Category: Монгол бөөгийн түүх

  • НАЙМАН ЛУС

    Харин лусын 8-н аймгийн дагалдах лусууд нь Улаан лус, Алтан лус, Бор лус, Эрээн лус, Ногоон лус багтдаг. Хамгийн хүчирхэг бөгөөд хүндлэл хүсдэг нь Цагаан лус бол хэцүү бэрх нь Хар лус ( сохор ), хорлол ихтэй нь Эрээн лус, хамгийн номхон нь Бор лус, ач тустай нь Алтан лус, тогтуун нь Ногоон лус, догшин нь Улаан лус юм. Харин Цагаан лусыг эртнээсээ хаад ноёд тусгайлан их тахиж тухайн жилийнхээ төлөв байдал, өнгийг мэдэж авдаг байсан уламжлалтай бол жирийн үед ч их аргадуулах дуртай нь Хөх лус юм. Хөх лусыг удган хүн аргадаж тахидаг заншилтай.

  • МОНГОЛД ИРЭЭД ЭДГЭРСЭН АУТИЗМЫН ЭМГЭГТЭЙ ХҮҮХДИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН М.НАРАНГЭРЭЛТЭЙ ЯРИЛЦЛАА

    Хэнтэй ч харилцдаггүй Рован хөршийнхөө морийг аавтайгаа хамт унадаг болсноор түүний хэл ярианы хөгжил сайжирч, аавтайгаа ярилцдаг болжээ. Хүүгээ амьтадтай ер бусын холбоотойг анзаарсан Рубэрт хүүгээ эмчлэхээр уламжлалт мал аж ахуйтай, бөө мөргөлийн зан үйл хийдэг Монгол орныг сонгож, гэр бүлийн хамт 2007 онд ирсэн байна. Монгол орноор дөрвөн долоо хоног аялсны үр дүнд хүү нь засал авч уурлаж уцаарлах нь эрс багасч, ердийн хүүхэд шиг ээж аавтайгаа ярилцан, өөрөө бие засаж сурчээ.
    Энэхүү гэр бүлийн ээдрээтэй, хүнд, гайхамшигтай аяллын түүх “Морьтой Жаал” хэмээх ном болон баримтат кино болон алдаршжээ. Энэ түүх аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд ихээхэн урам зориг өгсөн бөгөөд зарим улсад аутизмын эмгэгийг таниулж өгсөн ач тустай.
    Рубэрт Исааксоны гэр бүлийг эх орондоо хүлээн авч, аяллын туршид хамт байж, хөтөч хийж байсан “Nomadic trails” компанийн үүсгэн байгуулагч М.Нарангэрэлтэй ярилцлаа. Түүний нөхөр Тулга, том хүү Т.Бодьбилгүүн нар Рубэртийн гэр бүлтэй 28 хоногийн турш аялсан юм. “Nomadic trails” компани байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхдаа Рубэртийн гэр бүлийн аялалыг зохион байгуулж байжээ.
    -АУТИЗМЫН ЭМГЭГТЭЙ БАГ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ РУБЭРТ ИСААКСОНЫ ГЭР БҮЛ МОНГОЛД ИРЭХЭЭР БОЛСОН-
    -Ярилцлагаа Рубэртийн гэр бүлтэй хэрхэн холбогдсон болоод яагаад заавал манай орныг сонгох болсон талаар эхлэе.
    -2006 онд Английн харилцагч компаниас Монгол руу аялах гэр бүл байна. Энэ аяллыг зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн дагуу аутизмын эмгэгтэй бага насны хүүхэдтэй Рубэрт Исааксоны гэр бүл ирэхээр болсон юм. Монгол руу ирэхээсээ өмнө хүүгийн аав маш их судалгаа хийсэн байсан. Рубэрт чөлөөт сэтгүүлч мэргэжилтэй, Африкийн уугуул иргэдтэй ойр ажиллаж байсан учраас бөөгийн зан үйлийн талаар мэдээлэл ихтэй байж. Аутизмтай хүүхдээ дагуулаад морины болоод бөөгийн соёлтой улс оронд очвол сайн гэж Африкийн уугуул иргэд зөвлөсөн байгаа юм. Түүний дагуу судлахад морь, бөөтэй улс манай улс байж. Хүүгээ Монгол руу авч ирэхээр болоод бид онлайнаар нэг жил гаран харилцсан. Руберт Исааксон, эхнэр Кристин болон хүү Рованы хамт 2007 оны долоодугаар сард Монголд ирсэн. Аялал 28 хоног үргэлжилсэн.
    Их тэнгэрийн аманд бөөлүүлж, зан үйл гүйцэлдүүлж байгаа нь
    -Бөө олох хүндрэлтэй байсан уу? Хэрхэн сонгосон бэ?
    -Бөө нарын талаар нэлээн судалсан. Улаанбаатарт бөөгийн “Голомт” гээд холбоо байсан. Уг холбоонд хүсэлт тавиад Монголын өнцөг булан бүрт байгаа бөө нараас бөөлүүлж үзье гээд халх, буриад, дархад зэрэг есөн бөөгөөр Их тэнгэрийн аманд бөөлүүлж, зан үйл гүйцэлдүүлсэн.
    -Есөн бөөгийн зан үйл дуусаад аялал цааш хэрхэн үргэлжилсэн бэ?
    -Есөн бөөгийн зан үйлээ дуусаад бид Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явсан. Тэндээсээ морь аваад морио юүлж явсаар Хөвсгөл аймаг орох төлөвлөгөөтэй байв. Хишиг-Өндөр сумаас Баян-Агт сум хүртэл мориор яваад цаашаа мориор явах боломжгүйг ойлгоод морьдоо буцаасан. Машинаараа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум хүртэл яваад Тайгад мориор хүрсэн. Жирийн хүн явахад ч хэцүү зам шүү дээ.
    -ЦААТАНГУУД ДЭЭР СУРГААР Л ОЧСОН-
    -Тэр бүр хүмүүс тайга руу явахыг хүсдэггүй байсан үе. Тайгад очих болсон шалтгаан юу байв?
    -Тайгад очоод Саян удгантай уулзах зорилготой байсан. Замдаа Саян удганы хүүтэй таарахад өөд болоод нэг жил болж байгааг нь хэлсэн. Тэгээд бидэнд баруун тайгын Госта зайрантай уулзахыг зөвлөсөн. Эхлээд зайран хүлээж авах тал дээр асуудалтай байсан. Олон цаг ярилцаж, учир байдлаа тайлбарласны эцэст зайран тэдний заслыг хийж өгсөн.
    Хөвсгөл аймаг, Цагааннуур сум баруун тайгад Госта удганы хамт
    -Тайгын хүмүүстэй яаж холбогдож байсан бэ? Холбоо харилцаа тогтоох хэцүү байсан байх.
    -Цаатангууд дээр сургаар л очсон. Улаан-Уул суманд амьдардаг хүн Саян удганыг өөд болоод нэг жил болоход мэдээгүй байсан. Цаатангууд тийм нууцлаг амьдардаг байгаа юм. Аялагчид хэцүү учраас тайга руу аялалд явдаггүй. Кино зураг авалт хийхээр л явдаг байсан үе. 2008 онд цаатангуудад АНУ-ын иргэн Морганы “Итгэл” сангаас “Цаачин иргэдийн мэдээллийн төв” гэсэн нөхөрлөл байгуулж өгөөд цаачдыг аялал жуулчлал хэрхэн хийх талаар сургалтад хамруулсан. 2-3 жил сайн ажиллаад явж байтал удирдаж байсан хүн нөгөө л монгол зангааараа мөнгө төгрөг идэх асуудал гаргаад төслийг маань байхгүй болгочихсон. Гэхдээ тэр үеэс компаниуд тайгын аяллыг зарахад амархан болж эхэлсэн. Үүрэн телефоны сүлжээ ортол тайгын иргэдтэй богино долгионоор харилцаж байв. Улаанбаатарт баруун, зүүн тайгад нэг нэг богино долгионы станцтай. Түүгээрээ цаг агаарын байдал болоод хэдэн хүн хэзээ очих талаар мэдээлэл дамжуулдаг байсан.
    Caption
    -БИД ОЛОН ГАЗАР НҮҮРЭЭ ХИЙХ ГАЗАРГҮЙ БАЙДАЛД ОРЖ БАЙВ-
    -Тэр үед авто зам, харилцаа холбоо муу байсан байх. Асуудлууд их гарч байсан уу? их хариуцлагын хажуугаар шантрах үе байв уу?
    -Морио алдах, багийн гишүүд өвдөх. Аяллын явцад нэлээд асуудлууд гарсан. 2006 онд манай аялал жуулчлалын салбар хүндрэл ихтэй. Зам, аяллын хэрэгсэл, хоол хүнс муу, тайгын иргэд ч аялал жуулчлалд дөнгөж орж байсан. Манай пургоны жолооч нар хүртэл замын дундаас буцна гэж хэлж байсан. Өдөржин хүүхдийн уйлах чимээнд машин барихад хэцүү байсан болов уу. Бүх зүйлс Рубэртийн гэр бүлийн дураар өөрчлөгдөж байсан болохоор тогооч маань хүртэл шантарч байв. Энэ асуудлууд хөшигний цаана үлдсэн. Гэхдээ хэцүү зүйлтэй нүүр тулж, түүнийг давж гарсан учраас энэ түүх олон хүнд хүрсэн байх.
    Бид засмал замаар огт яваагүй. Яагаад пургон сонгосон гэхээр бие биеэ харж суух, хоёр хүүхэд хоорондоо тоглох чөлөөт байдал пургонд илүү байсан. Одоо бодоход пургон сонгосон нь маш зөв байж гэж боддог. Өөр зохион байгуулалттай машинаар явах ямар ч боломжгүй.
    Мөн их тэнгэрийн аманд зан үйл хийсэн зарим бөө нар согтуу. Энэ мэт олон газар аяллын зохион байгуулагчид нүүрээ хийх газаргүй байдалд орж байв. Гэвч аль болох л байгаагаараа байсан. Рован өглөө бүр бэкон иддэг. Хөдөө газар бэкон олдохгүй. Араас нь явах гэхээр хаана явааг нь мэдэхгүй. Сүлжээ байхгүй. Манай нөхөр олон жил аялал жуулчлалын салбарт ажилласан туршлагаараа энэ урт бөгөөд хэцүү аяллыг дуусгасан.
    -МОНГОЛ ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ЖУУЛЧИД ИХСЭЖ ЭХ ОРОН МИНЬ АНХААРЛЫН ТӨВД НЭГ ХЭСЭГТЭЭ ОРСОН-
    -Тэр үед Монголд аутизмын эмгэгийн талаар мэдээлэл байсан уу?
    -2004 онд Монголд аутизмын талаар мэдээлэлтэй нэг ч хүн байгаагүй. Оношилж чадахгүйгээс аутизмыг оюуны хомсдол гэсэн ангилалд оруулж байсан. “Морьтой жаал” баримтат кино гарснаас хойш хүмүүс хүүхдүүдээ аутизмтай юм байна гэсэн ойлголтыг авч, гадаадад оношлуулж эхэлсэн байдаг. Монголд маш олон аутизмтай хүүхэд байсан гэж оношлогооны дараа бий болсон. Түүнээс гэнэт аутизмтай хүүхдүүд төрөөд эхэлсэн юм биш. Монголд аутизмыг таниулж өгсөн гэж нөхөр бид хоёрт их хүндэтгэлтэй ханддаг.
    Дэлхийн өнцөг булан бүрээс аутизмтай хүүхдүүд Монголыг зорьж ирсэн.
    -Аутизмтай хүүхдээ эдгээх гэсэн гэр бүлүүд их холбогддог уу?
    -Энэ үйл явдал болсны дараагаас дэлхийн өнцөг булан бүрээс аутизмтай хүүхдүүд Монголыг зорьж ирсэн. Гэтэл тэр аялал нь маш хүнд шүү дээ. Хүн бүрт адилхан үр дүн гарахгүй. Ид шид гэж байхгүй гэдгийг л тайлбарладаг. Хэт өндөр хүлээлттэй байх хэрэггүй гэж хэлдэг. Бага насны, өсвөр насны эрэгтэй, эмэгтэй, ихэр хүүхдүүдтэй олон гадны гэр бүлүүдийн хүсэлт нэлээн ирэх болж олон ч аялалд хамт аяллаа. Энэ дунд зөвхөн хүүхдүүдээ гар утасны хамаарал, хар тамхи мансуурлаас сатааруулах гэж ирдэг аав ээж нар ч байсан юм. Гэхдээ сайн, сайхан өөрчлөлтүүд хүүхдэд нь гарсан жишээ олон бий. Тухайлбал, хэзээ ч аав, ээжтэйгээ ярьж байгаагүй аутизмтай хүүхэд тайгаас бууж ирээд ээждээ хайртай гэж хэлсэн. Ээж нь маш их баярласан.
    Улам ядарч байгаа хүмүүсийг нэмж хохироох асуудал үүссэн учраас болгоомжлол үүсээд зарим бөө нартай холбож өгөхөө больсон.
    -Аутизмтай хүүхдэд тайвшруулах зорилгоор их олон төрлийн эм өгдөг. Рубэрт хүүгээ үүнээс өөр аргаар эмчлэхийг оролдсон.
    -Аутизмтай хүүхдүүдэд хүнд металын найрлагатай эм хүчээр уулгаж, тайвшруулдаг. АНУ-д аутизмтай хүүхдийн эмчилгээнд засгийн газраас нь хяналт тавьдаг. Тиймээс эцэг эхчүүдэд асар их дарамттай. Руберт үүнээс үүдэж хүн байгалийн амьтан учраас байгаль үүнийг зохицуулж болох юм гэдгийг харуулахыг зорьсон. Монголын тухай номдоо маш сайхан зүйлсийг бичсэн байдаг. Нийгэмд арай өөр ойлголтыг бий болгосон.
    Бөөгийн зан үйл бөө нараас гадна байгалийн сайхан, эмийн ургамалууд, амьтад хүүхдэд нөлөөлсөн.
    -ТУЙЛШРАЛ ИХ БАЙСАН УЧРААС НОМЫН ХЭВЛЭЛИЙГ ЗОГСООСОН-
    -Энэ түүх дэлхийд их алдартай болсон. Баримтат кино нь монгол хэлэнд орчуулагдсан байдаг юм билээ. Харин ном нь яагаад тийм бага тоогоор хэвлэгдсэн юм бол?
    -“Морьтой жаал Монголоор” номын хэвлэх эрхийг аваад Битпресс Хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан, 300 ширхэгийг хэвлээд хэвлэлийг зогсоосон. Бөө нар нь “Би энэ хүүхдийг эдгээсэн” гэсэн асуудал үүссэн. Туйлшрал их байсан учраас номын хэвлэлийг зогсоох арга авсан. Биднээс зөвшөөрөл авахгүйгээр монголын телевизүүд “Морьтой жаал” баримтат киног нь гаргаж байв. Хүний нэр, газар орны нэр буруу бичих зэрэг асуудал гарсан. Эрхийг нь нэг сая доллараар зарсан том төслийн эрхийг авалгүй шууд олон нийтэд түгээсэн телевизүүдэд бидний зүгээс санамж өгч ажилласан. Руберт манай компанид “Морьтой жаал” баримтат киног зурагтаар цацах эрх өгсөн.
    -Рованийг эдгэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?
    -Бөөгийн зан үйл бөө нараас гадна байгалийн сайхан, эмийн ургамалууд, амьтад хүүхдэд нөлөөлсөн болов уу. Мөн Булган аймгийн Шарга нуур, Хануйн халуун усны рашаан зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газруудаар явсан. Рован хөдөө гараад сайхан тайвширч, маш сайн унтаж байсан. Заримдаа өдрийн 14 цаг хүртэл унтдаг болсон.
    Аутизмтай хүүхдүүд амьтантай холбоо тогтоохдоо маш сайн. Энэ нь далд ертөнц байх. Айлын уяан дээр байгаа морины сүүлнээс бариад хөлнөөс нь тэврээд авсан. Монгол морь хойд хөлнөөсөө тэврүүлэх байтугай буруу талаас мордоход үргэж, булгидаг омголон шүү дээ. Тэгэхэд гадаад хүүхэд тийм үйлдэл хийхэд морь ямар нэгэн хариу үзүүлээгүй. Маш номхон хүлцэнгүй байдалтай болдог.
    -ЭНЭ ҮЙЛ ЯВДЛААС ХОЙШ МОНГОЛД ИРЭЭГҮЙ. ИРЭХ ТӨСӨЛ ЯРИГДАЖ БАЙГАА-
    -Хүүгийн аав, ээж тэс өөр хүмүүс байсан нь кинон дээрээс анзаарагддаг. Хүүгийнхээ төлөө зүтгэл гаргаж байгаа нь өөр байдаг. Аав ээжийнх зүгээс аяллын туршид хүндрэл учруулж байв уу? Аяллын бүрэлдэхүүнд хэдэн хүн багтсан байсан бэ?
    -Руберт өглөөнөөс орой хүртэл бүгдийг яс төлөвлөдөг. Бүгдийг хяналтдаа авдаг байлаа. Ровэний ээж унаган хотын, их ааш муутай эмэгтэй. Аяллын үндсэн бүрэлдэхүүнд дууны инженер, зураглаач, хүүхдийг морин дээр авч явах туслах, Ровэний ээж аав гэсэн хүмүүс багтсан. Бид аялал зохион байгуулалт дээр анхаарч байснаас цаана нь ямар том төсөл явж байгаад анзаараагүй. Аяллын зохион байгуулалтыг сайн хийх гэхэд төлөвлөгөө өдөрт өөрчлөгдөн, хүүхдийн аясаар бүх зүйл шийдэгдэж байв. Монгол морь морин тойруулгын морь биш шүү дээ. Эхнэр сэтгэл судлалын доктор байж өөрөө их сэтгэлийн асуудалтай, эмзэг байсан. Маш их уйлж, сэтгэлээр унаж нөхрөө зовоосон. Хүүхдээсээ илүү бидэнд төвөг удаж байсныг нуугаад яахав. Тэр хүний арга эвийг олох гэж олон удаа төвөгтэй байдалд орж байлаа.
    Хөвсгөлөөс буцаж ирээд Хустайн нуруунд нэг зан үйл хийх ёстой байсан. Хустайд хэдэн Герман хүмүүстэй таараад “хүүхдээ чимээгүй байлга” гэж орилсон. Тэр нь нийгмээс ийм гэр бүлүүдэд үзүүлдэг дарамтыг харуулж байна. Нийгмээс маш их хэмжээний дарамттай тулгардаг.
    -Рубэртийн гэр бүл Монголд дахиж ирсэн үү?
    -Энэ үйл явдлаас хойш Монголд ирээгүй. Ирэх төсөл яригдаж байгаа. Ровэн дүүтэй болсон. Зарим хүмүүс Рубэртийг эхнэрээсээ салсан гэж ярьдаг. Бидэнд ч эхнэртэйгээ хамт байгаа гэх шинж анзаарагдахгүй байгаа. Эхнэрээсээ салсан эсэхийг асууж зүрхлэхгүй байна.
    -ОДОО РОВАН БУСДАД БОЛОН ӨӨРТӨӨ СААДГҮЙ АМЬДАРЧ БАЙНА-
    -Таны хүү Томоо тэр аяллын турш Ровэнтой хамт байсан. Би Томоог Ровэнг эдгэхэд нөлөөлсөн гэж боддог. Томоогийн талаар яриач?
    -Манай хүү. Жинхэнэ нэр нь Т.Бодьбилгүүн. Энэ жил 21 нас хүрч байна. МУИС-ийн аялал жуулчлалын ангид сурдаг. Тэр үеэс хойш аутизмтай хүүхдүүдтэй аялалд их явсан. Дүү нь ч явсан. Гэр бүлээрээ ч явж байлаа. Ашиг орлого гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хариуцлагаараа зарим гэр бүлүүдэд урам өгөх, хүүхдүүдээ тоглуулах, ээж аав нарт сэтгэлийн дэм өгөх төрлийн хандивын аялал их хийж байв. Бараг жил бүр л тайга руу явсан. Өдөрт 8-9 цаг морин дээр хүүхдийг авч явах бол их хэцүү. Баргийн хүний хийхгүй ажил.
    -Одоо Ровантой холбоотой байдаг уу? Биеийн байдал хэвийн болов уу?
    -Одоо Рован өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нийгмийн харилцаанд ордог, өөрөө бие даагаад барилгын компанид туслах ажилтан хийж байгаа. Энэ бол аавынх нь хүүхдийнхээ төлөө хийсэн зогсолтгүй тэмцлийн үр дүн. Рубэрт уйгагүй, цуцашгүй байж чадсан. Ихэнх тохиолдолд аавууд бууж өгдөг. Ээжүүд хүүхэдтэйгээ үлддэг. Гэр бүл салдаг. Руберт аавуудыг хүчтэй байлгах, урам зориг өгөх, хүүхэдтэйгээ ажиллах, хүүхдээ өөрөөр харах нөхцлийг бүрдүүлж өгсөн гавьяатай. Рубэрт хүүхэдтэйгээ сайн ажилласны ачаар одоо Рован бусдад болон өөртөө саадгүй амьдарч байна.

    djmedia:379
  • ДАРХАДЫН АЛДАРТ ТУВААНЫ БАЛЖИР УДГАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

    -Тэр цагт таныг бөөлөхийг хориглож байв уу?
    -Би шашинтай төрд хүн болсон хүн. 25 настай байхад, хувьсгалт төрийн үед, бөө нарыг цөмийг нь бариад явчихсан. Харин намайг хориглоогүй. Би бодохдоо, түүхийг “юм” дагадаг байх, би түүх болж үлдсэн юм болов уу л гэж боддог.
    -Та залуудаа аль хэр бөөлж байв ?
    – Үхэх гэж буй хүнд арга засал хийж бөөлнө, бөөлөхөд ясны онгод өнөө хүнийг чинь үзээд, энэ жил үхэх байсан бол хойд жил болтол, тэгээд улам цаашлуулж уламжлаад л нөгөө хүнийг чинь үхүүлэхгүй давуулж орхино доо. Гарз гарч байгаа айлын гарзны талын учрыг нь олоод үүдийг хааж орхино.
    -Бөө нар хүчээ сорьдог уу?
    – Тайгаас урианхай нар манайд ирсэн. Урианхайн онгод, хүн хорлодог юм гэсэн гэж бодоод л баахан айж, хүчээ үзэх гээд бөөлөв. Тэгсэн худал юм. Урианхай нар чинь онгодгүй, тайгын савдгууд, эзэд, лус тийм юмаар л аргалж явдаг бөөгүй улс юм билээ. Би бол хангай дэлхийн аль ч савдагтай элэглэж наадаж явдаг удган хүн, хаанахын ч савдгийг түүгээд л бөөлнө. Халхууд онгодтой, бөөгүй юм шүү дээ. Тэд одоо атаа таван тэнгэр гэж ганц “юмтай” бид гэдэг юм. Тэр яахав, амьд амьтанд байх ёстой л юмны нэг. Онгод ч гэж, бурхан ч гэж зүйрлэж хэлж болшгүй тийм л нэг байгаа юм.
    -Та багшийнхаа талаар….
    -Сандиг зайран гэж хүн байсан. Маш олон хүнийг мэргэлж, үзэхэд төлөг нь таарч байж энэ хүний шавь болсон. Багш минь эх юм зааж өгсөн дөө. Гурван жил багшаар өөрийн онгодоо тахиулж, гурван жил багшийн онгодыг тахисны дараа багш маань “Чи гараас гарлаа, хүнд арга засал хийж яваарай, мууг битгий хийгээрэй, дандаа сайхан цагаан санаагаар ач тус хийж яваарай” гэж захисан юм. Тэрнээс хойш 3 жилийн дараа багш минь баригдаж яваад эргэж ирээгүй. Алагдсан хэрэг л дээ.
    -Багш тань таны онгодыг яаж амилуулж өгөв?
    -Ядарч байж л оруулсан даа. Тэгээд гурван жилдээ л хүнийг шууд хараад таньдаг болсон. Ер нь яая л гэвэл яаж болно. Онгодын надад хэлсэн юм туйлын үнэн байдаг юм. Ердөө худал хэлдэггүй юм.
    -Онгод гэж ер нь юу юм бэ?
    -Дүрсэлбэл шуурга шиг, хуй салхи шиг тэнгэрийн луу гэдэг л юм. Бодит талдаа бол ханын толгойд өлгөөстэй даавуугаар хийсэн тэр зүйл юм. Надад бүтээсэн зөндөө олон онгод авдраар дүүрэн бий. Тэрийгээ тахиж явдаг юм. Онгод орохлоор зэрэг өвч хуяг, дээл хувцас өмссөн юм шиг бүх биеэр битүү хуяглаж, бүх мах ясаар дүүрээд ирдэг.
    -Онгод ирж байгаа нь мэдэгддэг үү?
    -Мэдэгдэлгүй яахав. Аяндаа орж эрээд л, хэлэх юмаа хэлээд л бөөлж байх үед ухаан улам саруул сайхан болдог. Би одоо нас ная гараад, бөөлж чадахаа байгаад байна. Энэ хэрэглэл чинь маш хүнд эд юм шүү дээ. Одоо цаашаа харж сууж байгаад манжгаараа бөөлдөг болсон. Онгод намайг захирхаас биш, би онгодоо захирч чадахгүй болжээ. Онгод худлаа хэлсэн хүнийг битий худлаа хэл гэж хэлээд л байдаг юм. Цаад хүнийх нь хорлол хатуу, нүүр таагүй хүнд бөөлөхөд өөрийн ясны онгодоороо л хуяглаж чадахгүй бол өөрийгөө ч хорлож орхино шүү дээ.
    -Та шавьтай юу?
    -Байхгүй, Тэр тийм амар юм биш.
    -Одоо алдартай том бөө би юу?
    -Өөдтэй бөө байхгүй болж дээ. Худал бөө нар тун олон болсон.
    -Яагаад? бөөгийн удам тасарч…
    -Хувьсгалт төрийн үед лам, бөө хоёрыг үгүй хийсэн юм шүү дээ.
    -Та юугаар мэргэлж үздэг вэ?
    -Би дал түлж мэргэлдэг. Дал ч мэргэн дээ. Хүний санаа хүртэл ил байдаг юм.
    Т.Балжир удганы тамлага:
    Хөсрийн хэлтэй хүн чинь
    Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
    Хөвчин бие нь тарчилж
    Хамгаалах юмгүй тонгочиж
    Хар санаа нь баглаж
    Хачин тарчлахыг үзнэ хө
    Хэлсэн санасныхаа төлөө
    Хэмжээгүй муухай тарчилж
    Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
    Хааяа намайг дуудаж хашиграарай !
    Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
    Сайн зангаж хяргаарай /Хутгаараа/
    Хар санаатныг хааж чадна
    Хатуу хэлийг тасалж чадна
    Бардам аюулыг зайлуулж чадна
    Баруун талдаа хадгаа авч яв
    Алт мөнгөө дууд! Хадгаараа
    Ангайх хэлийг тасал! Хутгаараа
    Халзан цагаан хонинд сайн мөргүүл
    Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ!

  • ДАЯН ДЭЭРХИЙН ДОМОГ

     

    Даян дээрхийн шүтээнийг XIX зууны үед шарын шашинд дагаж орох хүсэлт гаргав” гээд түүнийг маш сайнаар сайшаан зар тарааж, бөөгийн хувцастай байсан нь чулуун хаданд гэлэн хувцас хунарыг өмсгөн, шавир /цавир/ зүүлгэж, жижиг сүм бариад гурван гэлэнгээр байнга тахилга үйлдүүлэн, зул хүж таслахгүй байлгажээ. Ингэж Даян дээрхийг лам нар тахих болсонд зарим бөө удган нар ихэд эргэлзэж “үнэхээр бөө, удган бид, бурханы шашинд дагаж орох цаг нь болсон юм болов уу.Хэрэв цаг нь болоогүйсэн бол манай Даян дээрхийн тэнгэр сахиус лам нарыг бут ниргэж чадалтайсан билээ” хэмээн тээнгэлзэж, дургүй ч дагах тийшээ ханджээ.

    Хөвсгөлийн Хотгойд, Халхууд л Даян дээрхийг их тахиж байдаг. О.Пүрэв гуай “Дархадын бөө нар Даян дээрхид мөргөвөл урвасан гэж үзэж, нутагтаа очих эрхгүй байдаг байсан” гэж бичсэн байна.

    Даян дээрхийн түүхийн холбогдолтой домгийг Булган аймгийн өндөр настан Дагва гуайгаар 1956 онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай яриулан тэмдэглэн авчээ. Домогт өгүүлэхдээ:

    “Хэнтий, Булган Даян Дээрхи, Тагна уул”-ын савдагууд нийлж Чингис хааны үзэсгэлэнт бага хатныг булааж авахаар хэлэлцэж гэнэ. Тэгээд Даян дээрхи Чингис хааныд ганцаараа буухаар тохиролцож бусад гурав нь Чингисийн өргөөний ойр буугаад хүлээж туслахаар үлдэцгээж гэнэ. Чингис хаан Даян дээрхийг ихэд хүндэтгэж, идээ будаа базаалган тавиад, ярилцаж суутал орой болсонд Чингис хаан бараа бологч нартаа “Айлчины морийг тавь” гэж зарлиг болгов гэнэ ээ. Чингис хааны туслагч, бараа бологч нар” Энэ хүний жолоо, цулбуураас эхлэн ганзага, жирэм хүртэл жинхэнэ амьд могой юм. Тэд нь хатгачих гээд морийг нь тавиулахгүй байна” гэхэд, Даян дээрхи “Зүгээр ээ, би ингэсгээд мордоно. Алив хүүхэн минь нохой хориод аль” гэж Чингисийн бага хатанд хандан хэлэв гэнэ.

    Бага хатныг нохой хориод зогсож байтал Даян дээрхи гэнэт түүнийг шүүрэн авч морин дээрээ дүүрэн зугтаажээ. Чингис хаан баатруудынхаа хамт түүнийг хөөсөнд нөгөө бүгсэн гуравтайгаа Даян дээрхи нийлээд зугтааж яваад гэнэт дөрвөн тийш салан зугтаав гэнэ. Чингис хаан ганцхан хатныг дүүрсэн Даян дээрхийг шил даран хөөсөөр байж, Даян дээрхи Чингисийн хатныг Үүр голын дэргэдэх агуйд хийчихээд өөрөө голын зүүн хөвөөн дээр чулуун хүн болоод суучихсанд Чингис очоод “Гөлийсөн тархи” гээд сэлмээр цавчиж загнан байж, галдаад буцацгаасан гэнэ. Дараа нь Чингисийн төрд хүн малын их гарц тохиолдсонд Чингис хаан, Даян дээрхийг аргагүй тахиж эхэлсэн юм гэнэ лээ гэсэн энэ домгийг хүүрнэжээ.

    Даян дээрхи, рах бурхан хоёр
    Даян дээрхи, Рах бурхан хоёр хурмастад бие биеийнхээ бөгсийг тайрч хаяна гэж тангарласан юмсанжээ. Даян дээрхи хэлснээрээ Рахын бөгсөн биеийг тас цавчиж хаяад цоорхой болсон /зарим хувилбарт могой сүүлтэй гэдэг/ тул нар сарыг залгисан ч гоожоод гарчихдаг юм гэнэ. Харин Рах Даян дээрхийн бөгсийг сэлмээр тасдах гэсэнд цаадах нь хад болоод хувирч чаддаг тул бөгсийг нь тас цавчиж чадаагүй юм гэнэ.

     

  • № 3. ДҮНГЭРЭГ, БӨӨГИЙН ХЭЦ, БӨӨГИЙН ХУУР, ХАР БУХЫН АРЬСАН ХЭНГЭРЭГ

     

    Бөөгийн хуур-Бөөгийн хөгжмийн зэвсэгийн нэг төрөл онгодыг унаач хоёр гэдэг. “Огторгуйн хөх морь” нэрлэсэн ч бий. Явган бөөлөхдөө хуурыг хэрэглэдэг. Монголоос 2500 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуур олдсон. Хуурын онгон Хүүхэн Зэлмэн тэнгэрийн шившлэг.
    Нарийн сайхан хүлгээр тань
    Таныг урин дуудваа
    Миний сонсгол буйдуу хэлж өг гэж аман хуураар мэргэлэхийн өмнө шившдэг.

    Хар бухын арьсан хэнгэрэг-Тэмүүжин, Тоорил хаан, Жамуха гурав хүч хамсран мэргэдийг дайлаар мордох үед Жамухын цэргийн урианд хар бухын ширээр бүрсэн харгих дуутай хэнгэрэг байсан бол сүлд /тотем/ нь ухаагчин үнээ ухаа үхэр хоёр байжээ. /Монголын нууц товчоо. 106/

  • № 2. ХЭНГЭРЭГИЙН ДЭЛДЭХ ЁС,

     

    – Хэнгэрэг биеэ өнгийж дэлдэх.Хэнгэрэгийг өмнөө авч биеэрээ хэнгэрэг дээрээсээ өнгийж дэлдэнэ.

    – Хэнгэрэг биеийн ард дэлдэх. Хэнгэрэгээ нурууныхаа ард доош харуулан барьж дэлдэнэ.

    – Хэнгэрэг толгой дээр дэлдэх.Хэнгэрэгээ толгой дээрээ эгц дээш харуулан барьж дэлдэнэ.

    – Хэнгэрэг дээш харуулан дэлдэх. Хэнгэрэгийнхээ нүүрийг дээш нь тэнгэр нар сар өөд харуулан өмнөө барьж дэлдэнэ.

    – Хэнгэрэгийн эрмэг дэлдэх. Цохиурын үзүүрээр хэнгэрэгийн дээд ирмэгийг дэлдэнэ.

    – Хэнгэрэгийн цагираг дэлдэх. Хэнгэрэгийн доторх бариулын доод талд бэхэлсэн цагирагнуудыг дэлдэнэ.

    – Хэнгэрэгийн хөвөөг дэлдэх. Хэнгэрэгээ зүүн гараараа атгаж дуудлагын айзам бүрд бугуйгаараа баруун хөмрөн хэнгэрэгийн нүүрийг доош харуулан баруун гарын цохиураар хөвөөг дэлдэнэ.

    – Хэнгэрэг эргүүлж дэлдэх. Хэнгэрэгийг зүүн гараараа дээш харуулан атгаж эрхий хуруугаараа хэнгэрэгийн хүрээг гадагш имэрч чимхэн бусад дөрвөн хуруугаа хий атгаж хэнгэрэгийг түргэн эргүүлж дэлдэнэ.

    – Хэнгэрэг шидэж дэлдэх.Хэнгэрэгээ зүүн гараараа дээш харуулан атгаад эрхийг салгах ба баруун тийш шилжүүлэн хэнгэрэгийн биеийн өмнө хөндлөн барьж буйг эргүүлэхийн амт хэнгэрэгээ дээш шидэн хий дээр түргэн эргэлдүүлж бууж ирэх үед бариулаас нь барьж авна.

    – Хэнгэрэгийг наймаалжиж дэлдэх. Хэнгэрэгээ зүүн талаар нь тонгоруулан атгаж тохойгоо тахийлган урагш өргөн баруунаас эхлэн бугуйгаа тахийлган сарвуугаа хөдөлгөж хэнгэрэгийн бариулыг сэжлэн /8/ дүрс гаргах ба баруун тийш болох үед хэнгэрэгийн нүүрийг сарвуун дотор талд ойртуулан зүүн тийш болох үед хэнгэрэгийн арыг чадах чинээгээрээ эргүүлнэ.

    – Хэнгэрэг хөмөрч дэлдэх. Хэнгэрэгийг доош нь хөмрөн нүүрийг нь дээш харуулж дээрээс нь дэлдэнэ.

    – Хэнгэрэг мөрлөж дэлдэх. Хэнгэрэгийг баруун мөрнөөс эхлэн зүүн мөрөнд шилжүүлэн дэлдэнэ.

    Энэ аргуудаар хэнгэрэг дэлдэж онгод тэнгэрийг тахидаг уламжлал олон зуунаар үргэлжилж ирсэн. Харин сүүлийн үед энэ ёс журмыг мэдэхгүйн учир хэнгэрэгийг зөвхөн нэг хэсэгт цохиж, тэр хэсэг нь илэгдэж цоорсон харагдах нь уг бөөг хэр зэрэг мэдлэгтэй хүн болохыг харуулдаг.

  • № 1. ХЭНГЭРЭГИЙН ХҮРЭЭ МОД, ХЭНГЭРЭГИЙН ХЯЛГАС, ХЭНГЭРЭГИЙН ШӨРМӨС,

    Ойгоос хэнгэрэгийн хүрээ модонд тохирох модыг сонгож олсны дараа тэр модны хожуул болох хэсэгт цагаан даавууны цуудир буюу хадаг өргөж орчин тойронд нь сүүн сацал сацаж, арц уугиулан сан тавиад хормой дэвсэн сөхрөн сууж мөргөл үйлдэнэ. Энэ нь лус савдагаас тэр модны буян хишгийг гуйж байгаа хэрэг болно. Ийнхүү ёслол үйлдсэний дараа модоо заавал сүхээр хоёр таллан цавчиж унагаад үзүүрийн яр гишүүгүй хэсгээс хэнгэрэгийн хүрээ модны хэмжээгээр цавчин аваад цагаан зүгийн өсгөнд тээж гэрийнхээ наран ургах зүгээс авчирна.

    Модоо тэхий дундуур нь сүхээр цуулж, хоёр талаас нь хавтгайлан цавчиж барагцаалбал 2 цун /6 см/ орчим зузаан болгоно. Дараа нь нимгэн цавчиж /1 см/ орчим болгоод тэгш талбайд нэг гадас шааж түүд төвтэйгээр хэнгэрэгийн том жижгийг тохируулан тойрог зурна. Тэгээд тойргийн хүрээг тойруулан хавтгай дөрвөлжин байдлаар цавчин хийсэн гадасуудыг хүрээний гадны дотор талд хос хосоор нь зэрэгцүүлэн шаана. Гадас шааж бэлэн болмогц дэргэд нь задгай гал түлж харуулдаж бэлдсэн модоо галын дөлөнд шарж уг чийгийг нь ууршуулан уяруулмагц тэр даруйдаа гадасуудын завсраар банзаа хийж матаж дугуйлаад хоёр үзүүрийг нь мухар сөөм /14 см/ орчим нар зөв зөрүүлэн энд тэнд нь модон шаатгаар бэхэлсний эцэст бугын суран үдээсээр үдэж бэхэлнэ. Ингэж татахдаа модны ургаж байх үеийн сүүдэр талыг нь гадагш, наран талыг нь дотогш харуулна.

    Энэ бол нэгдүгээрт матахад хугарахаас сэргийлнэ. Хоёрдугаарт модны дулаан илч эзэн бөө болон онгоддоо ээлтэй байх сайн талтай гэлцдэг. Мөн хэнгэрэгийн хүрээ мод татах ажлыг өдрийн сайныг сонгон байж ногоон мэнгэтэй, лусын гүйдэлтэй өдөр буюу хэнгэрэг бүрэхээс 21 хоногийн өмнө хийж гүйцэтгэх ёстой.

    Хэнгэрэгийн хялгас-Монгол харын бөөгийн ёсонд хэнгэрэгийн булдруунуудын толио талын үеүдийг жороо морины сүүлний хялгасыг 9 давхарлан даруулдаг байв. Энэ нь онгод тэнгэрийн унаа болох амьтдыг хатирал сайтай, жороо явдалтай болгох гэсэн бэлэгдэл утгатай зүйл гэдэг.

    Хэнгэрэгийн шөрмөс-Монгол харын бөөгийн ёсонд хэнгэрэгийн өвөр тал руу харсан булдруунуудын үеийг бугын зооны томсон шөрмөсөөр даруулсныг онгод тэнгэрийн унаа амьтны амь насыг уртасган бэхжүүлсэн хэрэг гэж үздэг.

  • АЛБИН

     

    Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.

    Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.

    Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.

  • ХУЯГ ХУВЦАС ОНГОД ХЭРЭГСЛИЙГ АМИЛАХ ЗАН ҮЙЛ

    Энэ ажлын бэлтгэл болгож тэр өдрийн үдээс өмнө хонины хонго, шаант чөмөг, уураг сүүл гурван өндөр хавиргыг чанаж хус бодон шоронд шорлоод онгодын өмнө аягатай сүү, хадгийн дэргэд тавьсан байна. Тэгээд өмсгөл хэрэгслийг амилахдаа шавийнхаа бөө гутлыг зөрүүлэн тавиад дээр нь хэнгэрэгийн толио талыг нааш харуулан тавьж, бүрээсгүй талаас нь дээлийг нөмөргөж баруун ханцуйг урагш бөгтөргөн, аманд нь орбыг нь тавиад, хэнгэрийн дээд тал дээлийн захны тус газар малгайг нь нааш харуулан тавьж өмнүүр нь сая хөрөглөсөн онгодын шинэ хөргүүдийг бөгтөргөн, хэнгэрэг дотор хуурыг нь тавьж, хэнгэрэгийн цулбуураас багш бөө зүүн гартаа барьж хуяг хувцасгүйгээр хоёр гурван онгод дуудаж бөөлнө. Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно.
    Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.

  • ХАР ТУГ-СҮЛДИЙН НУУЦ ШҮТЭЭН. 2014.12.30 3-р хэсэг

     

    Чингис хаан Алтан хааны эсрэг дайтахаар Умард Хятад руу довтлохдоо тэрбээр Мөнх тэнгэрт сөгдөж, аврал ивээл эрэн өгүүлсэн нь “Хятадын эзэнтэнгүүд нь миний төрөл ахас даадас Амбагай хаан, Охин бархаг ба Хадан баатар нарыг хэрцгийгээр хөнөөсөн тул би тэднийхээ өшөөг авахаар явна. Аугаа их Мөнх тэнгэр минь та аврал ивээлээ хайрлана уу хэмээн мэхийж байна” гэж даатгаад мориндоо мордон явлаа” /Рашид ад Дин, 1, 2002, 192-193/ гэжээ.

    Чухам Монголын түүхэнд болсон энэ эмгэнэлт явдлаас хойш эцэг нь охиноо хадам төрхөмд нь хүргэж өгдөгийг цээрлүүлэн зогсоож, “эцэг эргэлтэд, эх хүргэлтэд” гэдэг зан заншил, мэргэн үг гарсан юм. Өөрөөр хэлбэл, энэ цагаас эхлээд эх нь охиноо хадамд нь хүргэж өгдөг, эцэг нь хожим эргэлтээр очдог болжээ. Мөн Татаруудад хууртаж, Алтан Улсын хаанд модон илжгэнд тэлүүлэн тэнгэрт хальсан Амбагай хааны сүнс онгодыг хараа ихт хар сүлдэндээ догшуулан шингээж тайж тахидаг болсон байна.

    Тэгэхлээр бидний бодлоор дан ганц Амбагай хааны сүнс биш Охин бархаг, Хадан баатар нарын гурамсан сүнс энэ сүлдэнд оршиж буй учраас тийм их хүчирхэг догшин ямар ч дайн тулаанд үл гартуулах сүр хүчийг олсон гэсэн санаа болно. Хараа ихт хар сүлдийн догшуулгын өчиг, тайлгын даатгал зэрэгт ч үүнийг санагдуулах дурьдлагууд олон буй. “Чингис хааны хар сүлдийн догшуулах тайлгын даатгалдаа”:

    Арван сарын арван дөрвөнөө
    Гадаад далайн тэртээ
    Гарах нарны зүгт
    Эрээн шилбэт
    Эргүүл улаан уруулт
    Шар сормууст
    Цагаан шаахайт
    Харь дайсны толгой руу
    Шилгээ орхигсодыг орхив
    Ха ха, ха ха, ха ха гэхчлэн тамлан өчиж байдаг нь бидний бодлоор Алтан улсын үеийн зүрчид манж угсаатныг хэлсэн бололтой. Энэ нь өвөг дээдсийн олон үеийн өс хонзонт, заналт дайсныг догшин хар сүлдэндээ зүслэн таниулах учир зорилгоор дурдсан зүйл мөн.

    Энд гарч байгаа “шилгээ орхидос”, “шилгээ-шилээ орхигсод” гэдэг нь халх аялгууны “шившиг шилээ”, “бузар буртаг” гэсэн үг, дөрвөд, захчин, торгууд, өөлд, урианхай баяд, хотон зэрэг ойрад аялгууны /шилээ/ буюу “золиг, чөтгөр” гэсэн үгтэй ойроолцоо утгатай бололтой.

    Хар туг-сүлдийн тайлага тахилга. Чингис хааны хараа ихт хар сүлдийн тайлга тахилгыг он удаан жил уг ёсоор нь бүрэн бүтнээр уламжлуулан өвлөж ирсэн монгол угсаатан бол Орос дахь сүлдийн дархадууд юм. Сүлдийн дархадын есөн хишиг хар сүлдийг тайж тахихдаа хар сүлдийн энгийн тайлга /өдрийн тайлга/, бага тайлга /сарын тайлга/, зуслангийн тайлга, их тайлга /тасман тайлга/, догшуулах тайлга /хөхөл шүүх тайлга/, сүсгийн мөргөл хэмээх хэдэн зүйлийн ялгамжаатай байдаг ажээ. Цагийн бэлгэдлийн хувьд сар бүрийн шинийн нэгэн, улирал бүрийн эхэн сарын шинийн гурваныг эрхэмлэж байгаа нь буюу монгол угсаатны бөө мөргөлийн онгодын тайлгадтай /уйгар, дархадын гэх мэт/ адил төстэй байна.

    Бага тайлгын журмаас үзэхэд хар сүлдэд зайсангийн тушаалаар залгамж тайж няндар /хадаг сэлт/ өргөж, ерөөлч чинсан няндарын даатгал хийдэг, мянгат зул өргөж, ерөөлч зулын даатгал хийдэг, туулийн тушаалаар засуулч ерөөл ерөөдөг, мянгатаас эхлэн сүлдийн санг олноороо уншдаг, зайсангийн тушаалаар залгамж тайж тавиг /сархад/ өргөж, царгигч царги дэлдэн “их буу” дуулдаг, засуулч, мянгат нэг рашаан өргөдөг ийм бүрэн төгс ёс ёслол юм байна. Их тайлгын онцлог нь тайлга эхэлмэгц “ямаа шүүх” ёслол явуулдаг. Нэг онгон хар ямааг хар эсгий дээр унагаж, бошго хөлийг нь чангааж, түшмэл амыг нь атгаж, “дархан баатар” өрцөлж, голыг нь тасалмагц бас нэг бошго арьсыг нь өвчиж, дөрвөн шийртэй арьсыг нь сангийн өрөөндөө тэлж өлгөнө. Махаар нь өтөг бэлтгэж зул өргөөд түшмэл түрүүлэн энэ арьсандаа мөргөж тахилга хийдэг.

    Энэ ёслол бол үнэндээ язгуурын хар тугаа тахиж байгаа учир болно. Хар сүлдийн догшуулах тайлга гэдэг бол Луу жил тохиолдох бүр хар сүлдийг тайж тавигладаг зан үйл. Үүнийг ба хар сүлдийг “хөхөл шүүх тайлга” гэдэг. Монголчууд луу жилийг 12 жилийн цорын ганц тэнгэрийн амьтны жил гэдэг болохоор энэ жил бол тэнгэрийн жил гэж хар сүлдээ догшуулан тахидаг. Заримдаа луу жил биш ч цаг төрийн үймээн ихдэх, дээрэм хулгай арвидах, ган гачиг болох, өвчин дэлгэрэх зэрэг элдэв шалтгаанаас болж сүлдийг догшуулж тахиж байсныг бичиг баримтад тэмдэглэжээ.

    Тайлгаас хоёр өдрийн өмнө 2 бошиг хошууч баатар, хавсуурчин гэх цолтой 2 хүнийг дагуулж, хошуу айлын малаас “бэлгэгүй /тас/ хар ямаа”, “хүрэн эвэртэй, шар сормуустай, шар халзан хонь”-ийг морин дээрээс шүүрэн барьж довтлон буцдаг. Үүнийг “шүүрэлгэ хийх” гэдэг. Энэ ямаа буюу хонио догшуулах тайлгад зардаг.

    Дархан баатар гэдэг нь эртний монгол цэргийн “цог хийморийн жагсаал”-д явдаг хүн юм. Уул нь дархан баатар дайсан этгээдийн зүг довтлон дайрч нэг хүнийг шүүрэн дүүрч авчраад өвчүүг нь хадаж, булгилан байгаа зүрхээр нь хар сүлдээ тахиж, халуун цусыг нь уудаг байжээ. Тайлга ёслолд үүнийг ямаа хонь шүүрэхээр орлуулжээ. Энэ ёслолын бусдаас ялгарах нэгэн зүйл нь цусан тахил арвин их ордгоороо сүрдэм бөгөөд аюумшиг төрүүлэм юм. Шар халзан хохин төөлэйг тэвштэй цусанд дүрж, сүлд рүү хандуулан хавсах гэх мэт.

    Хар сүлдийн тайлгын цээр ёсон. Хар сүлдэд тайлгын үйлийг гүйцэтгэгч тусгай албаттай бөгөөд аль олон цээр ёсон байдаг. Хар сүлд бол монголчуудын цэрэг эрийн туг байж цэрэг эр л тахидаг болохоор эмэгтэйчүүдийг хар сүлд огшуулах тайлга оролцуулдаггүй. Бас сүлд догшуулах тайлгадаа цус, нөж сацаж алж нядлах үйлтэн учир эмэгтэй хүн бүхэн “эх бологсод” болохоор өр зөөлөн сэтгэлтэй, уярч гутарна. Гэрт нь хүн өнгөрсөн буюу өнгөрсөн хүнтэй ойртоод 45 хоноогүй хүн тайлга үйлдэж болохгүй, мөн сүлдэд мөргөл хийж болохгүй.

    Халуун хижиг дэлгэрч хөл хорьсон нутгийн домог /бургас, шороо буюу чулуугаар босгосон тэмдэг/-ийн дотор мөр гаргасан хүн тайлгад орж болохгүй. Зэмдэг хүн тайлга үйлдэж болохгүй, мөргөж болно. Ураглаад нэг насаараа эс хөнгөжсөн бүсгүй хүнийг хар сүлдийн аль ч тайлгад оролцуулдаггүй. Харь ястныг сүлдийн тайлгад оролцуулахгүй. Зарга заальхайд унаж амин хэрэгт чирэгдсэн хүн 3 жил тайлгад орж болохгүй”. Энэ бүх зан заншил нь өдгөө хүртэл Бурхан Халдуныг тахихад халх монголчуудын баримталж ирсэн ёс заншилтай яг ижилхэн байгаа юм. /С.Дулам/.