13 дугаар зуунд буюу өдгөөгөөс даруй найман зууны тэртээд бичигдсэн “Монголын нууц товчоон”-ы анхдагч эхээс нь дундад эртний монгол хэлээр, хятад ханз үсгээр галиглан буулгаж барлан хэвлэсэн тэдгээр эх бичгүүдийг нэг бүрчлэн цуглуулан авч эмхэтгэн судлах явдал зайлшгүй чухал бөгөөд нөр их ажил мөн. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хийсэн ийм ажил байхгүй байсан бол судлаач У.Цогтнаран ийнхүү өөрийн болоод олон улсын дэмжлэг туслалцаатайгаар энэ зүгт шан татаж үр өгөөжтэй ажиллаж байгааг нь бахдууштай.
2016 онд эхлүүлсэн түүний энэ төслийн ажлын эхний үр дүн болсон “Монголын нууц товчоон”-ы 7 зүйл бар хэвлэл ба гар бичмэлийн 24 ботийн багц хэвлэл 2018 онд хэвлэгдэн гарчээ. Төслийн хоёрдахь шатны үр дүн өнөөдөр ийнхүү 5 зүйл бар хэвлэлийн 22 боть болж шинжлэх ухаан-технологийн хөгжлийн үр дүн болсон өндөр түвшинд гэрэл зургаар хэвлэгдэн гарч эрдэм шинжилгээний эргэлтэд орж эрдэмтэн судлаачдад хүрч байна.
Хүн төрөлхтний аж төрөх ёсны нэгэн сонгодог их төлөөлөл болсон Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн мянган жилд бүтээгдсэн агуу сод бүтээл “Монголын нууц товчоон” хэмээх монголчуудын оюуны охь дээж болсон энэ гайхамшигт туурвилыг өнөөдөр дэлхий дахинд улам их мэдэх болж, олон хэлнээ орчуулагдан, хүн төрөлхтөн сонирхон үзэж, судлах болжээ. Чингэснээр Олон улсын Монгол судлалын нэг гол тулгуур, үндэс суурь болсон “Монголын нууц товчоон” судлал улам бүр гүнзгийрэн өргөжиж, өдгөө шинэ үе шатанд гарч хөгжиж байна. Энэ дашрамд дурдахад, др.У.Цогтнаран 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтдийн 12 дугаар Их хуралд оролцох үеэрээ өөрийн бичсэн “Монголын нууц товчоон судлалын нэвтэрхий толь” түүхчилсэн бүтээлээ кирил монгол бичгээр хэвлүүлж, номын нээлт хийсэн билээ.
Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар.
Category: Үндэсний соёл, зан үйл
-
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” -Ы ЭРТНИЙ БАР ХЭВЛЭЛҮҮД ХӨХХОТОД ХЭВЛЭГДЛЭЭ /ҮНДЭСНИЙ СОЁЛ/
-
ДАРЬГАНГА НЭРИЙН УЧИР /ҮНДЭСНИЙ СОЁЛ/
Гэрийн эзэн: чи одоо манайхаас яв. Харин юу хэрэглэхээ ав гэсэнд: Сайн дээл, ат, тохош өөр зүйл хэрэггүй хэмээн хариулжээ. Чингээд Ганга хүү яваад өгч гэнэ. Тэр явсаар хонь услаж байгаа хүү дээр ирэв. Тэр нь Гангахүүгийн хүч үзэх гэж зорьсон Дарьхүү мөн байв. Төдөлгүй овооны наадам болж, гурав, дөрөв хоног үргэлжилжээ.
Барилдсаар Дарьхүү, Гангахүү хоёр үзүүр түрүү булаалдахаар үлджээ. Дарьхүү барьж авуутаа дээш шидэхэд Ганга хүү хавсарч аваад дээш хөөрөв. Ингээд аавын хоёр хүү хүч тэнцэж, түүнээс хойш нэгий нь нэрийг овоонд, нөгөөгийн нэрийг зүүн урд нь орших нууранд өгч хоёр нэрийг нь хамтатган Дарьганга гэж энэ нутаг усыг нэрлэх болсон гэдэг.
Ж.Батдорж -
~УХААНТАЙ БАЙ МИНИЙ ХҮҮ~
Шартай бай миний хүү
Тэсэр, задар өөрийгөө чөлөөл
Тэмцэлтэй бай миний хүү
Ухрахыг чинь би харахгүй
Урагшилж бай миний хүү
Унш, бясалга өөрийгөө ол
Урмын үгээр сэтгэлээ хоолло
Уйтгарлахыг чинь би үзэхгүй
Ургаж бай миний хүү
Тэвэр, нөхөрлө өөрийгөө нээ
Тийм яруу амьдар миний хүү
Хоргүй, харгүй, цагаахан дээрээ
Хорвоо ямар сайхныг мэдэр
Итгэ, инээ, хуурт хүнийг тань
Эгэл даруухан амьдар миний хүү
Хайрла, дурла, алд, харамс
Хагацлын гашууныг эртхэн амс
Билэг танхай, хээ гүндүүгүй ч
Биеэ зөв авч яв, омголон орш
Мөргөлчин бишдээ сүсэгт хүлэгдэлгүй
Мөрөөдөл шигээ гэгээн амьдар
Их түүдгийн дөл бай
Их сүлдний хөл бай
Их нүүдлийн хөтөч бай
Эх орныхоо хоточ бай
Андын сайныг шилж нөхөрлө
Амрагийн сайханыг сорьж ханил
Бүгдийн дотроос олж дотнос
Бүхний эхэнд хүндэлж харьц
Худал хуурмагаас хол хөндий
Нэр бүтэн л явдаг юм шүү
Хулгайч луйварчидаас зай барь
Мөр цагаан л явдаг юм шүү
Амьдрал өөрөө тэмцэл шүү
Авхаалжтай бай миний хүү
Аз жаргал гэдэг хоромхон шүү
Амжиж хүрт миний хүү
Тэмцэл гэдэг тэвчээр шүү
Тэнхээтэй бай аавын хүү
Ялалт гэдэг богинохон шүү
Ямагт сэрэмжтэй миний хүү
Үрэхийн тулд олдог юм шүү
Үүнийг санаж яваарай
Үлдээхийн тулд үндэслэдэг юм шүү
Үрийн буяныг хайрлаж яваарай
Баялаг хураагаад авч явахгүйгээс хойш
Байгаагаа бусадтай хуваалцаарай
Залхуу ажилгүйг ивээн тэтгэж
Заяагаа битгий хиртүүлээрэй
Ханилсан бол хаяж явахгүй
Халамжтай бай миний хүү
Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй
Нөмөртэй бай миний хүү
Шийдэхээсээ өмнө олон эргэцүүл
Шийдвэртээ харин үнэнч бай
Хэлэхээсээ урьтаж сайтар бод
Хэлсэндээ харин хүрч бай
Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт
Нөхөж сайжруулж хурдан зохиц
Хөшүүн хад шиг байрандаа байлгүй
Хөгжлийн түүчээ болж цэцэглэ
Чадал муутанг бүү дээрэлх
Чанга бай миний хүү
Балмад мунхагт бүү хонзогно
Барилтай бай миний хүү
Дараа гэж эрдэмд залхууралгүй
Дайчин бай миний хүү
Эхлүүлсэн бол эцсийг нь үзэхээр
Эрмэлзэж бай миний хүү
Туулах зам чинь урт шүү
Тууштай бай миний хүү
Туйлбаргүй зан алдаа шүү
Тунгааж бай миний хүү -
ЭРИЙН ХИЙМОРЬ СЭРГЭЭСЭН ШИЛИЙН БОГД…ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЗАН ҮЙЛ
Эрт нэгэн цагт эрэмгий баатар эрчүүд эргэмэг хүлэгээ хүлэглэн, эвчит нумаа үүрэн, ирт зэвсэгээ агсан, Эвэр урам уухилах цуурайлгаар, эхэрэг хэнгэрэш нүргэлэх хурайлгаар эрчистээ нэгдэн хуран чуулдаг байж. Эв нэгэн хэлхээнд эрчилж эр хат сур мэт чангарч, эрчист нэгэн хэмд нэгдэж эвдрэшгүй цул хүч болон асч, амиа аргамжлан адислаж, биеэ бэхлэн бөхөглөн, билгээр зөнд эесэн алсын аян тулаанд гарахын өмнөх андхай уухайлалт цуглаандаа хорголох тогоонд хуран чуулдаг байж.
Хангир жингэр хийх хат ган төмөрийн чимээ, ханхар олон эрсийн нэгэн хүн мэт нэгдэн зангирсаныг дайдын хөрстөд тунхаглан цуурайлах уухайт дуудлагбг улам сүрлэг болгодог байжээ…
Тэнд тэнгэрт өчиглөж, газарт андхайлж, тив дэлхийн гүн АМЬ ЯЗГУУР ГАЛдаа нэгдэн эрхшээлжсэнээ тунхаглан ёсчилдог байв.
Атгаалж адыг арангалах ариун галын ундаргаас аюулыг өвдөглөн сөхрөөх авралт баатрууд өндийдөг байж…
Харамсалтай нь Монголыг Монголоос нь язгуур бүхнэнс нь холдуулах харийн шашины ёрт ухуулгаар дагшин галын тогоон ирмэгт дайсан хөнөөлтний жатга шившин ховсдсон хар сархадыг хайр найргүй өргөж, ханхар эрс өөрсдөө ч хүртэн сөхөрдөг болжээ…
Эрийн заяаг сөхрөөе гэвэл хар ховс хатуу сархадад хөлчүүрхүүлэх аар санаатны ёрыг ёс болгон төөрөгдүүлсэн нь өнөө хэр Монгол эрсийн минь өөдлөх заяаг өлмийдүүлж яваа үнэн.
Арц ганга, аргал хомоол, шар тос, арвайн гурил, борц мах, бор цай, эмийн ургамалаар л өргөл дээжээ өргөн, хар сархадаас ангижирах хатуу андхайгаа дуулган ивээл эрч хүсэгчдийн итгэл зүтгэл бадраг ээ… -
Д .Пүрэвдорж ЭХ ОРОН МИНЬ СОЁРХ
Эх орон минь!
Сайхан тунгалаг усныхаа
Сав шимийн урсгалаар
Салхин төөрөх хорвоод
Санаа буртаан унах
Самуун хумхийг ариусгаж соёрх,
Эх орон минь!
Ээжийн өгсөн сэтгэл
Эмтэрвээс эм болж,
Энэ насны дөрөөг
Элбэрэлийн сүүтэй элээх
Эр зориг, хайр соёрх,
Эх орон минь!
Хүй даль алжаавч
Хүчиндээ эрдэн дэвсээр
Хүний орчлонд зорьсан
Хүслийн цагаан оргилдоо
Хүрч газардах итгэл соёрх,
Эх орон минь!
Аз жаргал, учрал,
Ажил, эрдэм, алдаршил,
Аугаа сэтгэлийн бадрал,
Амьдрал даах тэнхэл
Аавын хүүд бүгдийг соёрх,
Эх орон минь!
Эргэх ачлал огоорон
Эрэмшин зоргоор аашилж,
Эгэл хүнийг хохилох
Эзэрхэг балар хүнд л
Эрх дарх бүү соёрх,
Эх орон минь! -
ТЭНГЭР ШИГ БАЙ!
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт бүү зов.
Гүтгэж доромжилж, бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай.
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна.
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай!
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай.
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай.
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ.
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай.
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа хүнийг бас ойлгоно чи!
Аз жаргал ирнэ, гэвч удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо, гэвч төдөлгүй арилдаг юм.
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч мөнх тэнгэр шиг бай!
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм.
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм.
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм.
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай!
Салхи цагаа болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна!
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй.
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй.
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина.
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл,
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!
О.Дашбалбар -
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүүгийн бичсэн шүлэг
Аян сааралаа хөлөглөн
Асур тэнгэрийг зорино
Аягатай сэржим өргөж
Алтан лустай хөөрөлдөнө
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Мохошгүй түмний минь оюуны ундраа/
Наян нэгэн манжигаараа
Нарны тэнгэрийг даллана
Найман хар могойгоороо
Нартын зовлонг гэтэлгэнэ
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө /тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Монгол түмний минь увидасын далай/
Өндөр төрийн сүлдийг
Өвгөдийн сүнстэй зална
Өрлөг Монгол орноо
Өнөд мандахыг даатгана
Хаан тэнгэрийн бөө /Монголын бөө/
Хатан дэлхийн бөө / тэнгэрийн бөө/
Хамаг Монголын бөө /Монгол төрийн амин сүнсээ/ -
ДАРЬГАНГА МАЛГАЙН ТАНИЛЦУУЛГА
Ар талдаа гогцоо гарган өлзий зангидсан улаан залаатай, хэвсэг цохтой байдаг.
Эмэгтэйчүүдийн хилэн малгайн цох хэвсгийг хар хилэнгээр бүрж, урагш харсан хэсэгт нь мөнгөөр үлэмж гоё урласан норов эрдэнийг хадаж, хэвсгийн дотогш хандсан хэсэгт ханан хээ, усан сүлжээ, алх салаавчлан шаглаж оёдог. Малгайн ард улаан торгон залаа дээр өлзий, ланз, луу, үүлэн хээг алтан утсаар урласан байдаг нь уг малгайн гоёмсог нэг онцлогийг харуулна.
Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулан, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас “Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай” хэмээн мандах төрийн малгай гэж нэрийдсэн учиртай.
Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэддэг учир монгол хүн улаан залаат малгайгаа гүнээ хүндлэн эрхэм дээд өмсгөл хэмээн үздэг.
Монгол малгайн домгоос сөхвөл, малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг дүрсэлсэн гэх бөгөөд түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол хэмээгээд 32 хөх монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана.
Мөн малгайны дотуурх хар хүрээг Монголыг бүсэлсэн харийн дайсан гэх, түүний ар дахь сэтэрхий нь мөнөөх дайсан араараа сэт татагдан устаж монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болсон гэсэн ардын домог яриа байдаг байна.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Угсаатны Зүйн МузейЖ.Батдорж
-
ТЭМЭЭНИЙ ИХ ТЭСВЭР ХАТУУЖИЛ НЬ ЗӨВХӨН БӨХӨНДӨӨ БИШ ӨӨР НАРИЙН УЧИР ШАЛТГААНТАЙ БАЙСНЫГ ЭРДЭМТЭД НЭЭЖЭЭ, ЭНЭХҮҮ НЭЭЛТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НЭН ЯЛАНГУЯА ДАРХЛААНД МАШ ИХ ТУСТАЙ ЗҮЙЛ БОЛЛОО.
Удаан хугацаанд хоол тэжээлгүй, ус уухгүйгээр амьдардаг чадвар нь бөхөнд нь байдаг гэдгийг захын хүүхэд мэднэ. Бөхнөөс гадна нарийн учир шалтгаан байсныг шинжлэх ухаан саяхан нээжээ.
Тэмээний цусны бүтэц маш онцгой аж. Дугираг биш зууван улаан эстэй. Энэ онцлог нь усгүй нөхцөлд цусны өтгөрөлд саад болж, судсаар цус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангадаг. Иймээс тэмээний цус бусад амьтдыг бодвол бие организмийн шингэн дутагдах үед шингэнээ хадгалж чаддаг ба тэмээний цусны эргэлт удааширах нь огт ажиглагддаггүй байна.
Тэмээний хамрын нүх маш онцгой хэлбэртэй, үүгээрээ тэрээр амьсгалж байгаа агаарт агуулагдах чийгийг хамар дотроо үлдээж, хув хуурай агаарыг буцааж гаргадаг ба үнэт чийгээ ийнхүү хэмнэж чаддаг аж. Биеийнхээ чийг алдалтыг багасгахын тулд биеийн температурыг ихэсгэж, багасгаж чаддаг нь сонин. Тухайлбал шөнөдөө 34-35 хэм болгож, өдөр 41 хэм хүртэл ихэсгэснээр хөлрөлтөөр чийг алдахаас сэргийлдэг бас нэгэн гайхалтай чадвартай. Энэ чадвараараа говьд байгаа илжигнээс 3 дахин удаан чийгээ алддаг.
Үүнээс гадна түүний онцгой чадвар нь 2 долоо хоногоос илүү хугацаанд огт ус уухгүй байж чаддагт оршдог. Цөлд хүн 1 хоногоос илүү усгүй байж чаддаггүй байхад тэмээ биеийнхээ шингэний 25%-ийг алдсан байхад ямар ч усгүйдлийн шинж тэмдэг илэрддэггүй, харин бусад жижиг амьтад 15%-ийн чийгээ алдахад үхдэг байна.
Тэмээ мөн давстай ус ууж чаддаг. Мөн ихэвчлэн хатсан өвс ногоо, мөчир энэ тэрхнээр хооллодог боловч шүүслэг ногоон тэжээл өгөхөд мэдээж дуртай, гэхдээ сайн хоол тэжээл удаан хэрэглэхэд бие нь тавгүй болдог нь сонин.
Мэдээж эдгээр чанарууд гайхалтай, гэхдээ сүүлийн үед эрдэмтдийг гайхшруулж байгаа зүйл бол түүний дархлааны систем юм.
Тэмээний дархлааны систем үнэхээр төгс бөгөөд бусад амьтдын үхдэг ямар ч нян паразитаар өвчилддөггүй. Түүнд том амьтад хүртэл хиардаг ямар ч тахал нөлөөлөхгүй. Тэмээний энэ чадварыг ашиглан зохиомлоор боловсруулж хүний эд эсэд оруулан вирусын өвчлөлийн эсрэг ашиглаж боломжтой гэж үзэж байна. Мөн тэмээний сүү үнэт шинж чанарыг агуулдаг ба бусад сүүнээс маш удаан мууддаг. Тэмээний сүү байгалийн антибиотик лактоферриныг ихээр агуулдаг ба мөөгөнцөрийн вирусын эсрэг шинж чанартай уургуудын бүлэг мөн их хэмжээгээр агууллагддаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тэмээний сүүнд дархлааг сэргээх, дэмжих их хэмжээний иммуноглбулинуудыг олжээ.
Дархлааг сэргээх тэмээний сүүн дэх иммунглобулинууд хүний эсэд амархан нэвтрэх чадвартай. Яг энэ бодис шинжлэх ухаанд аутоиммуны өвчлөлтөөс хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж тооцогдож байна. Өөр нэг тэмээний сүүнд байгаа гайхалтай зүйл нь түүнд инсулины бодис ихээр агуулагддаг байна. Тиймээс чихрийн шижин өвчинд шаналж байгаа хүмүүст тэмээний сүү маш ашиг тустай.
Ингэхээр бид тэмээнийхээ сүү, сүүгээр нь хийсэн бүтээгдхүүнийг ихээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд маш чухал юм байна.
Хөрвүүлсэн: Ц.Ганцэцэг -
Хүйсийн найман нуур-Монгол улсын дурсгалт газар
Хүйсийн найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ой, галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд бий. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан-Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм. Энэ бүс нутагт эрс ховордсон эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Найман нуур болон эргэн тойрны газрыг хамруулан нийт 11.5 га талбайг 1995 онд Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.
Хангайн нурууны гол хэсэг болох Шуранга, Гятруун, Битүү, Зэс улаан, Цэгээний хуниас, Ив зэрэг уул нуруудын араар, Орхон голын эхэнд орших ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн оршдог учраас байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлаараа эрс ялгардаг онцлогтой. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд 85 хувийг шинэс ба хуш мод, 1 хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Халиут, Бугат, Хүйс нуурууд нь жижиг гол горхиор холбогддог бөгөөд бороо хур багатай үед ус нь эрс багасдаг нуурууд юм. Эхний нуур болох Ширээт нууранд доктор А.Дулмаа анх загас үржүүлэх ажлыг зохион байгуулснаас хойш Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн байна. Уянга сумаас Хүйсийн найман нуур луу явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелэгддэг гэсэн домогтой. Хүйсийн найман нуур нь анх Хүйсийн есөн нуур гэгддэг байжээ. Ес дэх нуур нь маш жижигхэн байсан бөгөөд бороо хургүй үед бүүр ширгэчихдэг байжээ. Өдгөө Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нуурууд нь ширгэжээ. Хамгийн жижиг 2 нуур нь эргээд сэргэхээргүйгээр бүрмөсөн ширгэсэн байна.