Category: Монгол үндэсний түүх

  • 28 ХҮНИЙГ ХАМТ ОРШУУЛНА ГЭДЭГ …

     

    #АЛТАН ХЭЭТ АВС: Язгууртны авсыг монгол гэрийн хана мэт хээлэн алтаар чимэглэж, эрдэнийн чулуу шигтгээ бүхийгээр хийсэн байдаг нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Мөн гол бунхан орчимд 21 адуугаар тахил үйлдэж, адууны хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн байсан.
    #ХААНЫ ЯС: Шаньюйгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэн байсан. Өмнө нь 100 орчим антропологийн олдвор байдаг ч хаад, язгууртных тэр бүр олдож байгаагүй учраас энэхүү ясны олдвор нь антропологийн хувьд ач холбогдолтой. ДНК-ийн судалгаа нь өнөөг хүртэл маргаантай байдаг хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг тайлахад хувь нэмэр болно гэж үзсэн. Дундад Ази, Казахстан, Киргизстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарал үүслийг булаалдсаар байгаа билээ.
    #СҮЙХ ТЭРЭГ: Бунханаас жижиг, том нийт 15 орчим сүйх тэрэгний эд ангиуд гарч ирсэн бөгөөд тэдгээрээс бүтэн угсрагдах боломжтой 6-7 тэрэг байжээ. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хан улсын хуанди бэлэг болгосон байх. Бусад сүйх нь хүннү хийцтэй, чимэг урлал онцгой байдаг нь Шаньюй нарын эрхэм тансаг хэрэглээг илэрхийлдэг. Тэрэг болон хөллөх морины тоног хэрэгслийг тэр чигээр нь алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимж, хүрлээр гайхалтай нарийн урлажээ.
    #ШАГАЙ ба ТАМГА: Шаньюйгийн булшны зүүн талаар байрлуулсан 3 дугаар дагуул булшнаас нэг нас 7 сартай хүүхдийн оршуулга олдсон юм. Тэрхүү хүүхдийн булшинд 200 шагай хийсэн байсны 20 гаруй нь тамганы дүрстэй. Тэдгээрт Чингис хааны “наран тамга”, Өгөөдэй хааныхны “дэгрээ тамга”, Мөнх хааны удам угсааныхны “сэрээ тамга” зэрэг нь яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь маш чухал баримт юм. Чингис хаан болоод боржигон овогтныг Хүннүгийн эзэнт гүрний Шаньюй нарын залгамжлагч нар гэдгийг баталжээ.
    #РОМ АЯГА: Судалгааны багийн ахлагч доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр Гол мод II малтлагын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалжээ. Хоёр өөр шилийг уусган хольж урласан аяга нь эртний Ромын хаадын ордны тансаг хэрэглээний нэг аж. Шилээр урлах арга нь НТ I зууны 2-р хагаст хамаарах эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Ийм аяга Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү Монгол Улсаас олджээ. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром ба Хүннү гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болдог.
    #ХАШ: Монголоос урьд өмнө олдож байгаагүй, зөвхөн Хятадын эртний хуанди нарын гарт байдаг, оршуулахад нь зүрхэн тушаа газар нь тавьж оршуулахад хэрэглэдэг “хаш” чимэглэлийг Гол модны энэ булшнаас олсон бөгөөд хэмжээний хувьд Хятад улсад ч олдож байгаагүй том юм. Хашийг хөвөөлөн адуу малыг хүртэл чимэглэсэн нь сонирхолтой. Эртний үгэнд “эрдэнийн хаш нь эзнийхээ биеийн байдлыг илтгэдэг” гэдэг. Гартаа барихад өнгө нь хувирч байвал эзэн нь өвчин эмгэг туссан, эсвэл хорлогдсон хэмээн мэддэг байжээ. Эл хаш чимэглэлийн олдворыг эдүгээ Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалж байна.
    #ГАДНЫ ТУСЛАМЖГҮЙ ҮНДЭСНИЙ МАЛТЛАГА: Гол мод II малтлага нь Монгол Улс гадны тусламжгүйгээр бие даан малтан судалсан хамгийн том судалгаа шинжилгээний ажил юм. Тус малтлагыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн. Төсөлд ЭША, археологич, антропологич 6, археологи болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан 80 гаруй, цэргийн албан хаагч 80, инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогооны гэх мэт 20 орчим, нийт 200 орчим хүний хүч хөдөлмөрөөр малтаж 2000 гаруй цул алт, мөнгөн эдлэлийг илрүүлж Монгол судлаач эрдэмтдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсон билээ.
    #Жич: Энэ малтлага судалгаа, олдвор бол Монголын түүх, археологийн салбарын ГАЙХАМШИГ, сод үйл хэрэг юм. Үүнтэй хэн ч маргах аргагүй.

     

     

     

    Хүннү язгууртны гол булш уруу харсан пирамид хэлбэртэй байдаг. Зүүн талд нь “дагуул булшнууд”-ыг үйлддэг.

    djmedia:507
  • СОЛОНГОС, МОНГОЛ ӨӨР УГСААТАЙ ГЭДГИЙГ БАТАЛЛАА

    Тэд монгол эмэгтэй ажилчдаа дарамтлах, зодох нь ердийн мэт болсон төдийгүй хүн амины хэрэгт холбогдсон ч үл тоон тохуурхах ажээ.
    Гэвч энэ бол санамсаргүй үйл явц бус, харин хорин жилийн турш аажим хэрэгжсэн үзэл суртлын үр дагавар байсан юм.
    Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв.
    Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.
    Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ.
    Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).
    Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.
    Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.
    Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв.
    Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.
    Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна.
    Авлигад идэгдсэн Монголд ерөнхийлөгч, ерөнхий сайдууд нь ч дээрх үзлийг дуртай нь аргагүй хүлээн авчээ. Монголын аахилсан бүдүүн дарга нар хоёр орны албан уулзалтын үеэр ч, болор жүнз бүхий зоогийн тансаг ширээний ард ч “ах дүүс минь” гэх долигносон үгийг нөгөө талд сүүлийн хорин жилийн турш хэлж иржээ.
    Харин солонгосчууд айхтар хүмүүс тул тэдний үг бүрийг бүртгэн баримтжуулж боть ном болгожээ. Ийнхүү “үнэн”-ийг мөнгө ба өнгөөр хэмжих хорвоод Монголын ард түмэн манкурт боол лугаа адил ой санамжаа арчуулан хөөрхийлөлтэйгээр мэхлэгдэн тэнэх ажээ.
    Тэднийг дээрлэхэж, оюуныг нь зэрэмдэглэж ханах биш. Одоо өнөөх цол, зэрэгтнүүд Монгол Улсын Засгийн газрын ивээл дор дэлхийн монголчуудын гарал үүслийн түүхийг бичиж, дунд сургуулийн хичээлийн агуулгад оруулах гэж байгаа ажээ. Тэд Монгол орны ирээдүй-хүүхэд бүрийг онилжээ.
    Гэвч үнэнийг мөнгөөр хэмжиж болдоггүй, үргэлж нууж чаддаггүй ажээ. Үнэн хэзээ нэгэн цагт илэрдэг. Тэгвэл тэр цагийг монгол залуус зөвхөн өөрийн хүч хөдөлмөр, оюунаар урин дуудаж эхэлжээ. Тэдний нэг нь судлаач Батбаярын Хэрлэн юм.
    Б.Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид судлаачаар ажилладаг юм. Түүний хэлснээр тэр өөрийн үндэстний гарал үүслийг танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул 2008 оноос монголчуудыг генетик талаас нь бие даан судалж эхэлжээ (http://www.tsahimurtuu.mn).
    Б.Хэрлэн судалгаагаа илүү нарийн мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр явуулж байгаа бөгөөд үр дүнг нь олон улсын судалгааны сэтгүүлд хэвлүүлээд байна (http://rjgg.org/index.php/RJGGRE/article/view/123).
    Монголчуудын Ү-ДНХ-ийн гапло бүлгүүд (генийн кодууд)-ийг бусад үндэстнүүдтэй харьцуулсан түүний судалгаа “монголчууд нь солонгосчуудаас (мөн хятад, түвд, япончуудаас) удамшлын хувьд хол зөрүүтэй” гэдгийг баталжээ.
    Монголчуудын давамгайлагч гапло бүлэг нь C3 ажээ. Харин солонгосчуудад O гапло бүлэг давамгай ба солонгосчуудад түгээмэл гапло бүлгүүд монголчуудад бараг байсангүй (Зарим харьцуулалтыг хүснэгтээс харна уу. Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-44-52/2123-2012-03-06-11-08-42).
    Б.Хэрлэн бас нэг сонирхолтой дүгнэлт хийжээ. Бид алтай, киргиз, якутуудыг өөрт хамгийн ойр хүмүүс гэж боддог боловч энэ нь эндүүрэл ажээ. Тэд монголчуудтай ойр холбоогүй байв. Харин казахууд монголчуудад илүү ойр байжээ. Гэхдээ тэрээр нэг ташаа ойлголтыг няцааж байна.
    Юуны өмнө, Чингис хааны үед монгол түрэмгийлэгчид ирж хүчирхийлэл үйлдсэнээс өнөөгийн казахууд хавтгай нүүр, онигор нүдтэй болоогүй, харин казах хүмүүс хамаагүй урт удаан үйл явцын үр дүнд үүсчээ. Үүнээс үүдэн казахууд өөрсдийгөө монгол, эсвэл Чингис хаан казах гэж маргах шаардлагагүй болсон ажээ.
    Гэвч энэ бүхнээс Б.Хэрлэнгийн судалгаа нэг зүйлээрээ хамгийн их ач холбогдолтой байсан юм. Түүний судалгаа Монголын шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд болон өндөр цол, зэрэгтнүүдийн өнөөгийн үнэн дүр төрхийг илчиллээ. Тэр үүгээрээ Монголд мэдлэг, эрдмийн цол, зэргүүд ямар хуурамч вэ гэдгийг харуулав.
    Сүүлийн хорин жилийн хугацаанд Монголд монголчуудын гарал үүслийн талаар ийнхүү олон тооны ном, судалгааны өгүүлэл, нийтлэл, тайлан хэвлэн гаргажээ. Тэгвэл одоо тэдгээр ном, өгүүлэл хэнд, юунд хэрэгтэй вэ? Тэд хүчинтэй юу? Гэхдээ хичнээн худал хуурмаг байсан ч тэд нэг зүйлд хэрэгтэй байж магадгүй. Тэд мөнгөөр хэмжигддэг үнэн, хүчингүй мэдлэг ямар байдгийг, энэ нь ард түмнийг хэрхэн хохироож буйг харуулах жишээ матриал болж болох юм.
    О.Алтан

  • ЭКСПЕРТҮҮД: МОНГОЛД СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ, ЭМЧИЛЖ ЧАДДАГГҮЙ

    Жил ирэх тусам хүрээгээ тэлж нийгмийн тулгамдсан асуудал болж буй сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцсон юм. Мэргэжлийн экспертүүдийн байр суурийг хүргэж байна.
    СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа: АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ 40 ДАХИН ИХЭССЭН
    -Монголчуудын 5-6 хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа гарсан. Тодруулбал, баруун хэсгийн бүсэд 100 мянган хүнд 28.1 хувьд ийм байдал ажиглагдсан байна. Хүн амын дунд 2019 онд хийсэн судалгааг 1984 оныхтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна.
    Мөн мансуурлын түвшин жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Үүнд, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 оны 354 болтлоо ихэссэн.Мөн манай төвд хандсан хүүхэд, өсвөр насныханд хийсэн судалгаагаар 30.5 хувь нь сэтгэцийн асуудалтай, есөн хувь нь ямар нэг эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан.
    Сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зардал үргэлж асуудал байсан Үндэсний хэмжээнд судалгаа шинжилгээ хийх боломжгүй байдаг. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч байж судалгаа хийх шаардлагатай болдог. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаа тул судалгаануудыг 10 жил тутамд хийх шаардлага тулгарч байна.

    АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин: СЭТГЭЦИЙН ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
    -Хүний эрхийг хамгаалахын тулд хүний сэтгэц, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл бид үр дүн, шинж тэмдгийн тухай их ярьдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэцийн гэмтлийг тогтоодог болох хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалахын тулд сэтгэл буюу сэтгэцийг хамгаалах нь чухал. Гэтэл бид шинж тэмдэг, үр дүнгийн асуудлыг маш их ярьдаг. Шалтгаан эсвэл тогтолцооны асуудлыг огт ярьдаггүй.
    Сэтгэцийн гэмтэл гэж нэг юм бий. Манайд сэтгэцийн гэмтлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Гэмтлийн зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж гуравхан зэргээр тогтоодог. Гэтэл сэтгэлзүйн гэмтлийг хэн ч, хэзээ ч тогтоодоггүй. Манайх цаасан дээр бичсэн хуулиа л дагадаг учраас үр дүнд хүрэхгүй, хэрэгжүүлэхгүй байна.
    “Хөөрхөн зүрх’’ ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг: ХОХИРОГЧИЙН СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛЫГ НӨЛӨӨЛЛИЙН АРГААР ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ
    -Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахийн тулд бүх шатанд сэтгэлзүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Манай улсад хохирогч өөрийгөө буруутай гэх үзэл түгээмэл байна. Тиймээс хохирогчийн сэтгэлзүйн асуудлыг нөлөөллийн аргаар сурталчилан, таниулах хэрэгтэй байна.
    Үйлчилгээ үзүүлж байгаа гээд гэмтээгээд байна уу, үзүүлнэ гээд зүтгээд байна уу гэдгийг мэдрэх чухал. Мөн бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхдийн асуудалд маш хайнга хангагддаг. Бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхэд маш урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай явдаг. Үүнд гол нөлөөлж буй нэг зүйл нь тухайн хэргийг шийдэж буй хуулийн байгууллагаас шалтгаалж байна. Яадаг вэ гэхээр хэрэг хянан шийдэж байна гээд урт хугацаагаар нөгөө хүчирхийлэлд автсан хүүхдийг байн байн цагдаагийн байгууллага дээр дууддаг. Энэ нь хүүхдэд болсон хэрэг явдлыг эргэн сануулж байдаг. Энэ асуудал дээр төрөөс анхаарч хүчирхийлэлд өртсөн хүүхдийг харж үзээч гэж хэлмээр байна.
    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул: ХӨНГӨН ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙГ НЭГ ӨРӨӨНД ЭМЧИЛЖ БАЙНА
    -Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эмгэг судлалын клиникт үргэлжлүүлж байна. Энэ клиникт 30 хүнийг эмчлэх боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлэгдэж байна. Тухайлбал 2-8 хүн нэг өрөөнд эмчилгээ хийлгэж тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа. Албадлагын арга хэмжээ авахуулсан хүмүүсийг гэмт хэрэг зөрчил үйлдсэн хэлбэрээр ялгах ёстой ч хөнгөн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа. Түүнчлэн клиникт “COVID-19” халдвар гарсан тохиолдолд тусгаарлан эмчлэх өрөө, тасалгаа байхгүй учраас халдвар тархах эрсдэлтэй.
    Хүүхэд хамгааллын ажилтан Б.Жавзанхүү: СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
    -Хүүхдүүдийн сэтгэцийн эмгэг хамгийн их байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байнга яригдаж байна. Монголд сэтгэцийн эмгэг, өвчинг оношлох шаардлагатай. Оношлох эмнэлэг, эмчлэх эмч мэргэжилтэн дутмаг байна. Нэн тэргүүнд оношилгооны асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Тэгж байж тохирсон эмчилгээг нь хийнэ.
    Сэтгэл зүйч С.Баасанбат: ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ СУРГАЛТ БАРИВЧИЛГАА ХИЙГДДЭГ
    -Миний хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр 20 гаруй жил ажиллалаа. Гэтэл одоо болтол сэтгэцийн асуудлыг хэмжиж оношилдоггүй, хохирогчийн сэтгэл зүйн байдал ямар байгааг анхаардаггүй хэвээр байна. Мөн хүчирхийлэгчийн зан үйл засах сургалт буруу явагддаг. Ингээд ямар ч үр дүнгүй сургалт баривчилгаа хийгдсэний дараа уур хорсолтой хүчирхийлэгч гэртээ очоод дахиад хүчирхийлэл үйлддэг. Хохирогчийн сэтгэл зүйн эрүүл байдлыг анхаардаг, хамгаалалтад авдаг болмоор байна.
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)

  • МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦСАА ЭРХЭМЛЭХИЙН УЧИР

    Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр зан үйлийг бөө мөргөлийн ёс жаягтай холбон тайлбарлах нь бий. Орчин цагт Монголчууд бид тоотой хэдхэн баяраар үндэсний хувцсаараа гоёдог. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох. Тиймээс үндэсний хувцасны талаарх мэдээлэл хүргэе.

    Мандах төрийн малгай
    Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж.

    Жишээ нь, Монгол малгай бол улаан залаатай, нар, cap, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.

    Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно.

    Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.

    Тэгш төрийн дээл
    Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дүрсэлснийг үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ.

    Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна.

    Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.

    Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожимоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэн тул эмэгтэйчүүд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ.

    Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчилэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvp нь цаанаа билгэдэл, зан үйл, түүx домгийг агуулж байдаг юм.

    Бүтэх төрийн бүс
    Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.

    Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.

    Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.

    Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг “бүсгүйчүүд” гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ.

    Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.

    Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзснийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ.

    Түших төрийн гутал
    Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг билгэдсэн. Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг.

    Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.

    Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл, саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын билгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

    Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад Монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчуул хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг байв.

    djmedia:506
  • АРСЛАНТАЙ ТӨГРӨГ УРЛАСАН УРАН МИНЖҮҮР

     

    Тэрбээр найман настайдаа Тэгшийн хүрээнд шавилан сууж буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн арга, их бага арван ухаанд суралцаж эхэлсэн байна. Түүнчлэн балин тахил хийхээс гадна бурханы гуу, гүнгэрвааг угалзаар чимэхийн сацуу хожмоо Човомбын (Буддын шашны ямарваа нэгэн тахилга, зан үйл, ёслолын үйл ажиллагааг удирддаг мяндаг тушаалтан) үүрэг гүйцэтгэх болжээ.
    1939 онд хүрээ хийд нь татан буугдахад тэрээр хар болсон бөгөөд аж амьдралын мөр хөөн арслантай авдар хийж, гэрийн мод хээлж хуарлахын зэрэгцээ алт мөнгөн бөгж, ээмэг, бугуйвч, эхнэр хүний толгойн боолт, мөнгөн аяга зэргийг урлаж байжээ. Бас заримдаа ах дүүсийн захиалгаар нууцаар бурхан бүтээж явсан түүнийг нутгийн олон нь “Хүнгийн голын уран Минжүүр” хэмээн алдаршуулсан байна.
    Мөн 1940 оноос эхлэн сумандаа шинэ үсгийн багш, улаан булангийн эрхлэгчийн ажил хийж байжээ. Улмаар Минжүүр нь хосгүй авьяасаараа алдаршин нийслэл хотод ирж Урчуудын артелиар дамжин 1961 оноос Урчуудын эвлэлийн хороонд зураач болж, монгол зургийн аргаар “Адуучин”, “Нүүдэл”, “Нэгдэл”, “Баяр наадам”, “Багануур”, “Отгонтэнгэр” зэрэг олон бүтээлийг туурвижээ. Мөн 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарсан дархчуулыг ахласан, 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг сэргээж янзалсан гээд Уран Минжүүрийн оролцоогүй уран нарийн ажил тэр үед бараг байхгүй байв.
    Тухайлбал, уран зураач Минжүүр нь 1963 оноос БНМАУ-ын шинэчлэгдсэн мөнгөн тэмдэгт зурах ажилд томилогдон НАХЯ, Улсын Банкны Ерөнхий Хорооны хатуу чанд хяналтын дор 1, 3, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртүүдийн эх загварыг (УГЗ Д.Цэрэнпилийн хамт) зохион урласан юм. Социализмын үед түүний урласан монголын мөнгөн тэмдэгтүүд нь хатуу чанга ханштайгаар олон жил болсон бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн утга билэгдэл төгөлдөр нь 1-тийн дэвсгэрт гэж хэлж болно.
    Түүнээс монгол зураачийн ур, ухаан хоёр мэдрэгддэг. Араатны хаан арслангийн зурагтай авдрыг монголчууд гэрийнхээ хоймор тавьж орон гэрээ аюул осол, гай түйтгэрээс хамгаалуулдаг уламжлалыг 1964 онд улсынхаа мөнгөн тэмдэгтэд шингээхдээ “уран” хэмээх Ц.Минжүүр тэр үеийн үзэл суртлын хатуу чанга цагдалтыг тойрч гарахын тулд арслангийн дүрсийг уран нарийн хээ мэт харагдахаар зурсан гэдэг.
    Түүний зурсан мөнгөн тэмдэгтийн эхийг МАХН-ын Төв хорооныхон батлахаар хэлэлцтэл “Үүнийг хүн зураагүй, хэвлэсэн байна. Ямар ч уран хүн ингэж зурж чадахгүй” гэсэн яриа гарч Ц.Минжүүрийг өөрийг нь дуудан шалгаж байсан гэдэг.
    Минжүүр гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд Гандантэгчинлэн хийдийн бурханч ламаар ажиллаж “Өндөр гэгээн Занабазар”, “Цагаан Дар эх”, “Жүгдэрнамжил”, “Мэлмийн бурхан”, “Суугаа Жанрайсиг” зэрэг олон бурхан бүтээсэн байна. Зураг дээр Уран Минжүүр, түүний бүтээсэн АРСЛАНТАЙ 1-тийн дэвсгэрт.

    Тэмдэглэсэн: Завхан Хүнгүй голын унаган хүү доктор хурандаа ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

    42Burmaa Dugar болон өөр 41 хүн
    3 сэтгэгдэл

  • ОЙРАД МОНГОЛЫН ТҮҮХЭЭС

    Их Монгол гүрний үед явуулсан Алтан улсын эсрэг хийсэн аян дайн хүнд үеэр ар нуруунд нь бослого гаргаж Чингис хааны өргөмөл дүү Борохулыг хөнөөсөн ялтай Таргун Ботохой(Хори түмэдийн тэргүүн байсан Дайдугал согур буюу Дулдухайн хатан)-ын Түмэд аймаг урагшаа Торгоны замын харуулчаар Шар мөрөнд цөлөгдсөн байна. Үлдсэн ойрад нар Хутуга бэхийн дараа чуулганаа тараан Зүчи, Өгөдэй, Гүег болон Толуйн хүү Аригбөх нарын эзэмшилд байсан байна. Юан гүрний цэргийн жанжин явсан Мөнхтөмөрийн захиргаанд өгснөөр Ойрадыг цорос омгийн ноёд захирах болжээ. Цоросын ноёд бол их эзэн Чингис хааны үеийн Уранхан(түрэг урианхай л лав биш) аймгийн аданхан овогт Жарчигудай дарханы хүү Зэлмэ өрлөгийн үр удам хойчис ажээ. Түүний байгуулсан Ойрадын 2-р чуулган Цорос авогт Махмудын хүү Тогоон тайш, түүнийг залгамжлагч Эсэн тайш нарын үед дахин задарсан байна. Баруун монголын олон аймгууд нэгэн цагт холбоо болон нэгдээд, удахгүй олон хэсэг болон бутрах нь дундад зууны үеийн ердийн үзэгдэл мэт байжээ. Цорос овогт Явган мэргэн нь хэрнэгүүд, барга, хори баатад зэрэг аймгуудыг зохион байгуулж Ойрадын анхны чуулганыг үүсгэсэн боловч удалгүй замхарчээ.
    Явган мэргэн- Ойлондой Буд- Цэлмэн тайж- Цорлон тайж- Өрлөг хошууч- Хуухай Даюу- Батула Чинсан(Махмуд)- Тогоон тайш- Эсэн тайш Юан гүрний мөхлийн дараа Мин улс ба Монголын хаант улсын хоорондын хямрал тэмцлээс болж төвийн нутгаас олон омог, ястангууд баруун тийш нүүж, Ойрадын хүн мал нь олширч хүчирхэгжин улмаар хааны мэдлээс гарах эрмэлзлэлтэй болжээ. Үүнд эртний Хэрэйдийн эзэн Тоорил ханы дүү Жаха Хамбын удмын Амгалангийн эзэмшлийн торгууд нар, Хавт Хасарын удмын Уругтөмөр гэгчийн эзэмшлийн хошууд нар(хорчин нараас тасарсан) мөн нүүж очин суурьшжээ. Ойрадын холбоо үүсэхэд бүрэлдэхүүнд нь хойд, торгууд, хошууд, цорос аймгууд багтаж байв. Хойдын дотор барга(мөн барга нарын хавсарга омгууд болох буриад), цорос аймгийн дотор дөрвөд нар багтаж байжээ. Эсэн тайш алагдсаны дараа “тайш”-ийн ширээний төлөөх тэмцэл явагдан, бутралын үе нь улмаар 100 гаруй жил өрнөжээ. Монголын хаан ширээнд суух эзнийг чуулган ноёдын хуралдайгаар шийддэг байсан болохоор хэн нэгэн тайш нь угсаа залгамжилсан аль нэг хааныг алж талаад өөрийгөө “хаан” гэж өргөмжилснийг хаанд тооцдоггүй байжээ. Тийм ч учраас тэд өөрсдийгөө хаанд өргөмжлөөд байсан байх учиргүй юм. Эсэн нар өөрсдийгөө хаанд өргөмжилсөн гэж бичээд байгаа зарим нийтлэлч нартай санал нийлэхгүй.
    1487 онд Цорос аймаг хоёр тасрав. Дөрвөд нар салж явснаар үлдсэн цорос нарыг ахалсан Хамаг тайш гэгч аймгийнхаа нэрийг Өөлд гэв гэсэн нь бас бий. 1550 онд Ойрадын олон аймгууд цугларч шинэ чуулган(Ойрадын 3-р чуулган) хийж хошуудын ноён Бүүвэй Мирц(Хасарын удам Уругтөмөрийн угсааны ноён)-ийг “хан” хэмээн зөвшөөрчээ.
    Бүүвэй Мирц хан- Ханай Хонгор хан- Байбагас хан- Очирт цэцэн хан- авга Төрбайх гүш хан Халхын Засагт хан Лайхур нөлөөгөө өргөтгөхөөр 1587 онд Завхан, Хүнгүй голуудын сав газар дахь ойрадын гол цогц нутгийг нь довтолж эзлэн хүү Субадайгаар захируулав. Лайхурыг хальсаны дараа ойрад нар Субадай ханг хөнөөжээ. Улмаар өшөө авахаас эмээн Алтай, Тагнын нуруу давж Эрчис, Обь мөрний эх саваар нутаглан алсалжээ. 1600-аад оны эхээр тэд Сибирийн өмнө тал хүрч тархжээ. Бэлчээр нутаг булаалдан өөр хоорондоо тэмцэлдэхээс гадна Оросын казакуудтай сөргөлдөж байсан байна. Ойрадын дотоодын хямралыг зогсоох гэсэн хүн бол Төрбайх гүш хан байжээ. 1628 онд Цоросын Хархул ноён хальж, түүний хүү Хотогчин баатар хунтайж залгамжлав. Тэрээр хошууд аймгийг дайлах гэхэд нь Төрбайх гүш хан очиж, хор уршгийг ухуулан улмаар нөхөрлөжээ. Халхын зүгээс хотогойдын ноён Омбо-Эрдэнэ(Түшээт ханы харьяат Шолой увашийн хүү) байн байн цэрэглэн дайрч хүн малыг нь олзолсоор байжээ. Төрбайх, мөн 1629 онд Омбо-Эрдэнэтэй бас биечлэн очиж уулзан ухуулаад цус асгаруулах дайныг зогсоожээ.
    Төрбайх хан, тэгээд завшааныг ашиглан цэрэглэн мордож Алтай, Эрчис, Тарвагатай, Ховогсайр, Өрөмчи, Тэнгэр уул хүртэл газрыг эзлэн авчээ. Ойрадын гол цогц нь Сибирээс урагш шилжин суужээ. Хошууд аймаг нь Зайсан нуураас Балхаш нуур хүртэл, баруун тийн Чүй голд тулж, урагш Өрөмчи хүрсэн байна.
    Зүүнгарын хан Баатар хунтайж(Цоросын), Засагт хан Субадай нарын санаачилгаар 1640 онд Тарвагатайн өврийн нэгэн бэлчирт чуулган хийж “Халх-Ойрадын цааз”-ыг батлан гаргажээ. Гэвч уг цаазынхаа дүрэм заалтыг хоёр талаас аажмаар зөрчсөөр байгаад хэн хэнийх нь дотоодын хямрал нь даамжирчээ. Хошуудын Очирт цэцэн хан бол Ойрадын түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Тэр Цоросын Эрдэнэбаатар хунтайжтай дотно нөхөрлөж “Хоёр тайж” хэмээн Хошууд-Цоросын эв эеийн нэр хүндийг сахин хүлээж явжээ. Очирт цэцэн бол Галдан бошготын хадам өвөг болох юм. Төрбайхаар ахлуулсан хошууд нар Хөх нуурын зүг, Хоо өрлөгөөр ахлуулсан торгууд нар Ижил мөрөн хүртэл нүүжээ. Үлдсэн ойрад нар хойд аймгийн тэргүүн Исэлбай ноёны хүү Сайнхиа ханы мэдэлд үлджээ.
    Голлох сөрөг хүчнүүд дайжин одсоны дараа Цоросын Хархул ноёны хүү Баатар хунтайж Зүүнгарын хант улсыг байгууллаа. Ойрадууд хэдийгээр Монголын баруун талд байдаг авч дөрвөн ойрад дотроос Цорос овгийнхон зүүн талд нь оршдог байжээ.
    Баатар хунтайж- Сэнгэ хан- дүү Галдан бошгот- Цэвээнравдан хан- Галданцэрэн хан- Цэвээндоржнамжил хан- ах Лхамдаржаа хан- авга ах Даваач хан(Ойрадын сүүлчийн хан)
    Хорчины Зайсан бөх (Хасарын 20-р үеийн угсааны хүн) гэгчийн хүү Манзшири нь Манжийн хааны гүнжийг авч хошой эфү цол авсан. 1628 онд тэрээр харьяат цэргээрээ манжийн эрх ашгийн өмнөөс Монголын сүүлчийн хаан Лигдэнтэй тулж ялалт байгуулж байжээ. Манзширид манжийн төрөөс үе улиран суух “Дархан баатар чин ван” хэргэм цол хүртээсэн байдаг, аймгийг нь “Дархан хошуу” гэх болсон байдаг. Манзширийн хүү Банди дархан чин ван гэгч этгээд Манжийн хааны зарлигаар Ойрадын сүүлчийн хан Даваачийг дарахаар хөдөлсөн зүүн замын их цэргийг захирч явжээ.
    Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
    Ерөнхий захирагч Банди жанжин
    Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
    Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
    Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
    Жүн ван Чингүнжав(Хотогойдын)
    Жүн ван Банзор(Хошуудийн)
    Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)

    Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
    Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
    Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
    Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
    Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
    Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
    Чин ван Эринчиндорж(Халхын)
    Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
    Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)
    Манжийн их цэрэг ямарч эсэргүүцэл үзэлгүй явсаар 1755 онд хоёр фронтын цэргийн хошууч ангиуд Борталд нийлжээ. Даваач ханыг бууж өгөхийг шаардсан боловч тэрээр татгалзсан учир, тэр шөнө нь захчин омгийн Харбаатар Аюуш тэргүүтэй шаламгай цэргийг оруулжээ. Даваач зугтан гарч чадсан боловч отолтонд хүлээн сууж байсан кашар омгийн Гүшич гэгчид баригдан хүргэгдэв гэсэн байдаг.
    Зүүнгарын хант улсын мөхлийн дараа үлдсэн дөрвөн ойрад нь дээр дурьдсан манжийн хаант төрийн цэргийн туган дор явсан тэрслэгч ноёдын угсаа залгамжилсан захиргаат аймаг, хошууд болох юм. Хүн ам нь Зүүнгарын хант улсын иргэдийг эр эм гэлгүй хүйс тэмтэрч хядагдсанаас амь зулбан үлдсэн цөөнхийг өөрсөддөө нэгтгэсэн 4 аймгууд байх болтой юм.
    Хойдын хан Амарсанаа
    Хошуудын хан Банзор
    Цорос, Өөлдийн хан Галсандорж
    Дөрвөдийн хан Цэрэн
    Манжийн хаант төрөөс Дөрвөдийн ноёд болох Цэрэнд Чин ван, Цэрэн увашид жүн ван, Цэрэнмөнхөд бэйл, Сэвдэнд бэйл, Нэмэхт жүн ван, харин хошууд Банзорт жүн ван цол тус тус олгожээ. Цоросоос тасарсан өөлдийн хэсэг нь Чин улсын эрхшээлд орж Орхон голын саваар нутаглаж байгаад дийлэнх нь 1754 онд Ховдын хязгаарт суурьшжээ. Харин Орхонд үлдэгсэд нь Архангай, Завханы өөлдүүд бөгөөд халхад уусаад арилжээ.
    Сүүлд нь Амарсанаа нарыг дарах зорилготой Манжийн төрөөс өдөөсөн цуст дайны хөлд үлдэж хоцорсон тэдгээр ойрад нар дахин өртөж тэдний талд хамаг л хүчээ өгсөн Дөрвөд аймгаас бусад нь сарнижээ. Хожим Ховдийн хязгаарт захирагч Дамбийням тайжийн өөлдүүд гэж цөөхөн үлдсэн байдаг. Ойрадын эзэмшил бүх нутгаар манж, хорчин, цахар цэргүүд самнан яваад нийт 600 мянга гаруй ойрад нарыг нас болон хүйсээр нь үл ялгаварлан(хүйс тэмтэрч) хядаж устгасан тухай зарим баримт байдаг. Манж нар харин өөрт нь хүчээ өгч үнэнчээр зүтгэсэн дөрвөд аймгийн ноёдод, мөн түүний дотор явсан баяд, урианхай нарт нааштай хандсан байдаг. Ховдийн хязгаар гэгч нутагт Дөрвөдийн шинээр үүсгэсэн зүүн, баруун хоёр аймаг(Дөрвөд далай хан, Зоригт хан аймгууд)-т нь дөрвөдийн 10, баядын 10, Алтайн урианхайн 7 хошууг тус тус байгуулж өгсөн байдаг.
    Ойрадын эзэд болж тодорч гарсан түүхэн баатарлаг хүмүүс нь их эзэн хаан Чингис хааны дүү Хавт Хасарын угсааныхан, мөн уранхан халх ясны аданхан омгийн Зэлмэ өрлөгийн үр хойчис байсныг харж байна. Харин өнөөгийн ойрад нар гэж нэрлэгдээд байгаа, тэгээд Зүүнгарын хант улсын мөхөлд халх монголын ноёдыг эзэрхэг Манжтай нийлсэн хэмээн буруутган суудаг олон бага ястан улдын дээд өвөг нь чухам ямаршуухан эх түүхтэй болохыг нарийвчлан гаргаж болох мэт. Өөрсдийгөө Ойрад хүн гээд эрэлхэг баатарлагаар цээж дэлдэн явдаг зарим хүмүүс(ялангуяа дөрвөд, баяд, урианхай, захчин, хотон) үнэнхүү болж өнгөрсөн эх түүхээ эргэж хааяа нэг харцгааж баймаар байгааг эелдгээр зөвлөж байна. Комментернийн улаан оросуудын бидэнд зохион найруулж өгсөн гажуу түүхийн буруу суртал нь соёлжсон энэ орчин цаг үед аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн байна. Халх монголын тархай бутархай аймгуудийн эзэн хангууд, хошуу ноёд(халхын нутаг Түвдийн далай ламын тухирлагаар цөмрөн орсон Зүүнгарын Галдан бошгот гэгчийн олон үндэс ясны бүрэлдэхүүнтэй цэргийн хөлд бүрэн гишгэгдэж эзлэгдсэн хүнд бэрх цаг үед)нутгаас дайжин гарч, хэдийгээр өөрсдийн хүсэлтээр боловч язгуур монголын үндэсээ мөхөөхгүй үлдээх санаа зорилгыг агуулсан утга бүхий хатуу чанга гэрээг барин нэгэнт Манжид дагаар орж хараат статустай үлдсэн боловч тэдний явуулсан цэрэг дайны эзэрхэг түрэмгий үйлд нь гар нийлэн оролцож явсан түүх бараг л байдаггүй. Манжийн хааны задлан бутаргах бодлогоор халхад шинээр үүсгэн байгуулж өгсөн Сайн ноён хан аймаг, түүний зарим хошуудын засаг ноёд, тухайлбал Жүн ван Цэрэн эфү(Ноонох үйзэний удам болох Данзан ламын хойчис Намжил үйзэн ахайн хүү Цэрэн гэгч 1691 онд Долнуурын чуулганд оролцож яваад тэндээ үлдэж Манжийн хааны гүнжтэй ханилан улмаар хошой эфү цол авч 30 гаруй жилийн турш амьдраад, адагт нь халхын Сайнноён хан аймгийн туслах жанжинаар Улиастайд суух томилгоотойгоор буцаж ирсэн)-гийн хөвгүүд болох хошой чин ван Цэнгүнжав, Цэдэнжав нарыг, тэдний үр хойчсыг эс дурьдвал халхын ноёд илт зай барьж байсан байдаг. Харин өмнөд монголын хорчин, харчин, цахар аймаг, тэгээд ойрадын дөрвөд, хойд аймгуудын ноёд өөрсдийн хувийн ашиг хонжоог хайсан сувдаг сэтгэлийнхээ үүднээс тэдгээр харгис дайн дажны үйл явцад сайн дураар татагдан оролцож байсан нь нэлээд түгээмэл бий.
    Хойдын Амарсанаа, Хотогойдын Чингүнжав нарын Манжийн төрийн эсрэг явуулсан бослогын талаарх бодит дүгнэлтийг өнөөгийн түүхчид байснаар нь үнэн зөвөөр бас л гаргах учиртай болов уу. Хоёул адилхан нэгэн цагт Манжийн төрд хамаг хүчээ өгч Зүүнгарын тооны хувьд хавьгүй цөөн ойрад цэргийг өөрсдийн харьяат цэргийн хүчээрээ манжуудтай хавсран довтолж явсан цэргийн урлагийн чадварлаг жанжид боловч ямархуу эрх ашгийн үүднээс эргэж харь эзнээ ноцов, үүнээс улбаалан монголчууд юуг алдав, юуг хожив гэх мэт мэдвэл зохих зарим асуудлыг нарийвчлан судалж гаргах учиртай гогцоонууд байдаг. Тэдгээр хүмүүсийн тухайн үеийн үйлдлүүдийг ажиглахад тэд зөвхөн хувийн эрх ашгаа нийт монголчуудын эрх ашгаас арай өндөрт тавьж байсан байх магадлал илүүтэй ажиглагддаг.
    Тэр цагаас хойш монголчууд Манжийн холбооны нэгэн улс болоод тарж суугаад нутгийн бүх жалга судаг бүрийн ноёд нь зүгээр суугаад л, цалин пүнлүү, торго дурдангаа аваад, тэгээд бас болоогүй ган сэлэм болон нум сумныхаа ган зэвээ хүртэл цөмийг хамж шимэн хураалгаад, гартаа зөвхөн ташуур, малынхаа махыг идэх хэт хутгаа л авч үлдсэн болтой байдаг. Төмрийн дарханы бүх үйлээ цагдаж хориулан багаж бүхнээ хураалгаад, гал голомтныхоо ган төмөр тулгыг хүртэл өөрсдөө хийх эрхгүй болж манж эзнийхээ захиалгаар нангиад инжааны дархалсан хэрээ хошуут 4 хөлт төмөр тулгыг уламжлан авсан байдаг. Баярын ширээны чимэг болсон идээний боовоо хүртэл ул(хэвийн) боов гэж хийнэ. Монголчуудын тэнгэрийн хишгийг Манжийн хаад болон Тангудын харьяат Түбдийн лам нар идээнийх нь ширээн дээр нь хүртэл гишгэлэн байгаа мэт муухай бэлэгдэл өнөөг хүртэл монголчууд бидэнд уламжлагджээ. Монгол язгуурын айл өрх гэр бүхэнд хадгалж байсан эртний соёлын үнэт өв болсон ном судар(монгол хэл дээр бүтээгдсэн) бүрийг нь уран аргаар мэхлэн Бээжинд зөөж хүргээд хуу шатаан устгажээ. Мин улсын төрөөс Монголд илгээх өөрийн заншлаач тагнагч нартаа зориулан хазгай монгол хэлээр боловч ханз үсгээр бүтээгдсэн “Монголын нууц товчоо” гэгч засварлаж хуулбарласан буруу суртлын номыг “Оройн дээд шүтээн”-ээ болгох хүртлээ монголчууд бидний оюун тархи хоосорчээ.
    Манж нар халхын ноёдыг эд мөнгөөр аргадан суулгаж байсан болохоор, тэдэнд айхтар татвар шимтгэл ноогдуулан сорж цөлмөж байсан эсэхийг нь мэдэхгүй ч, халхын аймгууд доторх өртөөний алба залгуулахаар өмнөдөөс харчин нарыг зориуд(халхууд өртөөний алба барих үүрэггүй байжээ) суулгаж байсан байдаг, Манжийн хаан өөрийн төмөр сүрэг болох адуу, хонь малаа Дарьганга нутагт үзэмчин, цахар нарыг тусгайлан суулгаж маллуулдаг байжээ. Түүнээс нь халхын шилийн тангарагтай олон сайн эрс эрэмгий чадал, хүлэг мориныхоо шандасыг сорин тэмцэж төмөр сүргээс нь таслан авч чаддаг, түүгээрээ нь ч ард олон бахдан ярилцдаг байсан саяхны гэмээр түүх олон байжээ.
    Гал

  • МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТУХАЙД ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЭХ НЬ

    Монголжуу төрхтөнүүд нүүрнийхээ хэлбрээр өргөн царайт, нарийн царайт гэж хоёр хуваагддаг. Өргөн царайт төрхөд голчлон сибирийн төрх хамаарагддаг. Нарийн царайт төрхөд Алс дорнодын, өмнөд азийн (хойд ба өмнөд хятадын төрх гэх нь бий. Гэхдээ энэ нэр томъео сибирийн гэсэнтэй адил хятадын хүн амд л холбогдох нэр томъёо гэж хэлж болно) төрх хамаарагдана. Эднийг нийтэд нь палео-азийн төрх гэж авч үздэг. Европжуу төрх нь баруун европын, зүүн европын, европжуу-брахикраны гэх мэтээр хуваагддаг. Европчууд. арабууд, иранчууд, энэтхэгчүүд хоорондоо ондоо байгаа нь эхнийх нь баруун юмуу, зүүн европын төрхтөнд, нөгөөдүүл нь европжуу- брахикраны төрхтөнд хамаарагдаж байдагтай холбоотой юм.
    Харин Монгол хүнийг Монголжуу өргөн царайт төрхөд хамааруулах уу, европжуу-брахикраны төрхөд хамааруулах уу гэдэг асуудлын талаар антропологчид маргалдсаар одооноос л нэг мөр болон тасарч байна. Гэхдээ аль ч үеийн антропологчдоос хэн нь ч Монголчуудыг хойд хятадын нарийхан царайт төрхөд хамруулж байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол хүний хувьд өрнөдийн шинжлэх ухаан тун том алдаа гаргаснаа хожуухан ойлгосон гэж хэлж болно. Тэр алдаа нь ДНХ-гийн судалгаа нилээд хожимдож гарч ирсэнтэй холбоотой байдаг. Учир нь Монгол хун европжуу-брахикраны төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоос бус азижуу төрхтөнд хамрагдах хүмүүс биш гэдэг нь ДНХ-гийн судалгаа гарч ирснээс хойш тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл европжуу том төрхт (өргөн царайтай гэсэн ч болно) хүн болохоос бус өмнөд азийн нарийхан царайтай төрхтөн биш юм. Үүнийг Монгол улсын Их Сургуулийн Антропологи-Археологийн тэнхимийн багш судлаачдаас орчин цагийн Монгол залуучуудын ДНХ-г судалсан сүүлийн гурван жилийн судалгаа давхар нотолж өгсөн. Энэ судалгааны үр дүнд өнөөгийн Монголчуудын арван хүн тутмын 7 нь европжуу төрхтөний генитэй болохыг генетикийн судалгаагаар тогтоосон юм. Хамгийн сонирхолтой нь энэ судалгааны үр дүнг Монгол нутгаас олдсон антропологийн олдворууд дээр арав гаран жил хийсэн молекул генетик, молекул антропологийн судалгааны (Митохондрийн ДНХ) үр дүнтэй харьцуулан үзэхэд нэгэн ижил үзүүлэлт гарсан явдал юм. Тиймээс Монгол нутаг дээр үеийн үед европжуу-брахикраны төрхтэй хүмүүс давамгайлан оршин сууж байсан бөгөөд өдгөө ч европжуу генитэй хүмүүс давамгайлсан хэвээрээ л байна.
    Нэрт угсаатан зүйч Н. Н.Чебоксаров “Угсаатан, арьстан, соёлууд” гэдэг номондоо аль нэг төрхтөнийг төлөөлөх бүлэг хүмүүс төрөлх орчноосоо газар-зүйн өөр орчинд нүүдэллэн очоод нутгийн хүмүүстэй цус холилдолгүй аж төрөн суухад 1225 жилийн дараа байгаль-газарзүйн нөлөөгөөр төрх нь аажмаар өөрчлөгдсөөр нутгийн уугуул иргэдтэй ижил төрхтэй болдог гэж бичсэн байдаг. Энэ бол ахуй анхдагч гэдгээр төрх өөрчлөгдөх тухай сонирхолтой баримт юм. Гэхдээ генийн бутэц тун бага өөрчлөгддөг гэдэг нь ойлгомжтой. Тиймээс өнөөгийн Монголчуудын бүр хамгийн азижуу төрхтэй хүн дээр ч генийн судалгаа хийж үзэхэд европжуу хүний гени гарч ирэх мадгадлал өндөр бий. Учир нь Монголчууд европжуу төрхтөнүүдийн хамгийн зүүн жигүүрийн төлөөлөгчид бөгөөд Энэтхэгийн хойгийг өнгөрөөд Дундад Азийн дорнод жигүүрээс эхлээд Монгол хүртэл европжуу-брахикраны төрхтөн тархсан газарзүйн нарийн хошуу Азийн гүн үрүү түрж орсон байгаа тухай нэрт угсаатан зүйч, антропологич, түүхч Е.Г.Грумм-Гржимайло өнгөрсөн зууны 20-иод оноос, алдарт туүхч, угсаатан зүйч, онолч Л.Н.Гумилёв 60-аадоноос бичиж, судалгаагаа танилцуулж байсан билээ. Гэвч тэр үед молекул генетикийм судалгаа үүслийн төдий, харин археологийн судалгааны уламжлалт хэмжилтийн арга давамгайлж байснаас шинжлэх ухааны хүрээнд бүрэлдэн тогтсон ташаа ойлголтыг огцом эвдэхэд хэцүү байсан юм. Гэсэн ч үнэн юм хэзээ нэгэн цагт үнэнээрээ гарч ирдэг ёсоор молекул генетикийн судалгаа гарч ирснээр бид өөрсдийнхөө гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан жинхэнэ үнэнийг мэдэх боломжтой болсон.
    Сүүлийн үеийн генетикийн олон арван судалгаагаар Монголчууд, хятадууд огт ондоо хоёр өөр гапло-төрхүүдэд (Brigitte & Mark,2005) хамаарагддаг нь хөдлөшгүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Монголчууд европжуу-брахикраны терхөд, хятадууд палео-азийн төрхөд хамаарагддаг. Нөгөө талаар үндэстэн угсаатны хэл тэднийг хэр ондоо, хэр ойр болохыг хэлж өгдөг хамгийн чухал тодорхой зүйл байдаг. Энэ үндэслэлээс авч үзвэл Монгол хэл, хятад хэл хоёр бол хэлний хоёр өөр аймагт хамаарагддаг огт ондоо хэлнүүд юм. Тухайлбал Монгол хэлний үгс давхар үеэс бүтсэн байдаг байхад хятад хэлний үгс дан үеэс бүтсэн байдаг байх жишээтэй. Энэ бол хэтэрхий том ялгаа бөгөөд төрөлсөх ямар ч үндэсгүйг харуулж өгч байгаа хэн ч яагаад ч хөдөлгөж чадашгүй бат нут нотолгоо юм. Харин Хятад, Түвд хоёр хэл бол хэлний нэг аймагг хамрагдах дан үетэй, төрөл хэлнүүд яах аргагүй мөн. Тиймээс төрөлсөх нэлээд зүйл байж болох юм. Харин Монголоос “хөрш” нь гэхээс өөр зүйл гарах нь юу л бол доо. Хятадууд бол өнөөгийн өмнөд хятадын Хэнань мужаас гаралтай өмнөд азийн үндэстэн юм. Тэр үед Хэнань, Цянаас (өнөөгийн Түвд) хойд зүгт Жүн (Ман) аймгууд Цагаан хэрэм (энэ хэрэм нанхиадуудыг умар зүг хүрч ирэхээс бүр өмнө баригдсан байсныг английн архелогчид судалж тогтоогоод National Geographic-аар цацсан) хүртэлх нутагт сууж байсан бөгөөд бидний өвөг дээдсээс алс хол өмнө зүгт байсан юм. Тиймээс тэдний гарлыг авч үзэхэд тэд умар зүгийн үндэстэн огт биш гэдэг нь ойлгомжтой байдаг. Тэд зуу зуун үеийн туршид жүнчүүдтэй дайтаж, бас цус холилдож, тэднийг умар зүг түрсээр МЭӨ V зуунд бидний өвөг дээдэс болох хүнчүүдтэй (хүннүчүүдтэй) хил хатгаж хөршилж ирсэн юм. Гэхдээ тэр үед тэд өөрсдийгөө ханчууд гэж нэрлэдэггүй байсан юм.
    Энэ нэр МЭӨ III зуунд буюу хятадын ванлигуудыг анх удаа нэгтгэж, нэгдмэл улс бий болгосон Жүн угсааны Цин улс мөхсөний дараа МЭӨ 202 онд гарч ирсэн Түрүү Хан улсын үөэс үүдэлтэй юм.Тиймээс биднээс харьцангуй хойно гарч ирсэн үндэстэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл жунчүүдтэй цус холилдож байж гарч ирсэн шинэ үндэстэн юм. Тиймээс хойд хятадууд, өмнөд хятадуудтайгаа хэл ярианы талаар бие биеэ ойлголцдоггүйн учир үүнтэй холбоотой. Ханчууд жүнчүүдтэй асар их холилдож байж гарч ирснийг эртний нанхиадууд өөрсдөө хулээн зөвшөөрдөг байсныг Хан улсын жанжин Жан Хуаний “Жүнүүд, дичүүд болоод бид нар нэг гарвал угсаатай. Тэднийг бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй устгах гээд хэрэггүй” гэж хэлж байсан нь нотолдог. Нөгөө талаар үндэстэн угсаатнуудыг сэтгэлзүйн хувьд ялгаруулж байдаг сэтгэлгээний загвар гэж бас нэг сонин зүйл бий. Үндэстнүүдийн сэтгэлгээний загварт “манайхан ба харийнхан” гэдэг мэдрэмж чухал үүрэг гүйцэтгэдэг тухайд суут Л.Н.Гумилёв онолын үүднээс сайтар судалж, гол зарчмуудыг нь нээж өгсөн. Тэгэхлээр угсаатнууд өөрсдийнхөө төрөлсөх хүмүүс мөн үү, биш үү гэдгээ үндэснийхээ сэтгэлгээний загвар, зөн билиг хоёроороо маш нарийн мэдэрч тодорхойлж чаддаг гэж хэлж болно, Тийм болохоор Монголчууд урьд хөршийнхнийгөө үеийн үед “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, тэд ч улс төрийн хэтийн зорилго сэдээгүй л бол биднийг бас “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Бид хоорондоо маш их ондоо гэдгээ яс махнаасаа мэдэрсээр ирсэн гэж баттай хэлж болно.
    Антропологи судлал бол шинжлэх ухааны маш том салбар бөгөөд түүнд сайтар нэвтэрч судлалгүйгээр сураг ажигаар ухвар мөчид зүйл бичвэл хар хэл аманд орох нь ойлгомжтой. Шинжлэх ухааны тодорхой салбарын асуудалтай холбоотой сэдвээр сэтгүүлч хун дуулиан хөөцөлдвөл тун халгаатай байдаг. Мэдээж хэрэг сэтгүүлч хүн бусдын анхаарлыг татахын тулд ямар нэгэн хэмжээгээр дуулианы хойноос хөөцөлдөлгүй яахав. Гэхдээ шинжлэх ухааны нарийн асуудлаар өнгөц, ухвар мөчид ойлголтоор дуулиан тарих гэж оролдох нь тун болчимгүй ташаа явдал болж хувирдаг. Учир нь шинжлэх ухаан маш нарийн мэдлэг шаарддаг зүйл юм. Тиймээс ямар нэгэн тусгай зорилго өвөрлөөгүй л бол шинжлэх ухааны эсрэг зүйл бичиж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Түүх судлал ч гэсэн шинжлэх ухааны маш том салбар юм. Тэр салбарын нарийн нандин асуудлыг зөв буруу тийш нь мушгиж, дуулиан босгох нь зөвхөн тухайн үеийн хүчин зүйлээс шалтгаалаад явууртай байж болох ч тэр хүчин зүйл үгүй болмогц түүхийн үнэн үнэнээрээ л босож ирдэгийг энд хэлэх юун. Түүхэн үйл явдалд парадокс байх нь байдаг. Жишээ нь хятадууд өөрсдийгөө хан үндэстэн гэдгээс бус дэлхий даяар тэднийг огт өөр үндэстний нэрээр нэрлэдэг. Монголчууд бид тэднийг нанхиадууд гэж нэрлэж байгаад Өмнөд Манжуур, Өвер Монгол, өнөөгийн Хятадын хойд хэсгийг эзэмшин захирч байсан Хитан гүрэн зүрчидүүдийн (манжуудын өвөг дээдэс) цохилтон дор унасны дараа ч өмнө зүгийг “хитан” гэж нэрлэсээр л байсан. Энэ нэр сунжирсаар олон тоог заах дагавар авч “хятад” болсноор барахгүй өмнөд хөршийн хүн амыг нэрлэдэг нэр болж хувирсан. “China” гэдэг нэр ч ханчууд өөрсдийгөө нэрлэдэг нэр биш юм. Энэ нэр нанхиадуудыг анх нэгтгэж өгсөн жун угсааны Цин улсын нэрнээс улбаатай юм. Энэ бол яах аргагүй түүхийн парадокс мөн.
    Түүнчлэн бидний жишээн дээр л гэхэд дээр хэлсэн азижуу царай, европжуу генийг нэгтгэсэн парадоксоос гадна Монгол түмэн Ази тивийн гүнд амьдран суудаг атлаа үндэсний сэтгэлгээ, соёл маань Ази маягийн биш европорхуу маягийн байдаг бас хоёр ч парадоксыг бид хадгалж явдаг. Эдгээрээс гадна бүр гайхаш татах бас нэг парадокс Монгол хүн судлалын судалгаанд бий гэж хэлж болно. Монголчууд бид дэлхийн зүрхэн нутагт амьдардаг болохоороо ч тэр үү, өөр ямар нэгэн нарийн учир шалтгаанаас ч тэр юм уу бусад ундэстнүүдээс бие махбодийн хувьд арай өөр бүтэцтэй гэж хэлж болохоор байдаг.Судалгаанаас үзэхэд Монгол хүний зүрхний агшилтын дээд давтамж 30-40 насны хүн дээр 140-өөс дээш гардаггүй. Гэтэл европынхны хувьд энэ үзүүлэлт 200 байдаг. Өөрөөр хэлбэл ядрах дээд ачааллын үед Монгол хүний зүрхний агшилтын давтамж харьцангуй бага байдаг гэсэн үг юм. Монголчууд европынхонтой ижил ажил гүйцэтгэхэд тэднээс бага хүчилтөрөгч зарцуулах буюу хүчилтөрөгч “гамтай зарцуулдаг” гэх жишээтэй. Монгол хүн “бага хүчээр их ажил амжуулах” чадвартайг энэ хүчин зүйл харуулдаг.
    Монгол хүний дотоод эрхтэний жинг өөрийнх нь биеийн жинтэй харьцуулсан хэмжээ европ хүнийхээс их юм. Өөрөөр хэлбэл Монгол хун тэднээс арай бага биетэй ч таван цул эрхтний жин нь европ хүнийхтэй ойролцоо байна. Монгол хүний дотоод эрхтний эс нягт, туслах эд буюу булчирхайн жин нь харьцангуй их байна гэсэн үг. Мөн уушигны урт өргөн, нарийн гэдэс нь урт, бамбай булчирхай, төмсөгний жин ээрэг нь гадаадын эрдэмтдийн (бусад орны хүмүүс дээр) тогтоосон хэмжээнээс бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь 1977 онд олон улсын судлаачид европ хүний уушигны уртыг 27- 30 см, өргөнийг нь 13-14 см гэж тогтоосон байдаг. Тэгвэл эрүүл Монгол эр хүний уушигны урт 20,2-23,5 см, өргөн нь 15,1-15,4 см байна. Уушиг 1-2 см илүу өргөн гэдэг их ялгаа. Гэтэл жингийн хувьд ойролцоо байдаг.
    Монгол хүнтэй холбоотой бас нэг сонирхолтой жишээг дор иш татан өгүүлэхийг хүснэ. Хүн сансрын жингүйдлийн байдалд ороход тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд заавал ордог юм байна гэж Монгол хүнийг сансарт нисэхээс өмнө эрдэмтэд үзэж байсан. Гэтэл Монгол хүн сансарт нисээд тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд орохгүй байсаар буцаж ирсэн. Үүний учир шалтгааныг эрдэмтэн судлаачид одоо хүртэл олж тогтоож чадаагүй байгаа. Энэ мэтчлэнгээр бидэнд бусдаас ялгарах зүйл яах аргагүй байгааг мэдэрч байсан учраас өвөг дээдэс маань тэнгэрийн өнгөөр өөрсдийгөө Хөх Монголчууд гэж нэрлэсээр ирсэн биз ээ. Бас өнөөгийн бидний мэдэхгүй учир шалтгаан байгааг ч үгүйсгэхийн аргагүй. Үндэстэн болгон өөрсдийгөө онцгой гэж үздэг. Гэвч ийм өвөрмөц юмуу, онцгой зүйл гарч ирж өгдөггүй нэг гачлан бусад хүмүүст байдаг. Мөн өөр нэг зүйл нэмэж дурдахад Өмнөд солонгосын угсаатан зүйч эрдэмтэд, антропологчид Монголчуудын угсаа гарлыг судалж үзээд 30 эцгийн хүүхдүүд юм байна. Монголчууд чинь гетерогени үндэстэн юм гэж тодорхойлсон. Тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөний язгуур чанарыг хадгалж байдаг гэх бүрэн үндэстэй. Учир нь ихэнхи үндэстнүүд, нэн ялангуяа азийн үндэстнүүд 5 юмуу, 6-хан эцгийн хүүхдүүд байдаг. Тиймээс цусаа цэвэршүүлэх шаардлага тэдэнд илүү их хэрэгтэй юу гэхээс биш бидэнд өчүүхэн төдий хэрэгцээтэй. Эцэст нь хэлэхэд молекул генетикийн судалгаагаар эртний хүний ДНХ-ийн дарааллыг тогтоож, түун доторх хувьсал өөрчлөлтийг үнэлэх боломж нээгдсэнээр бид өөрсдийн гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан мэдэх боломжтой болсон. Молекул антропологийн судалгаанд гол 2 судлагдахуун байдаг ба эдгээр нь У хромосом болон митохондрийн ДНХ (мтДНХ) юм. У хромосом нь зөвхөн эцгээс хүүд дамжих бол митохондрийн ДНХ нь эхээс үр удамд (хуү, охинд) дамждагаараа онцлог юм.Митохондрийн ДНХ нь янз бүрийн удам угшлын (популяцийн) гарал үүслийг тогтооход хамгийн тохиромжтой хэрэгсэл бөгөөд антропологийн эволюци, удам угшлын генетик, анагаахын генетик, шүүхийн шинжилгээ зэрэг шинжлэх ухааны салбаруудад чухал судлагдахуун болдог. Зөвхөн эхээс үр удамд дамжих ба рекомбинаци явагдахгүй тул митохондрийн ДНХ-ийн олон янз байдал нь гагцхүү мутацаас үүдэлтэй бөгөөд энэхүү ялгаатай байдлыг ашиглан тогтсон гапло-төрхүүдийг (гаплотипүүдыг) бий болгосон.
    Ж.Бор
    Д.Баатар

  • БИ БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ…

    Агданбуугийн Амар. Хүний нутгийн тэнгэр дор цаазаар авхуулсан монгол оюун ухаан, бусдын нутгаас Монголын зүг зүтгэн байж зогссон зүрх. Өрөөлийн хуулиар шийтгүүлэн хэлмэгдсэн монгол заяа тавилан. Хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Монгол төрийн зүтгэлтэн. Орост шүүгдэн цаазаар авах ял сонсохдоо түүний хэлсэн үг анхаарал татдаг.

    -БНМАУ тусгаар тогтносон улс юм бол намайг яагаад Зөвлөлтийн шүүхээр шүүж байгаа юм бэ. Би Монголын ард түмэнд хайртай. Оросын ард түмэнд элэгтэй. Би Монгол Улстай хил залгаа улсуудаас болгоомжилдог. Алс хол оршдог учраас Германы ГЯЯ-тай захидлаар харилцан, оюутан илгээж байсан нь үнэн, БНМАУ-даа эрдэмтэн бэлтгэж авах гэсэн юм…1928-1930, 1936-1939 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний сүүлчийн үг энэ байв. 1941 оны намрын бүүдгэр өдөр түүнийг Москвад буудан хороосон юм. Хоёр жил А.Амарыг хорьж, хилс хэрэг хүлээлгэхээр байцааж байжээ. Хүч хэрэглэн эрүүдэн байцаасан гэдгийг ч хэлж байв. Шанааных нь ясыг ёрдойтол хорьж, чангалж байхад шархалсан биеэ үл тоон шазуур зуун хэлсэн үг бол энэ. Өршөөл гуйж болох сүүлчийн боломжийг нь сануулахад өөдөө ширтэж зогсчихоод дуугараагүй гэдэг. Хүний нутгийн тэнгэр дор Хөх Монголын төрийн сүлдийг бөхийлгөлгүй явсан их ухаан. Зууны өмнө Монгол төрийн зүтгэлтнүүд хил алгасан, хөршөө гатлуулан, тив дамнуулан, далай алсруулсан гадаад харилцааг эрхэмлэж байв. Шалтгаан нь алс холын улс гүрнүүд алга дарамхан Монголыг уусгатлаа, эзэлтлээ хол хэмээн сэтгэж, хаяа нийлсэн хөршөө түшиж, хаяа алгассан улс оронтой түншлэхийг эрхэмлэж ирэв. Бүтэн зууны өмнө, бүдэг дэнгийн гэрэл тойрон суугаад тусгаар бодлогоо хэлэлцэн эрхэмлэж асан Монгол төрийн түшээдийн ухаан өнөө цагийн өндөр сэнтийтнүүдэд дутаад байгаа нь гайхмаар. Эдүгээ Жан хэмээх овог Монголд албан ёсоор бий болж, бүрэн бус мэдээгээр 90 мянга орчим хятад иргэн Монгол Улсын иргэншил авсан гэх тоо байдаг. Өнөөдрийн эрх чөлөө, өргөөгөө бэхэлсэн тусгаар тогтнолыг минь авчрахын төлөө эгэл ардаасаа эхлээд Ерөнхий сайдаа хүртэл 30 гаруй мянган иргэнээ хэлмэгдүүлэн золиослосон гашуун түүх бидэнд бий. Харин одоо? Хэн нэгнийг маань аваачаад буудахгүй, ачаад явахгүй. Гэхдээ Монгол төрийг, Монголын газар нутгийг, Монгол өв уламжлалыг ганц буу дуугаргалгүй, ганц сум зарлагадалгүй эзэлж болно, эзлээд ч эхэлчихсэн. Энэ үг хоёр хөршид маань хоёуланд нь хамаатай. Тусгаар хэмээгдэх туж харъяат Монгол Улсын төрийн тэргүүнүүдэд, түмэн олонд бүр ч илүү хамаатай. А.Амар ч бас Ерөнхий сайд байсан…тэргүүн бөхийгөөгүй, тэвчээрээ алдаагүй, хөршдөө худалдагдаагүй, хөлсөөр төр бариагүй тийм л удирдагч байлаа. Өрөөлийн нутгийн тэнгэр дор өр зүрхээ шимшрүүлэн байж цаазаар авхуулахдаа өнчин ганц амиа бус, өргөн Монголоо л бодож зогссон эр хүн, эр зориг, эмтэрсэн сэтгэл юм шүү. Шүтээн гэж түүнийг л хэлнэ. Шүлсээ үсэргэхээс өөр шидгүй, шүлэнгэтэн шунахаас өөр эрдэмгүй төрийн наймаачдыг хэлдэггүй юм. Монголчууд өнөөдөр их, бага хэмжээгээр У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий дээ, хүлээж байя. А.Амар 53 настайдаа баривчлагдан одож, 55-тайдаа алуулсан. Манай хоёртой нэг үеийнх байжээ. Ийм насанд ийм их яргаллыг тэвчин, хүний нутгийн шоронд хөдсөн дээлтэйгээ хатсан нугараагүй зориг, нумраагүй хөвч. Нөгөө ярайсан булчинтай, ялгуусан хоёр маань яг яах бол? Оросоос айгаад хөдөлдөггүй, Хятадад өр тавиад өөдөлдөггүй удирдагч нэртэй уйлан дуут, усан зүрхтнүүдийг л би харж байна!
    Эмүжин
    2020.09.10 ·

     

  • МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ НЭН ХҮНД БАЙНА

    2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар цар тахлаас сэргийлэх зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхлүүлэх болсноо зарлалаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болжээ. Тус хөтөлбөр цар тахлаас иргэдийн эрүүл мэнд, улсынхаа эдийн засгийг хамгаалж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэсэн маш тодорхой гурван зорилго тавьсан юм.
    Гэвч биелэлт нь онц муу дүн авахаар туйлын хангалтгүй байв. Цар тахлын вирусийг хэдэн сарын дотор дотооддоо нэгэнт алдаж, 21 аймаг, дийлэнх сумын иргэд ковидоор өвчлөөд байна. Нэг хэсэг хугацаанд сая хүнд оногдох өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлсэн.

    Тахлаар амь насаа алдагсад дөрвөн оронтой тоо давжээ. Иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан тухай олон баримт, жишээ дурдаж болно. Монгол Улсын Үндс эн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангаж чадсангүй.

    2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшиж, аж ахуй нэгжүүд хаалгаа барин иргэд ажил, орлогогүй боллоо. УИХ-ын чуулган дээр Сангийн сайд Б.Жавхлан, 2020 онд эдийн засаг саарсан хүнд үед 68 мянган ажлын байр алдсан гэж ам алдлаа. Харин Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон төдийгүй нийт 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй талаар мэдээлж байв.

    Засгийн газар эдийн засгаа хамгаалах, аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилгоор татвар төлөгчдийн асар их хөрөнгийг зарцуулаад ч нэмэр болоогүй жишээ дурдвал ийм байна. Улсын төсвөөс гадна гадаадын донор орнууд, олон улсын хандив тусламж олгогч байгууллагуудаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бараг тэрбум ам.доллар авсан боловч чухам юунд зарцуулагдсан нь бүрхэг үлдлээ.

    Гэвч өмнөх хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс хоёр дахин их хэмжээтэй төслийг хэдхэн хоногт боловсруулж хэрэгжүүлэхээ засаг амлав. “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг санхүүжүүлэхэд “мөнгө хэвлэхгүй, эдийн засгийн эргэлтийг сайжруулах найман их наяд төгрөг Төв банканд бий” гэж эрх баригчид мэдэгдлээ. Цогц төлөвлөгөө гэгчийг зарлах үед Монголбанкны үнэт цаасанд 8 их наяд төгрөг төвлөрсөн байв. Өнгөрсөн онд бодит байдалд огтхон ч нийцээгүй хэд хэдэн удаагийн хэт сүржин хатуу хөл хорионы улмаас жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тасалдаж, зах зээл хямарч эхэлсэн юм. Ийм үед арилжааны банкууд хадгаламжид цугларсан мөнгөө зах зээл рүү гаргах нь тун эрсдэлтэй байсан тул ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авахыг илүүд үзсэн. Үүнтэй холбоотой Монголбанкны үнэт цаасанд их хэмжээний хөрөнгө төвлөрсөн нь үнэн.

    Арилжааны банкууд зах зээлд үүсэх хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Жижиг дунд бизнес эрхлэгч нарын зээлийн төлөлт хүндэрч байгааг банкууд л анх анзаарсан байж таарна.

    Манай улсын ДНБ-ний (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 18 хувийг ЖДҮ бүрдүүлдэг. Энэ салбарт 906.5 мянган хүн ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн 67.3 хувь эзлэх томоохон үзүүлэлт юм. Засгийн газар Монголбанкинд хуримтлагдсан их хэмжээний хөрөнгийг зах зээлд гаргаж идэвхжүүлэх зорилтыг тавьсан. Ингэхдээ зээлийн эрсдэлийг төрөөс даахаа амлав. Санаа нь хэдий зөв боловч тооцоо судалгаа тааруу. Тиймээс өмнөх хөтөлбөр шиг ээ үр дүнгүй болох магадлал өндөр байна.

    Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн дүн мэдээ танилцуулагдсан. Ийм их хэмжээний хөрөнгө зах зээлд нийлүүлээд байхад 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) есөн их наяд 147 тэрбум төгрөгт хүрч улам нэмэгдсэн байх юм.

    Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлсэн юм бол Монголбанкны үнэт цаасанд таван их наяд төгрөг үлдэх ёстой л доо. Гэвч эсрэгээрээ үзүүлэлт гарчээ. Энэ нь арилжааны банкууд зах зээлд зээл гаргахаас илүүтэй ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авах нь найдвартай гэж үзсэн хэвээр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа төдийгүй хямрал үргэлжилж байгаа аж. Түүгээр ч үл барам танил тал, эрх мэдлээ ашиглан цогц төлөвлөгөөний зориулалтын гурван хувийн маш бага хүүтэй зээлийг аваад цааш нь өндөр хүүтэй хадгаламж болгож хувиргаад байгаа юм биш биз гэдэг хардлага төрүүлэхээр байна. Үүнийг банкуудын хадгаламж болон Монголбанкны үнэт цаасны хэмжээ нэмэгдсээр байгаа статистик үзүүлэлтээс харж болно.

    ИНФЛЯЦ ӨССӨН ШАЛТГААН

    2021 оны долдугаар сард мөнгөний нийлүүлэлт 21.5 их наяд төгрөг байсан бол нэг жилийн дараа 27 их наяд төгрөгт хүрч манай улсын түүхэнд байгаагүйгээр огцом өссөн нь инфляцыг хөөрөгдөх үндсэн шалтгаан боллоо. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд 3.4 их наяд төгрөгийг зах зээлийн эргэлтэд оруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмжээ. Иймээс инфляц өсөх нь гарцаагүй юм. Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридманы “Инфляц бол хаана, хэзээ ч зөвхөн монетари үзэгдэл(феноменон) юм” гэж тодорхойлсон байдгийг энд нурших илүүц биз. Өнөөдөр инфляц Улаанбаатар хотод 7.9, улсад 7.4 хувьд хүрсэн байна. Гэвч энэ тооцоо ч бодит үнэн гэж үзэх эргэлзээтэй. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 33- 50 хувиар өссөн. Барилгын материалын үнэ 48 хувиас дээш нэмэгдээд байна. Энэ бүхнийг тооцож үзвэл инфляц хоёр оронтой тоонд хүрсэн байх магадлал маш өндөр. Үндэсний Статистикийн хороо инфляцыг тооцох аргачлал болон хэрэглээний сагсанд ямар бүтээгдэхүүнийг сонгож авахаас инфляцын хувь хэмжээ хамаарч таарна. Тэр бүр зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн үнийн өсөлтийг зааж чадахгүй.

    Хэрэв Засгийн газар инфляцыг бага байгаа мэтээр иргэддээ харагдуулж, нийгмээ тайвшруулахыг хүсвэл ийм боломж тэдэнд бий. Уг нь инфляцыг бодит утгаар нь хэмжиж чадвал төр тухайн нөхцөл байдалдаа тохируулж бодлого хэрэгжүүлэх боломж байдаг юм. Цаашид Монголбанкны үнэт цаасанд хуримтлагдсан есөн их наяд төгрөгөөс зах зээл рүү хэт их мөнгө нийлүүлбэл инфляц хоёр оронтой тоонд тэр даруйдаа л хүрнэ. Энэ тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, Монгол төгрөгийн худалдан авах чадвар шалдаа хүртэл буурна.
    Инфляцыг өндөр орлоготой иргэд төдийлөн мэдрэхгүй боловч хоног өдрөө арай хийн залгаж буй дундаас доош орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын хүндээр тусдаг. Өдөр хоногоо арай ядан өнгөрөөдөг өрх, гэр бүл манайд дэндүү олон. Тиймээс төрийн аливаа буруу шийдвэрийн золиос нь Монгол Улсын нийт иргэдийн дийлэнх нь болдог.

    ТӨСВИЙН АЛДАГДАЛ ӨР НЭМЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨХ ШАЛТГААН

    Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давуулж өргөн барьдаг зуршил тогтсон. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн хүрээний мэдэгдэл УИХ батлаад байгаа. 2020 оны төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Ийм их хэмжээний алдагдал инфляцад нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай нь ийм тооцоолол хийчих мэргэжлийн байгууллага өнөөдөртөө манайд байхгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдлээс харвал 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Төсвийн алдагдал бол өр! Энэхүү алдагдлыг иргэд, аж ахуй нэгжийн татвар нэмэх эсхүл гадаад зээлээр барагдуулахаас өөр арга замгүй.

    Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол Улсын гадаад өр эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрлээ.

    Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд ийнхүү онилсон байгаа огт онохгүй байгааг дээр дурдсан эдийн засгийн макро үзүүлэлтүүд баталдаг. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой олон их наяд төгрөгийн хөтөлбөр, түүний санхүүжилтийн схемийг оновчтой боловсруулж, зөв төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
    Монгол Улсын цаашдын эдийн засгийн өсөлтийн төлөв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын орчин зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс ихээхэн хамаарна.

    ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ

  • “ФАКТ ҮНЭНЭЭС ЧУХАЛ”

    Гэвч нийтлэлийн зарим дүгнэлт, баримтууд ихээхэн эргэлзээтэй, эргэлзээтэй төдийгүй илт мушгисан, хувийн субьектив хандлагадаа хэт автан, туйлшруулан тайлбарласан нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг Монгол орон даяар тэмдэглэхээр бэлтгэж, их бага ямар нэгэн хэмжээгээр монголчуудын үндэсний ухамсар, эх оронч үзэл сэргэн идэвхжиж буй энэ цаг үед эргүүлээд ус цацаж буй мэт болжээ.
    .
    ***
    1. Баабар ийн бичжээ. “Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байхаа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрлэдэг”.
    Оролцсон хүн хүч, хамарсан талбай, үргэлжилсэн хугацаагаар нь дайн мөн бишийг нь тодорхойлдог уу? Цэргийн шинжлэх ухааны тогтсон нэршлээр ямрыг нь дайн, ямрыг нь тулалдаан гэдэг вэ?
    Ердөө 38 минут үргэлжилж, хоёр талаас нийлээд 3000 хүрэхгүй цэрэг дайчид оролцсон, англи талаас нэг цэрэг шархдаж, нөгөө талаас нь энгийн иргэдийг оролцуулаад 500 хүн алагдаж шархадсан нэгэн үйл явдлыг дэлхийн түүхийн аль ч лавлах, тайлбар тольд “Англи-Занзибарын дайн” гэж / Anglo-Zanzibar War / Англо-занзибарская война / Guerra anglo-zanzibariana гэдэг. Гиннесийн номонд ч дайн хэмээн бичигдээд амжжээ. Энэ дайн 1896 оны 8 сарын 27-ны өглөөгүүр болжээ.
    Харин Халх голд болсон үйл явдал нь:
    – 1939 оны 5 сарын 8-аас 9 сарын 16 хүртэл 4 сар гаруй үргэлжилсэн нь Англи-Занзибарын дайнаас 4700 дахин урт хугацаанд болсон,
    – Халх голд хоёр талаас 135 000 цэрэг дайчид оролцсон нь Англи-Занзибарынхаас 45 дахин их.
    – Халх голд 33,420–95,768 орчим цэрэг дайчид амь үрэгджээ. /ЗХУ – Японы талын амь үрэгдэгсдийн талаарх мэдээлэл их зөрүүтэй байдаг/ Энэ нь Англи – Занзибарын дайнд эрсдэгсдийн тооноос 67-191 дахин олон.
    – цэргийн техник, зэвсэглэлийн хувьд харьцуулах ч боломжгүй. Танк, хуягт, их бууны тоо мянгаар тоологдоно. Орчин цагийнхаа хамгийн шилдэг зэр зэвсэг, техникийг ашигласан. Агаарын хамгийн олон онгоц оролцсон тулаан Халх голын тэнгэрт анх удаа болжээ.
    Цэргийн тооны хувьд ч, амь үрэгдэгсдийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч Халх голд оролцсоноос бага атлаа түүхэнд дайн / война / war / guerra / хэмээн тэмдэглэгдсэн үйл явдлууд цөөнгүй. Тухайлбал:
    – Хар тамхины I дайн / Первая Опиумная война / First Opium War /-д хоёр талаас 90 гаруй мянга цэрэг оролцсон.
    – Грек-Италийн / Italo-Greek War / дайнд 27 мянган цэрэг үрэгдсэн..
    – Итали-Этиофийн дайнд 25 мянган цэрэг үрэгдсэн.
    – Англи-Афганы III дайн 3 сар гаруй үргэлжилж, 3 000 хүрэхгүй цэрэг дайчид үрэгдэж, шархаджээ.
    – Коста Рикагийн иргэний дайн / Costa Rican Civil War / 1 сар, 1 долоо хоног, 5 өдөр үргэлжилж, 2000 орчим хүн үрэгджээ.
    Гэтэл хоёр талаас 2 сая гаруй хүн оролцож, 8 сар гаруй үргэлжилсэн Сталинградын тулалдааныг дайн гэдэггүйн учир юу вэ? Дэлхийн II дайны үндсэн том хэсэг болох ЗХУ-Германы фронтын хэсэгт болсон тулалдаан. Курскийн, Воронежийн, Киевийн, Москвагийн, Ленинградын гээд өөр олон томоохон тулалдаануудын л ижил Сталинградын тулалдаан нь том стратегийн нэг хэсэг. Гэхдээ хамгийн том, чухал хэсэг нь. Сталинградын тулааны цар зарим дайнуудаас хэдэн арав дахин том байгаа нь дэлхийн II дайны аварга цар хэмжээг илтгэнэ.
    Тэгэхээр зөвхөн оролцсон хүн хүч, хохирол, үргэлжилсэн цаг хугацаагаар нь дайн, эсвэл тулалдаан гэж ялгах шалгуур үгүй байх нь.
    1937-1945 оны хооронд Японы талаас Умард хятадыг эзлэн түрэмгийлсэн үйл явдлыг Япон-Хятадын дайн / Second Sino-Japanese War, 1939-1940 оны хооронд Финланд – ЗХУ-ын хооронд болсон үйл явдлыг Өвлийн дайн / Winter War гэх ба гэхдээ Дэлхийн II дайны нэг хэсэг гэж тооцдог ажээ. Гэхдээ л “дайн” гэдэг.
    Тийм атал Гитлерийн Герман Хойт Африк, Польш зэрэг орнууд руу хийсэн довтолгоонуудыг мөн Сталинградын тулалдааны нэгэн адил дайн гэхгүй, довтолгоон / Invasion гэдэг байна. Бас Дэлхийн II дайныг эхэлсэн албан ёсны хугацааг 1939 оны 9 сарын 1-нд фашистууд Польшид халдан довтолсноор тооцдог. Гэтэл Япон-Хятадын дайн, Өвлийн дайн нь түүнээс өмнө эхэлж, зарим нь бүр дуусчихсан байв. Их дайны энд тэнд өрнөсөн саланги стратеги бүхий нэг хэсэг байх, бас дайны үндсэн үйл явдлын нэг хэсэг байх хоёрт бас ялгаа бий аж.
    Хятад-Японы, ЗХУ-Финландийн дайнууд нь хэдий II дайны нэг хэсэг мөн боловч Станлинградын тулалдаан хийгээд германууд Хойт Африк, Польшид довтолсонтой харьцуулахад нэгдсэн том стратегийн нэг хэсэг бус, нэлээд бие даасан шинжтэй. Англи-Занзибарын дайн ч мөн дэлхийн колонийн дайны нэг хэсэг боловч бие даасан шинжтэй юм.
    Англи-Занзибарын дайнаар Занзибар тусгаар тогтнолоо алдаж, колони орон болсон бол Хар тамхины дайнаар Манж Чин гүрний мөхөл эхэлжээ.
    Эндээс дайн гэж нэрлэхийн нэг шалгуур нь харьцангуй бие даасан шинжтэйгээс гадна мөн ноцтой үр дагавартай, зарим нь бүр гарцаагүй түүхэн эргэлтийн гэж болохуйц үр дагавартай байгаа нийтлэг шинж байна. Хилийн мөргөлдөөн, тулалдаан, хэрэг явдалд тийм гүн гүнзгий шийдвэрлэх үр дагавар үгүй юм. Халх голын дайны өмнөхөн болсон Хасан нуурын тулалдаан ч, манай баруун хил дээр болсон Байтагбогдыг байлдаан ч улс орны хувь заяанд нөлөөлөхүйц цар далайцтай үйл явдал байсангүй.
    Дээрх жишгээр үзвэл Халх голын дайн нь харьцангуй бие даасан шинжтэй, Өвлийн дайн, Япон-Хятадын дайны нэгэн адил “дайн” хэмээн нэрлэж болохуйц дэлхийн II дайны нэг хэсэг, зарим судлаачдын үздгээр II дайны удиртгал, “Зарлаагүй дайны оршил” ч болно.
    Тэгэхээр зөвхөн цаг хугацаа, оролцсон цэргийн хүч, хохирлын хэмжээгээр Халх голын үйл явдлыг ч дайн биш ээ гэж хэлэх үндэслэл хангалттай биш байна.
    Стратеги, үйл явдлын далайц, үр дагавар, нөлөөллөөр Халх голын дайныг дайн биш гэж үзэх үндэслэл бүр ч бага болно.
    Олон улсын цэрэг дайн, улс төрийн бодлогын хэмжээнд,
    – Газар нутгаа Уралын нуруу хүртэл тэлэх санаархал бүхий Танакагийн меморандиум бодит эсэхээс үл хамааран Еврази болон Номхон далайн бүс нутгийн уудам орон зайд ноёрхох Японы дайнч түрэмгий санаархал нэн бодит бөгөөд Халх голд анх удаа тэрхүү санаархалд хүчтэй цохилт өгчээ.
    – Халх голын дайны үр дүнд 1941 оны 4 сарын 13-нд Москвад ЗХУ, Япон хоёрын хооронд гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээгээр / Пакт о нейтралитете между СССР и Японией/ 5 жилийн хугацаанд харилцан довтлолцохгүй байх үүрэг хүлээсэн нь ЗХУ дэлхийн II дайны үед хоёр фронтод зэрэг дайтах, байгалийн асар их баялагтай Сибир, алс Дорнодыг болон стратегийн нэн чухал Дорнод Сибирийн төмөр замыг хамгаалах боломжийг бий болгожээ. Энэ нь II дайны хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн. Японы тал ч хоёр талд зэрэг фронт нээхгүйгээр Хятад, Зүүн Өмнөд Ази, Номхон далайд чөлөөтэй дайн хийх боломжтой болсон. Зүрх зориг нь бадарч Сувдан эргийг / Pearl Harbor / хүртэл бөмбөгдөөд амжсан. /Гэхдээ хэрвээ Германууд Москваг эзэлж, Оросын хүчин сулрах тохиолдолд зүүн талаас нь товтлоход бэлэн, яг цөөвөр чоно шиг байдалтай/
    Монгол Улс, монголчуудын хувьд Халх голын дайн нь
    – хүчин буурай монгол орныг санаан зоргоор эзлэн, эрхшээлдээ орчуулчих боломжгүй, хүчирхэг хамгаалагч, өмгөөлөгчтэй болохыг санаархагч орон: Япон, Хятадад хатуу сануулга өгсөн. 1941 оны 4 сарын ЗХУ-Японы гэрээнд хавсаргасан тунхаглалаар Японы тал БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэж болохуйц нэн чухал үйл явдал болсон.
    – аль 1915 оны үеэс л монголчуудын дунд Японыг дагаж хөгжих тухай санаархал өрнөж эхэлсэн ба энэ нь 1930-аад оны хэлмэгдлийн нэг үүсвэр шалтгаан болж байв. Халх голын дайны өмнө ч зүүн хил орчимд байсан цэрэг дайчдын дунд Японтой байлдаад дийлэхгүй гэсэн өөртөө үл итгэх байдал, айдас түгшүүр тодорхой байсан ба зарим цэргийн томоохон зүтгэлтнүүд ийм яриа гаргасны улмаас цэргийн шүүхэд татагдаж байжээ. Ер тэр үе хүртэл монголчуудын дунд, ялангуяа төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүдийн дунд Японыг дагах, ЗХУ-ыг дагах гэсэн хоёр үзэл санааны ялгарал тод байсан, Халх голын дайны үрээр энэхүү ялгарал үгүй болж, тууштай нэг талдаа гарчээ. Энэ нь Дэлхийн II дайны үед ЗХУ-ын талд тууштай, итгэлтэй байхад хүргэж, өөрийн бяцхан эдийн засгаас нь гарамгүй их хэмжээний тусламжийг ЗХУ-д нийлүүлж /ландлизингтэй харьцуулахад/, улмаар 1945 оны Чөлөөлөх дайнд ч ЗХУ-тай мөр зэрэгцэн оролцсон нь Монгол Улсын статус квог олон улсын түвшинд тодорхой таниулж, Сталиний хүчтэй дэмжлэгийн үрээр 1945 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдээр /Англи, Америк/ тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн. Цаг үргэлжид монголд санаархан шүлсээ савируулж байсан гоминданы болон коммунист хятадын амыг ч бас нам таглаж чадсан байна. Хятадууд Ар монголыг буюу одоогийн Монгол Улсыг Өвөр монголын нэгэн адил дээвэр туурган дороо нэгтгэж авахын төлөө хэрхэн улайран тэмцэж байсныг түүхийн олон баримтууд гэрчилдэг. Улмаар БНМАУ НҮБ-д элсэн, ТТ-оо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ нь Баабарын иш татаж бичсэнээр ЗХУ нь “Халх голын тулалдааны хүчээр өмнөд хөрш БНМАУ-ыг бүрнээ номхруулж, гадна ч, дотно ч талдаа ямар ч эсэргүүцэлгүй үнэнч боол болгож чадсан” явдал байсангүй. Тусгаар тогтнол гэдэг нь улс орны хувьд эрх чөлөө юм. Тэгвэл боолд эрх чөлөө олгох хэрэг юу билээ? Бид өнөөдөр тэр эрх чөлөөний буюу ТТ-ын үр шимийг хүртсээр яваа. (Соц системийн хүрээнд улс төр, эдийн засгийн хүчтэй интегралчлал байсныг, ЗХУ-ын ЭЗ-ийн болон улс төрийн эерэг болон сөрөг хүчтэй нөлөөлөл, нөмөр нөөлөг байсныг боолчлолтой хутгаж болохгүй юм.)
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth) гэдэг ч үнэн шүү.
    Бодит байдал, түүхэн баримт, үр нөлөө ийм байхад Баабарын хэлснээр “Тэд” буюу БИД нь Халх голын үйл явдлыг “тулалдаан”, “мөргөлдөөн” хэмжээнд үнэлэхийг голох нь зүйн хэрэг юм.
    Аль ч дайн, тулаанд оролцсон талуудад нийтлэг шинж байдаг нь өөрсдийн хохирлоо дарж, амжилтаа дөвийлгөдөг. Тэр бүү хэл өөрсдийгөө улайран зөвтгөдөг. Энэ жишгээр Зөвлөлт-Монголын тал өөрсдийн амжилтыг илт дөвийлгөсөн. Япон тал ч ялагдлаа дарсан, багасгасан. Тэр нь “Номунханы хэрэг явдал” гэхээр илэрдэг. /Нөгөө талаар Ази-Номхон далайн уудам оройн зайд өргөн царайтай дайн хийж байсан тэдний хувьд Халх голын үйл явдал нь жижигхэн харагдаж ч бас болно./ Тэр бүү хэл Японы тал Монголд халдан довтолсноо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, бүр умард хятадыг эзлэн түрэмгийлж, сая саяар нь алж байсныхаа төлөө өнөө ч Хятадын талаас хангалттай хэмжээнд уучлал гуйгаагүй, маргаан мэтгээн дагуулсаар байгаа болно. Ийм нөхцөлд ялагдсан талын илт багасгасан байр суурийг хүлээн зөвшөөрч, дайн болоогүй ээ, мөргөлдөөн төдий байсан гэх нь хэт явцуу туйлшрал, эсвэл бодлоготой тархи угаалт болно.
    .
    ***
    2. Баабар гуайн нийтлэлд “Монголын Засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчин (Зөвлөлтийн) 1936-37 онд орж ирэн байраллаа” гэжээ.
    Харин тэр цаг үед ямар үйл явдал өрнөснийг эргэж харая.
    – 1934 оны 10 сарын 21-ээс 12 сарын 2-ны хооронд Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д сар гаруйн хугацаанд хийсэн айлчлал үеэр Сталин нартай уулзахад “цэргийн довтолгооны аюул заналуудыг аль болох аргаар зайлуулахаар урьдаас сэргийлэх хэрэгт бие биестээ туслах ба мөн хэрэв БНМАУ ба ЗХУ-д гуравдугаар этгээд довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” гэсэн аман хэлэлцээ байгуулжээ.
    – 1936 оны 1 сарын 9-нд болсон Монгол-Зөвлөлийн дээд хэмжээний уулзалт дээр Гэндэн “1935 оны 7 сард та бүхний явуулсан техникийн ангиуд бидэнд их хэрэг болж байна” гэсэн үг хэлсэн байдаг. Энэ нь тэр үед монголд өргөнөөр оруулж ирж байсан холбоо, газар тариалан, зам тээвэр, эмнэлэг, барилга бүтээн байгуулалтын техникийн тухай яриа биш, харин гагцхүү цэргийн техникийн тухай яриа юм. Сталин хариуд нь улаан армийн моторчилсон хоёр бригад бүхий хүчийг монголд оруулахаа мэдэгджээ.
    – Манай төлөөлөгчдийг буцаж ирсний дараахан МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Гэндэн тэргүүтэй төлөөлөгчдийн тайланг хэлэлцээд, ЗХУ-аас цэргийн туламж хүсэхээр шийдвэрлэжээ. Үүнд, нэг: …Улаан цэргээс тус улсын газар нутаг дээр моторчилсон бригад 2, дайран сөнөөгч онгоцны эскадриль 1, эдгээрийг нэн даруй хурдавчлан ирүүлэхийг хүсч явуулсугай. Хоёр:Манай улсын дотор байгаа улаан цэргийн ангиудыг хэвээр нь үлдээхийг хүсэх-ээр заажээ.
    – Хүсэлтийг ёсоор болгосноо 1936 оны 2 сарын 1-нд ЗХУ-ын тал Монголд мэдэгдсэн байна.
    – Дээрх уулзалт, яриануудын биелэл болж, 1936 оны 2 сарын 12-нд Улаанбаатарт БНМАУ, ЗХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д гарын үсэг зурав. Тэр үед Сталин “…Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. 1921 онд тусалсан шигээ тусална” хэмээн АНУ-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
    – 1937 оны 8 сарын эхээр Япон, Хятадын хооронд дайн өрнөж, япончууд Датун, Жанчхүүг эзлэн авсан. Ийм нөхцөлд болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлж, уг оны 8 сарын сүүлээр ЗХУ-ын 17-р армийг Монголын нутагт оруулж иржээ.
    Тэгэхээр ЗХУ нь Монголын засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчинг Монголын нутагт оруулсан гэдэг нь худлаа болно. Хэд хэдэн удаагийн уулзалт яриа хэлэлцээ, манай яаравчилсан хүсэлтийн үр дүнд багадаа л гэхэд моторчилсон хоёр бригад, нисэх онгоцны эскадрил бүхий хүч монголд орж иржээ. Моторчилсон бригад гэдэг нь тариа бригадын хэмжээний зүйл биш шүү дээ. 1936 оноос ч өмнө ЗХУ-ын цэргийн ангиуд Монголд байсныг, нэмж тодорхой хүч яаралтай илгээхийг манайхан хүсэж байсныг, Зөвлөлтүүд хүсэлт ёсоор ч болгон цэрэг илгээснийг дээрх баримтууд нотлоно.
    Учир нь 1931 онд Япончуудын одоогийн хятадын умардын үлэмжхэн газар нутгийг эзлээд, 1932 онд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулж, далбаанд нь тэнд 1 сая хүнтэй Квантуны хүчирхэг армиа байрлуулчихсан байсныг тухайн цаг үед энхийг сахиулах үйл ажиллагаа гэж ойлгох ямар ч аргагүй юм. Нөгөө талаар 1935 оноос л Халх гол, Нөмрөг орчмоор хил зөрчсөн үйлдлүүд тогтмол гарч байсан тухай мэдээлэл манай хилийн цэргийн архив, үйл явдалд оролцсон ахмад дайчдын дурсамжуудад хангалттай бий. Ингэхэд тэдгээр баримтад эргэлзэх, үл итгэх ёстой юу? Бас Баабар гуай “Монголын талаас тулалдаанд 6 ба 8 дугаар морьт хороог оруулсан ба тэд орчин үеийн техник зэвсэгтэй япончуудтай байлдаагүй, Манж Го-гийн талынх гэх барга монголчуудын морин хороотой тулгарсан” гэжээ. Халх голын дайнд оролцсон хэдэн арван цэрэг дайчдын дурсамжинд баргатай биш, япон цэргийн хувцас өмссөн баргатай ч биш, үйлийн үргүй зүс буруу японтой л байлдсан, ноцолдсон, буудалцсан, ухарсан, дайрсан гэж гардаг даа. Тэдгээрийг сөхвөл энд багтахгүй, бүтэн ном болохоор арвин. Тэднийг бүгдийг нь худал гөрдчихжээ гэх ёстой юу? Сөрөг баримтууд гарч ирж буй бол харьцуулан судалж байж дүгнэх учиртайгаас биш, шууд л “Өө, энэ үнэн байна шүү дээ. Манайхан ёстой бүлтэрдэг байжээ” гээд гуяа алгадаад гүйгээд байх нь шинжлэх ухааны арга зүй лав биш ээ.
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
    .
    ***
    3. Мөн “Барга, халх хоёрын хооронд хилийн маргаан гэх юм байсангүй, адилхан монголчууд, ялгаатай нь 1907 оны нууц гэрээгээр нэг нь Японы, нөгөө нь Оросын мэдлийн бүс болсон. Сталин гэнэт хилийн маргаан гэгчийг санаачлав. Ингээд Манж Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээ Манжуур сууринд олон удаа болж тохиролцоонд хүрчээ. Японы зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлсэн нь хоёр хөршөөс яагаад ч зөвшөөрөхгүй алхам болов. Хэлэлцээрийг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон, харин түүнийг эргээд ирэнгүүт Москвад аваачиж буудан хороосон. Хилийн асуудлыг тохиролцож болохгүй, зөвхөн маргалдаад л гөжөөд байх ёстой аж” гэсэн өгүүлбэр Баабар гуайн нийтлэлд бий. Цаашлаад Япончууд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан, дайныг Япон биш, Зөвлөлтийн тал, Сталин санаачилсан гэх мэтээр үргэлжилнэ.
    Халх, Баргын хооронд хилийн ямар нэгэн маргаан огт байгаагүй биш юм. Аль Манжийн үеэс Халхын сэцэн хан, болон одоогийн Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Баргын зүүн, баруун хошууны хооронд хилийн ужиграсан маргаан байсныг Япончууд зорилгодоо ашигласан.
    1934 оноос Халхгол, Хайлаас, Нөмрөгийн сав газраар байнга хилийн зөрчил, маргаан үүсэж, зөвхөн 1939 оны эхний гуравхан сарын хугацаанд тагнах турших маягийн зөрчил 40 орчим бүртгэгдсэн баримт бий. Хилийн зөрчил хоёр талаас морь малын араас явах, хулгайлах, санаатай, санамсаргүйгээр төөрч будилах нь ч байсан, гэвч ноцтой нь цэргийн, тагнуулын зорилгоор хил зөрчих нь зонхилж байжээ. Тухайлбал, 1935 оны 1 сарын 24-нд 13:00 цагийн орчимд Халхын сүм орчмоор хилээс 20км-ийн гүнд япон, манжийн зэвсэглэсэн 17 хүн хилчидтэй тулгарч буудалцсан, манай талаас нэр бүхий хоёр хүн алагдаж, харин нөгөө талаас алагдагсад дотор алтан вагонтой, хоёр таван хошуутай, гуулин патлизтай офицер байжээ. Маргаантай, одоо ч нэг мөр эцэслэн шийдэгдээгүй Халхийн сүмийн, мөн 1935 оны 12 сарын 24-нд болсон Булан дэрсний томоохон хэрэг явдлууд ар араасаа гарсан байна.
    Тэгсээр энэхүү хилийн маргаан будилааныг зохицуулах Монгол-МанжГо-гийн бага хурал нэртэй ч Японы тал шууд оролцсон, гурвалсан ч гэхээр хурал 1935 оны 6 сарын 3-нд Манжуур өртөөнд эхэлсэн. Гэвч МанжГо-гийн төлөөлөгчид “БНМАУ-ын нутагт байнга оршин сууж, чөлөөтэй явж, өөрийн засгийн газартай холбоо барьж байх эрх бүхий төлөөлөгч суулгах, үгүй бол Тамсаг сүмээс зүүн тийш байгаа цэргээ татах” гэсэн шаардлага тавьж, энэ нь манай эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн Монголын тал түр түдгэлзсэн. Японы талын шаардлагад нааштай хандсан гэдэг шалтгаанаар төлөөлөгчийн тэргүүний хувь заяа хэрхэснийг Баабар биччихсэн. Тохиролцож чадаагүй учир хурал завсарлаад 1935 оны 10 сарын 2-оос 11 сарын 25-ны хооронд дахин хуралджээ. Гэвч хоёр тал аль аль нь тавьсан саналаасаа ухраагүй тул Бага хурал мухардалд орж, завсарласан байна. Ганц манай тал гөжөөд байсан юм биш. Санал зөрсөн зүйл нь Монголын талаас хилийн маргаанийг шийдвэрлэхийн тулд бүрэн эрхт төлөөлөгчийн газар нэг нэгийг харилцан солилцох, манайх төлөөлөгчөө Манжуурт, Японы тал Тамсагбулагт суулгах санал тавьсан бол Японы тал, гурван төлөөлөгчийн газар байгуулж, Улаанбаатар, Баянтүмэн, Тамсагт Японы төлөөлөгч суух, манай төлөөлөгчидийг Чанчун, Хайлаар, Манжуур өртөөнд байлгах санал тавьсан байна. Манай тал мэдээж хэрэг Улаанбаатар, Баянтүмэнд тэдний төлөөлөгчийн газрыг байгуулах нь аюулгүй байдалд нэн эрсдэлтэй хэмээн үзэж зөвшөөрсөнгүй, харин нөгөө тал Улаанбаатар, Баянтүмэнд сууна гэдгээсээ ухарсангүй. Учир шалтгаан нь ч бараг тодорхой биз ээ. Ийм бэлээхэн баримт мэдээлэл байхад, зөвхөн Монголын талыг Сталины даалгавраар асуудлыг улам дэвэргэх гэж, хилийн асуудлыг эв зүйгээр тохиролцохгүйгээр гөжөөд байсан гэх үндэслэл бараг үгүй юм.
    Хэдийгээр нийтээр мэддэг, манай түүхийн архив, лавлах, боть, номд бичигдсэн ч эдгээр баримтууд нь хоосон худал санаанаасаа зохиосон зүйлс биш, үгүйсгэх боломжгүй бодит баримтууд юм. Гагцхүү нэг баримтыг нь ор тас орхичихоор асуудал огт эсрэгээр харагддаг, тийм л аргыг Баабар хэрэглэдэг.
    Япончууд гэмгүй номхон, зүв зүгээр байтал гэнэтхэн Монголчууд хил даван зөрчил үүсгэж, дайныг үүсгэсэн, тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулаагүй байсан гэх мэт суртал ухуулга өнөөдөр хүчтэй явдаг болсон. Үүнийг үгүйсгэх эх адаггүй олон баримт дурдаж болно. Гэхдээ эхлээд хоёр, гуравхан нь асуултад баталгаатай хариулт хэрэгтэй.
    – 1936 оны 3 сарын 31-нээс 4 сарын 1-ний хооронд хэдэн арван машин, их буу, танк, хуягт машин, нисэх онгоц бүхий хүч манай хил давж, Адагдулааны застав руу довтолсныг манай монгол цэрэг дан өөрийн хүчээр тогтоон барьж, буцаан хөөсөн. Үүнийг орос цэргүүд япон цэргийн хувцас өмсөж, япон техник танк хэрэглэн довтолсон гэх баримт нотолгоо бий юу? Эсвэл манай заставын цэргүүд МанжГо-гийн хил рүү халдсан хэрэг үү?
    – 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр хамтрах талаар пакт баримт бичигт гарын үсэг зурсны гол зорилго нь ЗХУ-ын эсрэг, улмаар холбоотон нь /Баабарынхаар боол нь/ болох Монголын эсрэг биш гэж үү? /Хожим 1940 онд Япон нь Герман, Италитай гэрээ байгуулсан/
    – Ерөөсөө Япончууд өчүүхэн ч гэмгүй номхон байсан юм бол юугаа хийж 1939 оны 6 сарын 27-нд Монголын хилийн гүнд, Буйр нуураас 40 гаруй км, Халх голын Сүмбэрээс 70 гаруй км-т байх Тамсагбулаг, бүр цаашлаад Баянтүмэн, Дорнод аймгийн төвийг хүртэл ирж 150 гаруй онгоцоор, хэдэн зуун бөмбөгөөр бөмбөгдсөн хэрэг вэ?
    – Японы үхлийн 731 анги 1939 оны 7 сард их хэмжээний янз бүрийн бактерийг яах гэж Халх голын усанд хаясан хэрэг вэ? Ариутгал хийх гээгүй нь лавтай.
    – Япончууд монголд довтлох ямар ч санаагүй байсан юм бол тэдний цэрэг техникийн их хүч нь 1939 оны 7 сарын 2-оос 3-нд шилжих шөнө Халх голыг зүүнээс баруун тийш Монгол орны нутгийн гүн рүү гаталж, Баянцагааны нуруунд үлийгээ хайж явсан хэрэг вэ? Төөрчихсөн хэрэг үү? Эсвэл Барга, Халхын хоорондох маргаантай нутгийг хүчээр тасалж авах гэсэн хэрэг үү?
    – Япончууд тухайн цаг үеийн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүндэтгэж байсан аваас яах гэж Мана уулын хэсгийг гэнэдүүлэн довтолж, тэр чигт нь авч үлдсэн юм бол?
    – Японы хуурай замын ерөнхий штаб боловсруулж, эзэн хааны Төв штаб нь 1941 оны 9 сарын 6-нд баталсан Kantokuen /Сибирский поход японской армии/ гэх төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөөгөөр Москваг германчууд эзлэнгүүт Амар мөрний уудам сав газар болон Монголын зүүн хэсгээр /Үүнд Улаанбаатар орно/ довтолж, Байгал далай хүртлэх газар нутгийг богино хугацаанд эзлэх, улмаар баруун тийш үргэлжлүүлэн довтлох, тэгэхдээ хими, бактерлиогийн зэвсгийг өргөн ашиглахаар тусгагджээ. Төв штабынх нь 1941 оны 12 сарын 3-ны 1048 тоот тушаалд “Оросын эсрэг довтолгооны бэлтгэл ажлыг эрчимжүүлж, 1942 оны хавар довтлоход бэлтгэ”-ийг тушааж байжээ. Энэ төлөвлөгөө огт худал зохиомол зүйл байсан хэрэг үү? Танакагийн меморандиумын адил?
    – 1946 оны 5 сарын 3-наас 1948 оны 11 сарын 12 хүртэл Токиод хуралдсан цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн, монголын талаас гэрчээр оролцсон олон улсын шүүх хурлын шийдвэрийг хэрхэн үзэх вэ? Тэр шүүхээр япончуудыг хилс хэрэгт тулгаад яллачихсан болох уу?
    БНМАУ-ын Засгийн газар Японы талаас авах “дайны төлбөрөөсөө” татгалзсаны хариуд 500 сая иений мөнгөн тусламж хэлбэрээр шийдэгдэж, 1981 оноос ажиллаж, Монголын эдийн засагт төдийгүй Япон, Монголын харилцаанд ч үлэмжхэн үүрэг гүйцэтгэсэн Говь комбинат өнөө ч ажиллаж байгаа.
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
    1990 оноос хойш манайд хамгийн бодит туслалцаа үзүүлсэн улс орон Япон. Түүх нь түүхээрээ, 39, 45 онд япон бидэнд дайсан болон харагдаж байсан үе бий. Хэдий суларсан ч 90 он хүртэл тийм хандлага арилаагүй байв. Харин одоо японыг шууд дайсан гэх сэтгэхүй монголчууд дундаас хайгаад ч олоход бэрх. /хувь хүмүүсийн харилцаанд гарсан асуудлаас үүдэлтэй янз бүрийн хандлага байдаг ч тэр нь түүхэн цаг үеийг тодорхойлохгүй/ Японтой одоо монголчууд зөвхөн ЭЗ төдийгүй соёл, нийгмийг олон салбарт үр дүнтэй өргөн харилцаатай байна.
    Өнөө Халх голын дайны ойг тэмдэглэж байгаа нь Японыг дайсан гэж үзэх үзлийг дэвэргэх гэсэн сэтгэлгээ, хандлага ч биш юм. Түүх нь түүхээрээ үлдэг. сургамж, дурсамж, бас бахархал аль аль талд нь бий. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг байх аа.
    Халх голын дайны ялалтыг шууд утгаар нь үгүйсгэх, тэр үгүйсгэлдээ Орос руу хамаг бурууг чихэх замаар асуудлыг шийдэх гэвэл түүн шиг хадуурал байж болохгүй л дээ. Баабарын санааг эсэргүүцээд байгаагийн шалтгаан нь энд бий.
    .
    ***
    Харбин хотын ойролцоо нууцаар байгуулсан алдарт 731-р ангийг дан ганц шинжлэх ухааны зориулалтаар байгуулаагүй нь тодорхой бөгөөд тус ангид хийж байсан хүмүүн бус туршилтынх нь золиосны гол байд зөвхөн хятад, оросууд байгаад зогсоогүй монголчууд ч өртөж байсан. Хохирогч гуалингуудын нэрсийн жагсаалтан дотор монгол хүний нэрс дурайтал бичээстэй бий. Монголын армиас сураггүй болсон 32 хүний хэд нь тийш очсоныг тааж мэдэхгүй. 731 отрядын аймшигт туршилт судалгааны тайланг нууцаар авсныхаа хариуд АНУ хүн төрөлхтний эсрэг хийсэн тэдний гэмт хэргийг шүүсэн шүүх хурлын үр дүнг саармагжуулж, гол гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн, зөвхөн эрдэм судлалын ажил байсан мэтээр харуулахыг оролдсон нь ч бодит түүх юм.
    Ялагдсан Японы тал өдий хүртэл Халх голын дайныг “Номун ханы хэрэг явдал” хэмээн ач холбогдлыг нь бууруулан нэрлэсээр ирснийг гарцаагүй зөв хэмээн хүлээн зөвшөөрөх нь юуны өмнө Халх голд амь үрэгдсэн 274-280, амь өрсөн тулалдсан 4860, шархадсан 678, сураггүй алга болсон 32 монгол цэргийн цус, хөлс, эр зоригийг зохих ёсоор үнэлээгүй, тэр цаг үеийн монгол түмний тусгаар тогтнолоо хамгаалах хүсэл эрмэлзлийг үгүйсгэсэн, түүхэн бодит үнэнийг мушгин гуйвуулсан болно.
    Түүхэн судалгаа тэр бүр эцэслэн цэг тавигддаггүй, урагш ахисаар, шинэ ойлголт, шинэ үзэл хандлага, шинэ баримт материалаар баяжсаар байдаг, тэр хэмжээгээр танин мэдэхүй өргөжин тэлдэг нь зүй ёсны үзэгдэл. Харин олон эш баримтуудаас тодорхой хэсгийг нь тодруулах, бас нэг хэсгийг нь ор тас “мартах“ замаар улс төрийн үзэл санаа, ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх, тулгах хүлээлгэх нь шинжлэх ухааны танин мэдэхүй биш, биш байтугай бүр танин мэдэхүйд харш, тархи угаалт, үзэл суртлын дайн болно. Ийм дайныг Баабарын хамгийн ихээр эгдүүцэн, үзэн яддаг большевикууд, коммунистууд гарамгай хийсэн, бас түүний хамгийн ихээр талархан сайшаадаг коммунизмын эсрэг хүчин ч дутахгүй сайн хийсэн. Өнгөрсөн зууны дэлхий нийтийг хоёр лагерт хуваасан хүчирхэг үзэл суртлын тэмцлийн оролцогчид чухам хэн нь хэнийгээ гэхээргүй тархи угааж, пропаганда хийсэн дээ.
    Хүйтэн дайн дуусаагүй ээ, өнөө хоёрдахь шатлалын хүйтэн дайн ид өрнөж байгаа. Энэ хүйтэн дайны талбар нь тархи, арга технологи нь тархи угаалт, зэвсэг нь мэдээлэл. Ийм нөхцөлд ийш тийш үсчиж, ханарч, туйлшрах нь тун осолтой. Өнгөрсөн үеэ гутааж, мушгиж, зүхэж байж дур тавьдаг гаж дон ч гэмээр хэтэрсэн туйлшрал бүр хэрэггүй.
    .
    ***
    Дашрамд, өнөө цагт “Бид яах гэж Оросыг дагав аа? Хэрвээ Японыг дагачихсан бол, эсвэл Швейцар лугаа адил дундыг барьчихсан бол …” гэсэн гоншигнуур үгс ямагт сонсогддог болсон. 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр коминтерний эсрэг пакт хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан, 1940 оны 9 сарын 27-нд Япон нь Гитлерийн Герман, Муссолиногийн Италитай холбоотны гэрээ байгуулсныг, энэ гурвал нь 20 гаруй улсын оролцоо бүхий Тэнхлэгийн хүчний гол тулгуур болж байсныг санах хэрэгтэй.
    Түүхэнд “Хэрвээ…?” гэж байдаггүй гэдэг. Гэвч нэгэнт “Хэрвээ …?” хэмээж буй бол мөн тэр логикоор нь хариу өгөх шаардлагатай болно. ХЭРВЭЭ бид Японыг 1930-аад онд дагасан бол буутай хятад цагдааг хараад далжгасхийдэг Төвдүүдийн, эсвэл хүн амынх нь 37,8 хувь нь хятадад уусан, хүн далайд живэн алга болж буй өвөрлөгч ахан дүүсийнхээ хувь заяаг давтах магадлал 99,0 хувьтай байсан гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Яагаад вэ гэвэл, дэлхийн II дайнд Япон ялагдахад тэднийг даган далдаганасан, ар шилд нь хутга шаасан Монголыг Сталин хөгцтэй шүдэндээ хэрхэн чанга зуухаа мэдэх байлгүй. Тэр хэзээ ч “Гадаад Монгол зайлшгүй тусгаар тогтнох ёстой”, “Хэрэв Хятад улс гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол ЗХУ алс дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй, тэгэхээр Хятад улс удтал Японд эзлэгдсэн хэвээр байх болно гэдгийг би та нарт тов тодорхой хэлж байна. Гадаад Монголын ард түмний тухайд гэвэл тэд Хятад улсад нэгдэхийг хүсэхгүй, бас ЗХУ-д ч нэгдэхийг хүсэхгүй, тэгэхээр тэднийг тусгаар тогтнуулах л болно” гэж 1945 оны 6 сард Москвад хэлэлцээр хийхээр ирсэн Хятадын Үндэсний гүйцэтгэх Юуаны дарга Сун Зы Вень, Гадаад хэргийн яамны сайд Ван Шице нарын хятадын төлөөлөгчдийн тэргүүнд хандаж хатуу бөгөөд тодорхой хэлэхгүй. Ялтын гэрээний үеэр АНУ болон Их Британын төрийн тэргүүнүүдэд мөн яг энэ агуулгаар шахалт үзүүлэхгүй байв.
    Харин ч нойтон хамуу шиг Ар Монголоо авна гэж шалаад шалдаггүй Хятадуудад Японыг дагаж далдаганасан Монголын газар нутгийн 48-р өргөргөөс өмнөх хэсгийг нь тасдаж шидчихээд, арыг нь өөртөө хамаад авчихаж ч мэднэ. Бид 70 жил оросын нөлөөнд явсан атлаа өнөөдөр орос цусанд живчихсэнгүй, хэдий өртөг золиос ихтэй ч улс оронд байдаг нийгэм болоод улс ардын аж ахуйн бүхий л салбарын эх суурь тавигдсан тусгаар улстайгаа үлдэж чадсанаа зол гэж залбирах хэрэгтэй юм. Гэтэл Манжийн төрийн шинэ бодлогын үрээр 1900-аад оны үеэс Монгол нутагт хятад иргэд чөлөөтэй орох зам нээгдэж, ердөө 20 хүрэхгүй жилийн дотор Нийслэл хүрээний хүн амын 36 хувь, нийт хүн амын 22.5 хувь нь хятад болж, биднийг уусган алдсан гашуун түүхийг ч, одоогоос яг 100 жилийн өмнө 1919 онд хятад цэрэг Монгол оронд хүч түрэн орж ирж, манай ноёд цалин пүнлүүгээр барьцаалан Тусгаар тогтнолоо худалдаж, түүхэндээ анх удаа монголчууд тулгар төрийнхөө сүлдийг гудайлган, хятадыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан түүхийг ч мартаж болохгүй юм. Хэрвээ тэр 70 жилд хятадын нөлөөнд явсан бол юу болох байсныг төсөөлж хэлэхээс зүрхшээм.
    Чухам 1939 онд Халх голд Зөвлөлттэй хамтран Японы эсрэг тулалдаж, нэг талдаа тууштай гарсны, II дайны турш найдвартай ар тал байсны, 1945 онд Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдсаны, бас ЗХУ-ын өмнөд өрд аюулгүй бүфэр бүс хэрэгтэйн тулд, Соц системд нь сул ч нэгэн бүл нэмж буйнх нь тулд Сталин Монголыг өмгөөлсөн, хамгаалсан, бас тусгаар тогтнолынх нь асуудалд хатуу зогсож чадсан юм.
    Орос судлаачдын бичсэн номын зарим баримтыг олзуурхан Баабарын бичсэн нийтлэлийн ерөнхий агуулга нь Халх голын дайнд бид хохирчихжээ гэсэн санаа. Мана уулаа алдсан маань хохирол мөн. Гэвч Халх голын дайнаас Монгол улс тусгаар тогтнолоо авч үлдэх өргөн боломжийг олж авсан маань том хожил. Ерөнхий дүнгээрээ бид хожсон. Манжуур хийгээд Өвөрмонголын зүүн хойт хэсгийг бүхэлд нь хамарсан 1,5 сая гаруй км хавтгай талбай бүхий уудам, баялаг газар нутгийг дээвэр туурган доороо нэгтгэсэн Хятад том хожсон. Харин том хохирсон нь манж нар. Хэрвээ бид Японыг дагаж, Нармай монгол улс байгуулчихсан байсан аваас өдгөө зүүд зэрэглээ шиг, хөөс шиг санагдах болсон Манж-Го улсын гашуун хувь тавилан биднээс тойрохгүй. Мөн цаг үедээ Японы ивээлд ороод, Тусгаар болоод авахыг оролдсон, хамжлагаасаа салахын хүсээгүй Дэ вангийн болон өвөрлөгч Монголчуудын маань эмгэнэлт түүх ч гашуун, мартаж боломгүй сургамж. Манай Данзан нарын саналаар явсан бол юу болж дуусах байсныг МанжГо, Дэ Ван хоёрын түүх харуулна.
    80 орчим улс орнууд татагдан орсон, 110 сая хүн зэвсэг барин биесийнхээ өөдөөс буудаж, 70 саяыгаа нухаж орхисон Дэлхийн II дайн болоод түүний өмнөх, хойнох цаг үе бол буурай нь байтугай бузгай гайгүй нь хүртэл Тусгаар тогтнолоо хамгаалахад хэцүү, ээдрээ будлиантай, улс орнуудын хувь заяа цөөхөн хэдэн их гүрнүүдийн дохио зангаагаар өөрчлөгдөж байсан эвгүй цаг үе байв. Тийм нөхцөлд 80 мянган ламтай атлаа 12 мянган цэрэгтэй, дэд бүтэц, аж үйлдвэр, боловсролын системийн сураг ч байхгүй монгол орны хувьд Швейцарь лугаа адил дундыг бариад хөгжчих боломж бараг 00 хувьтай, ялангуяа хятадын ховдог санаархлын ид оргил цаг үед бүр ч боломжгүй байв. Өнгөрсөн зуунд дэлхийг 2 хуваасан хүчирхэг системийн хуваагдлын гадуур, тэр дундаа үйл явдлын, нөлөөллийн бүсд буй Монгол орны хувьд соц системийн хүрээ, нөлөөлөлд орохоос өөр сонголт, зам байсан гэж үү? АНУ-ын монголч эрдэмтэн Христофер Этвүүд “Монголчууд тэнгэрээс удирдлагатай юм шиг, үйл хэрэг нь цаагуураа зөв байгаад байдаг” хэмээн ярьж байсныг чихээрээ сонсож суусан билээ. Хэдий 37 мянган ламаа хядуулсан ч, хэдий ЗХУ-ын нөлөөнд байж, Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүртдэг байсан ч, хэдий Баабарын логикоор бол “ямар ч эсрэгүүцэлгүй үнэнч боол” болсон ч, хэдий материалист үзэлд тулгагдан үндэснийхээ өв соёл, танин мэдэхүйгээс нэлээд хөндийрсөн ч XX зууны Монголын түүх нь бүхэлдээ зөв чигтэй явж ирсэн. Үр дүн нь өнөөдрийн сайн муу ч, хэрүүл тэмцэлтэй ч тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс. Төлбөргүй юм гэж байдаггүй, ялангуяа Тусгаар тогтнол бол хамгийн өндөр үнээр олддог, хамгийн эрхэм зүйл. Бид төлбөрөө ч хангалттай төлсөн. “Эрхэмлэж яваарай хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та бүхэн үлдээлээ” хэмээн итгэл төгс үлдээж чадсан өмнөх үеийнхний алдаа оноотой ч эрмэлзэл тэмцлийн утга учир үнэ цэнтэйгээ байгаа. Харин цаашид хэрхэхийг зөвхөн бидний эрүүл ухаан, зүрх сэтгэл шийдэх болно.
    Зарим хэрэгт өвс мэт бөхийсөн ч зарим хэрэг уул мэт бат сууж чадсан, алдаж оносон ч авч үлдэхээ аваад үлдэж чадсан цөлх ухаантай өмнөх үеийнхнийхээ өмнө хүндэтгэн мэхийсү.
    Б.Номинчимэд
    /Жич: Баабарын уг нийтлэлд 1932 оны үйл явдлын Иргэний дайн хэмээн бичсэн байгаа. Бас л нэг хэтийдсэн туйлшрал. Яагаад ? Яагаад ? гэдэг талаар дараагийн нийтлэлдээ бичие/
    .
    Зураг: Манжуур Японы хуурай замын цэргийн Алс Дорнодод хийх цэрэг дайны төлөвлөгөө. 1941 он.
    Баасангийн Наминчимэд
    2019.08.16 ·