Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • АРВАН НЭГ. ЦАГААННУУР СУМЫНХАН

     

    Баянзүрх, Улаан уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува иргэд амьдардаг бол Чандмань-Өндөр суманд урианхай, Цагаан-Үүр суманд буриад, Шинэ-Идэр, Галт, Жаргалант суманд халх, бусад суманд хотгойд ястнууд голлон амьдардаг.
    Дархадын цэнхэр хотгор бол ёстой л диваажин юм аа. Хүмүүс Швейцарьтай зүйрлэх. Тэр Европын орон зайг Монголтой минь жишиж болно гэж үү. Бас л давчуу шүү дээ. Монгол минь сайхан, уужим дэлгэр, дутуу юмгүй үзэсгэлэнтэй.
    Шишгэдийн хотгорт 230 орчим нуур бий. Цэнгэг уст Хөвсгөл нуураас гадна хужир давс ихтэй Сангийн далай, Бүст, Гандан, Жугнай, Ачмаг, Эрхэл, Цэнгэл гэх мэт давст нуурууд бий. Идэр, Тэс, Дэлгэр мөрөн, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай. Анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбартын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг
    Хотгор болгондоо нуур, цөөрөм бүхий Дархадын хотгороор тойрч Цагааннуур сум хүрэхээр боллоо. Зуслан гол, Ходон голоо гарч багасаж дундарч байгаа Цойцон нуурын дэргэдүүр өнгөрөв. Хогоргын Тарган нуурын хөвөөгөөр дархадын цагаан адуутай уралдан гишгэсээр явав. Доод цагаан нуураа дагаж эмжсээр Цагааннуур суманд ирлээ. Хуучин Загасны аж ахуй байсан, сум болоод удаагүй энэ жижиг суурин Хармайн голын хөндийд, Цагаан нуурынхаа эрэгт, байгалийн сайхныг сонгон суурьшжээ.
    Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн нурууны уулархаг мужид оршдог. Гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл, Тагна, Соёны уулс багтана. Хамгийн өндөр цэг Дэлгэрхаан уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 3491 метр, аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс дээш 1650-2050 метр өндөрт оршино. Хөвсгөл аймгийн Цагааннуур нь сум юм. Тус сум нь засаг захиргааны Төвийн, Тайга гэх 2 багтай, 5,410 км² газар нутагтай.
    Гадна дотны жуулчид ихээр зорьдог байгалийн үзэсгэлэнт газар ихтэй сум юм. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино. Цагааннуур сумыг 1985 онд Рэнчинлхүмбэ сумаас таслан байгуулсан хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу. Гурвансайхан, Хармай гэсэн 2 багийн нийт 445 өрхөд 1673 хүн амьдардаг. Хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.
    Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц зонхилдог юм. Эрүүл мэндийн төв 1 эмч, 5 сувилагч нийт 21 ажиллагсадтай. Монголд алдартай Дархадын цагаан загас энэ нутгийн бренд билээ.

  • АРАВ. МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГ МАНДАН БАДРАГ.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан шүтлэгтэн олны өмнө хэлсэн үгийн товч агуулгыг танилцуулж байна.
    1990 онд тэнгэр шүтлэгт бөө мөргөл хүн амын 1 хувь нь шүтдэг болж, ухралтын эцсийн цэгтээ тулж ирсэн байсан. Нийгэмд гарсан өөрчлөлт оюуны орон зайд томоохон өөрчлөлт авчирсан. Энэ үед Монголд том өөрчлөлт хийж, өөрийн орон зайгаа эзлэхээр дэлхийн шашины 36 урсгал ажиллаж эхэлсэн байдаг. Энэ цаг үетэй зэрэгцэн Монголд үндэсний шүтлэг болох Тэнгэр шүтлэгт бөө мөргөл дэлгэрэх болсон. Манайд үндэсний шүтлэг маань 2 чиглэлээр дэлгэрч эхэлснээс уламжлалт бөө мөргөл нь өөрийн мөн чанараа алдалгүй өнөөг хүртэл оршсоор байна. Харин орчин цагийн хэв агуулга бүхий бөө мөргөл нь маш эрчимтэй өрнөлөө. Нэг талдаа монголын тэнгэр шүтлэгийг өрнөн дэлгэрэхэд их үүрэг гүйцэтгэсэн сайн тал бий ч шинээр бий болгосон дэг журам гээд олон зүйлд цоо шинэ хандлагыг бий болгож байна. Тэд шүтэн бишрэгчидээ бараг бүгдийг нь бөө болгох аянд мордсон юм. Чанар хийх гэсэн олон мянган шүтэн бишрэгчид оролцсон бөөгийн зан үйл болж хэдэн зуу, мянган шавь нар бүхий их багш нар бий болсон юм. Зарим нь чанар хийх нэрээр архидан согтуурч хоорондоо зодолдож хүн амины хэрэг гаргасан тохиолдол бий. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан зарим төлөөлөл төрийн өндөрлөгийн энэ асуудал хариуцсан зөвлөхийг тойрон эргэлдэж нөлөөлөл үзүүлсээр байна. Угтаа бол ийм ёс зүйгүй асуудалд орооцолдсон иргэд монгол тэнгэр шүтлэгээс өөрсдөө сайн дураар зайлах ёстой билээ.
    Монгол бөөгийн ёс заншилыг судалдаг нэр бүхий зарим эрдэмтэд олон улсын тавцанд цөөнгүй жил нэр барин сүжирч ирлээ. Тэд монгол бөөд эргээд нөлөөлөх талаар бараг ажил хийсэнгүй.
    Олон мянган шавь нэртэй шүтэн бишрэгчдийн амьдралаар тоглосон он жилүүд ард хоцорч байна. Цаг хугацаа бүхний хэмжүүр, шалгуур билээ.
    Монголын тэнгэр шүтлэгтэнүүдийн нэг хэсэг нэгдэж, Тэнгэр шүтлэгээ зөв голдиролоор хөгжүүлэх чиглэлээр МБНЭ-ийг байгуулсан билээ. МБНЭ нь үе, үеийн тэнгэр шүтлэгээ дээдэлж, уламжлалаа зөв авч явахын тулд их ажил хийлээ.
    Эхлээд монгол тэнгэр шүтлэгээ цэгцэлэхийн тулд “Монгол бөөгийн ёс зүй” гарган ажилласан билээ. Үүнийг дагаж мөрдөх болсноор, түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаас бөө мөргөл нь эргээд задрах үйл явц өрнөсөн. Зуунаар тооцогдох байгууллага бий болсон.
    Энэ ороо бусгай үед олон түмэнд итгэл үнэмшилийг баталгаатай болгох зорилгоор цол хэргэм олгох болсон. Хэдий олон хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа боловч иргэд албажуулсан баримт бүхий улаачтай харьцах сонирхол их болсон. Олон хуурамч бөө нараас ялгах арга нь “албажуулсан” баримт юм. Энэ нь цаашдаа улам боловсронгүй болж цэгцлэгдэх нь зайлшгүй байх аа. Хүн ам төвлөрсөн хот суурийн газарт бөө нарын тоо хэдэн арван мянгад хүрсэн. Одоо үйл явц тооноос чанарт шилжих түүхэн үедээ явж байна. Олон хүн өөрсдийгөө бөө биш шүтлэгтэн юм гэдэгээ ойлгож эхэлж байна.
    Өнөөдөр тэнгэр шүтлэгт энэхүү соёлын биет болон биет бус өвийг уламжлан авч яваа гол төв нутаг нь Хөвсгөл болж байна. Энэ бол түүхийн өмнө хүлээсэн асар том хариуцлага юм.
    Монголын төрөөс анх удаа тэнгэрийн улаач нарыг хүлээн авч уулзсан билээ. Түүний дараа тэнгэр шүтлэгийн зан үйлээр төрийн тахилгыг хийх тухай хэлэлцсэн байдаг. Энэ бүхэндээ тэнгэр шүтлэгийн соёлыг авч яваа улаач нарыг оролцуулахгүй байгаа нь олон асуудалд эргэлзэхэд хүрч байгаа юм. Ингэснээрээ бид хожихгүй харин алдах болно. Монгол тэнгэр шүтлэгийн уламжлалд тэнгэр шүтлэгээ уламжлалт ёсоор авч яваа Та бүхнийг ад үзэх ёсгүй. Ийм зүйлийг та бүхэнд цаг үед нь төлөөллөөр дамжуулан мэдээлж байх болно.
    Өнгөрсөн хугацаанд бид олон зүйл дээр аядуу байр суурь баримталж ирсэн. Одоо цаг үе биднийг зайлшгүй зарим зан үйл хийж, арга хэмжээ авахад тулгаж байна. Бид хариу “хөдлөх” ажиллах болно. Шударга ёс мөн тэнгэрт ноёрхож байдаг.
    Хоймор болсон нутгийн ард иргэдтэй уулзаж явахад тэнгэр шүтлэгээ эрхэмлэн дээдэлсээр яваад талархаж байна. Хаана ч очсон өвөг дээдэс, онгон байгалиа эрхэмлэн шүтдэг ард түмний зан үйл, уламжлал, соёл оршсоор байгаа нь харагдаж байна. Та бүхнээс сурах зүйл их байна.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
    Мөнх тэнгэрийн шүтлэг мандан бадраг.

    djmedia:560
  • ЕС. ДАРХАДЫН АЛДАРТ ЦЭНД УДГАН АГАРЫГ ТАХИСАН НЬ.

    Цэгмид удган нь Улаан хуулар (хуулар,соян гэдэг нь тува овог) онгод, Соён онгод, уул усны эздээр, Агарын гурван хайрханаар сүлдэлж бөөлдөг чадалтай удган байжээ. Хамгийн сүүлд Агар хайрханыг үнэн бодит зөв тахиж чадсан ганц удган бол Цэгмид удган юм. Агарын хайрхан ихэд догширч хүн малд аянга бууж 200 гаран хонийг уул шиг овоолоод дээр нь эзнийг нь тавьсан байж, тиймээс Агар хайрханыг аргадаж зөөлрүүлэх гэж 1991 оны 4 н сард Цэгмид удганыг залсан байдаг. Цэгмид удганы гэрт 69 машин ирж тэдний садангийн Цагаан гэдэг авгай ирж тантай уулзуулах хүн байна гэж Баянзүрх сумын дарга Нямсүрэн хадаг гаргаж бариад хайрханыг аргадаж өгөөч гэж гуйгаад арван хонь өгье гэсэн гэдэг. Удган хадгийг авч тавиад би ч чадах болов уудаа гээд төмөр хуураа нэг татаж үзээд Улаан уул сумын төв ороод дахин нэг мэргэлж үзэх хэрэгтэй гэж, тэгээд сумын төв ороод айлд мэргийн чулуугаа татаж үзээд за яахав дээ тэгдэг л болж дээ гээд аяга цай ууж аваад өөрийн хүү болох Чулуунбаатарыг дагуулан шууд Баянзүрх сум явахаар болжээ. Баянзүрхээс бүр хол Агар мөрөн голыг гарч очдог байж.

    Бригадын төв дээр бүтэн хонины шүүс чанаж бэлдээд, гурван ширхэг зулзаган хуш мод өргөлд бэлдээд олон өнгийн даавуун цуйдар уяж чимгэлжээ. Олон төрлийн цагаан идээ бэлдүүлж архи,тамхи хүртэл зэхүүлжээ. Агарын хайрханы асар пүнз уулийн оройд дэвсэг газар байрладаг бөгөөд, хүү Чулуунбаатарыг асарт орж эмхэлж янзал гээд бүү айгаарай гэж хэлж байж, асар дотор нэг авдар хоёр тэвш байсан гэдэг асар дээврийг янзалж хог шороог нь цэвэрлэж эвдэрсэн зүйлсийг цэгцэлж авдарт нь ил гарсан зүйлсийг нь хийж доороос нь банз шорлож байрлуулж. Хэдэн улсаар банз зөөлгөн бэлдүүлж байгаад Нямсүрэн дарга нэг гинж олоод үүнийг хаясан хүн байна уу гэж асуухад хаясан хүн байхгүй байсан бөгөөд удган хайрхан өгч байна далд хий гэжээ. Асар луу зассан шаттай түүн дээр нь цагаан эсгий дэвсээд гурван хушан өргөлөө байрлуулж идээ цагаагаа тавин явган бөөлж бараг асар дотор орох шахам хуурдаж, хуурийн дуу улам чангарч морьд нь шилгээгээд л тэр үед гурван том бүргэд ирээд эргэлдэж байсан бөгөөд нэг ч хүн дуугарч болохгүй гэж удган хэлсэн байна.

    djmedia:559
  • НАЙМ. ДАРХАДЫН АЛДАРТ ЦЭНД УДГАНЫ ТАХИЛГА, ТАЙЛАЛ БОЛОВ.

     

    Цэгмэд удганы тахилга, тайлгыг хийхээр нутгийн олон цугларсан байлаа. Хээрийн бөөлөөг дархадын алдарт удган М.Цэгмид, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлж бөөллөө. Энэ удаа олон сайхан шавь, дэмжигчидтэй ирсэн байлаа.
    Тахилга тайлгын нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Түүний дэвшүүлсэн санааг нутгийн олон талархан хүлээж авсан билээ. Дараа нь сумын Тамгийн газрын дарга, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар нар үг хэлж дэмжсэн байна.
    Түүний араас Монгол бөөгийн тэргүүн удган Лхагвадулам хуяглан босч бөөллөө. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатарын шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Эрдэнэбаатар, Бахаамаазагд нар хуяглан бөөлж, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Болортунгалаг нар хуур манжигаар дэмжиж бөөллөө.
    1989 онд Цэгмид удган дээр Элбэгдорж, Бат-үүл С.Зориг тэргүүтэй хүмүүс ирж уулзан цаашдын ирээдүй үйл хэргээ хэрхэн болох тухай асуухад удган бүтэмжтэй юм байна гэсэн байдаг.
    Тахилгад ирсэн түмэн олон алдарт удганы онгогоос адис авч мөргөж байсан. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар цугласан олонд хандаж талархалыг үг хэлсэн билээ.
    Тахига дээр Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатарын нутагтаа амьдардаг хүүхдүүд нь бүгд ирсэн байсан.
    Тахилга эхлэхийн өмнө онгоны гол баганад Монгол төрийн соёмбо байрлуулах ажлыг зайрангийн удирдлагаар түүний шавь нар хийсэн байна.

    djmedia:558
  • ДОЛОО. БОЛД ЗАЙРАНГИЙХААР ОРЛОО.

     

    Тус сумын хүн амын 42.9% нь сумын төвд амьдардаг. Хүн амын 53.4 % залуу болон дунд насны иргэд 40.6% хүүхэд, 6% өндөр настан байна.
    Бид өндөр настан буурлуудын ээлжит уулзалтад оролцсон билээ. Энэ завшаантай агшиныг тохиолдуулан өвгөд буурлуудтай Мөнх тэнгэрийн шүтлэгийн талаар санал бодлоо илэрхийлж, халуун дотно яриа өрнүүлсэн билээ. Сумын өмнөх төгөлд настан буурлууд цугларсан байлаа.
    Сумын хамгийн өндөр настан 94 настай ….., сумынхаа бараг бүх хүүхдийг эх барьж авсан эмч …..нөрт МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медаль, дурсгалын зүйл гардуулсан билээ. Одоо хаана ч мөнх тэнгэрийн шүтлэгээ эрхэмлэн дээдэлдэг дэмжигчид олон болжээ.
    Дараа нь сумын төвд байрлах дархадын цагаан адууны хөшөөний дэргэд сумынхаа, адууныхаа, бөө нарын тухай сэтгэлд хоногшсон сайхан дурсамжийг ярилцсан билээ.
    Сумын байгаль орчны хамгаалагч хамт олны бүтээсэн байгалийн музейгээр оров. Сум орон нутгаас олдсон ан амьтан, ургамал, эд зүйлсээр сайхан үзэсгэлэн байгуулжээ. Тэнд гурван бамбарууш олж ирсэн бөгөөд ойрын өдрүүдэд байгальд нь тавих ажиллагаа болох ажээ.
    Энэ удаа бид өмнө нь уулзаж байсан Монгол бөөгийн удган Маам, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд нартай уулзаж ярилцсан билээ. Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болдын онгодын өргөөнд зочилж, хуяглан бөөлөх кино зураглал авахаар болсон билээ.
    Харанхуй бүрий болж байхад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болдын онгодын өргөөнд заларч, хуяглан бөөлөх зураг авах бэлтгэлээ хийв.
    Нэртэй зайран маань тамлага дуудлагаа дуудан бөөлөлтөө эхлэв. Монгол бөөгийн маань уламжлалыг зөв зохистой авч яваа улаач нарын нэг маань зон олондоо зориулж бөөлөлтөө хийлээ.

    djmedia:556
  • ЗУРГАА. УЛААН УУЛ СУМЫНХАН

    Улаан-Уул сум нь баруун, баруун хойд талаараа Баянзүрх сум, ОХУ-н Тува улстай, зүйн хойд талаараа Цагаан нуур сум, зүүн зүүн өмнөд талаараа Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ сум, өмнөд талаараа Арбулаг сумтай хил залган оршдог.
    Сумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Сумын хэмжээгээр нийт 116679 мянган мал тоологдсоноос тэмээ 156, адуу 7576, үхэр19737, хонь 46644, ямаа 42566 бөгөөд нийт 578 өрх хөдөөгийн багт мал маллан амьдарч байна.
    Сумын газар нутаг дээгүүр Цагааннуур Ренчинлхүмбэ сумуудыг холбосон шороон замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын Засаг даргын Тамгын газар, Сум дундын эмнэлэг,Соёлын төв тус бүрнээ нам даралтын зуухаар халдаг. Харин 12 жилийн ахлах сургууль, Хүүхдийн цэцэрлэг ердийн зуухаар халдаг. Айл өрх бүр амины байшин ,гэр сууцанд амьдардаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 32 бүлэгт 850 хүүхэд өдрөөр суралцдаг.
    Эрүүл мэндийн төв нь 17 ортой, 4 их эмч, 18 дунд мэргэжилтэн нийт 37 ажиллагсадтай. 250 суудалтай Соёлын төвийн барилга нь урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн арга хэмжээ явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
    Биднийг очих үед сумын хоршоолол, аж ахйн нэгжүүд хийж байгаа бүтээгдэхгүүний үзэсгэлэн худалдаа гаргаж байгаатай таарч билээ. Мөн сумын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төёлийн талаар танилцуулга хийхтэй таарч билээ. Бид аян замын олзтой л яваа юм байна.

    djmedia:555
  • ТАВ. ӨЛИЙН ДАВАА БА АРВАН ГУРВАН ОВОО.

     

    Өлийн даваа, овоондоо өргөл өргөн мөргөлөө. Аян замын босго болсон энэ даваагаар цөөнгүй явжээ. Хөвсгөлийн хойд нутаг, ОХУ-ын Буриад монголын хамгийн өмнө хэсэг Саяаны уулыг эмжсэн их нутгаар аялсан минь сэтгэлд бууна. “Монголын Нууц товчоо”-нд өгүүлсэн нэр ус тэрчигтээ хадгалагдан үлдсэн байдаг. Ямар онгон дагшин сайхан нутаг билээ.

    Халхын Автай сайн ханы хүү Цэнгүүн баатар хунтайжын 500 жилийн өмнө босгосон их овооны хоёр талаар дархадын бөө нар 12 овоо бүтээсэн нь өдгөө Дархадын 13 овоо гэх болжээ.
    Эдүгээ өвөрмонголд Автай хаанд зориулж, хэд хэдэн их хөшөө босгосон нь нэгийг өгүүлнэ. Өлийн халзан даваан дээр бас нэг сонирхол татахуйц зүйл байгаа нь “Таныг их Монголын эцэг өвгөдийн алтан бууц Эргүнэ кун угтаж байна” гэсэн Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой ганц домог, Эргүнэ кун бол Шишгэдийн хотгор, түүний эх Хөх эрэг, Гун гол мөн хэмээн баталсан дурсгалын самбар юм. Энэ самбарт МЭ 560-аад онд хожуу Түрэгийн үед монгол угсааны нохос, хиян хоёр аймаг одоогийн Ховд аймгийн Баатар хайрханы орчимд түрэгүүдэд цохигдон зугтаж , Алтай Хангайн нурууг орхин явсаар Шишгэдийн хотгор руу ордог ганцхан жим Өлийн даваагаар даван бууж нутагласан хэмээгээд яагаад Эргүнэ кун мөн болох тухай 3 нотолгоо бичжээ.
    1207 онд их хааны ууган хүү Зүчи ойн иргэд, хиргис, хорь түмэдийг дагуулахдаа энэ л даваагаар давж явж, бас 1757 онд шадар ван Чингүнжав манж нарт шахагдан ухарч, Өлийн даваанд ирээд, өөрийн цэргүүдээ тарааж, зуугаадхан хүн дагуулан Оросыг зорьсон түүхтэй билээ. Өлийн давааг тонгойход л Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн уулсын бишрэм үзэмж мэдрэгдэнэ. Даваанаас бууж, бэлд нь хүрэлгүй л өвөл зундаа гялалзаж байдаг Мөнх мөс угтана. Тэгээд Гун гол, сумын төв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь дархад ястан голцуу суурьшсан Улаанбаатар хотоос 950 орчим км алсад орших Дархад, Шишгэдийн хотгорийн гурван сумын нэг. Сумын төвөөс Хорьдол сарьдаг налайж, хойморт Саяаны уулс дүнхийнэ.

     

  • ДӨРӨВ. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ХАВРЫН ТАХИЛГА

    Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн 2 нь Атлантын далайд таардаг бол нөгөө 2 цэг нь хуурай газарт буюу Канадын нутагт хурдны зам дээр таардаг бол 4 дэх нь Монгол оронд, тэр дундаа Хөвсгөлийн нутагт давхацдаг байна. Энэхүү огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуураас хойш байрладаг. Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай.
    Иргэд Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтойгоос гадна зориуд энэ цэгт зорьж очдог хүмүүс их болжээ. Шинэ өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний өглөөний нар харахаар зорин очигсод ихсэж энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна. Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч “ямар хийморьтой хүн бэ, ямар одтой хүн бэ” гэхчилэн ярилцаж ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаасаа үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
    Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол дээр Эрдэнэхайрхан уул оршдог. Монголчууд энэ чанарыг эрт дээр үеээс мэдэрч энэ хайрханыг тахиж, шүтэж ирсэн байдаг. Эрдэнэхайрханыг тойрон үе удмаараа амьдарч ирсэн нутгийн олны төлөөлөлийн нэг нь Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар билээ. Тэрээр энэ удаа Хайрханы хаврын өргөлөө өргөхөөр ирсэн байлаа.
    Түүний хаврын тахилгад түүний багш, Хөвсгөлийн алдарт Цэгмэд удганы хүү, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар оролцсон билээ.
    Тахилгын дараа Эрдэнэхайрханы жижигхэн агуйд орж, түүхийн мөчлөгөө дурсан ярилцаж билээ. Маргаашийн холын аяндаа бэлтгэж багийн хуралдааны танхимд хоноглож, аян замын сониноо ярилцсаар унтаж амрав.

    djmedia:554
  • ГУРАВ. МӨРӨН ХОТ ДАХЬ УУЛЗАЛТУУД

     

    Хөвсгөл аймаг монгол бөөгийн түүхэн онцгүй үүрэг гүйцэтгэдэг аймаг. Энэ талаар эртнээс алдартай нутаг. Аялал жуулчлалын хөгжүүлэх тухай их ярьдагч гол брендийн нэг болсон бөө мөргөлд нэг их ач холбогдол өгдөггүй.
    Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэржавхлантай хэдхэн хором уулзав. Сүүлийн 30 жил аймаг удирдаж яваа олон л даргатай уулзаж байсан. Уймраадуу, бухимдуу нэгэнтэй уулзаад өнгөрөв. Ийм хүитэй дахиж уулзаж цаг үрэх дэмий байдгийг амьдралын туршлага хэлээд байдаг юм. Ийм үед ажлаа мэддэг хүнтэй уулзах нь зөв байдаг. Сошиалаар дүүрэн Аймгийн засаг даргын цар тахлын үед тогтоол зөрчиж, тавилга, автомашин, наадмын талбай зэрэг үргүй зардал гаргасан тухай мэдээлэл байх юм.
    Аймгийн засаг даргын хэлтсийн даргатай уулзсан нь цагаа олсон ажил болж санал бодлоо өргөн хэмжээтэй ёолилцож чадлаа. Угтаа бол бид төрийн ажилд чимх ч атугаа тус болохыг эрмэлзэж байгаа хэрэг юм.

    Нутаг дэвсгэрийн хэмжээ 103 мянган хавтгай дөрвөлжин километр. Монгол улсын хэмжээнд хүн амын болон малын тооллогын дүнгээр улсад тэргүүлжээ. Засаг захиргааны хувьд 23 сум, 1 тосгонтой.

    Мөрөн хот нь төвийн бүсийг өрнөд бүстэй холбох авто замын зангилаа, худалдаа эдийн засгийн томоохон хот юм. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 76.9 хувийг халх, 13.7 хувийг дархад, 5.2 хувийг хотгойд ястан эзэлдэг. Мөн цөөн тооны буриад, дөрвөд, урианхай, цаатан, өөлд иргэд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

    CNN телевизээс сэтгэлээ сэргээж, алжаал тайлах сайхан байгальтай дэлхийн шилдэг 10 газрыг нэрлэсэн бөгөөд үүнд Монголын бөө удганчуудын өлгий нутаг Хөвсгөл аймгийг багтаажээ
    Aймгийн нийт нутгийн 35.4 хувийг ойн бүс эзэлнэ. Ойн бүсэд хар модноос гадна гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит ба шилмүүст мод ургана. Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийгдсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шохойн чулуу, гантиг, боржин чулуун ордууд байхын зэрэгцээ хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялагууд бий. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын “Даян дээрх” зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад байгалийн гайхамшигтай үзмэрүүд юм.

    Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн буган хөшөө, хиргисүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кульбилгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

    djmedia:553
  • ХОЁР. БУЛГАНД УЧИРСАН БАГШ ШАВЬ ХОЁР.

    Яагаад ч Булган хот хөгжил нь зогсчихсон юм шиг санагддаг билээ. Бага байхдаа анх ирж байсныг бодвол хэдэн барилга нэмэгдсэн харагддаг. Бараг тавиад жилийн өмнөх анх ирж байсан хэрэг Ийм сум маш олон байна. Цахилгаантай болсон, Захиргаа, сургууль, эмнэлэгийн барилга шинээр баригдсан. Иргэд ахуйгаа сайжруулах гэж барьсан байшин байна аа. Тэгээд бүтээн байгуулалт хязгаарлагдана. Харин хувь хүний зүтгэлээр боссон олон бүтээн байгуулалт бий.
    Булганы хойд нутгаар явахад бэлэн болсон Боомт, шороон засмал зам бэлэн болчихсон байж билээ. Нэгэн газар монголдоо байхгүй саун, зочид буудалтай таарч байсан. Бас монголдоо томоохонд орох уурхай, цогцолбортой танилцаж байлаа.
    Булган хотоос хөдлөөд нэг их удалгүй Өлзийхутагийнд энэ жилдээ хоёрдахаа зочиллоо. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, өөрийн гарын шавь нарын нэг Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутагтай уулзалдав. Сүүлийн хэдэн жил уулзалдаагүй багш шавь хоёрт ярилцах зүйл их байлаа. Өлзийхутаг бол маш хөдөлмөрч хүн, дээр нь олон зүйлээр хойч үедээ үлгэрлэл, манлайлал, улаач хүний хүнд сорилтыг туулсан “баатарлаг тэмцэгч” билээ.
    Бид цааш хөдлөөд Уньт багийн рашааны сувилалын амралтад ирж хоносон билээ. Өглөө эрт аяны хөдөлгөөнөө эхэллээ. Тун ч удалгүй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дэргэдүүр өнгөрлөө. Ардын Хатанбаатар Магсаржав нь тус сумын Өвөр цагаан бургас хэмээх газар төрсөн билээ. Орчин цагийн цэргийн жанжинуудын нэг. Магсаржавын өвөг дээдэс голдуу цэргийн гавъяаны гүн цолтой хүмүүс байсан бөгөөд Магсаржав нь 7 дахь үеийн хүн байжээ. 1912 онд Баруун хязгаарыг төвшитгөх сайдаар томилогдон Ховдыг дайран эзэлж, манж хятадуудыг буулган авчээ. Магсаржавын гавъяаг Богд хаант Монгол улсын Засгийн газраас үнэлж үе улиран залгамжлах Хатанбаатар цол олгожээ. 1914 онд зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, Цагаан Оросын үлдэгдлийг дарах зэрэг цэрэг дайны үйл ажиллагаанд оролцжээ. 1919 онд Монголын автономитыг устгаж Хүрээнд орж ирсэн хятадууд 1920 оны дундуур Магсаржавыг Хүрээний нууц бүлгэмүүдтэй холбоотой хэмээн баривчилж шоронд хорьжээ. 1921 оны 2 дугаар сард Барон Унгерн Хүрээг эзлэн авахдаа Магсаржавыг суллаж, Богд хааны түр сэргэсэн Засгийн газарт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлжээ. 1921 оны 7 дугаар сард Улиастайд байрласан цагаантны удирдагч Вандановыг устгажээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн баруун аймгуудад Ховд, Улаангом, Толбо нуур, Гурванцэнхэрийн сав газруудаар бүгэж байсан цагаантны цэргийн хүчнүүдийг даржээ. Магсаржав Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх үйл хэрэгт идэвхтэй оролцож, 1922 онд цэргийн яамны сайдаар томилогдож, Зөвлөлт Орос Улсын Засгийн газраас Байлдааны гавъяаны Улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн газраас “Ардын” хэмээх цолыг тус тус олгожээ. 1924 онд МАХН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан ёсоор айлчилж байжээ.
    Магсаржав нь Чингис хааны удмын сурвалжит цэргийн жанжин бөгөөд XX зуунд хүний зүрхээр туг тахисан сүүлчийн монгол жанжин юм. Алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төвд Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалжээ. Нутгийн ард түмэн Магсаржавыг шулуун шударга зантай, ажилсаг хичээнгүй, олон үггүй төлөв төвшин, эрэмгий зоригтой, морины ба бөхийн цолыг сайхан дууддаг, дуунд авъяастай байсан хэмээн ярилцдаг байжээ.

    djmedia:552