Author: admin_shaman

  • Тав. Кызыл хотоор аялав.

    Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Дараа нь  үндэсний музейгээр орлоо. Бүгд Найрамдах Тува улсаас өнөөг хүртэл түүх эндээс харж болно. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ. Харин олон жил баригдаж байгаа боловч нэгэн өвөрмөц барилга болох Залуучуудын ордон дуусаагүй хэвээр байлаа.
    Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана. Удахгүй эргэн тойрон барилгууд сүндэрлэх буй за. Енесей мөрний ар талд томоохон цэргийн анга шинээр байрлаж, барилгын ажлуудаа эхэлжээ. Албан хаагчдын хотхон Енесей мөрний өмнө эргээс тод харагдана. Их мөрөн дээр  шинээр цэргийн гүүр тавьжээ. Тэр хавийн газар цэргийн хотхоны бүтээн байгуулалт өрнөсөн харагдана.
    Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.

    djmedia:195
     
  • Дөрөв. Бөөгийн “Дүнгэр” төвөөр зочлов.

    Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.
    МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцохдоо бид анхлан танилцсан билээ. Тэр үеээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх “Дүнгэр” төвийн тэргүүн байсан Сара Оол өнөөдөр Тувагийн бөөгийн тэргүүн болсон ажээ.
    Харин бидний таних Долаана “Дүнгэр” төвийг удирдаж байгаа ажээ. Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.
     

    djmedia:194
  • Г.Аюурзана: Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

    -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ. (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.
    -“Цагаан хар улаан” романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Тор¬гууд ястны дунд аль хэр удаан байв?
    -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номонд минь бараглаад орсон доо. Ер нь Монгол Улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон “Жангар”-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив.
    -Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичсэн үү?
    -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол “Жангар”-тай холбоотой л доо.
    -Уран бүтээлч хүний сэтгэ¬лийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөр¬чил¬тэй байд¬гийг та зохиолдоо гаргав уу?
    -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө “Цагаан хар улаан” романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ.
    -Хомерын туульсын Одиссей баат¬рын хатан Пенелопе тохиолд¬лоор таны романы баа¬тар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу?
    -Туульсын сэтгэлгээний онцло¬гийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарийн эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маяг хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз. Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм.
    -Торгуудын сүүлчийн жан¬гарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу? 
    -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жан¬гарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин “Жангар”-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ.
    -Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьд¬ралыг “галзуугийн эмнэлэг”-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан?
    -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. Жаран шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ. Гэтэл яаж хайлаад байна. Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ.
    -Сүүлийн гурван романаа хэлж байна уу?
    -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод…
    -Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз?
    -Би өөрийнхөө фэйсбүк хууд¬санд Рэнцэнрааг орос багш нь урла¬гийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би гуравдугаар курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удир¬дагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл “Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу” гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад “Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу. Би мэдээгүй л яваа шүү дээ” энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ “За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү. За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла” гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд “Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу” гээд тулгалаа шүү. Би  ч “Яалаа гэж дээ. Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ” гэсхийн дүлэгнэтэл “За, тэгвэл нутаг руугаа буц. Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай” гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-1994 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ.
    -Та багшийнхаа гэр рүү утасд¬сан уу?
    -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Воро¬ши¬лов¬той л архи уудаг хүршгүй том амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ. Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө “Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан” гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр мягмар гараг бүрт л “Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү” гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий.
    -Таны романд домгийн шинж¬тэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу? 
    -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээнэ аядлаа.
    -Зохио¬лын баатар туульч Намар¬жаан гуайг тууль хайлахдаа хөгж¬мийн зэмсэг биш эвдэрхий тов¬шуур цохиод байгаагаар дүр¬сэл¬сэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү?
    -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ. Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй.
    -Зураач гурван уулын зур¬гийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол?
    -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ.
    -“Цагаан хар улаан” романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна?
    -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.
     
  • Морьт харвааны ДАШТ-ээс монгол залуу Гран при шагнал хүртжээ

    2019 оны 9 сарын 02
     
    БНСУ-д болсон Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гран при шагналыг монгол залуу хүртжээ.
    Манай тамирчид харвааны төрөл бүрт алт, мөнгө, хүрэл медаль авч, “Хан Монгол” морьтон холбооны Э.Эрдэнэ Гран при шагналыг авжээ.
     
  • МОНГОЛЧУУД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ

    Христийн шашин монголд эрчимтэй хөгжиж, 650 гаруй сүмтэй болж, шинэ хуулиа батлуулан үйл ажиллагааг эрчимтэй эхлэхээр бэлэн байдалтай байна. Нийгмийн бүхий салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжийг аль хэдийнээ хангажээ. Ертөнцийн эзэн намайг эзэмдээч гэж гуйн залбирч орилох шүтэн бишрэгчдийн дүр олны танил болжээ. 
    Сүхбаатарын талбайд Шри Шри Шанкарт мөргөн залбирч буй Монголчууд битүү дүүрчээ. Бид юу руу явж байна. Бид хэнийг бишрэн шүтэж байна. Арай бүх зүйлээ хөрөнгө, мөнгөөр сольж байгаа биш биз.
    Эд эх орныхоо төлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хамгаалах тэмцэлд уриалсан тэмцэл болоход бид ингэж нэгдэж, цуглаж чаддаг билүү.
    Шашин шүтлэг бол аугаа их эрх чөлөө. Шүтлэг бишрэлийг тань хүндэлж байна. Гэвч хараад байхад харамсах зүйл их байх юм. Хар тамхинд залуу үе нь сүйрч, шашны мухар сүсгийн мансууралд дунд үе, ахмад үетэйгээ нудруулж буйг харж байна. Хэзээ нэгэн цагт Хөх мөнх тэнгэр, эх дэлхийгээ шүтдэг монгол үндэстэн эргэн босох болно.

     
  • ДОРНОД АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

     Маргааш өдөр нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, “Хун хатан эжий” бөөгийн байгууллагын онгодын өргөөнд зочилсон байна. Онгодын өргөөнд зочилоход энэхүү өргөөг байгуулахад гүл туслалцаа үзүүлсэн шүтэн бишрэгчид байлцсан билээ.
     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “МБНЭ-ийн хамт олны баталсан Монгол бөөгийн байгуулагыг бэхжүүлэх Стратеги хэтийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тодорхой жишээ бол Онгодын өргөө байгуулсан явдал юм. “ гэв.
     Буриад бөөгийн онцлогыг тусгаан онгодын өргөө нь өвөрмөц сонирхолтой байлаа. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдийг төлөөлж, дурсгалын зүйлийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулсан билээ.
     Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөлтэй хамтарч Халх голын дайны гол үйл явдал өрнөсөн газарт аялж, шинээр баригдаж буй Халх гол сумын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
       Баярмаа

     
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

     
    2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Жаран хоёрдугаар хуралдаан, МБНЭ-ийн төв байранд боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Тува Улс, Буриад Улсад бөөгийн байгууллагын өнөөгийн байдал
        Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    2. Хоёр мянган цааны баярын галын тахилгад оролцсон тухай
    3. Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгээс Халх голын баярт ороцсон тухай
            Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
    4. ОХУ-ын Бөөгийн Буриадын Ольхоны нэгдсэн тахилгад оролцсон тухай
    5. ОХУ-ын Тувагийн хамтарсан тахилгад оролцсон тухай 
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.ОдонхүүЖаргалсайхан нарын мэдээлэл хийв. 
                Дөрөв. ДОТООД АСУУДАЛ
    6. “Намрын тахилга зохион байгуулах тухай санаачлага” Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулууны санаачлагыг хэлэлцэв. 
    7. “Монгол төрийн сүлдний тухай” МБНЭ-ийн гишүүн Гантогоогийн мэдээллийг
     Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан  П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Д.Одонхүү, Б.Батжаргал, Оюунтуул, Сэргэлэн, Одбаяр, Д.Жаргалсайхан, Гантогоо, Мөнхчулуун нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
     Хуралд урилгаар оролцсон МБНЭ-ийн гишүүн Гантогоо “Монгол бөөгийн нэгдсэн тахилгыг Их хаадын хуралдай хийж, шүтэж явсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан хайрханд хийх”-ийг санал болгон дэвшүүллээ.
     Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тодорхой асуудлуудыг дараагийн ДЦХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. МБНЭ-ийн 2020 оны жилийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах нь зүйтэй гэлээ. 
      Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулууны санаачлагын талаар гишүүд санал, бодлоо ярилцаж Намрын тахилгыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү намрын тахилгыг зохион байгуулахаар ажлын хэсгийг баталлаа.
     Намрын тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, гишүүдээр Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Сэргэлэн нарыг баталлаа.
     МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр Монгол бөөгийн зайран Б.Баттогтох, Монгол бөөгийн удган Балжид нарыг сонгож, Төрийн ажилд шилжсэн тул Одсүрэнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс чөлөөлсөн байна.
    Хуралдааныг Цагаанхүү, У.Ганхуяг, Наранцэцэг, Отгончимэг, Одсүрэн, Я.Отгонбаатар, Ч.Сумьяа, Одгэрэл, Мөнхбүрэн, Цэндсүрэн, Тамжид нар тасаллаа.  Хуралдаан 2.45 минут үргэлжлэв.
     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 36-37

                                                 
    2014.12.07                              Дугаар 36                                             Улаанбаатар хот
     
    шагнах тухай
                    МБНЭ-ээс зохион байгуулсан Монгол говийн нэгдсэн их тахилга, Хөвсгөл нуурын Их тахилга, Нарны залбирал, Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборын ажиллагааг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
        Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Б.Бадамсүрэн –     Монгол бөөгийн Тэргүүн удган,   Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн 
    2. Ж.Гэрэлмаа-Удган, Мандарваа хотхоны тэргүүн,              
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    1. А.Тулга-Монгол бөөгийн зайран                            
    2. О.Туул- Монгол бөөгийн Тэргүүн удган
    3. Э.Ариунбаяр-Зайран
    4. Ч.Энхцэцэг-МБНЭ-ийн гишүүн
    5. С.Агий-Зайран
    6. А.Гантогоо-Уран дархан
    7. М.Мягмаржаргал-Монгол бөөгийн удган
    8. О.Болормаа-Удган
    9. Б.Мялдорж-Монгол бөөгийн зайран
    10. Ц.Мөнхбаяр- Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв
    11. Б.Хандхүү- Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв
     Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    1. Б.Ариунзаяа-МБНЭ-ийн гишүүн, Дархан
    2. Б.Батзориг- МБНЭ-ийн гишүүн, Дархан
    3. Х.Бадам- МБНЭ-ийн гишүүн, Дархан
    4. С.Баярхүү-Шувуут голын онгод төв
    5. Ууганзаяа- Шувуут голын онгод төв
    6. Б.Дамдинсүрэн-Галт шонхор
    7. Ж.Цэвэлмаа- Галт шонхор
    8. Ү.Гүрсэд-Хуйтан тэнгэр төв
    9. Б.Солонго- Хуйтан тэнгэр төв
    10. П.Баттулга- Хуйтан тэнгэр төв
    11. Г.Ганхуяг-Хөвсгөл
    12. А.Амаржаргал- Хөвсгөл
    13. Бат-Эрдэнэ- Хөвсгөл
    14. Н.Ганхуяг- Хөвсгөл
    15. Т.Баттогтох-Чононгоо төв
    16. П.Гантөмөр- Чононгоо төв
    17. Ц.Даш- Чононгоо төв
    18. Б.Төрболд- Чононгоо төв
    19. Ч.Дуламжав- Чононгоо төв
    20. Ш.Ганбаатар-Дорнод
    21. Э.Ууганбямба-Өмнөговь аймаг
    22. Б.Сугир- Өмнөговь аймаг
    23. Ц.Ганхуяг- Өмнөговь аймаг
    24. О.Уранчимэг-Хэнтий аймаг
    25. Б.Энхээ-Баян-Өлгий аймаг
    26. П.Мөнхтайван-Хэнтий аймаг
    27. Ж.Өлзийсайхан-Дундговь аймаг
    28. Б.Батдорж-Дорнод, Баяндун
    29. Ж.Энэбиш-Баянхонгор аймаг
    30. Н.Ганхуяг-Архангай аймаг
    31. Д.Сосорбарам-Самгалдай төв
    32. С,Төгөлдөр-Мөнх тэнгэрийн хэлмэрчүүд төв
    33. Г.Янжинлхам- Мөнх тэнгэрийн хэлмэрчүүдтөв
    34. Николас
    35. Атарболд-дархан аймаг
     нарыг тус тус шагнасугай.
     
                                  ЕРӨНХИЙЛӨГЧ                         Д.ЖАРГАЛСАЙХАН 
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2014 оны 12 дугаар     Дугаар  37          Улаанбаатар
    сарын 30-ны  өдөр                                                                                          хот
    Шагнах тухай
    Монгол бөөгийн Язгуур шүтээн холбооноос ирүүлсэн санал, тодорхойлолт, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
          Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Галиндэвын Сундуй-Зайран, “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    2. Батчулуун Энхтайван- Зайран, “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо
    3. Түндэв Цолмонбаатар- Зайран, “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо
     
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    4. Ганбаатар Мягмардумаа-Удган, “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо
    5. Алтанцэцэг Эрдэнэцэцэг-“Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо
    6. Ядмаа Бурмаа-“Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо нарыг тус тус шагнасугай.
                                 ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
  • БИД ҮРГЭЛЖ ДУУРСАЖ ЯВАХ БОЛНОO

    Тэрээр бүхий амьдралынхаа явцад Монгол бөөгийн хөгжлийн чиг хандлагад шинэ зам гаргахыг эрмэлзэж ажилласан байдаг. “Дархад бөө” холбоог байгуулж, дараа нь Монгол уламжлалт бөөгийн нийгэмлэгийг санаачлагч, ерөнхийлөгчөөр ажилласан байдаг.
    МБНЭ-ийн анхдугаар хуралдайд оролцож, МБНЭ-ийн есөн дэд Ерөнхийлөгчийн нэгээр сонгогдсон түүхтэй. Цаг хугацаа бол амьдралын шалгуур байдаг. Тэр л жамаар амьдралын зам мөр үргэлжилсэн. Монгол бөөгийн орчинд оюуны үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн гавъяа түүнд ногдоно. Монголын бөө мөргөлийг олон нийтэд таниулах, дэлхийд танилцуулахад тэрээр тодорхой хувь нэмэр оруулсан.
    Тэрбээр 1969 оны намрын тэргүүн сард Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд мэндэлж 1978 онд Алаг-Эрдэнэ сумын дунд сургууль, 1987-1991 онд нийслэл Улаанбаатарт ХААИС, Урлах эрдэм дээд сургуульд амжилттай суралцаж төгсжээ.
    Тэрээр 1991 онд иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаа хаасан, хал үзэж, хашир суусан цэрэг эр байсан юм.
    Чулууны Чинбат нь Бүгд Найрамдах Турк улсад болсон Монгол туурагтны наадамд монголын бөө нараа төлөөлөн оролцсон байдаг. Бөөгийн судлалын анхаарал татсан цөөнгүй асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн тэрбээр Урлаг, спортын салбарт идэвхи зүтгэл гаргаж хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, “Их төрийн голомт” уран сайханы оинонд нялх Сэнгүүмийн дүр, Азийн ахмадуудын хийн бууны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.
    Түүний ажилч хичээнгүй, чин зүтгэл, олон түмэндээ монгол уламжлалаа үлдээх гэсэн хөдөлмөр, бүтээж үлдээсэн өв соёлын орон зайг хэн ч нөхөж чадахгүй.
    Түүний бичсэн сүүлчийн мессеж байна. “Сайн уу. Жаргалсайхан гуай. Би таниас уулчлалт гуйж байна. Би голдуу халамцуу байхдаа  дандаа бичсэн байдаг юм…”
    Би хариуд нь “Таныг гомдоох зүйл бичсэн бол уучлаарай. Хэн хэн нь бөөгийнхөө төлөө бодож явдаг. Бид нэгдмэл байж төрд үнэлэгдэнэ шүү. Таньтай хамтарч ажиллахыг урьж байна.”
    Хариуд нь “Танд баярлалаа. Цаашид хоюулаа нэгэн сэтгэлээр хамтарнаа эрхэм ах минь” хэмээн (2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 11 цаг, 08 сек ) бичсэн нь бид хоёрын сүүлчийн зурвас байлаа.
    Тэр бусдыг уучилж чаддаг, уужим сэтгэлтэй цэрэг эр байсан нь түүнийг бичээсээс харагдана. Таны Монгол бөөгийнхөө хөгжилд оруулсан их хувь нэмрийг бид мартахгүй, үргэлжлүүлэн залгамжилж хойч үедээ уламжлуулахын төлөө зүтгэж, ажиллах болно.
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа, МБНЭ-ийн Ерөнхийлөгч  Д.Жаргалсайхан
     

    djmedia:191
     
     
  • Монгол Улс хамгийн дээд төвшний харилцааг ОХУ-тай байгууллаа

    Айлчлалаар Монгол Улс ОХУ-тай байгуулсан байсан Стратегийн түншлэлийн харилцаагаа шат ахиулж Найрсаг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэв. Тодруулбал, Монгол Улс хамгийн дээд төвшний харилцааг хойд хөрштэйгээ байгууллаа. Монгол Улс Хятад улстай  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бол Орос, Энэтхэг, Япон, АНУ –тай Стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан байсан юм.
    Харилцаа Найрсаг иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээр бүхий л салбарт хамтран ажиллах улс төрийн шийдвэр гарлаа гэж ойлгож болох нь.
    Айлчлалаар талууд арван гэрээнд гарын үсэг зурсны дийлэнх нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсний зэрэгцээ уламжлалаа сэргээж уул уурхайн салбарт хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар болов.
    Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Россети” ХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг зурсан нь Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачлагыг гаргасан Монгол Улсын хувьд хойд хөрштэй хамтрах эхний алхмаа тавилаа гэж тодорхойлж болох юм.
    Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2018 онд 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилүүдийнхээс өссөн хэдий ч Монголын экспорт 0.5 хувийг эзэлж байна. Айлчлалаар энэ асуудлыг Монголын төрийн тэргүүнээс эхлэн УИХ-ын дарга хөндсөн ч экспорт хийхэд гол тээг болж буй татвараа бууруулах тухайд Оросын тал хөндсөнгүй. Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ОХУ-ын төрийн тэргүүнд хандан 100 тэрбум рублийн зээл хүссэн. Уг зээлийг Орос, Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барих, эрчим хүчний салбарт зарцуулахаа мэдэгдсэн.
    ОХУ- ын төрийн тэргүүн зээл олгох асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй ч дэд бүтцийн салбарт ямагт дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ онцолсон юм.
    Энэ тухай хоёр улсын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа айлчлалыг дүгнэж мэдээлэл хийхдээ мэдэгдсэн. Эл мэдээллийг одоо хүргэе.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
    ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбар, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо илэрхийллээ. ОХУ өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг хангаж, Монгол Улсын далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2018 оны зургадугаар сард Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ энэхүү боломжийг бидэнд нээсэн. Бид алс дорнодын боомтод шинээр терминал барих асуудлыг судалж ТЭЗҮ-ийг бэлэн болгоод байна. Евро Азийн эдийн засагтай орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг ОХУ дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ. ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн худалдааны төлөөлөгчийн Владивосток хотноо нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын  эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж  үзэж байна. Цаашид бид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр төвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтай байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын хөгжлийн банк хооронд рубль төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн эхний үе шат болон Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх төвшинд хүрснийг мэдэгдлээ.
    Хоёр орны харилцааг Найрсаг, Иж бүрэн стратегийн түншлэлийн төвшинд хүргэснээр хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг дахин онцлон тэмдэглэе. Урилгыг минь хүлээн авч Монгол Улсад айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин танд дахин талархал илэрхийлье.
    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:
    ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш юм. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ бид өмнө хийдэг худалдааны түүхэн амжилтаа гүйцэхийн төлөө илүү урагшаа тэмүүлж, нягт хамтран ажиллах боломж хоёр талд бий гэж харж байна.
    Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ ажлыг худалдаа эдийн засаг, шинжлэх техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс хариуцна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Монголын түншүүдтэй хамтран энэ ажлын хүрээнд гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт голчлон үндэсний валютаар хийнэ гэдгийг тэмдэглэсэн. Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жил тусламж үзүүлж ирсэн. Далан жилийн өмнө УБТЗ хамтарсан үйлдвэрийг нээсэн. Өнгөрсөн жил тус нийгэмлэг ачаа тээврийн дээд амжилтыг тогтоосон. Оросын төмөр замын  компаниудын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат систем энэ онд ашиглалтад оруулсан нь Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлүүдийг барихад Монгол түншүүддээ тусламж үзүүлэхэд бэлэн.
    ОХУ нь уламжлал ёсоор Монгол Улсын  эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. Роснефть компани Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний ихэнх хэсгийг хангаж байна. Мөн Оросууд Монголын цахилгааны гол эх үүсвэр болох ТЭЦ-IV-ийг засварлахад гол дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд шинэчлэлийн үр дүнд тус станцын хүчин чадал үлэмж нэмэгдэнэ. Дашрамд хэлэхэд, өчигдөр тус станцын шинэчлэлийн эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан. Монгол Улсад цөмийн шинжлэх ухааны төв байгуулах саналыг Оросын тал судалж байна.
    Албан ёсны хэлэлцээг цуцалж 10 баримт бичигт гарын үсэг зурав
    Айлчлалын хүрээнд хоёр тал 11 баримт бичигт гарын үсэг зурна гэдэг мэдээлэл цацагдаж байсан ч Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн уулзалтын дараа төлөвлөгдсөн байсан албан ёсны хэлэлцээ цуцлагдаж хоёр орны Засгийн газар хооронд 10 баримт бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон юм.  Үүнд:
    1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,
    2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
    3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
    4. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протоколд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
    5. Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протоколд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
    6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
    7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
    8. “Монгол Шуудан” ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
    9. Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
    10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээрт “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.