Author: admin_shaman

  • ЯЛАЛТЫН БАЯРЫН ҮРГЭЛЖЛЭЛ ВОЛГА МӨРНИЙ ЭРЭГ ДЭЭР.

    djmedia:14

    Монголын өвөг, дээдсүүдийн хэлдгээр мянга сонсоноос нэг үз гэдэг билээ. Энэ хөшөөний зургийг үзэж, үйл явдлыг номноос уншиж байсан, гэвч газар дээр очиход бүхэл бүтэн цогцолбор байдаг ажээ. 
    Биднийг очиход ОХУ-ын иргэний насанд хүрсэн залуучууд иргэний үнэмлэхээ гардаж авах, иргэний хувьд тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд ОХУ-ын баатар, хотын депутат, цэрэг болон иргэний хүндтэй зочид уригдан оролцдог ажээ.
    Дараа нь эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудын мөнхийн галд цэцэг өргөж, цогцолборын түүхэн хэсгийг үзэж, өнгөрсөн дайны хүнд үе, түүхэн ач холбогдлыг мэдэрнэ. МБНЭ-ийн төлөөлөгчид мөнхийн гал бадран асах, хүндэт харуул зогсох хэсэгт цэцэг тавьж хүндэтгэл үзүүллээ.
    Мамаев курганд очсоны дараа төлөөлөгчид Волгоград хотоор явж танилцлаа. Волга мөрний эргийг даган сунаж тогтсон их хотын дундуур 100 гаруй км явлаа.

  • “ЮМГ-ЫГ ГАЛ РУУ хийсэн ЗААРИН

     

    Нэгэн удаа Раднаа заарин жаахан Бадарч хэмээх айлын хүүхэд нь өвдөхөд гэрт нь залагдан очжээ. Заарин өрхийг нь бүтээлгэж, зулыг нь унтраалгаад “нэг шил архи аваад ир” гэжээ. Архи ууж, онгод сахиусаа дуудан бөөлж байснаа тулгыг нь тойроод нэг юм хөөж байснаа бариад авав бололтой гал руу хийчихээд “За боллоо, одоо галаа сайн түл” гээд мөнгөн аяганд боов хийж хөшиглөн дэвтээгээд 10-аад хоног хоол идээгүй өвчтэй байсан охинд өгсөнд цаадах нь шууд л идээд эхэлжээ. Хэд хоногоос охин эрүүл саруул болсон гэдэг. Эцэг эх нь ч баярлан хурдан удмын үрээ морийг зааринтанд бэлэглэжээ.

  • Шагайн харвааны үүсэл, хөгжил

    Уламжлалт бэлчээрийн малтай нүүдэлчин овог аймгуудын дунд малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн авч амьдрал ахуйдаа хэрэглэж ирсний дотор ялангуяа хүнсэнд хэрэглэсэн малынхаа мах, арьс, нэхий, яс зэрэгт маш хүндэтгэлтэй хандаж эрүүл мэндээ нөхөн сэргээх, эрхлэн тоглох наадам цэнгээний чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлалтай. Үүний нэг жишээ нь мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт бүхий жижигхэн ясыг “шагай” хэмээн нэрлэж түүнийг гэрийн тоглоом наадамд хэрэглэх арга ухааныг сүвэгчлэн бүтээсэн төдийгүй хүн ардынхаа ёс зан заншил, ой ухааныг хөгжүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцааны өндөр соёлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна.
    Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, богцог няслах зэргээс салбарлаж гарсан “Шагайн харваа” наадам нь Гурван голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын олон овог аймгуудын дунд хүчтэй түгэн дэлгэрч байсныг түүхийн зарим эх сурвалжуудад тов тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Сурвалж бичгүүдэд, Харвах намнахдаа мэргэн Халх монголын эрчүүд Хана Хасаа өрж Харваа,цэц мэргээ сорьдог байжээ гэсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав ан хомрогод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах цугларалтынхаа үед шагай харваж наадан, отог овгоороо багшин нэгдэж бие биедээ хүндэтгэл үзүүлж урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч билээ.
    Шагай харваж наадах дэг горим нь нэг баг 7-9 эрчүүдээс бүрдэх ба тоглож буй хоёр баг 30 хасаа өрж 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд баг тус бүрээс 2 харваач сууж тус бүр 4 сум тавьж 3 өрөг харваж нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожил тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлж бас урам хайрлан оноо цэц мэргийг нь улам анхиулдаг юм. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг.
    • Төв халхын угалз уухай
    • Боржигон уухай
    • Зуутын идэрийн уухай
    • Баруун монгол буюу Дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ.
    Манай нэрт яруу найрагч, төрийн соёрхолт Р.Чойном Монголынхоо тухай нэгэн шүлэгтээ, Монгол гэдэг чинь
    Адууны үнэртэй халхын талд байдаг юм
    Агар зандан хашлаганаас тавих сумны уухайнд байдаг юм
    Айраг найрын хуа дэмбээнд байдаг юм гэж яруу сайхнаар дүрсэлж адуу, шагай, айраг гурваар аугаа монголын дүр төрхийг холын хүний сэтгэлд хүргэж байсан байна.
    Төв болон баруун аймгуудад Шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсч үрждэг, түүнээс гадна шагайн харвааны сүрлэг сайхан уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг гэх мэтээр бэлэгдлийн өндөр ач холбогдол өгдөг.

  • Алтан тэвшийн домог

    ус хутган тоглож бүжиглэж байхыг мангас шулмын хаан хараад ихэд уурлан энэ бол бурханы явуулга, энд амьдрал үүсгэж хүн суурьшуулах гэж Лусын хаан охиноо явуулсан байна. Энэ эрдэнийн алтан тэвшээр цацрах ус шиг ус булаг ундарсан ургамал цэцэг тэгш үзэсгэлэнтэй нутаг үүсэж хүн амьтан суурьших нь гэж ихэд уурлан атаат сэтгэл төрж таван чөтгөрөө дуудаж ирүүлээд нэгдэх чөтгөрт ингэж хэлжээ.
    -Чи урд талаас нь очиж тэр булаг дээр эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож байгаа Лусын охин, түүнийг дагаж яваа таван охидыг айлган сандаргаж эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулжээ. Энэ үед Лусын охиныг дагаж яваа таван охины хамгийн бага нь үзмэрч их мэргэн охин байж. Тэр үзмэрч мэргэн охин тоглож байснаа гэнэт ингэж хэлжээ:
    -Яана аа, биднийг мангас шулмын хаан харчихлаа. Бид хэдийг хорлож алтан тэвшийг авах гэж чөтгөрөө явууллаа, одоо яах вэ гэхэд, Лусын охины дагуул таван охины эгчмэд нэгдэх охин ингэж хэлжээ,
    -Ном муутай тойн хүнээс ном эрдэмгүй гөрөөчин эр дээр гэдэг үг бий. Би анчин гөрөөчин болж угтъя гэж анчин эр болон хувирч угтан овоохой босгож хоолоо хийгээд хүлээж суужээ. Нэг дэх чөтгөр ихэд саваагүйтэн исгэрч орилж айлгах гэж ядаад овоохойг нь шөргөөж цоолж шагайтал халуун тостой шөлөөр нүдийг нь сохлоод алчихаж гэнээ. Нэг дэх чөтгөрөө алагдаж нүдээ сохлуулсанд мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж хоёр дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ,
    -Чи миний далан алд төмөр шилбүүрийг авч тэр олон бэлчиж яваа зээрийг тас ороолгон хөөж Лусын охин, түүнийг дагаж яваа таван охиныг дайруулан алаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулсныг тав дахь охин бас мэдээд мангас шулмын хаан хоёр дахь чөтгөртөө далан алд төмөр шилбүүр өгч үй олон зээрийн сүргээр биднийг дайруулан алж эрдэнийн алтан тэвшийг авахаар явууллаа, одоо яана гэхэд хоёр дахь охин ингэж хэлжээ:
    – Зээрийн сүрэг олон гэлээ ч зэгэл саарал ганцдахгүй гэдэг. Би хөх чоно болж хөөе гээд хөх саарал чоно болон хувирч улин хөөхөд олон зээр эргэн дайрч зугтахдаа далан алд төмөр шилбүүртэй чөтгөрийг нь дайраад алчихаж гэнээ.
    Хоёр дахь чөтгөрөө алдсан мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж арга ядахдаа гурав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
    -Чи эрдэм номтой түшмэлийн дүрээр тэдэнтэй ном хаялцана. Лусын охин, түүнийг дагаж яваа таван охин дуулж дэвхцэхээс өөр юу хийж чадав гэж. Хэрэв чи тэдэнд буруу зөрүү ярьж асуусанд нь хариулж чадахгүй ялагдвал чи газар дээрээ аянганд нэрвэгдэнэ. Тэд ялагдвал тэд аянганд ниргэгдэж тэдний алтан тэвш миний болно гэсэн хатуу тангарагтай ном хэлэлцэхээр явуулжээ. Тав дахь охин бас мэдээд ингэж хэлжээ:
    – Мангас шулмын хаан бидэн рүү гурав дахь чөтгөрөө ном эрдмийн түшмэл болгон хувиргаж, ном хаялцуулахаар явуулж байна. Хэрвээ бид буруу зөрүү хариу өгч үг алдвал аянганд нэрвэгдэж, газар дээрээ үхэж алтан тэвшээ алдана гэж санаа алдан хэлэхэд гурав дахь охин ингэж хэлжээ:
    -Эрдэм номонд муухан гэлээ ч би элдэвтэй тэр түшмэл болсон чөтгөртэй ном хаялцъя гээд явжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр гурав дахь охинтой уулзаж болзлоо хэлж хэн нь эхлэхээ шодоход мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр эхлэн асуух болжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр:
    -Бурхан, бурхан гэх бурханы чинь эцэг хэн бэ гэж асуухад охин:
    -Сэтгэл гэвэл, түшмэл болсон чөтгөр ихэд гайхан тэгвэл сэтгэлийн чинь эцэг хэн бэ гэхэд гурав дахь охин:
    -Мөнх хөх тэнгэр гэхэд мангас шулмын түшмэл болсон чөтгөр ихэд баярлан тэнэг минь тэр бурханы чинь эцэг манай мангас шулмын хаан гэвүүт аянга мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөрийг ниргэчихэж гэнэ ээ.
    Гурав дахь чөтгөрөө аянганд ниргүүлсэн мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж дөрөв дэх чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
    -Чамайг зуу дахин хувирах шидэт баатар болгон явууллаа. Чи Лусын хааны охин, түүнийг дагаж яваа таван дагуулыг алаад эрдэнийн алтан тэвшийг авчир гэж явуулжээ. Тэгэж явуулахдаа хохимой толгойн дуулга өмсгөж, чиний хохимой толгойн дуулган дунд байгаа өндгөн чинээ хар мэнгэ, хар үсийг чинь харваж чадаагүй үед чи үхнэ гэж үгүй. Иймд чи бүү ай, бүгдийг устгаж алтан тэвшийг ав гэж дахин дахин хэлжээ. Энэ явдлыг тав дахь охин бас мэдэж ингэж хэлжээ:
    -Мангас шулмын хаан зуу дахин хувилах шидтэй түмэн хүний хохимой толгойн дуулгатай, дуулганы элгэн голд чигчийн чинээ хар мэнгэ, хар үстэй баатраа явууллаа. Энэ баатрын хар мэнгэ хар үсийг харваж чадаагүй хэн ч дийлэхгүй, одоо яана гэхэд дөрөв дэх охин:
    -Бүү ай, харанхуй шөнө хар батганы толгой хага харвах баатар би биш ч гэсэн харвая гээд харваад алчихаж гэнэ.
    Мангас шулмын хаан дөрөв дэх чөтгөрөө алуулсанд уурлахын ихээр уурлаж тав дахь охины мэргэн шидтэйг мэдэж гаслахын ихээр гасалж өөрийгөө хараан цамнаж цамнаж тав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
    -Чамайг би хэнд ч үзэгдэхгүй хөх өвсөнд хөх зүү мэт хөх могой болгон хувиргаж, Лусын охин, түүнтэй яваа таван охиныг алуулахаар явууллаа. Тэр дундаа тав дахь бага охиныг хамгийн түрүүнд ал, тэгэхэд бусад нь яаж ч чадахгүй гэж хэлээд явуулжээ. Өдөржин шөнөжин айж түгшсэн Лусын охин түүнийг дагаж яваа таван охин ядарч, үүр шөнөөр нүд нь анилдаж байтал тав дахь охин хашгиран босон харайж, хариугүй хатгах гэж байсан хар эрээн могойн толгой сүүлийг базан тэлж Лусын охин чинийхээ хаш цагаан орд харшийн чинь хаалга үүдийг сахих ерөөлтэй хангарьд нь би боллоо гээд нисээд явчихжээ. Үүнээс үүдэн хүрээ хот хангарьд сүлдтэй болсон гэнэ.
    Нэг дэх охин нь анхны аюулыг анхлан зайлуулснаараа урд уулын савдаг анчин эр болъё гээд явчихаж гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан, гөрөөндөө харам үгүй ч худал хулгай тогтдоггүй, анчин эр савдагтай болсон гэдэг.
    Хоёр дахь охин нь хөнөөлийг хөөж хөх чоно болсон учир хайрхан уулыг чинь харж харамлах савдаг сахиус нь болъё гээд явчихаж гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин (Хөх чоно) савдагтай уул болсон гэнэ.
    Гурав дахь охин нь эрдэмтэй түшмэл болж ирсэн гурав дахь чөтгөрийн хөнөөлийг дарсан учир эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ.
    Дөрөв дэх охин нь баруун өмнөөс байлдахаар ирсэн баатрын хорлолыг арилгаж чадсан би Баянзүрх уулын чинь савдаг нь болъё гээд явснаас Баянзүрх уул баатар эрийн зүрх мэт цэрэг эрсэд ээлтэй уул болсон гэнээ. Ингэж Лусын охиныг дагаж ирсэн таван охин буцаж чадахгүй болсонд Лусын охин алтан тэвшээ урд ууланд тавьснаас Ширээ тэвш хэлбэртэй уул үүссэнээс алтан тэвшийн хөндий гэж ам бүрээс нь ус булаг ундарсан үзэсгэлэнтэй сайхан хөндий үүссэн гэнэ гэх энэ домгийг ноёны хатан явсан Хоролдаваа гэдэг нэгэн буурал, ээжид минь 1949 оны үед хуучилж суухыг сонсон сууснаа санан санан хожуу тэмдэглэсэн минь энэ билээ.
    Д.Баасанжав

  • Зэвэрсэн хөх байшинд шөнө дунд хэн нэгэн тас тас хөхөрч байлаа

    Байшингийн гадуурх хашаа хайс нь цагтаа ажилсаг нямбай нэгний гараар бүтсэний шинжтэй, ахуй амьжиргаагаа их хичээнгүй тордож байсны ул мөр үлдсэн аж. Байшинг хуучин эзнээс нь хойш гурван ч хүн худалдаж аваад удалгүй нүүжээ. Шар хаданд олон жил амьдарсан Галдан гуай уг байшингийн талаар ингэж ярьсан юм. Магсаржав гэдэг жолоочийн байшин л даа. Магсаржав сүрхий ажилч хичээнгүй хүн байсан юм. Аль ч баазад билээ дээ жолооч хийдэг. Машин тэрэг нь гял цалхийсэн. Жолооч хүн гэхээр л тос маслотой хутгалдсан халтар царайтай амьтан байх ёстой биш дээ. Торгон Магсаржав гэдэгсэн. Цэмцгэр торгон дээл өмсч, ганган хар бүрх духдуулж явна. Зам харгуйд саатаж, эрэг боолт энэ тэртэй бараг ноцолдож үзээгүй байх. Тэр үеийн гол ажлын нэг болох намрын тариа хураалтаар яваад ирэхдээ тэр баруун аймгийн нэг годгор охин дагуулж ирсэн юм.

    Тэр хүүхэд Санхүүгийн сургуульд суралцдаг байсан байх. Байх айлгүй тул сургуулийн дотуур байр ажиллах хүртэл гэртээ байлгасан юм. Магсаржавын эхнэр цэцэрлэгийн багш, гуч шүргэсэн сайхан л бүсгүй. Нөгөө санхүүгийн сургуулийн оюутан охин ч дотуур байранд орохгүй тэднийд байсаар өвөлтэй залгасан юм. Сүүлдээ Магсаржавын эхнэр нөхрөө нөгөө оюутан охинтой хардах болов. Нөхөр нь огт тоохгүй хөхөрч “Чи одоо намайг энэ хүүхэдтэй хардаж байгаа хэрэг үү? Миний талийгаач Ээбээтэй адилхан санагддаг юм. Тэгээд л энэ хүүхдэд дүү шигээ ханддаг юм шүү дээ” гэдэг байв.

    Эхнэр нь нөхрийнхөө зовлонг сэдрээж буруу зүйл ярилаа гээд гэмшдэг байсан байх. 11-р сарын сүүлээр юмдаг Магсаржавын эхнэрийн төрсөн өдөр болжээ. Мань эр эхнэрийнхээ төрсөн өдрөөр ноолууран цамц авч өгөхдөө яг адилханыг Санхүүгийн сургуулийн оюутан Отгонд авч өгсөн нь мартагнаж байсан хардах сэтгэлийг нь дахин хөндөж орхиж. Төрсөн өдөр тэр чигээрээ гашуудлын өдөр шиг болчихжээ. Магсаржав ч нөгөө охиныг хөөж “Би ямар чиний ах, дүү чинь юм уу?” гэсэн ч эхнэрийнх нь сэтгэл ханасангүй хөндий хүйтэн хэвээрээ байлаа.

    Тэгэхээр нь хүчээр шахам архи шахаж өгсөн байна. Архи ууж үзээгүй Цэрэнханд бүсгүй инээд алдаад л хацар нь улаа бутарсан амьтан, зан ааш ч гэж хайлсан тугалга болжээ. Тэр үед нэлээд хөлчүү байсан Магсаржав “Чиний инээж байгааг хараагүй яасан ч удав даа. Дахиад инээгээч, дахиад” гэж хөлнийх нь тавхайг гижигдэж гарчээ. Цэрэнханд бүсгүй орон дээрээ унаж тийчигнээд болохгүй байсан тул Магсаржав хөнжлөөр гарыг биетэй нь тамхи ороож байгаа юм шиг битүү боогоод гижигдэж гарчээ. Бүсгүй ч ширэнгэн ойн дотор амьдардаг зэрлэг хүмүүсийнх шиг хачин зэвүүн тас тас хийн хөхөрч, хамар хашааных нь айлд тэр нь орж ирж байжээ. “Магсаржавынх ёстой байшингаа хагартал наргиж байна даа” гэж хөршүүд нь бодож байсан гэдэг юм.

    Маргааш нь Магсаржавын эхнэр нас барчихсан байв. Биед нь үзлэг хийхэд ямар ч шарх сорви, гадны нөлөө байсангүй. Ингээд л тэр гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр үлдсэн байна. Үнэндээ хөөрхий Цэрэнхандын нөхрөө Отгонтой харддаг байсан нь тийм ч ор үндэсгүй зүйл биш байжээ. Магсаржав эхнэрээ нас барсны дараа оюутан Отгонтой эхнэр, нөхөр шиг инээж хөхөрч нэгнийхээ хувцасны өө сэвийг олны нүдэн дээр засч, дэлгүүр хоршоогоор хөтлөлцөн явах болжээ. Энэ талаар муу муухай зүйл ярьж хов жив хутгасан хүн үгүй. Хөөрхий залуу хүн шар махтайгаа хатаж явснаас зовлонгоо хурдан мартан инээж яваа нь овоо доо гэнэ.

    Гэтэл нөгөө оюутан охин буюу Магсаржавын хоёр дахь эхнэр нь бас л төрсөн өдрөө тэмдэглэж ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирээд шөнө орой болсон хойно тэд ч явцгаажээ. Маргааш нь залуу оюутан эхнэр нь нас барсанд ойр хавийнх нь хүмүүс сэрдхийгээд явчихсан байна. Бас л нас барсан бүсгүйд ямар ч гэмтэл байсангүй. Магсаржав байшингаа зараад нүүжээ. Байшинд нь орсон айл шөнө дунд “Хоёр эмэгтэй хүн уралдаж инээгээд унтуулахгүй юм. Аймшигтай зэвүүн дуутай гэж яана” хэмээн сэжиглэн ярьж зарчихаад нүүжээ.

    Дараачийн худалдаж авсан хоёр айл ч бас ийм шалтгаанаар нүүсэн байх. Түүнээс хойш тэр байшингийн хажуугаар шөнийн цагаар өнгөрөхөд бүдүүн, нарийн дуутай хоёр бүсгүй тачигнатал хөхөрч байгаа сонсогддог аж. Дууных нь зэвүүн үс толгой арзаймаар гэнэ лээ.

  • Аймшгийн ном уншаад оршуулгын газар орогнох болсон бүсгүй

    Тэр орондоо оронгуут дэрэн дороосоо номоо гаргаж, дахин уншихаар хуудсыг нь дэлгэлээ. Энэ бол ихээхэн учиртай ном юм. Бадамаа хэдэн хоногийн өмнө Арслантай гүүрний дэргэдэх хуучин номын худалдаачдаас нэгэн ном нүдэнд торсон нь “Страна мертвецов” буюу “Үхэгсдийн орон” хэмээх орос ном байлаа. Орос ч гэж дээ, Хендерсон гэгч америк эр уг аймшигт номыг бичсэн нь орос хэл дээр хөрвүүлэгдсэн байж.

    Бас чиг сонин юм боллоо. 6000-аас буухгүй гэж байсан боловч эргээд явахад нь дуудаж,
    – Дүү, чи энэ номыг хүссэн үнээрээ ав! гэж хэлээд нүдээ онийлгон харах нь яг л үхсэн хүн шиг санагдахад дотор нь зарсхийжээ. Гэвч тэр ном яг соронзон мэт татсан учраас халаасан дахь 1000 төгрөгөө худалдагч эрд өгчихөөд номоо тэврэн гэр рүүгээ явган алхахад бие нь халуу шатах шиг санагдаж байлаа. Тэр анхлан уг номыг уншаад айж хирдхийн гэрлээ асааж хоносон билээ. Гэвч өдөр нь тэсэлгүй барьж авснаар орой болоход ихэнхийг нь уншчихсан байжээ. Хэдийгээр өдөр ч гэсэн айдас хүйдэст бүрэн автаж, ээж нь
    – Цайгаа уу! гэж хэлэхэд хүртэл давхийн цочиж байлаа.
    Гэвч түүнд энэ айдас хүйдэс сүүлдээ үгээр илэрхийлж боломгүй таатай мэдрэмжийг төрүүлж байгаа нь хачирхалтай санагдаж байв. Бадамаа хар багаасаа л хачин этгээд хүүхэд байсан юм. Тэрээр орос гуравдугаар сургууль төгссөн бөгөөд ангийнх нь Маринагийн эмээ Вера Павловнаг нас барахад очжээ. Шарилтай өрөөг үзмээр санагдахад нь тэр орчихов. Шарилд хүрч үзмээр санагдахад нүүр рүү нь гараа сунгаж, бүтээлгэн доогуур оруулахад цэл хүйтэн бие мэдрэгдсэн бөгөөд хачирхалтай нь гар нь халуу оргин, зүрх нь булиглан цохилж таатай мэдрэмж төрсөн нь гайхалтай.
    … Тэр энэ номыг гурав дахь удаагаа унших гэж буй нь энэ. Одоо бол бүр харанхуйд уншдаг болжээ. Уг номонд Лора гэгч эмэгтэй шарилын газраар тэнүүчилж байгаагаар гардаг. Мөн моргт очиж үхдэлд гар хүрэн үнэн сэтгэлээсээ харьцсанаар сүнстэй нь ойлголцож байгааг дүрсэлжээ. Тэр шөнө Бадамаа яг л үхэгсдийн ертөнцөд очиж тэдэнтэй харилцан, этгээд сонин зүйлийг мэдэрч байх шиг санагдаж байлаа. Тэр шөнөө их л сонин зүүд зүүдэлснээс бие нь ихэд сэргэж яг л ам нь ангасан мэт болсон ажгуу. Өглөө босохдоо тэр моргт очиж үхдэл харах адын бодолдоо бат нот итгэсэн байв. Яг л ажилтай юм шигээр өглөө эртлэн гарч 1-р эмнэлгийг зорилоо.
    Тэрээр шүүх эмнэлэгийн дэргэдэх моргт очиж хаалгыг нь цохивол архи сэнгэнүүлсэн туранхай хар залуу,
    – Яах гэж байгаа юм? гэсээр хаалга онгойлголоо.
    – Хүн хайх гэсэн юм.
    – Цагдаагийн бичиг байгаа юу?
    – Үгүй.
    – Төлбөрөө төлнө шүү гээд инээх нь зэвүүн бус маш таатай санагдсан гэлтэй.
    – Гурван мянга болох уу?
    – Болно оо, болно. Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу?
    … Тэр хариулсангүй.
    – За, ор. Чи харж бай. Айхгүй биз дээ? Би яваад ганц шил юм авч ирлээ.
    – За гэсээр Бадамаа дотогшоо оров.
    Сэрүү татсан том тасалгаан дахь вандангууд дээр чармай шалдан үхдэлүүд хэвтэх аж. Түүний сэтгэл маш их догдолж байлаа. Яг л хуримаа хийж буй бүсгүй шиг зүрх нь булиглан урагшаагаа алхлаа. Хамгийн наад захад толгойгоо хага цохиулан зүрхэндээ хутгалуулж үхсэн эр хэлээ хазан, нүдээ гөлийсөөр үхжээ. Тэр үхдэлийн биеийг илэхэд гар нь сэрүү татан мөс шиг хүйтэн зүйл дээгүүр чийгтэж хөлөрсөн гар нь эвлэг гэгч нь гүйж байлаа. Ямар сайхан ертөнц гээч энэ вэ? Цаашаагаа алхахад нэгэн тарган авгай хэвтэх аж. Бас л сайхан мэдрэмж. Цаад захад залуухан эрийн цогцос байлаа. Очлоо. Ер бусын сайхан залуу байжээ. Хачирхалтай нь тэр уг цогцсыг хараад сэрэл нь хөдөлж орхив. Үрчийж жижгэрсэн шодойг нь тэсч чадалгүй үмхээд авлаа. Яг л хүйтэн төмөр шиг санагдав. Уруулыг нь озлоо. Хөшсөн учраас нэг л сонихон. Энэ мэтээр цогцос бүртэй танилцаж байтал цаад буланд нэгэн эмэгтэй чармай шалдан зогсож байх нь тэр. Бадамаа түүнийг амьд хүн гэж бодсонгүй. Шууд л дөхөж очиход нөгөөх нь өмнөөс нь нисэн ирж буй нь бие цогцос бус сүнс болохыг сая л ойлгожээ. Хендерсон “Страна мертвецов”-д үүнийг бичжээ. Гэхдээ Хендерсоны бичсэн шиг айдас хүйдэс төрмөөр зүйл энд огтхон ч алга байгаа нь гайхалтай. Тэр сүнс рүү очлоо. 20-иод насны бүсгүй бололтой. Гараа сунгалаа. Хий хоосон боловч ер бусын таатай мэдрэмж төрүүлснээс цусных нь эргэлт түргэсээд эхлэв. Тэр яагаад ч юм сүнстэй ярьж үзэхээр шийдлээ.
    – Чи яагаав? Энд юугаа хийж байгаа юм? гэж хэлэх гэсэн боловч нөгөө сүнс шууд л ойлгосон бололтой нэгэн цогцос руу заалаа. Тэгээд сүнс тийшээгээ явах гэсэн боловч өмнөөс нь маш хүчтэй салхи үлээж байгаа юм шиг явж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй санагдав. Тэрээр чухам ямар цогцос руу яагаад заасан болохыг нь үзэхээр очлоо. Юу болсон гэж санана аа. Буланд байгаа сүнстэй усны дусал шиг адилхан эмэгтэйн цогцос өмнө нь зогсож байлаа. Цогцос аль хэдийн хөшөөд эвгүйдэх тийшээ ханджээ. Ингэж байтал хаалга онгойн мөнөөхөн эр орж ирлээ. Эргээд харахад мөнөөхөн сүнс харагдахаа больчихсон байв. Моргийн манаач эр түүн рүү ирж,
    – За, яав? Олдсон уу гэв.
    – Үгүй ээ. Маргааш нөгөөдрөөс дахин ирэхээс.
    – Өдөр болгон ирсэн ч болно гэлээ.
    Үүнээс хойш тэр нэг өнжөөд л ирдэг боллоо. Тэр болгондоо нөгөөх сүнсийг эрнэ. Ор мөргүй алга болсон байлаа. Харин хааяа хааяахан өөр сүнснүүдтэй учирна. Жинхэнэ үхэгсдийн ертөнц оршуулгын газар л байдаг болохыг “Страна мертвецов”-оос уншсан болохоор Даландавхар, Нарангийн энгэр рүү явахаар шийджээ. Тэр бүр хонохоор шийджээ. Зуны урин дулаан цаг байсан болохоор ганц ундаа аваад л явжээ. Харуй бүрий болж байхад очлоо. Хэрэн хэсч, шарил дундуур явж байтал ер бусын мэдрэмж төрлөө. Цагаа харах гэсэн чинь зогсчихож. Утсаа хартал унтарсан байлаа. Удалгүй бөөн шуугиан болж тийшээгээ очтол зүсэн зүйлийн өнгө төрхтэй сүнс, сүг, буг чөтгөрүүд бүжиглэн найрлаж байх нь тэр. Бадамаа тэдний дунд ороход уураг тархи нь цахилгаан цахих шиг л болж маналзаж агаарт хөөрч буй мэт сэтгэл төрж байлаа.
    Тэр өөрийгөө газраас хөөрчихсөн байхыг мэдрээд гэнэтхэн айх шиг болов. Гэтэл дор бие нь гулдайн унасныг харж, биедээ буцаж орлоо. Бие нь бараг л хөрөх шахсан бололтой даарч байлаа. Чингэсээр үүрээр сүнс сүгнүүд алга болон бие нь ядарч сулбайсан Бадамаа үй олон шарил дунд хоцорлоо. Тэр өглөө болоход дахиад шөнийг мөрөөджээ. Ийм маягаар хэдэнтээ хонож байтал нь эцэг, эх нь ирж барин эмнэлэгт хэвтүүлсэн аж. Эрэн сурвалжлагдаж байтал нь Даландавхарт эмэгтэй хүн байна гэсэн сургаар очсон нь тэр байжээ. Бадамаа өнөөдөр бидний Шархадны больниц гэж нэрлэдэг Сэтгэцийн клиникийн эмнэлэгт хэвтэж байна. Харин тэр энэ тухайгаа бичсэн нь миний өмнө дэлгээстэй байгаа нь энэ. Үхэгсдийн ертөнц тайлагдашгүй. Гэтэл Бадамаа бүсгүй ямар зөн совин, мэдрэмжээрээ уг ертөнцөд очсон нь сонин байна. Даанч бид түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гээд хорьчихсон. Хорихгүй гээд ч яах билээ. Бид л лав тайлж мэдэхгүй. Бас таньж мэдрэхгүй учраас тэр шүү дээ.

  • БНАСАУ-ын нийслэл Пхенянд хүрэлцэн ирлээ

     

    Пхенян хотын төв вокзал дээр Цэцгийн баярын тэмдэглэх хорооны төлөөлөгчид тэднийг утаж авлаа. Энэ өдөр олон орны зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын төлөөлөгчдийг ирсэн тухай “Родонг” буюу “Хөдөлмөр” сонинд фото мэдээ гарсан байна.
    Төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхенян хотын төв хэсэгт байрлах “Хасбангсан” зочид буудалд байрласан байна.

  • БНХАУ-ын Эрээн хотод Өвөрмонголчууд угтаж авав

    БНАСАУ-ын өмнөд хил дээр орших, Ван мин хаантай зэрэгцэн орших бунханд нойрсох Монголын үзэсгэлэнт гуа бүсгүй Ванчиг хатны бунханд хүндэтгэл үзүүлхээр явах замдаа БНАСАУ-ын Эрээн хотоор дайран өнгөрсөн билээ. 

    Эрээн хотын гал тэрэгний зогсоол дээр Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Нарангуй болон Өвөрмонголын шүтэгчид сүү, хадагаа барин МБНЭ-ийн төлөөлөгчдийг угтан авч хүндэтгэлийн зоог барьж, аян замын зорилгоо ярилцан хөөрөлдөв.
    Монголын бөөгийн төлөөлөгчид Эрээнд нэг цаг болоод цаашдын аян замд зорьсон юм. Өвөрмонголын шүтэгчид тэднийг үдэк, хатны бунханд өргөх сүү, ааруулын дээжээ өргөн барьсан билээ.

  • ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №8

    Бодист юмсын төлөв бүр тодорхой насыг элээгээд гадаад болон дотоод үйл шалтгаанаар өөр төвшинд шилжиж, гэрэл туяа, бөөм цацруулна. Хүмэнэй бодол санаа ч газрын үйл болон тэнгэрийн сэрэхүйбилиг нөлөөгөөр хувирна. Бас энерги хийгээд далд био скалар квант энергийг цацруулах буюу шингээнэ гэж үзэж байна. Хүмэнэй ой ухаанд нэгэн бодол зурсхийж бүрэлдснээ үйл нөлөөллийн эрхээр төдхөн хувирдаг. Хүмэн бол сүнсээрээ дамжин билиг ертөнцтэй харилцдаг бөгөөд шийдлийг(төөрөг) эрж хайх хувирлын жамтай. Тэгэхдээ нэгэн шийдэлд хүрэхээс өмнө далд (virtual) уймралбодол буюу дээд тэнгэрийн “хүчний” жолоодлогоор хуйларч бэдэрсээр шийдэл- төөрөгт хүрнэ. Их суу залийн уймрал, хуйлралын зүй тогтол тэгж зуурдын төөрөг төрхөд хүргэдэг буюу.
    Билиг Тэнгэр ба эзэн. Хорвоогийн амьтай ба амьгүй бүхий л юмсын тавилан төөрөг дээд тэнгэрийн ивээлд оршино. Амьгүй буюу бодис нь дээд тэнгэрийн ивээлээр бүрэлдсэн тов тодорхой бүтэц, шинж чанартай тухай өмнө ярилцсан. Бодисын бүтэц чанарын талаарх шинжлэх ухааны дэвшил бол газар дахь нэгэн төвшний “дом” эрдэм мөн. Энэ нь хэдий ойролцоо боловч хүмүүний танихуйн сод ололт мөн нь бүхнээ илэрхий. Жинхэнэдээ бол зүй тогтол нь дээд тэнгэрийн зарлиг жамыг дагаж байгаа юм. Бодист юмсын 96 хувь нь далд ертөнцөд хамаарахыг саная. Бодист юмсын бүтэц бүрэлдэх, бүрлэхүйн үйлийг чинад оюуны квант жам тэгж хөтөлнө. Од, эрхэс, нар, гариг, дагуул хийгээд уул, ус зэрэг их бүтэц, тогтцын төөрөг- билиг заяаг өвөг дээдэс маань эзэн, лус савдаг хэмээн төсөөлж байж.
    Эдүгээ физик, эсийн биологийн нарийн туршилтаар хүмэн хүсэл, залбирлаар бодист нөлөөлөхийг ахиулан баталсаар[10] байна. Бодист юмс, хумхи бөөмс ч дээд билиг далайд живж, бас булхаж буйг дээр ярилцсан. Бодисын бүтэц, шинж чанар нь чинад билиг далайн тавилан заяагаар тэгж бүрэлдэнэ. Энд дурдаж буй билиг далай бол дээд тэнгэр буюу чинад дээд оюуны энергийн далай мөн. Дэлхийн уул нуруу, ус далай, нуур, гол мөрөн бол газарт бүрэлдсэн нэгэн амьсалт бодист цогцос мөн. Физикийн үүднээс үзэхүл тийм цогцос нь билиг оршихуйн сүлэлдлээр бүрэлдсэн энергийн буюу “билгийн” төвтэй байх нь гарцаагүй буюу. Энэ нь тэнгэрийн сэрхэүйн доод шатны билиг оршихуй байх аа. Үүн лүгээ нэгэн адилаар эл их цогцос ч бас дээд тэнгэрийн жамаар цэгцэрсэн “оюуны” нэгэн төвшний бүтэцтэй байх нь гарцаагүй. Тэр нь квант жам ёсоор төгсгөлгүй тасанги далд төлөвийн тавилан заяатай, [ 16]. Тухайн газар нутаг, уул, усанд тохиож заяасан тэнгэрийн сэрэхүйн төөрөг ч бий хэмээн төсөөлнөм.
    Чинад оюуны тэр төрх шидийг өвөг дээдэс мэдэрч байсан учир амьгүй болгон эзэнтэй гэж байсан бололтой. Уул, усны тэр эзэн- лус, савдгийг аргадаж тайх ёсон тийм мэдрэмжээс үүдэлтэй буюу. Харин тэгж тайж тахихад заяасан эзэн төлөв- лус, савдаг лугаа ний төрхөд хүрч сөгдөөд залбирч, хүсч гуйх зүйлээ илэрхийлж байж. Дээд тэнгэр, бодист юмс ч хүмэнэй үг хүслийг сонсдог тухай өгүүлснийг санаарай. Гэвч орчлон квант оршихуй учир сая дурдснаар газарт заяагаагүй чинад олон төлөв ч бас буй. Харин тайх үйл хандлага буруу, бас жинхэнэ эзэн лүгээ нийлэх гэгээн чадвар дутснаас болж, заяагаагүй буюу маны амьдралд заяаж дархлаажих хувьгүй далд төлөв лүгээ холбогдож хурайлж тодруулбал, булт хүн зоны дээд билиг, бас байгальд ч зохисгүй нөлөө учруулж мэдэх юм. Нэгэн хүнд учирсан дээд билгээс үүдэлтэй “согого” уг угшил нэгтэй хүмүүст нөлөөлж тархаж мэдэх юм. Дээр дурдснаар Орчлон нэг амь холограф мөнийг санавал зохиму.
    Амьтай болгон сүнстэй. Энэ бол мөнх тэнгэр эрдмийн тунадас үг. Хүмэн бол дээд оюуныг эзэгнэх хувь заяаны “тэнгэртэй” буюу дээд тэнгэрээс цогцыг эзэгнүүлж, газрын ухаан болон амьдралыг хөтлүүлэхээр илгээсэн элч мөн. Сүнс бол мөн чанартаа хүн өөрөө мөн. Хүмэн тэгэхлээр ил хийгээд чинадбилиг эрчийг амьсуулансүлэлдүүлж, учир зүйг билгээр мэдрээд төсөөллөө бүр “дүрслэн” сэтгээд, үг, зураг, хөг аялгуугаар илэрхийлэх, танин мэдэх шид чадалтан юм. Дээд тэнгэрийн энэхүү заяа амь тээсэн бодист юмсын дотроос ганцхан хүний цогцос лугаа сүлэлдсэн ариун сүнст л тэр шид чадал заяажээ. Харин амьтай юм болгон сүнстэй. Амьсгал хурааж, зүрх зогсоход сүнс дээд тэнгэрт буцна. Сүнс бол дээд тэнгэрийн зарлиг дагуу хүний дараагийн төрөлд үйлчлэх шидтэй гэж ярьсаар дийлэнх нь итгэсээр . Энэ утгаар үзвэл сүнс дагаж амьдрал мөнх юм.

    /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

  • Д.Бум-Очир: Монгол угсаа ЦУСНААС илүү СОЁЛД байдаг

    Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн гарал үүслийнхээ талаар хариулт өгч түүндээ итгэж үнэмших нь нэг хэрэг. Шинжлэх ухааны аль нэг салбар судалж хариулт өгөх нь бас өөр хэрэг. Ард түмний угсаа гарлыг тодорхойлдог хэд хэдэн судалгааны арга бий. Нэгд, удамшил, хоёрт, хэл, гуравд, түүхэн баримт. Энэ гурван баримтын нийлэмжийг авч үздэг.
    Антропологийн ухаан гэхэд, аливаа ард түмэн гарал үүслийнхээ талаар үлгэр домог зохиож улмаар ямар нэгэн итгэл үнэмшил бүтээх явдал (construction) түгээмэл байдаг гэж үздэг. Ард түмний тайлбар зохиомол, уран сэтгэмж оруулсан байх магадлал ихтэй.
    Зарим тохиолдолд, тийм домог, зохиомжийн чанартай өгүүлэмжийн үнэн худлыг шинжлэх ухааны үүднээс нотлох боломжгүй байдаг. Гэхдээ, үүгээрээ тэдний итгэл үнэмшлийг худал хуурмаг, мухар сохор гэж үзэж, соёлыг нь үл хүндэтгэж байгаа хэрэг огт биш шүү!
    Ард түмэн хэн бэ гэдгээ, хаанаас гаралтай вэ гэдгээ ялангуяа түүхийн бодитой баримт байхгүй тохиолдолд их бага хэмжээгээр зохиосон байдаг. Энэ нь домог, үлгэр байхаас гадна төр засаг баригчид, удирдлага, түүхэн цаг үед байсан лидерүүд нь ард түмнээ өөдрөг үзэлтэй байлгах, эсвэл илүү агуу түүх үлдээхийн тулд албаар зохиосон ч байж болно.
    Ер нь аливаа ард түмэн өөрсдийгөө агуу болгох гэж уралддаг шүү дээ. Агуу түүх бичихийн тулд агуу угсаа гарал хэрэгтэй болдог. Жишээ нь, Киргизчүүд Зөвлөлт Холбоот Улс задрахад тусгаар улс болсноосоо хойш өөрсдийгөө Манас гэдэг баатраас үүсэлтэй, Киргизстаны анхны төрт улсыг Манас баатар үүсгэн байгуулсан гэдэг ойлголтыг дэмжиж, дэлгэрүүлж байгаа юм.
    Ард түмний тайлбар зохиомол, уран сэтгэмж оруулсан байх магадлал ихтэй.

    Манас гэдэг нь манайхаар Гэсэр, Жангар, Хан Харангуй шиг Киргизстаны баатарлаг туульсын дүр.
    “Манас баатар үлгэр туульсын дүр юм биш үү?” гэж асуухаар, “Үгүй ээ, түүхэн бодит хүн” гэж хариулдаг.
    Гэтэл түүхчид үүнийг нь батална гэдэг маш хэцүү. Манай Ц. Дамдинсүрэн гуай Гэсэрийг түүхэн хүн байсан гэж нотлохоор докторын судалгааны ажил бичиж хамгаалсантай төстэй юм даа.
    Үүн шиг, уламжилсан зарим баримтаас үзэхэд, Монголчуудын уг гарлын тухай асуудалд үеийн үед шашны, улс төрийн гэхчлэн янз бүрийн шалтгаантай зохиомол зүйлс их бага ямар нэгэн хэмжээгээр орсон байдаг.
    Жишээлбэл, XVII зууны эхээр зохиогдсон гэж үздэг “Хаадын үндсэн хураангуй Алтан товч” хэмээх сударт өгүүлснээр Монголчууд Энэтхэг Төвөдөөс гаралтай болж хувирдаг. Энэ нь дараа дараагийн олон сурвалжид нөлөөлсөн.
    Үнэндээ, бидэнд гарал үүслээ бүрэн тодорхойлох ноттой баримт уламжилж ирээгүй. “Монголын нууц товчоо” зэрэг түүх-уран зохиолын бүтээлд тэмдэглэгдсэн Бөртэ Чоно, Хоо маралд холбогдох өгүүлэмж, Алан гоо эхийн домог, Эргүнэ Хунгийн домог гэхчилэн баримтууд л бий.
    Эдгээр нь домгийн өгүүлэмж юм. Домгийг түүх болоод антропологийн шинжлэх ухаанд бодит баримт гэж үздэггүй. Гэхдээ, худал хуурмаг, ор үндэсгүй гэж үзэж байгаа хэрэг биш шүү. Шинжлэх ухаан юу гэж үзэхээс үл хамааран аман домогт ард түмэн олон үеэрээ итгэж үнэмшиж ирсэн байдаг.
    Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.
    – Түүхчид түлхүү санал нэгддэг зүйл бий юу. Монголын тухай тэмдэглэсэн хамгийн эртний баримт юу вэ?
    – Одоогоор эртний гэгдэх түүхэн баримт бол Хятадын Тан улсын үеийн түүхэн сурвалжид “Мэн-вү” (Meng-wu) буюу Монгол гэсэн үг бий. Энэ нь 618-907 он буюу VII-X зуунд холбогдоно. Судлаачид шантралгүй судалж, баримт сэлт нотолгоо хайсаар байна.
    Ер нь, Монголчуудын гарлын асуудал шинэ бичмэл түүхэн баримт олдсон үед л баттай, ноттой болно. Тэр үед шинжлэх ухааны арай өөр төвшинд авч үзэх боломжтой болно.
    Ийм зүйлгүйгээр домогт үндэслэх нь өнөө цагт эцсийн байдлаар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Бид шинжлэх ухаанд итгэж үнэмшдэг цаг үед амьдарч байна.Тэгэхлээр, хүмүүсийн итгэдэг, хүлээж авдаг арга замаар нь л нотлон харуулахаас өөр аргагүй.
    – Монголчуудын уг гарлыг “Монголын нууц товчоон”-д “…Бөртэ Чоно, Хоо марал… тэнгис гэтэлж ирэв…” гэсэн байдаг. Энэ талаар тодруулж өгнө үү. Монголчууд одоогийн энэ нутагтаа хаанаас ирсэн юм бол?
    – Олонх эрдэмтэд үүнийг Монголчуудын өвөг дээдэс Байгал далайгаас нүүдэллэн иржээ гэж тайлбарладаг. Энэ нь эрдэмтдийн дэвшүүлж байгаа таамаглал бөгөөд хөдөлгөөнгүй баталгаатай зүйл хараахан биш.
    Түүнчлэн, уг үйл явдлын он цагийг тогтоох оролдлого ч хийсэн байдаг. Хэцүү ч биш л дээ. “Нууц товчоон”-д Чингис хааныг хүртэл хэдэн үе өгүүлснийг тооцоолоход ямар нэг хугацаа гарч ирнэ. Гэхдээ үүнд үндэслэх төвөгтэй. Домог шүү дээ.
    Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал.

    Хэл шинжлэлийн үүднээс гаргасан бас нэг таамаглалыг дурдвал, Туркийн хэл шинжээчид өнөөдрийн Монголын нутаг дэвсгэр дээр байсан Монгол болон Түрэг аймгийн гарлыг хэлээр нь дамжуулж судалсан байдаг.
    Тэдний судалгаанд өнөөгийн энэ нутагт нэг хэсэг нь “анчин”, нөгөө хэсэг нь “малчин” хоёр өөр угсааны хүмүүс байсан гэж үзжээ. Анчид нь Монголын өвөг дээдэс, малчид нь Түрэгийн өвөг дээдэс. Анчид Сибир буюу тайгаас өнөөгийн тал нутагт бууж ирсэн. Тэр үед тал нутагт малчин улс байсан.
    Учир нь Монгол, Түрэг хоёр хэлийг харьцуулан судалж үзвэл монгол хэлэнд байгаа мал аж ахуйн холбогдолтой нэр томьёо голдуу түрэг хэлнээс гаралтай, түрэг хэлний ан агнуурын үгс голдуу монгол гаралтай.
    Монгол, Түрэг хоёр үндэстэн энэ газар нутаг дээр нийлж, улмаар ан агнуурын болоод мал аж ахуйн үг хэллэгүүд бие биедээ орсон гэж үзэж байгаа юм. Би үүнийг судалаагүй болохоор буруу зөв гэж шүүн тунгаах эрх алга. Энэ талаар илүү сайн мэдэх Монголын залуу судлаачид бий.
    Тэд үүнийг илүү ярих байх шүү. Юутай ч, хэрвээ үнэн бол бидний өвөг дээдэс Байгал далайн цаана Сибирээс нүүдэллэж ирсэн болж таарах гээд байгаа юм. Гэтэл энэ эцсийн нотолгоо болж чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй.
    Түрэг судлалынхан олон үгийн гарлыг түрэг талаасаа тайлбарлаад байна гэж монголч эрдэмтэд шүүмжилдэг. Тэгэхлээр, үгийн гарлыг 100 хувь нотлох боломжтой юу гэдэг асуудал бас гарч ирнэ. Тиймээс, маш тодорхой бичгийн дурсгал байх л хэрэгтэй. Бусдаар үүнийг нотлох хэцүү.
    – Он цагийн хувьд арай наашилбал, Алан гоо эхийн домог байна. Чингис хааны удмыг эхийн талаас нь, Алан гоо эх Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас Хорь Түмэдийн нутаг Ариг ус хэмээх газар төрсөн гэж тодорхой дүрсэлжээ. Гэвч эцгийн талаас нь “…шөнө бүр цэгээн шар хүмүүн гэрийн өрх, тотгын гэгээгээр орж, хэвлийг минь илэхэд гэгээ нь хэвлийд шингэх бүлгээ…” гэж домгийн шинжтэй гэж хэлж болохоор дүрсэлсэн байх юм. Үүний учир юу вэ. Монголчуудын өвөг дээдэс хэн байв?
    – “Монголын Нууц Товчоон”-д байдаг Монголчуудын гарал үүслийн тухай нэгэн чухал домог бол яахын аргагүй Алан гоо эхийн домог. Энэ домогт нэг зүйлийг тодорхой хэлж өгдөг. Чингис хааны удам яг Добу мэргэнтэй холбоотой юу гэхээр “үгүй” болж таарч байгаа юм.
    Домогт өгүүлснээр Алан гоо эхийн эр нөхөр буюу Добу мэргэн үгүй болсон байтал хоёр хүү төрсөн асуудал гарч ирж байгаа. Энэ үед гэр дотор байсан ганц эр хүйстэй хүн нь Малиг Баягудай нэрт зарц шүү дээ.
    Төв Халхчууд тэнгэр дугарахад “Хиюуд аа, Баяуд аа” гэж дууддаг байж. Аавын минь үзэж байгаагаар, Төв Халхчууд “бидний бодит овог, өвөг дээдэс Хиад бус, Баягуд ч юм бил үү” гэж боддог учраас ингэж хамтад нь дууддаг байсан байх гэдэг.
    Үүнд холбогдуулан бас бөө мөргөл судлаач, түүхч агсан О.Пүрэв гуай өгүүлсэн зүйлийг дурдах ёстой. Тэрбээр, бөө нар хүн махны сүнс, ясны сүнс, оюуны сүнстэй гэж үздэг бөгөөд ясны сүнс нь эцгийн талаас Малиг Баягудай зарц байж болох юм.
    Гэхдээ оюуны сүнсний үүднээс энэ нь Мөнх тэнгэр өөрийн биеэр орж ирж сүүлийн хоёр хүүг үлдээсэн гэж үзсэн.

    Цэгээн шар хүн гэдгийг монгол домог зүй, бөө мөргөл, аман зохиолоос судлаад үзвэл гарцаагүй дээд гарлын сүнс болж таардаг. “Урт шар хүн, шар нохой мэт шарвалзан гарна” гэх зэргээр нь яалт ч үгүй чоныг хэлж байгаа.
    Одоог хүртэл Дархадуудын дунд чоныг “шар нохой” гэж эерүүлэн хэлдэг төдийгүй ер нь Монголчууд ингэж хэлдэг баримт олонтаа олддог. “Нохой” гэж хэлж байсан баримт бүр ч олон.
    Тэгэхээр, шар нохой гэдэг нь Бөртэ Чоно байж магадгүй. Үзэгдэж байгаа цэгээн шар хүн нь бурханлаг, оюунлаг дээд төвшний сүнсийг дүрсэлсэн байгаа юм. Ингэж үзвэл, Мөнх тэнгэр, түүнтэй холбоотой дүрслэл байх боломжтой.
    Алан гоо эх ингэж тайлбарласан нь “Монголын нууц товчоон”-д байдаг шүү дээ. Тухайн үеийн хүмүүс Алан гоо эхийн хэлсэн шиг домгийн шинжтэй, бэлгэдлийн зүйлд итгэдэг байсан нь гурван ахаас нь харагддаг. Тэр үед гэлтгүй өнөөдөр ч гэсэн бөө мөргөл, шашинд итгэж л байна.
    Нарийн яривал, энд Чингис хааны эцгийн талын удам тасалдаж байгаагаар харагддаг. Гэвч, маш олон хүний үзэж байгаагаар, Чингис хаан аль ч овгийн хүн байлаа гэсэн энэ хүн бол агуу хүн. Баягуд ч бай, Боржигон овогт ч бай энэ хүн бол Монголчуудын өвөг дээдэс болсон чухал хүн.
    Цаашлаад, Алан гоо эхийн домог таван сумаар төлөөлүүлж эв нэгдлийг сургахаас гадна Монголчуудын өвөг дээдэс Хиюуд байна уу, Баягуд байна уу хамаагүй, та бүгдээр Монголчууд гэдгийг, битгий овог аймаг, угсаа гарлаараа хуваагдаж алалцаад, тарж бутраад, улс орноо тараах гээд бай гэдгийг сануулаад байгаа юм биш үү!
    Мах цус, гарал угсаа чухал боловч шаардлагагүй үед хэт чухалчлах нь дотоодын задрал бутралд хүргэх аюултайг сануулж байгаа домог гэмээр байна. Шаардлагагүй тохиолдол гэж уг гарлыг улам нарийсган мөшгөөд, улмаар түүндээ тулгуурлан олон бүлэг болон жижигсэж хоорондоо зөрчилдөхийг хэлж байна л даа.
    Олон овог аймгуудыг “Монгол” болгон нэгтгэж хүчирхэг тусгаар улс байлгахын төлөө Чингисийн угсааны ноёд тэмцсээр ирснийг түүхчид нэлээд судалсан. Монголчуудыг олон овог аймаг эсвэл угсаатны бүлэг болгон хувааж задлах зорилготой улс төрийн бодлого манай хоёр хөршид байдгийг антропологич Л. Мөнх-Эрдэнэ сайхан бичсэн байдаг.
    Тиймээс, Алан гоо эхийн домог бол ялангуяа бидний энэ цаг үед мартаж болохгүй сургаал. Өнөөдөр зарим Монголчууд маань өөрсдийгөө монгол хүн гэхээсээ илүүгээр Буриад хүн, бүр Увс хүн гэх ойлголт гаргаж ирээд байна. Алсдаа энэ их хортой байж мэднэ. Учир нь, монгол хүн байх нь чухал биш болж болзошгүй.
    – Хүннү нар одоогийн Монгол улсын газар нутаг дээр анхны төрт улсыг байгуулсан. Монголчууд болон Хүннү нарын хооронд удмын холбоо бий юу. Тийм бол ямар үндэслэлээр вэ?
    – Монгол гэдэг овогтон бүрэлдэж, Монгол гэдэг нэр томьёо бий болж, Тан улсын тэмдэглэлд бичигдэхээс өмнө, бидний өвөг дээдэс өөрсдийгөө Монгол гэж нэрлээгүй байсан ч хаа нэгтээ байсан байж таарна.
    Гарлын хувьд, өвөг дээдэс маань Хүннү гүрний дотор байсан байх магадлал маш их. Гэхдээ, Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.
    Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.
    Удмын талаас, Хүннүгийн үеийн булшны олдвороос удмын хэв шинжийг, ялангуяа хаад ноёд, язгууртнуудынхыг өнөөдрийн Монголчуудынхтай харьцуулж үзвэл бидний удам холбоог нягталж болно. Энэ талын судалгаанууд бий.
    Хүннү гүрэн одоогийн манай төдийгүй хөрш зэргэлдээх улсын нутаг дэвсгэр дээрх тухайн үеийн ард түмнийг нэгтгэсэн улс байсан болохоор харьяанд нь Монголчуудын өвөг дээдсээс гадна Түрэг, Киргиз, Казах, Манж-Түнгүс магадгүй Хятад, Төвөд гээд хэчнээн үндэстэн, угсаатан байсныг хэлэхэд хэцүү.
    Жишээ нь, Эгийн голоос олдсон болоод бусад Хүннүгийн үеийн булшнаас авсан ДНХ-ийн судалгаа Монгол, Түрэг, Хан Хятад, Японы Айну, Жомон, Якутын Саха, бүр зарим нь Европ хүнийхтэй хүртэл холбогдохыг тогтоосон. Үүгээр бол, Хүннү олон үндэстэн холилдсон улс байсан гэсэн үг.
    – Хүннү нар бидний өвөг дээдэс бол Их Монгол Улсын үеийг хүртэл Монгол газар нутагт оршин тогтнож байсан Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Киргиз, Хятан зэрэг төрт улс бидэнтэй ямар холбоотой байх вэ?
    – Холбоотой. Түүх, биологийн антропологи, археологи, генетикийн судалгаагаар тэдний булшнаас олдсон хүмүүсийн ДНХ-г харьцуулж судалсан байдаг. Хүннүгээс хойшхи олон улс гүрэн Монгол газар нутаг дээр байсан. Монголчууд тэдэнтэй холбоогүй, харин Хүннүтэй л холбоотой гэж болохгүй.
    Гол нь эдгээр улсаас Хүннү гүрэн илүү хүчирхэг, илүү дэлхий дахинд нэртэй. Тиймээс л Хүннүг онцлоод байгаа болохоос, бусад нь Монголтой огт холбоогүй гэсэн үг биш.
    Хүн амын хэдэн хувь нь ямар хэмжээнд холбоотой байна вэ гээд нарийвчлан авч үзэх хэрэгтэй.Ер нь, Хүннү, Сяньби, Нирун гээд одоогийн Монголын нутагт байсан олон төрт улсын дотор Монголчуудын өвөг дээдэс ямар ямар байр суурьтай байсан нь л их сонирхолтой.
    Алан гоо эхийн домог бол ялангуяа бидний энэ цаг үед мартаж болохгүй сургаал.

    Бас нэг чухал холбоог дурдах хэрэгтэй. Мах цусны холбооноос гадна соёлын холбоо гэж маш чухал зүйл байна. Монголын нутагт байсан энэ олон улс гүрэн удмын холбоотой, холбоогүйгээс үл хамааран соёлын хувьд холбогдож, бие биеэ өвлөж залгамжилж байсан. Нүүдэлчин малчин ард түмний соёлыг хэлж байна л даа.
    – Өнөөдрийн Турк, Унгар, Казахстан, цаашлаад Япон, Солонгосчуудыг Монголчуудтай ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай байсныг хэлний талаас нь тайлбарлаж болох юм. Түүхэн цаг үе, үйл явдлын судалгаа шинжилгээний үүднээс үнэхээр холбоотой улс уу. Тухайлбал, Монгол болон Унгарчууд нэг гаралтай гэж үзээд байна шүү дээ.
    – Өнөөдрийн Турк болоод эртний Түрэг, бүр нарийн хэлбэл Хөх Түрэг энэ хоёр холбоотой, мөн өнөөдрийн Унгар эртний Хүннүтэй холбоотой байсан гэж үзээд байгаа. Ялангуяа Hungary гэх нэрийн “Hun” нь эртний Хүннү гүрний “Хүн”-тэй язгуур холбоотой гэж үздэг.
    Унгарыг нэгтгэж улс байгуулж байсан Мажар үндэстэн Атилла хааны удам байсныг баталсан.Мөн Болгарыг нэгтгэн улс байгуулж байсан Ирник (Irnik) буюу бас Ирнах (Irnakh) ч гэдэг хааныг Атилла хааны удмын хүн байсан гэж үздэг түүхийн судалгаа бий.
    Иймээс Унгарын дотор одоо бол цөөнх нь болсон Мажарууд болон мөн Болгарын Ирник хааны удам Хүннүтэй холбоотой. Ялангуяа Ирник хаан Атилла хаантай холбоотой гэвэл Хүннү гүрний язгууртнуудтай холбоотой болж таарна.
    Гэхдээ Хүннү гүрний дотор олон үндэстэн ястан байсан гэдгийг үндэслэн Унгарчуудыг Монголчуудтай холбоотой байсан гэж хүчээр тааруулж болохгүй. Хэр холбоотой болохыг цэвэр генетикийн судалгаа л харуулах байх. Жишээ нь, Унгарын Мажаруудтай (Magyar) бараг адилхан нэртэй Мажар (Madjar) гэж жижиг бүлэг Казахстанд байгааг харьцуулсан генетикийн судалгаагаар нотолсон байсан.
    Нөгөөтэйгүүр, өнөөдрийн Унгарын ард түмний удмын хэв шинжийг эртний Мажар үндэстнийхтэй, өнөөдрийн Туркийг эртний Түрэгүүдийнхтэй холбож судалсан судалгаа бий.
    Туркт ч тэр, Болгарт ч тэр, Унгарт ч тэр, тухайн үед төрт улсаа байгуулж байсан эсвэл тэр улсын харьяат байсан хүмүүсийн удмын хэв шинж хадгалагдаж үлдсэн. Гэхдээ өнөөгийн хүн амтай нь харьцуулж үзвэл тэд МАШ БАГА хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, улс байгуулсан хаад ноёдынх нь угсаа язгуур хүн амын цөөнх нь болчихсон.

    Сүүлийн үеийн судалгаануудыг үзэхэд, өөрсдийгөө Унгар, Болгар үндэстэн гэж байгаа хүмүүсийн ихэнх хэсэгт нь Хүннү нарын юм уу Төв Ази, Монголын цус огт байхгүй, маш цөөн хэсэгт нь л байгаа.
    Тэгэхээр, тухайн үед генетикийн ямар нэг холбоогүй ард түмнийг эзлэн суусан учраас өнөөдрийн Турк, Болгар, Унгарчуудын хүн амын ихэнх нь өөр хэв шинжтэй байна гэсэн үг.
    Монгол ч мөн ялгаагүй. Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ. Чингис хааны Монгол овогтон Их Монгол Улсыг байгуулаад тив дэлхийн олон улс үндэстнийг захирч, тэдний олон төрлийн цус холилдож, янз бүрийн удмын хэв шинжтэй хүмүүс бий болж төлөвшсөн.
    Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн. Ганц С.Бямбадорж багш ч ингэж үзсэн юм биш. Дэлхий дээр цэвэр үндэстэн байхгүй гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна шүү дээ.
    Бид их бага хэмжээгээр заавал холилдсон байгаа. Ялангуяа Түрэг, Төвөд, Манж, Уйгар, Узбек, Киргиз, Казахтай магадгүй Хятадтай ч холилдсон байж таараа.
    Хэрвээ Монголд мөнгө төлөөд удмаа тодорхойлох үйлчилгээ нэвтэрвэл олон хүн гутрах байх. Багахан хувиар Хятад холилдсон байхад л манайхан хүлээж авахгүй хэцүүднэ. Азаар гэх үү дээ бид түүнийг шинжлүүлэхгүй, мэдэхгүй, цэвэр Монгол гээд л явцгааж байгаа. Өнөөдрийн хүмүүсийн хандлагыг харвал мэдэхгүй нь ч дээр.
    Хэлнийх нь талаас тайлбарлаж бас болно. Киргиз, Казах, Уйгар, Туркүүд хэлний хувьд их ойрын холбоотой. Өнөөдөр Казах гэж тусдаа үндэстэн байгаа боловч хэлээр нь хөөгөөд үзвэл Казах, Турк бие биеэ тодорхой хэмжээгээр ойлгож байгаа. Хувиар тооцож гаргасан судалгаа үгүй юм шиг байна лээ.
    Түрэг хэл, казах хэл хоёр үгсийн сангийн хувьд ижил үг олон учраас хоорондоо ойлголцоод байна. Мөн Монгол хэл Алтай овгийн хэл учраас Манж хэлтэй ч холбогдох жишээтэй. Гэхдээ хэл ойр байна гэдэг нь угсаа гарал 100 хувь ойр гэсэн үг биш. Тийм байх албагүй.
    Тухайлбал, дээр дурдсан Мажар хэл өнөөгийн Унгар хэлэнд зонхилох үүрэг гүйцэтгэж байхад Мажар угсааныхан хүн амын хэдхэн хувь болохыг харуулсан судалгаа байдаг.
    Эртний Мажар хэлний нөлөө өнөөдрийн Унгар хэлэнд илүү хадгалагдаж ирсэн байтал Мажар угсааны хүмүүс нь генетикийн хувьд тархаж чадаагүй. Иймээс, хэлний холбоо хамаарал нэг үндэстэн байсныг гэрчлэх бүрэн үндэслэл болж чадахгүй.
    – Сүүлийн үед зарим эрдэмтэн Монголчуудыг Түрэг аймаг гэх болжээ. Ийм үндэс бий юу?
    – Иймэрхүү асуудлыг бид шинжлэх ухааны үндэстэй авч үзэх ёстой. Туркт очиход, Туркчууд Монголын эзэнт гүрнийг Түрэгийн эзэнт гүрэн гэж хэлдэг. Түрэг судлаачид ч ингэж хэлдэг. Киргизстанд ч бас Чингис хааныг Киргизийн өвөг дээдэс гээд байдаг.
    “Яагаад” гэж асуухаар “Чингис хааны эхийн талынхан Киргиз байсан шүү дээ” гэдэг юм. Эхийн талын гарал угсааг мөн л генетикийн үүднээс нотлох хэрэгтэй л дээ. Мэдээж өнөөдрийн Түрэг болоод Киргизийн уг үндэс байсан байж болно. Үгүйсгэх аргагүй.
    Хэлний холбоо хамаарал нэг үндэстэн байсныг гэрчлэх бүрэн үндэслэл болж чадахгүй.

    Үүнээс гадна Монголын эзэнт гүрний дотор Монгол овогтон угаасаа цөөн хүн амтай байсан.
    Өөрөөр хэлбэл, Их Монгол Улс өнөөгийн Орос, Хятад, АНУ-тай адил олон үндэстнийг нэгтгэсэн байв. Харин Их Монгол Улсыг байгуулж, удирдаж байсан язгууртан, хаад ноёд нь Монгол овогтон байв.
    Тиймээс, төрөл гарал, хэл соёл хамгийн ойр бүлгүүд нь бас Монгол гэх нэрийг зүүх болсон хэрэг. Их Монгол Улсын харьяат хүн амын дотор, тухайлбал, цэргүүдийн хүрээнд түрэг овгийнхон маш их байж.
    Тэгэхээр, Монголын эзэнт гүрнийг байгуулахад хувь нэмэр оруулсан учраас өнөөдрийн Туркчууд Монголын эзэнт гүрнийг бас Түрэгийнх гэж үздэг байж болох талтай.
    – Өнөөдөр ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН гэж байхгүй юм байна. Тэгвэл бид бүгдийг МОНГОЛ гэдгийг тодорхойлох хүчин зүйл юу вэ?
    – “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш. Антропологийн ухааны үүднээс авч үзвэл, хүний угсаа гарал тухайн хүний цусанд бус, нийгэмд нь, соёлд нь байдаг.
    Өнөөдөр өндөр хөгжсөн генетикийн шинжлэх ухаан бидний дунд цэвэр үндэстэн байхгүй гэдгийг хүссэн, хүсээгүй нотолж байна. Бид өнөөдөр өөрсдийгөө Монгол цустай гэж цээжээ дэлдээд явж байтал нэг л өдөр тэрхүү итгэл үнэмшлийг маань үгүйсгэж болох нь. Ингэхээр Монгол угсаатан гэдгийг хэн, юу, яаж хэмжих вэ? Цус биш болж таарлаа.
    Тэгвэл Монгол үндэстэн гэдгийг юугаар тодорхойлох вэ гэхээр бидний сэтгэл зүрх, оюун ухаан, хүмүүжлээр, өргөн утгаараа, нийгэм дээр суурилсан соёлоор нь тодорхойлно. Тэрхүү соёл, хүмүүжлээр Монгол гэдэг ухааныг олж авч, тэрхүү хүмүүжил өнөөдөр биднийг Монгол хүн гэдгийг илтгэж байна.
    Жишээ нь, Турк гаралтай хүүхдийг Монголд авчраад багаас нь “Чи Монгол хүн” гэж хэлээд өсгөе. Тэр Монгол хүн болж л өснө. Түүнд турк удам хэчнээн байлаа ч, сэтгэхүй нь Монгол л болно.
    Тэр ч битгий хэл хүнийг “чи хүн биш, нохой юм аа” гээд өсгөчихвөл тэр хүн өөрийгөө “нохой” л гэж бодож өснө. Үүний тод жишээ амьтантай өссөн хүүхдийн (feral child) тухай судалгаа олон байна.
    Украйны Оксана Малаяа (Oxana Malaya) гэдэг нохойтой өссөн охины тухай мэдээлэл интернэтэд бий. Монгол болох байтугай, хүн ч болж чадахгүй тохиолдол байна. Тиймээс, хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал.
    Хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал.

    Нийгэмшил гэдэг ийм хүчтэй юм бол Монгол гэдэг хэв шинж цусанд мянга байгаад нэмэргүй. Таны хүмүүжил, төлөвшил л таныг Монгол болгоно.
    Энэ бол хүний байгалиас өвлөсөн удмын хөгжил болон нийгмээс олсон соёлын хөгжил хоёрын аль нь хүчтэй вэ гэсэн маргаан юм.
    Тэгэхээр Монгол гэдэг угсаа гарлыг янз бүрийн төвшинд төлөвшүүлж өгөх нь маш чухал. Өнөөдөр эх оронч үзэлтэй, хоосон үндсэрхэг үзэлтэй гээд л буруутгаад байдаг. Миний харж байгаагаар бол ийм зүйл байх ёстой. Энэ бол хэрэгтэй зүйл шүү. Гэхдээ мах цустай хэт холбоод бол хэрэггүй. Соёлтой нь холбо.
    Хэрэв угсаа гаралтай холбоотой төрийн бодлого гэх зүйл байх ёстой бол энэ итгэл үнэмшил, төлөвшил, хүмүүжлээр бид илүү олон хүнийг Монгол болгох хэрэгтэй. Бүгдийг нь Монгол болгох хэрэгтэй.
    Хүн болох багаасаа гэдэг шиг угсаа гарал нь багаасаа л төлөвшинө. Тэгэхээр ерөөсөө бидний угсаа гарал бол бидний нийгэм, соёлын дотор олж авч байгаа төлөвшил юм гэдгийг хэлье.
    – Ярилцсанд баярлалаа.