Author: admin_shaman

  • Өмнөговь аймагт ажиллав.

                    
     Монголын өмнийн тал, хээр говийн уудам нутагт өвлийн улирал дундаа орж байгаа боловч цас үгүй дулаахан намраараа угтав.  Улаанбаатар хотоос гарсан ажлын хэсэг хэдхэн цаг давхиад Даланзадгад хотод ирэв. Учир нь замын ихэнх хэсэг хатуу хучилттай болсон тул цаг хугацаа хэмнэх боломтой болжээ.
     Өмнөговийн “Улаачид”-ын төлөөлөгчид хотын ард байрлах цэргийн полигоны дэргэд хотоос ирсэн төлөөлөгчдийг  угтаж авав.
     17 цагт уулзалт болох танхим хүмүүсээр дүүрсэн байв. Уулзалтыг нээж МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн Алтанчимэг нээж, ирсэн төлөөлгчдийг танилцуулсан юм.
     Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн түүхэн уламжлал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Монгол улсын хөгжлийн түүхэнд Монгол бөөгийн гүйцэтгэсэн үүрэг,  гайхамшигт тохиолдлууд, тулгарч байсан хүнд сорилтууд, манжийн төрөөс бөөг мөхөөхийн тулд хийсэн харгис бодлого, бөөгийн хөгжлийн түүхэнд балархай байсан 300 орчим жилд бөө ямар замаар явсан, сүүлийн зуунд бөө нар хэрхэн хэлмэгдэлд өртөж байсан тухай ярив. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол бөөгийн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, МБНЭ байгуулагдсан түүхэн шалтгаан цаашид хийх ажлын талаар танилцууллаа. 2014  онд эхний нэгдсэн Их тахилга Өмнөговь аймагт хийгдэх болсонтой холбоотой бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
     Уулзалтад оролцсон МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун Монгол бөөгийн “Тэнгэрийн улаач” нарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар ярьлаа.
     Уулзалт халуун дотно, элгэмсэг сайхан болж өнгөрөв. Уулзалтын дараа ч уг уулзалтад оролцсон МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Я.Мөнгөнсувд зарим хүмүүсийн асуудалд биечлэн хариулт өглөө.
      Уулзалтын явцад МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилга, арга хэмжээ, уулзалт, аялалын талаар фото мэдээлэл хийсэн байна.
     Энэ арга хэмжээнээс хойш хамтарсан ажлын хэсэг Өмнөговьд ирж Нэгдсэн тахилга хийх газраа сонгосон билээ. Газар сонгоход МБНЭ-ийн удирдлагууд Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал нарын хамт залуучуудаас Монгол бөөгийн тэргүүн удган Өөдөө, П.Нарангэрэл, Туул нар явсан юм. Залуучууд Өмнөговьд ажиллах явцдаа “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын гишүүдийг хуяг дуулга өмсгөлөөр нь “доромжлох”, хооронд хагаралдуулах ажил хийснээр тахилгад оролцох Өмнөговийн “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын бидэнтэй хамтран ажилах ажиллагааг тасалдуулсан билээ. Мөн өөрсдөө шинээр бөөгийн байгууллага байгуулах зорилгыг агуулж МБНЭ-д нэгдэж байсан улаач иргэдийг үргээх ажил хийж, өөрсөдийн зүг татахыг оролдож, хамтын ажиллагаанд саад учруулсан юм. Энэ хамтын ажиллагааны түүх бол МБНЭ-ийн замд учирсан том сургамж болж үлдсэн билээ.
     
  • ИХ ТЭНГЭРТ ӨРГӨСӨН АЙЛТГАЛ

    Нэн эртний түүх соёл, зан заншил ахуйгаа хадгалан байгаа Монгол бөөгийн олон мөн чанар тайлагдашгүй байж, орчин үеийн шинжлэх ухааны судалгааны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэхүү үйл явц улам гүнзгийрч  дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо.
    Ийм үед манай бөө нар өдөр цагаар улам ухаажиж, өөрсдийн өмнө тулгарч байгаа жижиг, сажиг зүйлийг умартан ангижирч уужим, өгөөмөр сэтгэл, алсыг харсан тэнүүн бодлогоор нэгдэн нийлж эх дэлхий байгаль орчиноо хамгаалах, Монгол орныхоо төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө шударга үнэнчээр зүтгэх түүхийн хариуцлагатай үед ирээд байна.
     Бөөгийн түүхийн сүүлийн 20 жилд бөөг шүтдэг олон түмний тоо хүн амын 10 хувьд хүрсэн байдаг. Энэ бүхэн Манай Удган, Зайран нарын зүтгэлийн бодит үзүүлэлт, хэнтэй ч хуваалцашгүй ажлын тодорхой үр дүн мөн билээ.
    Бидний энэ амжилтыг дагаад нийгэмд бас таагүй зүйлүүд бий болсоныг дурдахгүй байж болохгүй. Энэ бол бөөгийн талаар яригдаж, бичигдэж байгаа буруу, зөрүү ойлголтууд юм. Бөөгийн нэрийг барьсан залилан, гэмт хэрэг олноор гарах болсон нь нийгэмд бөөгийн тухай сөрөг ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
    Дэлхийн даяарших үйл явцтай энэ зэрэгцэн оюун санааны ертөнцөд гадны түрэмгийлэл нэн хүчтэй түрэн орж ирээд удлаа. Олон зуун жилийн баялаг туршлагатай, тив, бүсийн хэмжээнд зохион байгуулалттай, санхүүгийн өндөр чадавхитай, оюун санааны “түйрэн”-гийн эсрэг  хэн сөрөн зогсож чадах вэ, бас эд баялагийн эзэн суусан, мөнгөтэй хөрөнгөтэй, зохион байгуулалттай, эрх мэдэлтэй, түүнийгээ буруугаар ашиглагчид засаглал, санхүүгийн олигархиуд, онгон байгаль, төрсөн газар нутгийг минь сүйтгэгчтэй хэн тэмцэх вэ гэсэн ар араасаа дагасан олон асуултад хариулт өгөх, тэгэхдээ идэвхитэй үйл ажиллагаагаараа харуулах түүхэн хариуцлага Тэнгэрийн Улаач та бидэнд ногджээ. Энэ түүхэн үүргээ ухамсарлавал Манай Удган, Зайран нар МБНЭ-д нэгдэн нийлж Түүхийн өмнө гүйцэтгэх хариуцлагатай үйлд зүтгэхээс өөр гарц үгүй юм аа.
    Өнгөрч байгаа 2012 он Монголын бөө нар нэн чухал түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.
    Нэг. 2012 оны 4 дүгээр сарын 20–ны өдөр Дээд хуралдайгаа хийж МБНЭ-ийг байгуулсан билээ. Байгуулагдаад арван сар өнгөрч байгаа боловч олон бэрхшээл,  зөрчилдөөнийг даван туулж байна. Их үйлийн төлөө олонх нь дотоод талдаа нэгдэж ажиллахын ач холбогдолыг илүүд үзэж байхад, зарим нэг нь өчүүхэн шалтгаанаар замын дундаас салан одож байна. Үйл явцыг мөнгөний хэмжүүрээр хардаг, хувийн нэр төрөө дээшлүүлэхийн төлөө ашиглахыг хүсэгчид, архидан согтуурч бүтээсэн нэр хүндээ баллуурдагчид тэдний дунд байна. Энэ үг тэдэнд хатуу сонсогдож байгаа байх гэхдээ ийм дутагдлууд цаашлах тусам бидэнд саад болно. Харин дутагдалаа ойлгож засж чадаж байгаа хэн бүхэнд манай МБНЭ-ийн хаалга нээлттэй байх болно.
    Хоёр. Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн олон оролцсон Их тахилга, тайлгыг, Хүннү гүрний соёлын алтан өлгий нутаг болох “Ноён” уулын тахилгыг 1500 гаруй бөө, сүсэгтэн олныг хамруулан, Туул, Хэрлэн,  Онон голд Лусын тахилга, тайлгын ажиллагаанд  500 орчим бөө нар оролцуулан зохион байгууллаа. Түүхийн явцад бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, бөө нарыг нэгдэхээс айн болгоомжлогчидоос бий болгосон үг худлаа болохыг түүх харууллаа.  Бөө нар нэгдэж, хамтарч ажиллаж, ямархуу хүчтэй болохоо харуулж чадлаа. Бид тус тусдаа үйл хийж ирсэн түүхэн уламжлал бий ч, одоо цагт нэгдэн нийлж их үйлийг хийх түүхэн үед тулж ирсэнийг ойлгох ёстой. Бөө нар би гэж бус бид гэж ярьж, ажиллаж суралцаж байна.
    Гурав. МБНЭ-ийн нэгдэж, хамтарч ажиллах үеийн эхний ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Энэ үйл явц аймагт бөөгийн хүрээлэн, сумдад бөөгийн Тэргүүн бөө нарыг тодруулахаас эхлэн амжилттай үргэлжилж байна. Манай бөө нар орон нутгийн бүтцээр ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод амьдардаг бөө нар аймаг сумын нутгийн зөвлөлийн хэлбэрээр, эсвэл яс угсааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ. Зүүн аймгууд нэгдсэн зохион байгуулалтад ороод байна. Улаанбаатарт амьдарч байгаа бөө нар анхлан санаачилж Говь-Алтай аймгийн нутгийн Бөөгийн Зөвлөлийг байгуулан ажиллав. Энэ бол маш чухал ажлын эхлэл, сайхан үлгэр жишээ болов.
    Бид нэгдэж ажилласны тодорхой жишээ бол зөвхөн зуны гурван сард 1200 гаруй уул, усны тахилга, зан үйлийн ажиллагаа хийжээ. Энэ бүхэнд зарцуулсан цаг хугацаа, сэтгэл, хөрөнгө гээд тооцвол их зүйл гарна. Ийм их ажлыг амжуулж зохион байгуулж байсныг МБНЭ байгуулагдсанаар анх удаа тооцож үзэж байна. Тархай бутархай байсан бол хэн ч энэ их ажлын тухай мэдээлэлийг нэгтгэн тооцохгүй байв.
    Дөрөв. Одоо бид бөөгийнхөө дотоод үйл ажиллагааг цэгцлэх цаг үе эхэлж байна. Саяхан хуралдсан МБНЭ-ийн 4 дүгээр хуралдаанаар “Монголын бөөгийн ёс зүй” гэсэн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Бөөгийн ёс зүй бол цаасан дээр анх удаа буулгаж байгаа болохоос үе үеийн бөө нар мөрдөж, хэрэгжүүлж ирсэн ёс зүйн түүхэн уламжлал юм. Энэхүү уламжлалт Бөөгийн ёс зүйг Могой жилийн анхны өдрөөс албан ёсоор нийтэд зарлаж, бөө нар болон олон түмэн сүсэгтэн нар танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах болно. Монгол бөөгийн ёс зүйг нийтэд танилцуулах, сурталчлах, хэрэгжүүлэх нь МБНЭ-ийн нэн чухал, зорилтод ажиллагаа байх болно.
    Тав. Олон улсын салбарт, гадаад харилцаа цоо шинээр үүсэн хөгжиж байна. Богино хугацаа өнгөрсөн боловч МБНЭ-ээс БНХАУ, ОХУ, АНУ, БНАСАУ, БНСУ, Япон, Турк Улсуудын гадаад харилцааны ажилтнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ярилцаж санал бодлоо солилцлоо. Гадаад харилцаанд одоо үүсээд байгаа чиг чигээ барьсан, хувиа хичээсэн замбараагүй байдлыг арилгаж, албан ёсны харилцааг бий болгож байна. Гадаад харилцаанд Монгол бөөг жинхэнэ утгаар нь төлөөлж чадах чадварлаг бөө, сүсэгтэн олныг хамруулдаг болох ёстой.  Тэд монгол бөөгийн нэр төр, нүүр царайг дэлхий нийтэд сурталчилж байгаагаа мартах ёсгүй.
    2012 онд Монголын бөө нар нэгдэн нийлснээ ийнхүү таван том үйлийг бүтээжээ. Хамтарч ажилласны үр дүн ийм байна.
    Бидний хувьд цаашид хийх ажил их байна. Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүгийн дэмжлэг туслалцаа юм. Үйл ажиллагааны нэг тал болсон санхүүгийн дэмжлэггүйгээр ажил урагш явахад нэн хүнд байна. Одоогоор бид байгаа боломжид тулгуурлан маш удаан урагшилж байна. Цөөн хэдхэн хүний хандиваар өнгөрсөн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. МБНЭ-ийн гишүүд дэмжигчид гишүүний татвараа цаг хугацаанд өгдөг байвал МБНЭ-ийг дэмжиж байгаа сэтгэлийн бодит илэрхийлэл байх болно.
    Бөө нар, түшээ, дэмжигчидийн сэтгэлийн нэг бодит илэрхийлэл нь МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, санаж бодож байгаа зүйлээ харилцан солилцож хамтран ажиллах явдал юм.
    2013 онд бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.  
    Бидний хамгийн чухал зорилт бол Онгон байгалиа хамгаалах зорилт мөн. Бөөгийн зан үйл маань онгон байгаль, онцгой гайхамшигт ан амьтадаар хөлөглөн Дээд тэнгэртэйгээ, онгодтойгоо харилцаж ирсэн билээ. Дэлхий, онгон байгальгүйгээр бид юу ч биш. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн газар нутаг маань хэрэг дээрээ лиценз нэртэй алга дарам цаасаар харийханд худалдагдаж, улмаар онгочигдон бузартлагдлаа. Монголчуудын нэг хэсэг нь эх орон газар нутгаа бусдад худалдан өөрсдөө хөрөнгөжин тансаглах болж, ард түмэн үгүйрэн хоосорч байна.
    Бөө нар хаана ч лус, савдагаа тахиж, зан үйлийг хийхдээ хүн-онгон байгалийн хүйн холбоог бэхжүүлж, тэр нутагт амьдарч байгаа ард түмнийг өдөр дутмын ахуй амьдрал, зан үйлтэй нь холбон нэгтгэж өгөх, шүтэж ирсэн түүхэн уламжлалаа сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Бөө нар, ард түмэн, онгон байгаль гурав амь нэгтэй ажиллаж ирсэн түүхэн уламжлалаа идэвхжүүлэх цаг үе иржээ.
    2013 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Туурагтны Их тахилга, тайлгыг Улаанбаатар хотын ойролцоо хийнэ. Энэ тахилгад Монголын бүх сумдаас төлөөлөгчид ирж оролцоно. Мөн Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тыба зэрэг бусад монголчууд оролцоно. Энэ Тахилга, тайлга нь Монгол бөөгийн хүч чадал, мөн чанарыг таниулахад нэн чухал үйл болно.
    Шинэ оны анхны Тайлга, тахилгаа Монголын баруун хязгаарын арван гурван хайрханы нэг “Жаргалт хаан”-ы их тахилгаар эхэлнэ. Энэ тахилга 5 дугаар сарын 25-нд болно. Баруун монголын бүх төлөөлөл оролцох бөгөөд төв болон зүүн аймгаас Удган, Зайран нар хүндэтгэл үзүүлж төлөөлөгчдөө оролцуулах юм. Эзэн Чингис хааны зарлигаар Монгол баруун хязгаарын хамгаалах, эзэн нь байх хүндтэй үүргийг хүлээсэн цагаас хойш 800 жил өнгөрчээ. Монголчууд түүхэн үүргээ ухамсарлахад энэ тахилга онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бид Их үйлийн төлөө хамтарч ажиллаж, харилцан туслаж чаддагийн бодит жишээг үзүүлэх болно.
    Монгол орныхоо онгон байгалийг хамгаалах шаардлагаас уламжлан хэд хэдэн газарт Ард түмнээс ирсэн хүсэлтийг үндэслэн Тахилга, тайлгын нэгдсэн ажиллагаа хийгдэхээр байна.
    Монголын бөөгийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн Удган, Зайран, Түшээ нартаа зориулсан шагнал урамшилыг бий болгоно. Тэд олон жил  хийсэн бүтээсэн үйлээрээ шагнал, нэр хүндээ хүртэж байх болно. Өмнө нь үүсээд байсан мөнгөөр цол, шагналыг худалдаж авч ирсэн зохисгүй байдлыг хална.
    Монгол бөөгийн багш-бөө нартай ажиллах ажиллагаанд шинэчлэлт хийх болно. Бөөг жинхэнэ уламжлалт арга ухаанаар хөгжүүлж байгаа тэнгэрийн элч нарт айх зүйл байхгүй. Харин “хуурамч” гэх нэрийг зүүж байгаа зарим нөхдүүд биднээс дайжин зугтаж байгаа нь үнэн. Ойрын хоёр жилд тэнгэрийн улаачийн хувьд, хүмүүний хувьд ч түүхийн шалгуурт шигшигдэх хариуцлагатай үе юм. Бөөгийн нэр барьж өнгө, мөнгөний хойноос хөөцөлдөгчид анхааруулахад Тэнгэрийн гэсгээл тун хатуу гэдгийг сануулъя.
    Бөөгийн үйл ажиллагааг сурталчилахад ихээхэн анхаарах шаардлага байна. МБНЭ-ийн “Монгол бөө” өөрийн цахим сурталчилгаатай болов. Цаашдаа цуврал дугаараар ном гаргана. Мөн улирлаар гардаг сэтгүүлтэй болохоор ажиллаж байна. Эрдэмтэн судлаачидтай хамтарч цуврал лекц, ярилцлага хийнэ.
    Бөөгийн ёс зүйг нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын бөө нар сүсэгтэн олонтой хамтарч хийнэ. Бөө нар, сүсэгтэн олон хаана хандах, хэн дээр очихоо мэддэг болно. Ингэснээрээ бөөгийн нэр төрийг элдэв бусармаг зүйлтэй хольж хутгадаг “хуурамч бөө” нараас ангижрах болно.
    Бидэнд хамтарч хийх, ажиллах их зорилго хүлээж байна. МБНЭ-дээ эвлэлдэн нэгдэж их үйлийн төлөө зориглон хөдлөх цаг үе ирлээ.
    Тэнгэрийн улаач, түшээ нар, сүсэгтэн олон та бүхнийг Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хаан маань ивээх болтугай.
       
      МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     
     
     
  • ШИНЭ ЖИЛ-2013 ОН

    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн хамт олны хувьд  2013 он тахилгаас тахилга, хурлаас хурлын хооронд гэсэн ёстой л ихийг хийж бүтээсэн, амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Тийм ч учраас 2013 оны Шилдэг Зайран, Шилдэг Удган, Шилдгийн Шилдэг Бөө гэсэн 3 номинацид бусдыгаа манлайлсан олон сайхан Зайран, Удганууд нэр дэвшиж өрсөлдөв.
         2013 оны Шилдгийн Шилдэг Бөөгөөр Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Их тахилгыг удирдсан, Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Нарны тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны нэгдсэн Их тахилгыг удирдсан, Монгол туургатны нэгдсэн Их тахилгын Нарны тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгыг зохион байгуулж, оролцсон Монгол Бөөгийн Их Дархан удган Д.Батчулуун,
         2013 оны Шилдэг Зайрангаар Монгол улсын толгой уул Жаргалтхан хайрханы Их тахилгыг зохион байгуулж, Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, ЮНЕСКО-оос зохион байгуулсан ОУ-ын Бөөгийн фестивальд МБНЭ-ийг төлөөлөн оролцож, Монгол Бөөг төлөөлж бөөлсөн, ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд Монгол бөөг бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун,
         2013 оны Шилдэг Удганаар Монгол туургатны нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгыг зохион байгуулж удирдсан, Монгол туургатны хөл уул Хөх уулын Их тахилгын Нарны тахилга, Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг үлгэр жишээ зохион байгуулж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Г.Гэрэлтуяа нар шалгар тус тус шалгарсан байна. Шагналыг МБНЭ-йин Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нар гардуулан өглөө.
            Мөн МБНЭ-ийн “Долоон од” одонгоор  Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Х.Энхмаа нар шагнагдлаа. Мөн мөнх тэнгэрийн үйлсэд арвин их амжилт гаргасан  Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн  А.Энхтайван нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, Удган Ж. Алтанчимэг, Ж. Төгсжаргал, Т.Дагвадорж нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар, Удган Д.Оюунсүрэн, Б.Батчимэг, Б.Оюунчимэг, Ч.Болорцэцэг, Отгонжаргал, С.Отгондулам, Уранчимэг, Энхмаа, Ц.Баттулга нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар тус тус шагнасныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулав.
           Шинэ жилийн цэнгүүн халуун дулаан уур амьсгал, ихийг бүтээх эрмүүн хүсэл эрмэлзэл дүүрэн болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд төрөө хүндэтгэн УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл урьсан байна.  
                                                                                                                                                                                      

     
  • Кызылд-2019

    https://www.youtube.com/watch?v=CGp-Ij7BieQ

  • Халимагт Чингис хааны төв байгуулагдана1

     “Халимагийн нийслэл Элстэй хотноо “Тэмүжин” нэртэй аялал жуулчлал-түүхийн төв барих гэж байна. Элстэй хотын депутат Баатар Очировын санаачилгаар баригдах энэхүү төвийн шав тавих ёслол энэ хавар болох юм. Шав тавих ёслолд Монголын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно” гэж Халимагийн “Бумбын Орон” агентлаг мэдээллээ.
    Мөн өдөр Чингис хааны бага насаа өнгөрөөсөн Бурхан халдун уулнаас авчирсан чулуугаар Овоо босгох ёслол болох аж. “Тэмүүжин” төв 11 га газарт баригдах бөгөөд Монгол Халимагийн ард түмний түүхийг харуулсан ил музейтэй байх юм. Ил музейн талбайг Чингис хааны удмын бэлгэ тэмдэг болох шонхор шувууны хэлбэртэй хийж, хоёр саварт нь Монгол Халимагийн тухай өгүүлсэн үзмэртэй хоёр гэр байхаар бүтээх гэнэ. Музейн талбайд цэрэг дайчдын хөшөө байрлуулж, төвд нь Их Монгол Улсын газрын зураг, Чингис хааны хөшөө, түүний сургаал үгсийг сийлсэн самбартай. Хөшөө нь Улаанбаатар хотын Чингисийн талбайд байгаа хөшөөтэй ижилхэн байх аж. 16 метр диаметртэй, 7 метр өндөр Чингис хааны аян дайны гэрт лааны тосон баримлын үзмэртэй. Их хаанаас эхлээд түүний эх, хатан, жанжингуудын баримлыг хийгээд эхэлсэн байна.
    Депутат Баатар Очиров “Манай төвийн гол зорилго бол цагтаа нэг ард түмэн байсан Монгол Халимагийн ард түмний жинхэнэ, бодит түүхийг танилцуулах явдал. Зөвлөлт засгийн үед Чингис хааныг тоодоггүй байлаа. Энэ агуу зүтгэлтэнд анхаарал хандуулах ёстой. Түүний тухай мэдэх нь ялангуяа өсвөр үе хүүхдүүдэд их хэрэгтэй. Мэдээж манай төвд арилжааны зорилго бас байгаа. Зочид буудал, ресторан, худалдааны төв бүгдэд нь хуучин Монголын уур амьсгал бүрдүүлж, яг л тэр цаг үед очсон мэт болгохоор ажиллаж байна. 450 хүний багтаамжтай Их танхимд хурал, чуулган, хуримын ёслол ч хийж болно. Мөн түвд эмнэлгийн төв ажиллах болно. Манай төслийн загварыг Монголын тал дэмжсэн байгаа” гэж тус агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
    Төслийн нийт өртөг 340 сая рубль болох бөгөөд таван жилийн дотор зардлаа нөхнө гэсэн тооцоо гарсан байна. Ивээн тэтгэгчид, хандив болон төсвийн мөнгөөр бүтэх энэхүү төслийн гол ивээн тэтгэгч нь Монголын бизнесменүүд байх болно. Монголд төслийг дэмжих сан байгуулагдсан гэж Баатар Очиров ярьжээ.
     
     
    Г.Төгөлдөр
    – See more at: http://world.time.mn/content/40488.shtml#sthash.xPA2rjG2.dpuf
  • САНАЛ СОЛИЛЦОЖ, ОЙЛГОЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

    2019 онд Монголын тэнгэр шүтлэгтэнүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн жил байлаа. Дэлхийн тэнгэр үзэлтнүүдийг нэгтгэн Өсөхбаяр, Туул нарын удирдсан холбоо байгуулагдаж, хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.
    Энэ онд тохиосон бас нэг онцлогтой үйл явдал бол Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхтэй зохион байгуулж эхэлсэн. Ийнхүү тэнгэр үзэлтний байгууллагууд мэндэлсэн нь Монголын бөө мөргөлд чухал ач холбогдолтой боллоо.
    Монголын түмэн олон тэнгэр үзэл дэлгэрч түүнтэй холбоотой улс төр нийгмийн үйл ажиллагаа явагдахыг хүсэх эрмэлзэл илэрхий хүчтэй болоод байгаа юм. Энэ үед тэнгэр үзэлтнүүд нэгдэж улс орныхоо хөгжил дэвшилд нэмэр болохуйц далайцтай ажлууд хийх болсон.
    Йим нөхцөл байдал үүссэн үед Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбооноос санаачилж, “Монголын тэнгэр үзэлтний анхдугаар их чуулган”-ын зохион байгуулахаар болжээ. Монгол түмний сэргэн мандлын үйл хэрэгт нэгдэхийг уриалж Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбооноос гаргасан Албан захидалыг МБНЭ-ийн удирдлагад гардуулж өгч, санал бодлоо солилцлоо.
    Уулзалтын эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн байгуулагдах болсон нөхцөл, үйл ажимллагааны онцлогын талаар дэлэгрэнгүй тайлбар хийлээ.
    Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбооны тэргүүн Д.Уламбаяр “Тэнгэр үзлийг төр ёсны сэргэн мандалын үзэл санаа болгох, Монгол түмний эв нэгдэл, эвлэрэл ойлголцлын дуудлага болгох хүсэл, зорилго дор нэгдэн ажиллахыг уриалж байгаа бөгөөд удахгүй зохион байгуулалтын чуулганаа хийхээ мэдэгдэж, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн төслийг гардуулж өглөө.
    Уулзалт ярилцлага харилцан ойлголцсон түвшинд болж өнгөрлөө. Уулзалтын төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбооны ажилд амжилт хүсээд МБНЭ-ийн нийт гишүүд дэмжигчидээ “Монголын тэнгэр үзэлтний анхдугаар их чуулган”-д идэвхтэй оролцохыг уриаллаа.
     
  • СИНЬХУА: Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

    Синьхуа агентлагийн мэдээ:
    Хятадын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны мэдээлснээр, Хятад, Монгол хоёр орны хил дамнасан сүлжээний гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай нийтлэг ойлголтын дагуу Монгол Улсын хууль сахиулах байгууллага сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон Хятадын 800 шахам сэжигтнийг баривчилж, тэдний 759 иргэнийг Хятад улсад хүлээлгэн өгсөн байна.
    Арваннэгдүгээр сарын 7-ны 12:00 цагт Хятадын НАХЯ-ны шийдвэрээр ӨМӨЗО, Жянсү мужийн НАХ байгууллага эдгээр сэжигтнийг галт тэргээр Наньжин хотод хүргүүллээ.
    Энэ бол Хятадын НАХЯ болон олон улсын цагдаагийн хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж, сүлжээний залилангийн гэмт хэрэгт холбогдсон хамгийн олон сэжигтнийг баривчилсан хэрэг бөгөөд тэднийг баривчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт хүчтэй цохилт болсон юм.
     
     
    Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны албаны хүн хэлэхдээ “Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1,336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм.
    Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумьж чадлаа” гэжээ.
     
  • “ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” ЖАГСААЛЫГ ДЭМЖИГЧ ИРГЭДИЙН ЦУГЛААН, ЖАГСААЛ БОЛОВ

    “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
    Төрийн дуулал эгшүүлэн эхэлсэн жагсаалын үеэр “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай “Би Д.Сүхбаатарын талбай дээр цэргийн хүндэтгэлийн жагсаалыг зургаан жил удирдсан. Харин өнөөдөр иргэний хувиар Үндэсний фронтыг удирдан анх удаа жагсаж байна.
    Өнгөрсөн 27 жилд бид төрийн эрх барих дээд байгууллагуудаа сонгон, тэдэнд итгэж ирсэн. Энэ хугацаанд төрд шургалж тэрбумтан бологчид, төрийн албыг авлигын сүлжээ болгогчид, офшорчдыг нэгтгэн төрийн дайсан хэмээн үзэж байна.
    Төрийн тогтолцоо бүхэлдээ гажуудсан учир нэг ч өдөр үүнтэй эвлэрэх боломжгүй. Төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд эвлэлдэн нэгдэж өнөөдөр жагсаж байна.
    Анх 30 гаруй ТББ байгууллага нэгдсэн “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөнийг байгуулж байсан бол өнөөдөр 100 орчим ТББ-ын төлөөлөл өнөөдөр талбайд цуглаад ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй болсон УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байна” хэмээн хэллээ.
    Жагсагчдын зүгээс “Бидний эх орон лиценз нэрээр зарагдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдлаа”, “Энэ улсын эзэн монгол хүн үнэ цэнэ үгүй болж, гадаадад дүрвэгч болж байна”, “Банк санхүүгийн байгууллага шулагч болсон”, “Монголын төр гацаанд орж, хувьсгал хийх цаг болсон. Энэ шаардлага Үндэсний фронт болон зохион байгуулагдах нөхцлийг бүрдүүллээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байв.
     
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ТУРК СУРГУУЛЬД ЗОЧЛОВ.

     Баян-Өлгий аймагт “Жаргалант хан” хайрханы Их тахилгад оролцсон МБНЭ-ийн төлөөллийг Өлгий хотод байдаг Турк сургуулийн удирдлага хүлээн авч алс баруун хязгаарт өндөр түвшиний сургалт хэрхэн зохион байгуулж байгаатай танилцуулав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь Туркийн талтай олон жил халуун дотно хамтын ажиллагаатай явж ирсэн ажээ. Монголд Туркын Ерөнхий сайдыг айлчлахад уулзаж, Туркын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын Монголд хийсэн албан ёсны айлчлалыг зохион байгуулсан төдийгүй Д.Жаргалсайхан нь Турк улсад ажлын айлчлал хийж байжээ.
     Турк сургуулийн хамт олон сургуулийнхаа хичээлийн танхим, физик, химийн лабортори, компьютерийн танхим, спортын болон хурлын заалтай танилцуулсан байна. Тус сургуульд суралцагчид Туркэд болдог олон улсын олимпиадад удаа дараа түрүүлж байсан төдийгүй, сургууль төгсөгчид нь гадаад, дотоодын сургуулийн элсэлтийн шалгалтад ямагт тэргүүлж оролцдог уламжлалтай юм. Сургуулийн захирал Хамди Демир МБНЭ-ийн төлөөллийг хүндэтгэн өдрийн зоог барив. байна. Алс холын баруун хязгаарт соёлын үрийг тарьж байгаа Турк сургуулийн хамт олонд МБНЭ-ийн удирдлага ажлын их амжилт хүсэн ерөөв.
          Я.Мөнгөн

  • ТӨВДӨӨС БОЛЖ МОНГОЛЫН ХҮЧИРХЭГ БАЙДАЛ УНТАРСАН ТҮҮХ

    Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрмонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын “Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.
    Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.
    1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм…
    Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.