Category: Монгол бөөгийн түүх

  • Хөвсгөлийн алдарт Дамдин зайран Б.Ширэндэв Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ.

    нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг. Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ. Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ. Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ. Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ. Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан. Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ. Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм. Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм. М.ТЭЛМЭН

  • Би бөөгийн шашинг шvvмжлэх гэж очоод шvтээд буцсан хvн дээ

     

    -Таныг би бөөтэй нутгийн хvн гэж сонссон юм байна. Танай удамд бөөхvн байсан юм уу?

    -Манай эхнэр бид хоёр Хөвсгөл нутгийнх. Тиймээс бөөгийн тухай судлахад арай ойр дөхөм байсан гэхvv дээ. Гэхдээ манай талд бөө хvн байхгvй. Би чинь лам хvний хvvхэд шvv.
    Харин манай хадам ээж бөө хvн байсан. Гэвч эрт бурхан болсон л доо. Гэхдээ хадам аав маань бөөгийн ёс, монгол бөөгийн дvрэм журмыг сайн мэддэг. Ингэж болохгvй, ийм учиртай, ингэх ёстой гээд их зvйл зааж сургаж байсан нь миний ажилд маш их тус дэм болж байсан.

    -Та чухам яагаад бөөг сонирхон судлах болсон юм бэ?

    -Би угаасаа тvvхч хvн. Намайг оюутан байх тэр vед чинь шашин шvтлэгийг хоргилдог хаагдмал vе байсан шvv дээ. Тэр vед намайг бөөтэй нутгийн хvн байна танай нутагт хэн хэн ард тvмнийг яаж мунхруулж байна гэдгийг мэдэж танд гэсэн vvргийг эвлэлийн vvрээс даалгадаг юм байна. Би нэг нөхрийн хамт эвлэлийн даалгавар өвөртлөөд нутагтаа очлоо. Тэгтэл ч Ханд гэдэг тэнгэрээс арц буулгадаг удган бөөлнө гэж байх юм. Бид хоёр ч сонирхоод очлоо. Хvмvvсийг яаж мунхрууулдаг болохыг илрvvлэх зорилготой шvv дээ. Нөгөө нөхөр маань гэрийн тооноор хэн арц шидэхийг харах гэж гадаа нуугдаад, би гэрийн доторхыг тандах гэж дотор суулаа. Ханд удган ч бөөлж байнаа. Гэтэл удаач vгvй хэнгэргээ дээш нь өргөөд тостол харсаар байтал арц хэнгэрэгт дvvрчихсэн. Арц авангуутаа хормой доороо хийх ёстой тэгэхгvй бол онгод нь аваад явчихдаг гэж байна. Аваад vзтэл шvvдрийн устайгаа нойтон арц. Бvр vндэстэйгээ улаан шавартайгаа шив шинэхэн арц байхыг хараад маш их гайхсан. Тэгж л анх бөөгийн гайхамшигт vзэгдлийг нvдээрээ vзээд итгэж биширсэн. Наяад километрын цаана байгаа тэр өндөр тайгаас хэн тэр арцыг аваад ирэв. Энэ бол маш гайхамшиг. Тэгж л эвлэлийн даалгавраар шvvмжлэх гэж очсон хvн маань шvтээд буцсан юм даа. Тэр цагаас хойш бөөгийн шашины тэр гайхамшигт увидас, учир начирыг олж, тайлах гэж бараг хагас зуун жил судалж байна даа.

    -Таны анх судалж байсан vеийн бөө, орчин vеийн бөө нар ямар ялгаатай байна вэ?

    -Ялгаатай. Гол ялгаа нь зах зээлийн хуулинд л орчих шиг боллоо, Орчин vеийн бөө нар цаг vеээ дагаад мөнгө их ярьдаг болж дээ. Хөдөөнөөс бөө нар их олноороо хот руу нүүж ирэх болж. Энэ чинь мэдээж зах зээлээ дагаад орлого мөнгө л олох зорилготой шvv дээ. Yvнийхээ хажуугаар худлаа хvнээс мөнгө салгадаг бөө нар гарч л байна.

    -Орчин үеийн бөө нар яаж мөнгө олдог гэж?

    -Бурхны шашины ламнартай адил хvнийг vзэж харна, засал хийнэ, эмчилнэ,бөөлнө. Одоо ч харьцангуй хvмvvс бөөгийн шашинд ханддаг болж дээ. Манайд гэхэд Хөвсгөлөөс залуухан бөө хvний урилгаар ирчихсэн байгаа. Тэр холоос урилга зарлага болгоод авчирч байгааг бодоход манайхан бөөгийн шашиныг мэддэг, ойлгодог, итгэж биширдэг болчихсон байна. Бөө нар засал их сайн хийдэг. Засал хийж хүнд их тус болж байна.Yvүнийхээ хэрээр орлого олж амьдралаа залгуулж байгаа болохоор бас мөнгөний хойноос явлаа гэж буруутгах аргагvй юм.

    -Засал ямар vнэтэй хийж байна?

    -Тvvнийг нь ч би мэдэхгvй юм даа.

    -Бөө удам дамждаг уу? Эсвэл хэн нэгэн хvнд илэрдэг юм уу?

    -Монгол бөө голдуу удам дамжиж байна. Бас удам дамжихгүй ёс ч бий. Одоо удам дамждаг бөө нар ховор болжээ. Удам гэдэг чинь цусаар л дамжина гэсэн vг. Гэхдээ заавал бөөгийн хvvхэд бөө болох албагvй. Бөөгийн хvvхэд коммунист, лам ямар ч хvн болж болно.

    -1990-ээд оноос хойш маш олон бөөгийн төв бий болсон? Энэ ямар зорилготой ямар vйл ажиллагаа явуулдаг юм бол?

    -Төvvд бол дандаа мөнгө олох гэсэн бизнесийн зорилготой л гэж би хэлнэ. Голомт төв гэж хvмvvс их сайн мэдэх байх. Тvvнийг vvсгэгчийн нэг нь би шvv дээ. Би бөө бол орлого хөөцөлдөх ёсгүй гэж үзээд гарчихсан. Ерөөсөө хvмvvсийн сvсэг бишрэлийг далимдуулж аль ч шашин мөнгө олох нэг арга зам болж байгаад маш их харамсдаг. Шашинаар бизнес хийж болохгvй л болов уу. Бүр тариф тогтоочихсон байгааг ойлгодоггvй.

    -Бурхны шашинд нvгэл гэж ойлголт байдаг. Тэгвэл ингэж их мөнгө, бизнес хөөгөөд байгаа нь ямар нэг сөрөг муу vр дагавар болох уу?

    -Бөөгийн ёсонд орлогыг бас vгvйсгэхгvй л дээ. Хvнээс мөнгө авч байгаа нь нvгэл биш бас адилхан буян. Гэхдээ олон тvмнээс орж ирж байгаа хөрөнгийг өөрийнх бус олны юм гэж үздэг юм. Энэ ёс бvр XIII зууны vе байсан. Олны юмыг олонд нь буцааж зарцуулах ёстой. Одоо манайд энэ зөрчил харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин шинэ хоёр ёс мөргөлдөөд байх шиг байна.

    -Орчин vеийн бөө нарын бөөлөх ёс өөрчлөгдсөн vv?

    -Бөөлөх ёсонд ч өөрчлөгдөх юм байхгvй. Онгод ордгоороо л орно. Харин тоног хэрэгслэлийн хувьд ч аль болох хуучин юмаа л барьж авахыг эрмэлздэг.

    -1990-ээд оноос хойш гэнэтхэн гараад ирсэн тэр олон бөө удган нарыг жинхнэнэ онгодтой хvмvvс гэдгийг яаж мэдэх вэ?

    -Үүнийг судлаач нар л мэдэх байх. Yvнийг мэдэх судлах газар гэж байхгvй..

    -Yнэхээр чадахгvй байж энэ зан vйлийг vйлдээд байгаа хvмvvст онгод тэнгэр нь хилэгнэнэ гэж юм байх уу?

    -Хилэгнэнэ. Чаддаг ч бай, үгүй ч бай онгодын ёс гэж айхтар юм бий. Гэвч тэр журмаа зөрчвөл онгод нь аваад явчихна шvv. Сvvлийн vеийн шинэхэн бөө нар дотор бөөлөх жам дэгийг зөрчиж байгаа хүн нэлээдгvй харгаддаг. Тэгэж буруу vйл хийвэл хэзээ нэгэн цагт онгод тэнгэртээ өөрөө л ахуулчихдаг. Ийм жишээ олон бий. Үүнийг дээхэн үед онгод тэнгэрээ хилэгнvvлж, онгоддоо хорлууллаа гэдэг байсан. Чадахгүй юмаараа оролдох юм бол өөрөө л амиа алддаг. Ер нь бөөгийн шашин бол хатуу ёс гуримтай, хатуухан шашин шvv дээ.

    -Бөө мөргөл хаана, хэзээ үүссэн юм бол?

    -Миний бодлоор Монголын бөө энд тэнд vvссэн гэх газаргvй. Тэр vvсгэсэн гэх эзэнгvй. Байгаль дэлхийн vзэгдлийг биширснээр л эхэлсэн. Байгаль дэлхийтэйгээ маш нарын сэжимээр холбогдсон ертөнц дэлхий хэмээх эзэнтэй Монголын эртний шашин. Монголын бөөг 5-7 мянган жилийн өмнө vvссэн гэж vзэж байгаа.

    -Монголын бөө мөргөл бусад нутгийн бөө мөргөлөөс онцгой ялгаа байна уу? Шарын бөө гэж байх уу?

    -Байхгvй. Монголын бөөгийн шашинаас бурхны шашин луу нэлээн орсон урсгал байдаг. Тvvнийг нь монголчууд шарын бөө гэж нэрлээд байгаа юм. Бөө мөргөл гэдэг бол шашин биш, зан vйлийн нэр. Шашин бол өөрөө философитой, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байх ёстой. Тэгэхээр нэр томъёоноос эхлээд бөө мөргөл, бөөгийн шашин хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

    -Бөөг хар, цагаан гэж ялгадгийн учир?

    -Хар, цагаан гэдэг эртнээс байсан юм. Хар, цагаан зvгийн гэсэн vг. Монголчууд ертөнцийг 24 цагт хуваагаад түүнийг цагаан, хар, хөх гэж өнгө өгдөг байсан. Yvнээс улбаалаад өнгөөр ялгадаг болсон. Хар зүгийн гэдгийг нь манайхны ойлголтоор догшин, аюултай гэж болох. Нөгөөтэйгүүр шударгуу хүчтэй бөө байдаг. Тиймээс харын талын бөө нар цааш харуулахаа цааш нь харуулчихдаг. Наашаа авах юмаа наашлуулчихдаг хvчтэй байдаг юм. Цагаан зүгийнх бол арга засал, эмчилгээ гэх мэт эерэг зүйлийг хийж байдаг. Yvгээрээ л гол ялгаатай.

    -Тэгэхээр харийн зүгийнх гэхээр муу талын гэсэн үг үү?

    -Ертөнц гэдэг бол өөрөө амьдрал vхэл, хар цагаан, эсрэг тэсрэгийн туйлаас бvрдэж байдаг. Хар цагаан бол амьдралын өнгө. Эрт vед төрийн туг хар байсан нь энгийн ч нэг зүйл биш. Энэ чинь цаанаа маш нарийн утга учиртай. Хүннүгийн үед ч байсан, Чингисийн үед ч байсан. Одоо манайх хар тугаа БХЯ-нд өгчихсөн байгаа шvv дээ. Энэ бас утгатай. Цэрэг гэдэг чинь угтаа бол хүн алахад л бэлтгэгдэж байдаг хүмүүс. Хvн алж байгаа vйл нь хар учир. Тvvнтэй адил харын талын бөө нь хvнийг цааш нь харуулж байгаа тул муу зvгийн гэдэг.

    -Монголд харийн талын бөө хэр олон бол?

    -Эртхэн үед байсан. Одоо бол мэдэхгүй. Монголчууд ер нь хар өнгөнд их дургүй ард түмэн шүү дээ. Тиймээс хар зvгийн бөөгөө зориуд цагаан бөө гэж нэрлэдэг юм. Батмөнх даян хааны үед цагаан зайран гэж алдартай хар бөө байсан. Хар, цагаан бөө бүр эртнээс л байсан. Сүүлдээ цагаан бөөг шарын бөө гэдэг болсон. Шар нь шарын шашин талдаа болж байгаа юм..

    -Хоёр талын бөө нар хоорондоо зөрчилдөх тал байсан уу?

    -Байнаа. Бие биенээ алах талын хүчтэй зүйл байдаг.

    -Монголын бөө мөргөлийн оргил үе хэзээ байсан бол?

    -Монголын бөө мөргөлийн хамгийн дээд хөгжлийн vе бол Чингис хааны дараах үе. Бурхны шашин XYII зууны vед хvчтэй дэлгэрсэн. Нарийн яривал Монголын бөө мөргөлийн бүр оргил үе бол эртний Хvнvvгийн vе. Одоогоос 2500-гаад жилийн өмнө. Яагаад гэвэл тэр vед бөө мөргөл төрийн шашин байсан. Тэр vеийн төр бол бөөгийн үзэл санаагаар зохион байгуулагдсан, бөөгийн vйл ажиллагааг явуулдаг төр байсан. Тэр vед ч, дараа нь ч төрийн тэргүүн өөрөө бөө байсан юм. Энэ нь шашин, төр хоёр нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө хүн өөрийн дураар төрийн үйл ажиллагааг явуулдаг байсан тэр vеvvд бол бөөгийн шашин монголын ард тvмний хамгийн гол шашин байсан тvvхэн vеvvд юм. Төр шашны хэрэг холилдож байсан vеvvд Чингис хааны үеээс дуусгавар болж,. Чингис хаан төр шашин хоёрыг салгасан. Салсан бөө нь Чингистэй хамтарч тэмцэж байгаад Чингис хааныг байхад нь шашин талаараа чингис түүний ах дүүстэй буруу харьцсанаас цаазаар авахуулсан.

    -Та Чингис хаан, бөө мөргөл хоёрын холбоог хэр үздэг вэ?

    -Холбоотой. Чингис өөрөө бөөгийн шашинтан хүн. Бөөгийн ёсыг сайн мэддэг. Тиймийн учраас Тэв тэнгэр зайранг ёс жаягаа зөрчсөн гэж цаазаар авдаг шvv дээ.

    -Монгол бөөгийн гайхамшиг гэвэл бий юү?

    -Байлгүй яахав. Гэвч миний мэдэх цөөхөн том бөө нар байхгүй болчихож. Мэдээж хүний зовлонг нимгэлнэ гэдэг их тус. Бөө нар тулгын гурван чулуун дээрээ бөөлөх нь наад захын зүйл. Гайхмаар зүйл маш их бий. Жишээ нь: нөхөр нь анд явахад бөөлж байгаад хормой дээр нь ангийн үс жаахан хийгээд та төдий тооны ийм ийм амьтан агнана гээд явуулахад нөхөр нь яаж л хичээгээд илүү ч vгvй дутуу ч vгvй яг л нөгөө хэлсэн тоогоор нь агнасан тохиолдол байсан. Түүнчлэн нөхөртөө та цагаан булга агнахнээ гэж хэлэхэд нь нөхөр нь vнэхээр цагаан булга олж алаад эхнэртээ алсангүй гээд ууланд нуугаад ирэхэд нь авгай нь та тэнд л нуусан байна шvv дээ гээд нуусан газрыг нь хэлж байсан. Ганцаараа ууланд явж байгаа хvнийг юу дагаж яваад тийм мэдээг өгчихөв. Энэ бол гайхамшиг. Энэ мэт шууд ямар ч зөрөөгүй хэлдэг байсан гайхалтай бөө нарын бодитой жишээ маш олон. Байгальтайгаа айхтар зохилдож байгаа биз. Нисдэг бөө, хулгай барьдаг бөө, цас бороо оруулдаг бөө гээд янз янзын бөө байсан.. Би ч түүнийг мэдэх юм. Харин тийм бөө одоо гарч ирэхгүй л байна. Хэрэв байвал манай төрд их л хэрэгтэй байх даа.
    -Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

    Ж.Алтантуяа

  • ШАВЬ НАРЫН ХАМТ ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Яармагийн дэнжийн өмнө орших уулын аманд тахилга хийж, хуяглан бөөллөө.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл болон шавь нарын оролцсон тахилгын үйл ажиллагаатай танилцлаа. Шавь нар отог, отгоор байрлажээ.
    Тахилгын эхэнд Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл толгойлж эхэлж, дараа нь шавь нар нь дараалан бөөлөв. Түүний шавь нарын бөөлөлт, үйл ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.

     

     

     

    djmedia:101
  • ДАРХАДЫН АЛДАРТ ЗАЙРАН ЧУЛУУНБААТАРЫНД ЗОЧЛОВ.

    Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зочилсон байна. Монголын бөөг уламжлан авч яваа цөөхөн цөө нарын нэг нь Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар юм. Дархад бөөгийн уламжлалт мөн чанарыг хадгалж яваа түүнд талархахаас аргагаүй билээ.
    Дархадын алдарт удган Цэгмэдийн хүү, Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатарын амьдрал үйл ажиллагаатай танилцаад Онгодын өргөөгөөр орлоо. Үе уламжлан дамжиж ирсэн онгодын өргөөнд саатан морилоход таатай байлаа.
    Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар гуйад МБНЭ-ийн нэгдсэн тахилгад толгойлон бөөлж залуу үедээ, түмэн олонд бөөлөлтөө харуулахыг хүссэн юм. Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар болон гэргий нь хамтдаа нэг нэгдсэн тахилга дээр урлагын тоглолт хийж, тахилга дээр толгойлж бөөлөхөө илэрхийлсэн байна. Энэхүү саналд МБНЭ-ийн Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
    Д.Хүрэлбаатар

  • Тэмээ унуулж “илгээсээр” тэмээгээ унаад “одов”

    Өвдсөн, зовсонд өрөвч сэтгэлээр хандан, өдөр шөнө ялгалгүй тус хүргэн явах буянтнуудыг хэлэх бөлгөө. Харынхан харин аюултай. Хар хэл ам, хараал жатга хийх юм уу харын талын “юм” хийлгэсэн хүмүүсийн хариулгыг хийж өгдөг гэдэг билээ. Бараг мэргэжлийн хараалчид гэхэд болно л доо. Баруун Монголоос гаралтай нэгэн харын талын удган саяхныг хүртэл Баянхошуунд амьдарч байсан билээ. Нэрийг нь Дарьзав гэнэ. Уг нь гурван үеэ дамнасан дан удганы талтай айл ажээ. Дээд үед нь харин сайн, сайн зайрангууд байсан гэх юм билээ. Сүүлчийн удгад нь харынх байсан юм уу, хаашаа юм. Дарьзав удган мэдээ орохын л нэг тиймэрхүү юм хэлдэг хүүхэд байж. “Балдан гуай ч тэсэхгүй байх аа. Хорол чавганцын хөл унаа нь иржээ. Халтарынд хүүхэд тогтохгүй дээ” гэж ирээд л үргэлж муу амалж явах. Хүмүүс ч түүнээс нь баахан цэрвэдэг байжээ.
    Ямар сайндаа л түүнээс аль болох дөлсхийж явах вэ дээ. Тэгээд ч хэн л болсон хойно таагүй мэдээ хүсэх вэ. Халз таараад хачин юм яривал тэр нь биелж, таардаг болохоор тэр биз. Гэхдээ таарсан болгонд ч хэлээд байхгүй л дээ. Хэлье гэсэндээ л хэлнэ. Тэр нь нэг ёсондоо урьдчилан сэргийлэх арга байсан юм уу даа. Миний нэг сайн таних нөхөр тэднийд очсон байгаа юм. Тэгээд бөөн унтууцал болсон амьтан ирснээс болж бид баахан хөөрөлдсөнөө санаж байна. Уг нь архинаас холдчих санаатай, аргаа барж яваад “Дарьзав л аргална даа” гэхээр нь ээжийгээ дагуулаад очсон байгаа юм. Бага зэргийн юмыг ч аргалах нь аргалдаг гэдэг юм шүү, хөөрхий. Бөөн дараалалд дарагдсан удган гэртээ бууж байжээ. Гэхдээ “Бууна, барина” гээд учир зүггүй цамнаад, бүжээд, орилоод байдаггүй хүн гэнэ билээ. Онгодоо дуудаж жаал гөлийж сууж байгаад л хэлдэг, хэлсэн дороо засал, маслыг нь хийчихдэг юм байх. Нэгэн хархүүг үзэнгээ мань хүнийг “Хүлээзнэ” гээд хажуудаа суулгаж орхисноос элдвийг үзэж, сонссон байгаа юм. “За, хүүхээ. Үйлс чинь бүтэхгүй ээ. Хар талын юм хийлгэчихэж. Баруун хойт талаас бараавтар царайтай эмэгтэй хүн хараал хийлгэжээ. Аваар, осол тохиох чинь юу ч биш. Амь нас чинь ч гаргуунд гарах нь. Хариу хийхгүй бол горьгүй нь. Хатуухан юм хийхээс дээ” гэжээ.
    Өнөө хар хүү их аминчхан нэгэн байсан бололтой. “Та ямар хариу хийх вэ?” хэмээн сонирхвол “Тэмээ л унуулаад илгээчихнэ дээ” гэсэн байна. Дашрамд дурдахад, монголчууд тэмээг хүйтэн хошуутай мал гээд цэрвэмтгий байдаг билээ. Ялангуяа тэмээ зүүдлэхийг нэг их таашаадаггүй юм. Тэр дундаа хэн нэгэн тэмээ унаад тэшүүлж одвол бараг л бурханы орноо илгээгдэнэ гэсэн үг л дээ. Тийм зүүд зүүдлэгсдийг хөгшчүүл “Хөл унаа нь иржээ. Замд нь бэлдвэл таарна” хэмээдэг. Замд нь бэлдэнэ гэдэг нь ая тааваар нь байлгана гэсэн үг юм. Тэгэхээр хараал хийлгэгчийг золигт гаргахыгаа л хэлээд байхгүй юу. Манай найзын ээж нутаг усандаа нэлээд нэр төртэй, бас ч гэж шударга, тэгээд ч удганаас эгчмэд нэгэн байжээ. Дээрх яриаг сонссон хархүү “Хэцс, хадам авгай л байна. Түүнээс гарахгүй ээ. Харыг хараар гэдэг биз дээ? Эгч хүү, тэр нөхөрт тэмээг нь унуулаад тавьчих. Арыг нь би даая” гээд тун ч хэнэггүй суусан юм байх. Ингээд удган харын арга хийхээр гурил, балин хийж эхэлжээ.
    Тэр бүхнийг харж, сонсч суусан найзын маань ээж гэнэт дүрсхийгээд явчихжээ. “Хөөе, Дарьзав, яаж байгаа чинь энэ вэ? Хүний амь золих ийм санаан зоргоор байдаг юм уу? Аав ээж, ах дүүгүй хүн үү, чи? Бухимдсан эмэгтэй лам хард очоо л биз. Юун сүртэй юм. Осол, аваар чинь хараасан, хараагаагүй өдөр, шөнөгүй л гарч байдаг биш үү, энэ их хотод? Тэр болгоныг хараал гээд хариулаад байвал юу болох вэ? Чи ч гэсэн дээ, яачихсан амьтан бэ? Эр хүн байж жаал холуур харж сурах хэрэгтэй ш дээ. Хадам ч гэсэн дээ, хүний л эх шүү дээ. Наадахаа боль, би явлаа” гээд босчээ.
    Удган Дарьзав ихэд сандран “Цэрэв гуай тайвшир даа. Нутаг усны ахмад хүн таны үгийг сонсохгүй яахав. Нээрээ тийм юм байна. Энэ залуугийн үйлс бүтэхгүй, ойрхон юманд орооцолддог болсон байна. Цаадуул нь юм хийлгэх нь ч хийлгэсэн бололтой. Гэхдээ би тэгж хариулахаа больё” гээд л буугаад иржээ. Заслыг ч өөрөөр хийх болсон байна. Залуу хархүү ч ухаарсан бололтой. “Уучлаарай, эмээ. Уурандаа дэмий юм хийлгэчих шахлаа. Өөрөөр аргалж болдог юм бол заавал хатуу хариу энэ тэр гээд ч яах вэ” хэмээж суужээ. Яагаад үүнийг нуршаад байна вэ гэвэл бусдыг санаа аваасай гэсэн дээ л тэр шүү дээ.
    Харын арга чарга, хар дом, ид шид байдаг ч хамаа бусаар хийгээд байдаггүй гэсэн шүү. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж үг буй. Харын арга, хараал жатга хийх юм уу хийлгэх ч тийм сайн зүйл биш гэдэг үнэний хувьтай байх аа. “Харыг цагаан, хатууг зөөлөн” гэдэг ардын сайхан үг ч бий. Удган Дарьзав манай найзыг үзээд “Айлтгүй ээ. Аяндаа өөрөө холдчих юм байна. Чи ч өөрөө хичээ. Би ч тусалъя” гээд багагүй юм хийж өгсөн гэх бөгөөд өнөө л лав архи уухаа больжээ. Тэр удган нөлөөлөв үү, өөрөө аяндаа больсон уу, ёстой чөтгөр бүү мэд дээ. Гэнэт уумааргүй санагдаад л хаячихсан гэдэг юм. Иймэрхүү тохиолдол уг нь ч элбэг байдаг юм шүү. Харин тэр биеэс нь өт авах, адистай архи уулгаад гаргах энэ тэр ч дээ, худлаа байх. Тэр аргыг хийлгэсэн хүн архинаас гарсан гэж сонсоогүй юм байна. Үүнийг товчлоод удганы хувь заяаг сонирхоцгооё.
    Жилийн дараа удган найзын маань ээжийг яаралтай ирж уулз хэмээжээ. Тэд ч сандарсан байна. Манайд л нэг эвгүй юм тохиох нь дээ гээд үтэр түргэн очицгоожээ. Удган нэлээд ядруу хэвтэж байжээ. “Ашгүй, Цэрэв эгч та юу?” гээд өндийгөөд иржээ. “За, дүү нь ч баларсан байх. Үйлийн үрийг одоо яана гэх вэ. Бие дордлоо. Бусдад тус болж байна гээд буруу зөрүү зүйл бишгүй л хийсэн байна. Бүгдийг нь эцэслэн тунгаалаа. Огт хэрэггүй зүйл олныг хийжээ. Залуу хосыг ч салгасан байна. Хариу хийж байна гээд хэдэн халтар цаасны төлөө хүний амь насанд хүрсэн ч байж мэднэ. Барилгын компанийн захирал гэх нэгэн залуугийн хүсэлтээр мөнгө зээлээд өгөхгүй байна гэсэн хүнд ч юм хийж явжээ. Харин нэг хүүхний эсрэг юм хийчихээд л баларлаа. Хадамдаа хатуурхсан, хар царайтай, хатуу ширүүн хүүхнийг золигт гаргачихсан юм. Тэр шөнө өөрөө тэмээ унаж одсоноос хойш ийм болов. Их муухай зүүдлэсэн юм. Одоо ч нэмэргүй биз ээ. Тэр хүүхний ар тал их хатуу, харын талтай улс байж. Айлгүй хийчихээд амиа алдахдаа тулаад байна даа” гэжээ.
    Түүнээс хойш хэд хоноод нас барсан гэнэ билээ. Хэдхэн жилийн өмнөх болсон явдлыг дурдахад ийм байна. У.САРАН

  • БӨӨГИЙН ИХ ЧАНАР БОЛЛОО. 2012

    Богд хайрхан уулын аманд болсон Чанарт мянга гаруй шавь, шүтлэгтэн нар оролцлоо.
    Хагас дугулйан барьсан гэр, майхнуудын гол хэсэгт гурван газарт галын тахилга хийхээр бэлтгэсэн байна. Зайран Хурцжавхлангийн өргөөнд шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлж, тасралтгүй уулзан золгох ажээ.
    Монгол бөөгийн Их удган Отгонсүрэн нь Буриаад бөөгийн онцлог шинж чанарыг харуулсан өвөрмөц бөөлөлт хийлээ. Эртнээс хуягны өвөрмөц байдлаараа Буриад бөө ялгарч харагддаг.
    Галын тахилгын өмнөхөн бүгд хуяглах үед гурван хэсэгт хуваагдан галын тахилгад байрлалаа эзлэнэ билээ. Халх бөөгийн их хаад, хатад, баатрууд, дорлигууд гэсэн хэсэгт хуваагдаж тахилгаа хийсэн юм. Зайран Хурцжавхлангийн чанарт МБНЭ-ийн удирдлагууд байлаа.

  • Тэнгэр шүтлэг Бөө мөргөл

    . Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж. Харин хоёр дахь сэргэн мандалт нь мөнх тэнгэрийн хүчин дор гарч ирсэн Чингис хааны үеэс эхлээд арван долдугаар зуун буюу Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна.

    Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ. Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам 1640-өөд оны үед увидасын хүч билэгээ шалган тулж ялсан гэхээр Өндөр гэгээний үед болсон тэмцэл нь нилээн хожуу үедээ орно. Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг. Харин гуравдугаар үеийн сэргэн мандалт нь 1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ.

    Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нар луу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ. Гэхдээ тоо толгойг нь цөөлж чанарыг нь сайжруулсан хэрэг.

    1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Харин дөрөв дэх сэргэн мандалт нь 1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. Сүүлдээ бөөгийн хэд хэдэн төв ч нэгэн зэрэг байгуулагдлаа. Тэргүүнүүд нь хүртэл бие биенээ мэдэхгүй баахан бөө удган зайрангууд Монголоор нэг хөшилдөж энд ч бэлэн мөнгөөр тэнд ч машин унаагаар хахууль авч гол төлөв хараал ерөөл хийх болсон нь үнэ ханшийг нь хямдрахад хүргэсэн. Захын нэг архичин хүртэл бөө зайрангийн хувцас өмсөж тольтой хэнгэрэг зүүчихсэн “Хараалгах хүн байна уу, хадуулах зүрх байна уу” хэмээн амнаасаа хөөс цахруулж явах болсон нь онгон тэнгэрийн шашны нэр хүндийг ч навс унагахад хүргэжээ. Дөрөвдэхь үедээ сэргэн мандаад буй мөнх тэнгэрийн ёр зөн далд хүчний их шашин дотроосоо мөхөж мэдэх ийм байдалд орсон явдалд жинхэнэ бөө удам судартангууд ихэд жигшин зэвүүцэх болжээ. Тэд энэ оны долоон сараас эхлэн хуурамч бөө нарын эсрэг дайн зарлаж өөрсдийнх нь хэлээр бол “Зүрхийг нь идэж зүсийг нь шатаахаар” болсон байна. Сонирхуулахад жинхэнэ цэвэр бөө мөргөлийн ёс жаягаа шүтэн дээдэлж яваа 150 орчим удган зайран энэ тэмцэлийг хийхээр шийдсэн байна. Уг тулаанд хуурамч бөө нар гарцаагүй ялагдал хүлээх бөгөөд учир нь тэдэнд угаас заяасан хүч чадал байхгүй учраас аргагүй мөхөсдөнө хэмээн тэд үзжээ. Нэгэн үе бөө нар маань лам нартай хүч үзэх тухай яриа гардаг байсан бол эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай. Энэ нь нэг талаар бидний өвөг дээдсийн унаган шашинд гарч буй бас нэгэн шинэчлэл гэж хэлэхэд буруудахгүй байх.

  • ХАТАН ЭЖИЙ ЦОЛООР ӨРГӨМЖЛӨВ

    Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сонинжаргал гахай жилийн босгон дээр Нутгийн төр захиргааны байгууллагаас “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнасан байна.
    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг анхлан зохион байгуулагчдын нэг нутгийнханы нэрлэдэгээр Сонио удган зон олноос “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнагдсанд МБНЭ-ийн хамт олон баярлан талархаж байна.
    Мөнх тэнгэр биднийгээ ивээх болтугай.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд

  • Бөөгийн буулт ба Элбэгдоржийн зуулт

    учрах мууг бодохгүй, урагш биш хойш татах хүн улсын толгойд хаан сууна. Төрийн толгойд сууж байвал түмний сэтгэл өвдөнө үү, түйтгэр зовлон ирнэ үү, түүнд ер хамаагүй’’ гэж буулгасан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг.

    Шинэ ерөнхийлөгчийн чимээ ойртох тусам Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бачуурч яваагаа нуун ядан яваа нь ажиглагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож хэлсэн хатуу үгсээс нь тод харагдав. Тэр үнэхээр гарамгай шоучин төдийгүй тамир муутай зангаа тавихгүй байсаар өндөр сэнтийгээсээ буух цаг туллаа. Ардчиллыхан хүртэл өөр хоорондоо Ц.Элбэгдоржийг “хар мөртэй” гэж ярьдаг нь нууц биш юм. Түүний олон хар мөрийг дурьдвал сонины зай хүрэхгүй биз. Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна.
    Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм. Засгийн газрын хуралдаан дээр дэглэсэн түүний үйлдлийг хараад Ерөнхийлөгч болсон өдрөөсөө л элгэн түмэндээ ийм хайртай байхгүй яав даа гэж гасалж суугсад олон. Даанч хугацаа бачуу үлдсэн болохоор Ерөнхийлөгч минь тогос шиг гоёод, тахиа шиг донгодоод ч нэгэнт оройтжээ. Тэгээд ч монголчууд явах хүнээр ачаа бүү татуул гэдэгсэн. Зөвхөн сүүлийн хэдхэн хоногт Ерөнхийлөгч маань нэлээд түжигнэлээ. Хаалттай хуралдаан яаран зарлаж, сэтгүүлчдэд хайр сэтгэлээ илэрхийлж, адаг сүүлдээ ар нь болж яваа багаа хүртэл баалж, аяг нь олдохоо болив. Энэ нь түүний хувьд сүүлчийн зуулт юм.
    Учир нь АН-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд ард олон дунд баахан унасан тул ахиад өөр хүний эрэлд хүссэн ч хүсээгүй ч гарна биздээ. Дорвитойхон ажиллаж, домог болж байгаа хотын мээр Э.Бат-Үүлээс эхлээд нэр дэвшихээр санаархагсад бишгүй байгаа. Элбэгдоржийн нэр хүнд Энхбаяраар сүүдэртэж, Бат-Үүлээр бараантаж байгаа нь маргашгүй үнэн. Ядаж байхад 2009 онд Ерөнхийлөгчид нэр дэвших тэмүүлэлтэй байсан Бат-Үүлийн хөхийг нь хавтгаад, Улсын баатараар хуурч аманд нь түр сүүл өмхүүлсэн ч ахиад л нэр дэвшинэ хэмээн зовоож эхэлсэн сураг байгаа. Бас эгэл ардуудын дунд Женко Баттулгын сайр суурь ч баяртай мэдээ дуулгаад байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сайтуудад дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдэг санал асуулгаар Х.Баттулга түүний өмнө цохиж яваа, харин мань хүнийг дэмжихгүй гэсэн хүний тоо судалгааг манлайлж яваа нь сүйрэлтэй адил болоод байна. Олон жил парламентад сууж, гол хорыг найруулдаг, муур багш Р.Гончигдорж хүртэл би ямар ч албан тушаал аваагүй нь ерөнхийлөгчид үзэх гэсэн л санаа шүү гэх ухааны юм яриад гэтэж яваа.
    Тэгээд Элбэгээ Засгийн газрын хуралдаан дээр хэн хэн руу байгаа онилсон зорилго нь зангирсан сэтгэлээ тайтгаруулж байгаа хэрэг. Тэр Бат-Үүлийг байдалд оруулж, баруун гар Баттулгаа матан баалав. Нам доторх түүний өрсөлдөгчид өд сөд нь гүйцэж, шонхрууд болжээ. Байдал бараанаар эргэж, ээлээ өгөхгүй байгаа нь түүнийг барьц алдуулав . Тэрбээр Н.Энхбаярыг л гол хатуу самар хэмээн андуурч, айдгаа авдартаа хийлээ гэж санатал айдас хажуугаас ургаж, дээр нь ард олон нүүрээ буруулсан нь бачуурах бас нэгэн шалтгаан болоод байгаа билээ. Учир нь ард түмэн түүнд ахин итгэл өгөхгүй гэдгээ амаа зууртал өөр хоорондоо ярьж эхэлсэнтэй холбоотой. Хулхи хар хайрцагаар дахин хуурах санаа байвал харин энэ удаа сачий нь хүрэхгүй хэмээн шүд зуугсад ч бишгүй тааралдах боллоо.
    Дэлхий сүйрнэ гээд хар амалсан 12 дугаар сарын 21-нд Элбэгдорж зөвхөн өөрийнхээ төлөө гурван зүйлийг хийж амжуулсан байдаг. Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг хар хайрцгаар тоолох хуулийн төслийг өөрийн халаасны гишүүдийн тусламжтайгаар яаран батлуулж, Н.Энхбаярыг эмнэлэгээс шорон руу ачуулж, орой нь бод идсэн боохой шиг инээд цалиглуулан, МҮОНТВ-ийн ярилцлагад орж, ард түмний эсэргүүцэлтэй тулгараад байгаа Оюутолгойн гэрээг дэмжсэн мэдэгдэл хийж, ард түмэнтэйгээ амь нэг гэж шоуддаг ерөнхийлөгчийн маань тар нь танигдаж, тамир нь мэдэгдсэн юм. Монгол улс баялгаа бусдад алдахад хүргэсэн гол буруутанг гэсгээж, ард түмэнтэйгээ амь нэг ерөнхийлөгч харин ч эсрэгээрээ PIOTINTO –гийн Монгол дахь албан бус дистрибютер нэртэй болсон нь монголчуудын голыг гонсойлгоод байгаа. Удам угшилыг үл тоон, улсын тэргүүнээр тавьсандаа иргэд амаа барьж, харамсан халаглах болсон нь нууц биш ээ.
    Тэр авилгачин гэж нэр зүүгээд байгаа Н.Энхбаярыг шоронд хатаагаад ч авилгал буурсангүй харин ч улам гаарах маягтай. Ерөнхийлөгчийн Тамгын газарт АТГ-ын нэг салбар ажиллахаас наагуур юм болж, далдаас удирдан, хуулийн байгууллагыг улс төрийн захиалгат газар болгон хувиргаж чадсан юм.
    Мөн Элбэгдоржийн халаасны хэвлэл мэдээллийн байгууллагын тоо хяналтаас гарсан мэдээ байгаа. Харин шалгадаг газар, хянадаг хүн байна уу? Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчөөр дэвшиж байх үе буюу 2012 оны 5 дугаар сарын 12-нд нэгэн зайрангийн онгод ‘’Хэл тагнайн ачаар хэтэрхий олныг үймүүлж, үгийн урнаар олныг хуурч, үймсэн олны сэтгэлийг дэвэргэж, улсаа гэх сэтгэлгүй, учрах мууг бодохгүй, урагш биш хойш татах хүн улсын толгойд хаан сууна. Төрийн толгойд сууж байвал түмний сэтгэл өвдөнө үү, түйтгэр зовлон ирнэ үү, түүнд ер хамаагүй’’ гэж буулгасан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг. Үнэхээр түүнийг улсын эзэн сууснаас хойш халх монголын заяа хазгай явах болж, хар буруу санаатангууд хан төрд олноор шургалж, харийнхан хар шоргоолж шиг бүчиж, харз ус ширгэж, малчид бэлчээр нутаггүй бэдэрч явах болсон.
    Тэгвэл 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдөр нэгэн зайрангийн буултанд ‘’Тангад ясны эр дахин мэдэлд суух гэж таван цаасаар түмнийг дахин хуурч, сэнтийд залрахыг чармайна. Чимээгүй байж байгаад, чигийг нь гаргаж өгөх ухаан, чинхүү сэтгэл монголчуудад бий. Элдэв уран үгэнд бүү хуурт, урьдын түүхийг нь тань, ураг төрлийг нь болгоо. Мэргэн түшмэдийг тодруулах мэргэн ухаан ардуудад бий. Аль нь ардуудад ээлтэй нь аяндаа шигшигдэн үлдэнэ. Арван эр өрсөлдөхөд авдар шиг биетэй, авхаалж самбаатай эр ардуудаас арвин санал авна. Аяндаа эзнээр сууна. Эзэн Чингисийн нутагтай, элгэн нутгаа хамгаалдаг эр эгэл олноос их санал авна ‘’ хэмээжээ. Ар халхын заяа буян дэлгэрч, ард түмний минь хийморь лундаа өөдөө байж, ахин алдаа хийхгүйг сануулан, өвгөд хүртэл өндөр тэнгэрээс өмөгнөн байгааг эрхбиш тунгаах цаг ирсэн буй заа.

  • Дундговийн Дэндэв зайран тарнийн аргаар буг үүсгээд дархан газар болгодог байв

    нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргье. Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ. Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм.
    Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ. Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ.
    Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж. Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав. Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх. Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм.
    Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ.
    Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү. Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх.
    Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ. “Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз. Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж. Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ. Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.
    Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм. Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү? Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ. Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ. Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ. Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу.
    Аймгийн цагдаагийн дарга машид хилэгнэн хураагаад, сумын даргад түүрэгдсэн нь нэг ёсондоо аз болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга их ухаантай хүн байж л дээ. Өнгөн дээрээ болохоор Зэвэгээг баахан загнаад өнөө ном, судрыг нь хэзээ ч олдохооргүй, хол аваачиж өөрийн гараар устгахаа хэлээд хамт явцгаасан байна. Хэд хоноод хүрээд иржээ. “Таныг аймагт дуудсан байна. Хоёул явъя даа” гэжээ. Жолоочтойгоо гурвуулхнаа гарсан байна. Замдаа ийн ярьжээ. “Тэр ховор судруудыг арайхийж авч үлдлээ. Эзэнд нь өгчихье. Хэрхэхийг өөрөө мэдэг. Хайран юм” гээд Дэндэвийнд буужээ. Хоол, цай болонгоо судруудыг эзэнд нь өгөөд “Намайг устгасан гэж тэд бодож байгаа. Маш далд газар хадгал. Мөддөө гаргах хэрэггүй. Чамаас болоод энэ залуу л хэцүү байдалд орох нь ээ. Гэхдээ айлтгүй. Би аргална аа” гээд гарчээ. Аймгийн цагдаагийнхан Зэвэгээ гуайг толгой түрүүгүй загнаад, эмчээс өөр зүйл эрхлэхийг хориод золтой л шорон орон бололгүй буцаажээ. Гурван жил ажиллаж байтал их эмчийн сургуульд аймгаас хүн явуулах тухай яриа гарсныг сумын даргаасаа сонсоод уухайн тас аймгийн төв орсон байна. Гэтэл хувь заяа бүтэн эргэжээ. “Европ эмнэлгийг таниулан сурталчилах хүн байтлаа ламын эмнэлгийн ном, судар ашиглаж байсан таныг явуулахгүй. Дахиж энэ талаар ярилтгүй. Явж ажлаа хий” гээд гаргажээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл хорвоог бага эмчээр туулсан байна. Далаад он хүртэл ингэсээр яваад нас нь явж их эмч болох мөрөөдлөө орхисон гэнэ билээ. Зэвэгээ гуайн өөрийнх нь ярьсан “Бага зэрэг” хэлмэгдсэн гэдэг нь ийм учиртай юм.
    Одоо Дэндэв зайрангийнхаа ид шидээс ганцыг өгүүлье. Дэндэв зайран ид шид, хар домын хүчийг хаана ч юм бэ эзэмшсэн нэгэн байжээ. Оточийн хувьд үе дамжихаас гадна нэгэн хүрээнд шавилахдаа эмчээр дагнаснаа Зэвэгээ гуайд ярьсан байгаа юм. Зэвэгээ гуай ч залуу байсан болохоор элдэвт дурлаагүй гэнэ билээ. Түүнээс биш элдэв ургамлаар эм хэрхэн хийдгийг нь мэдээд авсан бол одоо цаг үед аштай юу. Бас судас, шөрмөсөөр оношлох гээд тэр хүнээс авах юм их байжээ. Нэг удаа Дэндэв зайран/Зайран гэдэг нь бөөг хэлдэг юм. Тэгэхээр тэр зайран гэдэг нь олон түмний л өгсөн хоч төдий байх. Тиймээс Дэндэв оточ гэмээр санагдана. Сурв:/ тэднийд өөрийн биеэр морилж иржээ. Хөдөө гараад хэвтчихсэн болохоор хүн хар үзлээ, барилаа гэгдэлгүй бараг хоёр ч жил болсон юм байх. Нэг ёсондоо бараг мартагдаж байсан хэрэг л дээ. Тэгээд гадуур, дотуур явдаг болоо биз. Тэгээд ч зайран хүн гээд ямар өвчлөхгүй юм биш. Эмчийнхээр орж гарахад болохгүй нь ч юу байх билээ. Нэлээд нухацтай юм ярих болов уу гэмээр тухлаад авчээ. Тэгээд ийн ярьсан байна. “Их газрын чулууны баянбүрдийг манайхан сүйтгэх нь ээ. Дархалж орхихоос. Зав зайтай бол чи надтай хамт явангаа салхинд гарахгүй юү” гэжээ. Ингээд тэр хоёр товлосон цагтаа гараад өгсөн байна. Мэдээж хоногоор явжээ. Их газрын чулууны баянбүрд гэж ёстой жинхэнэ баянбүрд байсныг өвгөн яриад санаа алдсан билээ. Одоо ч Баянбүрдээ хатдаа “Хоосонбүрд” болоо байлгүй гэснийг нь ч хүргэх нь зүйтэй болов уу.
    Тэд зорьсон газраа очоод жодгороо босгожээ. Зайран нэг майхан мэт юм босгожээ. Эмийн ургамал түүхдээ авч явдаг аяны палатка маягтай юм уу даа гэж бодсон байна. Өөрөө л урласан эд байх гэсэн билээ. Ингээд орой болтол тэр хавиар зугаалж, хоол цай болсоор жаал амарчээ. Тэгэх зуураа ёстой алмайрмаар сонин хачин юм зөндөө ярьсныг залуу явсан болоод тоолгүй, бараг мартаж орхижээ. Ингэсээр явтал үдэш болж бүрий тасраад ирэхийн алдад баянбүрдээ дархлах ажилдаа орсон байна. Хэд хэдэн зул асаагаад гэрэлд нь судар шагайгаад, амандаа дүнгэр дүнгэр уншиж гарчээ. Өөрт нь нэг их юм хэлээгүй аж. Санаанд ч оролгүй сонирхоод сууж байтал зулын дэргэд тавьсан гадсанд/хадаас/ шаасан цаасан хүрд нь аажим эргэлдэж эхэлжээ. Тэгснээ хурд аваад сэнс шиг сар сар хийн улмаар шуугин эргээд нүдэнд бараг үзэгдэхээргүй болжээ.
    Ямар ч салхи, савиараггүй байтал гэнэт тийм юм болохоор гайхалгүй яах билээ. Зайрангийнхаа ид шидийг гайхаад сууж байтал гэнэт дотор зарсхийм дуу гарч хүн чарлах шиг болоод явчихаж. Хэн нэгнийг дуудаад ч байгаа юм уу, уйлаад ч байгаа юм уу, нэг мэдэхэд эр нь орилоод, эм нь чарлаад байх шиг санагдсан байна. Зайран гэнэт ном уншихаа болиод “За, боллоо” хэмээжээ. Тэгээд цай уух хооронд нь юу болсныг асуужээ. Зайрантан “Баянбүрдээ бугтай болгоод тавилаа. Эр, эм хоёр харцагын сүнсийг дуудаж ирээд хос буг болгож орхив. Сайн цаг иртэл энэ хавийг энэ хоёр л хамгаалж байг. Хүмүүс аяндаа мэдээд ирэхээрээ ийшээ зүглэхээ байна аа. Хүнд ямар ч аюул байхгүй. Зөвхөн нэр усаар нь дуудах юм уу хөөж тууж л магадгүй. Сүнсний хар хүчийг нь салгаж, цайруулаад илгээлээ. Хоёулаа унтаж амрах уу даа. Бидэнд одоо мэдэгдэхгүй ээ” гэжээ. Нэг хэсэг нойр нь хулжих аядсанаа алга болон нам унтаад өгчээ. Ингээд сар орчим болж байтал Самдан чөтгөртэй дайралдаад арайхийж салжээ гэх яриа гарсан байна. Сумын намын үүрийнхэн болон эвлэлийнхэн хуралдаад “Буг чөтгөр гэж юм байдаггүй юм. Айснаас болоод хий юм сонсохгүй юү. Хий юм харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр талаар хий хоосон цуу яриа гаргаж болохгүй” гэх зэргээр таниулга хийгээд ч тусыг эс олжээ.
    Гадуур шуугиад байхгүй ч хоорондоо их л аминчхан ярьдаг болсон байна. Түүний хүчинд тийшээ айлууд нүүдэллэхээ больсноор өнгө төрхөө алдаж асан баянбүрд нь сэргэж, ногоороод, ус булаг нь ундраад ирснийг ганцхан би ч биш тэр үед тэнд байсан хүн болгон мэднэ дээ. Тэрхүү буг ерээд оны эхэн хүртэл лав байсан даа. Хүмүүс Их газрын чулуу руу явдаг ч баянбүрд рүү нь зүглэдэггүй байв. Монголчууд байгалиа хамгаалах ийм л ухаалаг ард түмэн байсан даа” гээд өвгөн яриа дууссаныг илтгэн нүдээ анивчсан бөлгөө. Нутаг нутагт байдаг бугтай, чөтгөртэй гэх газруудыг ийнхүү дархалдаг байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Удган мод, хад, чулуу, овоо тахилга, энэ тэр гээд бишгүй л юмс үзэгдэл манай бараг баг, сум болгонд л шахуу байдаг байсан юм шүү. Бидний үеийнхэн ч зах зухаас нь мэднэ дээ.