Author: admin_shaman

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ1

    2012 оны 01 дүгээр                  Улаанбаатар
    сарын 09-ны өдөр                           хот
    Чингис  хаан – Тэмүүжиний  мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
    Монгол Улсын үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь :
    1. Эзэн богд Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын  Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тоололын  гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
    2. Их хааны мэндэлсэн өдрийг “ Монгол бахархалын өдөр ” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай.
    МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
     
  • Гурав. Бөө нар сибирийн их түймрийг унтраах тахилга хийлээ.

     

    Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеээс эх дэлхий бол хүний оршин тогтнох гол цөм учраас онгон байгалиа хамгаалах нь Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн сургаалийн үндэс байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх болно. Тиймээс Монголын болон МБНЭ-ийн төлөөлөл нар сибирийн түймэр ундраахаар цугларсан олон бөө нартай эв санаа нэгтэй байж, дэмжиж Байгаль далайн Ольхун аралд болсон бөөгийн нэгдсэн тахилгад оролцсон билээ. Нэгдсэн тахилга бол эх дэлхийнхээ байгалийг хамгаалах нэгдсэн их үйлсийн нэг тод илрэл, жишээ болж байна. Бид ингэж бодож, сэтгэж энэ үйл ажиллагаанд оролцож байна.
    Байгал дэлхийгээ хамгаалах тэмцэлд “Буриад-Монголын бөө мөргөлийн эртний уламжлалын дагуу … дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бөөгийн цугларал”-т боллоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа Буриадын “Тэнгэри” бөөгийн байгууллагын тэргүүн Байр Цыендоржаевтай уулзав. Бид зав зайг ашиглан сонирхосон асуулаар ярилцлаа. Мөн тахилгад оролцож буй олон бөө нартай уулзаж, санал бодлоо солилцсон билээ.
    Дараа нь Украйнаас ирсэн бөөгийн төлөөлөлтэй санал солилцлоо. Украйн бөө монгол бөөгийн талаар сайн ойлголттой байсны дээр ирэх жил монголд аялах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа.
    8 дугаар сарын 4-ны өдөр өглөөнөөс эхлэн бөө нар тахилгын бэлтгэл ажлыг эхэлсэн байлаа. Бөө нар бөөгийн Ольхун аралын зүгт чиглэлээ авч байрлалаа эзэлжээ. Жин үдийн сайн цаг болоход бөө нар тахилгын зан үйлээ эхэллээ. Дөрвөлжин татсан гортиг дотор оролцох бөө нар байрласан байлаа. Урд эгнээнд нэгэн шугаманд онгоддоо өргөх идээгээ тавьсан байлаа. Хамгийн ар талд хоёр тогоонд шүүсээ бэлтгэх ажээ.
    Бүгд зэрэг онгод, сахиусаа залж бөөлж эхэллээ. Оролцогчид бүгд байгаль дэлхийгээ, сибирийн их ойгоо түймрээс авран хамгаалах зан үйлд нэгдэн оржээ. Бүгд бөөлж дуссаны дараа таван зайран нэгдэн бөөлж эхэллээ. Ойгоны их ноёдын онгодыг оруулж бөөлж байлаа.
    Тэднийг бөөлж дуусахад манай халх хуягтай бөө талбайд үлдэж олон иргэдийг дугаарлуулан төөрөг тавьж байлаа. Тиймээс зохион байгуулагчид түшээ, зайранд анхааруулан бөөлөлтийг зогсоож, талбайг чөлөөтэй болгов.
    Түүний дараа Буриадын “Тэнгэрэ” бөөгийн тэргүүн Байр Цыендоржаев хуяглан бөөлж, “Бух ноён”-ы онгодыг залж, толгойлон бөөлөлтөө эхэлсэн билээ. Цугларсан олон бүгд сөхрөн сууж, “Бух ноён”-доо залбиран мөргөж, дөрвөн зүгт цугларсан олонтой дөрвөнтэй мэндчилж, залбиран бөөллөө. Тахилгад оррлцогчид бүгд сөгдөн, “Бух ноён”-доо мэндчилж, хадагаа өргөж байлаа.
    Урд талд бэлдэж тавьсан бургас модондоо цугларсан хадагаа өргөж, шүүсээ дээр нь тавьлаа. Бүх бөө нар хэнгэрэг юугаа дэлдэж, дуудлагаа дуудаж, өргөх идээ, шүүсээ авч цугларсан олныг бүтэн тойрсоны дараа галаа асааж, цунцалан өргөнө билээ.
    Шүтлэгтэн олны өмнө хийгдэх гол арга хэмжээнүүд ийнхүү дэс дараатай хийгдэж дууслаа. Сибирийн их тайгад гарч буй түймрийн эсрэг, байгалиа хамгаалах зорилгоор хийсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Мөн өдрийн бусдын зохион байгуулж байгаа арга хэмжээг хүндэтгэх мэдрэмжиндээ тулгуурлан, (тахилгын талбайд бусдын анхаарлын татахгүй байхаар) МБНЭ-ийн төлөөлөл, байгууллагын тугаа зөвхөн орой өргөж, монгол бөөгийн тухай баримтад киногоо гаргаж сонирхуулсан билээ.
    Энэхүү арга хэмжээнд монголоос хоёр бөө оролцсон юм. Эх дэлхийнхээ төлөө энэ хүртэл зүтгэж яваа улаач нараараа бахарханам. Шүүмжлэлтэй хандахад манай бөө нар нэгдсэн тахилгад оролцохын хамт онгод, сахиусаа хийж байгаа зорилготой уялдуулахыг аль болохоор хичээх хэрэгтэй юм. Гэтэл манай бөө нар хуяглан бөөлж, сахиусаа залангуутаа иргэд оролцогчдын төөргийг үзэж, бөөлөлт хувийн шинж чанартай болгож, зохион байгуулагчид сануулга өгч, сахиусаа буулгахаа хүчээр болиулахад хүргэж байлаа. МБНЭ-ийн дүрэм, журамд зааснаар нэгдсэн тахилгын үеэр хувь хүнд зориулсан зан үйл хийхийг хориглодог юм. Энэ бол манай байгууллагын улаач нарын хувьд тогтсон зүйл билээ. Монгол бөөгийн ёс зүйд “бусдын онгодыг хүндэтгэж, өөрийн онгодыг дээдлэх” ёсон бий билээ. Манай залуу бөө нар энэ мэтчилэн олон зүйлд суралцах зайлшгүй шаардлага байгаа юм.

  • Хоёр. ОЛЬХОН БА БӨӨГИЙН АРАЛД АЯЛАВ.

    Усьт-Ордынскийн зам салах уулзвар дээр хуримаа хийж яваа залуусын дурсгалын зураг авалттай таарсан юм. Энэ өдөр харьцангүй автомашин цөөхөн байж, зам ачаалал багатай чөлөөтэй байсан. Уудам хөндийгөөр давхисаар Баяндай тосгонд ирж, зам урагш эргэж, байгаль нуурыг зорилоо. Нилээд өндөр давааг даваад хоёр уулын дундуур уруудсаар ой мод шувтрангуут монголын нутагтай тун төстэй замаар орж явчихав. Косая степ, Еланцы тосгоныг дайраад Сахортагийн усан боомтод ирж дугаарлан зогсов.
    Биднийг дугаарлаж байх мөчид хятадын жуулчдын дөрвөн машин дайрч, усан онгоц дугаарлан хүлээж байгаа олны эгдүүг хүргэв. Тэд шууд онгоцгнд ачихыг шаардаж, дугаарласан олон дэг журам сахихыг хятадуудаас шаардан тэрүүхэндээ маргалдаан үүсгэв. Хятадын цэргийн хээрийн хувцасаар гангарсан залуу гол дүрд “тоглож”, орилож чарлаж, цугларсан олны энгдүүцэл төрүүлнэ. Хаа нэгтэй дугааргүй дайрч сурсан дээрэлхүү, ойворгон зан орос иргэдийн дургүйг хүргэнэ.
    Улмаар нэг удаагийн усан онгоц машин ачилгүй явж, маргаан ширүүсэв. Оросууд тэвчээртэй хандаж, зохицуулахыг хичээсэнд хятадууд үл зөвшөөрч дайрч байлаа. Хятадууд ирээд дугаарласан бол “асуудал үүсэхгүй байсан. Тун удалгүй ир бүрэн хуягласан цагдаагийн машин ирж, араас нь цагдаагийн нэмэлт хүч ирэв. Одоо хятадууд номхорч, дэс дугаарт орж завинд сууцгаасан. Хаана ойворгон зан хүний анхааралд өртөж, асуудлыг хурцатгаж, хүмүүс хоорондын зөрчил үүсгэж болохыг энэ явдал харуулж байлаа.
    Усан онгоцонд суусан бид нөгөө эрэгт бууж, цааш хөдөллөө. Ольхон аралын Хужирт тосгон хүртэл 36 км зам бол манхайханы хэлдгээр “там”-ын зам байлаа. Орой болсон хойно Хужиртад ирээд өмнө жилүүдэд байрлаж байсан газартаа майханаа барьж, эхний шөнөө амарлаа.
    Өглөө босоод бид хоолоо идсэний дараа тахилга хийх газрыг хайсан юм. Ольхоны арлын тэнд явж байсан зайрантай таарч бид тахилга хийх газарт очсон билээ.
    Нэгдсэн тахилга өндөрлөнгүүт бид Ольхон аралын Хужирт тосгоны байдалтай танилцсан юм. Ирсэнээс хойш энд цөөнгүй барилгууд баригдаж, бас ч гэж үзэмж нь сайжирч, үйлчилгээний газрууд нэмэгджээ.

     
  • БУРИАД БӨӨГИЙН ӨЛГИЙ НУТГААР АЯЛАВ. Нэг. Эрхүү хотод

    Эрхүү муж (оросоор Иркутская область, буриад кирилээр Эрхүү можо) бол Сибирийн холбооны тойрогт багтдаг, Оросын холбооны наян гурван махбод, дөчин зургаан мужийнх нь нэг болсон 774,846 км² газар, 2,422,026 оршин суугчтай нутаг юм. Төв нь Эрхүү хот.
    Тус муж Орос улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээр 5-рт орох ба улсын нийт газар нутгийн 4.6% эзлэх ба дэлхийн цэнгэг усны томоохон нөөц бүхий “Байгал” нууртай ойрхон оршино. Газар нутгийн өмнөд хэсэг нь тайгын бүсэд орших ба нийт ойн 80% нь нарс, шилмүүс мод байдаг.
    Эрхүү хот нь Дорнод-Сибирийн эртний хот юм. 1661 онд Иркут гол Ангар мөрөн рүү усаа цутгадаг тэр газарт казакийн суурин сууриа тавьжээ. Сууринг Иркутский гэж нэрлэсэн аж. Хэдэн жилийн дараа уг сууринд хотын статуст олгож, тамга, сүлдтэй ч болжээ. Эрхүү хот байгуулагдсан үеэсээ эхлэн нутгийн хүн амын орлогын гол эх үүсвэр болсон худалдаа наймааны хот байлаа. Учир нь үүгээр Европоос Хятад, Монгол руу явах худалдааны зам өнгөрч байсан. Эрхүү хот хурдан түргэн өргөжин тэлсэн ба 100 жилийн дараа албан ёсны  Сибирийн нийслэл хот  болж хувирсан түүхтэй юм.
    Эрхүү хот бол монголчуудын нэгэн үеийн улс төр, нийгэм, эдийн засаг, эмнэлэг үйлчилгээний боловсон хүчнийг бэлтгэж, монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хот билээ.
    Хотын төв болон үйлчилгээний хэсгээр аялал хийж гурван өдрийг энд өнгөрүүлсэн билээ. Хотын өөрчлөн байгуулалтын талаар фото мэдээлэл уншигч олонд илүү ойлголт өгөх болов уу.

     
  • Дөрөв. Сибирийн гол автозам нээгдэв.

     Бидний байрлаж байгаа чигт олон зуун автомашин, хүн бөөгнөрөл үүссэн бөгөөд ямар нэг байдлаар уурлаж уцаарласан байдал үзэгдсэнгүй. Замын цагдаагийн 2-3 хүн хаалтад зогсож, байдлыг тайлбарлаж, иргэд, зорчигчдод шаардлага тавих бөгөөд  тэд цагдаагийн шаардлагыг биелүүлэх  ажээ.
     Гол цэгүүдэд цэргийн инженерийн усан хангамжийн тэргэнүүд цэвэр усыг түгээх бөгөөд усанд автаагүй хэсгийн хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу жирийн дэглэмээр ажиллаж, хүнсний хангалтуудыг чөлөөтэй хийж байлаа.
     Усны түвшин багасаж, усанд боогдсон иргэдийн тоо олширч, үерийн байдлыг өөрийн биеэр сонирхосон зорчигчид олон зуугаар нэмэгдсэн билээ.
     Оройн 20.00 цагийн үед автозамаар эхний зорчигчид гарахыг зөвшөөрсөн бөгөөд тэд нь том оврын жип машинууд байлаа. Автомашинуудын хооронд тодорхой зайтайгаар хөдөлгөөнд оруулж, үерийн замыг туулж эхлэв. Том оврын ачааны автомашинуудыг зам хөдөлгөөн хаалгүйгээр замаас зайдуу байрлуулах ажээ. Миний хувьд цаг дутам ойролцоох өндөрлөг газраас дурандаж, усны түвшиний багасалтыг нүдэн баримжаагаар хэмжиж байлаа.
     Нэгэнт том оврын жип машинуудыг үерийн хэсгийг гатлах зөвшөөрөл олгож эхэлсэн тул боломж олдсон дээр голыг гатлах шийдвэр бид гаргалаа. Зам зохицуулагч цагдаа, даргын өгсөн зөвшөөрлийн дагуу том оврын жипуудыг үерлэсэн гол гаргаж байлаа.
     Бидний хувьд өмнөө нэг машиныг оруулж араас нь болгоомжтойхон хөдөлгөөн үйлдэж эхэллээ. Замын байдлыг бармжаалахад хоёр талын төмөр хашлага, хамгийн гол нь замын голын тэмдэглээний зураас байлаа. Тэмдэглээний зураасыг баримжаалан эргээс гол гатлахаар хөдөлгөөн эхэллээ. Үерийн усанд автсан хэсэг бол зураг дээр таван км орчим замыг тэмдэглэсэн байсан.
     Бодит байдал дээр эхлээд нэг км орчим зам ил гарч, голын урсгалын хэсэгт нэг км орчим гүүр, далан бүхий хэсэг машин чөлөөтэй явахаар ил харагдаж байлаа. Замын цагдаа машин хоорондын зайг баримтлуулан, зорчигчдыг суудлын даруулагыг зүүхгүй байхыг анхааруулж зөвлөж байлаа.
    Машин жигд хурдтайгаар хөдөлгөөнөө эхэлж, усны түвшин их хэсэгт хүрч ирлээ. Тэр хэсэгт үерийн ус тодорхой хэмжээний хүчтэй урсаж байлаа. Их ус харахад сүрдмээр юм билээ. Бид ч амьдралдаа ийм өргөн гол усыг туулж үзсэн биш. Гол хэсгийг туулаад бага зэргийн өндөрлөг газар гарч дахиад үерийн усны урсаж бүй хоёр дахь хэсэгрүү орлоо. Энэ хэсгийн ус харьцангүй жигд гүнтэй, урсгалын хурд их байсан. Гэхдээ жип машинд ямар ч саад болохооргүй байлаа. Машин жигд уршилсаар гүүрний далан өгсөж эхлэхэд ус татарч бид голын цаад эрэгт гарч ирэв. Тэгээд гүүрээр гараад нэг км орчим явахад нөгөө эрэгт цугларсан автомашинуудын дэргэдүүр өнгөрлөө. Эргийн дагуу км орчим үргэлжилсэн цуваа үүссэн байх бөгөөд тодорхой зайтайгаар машины бөөгнөрөлийг зохицуулан төвлөрүүлж байршуулсан нь харагдаж байлаа.
    Нөгөө эрэгт гараад шууд шөнийн цагаар хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хүссэнгүй тул бид амарсан юм. Тэгээд өглөө 04 цагийн үед автомашины идэвхитэй хөдөлгөөн эхлээгүй байхад Эрхүү хотын зүг замын аялалаа эхэллээ.
    Сибирийн гол зам үерт автаж, байгалийн гоц гамшигт үзэгдэлд автсан газарт байж, бүх зүйлийг харж, биеэр үзэх, аян зам дайрч өнгөрөх, амьдралын минь нэгэн цаг хугацаа ийнхүү энд давхцах хувь тохиолдол байжээ.

     
  • Жек Ма: Хүн амзүйн сүйрэл хүн төрөлхтний гол АЮУЛ болно

    “Хүн төрөлхтөн ойрын 20 жилд тулгарах хамгийн том асуудал нь хүн амзүйн сүйрэл. Хүн амзүйн тэсрэлт биш гагцхүү сүйрэл гэдгийг цохон тэмдэглэе ” хэмээн Маск мэдэгджээ.
    Түүнтэй санал нэг байгаагаа Алибаба-ийн захирал Жек Ма илэрхийлээд, манай гаригийн хүн ам эрчимтэй буурна хэмээн мэдэгдсэн байна.
    “Хятадад 1,4 тэрбум хүн амтай гэдэг нь их тоо шиг санагдаж магадгүй,гэхдээ ойрын жилүүдэд Хятад ноцтой асуудалтай тулгаран, хүн амын бууралтын хэмнэл түргэснэ” хэмээн Жек Ма өгүүлжээ.
    Хүн амзүйн энэхүү асуудлыг шилжилт, цагаачлалаар шийдэж болно гэж Илон Маск  үзэж байгаа гэнэ. Ингэснээр төрөлт нэмэгдэнэ, хүмүүс зөвхөн Дэлхий дээр биш Ангараг гаригт ч хэрэгтэй хэмээн Маск өгүүлжээ.
    Гагцхүү хүн амын хэт өсөлт, дэлхий дээрх хүмүүсийн тоо манай гаригт сөргөөр нөлөөлнө гэсэн олон тооны судалгаа байдаг ч эсрэгээрээ, хүн ам цөөн байх нь ноцтой асуудалд тооцогдох талаар өмнө нь тэр бүр яригдаж байсангүй.
    Ийм байр суурьтай байгаагаа нийтэд  илэрхийлж байсан цөөн хүмүүсийн нэг нь  социологч-судлаач Даррел Брикер болон сэтгүүлч Жон Иббитсон нар юм. Тэд “Хоосон гариг: дэлхий даяар хүн амын тоо эрс буурч байна” нэртэй номондоо дэлхийн хүн ам хэт ихсэх аюул огт байхгүй гэж үзжээ.
    НҮБ-ын мэдээлснээр 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрэх таамаглалтай ч дэлхийн олон орны хүн амзүйчид үүнтэй огт санал нийлдэггүй байна. Харин ч XXI зууны дунд үе хүртэл хүн амын өсөлт оргилдоо хүрч, түүнээс цааш буурна гэдэг дээр тэд санал нэгддэг.
    Зарим орнуудад одоо ч хүн амын тоо буурч байгаа бөгөөд  хөгжингүй орнуудад төдийгүй төрөлт өндөр байдаг орнуудад ч 2050 он гэхэд төрөлт буурна гэж номын зохиогчид үзжээ.
    2020 онд төрсөн хүүхэд 30 нас хүрэхдээ хүн амын ихэнх нь өндөр настай хүмүүс болох нийгэмд амьдарна. Ийм нөхцөлд ажлын байрны асуудал тулгарахгүй ч ахмад настнуудын эрүүл мэнд, тэтгэвэрт зориулах өндөр татвар цалингийн ихэнх хэсгийг “залгина” гэж номын зохиогчид бичжээ.
    Ийнхүү төрөлт буурч, хүн ам хөгширснөөс үүдэн нийгмийн бүхий л асуудлуудыг цөөн тооны залуус нуруун дээрээ үүрэх тул эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай дэлхий дахин тулах нь гарцаагүй юм.
    Харин экологийн үүднээс хүн амын бууралт дэлхий дахинд сайнаар нөлөөлнө гэж номын зохиогчид үзсэн байна. Хүлэмжийн хий агаар мандлыг бохирдуулахгүй, гол мөрөн одооных шиг бохирдолтой байхгүй гэнэ.
    Гэхдээ хотжилт хүрээлэн буй орчинд хүмүүсийн боддог шиг тийм ч муу биш гэж зохиогчид үзсэн байна. Хотжилтыг дагаад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, дэд бүтцийн хөгжил тааруу, ядуурал, гэмт хэрэг газар авдаг зэрэг дутагдалтай тал олон бий ч хотуудад хүн амын нягтаршил их байх тусам нийтийн тээвэр, ус, цахилгаан эрчим хүч, усан хангамжийг илүү хямд үнээр нийтэд хүртээж, улмаар энэ хэмжээгээр хүрээлэн буй орчныг бага бохирдуулдаг гэдгийг номын зохиогчид онцолжээ.
    Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул учруулахгүй
    Илон Маск, Жек Ма нарын яриаг үргэлжлүүлье. Тэд хүн амзүйгээс гадна өөр олон асуудал хэлэлцсний нэг нь мэдээж хурлын сэдвийн хүрээний зайлшгүй асуудал болох “Хиймэл оюун ухааны” тухай юм.
    Одоо хүмүүс хиймэл оюун ухааны боломжийг дутуу үнэлж байгаа гэж Маск үзэж байгаагаа илэрхийллээ.
    “Хиймэл оюун ухаан бол хамгийн ухаантай хүнээс ч илүү их ухаантай. Хиймэл оюун ухаан судлаачдын гаргаж буй хамгийн том алдаа нь тэд өөрсдийгөө ухаантай гэж бодож байгаа явдал юм” гэж Маск өгүүлээд хиймэл оюун ухаанаас болгоомжлоход илүүдэхгүй гэсэн санаагаа илэрхийлсэн юм. 
    Харин энэ тал дээр Жек Ма эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
    “Өнөөдөр бид олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа ч маргааш гэхэд шийдэл нь олдоно. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул заналхийлнэ эсвэл энэ оюун ухаан аймшигтай гэж би бодохгүй байна. Хүн үүнийг ойлгох хэмжээний ухамсартай” хэмээн Жек Ма өгүүлжээ.
    Ирээдүйн боловсролын тухай
    Өнөөгийн боловсролын системийг шинэчлэх шаардлагатай гэж Жек Ма өгүүлжээ.
    Жек Ма: “Бидний үр хүүхдээ сургаж байгаа боловсролын бүхий л систем аж үйлдвэржилтийн үеэр тооцоологдсон. Машинууд хүмүүсээс ухаантай болно гэдэгт би итгэдэг, гэхдээ хүмүүс илүү ухамсартай байх ёстой. Үүний тулд бид боловсролоо өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь бид ямар нэг зүйлийг тогтоож, цээжлэхэд л гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо компьютер бүхнийг санаж, цээжилж, илүү хурдтай тооцоолж чадна. Ийм нөхцөлд хүмүүс илүү бүтээлч байх шаардлагатай”
    Харин Илон Маск ирээдүйг урьдчилан хэлэх эсвэл ирээдүйг бүтээхэд туслах мэдлэгийг боловсролын явцад олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
    “Өнөөдөр бидний судалж байгаа зүйлс ирээдүйг алдаа багатай хэлж өгч чадах уу гэдгийг сайтар үнэлж цэгнэх ёстой. Бид бүгд л алддаг. Ирээдүйн талаарх таны таамаглалд байх алдааг та багасгаж чадах уу гэдэгт л асуудал байгаа юм ” хэмээн Маск өгүүлсэн байна.
     
  • ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ

     Манайхан гадаад үгийг бичихдээ нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг болж. Тэдгээрийн нэг нь, монгол хэлнийхээ “у” үсгийг адалж шоовдорлоод хэрэглэхээ байлаа. Үлисс, Холливүүд, Болливүүд, Этвүүд, Волт Витман, Эдинбүрг, Страссбүрг, Петербүрг, Брандэнбүрг, Эдгар Снөү, Роллинг Стөүнс, фэйсбүүк, нөүтбүүк, Түнгүс, Түрк, Гэртрүд, Прүст, Лүйс, Лүйжи, Сэмүэл, Пөүп, Эдмүнд, “Макс Рөүд”… гэх мэтээр урьд “у”-гаар бичиж заншсан үгсийг бүгдийг нь “ү”-гээр бичих болж. Хятад, япон, солонгос хэлний үгсийг ч ингэж бичих болжээ. Хакүхо, Шикибү, Харүки Мүраками, Ясүнари, Гуанжөү, Ханжөү, Зинжөү, Гүйлин… гэж бичдэг болсон нь зөөлхөн хэлэхэд ёсгүй, журамгүй болсны илрэл, хатуу хэлвэл бүдүүлэг алдаа мөн.
    Уг нь Улисс, Холливууд, Атвууд, Уолт Уитман, Эдинбург, Страссбург, Петербург, Бранденбург, Эдгар Сноу, Роллинг Стоунз, фэйсбуук, ноутбуук, Тунгус, Турк, Хакухо, Шикибу, Харуки Мураками, Ясунари, Гертруда, Пруст, Луис, Луижи, Сэмуэл, Поуп, Эдмунд… гэж бичдэг байсан, журам дүрэм нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Олон арван жил нэг янзаар бичиж хэвшин, хүмүүсийн ой санамжид тогтчихсон бичлэгийг өөрчлөх нь сөрөг үр дагавар авчрах төдийгүй, наад зах нь “Энэ ямар үг вэ, өнөөх үг мөн үү, биш үү?” хэмээн эргэлзэхэд хүргэнэ.
    Өөр нэг зүйл бол, монгол хэлэнд гурвалсан эгшиг байдаггүй. Хос эгшиг л бий. Гэтэл хятад хэлнээс орчуулсан ном хэвлэлд гурвалсан эгшгээр бичсэн үгс их тохиолдох болж. Жишээлбэл, юүэ, яао, миао, лиао, шиао, биао гээд өчнөөн жишээ татаж болно. Монгол хэлний дотоод хууль, ёсзүйгээр бол ийм гурамсан эгшиг байхгүй. Ганцхан гуай гэдэг үг бий. Энэ бол бугай, абугай гэдэг авгайлах үгийн сунжирсан бичлэг. Бас хуайс гэж модны нэр бий. Энэ бол хуайшу гэсэн хятад үг. Монгол хэлний ю, я, е, ё үсгүүд бол хоёр авианаас бүтдэг. “Я” гэхэд ард нь “а” авиа сонсогдож байгаа. “Ю” гэхэд ард нь “у” юм уу, “ү” сонсогдоно. Энэ мэтчилэн “е” гэхэд ард нь “э”, “ё” гэхэд” о” сонсогдоно. Ийм байхад заавал яао, юүэ, ёоу, лиао гэж бичих шаардлагагүй. Яо, юэ, ёу, ляо, сяо, шяо гэхэд л болно. Тэгж ч журамлаж ирсэн. Энэ мэтчилэн хятад хэлний жоу гэдэг үгийг жөү, доу гэхийг дөү, бу гэхийг бү, су гэхийг сү гэж бичих болсон нь тэр бүр зөв биш ээ. Дээрх жишээнүүдээс харахад, өнөөдөр бид “у”, “я”, “е”, “ё” үсгүүдийг шооворлож, хэрэглээнээс шахаж гаргах бодлого баримталж байгаа юм шиг байдал илтэд ажиглагдах боллоо. Сүүлийн үеийн ном, хэвлэлүүдээр Лю гэхийг Лиү, Сю гэхийг Сиү, эсвэл Сьү, Тяньжин гэхийг Тианжин, Тунляо гэхийг Тунглио, Чөндө гэхийг Ченгдэ, Чанзян гэхийг Чангзиан, … гэж бичих болсон нь халаглалтай.
     Саяхан Улаанбаатарт Хятадын Ляонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон. Тэр үзэсгэлэнгийн зарлал дээр “Лиао нин” гэж бичсэн байсан. Энд 2 алдаа байна. Нэгд, өнөөх “я” үсэг алга. Хоёрт, нэг үгийг салгаж бичиж. Сүүлийн үед ийм алдаа түгээмэл болсон. Хонконг гэхийг Хон Конг гэж бичиж байна. Энэ бол нэг л газрын оноосон нэр. Тэгэхлээр Улаанбаатар, Өвөрхангай, Өндөрхаан, Дорноговь гэдэг шиг Хонконг гэж нийлүүлж бичих ёстой. Бид Улаан Баатар, Өвөр Хангай, Өмнө Говь, Өндөр Хаан гэж бичдэггүй. Гэтэл дээрх мэтээр Хятадын газар усны нэр, хүний нэрийг дандаа буруу бичиж байна. Луо Гуань Жун, Лю Цы Синь, Цао Сюэ Цин, Жу Рун Жи гэж бичих нь буруу юм. Энэ маягаар бол бид удахгүй То Кио, Ма Као, Шэнь Жэнь, Бээ Жин, Тиань Жин, Нань Жин, Шанг Хай, Хонг Конг гэж бичих вий. Тэгвэл Энх Баяр, Сүх Болд, Бат Тулга, Баяр Сайхан гэж бичсэнтэй ялгаагүй болно. Луо гэдэг нь тэр хүний овгийн нэр, Гуаньжун гэдэг нь өөрийнх нь нэр. Нэг газар, нэг хүнд оноосон нэрийг бид Өндөрхангай, Баянхонгор, Дорноговь, Цагаанхайрхан гэж, Энхбаяр, Сүхболд, Баттулга, Баярсайхан гэж бичдэг. Бао Юйлань гэдэг нэрийн Бао нь овгийнх нь нэр, Юйлань гэдэг нь өөрийнх нь нэр. Уншигчдад ойлгуулах үүднээс энэ нэрийг орчуулвал Хасмөчир гэдэг нэр болох бөгөөд Хас Мөчир гэж салгаж бичдэггүй.
     
    Орчуулгаар дамжин тухайн хэл хөгжиж, баяжиж байдаг, ялангуяа тэдгээр орчуулгаар дамжин монголчуудын оюуны ертөнц тэлж, хөгжиж байгаа. Сэтгэхүй, сэтгэлгээ хөгжиж байгаа. Дэлхийн хөгжлөөс, хүн төрөлхтөнөөс хоцрохгүй хамт зэрэгцэн урагшилж яваа. Харин харь үг хэллэгийг хэвээр нь хэрэглэх нь яавч сайн зүйл биш. Аль болох монголчлохыг хичээх хэрэгтэй. Харин олон улсын дундын үг хэллэгүүдийг бол арга байхгүй, хэрэглэлгүй яахав. Жишээ нь спорт, спирт, сэйф, бокс, атлетик, автобус, машин, трактор, комбайн, автомат, пулемёт, феодализм, социализм, коммунизм, реализм, романтизм, театр, партизан, геополитик, геостратеги, цирк, банк, танк, нефть, механик, техник, технологи, ферм, фирм, анархизм, либерал… гээд олон үгийг бид хэвээр нь хэрэглэдэг.
    Ер нь харь үг хэллэг аман ярианы хэлэнд хурдан орж хэрэглэгддэг, харин бичгийн хэлэнд ортлоо уддаг. Хэл шинжлэлд харь үг хэллэгийг шингэсэн үг, эс шингэсэн үг гэж ангилдаг. Аман ярианы хэлэнд хэрэглэгдэж байгаа үг бол эс шингэсэн үг. Харин бичгийн хэлэнд хэрэглэгдэж байгаа бол тэр үг тухайн хэлний үгийн санд орж шингэжээ гэж үздэг. Тиймээс уран зохиолын орчуулгад харь үг хэллэгийг бараг хэрэглэдэггүй, аль болохоор орчуулахыг зорьдог. Шингэсэн үг гэж урт удаан хугацааны туршид харь хэлнээс цаад эд юмсынхаа хамтаар орж ирж идэвхтэй хэрэглэгдсээр тухайн хэлний үгийн санд шингэсэн байдаг. Хятад хэлнээс газар тариалан, жимс ногоо, хоол хүнс, даавуу торгоны нэр томьёоны үгс хэдэн зуун жилийн хугацаанд монгол хэлэнд орж ирсэн нь ийм учиртай. Өнөөдөр тоор, интоор, халиар, жууцай, саа, дурдан, чисчүү, даалимба, цууямбуу, одончуу, үйтэнхуар, даалуу, үүлүү… зэрэг олон үгсийг хэлний мэргэжлийн биш хүн хятад үг гэж хэлэхгүй. Социализмын он жилүүдэд орос хэлээр дамжин олон улсын дундын үг хэллэг монгол хэлэнд их орж ирсэн. Өнөөдөр ардчиллын цаг үед ийм байдал хэрээс хэтэрчээ. Хэн дуртай нь харь гадаад үгийг хамаа намаагүй, чамирхаж мэдэмхийрч хэрэглэдэг болж. Хэлний засаглал байхгүй болж. Төр засгийн бодлого, журамлаж цэгцлэх үйл ажиллагаа орхигджээ.
    Нэг зүйлийг онцлоход, манайхан гадаад үгийг зориуд монгол болгон хэрэглэх болж. Хэлний хуулийн жам ёсоор монгол хэлний үгийн санд орж ирээгүй үгийг зориудаар, аман ярианд хэлэгдэх байдлаар нь бичгийн хэлэнд хэрэглэх нь хүмүүст тэр гадаад үгийг шууд тулган хэрэглүүлж байгаа явдал мөн. Ийм үг олон байна: династи, антологи, вассал, спикер, брокер, дилер, кассет, коммент, контент… Тэр байтугай, эс шингэсэн гадаад үгийг монголчуудын хазгай буруу дууддаг тэр хэлбэрээр нь бичиж байна. Жишээлбэл, шэдэвэр, лүмпэн, дилэр, комэнт, контэнт, цэнтр… гэх болж.  Цэнтр гэж бичсэн үгийг хүн яаж уншиж, юу гэж ойлгох бэ? Уг нь центр гэсэн үгийн е нь дээр дурдсанчлан “еэ” гэж уртаар дуудагддаг, тэгвэл монгол хэлний э үсэг богино дуудлагатай. Тэгэхлээр нэг бол центр гэж, эсвэл цээнтр гэж бичмээр. Энэ мэтчилэн дилер гэж, эсвэл дийлээр, контент гэж, эсвэл контээнт гэж бичих ёстой. 
     Уг нь шингэсэн үг бол байцаа, лууван, жууцай, зээтүү, жоотуу, хээл хахууль, сум, сүм, буу, бууз, хуушуур гээд хэн ч харь гадаад үг байна гэж мэдэхийн аргагүй, монгол хэлний хууль тогтолцооны дагуу хувирч зохицсон байдаг. Данхраад, астаачир, богоон, гоосудал, яавлаг, галавсаа, торт, моод, чимдаан, цүнх, хурандаа, харандаа, гүрэн, жаяг, саван, дэвтэр, зэрэг олон үгийг харь үг гэж хэлэхийн аргагүй монголжсон байх жишээтэй. Харин тэгж цагийн шалгуур, хэрэглээний шүүлтүүрийг туулж амжаагүй үгсийг зориудаар монголчилж хэрэглэх нь яавч зөв биш ээ.
     Өөр нэг зүйл бол гадаад хүн, газар ус, эд юмны нэрийг монгол маягаар бичиж явдал. Архимед гэхийг Архимэд, Аристотель гэхийг Аристотэл, Америк-Амээриг, Харпэр Коллинз, Саймон Шүстэр, Пүлицэр, Бичэр Стөү, Виржиниа Вүүлф, Харри Поттэр, Мэдэя, Вэртэр, Орэстэя, Том Соир, Пэтрарк, Гобсэк, Вэнэсүэл, Франсис Фүкүяама/хоёр нэр хоёулаа буруу/, Фэн Шүй/уг нь нэг ухагдахуун учраас салгаж бичихгүй/, Жөү династи, Людвиг фон Мизэс, Хомэр, Чосэр, Албэр, Ибсэн гэж бичиж байгаа жишээ захаас аван тааралдана. Хэрэв ингэж болно гэхэд хүрвэл Москва гэхийг Мушгиа, Тамбов гэхийг Томбоов, Ростов-Оросдов, Тюмень-Түмэн гэж бичихэд хүрнэ. Монгол хэл бол өргөлтгүй хэл. Тиймээс гадаад хэлний өргөлттэй үеийг монголоор уртатгалтай дуудах ёстой. Тэгэхийн тулд Хомер, Чосер, Албер, Ибсен, Гобсек, Петрарк, Шустер, Пулицер, Бичер Стоу, Венесуэл, Фрэнсис Фукуяама, Медея, Орестея, Вертер, Том Сойер гэж бичиж байж сая уншигчид гадаад үг байна гэж мэднэ, гадаад үгийг өргөлт, уртатгалтай дууддаг журмаар зөв хэлж дуудна.
     
    Манай зарим хүмүүс кирил үсгээр бичихдээ худам монгол үсгийн дүрмээр бичих оролдлого гаргадаг. Кирил монгол ч тэр, худам монгол ч тэр, аль аль нь өөр өөрийн дүрэм журамтай. Худам монгол бичгийн үсгийн дүрмийг тэртээ 13 дугаар зууны үед их эрдэмтэн Чойжи-Одсэр тэргүүтэн зохиохдоо эгшиг жийрэглэх ёс ч гэдэг, эгшгээр амилах ёс ч гэдэг дүрмийг гол болгон зохиосон нь мянга шахам жил өөрчлөгдөлгүй хэрэглэгдсээр ирсэн. Харин ак.Ц.Дамдинсүрэн кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичих журмыг гол болгон баримталсан байдаг. Чойжи-Одсэр бандида худам үсгийн дүрмийг зохиохдоо дорно дахины олон хэлний нийтлэг амин сүнс болох эгшиг жийрэглэх ёс буюу эгшгээр амилуулах ёсыг баримталсан бол Ц.Дамдинсүрэн 20 дугаар зууны эхэн хагаст кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо кирил үсгийн эх голомт болох слав хэлнүүдийн, юуны түрүүнд орос хэлний амь болсон ёсыг баримталсан нь тэр. Ер нь дорно дахины хэлүүдэд эгшгээр амилуулах хэлзүйн дүрэм зонхилдог бол өрнө дахины нэлээд хэлэнд яаж ярьдаг вэ, тэгж бичих дүрэм түгээмэл байдаг.
     
    Ингэж хоёр өөр дүрэм журмаар бий болсон хэлзүйн дүрэмтэй хоёр өөр бичиг үсгийг хольж хутгах нь буруу юм. Чингэх нь ёстой л өнөөх, илжгэнд арслангийн арьс нөмөргөсөн үлгэртэй агаар нэгэн болж байна аа. Кирил монгол үсгийн дүрэмд сайжруулууштай, засууштай зүйл цөөнгүй бий. Гэхдээ л үндсэн гол амин сүнсийг нь эвдэж боломгүй. Жишээ нь, үгийн үндсийг хадгалах, гээгдэх эгшгийн дүрмийг эргэж харах гэх мэт шинэчлэл хийж болно. Харин худам монголоор ингэж бичдэг гээд нэгэнт тогтсон дүрэм журмыг үл хэрэгсэн хамаагүй, замбараагүй өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь: хони, мори, хани, сэтхил, гараг, багатур, баатуд, гэгээлиг, хатуулиг, уушги, эрвээхий, дэгдээхий… гэж бичиж болохгүй. 
     Дахин хэлэхэд, энэ хоёр бичиг бол хоёр өөр бичиг үсэг. Аль аль нь зөв бичих өөрийн гэсэн дүрэмтэй, тэр нь хууль. Худам бичиг нь эгшгээр амилах, эгшиг жийрэглэх үндсэн хуультай. Энэ бол ганц монголчуудын худам бичгийн үндсэн хууль биш, ерөөс нийт дорно дахины хятад, япон, солонгос, мөхсөн манж, түвд гээд олон улс үндэстний бичиг үсгийн голлон баримталдаг зарчим, үндсэн тогтолцоо юм. Энэ бол гийгүүлэгч үсэг бүхэн эгшиг жийрэглэж амилдаг ёс. Тийм учраас тэр дүрмийнхээ дагуу бичээд одоо цагийнхаа амьд хэлний дуудлагын дагуу дууддаг. Азийн тэр олон хэлний бичиг үсгийн дүрэм ийм. Худам бичиг ч тийм.
    Өөрөөр хэлвэл, одоо цагийн үг яриаг найман зуун жилийн өмнөх үсэг бичгийн дүрмээр бичдэг гэсэн үг. Тэгвэл кирил монгол нь үндсэндээ монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичнэ гэсэн үндсэн хуультай. Гэхдээ энэ нь бас хэмжээ хязгаартай. Аман ярианы хэлэнд яаж ярьдагаа тэр чигт нь буулгаад байж болохгүй. Сүүлийн үед ийм байдал ихээхэн гарах болсон нь Монголын төрөөс хуульчлан баталсан одоо ч хүчинтэй хэвээр байгаа Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг эвдэж буй гэмт хэрэг мөн. Худам бичгийн дүрмээр худам бичгээрээ л бичих ёстой, кирил монгол бичгийн дүрмээр кирил монгол бичгээрээ л бичих хэрэгтэй. Хооронд хольж хутгаж, хуучин бичгээр ингэж бичдэг тул кирилээр ч тэгж бичих ёстой гэж болохгүй ээ. 
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

     
  • № 59 Ар монголд гарч байсан хөдөлгөөн

    Өвөр Монгод гарсан хөдөлгөөн

    1900-аад он гэхэд Өвөр Монголд католик ба христийн шашин өргөжин тэлээд байв.

    Өвөр Монголын шашны гурван тойргийн бүрэн бус мэдээгээр:

    Зүүн Монголын шашны тойрогт: дуган, хурлын газар 159, гадаад улсын лам 27, дундадын лам 27, сүсэгтэн 9060 байжээ1.

    Дунд Монголын шашны тойрогт: дуган хурлын газар 183, гадаад улсын лам 29, дундадын лам 14 хүн, сүсэгтэн 17340 хүн байжээ2.

    Баруун өмнөд Монголын шашны тойрогт: нийт дуган 31, даяанчийн сүм 1, гадаад улсын лам 27, дундадын лам 1 хүн, сүсэгтэн 5680 хүн байжээ3.

    1 “Нударганчуудын хөнөөлийн тухай тэмдэглэл. Доорд дэвтэр. ӨМАХХ. 2001, тал 214-214. 2 Мөн тэнд. Тал 235, 253. 3 Мөн тэнд.

    1905 оны намар Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны Тогтох тайж /1863-1922/-ийн удирдлагаар зэвсэгт бослого гарсан нь нийт Монгол даяар их дуулиантай болов.

    Тогтох тайж 1901 оны өвлөөс нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд Чин улсын атар хагалбарлахын эсрэг тэмцэж эхэлжээ. 1905 оны намар өмнөд горлос хошууны баруун өмнөд нутагт хятадууд газар хагалбарлаж эхэлсний дараа жил нь хошуу ноён Чимидсампил харъяат хошууны нутгийг хятад тариачдад мөнгөөр худалдаж дуусав. Малчид бэлчээр нутаггүй бол шахагдахад хүрсэн байна3. Тогтох энэ байдлыг ёс хэлэлцэн шийдэх гээд болоогүй учир эсэргүүцэж цэрэглэн боссон билээ.

    3 Г.Навааннамжил.”Зоригт баатар Тогтохын товч намтар”.УБ. 1946.тал 25.

    Тогтохын цэрэг Манжийн цэрэгт мөрдөгдөн харилцан тулалдсаар 1909 оны 2-р хагаст Хаант Оросын хилийг даван орж улс төрийн асрамж үзүүлэхийг хүсэв. Оросын хил хязгаарт дүрвэн орсон Тогтох нарыг Хаант Оросын засгийн газар найрсгаар хүлээн авч, 1910 оны эцсэаэр Тогтох тэргүүтэй 40 гаруй хүнийг Удэ хотоос 180 мод зайтай орших Харганат хэмээх газар, Баяр тэргүүтэй нөгөө хэсгийг Чита хотоос 40 модны зайтай газар тус тус түр нутаг олгон суулгасан байна3.3 Ш.Сандаг. “Монголын улс төрийн гадаад харилцаа”. 1850-1919.УБ.1971.тал 229.

    Тогтох нар Хаант Оросын нутагт нэг хэсэг оршин сууж байгаад Монголын тусгаар тогтнол сэргэсэн үед Их Хүрээнд хүрэлцэн ирэв. Тогтохын энэхүү тэмцэл нь Өвөр Монголд ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд уриа болсон билээ.

    Сургууль, боловсрол

    Манжийн үеийн монголчуудын сургууль боловсролын хэрэгт шашны сургууль ерөнхийдөө ноёрхож байсан билээ. Шашны сургалтын тогтолцоог үндсэнд нь анхан шатны ба дээд гэж хоёр анги хуваан үзэж болно.

    Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь

    1368 онд монголчуудын Хятад дахь ноёрхол унаснаас хойш XVII зууны 30-аад оны дунд үе хүртэл Монгол улс хятадын Мин улстай Цагаан хэрмээр хиллэж байв.

    XIX зууны дунд үеэс Тагнын урианхайн Оростой хиллэх Саяны нуруугаарх хилийн хамгаалалт, хяналт сул, хилийн шугам ч тодорхой бус болсон байна. Харин Оросууд Урианхайтай зах нийлсэн хилийн шугам, овоо тэмдгийг тогтоох, шалгах ажлыг хэдэнтээ хийжээ.

    XVIII зууны эхээр Манж нар Тагны урианхайн зарим хэсгийг Оросод дагаар орох, Зүүнгартай нэгдэхээс сэргийлж, Улаангом, Хан хөхийн нутагт дотогшлуулан суулгаж байгаад хожим бүх Монголыг захиргаандаа оруулсны дараа уугуул нутаг Тагна уулын ар руу нь буцаажээ.

  • Тав. Нэгдсэн тахилгын дүн ба шагнал гардуулав.

    Мөн тахилгыг хийхэд туслалцаа үзүүлсэн Г.Гэрэлцэцэг \”Хорин цагаан” ХХК\, Р.Алтмаа, Д.Дашдэлэг \”Хатан түлхүүр” ХХК\, Д.Сундуйжав, Б.Бат-Эрдэнэ, Мишигмаа, Цэрэнбямба нарт МБНЭ-ийн өргөмжлөл, Долгорлхам, Мөрдорж, Чинболд, Батмөнх, Тэгшээ, Ганбаатар, Үржинханд \”Чук” амралтын газар\, Болдбаатар \”Богд дөрөө” ХХК\ нарт “Хун хатан ижий” ТББ-ын шагналыг Дорнод аймгийн МБНЭ-ийн тэргүүн, Монгол бөөгийн Бухиадын Их Удган Г.Гэрэлтуяа гардуулав.
    Их тахилгад зориулсан бөхийн барилдааны шагналыг Монгол бөөгийн Буриадын их Удган Г.Гэрэлтуяа, сурын харваанд байх эзэлсэн харваачдын шагналыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Баатаржав нар гардууллаа.
    Орой наран шингэх үед хайрханы Их тахилгын галын тахилга эхэлж, тахилгын бөөлөлтийг Монгол бөөгийн Зайран Ч.Болд, Г.Болд нар хийлээ. Дүрэлзэн асах галаа тойрон тахилгад оролцсон түмэн олон буриад бүжигээ хатиран, дуугаа дуулан наадлаа. Нутгийн зон олон сэтгэл, баяр, баяслаар итгэл дүүрэн Их тахилгад оролцлоо.
    Их тахилгын маргааш өглөө Дашбалбар сум, Хөх уулыг тойрон их цас орсоныг тахилганы дараах Мөнх тэнгэрийн рашаан хэмээн нутгийн олон түмэн хүндэтгэн ярилцана билээ. Монгол туурагтны тулгуур хөл уул, Хөх уулын их тахилга ийнхүү амжилттай өнгөрлөө.  
    Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын Их тахилыг хийхэд туслалцаа үзүүлсэн Дашбалбар сумын ИХТ, Засаг даргын тамгын газар, С.Зоригийн нэрэмжит сургууль, цэцэрлэг, Чух амралтын газар, ”Хорин цагаан” ХХК, ”Хатан түлхүүр” ХХК, ”Богд дөрөө” ХХК, “Хун хатан ижий” ТББ, “Ундрах” зоогийн газар, “Жаргалант булаг” ХХК, Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, “Хос мандал” ХХК, Баяртогтох зочид буудлын захирал, хамт олон, Монгол Улсын гавьяат малчин Ц.Дэнсмаа, Д.Долгор ба Мөнхцэрэн, Баярцогт, Бадамдорж, Бадамсэд, Урантуяа, Жамьяан нутгийн бөө нар иргэддээ МБНЭ ба Дорнод аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүсч байна.
         

     
  • Дөрөв. Хайрханы ба Лусын тахилга боллоо.

    Хөх уулын овоон дээр Хөх уулын их хайрханд хүндэтгэл үзүүлэх тахилгыг МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн тэргүүн, Зайран Г.Болд, МБНЭ-ийн гишүүн, Зайран Дамдинхүү нар бөөлж удирдлаа. Хайрханы овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг тул овооны тахилгад эрчүүл очсон байлаа. 
    Тахилгат овооноос зүүн урагш арван хоёр км зайд Хайрханы лусын тахилга болж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Удган Цэрэндэмид, Зайран Энхбаатар нар бөөлж тахилгыг хийлээ.
    Их тахилгад зориулсан үндэсний баийн барилдаанд Дашбалбар сумын бөх Очирхуяг түрүүлж, сумын начин Мөнгөнхуяг үзүүрлэсэн байна.