Category: Үндэсний соёл, зан үйл

  • Үүчүүр

    Уламжлалд шинийн нэгний их золголтоор идээ цагаа амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан зочин гийчин бүгд шагайгаар “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинждэг. Дараа нь золгосон айлдаа “Үүчүүр” дэлгэж хотлоороо тоглож нааддаг. Хүн бүр шинийн өдрүүдэд үүчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үүчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлгэшээдэг. Шинийн нэгэнд үүчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үүчүүр тоглодог. Үчүүр орхиход бүх хүмүүсийг бага ихгүй оролцуулж, бүр өлгийтэй нялхас, хэвтрийн хөгшин байсан ч нэр оруулж өмнөөс нь эцэг эх, хань ижил нь шоог орхиж тоглодог.

  • Оюун түлхүүр сургаал

    Бурхны шашинд амиа тавь
    Лам хүний эд малд бүү хүргэх мэт.
    “Оюун түлхүүр” -ээс
    Хаан хүн хамаг эрхийг төгсгөвч
    Хайрлах сэтгэл үгүй болбоос
    Хамагт аргагүй хөнгөн болмой.
    Айл муут болбоос
    Харин төрхөмдөө буцаж буг болмуй.
    Түшмэл хүн есөн эрдмийг төгсгөвч
    Түвшин сайн энэрэлгүй болбоос
    Хортчоно мэт жигшигдэхүйн тул
    Төв сэтгэлийг ихэд хичээ
    Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагах
    Барс мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагах
    Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагах
    Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул
    Хамаг дор зовлон болмуй.
    Ер хүний ахуйн үйл яршигтай, амьтаны сэтгэлийг мэдэшгүй
    Зальхай хуурмаг аргатан олон тул тиймийг яахин баримталмуй.
    Тустай сайн санаагнасад хичээ, тустай сайн хүн ус мэт эелдэг
    Тун муу хүн мод мэд хөшүүн
    Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт
    Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг
    Өнөр хүн эвгүй болбоос өнчин хүний элэг болох
    Олон хүн эвгүй болбоос оорцог хүний идэш болох
    Цувж явсан бараас цуглаж суусан шaаазгай дээр тул эв эеэ нэн бэхлэгтүн

    2012-01-09 11:31:41
    Мэдээ оруулсан: Л.Номинчулуу

  • Дэмбээ

    Дэмбээ нь Mонголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялгат тоглоом бөгөөд үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээ тоглоомын гол зарчим нь тоглогч хоёрын гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцах явдал юм. Хуруу гарын хөдөлгөөний аясаар уламжилж ирсэн тусгай аялга, бүр ардын дууны аяаар дэмбээдэх нь ч байдаг. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж, үг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар, гар хурууны хөдөлгөөний хурд зэрэг нь авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс энэхүү тоглоом нь хүний амхаалж самбаа, сэтгэн бодох үйлийг сорих шинжтэй тоглоом юм.

  • Дайралцаа

    Мөн аман зохиолд “хүүхдийн аман зохиол” хэмээх цэвэр биеэ даасан төрөл байдаг үүнийг үгэн наадам ч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг, зугаа үг, оньсого зэрэг нь багтдаг бөгөөд үүний нэгэн тод жишээ болох “Дайралцаа үг” буюу аялгат тоглоом юм.
    Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Дээр үеэс хүмүүс мэндээ мэдэлцэх, нутаг усаа асуулцах харилцан ярианаас эхлэн зарга үүсгэхэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах харилцаанаас үүдэн дайралцаа үүссэн гэж үздэг. Хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа солилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Уран үгийн холбоогоор оюун ухааны цэцийг булаалддаг дайралцаа хэмээх аялгат тоглоомыг зарим газар дандилдах хэмээн нэрлэдэг (Д.Cампилдэндэв).

  • Буур ботго

    Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээгүйгээр Монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгохын аргагүй. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь Монголчууд эртнээс танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна2. Дэлхийн тэмээний 90 хувь нь нэг бөхтэй тэмээ, 10 хувь нь хоёр бөхтэй тэмээ байдаг. Хоёр бөхтэй тэмээ Монголоос гадна БНХАУ, Казак, Узбек, ОХУ-д бий. Монгол улс хоёр бөхтэй тэмээн тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог байна3.
    Буур ботго тоглоом нь цэцэрлэгийн болон бага ангийн насны хүүхдүүдийн дунд өргөн тоглогддог хөдөлгөөнт тоглоом юм. Тус тоглоомонд хүүхдүүд тэмээчин, эцэг мал-буур, ботгоны дүрд хувирч тоглодог нь хүүхдүүд бага балчир наснаасаа таван хошуу малаа зүслэн нэрлэх, мал маллах арга ухаанд суралцах, байгаль дэлхийтэйгээ ойр амьдрах, эрүүл чийрэг бие бялдартай өсч торниход өндөр ач холбогдолтой тоглоом билээ.
    Буур ботго буюу “Алтан хөөрөг, мөнгөн цоож” тоглоом нь одоогийн муур, хулгана тоглох тоглоомтой төстэй боловч агуулга хэлдэг үг нь тэс өөр юм. Энэ тоглоомоор тоглохдоо хамгийн хурдан хөдөлгөөнтэй, сэргэлэн, самбаатай хүүхдүүдийг ботго болгоно. Гурван хүнийг тэмээчин болгож тоглогчдоос 20-30 алхам газар тусгайлан гаргана. Тоглож буй хүүхдүүдээс хамгийн том, өндөр нуруутай, бяр чадалтай тоглоомын үг хэллэгийг сайн мэддэг хүүхийг урдаа гаргаж ахлагч болгоно.
    Бусад нь шил шилээ харж бүснээсээ чанга барин цувран зогсоно. Дараа нь буурыг ахлагчруу явуулна. Ямар ч хөдөлгөөнд цуваа дундуураа тасрахгүй байхын тулд хүч чадалтай нь чадал мөхөс охид хөвгүүдийг дундаа салаавчлан хамгаалж байрьсан байна. Бүгдээрээ нэг нэгнийхээ хойноос бүснээсээ барьж цувран зогссон үед хааны тэмээчдээс нэг тэмээчин ирж цувааны эхэнд зогссон хүүхэд (ахлагч):
    • Хаана хүрч явна гэж асууна. Ахлагч:
    • Жин тээж явна гэнэ. ( энэ бол худал хэлж мэхэлж байгаа хэрэг юм) Тэмээчин:
    • За тэгвэл хаан аавынхаас алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүхэд гарлаа.түрүүчийн тэмээнээс зогдор гуйж явна гэхэд ахлагч:
    • Зогдор гуужсан( гээсэн) гэнэ. Анхны тэмээчин буцна. Хоёр дахь тэмээчин ирж:
    • Дунд тэмээнээс хишиг гуйж байна гэнэ. Ахлагч:
    • Өнөөдөр цээртэй гэнэ. Хоёр дахь тэмээчин буцна. Гурав дахь тэмээчин ирж:
    • Тэмээнээс хөөс гуйж байна гэнэ. Ахлагч:
    • Хөөстэй тэмээ байхгүй гэнэ. Гуравдахь тэмээчин буцна.
    Дахин нэг тэмээчин ирж:
    -Жингийн даамал сонсож бай! Хүр хүр дуутай, хүрзийн чинээ тавагтай, мойл хар нүдтэй, мөнгөн цагаан шүдтэй, хаан аавын хар буур ирж явна. Энэ үед буур холоос хүрхэрсээр шавсаар, шавдсаар хүрж ирнэ. Ботгыг хамгийн сүүлд зогсоосон байна. Буур хамгийн түрүүчийн тэмээг шөргөөж эхэлнэ. Наадагчид “хаа, хөж” гэлцэнэ. Буур жаахан зайлж холдсоноо улам ихээр хүржигнэн хүрхэрсээр ботгоруу дайрна. Түрүүчийн хүүхэд буурыг хаацайлан хашихад араас нь зүүгдсэн хүүхдүүд хашхиралдаж эргэлдэж сүүлчийн ботгоо хамгаална. Буур гурван удаа дайрсаны дараа бүх хүүхдүүд зэрэг хөдлөн гар гараасаа барилцан тойрон зогсож ботгыг дундаа оруулж “алтан хөөрөг, мөнгөн цоож” хэмээн аялгуулан дуулна.
    Буур, ботго хоёр хүүхдүүдийн гар доогуур чөлөөтэй орж гарна. Харин ботго зугтан гадагшаа, дотогшоо гурван удаа орж гарах үеэр буур түүнийг барьж чадахгүй бол наадагчид буурыг барьж аваад нэг нь нүдийг нь дарахад бусад нь тойрон зогсож “алтан хөөрөг, мөнгөн цоож” гэж аялгуулан шуугилдна. Энэ хугацаанд тоглогчид ботгыг нууна. Тоглогчид гар гараасаа барилцан алтан хөөрөг, мөнгөн цоож” гэж аяглахад буур явж ботгыг эрнэ.
    Хэрэв буур ботгыг огт олохооргүй өөр зүгт явбал ботго эсрэг зүгээс буйлж чимээ дохой өгсөөр тойрог дотор гүйн ирж орно. Буур үүнийг мэдэхгүй эрлээ үргэлжлүүлбэл хөөс хөөс гэж түүнийг дуудна. Буур иргэн ирж урьдахаасаа ширүүн дайрах бөгөөд энэ мэтээр гурван удаа тоглох явцад буур ботгыг барьж чадахгүй бол буурыг барьж хэвтүүлэн дарж ботгоор гурван удаа өвдөглүүлнэ. Буур ботго гэдэг тоглоомыг ингэж тоглодог аж.

  • Монголчууд хавар биш, ” Хувь сар жилийн дээж, Хул чигээ идээний дээж” гэж намар шинэлдэг

     

    Буддын гүн ухааны ард сайтар нуугдсан Тангад номлолоор тархи угаагч Түвдистүүд, шар хувраг хувалзууд, Ардчилсан Либерал Америкист номлолоор тархи угаагч ХАРВАРДын Хар Хуврагууд аль аль нь бидэнд тэрс, биднийг мухар сүсэгт хөтлөн эх орны минь эзэнгүйдүүлэгч, төрийг хүчгүйдүүлэгч, ард түмнийг хүн сүрэг Зомби болгогч Хорлол юм. Ямар ч хүнийг өөрийнхөө түүхэнд яаж хандаж байгаагаар нь хэн гэдгийг нь тодорхойлох маш хялбар байдаг. Түүх яахав дээ байсан л юм байгаа биз! Тэр Чингис их гүрэн байгуулсан гэсэн! хэмээн ярих хүмүүс бол харь цуст харь сэтгэлтнүүд эсүхэл тэдэнтэй нийлж төрөл арилжсан Усан тэнэгүүд болой. Их Чингис хаан болон Модун хаадаараа бахархан өөрийгөө тэдний хойчис, тэд л амь биеэ үл хайрлан бидний өнөөдрийг бидэнд өгсөн, бид тэдний үргэлжлэл, тэд байгаагүй бол бид ч өнөөдөр байхгүй байх байсан хэмээн ухамсарлах хүмүүс бол Уг, Удам, Гарвал Үүслээ мэдэгч,залгамжлагч Ухаантнууд болой. Харин өв түүх, өвөг дээдсээ, их хаадаа Ирээдүй хэмээн ухаарч итгэгчид, өвлүүлэгчид бол Ирээдүйг бүтээгч, зөгнөгч Мэргэд Сэцэд мөн.

    Өнөөдрийн Монголчууд бидэнд өөрсдийн түүхээ түүхчдийн амьгүй түүхэн баримтын хэлхээс маягаар ухаарах бус харин Түүхэн Гүн Ухааны( түүхэн логик) талаас нь өвөг дээдсийнхээ, их хаадынхаа Итгэл-Сэтгэл-Зүтгэл гурамсан холбоонд нь, Мөнх тэнгэр шүтлэг, зан заншил, соёлын цогцоор нь ухаарч хоорондоо ойлголцох юу юунаас илүү чухал болов. Эс тэгэх аваас агуу Монгол ( Мөнх гал) хэмээх үндэстэн мөхөхөд ч ойрхон иржээ. Мэдээж Монгол гэдэг нэрнийхээ утгыг ч үл мэдэх Монгол улсын Иргэдтэй харийн колони Монгол гэгдэх Улс де жүри үлдэж магадгүй. Миний бие Манж, Хятад, Түвдийн хойчис өнөөгийн Монгол улсын иргэдийн өвгөдийнхөө сүнсийг тээгчийн хувьд Буддагаа, Лувсандагваа шүтэн сүнсээ тайван байлгах заяагдмал эрхийг нь хүндэтгэх төдийгүй тэдний хувьд зөв хэмээн хүлээн зөвшөөрдөг. Мөн түрэг, уйгар угшилтай Монголын иргэдийн Христ, Мохамедаа шүтэх заяагдмал жамын эрхийг нь ч хүндэлдэг байх ёстой гэж боддог.
    Харин бидний Монголчуудын (мөнх галынхны) шүтлэг, зан заншил, соёлыг үгүйсгэх, үймүүлэх, устгахыг оролдох аваас үл тэвчму. Агуу их хаан Чингис маань дөрвөн тэрс, таван өнгийн арьстангуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор нэгтгэн Их Монгол улсаа байгуулахдаа тэдний заяагдмал жамын эрх болох унаган шүтлэг, өвгөдийнх нь сүнснээс салгаагүй учраас бүгдийнх нь итгэлийг авч хүндлэлийг хүлээсэн билээ. Их хааныхаа дор бүх шүтлэгтнүүд Их Монгол улсын АХУЙ ТӨР ийн ивээлд эвтэй найртай, элэг бүтэн, амар амгалан амьдарч байсан лугаа адил өнөөдрийн бид нар ч мөн тэгэх ёстой. Үүний тулд Монгол улсын иргэн бүх төрлийн шүтлэгтнүүд бие биенийхээ шүтэх эрхийг хүндэтгэн, өөрийнхөө итгэл үнэмшлийг бусаддаа үл тулгах, туйлшрахгүй байх ёстой. Хамгийн гол нь ИХ ЗАСАГ ХУУЛЬ буюу Монголын газар нутгийн байгалийн Жам хуулийг зөрчихгүй, өнөөгийн Монголчуудын амьдарч буй эх орон, газар нутгийн СУУРЬ ХӨЛГӨН ий ёсыг эвдэж үл болму. Газарзүйн байрлал болгон өөрийн жамын зүй тогтолтой, тэр нь тухайн нутгийн СУУРЬ ХӨЛГӨНИЙ ЁС буюу УС САХИХ ЁС хэмээх хэн ч зөрчих ёсгүй ИХ ЦААЗ-ДЭЭД ХУУЛЬ байдаг. Иймийн учир цаашид Монголд иргэншсэн МАНЖ, ХЯТАД, ТҮВДИЙН хойчисууд МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ОРШИХ Мөнх галын соёлт Монголчуудын УС САХИХ ЁС ыг даган голомт голомтондоо өөр өөрсдийн Шүтэх, Сүсэглэх, Мөргөх соёлоороо амьдрах учиртай. Харин Ахуй амьдрал, аж төрлөө хамтран шийдэхийн тулд Монголын АХУЙ ТӨР ийн тамган дор эвлэлдэн, эелэлдэн амьдрах ёстой. Монголчууд бол Монгол( мөнх гал) хэмээх аймгын тэргүүн Тэмүжин Их эзэн Чингис хаан цол авч өргөмжлөгдөн байгуулсан нүүдэлчдийн их гүрний голомтыг сахигч Мөнх тэнгэр шүтлэгт, Мөнх галын голомтын соёлтой хүмүүс билээ. Иймд Их хааныхаа даган амьдарч байсан Их ёс, дагалдах соёл, зан заншлаар амьдрах нь өнөөгийн Монголчуудын үүрэг, зөрчиж үл болох цээр, хорио юм. Ингээд өөрийн багш түүхч, гүн ухаанч, зохиолч Н.Нагаанбуу агсантай хамтран бүтээсэн ” Монгол ухаан есөн эрдэм” номныхоо “Монгол зурхай” бүлгээс хүргэе та бүхэндээ. Авах гээхийн ухаанаар шүүн амьдрал ахуйдаа зөвөөр тусган авна хэмээн найднам.

    МОНГОЛ ЗУРХАЙН УХААН.

    Түлхүүр үг: ” Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг”
    Бэлгэдэл: Алтан гадас долоон бурхны тахилга.

    Монгол зурхайн шинжээ.

    Монголчууд эртнээс гарагуудын хөдөлгөөний давтагдах хугацааг 360 хоногт багтаан нэг жил гэж нэрлээд түүний дөрвөн улиралд давтан ажиглагддаг зүйлээр сар бүрийг нэрлэсэн байдаг. Түүх бичгүүдэд Монголчууд хавар биш, ” Хувь сар жилийн дээж, Хул чигээ идээний дээж” гэж намар шинэлдэг, хувь хулгана сар нь намрын өдөр шөнийн тэнцлийн үед, нарны замын шинж дохиогоор тогтоох улирлын тахилгатай, хааны амрыг эрж цагаан сарын үедээ төрийн их хурилдайгаа энэ үед хийдэг гэх мэттэс өөр ёс заншил илэрдэг, ул мөр нь одоо ч байсаар байна. Тэр нь нэгэн жилийн үр боловсорч, ургамал ногоо хагдран гандах, нэгэн хаврын төл сүүнээс гарч өвсөнд орж нас нэмэх байгалын жамаар тооцсон намар цагаас шинэ он эхлэдэгт байжээ. Монгол ухаан эрдэм, соёл, түүх, угсаатны зүй, гүн ухааны үүсгэл суурь нь үндэс язгуурын зурхай цаглабар гэж дүгнэвээс үнэнд нийцэх бөгөөд өвгө дээдсийн энэхүү сонгодог ухаанаа ямагт харийн зүйлээр төсөалөх эрлийз сэтгэлгээ нь өвөг дээдсээ басамжлан доршоосон нүгэл болж ичгүүртэй алдаа эндүүд хүргэжээ. Монгол зурхай цаглабар бол түүх, соёл, сэтгэхүй, угсаа зүй, гүн ухаан, малч нүүдэлч эрдэм, ёс заншил бүхний үндсийг хадгалсан шинж тэмдэг дохионы өв, суурь шинжлэх ухаан атал өдий хүртэл хайхраагүйгээс дээрх ухаанууд гал голомт төвөө ололгүй төөрөлдөж харьд автсан, үндэсний төрхөө алдсан барих барьцгүй сарнимал байгаа болно. Батлагаа нь Монголын эртний оньс үг, туульс домогуудад зөндөө бий.

    Тэр нь:
    Хаврын тэргүүн сар.
    Ичигсэд хөдлөнө. Өдөр шөнө тэнцэнэ. Харз ус урсана. / 3 сарын 22/.
    Зуны тэргүүн сар.
    Буудай боловсроно. Нар буцна. Хөхөө донгодно. / 6 сарын 22/.
    Намрын тэргүүн сар.
    Цагаан хяруу унана. Намрын өдөр шөнө тэнцэнэ. / 9 сарын 22/.
    Өвлийн тэргүүн сар.
    Их хүйтэн. Нар буцна. Ес эхлэнэ. / 12 сарын 22/. ( БНМАУ-ын “Угсаатны зүй” Хамтын бүтээл. 1-боть).
    Тайлбар. Эндээс харахад эртний Монголчуудын жил улирлын эхлэлийг Шинжлэх ухааны байгууллага тухайн үед зөв судалж ” Угсаатны зүй” 1-р ботид тэмдэглэж үлдээсэн нь бахархал юм. Монголын хаврын сар есөн есийн жавар тачигнасан, газар хөлдүү өвлийн цагт биш, 3-р сарын 22-ноос эхлэдэг бол “Чингис хааны мэндлэсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” мэдээж есөн ес эхлэх, бас нар буцах өдөр буюу 12 сарын 22 болох нь тов тод байна. Баримт: Эртний Монгол зурхай. Мөн Монгол улирлын тоолол жилийн дөрвөн улирлын тахилгатай ( дөрвөн тайлгын наадам, дөрвөн цагийн хурим…) бөгөөд жилийн турш тэдгээрээс өөр баяр наадам гэж үгүй байжээ.

    Намрын тэргүүн сарын шинийн нэгэнд ШИНЭЛЭЛТ

    Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд есөн ес эхлэх өдөр Их эзэн Чингис хааны төрсөн өдрийн мялаалгадын тасман тахилга.
    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сүү сүргийн тахилга ерэн есөн гүүний сацал өргөх тахилга.
    Зуны тэргүүн сарын арван зургааны тэргэл өдөр төрийн их тахилга наадам гэж эрт дээрээс ёслож наадан цэнгэж иржээ. Зун тэргэл өдрийг сонгосон нь жилд нар сарны байрлал жаргах мандах ганц тохиолыг сонгосон учиртай. Ийнхүү дөрвөн улирлын эх өдөр шөнө тэнцэх болон хамгийн урт хамгийн богино шөнө өдрүүдийг сонгосон нь уг зурхай нараар улирлаа мөн нараар өдрөө, од мичидээр шөнийн хугацаагаа яв цав тодорхойлж чаддаг байсан түгээмэл эрдэм ухаан байсан хэрэг. Жилийн бусад өдрүүд бүгд эгэл бор хоног шар өдрүүд бөгөөд тэдгээрт сайн муу гэх шинжээ байдаггүй. Харин дээрх дөрвөн өдөр хүн болоод байгалын хамаг амьтанд гойд нөлөөлдөг байна. Жишээ нь 9 сарын 22 ноос усны шувууд буцах болсноо мэдэх, хулгана тарвага зэрэг мэрэгчид ичээгээ хурааж эхлэх, 3 сарын 22 ноос хаврын улирал эхлэх өдрөөс ичээний амьтад сэрэх, ичээгээ түлхэх, усны шувуудын түрүүч ирэх, цөн түрж мөс хайлж шалбаагдах зэргээр жинхэнэ хаврын шинж орох нь ургамал амьтанд ч нөлөөлдөг өдрүүд юм.

    Монгол тооллын сарууд нь
    А. Намрын гурван сар.
    Хувь- хишиг түгээх
    Хужир- мал хужирсах, тарга чамбайрах
    Өөлжин- өчүүхэн өвөл.намрын хүйт
    буюу Монголын 1.2.3 сар. Григорийн тооллын 9/22-с 12/22
    В. Өвлийн гурван сар.
    Хөхүй- хүйтэн. Хөхөө өвлийн хүйтэн гэж одоо ч ярьдаг есөн ес эхлэх.
    Улар- жавар улирах, улирал гэдгийг Монгол бичгээр улараху гэж бичмү.
    Ури- ури ирэх утгыг ойр үер үри гэх мэтээр ташаа буулгасан үзэгддэг. Урь орох утга.
    буюу Монголын 4.5.6 сарууд. Григорийн тооллын 12/22-с 3/22
    С. Хаврын гурван сар.
    Гур- туурт амьтан гөрөөс төллөх
    Буга- буга эврээ гээх
    Хуц- хуц сэхэж хөг зүүх
    буюу Монголын 7.8.9 сарууд. Григорийн тооллын 3/22-с 6/22
    Д. Зуны гурван сар.
    Халуун- халубтар халуувтар, калун, кулан гэх мэтээр бичсэн үзэгдэх үг. Арван сарын аагим халуун гэж туульст бичигдэх зуны тэргүүн сар.
    Бороон- боруган
    Хөглөр- көглөр, ногоо хөглөрөх сүүл сар байсныг олон түүхэнд тэмдэглэсэн бий.
    буюу Монголын 10.11.12 сарууд. Григорийн тооллын 6/22-с 9/22.

    Эдгээрийг 12 амьтдаар орлуулан түүхчилсэн байдаг ба тухайлбал
    Хувь Хужир Өөлжин саруудыг хулгана үхэр бар буюу намрын 1.2.3 дугаар сар, Хөхүй Улар Ури саруудыг туулай луу могой буюу өвлийн 4.5.6 сар. Гур Буга Хуц саруудыг морь хонь бич буюуу хаврын 7.8.9 дүгээр сар, Халуун Бороон Хөглөгөр саруудыг тахиа нохой гахай буюу 10.11.12 дугаар сарууд гэнэ. Тоогоор дэс дараалж 7 сар гэвэл морь буюу хаврын тэргүүн сар. 12 сар гэвээс зуны адаг хөглөгөр сар байх жишээтэй болно. Гэхдээ жилийн 360 хоног григорийн тооллын 9/ сентябрь/ сарын 15-нд дуусдаг бөгөөд өдөр шөнө тэнцэх 9 сарын 22 буюу Монголын шинэ оны тэргүүн Хувь буюу Хулгана сар эхэлтэл 5-6 хоног дутуу байгааг битүүн гэнэ. Энэ нь 6 хоног битүүрэх өндөр жилүү? 5 хоногийн дараа шинэ он гарах нам жилүү? гэдэг нь эс мэдэгдэх тул дээр үед 7 хоног битүүрдэг байлаа гэдэг тэр хугацаа бөгөөд БИТҮҮ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа битүү утга болно. Энэ жил хэн ч мэдэхгүй битүү соёолон түрүүллээ гэдэг шиг юм. Жил улирлын энэ нөхөлтийг гаргасан өвөл хавар 180 хоног, зун намар 185-186 хоног гэсэн тооцоо нь шинжлэх ухааны өнөөгийн судлагааны дүнтэй яв цав таарч буй нь маш гайхамшигтай. Иймээс Монгол зурхай билгийн ( сарны) биш нарны тоолол бөгөөд сарыг тэмдгийн соёл болгож хэрэглэдэг нь энэ жилийн эх хулгана өдөр хэдний сар гарна түүгээр жилийн турш сарын эхлэлээ нэрлэж бэлгэдэл дохиогоо шинждэг ёстой байжээ. Зурхай гэх Монгол үг нь нар сар оддын хөдөлгөөн байршлыг зурж гаргасан үр дүн, цаглабар тооцоо, цаг зүг зэргийг хүний хувь заяатай холбогдуулах од зүй орчлон ертөнцийн хамаарал, хүн байгал, гүн ухааны хам утга, тавилан төөргийн зургийг шинж тэмдэг дохиогоор илэрхэйлэх үйл ажээ.

    Энэ зурхайгаар Монголын нууц товчоонд дурдагдсан он цагийн мэдээнүүдийг тэмдэглэсэн тул тэдгээрийг Хуанли юм уу Литээр шалгах нь зээрийг бөөр гэсэнтэй адил зөрүү бурууд хүргэж эх түүхийг будлиантуулсан юм. Энэ мэт ялгааг ухаарах нь эл сэдвийн өмнөтгөл шаардлага болно.

    Мөн Нанхиадын цаглабарыг ХУАНЛИ, Түвдийнхийг ЛИТ, Монголынхыг ЗУРХАЙ гэдэг өөр өөр зорилго, аргачлал бүхий цаглабарууд болохыг зааглан салгахгүй ” Дорно дахины” гэж багцаалан ойлгосон нь алдааны үндсийг архагшуулжээ. Ерөөсөө тариалан шүтсэн суурин төвтэй дорно иргэншлийн ХУАНЛИ, сүм хийдийн ЛИТ хоёрыг нүүдэлч малчдын гол соёл “ЗУРХАЙ” тай адилд үзэх нь Европийн “КАЛЕНДАРЬ”-г ЗУРХАЙ гэсэнтэй төстэй эндүүрэл юм. Гэхдээ Монгол Хуанлич, Монгол Литэч эрдэмтэд түүхэн он жилүүдэд тухайн салбарт хувь нэмрээ оруулсныг, тийм мэргэжилтэн өнөөдөр ч шаардлагатаыг үгүйсгээгүй. Цагийн тухайд зөвхөн нар ургахаас жаргахын хооронд тооцолтой бөгөөд шөнийн хугацааг мичид марал долоон бурхан од зэргийн орчил хөдөлгөөн байршил хугацаагаар хэмждэг байжээ. Иймээс ЦАГ ХУГАЦАА хоёр нийлж нэг хоног болдог. Түүнийг товч дурдваас:
    Хулгана цаг: Үүр хяраалж одод билчиж эхлэхээс нар уулын орой тоононы хүрээн дотор байх. Энэ цагийг Зурхайн эхэн гэж бэлгэдэн бэрээ гэрээс үдэх, даахинд гар хүрэх зэрэг ёс бүхнийг хандуулдаг.
    Үхэр цаг: ямар ч үед малаа билчээх нар унины дунд хүрэх ба хэтрэх үе. Зунд өвсний хөр чийг, өвөл хавар намарт хяруу цан хүүрэг буух үе. Малын дотор тарга тэвээргэнд муу гэдэг.
    Бар цаг: ” бар цагт босохгүй бол өдрийн ажил шившиг. Бага насанд сурахгүй бол насны эцэст шившиг” гэдэг үг эндээс гарчээ. Нар ханын толгойд хүрэх хэтрэх үе.
    Туулай цаг: нар ханын дунд хүрэх хэтрэх үе.
    Луу цаг: нар газарт буух нүүх үе.
    Могой цаг: нар гэрийн үүднээс эгц хойно могой зүгт чанхлах хэтрэх үе.
    Морь цаг: нар чанх хойноос морь зүг буюу гэрийн зүүн хойно хүрэх хэтрэх үе.
    Хонь цаг: нар хонь зүг буюу зүүн хойно хүрэх хэтрэх үе.
    Бич цаг: нар зүүншилж хана өгсөх бич зүг.
    Тахиа цаг: нар ханын элэг өөд өгсөх тахиа зүг.
    Нохой цаг: нар унины дундаас тоононд хүрэх нохой зүг.
    Гахай цаг: нар тоононоос гарах үдшийн гялаан одод зулзгалж эхлэх үе.

    Энэ үеийг Зурхай шувтарсан цаг гэж ихэд цээрлэх ба морио аргамжаагүй бол үдэш өнгөрөөж шөнө болгоод гардаг. Үүрийн үйлийг ихэд бэлгэшээмүй. Харин ганцхан морь цаг Түвд Литтэй давхцаж таардаг бусад бүх цаг үйл зөрдөг болно. Жишээ нь Түвд Литийн хулгана цаг шөнийн 11-01 цагт таардаг бол Монгол цагаар тоононд хүрээндээ гараагүй байх гэх мэт. Зүгийн тухайд ч зөрдөг бөгөөд Монгол зурхайн хулгана зүг гэрийн баруун урд хана үүд хоёрын бэлчир байх ба гэрээ эндээс эхлэж барьдаг хошлонгоо ч эндээс эхлэн татдаг бэлгэдэлтэй байх жишээтэй. Гэтэл Түвд Литийн хулгана гахай зүгүүд гэрийн хойморт таардаг муу ёртой. Иймд Монголын нууц товчоонд дурдагдсан он цагийн мэдээнүүдийг тусхайлан судлах, Монгол ёс заншлын гол ноён нуруу болж ард түмний ахуй амьдралд одоо хүртэл уламжилсаар байгаа уг Зурхайг судлах түүх, гүн ухаан, угсаатны зүйн шаардлага ч байгаа болно. Гэхдээ энэ нь одон орончдын юмуу Хуанлич Литэч нарын хийх ажил огт биш, юуны өмнө түүхчдийн гүйцэтгэх үүрэг гэдгийг онцлон анхаарах ёстой. Нанхиад Хуанли, Түвд Лит, Европ календарь, Монгол Зурхайн үндсэн онцлог, өвөрмөц агуулга, арга зүй зэргийг харгалзсан судалгаа өнөө хүртэл хийгдээгүй, анхны сэдэл тул эхнээс нь энэ мэт учрыг таниулах шаардлага байгаа болно.
    Үргэлжлэл бий.( намар шинэлдэг байсан тухай)

    Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

  • Буга

    Олон монголчуудын дунд өргөн дэлгэрсэн хөлөгт тоглоом “Буга” бол монголчуудын ан агнуурын соёлыг тусгасан эртний уламжлалт өвөрмөц тоглоом юм. Монгол угсаатны дунд дэлгэрсэн “Буга”тоглоомын уламжлал нэн арвин бөгөөд манайд нэг бугын эсрэг 12 хүү тоглох “Тугал буга”-аас эхлээд, 4 бугын эсрэг 49 хүү тоглох “Соёондой буга”, 4 бугын эсрэг 60-64 хүү тоглох “Зоргол буга”, 6 бугын эсрэг 60 хүү тоглох “Цөх буга”, 8 бугын эсрэг 80 хүү тоглох “Хангал буга” хүртэл олон хувилбар байгаа бол өвөрлөгчдөд мөн өргөн дэлгэр хувилбарууд бий. Тухайлбал Эзнээгийн торгуудын дунд уламжилсан хувилбарт үүний эсрэгээр 2 чонотой 24 буга нааддаг онцлогтой байна.

  • Асуух нурууны үг

    Асуух нуруу: хонь, малын ууц ястай нийлж байгаа хэсэг
    Асуух нуруу гэдэг сонин нэрийн учир нь хүндэт зочин ирж бүхэл шүүс ууц тавигаар дайлахад зочин гийчин нь асуух нурууг мөлжихдөө заавал асуух нурууны үг хэлэлцдэг заншилтай. Гийчин нь ахмад хүн бол “асуухыг нугалах уу” гэж гэрийн эзнээс асуун нугалаад үелэн мөлжилгүйгээр тавьдаг.Гэрийн эзэн нь ахмад хүнийг хүндэтгэхийн учир олон юм ярьдаггүй. Харин үе насны юмуу залуу хүн бол “нугал, нугал”, “нугал, нугасыг надад өг” гэж хэлдэг. Ийн зөвшөөрсний хойно нугалаад мөн мөлжилгүйгээр тавьдаг.
    Харин үе тэнгийн юмуу наадаж наргих зорилгоор асуулгүй нугалж мөлжих тохиолдол байдаг. Гэрийн эзэн энэ надтай наадаж мэтгэх нь гэж ойлгоно. Тэгэхэд гэрийн эзэн зүүн гарын хомхой хуруу болон эрхий хуруугаар чимхэж баруун гартаа дэрс мод барьж (цагаан өвс болно) “энэ хаана байдаг ѐс вэ? та юунд асуулгүй нугалав” гэж асуухад нугалсан хүн хариулж хэлэлцэн сэц булаалдаж наадам наргиан үүсгэх ёс буй. Аль болох сэцэн хурц, алиа шог ярьж ой ухаан сэргэлэн, эрдэм дэлгэр, хэл мэргэн байхыг Асуух нуруунд сайн эрийн магнай, хан гарьдын жигүүр, алтан дөш эмээл, сайн авхайн суудал, алтан сүмбэр уулын орой, хон хэрээний хоншоор зэрэг олон нэрс бүхий дүрс байх ба түүний утга учрыг оруулж хэлэлцдэг зэргээс асуух нуруу гэж нэрлэсэн.

  • МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН ГИШҮҮН 24 ОРНЫ ТООНД ОРОХ БОЛОМЖТОЙ

    -Энэ удаагийн хурлын онцлог, сонин хачнаас ярилцлагаа эхлэх үү?
    -Энэ хуралд нийтдээ 110 гаруй орны 700 орчим төлөөлөгч оролцсон. Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан нь 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн дагуу улс орнуудаас өгсөн мэдүүлгүүдийг бүртгэж, шийдвэр гаргадаг юм. Нийтдээ шийдвэр гаргадаг 24 орны төлөөлөгчдөөс бүрдсэн гишүүд хуралдаж, ямар орны соёлын биет бус өв ЮНЕСКО-гийн шаардлага, шалгуур хангаж байна вэ гэдгийг судалж, түүний дагуу хэлэлцэн баталдаг. Монгол Улсаас ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн хоёр өв бүртгэгдлээ.
    -Нэг орноос нэг л өв нэр дэвших эрхтэй байдаг гэсэн. Манайхаас хоёр өв бүртгэсэн нь ямар учиртай юм бэ?
    -ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалт, Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт хэмээх хоёр ангиллаар бүртгэж авдаг. Яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр нэр дэвшүүлсэн Монголын уран бичлэгийг гиш үүн 24 орон санал нэгтэй баталсан. Нөгөөх нь монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл юм. Устаж үгүй болох аюул нүүрлэсэн өвүүдийг энэ жагсаалтад бүртгэдэг. Ингэж гэмээнэ улс орнууд тухайн өвөө хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авах учиртай. Бид яаралтай гээд бүртгүүлчихдэг, гэтэл төр засаг ч тэр, иргэн нь ч тэр ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ нь ямар ч үр дүнгүй ажил болж хувирна. Тиймээс төр засаг, холбогдох яамд, уран бүтээлчид, иргэд хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй.
    -ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаан ямар ямар улсад хэдий хугацаатай болдог вэ?
    -Энэ хурал жил бүрийн арваннэг, арванхоёрдугаар сард, өөр өөр оронд болдог. Ихэвчлэн шийдвэр гаргагч гишүүн 24 оронд, бүс, тивээрээ гэхчлэн ээлжилдэг. Энэ шийдвэрийг Парис хотноо байрладаг ЮНЕСКО-гийн төв байранд жил бүрийн зургадугаар сард болдог Ерөнхий бага чуулганы сонгуулиар баталдаг. Монгол Улс ч гэсэн эдгээр 24 орны нэг болох бололцоотой. Үүнд багтахын тулд зорилт тавин ажиллаж байгаа. Эдгээр гишүүн орны нэг болчихвол дэлхийн олон улсын соёлын биет бус өвүүдийг судлах шинжлэх, дүгнэлт гаргах боломжтой. Иймээс бид боловсон хүчнийхээ асуудалд анхаарч ажиллаж байна. Учир нь манайд соёлын мэргэжилтэй, гадаад хэлний мэдлэг давхар эзэмшсэн хүн бараг байдаггүй учраас холбогдох байгууллагууд үүнд анхаарах хэрэгтэй. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр гадаад хэлний мэдлэгтэй хүн байхад соёлын талын мэдлэггүй байдаг ч юм уу. Тэгэхээр мэргэжилтнээ эртнээс бэлдэж, хүний нөөцөө илүү боловсронгуй болгох нь чухал юм.
    -Хүн төрөлхтний соёлын өв энэ мөн байна хэмээн 24 гишүүн орон баталчихдаг. Хятадын өвийг хэлэлцэж байхад гишүүн орны тоонд БНХАУ байдаг шүү дээ. Үнэлгээ хэр шударга явдаг вэ?
    -Шийдвэр гаргадаг 24 орны тоонд Хятад байгаа. Хүн төр өлхтний соёлын өв мөн эсэхийг хоёр жил гаруй судалж тогтоодог. Гэхдээ гишүүн орнууд судалгааны ажлыг нь хийдэгг үй. Өөрөөр хэлбэл, олон улсын шинжээч, экспертүүдээс бүрдсэн ЮНЕСКО-гоос хараат бус Ажлын хэсэг гэж бий. Тэд судалгаагаа хийж, хуралд өргөн барьсны дараа шийдвэр гаргах эрх бүхий гишүүн 24 орон саналаа хураана.
    -ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвөөр бүртгүүлэхэд ямар шаардлага шалгуур тавьдаг юм бол оо?
    -ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн таван шаардлага, шалгуурыг хангасан байж тухайн орон өвөө нэр дэвшүүлэх эрхтэй болдог. Нэгдүгээрт, тухайн өв үндэснийхээ өвийн жагсаалтад орсон байх ёстой. Түүнчлэн Засгийн газар нь энэ өвийг ингэж хадгалж, хамгаална гэсэн төлөвлөгөө гаргасан байх, мөн тухайн өвийг тээж байгаа Засгийн газар, орон нутгийн иргэд, хувь хүмүүс өргөдөл хүсэлтээ гаргасан байх зэрэг шалгуур бий.
    -Бусад орны бүртгүүлсэн өвүүдийг харж байхад “Манайхан ийм юмаа бүртг үүлчихэж болмоор юм байна” гэдэг ч юм уу, санаа авмаар зүйл байсан уу?
    -Туркчүүд үндэсний хоолоо, солонгосчууд кимчигээ бүртг үүллээ. Бусад улс орон жижиг үндэстнүүдтэй, тэднийхээ ёс заншил, өв соёлыг бүртгүүлж байна. Манай улсаас соёлын биет бус нийт 11 өв ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Энэ 11 өв бол бусад орныхыг бодвол Монголын гэх тодотголтой, ард түмний нийтлэг өв юм. Монгол гэрийн урлал гэхээр ихэвчлэн Өвөрхангай аймагт төвлөрдөг. Тодруулбал, Өвөрхангайн Уянгын хийц, Дарьгангын мөнгөн эдлэлүүд гэхчлэн манай ард түмэн өөр өөрсдийнхөө нутаг хошууны соёлын биет бус өвийг судлан шинжилж, бүртгүүлэх бололцоотой болж байгааг бусад орон харууллаа.
    -Зарим улс орон ижил төстэй өвөө хамтарч бүртгүүлдэг болжээ. Манайх ч ялгаагүй. Саяны хурлаар тийм зүйл ажиглагдав уу?
    – Нэг орон л гэхэд 10, 20-иор нь нэр дэвшүүлж байсан учир өнгөрсөн жилээс нэг улсаас нэг л өв бүртгэж авах шийдвэр ЮНЕСКО-гоос гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн өвийг судлах хүн хүрэлцэхгүй байсан учир улс орнууд хамтарч нэр дэвшүүлэхээр болсон юм. Жишээлбэл, манай улс БНХАУ-тай хамтарч уртын дуугаа бүртгүүлсэн. Мөн Ази, Европ, Арабын 12 улстай хамтарч, бүргэдийн ан буюу шувуучлахуйг бүртг үүлсэн. Ялангуяа төв Азийн орнууд эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь ижилхэн байдаг болохоор нэгтгээд бүртгүүлчихэж байна. Саяны хурал дээр л гэхэд санал зөрөлдсөн зүйл гарсан л даа. Азербайжанууд морин спортоо бүртгүүлэхэд иранууд хэл ам болсон. Тэгэхээр гишүүн орнууд Азербайжаных гэдгийг нь тодотгоод хамтад нь бүртгэсэн. Хятадууд манайхаас өмнө хөөмийг бүртгүүлсэн байсан. Дараа нь бид хөөмийгөө арай өөр нэрээр бүртгүүлсэн. Ер нь төв Азийн орнууд бүгд хөөмийлдөг учраас Өвөрмонголынх ч гэдэг юм уу, өөр нэрээр бүртгэдэг юм билээ. Мөн тууль гэхэд л Монголоос гадна олон оронд бий. Манайх тууль хайлах гэж бүртгүүлсэн байхад киргизүүд арай өөрөөр бүртгүүлсэн байх жишээтэй. Үүнийг ЮНЕСКОгоос дэмжиж байгаа. Тус байгууллагын үндсэн зорилт нь улс орнуудын соёлоор дамжуулан, энх тайвныг бэхжүүлэх явдал учраас.
    -Дараагийн хурлаар ямар ямар өв нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байна вэ?
    -Манай соёлын өвийн үндэсний жагсаалтад маш олон өв бий. Түүнээс харж байгаад нэрийг нь дэвшүүлдэг. Ерөнхийдөө ССАЖЯ, Соёлын өвийн төвийнхөн судалгаа, шинжилгээгээ хийгээд эхэлчихсэн. Хамгийн гол нь өнөөх шалгуур шаардлагыг хангасан байх учиртай. Ер нь ямар өв нэр дэвшүүлэх гэж байгаагаа өмнө нь зарлаад байдаггүй л дээ. Тодорхой хэмжээгээр улсын нууцтай холбоотой асуудал учраас, хурал болохын өмнөхөн олон нийтэд мэдээлдэг.
    -ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад манай улсын тав дахь өв бүртгэгдлээ. Хадгалж, хамгаалахад санхүүгийн асуудал хэр зэрэг хангалттай байдаг вэ?
    -Манай төр засаг, яам, соёлын өвийг хамгаалагчид тусгай хөтөлбөр гаргаж ажилладаг. Яаралтай хамгаалах жагсаалтад багтсан өвүүдэд ЮНЕСКО болон олон улсын байгууллага хандив өгдөг. Тухайлбал, Монгол тууль бүртгэгдэхэд түүнийг хамгаалж авч үлдэхэд зориулан ЮНЕСКОгоос 100 мянган ам.доллар, манай улсын Засгийн газраас 100 гаруй сая төгрөг өгсөн. Уран бичлэгт ч ялгаагүй төсөв төлөвлөгөө, хөтөлбөр гаргана.
    ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД
    Дэлхийн соёлын өвд
    • Орхоны хөндийн дурсгалт газар (2004 он)
    • Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011 он)
    Дэлхийн байгалийн өвд
    • Увс нуурын ай сав газар (2003 он) Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад
    • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
    • Монгол ардын уртын дуу (2009 он)
    • Монгол үндэстний баяр наадам (2010 он)
    • Монгол үндэстний хөөмийн урлаг (2010 он)
    • Бүргэдийн баяр буюу шувуучлахуй (2010 он, Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
    • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013 он)
    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад
    • Монгол тууль (2009 он)
    • Монгол ардын бүжгийн урлаг бий биелгээ (2009 он)
    • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
    • Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011 он)
    • Монгол уран бичлэг (2013 он) “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт
    • Лу. Алтан Товч (2011 он)
    • Монгол Шунхан Данжуур (2011 он)
    • Есөн эрдэнийн Ганжуур (2013 он) “Хүн ба Шим мандал” хөтөлбөрт
    • Монгол Дагуурын тал (2007 он)
    • Дорнод Монголын тал газар (2007 он)
    • Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (2002 он)
    • Говийн их дархан цаазат газар (1997 он)
    • Увс нуурын сав газар (1997 он)
    • Богдхан уул (1997 он)

  • Хорло

    “Алаг мэлхий” хэмээх шагайн тоглоомыг битүүний орой тоглодог бол “Дөрвөн бэрх”, “Үүчүүр”, “Хорло” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай байна. Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үзэх бөгөөд шинийн нэгэнд тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хиймортой сайн давах, онд мэнд орох юм байна хэмээн бэлгэшээх, тоглоомд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэх, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож, заавал дахин тоглох[1] зэрэг өвөрмөц зан датхалууд буй. Шинийн нэгний өдөр “Хорло” тавил нь сар шинэдээр тоглодог тоглоомуудын нэгэн адил нэг талаас жилийн нуруу үзсэн мэргэ төлгийн шинжтэй, нөгөө талаас бас заслын шинжтэй болдог.