Author: admin_shaman

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 26-27

     
    2013 оны 12 дугаар    Дугаар 26                Улаанбаатар
    сарын  13-ны  өдөр                                         хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Арван гурван Алтайн толгой уул “Жаргалант хан” хайрханы Их тахилга, тайлгыг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Хишигжаргал Гомбобаатар МБНЭ-ийн гишүүн                           154
    2. Риймэд Самжид  МУ-ын Ардын жүжигчин                         155
    3. Б.Батсайхан   МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн   19
    4. Д.Бадарч    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч    20
    5. Б.Хурцжавхлан   Язгуур шүтээн холбооны тэргүүн  38
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    1. Гомбоо Алтанцэцэг   Баян-Өлгий аймгийн Урианхайн өв соёлын
    нийгэмлэгийн тэргүүн                153
    Гурав.Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    1. Бокон Болд   Баян-Өлгий аймгийн Буянт сумын Туульчин150
    2. Лүүрэв Энхтуяа   Баян-Өлгий аймгийн удган                             151
    3. Насанбат Эрдэнэбаяр  Баян-Өлгий аймгийн ЭШАжилтан         152
    4. Тогос Батсүх   Аймаг прокурор                                          156
    5. Ц.Болд    Урианхай холбооны тэргүүн                     157
    6. Т.Мэндсүрэн   Буянт сумын засаг дарга    158
    7. Вандандондов Жавзансүрэн Удган, Хөвсгөл аймаг          159
    8. Гэнпил Энхтуяа   Удган, Хөвсгөл аймаг   160
    9. Өлзийбат Цэрэндорж  Зайран, Хөвсгөл аймаг    161
    10. Гомбо Төмөрхуяг  Зайран, Хөвсгөл аймаг   162
    11. Чойжилжав Эрдэнэцогт Зайран, Хөвсгөл аймаг   163
    12. Энхтайван Арвинбаяр  Зайран, Хөвсгөл аймаг   164
    13. Цэдэн-Иш Цэрэнчимэг Зайран, Хөвсгөл аймаг   165
    14. Цоож Энхцэцэг   Удган, Хөвсгөл аймаг       166
    15. Сэржмятав   Хөвсгөлийн  театрын дарга  167
    нарыг тус тус шагнасугай.
            
    ЕРӨНХИЙЛӨГЧ                         Д.ЖАРГАЛСАЙХАН 
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2014 оны 04 дүгээр    Дугаар 27             Улаанбаатар
    сарын 12 -ны  өдөр                                      хот
    Монгол бөөгийн цол олгохоос
    түр татгалзах тухай
    2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүнтэй танилцахад Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Өлзийхутагт Монгол бөөгийн Их зайран цол олгохоор санал хурааж 88.0 хувийн саналаар дэмжсэн байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн  Ерөнхийлөгчийн хувьд:
    1. МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгуудын дийлэнх буюу 60 хувьд оролцоогүй. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.7.-д заасан Дээд цэцийн гишүүний хүлээсэн “Гарсан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах.” Үүргээ биелүүлээгүй байна.
    2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажиллаж байна. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
    3. МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй.
    4. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүний хүлээсэн үүргийн дагуу Булган аймгийг хариуцдаг боловч тодорхой үр дүн гаргаагүй байгаа юм. МБНЭ-ийн дүрэмийн Дээд цэцийн гишүүний хүлээх үүргийн 5.12.3. заасан “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.”, МБНЭ-ийн дүрэмийн 5.12.10.-д заасан Салбар байгууллагын үйл ажиллагааны улирлын тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх. Зэрэг заалтыг биелүүлж ажилласангүй.
    Эдгээр шаардлагуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Өлзийхутагт заасан шаардлагыг хангах хүртэл Монгол бөөгийн Их зайран цолыг олгохоос түр татгалзсугай.
      
    ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
     
     
     
  • ➖ ИХ ТАХИЛГА, ТАЙЛГА ➖

     
     

    Ес. Уламжлал болсон дүнгийн хуралдаан хийв.
    Дүнгийн хурлын өмнө Завхан нутгийн бөөгийн хамт олон, Нэгдсэн их тахилгад хүрэлцэн ирсэн олонд хорхогоор дайлж хүндэтгэлийн зоог барьж, МБНЭ-ийн хамт олонд дурсгалын зүйлийг Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Дорж, Монгол бөөгийн удган Нармандах нар гардуулсан билээ. Ийнхүү нутагтаа болсон тахилгад ирсэн зон олондоо Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Монгол бөөгийн удган Солонго,  Монгол бөөгийн зайран Баяржаргал нар тус тус зоог барьж ирсэн олноо дайлсан билээ. Мөн Монгол бөөгийн удган Солонго бүх тахилгын шүүсийг хариуцан бэлтгэлээ. Монгол бөөгийн зайран Баяржаргал бэлтгэл ажилд идэвхтэй оролцсон билээ.
    Дунгийн хуралд нэгдсан тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нар мэдээлэл, үр дүнгээ уламжлалт ёсоор танилцууллаа. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Бор, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, нар тус, тус мэдээлэл хүргэлээ.
    Монгол бөөгийн зарим улаач нар тахилгадаа хариуцлагагүй хандах байдал тасрахгүй байна. Ийм хариуцлаггүй ажиллагаа хоёр дахь удаа энэхүү тахилга дээр давтагдлаа. Цаашид ийм байж болохгүй. 
    Эхний тахилгад сүр хүчийг үзүүлэн бөөлж байсан буриадын их зайран Болд, өөр байгуулагын тахилгад оролцож, улмаар болзоогоо таслан сураггүй болов. Анхнаасаа ингэж хариуцлаггүй хандах байсан бол хийж чаддагт нь ачаагаа үүрүүлэх байсан юм.
    Монгол бөөгийн их зайран Балжир, Хятад Улсад бөө босгох ажилд улайрч, түүнийгээ бүхний эхэнд тавьж, мөнгөнд шунан, тавьсан болзоогоо таслав. Би бөөлнө хэмээн бусдын өмнүүр орж анхны тахилгад босч бөөлж байсан Монгол бөөгийн их зайран Балжир ийнхүү “намба” алдав. Бид Монгол бөөгийн ёс зүйн хариуцлага тооцохоос аргагүй байдалд хүргэлээ.
    Нэгдсэн их тахилга мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнсэнд айлтгалаа уламжлан мэдүүллээ. Хэрхэхийг тэнгэр мэдэх биз ээ.
    Нэгдсэн тахилгад олон сайхан залуу улаач нар бөөгийн эрдэмд хэрхэн сурч буйгаа харуулсан бөөлөлтүүд хийсэн билээ. Бидний хойч үе амжиллтай бэлтгэгдэж байгаад баярлаж байна.
    Нэгдсэн тахилгад Өвөрмонголоос  их олон тэнгэр үзэлтэн, улаач нар оролцсон нь нэг онцлог байлаа. Тэд тэнгэрийн үйлэнд идэвхтэй суралцахыг зорьж байна.
    Их тахилгын дүнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргах болно. Гадаадаас ирж оролцож байгаа улаач нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол бөөгийн мөнх тэнгэрийн төлөө шагналуудаар шагналаа.
    Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн удган Нарангуа, “Мөнгөн шонхор” медалиар” Монгол бөөгийн зайран Аюуш, түшээ Мижиддалай, “Хүрэл шонхор” медалиар улаач О.Найраа, Ц.Бурмааюмсан, Батсоо, Саруул, Бямбасамбуу, Долгорсүрэн, О.Үйлс нарыг тус тус шагналаа.
    Нэгдсэн их тахилгад 130 улаач нар өөрийн түшээ, шүтлэгтэн нарын хамт оролцлоо. Зөвхөн улаач нар хамтран дурсгалын зураг авахууллаа.

    djmedia:175
           
     
  • Үхсэн цэргийн сүнс 4 настай хүүд шүглэжээ

    Америкийн Виржини мужийн оршин суугч Лукас гэдэг дөрвөн настай хүүгийн ээж 30 жилийн тэртээ өөд болсон тэнгисийн явган цэргийн сүнс ямар нэгэн байдлаар түүний хүүтэй харьцаад байгаа хэмээн ярив. Эндрю хүү 1983 онд Бейрут хотод бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан түрүүч Уэлл Льюисын амьдралын тухай ярьж, дурсамжуудыг нь сэргээдэг аж. Нэгэн нартай сайхан өдөр түүний хүү дөрвөн настай хүүхдийн ярьж чадахааргүй зүйлийг ярьж эхэлсэн гэнэ.
    Эндрю хүү өмнө нь Жоржи мужийн Самтер хотын төв гудамжинд 860 дугаартай байшинд амьдарч байсан хэмээн хэлжээ. Улмаар хүү нь өөр янз бүрийн зүйлийг “дурсаж” эхэлсэн байна. Сэтгүүлчид хэрэгт дурлан архивын бичиг баримтуудад судалгаа хийж, тэнгисийн явган цэрэг Уэлл Льюисын талаар олж мэдэхийг хичээсэн аж. Тэгтэл хүүгийн ярьсан олон зүйл үнэхээр тэр талийгаач цэргийн амьдралд байсан зүйлтэй тохирч байсан гэнэ. 

  • Эхнэрийнх нь эрүүл мэндэд тустай “сэржим” эр нөхрийнх нь толгойг авчээ

    Амьдралын төлөө ажиллаж, айлыг айл шиг авч явсан түүнийг архинд толгойгоо мэдүүлж яваад харамсах нь олон бөгөөд “Энэ Шарав ингэх хүн биш. Ёстой хорлол гээч нь энэ байх. Янжмаа хүртэл ямар гээч өвчинд нэрвэгддэг байна аа? Их сайн хүмүүс юмсан. Нэг нь өвдөж, нөгөө нь архинд орсон нь яав ч зүгээр биш. Лам хараар явж, засал сайн хийлгэсэн л байгаа даа” хэмээн ам амандаа шогширцгоох ажээ.

    Янжмааг өвдсөнөөс хойш ээж, эгч хоёр нь яваагүй, уулзаагүй газар, хүн ховор. “Сайн” гэсэн болгон дээр очсон байна. “Хатуу жилтэй улс ханилж суусан байна. Энэ эмэгтэй урт насална. Амь насанд цөв багатай. Жилийн харш гаргуулж, ном айлтгуул. Ийм зөвлөгөө олныг сонссон болохоор нэгэнт эвтэй, сайхан амьдарч, болж бүтээд яваа болохоор Шарав, Янжмаа хоёрыг салгах, хоёр тийш болгохыг хүссэнгүй. Харин заслын ном, хурлыг сайн хийлгээд явдаг байжээ.
    Харин нэг удаа Шаравын дүү нь “Ахыг ламд үзүүлсэн чинь насны нь тоо гүйцчихэж. Энэ хүн их өгөөмөр, буянтай хүн байна. Хэн нэгний амийг авраад өөрийгөө авч явах нь…” гэж хэлсэн… хэмээн нэлээд түгшүүртэй мэдээ дуулгасан байна. Хоёр талынхан бүгд л санаа нь зовж, хурал ном хуруулж, засал авралын талын бүх хэмжээг Шаравын зүг хандуулжээ. Гэвч архинаас холдоогүй байна. Харин ч “Би нэг их удахгүй ээ…” гээд ойр дотныхондоо гомдоллож, “Надаас хойш үр хүүхэд, муу ханийг минь харж хандаарай” гэж захих болсон байна.
    Нэг өдөр Янжмаагийн бие эрс муудаж, өндийж чадахгүй хэвтэж байжээ. Нэлээд орой болсон хойно согтуу ирсэн Шарав:
    – Надад архины мөнгө өгөөдөх… Өнөөдөр сайн уучихаад маргаашнаас уухгүй. Амлаж байна. Намайг архинаас гарч чадвал чиний бие ч сайжирна. Сэтгэл санаа сэргээд ирэхээр сахар арилдаг гэсэн… гээд Янжмаагаас мөнгө гуйсан байна.
    – Энэ орой болсон хойно архи нэмж уусны хэрэггүй. Тэгээд ч охин чинь удахгүй төрж, чи бид хоёр зээтэй болно. Мөнгө хэрэгтэй болно… Ингэж аргадаж, гуйсан боловч Шарав,
    – Дахиж уухгүй, дахиж зовоохгүй… хэмээн гуйж, бүр дуугаа чангаруулаад байжээ. Аргаа барсан Янжмаа хуримтлуулах гэж байгаа хэдэн төгрөгөөсөө хороохгүйг хичээж, нөгөө талаас сэржим өргүүлсэн архи болохоор “сайн” гэж бодоод нэг шил архи гаргаж өгсөн байна.
    – Гэртээ уучихаад унт гэсэн боловч Шарав:
    – Нөгөө хэд дээрээ очихгүй бол болохгүй гээд гарсан ажээ.
    Шарав гэртээ ирж хоноогүй байна. Харин нойргүй хонож, хоол унд хоолойгоор нь давахаа болиод биеийн нимгэн арьстай хэсгээр идээлж, шархлан зовиур шаналгаа нь сүүлийн хэдэн сарынхаас илүү нэмэгдээд байсан Янжмаагийн бие хөнгөрөөд, зовиур шаналгаа нь багасаад хоносон байна. Халуурч, дагжаад хөдөлж чадахгүй байсан түүнийг инээгээд босож ирэхэд ойр орчмынхон нь гайхаж, зарим нь баярласан байна.
    Бие нь илт сайжирсан бүсгүй усанд орчихоод гэр орноо цэвэрлэж, нөхрийнхөө бүх хувцсыг өөрийн гараар угаажээ. Өдрийн хоол, цай бэлтгэж байх зуураа “Архидаж согтсон ч гэсэн хүрээд ирдэг”, “Бие нь яаж байна?” гээд санаа тавьдаг байснаа бүр болиод таг чиг алга болоо шив хэмээн дотроо гоморхож, гар утас нь хаалттай байсанд улам ч бухимдсан байна. Үдээс хойш тэднийд огт танихгүй хоёр хүн иржээ.
    – Дүүргийн цагдаагийн хэлтсээс явж байна гэснээ,
    – Энэ хүнийг таних уу гээд аймаар төрх байдалтайгаар хэвтэх нөхрийнх нь зургийг үзүүлсэн байна.
    Шарав ийнхүү нас баржээ. Задлан шинжилгээ хийлгэсэн боловч “Гадны ямар нэг нөлөөгүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс зүрх нь хаагдсан…” гэсэн дүгнэлт гарчээ. Үг, үйлдэл гэдэг ямар айхтар ул мөртэй байдгийг Янжмаа биеэрээ үзэж, “Би түрүүлж үхнэ… Чи үлдвэл хэдэн хүүхдэд минь тустай… Энэ хар архи намайг авч явах гээд байгааг мэдэж байна. Гэвч уухгүй байж чадахгүй юм… Өнөөдөр архи уух сүүлчийн өдөр… Мөнгө өг…” хэмээн хэлж, ярьж байсан үг, яриа бүхэн нь үхэл зөгнөж байсныг эргэцүүлэн бодоод “Үхлээ их эрт мэдсэн хүн дээ. Би тэр архийг яах гэж өгөв дөө” гэж харамсдаг хэмээн талийгаачийн эхнэр ярьж байна.
    Талийгаачийн үхэл юунаас болсныг хууль, цагдаагийн хүрээнд биш ар гэр, лам, үзмэрчийн хэмжээнд асууж лавлаад нэг л дүгнэлтэд хүрцгээжээ. Янжмаа нэг сайн хүнд хадаг барин очиж, “Эрүүл мэнд, амь насыг минь дааж хайрлана уу?” хэмээн гуйгаад шавь орсон гэнэ. Нэгэнт эмнэлэг, эмч нар “эмчилгээгүй” гэсэн тул арга, засал бараадаж, амиа даатгахаас өөр арга байгаагүй ажээ. Бүсгүйн бие муудвал тэр хүн дээр очиж засал хийлгэж, сан, рашаан хүртдэг байв. Нэг удаа бараг зүрх нь зогсох дөхсөн тул талийгаач нөхөр нь нөгөө лам багш дээр нь очсон байна.
    – Ер нь бол танайх хар идээний бузар шингэснээс ийм өвчинд нэрвэгдсэн айл. Тэгэхээр тэр идээгээр нь хариулга хийж өгье гээд ном уншиж, баахан шившиж, бас дотор нь юм хийсэн шилтэй архи өгч явуулсан аж. Тэр архийг багшийнх нь зааврын дагуу Янжмаад амсуулж, биеийг хэдэн өдөр арчуулаад, овоо дээрдсэн байна. Тэр үед “Өөр хүн ам хүрч болохгүй идээ шүү” гэж захисныг талийгаач эр сонссон боловч эхнэртээ түүнийг нь хэлж өгөхөө мартжээ. Тэр “шид”-тэй архийг хадгалж байсан эхнэр нь “Архи, мөнгө нэхсэн” нөхөртөө өгч, түүнийг айлд авч очиж уусан Шарав нас барсан гэдгийг тайлж өгсөн байна.
    Харш жилтэй эр, эм хоёр бие биедээ цөвтэй байдаг. Чиний биед сайн, өвчнийг сэдрээхгүй дардаг мөртлөө нөхөрт чинь тэр архи хор болжээ. Яагаад гэвэл, чиний энэ өвчний эхлэл талийгаачаас үүдэлтэй байж. Тэр хүн үхээрийн газар очиж архи амсаад өөрийнхөө сүлдийг төөрүүлж доройтуулсан… Тэр хүн архи уух тусам чиний бие муудаж, айхтар хэцүү байжээ. Тиймээс зөвхөн чиний биед шингэсэн бузар, дэвийг дарж, хорьж байсан уншлага, тарнитай архийг хүртсэн хүн бас бузартсан учраас амиа алдаж…
    Бие нь сайжирч, эрүүл саруул болсон Янжмаа ийнхүү “Тэр архийг яах гэж өгөв дөө” гэсэн харамсал тээн өөрийгөө зэмлэх авч “Бид хоёрын жил таарахгүй улс байна. Эмэгтэй нь хатуу харш жил таарсан учраас ханилж суугаад дэмий” гэж буянтай лам хэлж л байсан. Тэр хүний үгийг тоогоогүйн буруу л энэ. Ер нь ханиа, амьдралаа сонгохдоо их бодолтой байх учиртай юм байна аа. Бас хэзээ, хаана очиж, баярлах, эмгэнэхээ бодож явахгүй бол их айхтар хортой юм байна шүү. Манай талийгаачтай их олон жил үерхсэн нэг бүсгүй байдаг юм. Тэрний ээж нас барлаа. Хүнийхээ хувьд талийгаач маань ажил явдалд нь оролцсон. Гэтэл мань хүн тэр оройноосоо эхлээд архи ууж, жигтэйхэн өөр болсон л доо. Тэгтэл тэр “Үхээрийн бузар” гээд байгаа бүх хорлол муу юмыг тэр оршуулгын үеэр авч ирсэн байгаа юм…” гэж ярьжээ.
    Амьдрал хийгээд хань ижилтэй болохдоо анхаарахад, мэдэхэд илүүдэхгүй гэж энэ болсон явдал, баримтыг толилууллаа. 
  • ХОЁР МЯНГАН “ЦАА”-НЫ БАЯРТ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

    Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд  нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахдаа 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Энэхүү бичвэр Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжээ. Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна.
    Бид Цагаан нуур суманд очиж, сумын төвийн ард байрлах толгойн өмнө тусгайлан заасан байрлал болох цаатнуудын отго, галын тахилгын дунд байрласан болно. Бороо хур их орж байсантай холбоотой эсвэл зохион байгуулалт муутай байсных юмуу хөтөлбөр тодорхойгүй байлаа. Цаатангууд бидэнтэй уулзаж, биднийг хуурч цаатай хамт энд авчирлаа хэмээн, сумынхаа засаг даргад гомдож байгаагаа илэрхийлж байлаа.  Наадмын үеэр тува буюу цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр, цааны уралдаан, урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан болсон. Өвөрмөц зүйл бол цааны поло тэмцээн байсан. Хилийн цэргийн застад хариуцан зохион байгуулж байгаа бололтой, шүүгч нар нь цэргийнхэн байлаа. Ураг барилдах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах зэрэг хөтөлбөртэй байсан хаа болсон нь мэдэгдсэнгүй. Хамгийн гол нь цаа өсч 2000 давсан амжилт энэ наадмын онцлог байлаа.
    Наадмын дараа сумын төвөөр энд тэндгүй согтуу хэвтэх хөлчүүрхсэн хүмүүс наадам болсныг илтгэн хоцорсон. Архи уудаг үе байсан гэхдээ бид энэ үеийг ардаа орхисон. Харин энэ суманд байгаа шиг “хавтгай согтуучууд”-ыг монголын бусад газраас хаанаас ч олж харахгүй билээ.
                                 Д.Хүрэлбаатар

     
  • Б.Ренчин гуайн “онигоо”-нууд

    …
    Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ “дэнлүү” гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ “лампа” гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай
    -Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босч зогсоод
    Арван тавны cap нь Агаар тэнгэртээ лаампаг даа
    Арван тавтай шоожуу нь Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд
    -Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.
    …
    Нэг удаа Ренчин гуай Зохиолчдын хороогоор орж ирэв. Толгой дээрээ тавьсан дугуй малгайны завсраар буурал үс нь бултайсныг ажсан нэг нөхөр өмнө нь гүйж очоод “Ренчин гуай Таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар “Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохооро малгай нь ч малгай л даа. Харин Таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ” гэжээ.

     
  • ЦАГААН СҮҮНИЙ ДОМОГ

    Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай улангасан дайрч амь өрсөн бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байсан…
    Хатан тэсэхүйеэ бэрх өвдсөндөө уруулаа хөхөртөл тас зууж, нүүрэнд нь борооны дусал шиг хөлс бөнжигнөн, ар нурууг нь даган урсах хөлсөнд нимгэн тэрлэг нь нэвчин биеийг нь барина. Гэрийн хаяанд өвдөх олзны бүсгүйгээс ямар хүүхэд төрөхийг үзэх гэж хоёр шивэгчин манаж зогсоно. “Ижий” гэж амь тэмцэн хашгирахтай зэрэгцэн хоёр хүүхэд дуу дуугаа авалцан часхийв. Дөнгөж төрсөн хоёр хүүхдийн хүйг таслан бооход охин төрүүлсэн Насан хаяанд амаржсан бүсгүйн хүүг харлаа. Шарбаатарын хатан хажуудаа тавьсан охиноо өндийж аваад, тамирдангуй дуугаар:
    –Монголжин! гэв. Олзны бүсгүй хатны зүг хардангуй харцаар цэрвэн харахад, Насан цээж нь ялихгүй түхэлзэн амьсгаадаж,
    – Чи бид хаяа, хатавч хоёрт алтан ясаа хэлтэлж, алаг махаа тасалж эх боллоо! Май миний охиныг ав! Хүүгээ аль! Чамд энээс өөрөөр хүүгийнхээ амийг аврах арга байхгүй. Охиныг минь өрнөөсөө унагасан үр шигээ өврөөсөө салгалгүй өсгөөрэй гэлээ… Монголжин гайхан өндийж,
    –Юу гэсэн үг вэ? Эзэн чинь мэдчихвэл… гэтэл Насан,
    –Түргэл! Хүн харахаас урьт! гэж шаардангуй хэлэхэд олзны хатан тээнэгэлзэн нэг үг хэлэх гэтэл:
    -Май гээд охиноо ханын нүдээр цээжин дээр нь зөөлөн унагалаа. Монголжин ч хүүгээ зөрүүлэв.
    ,,, Аяны асарт ташаа тулан бодлогоширч суух Ойрадын Шарбаатар өмнөө сөхрөн унасан хиаг цоо ширтэн
    –Миний хатнаас хүү төрж, олзны хүүхнээс охин гарлаа гэв үү Хэн хэлүүлэв гэж нухацтай агаад догшин асуув. Хиа:
    – Таны залуу хатан Насан ахайтан гэж түргэн хариулаад, өршөөл эрсэн хүлцэнгүй харцаар нүд цавчилгүй ширтэв. Шарбаатарын зүрх нь цээжиндээ багтахгүй дэлбэрэх нь үү гэмээр түхэлзэж,
    –Би өөрийн нүдээр үзнэ гэж намуухан хэлснээ, хөмсөг өргөн,
    – Морь бэлд! гэлээ.
    Шарбаатар мориныхоо амыг таталгүй суран ганзага сарвайтал цогиулсаар шөнө дундаас хойно дайны газраас алсхан барьсан аяны гэрүүдийн гадаа ирлээ. Тэр хөхөл нь сэгсэлзэж зүрх нь хөөрсөн борлог мориныхоо амыг татан ангалзуулж, түмпэнтэй ус барьж, гүйх шахам явсан шивэгчнээс “Хүүхдүүд хаана байна” гэж өндөр дуугаар асуув.
    –Тэр! гэж жижигхэн гэрийг заахад Шарбаатар мориноосоо үсрэн бууж, сул орхиод, гэрийн үүдийг ширүүн сөхлөө. Гэвч орчин тойрондоо юу болж байгааг гадарлах ч үгүй нам тайван зэрэгцэн унтаж байгаа алгын чинээхэн хоёр нялх амьтныг хараад зогтусан хэсэг алмайрав. Цэрвэн дайжсан, аль нэг юмнаас айж эмээсэн, шилэмтэн шунасан итгэж цөхсөн аль нь үл мэдэгдэх харцаар хүүхдүүдийн зүг бүлтийн ширтсээр болгоомжлох мэт алгуур дөхөж очлоо. Цээжиндээ багтахгүй оволзох зүрхээ бахим том гараараа дарахад, төвөнх нь гүрэлзэж хөл нь чичирч байлаа. Тэр, өлсгөлөн бүргэд гэнэт олз харсан мэт догшин нүдээр хүүхдүүдийн дээрээс цоо ширтээд “Тэгнээ тэр, Аман хүзүүгээр минь тас харвах атаатны зулзага төрж” гэж шивнэв. Бүсэндээ хавчуулсан илднийхээ ишнээс чанга атгаснаа хөмхийгөө зуухад түүний чамархайн судас луг луг цохилж, тархи нь задарчих шахан ангалзан өвдөнө. Уур хилэн, гомдол цухал шингэсэн хүрлэгэр өнгөөр царай нь хувирч, гэрээс ухасхийн гарлаа. Хатны гэрийн зүг түргэн түргэн алхсаар үүдэнд нь ирэхэд, гэрээс домботой цай барьж гарах шивэгчний “Хатны бие тааруу байгаа шүү” гэж анхааруулах, гуйх зэрэгцсэн өнгөөр хэлэхийг ч анзааралгүй, шууд л яваад орчихов.Тэр арай ядан амьсгаагаа дарж, сая амаржсан хатныхаа зүг хэлмэгдсэн хүний гомдолтой агаад шаардангуй аясаар “Чи юунд намайг мэхлэв” гэж хоолой чичрүүлэв. Тамирдаж туйлдсан хатан нь Шарбаатарын зүг толгойгоо алгуур эргүүлэв. Насангийн царай шөнийн сар шиг цонхийж, улаа бутарч асангэрэлт хацарт нь судлын төдий ч цусны туяа байсангүй. Тормос тормос тоглож байдаг алаг нүдний нь харц сулран нялхарч, нулимс гүйлгэнэнэ. Тэр цээл тунгалаг атлаа сонсдох төдий намуун зөөлөн дуугаар
    –Өршөө намайг! Ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашихыг давж чадахгүй нь. Цус нулимсны өнгөнд нүд минь өвдөж байна. Би өөрөө ч одоо үхэх нь. Үхэх хүний сүүлчийн гуйлтыг биелүүлээч! Хүүгийн амийг өршөө! Та минь өршөө! өршөө! гэх дуу нь суларсаар огцом агдасхийв. Түүний өрөвдөн нигүүлсэж, хайр дүүрсэн мэлмийх нь гал аажим буурахад, танхилхан болцгор гар нь сул унжлаа. Шарбаатар ухасхийн гарыг нь атгаж, суун тусч сөхрөв. Хатны нүд “өршөө, өршөө” гэсэн үгийг давтах номхон харцаар ширтсээр… Шарбаатар нүдний нь зовхийг алгаараа зөөлөн илж, буулгахад задгай цээжинд нь уураг чинэн томбойх хун цагаан хөхнийх нь товчин дээр сүү түрэн бөнжийснөө, сугы нь даган нулимс адил урслаа. Шарбаатар яахаа мэдэхгүй манан дунд төөрсөн мэт алмайран халаглахад, түүний хайрлаж дурлаж явсан жаргалтай мөчүүд нь зүүд мэт зурсхийн үзэгдлээ. Тэр гүнзгий эхэр татсанаа, хэзээ ч нулимс гарч байгаагүй болов уу гэмээр хурц догшин нүдэнд нь яах ийхийн зуургүй харуусал гуниг дүүрч, хатныхаа хар үсээр эмжээрлэгдсэн хөөрхөн духыг нь удаан үнслээ. Түүний хучлагыг алгуур дээшлүүлэн нүүрий нь бүтээгээд үлгэн салган амьтан арай ядан хөлөө зөөж гарахдаа үүдэнд зогсож:
    -Тунхаглан зарла. Миний хатнаас хүү төрсөн хэмээн хоолой зангируулан хэлээд гуйвлан цааш алхав. Тэртээ зүүн хаяанаас тэнгэр өндөрсөн үүрийн сүүн цагаан туяа орчлонг гийгүүлэн мандав аа.

     
  • Чингүнжавын тэмцэл

     Манжийн төр Чингүнжавын эсрэг их цэрэг хөдөлгөхийн хажуугаар Хутуринга, Дорж тэргүүтэй залхаан цээрлүүлэх цэргийн ангийг Их хүрээнд ирүүлж, улмаар орон нутагт тархсан бослогыг цэргийн ангиудыг цувруулан цохиулж, бослогод оролцсон хүмүүсийг бариулж, элдэв янзаар тарчилган зовоож, цаазаар авахуулаад, толгойг нь олны явах газар модон шонд өлгүүлж, нийтийг айлган сүрдүүлэх аймшигт үзмэр болгох зэргээр харгислан байж, Халхын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийг цуслан дарсан байна.
     Зүүнгар, Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдаж байх үед Амарсанаа Орост очиж тусламж гуйж байгаад, 1757 оны 9-р сарын 21-ний өдөр цэцэг өвчнөөр нас барсан, Чингүнжав Оросын зүг зугатан яваад Манжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн, 1757 оны 3-р сарын 11-ний өдөр цаазаар авагдсан байна.Түүнээс гадна 1757-58 оны үест II Богд болон Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар нарыг манж нар сэм хорлож алаад, Дамиран гүн нарын бусад ноёдыг барьж цаазаар аваачсан байна. Энэ бүхэн нь зөвхөн 1757-1758 оны хөдөлгөөнийг дараад зогссонгүй, Халхын ард түмнийг дахин босох бололцоог хааж, Монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн үр хөрөнгийг таслан үгүй хийх гэсэн зорилго байжээ.
     Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл хэдийгээр дарагдаж, түүний удирдагч Амарсанаа, Чингүнжав нар амь үрэгдсэн боловч монголчууд тэр их тэмцэл, түүний удирдагч нарыг хэзээ ч марталгүй үргэлж дурсан дуулсаар ирсэн юм. Монголчууд Амарсанаа, Чингүнжав нарт харь Манжийн харгис ноёрхлын эсрэг зүрх зоригтой тэмцсэн эрэлхэг баатрууд гэж магтан дуулахын хамт тэднийг асар удалгүй дахин гарч ирээд Манжийн талхидалыг түлхэн унагаж, ард түмнээ авран жаргаана гэж мөрөөдөн, зөгнөж ярьдаг байжээ.
     Монголчуудын 1755-1758 оны хөдөлгөөн бол манжийн талхидалын эсрэг хандсан тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл, том бослого байв. Амарсанаа, Чингүнжав нар эх орноо Манжийн талхидалаас чөлөөлж, өөрийн нийслэл, өөрийн цэрэг мөн өөрийн албан татварын журамтай тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахаар зорьж байжээ.
     Энэ нь Монголын ард түмний 1755-1758 оны туршид явуулсан их тэмцлийн гол зорилго болж байв.
     1755-1758 оны хөдөлгөөн Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан бөгөөд жирийн ард, дорд лам болон нилээд олон ноёд түүнд оролцжээ. Гэвч тэдгээр ноёдын олонхи нь тууштай тэмцэгч байсангүй, шийдвэрлэх чухал үед гуйван дайвж, зарим нь шууд урван дайсны талд орж байжээ.
    Амарсанаа бол XVIII зууны дунд үеийн Зүүнгар улсын хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг юм. Тэр Манжийн цэргийн хүчийг ашиглан, өрсөлдөгч этгээдээ Зүүнгар улсын хаан ширээнээс зайлуулж, ширээг нь эзлэн авах гэжээ. Гэтэл хэрэг явдал санасны эсрэг чиглэлээр эргэж, Амарсанаа манж нарыг ашиглаж чадсангүй, харин манж нар түрэмгий бодлогоо биелүүлэхэд түүнийг чадамгай ашиглажээ. Энэ бол Амарсанаагийн гаргасан ноцтой алдаа, түүний үлдсэн харгис явдал мөн. Гэвч Амарсанаа удалгүй өөрийн хийсэн  осол эндэгдлийг ойлгож, маллагдсанаа мэдмэгц Манжийн эсрэг эргэлтгүй хандаж, эх орныхоо тусгаар тогтнолын тэмцлийг толгойлон босоод, харийн дайсан болон урвасан ноёдын эсрэг баатарлаг тэмцсэн байна. Дайсны давуу хүчинд цохигдон дарагдсаны дараа ч гэсэн зориг мохож санаагаар унан хөрш Орос улсад очиж, тусламж гуйж байгаад нас барсан юм. Чухам ийм учир Амарсанааг эцсийн эцэст эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг цогтой тэмцсэн эх оронч баатар байсан гэж үзнэ.
     Чингүнжав нь угаас Манжийн талхидалыг дургйцэж, алба ажилд нь огтхон ч идэвхтэй зүтгэдэггүй, харин байнга битүүгээр эсэргүүцэж байдаг дэвшилттэй хүн байсан бөгөөд цаашдаа нийт Ар монгол, Халхын ард түмнийг толгойлон босож тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахын төлөө Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг хүртэл зүрх зоригтой тууштай тэмцэн жинхэнэ эх оронч баатар мөн.
     Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдсан гол шалтгаан нь тус оронд ноёлж байсан улс төрийн тархай бутархай байдлын гүнд оршиж байжээ. Улс төрийн бутралын учир бослого эмх замбараагүй  дарвин дэгдэх шинжтэй эхэлж, цаашдаа мөн нэгдмэл зохион байгуулалт, төвлөрсөн удирдлагагүй, урсгалын байдалтай үргэлжилсэн нь түүний дарагдахын нэг гол шалтгаан болжээ. Бослого дарагдсан нөгөө нэг шалтгаан нь бослогын удирдагч ноёд, тайж нар эв нэгдэлгүй, зарим үед шууд хоорондоо байлдахад хүрч байсанд оршино. Гуравдахь шалтгаан нь нөлөө бүхий ноёд урваж манж нарт тусалсан явдал болно. Манжийн цэргийн зэвсэг хурц, зохион байгуулалт нарийн чанд, босогчдын зэвсэг дорой, удирдагч .нар нь ухран тусаж, хориглон хамгаалах тактикийг голлон баримталсан явдал хөдөлгөөн дарагдахын нэрмээс нөхцөл болсон юм.
     1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл тийнхүү дарагдаж, монголчууд Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн оролдлого дарагдаж бүтэмжгүй болсон нь Монгол орныг туйлын хүнд байдалд оруулж, түүний цаашдын хөгжилд хортой нөлөө үзүүлсэн юм. 1755-1758 оны хөдөлгөөнийг дарснаар манж нар монголчуудын дундаас тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн сүүлчийн ганц улс болон Зүүнгарын хаант улсыг мөхөөж, нийт Монгол орныг эрхшээлдээ оруулж эзлэн авах зорилтыг биелүүлж, Монгол орон бүхэлдээ Манж чин улсад эзлэгдсэн байна.

     
  • АМАРСАНАА БААТРЫН ЗҮРХНИЙ ХАЙРТ ДЭЛЭГДОРЖ ХАТАН

    Удалгүй тэр уг хуйвалдаанаа дахин үргэлжлүүлж өшөөт болсон ханыгаа харваж алаад Зүүнгарын хаан ширээг Даваачид өгчээ. Гэвч тэр эрх мэдэл, газар нутгийн асуудлаас болж Даваачтайгаа зөрчилдөн гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдаж, эцэст нь Хотгойдын шадар ван Чингүнжав, Хорчины эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглан Даваачийг дарж авсан ч эргээд Манжийн эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар амь хайргүй тэмцэлдсэн түүхтэй. Үнэндээ тэр амин хувьдаа бол маш их зөрчилтэй бие хүн бөгөөд дөрвөн сайхан хатны дөлгөөн харцанд талимаарч явсан жаатай эр юмсанж. Анхны хатан нь язгууртан гаралтай Ишсоном гэж байгаад залуудаа нас баржээ. Үүний дараа Хасагийн Аблай хааны охин Гульнарыг гэргий болгож авсан байна.
    Дараа нь Дүрвэдийн Далайдаш хааны охин Дэлэгдоржтой дэр нэгтгэж, эцэст нь Зүүнгарын Галданцэрэн хааны охин Битэй хэмээх үзэсгэлэнт бүсгүйг хатан болгон авчээ. Энэ хатан Амарсанааг Орос руу зугтаж одсоны дараа хүү Пунцагийнхаа хамт хойноос нь очиж Ойрадын баатрыг сүүлчийн замд нь үдсэн гэдэг. Битэй ухаан орсон цагаасаа эхлэн Зүүнгарын тусгаар байдлыг бэхжүүлэх гэсэн эцгийнхээ бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд “Миний гоо үзэсгэлэн инээмсэглэлдээ байдаг” хэмээсэн түүний брэнд үг Монголын түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Ерөөс хаад, жанжидын хатад үзэсгэлэнгүй байхын ч аргагүй. “Хаана сайхан хүүхэн байна, тэр эзний өвөрт” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан болохоор хамгийн сайхан нүдэнд торсон хүүхэн болгон л хаан, ван, гүн, жанжидын эхнэр болж байсан түүхтэй. Дандаа л хаадын гүнж нартай амраглаж явсан Амарсанааг Манжийн хаан бас охиноороо татах гэж үзсэн байдаг. Гэхдээ Амарсанаа “Надад энэ гүнжийг хатан болгож өгөх гэж үү. Юу гэсэн үг вэ, би эхнэр, гурван хүүхэдтэй хүн” гэж татгалзсан хариу барьдаг бөгөөд хааны үзэсгэлэнт гүнж нулимс цийлэгнэсэн том алаг нүдээр Ойрадын баатар эрийг гомдонгуй хараад, торгомсог урт банзалаа чиргүүлэн үүд рүү зүглэхдээ ширээн дээр байсан шаазан аягыг татаж унагаад гарч оддог. Дөрвийн дөрвөн сайхан хатантай амраглан цэнгэж асан Амарсанаа харь улсын гүнжийг хараад тэгтэлээ унаж тусаагүй нь “Хүүхний сайхныг зөвхөн Монголдоо” эдлээд үзчихсэн сайн эрийн мөн чанар гэлтэй. Амарсанаа “Би эхнэр, гурван хүүхэдтэй” гэсэн нь Дэлэгдорж хатныг онцолсон хэрэг бөгөөд түүний дөрвөн хатнаас хамгийн их зовлон туулсан нь, бас хамгийн хайртай бүсгүй нь Дэлэгдорж хатан юмсанж.
    Тэрбээр Амарсанааг Манжийн эсрэг ид тэмцэлдэж байх үед гурван хүүхдийнхээ хамт ах Базар вангийнхаа ивээлд түшиглэн Завхан голд суурьшиж байжээ. Тухайн үед Дэлэгдорж хатан Амарсанаагийн явуулсан хүмүүстэй учирсан боловч оргож нүүх эсэхээ шийдэхгүй удааширч байгаад 1755 оны 10-р сард Манжийн цэргийн жанжин Арантайд баригдаж долоон настай хүү Гэцэл, дөрвөн настай охин Дэжид, гурван настай хүү Коокүш нарын хамт Манжийн хааны Халуун гол дахь зусланд хүргэгджээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан “Хууль дор уучилж хэрхэвч болохгүй” гэсэн зарлиг буулган Дэлэгдорж хатанд ял оноож, Амарсанаагийн долоон настай хүү Гэцэлийг цаазаар аваачсан гэдэг билээ. Би бээр “Төрт ёс-хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд Дэлэгдорж хатны тухай “Зүүн гарын мөхөл” хэмээх туужаараа оролцож, уг бүтээлээ шилдэг зохиолын тоонд шигтгэж чадсанаа энд онцолсу. Амарсанаа, Дэлэгдорж нарын халуун хайр дурлал, зовлон жаргал, үхэл хагацал, дайн тэмцэл, ялалт, ялагдал хосолсон ээдрээт ертөнцийг гаргаж ирсэн “Зүүн гарын мөхөл” туужийг маань зохиолч, сэтгүүлч, судлаач олон арван хүн “Сайн зохиол болжээ” гэж үнэлсэн билээ.
    ЗУЛЫН ГОЛ БОЛЖ МАНДСАН “ХЯЛАР” ХАТАН
    Монголын түүх, судар бичигт “Хялар хатны домог” гэж тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд энэ тухай яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат “Могойн чуулган” роман, “Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг. Ийнхүү Монголын утга зохиолд мөнхөрч үлдэхийг бодоход Хялар хатан нь ихээхэн түүх намтартай нэгэн байсан нь илт. Хялар хатны домог хэд хэдэн хувилбартай байдаг. Дээхэн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошуу гэж байжээ. Хошуу ноён нь Гадинзасаг. Гадинзасагийн хүү нь Чагдаржав гэж ноён байсан бөгөөд энэ хүнд тохиолдсон явдлаас үлдсэн домог юмсанж. Чагдаржав ноён нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чинван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүн билээ. Тэрбээр баруун замын өртөөг засах гэж Түшээт ханы чуулгын дэд даргын хувьд баруун замд явж байгаад нэгэн ядуу ардын охинтой танилцжээ.
    Тэр нь Сэржмядаг гэж охин байж. Чагдаржав ноён түүнийг нутагтаа дагуулан ирж өөрийн хатнаа болгосон ч мань хоёрын амьдрал бүтсэнгүй. Човонбо хэмээх лам залуу хосын төөрөг заяаг мэргэлж үзээд “Энэ бүсгүйг одоохон салгаж хөө. Түүнээс шулмын шар туяа цацарлаа. Энэ эмэгтэйг хөөхгүй бол хүн, амьтан үй олноороо үхнэ” хэмээн олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ. Гэвч Чагдаржав эхнэрээ хөөж явуулахыг хүссэнгүй. Залуу хатан ааш зөөлөн, олон түмэнд тусч нэгэн байсан тул Говь түшээ гүний хошууны ядуу ардуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэвч ихэс дээдэс нь түүнд дургүй. Тиймээс тэд бүсгүйг “Хялар хатан”, “Долир хатан” гэх зэргээр шоолж муулах жишээтэй. Удалгүй бүсгүйг хөл хүндтэй болоход Човонбо лам “Чөтгөрийн хүү төрөх гэж байна. Энэ хүү төрж гэмээнэ хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно” хэмээн аги ноёны эцэгт мэдээ хүргэж гэнэ. Тиймээс эцэг нь хүүгээ “Хялар хатан”-аас салгахын тулд Манжид алба бариулахаар Бээжин рүү явуулжээ. Чагдаржав ноён Бээжин явахдаа залуу хатандаа хандаж “Эд нар чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юу ч болж байсан тэвчээртэй байж намайг хүлээгээрэй” гэж захисан байна. Гэвч түүнийг явсан хойгуур Чагдаржавын эцэг эх “Манай хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл” гэх зэргээр Хялар хатныг хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Эцэст нь Човонбо лам “Тарчлааж зовоогоод байхад зайлдаггүй, айхтар шулам шүглэсэн байна.
    Ерөөсөө жинсрэг цутган дарж тонилгоно” хэмээжээ. Жинсрэг цутгана гэдэг нь шатааж алахын нэр юм. Ингээд өвгөн ноён жинсрэг цутгахад нууцаар бэлтгэж эхэлсэн байна. Гэвч хошууны ядуу ардууд энэ тухай мэдсэнээр Хялар хатанд “Ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз” гэж аминчлан сануулаад түүнийг оргуулахаар болжээ. Төдөлгүй бүсгүйг оргосныг мэдээд Човонбо лам түүний араас маш хатуу сэтгэлтэй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Энэ хооронд бүсгүй зүүн аймагт очоод хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь өөрөө авч явсан ч төдөлгүй Лувсандамбын гарт оржээ. Эцэст нь Човонбо лам жинсрэг цутгахаар болж, бүсгүйг хоёр шургааг модны голд нүцгэнээр хүлж баглаад шатаажээ. Ийнхүү бүсгүйгээр сор залсаныхаа дараа Эрдэнэ далай хийд рүү жороо морь унаад галигуулж гарчээ. Гэтэл түүний морь оготны нүхэнд бүдэрч унасанаар Човонбо лам тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа арваад км газарт Авдрантын хөтөл гэж байдаг бөгөөд энд Хялар хатныг сор залж алсан гэдэг яриа ч байдаг аж. 1960-аад оны үед нэрт судлаач О.Намнандорж агсан энэхүү газрыг нутгийн өвгөд хөгшидөөр заалгаж аваад судалж үзэхэд газар дороос элдэв яс, үсний үлдэгдэл, амсраар нь нийлүүлээд булсан хоёр ширмэн тогоо гарч ирсэн тухай яруу найрагч Дамбын Төрбат өгүүлж билээ. Бурангуй цагийн хошуу ноёны хүү, ядуу ардын охин хоёрын хайр сэтгэл ийнхүү хагацал, харууслаар төгсгөл болжээ.
    ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН БАТ ЖУРАМТ СЭВЖИДМАА ХАТАН
    “Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ
    Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
    Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
    Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
    Урд уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь хө
    Угтаад очсон чинь үгүй л байна аа, хө
    Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
    Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа, хө” “Ай Нанаа” хэмээх энэ сайхан дууг монголчууд бид янаг амрагийн дуу гэж ойлгосоор ирсэн. Гэтэл энэ нь хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслын дуу болохыг бид саяханаас л ойлгож ухаараад байгаа. Манжийн дарангуйллын эсрэг цогтой тэмцэгч, Үндэсний эрх чөлөөний баатар Чин ван Ханддорж энэхүү дууг анх зохиож дуулсанаар монголчуудын зүрх сэтгэлд бүтэн зуун жил эгшиглэж буй. Чин ван Ханддорж эрдэм номтой ганц сайхан хүүгээ Ай Нанаа гэж өхөөрдөн дууддаг байж. Тэрбээр хүүгээ мэдээ ормогц Далай ламыг дагуулаад Баруун зууд ном сургахаар явуулжээ. Далай лам замдаа Манжийн хаанд бараалхсан байна. Тэр үед Манжийн хаанд бараалхах “Шар зам” гэж байдаг байж. Энэхүү зам дээр бараалхаж буй хүнээс өөр хүн гишгэхийг хориглодог байсан бөгөөд Далай ламыг дагаж явсан Ай Нанаа хүү санамсаргүйгээр мөнөөх “Шар зам” дээр нь гишгэчихэж.
    Тухайн үед Чин ван Ханддорж манж нартай эв түнжин муутай, харин оросуудтай найрамдах бодлого баримталж байсан болохоор Манжийн хааны занаанд орчихоод байж л дээ. Ингээд манж нар Чин ван Ханддоржоос өш хонзон авахын тулд Ай Нанаа хүүг нь эзэн хааны “Шар зам” дээр гишгэсэн гэдгээр цаазалчихжээ. Тэгээд “Хүүгийн чинь бие муу байна” гэж Чин ван Ханддоржийг Бээжинд дуудаж авчраад Ай Нанаа хүүгийн толгойг цар тавган дээр тавин хадгаар бүтээж эцэгт нь барьж байсан гэдэг. Энэхүү доромжлол, басамжлалын хариуд Чин ван Ханддорж отго жинстэй малгайгаа авч шидээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Халхын нутагт гишгүүлэхгүй” гэсэн тангараг тавиад хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ тайтгаруулахын тулд “Ай Нанаа” дууг зохиож дуулсан гэдэг. Тэгэхдээ хүүгийнхээ тухай хайрт хатан Сэвжидмаа болон нутаг усныхандаа хэлэлгүй ганцаараа гиюүрэн гансарч явдаг байж. Манай түүхч, зохиолч нарын өгүүлсэнээр бол Сэвжидмаа хатан нь төгс төгөлдөр, бат журамт, авир ялдам, аргагүй сайхан монгол эмэгтэй байжээ.
    Тэрбээр өнөөгийн Булган аймгийн Бүрэгхангай сум хавьцаа амьдарч асан нэгэн тайжийн охин юмсанж. Чин ван Ханддорж ч Булган нутгийн хүн. Сэвжидмаа хатныг төгс төгөлдөр, бат журамт хатан байсныг нь 8-р Богд Жибзундамба хутагт ихэд үнэлж 1915 онд “Ухуулах өргөмжлөл” олгож байсан байна. Тэрхүү өргөмжлөлд “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Гадаад яамны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Ханын зэрэг, сайныг удирдагч Эрдэнэ дайчин засаг хошуучийн ван Ханддоржийн аблай хошой хатан Сэвжидмаа болбоос анх хадамласнаас нааш гэрийн ёсыг бат журмаар болгоож, цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсан тул өргөмжлөл олгов” хэмээжээ. Түүнчлэн Чин ван Ханддоржийн эх, монгол бүсгүйн эрхэмсэг намба төрх бүрдсэн “Хошой хатан” Сосорт Богд хаан мөн ийм өргөмжлөл олгож байжээ. Сосор хатан нутаг усандаа ахай ижий гэж алдаршсан авир ялдам эмэгтэй байсан бөгөөд тайж, ард, баян, ядуу цөм л Сосор хатантай зовлон жаргалаа хуваалцаж зөвлөгөө авдаг байжээ. Дашрамд өгүүлэхэд Чин ван Ханддоржийг улсын их дагина Дондогдуламтай янаг амрагийн харьцаатай байсан тухай ном зохиолд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Академич П.Хорлоо гуай “Эдүгээ нийслэл хотын төвд байгаа Чин ван Ханддоржийн байшин тухайн үедээ тэр үеийн хамгийн өндөр өргөө байсан юм. Ноёны хатан Сэвжидмаа нөхрийгөө Богдын ногоон сүм рүү явсан үед тагтан дээрээ гарч тэр зүг рүү дуранддаг байж. Ханд чин ванд хүүхнүүд ихэд талтай байсан гэдэг. Сүүн хашааны цэцэрлэгт улсын их дагина Дондогдулам Ханд чин вантай салхинд гарахыг Сэвжидмаа хатан дурандаж харчихаад орой ирэхэд нь сануулга өгдөг байсан гэнэ лээ” гэж хуучилсан байдаг билээ.
    ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
    Жич: Галдан бошигтод булаагдаж явсан Боржигон хошууны Цагцаахай, Дарьгангын Орлой мэргэн Цагааны эхнэр “Эрх цагаан” Зэндэм, Өндөр Гэгээний хайрт бүсгүй Амина, Ховог сайран бэр болсон Хосгүй үзэсгэлэнт Дантийхүү гэх мэт арав гаруй хатны домог түүх энд багтсангүй.

     
  • Бөөгүй байр хайж байна

    Гэхдээ Улаанбаатараас ойр хавьд нь бөө байхгүй хашаа олно гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин ганцхан бөөтэй гудамж байвал хаашаа юм гэхээс. Гэхдээ хойд, урд талын гудамжинд байгаа бөөгийн хэнгэргээ хамаг хүчээрээ балбах дуу ч бас сонсогдоно гэдгийг тооцох хэрэгтэй юм. Тэгэхээр бөөгөөс зугтах боломж байхгүй гэсэн үг. Үгүй ээ, бод доо. Цаана чинь гудамжиндаа хэдэн бөөтэй гэдгээсээ шалтгаалаад хашаа байшингийн үнэ өсч байна гэнэ. Ойр хавьд нь ердөө ганцхан бөөтэй хашаа байшингийн үнэ даруй 4-5 саяар нэмэгдэж байгаа юм байх аа. Хамгийн гол нь тав тух, шөнө нойр үргээх хэнгэрэг байхгүй гэдгээрээ давуу тал болоод байгаа гэсэн.

    Бөө нар эдийн засагт хүртэл нөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн үнийг унагаж байна шүү дээ. За энэ юу ч биш. Сүүлийн үед бөө нар сүрхий хөлжиж байгаа юм уу даа. Том, жижиг хотхон, байр байшинд 2-3 бөөтэй болчихож. Аргагүй дээ, өнөө цагт лам, бөө хоёр олж байгаа орлогынхоо хэмжээгээр олигархиудын араас жагсч байхад. Саяхан нэг найзтайгаа уулзлаа. Хажуу талын айлынх нь хэн нэгэн нь бөө гэнэ ээ. Тэгээд орой орондоо ороод сайхан унтах гэхээр л хэнгэргээ нүдээд эхэлдэг юм байх. Түүнээс болоод бүтэн нойртой хонож үзэлгүй нэлээд удаж байгаа гэсэн.
    За тэр нойр ч яамай, хоёр нялх хүүхэд нь айж, цочиж уйлаад хэцүүддэг гэнэ ээ. Байн байн ширэглэхэд аяганд бөөгийн дүрс гардаг. Аргаа барахдаа нүүхээр болж байгаа гэсэн. Одоогийн байрнууд хана нь гэж хальс болсон. Хажуу айлын эхнэр, нөхөр хоёрын яриа хажууд нь суугаад чагнаж байгаа юм шиг чанга сонсогддог ч байр байгаа нь үнэн. Тийм байхад хамаг хүчээрээ балбаж байгаа хэнгэргийн дуу хавь ойроор нэг цуурайталгүй яах вэ дээ.
    Тэгээд ганцхан сонин юм байгаа нь тэр бөөгийн онгод тэнгэр нь харанхуй шөнө болоод, хамаг амьтан унтаж амрах үеэр буудаг нь ч бас юув дээ. Эсвэл бөө хүмүүс албаар тэгж бусдын амрах цагийг тааруулж хэнгэргээ балбаж, хүүхэд айлгана гэж баймааргүй юм. Энэ асуудлыг хэн нэгэн нь жаахан анхаарна байгаа. Одоо төрд хандах нь хаашаа юм. Барилгын компанийн захирлуудыг зузаан ханатай байр бариач гэж гуймаар ч юм уу. Эсвэл Бөөгийн холбоо гэж байгуулаад, онгод тэнгэрүүдийг өдөр бууж байхаар зохицуулах арга чарга хайх хэрэгтэй байх. Гэхдээ энэ бүхэн жаахан хүндрэлтэй ажил болчихоод байна.
    Тиймээс “Бөөгүй байр хайж байна” гэсэн зар өгөөд, нүүвэл арай амар болов уу. Ядаж байхад бөөтэй байр авахгүй гээд хүн амьтан сонирхохгүй ч байж магадгүй шүү. Тэгээд гудамжиндаа цөөхөн бөөтэй хашаа байшингийн үнэ нэмэгдээд байхад орцондоо бөөгүй байр бол ч бүр дийлдэхгүй болох байх аа, яваандаа. Одоо бол Зайсан болоод Туул голын эрэг хавиар байгаа том хотхонууд их үнэтэй байгаа. Хэдхэн жилийн дараа бөөгүй байр хамгийн үнэтэй болж байж ч магадгүй юм. Ер нь энэ барилгын компаниуд “Бөөгийн хотхон” гээд аятайхан байшингууд барьчих хэрэгтэй.
    Тэнд нь Монголын олон мянган бөө нарын арай мөнгөтэй, хөрөнгөтэй нь очоод орчих нь биз. Арай жаахан ядуувтар бөө нар нь “Бөөгийн хороолол” үүсгэчихгүй юу. Тэгээд хэнгэргээ шөнө нүднэ үү, өдөр балбана уу хамаа байж уу. Онгод тэнгэрүүд нь төөрөлдөөд, солигдоод байхгүй бол хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдуулаад байхгүй амар зүгээр. Иргэд ч гэсэн бөө дээр очиход бүх зүйл нэг дороо амар байхгүй юу. Сонголт хийгээч ээ…