Хэрэв ойр орчмын шагаанд гар хүрч хөдөлгөх, атгасан шагаанаасаа унагавал алдаа гэж үзээд хүчингүйд тооцож дараагийн хүн шүүрнэ.
Дээрх алдааг гаргалгүй авсан хүн шагаагаа өөрөө авна. Ингэж наадсаар дэвжээн дээрх шагаа дуусахад хамгийн цөөхөн шагаатай хүний шагааны тоотой адил шагаа нийлүүлэн дэвжээнд цацаж тараагаад түрүүчийн тоглолтын хамгийн сүүлчийн шагааг авсан хүн эхэлж шүүрнэ.
Шагаа шүүрэхэд хамгийн сүүлд гар багтахуйц цөөн шагаа үлдвэл түүнийг хажуугийн хүн алгандаа шигшин багцалж өгдөг. Энэ багцыг шүүрэхэд нэг шагаа үлдэхийг зөвшөөрдөг бөгөөд үүнийг сүүл гэж нэрлэдэг. Хэрэв тоглогч ээлжиндээ энэ миний алганд багтахгүй гэж үзвэл багцаас ганц шагаа аваад дараагийн хүн шүүрдэг. Зарим тохиолдолд цөөхөн 2-5 хүртэл шагаа үлдвэл түүнийг энд тэнд байрлуулж сум буцаж буух хооронд тоншиж (түүж) авдаг. Энэ нь маш хурдан шалмаг хөдөлгөөн, хурц хараа, баримжаа шаарддаг юм.
Ийнхүү наадаж тоглолтын явцад нийлэх шагаагүй болсон нь хасагдсаар, бүх шагааг өөртөө авч чадсан нь хождог. Шүүргийн шагаа нь маш жижиг шагаануудыг түүж тусад нь бэлтгэсэн байдаг.
Author: admin_shaman
-
Шагаа шүүрэх, бөгцөг няслах
-
ИХ МОНГОЛ УЛСЫН ЦЭРЭГ АЛТАН УЛСЫГ АМЖИЛТТАЙ ДАЙЛСНЫ УЧИР
Чингис хаан анхныхаа томоохон аян дайныг хийхдээ Алтан улсыг дайлсан агаад тэр дайн бүхэл бүтэн таван жил үргэлжилсэн билээ. Алтан улс хүчирхэг дайсанд тооцогдож байв. 1200 оны үед тус улсад 50 сая орчим хүн амьдарч байсны 4-5 сая нь зүрчидүүд байжээ. Тэр үед Алтан улс өөрийн өмнөдийн Сүн улстай дайтахад 2.270.000 цэрэг дайчлан гаргаж чадсаныг 1159 оны цэрэг татлагаас бид мэднэ. Тэгэхлээр Алтан улс Монголчуудтай харьцуулахад тооны хувьд асар их давуу цэрэг цэрэгтэй, бараг шавхагдашгүй хүн хүч, материалын нөөцтэй байсан хэрэг. Тэгсэн ч Чингис хаан хамаагүй цөөхөн цэрэгтэйгээр нэлээд их цаг хугацаа зарцуулж байж тэр их гүрнийг ялсан билээ. Түүний тэрхүү ялалтыг ойлгоход дөхөм болгох үүднээс Алтан улсын зарим өвөрмөц байдал, дайтаж байлдах онцлогийг нь энд хөндөн ярих гэсэн юм.
Юун түрүүн тус гүрэн ихэд хятадчилагдсан байсныг хэлэх хэрэгтэй, харин хятад бус шилмэл удирдлага нь зүрчидүүд байв. Хүн амынх нь 90 хувьхятад гаралтай байжээ. Хятадач Жак Гернет “Жүрчидийн улс төр, засаг захиргааны байгууллага, эдийн засаг, соёл нь хятадчилагдсан байсан” тухай тэмдэглэсэн буй.[1] Цэрэг армийнх нь удирдлагын бүтэц, байлдааны ажиллагаа, байлдах арга ухааны талаарх үзэл баримтлал нь ч гол төлөв Тан улсын үеийнхийг хуулбарласан хятад уламжлалаар тэжээн тэтгэгдэж байжээ. Гэвч тэр нь Алтан улсад ихээхэн гай тарьсан нь тодорхой болсон. Чингис хааныг 1211 онд анхны аян дайнаа Алтан улсад хийхэд эзэн хаан Вэй шао ваны дөнгөж шинээр томилоод байсан цэргийн захирагч Вангиан Чэнюй 400.000 хүнтэй цэргээ авч сөрөн байлджээ. Чингис хааны цэргийн жанжин Мухулай юунаас ч үл шантрах шилмэл “үхлийн цэргүүд”-ээ удирдан түүний цэргийг довтолсон байна. Юань улсын сударт: “Монгол цэрэг цөөхөн байсан боловч удалгүй Хятан болон Зүрчидийн цэргийг эвдэн бусниулжээ…” хэмээн онцолсон буй.[2] Вангиан Чэнюйг үлдсэн цэргээ аван ухрахад Чингис хаан өөрийн биеэр цэрэг авч мөшгөн хөөсөн байна. Эцэст нь гурван өдрийн тулалдаанаар Алтан улсын цэрэг хиар цохиулжээ. Юань улсын сударт бичсэнээр: “100 гаруй ли газар дайсны үхдэл хүүрээр дүүржүхүй.”[3] 1213 оны намар Чингис хаан Жиншаны дэргэд Жүхү Гаочи, Вангиан Ган нарын удирдсан Алтан улсын их цэргийн үлдэгдлийг бут цохижээ. “Алтан улсын түүх”-нд тэмдэглэснээр дан ганц Вангиан Ганы цэрэг л гэхэд 100.000 хүнтэй байсан аж. Тийнхүү Алтан улсын цэргийн гол хүч бүрмөсөн хиар цохиулсан ажээ. Гэсэн ч Алтан улсыг дайлсан аян дайн 1216 оныг хүртэл сунжран үргэлжилсэн нь Монголчууд цэргийн шинэ ажиллагаа болох хот, бэхлэлт цайзуудыг булаан эзлэх, цэрэг хамгаалалттай даваа гүвээг давахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой болсон, өмнө зүгт давших тутмаа өөрсдөд нь болоод морьдод нь халгаатай цаг агаар, бүс нутгийн эсэргүүцэлтэй тулгарах болсонтой илүү холбоотой.Гэхдээ яагаад Чингис хаан аян дайнаа эхлэнгүүт л наад зах нь 500.000 хүнтэй Алтан улсын цэргийн гол хүчийг ялж чадсан бэ? Өмнөд Сүн улсын үеийн дайн байлдааны түүхийг судалсан Франке энэ талаарх ойлголт төсөөллийг бидэнд өгч байна.[4] Юуны өмнө цэрэг удирдах арга ухаан Алтан улсад ч, Сүн улсад ч Тан улсаас хойш ер өөрчлөгдөөгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Морьт цэргээр жигүүрээсээ хамгаалуулж, хайрцаглан жагссан хоёр этгээдийн явган цэрэг өргөн уудам тэгш талд бие биеийг сөрөн зогсох нь тэр үеийн ойлголт төсөөллөөр хамгийн зохистой төгс төгөлдөр байрлал байжээ. Дайсагнасан хоёр талын гол цэргийн захирагчид аль нэг гүвээ толгой юмуу модон цамхаг дээр гарч зогсоод туг далбаагаар цэргүүдийг ийш тийш нь залж удирдана. Хэнгэрэг дэлдэж дайрах тушаал, харанга цохиж ухрах тушаал өгдөг байж. 100.000 хүнтэй гол цэргийг жагсаахад Тан улсын үеэс тодорхой тоо тогтоож өгдөг болсон байна. Цэргийг “том солонгон” жагсаалаар жагсаахад нийт фронтын өргөн нь 4.125 метр байх ба гүн рүүгээ 300 метрт цэргүүд цуваа болон зогсоно. Тэрхүү тэгш өнцөгтөд цэргийн гол хүч нь өргөөшөө 2.205 метрт багтдаг байжээ. Уг гол хүч нь тус бүр 50 цэргээс бүрдсэн салаануудад хуваагдаж, тэдгээр нь дайралтын зүгт суваргалан байрладаг байж. (1-р эгнээ: 7 цэрэг + салааны дарга, 2-р эгнээ: 8 цэрэг + салааны орлогч дарга, 3-р эгнээ: 9 цэрэг + нэг тугч, хоёр туг хамгаалагч, 4-р эгнээ 10 цэрэг, 5-р эгнээ 11 цэрэг). Нэг салаанд 225 ам метр, нэг цэрэгт 4.5 ам метр талбай ногдохоор тооцно. Хоёр явган цэргийн хоорондын зайг 3.1 орчим метр байх нь зохистой хэмээнэ. Жигүүрийг хамгаалах морьт цэргүүдийн хувьд ч бас л үүнтэй төстэй тоон үзүүлэлтийг баримталдаг байжээ. Хоёр морьт цэргийн хоорондын зай 6 метр, урд, хойд эгнээний хоорондох зай 30 метр байх ёстой байв. Морьт суман хоорондын зай 75 метр байж. Мэдээж тийнхүү тогтоосон тоо нь хамгийн зохистой гэсэн хэмжээ байсан, түүнд нь газрын бартаа зэрэг саад учруулах юм бишгүй байж. Тийм үед хоорондын зай өргөөшөө багасах төдийгүй цэрэг дайчдын чөлөөт хөдөлгөөн ч бас хумигддаг байв.
Ийм гол цэргийг хөдөлгөх хамгийн гол нөхцөл нь дасгал сургуулилалт, сахилга байсан нь эргэлзээгүй. Үе үе жагсаалын хаа нэгтээ газар орны нөхцөл байдлаас болж явган марш хурдаа өчүүхэн өөрчлөх төдийд л жагсаалын эмх цэгц алдагддаг байв. Тиймээс цэрэг арми, цэргийн маневрлах чадвар нь туйлын уян хатан бус байжээ. Дээр нь бас цэргийнхэн бус Күнзийн сурталт энгийн түшмэд цэрэг удирдах явдал тийм ч ховор бус тохиолдоно. Мөргөлдөөн гарсан тохиолдолд ийм цэрэг яахыг төсөөлөөд үзье л дээ. Бараг хүч тэнцүү Хятадын хоёр цэрэг хоорондоо дайтлаа гэхэд нэгэн цагт тодорхой шийдэлд хүрэх нь лав. Харин өөрсдөө тооны хувьд хичнээн давуу ч Монголчуудтай бол чингэх ямар ч боломж байхгүй.
Эргэн санацгаая: Мухулай жанжин юуны өмнө явган цэргээс бүрдсэн Алтан улсын цэргийн гол цөмд “Үхлийн морьт цэрэг”-ээ цүүц хатгалтаар нэвтрүүлж, тулалдааны байрлал, жагсаалынх нь эмх цэгцийг алдагдуулсан болов уу. Цүүц хатгалдаанаар асар хурдтай цөмрөн оржээ. Цүүц дайсны жагсаалыг баруун солгойгүй эвдэн бусниулж, их хурдтай өргөжин тэлж, зүүн, баруунгүй дайсны хүчийг талбай нь улам хумигдан, хүч нь улам эрчлэх усны эргүүлэг лугаа байдалд оруулжээ. Дайсан эх захаа алдан бужигнаж, айдас хүйдэст автан, эмх замбараагүй болж дутаана. Чингис хаан хөнгөн зэвсэглэж, өвч тоноглосон морьт цэргээ тулалдааны өмнө хоёр жигүүрт хуваасан байжээ. Одоо тэр зөвхөн цүүц хатгалдааны үзүүлэх нөлөөг хүлээж, морьт дайчдынхаа хоёр жигүүрийг эмх цэгц нь нэгэнт алдагдсан дайсны явган цэргийн жагсаал руу довтолгон оруулах л хэрэгтэй байв. Тэгээд ердөө алаад байх л үлджээ. Юань улсын сударт бичсэнчлэн: “100 гаруй ли газар дайсны үхдэл хүүрээр дүүржүхүй.” Үнэхээр ч Алтан улсын цэргийг бодвол Монголчуудын амссан хохирол бага байсан буй заа.
Европын хөдөлж ядсан болхи хуягт баатруудын цэрэгтэй Лийгнитц зэрэг газарт хийсэн иймэрхүү тулалдаануудад ч Монголчуудыг амжилт үзүүлэхэд нь хуучирч үеэ өнгөрөөсөн, уян хатан бус байлдааны дэг журам, хэтэрхий хүнд зэвсэг агссан, өвч өмсгөлтэй хуягт баатруудын армийн хөдөлгөөн муутай байдал тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж болох талтай.
Дайснуудынх нь үздэгээр Монголчууд ихээхэн үр нөлөө бүхий хүч тэнцвэргүй дайныг хийсэн. Өдгөө ч гэсэн хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглосон өндөр хөгжилтэй цэргүүд хүч тэнцвэргүй дайны аргад дадсан цэрэгтэй газар орны хүнд бэрх нөхцөлд харьцангуй найдвар багатай дайтаж байгааг бид мэдэх билээ. -
№ 5-3. Орос-Японы нууц хэлэлцээр
Үүнд:
Нэгдүгээр зам нь: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг
Хоёрдугаар зам нь: Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг
Гуравдугаар зам нь: Сөнидийн хоёр хошуу, дөрвөд вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт байс Насан-Аривжихын цэрэг
Дөрөвдүгээр зам нь: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг
Тавдугаар зам нь: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлийн цэрэг тус тус хөдлөх болсон ажээ. Мөн Ховдын хязгаарыг чөлөөлөх дайнд гавьяа байгуулж, үе улиран залгамжлах засаг, бэйл, цэргийн жанжин, манлай баатар цолоор шагнуулсан баргын Дамдинсүрэнгийн зүүн өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар тохоон томилжээ.
1913 оны зун Өвөр Монголын нутагт байлдаж явсан монгол цэрэг Хятадын үлэмжхэн цэрэгтэй олон газар шаргуу тулалдаан хийж байжээ. Мөн тэр үед Ховд, Алтайн хязгаарын зааг Цагаан Түнгэний Улаанхайрхан гэдэг газар монгол, хятад цэргийн хооронд ширүүн тулалдаан болж байв. 1913 оны намар Шилийн гол, Чахарын нутаг чөлөөлөгдөж дууссан бөгөөд улмаар монгол цэрэг Цагаан хэрэмд зарим газраар тулж очоод ялангуяа Чуулалт хаалга хотын хэрмийн хаалганы араас эхлэн Монгол нутгийн хилийг хамгаалж байжээ.
1911 оны 12-р сарын 25-нд гадаадаас Шанхайд эргэж ирсэн Сун Ятсен (Сун Чжуншань)-ийг өмнөд Хятадад хувьсгалт хүчин тойрон нягтарч байлаа. Өмнөд мужуудын төлөөлөгчдийн бага хурал Нанжин хотноо болж 12-р сарын 29-нд Сун Ятсенийг Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын (БНДИУ) Ерөнхийлөгчөөр сонгосон ажээ. Ингэж Монгол, Хятад хоёр улс шинэ төрийн тэргүүнээ нэг өдөр өргөмжилсөн юм.
ДИУ-ын хурал хуралдаж 1912 оны 3-р сарын 10-нд ДИУ-ын түр үндсэн хуулийг баталжээ. Түүний 3 дугаар зүйлд <<Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын нутаг дэвсгэр нь 22 муж, ар, Өвөр Монгол, Түвэд нь тус бүр таван төлөөлөгчийг үндэсний хуралд сонгоно гэж заажээ. Энэ бол ДИУ Монголын тусгаар тогтносон улсыг хүлээн зөвшөөрөхгүй, харин түүнийг Хятадын хэсэг гэж үзэж байгаагаа хуульчлан заасан баримт мөн.
Монгол садан тусгаарлах нь ашиггүй, харин тунхагласан тусгаар тогтнолоо цуцалж, Дундад Иргэн улсад нэгдэх хэрэгтэй, үүний тул хэлэлцээ хийлгэхээр Бээжингээс төлөөлөгчид явуулав гэж 1912 оны 6 сарын 7-нд Монголын засгийн газарт мэдэгджээ. Монгол улсын засгийн газар Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч, хэлэлцээ хийхээс эрс татгалзсаар хариу өгөв. Гэтэл ДИУ Нийслэл Хүрээнд 1912 оны VII сард Богдтой хэлэлцээр хийлгэхээр өөрийн төлөөлөгч хоёр хүнийг ирүүлж, Богдтой уулузуулсан боловч Богд хаан тэдний ятгалгыг хүлээн авалгүй, нийслэлээс нэн даруй гарч явахыг шаардсан ажээ2.
2 Б.Ширэндэв. Монгол ардын хувьсгалын түүх.УБ. 1969. Тал 38.
Ар, Өвөр Монгол нэгдэж нэгэн улс болох гэсэн байдал төлөв улам бүр илэрхий болж байхад, Алс Дорнодод ноёрхлоо тогтоох эрмэлзлэлтэй империалист Япон, Орос улстай Монгол дахь нөлөөнийхөө хүрээг 1907, 1910 онд тогтоосноо түүхэн шинэ нөхцөлд албан ёсоор дахин бататган тогтоож авах нь чухал гэж үзсэн учраас Орос улстай Монголын асуудлаар нууц хэлэлцээ хийж эхлэв.
1912 оны 6 сарын 25-нд Орос, Япон хоёр улсын байгуулсан энэхүү нууц гэрээний хоёрдугаар зүйлд заахдаа: “Өвөр Монголын Бээжингийн уртраг /Гринвичээс зүүн тийших өргөрөг 116 градус 27/-ийн зүүн баруун хоёр хэсэгт хуваагдана. Оросын эзэн. Хааны засгийн газар нь дээр дурдсан уртрагаас зүүн тийш орших Өвөр Монголын хэсэг дэх Японы тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ. Японы эзэн хааны засгийн газар нь дурдсан уртрагаас баруун тийш оршдог. Өвөр Монголын хэсэгт Оросын тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ”2 гэжээ.
2 Гримм Э.Сборник договоров и других документов…М.1927. стр.180.
-Хэрээд Л.Жамсран. Монголын төрийн тусгаар тогтноолын сэргэлт. УБ. 1997. Тал 66. -
“Сартваахи”-уудын хаврын синдром эхлэлээ
Манай улсын хувьд 1990 оноос өмнө шашин номлолыг үгүйсгэх марксист, социалист үзэл хүчтэй өрнөж байснаа 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш иргэний шашин шүтэх эрх чөлөө хуулиар хамгаалагдан нээлттэй болсон. Үүнтэй аялдан тухайн цаг үед нэг хэсэг иргэдийн “ангаж цангасан” итгэл үнэмшил дээр дөрөөлөгчид цөөнгүй төрсөн байдаг. Ямар сайндаа л Монгол улсын Ерөнхийлөгч дэргэдээ “төрийн үзмэрч”-ийг залж байхав дээ. За тэгээд харь гаригийнхантай учрагсад, өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа, Алтан цөгцний хэрэг гээд олон хөгжилтэй үйл явдлуудыг дурьдаж болно.
Харин эдүгээ дээрх цаг үеийг бодвол хүмүүсийн итгэл үнэмшил харьцангуй тогтвортой болсон. Гэсэн хэдий бидний дунд “бурханаар бөөлжигч”, “дүнз доктор”, “мөнгөний даллага дуудагч”, “дэлхий сөнөхийг урьдчилан харагч”, “хаан хатан ухааныг дэлгэрүүлэгч”, “хар цагаан сүлд тахигч”, “ханийн заяа дуудагч”, “алтан ургийн хунтайж” гээд сонирхолтой хүмүүс байсаар л байна. Тэдний үйл хэрэг намар хавар идэвхидэг гэж хэлж болно. Намар сургууль соёл эхлэж, хөдөө гадаанаас боловсрол мэдлэг багатай хүмүүс олноороо хотод цугладаг. Энэ үед элдэв “сартваахи”-ууд ээлжит номлол, лекцээ явуулдаг. Тэдний “сургаал”-ыг сонсохын тулд 10-20 мянган төгрөг төлөх хэрэгтэй.Хүмүүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам. Хоногийн хоолоо олж идэхийн тулд хог шаг түүхчээ болж амьдарч байгаа нэгэн байхад унаж байгаа машиныхаа түлшинд сардаа 1-2 сая төгрөг зарцуулж байгаа нэгэнч байна. Эдний дунд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” хорвоогийн бор хоног, шар нарыг элээж байгаа олонхи бас байна. Ийм хүмүүсийн хувьд ажил үйлсээ бүтээх, мөнгө төгрөгтэй болох, эд эдлэл элбэгтэй байх нь “мөнхийн мөрөөдөл”. Мэдээжийн хэрэг баялаг бүтээхийн тулд хүн хөдөлмөрлөх ёстой. Гэхдээ хөдөлмөрлөөд, зүтгээд хүн бүхэн “хүссэн” амьдралдаа хүрч чадахгүй нь гачлантай. Ингээд аргаа барж явахад, “мөнгөтэй” болгох арга зааж өгөгсөд гараад ирнэ. Тэд хүмүүст амар хялбар аргаар мөнгөтэй болохыг зааж өгнө. /хулгай, луйврыг аргаар мөнгөтэй болох тухай биш шүү/ Энэ арга нь хялбархан, тарни унших, сарруу түрийвчээрээ даллах, нар зөв гарав эргүүлэх, даллаганы уутаа зөв байршуулах гээд олон арга байдаг юм билээ. Жаахан хошигноод хэлбэл, “Буратино” зохиолд гардагчлан Базилио муур, Алиса үнэг хоёр Буратиног зальдаж мөнгийг нь авдагтай адилхан мэт.
Хавар бас тэдний үйл ажиллагаа идэвхижинэ. Ингэх л бас л итгэл үнэмшилтэй холбоотой. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор хүмүүсийн үйлдсэн буян арвиждаг гэж үздэг буддын шашны үзэл санааг дагалдуулан буян номын үйл, сан уншлага, гүрэм засал нэрийдлээр бусдын итгэл үнэмшил дээр дөрөөлөн өөрийн түрийвчээ зузаатгагчид олон.
Тун удахгүй газар гэсэхтэй холбоотойгоор бөөгийн зан үйл идэвхжээд эхлэнэ. Үүнийг дагалдан энэ төрлийн “бизнес” цэцэглэнэ дээ. Монголчууд бид чинь төрийн хууль батлах дээд байгууллага, Засгийн газартаа бөө зайрантай хүмүүс шүү дээ. Мөнх тэнгэр тэднийг ивээг дээ.Одоо элдэв лекц, уншлага, буян ном хурахуйн үйл ид үргэлжилж байна. Та тэдэнд найдах уу, өөртөө найдах уу…
Ц.Мөнх -
ХӨГЖЛИЙН БАЙДЛАА ХАРЬЦУУЛАХ НЬ
Улаанбаатарыг утаагүй болгох үндсэн зорилт бол монголчуудыг орон сууц, барилгажуулах асуудал юм. Гэхдээ халаалалтыг зөв шийдэх асуудал юм. Орон сууц, барилгажуулалтыг хийхдээ эргэн тойрон ногоон бүсийг иж бүрэн хийх нь чухал байна. Манайх шиг өргөн уудам нутагтай улс, хотынхоо төвийг тойрсон явцуу төлөвлөлтөд “чихдүүлж”, ажлаа хийгээд байгаа юм. Хотын төв одоо зай завсаргүй болсон. Барилгууд нь нэг нэгнийгээ цонх хаалгыг хааж барьсан, газар үгүй мэт шавааралдсан нийслэл,одоо олон бэрхшээлтэй тулгараад байгаа.
Нийслэлийн захирагч Бат-Үүл тэртээ олон жилийн өмнө сайхан ерөөлтэй үг хэлсэн нь Улаанбаатар хотыг 2020 он гэхэд метротой болгох ерөөлийн үг байсан. Тэр жил Өвөрмонгол төв хот Хөх хотоо метротой болгохоо зарласан.
Ерөөл дэвшүүлж байсан 2020 он гарлаа. Ерөөлт сайхан жил болоход манай болон өмнөд орны улс төрчдийн ялгаа тод томруун харагдав. Манайд метротой болно гэж тунхагласан нь улс төрчдийн амнаас гарсан хоосон хий, бэлэгдэл байв. Харин Хөх хот метроныхоо нээлтийн хийхэд бэлтгэж туршилтын явалтаа хийж эхлээд байна. Улс хоорондын хөгжлийн ялгаа улам бүр ихэссээр байна. Бид яах ёстой юм бэ. Хий хоосон өмнөд хөршийнхөө эсрэг дайсагнасан ухуулга хийж, он жилийг элээсээр байх уу, Эсвэл асуудлыг бодитойгоор ухаарч хөгжлийн чиг хандлагаа өөрлөх үү. Энэ бүхэнд “утаа” санаа өгсөөр байна. Бидний автомашины түгжрэлийг бууруулах, хотын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх зорилтыг судлахаар нэг их хол явах шаардлагагүй болсон байна. Энэ бүхнийг шийдэж буй арга бидэнд тун ойрхон байна.
Энэ удаа Өмнөд хөршийн өвөрмонголын Хөх хотын утааг нийслэлийнхээ утаатай харьцуулж үзүүлэхийг хичээв. Далан хар уулын өмнө байрлах Хөх хотын утаа иймэрхүү харагдаж байна. Улаанбаатарын утаа ийм харагдаж байна. Утааны талаар үнэлэлт өгөхийг хүссэнгүй. Уншигч олон өөрсдөө тунгаан бодно биз ээ. -
Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр баталлаа
Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна.
Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохиол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ.
Төрөөс жил бүр төсөв хөрөнгө хуваарилан тодорхой дэмжлэг үзүүлснээр ийм байдал ирэх жилүүдэд давтагдахгүй, соёлын өвийн хадгалалт хамгаалалт эрс сайжирах юм. -
Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ
АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны онцлох 10 олдворын жагсаалтад Архангай аймгийн нутгаас олдсон Сүннү гүрний үеийн дээдсийн хоёр булшнаас гарсан олдворууд багтжээ.
МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл Евразийн зүүн хэсгийн тал нутагт ноёрхож байсан нүүдэлчин ард түмэн болох сүннүчүүд Хятадын Хань гүрэн рүү (МЭӨ 206-220) байнга халддаг байв. Эл халдлагаас хамгаалахын тулд Хань гүрнийхэн бэхлэлт босгосон нь эцэстээ Цагаан хэрмийн нэг хэсэг болжээ.
“Улаанбаатар” их сургууль, Хятадын Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан багийнхны малтсан хоёр булшинд тансаг хэрэглэлүүд байсан аж.
Том хэмжээтэй булшнаас мөнгөн бөгж, алтадсан мөнгөн луу зэрэг хэрэглэлтэй модон хайрцаг гарсан бол жижиг булшинд морин тэргэн дээр оршуулсан хүний шарил, адууны 15 толгой, морины 19 мөнгөн чимэглэл байжээ. Түүнчлэн булшнуудаас хаш чулуугаар чимэглэсэн илдний хэсэг гарсан байна.
Т.Есүхэйтөмөр -
ХАВТГАЙ ТЭМЭЭ ДАЙЖИЖ, харийн нутаг руу одож байна1
Одоо Хятад улсад 600 хавтгай байна. Энэ амьтны нөгөө гол нутаг болох Монгол Улсад 300 орчим хавтгай байна. Үүнээс үзвэл дэлхийн зэрлэг тэмээний нийт тоо 1000 хүрэхгүй байна” гэж “Синьхуа” агентлаг 2011 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан бол саяхан “Хятадын байгаль хамгаалагчид хилийн ойролцоох нутгуудаар судалгаа хийж явахдаа 124 хавтгайтай таарчээ. Эдгээр зэрлэг тэмээ Монголын нутгаас орж ирэн, идээшиж байна” хэмээн мэдээлэв.
ХАВТГАЙН ГАЗАР НУТАГ 30 ЖИЛД 15.000 АМ КМ-ЭЭР ХУМИГДЖЭЭ
Хавтгай хэдийгээр Монгол Улсын баруун өмнөд, БНХАУын баруун хойд хэсэгт цөөн тоогоор сүрэглэн амьдрахдаа хил дамнан нүүдэллэж явдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд малчдад шахагдан, малд бэлчээр нутгаа алдаж байгаа нь үнэн. Жилээс жилд сая саяар өсөн үржиж байгаа мал сүргээ малчид зэрлэг амьтдын газар нутгийг булаан идээшлүүлж байна. Дээрээс нь олз хайгч нинжа нараас үргэн дайжиж буй амьтдаа буцаан даллах бодлого манай улсад алга. Түүнээс болоод хавтгай эх нутгаасаа дайжиж, эргэж ч харалгүйгээр харийн нутаг руу үүрд явж байгааг үгүйсгэх аргагүй. Манай оронд хэдэн хавтгай нутаглаж буйг яг таг хэлэх хүнгүй, нэг хэсэг нь устаж байна гэхэд нөгөө нь түүнийг үгүйсгэж сууна. Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна. Энэ нь 1900-1920 оны үеийнхээс 3.5 дахин бага нутаг юм. Хавтгайн газар нутаг ийн хумигдаж байгаа нь энэ амьтан Монголд цөөрч, харьд хулжиж буйг илтгэх бас нэг нотолгоо бус уу.
SOS ЖАГСААЛТЫН НАЙМДУГААРТ ХАВТГАЙГ БҮРТГЭЖЭЭ
1873 онд Оросын судлаач Н.М.Пржевальский Төв Азид хийсэн хоёр дахь судалгааныхаа үеэр хавтгайг харж, ийм амьтан байдгийг шинжлэх ухаанд “хэлж өгсөн” түүхтэй. Хавтгай агнахыг манай улс 1930 оноос хуулиар хориглон, 1958 онд дархалж, 1975 онд Говийн их дархан газар бол энэ амьтны үндсэн тархац нутаг болохыг тогтоожээ. Ан агнуурын тухай 2000 оны хуульд хавтгайг байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац хязгаарлагдмал, устах аюулд орсон, нэн ховор амьтны ангилалд оруулсан байна. Монгол Улс нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Биологийн төрөл зүйлийн конвенц (SBD)-д 1993 онд, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглох тухай конвенц (CITES)-д 1996 онд, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц (CMS)-д 1999 онд нэгдэж, хавтгайгаа бүртг үүлсэн тул энэ амьтныг хамгаалах нь олон улсын өмнө хүлээсэн том үүрэг болж байгаа юм. Гэтэл манай улс энэ үүргээ биелүүлэхийн оронд аргацаасаар өдий хүрэв.
Уг нь энэ хосгүй ховор амьтан тэнэгэр говьдоо идээшилж, хавтгай Монголд байдаг хэмээн дэлхийд зарлуулж байвал бидний, Монголын бахархал. Гадаадын эрдэмтэд хавтгай бол дэлхийн гайхамшиг юм хэмээн онцолж, Амьтан судлалын нийгэмлэг Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл (EDGE) хэмээх хөтөлбөр (SOS жагсаалт гэж болох)-т хавтгайг оруулж, жагсаалтын наймдугаарт бүртгэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар заасны дагуу 2010 оны есдүгээр сард БОАЖЯ гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулж эхэлсэн ч одоо болтол гарт баригдаж, нүдэнд харагдах юм хийсэнгүй.
2003-2007 онд Байгаль орчны яам НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран, “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрчээ. Гэвч уг төслийн хүрээнд хавтгайн хорогдлын шалтгааныг тогтоох байсан ч эрдэмтэд үүнд хариулт өгөөгүй байх юм. Биологийн хүрээлэн, АНУын Денверийн амьтны хүрээлэн хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 оны аравдугаар сард нэг хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 оны тавдугаар сард нас гүйцсэн гурван буур, хоёр ингэн хавтгайг хүзүүвчилсэн байна. Үүний гурвыг Буурын хяр, Атасын шал, Давхар харын нуруунаас барьсан бол хоёрыг нь Хар сайрын хөндийгөөс барьж хүзүүвчлээд, буцаан тавьжээ. Гэсэн ч ганц л хавтгайд зүүсэн хүзүүвчний дохиолол ажилласан гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2001 онд Бээжинд болсон хавтгай хамгаалах олон улсын бага хурлын үеэр Хавтгай хамгаалах сангаас Монгол, Хятадын Засгийн газрын хооронд дэд сайдын хэмжээний уулзалт зохион байгуулж, хавтгай тэмээг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Харамсалтай нь эдгээр хурал, цаасны үр дүн чамлалттай.
1980-1982 ОНД ОНГОЦООР ТООЛЛОГО ХИЙЖЭЭ
1943 оны үед Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-1982 онд 500-800 бий гэсэн тоо гарчээ. Манай улс 1980-1982 онд “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд хавтгайн тооллого явуулсан байна. Үүний үр дүнд манай эрдэмтэд хавтгайн онцгой шинж, экологийн үндсэн үзүүлэлт, тоо толгой, байршлын талаар төсөөлөлтэй болсон аж. Үүний дараа Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. 1997 оны гуравдугаар сард Монгол, АНУ, Германы судлаачид хамтран, агаарын тооллого хийгээд 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна. 1980-1982, 1997 онд хийсэн тооллогын дүнгийн зөрүү их байгаа нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ өөр байсантай холбоотой бололтой. 2004-2005 онд нэгдсэн аргачлалаар улирал тутамд тодорхой замналын дагуу хийсэн тооллого, судалгааны дүнд Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 463 хавтгай байгааг тогтоожээ. Үүнийг үнэнд ойр тоо хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ.
ГАРШУУЛСАН ХАВТГАЙ ҮРЖИЖ ОЛШРОХДОО ТААРУУ БАЙНА
Хавтгай 2-3 насандаа өөрийн бие даасан сүргийг үүсгэдэг. Энэ үедээ анхаарал сэрэмж муутай, айж зугтаахын оронд сонирхох, тандах нь давамгайлдаг тул чонын идэш болох, бууны овоо хараанд орох магадлал өндөр байдаг аж. Устаж буй энэ амьтныг аврахын тулд Баянтооройгоос 2001 онд 11 ботго барьж, Баянхонгор аймгийн Эхийн голд аваачин, хоёр жил гаршуулжээ. 2003 оноос Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр уг 11 хавтгайг Баянтооройд буцаан авчирч, үлдсэн хоёр ингэтэй нийлүүлснээр хавтгай гаршуулах ажил үргэлжилж байна. Одоо Захын усны үржүүлгийн төвд малчин, малын эмч нар хавтгайг хүний оролцоотой үржүүлэн, байгальд буцаан тавих үйл ажиллагаа явуулж байна. Гаршуулсан хавтгайн зэрлэг байдлыг нь алдагдуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 20-нд бэлчээрт тавьж, аравдугаар сарын 20-ны үед ороо нь орох цагаар хашиж, алсаас өвс тавьж өгдөг аж. Баянхонгор аймгийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл гаршуулсан хавтгай тооны хувьд өсөлт муутай байгаа аж. Хавтгайн ботгоны бие дааж амьдрах чадвар муу байгаагаас өсөж олшрохгүй байгаа бололтой. Хавтгай гаршуулагчид өвөл орооны үед хавтгайн буур, үржлийн ингийг хашаанд тусгаарлан нийллэгт оруулах, хээлтэй ингийг тэжээж тордон эсэн мэнд төллүүлэх, төлийг нь бүрэн торниулах, зун, намарт задгай бэлчээрт хариулж тарга хүч авахуулахын хажуугаар ажиглалт, судалгаа явуулдаг гэнэ.МОНГОЛ, ХЯТАДЫН ХАВТГАЙ ХАМГААЛАХ ЯЛГАА
Манай улс Говийн их дархан газрыг 1976 онд дархан цаазтай болгож, улсын тусгай хамгаалалтад авсан ч хавтгай хамгаалах талаар одоо болтол нэгдсэн бодлого, хөтөлбөргүй сажилж ирлээ. Энэ ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулдаггүй, хавтгай хамгаалах ажлыг өдий хүртэл гадаадын байгууллагуудад ацаглан орхижээ. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2005 онд 3.0 сая, 2006 онд 35.5 сая, 2007 онд 67.9 сая, 2008 онд 106.4 сая, 2009 онд 103.5 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Үйл ажиллагааны зардлын 75.5 хувийг нь цалин эзэлдэг энэ байгууллагад хавтгай хамгаал, өсгөж үржүүл гэж мөнгө өгдөггүй. Ажилтнуудад нь хавтгай хамгаалах сэтгэл зүтгэл байлаа ч түүнийгээ мөнгө болгон судалгаа шинжилгээ хийж, өвс, ус, хужир болгон хавтгайд тавьж өгч болох биш дээ. Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор дархан цаазат газрын цөлийн нөхцөлд нэг байгаль хамгаалагчид 200 мянган га талбай хариуцуулахаар тогтоож өгчээ. Үүгээр бол 4.4 сая га талбайтай Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 22 байгаль хамгаалагч ажиллах ёстой атал 11 ажиллаж байна.
Гэтэл Хятад улс 2003 оноос Шиньжанд Лоб нуур, Ганьсүд Ань Наньба гэх, хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүс дараалан байгуулсан юм. 78 мянган ам км газар нутагтай энэ хоёр нөөц газрыг хавтгайд тусгайлан зориулжээ. “Олон жилийн уйгагүй хүчин зүтгэл, төрөөс мөнгө санхүү, бодлогоор дэмжиж байгаагийн хүчинд Хятадад зэрлэг тэмээний тоо мэдэгдэм нэмэгдэж байна” хэмээн урд хөршийнхөн ам бардам байна. Тэд хавтгайн тооллого, судалгаа шинжилгээг ч тасралтгүй хийж, өөрийн нутаг дахь хавтгайг Монголын хил давуулахгүй байх, Монголын талаас орж ирсэн хавтгайг тэндээ үүрд нутагшуулахад ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадууд үүл буудан бороо оруулж, хавтгай хамгаалах нутгаа өвстэй, устай байлгахад анхаарч байна. Амьтан ч бас амьд юм хойно устай, ургамалтай айх аюулгүй газар бараадах нь мэдээж.
Хавтгай Монголоос хулжиж, хүний нутаг руу үүрд одвол хятадууд “Хавтгай гэх хосгүй ховор амьтан зөвхөн манайд л байдаг” хэмээн сайрхаж, хавтгайгаа үзүүлэхээр гадаадынхныг урин дуудаж, Хятадыг сурталчлах нэрийн хуудсаа нэгээр нэмнэ. Английн Хавтгай тэмээ хамгаалах сан зэрэг байгууллага хандив тусламжаа тэр үед зөвхөн тийш л чиглүүлнэ. Харин тэр үед бид яах вэ. Хятадаас хавтгайгаа гуйх уу, гадаадын амьтны хүрээлэнгүүдээс хайх уу. -
Олон шашин нийгмийн оюун санаанд сөргөөр нөлөөлдөг үү
Тухайлбал, номлогчдын клуб гэгддэг нормоны үзэлтнүүдийн тухай дэлгэрүүлэн бичжээ. Нормон гэдэг нь үндсэндээ христийн цэвэр шүтлэг биш аж. Учир нь нормоны үзэл нь Есүсийг амьд байсан онолд дулднйдвал, түүнийг дагагчдын нэгийг шүтэх үзэл гэнэ.
Юу гэхээр, Есүс христийн цэвэр номлолоор даган дууриагч үзлээ хэрэгжүүлдэггүй гэгддэг аж. Христийг нэг дагалдагчийг хэт шүтсэн буюу түүнээс үлгэрлэн дууриах үзлийн хамгийн том жишээ аж. “Сандэй Миррор”-т онцолсноор бол Азид нормоны үзэл дэлгэрэх хандлага өндөр байдаг аж.
Японд сүүлийн 30 гаруй жил нормоны үзлээр амьсгалагсад баян, тансаг амьдардаг гэх судалгаа бий. Харамсаптай нь учир битүүлэг үхэл, ер бусын нэг хэв загварын амиа хорлолтын дараа тус улсын хуулийнхан энэ шашныг мөрдөж эхэлжээ. Гэтэл нормоны урсгалд хэт итгэгсэд шинээр элсэгчиддээ маш их урамшуулал олгосны дараа тэдний амь насаар шан харамжаа буцаан авдаг байжээ.
Үүнийг Японы прокурорын байгууллага баримттай дэлгэж, уг шашны удирдагчдыг хуулийн хариуцлагад татсан байдаг.
Үүнээс хойш Токио, Саппоро зэрэг томоохон хотуудад нормоны үзлээс татгалзахыг уриалсан хууль баталжээ. Дэлхийн ихэнх улсад аливаа шашныг шахан гадуурхах үзэл байдаггүй учраас нэг мөсөн хориглох шийдвэр тэр бүр гардаггүй. Харин мусульманы хэт даврагсад болон лал, хиндичүүд энэ байдлыг тэвчдэггүй.
Өөрөөр хэлбэл, Арабын орнуудад лалаас өөр шашин давамгайлсан он цагийн хэлхээс аль 5000 жилийн өмнөөс л байгаагүй. Үүнээс үзэхэд Их Британийн сонинд өгүүлснээр манай улсад нормоны чимээгүй дайралт нүүрлэхэд хэт ойртсон байгаа юм.
Энэ нь нийгэмд шууд механик үйлдлээр тодрохгүй ч оюун санааны тахлаар илэрдэг гэдгийг шашин судлаачид баталжээ. Тиймээс нормоны шашин Монголын нийгэмд аюултай гэдэгт эргэлзэх хэрэггүй аж.
ЭНД ТЭНДГҮЙ СҮМ, ШАШНЫ БАРИЛГУУД СҮНДЭРЛЭХ БОЛОВ
Улаанбаатарт олон зовлон бий. Түүний нэг газрын маргаан. Захиргааны хэргийн шүүхэд энэ төрлийн гомдлын мөр хөөсөн шүүх хуралдаан өдөр бүр л болж байдаг.
Үүний үрээр газар олгогчид болон шийдвэр гаргагчдын луйвраар томчууд бүгд хөлжиж амжсан. Гэтэл “Чоно борооноор” гэдгийн үлгэрээр нийслэлийн “А” зэрэглэлд байршилтай хэд, хэдэн шашны тодотголтой барилга байдаг. Дээр, дооргүй үнэ, мөнгө ил тод хаяад ч хотын төвийн “А” зэрэглэлийн бүст газар олж авна гэдэг хэцүү.
Харин шашныхан бол чадаад байна. Тэд сайн үйлс, хүмүүнлэгийн зорилгоор олон тооны байршил сайтай обеькт нийслэлийн энд, тэндгүй бариад авчихсан. Харин тэднийг яг зорилгынхоо шугамаар үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байсан удаагүй.
Мөн шашны барилга, байгууламжтай холбоотой шүүх хурлын сураг ойрын хэдэн жилдээ л дуулдаагүй. Үүнээс үзэхэд харийн шашин дэлгэрүүлэгсэд нутаг дэвсгэрийн төлөө “дайтдаг” улаанбаатарчуудаас хол байдаг аж. Үнэхээр тэднийг шалгаад үзэхэд буруудахгүй болов уу.
Христийн цуглаан, хиндичүүдийн мөргөл, лалын залбирал гээд үндэстний буддист соёлоо хольж хутгасаар буй монголчуудад шашны үзэл хэт зөөлдөөд байдаг нь оргүй зүйл биш мэт. Түүнчлэн, Монгол Улсын төр, сүм, хийдийн харилцааны
тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлийн 8-д зааснаар “Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэжээ.
Харин тоо, тоймгүй баригдаж, толгой дараалан нэмэгдэж буй сүм хийд, лам санваартныг нарийн хянах хэрэгтэй мэт.
СҮМИЙН ХАНДИВ НЭРЭЭР ОРЛОГО ОЛОГСОД
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ямар ч христийн сүмд хандив цуглуулдаг гэвэл хилсдэхгүй. Долоо хоног бүр цуглаан зохион байгуулсны дараа хандивын “сав” аялуулж үүндээ хүссэн мөнгөө хийхийг санал болгодог.
Гэхдээ шинэ гишүүдээс л “мөнгө хураадаг”. Долоо хоногт болж байгаа цуглаан бүрийн дараа хандивын “сав” аялсаар байдаг. Харин олсон мөнгөөр сүмийн санхүүжилт, бусад асуудлаа шийддэг аж. Гэтэл эдгээр шашны байгууллагууд манайхаас албан ёсны зөвшөөрөл авахдаа иймэрхүү мөнгө хураах болон хандив зэрэг асуудлаар ярилцдаг болов уу.
МОНГОЛД ШАШИН ТҮРГЭН ДЭЛГЭРЧЭЭ
Манай улс 2010 оны хүн ам, улсын тооллогод шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь монголчуудын шашин шүтлэгтэй иргэдийн тоог нарийн гаргах боломж гарч ирсэн байдаг. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа байдаг аж.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө буюу 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн аж.
Харин улс орны хөгжлийн чиг баримжаа үндсээрээ өөрчлөгдөн, хүн амын шашин шүтлэгийн байдалд гэнэтийн эрс өөрчлөлтүүд гарах болсон шинэ нөхцөлд буюу 1994 онд Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1600 хүнийг хамруулан социологийн судалгааг анх хийжээ.
Уг судалгааны асуултыг шинэчлэгдсэн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт зарим асуулттайгаар 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр дахин судалгаа явуулсан нь одоогоор энэ чиглэлд хийгдсэн сүүлчийн дорвитой судалгаа болж байгаа юм.
Хэдийгээр Хүн ам, орон сууцны тооллогод шашины талаар ганцхан асуулт оруулсан боловч өмнөх хоёр судалгааны дүн мэдээтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байгаа аж. 2003 оны байдлаар шашин шүтдэггүй иргэд 77.8, харин шүтлэгтэй иргэд 22.9 хувийг бүрдүүлж байжээ.
Тэгвэл 2010 оны сүүлчээр хийсэн судалгаанд шашин шүтэгчид 38.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тоон үүднээс авч үзвэл харьцангуй бага тоо мэт боловч, нийгмийн хамааралд эрчимтэй өсч буй шашин, шүтлэгийн “масс”-ыг олж харж болно. Харин шашин хүчтэй дэлгэрч буй уг байдалд болгоомжтой хийгээд бодлоготой алхам барих нь нийгмийн оюун санааны “мөргөлдөөн”-өөс сэргийлдэг аж.
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь” -
Чинагийн Галсан: Би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарина
-Яагаад та ингэж олон мод тарихаар болсон бэ?
-Дэлхий дээр их олон мод тарь¬сан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шаг¬налт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө бурханы орон руу явсан. Тэр хүн Африк тивд 35 сая мод тарьж үлдээ¬с¬эн байгаа юм. Миний хувьд анх сая мод тари¬на гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их том амлалт байсан л даа. Манайхан Улаан-баатар хотын эргэн тойронд, байс¬хийгээд мод тарьдаг. Миний мэдэ¬хийн нийслэлийн ойрол-цоо Зуун мод нэртэй дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой. Тэдгээр моднууд зун цэцэглэ¬сэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж харагд¬даг. Харин мод ихтэй европ тивийн-хэн бид¬ний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ ойлгол¬тоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийн¬хөө хөрөнгөөр эх орон¬доо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй.
-Тэр олон модоо хаана тарь¬сан бэ. Хамгийн олон нь хаана ургаж байгаа вэ?
-Өөрийнхөө төрж өссөн нутаг болох Баян-Өлгий айм¬гийн Цэнгэл сум, Улаан¬баатар хотын эргэн тойронд нэлээд олон мод тарьсан. Анх Тэрэлжид мод тарьж байлаа. Дараа нь нийслэл дэх цэр¬гийн ангиудыг ногооруулсан. Цэргийн хуаран гэхээр л саарал байх ёстой мэтээр манай нөхдүүд төсөөлдөг.
Цэргийн хуран¬даа нартай би ном хаялцсан. Тэд энд “Хуарангаа ногооруу¬лаач” гэхээр “Хуаранд мод тариад яадаг юм” гэдэг байсан. Харин одоо тэдний энэ бодол өөрчлөгд¬сөн. Цэргийн болон ангийн захи¬рагчид “Галсан гуай хэдэн мод өгөөч ээ” гэцгээдэг боллоо.
Тарьсан моднуудын маань хам¬гийн олон нь нийс¬лэлээс 50 км-ийн зайд, Таван толгой гэдэг газар ургаж бай¬гаа. Тэнд манайхан “Хааны эрэлд” гэж цэргийн сур¬гуульд гадныхантай нийлж, цэр¬гийн бэлтгэл сургууль хийдэг. Цэргийн энэ сургуулилтад оролц¬сон цэргүүдийг амра¬хад нь зориулж “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн” бай¬гуулж байна. Энэ хүрээлэнд 200 мянга шахам мод тарилаа.
-Таныг мод, суулгац худал¬даж авахдаа гар татдаггүй гэх юм. Мод тарих ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна?
-Би мод, суулгацыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Үүнийг зарим хүмүүс ойлго¬дог-гүй юм. Үнийн хувьд мэ¬дээж өөр өөр. Мод, суулгацаа хамгийн багадаа мянга, дээд тал нь 20-30 мянган төгрө¬гөөр худалдаж авдаг. Авсан модоо заримдаа хүмүүст, байгууллагуу¬дад үнэгүй өгчих¬дөг. Монголын газар нутагт л ургах юм хойно тэр модыг хэн ч авсан хамаагүй шүү дээ. Би ой үржүүлгийн хоёр ч газартай. Нэг нь Улаанбаатар хотод, нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа.
Манайхан нэг хэсэг Улаан¬¬баа¬та¬рыг ногооруулж байна гээд 22-ын товчооноос Амгалан хүртэлх замд том том мод авчирч суулга¬сан. Анх тэр модыг суулгаж бай¬хад “Дөрвөн жилийн дараа энэ мод¬нууд чинь үхнэ” гэж би хэлсэн. Учир нь би мод тарих аргыг мэргэжлийн хэмжээнд судаллаа. Монгол Улс малын, халаасны хулгайтай тэмц¬дэг хэрнээ байгалийн хулгайчдыг бараг шийтгэлгүй шахам өнгөрүүл¬дөг. Энэ нь УИХ-ын гишүүдтэй хамаатай гэж боддог.-Яагаад?
-Тэд чинь хувийн нэг бус компа¬ни¬тай. Зарим нь хувь¬даа 10-20 компанитай байх¬гүй юу. Өнөө компаниа өөд нь татахын тулд Хэнтийн хөв¬чөөс 30-50 жил урга¬сан модыг хулгайлж, хүчтэй техни¬кээр ачиж бизнес болгочихсон байна. Ингээд нийслэлийг ногоо¬руулах нэрээр тендер авч, хулгайн юмаа хийдэг. Ийм аргаар суулга¬сан мод сайндаа л таван жил ургаад үхдэг. Харин би ийм замаар мод тарьдаггүй. Тиймээс надад бусдын адил хүнд харуулах 30-40 метрийн өндөр¬тэй ногоон мод байх¬гүй. Миний тарьсан модны хамгийн өндөр нь одоо 3-4 метр хүрч байгаа. Үнэндээ нэг зүйлийг бодохоор миний уур хүрдэг.
-Уурыг тань хүргэдэг тэр зүйл юу болохыг асуумаар байна?
-Монголд нэрд гарч, өөрсдий¬гөө одууд гэж ярьдаг хүмүүс цөөн¬гүй болж. Тэднээс ялгарах зүйл нь гэвэл би авдаг биш, өгдөг од нь байгаа юм. Надад энэ төр засгаас өгсөн юу ч байдаггүй. Намайг Төрийн шагнал, Хөдөлмө¬рийн баатарт ч нэр дэвшүүл¬сэн. Тува¬чууд бид эх хэлээ хаяагүй. Одоо ч эх хэлээрээ ярьдаг. Тиймээс л төр засагт таалагддаггүй байх л даа. Би чинь 1977 онд Ю.Цэдэнбал дар¬гаас банга хүртсэн. Тэр хүн Улс төрийн товчооны бүх гишүүдийн өмнө надад “Мон¬голд нэг ч тува байхгүй шүү. Үүнийг чи мэдэж яваарай” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл би юу юм бэ” гэж асуухад “Чи бол урианхай” гэсэн юм. Би “Урианхай чинь монгол хэлтэй, бид нар бол тувачууд. Бид турк хэлтэй” гэсэн.
-Таныг Монгол дахь хамгийн олон тэмээтэй хүн гэх юм билээ. Та хэдэн тэмээтэй вэ?-Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа. Одоогоос 18 жилийн өмнө төгрөгийг одоогийнхтой харь¬цуулахад чанга байсан шүү дээ. Тэр үед би хоёр гурилын шуудайгаар дүүрэн нийт 40 сая төгрөгөнд тэмээ худалдаж авахаар говиор явж байлаа. Намайг очи¬хоос өмнө тэмээ 15-20 мянган төгрөгийн үнэтэй байсан гэсэн. Гэтэл 500 тэмээ худал¬даж авах миний сургаар мал¬чид ганц шөнийн дотор тэмээ¬ний үнийг гурав дахин өсгөж, 60 мянга болго¬сон. Тэгэхэд надад хохиролтой байсан ч одоо бодоход тэмээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Надад 130 гаруй тэмээ бий. Одоо миний төр¬сөн нутаг болох Баян-Өлгий айм¬гийн Цэнгэл суманд үржиж байгаа. Үр төлийнхөө заримыг Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумын зааг нутагт амьдардаг малчин н.Уатханыд аваачсан.
-Тэгвэл жилд хэдэн төг¬рөгийг мод тарихад зар¬цуулдаг вэ?
-Одоо бол жилд 50-60 сая төгрөгийг мод тарих ажилд зарцуулдаг.
-Та ямар нэгэн бизнес эрхэл¬дэг үү. Зөвхөн нэг жилд 60 сая төгрөгийг мод тарихад зарцуул¬даг гэхээр таны орлого их өндөр байх нь ээ?
-Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Кана¬дад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүү-дийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн бай¬гаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм.
-Таны гаргасан номнууд хам¬гийн эрэлттэй нь байдаг гэж дуул¬сан. Ингэхэд ямар бүтээл тань таныг алдар¬шуул¬сан гэж боддог вэ?
-“Аянгат цагийн тууж” маань намайг олонд таниул¬сан. Дээр нь дэлхийн уран зохиолтой намайг ойртуул¬сан гэж боддог.
-Та нэг хэсэг Монголд бороо оруулах тусгай төхөөрөмж бүтээх гэж ажилласан байх аа?-Тийм ээ. Бороо оруулах төхөө¬рөмж зохиох гэж 50 сая төгрөг зарцуулсан. Алжи¬рийн Мачид Абделасис? гэж НҮБ-д бүртгэлтэй, дэлхийд танигдсан том эрдэмтнийг хоёр жилийн өмнө Монголд ирүүл¬сэн. Уг нь тэр хүн надад зүгээр явж өгөх хүн биш л дээ. Сахарын цөлийг ногооруулс¬наа¬раа дэл¬хийд танигдсан энэ хүнийг Монголд цагийн 100 еврогоор хөлсөлж, 14 хоног байлгалаа. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд уг төхөө¬рөм¬жөө ашиг¬лал¬тад оруулсан. Өнгөрсөн жил уг төхөөрөмжөө Хатадын ам гэж өөрийнхөө амьдар¬даг газарт байрлууллаа. Сүү¬лийн жилүүдэд зундаа бороо хур ихтэй байсан биз дээ. Ингээд ярихаар намайг инээдэмтэй болгодог, муу¬чил¬даг улсууд “Энэ галзуурчээ. Тэнгэрийн бороог би оруул-лаа” гэж ярилаа гэх байх. Ямар ч байсан би бороо ороход хувь нэмрээ оруул¬сан. Тухайн төхөөрөмж маань ассан үедээ тэнгэрийн бүх тортогийг сордог. Төхөөрөм¬жөө ойрын таван жил ажил¬луул¬на. Энэ хугацаанд Мон¬го¬лын газар нутаг зохих чийгээ авна.
-Та хамгийн сүүлд ямар ном бичсэн бэ?
-Монгол хэл дээр гарсан миний хамгийн сүүлийн ном “Тэнгэрийн зүүд” нэртэй. Сүүлд бичсэн гурван роман маань маш том шуугиан дэг¬дээ¬сэн. Нэг нь нөгөөгөөсөө давсан роман бичсэн л дээ. Би нийтдээ арван роман бичлээ. Одоо надад дахиж ном бичихэд бэрх байна. Бич-вэл өмнөхөөсөө давсан ном л байх учиртай байгаа юм. Харин одоо нүүдэлчин амьдралын сурах бичгийн тухай ном гаргахаар юмаа цуглуулж байна. Яагаад ийм ном бичихээр болсон бэ гэвэл, бид чинь их сонин амьдралаар амьдар¬сан. Намайг жаахан байхад тува хүүхэд болгон хатсан хус барьж явдаг байлаа. Энэ нь тухайн үед галзуу өвчин дэлгэрсэнтэй холбоо¬той. Галзуу чоно, нохой дайраад ирэхэд нөгөө хатсан хусыг ам руу нь хийж, тулахаар гараа сугалж ав гэж хөгшчүүл зааж сургадаг байсан юм. Азаар би галзуу чоно, нохой¬той таа¬раа¬гүй. Энэ мэтчилэн бид¬ний багад зааж сургасан, үеийн үед дамжиж ирсэн тэр юмыг л сурах бичиг маягаар, шог байдал оруулж бичиж байна.
-Таныхаар Монголын утга зохиолын өнөөдрийн өнгө төрх ямар байгаа бол?-Монголын уран зохио¬лыг муу гэж байгаа юм биш. Гэвч жаахан гэнэн хүүхэд шиг байдаг байхгүй юу. Монгол гэдэг бол дэлхийн шилдэг үндэстэн гээд л хаана л олиг¬той юм байна бүгдийг Мон¬го묬той хамааруулж, магтдаг. Үүнийг гадныхан уншаад “Бичсэн юмыг нь” гээд инээм¬сэг¬лээд өнгөрдөг. Үнэндээ манай зохиолчдын гарга¬даг хамгийн том алдаа нь, ном гаргах өвчин туссан юм шиг бичээд л байдаг. Номын хэнээ¬тэй болж, нэр төр хөө¬цөл¬дөж, нэг их олон номтой болох гэж улайрдаг. Миний хувьд тийм олон номтой болохыг хүсдэггүй.
Энэ нэг зүйлийг хэлэхэд, манай¬хан их дардайх, өөрий¬гөө хэт үнэлдэг байдлаас одоо салах хэрэгтэй. Чингэс хаанаа март гэж хэлэх нь хаашаа юм. Чингэс хаанаа зөв үнэлж, хүмүүсийн айдсыг тайлж, тэдний сэтгэлээс айдас хардлагыг угаах хэрэг¬тэй. Чингэс чинь Гитлер шиг алуурчин байгаа¬гүй шүү дээ. Би Чингэсийн талаар бүхэл бүтэн роман бичсэн боло¬хоор юу нэмж хэлэх вэ. Мон¬гол¬чууд энэ байдлаараа бай¬вал хэцүү. Чингэс дахин ами¬лаад ирлээ гэж бодоход бүгд толгойгоо авахуулж мэднэ. Учир нь Чингэсийн нэрээр улс төр, бизнес хийдэг хүмүүс олширсон. Сүхбаа¬та¬рын хөшөөг хүртэл Чингэсийн талбай болголоо. Түүх бол тэр үедээ үнэн байдаг. Евро¬пын хаа¬дын хөшөө байж л байгаа. Бат-Үүл утаа арил¬га¬на гэж хотын дарга болчи¬хоод, Ленин, Сүхбаатарын хөшөө рүү довтлох ямар хэрэг байна. Сүхбаатарын талбай гээд нэрлээд олон жил болсон ард түмэн Улаанбаатарыг Сүхбаата¬рын талбайгаар л төсөөлдөг. Гэтэл Чингэсийн талбай болгож, нэг аймгийг Чингэс хот болгох хэрэг байна уу. Ганцхан нисэх буудлаа ч гэсэн Чингэсээр овоглочихсон.
-Германд олон жил бай¬сан хүний хувьд үндэсний утга зохиол, Монголын зохиолч-дыг гадагшаа гар¬гах, танилцуулах тал дээр хэр их юм хийв?
-Түдэв гуайн “Хорвоотой та¬нилц¬сан түүх” гэдэг номыг герман хэлээр орчуулж, хэв-лүүл¬сэн. Энэ бол Монголын утга зохиолд оруул¬сан миний хувь нэмэр.-Ингэхэд та яаж яваад Герман улстай амьдралаа холбосон бэ?
-Энэ бол хувь заяа. Би Герман улстай холбогдоод 52 жил өнгөр¬чээ. Энэ тухай роман ч бичсэн. Нэг ёсондоо өөртөө шалгалт өгч байгаа хэрэг л дээ. \
-Хараад байхад та ган¬цаа¬раа байгаад байх шиг санагддаг. Та Монголын зохиолчидтой хэр холбоо¬той ажилладаг вэ?
-Уг нь зохиолч найзууд бий. Харин зохиолчдын хороо¬той бараг холбоогүй байдаг. Намайг ч гэсэн нэг их уриад байдаггүй. Би Монго¬лын зохиолчдын хороонд гурван ч удаа хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Гэтэл “таны хувийн хэргийн хавтас хоосон байна” гэдэг. “Юу яриад бай¬на” гээд очихоор бүгдийг нь устгачихсан байдаг юм. Энэ бол атаархал. Намайг Нобе¬лийн шаг¬нал авах хүн гэж дэлхий дахин шуугисан. Харам¬салтай нь намайг Нобе¬лийн шагналд дэвшүү¬лээд өгөх Засаг төр ард минь байхгүй. Тийм учраас би дэл сул явж байна даа. Гэхдээ би үүнд гудайдаггүй. Би мөнгийг модоор сэтгэдэг. Европоор хэсч, уулзалт хийгээд явж байхдаа орой нь зочид буу¬дал¬даа ирээд олсон хэдэн цаасаа тоолдог. Мөнгөө тоолоод 80 мод, 100 мод, 500 мод гэж хашгирдаг. Нэг модыг 10 еврогоор боддог. Ингэж л өөрийгөө зоригжуулдаг.-Үр хүүхдүүдээс тань таны зам мөрийг хөөсөн нь бий юу?
]-Би дөрвөн хүүхэд, есөн ачтай. Хоёр хүүхдэдээ өөрийн¬хөө эдлэн газартаа хоёр хаус барьж өглөө. Өөрөө ч гэсэн хаустай. Гурав дахь хүү маань ууланд даяан хийгээд, бясалгаад сууж бай¬на. Шадивлан¬гийн уулын оройд том чулуун хашаа бий. Тэр газрыг би худалдаж авсан. Дээр үед тэнд эртний Монго¬лын сүм хийд байсан юм. Бага хүү маань миний үйлийг үргэлжлүүлж яваа. “Чинагийн Галсан сан”-гийн гүйцэтгэх захирал. Одоо Мон¬голд герман хэлээр радио нэвтрүүлэг хийдэг.
Ч.АННА