Author: admin_shaman

  • НОГООН ХОТХОН-МАНДАРВАА

    Өнөөдөр олон зуун “улаач” нэртэн шавь босгох, эсвэл шавь нараасаа мөнгө босгох хэлбэрээр амьдралаа залгуулах арга хэрэгсэл болгосон үнэн билээ. Тиймээс зуугаас мянга руу тоолох шавь төрүүлж, тэдний дунд “хаан” мэт амьдрагсад нийгэмд бий болжээ.
    Нүүрэн дээрээ мөнх тэнгэр, улаачийн үйлийг эрхэмлэдэг мэт харагддаг боловч хачир дээрээ олон зуун шавь нарынхаа хүчээр амьдрагсадын тоо олширч байна. Багш нэртэй сургааль айлдаж, чанар нэртэй цугларалт хийж, эсвэл уул хангайд мөргөл, бясалгал хийж олны уруу татан цаг өнгөрөөж байна.
    Бөө шүтлэгийн мэдээлэл хомс, түрүүлж мэдээлэл хүргэсэн боломжоо ашиглан мөнх тэнгэртээ шүтэгчдийн замын эхлэлийг өөрт ашигтайгаар чиглүүлж байгаа “улаач” нар байна. Өнөөдөр болж байгаа мэт боловч удахгүй зан байдал, чиг хандлага нь тодорхой болоод ирэхээр тэдэнд нүүр хийх газаргүй болох цаг хугацаа ойртсоор байна. Та бүхэн багш гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүний толгой эргүүлж, шавь хэт олноор төрүүлээд байгаа “улаач” нарыг сонирхоод үзээрэй, хүний үйлийн талаасаа эзэмшсэн мэргэжил, боловсрол дулихан, тийм хүмүүс байна лээ.
    Энэ цаг үед тэнгэрийн “улаач” багш хүн ямар хүн байх ёстойг харуулж, үлгэрлэж яваа нэгэн улаачийн хийж байгаа ажлаас цухас дурьдаж байна. Түүний Гэрэлмаа удган гэдэг.
    Одоогоос хэдхэн жилийн өмнө Хүй долоон хутагт 524 айлын газар авч ногоон хотхон байгуулах гээд эжлаа эхэлж байсан. Газраа авч түүнийгээ бусдад булаалгах, байг гэхэд айлууд буугаад газрын маргаан бий болгохоос урьтаж, тэр том талбайг тойруулан эзэмшлийн хашааг байгуулсан. Түүнд багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан. Тэгээд санаа нэгтэй хүмүүстэй хамтран “Мандарваа” ногоон төгөлийн удирдах зөвлөлийг байгуулж, байгууламжийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж, тэр төлөвлөлтийн дагуу орчиноо тохижуулах ажлуудыг хийж эхлээд байна. Бүх ажлаа хуулийн хүрээнд баталгаажуулж чаджээ.
    “Мандарваа” ногоон хотхонд оршин суугчид хуульд заасан хэмжээгээр газраа авч, эзэмшсэн газраа тойруулан мод, бургас тарьж хашаагаа тойруулан цэцэрлэгжүүлэх ажил хийж эхлээд байна. Төв гудам болон салаа гудамжнуудыг гаргаж, замын 2 талаар моджуулах ажлууд хийж байна. Заасан эзэмшилт газрын хэмжээгээ бага ч хэмжээгээр томруулах гээд газар эзэмшигчид дураар аашлах нь их байгаа тул айл болгоны эзэмшлийг тойруулан газрыг ухаж хэмжээг нь тодотгож өгчээ. Тэр ухсан газарт нь бургас юм уу жимсний бутлаг мод тарих боломжтой.
    Хийсэн ажлуудтай нь танилцаад явж байхад олгосон газраа 1-2 метрээр өргөтгөөд хашаагаа барихад л гудамжны жигд байдал алдагдаж, ирээдүйд байгуулах явган болон машины замын байдалд нөлөөлөхөөр ажээ.
    “Мандарваа” ногоон хотхон өнөөдөр газар хувиарлалтаа хийж, эзэмшлийн хашаагаа барьж, мод, жимс тарих эхлэл тавьсан байна. Гүний өрөмдлөгө хийж, худаг гаргажээ. Одоо төвийн цахилгаантай холбох ажил үлджээ. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байгаа энэ цаг үед энэ асуудал нилээд удах төлөвтэй байна. Гэхдээ “Мандарваа” ногоон хотхоны ажил жигдхэн урагшилсаар байгаа.
    Хэлсэнээ ажил болгодог энэ чанар манай өнөөгийн хүмүүст нэн чухал чанар. Амьдралд амарханыг нь бус хүндийг нь сонгож ажил болгож чадна гэдэг гайхамшиг. Энэ эгэл жирийн юм шиг боловч энэхүү гайхамшигийг хийж байгаа Монгол бөөгийн Удган Гэрэлмаагаар бид бахархаж байна. Мод тарина гэдэг маш том буян. Хэдхэн жилийн дараа “Мандарваа” ногоон хотхонд мод, жимс, цэцэгс халиурсан ногоон төгөл, одоогийн ярьдагчлан эко орчин бүрдэнэ. Бодлогыг хэрэгжүүлэгч нь жинхэнэ эгэл олон байдгын тод жишээг “Мандарваа” ногоон хотхоны бүтээн байгуулалт харуулж байна. Энэ их ажлыг санаачилан хийж байгаа МБНЭ-ийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаадаа улам их ажлын амжилтийг хүсье.
    Д.Хүрэлбаатар

  • Бөөгийн өчил ба ногоон малгайтнуудын хэрэг

    Болж өнгөрсөн түүхийн гол баатар нь, тодруулж хэлбэл Дотоодыг хамгаалах газраас үүсгэсэн хав¬таст хэргийн эзэн холбогдогч нь ойун Моньогон гэдэг хүн байв. Якут хэлнээс орчуулах юм бол түүний нэр “Хар бөөрөлзгөнө” гэж бууна. Харин нутгийн зон олон нь өөрсдийн алдартай бөөг зүгээр л Өвгөн гэж дууддаг байлаа.
    Нөгөө ертөнцөөс ирсэн хүсэл
    Моньогон гэдэг тэр хүн энд өгүүлэгдэх үйл явд¬лууд болохоос өмнө 150-200 жилийн тэртээ амь¬дарч байсан гэдэг. Хойч үед ам дамжин ир¬сэн домог яриагаар бол Өвгөн энгийн нэг бөө байгаагүй аж. Тэрбээр хэзээ ч үйл хийдэггүй нэгэн байсан бөгөөд хэнгэрэг, хувцас хэрэглэл зэргийг өмсдөггүй байжээ. Тэгсэн мөртлөө ганц нэгхэн үг хэллэг, иллэг бариа, ургамлын ханд зэргийг ашиглан маш хурдан хугацаанд чадварлагаар элдэв хараал жатга, хорлол зэргийг тайлж, элдэн хөөдөг байснаас гадна өөрийн отгийг янз бүрийн гай зовлонгоос хамгаалж байсан гэнэ. Өвгөн биеэр намхан, эцэнхий мөртлөө шонхор шувууных шиг хурц, нэвт ширтсэн харцтай нэгэн байжээ. Түүний харцтай тулгарсан хүн яах учраа олохгүй дальдчидаг байсан аж. Түүнийг амьд ахуйд нь хүмүүс маш сайхан сэтгэлтэй, хүний зовлон болоод жаргалыг амархан ойлгодог, тусч энэрэнгүй хүн хэмээн магтан дуулдаг байжээ. Өвгөн таалал төгссөний дараа ч ийм яриа тасраагүй юм. Тэнгэрт хальсан түүнээс бүгд л айж, эмээн, тахин шүтэж байсан гэдэг.

    Хүүрнэлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө би нэг тодруулга хийхээс өөр арга алга. Эрт дээр үед бөө нарыг ямар зан үйлийн дагуу нутаглуулдаг байсан тухай ярихгүй бол болохгүй. Учир нь, энэ талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст миний хүүрнэл ойлгомжгүй байж мэдэх юм. Якутууд өнөөгийн Ази тивийн зүүн хойд ой модоор хучигдсан хэсэгт амьдарч байсан бараг бүх хүмүүсийн адилаар оросуудын эзлэн түрэмгийлэлд автахаасаа өмнө бурхан болоочоо газраас хөндий нутаглуулдаг байжээ. Арангас гэж нэрлэгддэг тэрхүү тавцан нь газраас 1.5-2 метрийн өндөрт моднуудад бэхлэгдэн байрладаг байв. Тэр тавцан дээр талийгаачийг хэвтүүлсэн авсыг байршуулна. Авс нь дундуур нь зүсч хуваасан модны хоёр хэсгээс бүрддэг байв. Эрт, орой хэзээ нэгэн цагт тавцан өгөршиж муудсанаар авс газар дээр унана. Өтгөн шигүү ой дунд амьдарч байгаа цөөн тооны хүмүүст талийгаачийн ул мөр ямар нэг халдварт өвчин тараах аюул бага байсан юм. Якутыг хаант Орос Улсад нэгтгэсний дараа үнэн алдартны шашинтай лам нар болоод дээд удирдлага ийм бурангуй хөдөөлүүлэгт дургүйцсэн бөгөөд үтэр түргэн ийм аргаар оршуулга үйлдэхийг хоригложээ. Өөд болоочдыг булшлах болсон аж. Харин тэнгэр шүтлэгтэй байсан бөө нарын хувьд чамгүй удаан хугацаанд энэ хориг үйлчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэдний зан үйлийг хүндэтгэн тааваар нь орхижээ. Тэгээд ч уламжлагдаж ирсэн заншил ёсоор бол хүчтэй, мундаг бөө нарын шарилыг гурван удаа оршуулдаг байв. Тэдний шарил хоёр удаа арангас дээр байршсаны эцэст дараа нь газарт өргөгдөн нойрсох учиртай байлаа.

    XIX зуунд эхний арангас өгөршиж муудаад нурж унангуут Моньогоны шарилыг холбогдох бүх зан үйлүүдийг ёсчлон хийгээд шинэ тавцан дээр байршуулжээ. Гэтэл 1920-иод оны сүүл, 1930-аад онуудын эхээр Өвгөний шарил үйрч дуусаагүй байхад тэрбээр гэнэт Зөвлөлт засгийн харгайгаар нууц байдалд шилжсэн нутгийн бөө нарын зүүд нойр, үйлийн үеэр морилох болж, өөрийг нь гурав дахь удаагаа буюу газарт өргөхийг шаардан гуйх болжээ. Үүнийг тэрбээр “Миний сүнс тэнгэрт дүүлэх цаг нь ирлээ” гэж тайлбарласан аж.

    Урьд өмнө нь бол мундаг хүний ийм хүслийг тэр даруй л гүйцэтгэх байсан юм. Харин яг тэр үед большевикууд хуучны муу муухай, бурангуй үзлүүдтэй харгис тэмцэл явуулж, Сталины яргалал ид эрчээ авч байсан тул Өвгөний тааллыг гүйцэлдүүлэн түүний шарилыг газарт булах зориг зүрхтэн олдоогүй гэдэг. Гэхдээ нутгийн зон олон үе үе түүний шарил тавиастай арангасын дэргэд нууцаар очиж, өргөл барьц болгон адууны дэл сүүл, ногоон цай, тамхи, архи зэргийг орхихдоо өөрсдийн хүслийг шивнэдэг байжээ. Өвгөн хэдэн жил тэвчээртэй “хүлээсэн” юм. Дараа нь удахгүй гай зовлон ирж магадгүй гэдгийг анхааруулж эхлэв. Үнэхээр ч удалгүй түүний удам судрын хүмүүс элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болж, нас барах нь нас барж, галзуурах нь галзуурч эхэлсэн гэдэг. Энэ явдал дэндүү ойр ойрхон гарах болсон тул хүмүүс “Улаан од” гэж нэрлэгдсэн хамтралыг орхин “хараал” бүхий тэрхүү газраас дайжиж эхэлжээ.

    Гомдол тээсэн Өвгөн өөрийн сүнсийг ашиглан байнга сануулга өгөх болсон аж. Түүнийг нутаг¬луулсан газраас холгүйхэн орших нууранд нэгэн цагаан хун байнга сэлж, эрэг дээгүүр нь саарал тогоруу алхаж явдаг байв. Мөн үе үе булшнаас нуур хүртэл жим гарган ус руу томоо гэгчийн хар сойр шувуу алхдаг болжээ. Тэдгээрийг ердийн нэг шувуу гэж бодсон ч учир мэдэхгүй хүмүүс хун юм уу тогорууг буудахыг оролдоод тэр даруй удаан хугацаанд ховсдуулан унтдаг байжээ. Харин сойр шувууг ангуучлахыг хүсэгчид хөшиж орхидог байсан гэнэ. Мэдээж, тийм учраас тэднийг ангуучлахыг хүсэгчид маш амархан үгүй болсон юм.

    Харин Өвгөн нөгөө ертөнцөөс сануулга ирүүлэхээ үргэлжлүүлжээ. Тэр болгонд дахин оршуулах шаардлага дээрээ өөр бас нэг сонин янзын, бие зарсхиймээр шаардлага-хүсэлтийг ирүүлдэг байв. Бөө өвгөний сүнс өөрийнх нь баруун гарын сарвууны булчин, шөрмөс ялзарч муудсан тул хуруу нь салж унаад нуруун доогуур нь орчихсон, тийм учраас хурууг байранд нь оруулж бэхлэх хэрэгтэй хэмээж байлаа. Эс тэгвэл шинэ асуудлууд гарах болно гэж сүрдүүлжээ.

    Нууц ажиллагаа
    Домог ярианд өгүүлэгдсэнээр бол айхтар бөө¬гийн азгүй үр сад хоёр галын шуурган дунд орсон аж. Нэг талаас тэд шинэ засаг, төрийн зүгээс ямар нэг шийтгэл ирж магадгүй гэж айгаад юу ч хийлгүй суусан бол нөгөө талаас Өвгөний тэсвэрлэшгүй шаардлагыг өөрийн биеэр мэдэрч байсан юм. Гэтэл нөхцөл байдлыг тэдний үзэж байгаагаар 1936 оны сүүл үе шийдвэрлэсэн байна. Тэр үед ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг Сталины тушаалын дагуу баталсан билээ.

    Тэрхүү хуулийн нэгэн зүйл заалтад хүмүүсийн аливаа шашинг шүтэх эрхийг зөв¬шөөрчээ. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь тусгалаа олоогүйг бүгд мэднэ. Дараа жилийн зун нь Атамай тосгоны зөвлөл нэгэн амралтын өдөр дээрх Үндсэн хуулийг баталсантай холбогдуулж баяр хийхээр болов. Тэр баяртай давхцуулж олонд зарлаж мэдэгдэлгүйгээр маш цөөн тооны итгэлт хүмүүсийг оролцуулан Моньогоныг дахин нутаг¬луулах үйлийг хийхээр шийдвэрлэжээ.

    Энэ хариуцлагатай “үйл ажиллагаа”-г явуулах үүргийг “Улаан од” хамтралын дарга А.С.Максимовт даал¬гав. Харин оршуулах зан үйлийг өөр отгоос уригдан ирсэн ойун Омокун хийх ёстой болов. Түүнд учир мэдэх хоёр хөгшин туслахаар томилогджээ. Өргөл барьц, идээ будааг зохицуулах мөнгөний асуудлыг ч шийдвэрлэжээ. Өвгөн шаардлагадаа бух, үнээ, залуу азарга, хоол хүнс, архи дарсыг тоочсон байлаа. Хамтралын гишүүд хөрөнгө мөнгө цуглуулан тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн аж.

    Зургаадугаар сарын тэргэл сартай тэр шөнө энэ зан үйлд оролцохоор сонгогдсон 80 орчим хүн Өвгөний шарилын дэргэд чимээгүйхэн цугларчээ. Холбогдох зан үйлийг үйлдэж, өргөлд өргөх мал адгуусыг муулаад, хэнгэрэг цохиурын нижигнээн дунд Өвгөний авсыг тавцан дээрээс буулгаад тагийг нь нээжээ. Түүн дотор үнэхээр биеэр маш жижиг хүний шарил хэвтэж байлаа. Мэдээж, тэнд байгсдын харц Моньогоны баруун гар руу тэмүүлжээ. Бүгд л тэр гарт үнэхээр л нэг хуруу нь дутуу байгааг олж үзэв. Үүнийг Өвгөн ч өөрөө нот¬лон өгүүлэв. Тэрбээр дэргэд нь үйл хийж байсан Омокуны биед сүнсээ шингээгээд өөрийнхөө хоолой¬гоор хуруу гарыг нь хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гэнэ. Хоёр өвгөн айдастаа автаж зогссон тосгоны оршин суугчдын харцыг дальдчуулан байж гараа шарил доогуур болгоомжтой шургуулаад тэндээс салж ойчсон хурууг нь тэмтчин олжээ. Ху¬рууг байранд нь эргүүлж оруулан өргөлд өргөсөн азарганы шөрмөсөөр бэхлэтэл ард олон сая нэг юм санаа амарч, хүндээр санаа алджээ. Өвгөний авсыг булах газар нь дөхүүлтэл Моньогон бөө өвгөний амаар “Би энэ ертөнцийг ганцаараа орхиж чадашгүй нь” гэж орилжээ. Бүгд л айсандаа болоод дагжин чичирч эхлэв. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч гэнэт ингээд аминаасаа хагацахыг хүсээгүй юм.

    Бүгд л Өвгөн бидний хэн нэгнийг сонгон авна гэдгээс айж зогслоо. Үүнийг мэдрээд Моньогон “Хэрэв сайн дураар надтай хамт одох хүн олдохгүй бол яг одоо бөө үхэх болно. Хэрэв тэгвэл миний удам судрын бүх хүмүүст аймшигт хараал хүрэх болно” хэмээн үргэлжлүүлжээ. Энэ үгийг хэлж дуусаагүй байхад Омокун бөөгийн царай нь сонин болж, тэр эвгүйтсэн гэнэ. Гэтэл олны дундаас 70 настай Григорий Федоров гэгч хүн гарч ирээд унаж буй бөөг тэвэрч аваад ийн өгүүлжээ.

    “Би энэ хорвоо дээр хангалттай амьдарсан гэж бодож байна. Тиймээс Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн” гэж хэлэв. Бүгд л тайвширч, уртаар санаа алдаад зан үйлийг дуусгасан байна. Гэхдээ салах ёс гүйцэтгэх үеэр Моньогон дахиад л тэнд байгсдыг түгшихэд хүргэв. “Өнөөдрийн энэ өдрөөс болж та нарын зарим нь ирээдүйд тун эвгүй зүйлүүдтэй учрах болно. Тэр зүйл нэг залуугийн буруугаас болж гарах бөгөөд шүүх дээр очиж дуусна. Харин та нар зөвхөн үнэнийг яриад, хэдхэн сар тэсэх хэрэг¬тэй. Би өөрөө хотод шаардлагатай хүн дээр нь очсоноор та бүгдийн шаналал түүгээр дуусгавар болно” хэмээн ярьжээ.

    Сэтгэлдээ бага зэрэг айдастай ч гэлээ ямар ч байсан Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлсэндээ сэтгэл нь тайвширсан хүмүүс гэр гэртээ харьцгаасан гэдэг. Мэдээж, тэд бүгдээрээ л Григорий Федоров яах бол гэсэн бодолд автжээ. Харин сайн дураар золигт гарахыг хүсэгч хөгшин ямар нэг өөрчлөлт амсахгүй л байлаа.

    Хэд хоногийн дараа тэр гэртээ оройн хоолоо идчихээд, хүүхдүүддээ ар гэрийн ажлаа даатгаж захичихаад унтахаар хэвтсэн юм. Тэр чигээрээ таалал төгссөн гэдэг. Хамтрал даяараа цугларч түүнийг баатар эрийн ёсоор ор¬шуулц¬гаав.
    Гэм зэм
    Удалгүй Атамай тосгонд бүх зүйл тэгшрэх болов. Элдэв өвчин эмгэгүүд гарахаа больж, мал хээл хаяхаа больж, зүлэг ногоо гайхалтай сайхан ургах болжээ. Орон гэрээ орхин дайжсан хүмүүс ч эх нутагтаа эргэж ирэх нь олшров. Гэтэл нэг нарлаг сайхан өдөр төвөөс ирсэн нэг залуухан хянан шалгагч хамтралын даргыг ажлын байран дээр нь олоогүй тул дур мэдэн түүний албан би¬чиг баримтад шалгалт хийхээр шийджээ. Тэдэн дотроос “Өвгөний оршуулгын зардал” гэсэн бич¬вэр бүхий хавтсыг олоод үүнийг ашиглан албан тушаалын шатаар өгсөх боломжтой гэж сэтгээд бушуухан шиг төв рүүгээ буцсан байна.

    Ингэж л нэгэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэн юм. “Улсын өмч хулгайлсан, шашны бурангуй суртал ухуулга хийсэн, хүн амины хэрэг үйлдсэн” гэх энэхүү хавтаст хэрэг алдарт 58 дугаар зүйл заалтаар холбогдсон хүмүүсийг нь “Ард түмний дайсан” болгоход хангалттай байсан гэдэг. Хэд хоногийн дараа хамтралын дарга, бөө өвгөн, тэдэнд тус болсон хоёр хөгшнийг баривчилж хорьсон бөгөөд оршуулах үйл явцад оролцсон бусад хүмүүсийг дуудан ирүүлж байцааж эхэлжээ.
    1937 он болж байлаа. Тийм учраас дүүргийн Дотоодыг хамгаалах газарт дээрээс нэгэн заавар¬чилгаа ирсэн байна. Түүнд энэ боломжийг ашиглан хавтаст хэргийг нэлээн дуулиантай болгоод, бусдад санамж болгох үйл явц зохион байгуулахыг үүрэгджээ. Байдал хурцдаж эхлэв. Гэтэл дөрвөн сарын дараа гэнэт Якутск хотоос Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурорын тушаал ирсэн аж. Тушаал дотор “Гэмт хэргийн бүрэл-дэхүүнгүй учир хэргийг хаасугай” хэмээн өгүүлсэн байв. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг ингэж тайлбарлажээ. “Шинэ Үндсэн хуулийг батласны дараа Атамай тосгонд холбогдох байгууллагууд хуулийг албан ёсоор тайлбарлан таниулах ажлыг хангалттай хийгээгүй байна. Тийм учраас харанхуй хамтралчид шашин шүтэх эрх чөлөөтэй болсон гэдэг зүйл заалтыг буруугаар ойлгосон бололтой” гэж бичсэн байжээ. Сталины цуст яргалал явагдаж байсан тэр үед энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэдэг. Гэвч прокурор л бол прокурор учраас мөрдөн байцаагчид толгойгоо сэгсрэн байж түүнийг хараагаад хоригдсон хүмүүсийг суллахаас өөр аргагүй болжээ. Өвгөн амласныхаа дагуу хотод шаардлагатай хүнд нь нөлөөлсөн биз ээ.

    Хэсэг хугацааны дараа нуурын эрэг дээр үзэгддэг байсан сүнс-шувуунууд бүгд хаашаа ч юм алга болж, тэнд дахиж хэзээ ч үзэгдээгүй гэдэг. 1970-аад оны дундуур Моньогоны булшийг зан үйл судлаачид очиж судлаад явжээ. Яг явахын өмнөхөн нь гэрэл зурагчны мөнгө, баримт бичиг бүхий хэтэвч хаашаа ч юм алга болчихжээ. Урилгагүй зочид булшны эргэн тойрны газрыг нэгбүрчлэн шалгасан ч юу ч олж чадаагүй юм. Тосгонд очоод хальсаа угаатал гэрэл зурагчин эр юу ч олж үзээгүй гэнэ. Хальсан дээр юу ч байхгүй, гэрэлд цохиулчихсан байжээ. 1980-аад онуудаас хойш Өвгөн ямар нэг айхтар дохио өгөөгүй бөгөөд түүний сэтгэл амарч, сүнс нь энэ ертөнцийг орхисон гэж үздэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn

  • Архангай аймагт ажил эрчимтэй эхэллээ.

    Аливаа ажлын хувь заяа хариуцагчаасаа шалтгаалдаг. Архангай аймагт олон зуун жил харьцангуйгаар Буддагийн шашин хөгжсөн, 1990 оноос Исусын шашин эрчимтэй түгсэн нутаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт Бөө шүтлэгээ шүтэх байдал хурдтай тэлж байгаа билээ. МБНЭ-ийн салбар байгууллага үйл ажиллагаагаа эхэллээ. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрч хүчтэй, эрчимтэй ажиллана гэдэгт МБНЭ-ийн хамт олон итгэж байна.

  • Бид үүнийг хийнэ.

    Цагаан морин жил 1990 оноос Монголын мартагдсан олон төрөл зүйлийн нэг, монголын соёлын үнэт өвийн нэг бөөг сэргээн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
    Монголчууд бид дэлхийн хаана ч байхгүй бахархал болсон Мөнх тэнгэрээ шүтдэг ард түмэн. Мөнх тэнгэрийг шүтэж байхдаа хүчирхэг байсан, дэлхийн хуурай газрыг эзлэн их гүрнийг байгуулж чадсан, шинжлэх ухаан, төрийн удирдлага, эдийн засаг, мөнгө санхүү, харилцан холбоо гээд олон салбарт олон гайхамшигийг бүтээсэн.
    Энэ бүхэн дэлхийн хэмжээнд монголчууд сэтгэж, удирдаж, зохион байгуулж чадаж байсны гэрч, түүнийг ч дэлхий дахинд хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр монголчууд өөрсдөө тэр гайхамшигийг дахин бүтээж чадна. Даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь үлдээсэн байна. Энэ бол Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэстэнээ авч үлдэж чадна. Монголоороо бахархах аугаа сэтгэлийн хатыг олж чадна, бид аугаа хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална. Аугаа их хүчийг олох огшилыг мэдэрч чадна.
    Харийн бодлого чухам л мөнх тэнгэрийн шүтлэгээс нь монголчуудыг салгаж, хүч чадлыг нь доройтуулж ирсэн түүхтэй. Энэ түүх монголын 300 орчим жилийг хамарчээ. Өнөөгийн бид бусдын зорилготой бүтээсэн олон зуун жилийн түүхийг уншиж сууна. Энэ түүх нь монголчуудыг эвлэлдэн нэгдэж, эргээд хүчирхэг болохоос айж эмээсэн зүйлээр баялаг гэж хэлж болно. 300 жил гадны сургаалыг орчуулж түгээсэн бөгөөд одоо ч орчуулж дуусаагүй бололтой. Ийнхүү харь хэлнээс орчуулсан үзэл санаа бүхий оюуны довтолгоон монгол оронд түгээн дэлгэрч байна. Эдгээр шашин бол дэлхий даяар эзэгнэж хэдэн зуун саяар тоологдох сүсэгтэнтэй, зохион байгуулалтын хувьд дэлхийг хамарсан сүлжээтэй, асар их хөрөнгийн чадавхитай, цэгцтэй, боловсруулсан сургаальтай, хаана яаж ажиллахаа мэддэг, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан шашинууд юм.
    Монгол бөө шүтлэг түүхийн нэн хатуу замналыг туулж уламжлагдан өнөөг хүрч иржээ. 1990 онд Социализм задран нурж, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулах эхлэл тавигдав. Харийн шашны дангаараа ноёрхол, шашингүй үзлийн 70 жилийн туршилт дуусч, чөлөөт ардчилсан нийгэмтэй золгов. Түүнтэй зэрэгцээд дэлхийн 30 гаруй шашны урсгал Монгол Улсад түгэн дэлгэрч монголчуудын оюуны салбарт хүч түрэн орж ирлээ.
    Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
    ”Тэнгэрийн улаачид” бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Энэ үзлийг дэлгэрүүлсэнээрээ монголыг монголоор нь авч үлдэх их тэмцлий\г манайд “Тэнгэр улаач” нар тэргүүлж явна. Тэд монголынхоо төлөө сэтгэл зүрх нь ямагт цохилж, Монгол иргэдийнхээ төлөө цаг ямагт үйлийг хийж явдаг “Тэнгэрлэг үйлстэн” юм. Хийж байгаа үйл бүрээрээ Мөнх тэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг үйлстэн.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ,
    Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ. Монгол бөөгөө уламжлалаа баримтлан, нууцаа хадгалан хөгжүүлэх түүхэн үүрэг өнөөгийн Тэнгэрийн Улаач нарт тулгарч байгаа.
    Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг.
    Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна. Хувь хүмүүсийн дусал дусал хувь нэмэр нийлж байж бидний их зорилго бүтнэ. Тэгэхлээр бага гэлгүй хүн болгоны зүтгэлээр бидний ажил урагшилах болно.
    Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.
    Монгол Бөөгийнхөө төлөө хамтран ажиллах цаг иржээ. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя.
    Бид нэг жилийн дотор дараах зүйлийг бүтээлээ.
    Нэг. МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгл бөөгийн дархан удган, Д.Энхжаргал Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн дэргэдэх сургалт, сурталчилгааны хүрээлэнгийн захриал Төгсжаргал нарын бүрэлдэхүүн нь БНСУ-д явагдсан ЮНЕСКО-той хамтарсан олон улсын бөөгийн фествальд оролцоод ирлээ.
    Хоёр. МБНЭ-ийн нэгдсэн тахилгуудыг зохион байгуулах, хөдөө орон нутагт бөөгийн байгуулагуудыг байгуулахад голлон ажиллаж ирлээ. Энэ жилийн хувьд гурван удаа хийсэн бөгөөд эхний тахилгаа Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймагт байдаг, Жаргалт хан хайрханы их тахилга хийж, Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмэн, Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал, Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын Их үйлс байлаа.
    Хоёр дахь их тахилга бол Монгол орны гол төв газар, Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр, Ихэс дээдэс минь Монгол овогуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан нутгийн минь Зүрх уул, Бурхан халдуны Их тахилга бүхий Монгол туурагтаны Их тахилга байлаа.
    Энэ намар хийгдсэн гурав дахь тахилга бол Монголын тулгуур хөл уул, Хөх уулын Их тахилга юм. Өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухиан дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болох Их тахилга бол зон олны минь олон зуун хүлээж ирсэн их хүлээлтийн хариулт болсон. МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцэж, зохион байгуулсан Нэгдсэн тахилга бол Монгол бөө нар нэгдэж чаддагийг харуулж, эвийн их хүчийг эх орныхоо оюуны дархлааг хамгаалах, онгон сайхан байгалиа хамгаалах, монголчуудын эв нэгдлийн мөн чанарыг илэрхийлэх тийм агуулгыг багтааж байна.
    Гурав. МБНЭ-ийн бага хуралдайгаас Монгол бөөгийн ёс зүйн баталсан бөгөөд нийтээрээ дагаж мөрдөж байна.
    Дөрөв. МБНЭ-ийн бөө нарын цол олгох, шагнал өгөх журмыг бий болгов. Ингэснээр бөө хүн Мөнхтэнгэрийн төлөө зүтгэснээрээ хүнийхээ хувьд итгэл үнэмшлийнхээ хувьд цолоор шагнагдаж, хийсэн ажил үйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон.
    Тав. Гадаад харилцаа амжилттай өргөжиж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллав.
    ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.
    ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн, Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ-ын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо.
    Зургаа. Монгол бөөгийн тухай 2 баримтад кино хийгдэв. Манай уран бүтээлчдийн гаргасан бөөгийн тухай уран бүтээлийн замаар цаашид олон арван залуу бүтээлчид замнах болно.Ийм уран бүтээлийг анхлан бүтээснээрээ тэд монголын бөөг нийтэд сурталчлах атар газрын хөрсөнд анжисаа хатгах зам гаргасан анхдагч нар яах аргагүй мөн байлаа.
    МБНЭ-ээс Хөвсгөл аймгийн театрт иргэдтэй хийсэн уулзалт, Дорнод аймгийн Дашбалбар суманд тоглосон урлагийн тоглолт нь бөөгийн тухай урлагийн уран бүтээлд оролцсон хүмүүсийн сэтгэлд шингэж сайхан уулзалт, тоглолт болсон билээ.
    МБНЭ-ийн веб сайтад ажиллаж байна.
    МБНЭ-ийн Бага хуралдайн 6 дугаар хуралдаагаар 2014 онд дараах зорилтыг дэвшүүлсэн билээ.
    Тахилга тахих зорилт.
    -6 дугаар сарын 22-ны их тахилгыг жил бүр хүй долоон хутагт хийж, нэгдсэн залбирал хийж байх.
    -Шинийн таванд МБНЭ-д золголт хийж байхаар тогтсон.
    -Өмнөговь аймгийн Хан богд суманд өмнө зүг их тахилга хийнэ.
    -Монгол орны хоймор Хөвсгөл нуурт их тахилга хийгдэнэ.
    Тэнгэрийн улаач нар аа.
    Дэлхийд хаана ч байхгүй Тийм алдар суу, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь тэтгэсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна.
    Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөдөөрөө бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
    -Их хааныхаа зарлигаар Япон улсад тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд амиа өгөхдөө толгой бөхийлгөөгүй дайснаа гайхшируулан цэл залуухан 32-34 настай элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    -Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг биелүүлж амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн дурсах вэ?
    -Европын эзэнт гүрнүүдийг цэргийн урлагын гайхамшиг, шинжлэх ухааны их ололтыг ашиглан Урал, Москва, Киевийг эзлэх явцдаа харь нутагт мөнх нойрссон эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    -Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, толгойн өвчин болж, өвдөг сөхрүүлж бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    -Монгол төр их хаадын даалгавраар тухайн улсад түүхэн үүрэг гүйцэтгэсэн БНАСАУ-ыгн нутаг байгаа Корё улсын хааны Монгол хатны, Узбекстан улсын самарканд, Энэтхэг улсын нутагт байдаг монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    -Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн Хөхнуурын монголчуудын эх нутгаа гэх халуун сэтгэлийг хэн дурсах вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    -Манжийн төрийн харгис бодлогоор хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдсан, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн “Тэнгэрийн улаач” нараа хэн дуурсах вэ? Мөнхтэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарынхаа түүхэн үүргийг хэн эргэн сануулах вэ.
    -Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудтай хэн хамтран ажиллах вэ.
    -Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа өргөсөн баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газарт монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрыг шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаа ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, од тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудыгаа эргэн дурсая.

    Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй Мөнх “Тэнгэрийн улаач” нар та бүхний мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн үүрэг. Энэ бүхнийг та бүхэн хийхгүй, өөр хэн ч хийж чадахгүй билээ. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая.
    Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнхтэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.

    Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.

  • ӨМНӨГОВИЙН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ.

    Бид өмнөговь аймагт хоёр зорилго тавьж очсон. Нэгдүгээрт: Говийн нэгдсэн тахилгыг хамтарч хийх, хоёрдугаарт: Говийн нэгдсэн тахилгын хийх газрыг сонгох тухай байв.
    Нэгэнт Ж.Алтанчимэг багштай нь ярилцсан болохоор аймгийн төвд болсон хуралдаанд нэг зуу гаруй шавь нар хуран цугларсан байлаа. Монгол бөөгийн өмнө тулгамдсан асуудал их байсан болохоор шавь нараас асуух, сонирхох зүйл их байсан.
    Уулзалтыг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д Жаргалсайхан Монгол бөөгийн байгууллагын чиг хандлага, Монгол бөөгийн ёс зүйн талаар танилцуулга хийж, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүэ дээд удган Мөнгөнсувд нар бөөгийн зан үйлийн талаар асуултад хариулж тайлбарласан билээ.
    Уулзалтын дараа Өмнөговь аймгийн Ханхонгор сум орж Нэгдсэн тахилга хийх газрыг сонгосон байдаг. Нэгдсэн тахилга хийх газрыг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал нар удирдаж хийсэн. Тэдний дараа Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нарангэрэл, О.Туул, Өөдөө нар хуур манжигаар бөөлсөн.
    Бидний сонгосон газар Ханбогдхайрхан, Оюу толгой хооронд байлаа. Бид газар сонгох далимдаа Алтанчимэг багшийн шавь нараас теле нэвтрүүлэгт оролцож, өөрсдийн бөөлөлтийн онцлог байдлаа тайлбарлан таниулсан билээ.
    Чухамхүү ингэж ажиллаж явахдаа Өөдөө удган Алтанчимэг багшийн шавь нарын дунд бөөгийн хуяг дуулга, бөөлөлтийн онцлог байдал, үзэл бодлыг зөрчилдөөн хурцдаж бидний хамтын үйл ажиллагаанд томоохон хагарал гарсан байдаг.
    Энэ хагарал нь бид Улаанбаатар хотод ирсний дараа дээд цэгтээ хүрч хамтарсан тахилгад Ж.Алтанчимэг багшийн шавь нар оролцохгүй шийд гаргах хэмжээнд хүрсэн юм. Нөгөө талдаа хэтдээ өөрсдийн бие даасан бөөгийн шинэ байгууллага байгуулах зорилго нь дор зорилготой хийсэн үйлдэл гэж үздэг.
    Бид хэтэрхий залуучууддаа итгэж байсан учраас ноцтой алдаа гаргасаны хэт хожуу мэдсэн байдаг.
    Удган Ж.Алтанчимэг ч олон зуун хүнийг бөө болгон өөрийн шавь босгосон бөгөөд эцсийн үр дүндээ олон зүйлээр бөөгийн нэр хүндэд таагүй нөлөө үзүүлсэн байдаг.

  • Монгол бөөгийн анхны сургалт болов.

    Сургалтын хоёр дахь сэдвүүд нь Монгол бөөгийн тухай байлаа. Энэ сэдэвт Мөнх хөх тэнгэрийн тухай, Онгодын тухай. Сүнс онгод болох тухай, Төрийн цагаан ба хар сүлд, Хайрхад, савдаг, шивдэг, газар шинжих тухай, Тэнгэрийн бичиг соёлын тухай, Галын тахилга, Лусын тахилга, Тахилга, тайлгын тухай, Залбиралт, “Зад барих ёс, зүглэл, зүгийн учир”, Алтай, Дархад, Буриад болон бусад язгуурын бөөгийн тухай асуудлууд байв.
    Гуравдугаар хэсэгт Монгол бөөгийн ёс зүйн асуудлаар дэлэгрэнгүй тайлбар, Бөө хүний өдөр дутам мөрдөх, хориглох зүйлүүд, Монгол бөөгийн түшээ, хэлмэрч, тулмаашийн тухай сэдвүүд байлаа.
    Дөрөвдүгөөр хэсэгт Монгол бөө-бариа засал, бясалгал, Монгол бөө, Монгол бөөд Эмийн ургамалыг ашиглах нь, Зүрхай-“Улаачийн оюун ухааны амьдралыг бодлын амьдралаас ялгах нь”. Мэргэ төлөг, энергийн тухай, Буддагийн шашинд авч хэрэглэсэн бөө шүтлэгийн зан үйлийн тухай гэсэн сэдвээр хичээл орлоо.
    Тав дахь хэсэгт нь Танин мэдэхүйн ойлголт, Одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн үндэс, хуулийн тухай, Компьютер-монгол бөө, Монгол үндэсний язгуур бөө шүтлэгийн тухай, Монгол бөөг хөгжүүлэх түүхэн шаардлага зэрэг сэдвүүдээр ярилцлаа.
    Эдгээр сэдвүүдийг Монгол бөөгийн их Дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Болд, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан, И.Болдбаатар, Монгол бөөгийн Тэргүүн Я. Мөнгөнсувд, О.Туул нар боловсрүүлж заасан байна. Хичээлүүд онц соНирхолтой, харилцан ойлголцсон байдалд боллоо.
    Д.Мандахнаран

  • Загастайн давааны савдаг монгол хаадын удмыг хамгаалжээ

    Монголчуудын эсрэг босч, бидний өвөг дээдсийг хаан ширээнээс буулгаад зогсохгүй хэдэн жилийн да¬раа монголчуудыг бүрэн хүйс тэмтрэх хар санаа өвөр¬лөсөн хятадууд. Тэд Монголын нутагт цөмрөн орж, Хар¬хорин хотыг үнсэн товрог болгоод зогсохгүй алтан ургийг бүрэн таслахаар заналхийлж эхлэв. Тэрхүү дайны хөлөөс нэгэн монгол хатан нуган үрээ аваад золоор зугтан гарчээ.
    Нэгэн лам хүний хамт хүүгээ авч явсан хатан тэмээ унан говь, цөлийг туулан явсаар Монгол нутгийнхаа гүн рүү орж ирэв. Гэвч Хятадын түшмэд түүнийг заа¬вал барьж ирэхийг үүрэгдэж, мөнгө шагнал амлан байж 300 гаруй морьт цэргийг хойноос нь илгээсэн байна. Дайсанд хариугүй гүйцэгдэхийн алдад хатанд бараа болж явсан лам тэнгэр бурханд мөргөн их хэмжээний цас оруулан хятад цэргийн хөлийг боож, тэр завшаанаар түр холдож амжив. Ядарч туйлдсан гурав Загастайн даваанд ойртон ирэхийн алдад нэхүүл цэрэг дөхөн айсуй үзэгдэв.
    Оргодол гурван монголын толгойг авч, үлэмж шан авахаар хөөсөн хятад цэргүүд баясан бахиралдах дуу нь дуулдах газар тулж ирэв. Харин давааны оройд гараад ядарч туйлдсан өвгөн лам өөрийн эрхгүй амь тавьж, бурханы оронд одлоо. Хөөрхий, хатан арга ядаж бяцхан хүүгээ дээш өргөн байж:
    “Эх болсон этүгэн Монгол нутаг минь,
    Эрхэм сайн нэрт Чингис хааны удмыг өршөөж хайрла,
    Монгол нутаг минь харийн дайснаас
    Хамгаалж өгөө” хэмээн гуйн мөргөсөн байна.
    Гэв гэнэт түүний хажуунаас нэгэн бяцхан ам цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр:
    “Айж бэргэлгүй
    Аян замаа үргэлжлүүлэгтүн
    Нуган үрийг чинь алдар суу
    Нэхэх дайсныг чинь мөхөл хүлээж байна.
    Та хоёрыг авруулахаар намайг илгээсэн болно” хэмээжихүй.
    Залуу хатан амны алдас хийн “300 цэргийг өчүүхэн хулгана дийлнэ гэж үү?” хэмээж орхих нь тэр. Гэнэт тэнгэр, газар нижигнэн дуугарч, асар том хадан цохио уулын оройгоос тасран өнхөрч, арван хэд хуваагдан бэл дэх хятад цэргийг юу ч үгүй дарж орхих нь тэр.
    Харин өнөөх хулгана хадны орой дээр үсрэн гараад:
    “Би Загастайн эзэн савдаг болой. Бурхадын ивээлд орш¬сон хүчирхэг нэгэн би билээ. Харин хатан чи эзэн савдагт эргэлзсний чинь хариуд энэ даваагаар давах гэсэн нүгэлт нэгэн төдий бус буянт хэнбугайд ч саад учрах болно” хэмээн зарлигдсан домогтой.
    Ер нь ч тэнгэр сайхан байхад энэ давааны орой дээр хүн гарахуй гэнэт хуй салхи босож, өндгөн чинээ чулуу хийсгэн хүн малын толгой оночих гээд эсвэл зуны нарлаг өдөр цасаар хуйсран шуурах нь ч бий. Мөн Барон Унгерны итгэлт хүн польш Оссендовски энэ даваагаар давж явахдаа эндэж өнгөрсөн олон ч хүний цогцос яс харсан хэмээн дурсамжийн номондоо бичсэн байдаг билээ.

  • ХАЛИМАГ УЛС 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ

    Халтимагийн автономит улсын 100 жилийн ойгоо Москвад Кремлийн ордонд баярын урлагын тоглолт хийж тэмдэглэлээ. Баярын цэнгүүнийг Халимагийн түүхэн үйл явцыг харуулсан театрачилсан тоглолтоор харуулав.
    Бүгд Найрамдах Халимаг Улс нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах улс бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршдог. ОХУ-ын өмнөд Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг. Нийслэл хот нь Элэстэй. Халимаг нь өмнөд хэсгээрээ ОХУ-ын Дагестан, баруун өмнөд хэсгээрээ Ставропольскийн хязгаар, баруун хэсгээрээ Ростов муж, баруун хойд хэсгээрээ Волгоград муж, зүүн хэсгээрээ Астрахань мужтай хил залган оршдог. Хүн амын ихэнх нь Ойрад Монголчууд (эдүгээ Халимаг хэмээн нэрлэгдэж байна) бөгөөд үлдсэн хүн ам нь нь Орос, Украйн үндэстэнүүд, Чечень, Осети, Дагестан угсаатнууд болно. Халимагуудын тал хувь нь Торгууд, 35% нь Дөрвөд, 15%-г Бузава ястад эзлэдэг. Халимаг улс нь Европ тив дахь цорын ганц Буддын шашинт орон юм.

  • АНУ-ААС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ

    Монголын цаг тооллоор шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүссэнээр бидний мэйллээр мэдээлэл солилцох эхэлсэн. МБНЭ-ийн хамтын ажиллагаа бидэнд их тус болж байгааг тэмдэглэн бичжээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөөгийн байгууллага болон хувь хүний харилцааны талаар санал бодлоо хэллээ. АНУ-ын иргэн Чарлес монгол уламжлалт зан үйлийн талаар саналаа хэлж байнга хамтран ажиллахын ерөөлийг дэвшүүллээ.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Ц.ОТГОНСҮРЭН ЯРИЛЦЛАГА ӨГӨВ.

    Монголын телевизээр бөө мөргөлийн тухай сурталчилах нь ховор байдаг. Ховор боловч хаяахан манай улаач нар ярилцагад ордог. Энэ удаа МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн, Дагшин тэнгэр төвийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн телевизийн 1 дүгээр сувгаар Монгол бөөгийн тухай ярилцлага өглөө.
    Ярилцлагаар улаач нарын энэ жилийн онгодын айлдваруудын талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Мөн өвгөд дээдсээр уламжлан ирсэн байгаль дэлхийгээ хамгалах ёс заншил, бөө мөргөлийн уялдаа холбооны талаар тайлбар өглөө. Дэлхий ертөнцийн өнөөгийн байдал, өвчин гачланг даван туулах талаар өөрийн онгодын айлдварыг танилцууллаа.
    Байгаль дэлхийтэй харьцах, өөрийн уул, ус түүний түүний эзэд, хайрхадын овоонд тахилга хийж, өргөл өргөх тухай сахиус, онгодынхоо айлдварыг тайлбарлаж өглөө.
    Мөн МБНЭ-ээс зохион байгуулах Бурхан халдун хайрханы болон Хар зүрхэний Хөх нуурын нэгдсэн тахилгын мэдээг олон түмэнд хүргэлээ.