Category: Монгол бөөгийн түүх

  • БӨӨГИЙН ТУХАЙ БОДОЛ

    Энэ цаг үеийн хувьсгалаар олон бөө төрж байгаа нь сайн гэхээсээ илүү саар олон зүйлийг дагуулж ард түмний дунд бөөгийн нэр хүндийг унагаж бизнес болгож, мөнгө олоххэрэгёэл болгож байгаа нь тун харамсалтай. Монгол улс бөөгөөрөө бол дэлхийд 1т орж улс гүрэн нь дээшилж, дэвшиж,хөгжих ёстой байтал улс гүрэн уруудаж доройтож сүйрэл рүү ороход дөхөж байна. Одоогийн бөөгийн нэр барьсан буг чөтгөрүүдийг маргааш биш өчигдөрөөс цэгцлэх хэрэгтэй. Бөө болсон хүмүүс эхлээд өөрийнхөө тухай бодмоор байгаа юм. Би ер нь зөв юм хийгээд байн уу? Үгүй юу? Гэж . Бөө нь нь өөрийн онгод тэнгэр, нутаг ус өвөг дээдсээ ах дүү амраг садангаа таньж мэдэн тэнгэрээс тамгалагдаж, хүмүүн заяанд төрдөг. Гэтэл одоогийн бөө болж байгаа зарим хүн нутаг ус, ах дүү амраг садангаа таних нь байтугай хаанаас ирсэн хэн болохоо мэдэхгүй газрын гай ус савдгийн хорлол болон буг чөтгөрийн сүнсний махан биедээ оруулж үүнээсээ болж зовж зүдэрч байгаагаа мэдэхгүй . Тэд өөрөө өөрсдийнхөө ах дүү амраг саданг амандаа орсноороо харааж зүхэж,ам хэлээр хийсэн нүгэл нь өөрөө өөрт нь арамдаг болж бие сэтгэлээ түгжиж уур хилэнтэй болж бие нь өвдөх гэх мэтээр үхэлд хүргэдэг. Бөө болно гэдэг тийм ч амар зүйл биш. Бөө болох хүн багаасаа болдог л байсанюм. Жинхэнэ онгод байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Одоо цагийн бөө нар өөрөө өөрсдийнхөө удам угсааг сайн мэдэхгүйн улмаас хүмүүсийн аманд орж золиос болж, бөө бол гэсний зоргоор бөө болж байна. Үүнд гадны олон зүйлс тайлагдашгүй нууц нөлөөлдөг. Эрт дээр үед цаатан бөө, урианхай бөө, дархад бөө, буриад бөө гэж байдаг байсан. Гэтэл одоо эмээ, өвөө, хаан, хатан буулаа гэх юм. Бөөгийн хувьд ийи зүйл сонсож байгаагүй. Бөөгийн онгодийг багш нь оруулж шавь болж байгаа бөө нь багшийнхаа хэлснээр хийх ёстой. Багшийн хэлснээр хэнгэрэг дээрээ тэнгэрээ буулгаж аваад мөн онгодын хэлснээрхуяг хийж өдөр судар харж байж сайн цагт л лусын гүйдэлгүй хүн тавиагүй газраас холхон цээр хийж тогтсон газар очиж онгодоо авдаг. Бөөгийн хувцас 81 манжигтай байдаг. Гэтэл одоо 108-с дээш могойтой байна. Бөөгийн хэнгэрэг бөөрөнхий гурвалжин, найман талтай гэж байдаг. Гэтэл энэ цагийн эгэлгүй их тийрэн буг чөтгөрүүд багшаасаа дээгүүр суудалд суусан юм шиг төрөл бүрийн дүрстэй том том хэнгэрэг барьчихаад түүн дээрээ учрыг нь ойлгохгүй их юм зурчихсан , зарим нь бүр гурвалжин хэнгэрэг барьж өдөр шөнөгүй балбах юм. Монгол улсад бөөгүй айл байхгүй болж буг чөтгөрүүдийг ихэп өөхшүүлж тэтгэж харагдах юм. Бөөгийн онгод удамд нэг л буух ёстой буусан онгодны эзэн нас эцэс болсны дараа бөөгын өиеэс онгодыг салган авч дараагын бөө болох хүнд оруулдаг. Гэтэл нэг айлд 4-5 бөө байна энэ нь зүйд нийцэхгүй. Тэр 4-5 бөөгийн нэг нь онгодтой байлаа гэж бодоход нөгөө хэд нь юу болох вэ? Өнөө маргаашийг бүү бод үр хойчоо бод!!! Эдгээр буг чөтгөр уул ус их бузарлаж байна. Гэхдээ хүний ёс муудаж бөөгийн нэр барьж бусдыг золиос болгосон буг чөтгөрүүд одоо түрүүчээсээ сүйрч байна.
    Хөвсгөл

  • Мэргэн дэрсдийн юм

    П.Энх Амар

    Хуулар ясны Надмид гуай 1942 онд 13 настайдаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 3 дугаар багийн нутагт Хармайн голын Хийсгэлэнт гэдэг газар адуу манаж яваад элдэв чимээ дүрснээс ихэд айснаас болж галзуурч 3 жил ямар ч засал авсангүй. Харин бөөд үзүүлтэл “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг уйгар онгодын хорлолтой байна. Тэр онгодыг энэ нутгийн нэртэй бөө Гүнгэ заарин Тагна Тувагаас авчирсан нь одоо ч түүний хүү Балжинням зааринд бий гэснээр 16 настай Надмид охин энэ зааринд шавь орж 1945 онд бөө болсон байна.

  • ХАМГИЙН АНХНЫ УДГАН

    Тэнгэрийн мянган бурхан анхан хүмүүсийг бүтэхдээ элээ шувуугаар эргүүл харуул тавьж ямар нэг ад чөтгөрөөс харж хамгаалж бай гэжээ. Хэрэв хүмүүсийг хорлох дайсан ирвэл элээ бурханд хэлэх ёстой байлаа. Элээ ч бурханы зарлиг ёсоор хашаа хороон дээр үргэлж сууж, хүн амьтныг харж байв. Тэгтэл тэр хүмүүсийн хүүхдүүд нь элээг харваж намначих гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь тэр бурханд очиж: Би энэ хүмүүсийг чинь харж манаж чадахгүй. Тэд чинь намайг харваж алчих гээд байна гэв. Бурхан хариуд нь:

    За тэгвэл чи хүмүүст очиж ид шидийн хүчээ өг гэжээ. Элээ нисэж явсаар хонь хариулаад гэрээсээ хол төөрсөн нэг бяцхан охины дэргэд модны тайрдсан дээр ирж суугаад тэр эмэгтэйд ид шидээ өгчээ.

    Охин сэрээд ийш тийшээ араад ухаан санаа нь сэргэж юм бүхэн ив илхэн юм шиг болсон байв. Тэгээд охин гэртээ эргэж ирвэл ах нь “Чи гурав хоног хонь аваад хаашаа алга болсон, чамайг ална шулна” гэж аашилжээ. Охин ингэж ахыгаа учир зүггүй аашлахад түүнд гомдов. Тэгтэл ах нь тэр дороо муурж унаад шээс нь хаагддаг өвчтэй болсон байв гэнэ. Бяцхан охин ахдаа “Би таныг эдгээнэ” гээд түүнийг цагаан эсгийн дээр тавьж гэрт оруулж, ацтай баганан дээр хэвлийгээр нь хэвтүүлээд авсан чинь тэр дорхноо эдгэрч гэнэ. Түүнээс хойш тэр бяцхан охин удган болсон юм байна. Энэ анхны удганыг “Шошоолок” гэдэг байсан юмсанжээ.

  • ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР

    Тэдгээрийн дотор Отчигин ноёны харьяатууд ч мөнөөх бөөгийн албат болжээ. Отчигин ардаа эргүүлж авахаар өөрийн биеэр очиход нь ах дүү долоо элбэж Отчигины амыг авч, Тэв тэнгэр бөөд мөргүүлээд буцаасан аж. Энэ явдал Чингисийн чихэнд даруй хүрч, боломж гармагц Тэв тэнгэр бөөг урдаас бэлтгэсэн гурван бөхөөр нугасыг нь таслуулан хороодог. Ингээд Чингис хаан “Тэв тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэх тайлбар хийжээ.

    Энэ бүхнийг Монголын нууц товчооноос эшлэн авлаа.

    Зовлон гэмээ нь цочоож ирэхийн цагт бид бурхныг хайдаг. Уул ус, мод чулуу, айлын чавганц гээд хавьтсан таарсан бүхнээсээ “ид шид” эрнэ. Амьдралын зовлон түмэн янз. Энгийн аргаар шийдэж болохоос аваад “ид шид” хүртэл хэрэг болдог ярвигтай эд. Ид шид нь ч олон зүйл. Нэгэн цагт монголчууд гай зовлон тохиолдох бүрийд хуйгаараа Гандангийн дэнжийг зорьдог байлаа. Ах ламын морины уяан дээр амьтан хүн багтаж ядан багширч, багш лам гэрийнхээ хойморт хоолой шахан малилзаж, олз омгийн ихийг хурайлан даллаж байсансан. Буддагийн сургаал номлолоос илүүтэй тарни шившлэгээр зэвсэглэсэн бурсан хуврагууд түмний зовлонтой нүүр тулж, аргалж, янзалж, арыг нь дааж явсан цаг саяхан. Энэ хорвоогийн юм бүхэн мөнх бусын мөн чанартай хэмээх Буддагийн сургаал ёсоор болж, лам багшийн тарни шившлэг хүний зовлонг өдгөө нимгэлж “хүчирхэхээ больжээ”. Арав, таван мянгаар яригддаг төвд номын хүч “суларч”, хэдэн арван саяар үнэлэгдэх суврага хүмүүсийн сүсэгт сэв суулгасан ч байж мэднэ. Харин таван зууны тэртээ шарын шашинд шахагдсан бөө мөргөлийн ээлж ирсэн бололтой.

    Юмс шинэхэн дээрээ сонихон байдаг хойно хүн бүхэн бөө рүү хошуурч байна. Сайтар мартагдсан эртний бөө мөргөл өнөө цагийн элдэв мэдээллээр цэнэглэгдэж, зүрх зүсэм маркетингаар зэвсэглээд цоо шинэ өнгө аясыг олж монголчуудын “зовлонтой барилцаад” авлаа. Өрх бүрээс бөө төрүүлэх элдэвтэй арга бодож олсон энэ бизнес Монгол улсын 500 мянга гаран өрхийг бүрэн эзлэх ариун дайныхаа оргил хэсэгт явна. Удалгүй тэд дотроо зохион байгуулалтад орж, “жинхэнэ” ба “хулхи” гэх хоёр хэсэгт хуваагдах ширүүн тэмцэл хийнэ. Одоохондоо монголчуудын уламжлалт жалга довны үзлээр ястан болгон өөрийн онцлог бүхий бөөлөх дэг жаягтай, хүч чадал нь ч харилцан адилгүй гэх сурталчилгаа ид явагдаж байна. Энэ фронтыг бөө мөргөлийн сүүлчийн голомт болсон цаатан түмэн нутагладаг Хөвсгөл нутгийн харьяатууд, Сэрүүн дуганаа коммунистуудад сүйтгүүлсэн буриадууд өнгөлж яваа бололтой. Монголын зонхилох ястан халхууд ч зангаргаараа зайгаа эзлээд авчээ. Монголд харьцангуй цөөн тоотой орос, хятадын эрлийзүүд маань ч энэ талбарт цөөдөхгүй царайтай.

    Амьдрал санаан зоргоор нь явж өгөхгүй байгаа, анагаах ухаанаар хараахан эмчлэгдэхгүй өвчин туссан, тэр бүү хэл бие дээр нь элдэв яр шарх шавсан хэн боловч бөө болох нигуртай аж. Найман зууны тэртээ Хөх тэнгэрийн тааллыг хүн зонд дамжуулж явсан бөө өдгөө хүн бүрийн өвөг дээдсийнх нь сүнс байдлаар бууж байгаа юм гэнэ. Өвөг дээдэс шиг нь эрхэм юм хүнд үгүй хойно нэгэнт “буугаад ирвэл” хүлээж авахгүй ээ гээд суувал ядаж л хүн чанар талаасаа жаахан тиймхэн. Ингээд л бөөгийн тоо үхэгсдийн тоотой уралдан өсөж явна.

    Зовлонгоос салах арга хайсан түмний эрлийн үзүүр бөө мөргөлийн зүг нэгэнт хандсан байна. Учир нь олддоггүй уурга тархи, сэтгэлийн зүрхний зовлонд бөөгийн зан үйл тун давгүй зохидгийг барууны сэтгэл судлаачид үнэлдэг юм билээ. Ан авд гарах, тэмцэл тулаанд орох тоолондоо нийтээрээ зүрх зоригоо чангалж гал тойрон гуугчин бүждэг бүдүүлэг ард түмний ёслол хөгжил дэвшлийн шуурганд учраа алдсан бидэнд ч бас хэрэг болдог аж. Хаа ч, хэзээ ч хүний мөн чанар нэг юм хойно аргагүй биз. Сэтгэл заслын ухаанд хэрэглэж болохуйц олон арга чарга бөөд байгааг “засал авсан” олон хүн гэрчилнэ. Тэгээд ч психотерапи хэмээх ерөнхий нэршилтэй сэтгэл заслын арга дотор бөөгийн хэрэглэдэг айлгах, ичээх, цочоох, аргадах, өрөвдөх, өргөмжлөх, итгүүлэх хувилбарууд тухай бүрдээ нэртэйгээр хэрэглэгддэг юм.

    Энэ цагийн бөө номлол сургаал, дэг жаягийн хувьд их баяжжээ. Ерөөс таван зуун жилийн тэртээгээс бөө мөргөл шарын шашинтай сүлэлдэж эхэлсэн юм. Өдгөө бөө нар “хар”, “цагаан”, “шар” гэх ерөнхий ангилалтай мэтээр ойлгогдож байгаа. Хорчины цагаан зүгийн бөөгийн тухай Өвөр Монголын судлаач Нямын бичсэнийг үндэс болговол шарын шашныг эрс эсэргүүцдэг бүлэг бөөг “хар зүгийн”, мөнөөх шашны тавиг ёсыг хүлээж авсан хэсгийг нь “цагаан зүгийн” хэмээн нэрлэх болсон аж. Харин одоо хараал хийдэг нь “хар”, ерөөл тавьдаг нь “цагаан” өнгөтэй болж шарын шашин, бөө мөргөл хоёрыг уялдуулдаг хэсгийг нь “шар” гэх болсон юм билээ. Үзэл суртал нь айл өрхийн амьдралаас аваад нэлээд глобаль шинжийг олж дэлхийн дулаарал, экологийн тэнцвэр, цөлжилт зэргээр баяжаад зогсохгүй улстөрийн өнгө аястай ч болоод авч. Бас 2012 онд дэлхий сүйрнэ гэх Маяагийн хуанлиг ч иш татаж, фэнг шү Ганбаагийн “хөх цэрэг”-ийг ч олоод сонсчихсон явна.

    Төрд огт дансгүй атлаа “төрийн зайран” хэмээн биеэ өргөмжлөгчөөс аваад төрсөн биед нь оршсон гэх өвөг дээдсийнхээ онгодыг үхэн хатан нууж яваа ч улс бий. Насанд хүрээгүй хүүд нь дээдсийн сүнс оршсон нэрээр хүүдээ шил шилээр нь архи сөгнөж суугаа ээж захаас аван. Өөрийнхөө амар жаргалын төлөө айл хөршөө унтуулахгүй үүр цайтал хэц хэнгэрэг дэлддэг хувиа хичээгч бөөг мэдэх биз. Айлын эхнэрийн хүсэлтээр нөхрийг нь сөгтгөхөөр очоод зодуулаад гарсан бөө ч дуулдсан. Бас л нэг зовсон эхнэрийн гуйлтаар нөхрийг нь засах гэж байгаад түлж алчихаад зовлон дээр нь хагацал нэмсэн бөө чиг гарсан. Шинэ цагийн эрхэм бөө, тэнгэрийн улаач нараас сэрэмжилж явахад ер илүүдэхгүй бололтой. Чингисийг тэнгэрийн элчээр өргөмжилж, даяарыг хурааж өгсөн Хөхөчү тэв тэнгэр бөө эзэнтэйгээ эд хөрөнгө, эрх мэдэл булаалдаад нугасаа хугалуулсан түүхийг бөө нар бодууштай л юм. Хүнд зовох нэг цаг байхад жаргах үе ч бас бий. Жаргал гэмээ нь согтоож ирэхийн цагт бурхныг бид мартдаг.

  • Туг сүлдний шүтлэг

     

    Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.

    Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.

    Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.

    Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.

    Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үеэс чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.

    Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.
    Хараат ихт тугаа тахиж
    Хар бухын арьсаар бүрсэн
    Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
    Үзэмжит сайхан тугаа тахиж

    Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.

    Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.

    Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.

    Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.

    Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс Нанайн удгануудыг есөн могойн дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.

    Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.

    Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.

  • ОТОЧИЙН ҮҮДЭНД

    -Та бүгд юу хүлээж суугаа юм бэ? гэж асуусан чинь
    -Зүгээр л оточоор судсаа бариулах санаатай гэж нэг хүүхэн ам алдав.
    -Отчийнх юмуу. Тэгвэл би бас судсаа бариулая.Толгой өвдөөд ….гэсэн чинь тэр сууж буй хүмуус шал өөр болж надаас бишүүрхэхээ болив. Дарга биш гэж боджээ.
    -Та яаралтай яваа бол ороод судсаа бариулчих л даа. Бидэнд яарах юм алга гэж нэгэн хижээлдүү хүн надад тал засав, Тэд нар цөм л малчид бололтой юм. Хувцас хунар, төрх байдал нь тэд яав ч хотын хүмүүс биш байлаа.
    -Зүгээр зүгээр Би хамгийн сүүлд ирсэн хүн, Та нарын дараа гэсэн чинь
    -Явуулын хүн саатаад яахав, та ор ор, гэж нөгөө хэжээл эр үүд сөхөхөд нь арга буюу орж явчихлаа
    Гэрт ердөө онцгой юм алга. Нэг өвгөн нөгөө өвгөнийхөө судасыг барьж баруун хоймроо эзлэн сууж байлаа. Судас чагнахад нь саад болохгүйн тулд би дуугүйхэн толгой дохиж мэндлээд зүүн талд очиж суув. Оточ
    -Дусал цувраад удаж байна уу? гэж нөгөөх судсыг нь барьж байгаа хүнээсээ асуув. Эхлээд би сайн ойлгосонгүй Тэр хүн
    -Нэлээн хэд хоног болчихлоо гэв,
    -Дусап цуврах нь ус хаагдахын шинж. Тэгэхлээр чи туулайн мах ид, Бүхэл ясыг нь будаатай хамт буцалгаж шөлийг нь уу. гэж оточ хэлсэнд
    -Өө юун сайн юм бэ? Муусайн туулай бишгүй л нэг гүйж яваа. За би өнөөдөр л …гэж хэлээд тэр хүн босч гадагшаа гарахад зөрөөд л өөр “нэгэн орж ирэв. Тэгээд шууд л оточийн өмнө сөхрөн суув Тэгээд гараа оточид өгөх зуур:
    -Мах буураад, залгамж тасрах нь шиг байна, Яахав гэж асуув. Оточ судасыг. нь барьснаа
    -Гайгүй л юм байна. Шар үнээний нэг аяга сүү, хоёр аяга усанд хярамлаад буцалгаж уу. Арав дахин ууна. Махжаад ирэхийн үед нь энсэгийн зүйл удсан тосонд найруулаад сарын албин өнгөрмөгц уух юм бол үр олдоно гэв,
    Тэдний ярианы үгийн сан нь хачин өөр байхад нь би гайхаж суутал дараах хүн нь орж ирмэгц мөн л сөгдөж
    -Сүүлийн үөд мартамхай болоод байна. Бас үө үе уруу суугаад шартамхай ч болох шиг, ой булгиад л. гэж үглэхэд нь оточ судасыг бариад
    -Живэрт хулганы тархийг усанд эуурч уу. Санамгай болво. Ёлын ходоод ч бас хэрэг болж мэднэ. Гэхдээ арван нэгдүгээр сард олж хадгалсан сарьсан багваахайн мах идвэл ч бараг бүх шаналгаанд тустай, бүр …. гэснээ танайх чинь хуүхэдтэй билүү? гэж асуусанд нөгөөх эр
    -Байдаггүй шүү. Эхнэртээ ч хаягдаж мэдэх болоод байна. Үгүй тэр живэрт хулгана гэдэг чинь юу билээ гэж лавлаа
    -Сарьсан багваахай л даа. Өвлийн эхэн сарын үед олж хадгалсан сарьсан багваахайн мах, тархи л чамд хэрэг болно гэсэнд тэр хүн шаламгайлан босч
    -За гялаалай. Сарьсан багваахай энэ хавьд ховор. Би явнаа. гээд үүд чиглэв. Түүнтэй зөрөөд нэгэн бүсгүй орж ирэв. Оточ:
    -Давхар эхнэрт зохисгүй юм идсэн байна. Аягүй бол нярайлахад чинь хүндэрч мэднэ гээд судасыг нь барихаа болив.
    -Үгүй тэр зохисгүй юм гэдэг чинь юу юм болоо? гэж өнөөх эхнэр гайхан асуув. Оточ ;
    -Хөх хуцын мах идсэн үү? гэв.
    -Өө нээрээ тийм, манай хажуу айлын хөх хуц хөгширөөд өнхрөөд өгсөн л дөө.Түүний гэдэс махнаас хуваалцахаар нь идэж орхисон юм гэж нөгөөх жирэмсэн бүсгүй дуу алдав.
    -За тэр чинь л давхар эхнэрт хориотой зүйл. Тэгэхээр төрөх дөхөөд ирэх үедээ шарга морины сүүлний хялгасыг галд түлж хярвасыг зуурч уувал тустай, үгүй бол олби оготны арьсыг олж хадгал. тэгээд төрөх хүндэрвэл түүнийг атгаад бай. Одооноос нөхөртөө хэлж бэлтгүүл гэв. Нөгөө эхнэр
    -Тэгье тэгье гээд босч гарахаар явав. Тэр хүмүүс зав зай өгөхгүйгээр хойно хойноосоо орж ирэн, цаг үрэхгүй шуурхай гарцгааж байхад нь би гайхан харж суув.
    Нэгэн хижээлдүү насны эр орж ирээд
    -Би удахгүй нэг л юм асуугаад гарна. гээд надруу хялавхийн харснаа оточоос
    -Эхнэрийн хөх сүүгүй болчихлоо. Яах вэ? За тэгээд би ч бүр хүүхдэд дарагдаж гүйцэхнээ. Үр тасалмаар байна яах вэ? гэж зогсоогоороо асуув.
    -Эхнэрийн чинь хөх сүү орохгүй байгаа бол янгирын чөмөг идүүл, Хавдсан бол хар бивлин усанд зуурч хөхийг шавш. Чи өөрөө үр тасалмаар байгаа бол буудайн гурил исгэж нэг жинг сайн архинд зуурч чанаад шаарыг нь шүүж хаяад гурав хувааж авгайдаа сарын тэмдэг ирсэн орой нь нэг аягыг, маргааш өдрийн үдэд нэг аягыг нар гарах үед нэг хэсгийг уу Чи өөрөө ч бас тэгэж уу. Тавин нас хүртэл үр тасарна гэж мэдээрэй гэж оточ зааварлахад өнөө эр
    -За гээд эргэж гарав. Хамгийн сүүлд бололтой нэгэн охин орж ирээд
    -Өвөө би дигваранзанд хатгуулчихлаа яах вэ? гэв.
    -Цагаан байван усанд уусгаад л түрхэхгүй юу, үгүй бол худгийн ёроолоос шавар авч хэд дахин түрх гэсэнд охин
    -За аавд хэльө гээд годгосхийн гарч одов. Ахиад хүн орж ирсэнгүйд Оточ надруу
    -Өршөөгөөрэй. Таныг чилээчихлээ. Энэ улсууд өглөөнөөс л хүлээсэн юм. Та юу гэж явна? гэв.
    -Өө би бараг зүгээр шахуу, энд ганц гэр, тэгээд үүдэнд нь хүмүүс байхаар сониучлаад ирсэн чинь хүмүүс урдуураа оруулчихсан юм л даа. Тэгээд суутал хүмүүсийн яриа сонирхол татаад хүлээчихлээ.
    -Энэ хавьд хүн амьтан айл хунар байхгүй юм. Та тэгээд энд ганцаараа суудаг юмуу? гэсэн чинь оточ;
    -Энд суудаггүй юмаа. Түр барьсан гэр л дээ. Нутгийнхан судсаа бариулна гээд хүний нүднээс далд энийг барьсан юм.Та яаж олж ирэв? Машин замгүй газар шүү дээ? гэж асуув.
    -Би энэ хавьд нэг чулуу байдаг гэхээр нь олж үзэх гэж яваад л ….гэсэнд оточ
    -Албаны хүн үзчихвэл мухар сүжиг энээ тэрээ гээд байдаг болохоор хүмүүс нууцаар гэхүүдээ жилдээ үе үе судсаа бариулдаг юм Өнөөдөр энэ сарын наймны өдөр, хуучнаар бол манал бурханы өдөр гээд л судас барьж хэнхэглэдэг юм л даа би гэв.
    -Би нэг их сүрхий дарга марга биш. Ер нь зохиолч хүн л дээ, Таныг судас барьж хүмүүст зөвөлгөө өгөхийг сонсоод бүүр гайхмаар санагдлаа. Таны хэл яриа бүүр эртний монгол сонин үгсээр дүүрэн байсан нь надад тун их том олз боллоо.
    -Ямар үг тийм их олз болдог билээ? гэж оточ гайхав.
    -Залгамж тасрах (үр хүүхэд, гарахгүй байх), ус хаагдах (шээс хаагдах), сарын албин (сарын юм), мах буурах (турах), мяраалах (таргалах), давхар эхнэр (жирэмсэн зхнэр), уруу суулгах (гэдэс гүйлгэх), дур булгих (дургүй болох), гээд л тун боловсон үгс юмдаа гэсэн чинь
    -Юу нь боловсон байхав дээ. Эртний хуучинсагийн үг шүү дээ гэж оточ хэлэхэд нь: би
    -Одоогийнхний шууд утгаар нь хэялээд байдаг бүдүүлэг үгсийг (үгийг байтугай хэрэг явдалыг) их л эелдэгээр нууцлаг хэлбэрээр хэлж байгаа нь боловсон гэх ёстой зүйл юм.
    -Хэллэг бүдүүлэгжиж байгаа нь өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээний нэгэн сул тал юм гэж би зохиолчийн хувьд үздэг л дээ. Харин зарим нэр томьёоны хувьд ч танаас шинэ үг сонслоо. Жишээ нь сарьсан багваахайг “живэрт хулгана” гэж та хэлнэ лээ гэтэл
    -Хуучны ном сударт тэгэж байдаг юм. Одоо ч мартчихсан хэрэг. Тэр ч байтугай “Оточ” гэдэг үг их учиртай байтал хаяад “эмч” гэдэг болсон нь хачин санагддаг. Би бол оточ гэгдэнэ үү гэхээс “эмч” биш. Оточ гэдэг бол хүнд тусч эхэлж байгаа эсвэл тусч болох өвчнийг судасны нь байдлаар оношлож гүнзгийрэхээс нь сэргийлж “отлого” хийдэг хүний нэр. Одоогийнхоор бол “Урьдчилан сэргийлэгч “юм л даа. Тэгтэл одоо “эмч” гэдэг болсон нь үнэндээ нэгэнт тусчихсан өвчнийг л эм хэрэглэж эдгээдэг болсон гэсэн үг. Өвчин бол гэнэт тусах нь ховор, Эхлээд шинж тэмдэг нь илэрч дараа нь аажмаар үгдэрч хүндрэн өвчлүүлдэг зүйл. Оточ бол урьд цагт эхний шинж тэмдэгийг судсаар нь оношлоод урьдчилан сэргийлж өгдөг л хүн байв. Манай аав ч яг л тийм байсан. Харин би нэг их олигтой сураагүй болохоор ор нь тасрахын өмнөхөний л оточ гэмээр хүн л дээ. Манай энэ хавийнхан алс зэлүүдэд нутагладаг болохоор боловсон эмнэлэгээс хол түргэн тусламж авах хэцүү болохоор надруу л гүйцгээж ирээд сурчихсан юм. Зарим нь илааршиж эдгэрдэг тохиолдол нилээн болсноос л би ингэж “бурхангүй газар бумба галзуурч” байгаа хэрэг гээд оточ гараа сунгаж
    -За алив ,таны судсыг нэг бариад орхие гэв.Судсыг маань барьсны дараа тэрээр
    -Эв эрүүл залуу байна, Гэхдээ нохойн хошуу чанаж уух, живэрт хулганы хатаасан мах хаяа идвээс (тэр мах халуун чанартай) нас уртсахад тустай л гэдэг юм гэснээр бидний яриа дуусвар болсон юм. Учир нь оточийг нүүлгэж авч явахаар хүү нь морин тэрэгтэй ирсэн билээ…
    …Тэр цагаас хойш бараг хагас зуун өнгөрөв. Оточийн зөвөлсөнөөс нохойн хошуу жимсийг үе үө хэрэглэж байв.
    -Харин живэрт хулгана буюу сарьсан багваахайн мах нас уртасгана гэдэгт эргэлздэг байлаа. Залуухан үедээ айл гэр болж Шадублин дахь Зохиолчдын Хорооны гурван модон байшингийн нэгэнд зусланд гарсан тэртээ олон жилийн өмнөх нэгэн явдал мартагддаггүй билээ. Юу гэвэл тэр үед Шадублинд зуслантай байгууллага бараг байсангүй. Зохиолчид, Банкныхны хэдхээн байшин байлаа. Сарампай шахуу байшинд зусч байх үед дээвэр, даазны нь хөндийд сарьсан багваахай үүрлээд шөнө андаа гарч хошуунаасаа дуун долгион цацруулан сүрчигнүүлж цочоодог байлаа. Тэрнээс хойш сарьсан багваахайг ч нөгөөх оточийн зөвлөлгөөг ч мартаад шинэ зуун гарч нэлээн хэдэн жил өнгөрөх үед гэнэт нөгөөх “живэрт хулгана” буюу сарьсан багваахайн тухай мэдээлэл олж үзээд гайхав. Долоо найман төрлийн өвчин эдгээхэд тустай бас нас уртасгадаг ид шидтэй мах бүхий хулгана ажээ. Бас түүний хоргол нь хүртэл чухал хэрэгтэй чанартай юм байна. Бусад хулганын хорголноос ялгаатай гурван үзүүр бүхий цагаан өнгөтэй байдаг ажээ.
    Оточийн үүдэнд сууж байсан тэр хүмүусийн ярианы эзэд, оточ өөрөө ч нэгэнт хорвоог орхисон боловч мэдлэг сургамж нь үүдэнд биш хойморт байдаг монгол сударт үлдсэн ажээ.
    Л.ТҮДЭВ /ДАЛ/

  • Зүүн мөргөл манжиг

    -Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм.

    Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ.

    Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.

    Зүрх манжиг-Цагаан хуулар эцэгтэй, шарнууд ээжтэй, хар дархад багштай Цэвээний Хорол удганы бөө дээлийн энгэрт өвчүүний тус газар бэхэлсэн гурван манжигийг “зүрх манжиг” гэх бөгөөд нэг шилбэнд бэхэлж багцалсан гурван манжигийн нэг нь шар, цагаан алаг, нөгөө нь улаан, шар алаг, гурав дах нь улаан, ягаан цоохор өнгийн эдээр бүржээ. Үүний улаан, ягаан нь амь, амьдрал, шар нь хүүхэн хүний /сахил авсан лам явсан эр хүн/ хайр сэтгэлээ өгсний бэлгэдэл, цагаан нь сүү шиг цагаан санаатай явдгийн илэрхийлэл билээ гэдэг.

     

     

  • ЗАЙВРАА БУУРАЛ УДГАНЫ ТҮҮХ

    -Хн Дува та хоёрт сайхан далим болж. Юу, юугүй цас дарчихаас өмнө хэсэг өвсөө ч гэсэн дөхүүлмээр юм даа гэж хэнд ч хандаагүй өнгөөр тэрүүхэндээ хэлээд галаа засч хоёр, гурван гишүү хийлээ.
    Намайг хүүхэд байхын л түүнийг нутаг орныхон “Дува сохор” гэж дууддаг байлаа.
    Тэр хүн бүртэй тийм дотночилохгүй, хальт харсан нэг нь элий солиотой гэмээр боловч аавтай сүрхий найзархана. Арсайн голдоо бүү хэл зэргэлдээ сумдуудад шагшигдсан баян Хөөлэй гэж хүний ганц хүү байж. Хүүхэд байхын л ан авд сонирхолтой, мэргэн цэцэн нэгэн байсан ч 33 нас хүрсэн жилийнхээ өвлөөс өрөөсөн нүд нь гэнэтхэн таг сохорчихож. Аль л сайн эмнэлэг эмч, эрдэмтэй чадалтай бүхнийг дуусгаад нэмэр болоогүй ч азаар өрөөсөн нүднийх нь хараанд ямар ч нөлөө үзүүлээгүй юм гэнэ лээ. Түүнээс хойш баян Хөөлэйн хөрөнгө мөнгө элсэнд хийссэн ус шиг үгүй болоод үр хүүхдүүдээс нь ганц энэ муу Дува л үлдсэн юм. Энэ бол хурга ишиг хариулж, зурам чогчиго үргээж явснаасаа хойш сонссон үлгэр домог шиг яриа билээ. Энэ бүхнийг нэхэн эргэцүүлж хэвттэл
    Хүрэн тоо-лоо-гойн ээ сүү-дээр ээ… хэмээн дуулах нь сонсогдлоо. Өвлийн амралтаа далимдуулан аав ээж дээрээ ирсэн би үд шахтал хэвтсэн нь энэ л дээ. Тиймээс шалавхан босч хувцасаа өмслөө. Тэрээр хуучин муу цэмбэн дээл өмсөж, үзүүр нь сэмэрсэн дурдан ороожээ. Хэдэн жилийн өмнө сургууль төгсөж хот хүрээ бараадахад иймэрхүү л янзын хүн байсан хэвээрээ ажээ. “Юмтай хүний зүстэй хүү” явсныг нь гэрчилэхээр үлдээ болов уу гэж энгэрт нь үлдэж хоцорсон хоёр том мөнгөн товчний цан хайлах нь хэн нэгний хауурслын нулимс мэт. Баруун нүд нь улам ч гүн ширгэжээ. Мэнд мэдэлцэж идээ цай болсны дараа ээж нэрмэл гарган халаалаа…
    …Хоёр өвгөний яриа задгайрч чангарах янзтай. Хар модны хуурай гишүүний илч өвлийн жижиг гэрт төөнөж агаар амьсгалмаар санагдана. Аавын дээлийг хөөргөж бүслээд гарахад Дува ахын
    -“Урд хөл бүдэрхээр хойд хөлийг ташуурдана” гэгчийг энэ биеэрээ тууллаа даа гэсэн үгс хаалганы цаана үлдэхгүй гэсэн шиг жавар сөрөн зүтгэлсээр чих рүү орчих шиг санагдав.
    * * *
    Эцэг өвгөдөөс өвлөсөн ч өөрийн сайндаа хороож үрэлгүй харин ч нэмж цуглуулсан энэ их хөрөнгийг хэндээ үлдээдэг билээ гэсэн хармын бодол ойрд Хөөлэйн тархинаас гарахгүй зовоож байлаа. Тиймээс ан харах нэрийдлээр уул хангайд гарч, сэтгэлийн шаналалаа бага ч гэсэн нимгэлэхийг санаархана. Тавь хүрсэн хойноо залуу эхнэр аваад ч, уул хангай, онгод бөөгөөр яваад ч түүнд голомт сахих хүү заяасангүй. Энэ бүхэндээ шаналсаар Тамтын ам уруудан сажилж явтал нэгэн шинэхэн урцаас утаа гарч байхтай таарав. Хөөлэй ч элдэв юм бодолгүй урцны гадаа очиж “Нохой хорь” гэж хэлсэн болоод морьноосоо буутал дөрвөн нүдтэй хоёр банхар гэнэтхэн дайрчээ. Мориндоо мордож амжилгүй бариулахын даваан дээр өнөөх урцаас дунд эргэм насны хүүхэн гарч ямар нэгэн юм хэлсэнд хоёр нохой гарч ирсэн шигээ алга болжээ. Хормын дотор болсон энэ явдалд ухаан санаа нь дүйнгэтсэн юм морио түшиж зогстол хазгай монгол хэлээр урцандаа орохыг урив. Үндсэн тагшинд хийж барьсан бор цайг нь салгалж чичрэн аваад үг хэлгүй суутал өнөөх хүүхэн ам нээж:
    -Онгод тэнгэртээ хаягдаа юу
    Охин хүүхдүүдээ голоо юу
    Элгэн ганц хүү хүсээ юу
    Эрлэгтэй тохироход ч бэлэн явна уу хэмээн аялгуулан асуух нь тэр. Энэ бүхнийг сонсоод Хөөлэй хахаж цацан сөхөрч суугаад нус нулимстайгаа хутгалдсан амьтан ээрч мууран гай зовлонгоос гэтэлгэхийг, юу хүссэнийг нь өгөхөө амлан, амлан ярьжээ. Харин удган гурав хоногийн дараа өөрийг нь их хүндлэлийн дор аваачиж, өөрийн биеэр хүргэж өгч чадвал хүссэнийг нь биелүүлж өгье гэсэн байна.
    Хорогдож өгөхгүй өдрүүд зовоосоор өнөөх гурван хоног өнгөрч удган Хөөлэйнд ирээд арван алдын сур, шинэхэн хазаар, гөрмөл суран ташуур зэхүүлэн хүү даллан дуудаж том гэрийнх нь өрхийг бүтээлгэн өдөр шөнө дамнуулан бөөлжээ. Харин дараа нь Хөөлэйг дуудан өмнөө суулгаад хар, цагаан хэл ам, лусын тархины эрдэнэ авсан учраас хорлол болж. Тиймээс тэр эрдэнээр хийлгэсэн шар эдийг, тэр үед унаж явсан шарга зүсмийн морьтой хамт өөрт нь өгч явуулах, өөрөө хүргэж өгөх ёстойг дахин сануулжээ. Харин морин толгойн чинээ алт олж түүгээр урлуулсан алтан бурхан, арван бодоор ч солихгүй жороо шарга хоёроо Хөөлэй өгөхийг хүссэнгүй. Тэгээд ч яг хүүтэй болох эсэх нь ч эргэлзээтэй учраас удганыг өөрийн зарцаар гар хоосон хүргүүлжээ…
    …Аравдугаар сарын цасан шамрагатай орой баяны барлагаар хүргүүлэх замдаа юу ч дуугараагүй удган Тамтын амруу орохоос өмнө ядуу эрийг ирсэн замаасаа өөр замаар буцахыг сануулаад цааш ганцаараа явахаар эргэхдээ
    Барагддаггүй хөрөнгөтэй Хөөлэйн
    Балаг үүгээр дуусахгүй ээ хоё
    Лай ланчигаа дуусахаар
    Лаларуудын оронд таарнаа хоё… гэснийг нутгийн салхиар дамжуулан цасан дунд нүүгэлтэх их, их уулс л сонсчээ. Аравдугаар сарын цасан шамрагатай тэр оройноос хойш есөн сарын дараа Хөөлэй баяных шинэ хүнээ тосч байхад Тамтын амны гүн хавцал дунд гавлынхаа баруун нүдээр үзүүртэй хадруу мөргөж унасан удганы шарил тэртээ доор хөглөрч байжээ…
    Сэр-Одын нэрэмжит шагналт Т.Дарханхөвсгөл
    Улаанбаатар хот 2019.12.10

  • ДАРХАД ЯСТАН БИЙ БОЛСОН ТҮҮХ

    13 дугаар зуун буюу Чингис хааны бага залууд Дархад аймгийн Бадай, Хишлэг хоёр ирж хаандаа шадарлан үтгэдэг байжээ. “Дархад” гэдэг нь Дархан эрхтэй хүмүүс гэсэн үгнээс гаралтай гэдэг.

    Дархад нутагт нутаглаж байсан иргэдийг Манжууд Сэлэнгэ нутгийн Хараа, Ерөө гол дагуу нутаг заан цөлөлж байжээ. Тэнд очсон Дархадуудын цаа, мал нь тогтож суурьшихгүй, хүн ард нь нутгаа санацгааж хэцүү байж гэнэ. Отгийн ахлагч гурын арьсыг битүү өвчин хийсэн хийсгэл дээл, гурын эвэртэй малгайгаа өмсөөд гөрөөсний годон гутлынхаа түрийнд булга түрийлэн Богд эзэн хаанд очиж гэнэ. Отгийн алагч Богдын өргөөнд ороод хагсуурган гаансаараа тамхилж, гутлынхаа түрийнээсээ булга гарган өгч хэлэхдээ:

    “Унагатай хүү унагаа хаяад нутаг буцаж байна.
    Хүүхэдтэй хүүхэн хүүхдээ хаяж гүйж байна” хэмээн үнэн учраа хэлсэнд, Богд хаан:
    “Тэгвэл бүгд нутаг буцаж шавь болтугай” хэмээн нутаг буцах зөвшөөрөл өгсөн гэдэг.

     

  • БУРИАД МОНГОЛ ОМГИЙН ҮҮССЭН ДОМОГ

    Монголын Чингис хаан албат Ойрад буриадын гарвалтай Асуйхан удган Байгаль далайн эргээр явж байтал далайн эрэгт хөх бух цахран байхыг удган үзээд хүнтэй учрах жигт ийм юм байх ёсгүй бүлгээ. Бурхан тэнгэрийн дохио надад хувьт магад хэмээж удган эргүй агснаас бух лугаа тачаангуй үүсгэх гэж сэтгээд тэнд тачаангуй үүсгэв. Удалгүй удган жирэмсэн болж хоёр хөвгүүн төрсний их нь Буриадай, бага нь Хоридой хэмээх болсон ажээ.

    Буриадай анд явж байтал уулын оройн жодоо модонд нэгэн охин явсаныг олж, гэргийгээ болгов. Түүнээс хоёр хөвгүүнтэй болсныг ахыг нь Эхирид, дүү нь Булгад гэж нэрийджээ.

    Эхирид найман хөвгүүнтэй болж. Түүнээс дэлгэрсэн үндсэн олон ястан овогтой болж, байгаль далайн тэр бие Эрхүү мужид Бирхалинс, Балканск, Иди олон тасаг буриад, Байгаль нуурын орчимд олон овог ястан болсон байна.

    Хоридайн үр сад нь сүүлд Монголоос дүрвэж ирсэн олон ястан овогтонтой холилдсон аж.

    Эхиридийн найман хүүхэд, Булгадын зургаан хүүхдүүд одоо хүртэл “Бух ноён аав, Будан хатан эжий” хэмээн сүүгээр цацал өргөн тахиж мөргөдөг ёс үүссэн байна.