Author: admin_shaman

  • Өвөрмонголын судлаач Чинбарстай уулзав.

    Өвөрмонголын хаана ч явсан түүний хийсэн ажлын үр дүн харагдаж байдаг. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн төлөө их зүйл хийсэн, хийнэ гэдэгт түүнд итгэж явдаг. Бөөгийн талаар дөнгөж ажлаа эхэлж байгаа болон сурталчилгааны ажил эрхэлдэг манай монголын зарим залууст үлгэр жишээ болох нэгэн. Хэдэн өгүүлэл тэрлээд, ганц нэг улсын арга хэмжээнд оролцоод өөрсдийгөө товойлгон мандуулдаг, ойворгон залуус түүнээс олон талаар суралцах хэрэгтэй.
    Өвөрмонголын вичадаар монголчууд янз бүрийн сэдвээр маргалдаж, зарим нэг нь шившигээ дэлгэсэн байна лээ. Их газрын монголчуудад бол энэ маргаан ичвэл зохих зүйл байв. Эхлээд өөрсдийгөө боловсруулчихаад дараа нь хилийн дээс гарч маргавал зохино. Чадалтай байлаа ч дуугүйхэн сонсож сурах хэрэгтэй.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар Хөх хотод ажиллах явцдаа судлаач Чинбарстай уулзсан байна. Өвөрмонголд монгол бөөгийн зан үйлийг хөгжүүлэх чиглэлээр зүтгэж яваа залуу судлаачтай сурталчилгаа, мэдээллийн чиглэлээр ярилцсан билээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Өвөрмонголд бөөгийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцоод “Монгол бөөгийг ёс зүй”-г хэвлэж гаргахад албан ёсны зөвшөөрлийг өгөх асуудлаар МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай саналаа хэлсэн.
    Монгол бөөгийн их зайран Э.Балжир гуйан томилолтоор ажиллсан тухай мэдээллийг сонссон. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удахгүй МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар гадаадад ажилласан зарим улаач нарын ажлын талаар сонсголыг нь хэлэлцэх юм гэдгийг уламжлан хэлнэ билээ. Мөн монгол бөөг сурталчилах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлаж, ярилцлаа.
    Д.Хүрэлбаатар

  • Хөх хотод уулзалт хийв

    МБНЭ-ийн төлөөлөл эхлээд Монгол судлаач Наран багштай уулзсан юм. Наран багштай нөхөрлөөд удаж байна. Монгол Улсын нэртэй эрдэмтэн Далай багш бие нь чилээрхэж Хөх хотод эмчлүүлж байхад Наран багш гэртээ байлгаж, туслалцаа үзүүлдэг байсан юм. Тиймээс Хөх хотод очих бүрдээ Наран багштай уулздаг болсон юм. Наран багш бид хоёр Монгол Улс, БНХАУ-д болсон олон удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан. Нөхөртөйгөө монголд ирэхэд нь Өвөрхангай аймгийн нутаг, Орхоны Улаан зутгаланд хамт аялсан юм. Бидэнд дурсах зүйл байгагүй бий.
    Д.Хүрэлбаатар

  • Уулзалт хийж санал солилцов.

    Энэ удаа Эрээн хот эль хуль хүн цөөтөй байлаа. Жилийн жилд цагаан сарын дараа цөөнгүй хугацаанд худалдаа, наймаа зогсонго байдалд ордог.
    Бид ажлын уулзалтаа хийж, санал бодлоо солилцсон. Уулзалтын дараа хүндэтгэлийн зоог барьж байсан. МБНЭ-ийн медалийн нөөц дууссан тул захиалга өгсөн.
    Бид ажлын уулзалт хийсний дараа хоёр өдрийн хугацаанд амарч, зах зээл үзэж, сонирхоод буцсан. Биднийг Замын-Үүдийн Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Отгонцэцэг хүлээн авч үдийн хоолоор дайлсан.

  • АНУ дахь Мүүний сүмд галт зэвсэг адислах ёслол болжээ

    Тэд энэ үйлдлээрээ Америк даяар хэлэлцэж байгаа галт зэвсгийн асуудалд өөрийн байр суурийг илэрхийлж байгаа ажээ. Саяхан Флоридагийн дунд сургуульд гарсан аллагын хэрэгт энэхүү AR-15 бууг ашигласан юм.
    Сүмийн гол санваартан нь Шон Мүүн гэгч бөгөөд энэхүү шашны урсгалыг үүсгэн байгуулагч Сүн Мюн Мүүний хүү ажээ.
    Тэр хэвлэлд ярихдаа “Бурхан хүмүүст галт зэвсэг эзэмших эрх өгсөн бөгөөд үүгээр өөрийгөө болон бусдыг хамгаалах ёстой” хэмээн тайлбарласан байна.
    Ажиллагааны үеэр сүмийн гадна галт зэвсгийн эсрэг тэмцэгчид цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн бол цагдаа нар хамгаалалтад гарсан байв.
    Сүмд ирэгсэд үүдэнд нь буугаа цэнэггүй болохыг шалгуулан нэвтэрч байжээ.
    Флоридагийн аллагын дараа АНУ даяар жирийн иргэд галт зэвсэг эзэмшихийг хориглох талаар өргөн маргаан дэгдээд байгаа юм.

  • ​БНАСАУ-д Монголын бөөгийн төлөөлөгчид зочилохоор мордлоо.

    Монгол Улс БНАСАУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөр болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан нээж байсан түүхтэй.
    Солонгосын ард түмний Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчлан Монгол Улсын үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж өгсөн юм. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгуулж байна.
    Б.Цэлмүүн

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзав

    Энэ удаагийн уулзалтаар МБНЭ-ийн удирдлага, Өвөрмонгнолын бөөгийн судлаач, төлөөлөгч нартай хийсэн уулзалт, ярилцлагын талаар танилцуулга хийлээ.
    Удахгүй болох БНАСАУ, ОХУ-ын Халимагт болох арга хэмжээнүүдэд МБНЭ-ийн оролцох хугацаа, бүрэлдэхүүн, хийгдэх ажлуудын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан дэлгэрэнгүй тайлбарлалаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх И.Хулан МБНЭ-ийн Дээд цэцийн ээлжит хуралдаанд оролцож, санал бодлоо солилцох тухайгаа мэдэгдлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дараагийн “МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн тавин нэгдүгээр хуралдаан 5 дугаар сард болох бөгөөд хуралдааны бэлтгэлийн хангаад танд хугацаагаа мэдэгдэх болно” гэв.
    Б.Цэлмүүн

  • Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга уулзав

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Дээд цэцийн хуралдаанд танилцуулж, ирсэн саналыг нэгтгэж эргэж мэдээллэхээр боллоо. Цаашид хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
    Өвөг дээдэс маань эрт дээр үеэс эх дэлхийгээ аргадан амьдарч, нутаг ус, уул усаа хамгаалж ирсэн өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Энэ үүднээс тэнгэрийн эзнийг хурмаст, усны эзнийг лус, уулын эзнийг савдаг гэж нэршиж заншжээ. Түүгээр ч үл барам тухайн газар усны нэр болон лус савдгийн дvр байдлыг газар нутгийн хэлбэр төрх, байгалийн тогтоц, онцлог ялгаанд тохируулан бүтээдэг ёсонтой байсан байна. Амьдран буй газар нутгийнхаа лус, савдгийг баясгаж чадвал тухайн газар нутагт ая тухтай амьдрах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хүч чадал бүхий лус, савдгийн зүгээс ажил үйлс бүтэмжтэй байхад тус дэм болох зэрэг эерэг нөлөөлөл ирж байдаг хэмээн монголчууд эртнээс үзэж уул усаа тахиж, шүтэж ирсэн уламжлалтай юм.
    Улаанбаатар хотын дөрвөн талд дүнхийх дөрвөн хайрхан уулыг ч мөн адил өөр өөрсдийн савдаг шивдэгтэй гэдэг. Түүхийн ухааны доктор Гантулга Чингэлтэй хайрхан уулыг судалсан судалгааны сайхан ном бичсэн. Үүнд савдаг гэдэг нь тухайн уулых нь эзэн юм. Шивдэг гэдэг нь тэр орон нутгийнхаа эзэн гэж тайлбарласан байдаг. Чингэлтэй уулын шивдэг бол олон шавьтай, номын багш дүрээр холоос харагддаг гэж эртнээс үзэж ирсэн. Тиймээс номын багш гэдэг нь Чингэлтэй хайрхан уулын шивдэг юм. Тэрнээс өмнө олон шавь нараар хүрээлүүлсэн хөх өвгөн шиг намбатай сайхан уул гэж яригдаж ирсэн түүхтэй юм. Энэ уулыг эрдэм номын шивдэгтэй уул гэдэгтэй холбогдуулан зарим тайлбарыг хэлж болох юм. Нийслэл Улаанбаатар хотын хоймор үргэлжлэн сүндэрлэх Чингэлтэй хайрхан уул нь үргэлжийн мөнхөд наран мандуулсан энгэр ээвэр булаг шандаар баян, ургамал ан амьтнаар элбэг, үзэсгэлэнтэй сайхан хангай билээ. Чингэлтэй уулын ноён оргил нь далайн түвшинээс дээш 2300 орчим метр өндөр, Хэнтийн нурууны салбар үзүүрийн уул хөвч, ойт хээрийн шинж голлосон тогтоцтой уул юм.
    “Чингэлтэй уулын арын их ой мод үргэлжилсээр хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан түүнээс Бухын зоо хэмээх ян хөвчтэй залгадаг. Ой мод нь шинэс, нарс, хуш, гацуур, хус, хайлаас гээд монгол газар ургадаг бүх модыг багтаасан холимог ойтой. Ургамлын сангийн хувьд маш баялаг. Тухайлбал сэржмядаг, жамъянмядаг, юмдүүжин гээд үзэсгэлэнтэй сайхан цэцгүүд ургадаг. Дэгд, гоньд, халиар, гандигар, агь, жууцай, сөд, бамбай, даль, нохойн хошуу зэрэг эмийн төрлийн ургамал мөн үхрийн нүд, хад, нэрс, аньс, гүзээлгэнэ зэрэг жимс элбэг. Энэ уул маань өмнө талаараа Ар согоот, Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Баянхайрхан, Сант, ар болон өвөр Гүнт, Хожуултын даваа, мөн зүүн талаараа Жигжид, Бумбат, Яргайт, Шадивлан, Суваргын өндөр зэрэг олон уулс амуудаар хүрээлэгдсэн, ам бүрээс нь их бага хэмжээтэй булаг горхи ундран урсаж, байгаль эх, хүн амыг ундаалж байдаг. Мөн Сэлбэ голын ай савыг эрт үеэс эдүгээ хүртэл энэ гол горхи нь тэтгэсээр ирсэн ийм сайхан уул юм” гэжээ.
    Чингэлтэй хайрхан уулыг Төрийн тусгай хамгаалалтанд авсан билээ.

    Б. Цэлмүүн

  • Цэргийн андууд баяраа хамтатган тэмдэглэв

    Зэвсэгт хүчний генерал, офицер, энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууд, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний үе үеийн төлөөлөл “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяраа “Цэргийн андууд” дурсамж, уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт хийж тэмдэглэлээ. Ийм өргөн олон оролцсон ажиллагаа ойрын 40 жилд болоогүйгээр онцлог гэж хэлж болно. МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий сайд асан Амаржаргалтай ЦНДС-д нэг өрөөнд 2 жил хамтдаа ажилласан, Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ЦНДС, Удирдах зөвлөлд хамт ажиллаж байжээ.
    Төрөл мэргэжлийн цэрэг, улс төр, ерөнхий цэрэг, танк, их буучид, авто, ар тал, барилга, инженерийн төлөөлөл мэндчилгээ ая дууны дээжээ өргөн билээ. Мөн биднээс цөөнгүй хэсэг Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа билээ. Тэд хүрэлцэн ирсэн байна лээ. Үе үеийн өргөн олныг хамарсан баярын цэнгүүнд хуран цугларсан олон хамт өнгөрүүлсэн цэргийн албаны хугацаагаа дурсан нэг үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
    Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүхэнд хамгийн тод мөрөө Монгол цэрэг бштээсэн түүхтэй. Хүннү гүрнээс улбаатай эрэлхэг баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Их Монгол Улсыг байгуулсан, Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа таниулсныг олон зууны буурал түүх, намтар өгүүлдэг.
    Манжийн дарлалыг эсэргүүцсэн “Үндэсний эрх чөлөөний тэмцэл”, даян дэлхийд туурга тусгаар улсаа зарлан тунхагласан “Ардын хувьсгал”, эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан “Халхын голын дайн”-ы ялалт, “Чөлөөлөх дайн”-д оролцсон баатарлаг үйлс, энх цагийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээд явсан зэрэг нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэг хэсэг билээ.
    Монгол төрийн төрөө амь насаа зориулсан баатруудын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтыг Монголын тэнгэр үзэлтнүүд, тэнгэрийн улаач нар дэвшүүлээд гурван жил болж байна. Дэлхий даяар Монголын түүх, цэргийн үйл явдалтай холбоотой 1000 орчим газар байдаг. Улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийнхний эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл олгоход энэ цогцолбор чухал ач холбогдолтой билээ.
    Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж буй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадарч, Их эзэн Чингис хааны ариун сүнс, Төрийн минь хар сүлд ивээх болтугай.

  • Т.Галсан: Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан

     

    –Эх хэл гэдэг өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн хамгийн том соёл юм. Гэвч өнөөдөр энэ уламжлал алдагдах боллоо?
    -Ярилцлага өгөхөөр ирэхийнхээ өмнө юу ярих тухайгаа их бодсон. Тэгээд ойрын хоёр сард хэвлэл мэдээллийн салбараар гарч буй зохисгүй, буруу үг хэллэгийн тухай яръя гэж шийдлээ.
    Энэ нь алдаа бүхнээсээ ангижирч, амжилт бүтээлээ бататгахаар тэмүүлж буй энэ цаг үед нийцэх байх. Одоогоос 60 жил 15 хоногийн өмнө их говийн дундах хамгийн өндөр алтайн уулсын оргил Их богд хайрхан шилгээсэн юм. Тэгэхэд ард түмэн их сандарсан. Америк нь атомын бөмбөг гэдгээ шидчихэв үү. Ах нар минь ялагдчихав уу. Нэг юм боллоо гээд л. Энэ үеэр хайрхны дээгүүр царцаа ногоон онгоц нисэхэд нулимсаа арчиж, сүү цайныхаа дээжийг өргөсөн. Бид чинь төртэй, эзэнтэй юм байна гэж баярлаж байсансан. Богд сумын төвөөс гуравхан саахалтын газарт өнөөх онгоц буулаа. Улсын коммиссын дарга Д.Майдар ширвээ урт сахал, савхин дээлтэй. Эрдмийн зэрэг цолгүй атлаа энэ дэлхийд танигдсан их эрдэмтэн О.Намнандорж гуай, өнөөх одон орон судлалын С.Нинжбадгар зэрэг хүмүүс буухад газар хөдөлжээ гэдгийг сая л ард түмэн мэдсэн. Тэд ирэхдээ Их богд, Зүүн богд, Дулаан богдын дээгүүр нисч, 270 км буюу есөн өртөө газар, газар цуурсныг, хэдэн мянган мал, араатан амьтан хаданд дарагдсаныг үзчихсэн байсан. Үүний учрын зангилааг тайлахад тухайн үеийн дарга нар Богд гэдэг нэртэй уул байх учиргүй. Нэрийг нь соль. Уул ус хамаагүй, хашаа хороо барь гэжээ. Үүнээс болж лус савдаг хилэгнэлээ гэж нутгийн буурлууд ярьж байсныг би ортой болов уу гэж бодож байна. Үүнтэй адил саяхан Отгонтэнгэр хайрханд осол боллоо. Ө.Энхтүвшин тэргүүтэй, цэц очиход төр засаг маань яст мэлхий шиг хөдөлж яддаг биш, цаг мөчтэй уралдан авралын гараа сунгах бяртай байгаа юм байна гэж ард түмэн дүгнэсэн. Энэ осол юунаас болов гэтэл цус ойртсон хэвлэл мэдээллийн салбарууд хавтангийн гулсаа гэж ярьж, бичсэн. Монгол хэлэнд хавтан гэдэг үг байгаагүй. Хавтгай гэдэг үг байсан юм. Жишээ нь манай ард түмэн гэдсэнд байдаг шимэгч хорхойг хавтгай хорхой, мөр нь говиор нэг хавтгай тамга болчихдог зэрлэг тэмээгээ хавтгай гэдэг. Гэтэл Орос ах нар Улаанбаатар хотыг түргэн хөгжүүлж, олон барилгатай болгохын тулд угсармал хийцийн үйлдвэр байгуулсан. Тэндээс барилга барих бүтэц хэвлэдэг болжээ. Үүнийг хавтан гэж нэрлэснээр энэ үг гарсан юм. Өнөөгийн хэлний гажуудал эдгээр шинэ бүтээгдэхүүний нэр томъёоноос гадна орчлон ертөнцөд болж буй үйл явдлыг англи хэлнээс бүдүүн тоймыг нь авч, хэн дуртай нь буруу зөрүү орчуулж, нэр өгч байгаатай холбоотой. Энэ бол хүний зажилсан бохийг газраас авч зажилах шиг бүдүүлэг явдал юм. Хэрэв осол хавтангийн гулгаанаас болсон юм бол Отгонтэнгэр хайрхан чинь угсармал байшин болж хувирч байна. Хайрханыг ингэж гүжирдэж байгаа нь өөрөө хилэнцтэй юм шүү.
    –Тэгвэл энэ ослын тухай юу гэж мэдээллэвэл монгол хэлзүйд нийцэх ёстой байсан бэ?
    -Үг зүйн хувьд монгол жангарт зулайн хэсгээс нь цас гулсвал өрх хийслээ. Цээжин талдаа цас гулсвал цаваг сэгсэрлээ. Бэл рүүгээ болохоор туурга гулслаа гэж тайлбарласан байдаг. Монгол хүн их ус, их гал, уул савдагийг басдаггүй. Үүнээс хойш эрхэм сэтгүүлч, бичгийн мэргэд хэл шинжээч, эрдэмтэн мэргэд минь хайрханы өрх хийслээ. Эсвэл цаваг сэгсэрлээ, туурга гулслаа гэж хэлж, бичих нь зөв юм. Ахмад үе нь мэддэгээ хэлж өгч, залуу хойч үе нь түүнийг нь өвлөн залруулж байх шаардлагатай үед бид ирчихэж. Саяхан “Залуу манлайлагч” гээд телевизийн нэвтрүүлгээр өмнө нь Гэгээрлийн сайд байсан нэг эрхэм их эвгүй үг хэллээ. “Би хойно сурч байлаа. Гэтэл миний том ах” гэнээ. Өндөр Гонгороос өндөр, сумо бөхөөс бүдүүн хүнийг л том ах гэнэ дээ. Гэгээрлийн сайд хүн ууган гэж ярих нь зүйтэй. Цааш нь “Аягүй гоё зөвлөгөө өгсөн” гэв. Аягүй гэдэг үг нүдээрээ харшгүй, хэлээрээ долоошгүй хамраараа үнэрлэшгүй, гараараа барьшгүй зүүдэндээ үзэшгүй, сэтгэлдээ бодошгүй зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ бүхнийг гоё гэж дүгнэх нь эрүүл сэтгэхүй мөн үү. Төрийн сайд, тэр дундаа Гэгээрлийн сайд байсан хүн ингэж ярихаар яах вэ. Тандвал нэгэн том гүрэнд эх орноо төлөөлсөн Элчин сайдаар очих бололтой. Тэр гүрэн манайхтай адил хүнийг үгээр нь шинждэг. Тэгэхээр энэ мэтийн утгын алдаатай үгээр яривал монгол үндэстэн доромжлогдоход хүрнэ гэдгийг хүүхдүүд болон төрийн эрхэм түшээд минь бодууштай.
    –Аягүй, аймар гэсэн үгийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Энэ нэг ёсны монгол хэлний эмгэнэл, мөхөл байх нь ээ?
    -Манай ерөнхий боловсролын сургуулиудад үгний үг зүй, утгазүйг буюу хэрэглээний үгний тухай үздэггүй. Хэлний дээд зэргийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих хэл шинжлэлийн нарийн хичээлийг үзэх юм. Энэ нь хурга хариулах ёстой хүүхдийг сансарт нисгэсэнтэй адилхан. Өгүүлбэрийн өгүүлэхүүнийг далий зурна, шулуун зурна гээд монгол хэлний хичээлийг зургийн хичээл болгочихсон. Үүний оронд үгийн утгыг сэнхрүүлэх ёстой. Шинэ сайд энэ тухай анхаарах байх гэж найдаж байна. Өмнөх сайдын үед Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасчихсан. Энэ хичээл чинь эх хэлний уран чадварын есөн эрдэнийн цогцолбор шүү дээ. Заагаад сурахгүй байгаа хүүхдүүд яаж бие дааж сурах вэ. Энэ нь гадаад хэлний хичээлийн цагийг уртасгах бодлоготой холбоотой гэж би харж байна. Мөн элсэлтийн шалгалтад монгол хэлээр шалгалт авна. Гэхдээ оноо өгөхгүй гэжээ. Энэ нь эх хэлээ муухайгаар доромжилсон явдал. Ширээ атны үнэтэй үнэлгээг шалзандаа бариулчихсан ишигний үнэлгээгүй болгож байна. Тэгэхээр хүүхдүүдэд монгол хэлний хичээлээр яах вэ гэсэн бодол төрнө. Харин 2018 оноос үүнийг залруулна. Элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой нь эх хэлний шалгалт болгоё. Монгол хэлний шалгалтаа давсан хүүхэд дараагийн шалгалт өгөх эрхтэй болно гэж ярьж байсан. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй.
    –Манай урлагийнхан дунд ч марзганасан яриагаар хүмүүсийг инээлгэх оролдлого их байх шиг ажиглагдах юм?
    -Ялангуяа хошин урлагийн жүжигчид гэж бөөн авьяас мөртлөө хүн инээлгэхийн тулд марзганасан үг хэллэг хэрэглэх юм. Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан гэсэн бодол бага харагдаж байна. Ийм үг, шүүмжлэл сонсч байгаагүй учир аргагүй. Хэрэв зааж, сургавал тэд энэ алдаагаа засч чадна.
    –Дэлхийн бусад үндэстнүүд эх хэлээ яаж хайрлаж, хамгаалдаг юм бэ. Энэ бол улс орны тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал шүү дээ?
    -Эх хэлээ алдсан үндэстнээс зөвхөн Еврейчүүд сэргээж чадсан байдаг. Хятад улс эх хэлэндээ харь үг нэгийг ч оруулдаггүй. Зөвхөн утгачилж, галиглаж хэрэглэдэг. Энэ орны хүчирхэг байгаагийн нэг нууц нь эх хэл нь халдашгүй дархан байгаатай холбож тайлбарладаг. Өнөөдөр манай сурагчид монгол үгээ мэддэггүй. Багш нар нь тайлбарлаад өгөх, хэлнийхээ сэтгэлзүй талын боловсрол байхгүй. Хичээлийн ном нь сурах биш урах бичиг болчихоод байна. УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй нөхөд эх хэлний хууль санаачилсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн н.Шинэбаяр зэрэг залуу эрдэмтэд оролцож, хэрэгжүүлсэн. Үүнийг амьдралдаа хэрэглэж хэвшмээр байна. Саяхан Зөрчлийн тухай хууль гарлаа. Энэ хуульд хэлний зөрчлийн тухай багтаагүй нь тоогүй.
    –Эх хэлээ авч үлдэх хамгийн том боломж юу юм бэ. Залуус бид юуг анхаарах ёстой вэ?
    -Хүн бүхэн би монгол хүн гэж бодох хэрэгтэй. Монгол хүнээ батлах хамгийн том шалгуур нь монголоороо сэтгэж, ярьж, чаддаг байх. Саяхан “Өгөх өдөр” –ийн тухай ярьж байгааг сонслоо. Гэтэл дунд сургуулийн хөвгүүд охидоо өнөөдөр өгөх өдөр шүү дээ, хайртайгаа баталчих гээд хоргоох хандлагатай. Энэ үг нэгэн хүн арьс нь ясан дээрээ тогтчихсон, үхэх гэж байхад нь нутгийн улаан арьст индианчууд туслаж, явахад нь хүнсийг нь бэлдээд өгсөн тэр буяныг бодож өгсөн нэр юм. Үүнийг англи хэлнээс нь шууд “Өгөх өдөр” гээд орчуулчихсан. Үндсэндээ өглөг буяны өдөр гэсэн утгатай юм.
    –Өнөөдөр монгол гэсэн нэрнээс цаашгүй, хэтэрхий гадны соёлыг шохоорхсон залуус их болжээ. Та үүнд шүүмжлэлтэй ханддаг байх?
    -Эх хэлээрээ ярьж чаддагүй хүн золбин гөлөгтэй адилхан. Энэ бол эмгэнэлт хувь заяа. Ирээдүйд чи Монгол Улсын төрийн түшээ сайд ч болж магадгүй. Тэр үед ард түмэнтэйгээ эрлийз хэлээр яривал чамайг дор нь нулимж, өлмий доороо дэвсээд, өсгийгөөрөө нэтгэрэх болно. Чи ард түмнээ эх хэлээрээ л хураана. Манай үе, үеийн төрийн тэргүүнүүд их этгээд шүү. Харин шинэ ерөнхийлөгч Х.Баттулга хүний бичсэн үг уншихгүй, ярьж болоод байна. Б.Ренчин багшийн хэлснээр ээжийнхээ цагаан сүүтэй хөхөж өссөн энэ хэл өөрөө амь юм. Бусад хэл эрдэм сурч, нүд нээхэд хэрэгтэй жигүүр юм гэдгийг залуус та нар санаж явууштай.
    –Эх хэлээ хөгжүүлэхийн тулд ном унших шаардлагатай. Гэвч ингэж боддог хүн их цөөхөн болж ээ?
    -Номыг заавал өдөржин унших албагүй. Нэг өдрийн хэсэгхэн цагийг зарцуулахад хангалттай. Гэхдээ зүгээр уншаад өнгөрөхгүй. Урьд нь сонсч байгаагүй, содон үгнийхээ доогуур зурчихаж бай. Харин ой гутам, алдаатай үгний доогуур могойчлоод тахир зурах хэрэгтэй. Түүнийгээ ханьтайгаа, үр хүүхэдтэйгээ ярьж, зөвлөлд. Энэ бол монгол хэлэндээ гаргуун болохын эхний алхам юм. Хүний тархи гэдэг аливааг тунгаан бодож, тогоох чадамжтай. Харин бид залхуураад тэр бүр тархиа ажиллуулдаггүй. Тэгэхээр шүлэг цээжилж бай. Саяхан Эрдэнэт хотод нэг хүү ээжтэйгээ ирээд надтай зурагаа татуулъя гэж байна. Тэгэхээр нь хамт зурагаа татуулахад 100 мянган төгрөг гэсэн юм. Хүү жуумганаад, ээжээ танд мөнгө байгаа юу гэж байна. Хэрэв хүүхэд нь шүлэг унших юм бол үнэгүй зураг авахуулна гэсэн чинь хөөрхөн шүлэг уншиж өгсөн. Хүүхдийг багаас нь уран зохиолын ном, шүлэгтэй нөхөрлүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй.
    –Гадуур байгаа цэцэрлэгийн заруудад гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж тодотгосон байх юм. Монгол хэлээ гүйцэд сураагүй энэ хүүхдүүдэд гадаад хэл сурах шаардлага байна уу?
    -Энэ тухай хууль гаргах байх гэж УИХ-ын гишүүдэд найдаж байна. Монгол төрийн тэргүүн, харь газар цаазаар авахуулсан А.Амар сайд хүүхдэдээ 16 нас хүртэл нь харь хэл бүү сурга, сонсго гэж хэлсэн байдаг. Тэртээ тэргүй монгол хүн гадаад хэлийг өөрийнхөө хэлнээс илүү сурах чадамжтай. ОХУ-ын ерөнхийлөгч Путин манай гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг орос хэлний мэр­гэжилт­нүүдээс илүү ярьж байна гэж биширсэн. Тэдгээр зар тавьсан нөхөд Монголоо биш орлогоо бодож байна. Саяхан багш нар ажил хаялаа. “Сурах бичиг муу байна. Хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчил, буруу бичих дүрмийг зөв бичих дүрэм болгож өгөөч” гэж шаардах байх гэсэн найдлага минь талаар өнгөрсөн.
    –Б.Ренчин гуай эх хэлний тухай олон асуудал хөндсөн байдаг. Та багшийнхаа энэ үйл хэргийг хэр үргэлжлүүлж байна?
    -Түрүүхэн үед Б.Ренчин багш ганцаарддаг байсан. Одоо нэг авууштай нь монгол бичиг мэддэг залуус олон болжээ. Тиймээс тэдгээр залуустайгаа хамтраад олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Саяхан нэгэн нэр хүндтэй сонины редакци хэд, хэдэн том алдаа гаргасан байна лээ. Нэр хүндтэй хэвлэл учир нэг удаа би өршөөе. Эрхлэгчид нь нэг алдаанд 10 мянган төгрөг. Гурван алдаа гаргавал тус сэтгүүлч өөрөө өөрийгөө ажлаас чөлөөлөх шаардлага тавибал яасан юм гэхэд их таатай хүлээж авсан шүү /инээв/. Мөнгө авахдаа гол нь биш. Хэлний зөрчлийг ингэж дарах хэрэгтэй. Хэл эрүүлжвэл оюун сэтгэхүй эрүүлжинэ. Үүнээс улбаалаад улс Монголын мандан бадралд нарны гэрэл тусна даа.
    –Үүний хамгийн ойрын жишээ таны “Жирмийн сүлжээ” цомирлог гэж бодох юм?
    -Өндөр насыг наслах сайхан юм. Ертөнцийн аар саар жижиг явдлууд мартахуйн мананд баллуурдагдаад монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтөнд өгөх ёстой гэрийн даалгавар урд овойгоод ирдэг юм байна. Түүнийгээ хийж сууна. Энэ даалгаврын маань хамгийн том тайлан нь монгол ертөнцийн гурав юм. Дэлхий дээрх найман монгол язгууртнаас цуглуулахад гурван боть болж байна. Цаана нь дахиад хоёр боть бэлэн байна. Үүнийг ШУА, хэл зохиолын хүрээлэн, их дээд сургуулиуд хийх нь яав. Очиж, очиж энэ муу Т.Галсан хийсэн байна гэж Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай матах маягаар магтсан байдаг. Үүнийгээ би ард түмэндээ өгөх ёстой өрөө нимгэлж байна гэж боддог. Замын-Үүдэд хүүхэд нь “Хүйтэн архи уушгинд хутга. Халуун архи элгэнд хутга. Аль ч архи аминд хутга” гээд уншаад байхаар аав нь архи амсахаа больчихлоо гэж н.Пүрэвсүрэн эмээ надад хуучилсан. Ертөнцийн гурав гэдэг ийм л хүнд хүрэх, үр өгөөжтэй нь энэ жишээнээс харагдаж байна.
    –Ертөнцийн гурвыг манай улсаас өөр ямар оронд хэрэглэдэг вэ?
    -Германы Зайдель гэдэг хүн ертөнцийн гурвын тухай дөрвөн дэвтэр гаргаад байна. Тэд зах зээлийн ухаантай, соёлтой хүмүүс учир эхлээд тандах судалгаагаар бага хэвлэжээ. Гүйлгээ нь ихсэхээр олшруулдаг юм билээ. Нөгөө талаар ор­чуулгынхаа алдаа мадгийг их хянадаг. Ах нь МУИС-ийг 60 жилийн өмнө төгссөн оюутны хувьд, ард түмнийхээ ухааныг ууж өдий хүрсний хувьд, үлд­сэн цөөн насаа хүн төрөлхтний соёлд Монголоос орох бүтээлд зо­риулъя гэж бодож, зүтгэж байна
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Л.Дашням: Монгол гэр бүл үнэлэмжийн зөрчилтэй, төрийн хямрал айл гэрт нөлөөлөх болжээ

    Гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэн, олон хэв шинж бий болж, тэр хэрээр гэр бүл хэврэгшиж байгаа зэргээс дүгнэхэд Монгол төрийн тулгуур багана байх ёстой гэр бүлүүдэд задрал явагдаж, хор хохирол их болж байх шиг санагдах юм.Та юу гэж үзэж байна вэ, багш аа?
    -Санал нэг байна.Өнөөдөр хүн бүрийн сэтгэл зовоож байгаа асуудал, сэдвүүдийн нэг нь монгол гэр бүл мөн.Хэчнээн гэр бүл салж сарнин, хэдэн эмэгтэй өрх толгойлон амьдарч байна вэ.Мөн хэчнээн аав ганцаараа үр хүүхдээ тэжээх болов.Энэ бүхэн янз бүрийн шалтгаантай.Гол нь хүмүүс, тэр дундаа залуучууд амьдралын гол асуудалдаа хөнгөн хуумгай хандаж байгаагаас болж байна.Монгол уламжлалаа умартаж, гэр бүл, амьдрал хэмээх сонголтдоо хайнга ханддаг, эрт, өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх чадамжгүй насандаа гэр бүл зохиох гэж оролдох, харийнхны амьдралыг өнгөцөөр даган дуурайх болсон гэх зэрэг шалтгаантай.
    Баруунд “Бид сайн хүн бий болгохын тулд эхийн хэвлийд таван сартай байхаас нь санаа тавьж байна.Таван сартай үр хөврөл мэдээлэл хүлээж авч чаддагийг шинжлэх ухаан нотолсон.Тэр үеэс нь сайн, сайхан мэдээлэл өгөхөөс хүүхдийн хүмүүжилд анхаардаг” гэж ярьж байна.Тэнд тийм юм байж.Харин монголчууд төрөх хүүхдийн ирээдүй, төвшин сайхан гэр бүлийн төлөө бүр эрт санаа тавьж ирсэн уламжлалтай.Гэр бүл болох хоёр залуугийн удам судрыг судалж, жил, мэнгэ нь таарах нь уу, үгүй юү, ивээл үү, харш уу гэж судлахаас эхэлдэг байлаа.
    Одоо ч хардаг, судалдаг тал бий.Эмэгтэй хөл хүнд болоход хорио цээр тавихаас авахуулаад гэр бүл бүрэн бүтэн, эхнэр, нөхөр төлөв амгалан байж, хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж хөгжих нөхцөл бүрдүүлэх тухай бүхэл бүтэн шинжлэх ухаантай улс, бид.Жирэмсэн эхийн дэргэд чанга ярихгүй, айлгаж цочоохгүй, муу муухай, хараалын үг хэлдэггүй.Жирэмсэн эмэгтэй ч өөрөө энэ бүхнийг цээрлэнэ.Ингэж урагт муугаар нөлөөлөхгүй, үр зулбуулахгүй байх тухайд аль аль талаас хичээж ирсэн.Би энэ талаар “Монголчуудын хүн бүтээх эрдэм” гэдэг номондоо бичсэн дээ.
    Олдохоосоо авахуулаад ннгэж хайрлуулж төрсөн хүүхэд ёстой л өнөө арвай буудай асгахад зүүний толгой олж тогтохтой адил хүн болох хувь заяаг онож төрсөн үр айл гэрийн шүтээн байхаас яах билээ.Энэ ховорхон хувь заяанд хүн болж төрсөн юм шүү гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахаас, хүмүүжүүлэхээс хэн болох вэ гэдэг нь хамаарна.Тэр хүүхэд нь насанд хүрч айл гэр толгойлох эр, гэр бүл, үр хүүхдээ авч авах гэргий болдог.Эндээс, эхнээс нь ярих ёстой асуудал бол гэр бүл, түүний төлөвлөлт, төлөвшил, хөгжил юм.
    -Хүмүүн заяаг олох гэдгийг маш их дээдэлдэг, тэндээс хүнээр хүн хийх ухаан бий болгож байсан гэж ойлгох уу?
    -Болно. Монголчуудын уламжлалт ухаан бол дахин төрөх гэдэг ойлголт агуулсан Дорнын ухаанаас гаралтай.Дахин төрөх явцад янз бүрээр хувирч болно.Гагцхүү хүний төрлийг олж төрөх гэдэг тэр бүр заяахгүй хувь тавилан.Тиймээс энэ тавиландаа эзэн болж амьдрах гэдэг хүмүүний жаргал юм.
    -Тэгэхээр ээж аав бүр, гэр бүл болгон үүнийг мэддэг учраас хүмүүн заяанд ирсэн хүүхдээ эхийн хэвлийд олдсон цагаас нь эхэлж хайрладаг, бөөцийлдөг, хүндэлдэг байх нь.Хүүхэд тэр их хайрыг мэдэрч төрж, өсөх нь сайн хүн болохын гараа юу?
    -Тийм ээ.Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн учир энэ.Энэ хэдхэн үг бүхэл бүтэн хөтөлбөрийн утга, агуулгатай.Хөтөлбөрт зорилго, зорилт тодорхойлдог биз дээ, түүн шиг зорилгыг ч, зорилтыг ч тодорхойлсон ардын ухаан юм.Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь анхаар, мундаг сайхан хүлэгтэй болъё гэвэл унаганаас нь сурга.
    Хүүхдийн хүн болж төлөвших орчин нь гэр бүл.Хүн болсон хүнээ эрдэмтэй, номтой болгохын төлөө сургана гэж авчрах ёстой.Харамсалтай нь одоо хүн хараахан болгож чадалгүй, түүхий, нойтон чигээр нь эрдэмтэй номтой болгоё гэх болжээ.
    -Тэгэхээр эндээс үүдээд хүнийг бий болгодог, өөрөөр хэлбэл олдог, тээдэг, төрүүлдэг, хүн хийдэг асар том амьдралын процессыг удирддаг гол хариуцлага ээж, аавд, гэр бүлд байна.
    Монголчуудын хувьд гэр бүл гэдэг нь ариун дагшин, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл дээр тулгуурласан ойлголт байж.Өнөөдөр энэ ойлголт ямар болоод байна вэ.Их өөрчлөгдсөн юм биш үү?
    -Амьдралын хэвшил, ахуй, монголчуудын сайн, муу гэх үзэл, амьдралынхаа зорилгыг тодорхойлж байгаа байдал энэ бүхэн уламжлалт ойлголттой харьцуулахад өөрчлөгджээ.Цагийн эрх, нийт хүн төрөлхтний хөгжил, бусад үндэстний соёл, шинжлэх ухаан, техник, технологи нөлөөлж байна.Түүхээ эргэж харахад хүн болгосон хүнээ ямар мэргэжил, чадвартай болгох вэ гэдэг нь их тодорхой байдаг байсан.
    Малчин бол бүх талын чадвартай малчин болгох, эсвэл сүм, хийд бараадуулж номын мөр хөөлгөх зэргээр замыг нь чиглүүлж өгдөг байсан.Энэ нь малаа зүс, шүдээр нь сайн таньдаг шиг хүүхдээ бас сайн таньж мэддэг байсантай холбоотой.

    -Монголчуудын үр хүүхдээ шинжих ардын ухаан юм даа.
    -Үнэн. Монголчууд байгалиа сайн шинждэг.Байгалийг сайн шинжиж таньж мэдэхийн нэг хэсэг нь хүн шинжиж, таньж мэдэх ухаан.Энэ бол хосгүй.Бусад үндэстэнтэй харьцуулахад онцгой чадвартай.Энэ бол бидний бахархал, үнэ цэнэт зүйл мөн.Монгол мэдлэг гэж яриад байдаг маань энэ хүрээнд байдаг.Одоо бол тэр монгол мэдлэг байхгүй.Нийгмийн хөгжилтэй холбоотой амьдрал ахуйн өөрчлөлтөөс болж алга болж байна.
    Мал маллагааны, нүүдлийн нөхцөл нь хот, суурин газрын болж хувирсантай холбоотой.Үүнтэй холбоотойгоор монгол хүний хүсэл эрмэлзэл, тэмүүлэл нь олон талтай болсон.Ийм болоод байгаад эзэн хүн буруугүй.Энэ бол нийгмийн хөгжлийн асуудал.Нийгэм ийм болж байгааг хүн өөрөө ойлгож мэдэх ёстой.Ойлгож мэдэхгүйн буруу их. Хүүхдээ шинжиж чиглүүлдэггүй, хүн дуурайдаг, тэдний хүүхэд хөгжим мундаг тоглодог болсон байна, чи ч гэсэн тогло, тэдний хүү гадаад хэл гарамгай сурчээ, чи юугаар дутдаг юм, сур гэж тухайн хүүхэд байгалиас ямар өгөгдөлтэйг нь анзаарч мэдээгүй байж өөрийн дураар шахдаг тал байна.
    Хүүхдүүд өөр өөр чадвар, авьяас, билэгтэй.Түүнийг бодох ёстой, ойлгох хэрэгтэй.Тэгж таньж мэдээгүйгээс болоод хүүхдээ долоо, наймтайгаас нь эрдэмтэн болгох гээд элдэв юмаар шахаад л, яараад л, ядраагаад л байдаг болжээ.Энэ бүхэн монгол хүүхэд монгол хүн болж өсөхөд нь, оюунаараа ухаарч, биежиж төлөвшихөд нь саад болох янзтай.
    Хоёрдугаарт, залуугаараа гэр бүл болж байна.Өөрсдөө юм мэдэхгүй, чадахгүй байж гэр бүл болоод хүүхэд төрүүлээд, яахаа мэдэхээ байх нь элбэг.Уламжлалаар бол, ялангуяа эрэгтэй хүүхэд айл гэр аваад явах чадвартай болж байж эхнэр авдаг.Хүүхдүүдээ хань ижилтэй болоход аав, ээж нь гэр барьж өгч, мал хөрөнгө тасалж тусад нь гаргадаг байлаа.Одоо тиймгүй болчихоод байна.Үүнээс үүдээд дундаасаа гарсан хүүхдээ яах билээ, амьжиргаа, орлого хаанаас бий болгох билээ гээд асуудал эхэлдэг.
    -Гэр бүл болох төр ёсны уламжлал ч энэ биз?
    -Төрийн эдийн засгийн бодлогын гол суурь нь энд, гэр бүлд явж байдаг.Хүүхдүүдээ айл болгоод хажуудаа аваад явж байгаа эцэг, эх тасалж өгсөн хөрөнгийг өсгөж үржүүлээд аваад явж чадах нь уу, үгүй юу, үрэн таран хийх нь үү гэдгийг амьдрал дээр ажиглаж, зааж хэлж өгөх юм байвал чиглүүлж явдаг байсан.Одоо гэтэл хүүхдийг нялх байхаас нь ясли, цэцэрлэгт өгчихөж байна.Гадаадад бол нэг багш тав, зургаан хүүхэдтэй л ажилладаг.Хүүхэд бүртэй тулж ажиллаж, сургаж хүмүүжүүлдэг.
    Эх, эцгийн үүргийг гүйцэтгэж, хүүхдийн авьяас, чадварыг тодорхойлж эцэг эхэд нь хэлж өгч байдаг.Харин манайд нэг багшид 30-40 хүүхэд ногдож байна.Ясли, цэцэрлэгийн багш бол хүүхдүүдийг “хариулж” өдөр өнгөрүүлэх үүрэг гүйцэтгэх болсон.Орой нь эцэг, эхчүүд хүүхдүүдээ аваад харина.Ядарсан, уур уцаартай, эсвэл буцаж гарах гэж өндөлзсөн хүмүүс хүүхдийнхээ асуултад олигтой хариулахгүй.Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй ажиллах, тэднийг сургах, хүмүүжүүлэх цаг зав байхгүй.Яаж сургахаа ч мэдэхгүй.
    -Хүнээр хүн хийх уламжлалт монгол ухаан орчин үеийн даяаршлын нөхцөлд өөр ухаанаар солигдоод байх шиг.Монголын нүүдлийн соёл иргэншлийн орчин дахь гэр бүл, аав ээж, үр хүүхдийн харилцааны хэм хэмжээ орчин үеийн хотжсон, даяаршсан иргэншлийн нөхцөл дэх харилцаанд ихээхэн өөрчлөлт орж байна аа даа.Үүнд бид хэр дасан зохицож чадаж байна вэ?
    -Бидний даган дуурайх гээд байдаг хөгжилтэй орнуудад хүнээ хүн болгож буй ухаан бол биднийхээс тэс өөр.Тэнд хүүхдийг төлөвшүүлж хүн болгох ажлыг бага насанд нь цэцэрлэгээс нь эхлүүлээд хийгээд явдаг.Зөв бол дэмжиж тэтгээд, буруу байвал засаж залруулаад, бүр хүмүүжлийн стандарттай байдаг.
    Монголын уламжлалт ухаантай адилавтар юм нь юу вэ гэвэл хүүхдийн байр байдал, зан төлөвийг олон талаас нь харж тодорхойлдог.Тэгснээр хүүхдийг амьдралын замд нь эртнээс чиглүүлдэг.Өөрөөр хэлбэл, хүнийг эртнээс тодорхойлж, хөгжүүлэх ухаан буюу хөтөлбөр хаа ч байна.Харин манайд нүүдлийн болон суурин амьдралын хоёр хэвшил удаан хугацаанд зэрэгцэн оршиж байна л даа.
    Нэг хэсэг нь малчдын ахуй, амьдралд суурилсан уламжлалт хэвшлээ болж байна гэх.Тэгэхээс ч аргагүй юм.Гэтэл суурин газрын хэвшилтэй болсон хэсэг нь нөгөөхөө хоцрогдсон гээд байдаг.Тэгэхээр соёл, үзэл, үнэ цэнэтэй гэж үзэж байгаа юм нь зөрүүтэй болж байна.
    -Үнэлэмжийн зөрүү гарч ирж байна уу?
    -Тийм ээ.Монголчууд бид үнэт зүйлийн хувьсал өөрчлөлт, үнэлэмжийн зөрчилтэй болчихоод байна шүү дээ.Хотынхон нь “Хөдөөнийхөн нэг тийм юм ярьж л байдаг юм, түүнийгээ лут гэж үздэг” гэдэг бол хөдөөнийхөн нь “Хотынхон тэгж л байдаг юм” гэж шүүмжилдэг.Хоорондоо эвлэдэггүй.Эндээс үүдээд гэр бүлийн суурь орчин үймээнтэй болчихож.
    -Судалгаанаас харахад гэр бүлийн олон хэв шинж бий болжээ.Хамтран амьдрагч л гэнэ, дан болон нийлмэл гэр бүл гэж байх юм.Яагаад ийм олон хэв шинж үүсээд байна вэ?
    -Манай орон 1990 оноос нээлттэй орон болсноос хойш энэ орчлон хорвоод хаана юу байна, мэдээгүй, үзээгүй юмгүй болсон.Бүгдийг дуурайлаа.Урьд өмнө монгол амьдралд байгаагүй юмнуудыг зөөж ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр оруулж ирсэн.Жишээ нь, хамтран амьдрагч гэдэг ойлголт бол Баруунд зураачдын дунд бий болсон зүйл.
    Хоёулаа уран бүтээл, санаа бодлоороо ойлголцдог, бие биедээ урам өгдөг, тэгсэн мөртлөө гэр бүл болох харилцаагүй, хүсэл эрмэлзэл ч төрдөггүй, бие биеийнхээ дотоод хүрээ рүү нэвтэрч ордоггүй, хүний эрх, хувийн амьдралын эрхшээлийг нь хүндэтгэдэг тийм хүмүүс байдаг. Уран бүтээлчийн хувьд хамтраад амьдрах нь эвтэйхэн.Их тооцоотой хамтарч амьдарна.Тийм байхыг харсан манайхан “Их гоё юм байна” гэсэн дутуу ойлголттойгоор зөөж авчраад буруудуулсан.
    Хоёр хүн хоолоо нийлж хийж эхэлж байтлаа лавшраад гэрлээгүй байж хүүхэдтэй болчихдог.Эндээс хүссэн, эсвэл хүсээгүй гэр бүл үүснэ.Зарим нэгнийх нь хувьд болоод явчихдаг байж болох юм.Ихэнх тохиолдолд хүсээгүй гэр бүл, улмаар хүүхэд бий болчихоор хэн хэнд нь дарамт бий болдог.Тэгээд маргалдаж, зөрчилдөж эхэлнэ.
    Бас дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд амьдралын янз бүрийн бэрхшээл, өөр соёл, дэлхийшлийн нөлөө зэрэг нийгмийн шалтгаанаар зохиомол гэр бүлүүд нэлээд үүссэн.
    -Манайд тухайлбал, 500 мянган төгрөгийн төлөө зохиомлоор нэлээд гэрлэлээ шүү дээ.
    -Тийм ээ.Манайх цөөн хүнтэй жижигхэн нийгэм учраас энэ бүх гажуудал илт мэдрэгдэж байгаа юм.Хэдэн сая хүнтэй бол хэн хаана яаж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй.Тэр хүмүүс хоорондоо болж байсан ч, салж байсан ч бусдад буюу нийгэмд нөлөө үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл, үзүүлэлт болж чадахгүй.Манайд бол нөлөөлнө.
    -Эндээс үүдээд манай нийгэмд ёс суртахууны уналт явагдаад байна уу.Монгол гэр бүл хот айлаараа хамт амьдрахад зан заншил, бичигдээгүй хуулиараа гэр бүлийг сайхан бойжуулаад байдаг юм байна.Гарааны компанийг бойжуулдаг гэдэг шиг.Эмээ, өвөө, аав, ээж, ахан дүүсээрээ хамт нэг хотонд байхад гэр бүлийн доторх зөрчил маргаан одоогийнх шиг хурц ширүүн байдаггүй юм болов уу.
    Зодож занчихгүйгээс эхлүүлээд хуурах, мэхлэх хүртэлх ойлголт монгол гэр бүлийн уламжлалд маш ховор байжээ.Харин хотжилт түргэсэхийн хэрээр намайг хэн хэлэх вэ гэж зоргоор аашилсаар гэр бүлийн задрал, гэр бүлийн соёлын хэм хэмжээ алдагдаад байна уу даа?
    -Яг үнэн.Гэр бүлийн задрал хурдтай явагдаж байна.Ганц манайд биш, дэлхийд бас тийм болов.Энэ байдал Францад хуульд нь тусаж эхэллээ.Гэр бүл болохын тулд зургаан сарын турш гэр бүлийн амьдралаар амьдрах заалттай болсон.Гэр бүлийн угтал үе гэж нэрлэсэн байл уу даа.Олон сая хүнтэй улс оронд хүмүүс бие биеэ олоход хэцүү байдаг юм байна.Хань ижил хайсан зарлал мянга мянгаараа, сонин хэвлэл хүртэл гарч, телевизийн нэвтрүүлгүүд байнга хийж байдаг нь үүнтэй холбоотой.
    -Энэ бүхнийг гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ гэх юм билээ.
    -Манайх түрүүн хэлсэнчлэн жижиг нийгэм учраас тийм зарлалын хэрэггүй, уламжлалаараа удам, судар, жил, мэнгээ харж судлаад залуусаа гэрлүүлээд яваад байвал ирээдүйд үл ойлголцол, зөрчил, маргаан гарах нь бага байх юм.Тиймгүй болсноос, мөн элдэв нөлөөгөөр ёс суртахуун, хайрлаж, хүндэлдэг, эрхэмлэдэг юмнууд, өөрөөр хэлбэл, үнэ цэнэтэй гэх болгон алга болчихоор яавал ч яаж болно гэсэн сэтгэлгээ давамгайлдаг болж.
    Ингээд ирэхээр юм болгон задардаг юм байна.Амьдралын, хэв шинжийн өөр загвар хайж олоод, түүгээрээ бүхнийг тайлбарлаад, тэр өөр загваруудаа бусдад нөмөргөх гээд байдаг.Удам угсаа харах нь генийн судалгаа юм.Эрүүл сайхан монгол хүн бий болгож, үнэ цэнэтэй монгол гэр бүлүүд үүсгэх нь төр түвшин, түмэн олон амгалан байхын үндэс.
    -Нэг талаар дээрээсээ доошоо гэр бүлүүдэд төрийн хямрал нөлөөлөөд байх шиг санагдах юм.Буруу хараад байна уу?
    -Зөв харжээ.Би ч гэсэн тэгж бодож байна.Төр, нийгмийн олон талт зөв бодлого явуулж байх аваас гэр бүлүүд тайван, үр хүүхдийн хүмүүжил, төлөвшил сайн байх юм.Одоогийн байдлаар ингэж үймж бужигнаж байгаа төрийг хараад нэмэргүй тул эцэг, эх бүр хүүхэд багачуудынхаа ирээдүйн сайхан амьдралын төлөө ухаан зарж, өөрсдөө уншиж, судалж, сайн сайхнаар нөлөөлөх арга зам л байна.
    Нийгэм бухимдалтай, муу муухайгаар дүүрэн байхтай зэрэгцээд гэр бүлд нөхцөл тийм байх юм бол хүүхэд хэн болж өсөж өндийх вэ.Гэр бүл болгон боловсролтой, соёлтой байж, цэцэглэн хөгжих явцдаа хүүхдүүдээ ухаалгаар хүмүүжүүлж төлөвшүүлэн насанд хүргэх аваас нийгэм доороосоо цэвэрших ганц зөв гарц байна.