Category: Монгол бөө

  • ХОРОЛ УДГАНЫ ӨМСГӨЛ ХУЯГ

    Хорол удганы эцэг Цэвээн заарин нэгэн удаа Тагна уулын урианхай орж Тува нартай ангийн үсний наймаа хийж явахдаа урианхайн бөө нартай булганы арьсны үнэ тохиролцоогүйн улмаас хэрүүл зодоон үүсгэжээ… Үүнээс болоод урианхайн бөө нар лусын гаралтай онгод явуулж Цэвээн заарингийн гал голомтод аюул учруулсан гэнэ. Тагна урианхайн бөөгийн хараалаар ирсэн энэ онгодыг Хорол удганы багш хар дархадын алдартай бөө Жалхын Цэвээн удган гэгч тогтоож ” хар булгадайн юм ” хэмээн нэрлэж Хорол удганд нэг сүлд болгон тахиулж өөрийн манжигнаас ногоон хөх алаг , ногоон-хөх- ногоон алаг , ногоон хөх алаг 3 манжиг авч урт ногоон туузанд бэхлэн бүтээж баруун мөргөлд нь нэмсэн гэдэг. Бөө болсоноос хойш Хорол удган нэг удаа “муухай өвгөн хар морьтой ирээд Хорол удганыг нүхрүү түлхэж унагах гэхэд тэрээр зулзаган хуш модноос зууралдан байж тэр нүхнээс унасангүй” гэж зүүдлээд юуны учир ингэж зүүдэлсэн гэдгийг багшаасаа асуужээ. Тэгхэд багш нь ” чи бөөлөхгүй удаад онгодоо уурлуулсан байна. Хар булгадайн юм бол там болтол ухсан долоон алд гүн нүхтэй чоно , баавгайн дүрд хувирдаг онгод юм шүү дээ. Хар моринд сэтэрлэж одоо түүнийг өөрөө тахь” гэсэн ёсоор Хорол удган сэтэр татаж багшийнхаа бүтээсэн урт ногоон туузтай энэ зэрэгцүүлэн мөн тийм урт ногоон туузанд цагаан, хар , улаан өнгө бүхий гурван манжиг үйлдэж толгойнд нь алтан саа өргөн бүтээж энэ мөргөлдөө нэмж байжээ…
    Choigoo Shamanic Path
    Арван хоёрдугаар сарын 10-нд 13:52 цагт ·

     

  • Д.ИДЭР: МОНГОЛЫН ЭГЭЛ ДАРУУ, УХААЛАГ ХАТАД ТӨР УЛСЫНХАА ГОЛ ТҮШИГ ТУЛГУУР БОЛЖ БАЙЖЭЭ

    Та “Их Юань улсын хатад”, “Монголын их хатад” гэсэн судалгааны номоо хэвлүүлсэн. Түүхэнд мөнхөрсөн хатдын талаар хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?
    -Би Өвөрмонголын их сургуулийн докторантурт 2008-2012 онд суралцаж, “Умард Юанийн эхэн үеийн улс төрийн түүхийн судалгаа” хэмээх сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм. “Умард Юанийн эхэн үе” гэдэг нь 1368-1388 оныг хамрах Монголын түүхийн нэгэн хэсэг зурвас үе болно. Ингэж дунд үеийн түүхээр судалгаа хийсэн нь Монголын их хатдын цадиг, түүхийг сонирхож судлахад нөлөөлсөн. Судалгааны сэдэвт холбогдох сурвалж бичгүүдийг уншихад Их Юань улсын сүүл үед Чуанхэн гэдэг хүний бичсэн “Тогоонтөмөр хааны түүх” хэмээх нэгэн чухал түүхийн сурвалжийг олж үзсэн юм. Үүнд Тогоонтөмөр хааны Данашир, Баянхутаг, Өлзийхутаг гурван хатны тухай сонирхолтой мэдээ баримтыг тэмдэглэсэн байв. Нэн ялангуяа, Их Юань улсын сүүл үеийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байсан Тогоонтөмөр хааны Солонгос угсааны Чи овогт буюу Өлзийхутаг хатны цадиг түүх ихээхэн анхаарал татаж, нарийвчлан судлах болсон нь Монголын хатдын түүхийг судлах ажлын эхлэл болсон юм.

    -Эзэнт гүрний түүх гэхээр юун түрүүн дэлхийг эзэгнэсэн Монгол хаадын дүр төрх, тэдний явуулсан бодлого, эзэнт гүрний газар нутаг л санаанд бууж байна. Хатдын тухай эх сурвалж олон байдаг уу?
    -Монголын их хатдын цадиг түүхийн тухай монгол, хятад, перс, солонгос зэрэг олон хэлний сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн мэдээ баримтууд арвин бий. Тухайлбал, “Монголын нууц товчоо”, Рашид Аддины “Судрын чуулган”, Жувейни “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Юань улсын судар”, Чуанхэний ‘Тогоонтөмөр хааны түүх”, Түжигийн “Монголын түүхэн тэмдэглэл”, “Гуулин улсын судар” зэрэг олон сурвалж бичгийг дурдаж болно. Эдгээрээс Монголын их хатдын цадиг түүхийг онцгойлон үзэж, тусгай ботид тэмдэглэж үлдээсэн нь “Юань улсын судар”, Түжигийн “Монголын түүхэн тэмдэглэл” хэмээх хоёр сурвалж бичиг юм.

    -Эдгээр сурвалж бичгийн тухай товчхон дурдана уу?

    -“Юань улсын судар” бол XIV зууны үед зохиосон Монголын түүхийн тулгар сурвалж бичгийн нэг. ХIII-XIV-зууны Монголын төр улсын хүчирхэгжил мандалт, бууран доройтлын түүхийг тэмдэглэсэн, баялаг агуулга, үлэмж арвин хэрэглэгдэхүүнийг багтаасан иж бүрэн сурвалж бичиг. Эртний хятад хэлээр бичсэн уг сурвалж нь нийт 210 боть бөгөөд “Уг тэмдэглэл”, “Ойллого”, “Илтгэл”, “Олон шастир” хэмээх үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Уг сурвалж бичгийн 106 дугаар боть “Хатад, сул хатдын илтгэл”, 114, 116 дугаар боть “Хатад, сул хатдын шастир нэг, хоёр”-т Их Монгол Улс хийгээд Их Юань улсын их хатад, сул хатдын намтар, үйл хэргийг тэмдэглэсэн байдаг. “Хатад, сул хатдын илтгэл”- ийн тэмдэглэлээс ХIII-ХIV зууны их хаадын хатад, сул хатдын тоо, нэрийг мэдэж болно. Энэхүү ботид Их Монгол Улсын үеийн нийт 51 их хатан, сул хатанг тэмдэглэсэн байна. Харин Их Юань улсын их хаадын 41 хатан, сул хатан, мөн хаан цолоор нэхэн өргөмжилсөн хаадын найман хатан тухай тэмдэглэжээ. “Юань улсын судар”-ын “Залгамж шастир нэг, хоёр”, “Хатад, сул хатад нэг, хоёр”-т ХIII-XIV Монголын их хатдын тухай тусгай шастирлажээ. Ингэхдээ их хатдын овог, уг удам, мэндэлсэн он цаг, гол ордыг залгамжлуулж, их хатнаар өргөмжилсөн он цаг, түүхэн үйл хэрэг, өргөмжилсөн ба нэхэн өргөмжилсөн цол, навчит өргөмжлөлийн бичээс, нас нөгчсөн он цаг зэргийг тэмдэглэсэн байдаг. Тус сурвалж бичгийн 114-р ботид Их Монгол Улсын дөрвөн их хатан, Их Юань улсын 16 их хатны шастирыг бичжээ. Харин Их Юань улсын үед хаан цолоор нэхэн өргөмжилсөн хаадын хатдыг тусгай нэг ботид багтаан тэмдэглэжээ. Тухайлбал, Тулуйн Сорхагтани хатан, Чингимийн Балан эгчи хатан, Гамалын Буянхэримиш хатан, Дармабалын Дажи хатан гэсэн дөрвөн хатны шастирыг бичсэн байдаг. ХIII-ХIV зууны Монголын түүхийг судпахад чухал сурвалж бичгийн нэг “Монголын түүхэн тэмдэглэл”-ийг Чин улсын Бадаргуулт төрийн 29 дүгээр он буюу 1903 онд Түжи гэдэг хүн найруулан бичсэн. 160 боть энэхүү сурвалж бичгийн “Хатад, авхайн намтар нэг”-т Их Монгол улс ба Их Юань улсын үеийн 25 хатны тусгай цадгийг бичжээ. Мөн Монголын хаадын сул хатад, авхай нарын намтарт холбогдох мэдээ баримтуудыг тэмдэглэснээрээ ач холбогдолтой.

    -Бид их хатдын нэрийг мэдэхээс намтар, гавьяаг нь тэр бүр мэддэггүй. Юань улсын хатдын намтар түүхэнд холбогдох сонин сайхан баримт мэдээ, үйл явдлаас жишээлж яривал ямар вэ?

    -Түүхийн сурвалж бичгүүдэд Монголын их хатдын цадиг түүхэнд холбогдох сонирхолтой, сайхан мэдээ баримт олон бий. Их Юань улсын сүүл үед Тогоонтөмөр хааны Баянхутаг хатныг нас нөгчсөний дараа Солонгос угсааны Чи овогт буюу Өлзийхутаг хатан түүний өрөөнд орж, эд зүйлсийг нь янзлах үед Баянхутаг хатан хуучирч муудсан хувцас хунар өмсөж байсныг олж үзээд “Улсын их хатан байж ийм муудсан хувцас өмсөх гэж” хэмээн халаглаж, шоолон инээжээ. Гэтэл ийм л эгэл даруу, ухаалаг хатад Монголын төр улсын гол түшиг тулгуур болж байсан учир монголчууд дэлхий дахиныг донсолгосон их гүрнийг байгуулж чадсан юм.

    Чаби хатан бол Хубилай хааны гол түшиг тулгуур, туслан дэмжипчийн нэг байсан. Нэг удаа Хубилай хаан ав хомрогд мордож ирээд хатандаа “Ан авлахад нүд гялбаад харвахад хэцүү байна” гэжээ. Үүнийг сонсоод Чаби хатан даруй Хубилай хааны малгайд саравч хийж өгчээ. Ингээд монголчууд саравчтай малгай өмсөх болсон түүхтэй.

    Мөн Чаби хатан морин дээр мордож, харваж намнахад зохимжтой дээл урласан нь даруй Монголчуудын дунд түгэн дэлгэрсэн байдаг. Бас нэгэн сонирхолтой мэдээ бол Тогоонтөмөр хааны солонгос угсааны Чи овогт Өлзийхутаг хатны үед Их Юань улсын хааны ордонд солонгос ахуй соёлын хэв маяг дэлгэрчээ. Тэрбээр их хатнаар өргөмжлөгдсөний дараа Солонгосын Корйө улсаас Их Юань улсад татварлагдаж ирсэн үзэсгэлэн гоо охид, бүсгүйчүүдийг мэдэлдээ авч, Монголын язгууртнуудад хуваарилан өгөх хэргийг шийдвэрлэх болжзэ. Ялангуяа 1341 оноос Их Юань улсын нөлөө бүхий язгууртнууд солонгос татвар, зарц, шивэгчний тоогоороо өрсөлдөж байсан нь зэрэг дэвийн ялгааг тодорхойлох бол он байна. Энэ нь 1990 оны сүүл үеэс манай монголчууд Өмнөд Солонгосын киног ихэд шимтэн үзэж, тэдний ахуй соёлыг сонирхон, дуурайж байсантай яг адилхан юм.

    -Дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийн эрх чөлөө хязгаарлагдмал байсан. Гэтэл хатад хаандаа шууд зөвлөж, төрийн хэрэгт оролцдог байсан тухай олонтаа уншсан.
    Монгол хатад эрх мэдлийн төлөөх цус урсгасан тэмцэлд гүнзгий оролцож байсан учир шалтгааныг тайлбарлана уу?

    -Монгол хаадын амьдрал, үйл хэрэгт хатан эх, хатад чухал нөлөө үзүүлдэг байсан. Их хаад зарлиг, шийдвэр гаргахын өмнө хатан эх болон хатадтайгаа зөвлөлдөж, санал бодлыг нь сонсдог байснаараа онцлогтой. Монголын их хатад нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, ирээдүйн хааныг бэлтгэх үндсэн үүргийн зэрэгцээ төр улсын үйл хэрэгт санал, зөвлөгөө өгөх, хаан тэнгэрт халих үед төрийн эрхийг түр барих, өөрийн хөвгүүнийг хаан өргөмжлөх, хааны өвчин хүндрэх үед хааны нэрийн өмнөөс төр улсыг удирдах, хааныг нас балчир үед орлон төр улсыг удирдан жолоодох зэрэг үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэж байв. Ийм учраас Монголын их хатад тухайн цаг үеийн улс төрийн зөрчил тэмцэлд идэвхтэй оролцож, өөрийн эрх мэдэл, байр суурыг хадгалан хамгаалахын төлөө ширүүн тэмцдэг байжээ. Үүний тодорхой жишээ болгон Өгэдэй хааны Дөргэнэ, Гүюг хааны Огул Хаймиш, Тулуйн Сорхагтани бэхи, Хубилай хааны Чаби, Тугтөмөр хааны Бодьшир хатан нарыг дурдаж болно.

    -Юань улсын хаадын түүх ширүүн тэмцэл дунд өрнөдөг. Хөвгүүдээ, эр нөхрөө хаан суудалд залрахад хатан эхчүүдийн оролцоо голлох үүрэгтэй байсан. Тэднээс хамгийн цог заль төгс нь таны бодлоор хэн бэ?

    -Их Юань улсын их хатдын дотроос хамгийн нэр алдартай нь Чаби юм. Түүний хурц ухаан, алсыг харсан бодлого, үйл ажиллагаа нь Хубилай хааны бодлого, үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн. Хубилайг 1260 онд Кайпин хотод хуралдсан их хуралдайгаар хаан ширээнд суухад Чаби хатан чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

    Хубилай хааны Чаби хатны цадиг түүх маш сонирхолтой. Чаби хатан бол хааны ордонд хэмжээлшгүй их эрх мэдэл, эд хөрөнгөд умбаж байсан боловч тэрхүү жаргал цэнгэлдээ ташууралгүй ажилч хичээнгүй, арвич хямгач байх зарчмыг ямагт баримталдаг байжээ. Тэрбээр хааны ордон дахь хэрэглэхгүй болсон хуучин торгон хувцас хэрэглэлээр цэргийн нумын хөвчийг ороолгуулан бат бөх болгох, мөн хаягдал сүүл, годонгийн арьсыг зүйж оёулан дэвсгэр хийх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ мэтчилэн Чаби хатан хааны ордны хатад, авхай нарт үлгэр дуурайлал үзүүлж, аливаа эд зүйлсийг зүй зохистой, ариг гамтай хэрэглэж байхыг сургаж байсан нь ихээхэн нөлөө үзүүлжээ.

    -Магадгүй эрх мэдлийн төлөөх улайрал нь хаан төрд хагарал, урвалт, хуйвалдаан, өс авалтыг өдөөсөн тохиолдол байдаг л байх. Түүх бол сургамж учраас энэ талаар баримт дурдана уу?

    -Их Юань улсын хатдын дотроос улс төрийн эрх мэдлийн төлөөх зөрчил, тэмцэлд идэвхтэй оролцож байсан хатан бол Тогоонтөмөр хааны Өлзийхутаг хатан юм. Түүний уг удам нь Солонгосын Чи буюу Ги овогт хамаарна. Тэрбээр Солонгосын Корйө улсаас татварлагдаж, Их Юань улсын хааны ордонд шивэгчнээр үйлчилж байхдаа Тогоонтөмөр хааны хайр ивээлд багтаж, 1340 онд хоёрдугаар хатнаар өргөмжлөгджээ. Улмаар 1365 онд гол ордны их хатнаар өргөмжилсөн байна. Ийнхүү Тогоонтөмөр хаан харь угсааны шивэгчнийг сонгож, их хатнаар өргөмжилсөн явдал нь Их Юань улсын сүүл үеийн язгууртнуудын хоорондох зөрчил тэмцлийг улам хурцатгасан байна. Тухайн үед Баян, Шарбал зэрэг нөлөө бүхий язгууртнууд Тогоонтөмөр хааныг харь угсааны шивэгчнийг, сонгож, их хатнаар өргөмжилсөн явдлыг шүүмжлэн эсэргүүцэж айлтгал өргөж байжээ. Тэдгээр язгууртнууд Тогоонтөмөр хааныг “Харь угсаанаас сонгож, их хатнаар өргөмжилж болохгүй” гэсэн Хубилай хааны зарлигийг умартаж, Монголын төр ёсны уламжлалыг зөрчиж болохгүйг сануулсан ч тусыг эс олсон. Ингээд Чи овогт их хатнаар өргөмжлөгдөн эрх мэдэл, байр сууриа бэхжүүлсний дараа улс төрийн бодлого, үйл хэрэгт идэвхтэй оролцох болсон. Өлзийхутаг хатан 1338 онд мэндэлсэн нь хөвгүүн Аюушридарыг хунтайжаар өргөмжлүүлэх бодпого, үйл ажиллагааг идэвхтэй явуулсан нь 1353 онд амжилтад хүрчээ. Энэ үеэс Өлзийхутаг хатан Тогоонтөмөр хааныг шахамдуулан хаан ширээг хунтайж Аюушридард найр тавин өгүүлэхийг санаархжээ. Тухайн үед Тогоонтөмөр хаан хүү Аюушридард хаан ширээгээ шилжүүлэх бодолгүй байв. Үүний улмаас Тогоонтөмөр хаан ба Өлзийхутаг хатан, хунтайж Аюушридарын хоорондох харилцаанд ан цав гарчээ. Мөн хааны ордонд Тогоонтөмөр хаан ба хунтайж Аюушридарыг дэмжсэн улс төрийн бүлэглэл бий болж, тэмцэлдэх болжээ. Энэхүү тэмцэл нь Юанийн сүүл үеийн улс төрийн зөрчил, тэмцлийг хурцатгасан төдийгүй Хятад дахь засаг захиргаа, ноёрхол нуран унахад нөлөөлжээ.

    Тухайн үеийн Өлзийхутаг хатны бодлого, үйл ажиллагаа нь Их Юань, Корйө улсын харилцаанд ч нөлөөлсөн юм. Солонгосын Чи овогт Их Юань улсын хатнаар өргөмжлөгдсөний дараа Корйө улс дахь түүний удам угсааныхан ихэд омогшиж, бардам дээрэнгүй аашлах болсон нь хэрээс хэтэрсэн байна.

    Үүнд дургүйцсэн Корйө улсын Конминь ван Чи овогтын нэг угсаа төрлийнхнийг цөмийг барьж авч, цаазлан хороожээ. Энэ мэдээг Чи овогт Өлзийхутаг хатан сонсоод ихэд уурлаж, хөвгүүн Аюушридарыг даруй цэрэг дайчлан мордуулж, Конминь вангаас ял нэхүүлэхээр илгээсэн боловч, Ялу мөрний хөвөөнд бут цохигдсон байна. Энэ хэрэг явдал нь хоёр улсын харилцаа тасалдах үндсийг тавьжээ. Тухайн үед Хятадын Улаан алчууртны бослого, Их Юань улсын нөлөө бүхий язгууртнуудын хоорондох эрх мэдлийн төлөөх зөрчил тэмцлүүд хүчтэй өрнөж байсан учир Корйө улсын Конминь вангаас ял асуух хэрэг явдлыг анхаарч, шийдвэрлэж чадаагүй юм.

    -Юань улсын үеийн хатдын цол, зэрэг дэвийн тухай дэлгэрүүлнэ үү?

    -XIII-XIV зууны Монголын язгууртан эмэгтэйчүүдийн талаарх судалгааны чухал асуудлын нэг бол тэдний цол, зэрэг дэвийн үүсэл, онцлог билээ. Их Монгол Улс болон Их Юань улсын үед язгууртан эмэгтэйчүүд төрийн бодлого, үйл ажиллагаа нийгмийн харилцаанд чухал үүрэс нөлөөтэй оролцож, өндөр эрх мэдэл, байр суурийг эзлэх болсноор Монголын язгууртан эмэгтэйчүүд эрхэмсэг цолыг хэрэглэх болж, улмаар зэрэг дэвийн ялгаа бий болсон юм. Монголын язгууртан эмэгтэйчүүдийн угсаа гарал, эрх мэдэл, байр суурь нь тэдний цол, зэрэг дэвээр тодорхойлогдох ажээ.

    Тухайн үеийн Монголын язгууртан эмэгтэйчүүд “үжин”, “их хатан”, “хатан”, “сул хатан буюу авхай”, “бэхи” буюу “гүнж” гэх зэрэг цолыг хэрэглэж байжээ. Үүнээс хүндэт өргөмжлөлт хатдын байр суурь бусдаас дээгүүр байв.

    Юань улсын хаад их суурийг залгамжилсны дараа төрүүлсэн ээждээ “Хааны эх хатан” цол, эсвэл урьдах хаадын хатанд “Элэнц их хатан” цолыг өргөмжилдөг байжээ. Хубилай хааны эх Сорхагтани, Тугтөмөр хааны Бодьшир хатан, Чингимийн Балан эгчи хатан, Гамалын Буянхиримиш хатан, Дармабалын Дажи хатанд хүндэт хатан цолыг нэхэн өргөмжилсөн байдаг. Нэхэн өргөмжилсөн хүндэт цол нь тухайн хатны үзэсгэлэн гоо, авьяас билгэ, эрдэм ухаан, зан ааль, түүхэн гавьяа зүтгэлийг илэрхийлсэн утга бэлгэдэлтэй. Жишээ нь Хубилай хааны Чаби хатанд “Бат үзэсгэлэнт, тод ариун, тэнгэрт эетэй, сод ухаант, гэгээн заяат хатан”, Содбал хааны Сүхбал хатанд “Усхал үзэсгэлэнт ариун хатан” гэх мэт. Эртний Хятадын Хавар, Намар улсын үед үүссэн хүндэт өргөмжлөлт хатан цолыг Юань улсын төрд уламжлан авчээ. Түүнчлэн хааны дөрвөн ордын доторх Баруун их ордыг тэргүүлэн сууж буй хатныг эш хатан буюу их хатан хэмээнэ. Эш хатныг гол төлөв хонгирад аймгаас сонгож өргөмжилдөг ёстой. “Юань улсын судар”-т Хубилай хааны Тэгүлэн хатныг “Их хатан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин Их Монгол Улс болон Юань улсын үед хатад баруун их орд, баруун хоёрдугаар орд, баруун гуравдугаар орд, баруун дөрөвдүгээр орд гэсэн дөрвөн ордын тогтолцоонд эрэмбэлэгдэж, харьяалагдаж байжээ. Дөрвөн ордны хатад дотроо эрх мэдэл, байр сууриараа нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэг дэвээрээ эрэмбэлэгдэж байв. Дөрвөн ордын тогтолцоонд хатдын доор эрэмбэлэгдэх эмэгтэйчүүдийг сул хатан буюу авхай гэнэ. Тэд хааны хайр ивээлд багтаж, хан хөвүүн, гүнж төрүүлбэл эрх мэдэл, байр суурь нь дээшилдэг байжээ. Юань улсын үед бэхи хэмээх цолыг эртний Хятадын төрт улсуудад хэрэглэж байсан гүнж цолтой дүйцүүлэх болжээ. Эртний Хятадын Байлдаант улсын үед анх гүнж цолыг хэрэглэж эхэлжээ.

    -Монгол хатдын түүхийн талаарх судалгаа хэр эрчимтэй хөгжиж байна вэ?

    -Монгол хатдын намтар, үйл хэргийг тусгайлан судалж бичсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол бүтээл, өгүүлэл, илтгэлүүд олноор хэвлэгдэн гарч, энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд энэ сэдвээр хэд хэдэн бүтээлүүд гарчээ. Тухайлбал, МУИС-ийн багш доктор, профессор Ж.Урангуа, Д.Энхцэцэг нарын бичсэн “Монгол хатад”, залуу судлаач Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад”, Мөн “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлсийн эрхлэн гаргасан “Монгол хатад” гурван боть бүтээлүүдийг дурдаж болно.

    -Цаашдын судалгааныхаа зорилгоос хуваалцана уу?

    -Миний судалгааны үндсэн чиглэл бол Их Юань улсын үеийн Монголын түүхийн судалгаа юм. Тиймээс энэ үеийн Монголын түүхийн судалгааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж.Дэлгэржаргалын удирдсан “Монголын эзэнт гүрний түүх” таван ботийг бичиж, хэвлүүлэх төсөлт ажилд хамрагдан, хоёрдугаар боть болох “Их Юань хэмээх Их Монгол улс” номын зохиогчоор оролцсон. Одоо бид үргэлжлүүлэн “Монголын эзэнт гүрний задралын үеийн түүх”-ийн таван боть зохиол бичиж, хэвлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн “Юань улсын судар’’-ын монгол орчуулга болох Дэмчигдоржийн орчуулгыг хятад эхтэй нь харуулж, тайлбар, зүүлт хийж, кирилл бичигт буулган хэвлүүлэх ажлыг эхлүүллээ. Бид эхний удаад “Юань улсын судар”-ын 1-69 дүгээр дэвтрийг хэвлэлд бэлтгэж байна. Ирэх сарын дундуур хэвлэлтээс гарах байх.

    Х.Эрдэнэзаяа
    Эх сурвалж: “Монголын үнэн” сони

     

  • МОНГОЛД БОЛСОН АСАР ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ.

    80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ. 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн. Бахар уулын орой хэсэг нурж унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүссэн.

    300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж үхсэн. Хагархайн хоёр тал дээш доош их зөрсөн, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан.
    Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан. Дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурсан. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан. 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдсэн.
    Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан. 10 сая төгрөгийн хохирол учирсан.
    Эхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан байдаг. Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, 2 хоногийн дараа л агаар цэвэршсэн.
    Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол мэндэлсэн ч, дөрвөн жилийн дараа татарчээ.
    5 сая ам км нутаг буюу гурван улсад газар хөдлөлт мэдрэгдсэн. 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан, голомтоос 300-325 км-т ч.
    9 баллын бүс 17 000 ам км. 8 баллынх 65 000 ам км. 7 баллынх 230 000 ам км. 6 баллынх 700 000 ам км. 5 баллынх 1,5 сая ам км буюу Монголын нутаг дэвсгэр шиг.
    700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл доргиж, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарсан. Гадаад яаманд чухал хурал болж байхад дээрээс шороо гоожсон гэж дурсдаг. Хөдөө нэг хурал болж байтал Сүх жанжны баримал толгой сэгсэрсэн ч гэж дурсдаг.
    1000, 1300 км зайтай Улаан-Үд, Читад 4 балл доргисон.
    Эрхүүд 5 балл доргисон. Эрхүүд олон барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан. Эрхүүгийн УЦС-ийн шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон. Энэ нь газар хөдлөлт барилга байгууламжинд сайн нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол ажээ.
    Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодын тодоор тэмдэглэгдэн үлджээ. 

     

    djmedia:670
  • ХАЛХ БӨӨГИЙН ТУХАЙ

     

    Халх гэдэг нэр түүх шастирт Халх арван хоёр отог аймаг, Аглагийн арван хоёр хүрээ халх гэж нэрлэгдэж байсан бөгөөд монголчуудын төв түшиг хайгуулч халхавч гэгдэж байснаас халх гэх нэрийг олсон гэж таамгалдаг.
    Халх бөөгийн хувьд нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц дүр төрх, хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн тахидаг, уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг.
    Монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястнуудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Халх бөө манжийн ноёрхлын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарсан.
    Тиймээс Халх удган, зайрангууд өнөөг хүртэл уламжлалаа хадгалан авч үлдэж чадаагүй. Иймд Халх бөөгийн зан үйл, ёс жаягийн талаарх мэдээлэл тун ховор үлджээ.

  • ӨӨХ АЛАГЛАСАН ӨВЧҮҮ, ГОДОН СҮҮЛ, СҮҮЛНИЙ ӨӨХ ХҮНИЙ БИЕД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

    1961 онд Америкийн мэс засалч Энсел Кис (Ancel Keys) өөхийг зүрх судасны өвчлөл болон цус харвалт үүсэх шалтгаан болдог гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөх тос, холестерин гэх мэт зүйлсийг өнөөг хүртэл муулсаар ирсэн билээ.
    Мөн “холестеролгүй” хүнсний бүтээгдэхүүний зах зээл бий болж хүмүүс ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх болсон. Энэ бүхэн нь хүний биед сайн бус харин ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Маргарин хийхэд хэрэглэдэг байсан үнээний сүүг үл мэдэгдэх химийн бодисоор орлуулсан. Мөн хүүхдүүдийн идэх дуртай эрдэнэ шиш, амуу будаатай өглөөний хоол нь тэр чигтээ нүүрс ус бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол цусан дахь сахарын хэмжээ огцом өсдөг юм.
    2014 оны “Time” сэтгүүлийн нүүрэн дээр “Эрдэмтэд өөх тосыг муу гэж үздэг байсан. Тэдний буруу байжээ” гэсэн тайлбартай зураг тавьж байв. Сэтгүүлийн доторх нийтлэлд тослог багатай, нүүрс ус ихээр агуулдаг бүтээгдэхүүн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн цадах мэдрэмжийн оронд өлсөх мэдрэмж өгдөг, түүнээс болоод хүн илүү идэж жин нэмдэг тухай бичжээ.
    Өөх тосны ашиг:
    Амьтны гаралтай өөх тос нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон маханд агуулагддаг. Хэдийгээр өөх тос нь илчлэг ихтэй ч хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 30 хувийг түүгээр бүрдүүлэх ёстой аж.
    Тослогтой сүүг дэглэмээсээ хасаад оронд нь ямар ч тослоггүй сүү хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс олон бий. Үнэндээ сүүний тослог нь нийт 140 гаруй төрлийн хүчил өөртөө агуулсан байдгаас гадна фосфатидын лецитинаар баялаг. Тус бодис судасны бөглөрлөөс сэргийлж, өөх тосны солилцоог зохих ёсоор хангаж, элгэнд хуримтлагдахаас сэргийлдэг.
    Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Жишээлбэл, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Хэрвээ цөсний хүүдийнд боловсруулах зүйл байхгүй бол чулуужилт үүснэ.
    Малын өөх нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас хүн удаан хугацаанд ахиж юм идэх сонирхол төрдөггүй. Мөн өөх нь тархины үйл ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай каротин, лецитин, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг агуулдаг юм.
    Монгол хүн амнези-ой санамжаа алдах, деменци-тэнэгрэл, зөнөх нь бага байдаг нь амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэдэгтэй холбоотой юм.

     

     

     

  • ХАЖ ЗАЙРАН

    Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. Хармайн аавын Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.

  • ХАВХ ЗАЙРАН

    Үүнд нь Хавх бөө ихэд уурсан хилгэнэж, онгодоо дуудан цамнан бөөлөв. Тэгтэл Хятад цэргийн бага даргын гэдэс нь дүүрч, үлээсэн гүзээ шиг хөөгөөд ирж гэнэ. Хятад цэргүүд учрыг үл ухан муухай орилдоод гүйлдэж гарав. Тэгтэл хятад цэргийн даргын гэдэс нь үлээсэн гүзээ шиг улам томорсоор гэдэс нь хагарч, муухай орилон үхэдхийн унав. Энэ аймшигтай үйл явдлыг харсан хятад цэргүүд ум хумгүй харсан зүгтээ
    зугтаан одов. Нутгийн ахан дүүс Хавх бөөд талархан даруй тэр нутгаас нүүн нутаг сэлгэсэн гэдэг

  • МАНЖ гэдэг үгний утга

    Шишү гэдэг түүхийн бичигт Мөхэ бол эртний үеийн дорно зүгт байсан үндэстэнүүдийн ИДИ-гийн нэг бөгөөд Шишин Чишин ч гэж бичдэг байжээ.
    Сүмө, Бөйдү, Анчегү, Пүкун, Хуши, Хар ус, Цагаан ус зэрэг 7 аймаг нь цөм Сүшин овогтон боловч бас Диеоуху, Пүниеэ, Хуши зэрэг аймаг ч тусдаа байжээ. МӨХЭ улсын тухай сударт НТӨ 11-р зуунд Баруун Жин улсын үед Сү Шин, НТӨ 3-р зуунд Ило гэж, НТ 4-6-р зуунд Вэй улсын үед Үжи, 6-7-р зуунд Тан улсын үед Мөхэ гэж бичдэг байжээ. Сүшин ард түмэнийг Мөвэ ху хүмүүс гэдэг. Мөвэ ху хүмүүс нь гол мөрний эргээр амьдарч тариалан тарьж амь зуудаг хагас суурьшил иргэд байлаа.
    Нангиадын Сүй улсын үед Зөрчидийн дээд өвөг Сүйшиний долоон аймгийн дотор Сү-Мө, Хэ-Сүй, Хар ус хоёр аймаг маш хүчирхэг болж, Сүмө аймгийн ахлагч Дазувэрун гэгч Бөхай хаант улсын тэргүүн болоод зүүн хойд 3 муж нутагийг эзэлж, зүүн зүгийн бэлчээр нутаг, Хар мөрөнөөс доошхи олон аймгийг харьяандаа авч “Зүүн Далайн улс” буюу Хай Дүн гэж хөгжсөн байна.
    916 оны үед Зөрчидийн Бөхай улс мөхөж , монгол-хитанчуудын Хитан улс мандаж зөрчидийн олон аймгийг эзлэн авчээ. Түүнээс хойш Түүхий зөрчидийн Ваниян аймгийн толгойлогч Хахудай /Агуда/ баатар хэмээх баатарлаг эр төрж их цэрэг дайчлан Сунгари мөрний сав газарыг эзлэн 1115 онд өөрийгөө хаан өргөмжилж, улсын нэрийг Алтан улус /Жин улс/ гэж нэрлэжээ. Зөрчидийн Алтан улс 1124 онд хитаны Их Төмөр улсыг мөхөөж, мөн 1125 онд нангиадын Хойд Сүн улсыг унагаж Их Алтан улсаа мандуулсан байна.
    1209-1213 онуудад Чингис хаан тэргүүтэй Монголчууд Зөрчидийн Алтан улсыг довтолж, 1231-1234 онд Өгэдэй хаан тэргүүтэй Монголчууд зөрчидийн Алтан улсыг мөхөөв. Тэр үед зөрчидийн Пүшанваннү ван гэгч хүн гарч Ляо Ян хэмээх газарт “Зүүн Алтан улс” –ыг байгуулж дараа нь Дэвманжин мөрөний урсгал дагуу шилжин нүүсэн боловч монголчуудын довтолгоон ч ширүүсч Зүүн Алтан улсыг бутниргэжээ.
    1368 онд Монгол улсын захиргаанаас Зөрчидүүд гарч чадсан боловч хятадын Мин улс тэднийг шууд эрхэндээ оруулжээ. Мин улс доройтох үед Зөрчидүүд нь Жанжү зөрчид, Хайши зөрчид, Еэрэн зэрлиг зөрчид гэж 3 хуваагдсан байна. 1
    XVI зууны сүүлээр зөрчидийн Айшин Гиро овогийн Нурхачи баатар хэмээх эр Жанжү зөрчидийн зүүн хэсгийн ахлагчаар гарч Жанжүгийн зөрчидийг нэгтгэж, улмаар XVII зууны эхээр Хайши зөрчидийг дагуулж дараагаар нь Зөрчидийн бүх овогтоныг нэгтгэж 1616 онд Нурхачи баатар хаан, их ор сууж “Хойд Алтан улс”-ыг байгуулсан байна.
    Зөрчидүүд 1619 онд Ляо Дүн дэхь нангиадын Мин улсын их цэрэгийг бутцохиж Мүгдэн хотноо нийслэллэж, бүх зөрчидийн газар нутагийг эрхэндээ оруулсан юм.
    Зөрчидүүд 1632-1636 онд Өвөр Монголыг эзэлж, 1636 онд Солонгосыг эзэлж, улсын нэрийг “Ариун улс” /Чинг улс/ гэж халсан байна. 1644 онд Нангиадын Минг улсын самууныг дарах нэрийдэлээр Зөрчидүүд нангиадын боомтонд орж Бээжин хотыг эзэлж Нангиад ороныг эрхэндээ оруулж эхэлжээ.
    1688 онд болсон Халха-Ойрадын дайныг ашиглаж Зөрчидүүд 1691 онд Халх Монголын хан ноёдыг эрхэндээ оруулж 1696 онд Халх Монголыг эзэлж авав.
    1755 онд Ойрадын Зүүнгарын дотоод самууныг ашиглаж Халх-Монгол, Өвөр-Монгол, Ойрад-Монгол зэрэг цэргээр бүрдсэн манж-зөрчидийн цэргийг Зүүнгарт оруулж эзэлж авав.
    Манж зөрчидүүд цөөхүүлээ атал 1653-1668 он хүртэл 15 жилийн хооронд нангиад иргэдийг зөрчидийн төрөлхи газар нутаг уруу нүүлгэн тариа тариулж эхэлсэнээр өөрсдийн мөхөлийн үндэсийг тавьжээ. Манж-Зөрчидийн хаад ард түмэнээ соёлжуулах, ашиг олж амьдралаа дээшлүүлэх гэсэн нь бүхэл бүтэн үндэстэнийг, бүрэн ард түмэнийг Хятадын цусанд уусан шингэхэд хүргэсэн нь нэгийг бодууштай.
    Манж Чин гүрэнд 12 хаан үе залгамжлан сууринд сууж байсан:
    1. Нурхачи баатар хаан. 1616-1626
    2. Абахай сэцэн хаан. 1627-1643
    3. Эеэр засагчи хаан. 1644-1661
    4. Энхэ Амгалан хаан. 1662-1722
    5. Найралт төв хаан. 1723-1735
    6. Тэнгэр тэтгэгчи хаан. 1736-1795
    7. Сайшаалт Ерөөлт хаан. 1796-1820
    8. Гэрэлт төр хаан. 1821-1850
    9. Түгээмэл элбэгт хаан. 1851-1861
    10. Бүрэн засагчи хаан. 1862-1874
    11. Бадаргуулт төр хаан. 1875-1908
    12. Хэвт Ёс хаан. 1909-1911.
    Манж-зөрчидийн уг гаралын домог.
    Урт цагаан уулын наран мандах зүгт Бүгүри уул, Бөлгүри нуурнаас Манж-зөрчидүүд уг гаралаа домоглодог байна. Бүгүри уулын хормой Бөлгүри нуурт Энгүлэн, Жингүлэн, Пүргүлэн гэдэг нэртэй тэнгэрийн гурван дагина ирж биеэ угаагаад хувцасаа өмсөх гэтэл Пүргүлэн охины хувцас дээр сахиусан шаазгай шувуу улаан жимс зууж ирээд тавьсаныг охин олж аваад амандаа үмхэж хувцасаа өмстөл жимс хоолойд нь орж бие жирэмсэн болоод нэн гайхамшигтай хөбүүнийг төрүүлжээ. Ээж нь хөвүүнээ 6 нас хүртэл барсын сүүгээр тэжээж хөвүүнтэйгээ хоёулаа Хар мөрөнд завиар яваад хөвүүндээ сургаж хэлсэн нь “Чи тэнгэрийн зарлигийг дагаж самуурсан улсыг засагтун” гээд тэнгэртээ нисэж оджээ. Тэр хөвүүнд Шижин Алтан овог /Айшин Гиро/ Бэкүрий Юнжин хэмээх нэр өгчээ. Зөрчидийн гурван овогийн хүмүүс харилцан тэмцэлдэж байсанаа зогсож, цугларан зөвлөлдөж бидний улсын эзэн бэйлэ өргөмжилж, Бэйлигэгэ гэгчийг хатун болгож өгөв. Тэгээд Бэкүрий Юнжин нь Цагаан уул наран гарах зүгт Омохой нэртэй хээр талын Одоли хэмээх хотод сууж олон аймгийн самууныг дарж зөрчидийн эхний улсыг МАНЖҮ хэмэээгээд Манж улсын өвөг дээдэс ингэж үүссэн гэдэг домогтой.
    Манж-зөрчидийн тотём сүлд шүтээн нь шаазгай шувуу болно. дээрх домог болон өөр домгуудаар ч энэ нь батлагддаг.
    “Манж” хэмээх нэр бий болсон нь.
    Дээр үед дорно зүгийн И-Чүв (зэрлэг бүдүүлэг) хүмүүсийн ахлагч нь Нангиад лугаа анхны байлдаанд орж ялагдан зугатааж байхдаа баригдахаас болгоомжилж гахайн жижиг байшинд орж нуугдав. Нангиад цэрэгүүд зөрчид ахлагчийг хайж нэхэж ирэхэд түүний мөр нь алга болжээ. Нангиад цэрэгүүд гахайн жижиг байшинг шагайж үзсэнд ахлагч нь гахайн ард нуугдаж байсан тул олж чадсангүй буцав. Тэр үеэс эхлэн мэгж гахайн “-жү” үсгийг хэрэглэж, ахлагчийн амь аврагдсан нэгэн шинэ Вант улс бий болж байжээ. Мөн хуучин нэр нь Зөрчидийн Жүшин буюу Сүшин гэж бичдэг болжээ. Жанжү зөрчидийн ахлагч байсан нь илэрхий байна.
    1777 онд Тэнгэр тэтгэгчи хаан зарлиг буулгаж хуучин Зөрчид “Жү-Шин”-ийг “Манжү” хэмээх үсгээр сольж хэрэглэж байв. “Ман”гэдэг нь дүүрэн, бүрэн, элбэг гэсэн утгатай. “Жү” нь анх гахайн мэгжний үсэг байсан ба сүүлдээ өөрчилж “газар орны нэгэн тив” гэсэн утгатай өөр “Жү” үсэг хэрэглэх болжээ.

    БОДОНГУУД ДӨШ

  • ОВООНД ЯАГААД ЧУЛУУ ӨРГӨДӨГ ВЭ? ХӨДӨӨ ГАДАА ЯBAXДАА CAHАЖ ЯВААРАЙ…

    Хүннүгээс улбаатай, Монгол цэргүүд дайнд явахдаа хилийн дээсэн дээрээ нэг нэг
    чулуу овоолох маягаар хаяж үлдээгээд дайнаас ирэхдээ өргөсөн чулуунуудаа буцааж авдаг

    (зарим эрдэмтэд vхсэн, амьд цэргүүдийнхээ тоог гаргадаг байсан ч гэж үздэг) байсан.
    амьд эргэж ирээгүй цэргүүдийн чулуу тэр газартаа овоорч vлддэг байв.
    Түүнийг хvндэтгэн тойрч тахил өргөж ёсолдог байв.

    Хожим 15-р зууны эхэн үеэс шарын шашин дэлгэрэхдээ бөөrийн болон уул, ус, овоо тайх олон ёс заншлыг
    өөртөө уусгаж өгсөнөөр энэхүү овоо тайх явдал шашны буян хишигийн лус савдгийн шинж чанартай болсон.
    Залуус минь бидний түүхэнд их юм бий шүү.

  • ХАВХ БӨӨГИЙН ХАРААЛ

    Энэ үеэр дэргэдүүр нь хэдэн бүсгүй морьтой давхиж өнгөрсөн бөгөөд нэг нь үнэхээрийн хацар гоо үзэмжит нэгэн байсан болохоор Догсуу сээтэн хаях санаатай дуудаж орхисон байна. Мөнөөхөн бүсгүйчүүл дунд байсан Жаргал хэмээгч бүсгүй үнэхээр царайлаг нэгэн байлаа. Догсуу хачин аялгаар ярих хэдий ч өндөр чийрэг нуруу, өтгөн хар хөмсөг, хүдэр бадар бие тэргүүтэн нь Жаргалд ч гэсэн таалагджээ.
    Ингээд гэр орныг нь заалган очиж хоол, унд идэхээр тохиролцжээ. Маргааш өглөө нь Догсуу найзынхаа хамтаар нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөн шиг Жаргалын гэрт зочлон очив. Жаргал аав, ээж хоёртойгоо амьдардаг айлын ганц охин аж. Нэг их баянд тооцогдохгүй ч боломжийн тов хийсэн амьдралтай айл байлаа. Эцэг, эх хоёр нь ч холын хүүхдүүдийг хоол, цайгаар дайлан хөл алдав. Энэ мөчөөс эхлэн Жаргал, Догсуу хоёр бие биендээ сэтгэл алдран уулзаж учрах болов. Хүрээнд долоохон хоноод нутаг буцах ёстой байсан Догсуу сэтгэлт бүсгүйдээ хоргодон зуслаа. Ингэж байтал нь Манжийн амбаны газарт томоохон алба хашиж байсан Дондов зангийн хүүд Жаргалыг эхнэр болгохоор сүй бэлэг иржээ.
    Аав, ээж нь охиноо Догсуутай хайр сэтгэлийн холбоотойг мэдээгүй юу, аль эсвэл мэдсэн ч хаа холын хүнтэй суулгахыг хүссэнгүй юу сүй бэлгийг нь авчихжээ. Тэгээд ч бурханы шашны үнэнч сүсэгтэн эцэг, эх нь Догсууг бөөгийн хүү гэж мэдвэл охинтойгоо суулгахгүй байсан байх. Жаргал нэгэн орой Догсуугийн байшинд уйлан хайлсаар иржээ. Догсуу нэгэнт бүсгүйд татагдсан учраас майхан жодгорт амьдрахаа больж гурван жангийн байшин хашаатай нь худалдаж аван түр хугацаанд аж төрж байв. Харин Дархадын хотгорт байгаа аав, ээждээ өртөөгөөр захидал явуулжээ. Уйлан хайлсаар ирсэн Жаргал өөрийгөө хүнд очих болсноо хэлэв. Угаас дураараа өссөн Догсуу юмны цаад наад нарийн ширийнийг ойлгохгүй хөдөө зангаараа,
    – Би тэр новшнуудыг чинь болгоод өгье хэмээн цамнав. Жаргал найзтай нь ятгасны эцэст арайхийн тайвшруулжээ. Гэвч тэр нутагтаа зайрангийн хүү гэдгээрээ бүхнийг дийлдэг бардам зангаа татаж чадахгүй байлаа. Эцсийн эцэст тэр гурав ярьж байгаад нэгэн шийдвэр гаргасан нь ихээхэн тэнэг явдал болсныг дор өгүүлэх зүйлээс аяндаа тодорхой болох буй заа. Учир юун гэвээс Дондов зангийнд очиж энэ бүх явдлыг хэлбэл хүндэтгэж үзнэ. Тэгээд ч өөр хүнийх гэдгийг мэдвэл Дондов зангийн хүү дур нь гутаад болино байх хэмээн найджээ. Ингээд Догсуу Дондов зангийн гэрт очжээ. Түүний үгийг сонссон Дондов зангийн царай барайгаад явчихлаа. Дондов занги хэсэг бодлогоширч байснаа,
    – Тэр яатуу тэгээд манай хүүтэй бус чамтай сууна гэж байгаа юм уу? хэмээн асуухад Догсуу ч,
    – Тийм, тийм хэмээн бөхөлзлөө.
    – За, чи хаана байдаг хүн бэ? гэхэд нь Догсуу гэр орноо зааж өгөн, явуулын хүн гэдгээ ч нуусангүй.
    – Чи одоо яв. Би ямар ч байсан чамд туслахыг бодно гэж хэлээд гаргажээ. Нэгэн гудамжны цаана хүлээж байсан амраг хайрт Жаргал, анд найз Дэлгэр хоёр дээрээ Догсуу инээд алдчихсан гүйн ирлээ.
    – Ямар ч байсан Жаргалыг хүнтэй гэдгийг сонсоод хүүгээ болиулахаар шийдсэн гэхэд нь нөгөө хоёр нь дэвхцэн баярлав. Ингээд Жаргал гэртээ харихаар, нөгөө хоёр нь байшиндаа очиж хэвтэхээр явлаа. Маргааш өглөө нь Догсууг орондоо хэвтэж байхад нь амбаны газрын манж, монгол цэргүүд очиж баривчлав. Мөн найз Дэлгэрийг нь ч хамтад нь барьсан байна.Чухам ямар хэргээр баригдаж буйгаа ч мэдэхгүй Батцагаанд хоригджээ. Нэг хоносны дараагаар түүнийг тулган байцаалаа. Амбаны газрын нэгэн манж түшмэл Туулын бургасанд бусдад хорлогдон нас барсан хэргийг тулгажээ. Ингээд л хоёр залуу эрүү шүүлтэнд тарчилж эхлэв. Энэ хооронд хайртай залуу нь усанд хаясан чулуу шиг алга болсонд гайхсан Жаргал бүсгүй бөөн эрэл сурал болж байлаа. Ийм маягаар сар гаруй хугацаа өнгөрсөн боловч сураг ажиг сонсогдсонгүй.
    Нэгэн орой Жаргалыг гэрээс нь хүн дуудуулжээ. Гартал хайртай залуугийнх нь найз Дэлгэр нүүр нь нилдээ шарх сорви болчихсон зогсож байх нь тэр. Болсон явдлыг сонссон Жаргал ч уйлан хайллаа. Нэгэнт хэрэг нь мухардсан Догсуу найзыгаа аварч, ар гэртээ хэл өгөхийн тулд өөр дээрээ хамаг анхаарлыг татаж суллажээ. Үнэхээр Догсууг л хэрэгт унагах шаардлагатай болохоос бус хаа хамаагүй Дэлгэрийг сонирхох хүн байсангүй. Хэсэг чимээгүй байснаа Дэлгэр,
    – Энэ бол Дондов зангийн хийж буй ажил гэж палхийтэл хэлэв. Энэ үгийг сонсоод Жаргал ч хачин ихээр гунигласан нь ойлгомжтой.
    – Би тэгээд яах вэ?
    – Нээрээ би Дондов зангийн хүүтэй суучихвал Догсуу маань аврагдах болов уу?
    – Мэдэхгүй юм даа. Ийм л яриа боллоо. Маргааш нь Хүрээ даяар ийм яриа тархлаа. Манж түшмэлийг хөнөөсөн Догсуу хэмээх дархад эр шоронгоос оргох гэж байгаад хуягийн суманд өртөж үхсэн болох нь тодорхой болжээ. Энэ цуу яриа үнэн худал алин болохыг мэдэхээр Жаргал, Дэлгэр хоёр Батцагааны гяндангаар очжээ. Жаргалын таньдаг хүнээс лавлахад,
    – Тийм ээ. Хөөрхий залуу оргосон гэсэн. Тэгээд л манж цэрэгт буудуулсан байна лээ. Уг нь мүглэнд байсан. Оргоно гэж баймааргүй юм даа гэжээ. Найз Дэлгэр нь цогцсыг нь авч оршуулах гэсэн авч өгсөнгүй. Аль хэдийн Даландавхарт аваачаад хаячихсан гэжээ. Ингээд Дэлгэр эцэг, эхэд нь хэл дуулгахаар хөдлөв. Түүнийг хөдлөхөд Жаргал нулимс дуслуулан байж,
    – Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь би амьд яваад юүхэв гэхэд нь Дэлгэр,
    – Чи тэгж болохгүй ээ. Үхсэний хойноос үхэлтэй биш, амьд явахаа бод. Харин тэр новшийн хүүтэй л бүү суугаарай гэж чандлан захиад морджээ. Түүний явсны хэдхэн хоногийн дараа Жаргал Туул голд унаж амиа хорлосон гэдэг.
    Хагас сар шахам явсны эцэст Дэлгэр нутагтаа очин Догсуугийн эцэг Хавх зайранд болсон явдлыг мэдүүлжээ. Зайран энэ явдлыг сонсоод цурхиртал уйлж байлаа (эхнэр нь ч мөн адил). Бүтэн хоног уйлсны эцэст зайрантан Дэлгэрт,
    – Миний нулимсыг үзлээ. Би барагдахгүй их нулимстай ажээ. Тэд ч гэсэн барагдахгүй их нулимстай байх ёстой гэж шүд зуун хэлжээ. Тэгээд Дэлгэрийг дагуулан Хүрээнд ирсэн ажгуу. Түүний ирэхэд Жаргал амиа хорлочихсон байсан нь зайрантанг бүр ч хилэгнүүллээ. Тэрбээр ,
    – Тэнгэр эцэг минь, хэнгэргийг минь хэн өвлөх юм бэ? Адаглаад амин ганц үрийнхээ амраг хүүхнийг харах ч өнгөрлөө. Би тэр Дондов гэгчийг хармаар байна гэжээ. Тэрбээр холоос зангийг харснаа,
    – Энэ хүнийг би тийм ч амар үхүүлэхгүй. Харин гурван үеэр нь хараана гэж хэлсэн гэдэг. Мөн зайрантан энэ бүхнийг түүнд өөрт нь мэдэгдэхийг хүсчээ. Тэгээд Дондов зангийн гэрт нь шууд явж оржээ. Их л хачин үс гэзэг нь сэгсийсэн бөө байрын хүн орж ирсэнд Дондов занги ихээхэн гайхаж байлаа. Зайран гэнэтхэн,
    – Чи миний хүүг хөнөөсөн. Гэхдээ би чамайг алахгүй. Харин би чамайг гурван үеэр чинь харааж байж дуусгана. Түй! хэмээн нулимхад гэгээн цагаан өдрөөр гэр дотор тас харанхуй болсон гэдэг. Хэсэг хугацааны дараа байдал хэвэндээ ороход гэнэтхэн үс нь цайсан Дондов занги уйлан хайлан өмнө нь сөхрөн унажээ. Ихээхэн сонин нь тооно нь хувхайрч, тулга нь зэвэрсэн байсан аж.
    – Өршөө намайг, өршөө гэхэд нь
    – Би чамайг гурван үеэр чинь хараалаа. Чи үхэхгүй ээ. Харин тарчилна гэж хэлээд гарсан гэдэг. Энэ цагаас хойш зайран чухам хэрхсэн нь тодорхойгүй. Харин Дондов занги ёстой л гурван үеэрээ муугаа үзсэн гэдэг. Удаа ч үгүй хүү нь эхнэр авахаар болов. Ер нь залуу нь сүүлийн үед нэг л маанагдуу ч юм шиг болсон байлаа. Тэр нэгэн эмэгтэйтэй дэр нэгтгэх болсон нь эцэг, эхийнхээ хараанаас мултарсангүй. Дондовын хүү Пэрэнлэйгийн сэм ханилах болсон эмэгтэй нь гарал үүсэл нь тодорхойгүй айлын зарц эмэгтэй байлаа. Эцэг нь уурлаж хилэгнэсэн авч эрх ганц хүү нь сайхь эмэгтэйгээс салсангүй. Бас хориглочихвол яах ч юм билээ гэж бодоод арга буюу зөвшөөрчээ. Үнэндээ бараг л зайрангийн хараал цаанаас нь зохицуулсан гэж хэлбэл зохилтой.
    Ингээд Борогчин хэмээн тас хар царайтай хорчгор эмэгтэй Дондов зангийн мантгар цагаан залуутай ханилах нь тэр. Есөн сарын дараа хүү төрсөн нь нэг л сонин бас хачин муухай байжээ. Энэ нь хоёр хүйстэй хүүхэд байлаа. Манин гэсэн үг л дээ. Үүнээс болоод Дондов зангийн хатан сэтгэлээр унаж хачин маанагдуу болжээ. Дараа жил нь нэгэн хүү төрсөн нь эв эрүүл, сав саруул нэгэн хүү байлаа. Энэ хооронд яагаад ч юм Дондов занги хилс хэрэгт гүтгэгдэн гянданд хоригдож есөн эрүү тулгагджээ. Есөн эрүү гэдэг нь манай үеийн хамгийн харгис эрүү шүүлт байлаа.
    Хумс руу хулс шаах, мүглэнд жийх, хонгор азарга гээд л бараг бодохоос ч айдас хүрэм зүйл гэсэн үг. Ингэж ингэж нэг юм хэрэг нь шийдэгдсэн аж. Гэхдээ бүх хөрөнгөө хураалгасан нь хамгийн хүнд цохилт болжээ. Дондов маанаг эхнэр, хүү, бэр, хоёр ачтайгаа гудамжинд хөөгдөн гарчээ. Тэдэнд хэн ч элгэмсэг сэтгэлээр хандсангүй. Харин тэнэж зовлон үзсэн хорчгор бэр нь л тус болсон гэж хэлж болно. Бэр нь нэг өдөр сураггүй алга болчихов. Урин дулааны цаг учраас гадаа хонож байтал нь сарын дараа бэр нь дөрвөн ханатай навтгар хар гэр ганц тэмээнд ачаалчихсан иржээ. Ингэж толгой хоргодох оронтой боллоо.
    Дондов зангийн эхнэрээс бусад нь айлын хар бор ажил хийж гол зогоох юм олно. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, манж нарыг хөөхөд ч гэсэн амьдрал ахуй нь дээшилсэнгүй. Эрх танхи өссөн хүү нь улам бүр унхиагүй болж, эхнэр нь бараг нүдэн дээр нь элдвийн эрстэй загас наадуулна. Энэ бүхнээс болоод Дондов занги амиа хорлох гэж оролдсон авч бүтсэнгүй. Хорвоо түүнийг амьд байлгаж зовоохоор шийджээ. 1919 онд Хүрээнд гамин цэрэг орж ирэхэд хамгийн их баярласан хүн бол Дондов байжээ. Тэрбээр гамингийн Сийлэнбуугийн яаман дээр очиж өөрийгөө танилцуулан ажил төрөлд орохыг хүсчээ. Энэ бүхэн нь хүсэлт ёсоор болж Дондов хүүтэйгээ хоёулаа гамингийн талд зүтгэх болжээ. Тэдэнд Маймаа хотод (Амгалан) нэгэн хашаа байшин өгсөн ажгуу. Хамгийн муухай нь Дондовын том ач манин жаалыг нь гаж донтой гамин цэргүүд ээлжлэн эдлэж байгаа нь олон түмэнд маш жигшүүртэй байлаа. Ер нь Дондовт ч гэсэн эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ өлсөж үхэх гэж байсан хүмүүст энэ нь бараг л хамаагүй хэрэг болжээ. Мөн бэр нь Маймаа хотын өвгөн луухаануудтай самууран цэнгэнэ. Хүү нь гэж бүтэлгүй амьтан хужаа нарын шээс зөөгөөд л явна.
    Энэ маягаар эх орноо худалдаж, харийнхны өмнө бөхөлзөж гэдэс цатгалан явах “аз жаргал” нь даан ч богинохон хугацаатай байжээ. 1921 онд хувьсгал ялж гаминг хөөснөөр дуусгавар болжээ. Төр, засаг ч тэдэнтэй хариуцлага тооцож сүйд болсонгүй. Тэд Хятадын пүүсний хар бор ажил хийн нохойн махаар гол зогоох болсон аж. Эхнэр нь нас барснаар Дондовын зовлон бага ч болов нимгэрч байлаа. Тэр маш урт насалсан юм. 1931 онд хүүгээ эсэргүү хэрэгт татагдаж Дотоодыг хамгаалахын шоронд нүд анихад хүртэл амьд байжээ. Дондов хужаа нарын дэвсгэр болсон бэр, хэдэн ачтайгаа үлджээ. Хоёр ч ач нь нүдэн дээр нь шалтгаангүйгээр үхэж, шөнө дунд бэр нь өвгөн луухаан дагуулж орж ирээд амьсгаадан загас наадуулах зэрэг нь ямар байх нь тодорхой. Дондов амьсгаадан үхэх гэж хэвтэхдээ ач хүүдээ,
    – Энэ бүхэн бидний буруу. Намайг тэр зайрангийн нүд байнга харж байдаг юм гэж хэлсэн гэдэг. Ач нар нь ч гэсэн айл хунар болоод олигтой амьдарсангүй. Социализмын үед траншейны хүн гэж байхгүй байхад л орц хонгилд хонож өнжиж ядарч байжээ. Эдний удмын сүүлчийн хүн нь 1990 онд үхсэн аж. 1990 онд шоронгоос суллагдсан Олдох гэгч залуу сүүлчийнх нь удам байжээ. Тэрбээр вагонд дайрагдаж үхсэн бөгөөд цээж нь салчихсан байхад нүд нь эргэлдэж, зүрх нь цохилж байсан гэдэг. Хаа хол 100-аад жилийн тэртээх Дондов гэгч эрийн хийсэн балаг Хавх зайрангийн хараалыг хөдөлгөж, ийнхүү гурав бүр дөрөв дэх үеэрээ ч тарчлан зовсоор сая нэг амарсан нь энэ. Дашрамд сонирхуулахад Хавх зайран харын бөө байсан учраас ихээхэн хүчтэй нэгэн ажээ.