Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. НАРНЫ ТАХИЛГА БОЛОВ.

     

    Бид буудалласан газраас хөдөлж 2 км орчим яваад сонгосон газраа ирлээ. Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байлаа. Нарны тахилгын үйл ажиллагааны бэлтгэл ажилд Монгол бөөгийн их удган Юра, Агий нар тун идэвхитэй туслаж билээ. Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл хамгаас түрүүлж ирчихсэн тахилгын бэлтгэлд туслаад явж харагдана.
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж Нарны тахилгаа эхлэв. Цугларсан олон түмэн, удагн, зайран нар нэгдсэн залбиралаар дэмжив. Энэ үед тэнгэрт үүлний цоорхой үүсж, нарны гэрэл Тахилга болж байгаа хэсэгт тусж, салхи намуухан болж билээ.
    Энэхүү тахилгад монгол нутгын аймаг сумдаас ирсэн төлөөлөл дэмжин оролцож тахилга сайхан боллоо.

    djmedia:460
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) Арав. ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

     

    Ажил болсон хойно, сайн муу мэдээтэй. Сумын цагдаагаас мэдээлж байна. Танай бөө нар сумын төв дээр олон айлуудаар орж өндөр үнээр бөөлж байна. Буянт сумын шатахүүн түгээх газар дезел байсангүй. Тиймээс дезел хэрэглэдэг хэдэн машин үлдсэн хэрэг л дээ. Тэдэнд найз нартаа хэлж 100 летр дезел авчруулсан юм. Шатахуун ирэх хооронд үлдсэн хэд зүгээр байсангүй, хүмүүст зан үйл хийж, өндөр үнэтэй засал хийсэн байлаа.
    Улаанбаатар хотод болсон хуралдаануудаар тахилгад зорьж явахдаа үедээ зан үйл хийхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Гэвч манайхан тэвчилгүй зөрчжээ. Бөө нар тахилгын үед дэг журам зөрчих нь их байдаг. Дээрх улаач тахилга хийх газар луу хөдлөх гэсэн машин нь ассангүй, түүнийгээ орхиод микроавтобусанд суусан боловч замдаа тэнхлэг нь эвдрэв, тахилгын газар ирсэн ч суусан машин нь цасанд сууж, тахилгын гол ажиллагаа хийгдсэний дараа хоцорч ирсэн. Тэрхүү улаач нэгдсэн тахилганаас буцаж ирээд удалгүй тэнгэрт хальсан. Энэ бол тэнгэрийн хуулийн шийдвэр, сургамж байсан.
    Оройн 22.30-д галын тахилга эхлэв. Бид хоёр цаг гаруй толгойлж бөөлөх хүнээ хүлээсэн юм. Өдөр нь бүх зүйлээ бэлтгэчихсэн байсан. Оройн хүйтэн салхи, цугларсан зон олноо хүндэтгэн, өндөр настай, нутгын уугуул, Урианхайн Удган Б.Чулууныг бөөлүүлж эхлэв. Удалгүй төөрсөн, цасанд суусан машин ирж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн бөөлж, Галын тахилга үргэлжилсэн. Түүний дараа бусад бөө нар бөөлж галын тахилгын ажиллагаа үргэлжилсэн билээ.
    Олон газрын янз бүрийн ааш зантай бөө нар цугларсан болохоор юм, юм л болдог байв. Үнэн хэрэгтээ бол тэнгэр цаанаасаа бүх үйл ажиллагааг зохицуулдаг, буруутныг гэсгээдэг. Тэгээд яваандаа бүх зүйл цэгцэрч дэг журамдаа ордог юм. Хамтарч ажиллаж чадахгүйг зайлуулж, онгодын айлдвар зөрчигчдийг ямар нэг байдлаар гэсгээж, явцдаа сайхан хамт олон төлөвшин жигдэрч ирсэн түүхтэй.

  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) Ес. ИХ ХАЙРХАНЫГ ЗОРИВ.

    Их хайрханд биднийг дөхөж очиход цас бударч угтсан. Удалгүй нар ээж салхи тогтуун болж, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун бөөлж, Тахилга, тайлга хийх газруудаа сонгосон билээ. Биднийг буцах болоход салхи ширүүсч цас бударч үдсэн. Бид цас орж, хүчтэй салхитай байгаа тул үндсэн бүрэлдэхүүнээ спорт зааландаа хоноглох шийдвэр гаргасан билээ.

    Нутгын удирдлага хайрханы өвөр талаас тахилга хийхээр сонгосон байлаа. Бид төөрөг тавьж, энэ газарт хүн амиа хоролж үхсэн үхээрийн хорлолтой байгаа тул татгалзсан. Гэтэл тэд шийдвэрээ цуцалсангүй сонгосон газар луу гэр ачсан машинаа явуулсан байсан. Гэвч газар нь хүлээж авсангүй, машин эвдэрч, тэд сонголтоосоо татгалзаж, хайрханы араас тахилгаа хийхээр болсон билээ.
    2013 оны 5 дугаар сар 24-ны үдэд Үндсэн бүрэлдэхүүн цуваанд орж Буянт сумын төвөөс хөдлөв. Алс холоос нутгыг нь зорин ирсэн олон машины цуваа дэг журамтай хөдөлгөөнөө эхэлсэн. Нутгын удган Чулуун, Алтанзаяа нар түрүүлж явж тодорхой цэгүүдэд цувааны зургийг авч байлаа.
    Их хайрханы зүүн хойд хэсэгт буудлав. Олон гэрүүд яриатал босч, нутгийн олон ч олон зуун хүн оролцсон Урианхай сурын харвааны наадамаа эхэлсэн билээ. Энэ өдөр үүлэн цоорхойгоор нар ээж, салхи тогтсон байлаа.

     

    djmedia:453
  • Найм. “ЦАСТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ“ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.

    “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал ач холбогдолоо өгч зон олон түүхийн олон шинэлэг зүйлсийг соносж мэдсэн.
    Нутгын зон олон баярлан угтаж, сумын монголчууд тэрчигээрээ баярлан хөөрцөглөсөн билээ. Олон хүмүүс монгол уламжлал ёсоор тахилга хийх болсоныг тэмдэглэн баярын үг урсгаж байсан.
    Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.
    Сумын удирдлага төлөөлөгчидөд зориулж спорт заалаа галлаж боломжийнхээ хирээр тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн байв. Манайхан ч явж сурсан болохоор хэр барагийн нөхцөлд зохицоод сурчихсан улс. Хотоос Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган Д.Булган, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Энэ зааландаа зохион байгуулалтын хурлаа хийв.

    djmedia:452
  • Долоо. БУЯНТ СУМАН ДАХЬ ХУРАЛДААН

     

    Монгол нутгийн газар, газраас цугларсан 108 улаач хүрэлцэн ирсэн байлаа. Бидний нэгдсэн их тахилгыг хүлээн авч зохион байгуулсан Нансалмаа удганыг онцлон тэмдэглэж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч түүний гүйцэтгэсэн үүрэг их бий.
    Нэгдсэн их тахилгыг дэмжиж оролцохоор нутгийн 10 хүрэхгүй тооны улаач нар хүрэлцэн иржээ. Буянт сумын зайран …, одоогийн аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ нар идэвхитэй оролоцож байсан.
    Хэдий олон удаа бэрхшээл саад тулгарсанч их тахилгыг зорин ирсэн Гомбобаатар зайран Мөнх тэнгэрийн “Алтан шонхор” медалиар шагнаж билээ. Тэрээр МБНЭ-ийг анхлан байгуулахаас эхлэн Ноён уул, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгыг идэвхитэй зохион байгуулагчийн нэг байлаа. Эдгээр үйл ажиллагаанд тулгуурлан таван ч бөөгийн байгууллагыг байгуулан үйл ажиллагаагаа энэ үеэр сурталчилан тунхаглаж явсан байдаг. Гэвч тийм боломжийг түүнд олгоогүй юм.
    Голомт бөөгийн төвийн удган Булган Монгол бөөгийн их удган цолоо энэхүү хуралдаан дээр хүлээж авсан түүхтэй. Өмнөх хуралдаанд нэгэнт шийдвэр гарч улаач нар томилогдон бэлтгэлээ хангасан байсан тул Булган удганы гал дээр бөөлөх хүсэлтийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай хүлээж аваагүй билээ. Тахилга дээр ирчихээд гэнэт бөөлөх шийдвэр гаргадаг бөө нар олон байсан үе л дээ.
    Баян-Өлгий аймгийн Буянт сумын спорт зааланд болсон хуралдаан бол түүхэн хуралдаан байсан. Энэ бүхэн монгол бөөгийн түүх болон үлдэж байна.

    djmedia:451
  • Зургаа. ДЭЛХИЙ НИЙТЭЭР НҮД ХУЖИРЛАН ҮЗЭХ ГАЛАРЕЙД

    Бугат сумын нутаг дэвсгэрт байгаа Улаан толгой багийн Салхинт дахь чулуун зэвсгийн үеийн хадны зураг, Буга багийн Тошинтын ам, Мешелийн өвөлжөөний орчимд байрлалтай “Күйген Хора”-ны хадны зураг, Хатуу багийн Халзан булгийн хадны зураг, Эрээн харгантын түрэг бичээс бүхий хөшөө чулуу, Баянголын аман дахь хүн чулуунууд зэрэг нь ховор олдворуудтай болно. Мөн Тавалтайн рашааны зүүн талд байрладаг 200 орчим хиргисүүрүүд машин замын хоёр талааар 1 км гаруй үргэлжилдэг юм.
    Хатуу багийн Эрээн харгана гэдэг газар Түрэг бичээстэй хөшөө чулуу нь байгалийн ховор олдвор, түрэгийн үеийн онцгой түүхэн олдвор юм. Хатуу багийн Оргуу гэдэг газар нэг дор байрлалтай хашлагатай 4 чулуун хөшөө, Халзан булаг хэмээх газарт байдаг хадны зураг, Тайван булаг гэдэг газарт хүн чулуу, зэрэгцээ байрлалтай 5 чулуу хөшөө, ойролцоох хиргисүүрүүд байдаг.
    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Арал толгой, Шивээт хайрханы хадны зураг, Улаанхус сумын нутагт орших Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт Дэлхийн өвийн багана, самбар байрлуулсан байдаг.
    НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үе, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй” хадны зураг нэн ховор бүтээл юм.

    Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай Таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгорын голын хөндийд ажиллаж 15 км орчим талбайд тархсан, арван мянга гаруй хадны зургийн галарей бий.
    Цагаан Салаа, Бага Ойгорын хадны зургийн хамгийн эртнийх нь палеолитын үед хамаарах арслан заан, үхрийн толгой зэргийг дүрсэлсэн цөөн тооны зураг байдаг. Харин түүний дараа үед тухайлбал, неолитын үед хамаарах үхэр, адуу, зэргийн зургууд нэлээд байх авч тэдгээрийг неолит болон энеолитын үеийн чухам алинд нь хамаарахыг тогтооход хүндрэлтэйг судлаачид тэмдэгдэж байв.
    Зургийн үндсэн хэсэг болох арваад мянган зохиомж нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах юм. Харин дундад зууны үед хамаарах цөөн тооны зураг бас байна. Ихэнх зургийг цохиж цоолборлох аргаар хийсэн бөгөөд цөөн тооны зургийг хурц үзүүртэй багажаар зуржээ.
    Эдгээр хадны зурагт буга, янгир, аргаль, чоно, ирвэс, баавгай, бодон гахай, үхэр, адуу, тэмээ зэрэг олон амьтдыг мөн морь, үхэр, тэмээ унасан хүн, морин тэрэг, ан гөрөө хийж буй анчид, байлдаж тулалдаж буй дайчин эрс зэрэг олон сэдэв зохиомжтой. Цагаан Салаагийн хаднаас урт хошуугаа унжуулан зогсож буй арслан зааны дүрслэл олсон нь палеолитын үеийн урлагийн дурсгалын тархцын хүрээг тэлж, улам баяжуулсан хэрэг болсон юм.
    Дэлхийн түүхийг харуулсан энэ их бүтээлийг үзэж явахдаа “ямар их азаар бид нар эзэн болж төрөө вэ” бид нар хэмээн дуу алдахад хүрнэ. Эдгээр бүтээлүүд бол дэлхий нийтээр сонирхон үзэх галарей яах аргагүй мөн билээ.

    djmedia:450
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) Тав. НУТГИЙН ОЛОН БАЯРЛАН УГТАВ.

    2013 оны 5 дугаар сар 21-ны өдөр Харсайн гүүрийн дэргэд Улаанбаатараас Их тахилгыг зорьсон эхний хэсэг Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Удган П.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн Бөөгийн Тэргүүн П.Ганболдын ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Урианхайчуудын төлөөлөл Алтанцэцэг, Удган Чулуун нарын ахалсан 63 хүний бүрэлдэхүүнтэй 16 машины цувааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож, Урианхайчүүдийн холбооны тэргүүн Ц.Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Р.Санжид, Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн нар хадаг, сүүгээ барьж хүндэтгэн угтаж, туульч Б.Болд Алтайн магтаалаас хайлж ирсэн зочидоо хүндэтгэн угтсан билээ.

    Энэ өдөр Өмнө гол дахь Гэрэлт-Хашийнд нутгийн зон олон цугласан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь газар газраас ирсэн олон язгуурын бөө энэ нутагт анх удаа хуран цугларсан нь энэ билээ.

    djmedia:441
  • Дөрөв. Нутгийн хайрхандаа залбирав.

    Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.
    Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.
    Цугларсан олон тахилга, залбиралын дараа тэрхэн орчинд байдаг гүн хотгорт очиж билээ. Хүн анзаарамгүй энэ хотгорт ороход зөвхөн тэнгэр харагдана. Тэрхүү хотгорт ороход эргэн тойрон орших уулын оргил ч харагддаггүй нь сонин.

    djmedia:440
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он)

    Алс баруун хязгаарын Алтайн нурууны гол ноён оргил болсон Цаст хайрхан “Цэнгэл” хайрханы нэгдсэн тахилгын талаар хээрийн онгондоо мэдээлж үйл явцын талаар урьдчилан мэдээлэл авсан билээ.
    Зайранг хээрийн онгондоо задрах өдөр нутгийн олон хүндэтгэл үзүүлэхээр цугларсан байсан. Хээрийн онгодын бөөлөлт нэгдсэн тахилга төдийгүй улаач хувь хүнд тулгарч ирсэн бэрхшээлийг хэрхэн давах талаар мэдээлэл өгдөг.
    Онгондоо бөөлөх өдөр тэнгэр сайхан байж, намуун салхитай хаврын дулаахан, нарлагхан өдөр байлаа.

    djmedia:439
  • Хоёр. Өлгий хотод ажиллав.

    1950-иад оны дунд үеэс Өлгийд оршин суугчдын эгнээ 7000 давж хотыг тохижуулах ажил урьд өмнөхөөс илүү эрчтэй өрнөж, цэнгэлдэх хүрээлэн, театр, хүүхэд залуучуудын ордон, орон нутгийг судлах музей, барааны зах зэрэг томоохон байгууламжийг Өлгийн иргэд Бямба, Ням гаригт оройн цагаар шан харамж, цалин хөлс нэхэлгүй бүтээж байгуулсан нь ахмад үеийнхэний гавьяа, бидний бахархан дурсах баатарлаг үйлс билээ.
    Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа уулзсан юм. Тэрээр нэгдсэн тахилгад тхээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн байлаа.
    Аймгийн төв дээр Баян-Өлгий аймгийн Урианхайчуудын нутгийн зөвлөлтэй уулзалт хийсэн юм. Энэ уулзалтаар урианхайн зон олон тахилгад хэрхэн оролцох асуудлыг ярилцсан. Мөн нэгдсэн тахилгад оролцогсод үндэсний бөх, Урианхай сурын харвааны наадмыг зохион байгуулах талаар тохиролцов.
    Баян-Өлгийн Өлгий хотод амьдардаг нэртэй удган Энхтуяатай уулзаж, монгол бөөгийн зан үйлийг олонд түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглэж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ. Энэ уулзалт бол бидний сүүлчийн гэсэн тодотголтой байсныг хэн, хэн нь анзаарсангүй.
    Баян-Өлгий аймгийн хүн амын 95 хувь нь казак, 3.6% нь Урианхайчууд, 0.6% нь халхууд амьдардаг. Бидний тахилгад гол үүрэг гүйцэтгэх Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Б.Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

    djmedia:438