Category: Монгол үндэсний түүх

  • АНТИ УЛСТӨРЧ

     

    1994 он. Зах зээлийн нийгэмд хөл тавиад удаагүй монголчууд хөл толгойгоо мэдэхгүй бужигнаж байсан цаг. Мань эрийг уугуул нутаг уснаас нь төрийн шагналд тодорхойлжээ. Гэтэл шал анти юм яриад олныг алмайруулсан юм. Төрийн шагнал авахгүй ээ гээд тэрээр нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, сумынхаа зон олонд ил захидал бичиж орхисон. Тэнэг гэхэд дэндүү тэнэг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд гудамж, траншейнд амьдарч байгаа цагт энэ төрөөс ямар ч шагнал авахгүй гэж гүрийсэн хэрэг. Энэ бол Монголд анхны тохиолдол байлаа. Төрийн шагналд нэрээ дэвшүүлэн, араас нь хэл сураг тавьж, нутгийн зөвлөл, танил тал, нэг намын нөхөд энэ тэрээрээ хэлүүлж, дэмжүүлж, хөөцөлддөг бичигдээгүй хуулийг манай баатар ингэж юу ч үгүй болтол нь үгүйсгэсэн юм. Энэ бол иргэний том эсэргүүцэл байлаа.
    Эсэргүүцэх эсэргүүцэхдээ тэрээр бүр зах зээлийн гэх эд мөнгөний төлөөх өлөн ховдог, улангассан эдийн засгийн харилцаа, хүнлэг энэрэнгүй, ардчилсан гэх атлаа тэр бүхнийхээ эсрэг яваад байгаа улс төрийн тогтолцоог ул сууриар нь, уг мөн чанараар нь эсэргүүцэн тэмцэл зарласан юм. Бүр эвлэрэшгүй тэмцэл. Тэгэхдээ тэрээр нам, хөдөлгөөн байгуулж гудамж, талбайд жагссангүй. Өлсгөлөн суулт зарласангүй. Тэгсэн хэрнээ маш хүчтэй, бүр асар хүчтэй оюун сэтгэлгээний эсэргүүцэл, үл эвлэрэл, эс үйлдэх тэмцэлд бүхнээ зориулж, одоо ч гэсэн зүрх сэтгэлээ шатаасаар яваа.
    Үүгээрээ тэр бол Монголын хамгийн том улстөрч. Бас үзэл бодлоосоо ухраагүй цорын ганц улстөрч ч байж мэднэ. Мэднэ гэдгийн учир нь түүн шиг өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай улстөрчид өөрийгөө хэзээ ч зарлан тунхаглаж, олны танил болох гэж омтгойрон зүтгээд байдаггүй тул тэднийг өнөөгийн нийтлэг олонхийн үнэлэмж, шалгуураар хайн бэдрэхэд нэн бэрх. Ямар ч байсан тэрээр яах аргагүй Монголын нийгэм, улс төрийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож, хүчтэй нөлөө үзүүлж буй “эс үйлдэгч” улстөрч мөн. Тэр хүн Сүхбаатарын талбайгаар зүүн хойноос баруун урагш, баруун урдаас зүүн хойш гэсэн ганц жимээр л алхахаас бусдаар Төрийн ордонд огт ойртож байгаагүй шахуу. Яам, тамгын газрууд хаана байдгийг бол бүр мэдэхгүй. УИХ-ын 76 гишүүнийг ч танихгүй. Тиймээс бүгдийг нь “Миний дүү” л гэж нэрлэдэг. Тэр нь ч амар. Мань хүний философи угаасаа тийм юм. Бусдыг үл алагчлах. Тиймээс хүн л бол хүн. Дүү л бол дүү. Бүх хүн дүү нь. Тийм л халуун дулаан, зөөлөн эевэрүү сэтгэлээр бүхэнд хандана. Харин аль нэг дүү нь ядуу дорой амьдарч байгаад, хэн нэг дүү нь хог ухан голоо зогоож, бас өөр нэг дүү хүүгийнх нь хүүхэд гудамж, траншейд хоног төөрүүлж байгаад тэрээр улаан голоо гогодуулсан мэт, цээжээ халуун төмрөөр хайруулсан лугаа адил халуунаар энэлэн, сэтгэл зүрхэндээ эмзэглэн шархирч түүнээсээ болоод зах зээлийн гэгдэх энэ харгис хатуу, хахь хүйтэн нийгэмтэй иргэний үл эвлэрэл зарласан юм. Иргэний үл эвлэрэл зарлаад зогсохгүй “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөнийг байгуулан 20 гаруй жил энэ бүхэндээ үнэнчээр тууштай тэмцэж буй. Бүхэл бүтэн 22 жил байтугай хоёр жилийн өмнөх байр сууриасаа 180 градус эргэдэг улстөрч өнөөдөр борооны дараахь мөөг шиг олон болжээ. Үзэл бодол, итгэл үнэмшил, нам, тойрог, найз нөхөд алив бүхнээ тун амархан сольчихдог, хувийнхаа явцуу эрх ашигт хөтлөгдсөн тийм улстөрчид олшрох тусам манай баатрын дүр улам тодорсоор байгаа юм.
    1997 он. Улс төр ч, эдийн засаг ч бужигнаантай хэвээрээ л байлаа. Анти улстөрч маань ч асар бухимдалтай, гутранги шатанги хэвээр тэмцлээ үргэлжлүүлсээр. Иргэний үл эвлэрлийн тунхагаа зарласныхаа дараахан тэрээр ард түмэндээ хандсан захидал сэтгэмжүүдээ бичив. Хөхөө өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлан улс төрийн тэмцэл өрнүүлсэн “Цогт” нэгдлийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ухамсар, ёс суртахууны хүлцэшгүй доройтлыг үл тэвчин тэмцэхээ дахин учирлав. Тэрээр “Үнэнийг бүү ялгаварлагтун” гэсэн чиг шулуун үгээ тэр үед хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан хатуу үгтэй ил захидал бичин, ард түмнийг агшин хугацаанд ч золиосолж үл болно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр тухайн үед УИХ-ын гишүүдийн албан тасалгааны тоног төхөөрөмж, Их тэнгэрийн харшийн зоог гүнцэгт зориулж хямрал хүндрэлтэй эдийн засгаа үл тоон улсынхаа багахан төсвөөс асар их хөрөнгө мөнгө төсөвлөөд байсныг ийнхүү шүүмжлэн буруушаасан хэрэг.
    Тухайн үед улс төрийн намуудыг мань хүн хурцаар шүүмжилж эрүүгийн бүлэг хэмээн нэрлэсэн юм. Үүнийгээ тэрээр “Өнөөгийн улс төрийн нам, хүчнүүдийн үйл ажиллагаа бол нидэртээ ухна, хуц хоёрын л “моносекс” чанартай үйл ажиллагаа байна шүү дээ. Тэд хоорондоо хэчнээн өөр, хэчнээн сөрөг үзэл бодолтой байлаа ч ард түмний минь халаасыг суйлах, өөрсдөө хөрөнгөжих ашиг сонирхол дээрээ тулахаар ганц ч сөргөлдсөн үг ганхийлгүй гар барилцдаг” хэмээн тодотгосон байдаг. Энэ үгийг өнөөгийн улстөрчид уншаад өөрсдийгөө толинд харах шиг л болох вий.
    1998 он. Улс орны нөхцөл байдал уруудан доройтсонд сэтгэл зовнихдоо тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандид хандан ил захидал өргөн барив. Уг захидалдаа улс төр, нийгмийн тогтолцооны таван бурууг илчлэн оношилсон юм. Тэр нь нэгт, Монголын төр өөрийн ачаагаа хөнгөлж, үүрэг хариуцлагагүй болсон, хоёрт, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бусниулсан өмч хувьчлал явуулсан, гуравт, хөрөнгөлөг цөөнхөд зориулсан ганц “орц”-той ардчиллыг бий болгосон. Монголд хэрэгжиж буй ардчилал үнэн чанартаа жинхэнэ ардчиллын эсрэг шинж чанартай үйл ажиллагаа, хуурамч хээ хуартай баг хэмээн палхийтэл хэлсэн юм. Мъянмарын ардчилагч Ан Сан Су Чи Монголын ардчиллыг “Дүр эсгэсэн ардчилал” гэж тодорхойлохоос арван таван жилийн өмнө манай хүн ийнхүү голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Дөрөвт, нийгэмд хүлээх иргэний үүргээс ангид, ажлын хариуцлагын гадна оршигч эрх чөлөөг тэрээр буруутгасан байдаг. Тавд, зах зээлийн харилцаа бол Монголын түүхэн ахуй нөхцөлд, монголчуудын унаган зан заншилд үл тохирох буруу тогтолцоо хэмээн үзсэн юм. Ард түмэн хэрэглэх юмаа хийж чаддаг, хийж чаддаг юмаа хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энгийн бөгөөд үнэн бодитой үзэл баримтлалыг тэр бас гаргаж тавьсан. Түүнчлэн ард түмнээ “хоосолдог” нийгэмд утга зохиол үйлчлэх ёсгүй хэмээн тэр үзэг нэгт нөхдөдөө хандан уриалсан билээ.
    1999 онд төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсан руу чиглэсэн гүтгэлэг, доромжлол, эсэн бусын дайралт хэрээс хэтрэхэд тэрээр их найрагчийг өмөөрөн хамгаалж үнэн, халуун үгээ хэлсэн юм. Ийнхүү О.Дашбалбарын баримталдаг газар хувьчлахын эсрэг хатуу, зөв байр суурийг дэмждэгээ энэ үед хурцаар илэрхийлсэн билээ. Энэ бол анти улстөрчийн маань бас нэг том суурь үзэл баримтлал нь. Тэрээр хүн төрөлхтний дайсан бол эд баялаг. Хүнийг зөв ухаалаг амьдрахад, жинхэнэ аз жаргалыг мэдрэхэд эд баялаг саад тотгор учруулдаг гэж үздэг. Энэ үзлийнхээ үүднээс газар өмчлөлийг эрс буруушааж, эсэргүүцсээр ирсэн билээ. Хүний амьдралын бодит хэрэгцээнээс илүү хэт их баялаг хуримтлуулсан хүмүүсээ гэмт хэрэгтэнд тооцдог болсон цагт нийгэм сая нүгэлгүй, хэрэг зөрчилгүй, цэвэр ариун болно гэж тэрээр итгэдэг, үүнийгээ ч байнга ярьж, бичдэг. Хүний нэг насны хэрэгцээ байтугайгаас хэд дахин давсан мөнгө хөрөнгөө оффшор дансанд нуудаг болсон өнөөгийн улстөрчид, бизнесмэнүүдэд энэ үг ялын тогтоол шиг л сонсогдох байх. Жинхэнэ сонгодог ардчиллыг өмчийн сэтгэхүйгүй нийгмийн харилцаа, эв хамт, нийгэм журамт ёсны бурханлаг, дээд хүмүүнлэг оюунлаг харилцаа гэж үздэг анти улстөрч маань тэр бүхэнд зөвхөн үнэн шударга хамтын хөдөлмөрөөр хүрнэ гэж итгэдэг. 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг тэр чигт нь үгүйсгэн буруушаах бөгөөд арчилсан чөлөөт сонгуулийг ч мөн үл хүлээн зөвшөөрнө.
    Ингээд тоочоод байвал анти улстөрчийн маань анти үзэл баримтлал тун олон. Хамгийн гашуун нь түүний 20 гаруй жилийн өмнөөс ярьж, илэрхийлж ирсэн тэр бүхэн анти биш амьд, зөв үзэл байсан ажээ. Үүнийг ойлгоогүй бид дөнгөж өнөөдөр л үнэнтэй улаан нүүрээрээ тулна гэдэг ямар хэцүүг мэдэрч сууна. “Үнэн улстөрждөггүй” хэмээн тэрээр хэлсэн нь үнэн байж.. Улстөрч Урианхайн хувьд үнэнтэй хамт амьдарсаар ирсэн. Харин үнэний “үгэнд ордоггүй” ардчилагч хүүхдүүдэд тэр үгээ хэлэхээс залхсан уу, эсвэл бүр тэмцлийн хурц хэлбэртээ шилжсэн үү. Ямар ч байсан сүүлийн арваад жил нам гүмхэн, анир дүнсгэрхэн байх болов. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэдэг өнгөцхөн аксиом бий. Мөн чанарыг, үнэнийг оносон Урианхай гуай шиг анти улстөрч хүний хувьд дуугүй байх шиг хурц, ширүүн тэмцэл гэж үгүй. Тэрээр ард түмнийхээ хувь заяаны төлөө, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэр цээжин чинаддаа аргалын гал мэт уугих амин халуун бодол, шаналандаа шатаж, дагжиж яваа. Агуу их шаналан гуниг үг дуугүй байдаг гэдэг дээ.
    “Ардын эрх” сонины сэтгүүлч Г.Сонинбаяр

  • БЭЭЖИНД БУЙ ИХ ХААНЫ ХӨРӨГ.

    Тайваньд буй хөрөг Мин улсынх гэв. Худалдсан хүн Чэн овогтын эцэг ДИУ-ын Монголтой холбоотой ажил хийж байсан сайд ажээ. Ши Шү Чин/史树青1922-2007/,Жан Хэн/张珩1915~1963/, Шие Жи Лиү/谢稚柳1910—1997/ нарын 6 мэргэжилтэн цаас, будаг, хүний төрх, нэрлэсэн бичээс, зураглалын аргад үндэслэж Юань гүрний үеийн бүтээл гэж тогтоосон бөгөөд ордны зураач Хорихосон зурсан байх магадлалтай гэж үзсэн. Тайваньд буй хөрөг нь Чин улсын хаан ордоны Нан Шүн Диан харшид “Юань улсын хаад хатадын хөрөг”-үүдтэй хамт байсан, тэдгээр хөргүүд их бага нь адил өрмөг нэхмэл дээр зурсан Мин улсын зураачдын эш хөргийг нь дууриаж хуулж зурсан зураг гэж үздэг юм байна хэмээж …

    @Turbat Nyamzai

  • Т. ГАЛСАН ГУАЙН ДӨРВӨН МӨРТҮҮД ГАЙХАМШИГТАЙ

    БАГТААМЖ:
    Ус, гал хоёрыг нэг гэрт хадгалж болно.
    Ухаантан, тэнэг хоёр нэг гэрт амьдарч болно.
    Арслан, Хонь хоёр нэг ууланд бэлчиж болно.
    Аз жаргал, Сархад хоёр нэг гэрт үл багтана.
    ТОРНИХЫН НУУЦ:
    Идэш ууш сайтай хүүхэд СӨӨМ өсдөг.
    Инээд баясал дунд ТӨӨ өсдөг.
    Итгэл хайран дунд ТОХОЙ өсдөг.
    Эрдэм ажил дунд АЛД өсдөг.
    ЭЗЭН:
    Үнэгэн харанхуйгаар сэрж, ОД, МИЧИД-ээ бүртгэнэ.
    Үүр цүүрээр гадаалж, ТЭНГЭРИЙН ЦАРАЙ шинжинэ.
    Наран мандахаас өрсөж, НАЙМАН ЗОВХИС-оо халиана.
    Малчин Монгол гэмээ нь ГАЗАР-САНСАР-ын ЭЗЭН.
    ХОТОЧ НОХОЙ МИНЬ:
    Хотондоон чоно оруулсан нохой
    Хорь хоног өөрийгөөн химлэн гаслав.
    Чухам л тэр өдрөөс хойш би
    Чулуугаар нохой шидэхээн болив.

  • ДОРНОД МОНГОЛЫН ТАЛ ӨРГӨН УУДАМ Ч БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ НЬ АЮУЛЫГ СӨРӨН АРАЙ ГЭЖ ОРШИН ТОГТНОЖ БАЙНА

    Шаллер Төв Африкийн уулын гориллуудыг сэргээн нутагшуулах судалгааны ажлыг хийж, Пакистанд цоохор ирвэсийн гэрэл зургийг анх удаа авчээ. Мөн Хятадын аварга пандааг судлах зөвшөөрөл авсан барууны анхны судлаач билээ. Түүний хамгийн сүүлийн судалгааны бүтээл бол “Into wild Mongolia” ном юм. Энэхүү ном нь коммунистуудын эрхшээлд 70 жил байж, хиймэл дагуул болон баруунаас тусгаарлагдсан улсад анхлан судалгаа хийсэн АНУ-ын алдартай эрдэмтний бүтээл гэдгээрээ онцлогтой. Шаллер 1989-2018 онд Монгол болон олон улсын биологичидтой хамтарч бүс нутгийн ховор зүйлийн амьтдыг судалжээ. Ингэхдээ цоохор ирвэс, мазаалай, цагаан зээрийг голлон судалсан байна. Мөн тэрбээр газар нутаг, Буддын шашин шүтлэг, коммунизмын доорх ширүүн цаг үе, арван гуравдугаар зууны түүхэн хүн Чингис хааны тухай монголчуудын үзэл бодлыг нэгтгэн тайлбарлажээ.
    Шаллерыг Монголд 1989 онд анх ирэхэд улс орон бүхэлдээ ЗХУ-аас хараат байв. Тэрбээр орон нутгийн дэлгүүрийн хоосон тавиуруудыг хараад гайхсан гэдэг. Энэ тухайгаа “Судалгааны багийнхан хэдэн долоо хоногийн турш хонины мах, гурилтай хоол идэж яг л нүүдэлчин малчдын адил амьдарч байлаа. Хааяа зочломтгой малчин айлд очиж, сүүтэй цай ууж, боорцог, ааруул иднэ. Бид цоохор ирвэсийг тусгай сумаар буудаж унтуулаад радио хүзүүвч зүүсэн юм. Цоохор ирвэсийн судалгаа хийж байхад говийн баавгайг ажиглах боломж тохиосон. Би 20 жил Монголд биологийн судалгаа хийсэн. Миний хүү Эрик манай экспедицэд нэгдсэн. Тэрбээр Монголын тухай мэдээлэлтэй судлаач бөгөөд цоохор ирвэсээр дагнасан судалгаа хийж байгаа. Эрик 20 жилийн өмнө миний хүзүүвчилсэн ирвэсүүдийн амьдралын хэв маягийг судалж, сонирхолтой нийтлэл бичсэн” гэжээ. Шаллер АНУ, Орос, Европын биологичидтой хамтран Монголд судалгаа хийдэг байв. Одоо Монголын залуу судлаачидтай хамтран ажиллах болжээ.

    Тэрбээр “Дорнод Монголын тал өргөн уудам ч биологийн төрөл зүйл нь аюулыг сөрөн арай гэж оршин тогтнож байна. Энэ бол миний хамгийн хайртай нутаг. Их талын эзэд болох зээрийн сүрэг мөхлийн ирмэгт байна. Монголын Засгийн газар дорнод нутгаа яаралтай хамгаалах хэрэгтэй. Тусгай хамгаалалтад авсан нутагт газрын тосны өрөмдлөг, олборлолт, төмөр зам барилгын ажлыг зөвшөөрдөг улс Монголоос өөр байхгүй.
    Энэ мэт зүй бус менежмент нь дэлхийд ховор ан амьтдын тоо толгой цөөрөхөд шууд нөлөөлсөн. Эцэст нь хэлэхэд өнөөгийн монголчуудад эртний их хаадынх нь зарлиг, дуу хоолой үгүйлэгдэж байна” гэж номдоо бичжээ.

    Х.Эрдэнэзаяа

  • Л.ХҮРЭЛБААТАР: АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЯЛААГҮЙ БОЛ БИ ХӨДӨӨ ЦӨЛӨГДӨХ БАЙСАН БИЗ ЭЭ

    Тэгээд хэд хоног учраа олохгүй уруу царайлж, яахаа мэдэхгүй явж байгаад Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын Эм Хангамжийн Хэлтсийн дарга Д.Мангаатай тааралдлаа. Мэдээж намайг халагдсаныг дуулжээ. “Хөөе, Хүрлээ нэг сайхан ажил байна. Социалист орнуудын эдийн засгийн талаар хамтран ажиллах Зөвлөлийн хоёр гурван гэрээний орчуулга нь хүлээгдээд ажил саатаад байна. Чи орчуулаадах, бид бардаггүй ээ” гэж байна. Юун орчуулга. Хөдөө явах гээд “цөллөг”-ийнхөө томилолтыг хүлээж байна гэлээ. Тэр ийш тийш харснаа “Аяар гэм. Чи энэ амнаасаа болж ахиад л хэрэгт орно шүү. Би орчуулгын талаар сайдтай ярья, ятгая, чамаас өөр хүн хурдан түргэн, оновчтой орчуулж барахгүй” гэлээ. Надад сайдын хүрлийсэн ууртай царай л харагдаж, “сайд зөвшөөрөхгүй дээ” гэвэл “Түр ажил шүү дээ. Зөвшөөрөх байх. Чи чинь Орост төгссөн, орос хэлнээс хоёр гурван ном орчуулчихсан лут амьтан шүү дээ. Бас чи эм зүйч хүн, өөрийнхөө салбарт туслаач. Зургаан сар ч гэсэн орчуулга гээд хотод суухгүй юу? Тэгээд тэр хөдөө рүү нь явах бол явна биз. Зургаан сарын дараа юу ч болоо билээ?” гээд мөрөн дээр минь алгадчихаад яваад өгөв. “Юу ч болохгүй дээ. Ингээд л улс төрийн хэрэгтэн, эсэргүү, найдваргүй этгээдийн тоонд орлоо” гэж бодсоор чимээгүйхэн хоцров. Гэтэл маргааш нь намайг Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын дарга дуудлаа. Чамайг түр ажилд авлаа. Зургаан сарын дотор орчуулж дуусгана шүү. Социалист орнуудын хооронд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бараа үйлдвэрлэх хангах асуудлаар дагнаж хорших гурван гэрээ байгаа. Яаралтай орчуулах хэрэгтэй байна. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яам, Гадаад Явдлын Яам, Хууль Зүйн Яам, Сайд нарын Зөвлөлөөр хянагдах ёстой, хатуу хуваарьтай юм шүү! гэж байна. Сайд зөвшөөрчээ. Хашир ухаантай хүний үгэнд орж, дутагдлаа хүлээн зөвшөөрсөн дүр үзүүлж, яамны коллегийн хурал дээр дуугүй суусны хэрэг түр ч гэсэн гарчээ.

    Ямар Михайл Шолоховын зохиол орчуулах гэж байгаа биш, хэдэн гэрээ, юу байхав гээд би ажилдаа ханцуй шамлан зоригтой оров. Гэтэл хууль зүйн нэр томъёо гэж адармаатай зүйл юмсанж. Албан орчуулга гэж албан ёсоор батлагдсан нэр томъёо ашиглах ёстой аж.

    Нэр томъёоны гурван боть толь бичиг олж авлаа. Толь бичигт хараахан орж амжаагүй бол нэр томъёоны комиссын мэдээ гэдэг товхимлоос батлагдсан нэр томъёо харах ёстой байлаа. Тэр л дэг журмаар нь ажиллаж эхлэв. Нэр томъёоны толь болон товхимлын аль алинд нь ороогүй нэр томъёог бол өөрөө орчуулж хашир туршлагатай хүмүүстэй зөвлөлддөг байлаа. Олон хүмүүс олон сайхан зөвлөлгөө өгсөн дөө. Хамгийн сайхан зөвлөлгөө өгсөн нь Ц.Доржжанцан маарамба. Аялгуу сайхан монгол хэлээ, үгсийн сангаа, хэл найруулгаа бид сайн мэддэггүй аж. Би үүнийг бүр анхныхаа ном орчуулахдаа мэдэрсэн, орчуулга гэдэг цаад хэлээ мэдэхээс илүүтэй монгол хэлээ сайн мэдэх ёстой юм билээ. Даанч кирилл бичигт шилжсэнээс болоод уйгаржин монгол дээр бичигдсэн олон сайхан ном судрыг унших, эх хэлнийхээ баялаг үгсийн сан, төгс хэл найруулгатай танилцах боломж үгүй болсныг одоо хүртэл олон хүн ойлгохгүй байгаа юм.

    Өдөр шөнөгүй сууж байгаад эхнийхээ гэрээг хоёр сарын дотор, дараах гэрээг нэг сарын дотор орчуулчихлаа. Манайхан гайхаж байна. Олон боть ном шиг зузаан гэрээнүүд шүү дээ. Зарим нь бас миний тэнэгийг гайхаж байна. Бүтэн зургаан сарын хугацаа өгөөд байхад хоёр дахин богино хугацаанд орчуулж байдаг. Хөдөө явах гэж яараад байгаа юм уу? гэж байна.

    Гэтэл намайг ажилд оруулж аварсан Д.Мангаа дарга маань удаа дараа олон хоног архи ууснаас болж ажлаасаа халагдаад надад “Миний ажлыг ав” гэдэг юм байна. Архинд ч дэндүү дуртай хүн л дээ. Уг нь их тэвчээртэй. Нэг уухгүй бол хэдэн сараар тэснэ. Харин нэг амсчихвал дүүрсэн гэсэн үг. Гэхдээ ажилдаа бол түүнийг гүйцэх хүн манай салбарт л лав үгүй. “Би чинь хөдөө цөлөгдсөн хүн, тэгээд ч яаж таны ажлыг авах вэ, та л намайг хөдөө явахаас түр ч гэлээ аварсан шүү дээ” гэлээ. Ахиад л “түр” гээд тэр зальжнаар нүд ирмэн инээж байна. Үнэхээр тэр “түр” гэдэг заль нь надад ахиад хэрэг болсон шүү. Намайг Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын Эм Хангамжийн Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр орны хүн олдтол гээд түр хугацаагаар томиллоо. Ингээд би бараг таван жил үүрэг гүйцэтгэгч хийлээ. “Орны хүн” олддоггүй ээ. Өөрт нь түшигтэй, ажлаа сайн хийдэг болохоор Со дарга маань орны хүн хайгаа ч үгүйг би мэдэж байлаа. Харин хэлтсийн минь ахлах мэргэжилтнүүд яамны коллегийн хуралд оролцох, гадаадад явж үзэсгэлэнд оролцох, гэрээ хийх эрхтэй байхад надад тийм эрх мэдэл байхгүй нь намайг хатуу арга хэмжээтэй гэдгийг илтгэж, би ч ойлгож байв. Ардчилсан хувьсгал ялаагүй бол би нэг тиймэрхүү үүрэг гүйцэтгэгчээр насан турш ажиллах, аягүй бол ахиад л алдаа гаргаж хөдөө цөлөгдөх байсан биз ээ.
    Хөвсгөл аймгийн Эмийн санг удирдах конторын даргаар болон Эрүүлийг Хамгаалах Яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай мөртлөө хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр бараг таван жил ажилласан болохоор та нар гайхсан байх. Монголд байтугай дэлхийд ч жирийн нэгэн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ийм олон жил ажилласан жишиг байхгүй дээ. Энэ далимд нэг хошин яриа өгүүлье. Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан Соёлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байж. Бямбын Ринчин гуай “Энэ Лувсанвандангаас бусад сайд нар сайдынхаа үүргийг гүйцэтгэдэггүй юм байх даа” гэж хошигнож байсан гэдэг.

    Хэдийгээр миний хувьд хэлтсийн дарга ч бай, үүрэг гүйцэтгэгч ч бай тэр ажлыг хийх дургүй байсан ч өөр арга байсангүй. Үгүй гэвэл хөдөө ажиллуулах яамны шийдвэр тэр дороо хэрэгжих байлаа. Үүрэг гүйцэтгэгчээр ч бай намайг авч ажиллуулсан газрынхаа дарга Г.Содномдаржаад би баярлаж явдаг юм.

    Би тийнхүү ажиллахдаа их зүйл сурсан шүү. Эм хангамжийн хэлтсийг хариуцдагийн хувьд эх орныхоо эмийн хэрэгцээг тодорхойлох, түүний дагуу дотоодод үйлдвэрлүүлэх, гадаадаас захиалж авах, орон даяар хуваарилах, хангах ажлыг зохион байгуулдаг байлаа. Энэ нь миний дараа дараагийн ажил амьдралд их хэрэг болсон доо. Би үндсэн ажлынхаа зэрэгцээ өөрийн дуртай судалгаа шинжилгээний ажлыг хийж, эм зүйн ухааны дэд эрдэмтний диссертацаа бичиж, урьдчилсан хамгаалалтаа Анагаах Ухааны Хүрээлэн дээр хийж амжсан юм.
    “Манай Хүрэлбаатар орос хэлэнд сайн, мэргэжлийнхээ чиглэлээр Орост гарсан бараг бүх ном хэвлэлийг уншдаг, уншсанаа хэрэгжүүлдэг, мэргэжилдээ үнэнч, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, эм хангамж үйлдвэрлэлийн газар хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр таван жил ажиллахдаа салбартаа их зүйл бүтээсэн юм шүү. Даанч хэлтсийн даргаар жинхлэх эсэх нь миний мэдлээс хэтэрсэн асуудал байсан юм. Манай салбарын шилдгийн шилдэг мэргэжилтэн“ гэж манай компанийн 10 жилийн ойн баярын индэр дээрээс Г.Содномдаржаа дарга хэлж билээ. Түүнээс гадна нэг удаа өрөөнд минь хүрч ирээд миний зохион бүтээсэн эмийг ууж архаг өвчнөөсөө салснаа хэлээд “Хүрлээ минь, чи эм зүйч болсныхоо хэргийг бас дахиад л гаргалаа шүү. Улам сайн ажиллаарай!” гээд духан дээр аав шиг минь үнсч хэзээ ч мартагдахгүй их урам зориг, эрч хүч хайрласан сан. Их л ширүүн дарга байсан юм. Ажлаар ч булж өгдөг байлаа. Би мөн ч их загнуулсан даа. Загнуулж зэмлүүлсний ачаар их ч юм сурсан шүү. Со дарга маань хайр нь дотроо, хал нь гаднаа жинхэнэ монгол эр байсан юм.

    Хөдөлмөрийн Баатар Л.Хүрэлбаатарын “Бүтээлч Моносчууд Бүгдийг тэгээс” номын хэсгээс

  • ЭРТНИЙ САН ТАХИЛГАТ БАТХААН

    Батхаан уулыг 1957 онд дархлан хамгаалсан бөгөөд тайгын нуруунд нь ан амьтан шивээлсэн талын тэнүүнд нь мал сүрэг шилгээсэн өгөөмөр баян нутаг билээ. Батхааныг тахихад дээгүүр, дундуур, доогуур гэсэн гурван хөгнөтэй гурван талаас нь урт сунасан гурван уургыг сумын засаг дарга, багын засаг дарга, сангийн лам гурав гурван талаас нь тавьдаг мөн гурван том ууц тавьдаг уламжлал олон жил үргэлжлэн одоо ч хадгалагдсаар байна. Зоригтвангын хошуу байх үеэс тахин шүтэж ирсэн Батхааны тахилгын түүхийг сөхөж үзвэл 100 гаруй жил тахисан байдаг гэнэ. Батхаан, Хөгнөхаан, Богдхаан, Уулынхаан гэсэн дөрвөн хаан уул бие биенийхээ оройг харан сүндэрлэж байдаг юм гэнэ лээ.

  • ОЙРАД МОНГОЛЧУУД

    Илид суусан Банди жанжин эл байдлыг Тэнгэрийн тэтгэсэн хаанд уламжлахад, Амарсанааг барих даалгавар хариуд нь өгчээ. 500 цэрэгтэй Банди жанжинд босогчдын хүчийг хуралдуулсан Амарсанааг амархан барих боломж байсангүй. Амарсанаа шуурхай хөдөлж, Манжийн тэр бага хүчийг 1755 оны 10 сарын 3-нд дарахад, эцсээ тултал тэмцсэн Банди жанжин амиа хорлож, тэднээс нэг ч хүн амьд үлдээгүй. Амарсанаа улам сайн хүчээ хуралдуулж, Или хавийг бүрэн хяналтандаа авчээ.
    Тэнгэрийн тэтгэсэн хаан маш богино хугацаанд цэрэг бэлтгэж, 1756 оны эхээр Зүүнгар руу хөдөлгөжээ. Манжийн цэрэг урдын адил хойд ба баруун хоёр жигүүрээр давшиж, Амарсанаа нохойн хэрлээр тосон тулалдаж, Манжийн цэргийг бүтэн жил хорьж, өгөө аваатай тулалдсан байна. Амарсанаа цэргийн чадварлаг жанжин болохоо эдгээр тулаануудаар харуулсан гэнэ.!Амарсанаагийн талд байсан хасгийн ноёд Манжид буугаад өгчихжээ. Гайтай юм шиг Амарсанаагийн цэрэг дотор салхин цэцэг өвчин бас дэлгэрсэн байна. Түүнээс болж сандарсан олон цэрэг Амарсанааг хаян, таран оджээ. Эдгээр шалтгаанаас болоод хүч нь нэлээд суларсан агшинд нь Жоохуй хэмээх залуу манж жанжин Амарсанааг нэхэн цохижээ. Амарсанаа цөөн нөхдийн хамт Орост зугтан гарч, цагаан хаанаас зэр зэвсгийн тусламж хүссэн байна.
    Орос Амарсанаад тусалсангүй, Манжтай байгуулсан гэрээ ёсоор түүнийг Манжид барьж өгсөнгүй. Тэнгэрийн тэтгэсэн хаан Амарсанааг барьж өгөхийг ихэд уурсан Оросоос шаарджээ. Тэр хооронд Амарсанаа салхин цэцгээр Орост өөд болжээ. Харин Оросын тал Хиагтад Амарсанаагийн шарилыг Манжийн элчид үзүүлснээр Тэтгэрийн тэтгэсэн хааны хүсэл биелж, эл асуудлыг хаясан байна.
    Зүүнгарын хүн ам 10 дахин цөөрсөн нь дайнд хядагдсан, дайны хөлөөс дүрэвсэн, цэцэг өвчинд нэрвэгдсэн, олзлогдсон гэсэн 4 гол шалтгаантай ажээ. Зүүнгарт хүн ардыг Манжийн хаан төвдөө ойртуулж татсанаас болж Зүүнгарын нутаг улам эзгүйрч, хасаг, киргиз, уйгар, хотон зэрэг лалын шашинтай үндэстнүүдэд ихэнх нь шилжсэн байна. Хожим торгуудын хэдэн отог Ижилээс буцаж нүүж ирснээр Зүүнгарын нутгийн багахан хэсэг нь эзэнтэй болжээ. Тэнгэрийн тэтгэсэн хаан “Зүүнгар” гэдэг үгийг хэрэглэхийг 1759 онд цаазаар хорьжээ. Түүнээс хойш Зүүнгарыг Өөлдийн нутаг гэх болсон. Тус номыг гол болгож, бусад сурвалжаас сэлбэсэн билээ.
    Дотроо эвгүй байхдаа бусдын хоол хэрхэн болдог байсан гэдэг талаас нь энэ бичлэгийг хүлээж аваарай. Даваачийг баатар, Амарсанааг дайсан мэт туйлширч бүү савлаарай. Дээдсийн явдлыг бид шүүхгүй, тэдний алдааг л давтахгүй байхад түүхээ мэдэхийн учир оршино.
    Зураг: Зүүнгарын баатар эрс
    Ochir-Erdene Battogtokh-ны бүтээл
    Ш.Баатар

  • “Бошгыг халах Залуучуудын эвлэл” (Монголын Залуучуудын Xолбоо)-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг, МАХН-ын болон Залуучуудын Эвлэлийн Төв Xорооны гишүүн В.Баваасан

     

    …Хийрхсэн залуус Хувьсгалын эхэн үед бөөн зөрчил үүсгэсэн юм. Эхлээд “бүх нийтийн хувьсгалчирхаг” өвчин тусчээ. Хуучин дарлаж байсан феодалын ёсыг устгаж, ардын эрхт ёсыг тогтоосон учраас одоо ард хүн, ялангуяа нам, эвлэлийн гишүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж олон хүн үзэх болов. Ингээд дүвчигнэж гарчээ. Гэзэг үс хяргах, нударга тайрахаас эхлээд хүн баривчлах, зодох хүртэлх тун олон тэнэг зүйл хийжээ. Үүнийг “Өглөө” кинонд тов тодорхой харуулсан. Харин кинонд гардаг шиг ганц Бодоо биш, тун олон хувьсгалч тэгдэг байсан. Түүнээс гадна Хятадаас Жан Зо лин дайрах гэж байна гэсэн цуурхал их гарч, түүний довтолгооноос хамгаалах цэргийн бэлтгэл хийдэг байв. Наад зах нь эвлэлийн гишүүд “хөл гарын” (жагсаалын) сургууль тогтмол хийдэг байсан. Зарим дарга нарт нь гар буу хүртэл тараадаг байжээ. Тэр үед үсээ тайрч, халимаг тавьсан, нударгагүй дээл өмсөж, шөвгөр хар (хромон гутлыг монголчууд тэгж хэлдэг байсан-Х.Д.Г. ) жийж, ташаандаа гар буутай, энгэртээ эвлэлийн тэмдэгтэй, бас КИМ-ийн тэмдэгтэй (Дэлхийн Залуучуудын Интернационалын товчилсон нэр-Х.Д.Г.) залуу хүн бол одоогийнхоор бол Харвард буюу Баруунд төгссөн хүнээс дутахааргүй мундаг хүн байсан юм. Хэрэв тэр нөхөр бичиг үсэгтэй бол шууд дарга, мөн КУТВ (Дорно Дахины Коммунист Их Сургууль) төгссөн бол шууд л нам, төрийн удирдах албанд очдог байв. Хэт хувьсгалчирхах явдал ихээхэн газар авсан учир Цэргийн Яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар тэсэхээ байгаад ухуулах бичиг гарган: “Ардын эрхт хэмжээт цаазат ёсыг эндүүрэн ухаж, ёс суртлыг зоргоор гээгдүүлэн балмадлан түрэмгийлж явагчдад бүрэн учрыг тайлбарлан ухуулсан бичиг” хүртэл гаргаж, түүнийгээ 1922 оны 3 дугаар сард Ардын Засгийн Газрын тогтоол болгон гаргасан байна. (Улсын Түүхийн Төв архив. Д.Сүхбаатарын фонд. 2 дугаар бүлэг.) Ингээд үзэхээр байдал тун хэцүү байсан бололтой. Яг одооны Монгол Улс шиг эрх чөлөөгөө эдлэх нэрээр дураараа дургиж байж…
    …Үүнээс гадна Д.Нацагдорж Эвлэлийн гишүүн байж, ямар нэг албан тушаалтай байсан нь мэдэгддэг юм. Учир нь Д.Нацагдорж, В.Баваасан хоёрыг эвлэлийн гишүүдийн “хөл гарын сургууль”-д оролцсонгүй гэж шүүмжилсэн баримт архивт байсантай би тааралдаж байсан юм. Д.Нацагдорж нь их “зальтай” эвлэлийн үүртээ “-их ажилтай тул чөлөө өгнө үү” гэхчлэн бичиг өгч аргалаад байжээ. Харин Засгийн Газрын нарийн бичгийн дарга, Нам, Эвлэлийн Төв хорооны гишүүн В.Баваасан болохоор “-нам төрийн их ажилтай” гэчихээд эвлэлдээ томроод загначихаад яваад байж. Энэ нь хожим түүний амь насанд хүрсэн бөгөөд 1924 онд С.Данзантай хамт буудуулсан билээ…
    …Тэр үед нам эвлэлийн хооронд онцын ялгаа байсангүй. Сүүлдээ эвлэл нь намтайгаа эн зэрэгцэж, түүний үйл ажиллагаанд шууд хутгалдан оролцох болов…
    …Эвлэлийн гишүүд намын Их Хурлын гадаа жагсаал хийх, хурал дотор орж ирэх, буутайгаа хуралд суух, мэдэгдэл гаргах, дуудахад нь ирэхгүй байх, сүрдүүлэх зэргээр намаа дарамталсан жишээ тэнд асар олон буй. Энэ нь тэр үеийн нам төрийн зөрчил, будлиант байдлыг тод харуулдаг. Ингээд намын ажилд хэт оролцсон, бас “эсэргүү нартай” нийлсний учир МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүн В.Баваасан Солийн Данзангийн хамт цаазлуулж, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх баривчлагдсан юм. Бас эвлэлээс нэлээд олон хүн хэлмэгдсэн. Үүний дараа ухаан орж, нам эвлэлийн харьцааны асуудлыг анхаарч эхэлсэн юм…
    Босоо Хөх Монгол Хүн

  • 1924, 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИУДЫН ТАЛААРХ БОДРОЛ

    Мэдээлэл ч үгүй, мэдлэг ч үгүй, тэр мөртлөө мэдэмхийрэх өвчин эрт олсон, түүгээрээ өөрөө ихэд бахархдаг нэр, хаягаа нуусан “ухааны, оюуны ба ёс суртахууны хомсдолтой” хүмүүсийн тоо ухаалаг утасны тооны өсөлттэй пропорционалаар мөн өслөө. Нийгмийн сэтгэл зүй ба ухамсарт хор хүргэж, сөргөөр нөлөөлж болох энэ үзэгдэлтэй тэмцэхийн чухлыг анхааруулдаг хүмүүсийн тоо ч мөн өссөөр байна. Гэвч нийгмийн бодит амьдрал, түүний өөрчлөлт, хөгжил нь бусармаг явдал ба буруу сэтгэлгээтэй хүмүүсийн элдэв санаа, зоригт ер захирагддагүй, ард түмэн ч тэдэнд хууртдаггүй юм. Тэр дундаас Монголчууд бол ер бусын ул суурьтайгаар, тун ч сийрэгхэн сэтгэдэг ухаалаг хүн зон билээ. Энэ ард түмэн бүхий л түүхийнхээ туршид оюунлаг хөвгүүд, охидоор дутагдаж, гачигдаж байсангүй. Ухаалаг, оюунлаг иргэд цаг цагтаа л бэлхнээ байж, тулгарсан ямар ч асуудлыг шийдсээр ирсэн түүхтэй…
    1992 оны Үндсэн хууль битгий хэл 1924 оны Үндсэн хуулийг тун ч богино хугацаанд хоёр ч хувилбараар боловсруулж чадсан билээ. Магсаржав хурцаар толгойлуулсан комисс “хязгаарлагдмал эрхтэй хаан бүхий Бүгд Найрамдах улсын Үндсэн хууль”-ийг Англи, Бельги, Голландын жишгээр, яг л тэр цаг үеийн Монголын онцлогт тохируулан боловсруулжээ.
    Энэ ажилд судар бичгийн хүрээлэнгийн ажилтнууд ч оролцжээ. Гэвч Богд хаан таалал төгсч нөхцөл байдал өөрчлөгдсөний учир шинээр хоёр дахь комисс томилогдоод тун ч богино хугацаанд Зөвлөлт Оросын Үндсэн хуультай ижлэвтэр өвөрмөц төсөл боловсруулж Улсын Анхдугаар Их Хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Үндсэн хуулийн эрх, эрхийн философийн үүднээс үнэлж, дүгнэх аваас мөнхүү хоёр хувилбар нь “байдаг л хуулиуд” гэгдэхээр бичвэрүүд мөн болно. Энэ ажилд оролцсон хүмүүсийн боловсрол, туршлага, юм үзэж нүд тайлсан байдал, гадаад хэлний мэдлэг зэргийг сонирхох аваас тэдний дунд Хятад, Манж хэлтэй, мөн Герман, Англи, Орос хэлтэй, Өрнийн болон Дорнын соёлтой биечлэн танилцчихсан эрхмүүд ч байжээ.

    1990-1992 оны нөхцөл, байдлыг 1924 оныхтой харьцуулж үзэхтүн! Тэмээ, ямаа хоёроос ч их ялгаа байх бизээ… Хэдэн ч янзын төсөл боловсруулчих чадамж бэлхнээ байсан юм шүү.

    Ар Монголыг Хятадын салшгүй хэсэг болохыг нууцаар хүлээн зөвшөөрцгөөсөн Орос ба Хятадын нууц хэлэлцээрийг яаралтай сөрж “Бүгд Найрамдах Улс”-ыг тунхаглан ил, шууд тэмцэхээр шийдсэн Монголын эх орончид Улсын Анхдугаар Их Хурлын товыг яаравчлан зарлажээ. Уралдах, өрсөх, хоёр хөршийн нууц хэлэлцээрийн мөрөөр практик арга хэмжээнүүд авагдахад саад болох тулгамдсан шаардлага ийнхүү “урагш нь довтлоход” хүргэсэн байна. Хоёр хөрш маань 1924 оны 5-р сарын 31-нд нууцаар тохиролцсон бол Монголчууд мөн оны 11-р сард Улсын анхдугаар Их Хурлаа хийж “Монгол Улсыг тунхаглаж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлж, Ардын ардчилсан бүгд найрамдах засаг төр, парламентын суурийг тавьж, шинэ үндсэн хуулиа баталжээ.” Энэ их хуралд уригдаж оролцсон Коминтернийн төлөөлөгч Рыскулов, Оросын элчин Юдин, Зөвлөлт Казахын төлөөлөгч Хангелдинов, Буриадын ерөнхий сайд Ербанов, мөн Төвд, Барга, Хөлөнбуйр, Ордосын төлөөлөгчид Монголчуудын эрс шийдэмгий байдал, эв нэгдэл, улс төрийн зоригтой алхмыг гайхаж, ихэнх нь дэмжиж байжээ. Зөв зүйлийг зоригтой сэдэж, оновчтой хэрэгжүүлэхийн урлагийг Монголчууд ийнхүү үзүүлж чаджээ.
    Улсын анхдугаар их хуралд 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 нь хүрэлцэн иржээ. Тэд хурлын явцад тун идэвхтэй оролцож зарим нь бүр 15 удаа үг хэлж, онц чухал асуудлуудаар тайлбар шаардаж, дүгнэлтүүдийн үндэслэлийг ч нэхэж байжээ. Хурал 21 өдөр үргэлжилж ажил хэрэгч шинжээрээ гадаадын төлөөлөгчдөд гайхшрал төрүүлж байв. Анхдугаар их хурлаас дарга, 7 гишүүнтэй байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал (Парламент), 12 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрыг байгуулжээ.
    Энэ их хурлын зорилго, бэлтгэл, явц, үр дүнгээс үзэхүл тэр цагийн Монголчуудын улс төрийн мэдрэмж, соёл, боловсролыг голох, гоочлох аргагүй байна.
    Одоо 1992 оны Үндсэн хуультай холбогдуулж цөөн зүйлийг өгүүлье. 1988, 1989, 1990, 1991 оны сонин, сэтгүүлүүд дэх улс төийн сэдэвтэй нийтлэлүүд миний өгүүлэх зүйлийг гэрчилнэ, бас нотолно.

    1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн найруулах даалгавар авсан Ж.Батмөнх даргатай комисс 1990 оноос өмнө ажиллаж байв. Энэ ажилтай холбоотой нийтлэлүүд ч төвйин сонингуудад үзэгддэг байлаа. МУИС-ийн хуулийн тэнхэмийн багш нар, Философи, Социологи, Төр эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон онол-арга зүйн семинараар, мөн намын улс төр-гэгээрлийн дээд шатны дугуйлангуудад Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг шүүн хэлэлцдэг байв.

    Гэвч энэ ажил 1990 оны тэмцэл, хөдөлгөөний улмаас орхигдсон билээ. Нийгмийн амьдралыг ардчилахын төлөө өрнөсөн тэмцэл өргөжих, хот хөдөөгүй дэмжлэг олохын хэрээр 1960 оны Үндсэн хуульд эн тэргүүнд оруулбаас зохих өөрчлөлтийн талаар хурцаар яригдаж, хэрэг дээрээ ч түргэн хийгджээ. 1990, 1991 оныг дамнан буй болсон шилжилтийн шинжтэй төр засаг (Ерөнхийлөгчийн алба, Улсын бага хурал, эвслийн маягийн Засгийн газар) Ардчилсан Үндсэн хууль боловсруулж батлахын чухлыг хаа хаанаа мөн сайтар ойлгосон байв.
    1990 оны 10 сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлын 15-р тогтоолоор Шинэ Үндсэн Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг 16 хүний бүрэлдэхүүнтэй (дарга нь П.Очирбат, орлогч дарга нь К.Зардыхан) байгуулжээ. Төсөл боловсруулах, Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлаар хэлэлцэх, батлах хооронд 1 жил, 4 сар өнгөрчээ. Эрхийн философи, төр эрхийн онол, төрийн байгуулалт, Үндсэн хуулийн эрх, үндэсний төр эрхийн түүхэн уламжлал, улс орны хөгжлийн хэтийн төлөв, ардчилсан Үндсэн хуульд тавигдах шаардлага, энэ талаарх бусад орны ололт, туршлага, зэргийн гүнзгий мэдлэг, мэдээлэлд тулгуурлан нягт нямбай үйлдэгдэх, зохион байгуулагдах, учиртай байсан тэр ажил ерөнхийдөө бүх талаараа л шаардлагын түвшинд бус байв. Мөнхүү цаг үед Монголд Үндсэн хуулийн эрхийн асуудлуудаар нарийн мэргэжсэн судлаачид, эрдэмтэд байсангүй.
    1990 оны 10-р сарын 18-ны өдөр уг ажлыг зохион байгуулах комиссын 01-р тогтоолоор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг (нийтдээ 39 хүн, 4 хэсэгтэй) байгуулжээ. Мөнхүү ажлын хэсгүүдийн боловсруулсан төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцэж сайшаагаад, Ардын эрх сонинд нийтэлж олон түмнээр хэлэлцүүлж эхэлсэн байна. Хэлэлцүүлэг бүтэн гурван сар үргэлжилжээ.

    Хэлэлцүүлгийн явцаас харахад түүнд хүн амын бүх давхраа идэвхтэй оролцжээ. Төслийн бүх бүлэг, зүйл шүүмжлэлд өртөж, тоймгүй олон санал гарч тэр бүхнийг төсөлд тусгах, эс тусгах талаарх асуудлыг судалж шийдвэрлэх нь тулгамдсан зорилт болжээ.

    1991 оны 7-р сарын 26-ны өдөр зохион байгуулах комиссын 01 дугаар захирамж гарч “Монгол улсын Их цаазын төслийн талаар иргэд, байгууллагуудаас ирүүлсэн саналыг судалж төсөлд тусгах, нэгтгэн дүгнэх ажлын хэсгүүдийг дахин шинэчлэн байгуулжээ.” Энэ удаа нийтдээ 90 хүнээс бүрдсэн 10 хэсэг байгуулагджээ. Эдгээрээс яг Үндсэн хуулийн төслийн бүлэг, зүйлүүд дээр ажилласан нь II, III, IV хэсэгт хамрагдсан 32 хүн байв. Захирамжид нэр орсон 90 хүнээс зөвхөн 20 гаруй нь л “Үндсэн ажилчид”, идэвхтэй, бас ч хэрэг болох түвшний мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс байлаа. Захирамжид нэр заагдан орсон 90 хүний 40 орчим хувь нь хааяа нэг үзэгдэхээс өөр үүрэггүй шахам байсныг хэлэх нь зүйтэй байх… Энэ хоёр дахь ажлын хэсгийнхний буй болгосон хувилбарыг л Улсын Бага Хурлаар хэлэлцээд дараа нь Анхдугаар Их Хурлын чуулганд оруулж батлуулжээ. Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлын чуулганы аль нь ч төслийн мөнхүү хувилбарыг бараг л тэр хэвээр нь шахам үлдээж баталсан болно. Анхдугаар Их Хурлын чуулган 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг төслийг 70 гаруй хоног сунжруулан хэлэлцсэн хэдий ч эцсийн дүндээ зарим нэг багаахан засварыг эс тооцвол яг л байснаар нь баталсан юм. 2 сар гаруй хэлэлцсэн явцыг шударгаар үнэлэх аваас тэдний хэлэлцэх хэр чадвар, мэдлэг, мэдээллийн түвшин яахын ч аргагүй жолдож ихэнхдээ дутуу, мөчидхөн ойлгосны улмаас л хэрэггүй шахам маргаан, мэтгэлцээнээр цагийг дэмий үрж их зардал, сүйтгэл гаргасан болно. Хий хоосон сүржигнэл, хэрэггүй улс төржилт, өнгөц буруу ойлгосноос үүдсэн маргаан, үндэсгүй болгоомжлол, хардаж ба хаяагаа манаж хэлсэн явуургүй, холчиргон үгс мэт нь мэдлэг, мэргэжил, ухаан шаардсан мөнхүү ажилд зөвхөн л саад болж, саатал, тасалдал авч ирж байлаа. Их ч цаг алдсан юм.
    Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэгдсэн комисс ч тэр (16 хүнтэй), мөнхүү хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй эхний ажлын хэсэг ч тэр (39 хүнтэй), мөн хоёр дахь өргөтгөсөн ажлын хэсгүүд ч тэр (90 хүнтэй) бүгд л ихэд улс төржүүлсэн байр сууринаас хандсан бүтэц, бүрэлдэхүүнтэй байв.
    Олон, олон шинжлэх ухааны уулзвар, хослолын үүднээс яригдаж, боловсрогдож, бүтээгдэх учиртай оюуны үйлдвэрлэлийн онц чухал үр дүнг яг өөрт нь тохирсон арга технологиор л буй болгох, бүтээх ёстой билээ. Ийм шаардлагын үүднээс ярих, үнэлэх аваас шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, олон шатаар хэлэлцэж чамбайруулах, бусад орны өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, тухайн салбарын нарийн мэргэжилтнээс санал авах, нэр томъёо, бичлэг найруулгын хувьд жигдлэх, Ардчилсан Үндсэн хуульд XX зууны өндөрлөгөөс тавигдах болзол, шаардлагад нийцүүлж чанаржуулах зэрэг ажил, арга хэмжээ тун хангалтгүй гэхээр түвшинд зохион байгуулагдаж, хэрэгжжээ.
    Улс төр, хууль эрхийн ямар ч асуудлыг ард иргэд өөр өөрийн байр сууринаас хэр чадлаараа шүүн хэлэлцэх чадвартай байдаг хэдий ч улсын Үндсэн хууль мэтийн чухал баримт бичгийг зөвхөн л шаардлага хангахуйц түвшний мэргэжилтнүүдийн баг л боловсруулж, чамбайруулж, эцэслэн хэлбэржүүлж чаддаг нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон, практикаар шалгагдсан үнэн билээ.

    Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 8 жилийн дараа түүнд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд ч гэсэн өмнөхийн нэгэн адил хөнгөн, гоомой ажил, арга хэмжээ болж түүхэнд үлдэх нь эргэлзээгүй.

    Парламентын гишүүн ба Засгийн газрын гишүүний эрх, үүргийг давхар эдэлж, гүйцэтгэж байхын сөрөг тал, муу үр дагаврыг Франц улс дэлхий нийтэд аль хэдийнээ нотлон харуулсан бэлэн туршлагыг мэдэх, тооцох ухаан тэр үеийн Улсын Их Хурлын гишүүд ба намуудын дарга нарт байсангүй. Францын томоохон улс төрчид, судлаачид энэ талаар бүр онцгойлон анхааруулж бичиж, сурталчилж байсан билээ.
    XXI зууны өндөрлөгөөс үзэх, хэлэх аваас мэдлэгийн тухайн салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг аль болох өргөнөөр татан оролцуулж байж л чухал, тулгамдсан асуудал нэг бүрийг шийдвэрлэж байгаа нь үнэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилго яг л ийм арга, хандлагын үр дүнд амжилттай хэрэгжих болно. Тохиолдлын, мэргэжлийн бус хүн өнөөдөр ямар ч өндөр албан тушаал хашиж байгаа ч гэсэн “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэхийн адил илүүц байх болно.
    Дор дурдсан 2 тогтоол, 1 захирамжид нэр заагдан орсон хүмүүсийн ажил, мэргэжил, нийгмийн байдлаас үзэхэд зөвхөн хоосон улс төржилтийн улмаас л бүтсэн бүрэлдэхүүнтэй байв. Өөрөөр хэлбэл тогтоол, захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд нь өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадваргүй байлаа.
    Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас сүүлийн жилүүдэд удаа дараа томилсон ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн ч гэсэн өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадамжгүй нь мөн илт харагдаж байв.
    Өнгөрсөн 25 жилийн дотор Үндсэн хуулийн эрхээр мэрэгшсэн судлаач, эрдэмтдийг төр барьж байсан намууд тусгайлан үзэж бэлтгэж болох байлаа. Энэ ажил хийгдсэнгүй. Ядаж л Үндсэн хуулийн бүлэг, зүйлүүдэд албан ёсны бус онолын тайлбар хийлгэж болох байв. Энэ талаар ч анхаарсангүй. Ингэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглаж болох нарийн мэрэгшсэн хүн хүч өнөөдөр ч гэсэн залуу улс төрчдийн дунд алга шахам байна.
    Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд өмнө нь хэдэн сараар дайчлагдан ажиллаж байсан гол гол хүмүүс өнгөрсөн 25 жилийн дотор тун ч ихийг эргэцүүлэн бодож, дүгнэлт хийж, юу юунд анхаарах, юу юуг хэрхэн өөрчлөх талаар сэтгэсэн, товлосон байх учиртай. Иймээс тэдэнтэй ярилцлага хийх, заримыг нь уг ажилд дахин томилон оролцуулах хэрэгтэй. Тэдний зарим нь Үндсэн хуулийн эрхийн асуудлаар судалгааны өгүүллүүд, нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээлийн бүлэг, зүйлүүд олныг бичиж хэвлүүлжээ. Тэдний үгийг сонсох нь Үндсэн хуулийг чанаржуулж өөрчлөх нэгэн эх сурвалж болж ашиглагдах ёстой. Энэчлэн бодох тооцох юм их байна!
    Үндсэн хууль боловсруулах болон төв төрийн засаглалын хэлбэрийг сонгон авахдаа ихээхэн анхаарч нягт чамбай хандсан улсын нэг бол АНУ юм. Анхны Үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улс төрийн амьдралыг гар биеэрээ, цусаараа бүтээлцсэн, туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, Үндсэн хуулийн эрхийг Англи, Франц, Герман, Чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ. Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байлцжээ.
    АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа анхны Үндсэн хуулиа боловсруулж эхэлжээ. Тусгаар улс болсны дараа 12 жилийн турш дахь улс төрийн амьдарлын практик нь ихээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVII зууны эцэс дэх Үндсэн хуулийн эрхийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж уг Үндсэн хуулийг боловсруулжээ.

    Анхны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штатын 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35-81 насны хүмүүс байв. Тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ.
    Парламентын хоёр танхимын хатуу хяналтын доор ажиллах нэг хүнээр засгийн газрыг удирдуулж, зөвхөн тэр ганц хүнтэй хариуцлага тооцож байх нь зохистой ба үр дүнтэй гэж тэд үзэцгээжээ.

    1787 оны 9-р сарын 17-нд эцэслэн батлагдсан, АНУ-ын Үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл болсон юм.
    АНУ дахь улс төрийн шинэ нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь Америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн Ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл, хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүхтэй…

    х х х

    1924 онд тун богино хугацаанд боловсрогдож батлагдсан Үндсэн хуульд Коминтернийн төлөөлөгчдийн нөлөө, Зөвлөлт Оросын Үндсэн хуулийн жишээ, загвар, Оросын элчин болон зөвлөхүүдийн нөлөө аргагүйн эрхээр шийдвэрлэх хэмжээгээр туссан нь хэнд ч илэрхий хэрэг болно. Яг тэр цаг үед өөр гарц, хувилбар байсангүй. Байх ч боломжгүй нөхцөл бүрдсэн билээ.
    1992 оны Үндсэн хуулийн тухайд бол 1924 оны үеийнх шиг шахаа, дарамт, гадны оролцоо үгүй байв. Харин улс төрийн үйл ажиллагааны хувьд шинээр байгуулагдсан Ардчилсан намын “жулдрайчуудаас” хэд дахин илүү их туршлага, атгаг санаа бүхий “Ах намын” гол хүмүүс, нөлөө бүхий хүмүүсийн ил, далд явуулга, санаархал “хэргээ хийж” чадаж байв. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76, үүнээс ч олон байхын чухлыг тэд далдуур ухуулж, “нарийн учрыг” нь шивнэлдэн зөвшилцдөг байв. Тэдний гол үндэслэл нь “гишүүдийн тоо олон байх аваас 1992 оны сонгуульд МАХН олонхи болох магадлал бараг 100%”, “энэ шалдан банди нараас дээд тал нь л 20 хүн сонгогдох бизээ” гэсэн тооцоо юм. Тэд мөн “Улсын Их Хуралд сонгогдох насыг 30 болгоё энэ ч бас том хаалт шүү” гэцгээж байв. Гэхдээ далдуур, ойр зууртаа шүү. “Ерөнхийлөгчид сонгогдох насыг 50 болгох аваас сөрөг хүчнээс ойрын 15-20 жилд Ерөнхийлөгч гарч ирж харагдаа ч” гэж шууд хэлцгээдэг байлаа. “Улсын Их Хурлыг 6 жилээр сонгох нь зөв, ирэх 6 жилийн дотор манай нам (МАХН)-ын гарт бүх зүйл дахин орох л болно” гэж ил хэлдэг хүн ч цөөн бус байлаа. Энэ бүхэн нь шинэ Үндсэн хуулийн төсөлд суучихсан буюу үргэлжлүүлэн суусаар, үлдсээр байсан юм шүү! Иймэрдүү атгаг санаа, тооцооны илрэлүүдийг Улсын Бага Хурлын гишүүд ч олж тогтоож, бодож хүрэхгүй байлаа. Ардчилал, шинэчлэлийн хувь заяанд чин сэтгэлээсээ зовниж, боломжтой бүхнийг далдуур хэлж, хийж байсан цөөн хүмүүсийн хүчин чармайлт л олон зүйлийг засаж, зөөллөж чадсан нь аз, ёндоо гэгдэхээр байж билээ. Энэчлэн ярих, дэлгэх аваас их зүйл бий. Бусад хүмүүс ч олныг өгүүлэх байх…
    1989-1992 оны үйл явдлууд түүх болон үлдэх, тодрохын цагт “Ах намын” элдэв явуулга, махинаци, санаархал эзэн, холбогдогчтойгоо цуг нийтэд ил тод болж танигдах бизээ! Чухам тэр үед л ард олон үнэнийг олж сонсох, мэдэх, бас гайхшрах болно.
    Зөвхөн түүхэн үнэн, яг яс үнэн л эзэд ба гэрчлэгчидтэйгээ түүх болон үлдэхийн цагт хэн нь хэн байсан нь тодордог жамтай билээ. Улс төрийн янз бүрийн хүчин, популист намуудын худал зохиомж, рекламаар “гавъяатанг төрүүлж”, Төрийн Ордонд зургуудийг нь тавиад байж хэрхэвч таарахгүйг учир мэдэх хүмүүс олонтой анхааруулсаар ирсэн ба одоо ч анхааруулсаар байна.
    Ах нам “МАН” хууль бүхнийг, бүр Үндсэн хууль, сонгуулийн хуулиудыг ч гэсэн зөвхөн өөртөө ашигтай байхуйцаар боловсруулж баталсаар ирсэн нь шударга ёсонд харш үйлдэл болно. Энэ намын ёс зүйтэй гишүүд, залуучууд намаа шинэчилж чадахгүй байгаагийн цаана юу нуугдаж байна вэ? Энэ нам бүрэлдэхүүн бүх хэсгээрээ ялзарчихсан юм гэж үү?
    УИХ-ын сонгуулийн хуулийг УИХ-аар биш, харин улс төрийн бүх намын төлөөлөл оролцсон хурлаар хэлэлцэж дийлэнх олонхийн нь саналаар баталдаг болмоор байна.

    Судлаач, профессор
    Д.Чулуунжав

  • “ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.

    Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
    Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Азид алдартай Лениний музейн эрхлэгч хийж байсан бөгөөд мөн ази тивд алдартай Чингис хааны музейг нээх хувь түүнд тохиожээ.
    ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ МАНДТУГАЙ…
    Өнөөдрийн гол трэнд асуудал, үйл явдал бол Чингис хааны музей байлаа. Ард түмэн түүх соёлоороо бахархам сайхан үйл явдал гэхээсээ эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Тухайлбал Солонгос улс түүх соёлоо кино урлагтай холбож бусад орныг “эзлэн түрэмгийлж” байгаа билээ. Тэд түүхээ таниулах зорилгоор хоол ундаанаас өгсүүлээд хувцас хунараа хүртэл бусад оронд худалдах жишээтэй. Чингис хааны музейд 11 мянган үзмэр тавигдсан, нэг хүн үзээд явахад 7-8 цаг болно гэсэн тооцоо бий. 2000 гаруй жилийн түүхтэй Хүннү болон Эзэнт гүрний түүх аргагүй том. Тун удахгүй дэлхийн кино урлаг Чингис хаан, Их Монгол улсын түүхээр амьсгалах болов уу. Монгол Улс энэ утгаараа бие даасан Соёлын яамтай болж хууль гарган энэхүү музейн эх үүсвэрийг тавьсан байдаг. Монголчуудын түүх дэлхийд тод ул мөрөө үлдээсэн бахархам түүхээ гадны зочид төлөөлөгч үзүүлж боломжтой болов. Зүгээр нэг музей биш эдийн засагт нөлөө үзүүлэхүйц (үйлдвэр нээгдлээ) арга хэмжээ байв шүү.

    Б.Жаргалсайхан (Буянгийн)

    Өнөөдөр Чингис хааныхаа музейн нээлтэнд оролцож магнай тэнийв. Сайхан болжээ. Үзмэрийн чанар чансаа, дэглэлт үнэхээр сайхан. Хүмүүсийн магтдаг Бээжингийн төв музейгээс илүү юу гэхээс дутах юм алга. Аугаа дээдэстэйгээ мэдрэх шиг боллоо. Музей төдийгүй соёл ш/у, соён гэгээрлийн төв, улс үндэстний бахархал, бишрэл хүндэтгэлийн ордон, их хаад, дээдсийн шүтээн цогцолбор болжээ. Ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуайтай таарч, гар барив. Сонгуулиар нь би сөрөг байр суурь баримталсан, бүр хоржоонтойхон шүлэглэж ирээд жаал эсэргүүцэж билээ. Гэтэл тэнэгэр эр юм, нүүр дүүрэн сайхан учрав . Энэ хүнд үед монгол улсад үнэхээр аугаа үйлс бүтээж чаджээ. Аугаа бүтээн байгуулалтыг биширч, догдолсон түүхч, архивч, археологич, музейнхэн нээлтийн ёслолийн үед сэтгэл тэнэгэр, баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл хорогдсоор сая л гэрээ зүглэлээ.

    Хоролдамба Дамдинсүрэн (Ph доктор)

     

    djmedia:548