, цэргийн эрдэм төгс, тэсвэр тэвчээртэй байхыг шаардаж, бие даах чадвар сайтай байхыг онцгойлон үздэг байв. Тийм учраас хамгийн дээд эрх мэдэл эзэн хааны гарт байвч, аливаа нэг байлдааны ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Монгол цэргийн ноёд харьцангуй бие даасан шийдвэр гаргах боломжтой байдаг байжээ. Тухайлбал, тавигдсан зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн чөлөөтэй явуулах эрх чөлөө тухайн хүнд ногдох бөгөөд гагцхүү хаантантай байнгын холбоотой байх зарлигийг хүлээдэг.
Энэ нь тэдний хувьд стратегийн сэтгэлгээ, уран сэтгэмжээ хөгжүүлэхэд нь ихээхэн боломж олгож, ур чадвараа сайжруулахад нь түлхэц болж өгдөг байж. Цэргийн ноён хүн хувийн ийм чанартай байхаас гадна захирагдагсаддаа хүнлэг хандаж байхыг хаантан чухалчлан захидаг байсан агаад “Энгийн ардын дунд нялх тугал мэт номхон бай! Дайн тулаанд орохдоо харин амьтан шүүрэх өлөн харцага мэт довтолтугай! Хэмээж байсан гэдэг. Эрдэм чадалтай даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх талаар Чингис хааны “Хишигтэн” цэрэг өвөрмөц нэгэн сургуулийн үүрэг гүйцэтгэж байжээ. Олон дайнд Чингис хаан, түүний шадар нөхөд болох авьяаслаг ноёдын шууд удирдлагын дор оролцож, үлгэр дууриал авч явсан хорчин, турхаг, хэвтүүлийн дотроос хожим нь цэргийн шалгарсан ноёд олноор төрөн гарсан билээ.
Чингис хаан цэргийн ноёдынхоо ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтын янз бүрийн хэлбэр ашигладаг байсны нэг нь ноёдын чуулган юм. Жил жилийн эхэн ба төгсгөлд эл чуулганаар сургалт, байлдааны бэлтгэл болон засаг захиргааны бусад ажлаа дүгнэн цэгнэж, дараагийн зорилгоо дэвшүүлэн, хааны цааз зарлигийг сонсгодог байжээ. Тиймээс энэ ажлыг Чингис хаан онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Жилийн эхэн ба адагт ирж бидний санаа бодлыг сонсож байдаг түмт, мянгат, зуутын ноёд л цэргийг захирч чадна. Гэртээ хоцорч бидний санал бодлыг эс сонсогсод усанд хаясан чулуу, хулсанд буусан сум мэт үгүй болно. Тийм хүмүүн цэрэг захирч үл болно” гэж зарлиг буулгасан байна.
Олон ноёдын алдаа дутагдал, ололт амжилтыг цэгнэдгийн хувьд энэ чуулган дадлага туршлага солилцох, сургамж үлгэр авах чухал индэр болдог байжээ. Мөн ноёдын “Хурилдай” болон “Их эе” нь цэрэг дайны чухал асуудлыг хэлэлцэж, цэргийн ноёд, зөвлөгч нар өөрсдийн санал бодол, шийдвэрийн хувилбаруудыг чөлөөтэй өгүүлж, харилцан маргаж, ярилцсаны эцэст хамгийн ашигтай хувилбарыг сонгон баталж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог байснаараа эзэн хааны залгамж хойч үеийнхэн болон цэргийн ноёдын хувьд амьд сонирхолтой сургуулийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэж болно. Даргалах бүрэлдэхүүнийг сурган боловсруулахад 1204 оноос эхлэн ашиглах болсон, одоогийн хэллэгээо бол “Цэргийн зөвлөхийн” буюу “Хосолмол, хамтын удирдлагын” арга барил өвөрмөц сонин бөгөөд онцгой ач холбогдолтой зүйл байв. Анх Өгэлэчэрийг “Хутусхалчантай эедэлдэж явутгай” хэмээн зарлиг болсон бөгөөд 1206 онд Хунан, Мөнхүр, Хэтэ гурвыг дүү Зүчдээ, Харачар, Мөнх, Идухадай, Хөхөчөс нарыг Цагаадайд, Жибэгээг Xacap, Чаурханыг Алчидайд “зөвлөхөөр” тус тус томилж, Боорчи, Мухули тэргүүтэн ноёд, Додай, Дохолху тэргүүтэн чэрби нарыг хүртэл “Хунан, Хөхөчөс хоёртой эедэлдэж, хамаг үйлсийг үйлдэгтүн” гэж зарлиг болсон нь “зөвлөхийг” бүр ч өргөн. хэмжээгээр хэрэглэх болсон баримт юм.
Тэгэхдээ цэргийн залуу ноёдын дэргэд хашир туршлагатай хүмүүсийг томилохоос гадна чадварлаг ноёд, өрлөгүүдийн хажууд залуу ноёдыг дагалдуулдаг байв. Хамтын удирдлагын ийм хэлбэр тэр цагт өөр хаана ч байгаагүй бөгөөд ноёдын нэг нэгний дутагдлыг харилцан нөхөрлөн залруулж өгдөг нь үр өгөөжтэй арга байлаа. Ийм хосолмол удирдлагын хэлбэрийг хэдийгээр огт өөр зорилгоор ч гэлээ бүр XX зуунд Орос, Монгол болон бусад зарим орны цэрэгт, тухайлбал “Комиссарын тогтолцоо”-ны хэлбэрээр хэрэглэж байсан нь сонин. Чингис хаан ийнхүү дайнд хэрэгтэй бүхэнд цэрэг, ноёдоо сургах олон хэлбэр ашиглаж, нөхөд, ноёд, цэрэг, үр ачаа сургахдаа бас өөрийн биеэр үлгэрлэх аргыг нэн түрүүнд хэрэглэж ирсэн нь тодорхой байдаг. Чингис хаан байлдаанд манлайлан орж шархдан, өөрөө алгинчилж явсан баримтууд, бас хятадын эрдэмтэн Чан Чунь бумбад бичсэн захидалдаа “Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө явсан” хэмээсэн үг ч үүнийг нотолно.
Их хаантан “Манай худалдаачид алтан хатгамалт хувцас, тансаг бараа авч ирэхдээ тийм эд зүйлээс ашиг олно гэж бат итгэлтэй байдаг. Түүн лүгээ адил цэргийн ноёд нум сум харвах, морь унах, халз тулалдахад хөвүүдээ сайн сургаж, дасгал сургууль хийлгэж байх хэрэгтэй. Худалдаачид ажлаа мэддэг учраас түүн дээрээ авхаалж самбаатай, овжин байдагчлан хөвгүүдээ цэргийн эрдэм ухаанд сургаж аймшиггүй, чин зоригтой болгох хэрэгтэй” хэмээж, бас “Цэргийн ноён архи дарсанд дуртай болвоос өөрийн мянгат, зуут, аравтынхаа ажил хэргийг цэгцтэй байлгаж үл чадах агаад ажил үүргээ бүтэлтэй дуусгаж хүчрэхгүй”, “Түмт, мянгат, зуутын ноёд цэргээ хэзээ ямагт бүрэн бүтэн дэг журамтай байлгаж, тушаал буулгасан үед өдөр, шөнө ялгалгүй хэдийд ч аянд хөдлөхөд бэлэн байх ёстой” гэж зарлиг болгон буулгаж байжээ. Чингис хаан олон жилийн дайн байлдааны практик, цэргийн байгуулалтын туршлагадаа тулгуурлан цэрэг, ноёдоо энэчилэн системтэй сургаж чадсаны үр дүнд дэлхий дахинаа суу алдраа дуурсгасан цэргийн гайхамшигт олон ноёд, баатрууд төрөн гарсан билээ.
Доктор, профессор Ж.БАЗАРСҮРЭН -
АРГАЛЫН УТАА
Монголчуудын аргын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их ажилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол аргал” тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.
Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургисан малчны гэр ариун болой.
Л.ТҮДЭВ -
Чоно тарвагацах
Аман наадгайд харилцан яриа бүхий хэсэг их байдаг нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, ярих чадварыг дээшлүүлэх, ой тогтоолтыг сайжруулах төдийгүй аливааг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн аман наадгай нь орчин тойрныг танин мэдэх, юмсын шинж чанар, хэлбэр дүрс, өнгө зүсийг судалж, тоо, орон зайн ойлголттой болж, ургамал, амьтныг танин мэдэхэд сургадаг. Өвөг дээлсээс минь уламжлан ирсэн ардын аман наадгайг хүүхэд багачууд тоглож сурснаар нутаг ус, эх орныхоо тухай мөн ард түмний зан заншил, ёс суртахууны болон ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай ойлголтыг олж авдаг.
Эрт үеэс Монгол хүүхдүүдийн дунд хамгийн өргөн дэлгэрсэн тоглоомын нэг бол Чоно тарвагацах хөдөлгөөнт тоглоом юм.
-
Хүннү гүрнийг цогцлуулсан хүч ухаант модун шаньюй
Тухайн цагг Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн шанъюйгаас залгамжлах хөвүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Түмэн шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр өөрийгөө залгамжлуулах бодолтой байсан тул Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд явуулаад түүнийг хорлуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг нь олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугган иржээ. Түмэн шаньюй арга буюу түүний ухаан зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ.
Тухайн үеийн Хүннүд хятадын Цинь гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул овог аймгуудаа баттай нэгггэн зангидмал хүч болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд чухал зорилтууд тулгарч байлаа. Тэр бүхнийг Түмэн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий Ойлгож, зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан байна. Энэ үед Модун өөрийн аймгийн холбооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тулд нэн даруй өөрт нь дапдуур дайсагнаад, хүннү аймгийн холбоог олиггой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн байна.
Модун цэргүүддээ хандан: “Би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг хандаж харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвалтүүний толгойг авна” хэмээн тушааж, хатуу журам тоггоожээ. Түүхэн домог ёсоор, Модун нумаа татаад тавимащ, исгэрэн дуугарч одцог дуут сум үйлдээд, нэг өдөр ан хийж байхцаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь тэгсэнгүй. Модун харваагүй цэргүүдийн толгойг тас цавчив. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхитол зарим дагалдагсад нь айж хэлмэгдээд, хатны зүг сум тавилгүй үлдээд, толгойгоо авахуулсан байна. Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагсад цөм тэрхүү
хүлэг моринд сум зоов. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэж болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харвахад, цэргүүд нь цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болоххөвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртаннарыг бүгдийг нь цаазаар авч, бүх өрсөлдөгчөө дарж аваад, МЭӨ 209 онд Хүннүгийн шаньюйд өргөмжлөгдөн, 24 аймгаа нэгтгэн захирч, Хүннү гүрнийг үндэслэн байгуулсан байна.
Ийнхүү Хүннү улс байгуулагдахаас өмнө Түмэн шаньюйн үед зүүн зэргэлдээх Дүнхү аймгийн холбоо, баруун урд залгаа Юэчжи аймгийн холбоо тус тус ихээхэн хүчирхэг болж, ялангуяа дүнхү нар хүннү нарт сүрхий дээрэлхэх янзтай болсон байна. Модун шаньюйг гарч ирэхэд дүнхү нар үүнийг янз бүрээр өдөөн хатгаж байгаад дайн гаргаж, цохин доройтуулах бодлого явуулжээ. Эхний ээлжинд Дүнхү аймгийн холбооны зонхилогч нь Модун шаньюйд элч илгээж: “Түмэн шаньюйн хэрэглэж байсан өдөрт мянган ли газар давхиж чадцаг хурдан хүлэг морио хоёр тал найрамдлын учир найр тавьж олгоно уу” гэхэд ёсоор болгов. Удалгүй дахин элч илгээж: “Хатдынхаа аль нэгийг найр тавьж өгнө үү” хэмээн өдөөн хатгажээ. Энэ үед шаньюйн зөвлөхүүд маш их ундууцан зэвүүцэж: “Тэдэнд шууд дайн зарлавал зохино” хэмээн зөвлөхөд, Модун шаньюй Хүннү улсын хүчин чадал жигдэрч, цэрэг дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзэж: “Найрамдалтхөрштэйгээ аль нэг хатны улмаас эв эвдрэх хэрэггүй биз” гээд өөрийн хамгийн дотно хайрт хатнаа дүнхүд найр тавьж илгээжээ. Түүний дараа улсын дотоодыг засаж, цэрэг дайны бэлтгэлийг үндсэнд нь ханган дайн тулаанд бэлэн болж чадсан тул, дараагийн ээлжинд дүнхү нар хүннүшйн харьяаны говийн нилээд урт зурвас газрыг найр тавин өгөхийг хүсэхэд, Модун шаньюй ихэд хилэгнэн: “Газар бол төр улсын үвдэс суурь мөн билээ. Түүнийг бусдад өгч яаж болох билээ” хэмээн цэргээ удирдан хөдөлж, дайснаа санаандгүй байхад нь довтлон бут ниргэжээ. Дүнхү аймгийн холбоог байлдан эзэлж, цэрэг дайны бэлтгэл бүрэн хангагдсан тул Модун шаньюй тэр дороо баруун урагш хөдөлж, Юэчжи аймгийн холбоог бут цохин доройтуулав. Юэчжи аймгуудын тав нь баруун зүг зугтан гарч, зам зуур Тэнгэр уулын өвөр, их Юэчжи, Бактри зэрэг газарт нилээд саатан байгаад, одоогийн Афганистанд очин суурыниж, 1 дүгээр зууны үед Кушан гүрнийг байгуулан эртний ЭнэтхэшйН Кушаны соёл иргэншлийн үндэс суурийг тавилцсан байна.
Модун шаньюй бас монголын умард хязгаар буриад, тува, хакасс нутагт оршин амьдарч байсан хүньюй, динлин, гэгүнь, иоэше, цайли зэрэг нүүдлийн малчин цаатан анчин гөрөөчин аймаг овгуудыг дараалан эзэлж, нутаг дэвсгэрээ Хакасс, Байгаль нуур хүртэл тэлжээ. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд хятадьш булаан эзэлсэн Ордос нутаг болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлэн Хүннү улсад нэгггэн авсан байна. Түүнчлэн баруун зүг цэрэглэн хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үсүн аймгууд болон дорнод, өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ.
МЭӨIII зууны зааг дээр Хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан, Монгол ба Төв азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй гэгдэх болов. Хүннү гүрэн нь монгол, түрэг, манж, тунгус, иран, юэчжи зэрэг Урал, Алтай, Энэтхэг, Европын язгуурын янз бүрийн хэлний аймаг овгуудаас бүрдсэн улс байв. Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоо зэргээс нилээд сулран доройтож, мөхөх тийшээ хандаж байжээ. Модун ар талаа ийнхүү хангамагц хятадыг анхаарч эхлэв. Модун шаньюйгийн удирдсан хүннүгийн морин цэрэг энэ үед хятадын умард хилд үе үе цөмрөн орж, Цинь улсын эсрэг хятадуудын дотоод тэмцлийг ил, далд ихэд дэмжиж байсан явдал эртний хятадьн тэрхүү хүчирхэг гүрний мөхлийг түргэтгэсэн байна. Цинь улсыг үндэслэн байгуулагч Цинь Ши хуанди нас барснаас хойш нэг жилийн дараа хятадын тариачидзэвсэглэн босч, хоёр жил гаруй ширүүн тэмцэл хийж, Цинь улсыг мөхөөгөөд баруун Хань улсыг байгуулсан нь урьдын Цинь улсаас ч хүчирхэг гүрэн болсон байна. Хятадын иргэний дайн ийнхүү МЭӨ 202 онд ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв.
МЭӨ 201 онд Модун шаньюй 40 мянган морьт цэрэгтэйгээр хятадын хилд цөмрөн оров. Тэд Май цайзыг бүсэлсэн бөгөөд цайзыг упирдагч ван Хань Синь бууж өгөхөөс аргагүй болсон байна. Хятадын уламжлал ёсоор бол бууж өгнө гэдэг нь урвасантай адил бөгөөд ялагчийн харьяат болж шилжлээ гэсэн үг юм. Ямар ч нөхцөл байдлыг дурьдсан бууж өгөгчийг өршөөхгүй, учир нь тэрбээр амиа хорлох ёстой байв. Иймд ван Хань Синий хувьд буцах замгүй болсон бөгөөд тэрбээр шинэ эзэндээ үнэнчээр зүтгэж эхэлжээ. Хүннүчүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван өвөл нь хойд Шаньсийн нийслэл Зиньян хотруу дөхөж иржээ. Энэ үед хятадын баруун Хань улсын эзэн хаан өөрийн биеэр армиа удирдан очсон боловч янгинасан хүйтний улмаас дайчдынх нь гуравны нэг нь гараа хөлдөөж, бээрсэн аж.
Модун нүүдэлчдийн ердийн аргыг хэрэглэн, хуурамчаар ухран зуггаад, хятадын шилдэг ангиудыг тавьсан зангандаа оруулж, хятадын армийн магнай хэсгийг Датун хотын ойролцоох Пинчэн орчимд эзэн хааны нь хамт бүслэн авсан байна. Хятадын цэрэг Хүннүчүүдийн аймшигт довтолгоог няцаах гэж нойргүйгээр бүслэлтэнд долоо хоног тэссэн байна. Гэвч адаг сүүлдээ Хүннүчүүдэд буултхийн аргагүйн эрхэнд найрамдлын гэрээ байгуулж алба өргөх ёстой болжээ. Тэрхүү гэрээ ёсоор Хань улсын хаан нь “Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс буюу нүүдэлчид шаньюйн цаазыг дагасугай. Урт хэрмээс дотогш дээл малгайтай улсыг буюу хятадыг би захирсугай” хэмээн тохиролцож, жил бүр хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар албан татвар өгч байх үүрэг хүлээжээ. 30-40-хөн мянган цэрэгтэй Модуны хувьд 600 км газар сунан байрласан хятадын арми магнайн хүчээ алдсан ч хүннүгээс хүчтэй байсан тул ийнхүү найрамдал байгуулсан нь хожоотой алхам болжээ. Модун шаньюй ийнхүү 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд, МЭӨ 174 онд нас эцэслэсэн юм.
2012-09-21 12:51:56
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий