Category: Бидний тухай

  • 2. Төрсөн нутагдаа очлоо.

    Тоом багаас өгссөөр 50 орчим км яваад Өлийн даваан дээр гарлаа. Хөвсгөл аймгийн Улаан уул сум руу явах замд Хорьдол сардагийн нурууны өмнөд хэсгээр буюу Өлийн Халзан даваан дээр Дархад ястны тахин шүтэн дээдэлдэг 13 овоо бий. Энэхүү 13 овоо нь уул ус, лус савдагтайгаа эртнээс харилцан шүтэж ирсэн бөөгийн ёс заншилтай холбоотой бий болсон гэж үздэг. Арван зүг, гурван цагийг шүтэн өргөл өргөн, амьдралаа даатган ирсэн Дархадууд энэ тооны нийлбэр болох арван гурвыг дээдлэн шүтдэг учир хамгийн их байгалийн энерги бүхий газраа энэхүү 13-н овоог бүтээсэн түүхтэй. 13 овоо нь цаатан урц маягын хэлбэр бүтэцтэй ба зэрэгцээ босгосон чулуун хөшөө зэргээс Дархад түмний аж амьдрал, ёс заншил, соёлын нэгээхэн хэсгийг олж харж болохоор ажээ.
    Даваанаас цааш 25 км яваад Улаан уул суманд очлоо. Бидний хувьд цаашаа олон газраар явах төлөвлөгөөтэй байсан тул сумын төвд нэг, хойшоо тахилгад 2 өдөр зарцуулаад цаашаа холын замд хөдлөх байсан. Тэгээд өөрийн байгууллагын гишүүдээр орж уулзаж хийх ажлаа ярилцаж тохирсон юм. Гэвч Дархан зайран нилээд хэдэн өдрийн дараа тахилгаа хийхээр бэлдсэн байсан тул бидний цаашдын аялал энд хүрээд зогссон. Болд зайрангийнд зочилж, Маам удгантай уулзлаа.
    Сумын багууд хөдөлмөр дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа тавьж байлаа. Завшаантай л тохиолдол гэж бэлэгшээв. Сум орон нутаг боломжоо ашиглан брэнд бүтээгдэхүүнээ тодорхойлох гэж зүтгэж байна. Зайран, манай багийнхан нутгийн музейг үзэж сонирхлоо. Гараад бид Дархадын цагаан адуунд зориулж сумын төвд босгосон хөшөөнд очиж дурсгалын зураг авахуулж, хуучлан ярилцаж билээ.
    Тэндээс шууд сумын зүүн талд ойн төгөлд сумын бүх ахмадууд цугларсан тул бид очиж уулзсан билээ. Бас л сонин тохиолдол байлаа. Бид аян замын зорилгоо ярьж, хамгийн өндөр настай буурал, сумандаа 40 жил эх барьсан эмчид дурсгалын зүйл, МБНЭ-ийн шагнал мөнх тэнгэрийн төлөө хүрэл шонхор медаль гардуулсан юм.
    Дархан зайранг нутгийнхан Шархүү зайран гэнэ. Сумын начин цолтой сайн ч барилдаж явжээ. Дарга хэмээн намайг дуудсан нь цэрэгт хамт алба хааж байсан андуудтай хамт зургаа даруулахаар зогссон байв. Тэр гурав надаар дурсгалын зургаа даруулж, үлдээд нилээд хуучлан ярилцана билээ.
    Тэндээс бид байгаль хамгаалагчдын санаачлан байгуулсан музейг үзэж сонирхосон. Зайран маань үе, үе залуу насны хурц хөдөлгөөн шогч чанар илэрч шоглож наргина.
    Энэ хэдэн өдөр дархан зайран маань хамаатан садан, нутгийн олонтой уулзаж байлаа. Нутагтаа ирээгүй цөөнгүй жил болсон болохоор хэн, хэнгүй л нэг нэгнээ санасан харагдана.
    Болзсон өдөр болж бид тахилга хийхээр хөдөллөө. Эхлээд ууган охиныд очлоо. Яриа хөөрөөтэй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй бүсгүй ажээ. Энд ирээд нэг зүйлийн ойлгосон. Олон жил салангад явсан эцэг, хүн үр хүүхдүүдтэйгээ уулзаж, санаа бодлоо ойлголцож, сэтгэл нь тайвширсан болов уу.
    Өндөрлөг газар хээрийн онгод оршино. Гол хөшөөний оройд соёмбо хийж, суулгахаар авчирсан байв. Түүнийгээ залсаны дараа зайран сэтгэл өндөр байлаа.
    Дархадын алдарт удган Цэгмэд удганы хээрийн онгонд хийх тахилга жин үдэд эхэллээ. Дархан зайран хуяглан босч онгодоо дуудав. Бөөлөлт дундаа орох үед маш их олон шувууд сүрэглэн ирж тойрч нисээд одов. Түүний дараа
    Нутгийн зон олон цугларч, ар талдаа үлдсэн хүмүүс радио станцаар бөөлөлтийн тамлага, дуудлага, бөөлөлтийг дамжуулж сонсгоно билээ. Түүний араас гэргий, Лхагва-Эрдэнэ удган, шавь нар нь бөөлсөн. Харин хүүхдүүд нь ирж бөөлөөнд оролцох болов уу гэсэн горьдлогоор өнгөрсөн. Тахилганд ирсэн олон дархан зайрандаа мөргөж адис авах харагдав.
    Гол даган буудалсан хэд хэдэн айлаар оров. Энэ газар нутагт бөөгийн зан үйл илт давамгай шүтдэг ажээ. Мунгараг олын дагуу байрлаж майханаа дэлгэж, хоноглохоор буудаллав.
    Зайран шөнийн од түгэх мөчид галын тахилгаа хийв. Энэхүү тахилгадаа хүүгээ ирж оролцох болов уу гэж их харсан. Шавь нарын хамт тахилга болж өнгөрөв.
    Орой болохын алдад зайрангийн том хүү нь хорхог хийж биднийг дайлахаар ирэв. Энэ өдөр тэднийг хаваржаанаас буюу голын дээд хэсгээс нүүдэллэж, төв замын дагуу зусландаа буудалсан ажээ. Их ажлаа амжуулчихаад бидэнд дээр ирсэн бололтой.
    Монголын улаач нар нэгдэж хамтарч ажиллах тухай уриалгыг нутгийн зон олон, улаач нар талархан дэмжиж байлаа. Тэгээд ч олон хүн бидэнтэй уулзаж байв. Тэдний дунд зайрангийн хүүхдүүд байсан.
    Хотод ирсэний дараахан Дархан зайран маань манайханаар цөөнгүй ирсэн. Надад туслах гэж боломжоороо зүтгэж байлаа. Хөвсгөл нуурын их тахилгадаа оролцох гэж сэтгэл санаагаараа зүтгэж байлаа. Байнга утасдана, бэлтгэл ажлын талаар асууна.
    Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч Хүй долоон хутагт нарны тахилга боллоо. Нарны тахилгад Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар, гэргийн хамт бүхнээс түрүүлж идэвхитэй оролцож билээ.

    djmedia:587
  • СҮҮЛЧИЙН БӨӨЛӨӨН (Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатарын гэгээн дурсгалд зориулав.) 1.Аян замын эхлэл

    Хаалга хэн нэгэн цохих сонсогдов. Онгойлговоос Алдарт Цэгмэд удганы хүү, Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар, түүний гэргий Лхагва-Эрдэнэ хоёр хүрч иржээ. Даргатайгаа уулзахаар ирлээ. Таныг манай нутгаар явах сураг сонслоо. Тэгээд ярилцаюу гэж тэмүүлсээр ирлээ гэв. Тэгээд бид гурав нилээд удаан ярилцаж суулаа.
    Одоо цаг зүгээр гараа хумхиад суугаад байж болохгүй болчихлоо. Бөөгийнхөө төлөө зүтгэхээс аргагүй байдалд хүрчихлээ. Би одоо зүтгэнээ, эх минь ардчиллын төлөө залбирч, их ажил хийхээр зориглож яваа, Элбэгдорж, Бат-Үүл нар ирж уулзаж байсан. Харин миний бие монгол бөөгийнхөө төлөө, МБНЭ-ийн төлөө зүтгэсээр дуусах болно, хойч үедээ ч мөрөө үлдээнэ, хаана ч байсан дэмжиж, тусалсаар байх болно гэв. Зарим нэг залуус түн эвгүй дайрч давшилж байна шүү, бөөгийн байгууллага руу, зүгээр суухгүй эвлэлээ хамгаалж зүтгэх цаг иржээ. Ээжийнхээ онгон дээр бас тахилга дээрээ бөөлнө гэлээ. Тань дээр зорьж ирсэний нэг зорилго бол бөөлөлтөө кино зурганд үлдээе гэж ярилцахаар ирлээ. Дэмжиж туслах болов уу гэж байгууллагад хандаж байна гэлээ. Тэгээд хамтарч нутаг явж кино зураглал авахуулахаар тохиров. Зайран ч баярласаар бэлтгэл ажилаа хийхээр явлаа.
    Тэгээд өнгөрсөн нэг жилийн хугацааны үйл явдлаа сэтгэлдээ тунгаан бодоход хүрлээ.
    2022 оны Цагаан сарааар МБНЭ-ийн удирдлага, Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар гуайнд очиж золгож билээ. Энэ нь эвлэлийн байранд золгодог уламжлалаа өөрчилсөн хэрэг л дээ.
    Дараа нь дэлхий нийтийг хамарсан Цар тахал буюу COVID-19 өвчин орон нутагт тарахаад байсан үед Их хаанаа сонгох сонгууль болж өнгөрлөө. Төрийн “хаан”-аа сонгох сонгуульт жил учраас МБНЭ-ийн гишүүд удган, зайрангууд “Бурхан халдун” хайрхандаа нэгдсэн их тахилгаа хийлээ. Сонголт байхгүй, өрсөлдөөн үгүй сонгууль байлаа. Чулуунбаатар зайран нэгдсэн тахилгадаа оролцож хамт олныхоо дунд залуусдаа сургамжаа хайрлаж, идэвхитэй оролцож явсан. Түүнээс хойш нэг жил өнгөрчээ.
    Сүүлийн хэдэн жил нутгаа яваагүй болохоор зайран сэтгэл их догдолж байлаа. Байн, байн утасдаж, бэлтгэл ажлаа ярина. Зарим санаагаа гэргийгээрээ хэлүүлнэ. Анх төлөвлөж байсныг бодвол зарим зүйлд өөрчлөлт оров. Тэр нь Эрдэнэхайрханы тахилгыг Хөвсгөл нуурын тахилгатай хамтарч хийх санаа байв. Тиймээс замдаа Эрдэнэхайрханд залбирч тахилгаа мэдүүлэхээр болсон.
    Шавь нар нь надтай нийлээд хэдэн машин алсын аянд дөрөө харшуулан хөдөллөө. Эртнээс төлөвлөж бэлтгэсэн хөвсгөлийн аялал Дархан зайрангийн хүсэлтээр Улаан-Уул суманд нилээд хэд хонохоор болж Цэгмэд удганы хээрийн онгонд зураг авах болсон. Тэр хэсэг зураг авалтын оргил хэсэг юм хэмээн бодож явлаа.
    Булганы нутагт Дархан зайрангийн шавь Өлзийхутаг зайрангийнд түр буудаллаж, хийж бүтээсэн их ажилтай танилцаж билээ. Олон жил уулзаагүй шавь багшийн харилцаа эргээд сэргэж, бодол саналаа хуваалцан ярилцаж суулаа. Тэгээд багшдаа бэлэглэхээр бэлтгэсэн нандин зүйлээ дурсгаж уулзалт халуун дотно болж өнгөрөв. Багш шавийн харилцаа хэвийн болсонд хамт явсан бид сэтгэл хангалуун байлаа.
    Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт Босго даваа өнгөрүүт төв замаас гарсан нь Зайран гэргийн хамт хадам аав, ээж хоёрын нутаглуулсан газарт очиж буй хэрэг байлаа. Гэхдээ бид энд бөө хүний гаргаж болохгүй алдаа гаргасан. Төв замаас холгүй байдаг тул бид зам дээр хүлээж байлаа.
    Тэндээс хөдлөөд Ачмаг нуур хүрмэгц урагш эргэж цөөхөн км яваад хадамуудын амьдралаа өнгөрүүлсэн буурин дээр очлоо. Багагүй өндөрлөг газарт байрладаг тул ойр хавийн нутаг алган дээр байгаа мэт харагдана. Зайран зан үйл хийх бэлтгэлийг хангаж, машинаас морин хуур авчирч байгаа нь харагдав. Гэргий нь морин хуурын эгшигээр эцэг, эхийнхээ бууриндаа жавар үргээн хуурдана. Дараа нь зан үйл хийж, дурсгалын зураг авснаар өндөрлөв.
    Хагас цаг давхиад Мөрөн хот оров. Зайрангийн шавь П.Эрдэнэбаатар биднийг угтаж авч энэ оройг хамтдаа өнгөрөөлөө. Энэ өдөр зайран шавийнхаа онгодын өргөөнд буусан юм. Дархан зайран шавьдаа онгод залж өгөв. Бид түүнд оролцож, бүгд хуур манжигаар хүч нэмэн бөөлсөн билээ.
    Маргааш өглөө нь аймгийн захиргаа орж, нутгийн удирдлагатай уулзаж ярилцав. Хошин шог аясаал зайран маань биднийг инээлгэж л явлаа.
    Аяны замаа үргэлжлүүлж Мөрөнгөөс гарч Эрдэнэхайрхан буюу 50 ба 100-ын цогцолборт хүрч ирлээ. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хуур манжигаар бөөлж, хайрханы тахилгаа хийх хугацаагаа мэдүүлсэн. Хайрханы дэргэдэх багийн төвд хонож эртлэн хөдлөхөөр товлов. Нэгэнт чөлөө цаг байгаа учир хайрханы агуйд очив. Бүгд агуйд орж, элдвийг хүүрнэн баясалдан ярилцав. Хөгжөөнтэй, хошин яриа орой амрах хүртлээ үргэлжлэв.

    djmedia:585
  • 12. ДҮНГИЙН ХУРАЛДААН

    Бодлогын хувьд Нэгдсэн тахилгаар ахмад үе, дунд үе, залуу үеийн төлөөллийн бөөлөлтийг харуулах гэж оролдсон тал бий. Тиймээс нэгдсэн тахилгаар хөвсгөл нутгийн, орон нутгийн бөөгийн төлөөлөл дэг жаягыг харуулах гэж оролдсон.
    Нөгөө талдаа бөөлөлтийн хувьд цаг хугацааны уламжлалт хүчин зүйлийг огоорсон тал бий. Гэвч үүнээс зайлсхийх боломж бидэнд алга байна. Олон газраас улаач нар цугларч байгаа тул тэдний олон хүчин зүйлийг анзаарч хандахаас өөр арга байсангүй.
    Бид бөөлөлтийн талаархи мэдээллээ таницуулах боломжгүй байв. Энэ удаа хөвсгөлийн тайгаас хүрэлцэн ирсэн улаач, идэвхитэн нартаа дурсгалын зүйл, Мөнх тэнгэрийн төлөө медалиар шагнасан билээ.
    Энэ удаагийн хөвсгөл нутгаар аялан зон олонтой уулзаж явахдаа мөнх тэнгэрийн шүтлэг орон нутагт бат суурьтай, түүний төлөө ажиллахад бэлэн шүтэн бишрэгч нартай таарч явсандаа олзуурхаж байна.
    Монгол бөөгийн уламжлалт чанар, гал голомт орон нутагт цаашид ч үргэлжлэн хөгжих итгэл дүүрэн байгааг олж харлаа. Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэнгэр шүтлэг бидний хойч үе ч үргэлжлүүлэн авч явааг хараад бахархаж байлаа.

     

    djmedia:584
  • 11. ДОЛООН ӨВГӨН ОДНЫ ТАХИЛГА.

     

    Алс холоос ирчихээд бөөлөхийг хэн ч хүснэ. Тиймээс МБНЭ-ийн удирдлага шийдвэр гарган Нэгдсэн тахилгууд дээр Долоон өвгөн одны тахилга хийж байхаар болсон.
    Энэ тахилга олон онцлоготой. Улаач хүн хэрхэн туршлагжиж үйл нв хэрхэн арвижиж байгаагийн тод жишээ энэ тахилга дээр харагддаг. Тахилга дээр бөөлөгчид бөөгийн зан үйлд хэрхэн төлөвшиж байгаа нь харагддаг, тэр утгаараа залуу үеээ дараачийн удаа томоохон тахилга дээр бөөлөх хэмжээнд хүрсэн үгүй нь энэ тахилга дээр тод харагддаг.
    Энэ удаагийн тахилгад өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн гол хэсгийг бүрдүүлсэн байдаг. Говийнхан маань хашир туршлагатай болжээ. Шинэ залуусыг дагуулсан сайхан бөөлөөн боллоо.
    Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад: Монгол бөөгийн тэргүүн удган Байгалтөгс, Маахүү нар,
    Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд: Гаваагүнчин, Амарсанаа нар,
    Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд:Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар, зайран Гантөмөр
    Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн зайран Гэнэнхүү, Удган Дэлгэрмөрөн, удган Нямтөр
    Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн зайран Төгөлдөр, удган Үүлэн, зайран Билгүүн,
    Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн тэргүүн зайран Тамжид, зайран Батсүрэн
    Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн тэргүүн зайран Л.Мөнх-Очир
    Зайран Мөнх-Эрдэнэ нар тус тус бөөлж мөнх тэнгэрийн зан үйл хийлээ. Энэхүү зан үйл маш дэг журамтай, сайхан болж өнгөрсөн.
    Гэвч энэхүү тахилгад гурав, гурван улаач гаргахаар шийдвэрлэсэн ч зарим гал дээр хоёр хүн бөөлсөн тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр залуу улаач нар бөөлөх боломжийг алдсан байна.
    Энэ удаа долоон өвгөн одны тахилгыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл хариуцан зохион байгуулсан.

    djmedia:583
  • 10. ХӨВСГӨЛ НУУРЫН ГАЛЫН ТАХИЛГА.

    Улаачийн дэг журамгүй үйлдэл тэнгэрийн хатуу гэсгээлийг хүртдэг. Энэ бичигдээгүй хуулийн нэг. Цаашилбал үр хүүхдэд ч нөлөөлөх байдал гардаг. Тиймээс өөрт ашиггүй, өрөөлд үлгэрлэл муутай үйлдлийг улаач хүн гаргаж болохгүй, хатуу цээрлэж байвал зохино.
    Энэ удаагийн галын тахилга Монгол бөөгийн их зайран Балжирын удирдлага дор маш сайн зохион байгуулалт, дэг журамтай бөөлөлт боллоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд энэ удаагийн галын тахилга зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.
    Галын тахилга хийх газар бэлтгэлээ эрт хангаж дууссан байлаа. Татсан гортиг, хүн болгоны идэвхитэй оролцоо, хэн хүнгүй бэлтгэл ажилд хувь нэмэрээ оруулах гэсэн зүтгэл бэлтгэл ажлын хангахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
    Тэнгэрт одод гийх мөчид Монгол бөөгийн их зайран Э.Балжир галын тахилгадаа толгойлон бөөлж эхэлсэн. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн удган С.Бямбасүрэн дараалан босч шавь нараа дагуулан бөөлсөн.
    Түүний шавь нар зайран Бямбасүрэн, Мөнхбат, Жавхланцогт, Ж.Ганболд нар хуяглан бөөлж эхэлээ. Галын тахилгадаа хүч нэмэн удган Долгорсүрэн, Зулаа, Бумдарв, Пүрэвсүрэн, Бямбасүрэн, зайран Эрдэнэбат нар хуур манжигаар бөөлнө билээ. Ийнхүү галын тахилга маш сайхан болж өнгөрлөө. Өмнө хийж байсан галын тахилга заавал нэг зөрчил агуулж байсан байдаг. Энэ удаа галын тахилга тэрхүү буруу зүйлийг таслаж маш сайхан эмх цэгц, дэг журамтай болж өнгөрсөн.

    djmedia:580
  • 9. ХАЙРХАНЫ ТАХИЛГА.

    Тэгээд тэр хэдийгээ хайгаад хөдлөв. Хатгалын гүүр гараад модтой уулын нэг оройд тахилга хийхээр зааж өгсөн байх юм. Бүр мэдэх, мэдэхгүйгээр загнаж байгаад зааж өгсөн гэж сонсов. МБНЭ-ийн тахилга хийх дотоод ажилд бидний өмнөөс мэдэмхийрэн оролцсон асуудал гарлаа. Манай залуус ч шинэдэв. Бас буурь, суурь дутав. Бид ч муу тусалсаны тод жишээ л дээ. Гэхдээ бусдын дотоод ажилд дур мэдэн оролцох нь ноцтой алдаа, ноцтой үр дагавар авчирдаг.
    Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран Д.Нямдаваа, Б.Баяраа \Моко\, Х.Батбаяр, \Бүдүрэ\ нар бөөлж байсан билээ. Энэ удаа зүүн тайгын төлөөлөл, болсон зайран Болд түрүүлж гарч хуур манжигаар бөөлсөн. Түүний араас Монгол бөөгийн удган Болортунгалаг хуяглан толгойлж бөөллөө. Олон улаач түүний бөөлөлтийг харж, олон ч зүйл хүлээж байсан байх аа. Түүний хариултыг бөөлөөгөөрөө өглөө.
    Хайрханы тахилгыг толгойлон бөөлсөн нэгэн бол Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумыг төлөөлж, Монгол бөөгийн зайран Болдбаатар хуяглан бөөлж боссон билээ. Түүнийг бөөлөлт цугларсан олонд сонихон байсан. Ялангуяа түүний тамлаг, дуудлагыг таалж байгаа нь харагдлаа. Ийнхүү Хөвсгөл нуурын Хайрханы тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Хайрханд бөөлөх бүрэлдэхүүн бүгд анх удаа гарч байгаа болохоор МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд санаа их зовж байлаа. Хайрханы тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн улаач нар хамт олны итгэлийг дааж, хариуцлагатай бөөлсөн.
    Тэнгэрийн үйлийн их зам биднийг хөтөлж байгаа, уламжлалт бөөгийн зан үйлийг авч яваа ахмад үе маанд бөөлөлтөө ийм нэгдсэн тахилга дээр харуулдаг, залуу үе маань түүнээс сайн суралцах шаардлага бий.

    djmedia:579
  • 8. ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫН ТАХИЛГА

     

    Лусын тахилгыг Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлон гарч бөөлсөн билээ. Дархан зайран маань Хайрханы тахилгад бөөлөх байсанаа өөрчилж Лусад бөөлөхөөр шийд гаргасан юм.
    Түүний араас Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр Цагааннуур сумын төлөөлөл, нуурандаа залбирч бөөллөө.
    Улаан-уул сумыг төлөөлөн Зайран Пүрэвсан толгойлон бөөллөө. Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгадаа анхлан бөөлөгчдийн нэг болоо.
    Олондоо танил болсон Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Алаг-Эрдэнэ сумын төлөөлөл болон толгойлон бөөлсөн байдаг. Энэ цагийн залуу үеийн төлөөлөл болсон зайран өөрийн хүч чадлаа харуулсан билээ.
    Олон зуун жил түүхэн уламжлалаа авч яваа Монгол бөөгийн тэргүүн зайран Т.Пүрэвдорж Лусын тахилгадаа толгойлон бөөлөх үүргээ сайн биелүүллээ. Тэрээр нутагтаа болж байгаа бөөлөлтөд анх удаа тэргүүлэн бөөлөлт хийлээ.
    Хөвсгөлийн зүүн тайгын төлөөлөл болсон Монгол бөөгийн их зайран В.Төмжий \Нэргүй\ Лусын тахилгадаа толгойлон бөөлсөн билээ. Түүний өвөрмөц бөөлөлт бусдын анхаарлын төвд байдаг. Зайраг гарч бөөлөх хүртэл бас л түвэгтэй байдал бий болсон юм. Хожим түүх тайлбарлана. Эцсийн бүлэгт зайран зайран нуурандаа залбирч бөөлнө билээ.
    Хөвсгөл нуурын Лусын тахилгыг Дархан-Уул амйгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн Лусын тахилгадаа толгойлон бөөлж дуусгалаа. Түүний бөөлөлт бүр давтагдашгүй мөн чанарыг агуулж байдаг. Их удган маань түмэн олны төлөө олон жил ачааны хүндийг үүрч өнөөг хүрч ирсэн.
    Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын Лусын тахилга улаач нарт маш сургамжтай болж өнгөрсөн. Бурхан халдун, Хөвсгөл нуурын тахилгын түүхэн сургамжийг бид хэзээ ч мартахгүй. Эх орон, түмэн олон, байгаль дэлхийнхээ төлөө амиа зориулж явдаг нь жинхэнэ улаач хүний мөн чанар байдаг.

    djmedia:578

     

  • Хоёр. ХӨВСГӨЛ НУУРЫН ТАХИЛГА 7. ЦУГЛАРАЛТ, БЭЛТГЭЛ АЖИЛ

     

    Төв асар түүний 2 талд багахан асарууд эгнэн туг далбаанууд байрлалаа эзэлж намирав. Нийтдээ 110 гаруй улаач нар цугларсан байлаа.
    Эхний арга хэмжээ урлагын тоглолт байсан боловч оройтож цугларсан болон Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хүлээн авалтын бэлтгэл ажилтай холбоотой урлагын тоглолтын арга хэмжээ тасарсан юм.
    Бид тоглолтоо сумын клуб орж үзнэ гэхээр бүрэлдэхүүн тарж, дахин бүлэглэхэд хэцүү байсан. Нөгөө талдаа маргаашийн тахилгын мэдээлэл хүргэх шаардлагатай байсан тул цаг бага байлаа.
    Ажлын хэсэг газар сонголт дээр нилээд цаг авав. Уг нь өмнөх үед хийсэн газраа давтан хийх болов уу гэж бодож байсан ч ялимгүй шилжиж хийгдэхээр болов.
    Байрлал бүхий газартаа иргэж ирэхэд Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийхэн хүрэлцэн ирсэн улаач нартаа хүндэтгэлийн оройн хоол барьсан билээ.
    Түүний дараа Нэгдсэн тахилгад хүрэлцэн ирэгсэд цугларч хуралдаанаа хийж маргааш болох тахилгын талаар санал бодлоо ярилцсан юм. Эндээс тахилга хийх бэлтгэл хэсгүүд өөр, өөрийн чиглэл болох ажилдаа идэвхитэй орцгоолоо.

    djmedia:577
  • 6.ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ГАЛЫН ТАХИЛГА

     

    Маш хүнд өвчинд бие нь шаналж байсан ч, Д.Батчулуун удган хүчээ шавхан бөөлсөн билээ. Бөөгийн байгууллагын удирдаж байгаа хүний гашуун зүйл энэ байдаг. Удган маань надад өөрийн хүнд өвчний тухай хэлсэн байсан. Тэгээд энэ удаагийн тахилга дээр галын тахилгыг толгойлон бөөлж, кино зурган дээр сүүлчийн бөөлөөгөө мөнхлөн үлдээсэн түүхтэй.
    Энэ цаг үед Хөвсгөлийн алдарт Дамдин зайрангаар овоглодог хоёр “бүсгүй” байдаг. Нэг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн улаач нар түүнийг сайн мэддэг, Дамдины Батчулуун, тэрээр бүх л амьдарлаа нутагдаа өнгөрүүлсэн нэгэн.
    Нөгөө нь Улаанбаатар хотод амьдардаг Дамдины Батчулуун юм. Тэрээр анхлан МБНЭ-ийг байгуулахад хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд БНАСАУ-д очиж Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлж байсан. Нийслэлчүүдэд танил болсон нэгэн. Гэвч Бурхан халдуны нэгдсэн тахилгын төгсгөлд Босгын даваанаас цааш эмэгтэй хүн явж болдоггүй эртний уламжлалыг зөрчсөн хэргээр ёс зүйн шаардлага тавихад хариуцлага хүлээж авалгүй МБНЭ-ээс гарсан түүхтэй. Угтаа бол том асуудал биш, ухамсарлаад алдаагаа дахин давтахгүй байхад болох үйл. Өөр шалтгаан байсан болов уу.
    Хоёул монгол бөөгийн удганууд, ижил овогтой, ижил нэртэй. Түүх замнал нь өөр, өөр.
    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, удган Д.Батчулуун хүнд өвчинд тусаад байх үедээ ч МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн үйл ажиллагааг идэвхитэй удирдаж ирсэн.
    Тэрээр Эрдэнэхайрхан буюу 50 ба 100 хэмээх цогцолборын дэргэдэх галын тахилга дээр анхлан бөөлөхдөө цоо эрүүл мэт хөнгөн шаламгай байсан. Бөөлөлтийн дараа хамт Хөвсгөл нуур очих хүсэлтийг хүлээж авсан ч, хөдлөх үед бие нь тавгүй байна гэртээ шууд буцахаар болсон. Эрүүл мэнд нь улам муудаж, түүнээс хойш удаагүй харанхуйн оронг зорьсон. Энэ бол бид хоёрын сүүлчийн уулзалт байж билээ.

    Эрдэнэхайрхан буюу 50 ба 100 хэмээх цогцолборын дэргэдэх галын тахилга дээр энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул толгойлон бөөлж уламжлалт монгол бөөгийн дараа үе тодорч байгааг харуулсан юм.
    Хайрханы өвөрт галын тахилга болж, зон олон улаачийн бөөлөлтийг харж баясан дэмжиж байсан. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул хамт олныхоо итгэлийг хариуцлагатай залгамжлагч гэдгээ тодотгож чадсан.
    Өмнө нь Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлон бөөлж байсан түүхтэй. Энэ удаа төрсөн нутагтаа нутагтаа бөөлсөн хэрэг юм.
    Сайн шавь багшийн нэр алдарыг шавь нь олонд алдаршуулж явдаг, тиймээс багшийн хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй шавийн үйл тодотгож байдаг.

    djmedia:576
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕР ДҮГЭЭР ХУРАЛДААН

    1. Монгол туургатан бөө нарын эрдэм, судалгаа, практикын хамтарсан хуралдааны дүн
    2. БНТУ-ын Элчин сайдтай уулзсан тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    3. Шашины удирдлагуудын хуралдаанд оролцсон тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа

    Хоёр. БОДЛОГЫН АСУУДАЛ
    4. МБНЭ-ийн сурталчилгааны чиглэл, үйл ажилагааг эрчимжүүлэх тухай
    5. 2023 онд МБНЭ-ийн гадаад харилцааг хэрэгжүүлэх зорилтууд
    6. МБНЭ-ИЙН ХАНДИВ АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ-д өөрчлөлт оруулах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Гурав. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    7. 2022 онд хийсэн Нэгдсэн болон орон нутгийн тахилгад оролцсон дүнгийн тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    8. 2023 онд МБНЭ-ээс зохион байгуулах Нэгдсэн болон орон нутгийн тахилга, Төлөвлөлт
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    9. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн тахилгын тухай
    Монгол бөөгийн удган Б.Майцэцэг

    Дөрөв. ДОТООД АЖИЛ
    10. 2022 онд хийсэн Нэгдсэн тахилгад бөөлсөн улаач нарт бөөгийн цол олгох тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул
    11. Үйл ажиллагаанд оролцсон улаач нарыг шагналд тодорхойлох тухай
    Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул
    12. 2022 оны Санхүүгийн байдал.
    Монгол бөөгийн удган Р.Маахүү
    13. МБНЭ-ийн Цол, шагнал олгох цэнгүүнийг зохион байгуулах тухай
    14. МБНЭ-ийн Спортын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн