1939 оны тавдугаар сараас 9 дүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ.
Халх голын дайны явцад 6 дугаар сарын агаарын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайн өмнөх танкийн хамгийн том тулалдаан болох Баянцагааны тулалдаан зэрэг томоохон байлдаанууд болж, 8 дугаар сарын 20-нд эхэлсэн Монгол-зөвлөлтийн цэргийн Ерөнхий давшилтын дүнд Хамардаваа-Номунханы чиглэлд японы 6 дугаар армийг бут цохив. Дайн төгсгөлийн шатанд орсон ч 9 сарын дунд үеийг хүртэл Халуун рашаан-Мана уулын чиглэлд япон-манжийн цэргийн довтолгоон үргэлжилж, 9 дүгээр сарын 11-нд японы тал Нөмрөгийн эрэгт гарч иржээ. Түүний эсрэг Монгол-Зөвлөлтийн командлал томоохон хүчээр довтлон, эзэлсэн газрыг чөлөөлөхөөр бэлтгэж байх үед Москвад – ЗХУ, Япон улс гал зогсоох хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ. Энэ ёсоор 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний 7 цагт гал зогсоож, байлдагч талууд эзэлсэн байрлал дээрээ үлджээ.
Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм.
Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан юм. (Н.Хишигт)
Ашигласан ном зохиол
Батбаяр Ц., Монгол ба Их гүрнүүд ХХ зууны эхний хагаст (Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан Кай ши, Монголын тусгаар тогтнол). Хянан тохиолдуулсан:Ч.Дашдаваа. УБ.”Мөнхийн үсэг” ХХК, 2006
Р.Болд. Зарлаагүй дайн. Халхын голын байлдааны цэрэг-дипломатын түүх. Хянан тохиолдуулсан: Ж.Болдбаатар., М.Ганболд. УБ.: “Nepko publishing”, 2014
Монгол цэргийн түүхийн товчоон. Дэд дэвтэр. УБ.:”Үнэт цаас”, “Алтан үсэг” компани, 1996.
М.Бямбарагчаа, Ц.Батсайхан, Зөвлөх:Д.Мөнх-Очир, Түүхийн зөвлөх:С.Ганболд). УБ.: “Бит пресс” ХХК, 2014
1300 он
1359 он
Author: admin_shaman
-
Халхын голын дайн 1939
Хоёр. Бидний мартаж буй түүх буюу Тувагийн замд
Өндөр хайрханыг давсаны дараа уудам тал угтаж энэхүү талаар давхисаар их хөндийд орших Кызыл хотод ирлээ.

ОРОСЫН НУТГААР ХӨНДЛӨН АЯЛСАН НЬ. 1. Тэнгэр уйлсан энэ жилийн Тува нутаг. Нэг. Хил хүртэлх замын тэмдэглэл.
Эндээс Завхан аймгийн Түдэвтэй сум очихын тул зам нийлсэн таван машин Их монгол элсийг хөндлөн туулахаар хөдлөв. Уртын голын хоёр талаар айлууд зэрэгцэн буусан учраас зам төөрөлгүй явсаар Их монгол элсний Сүв хэмээх газарт ирлээ. Бид Их монгол элсийг голын судал даган хөндлөн туулсан юм. Ланд круйзерээс авахуулаад приус хүртэл бүх маркын дөрвөн автомашин, хөнгөхөн газар өөрсдөө түрж, элсэрхэг газар том машин нь жижэг тэргээ чирсээр их элсийг хөндлөн туулав. Нэгэнт наран шингэсэн учраас элсийг гарангуут бид амрахаар аяны майхнаа барьж тухлан хоносон билээ. Хөгжилтэй бас адал явдалтай энэ өдрийн амралт хотын бидэнд сонирхолтой өнгөрлөө. Нэгэнт харанхуй болсон тул бид амрахаар шийдвэр гаргав.
Өглөө босоод эргэн тойрноо харахад элс, нуур, хангай нийлсэн байгалийн үзэсгэлэнтэй газар бид хоножээ. Тэндээс элсэн дөрөлжийг даван хангайн замд оров. Жижиг тэргээ чирсээр багахан элсэн замыг туулж аялал цааш үргэлжилсэн билээ.
Жин үдийн үед Завхан аймгийн Түдэвтэй суманд ирж, тус сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын гэрт очлоо. Тэд дөнгөж гэртээ ирсэн байхтай таарав. Хэдий аян замд ядарсан гэлээ ч тэд байдаг боломжоороо биднийг дайлж билээ.
Нэгдсэн их тахилгаас дөнгөж ирээд байсан тул онгодын гэрийн дотоод зургийг нь авах боломжгүй байсан. Онгодын гэрт нь орж хүндэтгэл үзүүлээд бид цааш аяны замаа үргэлжлүүлэв. Хэдий байдаг хэмжээндээ зүтгэсэн боловч ажлын цагт багтаж хилийн боомт хүрч чадсангүй.
Бид хилийн цэргийн отрядын зочид буудалд амрахаар болов. Нэгэнтээ хил тойрч явахад танилцсан хурандаа Батбаяр бидэнд тав тухтай хонох боломжийг олгосон билээ. Миний хувьд хил хамгаалагчдын тухай, гэр бүл, хүүхдийн талаар авч байгаа арга хэмжээний талаар сайхан мэдээ сонссон билээ.
Өглөө эртхэн бид хилийн боомтын зүг хөдөллөө. Есөн цаг гэхэд бид эхний машин болж хилийн боомтод очсон байлаа. Нутгийн нэгэн тэрэг бидэнд учирлаж гуйсан тул урдуур оруулав. Яагаад гэвэл олон удаа орж гардаг тул уддаггүй юм гэсэн шалтгаан хэлсэн билээ. Бид шинээр бүртгүүлж удах учир тэдний хүсэлтийг зөвшөөрсөн юм. Монголын тал шуурхай шалгах ажээ. Энд өмнө ажиллаар явж байхад таарсан ажилтантай уулзлаа. Магадгүй хамгийн удаан хил дээр тогтвортой ажилласан нэгнээр тодорч болох нэгэн байлаа. Харин ОХУ-ын тал хоёр талаас ирсэн машиныг ээлжлэн оруулж шалгадаг журамтай бололтой. Биднийг шалгаж дуусаад Оросын боомтоос гарч байхад анх орсон машин буцаад хил гарч байгаа харагдсан.
Хилийн боомтыг явганаар гарч болдог тул хэд хэдэн монгол зорчигч гарч байгаатай таарав. Хэдхэн минут ярилцахад Оросын иргэн 30 кг ачаатай гарах эрхтэй бол манай иргэд шинэ бараа авч гарах боломж муутай, гарахаар бол гаалийн бүрдүүлэлт хийдэг гэж хэлсэн билээ. Харин хүнсний зүйлд энэ журам хамаардаггүй гэлээ.
ОХУ-ын хилийн боомтын үйл ажиллагаа урьд өмнөхөөс сайжирсан сэтгэгдэл надад төрсөн. Нарийн дэс дараатай, шуурхай үзэж шалгаж байлаа. Бид оросын талд шалгуулахад хоёр цаг болжээ. Энэ бол Арцсуурь-Цагаантолгойн хилийн боомт байлаа.

