Author: admin_shaman

  • ХОВСООР ИЛЧЛЭГДСЭН ҮНЭН

    -Ой санамжаа алдах тохиолдлын тухайд?
    -Гэмт хэрэгтнүүдийн ажил гэдэгт би бараг итгэлтэй байна.
    -Таныг юу тэгж бодоход хүргэв?
    -Дэндүү болхи ажиллажээ. Түүнээс гадна өөрийг нь хүчээр ажиллуулж байсан тухай хүмүүс эргэн санасан тохиолдол ч бий. Энэ бол зүгээр л мөлжлөг.
    Поволжьед нууцаар нийлэг хар тамхи үйлдвэрлэдэг жижиг хотууд олон бий; Ажил явуулахад химич, физикч, инженер, мөн жирийн ажилчид хэрэгтэй. Хэд хэдэн тохиолдолд хохирогчдын цуснаас хүчтэй мансууруулагч бодисын ул мөр олдсон нь намайг түгшээж байна. Туяа долгионоор биш, харин химийн бодисоор “боловсруулсан” гэсэн үг. Тусгай үнэр, психотропын бодисоор тарих замаар ухамсрын төлвийг өөрчлөх олон аргачлал байдаг. Жишээ нь, та турах тухай реклам үзсэн үү? Та хоол идэх дуршил хязгаарлагч нэгэн үнэртүүлэгч худалдан аваад л гүйцээ. Зүгээр л үнэртэхэд хоол идэх дур төрөхөө болино. Таны ходоод хов хоосон ч үнэрийн тусламжтайгаар тархиа цатгалан байна гэж хөтөлбөрчилнө. Эсвэл бүр сонирхолтой нь үнэртсэнээр өөхний эсүүдэд өөрөө өөрийгөө устгах тушаал өгнө. Зарим сайн дураараа турагчид жингээ хэтэрхий түргэн алдсанаас эрүүл мэндийн асуудал гарч ирсэн туршилт ч бий. Тэднийг туршилтаас хасахад хүрсэн юм. Ийм маягаар бүр аюултай зүйлийг ч хөтөлбөрчилж болно. Таныг хөдөлмөрч болгодог үнэр бий. Та сульдаж унатлаа ажиллах болно. Нэг байгууллага ажлын нэг л аргыг туршилтад орогсод дээрээ хэрэглэдэг гэдэгт итгээрэй. Эсвэл шууд ховсдоно, эсвэл цацрагаар нөлөөлнө, эсвэл психотропын эм хэрэглэнэ. Тэдний аль нь илүү амжилттай болох вэ гэдгийг шалгах гэсэн ганцхан тохиолдолд бүгдийг нэг дор хэрэглэнэ. Бүрэн бодит мэдээлэлгүйгээр кофений шаараар мэргэлэх нь хэцүү. Би бол мэдрэлийн эмч. Энэ бүхний учрыг мөрдөн байцаагч л олох учиртай.
    -Хэрвээ ховсонд оруулаад хэн тэднийг ашигласныг тодруулах гэвэл яах бол?
    -Тэгж үзсэн. Юу ч болоогүй. Ой санамж нь арчигдчихсан байдаг. Ийм нэг энгийн арга байдаг л даа. Лазер чиглүүлэгчийн туяа агшин зуур л гарчихдаг… Лазер дискийг арчихад яадаг гээч… хоосон зай үлддэг. Тусгай албад ихэвчлэн илүү ухаалгаар ажилладаг. Эргэлзээ сэжиг үлдээх хэрэг юу байна? Арчигдсан мэдээллийн оронд шинийг суулгадаг. Хүн тэр бол өөрийнх нь хувийн дурсамж гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг хуурамч ой санамж гэж нэрлэдэг. Таныг боловсруулж тархинаас чинь ямар нэг нууц мэдээлэл аваад оронд нь эвтэйхэн найруулгатай яриаг өнгө дүрстэйгээр суулгачихна. Танд ямар ч мэдрэлийн эмч хэрэггүй. Та нэрээ мартахгүй. Энэ бол тусгай албадын арга. Харин ой санамжийг бүрэн устгана гэдэг … миний бодоход болхи байна… Энэ бол дээрэмчдийн ул мөр…
    -Харь гаригийнхан биш үү?
    -Одноос ирэгсдэд итгэдэггүй. Хүсвэл яагаад гэдгийг тайлбарлая. 1985 онд манайд харь гаригийн сэдэв ил гарч ирэх үеэр нэгэн бүсгүйг шинжлүүлэхээр над дээр авчирсан юм. Тэр харь гаригийн хөлөг дээр байсан, түүний гуя ормыг хагалж гуманоид бүтээхийн тулд эснээс нь авсан гэж нотолж гарлаа. Тэгэхдээ түүнийг бүр Москвагаас тусгай хүмүүс олон тооны тамга бүхий дагалдах бичигтэй авчирсан юм шүү. Надаас юу хүсч буйгаа тайлбарлацгаалаа. Би албадан ховсдож мэдээллийг буулгаж авах ёстой гэнэ. Яагаад ч юм үүний тулд манай чимээгүй хотын жирийн эмнэлгийг сонгосон байсан. Яагаад тийм сонголт хийснийг би дараа нь л ойлгосон. Эхний сеансан дээр хоёр төлөөлөгч хоёулаа ард минь шон шиг зогсож байв. Трансад орсныхоо дараа бүсгүй хурц гэрэл, цаг зогссон, ямар нэг төхөөрөмжийн гүнээс цацрах гэрлийн тухай ярьж эхэллээ. Би үл таних нисдэг биетийн тухай байдаг л яриаг сонслоо. Төлөөлөгчид баярлан хөөрч гарыг минь атгаад бүхнийг баримтжуулж өгөөд хэнд ч юу ч ярихгүй байхыг хүслээ. Нөгөө бүсгүйгээ надад даатган орхиод эмнэлгийн хоол таалагдаагүй учраас зоогийн газар руу явцгаалаа. Тэднийг гарсны дараагаар хоёр дахь сеанс явуулахаар би шийдлээ. Хоёр гэрч дуудаж, хэн нэг нь найман милиметрийн камер олж ирлээ. Тэгээд түүнийг гүн трансад орууллаа. Тэгтэл нисдэг таваг нь тээврийн онгоц байж, бүсгүйг ямар нэгэн эмнэлэгт авчран тархийг нь ультра авиагаар хуулбарласан болж таарав. Түүнд үнэхээр зүсэлт хийсэн, гэхдээ энэ нь түүний хаа байгааг нь заах мэдрэгч (зугатаалгахгүйн тулд) суулгасан л хэрэг болов уу даа. Туршилт хийсэн хүмүүсээ ч тэр ховсны ачаар саналаа. Ямар ч ногоон, эсвэл саарал хүмүүс биш, энэ дэлхийн рязанийн төрхтэй хүмүүс байж. Тархины нэг хэсэг нь хүрч болшгүй байсан бөгөөд би тийш нэвтэрч чадсангүй. Өвчтөнөөр ямар нэг нууц ажил хийлгэн, ямар нэг зүйлд түүнийг бэлтгэж байна гэж би ойлгосон. Хоёр дахь “би”-г бий болгосон байх магадгүй. Москвагийн нөхдийг эргэн ирэхэд нь би ганцхан анхны яриаг ч бичээгүй дүгнэлтээ битүүмжлэн гардууллаа.
    Бүсгүйг “боловсруулсан” нууц байр Волгад байдаг аж. Районыг нь ч нэрлэж чадна. Хвалынскаас холгүйхэн бий. Дараа нь Москвагаас над руу уурсан тасдаж тооцоо бодно гэж амлацгаасан. Харь гаригийнхан гэж үнэ дээ. Хүн дээр ийм туршилтыг хүн л хийж чадна. Итгээрэй, хийж ч байгаа. Хэн ч өөрсдийг нь тийм булай юманд бүү сэжиглээсэй гэсэндээ нүглээ харь гаригийнханд нааж байгаа юм.

  • Ошогийн гурван удаагийн үхэл

    Үнэхээр ч, бурханы шашинтан монголчуудын дээдлэн шүтдэг 14-р Далай лам Данзанжамцын хэлснээр: Ошо бол орчин цагийн их гэгээрсэн Мастер. Тэрээр хүн төрөлхтөнд ухамсрын хөгжлийн хүнд хэцүү үеэ даван туулахад боломжтой бүх аргуудыг хэрэглэж буй туслагч мөн” юм. Ошо 1953 оны 3 сарын 21-нд гэгээрсэн юм. Дотоод ухаанд бясалгалыг нэг төрлийн үхэл гэдэг. Бас бясалгал хийж гэгээрсэн хүн энэ хорвоогийн хамгийн агуу үхлээр үхсэн гэдэг… Ошогийн эцгийг Бабулал гэдэг байсан юм. Тэрээр 1908 онд төрсөн. Удмынхаа бизнеcийг үргэлжлүүлэн даавууны наймаа эрхэлдэг байсан. Ошогийн аав зөөлөн, мэдрэмтгий, нөхөрсөг, өгөөмөр хүн байсан гэдэг. Бабу лал шашин шүтдэг хүн байсан бөгөөд сүмд явж, мацаг барьж, ариун судар шаштир уншдаг байж. Амьралынхаа суулчийн арван жилийг тэрээр Пунад хүү Ошогийнхаа ашрамд өнгөруулсэн юм. Тэр өөрт нь хүүд шавь орж тогтмол бясалгал үйлддэг байсан.
    Ошогийн эх Сарасвати Бай баян айлын охин байсан юм. Тухайн үеийн орны ёс заншлын дагуу тэрээр 7 настайдаа гэрлэсэн байна. Сарасвати Бай их зочломтгой хүн байсан гэдэг. Ошогийн эцэг эх хоёр заяаны сайхан хосууд байсан гэдэг. Тэдний гэр бүл энэтхэгийн уламжлалт шашны нэг болох жайн шашныг шүтдэг байсан. 1931 оны 12 сарын 11-нд бие биенээ хайрласан эгэл жирийн, нээлттэй эдгээр хүмүүсийн гэр бүлд нэгэн хүү мэндэлжээ.
    Энэ үйл явдалд өвөө эмээ хоёр нь үнэхээр баярлаж. Шинэ төрсөн хүү үнэхээр үзэсгэлэнтэй, нүд булаам байсан тул урьд нэг төрөлдөө хаан байсан байх гэж бодогджээ. Тиймээс хүүг хаан буюу “ража” гэж нэрлэсэн юм. Хүүгийн бүтэн нэрийг Ражниш Чадра Махам гэдэг болж. Хүүгийн эцэг эх гэр бүлийн бизнесээ эрхлээд тун завгүй байдаг байсан тул эмээ өвөө нь дуртайяа өсгөхөөр авч үлдсэн байна.
    Ошогийн төрсөнтэй холбоотой нэгэн ер бусын баримт байдаг. Ошо төрөөд гурав хоног юу ч идэж уугаагүй юм. Бас дөнгөж төрсөн бусад хүүхдүүд шиг уйлаагүй гэдэг. Хамгийн гайхалтай нь түүнд энэ байдал таатай байсан байна. Тэгээд дөрөв дэх өдрөөсөө Ошо гэнэт юу ч болоогуй юм шиг мөөмөө хөхөж эхэлсэн байна. Энэ гайхалтай үзэгдлийг олон жилийн дараа Ошо тэж тайлбарласан байдаг.
    Ошогийн урьд төрөл 700 жилийн өмнө ууланд амьдардаг их багш байсан юм. Тэрээр газар газраас ирсэн олон тооны шавьтай дотоод ухааны сургуулийн мастер байж. Мастер 106 насалсан байна. Жанч халахаасаа өмнө Мастер 21 хоногийн мацаг эхлүүлсэн байна. Мацаг дуусахад Мастер гэгээрэх ёстой байв. Гэхдээ түүний өмнө нэг сонголт байлаа. Үүрдийн мөнхөд уусан алга болохын өмнө дахин төрөх үү, үгүй юу гэдгээ шийдэх. Тэр өөрийн шавь нар руу харцаа чиглүүллээ. Шавь нарынх нь дотор замынхаа дунд гацчихсан тусламж хэрэгтэй олон шавь байлаа. Бас тэрээр Өрнө Дорын шашны нэгдлээс үүсэх агуу боломжийг ч олж харж байв. Олон төрөлдөө хязгаарын дээдэд хүрэх гэж тэмүүлсэн тэрээр зорилгодоо тун ойрхон очсон байв. Гэлээ ч тэр дахин нэг удаа төрөхөөр шийдсэн юм. Ариун хайр, нинж сэтгэлийн үүднээс Мастер шавь нартаа буцаж ирж үнэнийг хуваалцан, гэгээрэлд хүргэнэ гэж амласан юм. Гэвч… мацаг дуусахаас 3 хоногийн өмнө түүнийг амийг хөнөөсөн гэдэг. Яг л Есүс, Сократыг ямар учраас хөнөөсний адилаар…
    700 жилийн дараа хүний биеийг олж төрөөд Ошо хамгийн түрүүнд 21 хоногийн мацгаа дуусгав. Мэндлээд гурав хоног мөөмөө идээгүй нь “урьд” төрөлтэй нь холбоотой аж. Будда нар ухамсартайгаа энэ хорвоогоос хальж, мөн ухамсартайгаар энэ хорвоод буцаж ирдэг. Бас эцэг эхээ ухамсартайгаар сонгож, төрөхдөө ч ухамсраа хадгалсаар байдаг. Дараа нь хэсэг хугацааны дараа “мартах” үйл явц явагддаг. Гэсэн хэдий ч өмнөх төрлүүддээ хураасан сүнсний нөөц хүч хорогддоггүи юм. Гагцхүү сэрэх цагаа л хүлээж байдаг. Санах цагийг хүлээж байдаг. Хүн бүрийн дотор.
    Тиймээс өнөө цагт түүнтэй хамт байгаа олон шавь нар нь бас “тэр цаг үе”-с ирцгээсэн юм. Тэд өөрсдийн Мастертайгаа дахин учирцгаасан юм.
    Бяцхан Ражниш бусдаас өөр зан байдалтай хүүхэд байсан. Тэрээр байнга л туршилт хийн, үнэнийг эрж, олон хүнд хэцүү аргуудыг өөр дээрээ хэрэглэдэг байсан. Нялх балчир наснаасаа тэрээр үхэл хэмээгч үзэгдлийг туйлаас сонирхон судалсан. 5 настай байхад нь хамгийн хайртай охин дүү нь нас барахад бяцхан Ошо мацаг барьж яг л жайн лам шиг ёс үйлдсэн гэдэг. 5 настай хүүг удаан хугацаанд ятгасны эцэст л хоол унданд буцан орсон байдаг.
    Ошогийн өвөө зээ хүүгээ ер бусын хүүхэд гэдгийг нь мэдэрч байлаа. Хүүгийнхээ тухай мэдэж авахын тулд өвөө нь тухайн цагийн нэртэй нэгэн зурхайчид ханджээ. Харамсалтай нь, зурхайч түүнд хүү чинь 7-с илүү наслахгүй гэж айлдав. Хүүгийн зурхайг тэрээр цааш нь үзсэн ч үгүй. Ямар ч утгагүй учраас. Тун удалгүй зурхайч өөрөө хорвоог орхин одож түүний шавь нь Ражниш хүүгийн зурлагыг үргэлжлүүлэн зуржээ. Түүний төөрөг үнэхээр сонин байж. Ражниш хүү 7 жил тутамд үхэлтэй тулгарна гэж буув. 7,14, 21 насандаа. Ингэхдээ 21 насандаа тэрээр гарцаагүй үхнэ гэжээ.
    Ийм хачин зураг төөрөг буусан нь тодорхой шалтгаантай байсан юм. 7 нас, 14 нас нь Ошогийн амьдрал дахь эргэлтийн цэгүүд байсан. Энэ үед Ошо үхлийг гүн гүнзгий мэдэрч харин 21 насандаа бүрэн төгс үхсэн юм. Гэхдээ тэр махан биеэ орхиогүй. Өөрөөр хэлбэл, тэр гэгээрсэн будда болсон юм.
    Ошогийн нэг дэх үхэл
    Ошог 7 настай байхад хамгаас хайртай өвөө нас барсан юм. Ошо энэ хүнд үеийг түүлан өнгөрүүлсэн боловч өвөөгийнхөө үхлийг өөрийн үхэл мэт хүлээн авсан байдаг. Дөрвийн дөрвийн хоног үргэлжилсэн өвөөгийнх нь үхэл түүнд яг л ертөнц нурж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр өвөөгөө нас барсны дараа амьдрах хүсэлгүй болсон. 3 хоногийн турш тэрээр дээш харан огт хөдөлгөөнгүй хэвтсэн юм. Тэр амь гарсан боловч энэ гурван хоног түүний хувьд үхлийг мэдрэх анхны туршлага байлаа.
    Үүнээс хойш ганцаардлын мэдрэмж, бид бүгдээрээ энэ ертөнцөд ганцаар оршдог, хувьлаг оршдог гэдэг мэдрэмж түүнийг орхиогүй юм. Өвөөгөө нас барсны дараа Ражниш эцэг эхтэйгээ цуг Жабалпур хотоос холгүй суурьшин амьдрав, Ражнишийн эмээ нь түүнд маш их хайртай байсан бөгөөд насан өөд болтлоо өөрийгөө зээ хүүгийнхээ шавь гэдэг байсан. Ражниш дунд сургууль орсон. Гэвч сургуульд орсон эхний өдрөөс л дунд сургуулийн боловсрол хэт явцуу, бүтээлч биш гэдгийг ойлгосон. Тэрээр багш нарыгаа байнга цочроож, байнга хэрэг төвөг тарьдаг байсан юм. Анхнаасаа л түүний бүхий л сонирхол оюун ухааны хил хязгаараа хэрхэн давж гарах вэ гэдэг байсан бүдүүлэг, босогч гэсэн нэр зүүсэн Ошогийн хувьд энэ явдал дам байдлаар ашигтай зүйл болж хувирсан юм. Түүнийг сургууль, бусад хүмүүс цааш түлхсэн байдаг. Гэхдээ азтай нь өөр руу өөрөөсөө сурах. Ошо байдаг нэг хулигаан, муу сурлагатан байгаагүй юм, Тэр зүгээр л юмыг өөрөөр сурдаг хүүхэд байсан юм. Ражниш нийтийн номын сангийн хамгийн залуу уншигч болж хувирлаа. Шүлэг бичиж, зураг зурж эхэлсэн. Өөрийн бодлоо бусдад илэрхийлж, маш сонирхолтой түүх ярьдаг нь түүнийг бусдын дунд их нэр хүндтэй болгосон юм.
    Өөрийн амьдрал дахь эхний багшаа Ошо усан сэлэлтийн багш гэж хэлсэн байдаг. Тэр хүн усанд үнэхээр дуртай байсан тул амьдралынхаа ихэнх цагийг голын эрэг дээр өнгөрүүлдэг, усанд сэлэн, байнга бясалгал хийдэг хүн байж. Түүний амьдрал бүхэлдээ голд ойрхон оршихуй болж хувирсан хүн байж. Мастер Ражниш руу хараад “Усан сэлж сурах арга гэж байдаггүй юм, Сурах боломж ч үгүй, Энэ зүгээр л дадал болохоос биш мэдлэг биш” гэсэн. Тэгээд түүнийг ус руу шидчихсэн. Хүн өөрийн амиараа дэнчин тавьж байх үедээ хийж болох бүхнийг хийдэг. Ражниш хэд хэдэн удаа усанд живсэн юм. Гэхдээ л тэр сэлж гарч чадсан байдаг. Усанд байх үедээ тэр оршихуй бүхэллэг чанартай гэдгийг мэдэрсэн юм. Бас “энд ба одоо” гэдэг төлөвт оршихыг мэдэрсэн юм. Энэ нь түүний анхны бясалгал байж. Үүнээс хойш Ражниш өдөржин голын эрэгт өнжих болсон юм. Тэр ганцаараа юм уу найзуудтайгаа элсэн дээр бясалгал хийдэг болж. Үүний зэрэгцээ тэрээр үхлийн тухай мартдаггүй байсан бөгөөд хүүрийн газар очиж олон цагаар шарил чандраладаг газар хэвтдэг байж. Ошогийн эцэг эх ингэж байгааг нь хараад зурхайчын хэлсэнийг санан зовж эхэлсэн юм. Ингээд тэрээр 14 нас хүрлээ. 14 насандаа Ошо хоёр дахь удаагаа үхэлтэй тулгарсан юм.
    Ошогийн хоёр дахь үхэл
    Ошог үхнэ гэж хэлсэн нас буюу 14 нас хүрлээ. Энэ удаад Ошо үхлээ ухамсартайгаар угтан авахаар шийдэв. Тэр гэрийхэндээ энэ удаадаа үхэл гарцаагүй ирнэ, түүнийг тойрохгүй нь лавтай гэж хэлээд бэлэн байвал зүгээр гэж нэмж хэлжээ. Гэр бүлийнхэн нь шоконд орж яахаа мэдэхээ болив. Гэсэн ч түүнд саад болохгүй гэж шийджээ. Ражниш өөрийн бодсоноо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудав. Эхлээд тэр сургуулийнхаа захиралд очиж удахгүй үхэх гэж байгаа тул 7 хоногийн чөлөө өгөөч гэжээ. Захирал багш буруу сонсчихов уу, яав гэж бодоод Ражинашийг амиа хорлох гэж байна гэж ойлгон, юу болоод байгааг тайлбарла гэж шаардав. Ражниш зурхайчийн өгүүлснийг хэлээд, үхлээ хүлээх гэж байгаа тул хичээлээс чөлөө авах гэсэн юм аа гэв. Үнэхээр үхэл ирвэл түүнийг ухамсартайгаар хүлээн авах хэрэгтэй, туршлага болог гэж үзэж байгаагаа бас хэлэв. Хэрэг явдал Энэтхэгт болж байсныг санах хэрэгтэй. Тэнд шашин бүр урьд хойд төрөл, ухамсарт үхлийн тухай номлодог. Тиймээс сургуулийн захиралд хэлэх үг олдсонгүй. Тэр түүнд чөлөө өгчээ.
    Ражниш тосгоны ойролцоо байдаг нэгэн хуучин сүмийн балгасанд хүрч ирлээ. Жинхэнэ үхэл түүн дээр ирээгүй ч Ражниш “үхдэл” болохын тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэрээр хэд хэдэн аймшигтай мэдрэмжүүдийг даван туулсан байдаг. Гэхдээ түүний ойлгосон хамгийн гол юм гэвэл, өөрийгөө үхэж байгаагаа мэдэх үедээ хүн тайван, үг дуугүй болдог юм байна аа гэсэн ухаарал байв. Дөрөв дэх өдөр сүм дотор нэгэн могой гулсан орж ирлээ. Ражниш түүнийг харан хэвтэж байв. Гэвч тэр айдас мэдрэхгүй байлаа. Тэр: “Үхэл энэ могойгоор дамжин ирж байж ч магад. Юунаас нь айхав? Хүлээ!” гэж боджээ. Могой түүн руу гулсан ирээд дээгүүр нь давж гулсаад цааш оджээ.
    Хэрэв хүн үхлээ хүлээж авах юм бол айдас үгүй болдог. Хэрэв амьдралаас зүүгдэх юм бол айдас байсаар л байдаг. Хэрэв нэгэн цагт үхлийг бодит байдал гэж хүлээж авах юм бол тодорхой алслал үүсдэг. Тэрхүү алсын цэгээс хүн амьдралын үйл явдлын урсгалыг үзэгч мэт ажиглаж эхэлдэг. Ингэснээр хүн үхлийг ямагт дагадаг зовиур, шаналал, гуниг, цөхрөлийн заагийг давдаг.
    Ийнхүү Ражниш үхэж буй бодгалийн юу мэдэрдгийг бясалган байж, эрчимтэйгээр даван туулснаар их эрт үхлийг ухамсарладаг нэгэн болсон юм. Үүнээс хойш тэр тасралтгүй бясалгаж, болж байгаа бүхнийг хүлээн авч эхэлсэн. Үхлийг ч гэсэн…
    Бүхнийг хүлээж авдаг энэ төлөвөө хадгалж хөгжүүлснээр Ошо алсдаа гэгээрсэн будда болж чадсан юм. 21 насанд тохиолдсон дараагийн үхэл хүртлээ Ошо өөрийн насандаа нийцсэн зүйлсийг сонирхсоор иржээ. Тэрээр улс төр судалж эхэлсэн, найзуудтайгаа янз бүрийн юм сэдэж, шинийг сурч байсан. Тэрээр маш идэвхтэйгээр сүнсний замналаар явж, дотогшоо гүнзгийрэх шинэ шинэ аргуудыг нээж илрүүлсээр байлаа. Тэрээр урьдын нэгэн адил эргэн тойронд буй нөхцөл болзолт ертөнцтэй зөрчилдсөн хэвээр байсан тул муу нэр зүүсээр байв. Гэхдээ тэр огтоос бууж өгөөгүй юм.
    Ошогийн гурав дахь үхэл
    Ражнишийн бясалгал улам бүр эрчимжиж байлаа. Тэдгээрийн нэг нь модны орой дээр нуруугаа модонд наан суух нэгэн хүчтэй бясалгал байв. Гэгээрэхээсээ нэг жилийн өмнө Ражниш анх удаа сүнс биенээс салах үйл явцыг мэдэрчээ. Тэрээр энэ тухай ийнхүү өгүүлсэн байдаг: “Нэг шөнө би маш гүнзгий бясалгалд орсон тул махан бие минь модноос унасныг анзаараагүй юм. Мэдэнгүүтээ би ийш тийш хартал бие маань тэр доор газар хэвтэж байгааг харлаа. Би үргэлжлүүлээд модны орой дээр сууж байвч бие маань газарт хэвтэж байгаа нь үнэхээр хачин санагдав. Модны орой дээр байгаа надтай газарт байгаа бие маань хүйснээс гарсан мөнгөлөг, хурц өнгийн утсаар холбогдож байлаа. Цааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү байсан бөгөөд биедээ хэрхэн буцаж орох вэ гэдэгт санаа зовж байлаа. Тэр шөнө би анх удаа өөрийн биеийг хажуунаас олж харсан юм. Түүнээс хойш биеэ мэдрэх энгийн физик мэдрэмж нэгмөсөн устсан. Үхэл гэдэг зүйл ч миний хувьд оршихоо больсон. Яагаад гэвэл, бие махбодь сүнс хоёр гэдэг нэг нэгнээсээ салангад орших хоёр өөр зүйлс гэдгийг мэдэрсэн юм. Энэ үйл явдал хир удаан үргэлжилснийг хэлэхэд хэцүү байна. Өглөө үүрээр нэг тосгоноос нөгөө руу лонх зөөж байсан хоёр эмэгтэй модны хажуугаар өнгөрсөн юм. Тэд газар хэвтэж байсан миний биеийг олж харсан. Би, миний биеийг гайхан харж байгаа тэр хоёрыг модны орой дээрээс харж байлаа. Тэд миний духанд гараа хүртэл тэрхэн зуур таталцлын хүчинд авсан мэт би биедээ буцан орж нүд минь нээгдсэн. Үүнээс хойш би энэ аргыг зургаан удаа туршиж үзсэн.” Үүнээс хойш Ражниш нэгмөсөн өөрийн төв руу шидэгдсэн юм. Тэр бардам сэтгэлгүй болсон. Түүнд хэн нэгэн болох, ямар нэгэн юманд хүрэх хүсэл үлдээгүй юм. Ражнишд одоо Бурхан, Нирван сонин биш болсон. “Буддаг дуурайх” гэдэг айхтар өвчнөөс бас нэгмөсөн ангижирсан байна. Тохиромжтой цаг тулж ирэв, хаалга бараг нээлттэй байлаа. Ийм төлвийн үед амьдрал үхэл мэт байдаг. Хувь хүн үгүй болсон тул асуулт хэн ч тавих вэ дээ? Асуулт асууж болох бүх материалууд оршихоо больсон. Ингээд 1953 оны 3 сарын 21-нд 21 насандаа Ражниш бүрэн гүйцэд өөр дээрээ ирсэн юм. Тэр гэгээрсэн юм. Түүнээс өмнө олон хүн гэгээрч байсан. Гэхдээ хэн ч өөрийн гэгээрлийн тухай ийм тодорхой өгүүлж байгаагүй юм.
    Эх сурвалж: “Их оюунлаг хүн” сэтгүүл

  • Монголчууд ген, хэл, сэтгэлгээ, соёл, махбодийн хувьд хятадуудаас асар ялгаатай

    Монголжуу төрхтөнүүд нүүрнийхээ хэлбрээр өргөн царайт, нарийн царайт гэж хоёр хуваагддаг. Өргөн царайт төрхөд голчлон сибирийн төрх хамаарагддаг. Нарийн царайт төрхөд Алс дорнодын, өмнөд азийн (хойд ба өмнөд хятадын төрх гэх нь бий. Гэхдээ энэ нэр томъео сибирийн гэсэнтэй адил хятадын хүн амд л холбогдох нэр томъёо гэж хэлж болно) төрх хамаарагдана. Эднийг нийтэд нь палео-азийн төрх гэж авч үздэг. Европжуу төрх нь баруун европын, зүүн европын, европжуу-брахикраны гэх мэтээр хуваагддаг. Европчууд. арабууд, иранчууд, энэтхэгчүүд хоорондоо ондоо байгаа нь эхнийх нь баруун юмуу, зүүн европын төрхтөнд, нөгөөдүүл нь европжуу- брахикраны төрхтөнд хамаарагдаж байдагтай холбоотой юм.
    Харин Монгол хүнийг Монголжуу өргөн царайт төрхөд хамааруулах уу, европжуу-брахикраны төрхөд хамааруулах уу гэдэг асуудлын талаар антропологчид маргалдсаар одооноос л нэг мөр болон тасарч байна. Гэхдээ аль ч үеийн антропологчдоос хэн нь ч Монголчуудыг хойд хятадын нарийхан царайт төрхөд хамруулж байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол хүний хувьд өрнөдийн шинжлэх ухаан тун том алдаа гаргаснаа хожуухан ойлгосон гэж хэлж болно. Тэр алдаа нь ДНХ-гийн судалгаа нилээд хожимдож гарч ирсэнтэй холбоотой байдаг. Учир нь Монгол хун европжуу-брахикраны төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоос бус азижуу төрхтөнд хамрагдах хүмүүс биш гэдэг нь ДНХ-гийн судалгаа гарч ирснээс хойш тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл европжуу том төрхт (өргөн царайтай гэсэн ч болно) хүн болохоос бус өмнөд азийн нарийхан царайтай төрхтөн биш юм. Үүнийг Монгол улсын Их Сургуулийн Антропологи-Археологийн тэнхимийн багш судлаачдаас орчин цагийн Монгол залуучуудын ДНХ-г судалсан сүүлийн гурван жилийн судалгаа давхар нотолж өгсөн. Энэ судалгааны үр дүнд өнөөгийн Монголчуудын арван хүн тутмын 7 нь европжуу төрхтөний генитэй болохыг генетикийн судалгаагаар тогтоосон юм. Хамгийн сонирхолтой нь энэ судалгааны үр дүнг Монгол нутгаас олдсон антропологийн олдворууд дээр арав гаран жил хийсэн молекул генетик, молекул антропологийн судалгааны (Митохондрийн ДНХ) үр дүнтэй харьцуулан үзэхэд нэгэн ижил үзүүлэлт гарсан явдал юм. Тиймээс Монгол нутаг дээр үеийн үед европжуу-брахикраны төрхтэй хүмүүс давамгайлан оршин сууж байсан бөгөөд өдгөө ч европжуу генитэй хүмүүс давамгайлсан хэвээрээ л байна.
    Нэрт угсаатан зүйч Н. Н.Чебоксаров “Угсаатан, арьстан, соёлууд” гэдэг номондоо аль нэг төрхтөнийг төлөөлөх бүлэг хүмүүс төрөлх орчноосоо газар-зүйн өөр орчинд нүүдэллэн очоод нутгийн хүмүүстэй цус холилдолгүй аж төрөн суухад 1225 жилийн дараа байгаль-газарзүйн нөлөөгөөр төрх нь аажмаар өөрчлөгдсөөр нутгийн уугуул иргэдтэй ижил төрхтэй болдог гэж бичсэн байдаг. Энэ бол ахуй анхдагч гэдгээр төрх өөрчлөгдөх тухай сонирхолтой баримт юм. Гэхдээ генийн бутэц тун бага өөрчлөгддөг гэдэг нь ойлгомжтой. Тиймээс өнөөгийн Монголчуудын бүр хамгийн азижуу төрхтэй хүн дээр ч генийн судалгаа хийж үзэхэд европжуу хүний гени гарч ирэх мадгадлал өндөр бий. Учир нь Монголчууд европжуу төрхтөнүүдийн хамгийн зүүн жигүүрийн төлөөлөгчид бөгөөд Энэтхэгийн хойгийг өнгөрөөд Дундад Азийн дорнод жигүүрээс эхлээд Монгол хүртэл европжуу-брахикраны төрхтөн тархсан газарзүйн нарийн хошуу Азийн гүн үрүү түрж орсон байгаа тухай нэрт угсаатан зүйч, антропологич, түүхч Е.Г.Грумм-Гржимайло өнгөрсөн зууны 20-иод оноос, алдарт туүхч, угсаатан зүйч, онолч Л.Н.Гумилёв 60-аадоноос бичиж, судалгаагаа танилцуулж байсан билээ. Гэвч тэр үед молекул генетикийм судалгаа үүслийн төдий, харин археологийн судалгааны уламжлалт хэмжилтийн арга давамгайлж байснаас шинжлэх ухааны хүрээнд бүрэлдэн тогтсон ташаа ойлголтыг огцом эвдэхэд хэцүү байсан юм. Гэсэн ч үнэн юм хэзээ нэгэн цагт үнэнээрээ гарч ирдэг ёсоор молекул генетикийн судалгаа гарч ирснээр бид өөрсдийнхөө гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан жинхэнэ үнэнийг мэдэх боломжтой болсон.
    Сүүлийн үеийн генетикийн олон арван судалгаагаар Монголчууд, хятадууд огт ондоо хоёр өөр гапло-төрхүүдэд (Brigitte & Mark,2005) хамаарагддаг нь хөдлөшгүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Монголчууд европжуу-брахикраны терхөд, хятадууд палео-азийн төрхөд хамаарагддаг. Нөгөө талаар үндэстэн угсаатны хэл тэднийг хэр ондоо, хэр ойр болохыг хэлж өгдөг хамгийн чухал тодорхой зүйл байдаг. Энэ үндэслэлээс авч үзвэл Монгол хэл, хятад хэл хоёр бол хэлний хоёр өөр аймагт хамаарагддаг огт ондоо хэлнүүд юм. Тухайлбал Монгол хэлний үгс давхар үеэс бүтсэн байдаг байхад хятад хэлний үгс дан үеэс бүтсэн байдаг байх жишээтэй. Энэ бол хэтэрхий том ялгаа бөгөөд төрөлсөх ямар ч үндэсгүйг харуулж өгч байгаа хэн ч яагаад ч хөдөлгөж чадашгүй бат нут нотолгоо юм. Харин Хятад, Түвд хоёр хэл бол хэлний нэг аймагг хамрагдах дан үетэй, төрөл хэлнүүд яах аргагүй мөн. Тиймээс төрөлсөх нэлээд зүйл байж болох юм. Харин Монголоос “хөрш” нь гэхээс өөр зүйл гарах нь юу л бол доо. Хятадууд бол өнөөгийн өмнөд хятадын Хэнань мужаас гаралтай өмнөд азийн үндэстэн юм. Тэр үед Хэнань, Цянаас (өнөөгийн Түвд) хойд зүгт Жүн (Ман) аймгууд Цагаан хэрэм (энэ хэрэм нанхиадуудыг умар зүг хүрч ирэхээс бүр өмнө баригдсан байсныг английн архелогчид судалж тогтоогоод National Geographic-аар цацсан) хүртэлх нутагт сууж байсан бөгөөд бидний өвөг дээдсээс алс хол өмнө зүгт байсан юм. Тиймээс тэдний гарлыг авч үзэхэд тэд умар зүгийн үндэстэн огт биш гэдэг нь ойлгомжтой байдаг. Тэд зуу зуун үеийн туршид жүнчүүдтэй дайтаж, бас цус холилдож, тэднийг умар зүг түрсээр МЭӨ V зуунд бидний өвөг дээдэс болох хүнчүүдтэй (хүннүчүүдтэй) хил хатгаж хөршилж ирсэн юм. Гэхдээ тэр үед тэд өөрсдийгөө ханчууд гэж нэрлэдэггүй байсан юм.
    Энэ нэр МЭӨ III зуунд буюу хятадын ванлигуудыг анх удаа нэгтгэж, нэгдмэл улс бий болгосон Жүн угсааны Цин улс мөхсөний дараа МЭӨ 202 онд гарч ирсэн Түрүү Хан улсын үөэс үүдэлтэй юм.Тиймээс биднээс харьцангуй хойно гарч ирсэн үндэстэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл жунчүүдтэй цус холилдож байж гарч ирсэн шинэ үндэстэн юм. Тиймээс хойд хятадууд, өмнөд хятадуудтайгаа хэл ярианы талаар бие биеэ ойлголцдоггүйн учир үүнтэй холбоотой. Ханчууд жүнчүүдтэй асар их холилдож байж гарч ирснийг эртний нанхиадууд өөрсдөө хулээн зөвшөөрдөг байсныг Хан улсын жанжин Жан Хуаний “Жүнүүд, дичүүд болоод бид нар нэг гарвал угсаатай. Тэднийг бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй устгах гээд хэрэггүй” гэж хэлж байсан нь нотолдог. Нөгөө талаар үндэстэн угсаатнуудыг сэтгэлзүйн хувьд ялгаруулж байдаг сэтгэлгээний загвар гэж бас нэг сонин зүйл бий. Үндэстнүүдийн сэтгэлгээний загварт “манайхан ба харийнхан” гэдэг мэдрэмж чухал үүрэг гүйцэтгэдэг тухайд суут Л.Н.Гумилёв онолын үүднээс сайтар судалж, гол зарчмуудыг нь нээж өгсөн. Тэгэхлээр угсаатнууд өөрсдийнхөө төрөлсөх хүмүүс мөн үү, биш үү гэдгээ үндэснийхээ сэтгэлгээний загвар, зөн билиг хоёроороо маш нарийн мэдэрч тодорхойлж чаддаг гэж хэлж болно, Тийм болохоор Монголчууд урьд хөршийнхнийгөө үеийн үед “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, тэд ч улс төрийн хэтийн зорилго сэдээгүй л бол биднийг бас “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Бид хоорондоо маш их ондоо гэдгээ яс махнаасаа мэдэрсээр ирсэн гэж баттай хэлж болно.
    Антропологи судлал бол шинжлэх ухааны маш том салбар бөгөөд түүнд сайтар нэвтэрч судлалгүйгээр сураг ажигаар ухвар мөчид зүйл бичвэл хар хэл аманд орох нь ойлгомжтой. Шинжлэх ухааны тодорхой салбарын асуудалтай холбоотой сэдвээр сэтгүүлч хун дуулиан хөөцөлдвөл тун халгаатай байдаг. Мэдээж хэрэг сэтгүүлч хүн бусдын анхаарлыг татахын тулд ямар нэгэн хэмжээгээр дуулианы хойноос хөөцөлдөлгүй яахав. Гэхдээ шинжлэх ухааны нарийн асуудлаар өнгөц, ухвар мөчид ойлголтоор дуулиан тарих гэж оролдох нь тун болчимгүй ташаа явдал болж хувирдаг. Учир нь шинжлэх ухаан маш нарийн мэдлэг шаарддаг зүйл юм. Тиймээс ямар нэгэн тусгай зорилго өвөрлөөгүй л бол шинжлэх ухааны эсрэг зүйл бичиж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Түүх судлал ч гэсэн шинжлэх ухааны маш том салбар юм. Тэр салбарын нарийн нандин асуудлыг зөв буруу тийш нь мушгиж, дуулиан босгох нь зөвхөн тухайн үеийн хүчин зүйлээс шалтгаалаад явууртай байж болох ч тэр хүчин зүйл үгүй болмогц түүхийн үнэн үнэнээрээ л босож ирдэгийг энд хэлэх юун. Түүхэн үйл явдалд парадокс байх нь байдаг. Жишээ нь хятадууд өөрсдийгөө хан үндэстэн гэдгээс бус дэлхий даяар тэднийг огт өөр үндэстний нэрээр нэрлэдэг. Монголчууд бид тэднийг нанхиадууд гэж нэрлэж байгаад Өмнөд Манжуур, Өвер Монгол, өнөөгийн Хятадын хойд хэсгийг эзэмшин захирч байсан Хитан гүрэн зүрчидүүдийн (манжуудын өвөг дээдэс) цохилтон дор унасны дараа ч өмнө зүгийг “хитан” гэж нэрлэсээр л байсан. Энэ нэр сунжирсаар олон тоог заах дагавар авч “хятад” болсноор барахгүй өмнөд хөршийн хүн амыг нэрлэдэг нэр болж хувирсан. “China” гэдэг нэр ч ханчууд өөрсдийгөө нэрлэдэг нэр биш юм. Энэ нэр нанхиадуудыг анх нэгтгэж өгсөн жун угсааны Цин улсын нэрнээс улбаатай юм. Энэ бол яах аргагүй түүхийн парадокс мөн.
    Түүнчлэн бидний жишээн дээр л гэхэд дээр хэлсэн азижуу царай, европжуу генийг нэгтгэсэн парадоксоос гадна Монгол түмэн Ази тивийн гүнд амьдран суудаг атлаа үндэсний сэтгэлгээ, соёл маань Ази маягийн биш европорхуу маягийн байдаг бас хоёр ч парадоксыг бид хадгалж явдаг. Эдгээрээс гадна бүр гайхаш татах бас нэг парадокс Монгол хүн судлалын судалгаанд бий гэж хэлж болно. Монголчууд бид дэлхийн зүрхэн нутагт амьдардаг болохоороо ч тэр үү, өөр ямар нэгэн нарийн учир шалтгаанаас ч тэр юм уу бусад ундэстнүүдээс бие махбодийн хувьд арай өөр бүтэцтэй гэж хэлж болохоор байдаг.Судалгаанаас үзэхэд Монгол хүний зүрхний агшилтын дээд давтамж 30-40 насны хүн дээр 140-өөс дээш гардаггүй. Гэтэл европынхны хувьд энэ үзүүлэлт 200 байдаг. Өөрөөр хэлбэл ядрах дээд ачааллын үед Монгол хүний зүрхний агшилтын давтамж харьцангуй бага байдаг гэсэн үг юм. Монголчууд европынхонтой ижил ажил гүйцэтгэхэд тэднээс бага хүчилтөрөгч зарцуулах буюу хүчилтөрөгч “гамтай зарцуулдаг” гэх жишээтэй. Монгол хүн “бага хүчээр их ажил амжуулах” чадвартайг энэ хүчин зүйл харуулдаг.
    Монгол хүний дотоод эрхтэний жинг өөрийнх нь биеийн жинтэй харьцуулсан хэмжээ европ хүнийхээс их юм. Өөрөөр хэлбэл Монгол хун тэднээс арай бага биетэй ч таван цул эрхтний жин нь европ хүнийхтэй ойролцоо байна. Монгол хүний дотоод эрхтний эс нягт, туслах эд буюу булчирхайн жин нь харьцангуй их байна гэсэн үг. Мөн уушигны урт өргөн, нарийн гэдэс нь урт, бамбай булчирхай, төмсөгний жин ээрэг нь гадаадын эрдэмтдийн (бусад орны хүмүүс дээр) тогтоосон хэмжээнээс бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь 1977 онд олон улсын судлаачид европ хүний уушигны уртыг 27- 30 см, өргөнийг нь 13-14 см гэж тогтоосон байдаг. Тэгвэл эрүүл Монгол эр хүний уушигны урт 20,2-23,5 см, өргөн нь 15,1-15,4 см байна. Уушиг 1-2 см илүу өргөн гэдэг их ялгаа. Гэтэл жингийн хувьд ойролцоо байдаг.
    Монгол хүнтэй холбоотой бас нэг сонирхолтой жишээг дор иш татан өгүүлэхийг хүснэ. Хүн сансрын жингүйдлийн байдалд ороход тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд заавал ордог юм байна гэж Монгол хүнийг сансарт нисэхээс өмнө эрдэмтэд үзэж байсан. Гэтэл Монгол хүн сансарт нисээд тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд орохгүй байсаар буцаж ирсэн. Үүний учир шалтгааныг эрдэмтэн судлаачид одоо хүртэл олж тогтоож чадаагүй байгаа. Энэ мэтчлэнгээр бидэнд бусдаас ялгарах зүйл яах аргагүй байгааг мэдэрч байсан учраас өвөг дээдэс маань тэнгэрийн өнгөөр өөрсдийгөө Хөх Монголчууд гэж нэрлэсээр ирсэн биз ээ. Бас өнөөгийн бидний мэдэхгүй учир шалтгаан байгааг ч үгүйсгэхийн аргагүй. Үндэстэн болгон өөрсдийгөө онцгой гэж үздэг. Гэвч ийм өвөрмөц юмуу, онцгой зүйл гарч ирж өгдөггүй нэг гачлан бусад хүмүүст байдаг. Мөн өөр нэг зүйл нэмэж дурдахад Өмнөд солонгосын угсаатан зүйч эрдэмтэд, антропологчид Монголчуудын угсаа гарлыг судалж үзээд 30 эцгийн хүүхдүүд юм байна. Монголчууд чинь гетерогени үндэстэн юм гэж тодорхойлсон. Тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөний язгуур чанарыг хадгалж байдаг гэх бүрэн үндэстэй. Учир нь ихэнхи үндэстнүүд, нэн ялангуяа азийн үндэстнүүд 5 юмуу, 6-хан эцгийн хүүхдүүд байдаг. Тиймээс цусаа цэвэршүүлэх шаардлага тэдэнд илүү их хэрэгтэй юу гэхээс биш бидэнд өчүүхэн төдий хэрэгцээтэй. Эцэст нь хэлэхэд молекул генетикийн судалгаагаар эртний хүний ДНХ-ийн дарааллыг тогтоож, түун доторх хувьсал өөрчлөлтийг үнэлэх боломж нээгдсэнээр бид өөрсдийн гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан мэдэх боломжтой болсон. Молекул антропологийн судалгаанд гол 2 судлагдахуун байдаг ба эдгээр нь У хромосом болон митохондрийн ДНХ (мтДНХ) юм. У хромосом нь зөвхөн эцгээс хүүд дамжих бол митохондрийн ДНХ нь эхээс үр удамд (хуү, охинд) дамждагаараа онцлог юм.Митохондрийн ДНХ нь янз бүрийн удам угшлын (популяцийн) гарал үүслийг тогтооход хамгийн тохиромжтой хэрэгсэл бөгөөд антропологийн эволюци, удам угшлын генетик, анагаахын генетик, шүүхийн шинжилгээ зэрэг шинжлэх ухааны салбаруудад чухал судлагдахуун болдог. Зөвхөн эхээс үр удамд дамжих ба рекомбинаци явагдахгүй тул митохондрийн ДНХ-ийн олон янз байдал нь гагцхүү мутацаас үүдэлтэй бөгөөд энэхүү ялгаатай байдлыг ашиглан тогтсон гапло-төрхүүдийг (гаплотипүүдыг) бий болгосон.
    Ж.Бор

  • Зайран Ч.Чингис: Эмэгтэй хүн л түүнийг алаад өг, хараагаад өг гэж гуйдаг юм

    -Би Хөвсгөлийн Рэнчинлхүмбэд төрсөн. Дөрвөн сартайдаа Улаан-Уул суманд ирсэн юм гэнэ лээ. Гуравдугаар ангид байхад минь манайх Алаг-Эрдэнэ суманд шилжин ирж, тэндээ сургууль дүүргэсэн дээ. Аав ээжийн аль аль тал нь бөөгийн удамтай. Би гэхэд Дэлдэн удганы өвөр дээр ганц хоёр жил эрхэлсэн хувьтай үр. Өвөөгийн минь ээж нь. Бөө мэддэг хүмүүс Цэвэл удган гэхээр анддаггүй юм. Хар ногоон өнгийн сарлагийн зурагтай чихэр, мушгиа боов хоёроор намайг мөн ч их эрхлүүлсэн дээ, хөөрхий. Равдан дарханы авгай, Цэвэл чавганц гэдэг байлаа.
    -Анх яаж бөө болсон бэ? Одооны бөө нарыг харахад мөн ч их хөл болж байж нэг юм ёсоо гүйцээх юм. Уг нь дархадууд их хялбархан, хөнгөхөн босгодог юм шиг байдаг…
    -Эхлээд 1987 онд гэнэтхэн элийрч балайрдаг юм. Тэгэхэд би Цагааннуур суманд ой, ан хамгаалах байгаль орчны байцаагч хийж байсан юм. Нөгөө мундаг байцаагч чинь сураар чулуу баглаад үүрчихсэн, сумын дэлгүүр дотор цохиж явбал яахав? Бөөгийн өвчнөөр өвдсөн нь тэр юм байж. Алс бөглүү газар тулдаа л болсон байх. Түүнээс биш төв суурин газар байсан бол галзуурчихлаа гээд Шар хаданд хэвтүүлж, хэд хүчтэй тариад л ноомойлгож авна биз дээ. Бас ч гэж бөөтэй газар гэдэг чинь учиртай. Энэ бөө болох нөхөр л манаргаж явна гэдгийг мэдэлгүй дээ. Хойтон нь Улаан-Уул суманд Цэгмид удган дээр очлоо.
    -Цэгмэд удган гэдэг чинь Чинбат зайрангийн багш мөн биз дээ?
    -Тэгэлгүй яахав. Тэр үед чинь юм их тодорхой байлаа. Бөө гэхэд цаатнууд дунд Гомбохүү зайран, Баянзүрхэд Балжир удган, Улаан-Уулд манай багш гурав л байлаа шүү дээ. Багшийнх маань тэгэхэд Ушгидай гэдэг газар байсан юм даг. Хуур татаж явган бөөлөөд л холбож өгсөн. Уулын орой дээр их гал түлж байгаад бөөлж билээ. Нэг хуур амилуулж өгөөд “Үүнийг татаж бай” гэсэн.
    -Уг мөшгөх, дуудлага хэлэх, хувцас хуяг амилуулах зэрэг зан үйл хийгээгүй гэж үү?
    – Дархадын бөө холбох ёс их энгийн. Онгодонд чинь мэдүүлж таниулаад л орхино. Чи үнэхээр сайн бөө юм бол аандаа л учраа олоод, хүчээ аваад босоод ирнэ. Чадахгүй бол хохь чинь. Шударга байгаа биз дээ? Байгалийн шалгарлын хууль үйлчилдэг гэж хэлж болно.
    – Анх ямар засал хийв? Бөө болсон гэдгээ мэдэрсэн үе чинь хэдийнээс вэ?
    -1993 онд юм байна. Цэгмид удган намайг дуудуулжээ. Мөрөнд нэгдүгээр хороонд байсан юм. Шар ахаар замчлуулж очлоо. Шар ах гэдэг маань багшийн төрсөн хүү, одоо Улаанбаатарт байгаа зайран Чулуунбаатар шүү дээ. Гэтэл намайг айлд очиж хүүхдийнх нь хөлсөөг гарга гэнэ. Хөлсөөг нь гаргалаа, хүүхэд ч зүгээр боллоо. Ямар ч байсан болсон. Тэгэхэд миний онгод хэл ороогүй байсан юм.
    -Хэлгүй байсан гэнэ ээ? Тэгээд хэзээ яаж хэл оров?
    -Аяандаа л тэгж байгаад хэл орсон. Эхлээд “Гоолингоо” дууны үгийг зүүдэлдэг юм. Тэр дууг чинь би мэдэхгүй шүү дээ. Нэг шөнө унтаж байтал л “Арван түмэн адуун сүрэг…” гээд үг нь ороод ирсэн. Ямар ч үгийн зөрөөгүй зүүдлэгдсэн байсан. Энэ бол хэл орох дохио байсан юм билээ.
    -Яг тамлага дуудлагаа хэлж орж ирсэн нь хэзээ вэ?
    -Хуур татаж байхад янз бүр л болдог байлаа. Хэдийд гэдгийг нь санахгүй байна. Нэг удаа
    “Ар Тагныг дэрлэж төрсөн
    Арцтай ногоон тайгыг тэвээлж өссөн бие минь…” гээд л ороод ирсэн.
    Дархадыг өнөр өтгөн байхад
    Даалимбыг найман амтай байхад
    Бургалтай, Зөөлөн хоёрыг цам майдартай байхад
    Буян, Содном тэргүүтнийг отго жинстэй байхад
    Өвөр зөөлөн биеийг харж л амилахаар
    Өргөн алаг Шишгэдээс салж л нүүж билээв гээд онгод гарчихдаг юм.
    -Бургалтай, Зөөлөн гэдэг нь хүрээ хийд бололтой. Буян, Содном гэдэг нь хэн бэ?
    -Зөөлөнгийн хийд гэдэг нь Рэнчинлхүмбэд байсан юм билээ. Бургалтай нь хаа байсныг мэдэхгүй. Буян, Содном гэдэг нэрийг ч мөшгөж сонирхоогүй орхисон.
    -Ямартай ч Дархдын хотгорт шарын шашин нэвтэрсэн, монгол хүний нэр ус төвд болсон, ноёд баяд манж ёсоор отго жинстэй болсон үеийн онго байх нь ээ.
    -Тэгж таарч байгаа юм. 18-19 дүгээр зууны үеийнх л байх. Одоо ч гэсэн үе үе орж ирж л байдаг юм. Ер нь тэгээд онго тэнгэрүүд гэдэг чинь цэцэн цэлмэг ч гэж бэрх шүү дээ. Жишээ нь,
    “Оч бадарсан
    Манант хар үүлнээс
    Олон онгод зорчсон
    Огторгуйн гүн хязгаараас…”
    тэгж тэгж, ингэж ингэж ирлээ гээд л бууж байх нь ч бахадмаар шүү. Энгийн цагт намайг тэгж мөр толгой холбоод хэлээдэх гэвэл барах уу даа? Би ч бас хэлэмгий доломгой л хүн, гэхдээ ингэтэл уран цэцэн хэлж яавч барахгүй ээ.
    – Бөө болгон ямар нэг үйлд илүү гаршсан, илүү сайн байх нь бараг зүй тогтол гэмээр ажиглагддаг. Өөрийн чинь хувьд ямар үйлэнд илүү сайн бэ? Энийг л би нэг чадна даа гэж бардам хэлэх зүйл юу байна?
    -Нялхсын үйлд бол ер нь сайн шүү. Хөлссөн цочсон, гэмтсэн сэвтсэн гээд нялх хүүхдийн засалд сайн сайн. Тэгэхдээ миний сайных биш, онгодын сайных шүү. Би өөрийгөө магтаагүй, онго тэнгэрүүдээрээ бахдаж байна. Ер нь нялхсыг цааш нь алдсан удаагүй. Хоёрт гэвэл, хилс хэргээр шорон оронд суусан хүний асуудлыг наашлуулахдаа сайн. Харин яалтгүй өөрийн буруугаар шоронд орсон хүнийг бол барахгүй юм билээ. Саваагүйтэж бас үзэж л явлаа. Ер нь онго тэнгэрүүд чинь шударга үнэний талд бат зогсдог, худал хуурмагийг үздэггүй юм шүү дээ.
    Гуравт, онго тэнгэртэй хүнд хөтөч болж, угийн их тэнгэртэй нь уулзуулж таниулж өгөхийг бол хийж болж байна аа. Тэгэхдээ хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг бол зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Тэрнээс биш огтоос онго тэнгэргүй мөртөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө л болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Нэг удаа саваагүйтэж хийж үзсэн болж л байна лээ. Гэхдээ ар нь хатуу. Хүсэх юм биш. Бусад олон бөөг ч гэсэн тийм нүгэл битгий үйлдээрэй гэж захья. Эзэнгүй сүнсэндээ ч муу, энэ биеэ өгч байгаа хүндээ ч муу, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Тэгж давхар давхар нүгэл хийгээд яахав. Сураг сонсоход ийм төрлийн үйлээр дагнасан улс ч байгаа юм шиг. Ээ дээ, тусгүй шүү. Эртхэн наад нүгэлт үйлээ зогсоо гэж хэлмээр байна.
    -Бөө болох ёстой хүнийг хүнийх нь хувьд шинжиж, атаач жөтөөч, хонзогнуур, хөнгөн гоомой хүнийг бол онго тэнгэрт нь учир мэдүүлэн давуулах, дараа үе рүү нь шилжүүлэх зэрэг зан үйлүүд орхигдоод байна уу даа гэж бодогдох юм. Бөө болох хүнийг нь шинжих нь бүү хэл, бөөд хамаагүй хүнийг ч гэсэн бөө болгож хэдэн төгрөг салгах гээд л уралдаад байх шиг…
    -Тийм тал ажиглагдаж байна аа. Таарсан хүн бүрийг холбож болохгүй ээ. Ялангуяа эмэгтэй хүнийг их нарийн шинжиж байж бөө болгохгүй бол хэцүү. Хүнд хараал хийгээд өгөөч, алаад өгөөч гэж эмэгтэй хүн л гуйж ирдэг юм. Өдий олон жил бөөлөхдөө тэгж хэлж ирсэн нэг ч эр хүнтэй таараагүй. Харин эмэгтэй хүн бол зөндөө. Яасан ч муухай хор хонзон, ямар ч хүчтэй үзэн ядалт тээж явдаг юм бэ дээ, эмэгтэй хүн гэдэг. Эм хүний язгуур чанарт нь ийм зан байдаг учраас манай ард түмэн “Эм хүний ухаан богино, үс урт” гэж хэлсэн болохоос одоо яриад байгаа шиг дорд үзэж ялгасан хэрэг биш юм шиг байна. Үзсэн ном, сурсан сургуулиараа хэнээс ч давахаар эмэгтэй хүнээс хүртэл тийм үзэн ядалт, өс саналт гардаг л юм билээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг хатуу зөөлний хоёр туйл ч юм шиг. Гэтэл үр хүүхдэдээ хамгийн ойр байж, зааж сургадаг нь эмэгтэйчүүд гэж бодохоор бидний ирээдүй мөн ч харанхуй байна аа. Айн?
    Мэдээж нүгэл буяны ялгаа заагийг олж таньсан, гэгээрч ухаарсан эмэгтэйчүүд бий л дээ. Харамсалтай нь тэд даанч цөөхөн.
    -Эрхи зүүснийг нь харахаар лам мэт, толь зүүснийг нь харахаар бөө мэт хүмүүс олон байх юм. Хийж байгаа зан үйл нь ч гэсэн холимог саармаг. Тэр талаар та юу бодож явдаг вэ?
    -Лам ч биш, бөө ч биш нөхөд олон байна. Бөө юм уу гээд үзэхээр онгодгүй, чойжин юм уу гэхээр буултгүй хэцүү л улс харагддаг. Бид хэдийгээр ах дүүгээрээ бөө ч гэсэн ламаар хийлгэх засал байж л байдаг. Өвөө маань лам байсан. Өвөөгийн минь ээж удган байсан. Тэглээ гээд бид бөөгийн онгодын хүчээр лам өвөөгийнхөө сүнсийг дуудаад, өөрсдөө лам удамтай гэж эрхи зүүгээд явахгүй л байна. Харин ном судрыг нь лам залж тоослуулаад, бурхан шүтээнийг нь дээдлэх ёстой улс нь залаад л явдаг. Юманд чинь зааг ялгаа байдаг. Лам нь ламаараа, бөө нь бөөгөөрөө л баймаар байна.
    -За, хоёулаа бөөгийн тухай баахан ярилаа. Энэ сэдвийг орхиод Чингис гэдэг хувь хүний тухай бяцхан тодотгол хийе. Өөрөө дөрвөн төрлөөр спортын мастер болсон бас нэг өвөрмөц амжилттай хүн. Тийм хүн Монголд өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэр талаараа яриач.
    -Хэрэг байна уу даа. Өөрийгөө магтсан болох вий. Аравдугаар ангийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн төрлөөр спортын мастерын болзол хангасан. 1987 онд тэшүүрийн улсын аваргын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж спортын мастер болсон. 1988 онд цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байрт орж энэ төрлөөрөө спортын мастер болсон. Ингэж спортын гурван төрлөөр мастер хийсэн юм. Харин дөрөвдэх буюу олон улсын хэмжээний мастер цолоо бөхөөр авсан. Самбо, жудогоор нэлээд үзсэн. Даанч 60 кг-ын жинд тэр үед Баттулга мулга гээд дэлхийн аваргууд байгаад гарч улсад түрүүлж чадаагүй. Гэхдээ олон улсын хэмжээний мастер болсоон, хөөрхий.
    Шинэ цэрэг байхдаа улсын наадамд гурав давж байлаа. 60 кг-ын жижигхэн биетэй хүнд бол чамлахааргүй амжилт. Цэргээс очсон жил сумын наадмын засуул өвгөн “Цэргийн хүүхдийн хөл нь чанга байдаг юм” гэж хэлээд чирч аваачаад барилдуултал үзүүрлээд начин болчихдог юм. Дээд тал нь улсын цолтныг давж, доод тал нь сумын наадмын нэгийн даваанд зургадугаар ангийн хүүхдэд унаж байж дээ.
    -Одоо та хаана амьдарч, юу хийж байна? Холбоо яаж барих вэ?
    -Улаанбаатарын иргэн болоод олон жил болж байна. Чингэлтэй хайрхан уулынхаа суга цээжинд нөмөрдөж, ээл ивээлд нь багтаж амьдардаг даа. Зовлонтны зовлонг нимгэлж, золтны хийморийг нэмэх энэхэн насны үйлд онго тэнгэрийн зараалаар зүтгэж л байна, хөөрхий. Надтай 9601-1936 тоот утсаар холбогдож болно.
    -Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
    Ярилцсан Б.Галаарид

  • Ширгээсэн усны ач тус

    “Шинэ эмчээс ширгээсэн ус дээр” гэсэн ардын зүйр үгийг манай ард түмэн өнө эртнээс хэрэглэж ирсэн.Энэчлэн буцалгаж, сайтар ширгээсэн усаар олон өвчин анагааж ирсэн түүхтэй юм.
    – Юуны өмнө хоол, нарны хордлогоор гүйлгэж, бөөлжүүлэн
    2-3 хоног шингэн алдаж сульдсан хүүхдэд сулхан давстай юмуу эсвэл саахартай ширгээсэн усыг цайны халбагаар 1 минутын зайтайгаар шимээлтүүлэн өгөх хэрэгтэй. Ангаснаас болж балгах, залгилах юм бол дорхноо бөөлжих бөгөод ууснаасаа их шингэн алддаг.
    – Өглөө бүр буцалсан усыг бага шаазангаар нэгийг өлон элгэн дээрээ уух нь гэдэс дотор, хоол боловсруулах системиин үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Ер нь хүний эрүүл мэндэд маш сайн зүйл.
    – Орой бүр буцалсан усыг дунд хэвийн мөнгөн аяганд хийж тавьж хонуулаад өглөө өлөн элгэндээ уугаад 30 минутаас 1 цагийн дараа цайгаа уух нь ходоодны системд сайн.
    – Халаасан хуучин, хуурсан шарсан, жигнэсэн хоол, хуучин юстой боорцог, талх зэрэг хоол идэхэд ходоод хорсох, ам гашуун оргих, шингэн үед харлаж өвдөх зэргээр шаналгаатай болж олон хоног үргэлжлэх тал гардаг. Энэ нь ходоодны гастрид хэмээх ходоодны хана улайх өвчин юм. Энэ өвчин даамжирвал ходоодны шарх хүртэл үүсгэдэг үр дагавартай байдаг. Энэ өвчнийг анагаах гэж олон хүчтэй эм уух хэрэггүй, зөвхөн усаар эмчилж болно. Үүнд: өглөө бүр буцалсан нэг аяга усанд хоолны халбага зөгийн бал уусгаад хөргөж бүлээн болгон өлөн элгэн дээрээ ууна.

  • Монголын уламжлалт хэмжүүр

    Тугалын бэлчээр /500 м – 1 км орчим/
    Хонины бэлчээр /1 – 2,5 км/
    Аргамжааны газар /20 – 50 м/
    Адууны бэлчээр /4-10 км/
    Хагас өдрийн газар /40 – 45 км/
    Бүтэн өдрийн газар /90 – 100 км/
    Хоногийн газар /120 – 130 км/
    Зуур хоногт газар/210 – 220 км/
    Алхам /1 м/
    Тохой /40 см/
    Мухар тохой /33 см/
    Дэлэм /1 м/
    Алд/1,5см/
    Төө/20см/
    Мухар төө/19 см/
    Үзүүр төө Сөөм/18 см/
    Мухар сөөм /12-15 см/
    Хуруу /2 см/
    Бодын туруу /6 см/
    Богийн туруу /3 см/
    Шагай /10-15 см/
    Шилбэ /20 – 25 см/
    Өвдөг /50 – 60 см/
    Эгэм /дунджаар 135 см/
    Барим буюу алга дарам /10 см/
    Ямх /3,5см/
    Зэрэгцээ гишгэм /21 см/
    Цуваа гишгэм /56 см/
    1 бээрт – 4 гөрөм.
    1 гөрөмд – 2000 алд.
    1 алдад – 4 тохой.
    1 тохойнд – 20 хуруу.
    1 хуруунд – 8 арвай.
    1 арвайнд – 8 бүүрэг.
    1 бүүрэгт – 8 гич.
    1 гичид – 8 үсний үзүүр.
    1 үсний үзүүрт – 8 нарийн тоос.
    1 нарийн тоосонд – 8 маш нарийн тоос багтдаг байна.

    ХҮНДИЙН МОНГОЛ ХЭМЖҮҮР
    Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийг хэмжих нэгжийг килограммтай харьцуулбал:
    Жин = 596,816 г
    Лан = 37,301 г
    Цэн = 3,7301 г хэмжээтэй тус тус тэнцэнэ.

  • Байтаг Богдын тулгаралт

    Энэ үед Осван шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаас гаргасан байна.
    Дээрэмчид 7 сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хилийг зөрчсөн байна.
    Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа 2 цагаан пуужин буудаж сумандаа дохио өгч, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ. Дайсны эхний галд Архад, Баян нар алагдаж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.
    Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дээр хориглосон тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Тэгшээ, Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгтэйгээр дайрсан байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсаар дайсны гранат миномётын галд амь үрэгджээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуусан байв. Заставын улс төрийн орлогч Хаянхярваа, байлдагч Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт 2 цаг орчим үргэлжилж 9 цаг 30 минут гэхэд дайсан буцаж бараагүй болсон байлаа.
    Пулемётчин Тэгшээ миномётын дэлбэрэлтэнд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагариг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв.
    Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр олон дахин давуу байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт 2 сум туссанаас үзэхэд маш хүн тулгаралт болсон нь илэрхий. Хилчид ашиг муутай байрлал эзэлж хориглосон хэдий ч дайсантай баатарлагаар тулалдан үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
    Дайсантай баатарлагаар байлдаж гавъяа байгуулан амь үрэгдсэн Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарт “БНМАУ-ын баатар” цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус нэхэн шагнасан байна. Мөн Заставын улс төрийн орлогч Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэвгэ нарыг “Байлдааны гавъяаны одон”, Ч.Пэлжээг “Байлдааны медалиар” тус тус шагнажээ.
    Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл., УБ., 1993 он. 247-249-р хуудас.
    Зураг. Тулгаралт болсон газарт босгосон дурсгалын хөшөө

  • МБНЭ-ийн ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ӨГСӨН ХАРИУЛТУУД №2

    -Манай төвд бол бүр ил тод шүү дээ. Барагтай л нуухгүй. Тэнгэрийн нууц гэж байх боловч гагцхүү итгэл найдварын тэнхлэгээр хэмжих нь чухал гэж ойлгох нь чухал.
    -МБНЭ шиг хэлэлцсэн асуудлаа ил тод, шуурхай тавьдаг бөөгийн байгууллага байхгүй байх аа. Байгууллага өөрийн нууцлалтай байдаг. Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн гишүүний хэмжээнд мэдээлэл ангилалтай байгаа. Хэрвээ бөөгийн төлөө илүү их зүйлийг хийх хүсэл зорилготой хамтарч ажиллая гэвэл Дээд цэцийн хуралдайд гишүүнээр элсэх боломж, эрх бий. Дээд цэцийн гишүүнд тавигддаг шаардлагыг хангаж байвал манлайлагчийн хэмжээнд сонгогдон ажиллаж болно. Дээд цэцэд 83 байгууллагын төлөөлөл багтаж байна.
    -83 байгууллагын төлөөлөл нь нэг үгээр хэлбэл, намын зохион байгуулалттай ойр болох нь дөхөж байна. Энэ бол явцгүй асуудал мөн. Зөвхөн нэгдсэн нэгдмэл гэсэн утгаар явах ёстой. Төр засагт бол бөөгийн байгууллага хамаа алга. Өөрсдийнхөө үйлээр явах нь ононо.
    -Таныг гэртээ амиа бодоод шүүмжлээд сууж байхад сүүлийн 10 жилд ийм байдал үүссэн. Тэр байтугай хүний амины хэрэг ч гарсан. Залилангийн хэрэгт олон “хуурамч бөө” холбогдсон. Өршөөлийн хуульд хамрагдсан. Бөөгийн 83-н байгууллагуудыг нэгтгэсэн төв байгууллага ажиллаж байна. Бид энэ байдлаас гарахын тулд хамтарч ажиллаж, 60 орчим цол олгодог байсныг нэгтгэж албажуулан цэгцлэх бодлого хэрэгжүүлж байна. Тэгэхдээ Монгол бөөгийн ёс зүйг баримтлан тодорхой шалгуур үзүүлэлтээр уламжлалт бөөгийн зан үйлийг авч яваа “улаач” нарт олгож байгаа.

  • Онгод урин залах дуудлага

    Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин, цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт.

    Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. Зарим тохиолдолд онгодын нэрийг дурсах төдий болоход эсвэл бүр дурсаагүй дуудаагүй байхад хүртэл онгод нь улаачийнхаа биед харваж орж ирэх тохиолдол байдаг. Гэтэл үүний яг эсрэг ямар нэгэн шалтгаанаар онгод орж ирэхгүй цааргалах, сураг чимээгүй байх тохиолдол байдаг.

    “Бутанд хярсан янзага мэт

    Бургасанд нуугдсан болжмор шиг

    Бутанд хярсан туулай шиг

    Бүлтгэнэж явахад минь

    Энэ мэдэхгүй чадахгүй улаачийнхаа

    Хүслийг яагаад бодохгүй ирэхгүй байна… тийм жилтэй тийм хүний үр зовоод байна. Энэ хүнийг зовлнгоос нимгэлж хэлтэлж өгөөч” гэхчилэн аргадан гуйдаг.

    Газар орны байдал хол ойр, ойр орчинд онгод буух бололцоогүй бохир нөхцөл, хараал хэрүүлд өртсөн, лус тэнгэрүүдэд хорлогдсон үед онгод огт орж ирэхгүй байх буюу орж ирмэгцээ буцдаг тал байдаг. Буриад бөөгийн ёсонд онгодыг урин залж, аль нэг зүйл дээрээ буулгаж авахаар дууддаг зан үйл байдаг.

    Хүрлэгтэй улаан галын

    Унь бутарсан дөлөн дээр

    Хүрэл төмөр тогооны

    Ширэм дээрх охь болон хандалсан

    Ариун цагаан угаалгыг минь ариулж буугтун. Гэх мэтээр буурал аав хэмээх онгон сүнс, Дархан цагаан тэнгэр, тэнгэрийн хөвүүн тэх, шар манжлай, арын аран гурван ноёд нарт хандаж хэцээ цохиж, холбого, хонгинуураа хангинуулан сухай улаан бардагаараа урин залан дууддаг.

    “Их далайн усыг ес дахин домнож

    Есөн уулын гангыг үндсээр нь хандаллаа.

    Хэц тойвуураа дэлдэн

    Үүлэн хүлэг болсон сорийг тань

    Хурдатган ергүүлж урин дуудаж байна.

    Урилганд минь ирэгтүн

    Угтлаганд минь морилогтун” хэмээн онгод шүтээнээ дууддаг.