Author: admin_shaman

  • Байгалын ер бусын үзэгдэл Бразилчуудыг гайхшруулжээ

     

    Бразилийн Санта-Катарина мужид нарны эргэн тойронд ер бусын цацраг хурцаар илэрсэн талаар Globo бичжээ. Байгалийн ийм ер бусын үзэгдлийг хоёрдугаар сарын 26-д бразилчууд ажигласан байна. Энэ оптик цацраг мужийн нийслэл-Флорианополист мөн ойролцоо хотуудад харагдсан байна. Хэрэглэгчид нийгмийн сүлжээнд энэ үзэгдлийг олон талаас авсан янз бүрийн фотозураг ба видео бичлэгүүдийг нийтлэжээ.

    Энэ үзэгдэл нь маш хүчтэй эх үүсвэрийн эргэн тойронд үүсдэг-ихэвчлэн нар эсвэл сарны орчимд. Агаарын урсгалуудын дээд давхаргын мөстлөгийн үүлэн дэх мөсөн талстуудаас үүдэлтэй байдаг. Кристалуудаас тусаж хугарсан гэрлийн цацрагууд ихэнхдээ солонгорсон гэрэл цацруулж харагддаг байна.
    Ц.Пүрэвдорж

  • Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн тодров (Шоглол)


    Цэрэг армийг хэн ч удирдаж болно гэсэн улс төрчдийн санааг Буддагийн шашиныхан давтав. Хүчний байгууллагын олон сайд нарыг нэгтгээд нэг хувилгаан удирдвал орон тоо, мөнгө, хөрөнгө хэмнээд аятайхан юм шиг. Тэртээ тэргүй мэргэжлийн бус хүн удирдаж байгаа юм чинь, улс төрч байсан ч, лам хуврага байсан ялгаа юу билээ. Аль аль нь цэргийн онцлог мэдэх биш, төрлөхийн “гүйлгээ” ухаанаар удирдах юм чинь. Тэд мэргэжил энэ, тэрээ эзэмших шаардлаггүй, төрөхөөсөө “сайд, хувилгаан”-аар тодорчихсон болохоор яалтай билээ.
    Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагт Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай, Дорнод аймгуудаар явж, Зэвсэгт хүчин, Цагдаа, Хилийн цэргийн ангиудаар заларахад тэд “онгироо ногоон”-оо өмсөж, парад хийж, лекцийг нь сонсож, номлол айлтгалд нь алга хавсран мөргөж залбирав.
    Одоогийн мунгинаж байгаа засгийн газарт Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн тодорч хэрхэн нэгтгэж, цомхон удирдлагатай болохыг санамсаргүй байдлаар заачих нь тэрээ. Нээрээ бүгдийг нэгтгэн удирдсан төр, шашиныг хослон баригч, Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагттай байвал яасийн …
    Д.Хүрэлбаатар

  • Эрийн гурван наадам

    нэн хэрэгцээтэй байсан. Ийм учраас эрчүүдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал сургууль шаардлагатай нь улмаас бөхийн барилдаан. Харвах дадлагыг сайжруулахын тул сурын харваа, тэдний унаа сайн хүлэг шалгаруулах үүднээс хурдан морины уралдаан үүссэн байна. Эр хүн, агт морьдын ид хавыг шалган барилдах, уралдах, харвах намнах нь ийнхүү дундад эртний болон дундад үеийн монгол цэргийн байлдааны бэлтгэл сургуулийн төрлүүд болон хөгжиж нэгэн шинэ шатанд хүрчээ. Харин 15-р зуун буюу Монголын эзэнт гүрний задралын шувтрах үе рүү цэргийн байлдааны бэлтгэл сургуулийн гэхээсээ баяр цэнгэлийн нийтлэг хэлбэрүүд болсон бололтой байдаг. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайж халхын 13 отгыг захирч байснаа сүүлдээ түүний 7 хөвгүүн нь хуваан захирах болсон тэр үеэс Долоон хошууны даншиг наадам үүссэн байна. Эрийн гурван наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны хурдан хүлэг уралддаг. Ер нь Монгол наадмыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эрийн 3 наадмын нэгэн наадам хурдан морь билээ. Манай Төв аймаг олон алдарт уяач, хурдан хүлгүүдээрээ алдартай. 2-дахь наадам хүчит бөх билээ. Монголын удмын хүчит бөхчүүд нь дөрвөн талт малгай тэргүүндээ залан дэвжээгээ эзэгнэн буй нь үнэхээр сүрлэг сайхан. Монголын ард түмний олон үе дамжин уламжлагдан ирсэн үндэсний эрхэм сайхан үнэт зүйлсийн нэг нь үндэсний бөх билээ. Үндэсний бөхийн үүсч хөгжсөн түүхийг алдарт аварга, арслан, заан, начингүйгээр төсөөлөх аргагүй юм. 3-дахь наадам эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьдог. 8 жилийн өмнөөс эрийн 3 наадмын бүрэлдэхүүнд орох болсон шагайн харваа энэ жилээс эхлэн бидний хувьд эрийн 4 дэх наадам болоод байгаа юм. Бидний хамгийн сайхан баяр болох энэ 4 наадмыг бүгдээрээ тоглох нь бидний нэг бахархал билээ.

  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт

    5. Хамгийн том Даншиг Долоннуурт 1696 онд болжээ. Энэ үеэс Түмэн эх дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна.
    6. 16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна.
    7. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна.
    8. Даншиг гэдэг нь Манжийн хаанд даншиг өргөх гэсэн утга санаатай бөгөөд 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсны дараа Богд хаан даншиг хэмээх нэр үйлийг халсан юм.
    9. Нүүдэлч Монголчууд туул голын хөвөөнөө суурьшин амьдрах болсноор 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийж үүнийг Арван засгийн наадам гэж нэрийдэв. 1912 оноос хойш арван засгийн наадам тогтмолжиж 1925 он буюу Богд хааныг нас бартал зохиогдсон байна.
    10. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ
    11. 1921 онд ардын журамт цэргүүд Хиагт хотыг чөлөөлж 7-р сарын 10-ны орчимд салдаат овооны наадмыг тэмдэглэсэн байна.
    12. 1922 оноос цэргийн наадмыг тэмдэглэх болжээ. Энэ үеэс бургас цавчих зэрэг цэргийн үзүүлбэрийг наадмын хөтөлбөрт оруулах болсон байна.
    13. Богдыг насан өөд болсны дараа буюу 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж 07-р сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ.
    14. 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарчээ. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдсэн байна.
    15. 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон байна.
    16. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь манай урд хөршийг үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч Ардын хувьсгалын ойгоо тэр жилээс дахин сэргээн наадмаар тэмдэглэх болов.
    17. Гэсэн хэдий ч 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
    18. Үндэсний их баяр наадам нь хурдан морь, хүчит бөх, сур харваа гэсэн нүүдэлчдийн дайнч байдлын илэрхийлэл болсон эр зоригийн өрсөлдөөн юм.
    19. Хүчит бөхийн барилдаанд 512-1024 бөх хүч мэхээ уралдуулан барилддаг байна.
    20. Монгол айл бүрт морин хуураас гадна нум сумыг залдаг уламжлал бий.
    21. Чингэс хааны ач хүү Есүгэн 330 алд газар буюу 520 м орчим газар харваж байгаа оносон нь цэргийн түүхэнд хамгийн хол тавьсан сум хэмээн тэмдэглэгдэж үлдсэн байна.
    22. Үндэсний их баяр наадмаар 6 насны 2400 орчим хурдан морь уралддаг нь манай гараг дээрхи хамгийн том морины уралдаан юм.
    23. Монгол морь 30 км орчим газарт хурдалдаг нь ч мөн хамгийн хол зай болно.
    24. 2014 онд Монгол Улсын Их Хурлаас баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголчууд үндэсний их баяр наадмаараа 5 хоног бүх нийтээрээ амрах болсон байна.

  • Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэв

    Үүний дараа АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэх Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд боллоо.
    Итгэл симфони оркестр болон @usembmongolia энэ жилийн 7-р сарын 4-ний баярын арга хэмжээний зочдыг америк хөгжмийн зохиолчдын аяаар угтаж авлаа.
    Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэх арга хэмжээг АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нээж, АНУ-ын Төрийн далбааг залах ажиллагаа үйлдэж, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тусгаар тогтнолын өдрийн баярыг тохиолдуулан үг хэллээ.
    Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэх арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд Шашины удирдагчид, Монгол дахь дипломат төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төр, захиргаа, олон нийтийн төлөөлөл оролцлоо.
    Дашрамд дуулгахад 1776 оны долдугаар сарын 4-нд Хойд Америк дахь Британийн колони мужуудын нэг болох Пенсильваний Филадельфид болсон чуулганы үеэр Америкийн муж улсууд Их Британиас бие даан, тусгаар тогтнолоо зарлаж энэхүү тунхаг бичгийг үйлдэж байсан билээ. Америкийн Нэгдсэн Улс гэсэн нэрийг энэ өдөр анх хэрэглэсэн ба үүнээс хойш долдугаар сарын дөрвөнийг АНУ-ын Тусгаар Тогтнолын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

  • 99 Тэнгэрийн дуудлага

    Хэц хэнгэргэн жолоотонгууд минь
    Агуу их хүчтэнгүүд минь
    Авралт заяат сахиустангууд минь
    Далд их биетэнгүүд минь
    Давхар олон шидтэнгүүд минь
    Хар цагаан гарвалууд минь
    Харь халуун гарвалууд минь
    Бурхан цагаан гарвалууд минь
    Буумал их шүтээнүүд минь
    Амьд бүхнийг тэтгэсэн
    Алтан шар нар минь
    Алсын замыг заасан
    Алтан гадас од минь
    Атаа таван тэнгэр минь
    Лусын найман аймаг минь
    Харсан долоон од минь
    Барууны 55 цагаан тэнгэр минь
    Зүүний 44 харын тэнгэр минь
    Хүчин 33 хурмаст минь
    Номтын 33 баатрууд минь
    Хясаан улаан тэнгэр минь
    Хялман хатан ээж минь
    Ойхны 13 ноёдууд минь
    Номын хатан ээж минь
    Сайн зүгийн тэнгэрүүд минь билээ та бүхэн
    Саруул зүгийн заяа билээ та бүхэн
    Дээд тэнгэрээс заларч
    Дэвжид асараас туяарч
    Ханат гэрийн хойморт
    Халуун голомтын эхэнд
    Эргэн байж буугаарай
    Найрлан байж цэнгээрэй
    Эрдэм чадал, ид шидээ
    Хайрлан хайрлан буугаарай.
    Өнө их тэнгэрийн
    Өндөр дээд шүтээнүүд минь
    Өмнө талаас ирэх
    Өнө их саадаас нь
    Өмөөрч намайгаа хамгаалаарай
    Барууны 55 цагаан тэнгэрийн
    Урхан цагаан гарвалууд минь
    Баруун талаас ирэх
    Бартаа их саадыг нь
    Барин хааж намайгаа хамгаалаарай.
    Хойд зүгийн тэнгэрийн
    Хатуу догшин гарвалууд минь
    Хойд зүгээс ирэх
    Хамаг их саадаас нь
    Хүрээлэн байж намайг хамгаалаарай
    Зүүний 44 харын тэнгэрийн
    Зуун түмэн сахиусууд минь
    Зүсрэн ирэх их саадаас нь
    Зүсэн байж хамгаалаарай.
    Мөнх хөх тэнгэрийн
    Мянга түмэн сахиусууд минь
    Магнай дээрээс минь ирэх
    Мянга түмэн саадаас нь
    … улаачаа
    Мятрашгүй сайн хамгаалаарай.
    Хий их тэнгэрийн
    Хийсвэр үүлэн дамжлагатангууд минь
    Сэрвийн бүгдээрээ хараарай
    Сэртийн бүгдээрээ чагнаарай
    Унаган биеийг минь хуяглаарай
    Удмын харгуйг минь таниулаарай
    Дааган биеий минь тахлаарай
    Далдын харгуйг минь хараарай
    Тоонон дээр минь эргээрэй
    Тод туяа татуулаарай
    Гэр дээр минь эргээрэй
    Гэрэлтэй туяа татуулаарай
    Оргойтой бөөд олуулахгүй
    Орхимжтой ламд тушуулахгүй
    Хатуу чанга хамгаалаарай
    Заяа гуйн залбирч байна
    Ерөөл гуйн мөргөж байна.
    Гунан хандгайн эвэр бариултай
    Гутаар загасан зэр зэвсэгэн холбуйтой
    Сухаа улаан бардагаа
    Сонгон байж уриалж байна.
    Зуун хөлт зултай
    Харын сайхан тахилтай
    Хамба торгон билэгтэй
    Хадаг мөнгөн хавчуургатай
    Орон дэлхийн их идээтэй
    Идээ бүр нь дээжтэй
    Аагтай шаргал цайтай
    Таван тансаг идээтэй
    Ариун сайхан сүүтэй
    Хатуу харын сэрчимтэй
    Энэ л сахан хүндлэл дээр минь
    Эргэн байж буугаарай
    Таныг гэж тахиж байна
    Тахил зулаа бадрааж байна.
    Мөн гэж мөргөж байна
    Мөнхийн зулаа бадрааж байна.
    Хаан шиг халамжтай
    Ноён шиг номхон
    Нам сууж найрлаарай
    Удаан сууж ундаалаарай.

  • Мовсквад тэмдэглэсэн ялалтын баяр- 61 жил

     

    Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 8-аас оройн 20 цагийн хооронд цаг тутам солигдож байдаг.
    ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон Оросын ард түмнүүдийн онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж болгосон байна.
    Арабатын гудамжинд цэргийн андуудтайгаа таарсан билээ. ЦНДС-ийг хамт төгссөн Цацрал, Бат-Очир хоёр Москвад суурьшаад цөөнгүй жил болсон байлаа. ЦУМ, ГУМ-аар орж барааны ерөнхий ханштай танилцаад өнгөрнө.
    Дараа нь уламжлалт ёсоор Аугаа их эх орны дайны ялалтын Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейг үзсэн.
    Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн нэгдүгээр дайны баатруудад”, ”Орос орныг хамгаалагчдад”,“Амь үрэгдэгсдэд” тус тус зориулсан хөшөө, Ялалтын хөшөө, Интернационал-дайчдын хөшөө,”Ард түмнүүдийн эмгэнэл” сэдэвт хөшөө, Аугаа Эх орны дайны төв музей болон цэргийн зэвсэг, техникийн музей, Аугаа Эх орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм байдаг. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойгоор буюу 1995 онд албан ёсоор нээж, ялалтын 65 жилийн ойгоор Мөнхийн гал асаажээ.
    1986 онд байгуулагдсан тус музей нь хэд хэдэн байгууламжаас бүрдсэн уран барилгын цогцолбор бөгөөд 50 мянга гаруй үзмэртэй аж. Тус музейд байлдааны зэвсэг,техник хэрэгсэл, марк зоосны цуглуулга, гар бичмэл, гэрэл зураг зэрэг ховор үзмэрүүдийг дэлгэн харуулахын зэрэгцээ Аугаа эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тулалдаануудын сэдэвтэй диорам болон номын сан, амь үрэгдэгсдийн цахим сан зэрэг байдаг.
    Тус музейд Монголын стенд байдаг ба ЗХУ-д туслах тухай БНМАУ-ын Засгийн газрын 1941 оны 6-р сарын 22-ны тогтоолын хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Басымаас фронтод морь бэлэглэсэн тухай 1942 оны 4-р сарын 28-нд бичсэн үнэмлэх, цагаан нэхий бээлий,дайны үеийн сонин гэх мэт үзмэрүүд байдаг.
    Миний амьдралын салшгүй хэсэг болсон Москвагийн Нийгэм эдийн засгийн Их сургуульд очиж, захирал В.И.Жуков, багш нартайгаа уулзсан. Төв хаалганы дэргэд дурсгалын зураг авахуулав. Сургуулийн төв байр ВДНХ-ын зэргэлдээ байдаг болохоор “нэг сумаар хоёр туулай” буудаж, хоёр газраар зочлоод гардаг юм.
    Д.Жаргалсайхан

    djmedia:13
  • Геологич Б.Сүхбаатар: Монголоос олдсон өвөрмөц эрдэс чулуулгийг хүмүүс гадагш нь зарчихдаг

     

    Геологич залуу маань цүнхнээсээ нямбайлан боосон цуглуулганыхаа эрдэс чулуунуудыг гарган ширээн дээр тавьж эхлэв.

    -Өөрөө геологич хүн. Эрдэс чулуулгийг арван хуруу шигээ мэддэг нь мэдээж. Гэхдээ ийм цуглуулга хийх санаа хэдийнээс төрсөн бэ?

    -Эрдэс чулуу цуглуулах гэдэг чинь миний мэргэжилтэй яалтгүй холбоотой л доо. Мэргэжлээрээ 14 жил ажиллаж байна.

    Цуглуулж эхэлсэн нь бол яг 2 жилийн өмнөөс юм байна. Шалтгаан нь гэхээр Монголын гайгүй гэсэн эрдэс,чулуунуудыг бүгдийг нь урагшаа зөөгөөд, хямдхан зардаг ч юмуу, эсвэл зараад дуусгачих вий гэдэг бодол төрсөн. Тиймээс өөрөө нэгэнт ажлынхаа шугамаар хөдөө гадаа явж байдаг учраас эдгээрээс дээжийг нь авч цуглуулга хийх хэрэгтэй юм байна гэсэн санаагаар цуглуулж эхэлсэн дээ.

    -Тэгэхээр хоёр жилийн хугацаанд цуглуулгандаа хэр их эрдэс чулуутай болов?

    -Өөрийнхөө хэмжээнд бол цуглуулсан. Гэхдээ би сонгодог, өвөрмөц дүрстэй, байгаль дээр тэр бүр элбэг байдаггүй,төрөл зүйлээ төлөөлж чадах тийм л эрдэс чулууг сонгож цуглуулдаг юм. Тэрнээс биш өвөрмөц байна гээд бас хэлбэр дүрс хөөдөггүй.

    Жишээ нь би өнөөдөр энд гэртээ тавьдаг 20 гаруй төрлийн сонгодог эрдэс чулуулгийг өөрт чинь сонирхуулахаар авчраад байна.

    -Ийм эрдэс чулууны цуглуулга хийдэг хүмүүс олон байдаг байх. Тэдцуглуулганыхаа эрдэс чулуунаас хоорондоо солилцоо хийдэг үү?

    -Солилцоо бол ер нь хийнэ. Гэхдээ манайд одоохондоо хөгжөөгүй болохоор тийм юм байхгүй ээ. Саяхан эрдэс чулууны үзэсгэлэн худалдаа маягийн юм Геологийн лабораторт болсон. Би бас фэйсбүүкт эрдэс чулуу цуглуулдаг хүмүүст зориулсан нэг групп нээсэн.

    Ярилцсан Х.Оюунболд

  • ОЮУ ТОЛГОЙД ЗОРИУЛАН ДОЛООН ӨВГӨН ОДНЫ ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

     

    Аврал ерөөлийн эзэн тэнгэр одон дээр Монгол бөөгийн удган Байгальтөгс

    Аз хийморийн эзэн тэнгэр одон дээр Ц.Бор, Хандам, Лхагвасүрэн

    Ачлал тусын эзэн тэнгэр одон дээр Гарамханд, Мөнх-очир

    Нас арвижхын эзэн тэнгэр одон дээр Отгонжаргал, Хүнбиш , Тамжид

    Буян хишгийн эзэн тэнгэр одон дээр Гэнэнхүү, Буянцэцэг

    Хүсэл зоригийн эзэн тэнгэр одон дээр Алтанзул, Мөнхэрдэнэ

                 Заяа тойргийн эзэн тэнгэр одон дээр Энхбаатар, Түмэндэмбэрэлбодьсүрэн нар тус тус хийлээ.

                Гүн харанхуйд босоо талбайд зассан долоон өвгөн од хэдэн км-ийн алсаас маш тод, тэнгэрт байгаа мэт гэрэлтэн харагдана билээ. Хамтын хүчээр хийсэн нэгдсэн тахилга олны хүчийг тэнгэрт мэдүүлж сайхан болж өнгөрлөө.

    Нэгдсэн залбиралаар өнө эртнээс өвөг, дээдсээс уламжлан өнөөг хүрч эрсэн онгон сайхан байгалиа сүйтгүүлж, газрын гүнд хэлхэгдэн тогтсон их үүцээ таслуулан гаслаж буй лус, савдагтаа аргадан залбирал үйлдлээ.

    djmedia:26

     

  • БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ б/ Бид нэгдэж чадах уу.

     

    МБНЭ-ийг байгуулах ажил богино хугацаанд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бөө шүтлэгийг хаах тухай үгийн сэжүүр биднийг ийнхүү нэгтгэх шалтгаан болж чадав. Нэг хэсэгдээ нэгдсэн эвлэлд ажил ундарч, нэгдэж ажиллах санал, санаачлагууд буцлаж байлаа. Хэсэг хугацааны явцад бөөд харьцангүй тайван байдал ноёрхож, төрийн зүгээс хатуурах тухай асуудал чимээ алдрав. Нэг хэсэг нөхөд надад бөөгөөр бизнес хийх санал дэвшүүлэх болов. Тэд ард түмний гавьяат, ард түмний баатар, бөөгийн доктор, профессор, төрийн зайран, удган цолыг худалдаж, олгох санал дэвшүүлсэн юм. Тэд намайг улс төрчдөөс асар их санхүүжилт авсан түүнийгээ хуваалц гэсэн шаардлага ч тулгаж байлаа. Түүнийг саналыг хүлээн аваагүйн төлөө МБНЭ-ийн бага хуралдаан дээр зайран \Сүнс\ хэмээх Одгэрэл ахалсан хэсэг нөхөд МБНЭ-ээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэд өөрсдийн араас цөөнгүй улаач нар эвлэлээс гарна гэж тооцсон байсан. Гэвч тэднийг хэн ч дэмжсэнгүй. Хорсол нь туйлдсан Сүнс Одгэрэл хуралдааны гадна зогсоолд байсан миний машиныг араас нь мөргөж, их хэмжээний хохирол учруулаад зугатаж одов. Энэ бол надад халдсан эхний дайралт байлаа.
    Дараачийн хүндрэл бол бөө нар хамтарч ажиллаж, хуралдаж, шийдвэр гаргаж сураагүй, санал бодлоо илэрхийлж чадвар сул байлаа. Хуралдаанд нэг хэсэг нь дуртай үедээ хаяахан сууна. Тийм хэсэг нь хуралд суухаараа хэлэлцсэн, яригдсан зүйлийг давтан цаг үрнэ. Зарим нь байгууллагын гол санхүүжилт болсон татварын цөөн хэдэн төгрөгөө төлөхгүй. Татвар нь угтаа шалихгүй жилийн 30-50 мянган төгрөг байсан юм.
    Үйл ажиллагааны явцад хүний мөн чанар, ноён нуруу их тодорно. Зайран Чинбат эхний хэдэн сар эвлэлийн ажилд идэвхтэй оролцож байснаа зарим сонинд ярилцлага өгчихөөд сураг алдрав. Тэрхүү ярилцлагад Чинбат зайран Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачлан байгуулсан, тэгээд судлаач Ш.Сүхбатад, МБНЭ-ийг санаачлан байгуулсан боловч Д.Жаргалсайханд тус тус булаалгасан тухай уртын урт түүхийг гуйвуулсан ярилцлагыг нэгэн сонинд өгсөн байдаг. /МБНЭ-ийн архивт бий/ Энэ гүтгэлэгийн цаана үнэнийг гуйвуулсан, өөрийгөө бөөгийн өнөө цагийн удирдагч чиглүүлэгч мэтээр улс төрчид, төрд товойлгон ойлгуулах гэсэн маш явуургүй оролдлого харагдаж байсан. Түүндээ үнэний өмнө хүчин мөхөсдөж, бантсан зайран Чинбат нэг хэсэг хугацаанд чимээ тасарсан. Жилийн өмнө нэгэн өдөр надтай ирж уулзаад, эвлэлдээ зүтгэе хэмээн санал тавьж, МБНЭ-ээс гаргасан сэтгүүл, сонин, ном зэрэг олон зуун мянган төгрөгийн зүйлийг бусдад түгээхээр авч явсан юм. Гэвч тэр оройноо утсаар надруу залгаж, авсан зүйлийн эргүүлж өгж чадахгүй, чиний хохь хэмээн мэдэгдсэн юм. Энэ үед үнэхээр зарим хүмүүстэй харьцах нь маш хэцүү болохыг ойлгосон юм. Саяхан “МБНЭ-ийг тараах хэрэгтэй” хэмээн нэгэн сойшаалд уриалсан байна лээ. Ийм хүмүүсийн мөн чанарыг цаашид олон түмэнд таниулж байх нь бөөгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой.
    Бидний сайн таних зайран Давгадорж, удган Өөдөө хоёр МБНЭ-тэй хамтран улаач нарыг телевизээр сурталчлах хамтарсан төлөвлөгөө гаргаж, Дээд цэцийн хуралдаанаар батлуулан ажилласан юм. Түүний хэрэгжүүлж, тэдний хөтөлдөг “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр олон улаач нарын тухай цуврал нэвтрүүлэг гарсан түүхтэй. Бид хөдөө орон нутагт ажиллахад унаа, телекамераар тусласан. Энэхүү хамтын ажилагааны дараа зайран Давгадорж, Өөдөө удган нар бие даасан бөөгийн өөр байгууллага байгуулж, олон сайхан үйл хэрэг хийсэн. Гэхдээ МБНЭ-ээс нэг хэсгийг өөрийн байгуулсан шинэ байгууллагад татах, байгууллагыг хагалган бутлах ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй билээ. Талбай дээр бөө нар хуяг дуулгатай жагсаад юу хожсон бэ. Монголын бөө нар өөрийн бяд хүчтэй болж байгаагаа харуулсан нь гол ололт байлаа. Бөөг улс төржүүлэх эхний алхам нь зарим үр дүнд хүрсэн. Энэ жагсаалын үр дүнгээр зарим нэг нь гадаадад цагаачлах улс төрийн шалтгаан болгож чадсан бол зарим нэг нь өөрийн гэр бүлийн хүнээ төрийн өндөр албан тушаалд томилуулж, сэтгэл ханасаар энэхүү үйл явдал түр завсарласан билээ.
    Энэ үйл явдлын дараа зарим удган, зайран нар монгол бөөгийн хээрийн онгодыг нурааж, сүйтгэсэн зохисгүй үйлдлийг юугаар ч зөвтгөж боломгүй байгаа юм.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Дарьчулуун идэвхтэй байсан, тэгээд итгэл олж, гадаад хамтын ажиллагааны яриа, хэлэлцээрт байлцаж, мэдээлэл олж авчихаад, хамтын ажиллагааны явцад хүрсэн үр дүнг хувийн зорилгоор ганцаар ашиглах үйлдэл хийж, түүндээ хариуцлага хүлээж ДЦХ-н гишүүнээс хасагдсан билээ.
    Бөөгийн үйл ажиллагаагаар бизнес хийх зорилготой томоохон хэсэг Монгол бөөд амь бөхтэй байна. Хүний зовлонгоор “хоол” олдог хэсэгт тэнгэр тун хатуу ханддагийг өнгөрсөн цөөн жилийн түүх бидэнд сургамжилсан билээ. Бид эндээс сургамж авах ёстой.
    МБНЭ-ийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдээ бид зохих хэмжээнд урамшуулж, шагнаж байгаа. Харин Монгол бөөд олгодог цолыг шагнал мэт ойлгодог нэг хэсэг байна. Зарим нь толгойлж болон тэргүүлж бөөлсөнөөр цол авчихдаг мэт эндүүрэл байна. Монгол бөөгийн хувьд онгод, хуяг дуулга, тамлага дуудлага, гэрийн болон хээрийн онгод, лус савдагтай харьцах чадвар гээд нэн чухал чадварт эрчимтэй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд цолыг шагнал мэт ойлгон цолны хойноос туйлшран зүтгэх зарим нэгэн байна. Тэгээд өндөр цол өгсөнгүй гэж гомдоллох тохиолдол ч гарлаа.
    Өнөөгийн ярьдаг улс төрийн хэллэгээр “гомдогсдын хэсэг” болох МБНЭ-ийн үйл ажиллагааны явцад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээж ДЦХ-аас хасагдсан нэг хэсэг шинэ байгууллага байгуулахаар зорьж байна. Хамтын ажиллагааны дээд хэлбэр болсон хуралдаандаа суудаггүй тасалдаг, байгууллагаа дэмжих гишүүний маш хариуцлагатай үүрэг болох татварын цөөн хэдэн төгрөгөө төлж дийлдэггүй, тахилгын талаар хамтарсан шийдвэрээ биелүүлэхгүй дураараа авирладаг, бүх зүйлд хувийн байр сууриа эхэнд тавьдаг, хамт олноо хүндэлж ажиллаж сураагүй, ийм зөрчилд нэр нь холбогдож, цаг хугацааны шалгуурыг даагаагүй, ДЦХ-аас хасагдсан гишүүд бие даасан байгууллага байгуулж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ шинээр байгууллага байгуулаад “хамтран ажиллах зовлонго” биеээр амсах нь сайн хэрэг юм.
    Өөрт байгаа дутагдалаа засч чадсан МБНЭ-ийн гишүүн хэн ч бөөгийн байгууллагад эргээд манлайлагч байх боломжтой, эрхтэй.
    Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Түүнээс гадна төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна. Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна. Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна.
    Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс цөөн байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    /үргэлжлэл бий/