2. Хүүхдийн ам гэмтвэл хоёр хувийн содын уусмал бэлтгэх хэрэгтэй. Дараа нь гараа угааж цэвэрлээд, хөвөнг уг уусмалд норгож хуруугаа ороогоод хүүхдийн амыг өдөрт 3-4 удаа зөөлөн арчина. Мөн зөгийн бал шингээсэн хөвөнгөөр арчина. Хөхүүлсний дараа буцалсан бүлээн ус өгөөрэй.
3. Нэг аяга тарган дээр 15 грамм наранцэцэгийн тос хийж өдөр бүр уувал өтгөн хатахгүй.
4. Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй.
5. Шөний цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй. Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно. Хоолны хоёр халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй. Дараа нь туулгах эм уулгаарай. Ингэснээр цагаан хорхой бүгдээрээ гарна. Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүл.
6. Умайн хүзүүний хоргүй хавдрыг эмчлэхийн тулд нэг аяга хушын самрын яс хальсыг нь цэвэрлээд нэг лонх архи хийгээд хэсэг байлгаж ханд болгоно. Өдөрт гурван удаа хоолны өмнө амны халбагаар ууна. Нэг курс эмчилгээнд гурваас зургаан лонх архи шаардлагатай. Үүнийг уухад хоргүй хавдар байхгүй болж хөхний хатуурал арилсан байна.
7. Бэлгийн сулралаас хамгаалахын тулд 200 гр сайн чанарын дарсан дээр сармисны нэг ширхэг хумс хийгээд зөөлөн гал дээр халаана. 30 сек буцалгана. Дараа нь хөргөөд сармисны хамт шилэн лонхонд хийнэ. Нэг хонуулаад хоол идэхээсээ өмнө 20 минутын өмнө нэг халбагаар өдөрт гурван удаа ууна. Гурван хоног уугаад нэг удаа завсарлана. Энэ эмчилгээг заавал тэргэл саран мандах өдрөөс эхлэх ёстой.
8. Ходоодны хүчил ихдэхэд буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана. Мөн буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уувал цээж хорсохгүй.
9. Шүд өвдвөл сармисыг гавартай хольж шүдэндаа шавж боовол сайн.
10. Шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Цус бүлэгнэхэд кальци чухал үүрэгтэй. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүүгээр хатгахад цус алдах үхэх аюултай. Сүүнээс өөр кальцийн хэд хэдэн сайн эх үүсвэр байдаг байна. Үүнд боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун чөмөгний кальци, эрдэнэ шиш, улаан зэрэг орно. Мөн давс кальци алдагдахад хүргэдэг байна.
Category: Үндэсний соёл, зан үйл
-
Ардын бор эмчилгээний анагаах чадвар
-
СУВАРГА ХАЙРХАН
Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирэхдээ Их цагаан уул гэж нэрлэсээр иржээ. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлигаар 2007 оны 7-р сарын 26-нд төрийн тахилгатай уул болгожээ.
Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр өвс ногоо сайхан ургадгаас гадна алт мөнгө зэрэг эрдэс баялгийн нөөцтэй. Мөн Тамир, Цэнхэр, Орхон голууд эх аван урсдаг усны ундарга болсон газар учраас хайрлан хамгаалахын тулд Төрийн тахилгат хайрхан болгожээ.
Хэрвээ байгалийн зүй тогтоц алдагдвал баруун зүгийн аймгуудын усны санд нөлөөлнө хэмээн үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг байна. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий.
Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Сүүлийн жилүүдэд цас мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна. -
XX зууны үеийн энхрий хүүхдийн дээл
Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байна. Энэ удаа XX зууны үед холбогдох “Энхрий хүүхдийн дээл” үзмэрийг уншигч танаа толилуулья.
Материал: Торго, зэс, төмөр, үнэгний арьс
Хэмжээ: Урт 36см х 39см
Холбогдох он цаг: XX зуун
Монголчууд эртнээс үр хүүхэд тогтохгүй байх болон өвчин ороомтгой үед хүүхдийнхээ хүйсийг нь нууж хувцаслах, олон нөхөөст ба буруу энгэртэй дээл хувцас хийж өмсгөдөг уламжлалтай байжээ.
Эцэг эх нь хүүхдээ төрөхөд нь ламаас тусгайлан нэр залах, гурван жил айлд оруулахгүй байх, эсрэг хүйсний болон буруу энгэртэй баривч, дээл, хантаазыг өнгө өнгийн торго өөдсөөр дөрвөлжлөн зүйж хийж өмсүүлэх, цоохор дээл, лам дээл, түүнчлэн түнтгэр мөртэй “халх эхнэр дээл” зэргийг зориуд хийж, өмсгөж байсан нь энхрий хүүхдийн нас, хүйсийг муу бүхнээс төөрөлдүүлдэг дом, сүсэг бишрэлийн агуулгатай ажээ.
Уг үзмэрийн хувьд дээлний энгэрээс гуулин мэлхий хонх, нум, зоос, үнэгний хоншоор зэргийг хэлхэж зүүжээ.
Энэхүү үзмэр нь Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
У.Баярсайхан -
Бурхан буудай уул
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.
Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй.
Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтадыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласанаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг.
Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм.
Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн байна. -
50-400 жилийн настай морин хууруудыг анх удаа дэлгэжээ
Монгол соёлын өв, эд дурсгал цуглуулагч, угсаатны гэр музейг үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнэ, Монгол оюун санааны өв цуглуулагч, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, С.Бадрал нарын морин хуурын цуглуулгаас бүрдсэн “Хөхөө Намжил” хамтарсан үзэсгэлэн Sengeragi art gallery-д нээлтээ хийжээ. Ийм төрлийн үзэсгэлэн Монголд анх удаа гарч буй бөгөөд дээрх хоёр хүний хувийн цуглуулгаас 30 орчмыг нь олон нийтэд дэлгэсэн байна.
Өндөр гэгээний үеийн буюу 400 гаруй жилийн түүхтэй морин хуурын толгойноос эхлээд хамгийн залуу 50 жилийн түүхт үзмэрийг энд дэлгэжээ. Тэр ч бүү хэл Монголын үзэгчид морин хуурын нот буюу аялгуун судрыг уг үзэсгэлэнгээс харах боломжтой юм. Хятадын Өвөрмонголын өөртөө засах оронд морин хуурын төрөлжсөн музей байдаг бөгөөд тус музейд 100 гаруй нэр төрлийн хуур олны нүдийг хужирладаг. Тэгвэл манай улсад дан морин хуур, түүнтэй холбогдох түүхэн эд агуурсын үзэсгэлэн анх удаа гарч буй нь энэ болж байна. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс морин хуурын сүг зураг, эртний хуур, хуурын тайлал зэргийг үзэж сонирхож болох юм.Б.Мөнхзул
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин -
ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛ
Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.
Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий.
Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна. -
ОТГОНТЭНГЭР УУЛ
Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ. Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино. -
БОГД ХАН УУЛ
1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.
Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг.
54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг.
Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг. -
АЛТАН ХӨХИЙ УУЛ
Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.
Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ.
Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг.
Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.