Category: Үндэсний соёл, зан үйл

  • ХҮН ЗАЯА

    Тэнгэрийн од газарт харваж
    Тэндээс Одонхүүгийн мод цэцэглэсэн
    Ангир уургаа гүйцэд амлаагүй аз дутсан
    Аавынхаа энгэрт бүрэн эрхлээгүй зай
    дутсан
    Удам сайтай өвгөдийнхөө ачинд хүн болсон
    Ус сайтай Увсынхаа хүчинд эр болсон
    Ивэлсэн сүү шиг Орлого голийнхоо
    шуугианд хэлд орсон
    Эрчилсэн нум шиг Ёл Сэрүүн Хөх оройн
    шилд хөлд орсон
    Таанын цагаан цэцэгтэй Намирын хөдөө
    надад уянга хайрласан
    Тасын жигүүр цуцаам эгц байцууд надад
    эрэмгий хайрласан
    Тавт Ногоон Цэгээний рашаан надад
    мэндийг хайрласан
    Татаал ус булаг шанд надад шим хайрласан
    Таван хошуу малын шагай, чулуун тоглоом
    надад буян хайрласан
    Тааж мэдэхгүй домог , түүх ,хөшөө
    хиргисүүр надад бодрол хайрласан
    Найман жилийн сургууль ачит багш нар
    надад эрдэм хайрласан
    Наадмын талбай хүлгийн тоос, хүүхдийн
    бөлбөө надад хийморь хайрласан
    Намар буцах шувуудын ганганаа надад
    уйтгар хайрласан
    Намирын бор дэнж надад амьдрал
    хайрласан хайрласан
    Хадаг яндартай Яврын хондлойг давж
    алсыг зорьсон
    Хар хөх даалимбан тэрлэгтэй бага нас минь
    Намирын хөндийд үлдсэн
    Улаангом орж учрыг тайлсан
    Улсын нийслэлийг зорьж эрдэмд шамдсан
    Армийн жагсаалд хөл тавьж бие сэтгэл
    минь чангарсан
    Ардчилал коммунизм хоёрыг
    Аранзал залуу насаараа туулсан
    Алдар атаархал хоёрын дундуур
    Амьдрал минь үргэлжилсээр

  • ДАРХАД ЯСТАН БИЙ БОЛСОН ТҮҮХ

     

    Дархад нутагт нутаглаж байсан иргэдийг Манжууд Сэлэнгэ нутгийн Хараа, Ерөө гол дагуу нутаг заан цөлөлж байжээ. Тэнд очсон Дархадуудын цаа, мал нь тогтож суурьшихгүй, хүн ард нь нутгаа санацгааж хэцүү байж гэнэ. Отгийн ахлагч гурын арьсыг битүү өвчин хийсэн хийсгэл дээл, гурын эвэртэй малгайгаа өмсөөд гөрөөсний годон гутлынхаа түрийнд булга түрийлэн Богд эзэн хаанд очиж гэнэ. Отгийн алагч Богдын өргөөнд ороод хагсуурган гаансаараа тамхилж, гутлынхаа түрийнээсээ булга гарган өгч хэлэхдээ:

    “Унагатай хүү унагаа хаяад нутаг буцаж байна.
    Хүүхэдтэй хүүхэн хүүхдээ хаяж гүйж байна” хэмээн үнэн учраа хэлсэнд, Богд хаан:
    “Тэгвэл бүгд нутаг буцаж шавь болтугай” хэмээн нутаг буцах зөвшөөрөл өгсөн гэдэг.

  • ИХ МОНГОЛЧУУДЫН БИТҮҮЛЭГ

    Энэ шөнөдөө хот айл хөршүүд “БИТҮҮЛЭГ ЗӨРҮҮЛЭХ” “БИТҮҮЛЭГ ГАНЗАГАЛУУЛАХ ЁС” хийнэ.
    ИХ МОНГОЛЧУУДЫН ЦАГААН САР
    Их монголчуудын цагаан сарын шинийн нэгэн.
    Хуучнаар ууц тавих ёс, одооныхоос ихээхэн өөр, сүвээний зургаан хавирга, харцагагүй сүүлийг нь авсан жижиг “ТЭВХЭН УУЦ” төр ёсны хүндэтгэлийн дээд зоог, шүүсэнд хэрэглэж байсан уламжлалыг хэрэгжүүлвээс их буян тогтоно.
    Өнгерсен шөнийнхөө “БИТҮҮ ХАРАНХУЙ”-г үүрийн цагаан туяагаар гийгүүлж, өглөөний улаан нарнаар мандаж, харыг цагаан болгодог, хатууг зөөлөн болгодог “ХАЙР ЖАРГАЛ”-аар хүүхэд хөгшидгүй шинэлэн золгодог “XYMYYH ЗАЯА”-ны их ухаарлын бэлэгдэл ажээ.
    YP ТӨР-ийн их хэргээ өвөг дээдэс, ач гуч нар хэлэлцэн, цаг түүхийн цаад наадыг цэцлэн, айл айлаараа амь нэг саахалт саахалтаараа санаа нэг байгаагаа мэдэлцэнэ.
    Гэрийн эзэн: – Дал дөрвөн өндөр “ТЭВХЭН УУЦ” хөндөж, хишигтүгээх.
    Гэрийн эзэгтэй: – өвчүү, цагаан мах, сүүжинд ам хүрэх.
    Хүүхдүүд – “ХУВЬ МАХ” – үнхэлцэг, шагайт, богт чөмгийг хавирга махтай хамт хүртэх ажгуу,
    Цагаан сарын хамгийн эрхэм хүндэтгэл “ЦАГААЛГА” бол бүхий олны дурын зоог, нийтлэг буянт идээ болно.
    ИХ МОНГОЛЫН XYHHY-гийн хааны заншил нь жил бүр гурван удаа “ЛУУ”-гийн тахилга хийдэг байжээ.
    “ЦАГААН САР” “ТАВАН CAP” “ЕСӨН САР”-ын шар өдөр “ТЭНГЭР – САХИУС”-аа тахидаг нь гүн утга тэнгэр агуулгатай нь илт.
    ШАР ӨДӨР” байдаг нь өөрийгөө “ДЭЛХИЙН ХААН” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.
    Шар өнгө шорооны өнгө, газар дэлхийн өнгө, газар дэлхийгээ “ХУМХИЙН ТООС”-ноос бүтсэн гэж үздэг их Монголчуудын “ШАР ЗУРХАЙ”-н ухааны ид цэцэглэлтийн үе ч эндээс эхлэнэ.
    “ЦАГААН САР” гэсэн ойлголт 15-35 мянган жилийн түүхэн улбаатай тул “XYHHY”-ийн их гүрний үед улам боловсронгуй болж “Монголын цагаан cap” хэмээх хаврын тэргүүн сарын баяр нь Монголын ард түмний суу алдраар нэрлэгдэн дэлхий даяар түгсэн байна.
    Үеийн үед өнө мөнхөд улам баяжин өвлөгдөж бахархалтайгаар тэмдэглэсээр байх амой.
    Эрт урьд цагаас бидний дээдэс ЦАГААН САР-ын эхний есөн хоногт засал тахилга, золголт, зан үйлээ заавал багтааж хийдэг байв.
    Монголын цагаан cap Монголын ард түмний “ОЮУНЫ БҮТЭЭЛ” хэн ч халдашгүй “ОЮУНЫ ӨМЧ” “TӨP ГЭР”-ийн дээд хүндэтгэл Монгол хүний эрт эдүгээгийн эрхэм бахархал үе дамжсан ёс журам, цагийн цалиг, “ЦААЗ – ЭРХЭМЖ”-ийн олон зууны “ОЙЛЛОГО” юм.
    Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө баруун аймагт “БУУР НОЦОЛДУУЛЖ” төв халхад “ДУХ ГҮЙЛГЭХ” ёс үйлдэнэ.

  • Ууц тавих ёсон

    Зочны өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

  • Цагаан дуулгат торгуудууд малгай дээрээ сүмбэ зангиддаг

    Торгууд нэрийн тухайд “Монголын нууц товчоо”-нд Хэрэйдийн Ван хан мянган турхагууд цэрэгтэй хэмээн бичжээ. Турхаг нь том, биерхүү гэсэн утгатай монгол үг аж. Турхаг нь хэлний хөгжлийн явцад торгууд болон хувирсан гэж судлаачид үзжээ. Өөр нэг хувилбар байдаг нь торгуудыг захирч байсан Амгалан тайш харьяат албатаа дагуулан Ойрадын Тогоон тайшид дагаар ороход тэрбээр “Танай албатууд хүдэр чийрэг биетэй тул Торгууд хэмээн нэрлэе” гэсэн тул ийнхүү нэрлэх болсон гэдэг байна.
    Хэдэн зууны явцад торгууд ястнууд олон газар шилжин нүүдэллэж, амьдрах орчин, эрхлэх аж ахуйгаа өөрчилж байсан ч үнэт өв соёл болсон хувцас хэрэглэлээ эртний уламжлалаар нь хадгалсаар иржээ. Торгууд хувцас нь захчин, дөрвөд, баяд, урианхай ястны хувцастай ерөнхийдөө төстэй боловч онцлог зүйл нэлээд бий.
    Торгууд эрэгтэйчүүд өвлийн улиралд цагаан нэхий дээл өмсдөг. Энэ нь эргэдэг захтай, дөрвөлжин энгэртэй, ташаандаа оноотой, хар өнгийн өргөн эмжээртэй. Харин зуны улиралд цагаан, хөх, шаргал өнгийн даавуун тэрлэг өмсдөг байна.

    Торгууд эрчүүдийн гутлыг тоокуу гэж нэрлэдэг бөгөөд бусад ястныхаас их өвөрмөц. Тоокууг хийхдээ ахрын ноос зулж, түүнийгээ халуун, бүлээн, хүйтэн усаар олон дахин норгон хатууруулж, дараа нь хөлийн хэв гаргах зэргээр маш нарийн аргаар хийдэг байна. Эсгий оймсонд үхрийн ширээр ул хийж, сураар бэхлэн оёдог. Тоокууг хар, цагаан өнгийн эсгийгээр хийдэг бөгөөд хар өнгөөр хийснийг нь баяр ёслолын үеэр өмсдөг гэнэ.
    Торгууд эмэгтэйчүүд жилийн дөрвөн улирлаас үл хамаарч тоорцог малгайгаар гоёдог. Тоорцог дээр луу, зоос, эрвээхэй хээг шүр хэлхэн урлаж, урд талд нь өглөг, буяныг бэлгэдэж цагаан мөнгөөр хийсэн зэндмэнэ хаддаг аж. Тоорцогны бүслүүрийг шар, дээд хэсгийг нь хар өнгийн торгоор оёно. Орой дээр нь дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдэж найман хошуу суурьтай сүмбэ зангидаж, улаан өнгийн урт цацаг унжуулдаг. Бусад ястны эмэгтэйчүүдийн тоорцогны орой зургаан талтай байдаг бол торгуудынхыг талгүй хийдгээрээ онцлог.

    Торгууд эхнэрүүдийн ёслол хүндэтгэлийн хувцас нь ханцуйгүй урт цэгдэг. Үүнийг дэрвэгэр мөр, задгай энгэртэй оёж, бэлхүүс, суга, хормойг нь улаан даавуугаар гурван хуруу орчим өргөн эмждэг. Бэлхүүсний эмжээр дээр хар торго юм уу, эсвэл савхиар дөрв өн ширхэг төдүүл оёдог. Энэ нь торгуудаас бусад ястны цэгдэгэнд байдаггүй. Цэгдэгний энгэрийг нь дөрв өн Ойрадыг бэлгэдэж, нарийн дөрвөн эмжээрийг зэрэгц үүлэн эмждэг аж. Цэгдэгний дотуур лавшиг буюу тэрлэг өмсдөг. Тэрлэгээ ихэвчлэн хөх, хар, цэнхэр, ногоон өнгөөр хийдэг бөгөөд улаан өнгө голлож эмжсэн догол энгэртэй, жижгэвтэр нударгатай. Тэрлэгэндээ цагаан өргөн зах хаддаг уламжлалтай. Энэ нь эрт үед бие халхлах урт нөмрөг байснаа хожим богиносож зах болсон аж. Ховог сайрын торгууд (Ховог гол, Сайр хэмээх уулаар нутаглаж байсан торгуудууд) эхнэрүүд хүрэн өнгөтэй бишмүд буюу тэрлэгээр жирийн үед гоёдог. Бишмүдийнхээ гадуур тэд цэгдэг өмсдөггүй. Ёслол хүндэтгэлийн үед хар өнгөтэй бэрзээр гангардаг байна.
    Торгууд малгай бусад ястныхаас нэлээд онцлог бөгөөд олон төрөлтэй. Тэд тоорцог, жатаг, живэр, халбан гээд олон төрлийн малгай өмсдөг. Торгууд ястны настай хүмүүс нь өвлийн улиралд ихэвчлэн хэрээн живэр гэдэг малгай өмсдөг байна. Малгайн гадна талыг хөх өнгөөр бүрдэг бөгөөд оройг нь улаанаар оёж, мөн өнгийн сүмбэ зангиддаг. Богино саравч, дал хүрсэн урт шилэвчтэй. Малгайн чихийг үнэгний арьсаар доторлож, ард талаас нь улаан өнгөтэй хос тууз зүүдэг. Хэрээн живрийг торгуудаас бусад ястан өмсдөггүй. Тиймээс “Хэрээн живэр малгайтай, Хэдэр ядар үгтэй торгуудууд” гэж хэлжээ.
    Жатаг малгайгаар залуучууд гангардаг. Оройг нь хөх даавуугаар бүрж оёдог уг малгай нь зулайвч, чихэвчтэй. Ард талаас нь улаан, ногоон өнгийн дөрвөн ширхэг тууз зүүдэг. Малгайн оройд улаан өнгийн дөрвөн хошуу суурьтай, сүмбэ зангиддаг нь дөрвөн Ойрадын холбоог бэлгэдэж буй. Торгууд эрчүүд зуны улиралд халуун нар, элсэн шуурганаас хамгаалж цагаан алчуур ороодог. Тиймээс өөрсдийгөө цагаан дуулгат торгуудууд гэж нэрлэдэг гэнэ. Тэд алчуураа дуулга хэлбэртэй ороодог юм байна.

    Торгууд хувцасны гоёл чимэглэл, эд хэрэглэл бусад ястныхаас онцгойрох зүйлгүй. Эхнэрүүд нь ёслолын хувцас дээрээ дунджаар 50 см урт, хар өнгөтэй хилэн материалаар хийсэн үсний гэр буюу шигэрмэг зүүж, доороос нь шүр, цагаан мөнгө хослуулан сампин зангидсан хар өнгийн токиг залгадаг байна. Харин энгийн үед зөвхөн шигэрмэг зүүдэг. Торгуудууд хадамд гараагүй охиныг сэвгэр гэдэг. Сэвгэрүүд нь үсээ салаа сүлжиж, үзүүрт нь олон цацагтай боодог зүдэг. Үүнийг бусад ястанд ч хэрэглэдэг. Сэвгэрүүд хадамд гарахдаа зүүж байсан боодгоо нөхөр болох хүнийхээ гэзгэнд зүүж, өөрийнхөө үсийг хоёр салаа сүлжиж, токиг зүүдэг заншилтай. Торгууд эрчүүд зүүн чихэндээ гархин ээмэг зүүдэг байна. Энэ нь Зүүн гарын улсын иргэн гэдгийг илтгэж буй. Мөн бусад ястны эрчүүдтэй адил бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалин, тамхины уут, аяганы гэрийг зүүж явдаг. Уг ястны эрчүүд эрт үед гэзэг тавьж, түүнийгээ ганц сүлжин, даавуугаар хийсэн мөнгөн оосортой гэр зүүдэг байжээ.
    Торгууд хүүхдийн хувцсыг эрэгтэй, эмэгтэй, энхрий гэж ялгадаг байна. Эрэгтэй хүүхдийн тэрлэгийг хийхдээ захны ухлаадасны өөдсийг дөрөв нугалан далан дээр нь оёдог аж. Түүн дээрээ хонх, зоос, сумны зэв зэргийг хаддаг нь хүүхэд эр зоригтой болохоос гадна элдэв гай тотгороос хамгаална хэмээн бэлгэддэг. Тэд бага насны хүүхдэд хар, цагаан, 12-оос дээш насны охидод ягаан өнгөөр дээл хийхийг цээрлэдэг аж. Эмэгтэй хүүхдэд ихэвчлэн хөх, ногоон өнгөөр дээл оёдог байна. Энхрий гэдэг нь хүүхэд тогтдоггүй айлд төрсөн хүүхдэд хийж өгдөг хувцас аж. Ийм айлд төрсөн эрэгтэй хүүхдэд эхнэр хувцасны загвартай дээл оёдог бол эмэгтэйд нь буруу энгэртэй дээл хийж өмсгөдөг байна. Дээлийг үдшийн бүрий тасарсны дараа хаалганы хатавчинд хүргэж өмсүүлдэг домтой. Энэ зан үйлийг торгуудууд төдийгүй халх, ойрадууд хийдэг.

    П.ТУНГАЛАГ

  • ОВООНЫ ТУХАЙ ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ? БӨӨД ЧУЛУУН ОВОО БАЙГААГҮЙ!

    Хад чулуугаар овоо босгож голыг нь модоор амьлуулан зүрхэн чулуу цээж голд нь байршуулан дэлгэдэг заншил бас бий. Хайрхан уулс дээр буюу оройд гаран овоо босгол хийж дарцаг хадаг хийсгэдэггүй. Шүтлэг, сүсэгээ өргөх хайрханыхаа бэл доод газрыг гуйн аргадаж, түүндээ ёс заншилийг шингээн овоо босгодог. Ирж явхад овоо хаданд элдэв зүйл хуран чуулахвий гэхийн үүднээс ч мөргөлчид очихдоо овоог амьлуулан элдэв зүйлс суусан бол бузар дэвийг ханзалж чагталж мөргөл өргөл хийх шүтлэгтэндээ цагааруулж өгнө. Үйлсээ гүйцээж явахдаа хүртэл замын буруу зүйл дайрахгүй байг, хор харын үйлүүд алсуур байг гээд даатган овоогоо бас чагтлан морддог билээ. Энэ нь хэт шашинчисан мэт харагдах, сэтгэгдэл түрүүлдэг байх. Угтаа бол овооны дэргэд лам, дэвэн дүүлэх жигүүртэнүүд их үзэгдэх болсон тул ойлголт иймд биз. Тайга, ойт газартайгаа ойр байдаг хээрийн онгод, явган бөөлгөө хийх зарим бөө нар эртний уламжлал, байгаа нөхцөл үйлээрэй зэл татах, урц модонд даавуу самбай тогтоох зэргээр хүч шингээх ба энерги, эрчим хүчтэй холбогддог байсан. Хад чулуун овоонд мөргөж сүсэглэж байгаа нөхөд ч тэнгэр, газрыг холбож энерги үүсгэдэг билээ. Овооны тухай зарим баримтууд: Монгол түмэн аян дайнд мордохдоо цэрэг эрчүүд нь нутаг нутгаасаа нэг нэг чулуу авчирж аян дайнд мордох газар нутгийнхаа захын уулын орой руу явган алхаж цуглуулж тавьдаг. Ингэж овоолж тавихдаа одоо овооны их нь таньдаа байгээ, олз омгийн их нь маньдаа байгээ,буцаж ирэхэд бүх чулуу нутаг нутагтаа одож босгол тарсан байгээ гэж сүслэдэг байж гэнэ. Ингээд буцаж ирэхдээ амьд ирсэн цэргүүд 1, 1 чулуугаа аваад харьдаг, үлдсэн чулуу болгоноос аян дайны өрлөг нь жанжин нь өршөөл хүсэн өнөөх чулууг амь эрсэдсэн цэргээ төлөөлүүлж өөрийнх нь нутагт нь авч очин овоо босгон ёслол үйлддэг. Тийм ч учраас овоо босгол болгонд чулуу бүү нэм очсон болгонд өргөл бүү өргө гэдэг байжээ. Монголчууд өвөг дээдсийн сахил,огоорч эгээрэх сэтгэл,сүнс оршдог гэдэг утгаараа идээ ундааныхаа дээжийг өргөх, 3 тойрч хүндэтгэл үзүүлэх зэрэг ёслол үйлддэг. Тэрхүү босголд хэт их хадаг даавуугаар дарахыг цээрлэдэг байж. Энэ нь нутгийн чулуунд оршоосон сэтгэл төөрнө гэж үздэгтэй холбоотой аж. Тэгээд ч нар жаргаснаас хойш овоон дээр зогсдоггүй, харанхуй үдэш бүрийгээр чанга дуун халиадаггүй жамтай юм билээ. Овооны цээр -Овоо тахисны дараа овооны орчимд буй нуур цөөрмийн загас жараахайг барихыг цээрлэнэ. Овооны сахиулсан хилэгнэхээс сэрэмжилж буй хэрэг. -Овоо тахисны дараа овоон дээрх өвс, мод, чулууг дураараа хөндөх, хөдөлгөхийг цээрлэнэ. Тахилга талаар болно гэнэ. -Овооны найр наадамд охин хүүхэд уралдааны морь унахыг цээрлэнэ. Унаваас охин хүүхдэд ээлгүй болно гэнэ. -Овооны дэргэдүүр морь унаанаас буулгүй, овоонд чулуу өргөлгүй өнгөрөхийг цээрлэнэ. Үйлс бүтэхгүй гэнэ. -Доёнд гаргасан юм, овоонд өргөсөн юмыг авахыг цээрлэнэ. Эзэнтэй болчихсон гэдэг. -Овооны дэргэдэх уул, толгой газрыг тайхыг цээрлэнэ. Овооны сахиулсан зайлна гэхийн учир тэр. -Овооны хажууд ан гөрөө хийх, улай гаргахыг цээрлэнэ.Нүгэл болно, сахиулсан хилэгнэнэ гэх.
    Авралт тэнгэр онгодод андгай тавьж айлтгах ину Угийн их гарвалтын Утсан торгон жолоог атгасан Удай мөнх тэнгэрийн Уран хар улаач би Олны тусын тулд Онгод буумлаа урьж Зовлонтонд жолооч Золгүйтэнд тусч Гаслантанд газарч Хэлгүйтэнд хэлмэрч Хэлтгий заяатанд зааварч больё Бадрах улаан галынхаа Баруун өндөр хойморь дээрээс Төрт ёсондоо сүсэглэж Төрийн хар цагаан сүлдэндээ мөргөж Андгай өргөж ёслохдоо Өнчинд эцэг эх болж Үгээгүйд тэтгэлэг болж Хэн гэж гадуурхахгүй Халуун гэж дотночилохгүй Ядарсанд явганаар хүрч Өвдсөнд үхэр тэргээр хүрч Шившилэгтэй хүний шавгийг татаж хараад Ядарсанд хүнд яс түлж нэг үзэхдээ Үхлээр айлгаж үхэр малыг нь туухгүй Аюул гамшигаар айлгаж Адуу малыг авахгүй Авцаа өгцөөний жишигт тогтохгүй Эндсэн заяаных нь элийг нь Харсан заяаных нь зол жаралыг нь Хар цагаанаар дайж нэг өчихөө Андгайлая Өнгөтний царай Өмсгөл зүүлт Өглөгчийн гарыг харахгүй Баяныг бялдуучиллахгүй Бядуу ядууг ялгахгүй Бусдадаа атаархахгүй Бөө удгадад мөчөөрхөхгүй Бүтээх хэрэгт хов зөөж хориг саад болохгүй Хэлсэн хэргээ хэлэлцүүлж Зорьсондоо золгож байхаа Андгайлая Төлөв түвшин андгайгаа сахиж Төлөг мэргээ андуусаж Түмэн олноо хуурч Туух эдээр ашиг хонжоо харж Тэнгэр шүтээндээ тээгнэх зүйл Тавьж ам гарахгүй гэдгээ андгайлая Хар шарыг найран Хослуулахын төлөө Хөх тэнгэрийн сургаалиас Халихгүй гэдгээ Андгайлая Нөхчөгчидийн нүгэл бузар Нанж сархадын хар бузар Нүгэл хэмээн шүгэлийн бузар Нөхцөж явалдахын хормойн бузарыг Хориглон цээрлэж тэвчихээ Андгайлая Дээгүүр дэвүүлдэггүй Доогуур гулдруулдаггүй Алтай хангайн орны Ариун сайхан үнэртнээр Ариулан байж аргадаж Үнэртүүлэн байж өргөж Ариун их үйлсийг ашид цагааруулахаа Андгайлая Араатан санваартан хийгээд үнэгний мах Аюу баавгай гээд доргоны мах Алив бузар идээг тэвчиж Аяга тагшны бузраас сэрэмжилж явахаа Андгайлая Асралт эцэг эхээ тахимдаж Ачлалт буурал өвгөдөө хүндэтгэж Аархал омгорхол бүхнээ дарж Ард суух багш юугаан дээдэлж Алгалсалгүй сургаалыг дагаж Явахаа Андгайлая Андгайлсан андгайг минь Асар хурмаст мөнх тэнгэр сонсог Алаг дэлхий этүгэн тэнгэр гэрчилэг Ам өргөсөн андгайнаасаа сөрж няцваас Амь нас минь барагдаг Аль сүнс минь халиг Хайран энэ бие минь Хадны ёроолд хагдшиг Байгаа энэ бие минь Барагдаж бүгэн одог Зүрх сүлд сүүдэр минь Зүүний тэнгэртээ Зүүд болон замхараг Бодол сэтгэл түүх минь Барууны тэнгэртээ Бурхадын харц болон бууг Авралт мөнх эцэг тэнгэр Ачлалт этүгэн эх тэнгэр минь Андгайг минь сахиулж хайрла Андгай нэгт бөө нар минь Амыг минь сануулж чиглүүлж хайрла Уул усны эзэн савдгууд минь Уг гарвал бурхад шүтээнүүд минь Бут бүрийн бурхадууд минь Хад бүрийн бурхадууд минь Андгайр минь батжуулж хайрлаа Шөөг Шөөг Шөөг Шээг Шээг Шээг

  • МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРИН

    Үүнд:
    МОНГОЛЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ ХАРХОРИН
    Дэлхийн ихэнх улс орнууд Монголыг хот суурин амьдрал, газар тариаланг үл мэдэх нүүдэлчин малчдын орон гэдэг үзэл их ноёрхож дэлгэрсэн билээ. Гэвч түүхийн бодит баримт энэ үзлийг шууд үгүйсгэж байгаа юм. Үүний туйлбартай баталгаа нь Монголын эртний нийслэл Хархорин хот болно.
    Монголд Хүннү улсын үеэс эхлэн их бага хот суурин байгуулагдсаар ирсэний ул мөр одоо 200 шахам олдоод байгаа нь нийслэл Хар хорин хот монголчуудын цорын ганц хот биш болох нь илэрхий. Хархорин нь сурвалж бичигт гардаг Тайхал шивээ гэдэг балгасны дэргэд байгуулагдаж богино хугацаанд түргэн өсөж Монгол Улсын улс төр, худалдаа, гар урлалын төв болжээ. Энэ хотын талаар Рубрук зэрэг хүмүүс нилээд тодорхой тэмдэглэл үйлдсэн нь эртний судлалын шинжилгээгээр батлагдаж байна.
    Хархорин хот нь Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн заагт Орхон Хөгшин хоёр голын хоорондох сайхан хөндийд Улаанбаатараас баруун тийш 300 гаруй км, Хужиртын алдарт халуун рашаан эмнэлгээс зүүн хойш 60-аад км газар байдаг бөгөөд тэгш бус дөрвөлжин хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, хэрмийн дотор хөндлөн гудас хоёр их гудамжтай, төв хэсэгтээ орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа дэлгэр байжээ.
    Арваад жилийн өмнө Хархорин хотын төв хоёр гудамжны уулзуур дахь их барилга, их хэрмийн баруун буланд байсан хааны ордон, мөн их хэрмийн өмнөд хаалганы хавийн барилга зэргийг малтаж шинжилсэн билээ. Хааны ордон нь гадуураа тусгай хэрэмтэй, хэрмийн дундуур ордны гол барилга байсан ба түүний хоёр бөөрөнд тус бүр хоёр багавтар барилга байжээ. Хааны ордон нь 2м гаруй өндөр хиймэл дэвсэг дээр барьсан байсан ба 64 баганатай их танхимтай байсан ажээ. Ордоны шалыг ногоон паалантай улаан тоосгоор хийж, ногоон улаан өнгийн паалантай шавар баримал хээ угалз, луу, арслан зэрэг амьтны дүрсээр чимэглэгдсэн танхил сайхан танхим олонтой байжээ. Энд гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч байсан, түүний дотор нэрт жуулч Рубрук, Марко Поло нар ч оролцож билээ. Ордоны өмнөд хаалга нь үзэсгэлэнтэй сайхан уран зурмал чимэгтэй байжээ. Түүний урд, орой дээрээ бүрээ барьсан мөнгөн хүнтэй мод бүхий оргилуур байсныг Рубрук тодорхойлон бичсэн байдаг билээ. Хархорины төв хэсэг нь барилга ихтэй байсан ба заримд нь ширэм, төмрийн үйлдвэр, шаазан ваарын үйлдвэр зэрэг олон төрлийн гар урлалын газар байжээ.
    Эртний судлалын талаар хийсэн малталтаар олдсон олдвороос үзэхэд энд сайн чанарын цагаан ширмэн эдлэл, цэргийн төрөл бүрийн зэр зэвсэг, тариалангийн ба бусад аж ахуйн зэвсэг багаж хэрэгсэл, сав суулга, гоёл чимэглэлийн зүйл арвин олдсоны дээр ширэм хайлах зуух, шаазан ваар боловсруулах зуухны үлдэгдэл олон байжээ. Энд нэг ширхэг нь 20 гаруй кг хүнд цөнгүүд их гарч бий нь монголын гэрт их тэрэг, бэхлэгдсэн хотын хэрмийг харваж эвдэх хэрэгсэл зоосон тэрэг зэрэгт хэрэглэж байжээ. Төмөрлөгийн зүйлсийг үйлдвэрлэхэд усан хөдөлгүүрт хэрэгсэл хэрэглэж байсан ажээ.
    Мөн хэрэм тэслэх бөмбөг үйлдвэрлэдэг байсан ажээ. Хархорин нь худалдаа арилжаа их дэлгэрсэн хот байснаас гадна энэ хотын орчим үр тарианы газар их байсан байна. Үүний баталгаа нь хятад, монгол ба дундад азийн зоос, жин, жингийн туухай, анжис, бул зэрэг болно. Хархорин хот нь дайн байлдааны хөлд хэд дахин их нэрвэгдэж эвдэрсэн ба 1380 онд Мин улсын цэрэг довтолж их сүйдэлснээс хойш сэргэж чадаагүй боловч XY зууны үе хүртэл мөн жижиг суурин байсаар байжээ.
    Хожим XYI зууны сүүлчээр Хар хорин хотын захад Эрдэнэ Зуу хийд байгуулагдаж тэнд Хархорин хотын нурангаас чулуу, тоосго зэрэг барилгын материалыг ашиглажээ. Хар хоринд ирсэн зорчин үзэгчид түүний дэргэд байгаа Эрдэнэ зуу хийдийг үзэхгүй өнгөрч чаддаггүй. Тэр хийд нь Халхын шарын шашны хамгийн анхны хийд билээ. Тэнд монголчуудын урлаж бүтээсэн асар үнэт соёлын дурсгалууд бийгээс гадна мөн Хар Хорин хотын түүхэнд холбогдол бүхий зүйл ч бий юм. гэж 1959 онд бичсэн түүхийн ховор сонирхолтой баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно.

  • Сургаал, ёс заншил

    Ёсоо зөрчвөл гэмд унана, гэмд унавал гэсгээлт үзнэ гэдэг. Түүнчлэн “ёс ёмбогор,төр төмбөгөр” хэмээх цэцэн үг байдаг нь өвгөд дээдсийнхээ зан заншил, төр хуулиа дээдэлдэг ард түмний шившлэг юм.
    Ёс төрөө алдвал муу зүйлийг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол төрхөө алдана.
    Засаг төр солигдож, хуучин аж төрөх ёс эвдэгдэн юм эргэж хөрвөхөд, хүний муу араншин илэрч, урьд хойно үзэж дуулдаагүй элдэв гаж буруу явдал ихэсдэгийг монголчууд хэзээнээс мэддэг байжээ. Тиймээс ч хожим хойчдоо сануулж, өвгөд дээдсээс уламжилсан ёс заншлаа сэргээж, өөрийн биеэ гэмд унагаж, гэсгээлд өртүүлэлгүй, ёсоо ёсолж, заншлаа дагаж, төрөө төрлөж хуулиа дээдэлж явахыг захисаар иржээ.
    Энэ нь бидний монголчуудын өвөг Хүннү нараас эх уламжлалтай билээ. Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэлд хүүхэд, залуучуудын хүмүүжлийг эцэг эх хариуцна, боловсрол мэргэжлийг улс голлон хариуцна гэж тодорхойлжээ. Энэ хоёр хүчин зүйлийг бүрэлдүүлэхэд монгол ёс заншил нэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Чухам ёс заншлыг хэн хэн маань эзэмшихгүйгээр, амьдрал ахуйдаа хэрэглэхгүйгээр жинхэнэ иргэн болж чадахгүй. Үүнийг монгол үндэстний олон үеийн түүх бэлхнээ нотолж байна.
    Монгол ёс заншлаар эцэг эх нь хүүхдийг багаас нь жирийн аж төрлөөр амьдрах ухаанд сургадаг. Монголчууд ийм хүмүүжил төлөвшүүлэхдээ газар орны байгаль, орчин зан заншилд тохирсон өвөрмөц арга хэрэглэж байв. Эцэг эх нь хүүхэддээ юмс үзэгдлийн учрыг ярьж ойлгуулах, итгүүлэхэд анхаарахын зэрэгцээ хатуу зэмлэл ч хүлээлгэнэ. Тухайлбал, монгол улсын их эзэн хаан Чингис “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” хэмээн дүүтэйгээ эвдрэлцэж муудсан буруу хэргийн учир эхдээ зэмлүүлэн гэмшиж байснаас үзэхэд тодорхой. Ганц энэ жишээ л гэхэд Чингис хаан ч гэсэн ёс заншлаа яаж хэлбэрэлтгүй сахиж ирснийг нотлох бизээ.
    Ахмад үеэ хүндлэх, дүү нараа асарч хамгаалах ариун ёсыг эрхэмлэн, уян зөөлөн, хүнлэг цагаан сэтгэлтэй, монгол хүн монгол хүнээ хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг эгэл журмын дагуу залуу хүний хүнлэг ёсны дээд чанар өвөг дээдсээс уламжлалтай монгол ёс заншлаас урган гарч байгаа юм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг цэцэн үг бий. Гэр бүл, төр, шашин цөм өөдлөн дэвжихэд монгол ёс заншил нэг гол тулгуур суртал болно.

  • МОНГОЛ БАНХАР

    Хөгшин банхарын бие цаг өнгөрөх тусам дордсоор хоолоо ч идэж чадахгүйд хүрч байсан юм. Эзэн нь хааяа хөөрхий хөгшин банхарыг ингэж зовоож байхаар эртхэн унтуулах тухай бодсон ч дассан сэтгэл нь түүнийг зүрхлэхгүйд хүргэдэг байлаа.
    Хавар болж эд ногоо цагаа гарч байх үед 20-иодхон минутын бороо ороод зогсов. Борооны дараа залуу гэр бүлийн 2 настай хүүхэд гэрийнхээ гадна хөөрцөглөн тоглож байх үед хөгшин БАНХАР гэнэт ухасхийн босож нялх хүүхдийг амандаа зуун уул өөд бүх тамираа шавхан давхиж одох нь тэр. Хүүхдийн ээж уйлан уйлан араас нь гүйхэд гэрийн эзэн залуу эртхэн л буудах байсан юм гэж гэмшсээр одоо л буудаж алах тухай бодон буугаа шүүрэн араас нь гүйж гарав.
    Хөгшин банхар давааны цаахан талд хүүхдийг тавьсанаар өөрөө байдгаараа айхлан хэвтэхэд залуу эзэн араас нь ирээд яг буудах гэснээ хүүхдийнхээ эсэн мэнд байгааг хараад нохойгоо ч өрөвдөөд буудаж чадалгүй чулуугаар нилээн гөвшиж орхиод хүүхдээ тэврэн эргээд алхахад хад чулуу дугарах мэт чимээ гарах нь тэр. Яарсаар даваан дээр гараад харвал 20-30 км цаг хурдтай 150-200 см өндөртэй үерийн ус гэр орон зэлэнд уяатай байсан тугал, цөөн хэдэн ишиг гээд бүгдийг нь хаман одсон байсан юм гэнэ лээ.
    Залуугийн нүднээс харамссан биш нохойныхоо буянаар эхнэр хүүхэдтэйгээ амьд гарсаны төлөө нулимас том томоор дуслан байлаа. Ингээд хөрш зэргэлдээ айлдаа хоноод өглөө нь буйраа эргэтэл хөгшин банхар сая нэг санаа амарлаа гэлтэй нүдэнд нь нулимас торон амьсгал хураасан байсан юм гэнэ лээ…
    Монгол банхар газар хөдлөлт үер ус байгалийн аюулт үзэгдэлийг лав маш соргогоор мэдэрдэг гэдэг юм гэнэ лээ…
    Та бүхнийд монгол банхар хэмээх эзэндээ малдаа үнэнч амьтан нохой байдаг бол хайрлан хамгаалж өсгөн үржүүлээрэй.

     

  • Хар зүрхний Хөх нуур.

    Нуурын баруунд байх Зүрх уулын урд үзүүрт сайхан гурвалжин дэнж бий. Тэнд Их хааны маань гэрийн буурь байжээ. Хуучны хөгшид тийн хуучилдаг байж. Тэнд майхнаа барьдаггүй, хоноглодоггүй байж.
    Одоогийн жуулчдын бааз шавсан, зүүн эрэгт тэр цагт айл буух боломж муутай. Нэгд салхины сэлгээгүй учир ялаа, шумуул ихтэй, мал хэвтэх хотлох боломж муу, хоёрт гэнэтийн дайсан ирэхэд зугтах газаргүй. Харин баруунд байх тэр дэнж нь гурван талаасаа салхины сэлгээтэй, харуултай, бас аль ч талруугаа гараад зугтаах боломжтой хэмээн Сүхбаатар багш тайлбарлана.
    Нуурын ар дагзнаас ундрага сайт булаг гарна. Тэмүчин өглөө бүр булгаас ус зөөн ээждээ шинэ усаар цай чанаж өгдөг байсан тухай яриа ч байдаг аж.
    Энэ Хөх нуур нь Монголын Нууц Товчоонд дөрвөнтөө дурдагдана.
    1. Тэмүчин Тайчуудын барианаас оргоод, Ононг өгсөж мөр мөшгөөд Химурга горхины Бидэр хошууны Хорчихуй болдогт бүхүйд ээж, дүү нартай золголдоод, тэндээсээ Хүрэлхү доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ.
    2. Мөн энд байхдаа шаргатай найман агтаа дээрэмд алджээ.
    3. Бөртэтэй дэр нэгтгэжээ.
    4. Сача Бэхи нар Тэмүчинийг Чингис хаанд өргөмжилжээ.
    Энэ нуур яахын аргагүй Монгол түмний нэн хүндэтгэлт газар байх учиртай. Одоо бол хүн шавсан, архи найр үргэлжилсэн, бохир хөглөрсөн, мөнгө сэгсэрсэн л газар болжээ. Санаагаар болдог бол зүүн талд байх жуулчны баазуудыг нүүлгэж, хөтөл давуулан байрлуулах, ийш орох ёс хүндэтгэл үзүүлэх маршрут бий болгох, хог новшгүй байлгах талаар орон нутаг нь ч болтугай юм хиймээр…
    Naminchimed Baasan
    Гэрэл зургийг Tuumuu Miigaa