Author: admin_shaman

  • Алаг мэлхий өрөх

    Монголчууд мал аж ахуй эрхлэх болсоор түүний зарим яс, шагааг хүндэтгэх, оршуулгын ёслолд оролцуулан хэрэглэх болсон олдвор манай орны нутаг дэвсгэрээс нэлээд олдсон байна. Тухайлбал Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасан тал дахь Хүннүгийн язгууртны нэгдүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас олдсон богийн шагаан дээр төрөл бүрийн тамга, дүрс зураас гаргажээ. Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутаг Баянзүрх уулын энгэр дэх хоёрдох дөрвөлжин булшнаас богийн 22 шагаа олдсоны 12-ыг морь байдлаар босгож өрсөн байсан зэрэг археологийн маш олон олдворууд малын зарим яс, ялангуяа шагааг хүндэтгэн оршуулгын ёслолд хэрэглэх, тоглоом наадгайд ашиглах болсон нь маш эрт үеэс улбаатай болохыг баталж байна.

  • Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан

    Чингис хаан том хүү Цагадайд улсыг нь тасалж өгөхдөө монголын уугуул Барлас аймгийг хааныхаа хэвтүүл хорчин болж, шадарлан хамгаалж яваг хэмээн захиргаанд нь оруулсан байдаг.Хожим Цагадайн улс бутран бүхий үед энэ аймгийн овгийн ахлагч Тарагайд хүүтөрсөн нь дэлхийн түүхэнд “доголон” гэдэг хочоороо алдаршсан Төмөр байв.Тэрбээр Чингисийн угсааны эмир ноён Казганы охиныг хатан болгож авснаараа өөрийгөө монголчуудын төдийгүй Чингисийн үйл хэргийг шууд үргэлжлүүлэгч гэж зүй ёсоор үзэх эрхтэй болсон юм.

    Төмөр бага залуу наснаасаа эхлэн цэрэг эрийн хатуу ширүүн, амь дүйсэн амьдрал дунд өндийхдөө энэ үед дараалан мөхөж асан Ил хаад, Юань зэрэг монголын эзэнт улсуудын уналтыг үзээд шүд зуун хорсож байсан гэдэг.Иймээс монголчуудын хүчийг дахин зангидаж, бутарсан эзэнт улсыг сэргээн тогтоохыг өөрийн амьдралын зорилгоо болгосон ажээ.Үүний тулд хожим олон төрлийн дипломат бодлого явуулж байсан нь Тохтамышийг Алтан Ордны, Буняширийг Монголын их хаанд тус тус өргөмжилж, дэмжин тэтгэж байсан зэргээс тодорхой харагддаг.Хэдий мусульманчлагдсан байсан ч Их Засаг хуулийг сэргээн мөрдүүлж, монголын цэргийн цөм зохион байгуулалтыг цогцлуулсан “Доголон” Төмөр хаан шилдэг армийг бий болгосон юм.Түүх сурвалжуудад Төмөрийг монгол хүн, армийг нь монголчууд гэж цөөнгүй дурьддаг нь жир хэрэг бус аа.

    Харин энэ үед Чингисийн монголчуудаас бууруулан зугтсаар Бага Азид ирж суурынсан түрэг угсаатан, чадал самбаатай удирдагчдын дөрвөн үе улирч өнгөрөхөд Европ дахиныг айлгасан гүрэн улс болж хувирчээ.Османууд зүг бүрээс цутган ирсэн түрэг овог аймгуудаас морин цэрэг байгуулсан нь хатуу сахилга бат, хэтийдсэн итгэл үнэмшлийнхээ ачаар бүх хөршөөсөө давуу хүчтэй болсоор Бага Азийн улсуудыг дарангуйлан захирав.Мөн морин цэрэг дээрээ гаргууд хүчтэй явган цэргийг нэмэрлэсэн агаад тэднийг янычар буюу шинэ баг хэмээжээ.

    Янычарууд нь түрэгүүдийн дайрч түйвээж асан христийн орнуудаас олзлон авчирсан залуу хөвгүүдээс голчлон бүрдэж байсан ба тэднийг лалын улайрсан үзлээр хүмүүжүүлэн, сонгомол цэрэгт оруулдаг байв.Тэднийг багаас нь Түрэгийн султан хаанд чин үнэнч, хатуу чанд хүмүүжилтэй, бас хэнийг ч үл хайрлах харгис, хэрцгий зан араншинтай болгон өсгөж, байлдааны урлагг сайтар сургажээ. Үүнтэй адил эртний спартууд эрэгтэй хүүхдүүдээ 7-8 настай нялх балчир байхад эхээс нь салган, тусгайхуаранд, бөөнөөрхатуучанд хүмүүжүүлж, шилдэгдайчин эрс болгож өсгөсний үрээр, грекийн хот улсуудын манлайллын төлөө тэмцэлд, тухайн үед хөгжлөөрөө хавьгүй өндөрлөгт байсан Афиныг буулгаж байсан түүхтэй байдаг. Гэхдээ сул дорой төрсөн эрэгтэй хүүхдийг эхээс нь хүчээр салган, хээр хаяж орхидог харгис заншлыг спартууд чанд мөрддөг байв.Түрэгүүд сонгомол цэргээ магад үүнээс ч хатуу хүмүүжүүлдэг байсан нь хэнийг ч үл хайрлах төмөр мэт сэтгэлтэй янычарууд, орон гэр үр хүүхэд гэсэн нийгмийн ойлголтоос хөндий өсч, эмэгтэй хүнд зөвхөн биологийн үүднээс хандах нэг ёсны зомби цэрэг болж хувирснаас тодорхой.Иймээс түрэгүүдтэй байлдаж асан өрнө, дорны хаад түрэгийн янычаруудыг олзолсон дор алж устгахыг илүүд үздэг байв.

    Айж эмээх, алдаж хоргодох зүйл гэж байхгүй шийдсэн янычарууд түрэгүүдийг Балканы хойгт цөмрөн орох үед бүхий л тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, дийлдэж эзлэгдсэн ард түмнийг цөлмөн дээрэмдэж, дураараа авирлаж байв.Ялж дийлсэн янычар цэргийн уухайг дайснууд нь сүрэг чонын улиан, улангасан араатны дайралттай зүйрлэжүлдээсэн ньолонтой.Баяазитсултаныүед түрэгүүд Грек, Серб, Булгар, Албанийг булаан эзэлж Византи, Унгарт шууд заналхийлж, Европ дахиныг чичрүүлэв.1000 жил оршин тоггсон агуу их ромын эзэнт улсын сүүлчийн мөхлөг Византын нийслэл Константинополь тал талаасаа түрэгүүдэд хүрээлэгдэн сүүлчийнхээ цохилтыг хүлээж, арга ядсан авралын дуудлагаа Төмөрт илгээн, гүрэн улсыг минь аймшигт дайснаас аварч хайрлаач хэмээн наманчлан гуйв.

    Тэдний итгэл найдвар болж, Европ дахинаас пап ламын хаман цуглуулсан, шашин гарвал нэгт загалмайтны 60 мянган цэрэг Дунай мөрний эрэг дээрх Никополийн толгодын дэргэд унгарын Сигизмунд вангийн удирдлаган дор түрэгүүдтэй нэгийгээ үзсэн боловч хиартал цохиулж, рыцариудын цог хийморь болсон өнгө өнгийн туг хиур, үнэтэй хуяг дуулга сэлт нь тулалдааны талбарт өстнийхөө өлмийд хөглөрөн хөнхийв. Дашрамд өгүүлэхэд рыцарь цэрэг бол Европ дахинаа хөлөг баатрууд гэж алдаршсан, феодолын хүнд морин цэрэг байв.Гэвч европын хөлөг баатрууд улайрсан янычарын довтолгоонд хүчин мөхөсджээ.Харгис хатуу Баяазит султан олзлогдогчцоос мөнгөн төлбөр авах хоёр мянган язгууртан дайчдыг амьд үлдээж, бусдыг хүйс тэмтрэн дуусгав.

    Энэ үед Доголон Төмөр хуучин Алтан Орд, Ил хааны гүрэн, Дундад Ази, Энэтхэгийг эзлэн түрэмгийлж, хүч чадлынхаа ид хавтайд байлаа.Одоо хоёр байлдан дагуулагчийн хоорондын тэмцэлд саад болох зүйл нэгээхэн ч үлдсэнгүй.Тэд урд нь бие биений замд хөндөлдөж, тээр саад болж явсангүй.Түрэгийн байлдан дагуулах төлөвлөгөө өрнө зүг Европ руу чиглэж байсан бол Чингис хааны залгамжлагч Төмөр Бага Азийг сонирхож байсангүй.Гэвч Төмөрийн дайсан Ахмед султан, түүний хараат Юсуф хоёр Баяазитын өмөг түшгийг бараадсан нь анхны оч хаяжээ. Төмөр оргодлуудыг гаргаж өгөхийг шаардахад хариуд нь Баяазит: “Төмөр нэрт цуст нохой чи мэдтүгэй. Түрэгүүд анд нөхдөө дэргэдээ орогнуулж, өмгөөлж хамгаалахаас ухарч хойш сууж сураагүй, дайсантай тулалдахаас зүрхшээж үзээгүй улс” хэмээн бардамнажээ.Улмаар тэдний захидал бичгийн хэл хатуурсаар Төмөр Баяазитыг “туркмены орхидос” хэмээн хочилсон бол хариу илгээлт хувиа тавьсангүй.Хоёр байлдан дагуулагч зайлшгүй болох шийдвэрлэх тулалдаанд чамбайлан бэлтгэлээ.

    Энэ тулалдаанд Баяазитын талаас 200 мянга, Төмөрийн талаас 250 мянган цэрэг оролцсон нь дундад зууны Европын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй нүсэр тулгаралт болсноор барахгүй дэлхий ертөнцийн цаашдын хувь заяаг ганцхан цохилтоор шийдвэрлэх болжээ. Чингис хаан 130 мянган цэрэгтэй агуу их байлдан дагуулаа эхэлсэнтэй энэ тоог харьцуулаад, үргэлжилсэн фронтоор биш ганц шийдвэрлэх тулалдаан болсныг тооцвол түүний цар хүрээ, сүр дуулиан төсөөлөгдөх биз.Хэн нь агуу их гэдгээ баталж түүхэнд үлдэх цаг иржээ.Баяазит, Төмөр хоёр харилцан хэд хэдэн удаа элч сольсон бөгөөд түрэгийн элч нарын өмнө Төмөр өөрийн цэргийн жагсаалыг үзүүлж сүрдүүлэхийг оролдсон бол, Төмөрийн элч Баяазиттай хэлэлцээ хийхээр очихдоо туркмений 18 мянган цэрэг “…хэрэв олгогдоогүй хөлсийг нь нугалж өгвөл урваж ороход бэлэн” гэсэн маш чухал тагнуулын мэдээ авчирчээ.Ялагдашгүй хэмээх янычаруудаас цөм бүрдэх Баяазитын их цэрэг Ангор буюу одоогийн Анкара хот дахь гол хүрээнээсээ хөдөлж, цэрэг явах цорын ганц их замаар Төмөрийн өөдөөс алгуурхан урагшлав.Замын хагас орчимд хүрээд Төмөрийн морьт цэрэгт тохиромж муутай доворхог ойтой газарт цэргээ буулгаж, давуу байдалтай болсон хэмээн итгэж хүлээв.Гэвч Төмөр довтлон ирсэнгүй.Баяазит турпгуул цэрэг зүг бүр илгээсэнд тэрбээр хаана ч байсангүй.Гэнэт Ангороос элч довтолгон ирэв.Гэтэл Төмөр Ангорын өмнө байсан ба хот сууринд гар хүрсэнгүй Баяазитээс зай барьж өрнө зүгт тойруу замаар сэм давшиж явсаар, морьт явган цэрэг, байлдааны заан, бэхлэлт эвдэх оньсон техник бүхий цэрэгтэйгээ Баяазитын ар талд зогсож байв.

    Баяазит ул с орноо түйвээлгэхгүй, тусл амж авах замаа таслуулахгүйн тулд цэргээ яаравчлан ухрааж хөдөлгөв.Төмөр Ангорыг дайрахаар яаравчилсан боловч гадна хэрэмийг довтлон авахаас өмнөхөн Баяазитын цэрэг ойрхон байгаа тухай мэдээ ирсэн тул бүслэлтээ зогсоож цэргээ мөн сэм хөдөлгөж Баяазитын орхисон хүрээнд аваачив.Ингэхдээ өмнүүр нь урсаж буй голыг хүрээний араар нь урсгахаар голдрилыг нь өөрчлөөд дайсанд гүйцэгдэхээргүй болж, зам зуур бүх худгийг даруулав.Баяазитын их цэрэг 7 дугаар сарын ид халуунд олон хоног явж, Ангорын тэгш талд хүрэлцэн ирээд дайсан өөрийнх нь хүрээг эзэлчихээд байгааг харжээ.Ийнхүү өөрсдөө ч ундлах, морьдоо ч услах усгүй, ангаж цангаж ядарч туйлдсаны эцэст шийдвэрлэх тулалдаанд оров.

    Түрэгийн цэрэг дэлхийн бүх үеийн түүхэн дэх шилдэг армиудын нэг байсан бөгөөд эрэлхэг баатарлагийн гайхамшгийг үзүүлж, өглөө эрт 6 цагт эхэлсэн тулалдаан шөнө дөл болтол үргэлжилсэн ч Баяазитын цэрэгт юу ч тус болсонгүй.Ван нь толгойлж байлдсан, ган хуяг дуулга бүхий сербийн хоёр түмэн цэрэг амь насаа түрэгийн төлөө өргөсөн ч нэмэр болсонгүй.Янычарууд байрнаасаа алхам ч ухралгүй цавчилдсаар амиа өгсөн ч байдлыг өөрчилж чадсангүй.Баяазитын цэрэгт хүчээр татагдсан Бага Азийн туркмен цэргүүд урьд тохирсон ёсоор Төмөрийн бараа бологсдын дунд харьяат захирагч ноёд нь байгааг үзмэгц тулалдааны дундуур нөгөө талд орсноор бүх зүйл нэгэнт өнгөрсөн нь тодорхой болов.Сүүлийн мөч хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй Баяазит янычаруудынхаа дунд алалдан тулалдсаар эцэст нь бууруулж зугтах цаг ирсэн ч хожимджээ.Түрэгийн их цэрэг өглөө болоход Ангорын их тал шугуйгаар таран бутарчээ.Ийнхүү буруулан зугтаж амжаагүй Баяазит султаныг амьдаар нь олзлон, Төмөрт хүргэж өгчээ.Түүхэнд өгүүлснээр Төмөр олзлогдсон их байлдан дагуулагчийг хараад учиргүй чангаар инээхэд, эвгүйцэж дургүйлхсэн Баяазит “Төмөр чи юунд инээнэм. Аллах бурхан хүсвэл чи ч миний өмнө ийн зогсох бус уу?” гэж өчихөд, Төмөр: “Би чамайг дооглож инээсэнгүй. Харин Аллах яагаад чи бид хоёр шиг ийм хүмүүст эрх мэдэл атгуулдаг л гайхалтай байна” хэмээн өгүүлжээ.Учир нь, Баяазит хараа муутай, Төмөр доголон байжээ.

    Төмөр дийлдсэн дайсныхаа агуу их нэр сүрийг харгалзан, ихээхэн хүндлэл үзүүлж, хаЖуудаа суулган, чамин тансаг хувцас бэлэглэж, өөрийнхөө өргөөний хажууд түүнд тусгай орд гэр бариулж өгчээ.Гэвч өвгөн дайчин энэ хүнд ялагдлын гутамшгийг тэсвэрлэсэнгүй.Бага Азийн эрэг хавийн нутгийг хүртэл Төмөр довтлон эзэлж түйвээхэд, Европын Түрэг рүү зугтсан хүү Сүлейман нь Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрч шалдаа буухыг үзсэний эцэст Баяазит тэнгэр хальжээ.Төмөр ийнхүү түрэгүүдийг ялсан нь Константинополийг аварсан хэрэг байв.Өтөлж доройтсон Византи ийнхүү тавин жилийн хугацаагаар өршөөл амсав.Ангорт байгуулсан Төмөрийн ялалтыг Константинопольд өөрсдөө ялсан мэт сүр дуулиантай тэмдэглэж, Византийн эзэн хаан ялагчдад бэлэг сэлт илгээж, Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв.Нэг талаар христийн ертөнцийн аврагч болсон Төмөрийн алдар суу Европын бүх нутаг оронд хүрсэн бөлгөө.

    2013-06-13 16:21:16
    Мэдээ оруулсан: undesten

  • №5-2 Монголын төлөөлөгчид Орос тусламж гуйсан нь

    Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэд эх оронч хүчин Манжийн ноёрхолыг түлхэн унагааж, монголын үндэсний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэж боссоны дүнд XXБХТЕШГ мөн өдрийн оройн 7 цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гаргах шаардлага тавьмагцаа, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна.
    Дараа нь Хүрээн дэхь бүх хятад цэргийн зэвсгийг хураан авч , улмаар Оросын консулын газар хоргодож буй Чин улсын сайд түшмэдүүдийг 12-р сарын 4-нд монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өртөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулсан ажээ. Хүрээнд монголын тусгаар тогтнолыг тунхаглахаас өмнө XXБХТЕШГ баруун аймгуудын чуулганд орон нутгаас цэрэг дайчилж, уг газруудыг даруй чөлөөлөхийг тушаасан билээ. Тэр ёсоор баруун аймгийн чуулган хошууд харьяат нутгаасаа дайчилсан цэргийн хүчээр Улиастай хотыг чөлөөлөхөөр очиход, манж жанжин, сайд над нь гаднаас туслах хүчин авах найдваргүй байсан учраас 1912 оны 1 сарын 21-нд эсэргүүцэлгүй бууж өгснөөр Улиастай хот чөлөөлөгдсөн юм.
    Ховдын Манж сайдын захиргаа Улиастайн адил бууж өгөөгүй, харин орон нутгаас хүрэлцэн очсон чөлөөлөх цэргийг эсэргүүцэн тулалдахаар шууд бэлтгэж эхэлсэн тул Монгол улсын Засгийн газар нийслэл Хүрээнээс гүн Магсаржав, Дамдинсүрэн нараар цэрэг удирдуулан 1912 оны зуны эхэн сарын шинэ дээр хөдөлгөхийн зэрэгцээгээр баруун хоёр аймгаас цэрэг нэмж дайчлан хөдөлгөх шийдвэр гаргаж, нутгийн хүн амд тусгаар тогтнолын учир холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг янз бүрийн арга хэлбэрээр өргөн зохиов.
    1912 оны эхээр зэвсэглэгдсэн ардууд Улаангом болон түүний ойр газарт байсан хятад худалдаачдыг дайрч цохиход цөөн зарим нь Ховд руу зугтжээ.
    Ар Монголтой залгаа оршдог Хөлөнбүйрт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Өвөр Монголын аль ч хошуу нутгаас илүү хүчтэй өрнөсөн юм. Хөлөнбүйрын Өөлд бүгдийн дарга Шэн Фу тэргүүтэй ноёд 1912 оны эхээр хуралдаж, Их Хүрээнд байгуулсан Монгол улсын засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, дагахаа илэрхийлсэн төлөөлөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим удирдагч тухайлбал, сумын занги Дамдинсүрэн, бичээч Гайхасу нарын 7 хүн, Баргыг төлөөлөн Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирэв. Баргад гарсан зэвсэгт бослого Их Хүрээний шууд удирдлага заавраар гарсан ажээ.
    1911 онд Ар Монгол ба Хөлөнбүйрт гарсан тусгаар тогнолын тэмцлийг дэмжсэн хөдөлгөөн Шилийн голын чуулганд өрнөв.
    Шилийн голын чуулганы арван хошуу, Жирийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы таван хошуу, Зостын чуулганы хоёр хошуу, Улаан-цавын чуулганы 6 хошуу буюу дотоод монголын 49 хошууны 35 хошуу нь Монгол Улстай нэгдэж нэгэн улс болох саналаа илэрхийлэн албан бичиг баримт гаргаж өөрсдийн төлөөлөгчдөө Их Хүрээнд ирүүлсэн байна.
    Монгол улсын хаан Жибзундамба хутагт ийнхүү дотоод монголын чуулганы 49 хошууны 45, Чахар найман хошуу, Хөлөнбүйрын баргын хошуу дагаар орохоор илэрхийлснийг талархан хүлээн авч, эл хэрэгт хүчин зүтгэж гавьяа байгуулсан хүмүүст Чин улсын үеийн ноёдын зэрэг дэвий нь шат ахиулан, харьяат чуулган, хошуугаа захирах тамга, захирлага шийтгэн олгож хөхүүлэхийн зэрэгцээгээр бичиг цэргийн чадвартай зарим ноёд түшмэдийг Монгол улсын Ерөнхийлөн захирах яам болон төрийн бусад яаманд дэвшүүлэн ажилуулав.
    Гүшири мэргэн хан хутагт Лувсан-Одсэржамц, Чахар 8 хошууг удирдан дагаар иржээ. Тэгэхэд Монгол Улсын хаан, Гүшири мэргэн хутагтын шударга зүтгэлийг сайшаан хөхүүлж, Чахар аймгийн ерөнхийлэн захирах сайдаар томилжээ.

     

  • Өнөөдөр өнөө сүрхий чанар

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн 17 настай, МУИС-ийн оюутан Н-г ээж нь “Хулгана жилтэй хүмүүст морь жил харш юм байна. Хичээл номынхоо завсраар Гандан орж ном уншуулаарай, юмыг яаж мэдэхэв. Дээрээс нь чиний мэнгэ голлосон юм билээ” гэж хаанаас ч юм бэ олсон нэгэн сонины тасархай олоод хэлжээ. Гэтэл ээжийнх нь хэлсэн энэ үг ч нөлөөлсөн юм уу шалгалтаа тааруухан өгөв. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр дараагийнхаа шалгалтан дээр ч уначихсанаас хойш охины толгойд лам хуваргаар явах нь дээр юм байна гэсэн бодол хэдэн өдөр эргэлдэв. Сар шинийн 15-наас өмнө амжиж Ганданд очихоор гудамж ороон явж байтал “ Харш жилтэй хүмүүст бөөгийн бүх төрлийн засал хийнэ, хар цагаан хэл ам, хараал жатга хариулна “ гэх зар бичсэн хашаа өөрийн эрхгүй нүдэнд нь тусчээ. Охин ч эрсэн зүйлээ олсон мэт орвол хашаан дотор хамгийн буланд байх нэгэн жижиг шавар байшинд нүүрнийхээ урдуур унжлага унжуулсан Бэхбат гэх бөө Н-г босго давангуут “ Хулгана жилтэй эмэгтэй хүн ч энэ морин жил явдалтай “ хэмээн хэлэхэд охин үнэн голоосоо итгэв. Тэгээд үргэлжлүүлэн “ Хар цагаан хэл ам ихтэй байна. Шиний 25-ны дотор засал хийлгэхгүй бол амь насанд цөвтэй. Гараад нэг шил архи, арц, таван ширхэг том чихэр, сонгино, сармис нэг нэгийг аваад ир “ гэжээ. Бөөгийн гүнээ итгэсэн Н ухасхийн гүйн гарч, хэрэгцээтэй зүйлийг нь авч ирэв. Бэхбат архиа задлан, бөөгийн засал хийнэ хэмээн архи уулгаж нэлээд согтоожээ. Түүгээр ч барахгүй хар, цагаан хэл амыг нь архиар цэвэрлэж гаргана хэмээн хуурч зочид буудалд дагуулан ороод хамаг хувцсыг нь тайлж, хөвөнд шингээсэн архиар биеийг нь арчсан дүр үзүүлж дөвчигнөжээ. Үлдсэн тал шил архийг аягалан ямар нэгэн юм шивнээд охинд шахсаар уулгаад согтоожээ. Ийнхүү тасарч унасан охиныг тэрээр өөрийн дураар буудлын өрөөнд хэдэн цагаар эдэлсэн аж. Охин ухаан орсоны дараа босож ирвэл хамаг бие нь хөндүүр байх бөгөөд дотуур хувцас нь нил цус болсон байж. Н шууд эмнэлэгт очиж үзүүлбэл онгон хальс нь хөндөгдсөн, хүчиндүүлсэн болохыг тогтоожээ. “ Харш жилтэй хүнд бөөгийн засал хийнэ “ хэмээн хуурч залилаад хүчиндсэн Бэхбатыг цагдан хорих явцад мөн л 17-18 насны хулгана жилтэй гурван охиныг хүчиндсэн нь илэрчээ. Бэхбат нь таван жилийн өмнө бөө болсон бөгөөд урьд өмнө залилангийн хэргээр тэнсэн авсан аж. Үүнээс гадна Төв аймгийн нутагт бөөгийн чанарыг авахуулж байна хэмээн нэгэн хуурамч бөө цэл залуухан 25 настай охиныг халуун чулуун дээр суулгаж, түлж алсан ноцтой хэрэг гарч байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйлчлүүлэгчээсээ ахиухан мөнгө салгах гэсэн нэгэн шуналт бөө машиныг нь дэлбэлж байсан хэрэг гарч байсан юм. Энэ мэтчилэн сар шинийн дараа луйварчин гаж донтой бөө, удгануудын хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

  • Д.Батчулуун: Аавын минь өвийг залгах үе ойрхон байгаа

    -Аав чинь аль нутгийн хүн юм бэ?
    -Аав минь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын хүн.1960 оноос цаатангуудыг суурьшуулсан шүү дээ.Цагаан нуур сум гэж бий, аавын минь онгод шүтээнтэй нутаг.Аавыг хүмүүс их л дурсан ярьцгаадаг юм.Эрдэм чадалтай л зайран байсан даа.Ээжийн минь ээж намайг анх хүй боож авсан юм билээ.Эмэг эх минь есөн хүүхэд төрүүлсэн буурал байлаа.Намайг нэг настай байхад аав минь баривчлагдсан юм.Ээж маань 1950 онд намайг аваад хот орж, Батцагаан гэдэг шоронд аавыг эргэж очиж байсан.Манайхан чинь ер нь “ногоон малгайтан” гэхээр их айдаг улс байж.Ялангуяа ээж минь “ногоон малгайтан”, тэнгэрийн дуу хоёроос л их айна.Хуучин арьс өнгөний эмнэлэг чинь шорон байлаа шүү дээ.Гаднаас эргэлт оруулахгүй болохоор нь балчир надад гуулин данхтай цай, идэж уух юмыг нь бариулаад явуулж байсан юм.Би багадаа бэтгэ өвчин тусч бие их мууддаг байсан.Том гэдэстэй, явган яваад амьсгааддаг сонин хүүхэд байлаа.Эмнэлгээр яваад нэмэргүй.Манайх Хатгалд хэсэг амьдарсан л даа.Тэнд эмчлүүлээд тус болоогүй.Тэгтэл нэг орой аав хүрээд ирсэн.

    -Шоронгоос оргоод ирсэн юм уу?
    -Бодвол тэгсэн байлгүй дээ.Аав надад үлгэр их ярьж өгнө.Шоронгоос хүрч ирсэн шөнөө намайг өвөртөлж унтсан.Маргааш нь би маш их шээж, бэтгэ маань тэр дороо л эдгэрсэн.Ер нь аав маань засал хийж байна гэж нэг их юм хийдэггүй байсан санагдана.Яахав, хатуу үйлийг засдаг л байсан байх.

    -Олон удаа баривчлагдсан уу?
    -Олон доо.30 гаруй жил шоронгоор явсан.Монгол, төвд бичиг үсэг сайтай, тоонд их гаргууд хүн байсан юм.Үнсэн самбарт тоо бичиж хүмүүсийн төөрөг заяаг хэлдэг, хүнийг шууд хараад мэдэрдэг байсан юм билээ.Би бол ном судар юмаа харж хэлдэг.Аав шиг шууд хараад хэлж мэдэхгүй шүү дээ.Тийм хүч чадал одоохондоо надад хүрч ирээгүй байна.Гэхдээ манайхны удам ирнэ гэж би боддог юм.Гурван зээ, нэг охинтой.Аавын минь сүнс бидэндээ эргэж ирсэн.Тиймээс аавын өвийг залгах үе ойрхон байна.

    -Ю.Цэдэнбал гуай аавыг тань шоронд байхад Б.Ширэндэвийг уулзуулахаар илгээж байсан юм гэдэг.Тэр тухай та хуучлахгүй юу?
    -Судлаачид тэгж л ярьцгаадаг юм.Би тэр тухай сайн мэдэхгүй.Би хүмүүсээс аавынхаа тухай зөндөө их зүйл сонсож байсан.Наадах чинь тэдгээрийн нэг биз.Аав бол аргагүй л чадалтай зайран байж дээ.Ээж бид хоёр анх хот руу нүүж ирээд аавын эгчтэй суусан Даваажав гэдэг айлын хажууд гэрээ барьсан юм.Ээж нүүрс асааж чадахгүй их хөглөдөг байлаа.Нэг орой тэгж будилж суутал гэнэт аав ороод ирсэн.Түүнийг орж ирэхээс өмнө би нүүрсний угаарт цохиулж үхэх шахаж байсан юм билээ. Аав шууд л над руу шанагатай ус цацаж амийг минь авсан. Ер нь их сонин, хамгийн эгзэгтэй цаг мөч бүрд аав маань аль ч шоронд байлаа гэсэн хүрч ирээд л янзлаад явдаг хүн байв.Түүний хувьд шоронгоос гарч явах нь чөлөөтэй байсан юм шиг байгаа юм.Шоронд тэр одоогийн хүмүүс шиг зовж зүдэрч байгаагүй болов уу.Өөр газар байх боломжгүй юм чинь аав минь шорондоо төрийнхөө сүлдэн дор бөө хүний ёсоор зөв амьдарч байсан нь тэр байх.Тэнгэрийг төрт ёстой нь холбож өгөх гэж л бөөгийн эрдэмд мэрийж явсан юм.Харамсалтай нь би хоёр удаа аавыгаа цагаатгах гээд чадаагүй.

    -Яагаад чадаагүй гэж?
    -Бөөгийн зан үйл хийлээ гээд л аавыг баривчилж хорьдог байлаа шүү дээ.Энэ бол хэлмэгдүүлэлт.Бөөлөхдөө хүнээс өргөл барьц авдаг байсан гэж ялласан юм билээ.Есөн хадаг, гурван дээлийн өнгө, дөрвөн данх, 273 төгрөг л авсан байдаг юм.Үр хүүхдүүд минь Дээд шүүхээр хөөцөлдөх байлгүй дээ.Хуулийнхан болохоор хэлмэгдүүлэлт биш ээ, тэр үеийн хуулийн заалт нь тийм байсан юм гэдэг.Гэхдээ бөө, шашныг хорьж байсан үеийн хэлмэгдүүлэлт яах аргагүй аав дээр их хатуу туссан гэж би үздэг юм.Одоо цагт юун 273 төгрөг, хэдэн тэрбумаар нь ууж идэж байна шүү дээ, энэ эрх мэдэлтнүүд нь.Гэхдээ аав шоронд орохыг ер тоодоггүй хүн байсан.Хамт хоригдсон хүмүүс нь ярьдаг л юм, Дамдин зайрантай л хамт хоригдох юмсан гэцгээдэг байсан гэж.Шоронд хонины мах чануулж идээд л, дуртай үедээ гардаг, хүмүүст их тусалдаг, шидийг ч үзүүлчихдэг, ер нь их олон түмэнтэй хүн байж дээ.

    -Бөөд хүмүүс өргөл барьц өгөх ёстой юу?
    -Хүмүүс лус савдгаа хилэгнүүлж байна.Хэрүүл үүсгэж байна.Энэ бүхнийг засахын тулд заавал тэнгэрээ аргадах хэрэг гарна.Барьц өгнө гэдэг чинь хүний л муу үйлээс болж байгаа юм.Өргөл барьц гэдэг бол тухайн үйлээсээ шалтгаална.Өргөл барьц өгч л таарна.Гэхдээ тааруулж авах нь чухал.Ул үндэсгүй өргөл барьц бол аль алиндаа зохимжгүй.

    -Таны ээж бас удган хүн байсан уу?
    -Ээж болохоор Завхан аймгийн Яруугийн голын хүн.Ягаан удган гэж байлаа.Хөвсгөл рүү нүүж очоод Хатгалын ноосны үйлдвэрийн анхны ажилчин болж байсан юм.Ээжийн талд лам олонтой.Цагийн эрхээр хил давж гарсан лам ч бий.Аавын минь ээж нь түүний тэнгэрийг таньж удган болгосон.Бие нь их мууддаг хүн байсан юм.Сүүлдээ чадалтай удган болсон доо.Ялангуяа хүүхдэд их ээлтэй.Олон хүнд өвчтэй хүүхдийг амьдруулсан.Одоо тэр азтай хүмүүс нь бидэнтэй уулздаг л юм.Ер нь дээр үеийн улаач нар ямар сайхан улс байсан юм, одоогийнхныг дагуулахгүй чанартай шүү.Гэвч бас л баривчлагдаж байлаа.

    -Ээж тань хэдэн удаа баривчлагдсан юм бэ.Бөөллөө гэж тэр үү?
    -Гурван удаа баривчлагдсан юм.Гэхдээ мөрдөнд нэг нэг хоноод гарч байлаа.Хамаг юмыг нь хурааж аваад явуулдаг байсан.Ааваас хойш архи их ууж байсан даа.Санаа сэтгэл нь ямар олигтой байх билээ дээ.Ээж их олон онгодтой байсан юм билээ.Тэрийгээ хүн бүрд үзүүлэхгүй шүү дээ.Ойр дотны хүндээ л гаргадаг байж.Би одоо шавь авдаггүй.Тийм хэмжээний улаач болоогүй байгаа.

    -Аав тань бас шид үзүүлдэг их олон янзын онгодтой хүн байсан гэл үү?
    -Ер нь манай уг удмын онгод бол өндөр дээд онгодууд юм.Дархадын нисдэг долоон бөөгийнх ч бий.Мөн Есөн их хайрхадын онгод байдаг.Эд бүгдээс сэтгэлд оромгүй хүч чадал гарна л даа.Хулгайч онгодууд ч байсан.Аав минь аль онгодоо ашиглаж байсныг би сайн мэдэхгүй юм.

    -Аавын тань танилууд, шавь нар нь таньтай уулздаг уу?
    -Өө, их олон хүн дурсаж суудаг.Зарим нь ирж уулздаг л юм.Би нэг сайн дурсамжийн ном бичдэг юм билүү гэж бодож байна.Түүхэнд хүмүүсийг зөв бичиж үлдээх нь чухал.Аавыг минь бэрээр нь овоглоод бичсэн хүн ч байж л байх юм. Зарим нь Дамдин зайрангийн аав Батчулуун гэдэг удган байсан гэж бичих вий дээ. Ингэж гажуудуулж болохгүй шүү дээ.

    -Ер нь хуурамч бөө олон болжээ.Та тийм хүмүүстэй уулздаг л биз дээ?
    -Харин тийм ээ.Гэхдээ тийм хүмүүс чинь надаас зугтаадаг юм.Тэнгэр шүтээнээ олон нийтэд таниулах ажил хийж яваа болохоор тэдэнд би их харамсдаг.

    -Бөө удганд сургалт зайлшгүй хэрэгтэй юү?
    -Одоо цагт их хэрэгтэй байна.Зан үйл, онгод тэнгэрийг зөв зааж, хэлж өгөх хэрэгтэй.Дээр үед бол өөр байж.Огт уг байхгүй хүнийг бөө болгоно гэх нь утгагүй шүү дээ.Багш нь тухайн шавийнхаа уг удмыг сайн мэддэг байх ёстой.Гэтэл зарим нь 99 тэнгэрийн дээр байгаа 106 дахь тэнгэрийн онгод чамд байна гэх мэтээр залж байх юм.Ингэж болохгүй шүү дээ.Бөө болох гээд чадаагүй, болих гэхээр больж чадахгүй хүний өмнө хүүхдүүд нь бөхийж очоод мөргөх, өрөвдмөөр юм.Хаанаас ч юм татаж авчраад өөртөө нааж орхисон онгодтой бөөнцөр цөөнгүй байна.Өчнөөн сая төгрөг өгч багш, шавь болоод сүүлд нь багшийгаа хайгаад олохоо больсон ч хүн байж л байх юм.Тиймээс бид бөөгийн ёс зүйн дүрмээ хэлэлцэж баталсан.Яваандаа чанаржих байх.

    -Та хэдийд удган болсон юм бэ?
    -Аав, ээжийнхээ нас барснаас хойш ганц охиноо үхдэгийн даваан дээр, амьдралд шахагдаж явсаар нэлээд хожуу удган болсон.

    -Охины бие гайгүй болсон уу?
    -Одоо зүгээр ээ.Хань бүлтэй сайхан л амьдарч байна.Би чинь бас онгодын хүчээр амьд явж байсан хүн шүү дээ.Ээжийн минь арав гаруй онгод намайг тээж явна.Зайран хүнээр надад хуур бэлдүүлж өгсөн юм.Амь тогтоход тэр нь ч зөв байсан юм билээ.Миний багш чинь Баяр удган.Тэр миний дүү юм.Надад дээд язгуурын, бүр 200 гаруй жилийн өмнө байсан онгодууд ч бий.Миний уг удамд тэр бүгд байдаг байжээ.Өөр дээрээ бороо оруулдаггүй хүн ч манайхан дунд байсан.Энэ ч яахав, бараг жирийн юм.

    -Тань руу олон хүн ирж засал хийлгэдэг үү?
    -Би ер нь хүн хүлээж авдаггүй.Аав, ээж дээр минь даатгалтай байсан, нутаг усны, танилын хүрээнийхээ цөөн хүнийг авдаг юм.Зарим нэг найз нар минь гуйгаад хүрээд ирдэг л дээ.Гэхдээ голдуу утсаар яриад юмыг нь үзээд өгчихдөг.Заримдаа хийхээс аргагүй зарим хүний юмыг тусгайлан хүлээж авахаас аргагүй л болдог доо.

    -Та Бөөгийн нэгдсэн эвлэлд ямар алба хашиж байгаа вэ?
    -Дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа.Бид бөөгийн ёс заншлаа жинхэнэ ёсоор хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Бидний тухай www.mongolianshaman.com сайтаас уншиж болно.

  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 14

    66. АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески МБНЭ-д талархал ирүүлжээ.
    67. 2019 онд Монгол бөөгийн их зайран 1, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран удган 4, Монгол бөөгийн тэргүүн удган, зайран 12, Монгол бөөгийн зайран удган 12 тус, тус цол шинээр хүртжээ.
    68. 2019 онд Хөдөлмөр, бүтээл, үйлээрээ шалгарч Монгол бөөгийн “Долоон өвгөн од” одонгоор 1, Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар 3, “Мөнгөн шонхор” медалиар 10, “Хүрэл шонхор” медалиар 22 тус тус шагнагджээ.
    69. АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески МБНЭ-д баярын мэндчилгээ ирүүллээ.
    70. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 10 жилийн хугацаанд 8 удаагийн шүүх хуралд оролцож, бүгдэд нь ялалт байгуулжээ.

     

  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 13

    61. АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочлов.
    62. Монголын тэнгэр шүтлэгтэний холбооны анхдугаар чуулган болж, МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү оролцов.
    63. “Тэнгэрлэг Залуус, спорт-2019” тоглолт болж, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисийн төрлөөр зохион байгуулж, Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэн “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.
    64. Монгол бөөгийн ёс зүйг зөрчсөн тул Монгол бөөгийн их зайран Э.Балжирын цолыг нэг шат бууруулж хариуцлага тооцлоо.
    65. МБНЭ-2019 он шинэ жилийн арга хэмжээ боллоо.

  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 12

    56. Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн нээлтийг үзэв.
    57. 9 дүгээр сарын 22-ны өдөр Галын тахилгыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл зохион байгуулж, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун толгойлж бөөлжээ.
    58. Дэлхийн тэнгэризмын төв нээгдэв.
    59. Монгол дахь шашины тэргүүн нарын уулзалтад 3 удаа болж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцов.
    60. Монгол Улын Ерөнхийлөгчийн соёл, шашины бодлогын зөвлөх Ц.Хулантай 2019 онд МБНЭ-ээс 3 удаа уулзалт хийжээ.

  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 11

    51. Цагаан нуурын галын тахилгад Монгол бөөгийн их зайран Моко, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Төмжий, Монгол бөөгийн зайран Ганбаатар нар бөөлөв.
    52. Дархадын гурван үеийн бөөлөлтөд оролцов.
    53. Цагаан нуур сумын улаач нартай уулзалт, ярилцлага хийв.
    54. Халх голын ялалтын баярын цэргийн парад, үдшийг цэнгүүнд оролцож, байлдааны буудлагатай хээрийн сургуулийг МБНЭ-ийн төлөөлөл үзэв.
    55. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Х.Гэрэлтуяагийн онгодын өргөөнд зочиллоо.

     

  • Японы эрэг дээр “сүнстэй завь” гарч иржээ

    Японы баруун хойд хэсгийн Садо арлын эрэг дээр голоороо хуваагдаж сүйрсэн завь Бямба гаригт /2019.12.28/ давалгаанд түрэгдэн хүрч иржээ. Солонгос бичигтэй завин дотроос таван хүний цогцос, хоёр хүний тасарсан толгой олдсон байна. Японы эрэг дээр гарч ирсэн “сүнстэй завь”-ийг Хойд Солонгосынх гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
    Түүнчлэн Японы эх сурвалжуудын мэдээлж буйгаар завинаас олдсон цогцсууд удаан хугацаанд далайд явсныг олж тогтоожээ. Завин дээр цогцосноос өөр ямар нэгэн бараа таваар байгаагүй аж.
    Японы эрэг дээр энэ мэт “сүнстэй завь” хааяа гарч ирдэг ба ихэвчлэн Хойд Солонгосын дүрвэгчдийнх байдаг аж. Өмнө нь 2017 онд загасчлалын багийнхан завиар тэнгист хөвж явсан хүмүүсийг олж, Хойд Солонгос руу нутаг буцаажээ.
    Эх сурвалж: ВВС