Хаан Санад хамаг ардынхаа хамт их сүргээ туун өмнөөс хойд зүгийг чиглэн алс нутгийг зорин их нүүдлийн замдаа гарчээ. Цэрэнгийн эцэг ч морины нуруунд тохсон том богцонд нуугдан суугаад бас л нүүдэлчидтэй цуг явж байжээ. Цэрэн эцгээ хүн амьтнаас далдуурхан хооллож ундлан, харанхуй шөнө богцноос нь гарган биеийнх нь чилээг гарган явсаар байв гэнэ. Тэгж явсаар тэд нэг их тэнгисийн захад иржээ. Хаан Санад энд хоноглоё гэжээ.
Хааны нэг түшмэл тэнгисийн эрэгт зогсож байгаад гэнэт тэнгис дотор ямар нэг юм гялалзахыг олж харжээ. Дахин хянамгайлан хараад энэ нь маш гоёмсог хэлбэртэй алтан аяга болохыг үзжээ. Тэгээд хаандаа очин тэнгисийн ёроолд үнэт алтан аяга хэвтэж байна гэж хэлжээ. Хаан Санад шууд л алтан аягыг авчир гэж тушаажээ. Гэтэл өөрийн хүслээр тэнгисийн ёроол руу шумбах хүн олдсонгүй. Тэгэхээр хаан шавга татъя гэж тушаагаад эхлээд нэг хүн тэнгис рүү шумбаж гэнэ. Тэр хүн эргэж гарч ирсэнгүй. Ингээд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх гээд олон хүн өндөр эрэг дээрээс ус руу үсэрчээ. Ингэсээр Санад хааны олон иргэд тэнгисийн ёроолд амь алдав. Харин цэвдэг сэтгэлт сувдаг хаан санаснаасаа буцсангүй. Хааны зарлигаар дуулгаварт ардууд нь нэг нэгнийхээ араас ус руу орж үхсээр байжээ.
Тэгтэл залуу эр Цэрэнгийн ус руу орох ээлж болжээ. Цэрэн эцэг дээрээ ирэн эцэгтэйгээ салах ёс хийж, Эцэг минь, баяртай! Та бид хоёрын үхэх цаг болжээ гэхэд эцэг нь юу болсон, яасныг асуужээ. Цэрэн тэнгисийн ёроолд байгаа алтан аягыг авахаар ус руу орох миний ээлж боллоо. Урьд нь орсон хүмүүсээс хэн нь ч эргэж гарч ирээгүй, тэгэхээр би ч гэсэн эргэж ирэхгүй биз ээ. Харин таныг эндээс олоод хааны зарц нар алчихна даа гэв. Өвгөн эцэг нь энэ бүгдийг сонсоод, Ээх, та нар ингээд цөмөөрөө усанд живж үхээд, хэн ч алтан аягыг авчирч чадахгүй дээ. Алтан аяга тэнгисийн ёроолд биш, тэр уулын оройд байгаа юм. Тэнгисийн захад байгаа өндөр уулыг харж байна уу? Та нарын харсан чинь зөвхөн усанд туссан тусгал дүрс нь байхгүй юу. Та нар яагаад энэ тухай бодсонгүй вэ? Тэгвэл би одоо яах вэ? гэж Цэрэн асуухад эцэг нь, Ууланд авирч гараад алтан аягыг хаанд авчир! Алтан аягыг олоход амархан, холоос гялалзаад харагдаад байна. Гэхдээ аяга авирч гарч боломгүй эгц хадан дээр байж магадгүй. Тийм бол чи хажуугаар явж байгаа янгируудыг үргээ, янгир ямаанууд гүйдэл дундаа аягыг унагаачихна. Харин чи харанхуй хавцал руу унахаас нь урьтаж барьж авна шүү гэж эцэг нь зааж өгчээ. Цэрэн тэр даруйхнаа уул өөд явжээ.
Уул өөд авирах хэцүү байлаа. Цэрэн бут бургаас, хурц чулуунаас татаж чангаан нүүр гараа шалбалж хувцас хунараа уржээ. Тэгээд их өндөрт авирч гарсан хойноо нэг гарч боломгүй хадан дээр гоёмсог алтан аяга байхыг олж харжээ. Тэр хаданд авирахын аргагүй ажээ. Тэгэхээр нь эцгийнхээ зааснаар янгир гарч ирэхийг хүлээн суусаар байв. Удаан ч хүлээсэнгүй, хэдэн янгир хадан дээр гараад ирж гэнэ. Янгирууд тайван зогсоод доош харж байв. Цэрэн байдгаараа чанга хашгиртал янгирууд айн хадан дээгүүр харайлдан гүйлдэж алтан аяга ч доргионд нь уначихлаа гэнээ. Аяга өнхрөн унамагц Цэрэн самбаачлан шүүрэн авав.
Тэгээд сэтгэл ханамжтай, баяртайгаар уулнаас буун хаандаа алтан аягаа аваачиж өгчээ. Хаан нь,
-Чи энэ аягыг тэнгисийн ёроолоос яаж авав? гэж гэнэ. Би энэ аягыг тэнгисээс биш тэр өндөр уулын орой дээрээс авчирлаа. Усанд зөвхөн дүрс нь л харагдаж байсан юм.
Хэн чамд зааж өгөв? Өөрөө бодож мэдсэн гэж Цэрэн хариулж, хаан ч өөр юм асуусангүй. Маргааш нь хаан хамаг ардынхаа хамт цааш нүүжээ. Тэд явсаар байгаад нэг их өргөн цөлд иржээ. Нар хурцаар шарж өвс ногоо гандан ойр орчинд гол ус ер харагдахгүй байлаа. Хүн мал ундаасан цангаж, хааны тушаалаар хэдэн тийшээ хүмүүс яваад ус олохгүй, эргэн тойронд хатаж хагарсан хуурай газраас өөр юу ч байхгүй байлаа. Хүмүүс аймшигт ган гачигт автан яах, юу хийхээ мэдэхгүй болов… Цэрэн эцэг дээрээ сэмхэн очиж,
-Усгүй, одоо яах вэ? Хүн малгүй цөм хатаж үхэх нь гэж асуужээ. Өвгөн, Гунжин үнээг дагаад яв, тэгээд нэг газар зогсоод үнэрлээд унана, тэр газар нь ух гэжээ.
Цэрэн нэг гунж гаргаад тал руу хөөчихсөн чинь явж явж нэг газар очоод халуун газрыг үнэрлэлээ гэнээ.
Энд ухаарай гэж Цэрэн хэлж хүмүүс ч яаран ухвал нэг их булаг ундран оргилжээ. Цэвэр хүйтэн тунгалаг ус газар дэлхийг ундаалж хүн малгүй цангаагаа тайлж сэргэн сэхэв.
Хаан Санад Цэрэнг дуудан, чи ийм хуурай газар хаана нь булаг байгааг яаж мэдэв гэж асуухад, Цэрэн шинж тэмдгээр нь олсон гэжээ. Тэгээд тэд цаашаа нүүсээр олон өдрийн дараа нэг даваан дээр буудаллаад байтал шөнөжин бороо орж галыг нь унтраачихжээ. Нүүдэлчид яаж ч оролдоод галаа асааж чадсангүй. Даарч норсон хүмүүс яахаа мэдэхгүй сандралдаж байснаа холын нэг уулан дээр гал гарч байхыг харжээ. Хаан Санад ч одоохон явж гал авчир гэж зарлиг буулгаж, ард олон ч хааныхаа зарлигийг биелүүлэхээр ээлжлэн явжээ. Тэд цөм л өтгөн гачуур модны дор гал түлэн сууж байгаа анчныг олж тэндээс асаж байгаа цучил авсан боловч хэн нь ч гал авчирч чадсангүй. Цучил нь замдаа бороонд цохигдон унтарчихаад байж гэнэ. Хаан уурлан галд яваад авчирч чадаагүй хүн болгоныг алах ял тогтоожээ.
Цэрэнгийн явах ээлж болж, Цэрэн эцэг дээрээ очин, Одоо яах вэ? Уулнаас энэ хүртэл галаа яаж унтраахгүй авчрах вэ? гэж асуухад өвгөн, Асаж байгаа цучил битгий ав, замдаа асаж дуусна, эсвэл бороонд цохиулчихна! Нэг сав аваад яв, тэгээд савандаа асаж байгаа улаан нүүрс дүүрэн хийгээд ир. Тэр чинь л гал болно гэжээ.
Цэрэн эцгийнхээ зааснаар том саваар дүүрэн улаан нүүрс авчирч гал асаахад цөм баярлан хувцас хунараа хатаан дулаацаж, хоол ундаа хийж идэцгээжээ.
Хаан хэн гал авчирсныг мэдээд Цэрэнг дуудан загнажээ. Чи яаж авчирахыг мэдэж байсан юм бэ яагаад өдий болтол хэлэхгүй байсан юм бэ? Би өөрөө мэдэхгүй байсан…Тэгээд чи яаж мэдсэн юм бэ? Аан! Хаан Цэрэнг удаан шалгааж загнасаар байгаад үнэнийг нь хэлүүлжээ. Эцгийн зөвлөснөөр л би таны зарлигийг биелүүлж байсан гэжээ. Эцэг чинь хаана байна? Эцгээ би замын турш том богцонд суулгаад нуугаад явсан. Тэгэхэд хаан эцгийгээ авчир гэж тушаагаад, энэ өдрөөс хойш хуучин зарлигаа би өөрчиллөө. Өвгөд хөгшид бидэнд тээр саад болохгүй юм байна. Тэд амьдралын их туршлага, мэдлэг, мэргэн ухаантай юм. Иймээс үүнээс хойш бүү нуугд, бидэнтэй цуг яв! гэжээ.
Category: Үндэсний соёл, зан үйл
-
АЛТАН АЯГА /Буриад ардын үлгэр/
-
МАНДУХАЙ СЭЦЭН ХАТНЫ ДОМОГ
Баянмөнх болох жонон хутагт Дэрстэй гэдэг газар Шихир тайхуугаас Даян хааныг хөвгүүлэв. Даян хааныг Балгагчны Багай нэрт хүнд өгөв. Түүний хойно Ойрдын Исман тайж довтолж Шихир тайхууг аваад мөн Исман тайж асрав. Жонон Борбугийн газар Булудай хоёулаа зугатааж явтал Еншөөвийн захын улсад хүрч, жонон хээр байж Булудайг үг ав гэж илгээв. Булудайн эгч нь золгож дүүгээ барьж эс тавив.
Жонон ундаасч хүлцэн ядаад айлд бууж айраг уухад нэгэн баяд охин жононгийн унасан цагаан шаргал морь, өмссөн хэрмэн дотортой магнаг дээл. алтан бүс тэр бүгдийг ажиглан суув. Жононг мордож явсны хойно тэр охин усны дэргэд олон хүн байхыг үзээд очиж хэлэв. Тийм атаатай нэг хүн үзэв гэв. Еншөөвийн таван отгийн Хэрэй Цагаан хоёр. Төмөр, Мөнх, хар Бадай эд бүгдээр гүйцэж жононгоос «Чи юун хүн бэ» гэж асуув. Жуулчин гэв. Алтан бүсээ ац гэв. Эс өгөв. Еншөөвийн хэдэн хүн Баянмөнх болох жононг цулбуурдаж бариад хороож барс жил тэнгэр болов. Еншөөвийн нэг гэм нь тэр гэх.
Даян хааныг муухан тэжээхийн дор Тангуудын төлөгчийн долоон хөвгүүн Төмөрхадаг ирж Багайд өгүүлрүүн: Энэ хөвгүүнийг сайн хүнд өг. Эсвэл надад өг гэж гуйхад эс өгөв. Түүний хойно Төмөрхадаг ах дүу долуулаа сайн улаан морио унаж ирээд булааж авч ирэв. Өчүүхнээсээ эцэг эхээсээ хагацсанаар Даян хаан бэтэг өвчтэй болсон ажээ. Тэр өвчнийг Төмөрхадагийн эм Сайхан хэмээх нь есөн түм цагаан тэмээний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн эмнэв. Тэр эмнэлэгт замаг мэт долоон хэсэг өвчин унаж сайн болов. Даян хааны нэг зовсон нь тэр болов. Түүний хойно Даян хааныг тангуудын Төмөрхадаг аваачиж Мандухай цэцэн хатны гарт хүргэв. Мандухай цэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж үхэр жил цэрэг мордуулан явган цэргийг явуулж гурав хоносны хойно морь цэрэг авч мордов.
Мандухай цэцэн хатан
Сайвраар саадаглаж
Садарсан үсээ хурааж
Эр хүн шиг зэвсэглэн
Сайн Даян хааныг үхэг тэргэнд суулгаж мордов. Даян хаан балчир байв. Хишэгтэний Алиатунгаар газарчлуулж дөрвөн түмэн ойрдыг довтлоход Цэцэн хатны малгай нь унаж, хүзүүнд нь эгэлдэрлэж явахад Ойрдын хүн үзээд өөрийн малгайгаа өгөв. Хатаи аваад, хориглож давшуулж дөрвөн түмэн Ойрдыг дагуулав. Тас бүр дээр довтолж, дээд нь дээр байрлалдаж, тэнхрүүлэлгүй тосон даллага авч тэвчүүлэв. Зургаан түмэн улс Ойрдын нэг төрийг эндүүлэв. Түүний хойно Мандухай цэцэн хатанд Хорчины Ноёнболд:
Өн галыг чинь цахиж
Нутгийг чинь зааж өгсүү гэв
Мандухай цэцэн зарлиг болруун:
Хааны минь өвийг
Хасрын үр чи идэх буюу
Хасрын үр чиний өвийг
Бид идэх билүү
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж ул гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Чамд үл очно гэв
Түүнээс Хойно Алагчуудын Сатай доголонгоос үг асууруун: Ноёнболд өнгийн үг зөв буюу буруу буюу гэж асуув. Сатай доголон зөв байнам чи гэв. Хойно, хорлодын Мэнд өрлөгийн гэргий Жаахан агааас урьдах үгийг асуув. Жаахан ага хэлэв.
Хасрын үрд очвол
Хар мөр удирдан
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзлэн
Хатан нэрээ алдаршъюу
Цагаа хөвгүүнд очвол
Цагаан мөр таталж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршюу
Жаахан ага энэ үгийг айлтгав. Мандухай Жаахан агагийн үгийг зөвшөөрч Сатай доголонгийн үгийг буруушаав.
Хааны урийг өчүүхэн гэж
Хамаг улсаа эзэнгүй гэж
Хатан биеийг минь бэлбэсэн гэж
Хасрын үрийг их гэж
Xамаагүй өгүүлэв гээд
Халуун цайг тэргүүн рүү нь асгав.
Мандухай цэцэн хатан Даян хаанд гурван давхар ултай гутлыг өмсгөж Алагчуудын үнэгийн алаг лонхот архийг авч найман цагаан ордны өмнө очиж гэрийн ноён Мэнгэн нуруугаар суут хаан хатны сүлдэнд сацал сацуулж Эши хатан өөрөө ийн өгүүлэв.
Хар цагааны зүсэн ялгагдахгүй
Хол газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасрын үрийг авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөхөрч байна
Алаг морины зүс ялгагдахгүй
Алс газар бэрлэдэг билээ
Ач үрийг чинь өчүүхэн гэж /47/
Алсын авга авъя гэхэд
Арчлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирлээ би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нам гэж
Өөр хүнд очвоос
Өөдгүй нэр надад хоцрог
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлохгүй би
Болд андийг их гэж
Богтлогдож очихгүй би
Уурга чинь урт бишүү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь уужуу бишүү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж билээ
Хаан хөвгүүний чинь халив гэж
Хар биеэ мэдэж очвоос
Хаа гуяасаа хагацъя би
Эзэн богдоос минь
Эрхэс хөвгүүн төрж билээ
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүн биеэ мэдэж очвоос
Эзэн хаан хатны өмнө
Эвдуулье би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяагаа соёрхон
Хутагийг гуйж залбирсан нь
Энэ үгийг зөвшөөрөх болоосой
Эмэгтэй намайг өршөөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эши хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эвлүүлье гэж залбираад харив.
Хатны тэр зарлигийг сонсоод
Ноёнболд урьд үгээ байв
Даян хааныг Хулгурын голд
Долоон насандаа усанд унасанд
Шунгаж явсан Тангуудын
Айв төмөр нэрт хүн авсан гэх
Түүний хойно Батмөнх даян хааныг
Арван долоон насанд нь
Мандухай цэцэн хатан биеэ залгуулж
Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв. -
ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХӨХ АРГАЛ ГЭМТЭЙ
Би бол энүүгээр нутагладаг нэг баян айлын зарц байсан юмаа. Хэдэн жилийн өмнө хэцүү өвчин тусаад босож чадахгүй болсонд эзэн асрахын оронд сэжиглэн орхиж нүүсэнд би гэдэг хүн гэртээ өлбөрч үхээд буг болсон юм. Тэгээд би тэдний гарсан хүүхэд болгоныг авч явдаг болсон.Тэднийд очоод гурван жил болсон халтар аргал болоод хаяанд нь хэвтчихдэг юм. Маргааш орой очиж энэ жил гарсан хүүг нь авна даа гэж хэлчихээд сэв хийтэл алга болчихжээ. Хүн гуай ч үүнийг бодсоор үүр цайлгав гэнэ. Замдаа гарч орой болохын хавьд нэг айлд хоног тааруулж гэнэ.
Тэр айл ой хүрэх гэж байгаа нэг хүүтэй юм санжээ. Хүн гуай ч гэрийн эзэнтэй хуучлан элдвийг ярьж суутал орой болохын хэрд зүв зүгээр байсан хүүхэд хоолой нь боогдсон мэт чарлан уйлж гарчээ. Ээж аав нь сандран элдэв арга чарга хэрэглэсэн ч тусыг эс олон хүү сүүлдээ уйлж чадахаа ч больж хяхтнасан дуу л гаргадаг болжээ. Гэтэл ээж нь зочин руугаа харж хүүг минь аварч өгөөч, тэгвэл танд юу ч байсан өгье, манай хоёр хүүхэд бас яг ингэж байгаад явчихсан гэж гэнэ. Зочин нь ч за би аваръя, галаа сайн түл гэжээ. Тэгээд гэрийн хаяа руу хартал нэгэн даргар хөх аргал хэвтэж байж гэнэ.
Гэрийн эзэгтэй галаа түлж байж суухын аргагүй болтол өрдсөн ч тэр хөх аргалд л хүрч өгөхгүй байжээ. Тэгтэл ч хүүхдийн бие улам дордож амьсгаа нь боогдож эхэлтэл тэсвэр алдсан хүн галын хайчийг нь булааж аваад өнөөх хөх аргалыг чанга гэгч нь хавчин галруу хийчихжээ. Тэгэхэд нь галын дөл тооно хүртэл дүрэлзэж хачин муухай хашгирах чимээ гараад намдахад хүүгийн бие тавирч амьсгал авч гэнэ. Удалгүй хөхөө хөхөөд унтаад өгөв гэнэ. Магнай хагартлаа баярласан баяных жинчинд шан харамж хайрлалгүй хүртээж түүгээр ч зогсохгүй хүүгээ томроход жил болгон очиж золгодог болж гэнээ. Хөгшдийн 3 жил болсон хөх аргал гэмтэй гэдэг үг ортой. -
ШАТАР ЧУЛУУН ХӨШӨӨ.
Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.
Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна.
Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм. -
УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ
Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,
– Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож. Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл, мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.ТЭРХИЙН ЦАГААН НУУРЫН ДОМОГ-1,2
1. Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.
Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.
Шар нохой нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охин нь ангалд аваачиж хийгээрэй гэж захиж байсны дагуу ноён ангалд аваачиж хийхэд 3 хоног улиад үхсэн гэдэг. Энэ нь Шар нохойн там гэдэг агуй болжээ.
Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур луу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.
*. *. *
2. Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэгэн овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад, ” -Тэр их цагаан нуурын хараа!” хэмээн дуу алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг.
*. *. *
ТЭРХИЙН ЦАГААН НУУР – МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбаараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгаль экологид сөрөг нөлөөтэй ажээ. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.…Шоронд орсны минь орой би арваад ялтантай өрөөнд орсон. Тэд намайг пийшэн галла гэнэ. Би пийшинг галлаж байхдаа эд нарыг хашраая гэж санан мод түллээ. Хуурай модоор хүн гуядаад нэмэргүй, нойтон хусаар дутуу шатаахаар нь дээрэлхэж буйг нь зодъё гэж зориуд нойтон модыг хугалалгүй пийшэнд түлж, сайн асахаар нь надад тушаал буулгасан этгээдүүдээс эхлэн цөмийг нь арьс, маханд нь шингэтэл нь гөвдөж өгөв. Гөвдөх гөвдөхдөө бүр тэдний хүзүү хоолойг овоо шарх, сорви болгон хөөдсөн.
Морин цэргийн сэлмийн анги төгссөн эрдмээ үзүүлсэн хэрэг л дээ. Тэгээд:
-Та нар муусайн хулгайчид надаар оролдохгүй бол, буутай сэлэмтэй японоос айж үзээгүй би юу боллоо гэж дайны үнэрт ороогүй та нар шиг этгээдүүдэд дээрэлхүүлэх билээ гэх мэт үгс хэлсэн байх. Түүнээс хойш намайг оролдох гэсэн юм ердөө гараагүй.
“Лодонгийн Дандар” номын түүний ярианаас…“ЗҮҮН ГАРЫН ХУВЬСАЛ”-ЫГ ЭХЛҮҮЛСЭН УЛАМБАЯР ХАТАН
Зүүнгарын хаант улс нь Манжийн эсрэг тэмцэгч Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайжийн өвөг дээдсээсээ өвлөж авсан, басхүү эмхлэн байгуулсан улс бөгөөд үүнийг түүхэнд “Дөрвөн ойрад” гэж тэмдэглэсээр иржээ. Галдан бошигтыг Манжид ялагдсаны дараа түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Цэвээнравдангийн дараа түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суужээ. 1745 онд Галданцэрэн хааныг нас барсаны дараа түүний 14 настай хүү Цэвээндоржнамжил хааны ор залгав. Энэ үед түүний нас балчир байсан тул төрийн хэргийг удирдан зохион байгуулах авъяас чадал илэрхий дутагдаж, үүний улмаас Цэвээндоржнамжилын төрсөн эгч Уламбаяр төр барьж эхэлжээ. Ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэн гоо Уламбаяр хатан 1745-1749 он хүртэл Зүүнгарын хаант улсыг захирахдаа цэгц шулуун зангаараа, цэцэн шударга ухаанаараа түмний хайрыг мянгантаа татаж эхэлсэн тул түүний дүү Цэвээндоржнамжил, “Энэ хүүхэн намайг хаан ширээнээс огцруулж өөрөө хатан хаан болохоор шийдлээ” гэж хардаж сэрдэж эхэлсэн байна.
Тэр үед Цэвээндоржнамжил 18 нас хүрч байсан бөгөөд бүх цаг үеийн туршид хор найруулж, холион бантан хутгасаар ирсэн мөнөөх л ордоны ноёд түшмэд л болсон хойно Цэвээндоржнамжилын дээрхи хардлагыг үтэр түргэн шүүрч аваад, үймээн самууны эх үндсийг тарих нь тэр. Тухайн үед Уламбаяр хатан ард олондоо болон өөрийн талын ноёд түшмэддээ ихэд нөлөөтэй, нэр хүндтэй болчихсон байсан тул Цэвээндоржнамжилын хамсаатнууд юуны өмнө Уламбаяр хатны ойрын шадар туслахуудыг хөнөөхөөр шийджээ. Ингээд 1749 оны хаврын нэг өдөр хааны ордонд цус асгаруулсан алаан хядаан болсон байна. Цэвээндоржнамжилын хамсаатнууд Уламбаяр хатныг баривчлан шоронд хорьж, түүнтэй холбоотой гэж үзсэн баахан ноёд, зайсанг хэрцгийгээр хөнөөж Зүүнгарын хаант улсын ширээнд 18 настай Цэвээндоржнамжилыг залжээ. Цэвээндоржнамжил эхэн үедээ төрсөн эгчийгээ арай ч алж зүрхэлсэнгүй. Харин сүүлдээ байдал эвгүйтээд ирмэгц төрсөн эгчийгээ хонь нядалж байгаа аятай л толгойг нь тасдаж орхижээ. Гэвч хорт муу санаа агуулсан Цэвээндоржнамжил хаан ширээнд удаан заларч чадсангүй. Галданцэрэн хааны бага хатнаас төрсөн хүү Лхамдаржаа гэгч ноён Уламбаяр хатны эр нөхөр Сайнбилэгтэй хамт цэрэглэн хөдөлж мугуйд хэрцгий аргаар хааны суудлаа бататгасан Цэвээндоржнамжилыг өргөөндөө байхад нь дайран орж хөнөөгөөд суудлыг нь булаан авчээ.
Зарим түүх бичлэгт Лхамдаржаа нь Цэвээндоржнамжилын нүдийг ухаад эзгүй хээр газар цөлсөн тухай бичигдсэн байдаг. Зохиолч Б.Шүүдэрцэцэг Уламбаяр хатны эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Өрөөсөн бойтогны дууль” хэмээх өгүүллэг бичиж хэвлүүлсэн байх бөгөөд үүнд хоёргүй сэтгэлээр Зүүнгарын төрд зүтгэж яваад дүүдээ цаазлуулсан ухаант Уламбаяр хатныг цаазалсан газраас холгүй бяцхан өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олж авч байгаа тухай өгүүлдэг. Хов живийн үгэнд итгэн ачит эгчийгээ цаазалсан Цэвээндоржнамжилыг Ламдаржаа ах нь барьж нүдийг нь сохлоод цөлсөн тухай ч гардаг. Уламбаяр хатан дүүгийнхээ төрийн хэрэгт хамжилцаж байхдаа зальхай түшмэлүүдтэй тэмцэж байснаас яваандаа Оросын хатан хааныг дууриаж эмэгтэй хаан болж төр булаах гэж байна гэсэн гүтгэлгийн улмаас амиа алдсан гэдэг. Уламбаяр хатныг ийнхүү хөнөөснөөр Зүүн гарын хаант улсад олон жилийн турш утга учиргүй дайн дэгдсэн бөгөөд үүнийг түүхэнд “Зүүн гарын хувьсал” гэж тэмдэглэсэн байдаг. -
Ханш нээх өдөр шарил эргэдэг үү?
Монголчуудад ийм зан үйл байсангүй ээ. Манай оронд хайрцаглаж, авсалж нутаглуулдаг тийм ёс тухайн үед байсангүй хийгээд эл тавих ёс ихэд арвин байж.
Эцэг, эхийн газрыг 3 жилдээ нэг эргэдэг бөгөөд хүндлэн дээдэлж тухайн газрын онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж явдаг байжээ.
Харин хөдөөлүүлсэн газарт очиж тахиж, тайлах ёс байсан хэдий ч тэр болгон хийдэггүй байв. Ард үлдсэн үрс хойчис нь муу дорой явах тохиолдолд тухайн хөдөөлүүлсэн газарт очихгүйгээр газрыг бараадуулж заларч зан үйл хийн аргадаж засал үйлддэг байсан.
Хаврын энэ сар, өдрүүдэд байгаль дэлхий, газар шороо, ан амьтад сэрж хөдөлгөөнд ордог хийгээд далд хий биетүүд ч гэсэн сэргэж эхэлдэг тул юман бүрийг хий, хүр, оч гэсэн үг биш юм.
Зүг гаргаж зүглэх нарт өргөл дээж барих өдрүүдийг учир мэдэх хүнээс сураглаж бурхан болоочдийг эргэн хүндлэх нь зүйтэй юм.Долоон Буурал Өвгөн
-
Хүнд насаа хэлдэггүйн учир1
Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ. Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж. Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. “За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.
Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралджээ. Түүнийг хараад нөгөө хүн “Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ. Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг. Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг. Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюуүхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ.
Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж хэлдэг, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.
-
ЗУУН НАЙМАН НУУРААР ХҮРЭЭЛҮҮЛСЭН ОЙГОН ХАТАН ЭЭЖ
Түүнийгээ дуу¬гар¬даг шар гээд хоёр хацраа түмбийтэл цэцэгний иш үлээж жигтэйхэн их баясдагсан. Бага нас минь ер нь өдөржингөө л голын захад цэнгэг усандаа шумбан наадаж цэцэг эрвээхэйтэй хөөцөлддөг ажилтай байжээ. Сумын төвийнхөө дээхнээс эхтэй Цоргийн гол Сант толгойн араар Гозгор, Барчигар уулсын урд талыг эмжин уруудсаар Ойгон нууртаа цутгадаг. Голоо дагаад айл саахалтаараа хотлон буусан мөөгөн цагаан гэрүүд гүүгээ барьж айргаа исгээд, ааруул идээгээ дэлгэн налайх нь цаанаа л дотно. Нутагт минь өдийд хаврын сар гараад хачин сайхан байгаад даа.
Газрын холд ч гэлээ сэтгэлийн хойморт дэндүү ойрхон уул усандаа цагийн цагт цацлын сүүгээ өргөж тайтгардаг сэтгэл минь жаргалтай юм даа. Манай сум орой дээрээ овоо тахилгатай ар биеэсээ рашаан ундардаг Сант хэмээх толгойн өвөрт эргэн тойрон сүрлэг сайхан уулсаар хүрээлүүлсэн уудам хөндийд байдаг юм. Толгойн орой дээр гарахаар эргэн тойрны уул ус болон сум маань бүхлээрээ нүднээ илхэн. Сум дундын сургууль, эмнэлэг, цагдаагийн тасагтай, соёлын төв хүүхдийн цэцэрлэг, цахилгаан холбоотой төрийн болон хувийн хэвшлийн хориод байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байдаг товхийсэн төвтэй.
Сумын урд талын сунайсан урт нурууг Хөдрөг гэх. Хөдрөгийн нуруу их олон амтай. Морь хашдаг, Нүхэн хад, Зүрх чулуу гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд элбэг бол баруун урдуураа ч Баянцагааны уулсын Улаагчны хавцал, Улаагчны элс, Хунт нуураар үргэлжилнэ. Баруун талыг Шар нуруу эзэлнэ. Сумын хамгийн өндөр цэг нь энэ нурууны Бээсийн овоо гэдэг. Шар нуруунд Сөрд мандааны хяр, Халзангийн даваа, Тогоон чулуу гээд хүн нь байтугай хүлэг нь буцаж гүйдэг алдартай газрууд бишгүй. Баян цагаан Шар нурууныхан хуучнаар Засагт ханы Сэцэн сартуулын хошуунд харьяалагдаж байсан сартуул түмний үр сад. Өнөөгийн Түдэвтэй сумын түүхийг харж байхад 1927 онд Завхан мандал сумын нутагт анх байгуулагдсанаас хойш салж нийлэн энд тэнд нүүж суусаар 1959 онд Нөмрөг сумын нутаг болох Цоргийн голын эхэнд Нөмрөгийн хойд талын гурван багтай хуучин Түдэвтэйн өрх малаа нийлүүлэн тоолуулж нэгтгэн суурьшсан байдаг. Миний багад манай сумын төвийн айлууд хашаагаа ижилхэн голдуу холтостой бөөрөнхий шургаагаар барьсан байдагсан. Хашаан дотор мөн тийм шургааган дөрвөлжин амбаартай. Би сав л хийвэл тэр амбаарынхаа орой дээр гараад хойшоох ихээ холдоо цэнхэртэн суврагалах хөх уулсыг ширтэн суудаг байж билээ. Баруун, зүүн Аргалант хэмээх тэр уулсын Тав¬сагт хөгшин аавынх маань өвөлждөг байсныг хожим нь мөн л тэр уулын Бумбатын булагт хөгшчүүлийг минь нутаглуулсныг дуулаад эцэг дээдэс, нутаг усны хүйн холбоо ямархан нарийн шижмээр холбоотойг ухаарч байсан даа.
Аргалантаас зүүн хойгуураа Онц, Дааган дэл, Баян-Айраг уулсаар хүрээлүүлнэ. Баян-Айраг уул нь Ойгон нуурын хойт бие хэсэг. Нуур сумын төвөөс арван найман км-т оршдог. Ойгонд нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг. Олон зууны туршид халх Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний их тулалдаан болж байсан эртний түүхтэй энэ нуурын хөвөө үнэхээр үзэсгэлэнтэй. Нуу-рын урд Бөөрөгийн төв гэж газар байх. Овойж товойж тогтсон жижиг жижиг толгодын дунд том жижиг нийлсэн зуун найман нууртай гэж нутгийнхан ярьдаг. Эдгээр зуун найман нуурыг эмэгтэй лустай гэж хэлэгддэг Ойгон хатан ээжийн усан тахил нь гэж хүмүүс сүслэн итгэдэг юм.
Нуурын тухай ам дамжин ирсэн хууч домог ч их. Эрт нэгэн цагт ангаж цангаж явсан бадарчин энэ хавиар явж байтал нуурын дэргэд гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл аагтай шаргал цай домбонд байсныг үзээд их л баярлаж цайг ууж тэнхрэн цааш явах¬даа эргэн эргэн хараад байтал нуураас нэгэн гоо бүсгүй гарч ирээд домбоо аваад орчихсон. Эргүү толгой би цайных нь оронд лусын зай хийчихдэггүй гэж ярьсан гэдэг домог сонссон. Нуурын урд хойд талаас түрж тогтсон уулыг урд, хойд Шанаа гэнэ. Шанааны овоогоо олон үеийн турш тахин шүтэж ирсэн ус нутгийн ахан дүүс маань сүсэг бишрэл ихтэй язгуурын шашинлаг түмэн. Аргагүй юм. Учир нь Ойгон нуурыг тойрон Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Арь гэгээн Б.Дамдин-чогдан, Гүн бандид гэгээн Ч.Жигмэджанцан, Бага бандид гэгээн Б.Чойгдамба нараасаа гадна шашны ловон, цорж, гавж мяндагтай эрдэм чадал их билэг авьяаст олон олон лам хуврагууд төрөн гарсан болохоор тэр юм. Ерөөс надад Ойгон минь ерийн нэг нуур биш ертөнцийн чинадын үнэн, далдын нууц увдисыг хадгалж оршоосон бурханы мэлмий шиг л санагддаг. Манай сумын Ойгон, Цорго, Аргалант, Баян-Айргаар нутагладаг багууд бол Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунд харъяалагдаж явсан хотгойд түмэн. Хотгойдын таван хошуу гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэгддэг Цогтой вангийн, Эрдэнэ дүүрэгч вангийн, Архай бэйсийн, Далай гүний, Мэргэн түшээ гүний эдгээр таван хошууг Чингис хааны арван тавдугаар үеийн Батмөнх даян хааны отгон ач Гэрсэнзийн удмынхан үе залгамжлан захирсаар 1921 оны ардын хувьсгалтай золгосон байдаг.Харин хоёр их хутагт маань хотгойд Гүн Загдсамбарын үед тодорсон бөгөөд тэдний ид ухаан сууж эхэлсэн цаг Монгол орны хамгийн эгзэгтэй, эргэлтийн үетэй таарч өөрсдийн оюун ухаан, эрдэм чадал бүхий л амьдар¬лаа улс орныхоо тусгаар тогтнол, эгэл олныхоо тусын тулд зориулан зүтгэсэн түүхэн гавьяатай. Халхын арван гурван тамгатай хутагтын нэг Ховдын хязгаарыг чөлөөлө¬хөд томоохон хувь нэмэр оруулсан 1911,1921 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан Жалханз хутагтаараа, Үндэсний хувьсгалчдын удирдагчдын нэг, Улиастайн сайд, Өмнөдөд дотоод яамны тагнуул¬чаар ажиллаж байх¬даа Банчин богд,Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж улмаар Чан Кайшитай зөвлөлдөн байж “Монгол бусад тусгаар тогтно¬сон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” гэж хүлээн зөвшөөрүү¬лэн Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимд уйлж суусан Дилов хутагтаараа ус нутаг байтугай улс Монгол бахар¬хахгүй байхын аргагүй, санахгүй байхын учиргүй ээ. Холыг харах нүдтэй хоёрыг тунгаах ухаантай баатарлаг дээдсийнхээ үйлсийг үргэлжлүүлэн төрийн жолоо атгалцах хотгойд, сартуул түмний түүчээ тасраагүй нь анхдугаар үндсэн хууль зохиолцсон Найдансүрэн мээрэн, Г.Наянбуу, аж үйлдвэрийн яамны дэд сайд, Завхан аймгийн дарга асан Б.Батжаргал, улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Б.Ламжав, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга асан Ц.Дүгэрсүрэн МАХН-ын дарга Г.Очирбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нараар үргэлжилсэн.
Түдэвтэй сумаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт,гавьяат, эрдэмтэн докторууд хөдөө аж ахуй болон урлаг соёлын салбарын алдар цуутнуудыг энд бүгдийг нэрлэх гэвэл цаг цаас хүрэлцэхээргүй уртаас урт жагсаалттай. Утга зохиолын ертөнцөд үлдээсэн бүтээлтэй үнэлэгдсэн гавъяатай төрийн шагналт зохиолч Л.Ванган гуай минь, хөг аялгуу¬гаараа хорвоогийн олон өнгийг өөрийнхөөрөө тодорхойлж чадсан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан,”Өнөр бүл”-ийн өнөөх хөөтэй Ч.Алтан-Өлзий гавьяат,”Суварган цэнхэр уулс”-ын Солонгоороо хэдэн үеийн сэтгэлд хоногшсон гавьяат Н.Батцэцэг, манай циркийн алдарт ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат дуучин Б.Отгон, жүжигчин Л.Цэндсүрэн гээд авьяас билэгтнүүд ус нутгийнхаа дуудлагаар урлагийн тэнгэрт гялалзаж чадсаан. Эрдэнэт хүний биеийг олж, эцэг дээдсийн нутгийг онож төрнө гэдэг ховорхон олдох аз завшаан гэдэг дээ. Нутгаа санахаар ээжийгээ санадаг. Миний ээжийг Цэрэннамжилын Должинжав гэдэг эхээс зургуулаа. Том ах Ц.Галдандэмбэрэл нь сумын анхны Бадрал нэгдлийг үүсгэн байгуулалцаж даргаар нь ажиллаж байсан насаараа л сум орныхоо засаг захиргаанд удирдах ажил хийж явсан хүн бий. Дараагийн ах Ц.Лхамсүрэн эдийн засагч мэргэжилтэй аймгийн төвд хоршоодын холбооны дарга, Баянхайрхан суманд эдийн засагчаар ажиллаж байсан. Өдгөө ная гарсан хэдий ч хоёр нагац ах маань анууханаараа энх тунх сайн сууж байгаа. Ээж маань тухайн үеийн хөдөөний хүүхдүүдийн адилаар бага насаа мал дээр өнгөрөөж, бага сургууль дүүргэсэн гэдэг. Ээж надтай хүүхэд насныхаа дурсамжаас хааяа хуваалцана. Миний багад хүүхдүүд их ажилсаг зүгээр суухыг мэддэггүй байсан. Одооны хүүхдүүдтэй зүйрлэх аргагүй. Хааяа нэг малынхаа ажлыг эрт дуусгасан үедээ хотны хүүхдүүд нийлээд бөмбөг тоглохоор саахалтынх нь нэг хөгшин морьтой давхиж ирээд задарсан тархинууд шаагилдаад хийтэй шир тэнгэр лүү шидэж баяслаа гээд тараагаад хөөчихдөг . Тэр хөгшинөөс хүүхдүүд үнхэлцэгээ хагартал айна. Тэгэхээр манай ээж уухайс даа ганц болж үгэнд ордоггүй лүднүүдийг ахиад тогловол сайн элдэж өгч байгаараа гээд бахтай нь аргагүй инээж суудагсан мөн ч дэгтэй байсан байгаа юм даа гээд ярьдагсан. Бас соёлын довтолгооны үеэр байнгын бэлэн байдалд байж бүүр сар гарсан хойно ч шалгалт ирэх гэнэ гээд цагаан халаад өмсчихсөн саальчид гадаа зогсож байсан гэдэг хөгжилтэй яриаг нь мартдаггүй юм. Ээж маань нас биед хүрч айлын хүн болоод бид зургааг төрүүлж өсгөсөн. Би бага нь болохоороо ч тэр үү эрх, ээж амьтай гаравч оровч ээжийн хормойноос зүүгдсэн хөгийн л амьтан байж. Залуу идэр насандаа сумынхаа зочид буудал, эмнэлэгт ажиллаж хорвоогийн хагацлыг эрт үзэж ханиасаа хоцорсон ээж минь хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх айлын дайтай айл явах гэж ухаан, тэвчээрээр урагшаа харж амьдарсан жирийн л нэг эмэгтэй. Найман жилийн өмнө хорвоогийн хоосныг таниулж бурханы орноодоо заларсан ээжтэйгээ хамгийн сүүлд 2000 онд төрсөн нутагтаа очиж уул усандаа золгон, Улиастайн баярт оролцоод улмаар Отгон-тэнгэр хайрхандаа мөргөөд ирсэн. Сайхан ээжийн минь амьдралын түүхийг хадгалж нандигнасан нутагтаа зав л гарвал гүйгээд очих санаатай явдаг билээ найрагч охин чинь. Нутаг ижий хоёроо санахаар нулимс аяндаа дүүрээд ирэх юм даа.
Үндэс бүхэн нь тарнийн шившлэгтэй өвс ногооУруудахын учиргүйг зааж өгсөж ургадаг
Үзүүр нь тэнгэрийн зарлигтай өндөр уулс
Буруудахын учиргүйг нууж завилж оршдог нутгийн минь тэнгэр нь илүү цэлмэг, газар нь дэндүү зөөлөн одод нь илүү тод байдаг аа. Нар сарны ээлжлэх орчилд намар, хавар, зун, өвөл солигдовч өнөөх л хэвээрээ өлгий¬дөн угтаж үдэн мордуулах амьдын диваажин алтан сайхан нутаг минь ард олныхоо зүрхний угаас алдуурах аргагүй аргамжаатай.
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Должинжавын ОЮУНДЭЛГЭР -
ЯМААН БИЧЭЭС
Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг байна.
Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг.
Уг хаданд нийт 29 үсэг зурлага байдгаас дээд талд 13, доод талд 16 үсэг зурлага байдаг аж.
Б.Ширнэн
-
ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖЛАГДАЖ ИРСЭН ЦЭЭРЛЭХ 100 ЁС
3. Ном уншсаны дараа суниахыг цээрлэнэ. Сурсан юм сугаар гарна гэх.
4. Тогоон дотор хоолны халбага хийж орхидоггүй гэх. Чөтгөр долооно, тухайн айлын ажил үйлс бүтэхгүй гэх.
5. Хоол унд идчихээд халбага сэрээгээ аяган дотроо хийчихээд гэрээс гарвал явсан ажил бүтэхгүй гэх.
6. Идсэн аяга тавгандаа халбага сэрээгээ хийж орхиж, хонуулж болохгүй ажил үйлс бүтэхээ байна гэх.
7. Аяга долоодог, таваг долоодоггүй.
8. Хүний ул руу өшиглөдөггүй, муудалцана гэх.
9. Гэрийн буурин дээр гишгэдэггүй
10. Тэнгэр лүү гэрэл тусгахыг цээрлэнэ.
11. Исгэрэхийг цээрлэнэ. Сэтгэлд хий орно гэх.
12. Багана тэвэрдэггүй. Баганы зовлонг үүрнэ гэх.
13. Гэрийн багана хоорондуур гардаггүй.
14. Гэрлийн шонгийн шургааг доогуур гардаггүй чөтгөртэй уулзана гэх.
15. Гал руу ус хийдэггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
16. Галаар тоглодоггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
17. Босгон дээр суудаггүй.
18. Тотгоноос дүүжлэгдэггүй.
19. Толгойгоо салаавчилдаггүй.
20. Шанаагаа тулдаггүй.
21. Уургаа газар тулдаггүй.
22. Голын нуурын ойролцоо бие засдаггүй.
23. Голын эхэнд айл буудаггүй.
24. Цамцныхаа захыг толгойгоо бүтээн өмсөхийг цээрлэх. Эхийгээ алсан хүн тэгж өмсдөг гэх.
25. Гэрийн ойр орчим тарвага амьтаны үүр байвал агнадаггүй.
26. Уурган дээгүүр алхаж гардаггүй.
27. Явган суудаггүй. Нохой суулт гэх.
28. Том хүний яриа сонсохыг цээрлэнэ. Иймээс гэрт зочин ирвэл хүүхдүүд зөрөөд тоглохоор гардаг.
29. Хоол хаяхыг цээрлэнэ. Амны хишиг ар дээрээ гарна гэх.
30. Хоолоороо тоглохыг цээрлэнэ.
31. Сүүн дээр ус хийхийг цээрлэнэ. Усан дээр сүү хийнэ.
32. Гутлаа чирж явдаггүй
33. Малгайгаа буруу харуулж өмсдөггүй.
34. Малгай давхарлаж өмсдөггүй. Хоёр эхнэртэй болно гэх.
35. Өөрийн нэрээ голдоггүй
36. Хүүхдийг бүтэн нэрээр нь дуудна. Бүтэн нэртэй бүрэн заяатай гэх.
37. Бурхан шүтээн рүү хөлөө жийхийг цээрлэнэ.
38. Гол нуурын усанд юм угаахыг цээрлэнэ.
39. Хүний дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Үхсэн хүний дээгүүр алхаж гарна гэх. Бөхчүүд давсан бөхийнхөө дээгүүр алхаж гарч болно.
40. Эрхий хуруугаа хөхөхийг цээрлэнэ. Ээж нь үхнэ гэнэ.
41. Их унтахыг цээрлэнэ.
42. Хүний бүсэлхийнээс дээш шавьж суувал тэр шавьжийг алдаг. Хийморьт муу гэх.
43. Газарт гадас шааж орхихыг цээрлэнэ. Нүүхдээ гадсаа аваад сүү дусааж домнодог.
44. Газар аяга таваг тавьдаггүй.
45. Аяга тавагтай хоолон дээгүүрээ алхаж гардаггүй.
46. Хаалга руу толгойгоо харуулж унтдаггүй.
47. Хөлөө ачиж суудаггүй. Зовлонгоо ачлаа гэх.
48. Ширээ өнцөгдөж суудаггүй.
49. Хүнд хутга хайч гэх мэтийг өгөхдөө иртэй талаар өгөхийг цээрлэнэ. Бариултай талаар нь өгөх.
50. Хутганы ир дээш нь харуулж тавьдаггүй.
51. Тогооноос хутгаар мах зоож авахыг цээрлэнэ.
52. Гэрийг нар буруу тойрохыг цээрлэнэ.
53. Эмэгтэй хүний хормойн доогуур толгойгоо шургуулахыг цээрлэх. Хийморьт муу гэх.
54. Хүний мөрөн дээр гараа тавихыг цээрлэх. Хийморьт муу гэх.
55. Амандаа дуу аялдаггүй. Сэтгэлд хий орно гэх.
56. Сүүн шүд унахад шүдэн завсараараа хэлээ оруулж болохгүй гэж сургах. Муухай шүд ургана гэх.
57. Шүдэн завсараар орсон махыг утсаар авахгүй байх. Зай гарна гэх.
58. Хаалга гарцаар ухарч гарахгүй гэх.
59. Түлхүүр ширээн дээр тавьдаггүй.
60. Хумсаа шөнө авдаггүй. Төөрнө гэх.
61. Далны ясыг ганцаар иддэггүй. Далуулаа хувааж иддэг гэх.
62. Хоёр хүн хөлийн улаа нийлүүлдэггүй. Муудалцана гэх.
63. Түлхүүр эргүүлдэггүй. Эргүү болно гэх.
64. Нохойтой зургаа авахуулдаггүй.
65. Шөрмөсөө дуугаргадаггүй. Шөрмөс сунана гэх.
66. Хонины хоосон сүүж гэрт хонуулдаггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
67. Өөд өөдөөсөө харж ярихыг эрхэмлэнэ. Солонгос кинон дээрх шиг нэг нь нуруугаа харж ярьдаггүй
68. Аавын буйд сахал тавихыг цээрлэнэ.
69. Аягатай хоол цай зөөхдөө эрхий хуруугаа аяганы амсар давуулан дотор нь хийж зөөхийг цээрлэнэ.
70. Аягатай хоол цай зөөхдөө 5 хуруугаараа битүүлж барихыг цээрлэнэ. Үхлийн барилт гэх.
71. Ахмад настны өмнүүр босч явахыг цээрлэх.
72. Шувууны өндгөнд сүүдрээ хүргэхийг цээрлэх.
73. Хүний толгой руу хөлөө жийж суух, хэвтэхийг цээрлэх.
74. Урт настай амьтан алахыг цээрлэх. Нас богиносоно гэх.
75. Цэцгийн толгой тасддаггүй гэх.
76. Элгээ тэвэрдэггүй.
77. Аяга таваг хөмрүүлж тавьдаггүй. Хоосорно.
78. Арц асаахдаа үлээж унтраадаггүй. Гараараа сэвэрч унтраах.
79. Бурхан шүтээний өмнөх хоосон аягыг хөмрүүлж тавих.
80. Гутлын алчуурыг шидэж өгөх. Гараас гарт дамжуулж өгөхийг цээрлэнэ.
81. Айлын бурхан, шүтээн, хойморын авдарын өмнүүр эс бөгөөс зуух, тулгын галын эхээр нар буруу тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн бөлгөө.
82. Гол мөрний ус руу нулимахыг цээрлэнэ.
83. Ташуур газар тулахыг цээрлэнэ.
84. Нуруугаа үүрэхийг цээрлэнэ.
85. Айлд нуруугаа үүрч зогсохыг цээрлэнэ. Хэрвээ тийн үйлдвээс ихэрхэж, дээрэлхүү аашилж буйн тэмдэг гэх буюу ялд унан баривчлагдаж ардаа гараа хүлүүлэхийн муу ёр гэнэ.
86. Сүлсэн цайг буцалсан хойно нь самрах. Эхийн урагтай адилтгах.
87. Сүү асгахыг цээрлэнэ.
88. Ам руугаа цутгаж идэхгүй.
89. Завьжаараа асгаж цутгаж унд уухгүй. Сэтэрхий уруултай юм уу гэж сургах.
90. Монгол хүн амандаа мод зуудаггүй. Залгивал яана гэж сэрэмжлэх.
91. Далны яс шүдээрээ мөлжихийг цээрлэнэ.
92. Ширээн дээр суудаггүй. Өрөнд орно гэнэ.
93. Тооны машин сампингаар тоглодоггүй өрөнд орно гэнэ.
94. Хүний суган доогуур, хөлөн завсараар гарахыг цээрлэх. Хийморь доройтно гэх. Бөхчүүдэд хамаагүй.
95. Гэрт шүгэлддэггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
96. Доошоо харсан сав бэлэглэхийг цээрлэнэ. Малгай орно. Дээшээ харсан сав өгөх сайн гэж үзнэ. оймс, гутал орно.
97. Чонын шагай бэлэглэдэггүй. Хулгайлж, худалдаж авдаг гэх.
98. Морин хуур гэртээ худалдаж авдаггүй. Бэлгэнд авдаг.
99. Орондоо дуу дуу дуулах, орондоо уйлахыг цээрлэнэ. Зовлон салахгүй.
100. Хүүхдийн толгой руу цохихыг цээрлэнэ. Эргүү болно гэх
БУСАДТАЙГАА ХУВААЛЦАЖ ӨВӨГ ДЭЭДСЭЭС ҮР ХҮҮХДЭЭ СУРГАЖ ИРСЭН УЛАМЖЛАЛЫГ ЭРГЭН НЭГ ХАРАХТУН…