Category: Монгол үндэсний түүх

  • ХАДНЫ ОРШУУЛГА

    Монгол орны хангай, говийн уул хадтай аль ч нутагт археологийн энэ төрлийн дурсгал цөөнгүй тохиолдоно. Хадны болон агуйн оршуулга нь газрын хөрсөн дор булшны нүх ухаж үхэгсдийн шарилыг булшлах бус харин байгалийн бэлэн агуй хонгил, хадны хөмөг ашиглан шороо чулуугаар далдалж нөгчигсдийн шарилыг оршоодог. Байрлалын хувьд ихэвчлэн уулын дунд болон орой хэсгийн холын бараа сайн үзэгдэх дэвсэг дээрхи хадны хөмөг, агуйд тохиолдоно. Гол төлөв ам нь урагшаа буюу эсвэл зүүн урд, баруун урд зүг чиглэсэн хүний анхаарал татахааргүй жижгэвтэр агуй ба хадны хөмгийг сонгосон байдаг. Хадны оршуулгыг байгалийн бэлэн агуй хонгил, хадны хөмөг, ангал, нүх сүвийг ашиглан үйлдэх тул дотор нь орж л үзэхгүй бол шууд гадна талаас нь энд оршуулга байна гэж танигдах шинж тэмдэг үгүй юм. Нас нөгчсөн хүний бие цогцсыг агуй хөмөг доторхи чулуун шалан дээр биетээр нь тавьж оршуулна. Хадны оршуулганд чандарласан тохиолдол огт илрээгүй бөгөөд биет оршуулга хэмээн үзэж болно. Бөөнөөр болон хосоор оршуулсан оршуулга мөн ховор тохиолдоно. Нэг агуй болон хадны хөмөгт ихэнх тохиолдолд нэг л оршуулга тавьсан байдаг. Харин нэг уулын аманд өөр өөр цаг хугацаанд тавьсан хэд хэдэн оршуулга илэрч олдох нь бий. Гэхдээ энэ нь хамгийн ихдээ 7-8-аас хэтрэхгүй. Шарилыг хувцас хунартай нь болон даавуу, торго, эсгий, нэхий, үйсээр ороож тавина. Авсны хэлбэр зохион байгуулалт олон янз. Углуургадаж хийсэн банзан авс болон хоёр хэсэг дүнз модыг ухаж хийсэн “завь хэлбэртэй” авсанд шарилыг агуулна. Түүнчлэн модон жааз зангидаж бод малын ширээр бүрсэн өвөрмөц хийцтэй авс ч нэг бус удаа олдож байсан аж. Энэ төрлийн дурсгал өнөөгийн Монгол Улсын хил хязгаараас гадагш Енисей, Чулым, Абакан, Эрхүү муж болон Өвөр Байгал, Уулын Алтай зэрэг газраас их төлөв хөндөгдсөн байдлаар тохиолдож байсан бөгөөд тухайн бүс нутагт нутаглаж асан дундад эртний нүүдэлчдийн оршуулга болох нь батлагдаж байна. Эдгээрийн цаг хугацааг тодорхойлсон байдлаас үзэхэд одоогоор хамгийн эртнийх нь НТ 370 оны үед, хамгийн хожуу үеийнх нь 1630-аад оны орчим он цаг тогтоогдсон байх бөгөөд оршуулгыг үйлдэж хийсэн зохион байгуулалт, зан үйл зэрэг нь бага зэргийн ялгаатай боловч аль алийг нь газарт нүх ухаж булшлах аргаар бус, газрын хөрсөн дээр ил тавьж чулуу шороогоор далдлан орхидог байснаараа ижил болох юм.Хадны оршуулгын дурсгалыг судлан шинжилснээр дундад эртний нүүдэлчдийн соёл, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, нийгмийн харилцаа зэрэг түүх сударт тэмдэглэн үлдээсэн эд өлгийн ба утга соёлын холбогдолтой олон мэдээ сэлтийг нягтлан бататгах боломж бүрдэх төдийгүй сурвалж бичигт огт тэмдэглэгдээгүй нарийн ширийн зүйлсийг ч тодруулан мэдэж судалгааны хүрээнд баримт болгон ашиглах чухал ач холбогдолтой билээ. Тодруулбал, үхэгсдийг оршуулах зан үйл хийгээд тахиж тайх ёсон, эртний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл болон ахуйн хэрэгцээний багаж зэвсгийн хэлбэр, тодорхой аймаг угсаатны нутагшил ба тархалт зэрэг олон асуудал энд багтах учиртай.

    djmedia:518
  • ХАСБУУ ТАМГА ХАА БАЙНА . . .

    Гэхдээ сураггүй алга болдог юм гэж энэ дэлхийд байхгүй л дээ. Энэ тухай эрэгцүүлье…
    Төрийн Их Тамга
    1204 онд Чингис Найманыг мөхөөх үедээ Татаатунгааг олзолсон ба тэр эрдэмт хүн Таян хааны тамганы түшмэл байсан нь тодорхой байдаг. Яг нарийндаа бол Хасар олж хаанд мэдүүлсэн юм. Ингэхээр Их Улс байгуулахаас хоёр жилийн өмнө тамганы учрыг монголчууд олсон хэрэг. Хятадаас хулгайлсан юмуу авсан юм огт байхгүй.
    Саган Сэцэн “Эрдэнийн товч”-доо: “Тэнд тэр чулуун (Чингисийн үүдэн дэх дөрвөлжин чулууг хэлж байна) гэнэт бөгөөд өөрөөсөө хагарсны дотроос хасбуу нэрт тамга уртуулжин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон асан, жидир нь (эвхмэл үсэг нь) сийлсэн мэт хурвилан (хөрвийн) бүхий гарвай” гэж тэмдэглэсэн юм. Энд домог сүсгийн илт шинж байгаа боловч тамганы дүрслэлийг тодорхой өгүүлжээ.
    1206 онд Чингисийг хаанд залахын хамт Төрийн Их Тамгыг олон ардад анх удаа үзүүлжээ.
    “…Дараа нь хааны ордны бичгийн багш, тамгын сайд Татаатунгаагаас цагаан хасын дээр шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв.” Сайшаал. “Чингис хааны товчоо”. УБ. 2004 он. 324 дэх тал.
    Ингээд Чингис хаан 1227 онд нас барсны дараа, Тулуй нэг жил засаг барьж, Өгөөдэй арван гурван жил (1229-1241) хаан сууж, Наймжин хатан таван жил (1242-1246) засаг барьж нийт 18 жил болсон юм.
    Ингээд Гүюг хүрч байгаа юм. Энэ хүртэл эзэнт төр элдэв самуун будлиангүй байсан учраас төрийн тамга гуравдугаар хаан Гүюгт уламжлан ирсэн нь ямар ч эргэлзээгүй. Энд бид Ромын Папад илгээсэн алдарт бичигт дарсан Төрийнхөө Их Тамгыг сайн мэдэх билээ.
    Хятад домог
    Дорно дахин төрийн тамганд ер бусын их ач холбогдол өгдөг. Үүний дотор Хятад онцгой ялгарна. “Төр залгамжлах хаш тамга” буюу “Төр залгамжлах эрдэнэ” гэхчлэн янз бүрээр хүндэтгэн дууддаг төрийн тамгыг Цагаан хэрмийг барьсан Цин Ши Хуанди барьж байсан гэж хятадууд ярьдаг.
    Тэр тамган дээр 8 ханзтай бичээс байсан ба түүнийг манай нэрт түүхч Дарма гүүш “Алтан хүрдийн мянган хигээст” судартаа “Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэж орчуулан буулгасан байдаг.
    Цин ши хуанди бол НТӨ 259-210 оны хавцаа амьдарч байсан Хятадын анхны Цин улсын хаан бөгөөд Хятадын төвлөрсөн улсыг анх байгуулсан хүн юм. Тэгвэл чухам энэ үед Монголын Хүн гүрэн дэлхийн тавцан дээр товойн гарч байсан үе билээ.
    Түүхэн сурвалжуудад хятад тамга хаш байсан гэдгийг тодорхой хэлж байна. Тэр үед Хятад, Монгол хоёр хаш урлалаар адилхан гайхамшигтай байсан. Үүнийг нотлоход амархан.
    Хэдхэн жилийн өмнө манай нэрт археологич “сахал” Эрдэнэбаатар анх удаа гадаадын оролцоогүй Хүн язгууртны булшинд малтлага хийсэн юм. Тэндээс олон гайхамшигт зүйл гарсны нэг нь дэлхийд хамгийн том”зүрхэн толь” буюу хаш пайз гарсан явдал билээ. Зүйрлэн хэлбэл “нэгдүгээр хоолны таваг” шиг хэмжээтэй, зузаан нь хагас см орчим юм. Нас барсан хүнийхээ зүрхэн талд цээжин дээр нь тавьдаг байж.
    Эндээс дараах локик дүгнэлт хийж болно. Хүнчүүд төрийн том зүтгэлтнийхээ шарил дээр дэлхийд хамгийн том зүрхэн толь хашаар хийж чадаж байвал төрийнхөө тамгыг бол хашаар хийх бол амархан. Манай Хүн гүрний төр Ромтой эн зэрэгцэх том төр байсан, маш өргөн дэлгэр харилцаатай байсан. Тэхээр яаж тамгагүй байх юм. Тийм биз дээ !!!
    Иймээс манай археологичид хийгээд түүхчид Хүн гүрний тамгыг хайх ёстой бөгөөд үүрэгтэй. Тэгвэл манайх хамгийн анхны тамгатай төр болно. Энэ бол бүтэшгүй мөрөөдөл биш…
    Эх орондоо ирсэн нь
    Ингэсээр яваад Хубилай хүрчээ. Мэдээж хэрэг тэр тамгандаа эзэн байж чадсан. Гэтэл 1294 онд Хубилай нас бараад найман өдөр болсны дараа Хасбуу Тамгыг Мухулайн удмын гэрээс олсон гэж Юан улсын сударт өгүүлдэг. Хятадын эрдэмтэд тэр тамгыг худал гэдэг боловч Монголын хаад ямар ч гэсэн тамгатайгаа байсан байна.
    Ингээд 1368 он болж Тогоонтөмөр хааны үе ирэв. Хятадад улаан алчууртны бослого гарч Тогоонтөмөр хаан Дайдуугаас (Бээжин) Барс хот руу зугтав. Энэхүү Барс хотыг Өвөр Монголын хишигтэн хошууны Буйр хот гэж үздэг. Харин манай хөдөөгийн Пэрлээ гуай Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн.
    Тогоонтөмөр хаан хэдийгээр цаг үеийн байдлаас болж Хятадаас зугтаж гарсан хэдий ч Монгол төрөө орхиогүйг түүний шүлэг гэрчилнэ. Тэрээр гуниглалт шүлэгтээ: “Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав, Хамаг дайсны дотроос хатгалдан гарав” гэсэн байдаг. Тэр Төрийнхөө тамгыг Монголдоо авчирчээ.
    Ингээд бага хаадын үе эхэлж байгаа юм. 1368 онд Монголд ирсэн тамга 1634 онд Лигдэнгийн үед дахин гарч ирдэг юм. Бараг 300 жил алга байсан буюу сураггүй байсан хэрэг л дээ. Түүхэн сурвалжуудад гарахгүй байгаа болохоос тамга “алга болсон” хэрэг огт биш гэдгийг санах хэрэгтэй.
    Тамгаа хамгаалсан Монгол
    Мин улс Ар Юань руу олон удаа цэрэглэн дайрсан байдаг. Түүхэн энэ баримтыг Монголын төрийг устгах гэсэн гэж одоо болтол тайлбарлаж ирсэн. Гэтэл Минчүүд зорилгоо огт нууж байгаагүй юм. Ухаандаа Мин улс 1372 онд Монгол руу 3 чиглэлээр 15 түмэн цэрэг илгээхдээ тэдний өмнө ердөө л 3 зорилго тавьсан. Энэ нь:
    Нэгд. Улсын тамгыг Ху нарын гараас салгах.
    Хоёрт. Жанжин Бао Баогийн ялыг асуух. (Монголын алдарт жанжин Хөхтөмөрийг хэлж байна.)
    Гуравт. Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаагийн шалтгааныг тодруулах” байсан юм.
    Ойлгож байна уу, Улсынхаа тамгыг Ху нарын гараас салгах !!!
    Харин алдар суут Хөхтөмөр жанжин Монгол Төрийн Тамгыг монгол нутгаас булаах гэвэл юу болдгийг үзүүлж 3 чиглэлийн бүх дайралтыг зогсоож, харин ч Мингийн нутаг руу монголын цомхон атлаа хүчирхэг арми цөмрөн орсон билээ.
    Төр улсынхаа амин сүнс болсон Хасбуу Тамганыхаа төлөө Монголчууд эрслэн босч чадсан юм. Монгол цэргийн нэрт жанжин Хөхтөмөр, Өлзийбух, Нарбух, Мухулайн угсааны Нагачу нар Төрийнхөө төлөө амь хайргүй зүтгэсэн боловч хаад ноёдын зөрчил тэдний зүтгэлийг талаар болгосон юм.
    Тэхээр Мин Монголын олон удаагийн дайны “эрх зүйн” үндэслэл нь Төрийн Тамга байсан нь тодорхой байна.
    Шинэ тутам байгуулагдсан Мингийн төрд Чингисийн Тамгыг олж авах нь туйлаас чухал байсан юм. Ийм ч учраас тэд Хар Хориныг байн байн дайраад нэгжээд сүйтгээд байсан нь “тамга хайсан” хэрэг байсан юм.
    Сүүлдээ Мин улс Тамгыг олж чадахгүйгээ мэдээд Цагаан хэрэм хавьцаагаас Тамга олсон гэж цуурхал тараав. Гэхдээ тэд Тамга хайх ажлаа орхиогүй юм…
    Дорно дахины ёс зүй, домгоор бол Тамга залгамжилж аваагүй учраас Мингийн хятад төр Монгол төрийг залгамжилсан гэх ямар ч үндэслэлгүй. Мөн Дорно дахины ойлголтоор Тамгаа алдаагүй учраас Монголын төр мөхөөгүй юм…
    Будлиан
    Тогоонтөмөр-Аюушридара буюу Билэгт хаан-Төгс төмөр (1378-1388) дараалан хаан суусан юм. Ингээд 1388 онд гунигт өдөр ирэв. Минтэй хийсэн их тулалдаанд Төгстөмөр ялагдаж Туул гол руу зугтааж явахад нь Аригбөхийн угсааны Есүдэр довтолж түүнийг алжээ. Ингээд тамганы сураг бүр тасарч байна. Одоо тамганы сураг Монгол, Ойрд хоёроос зэрэг гарах болов.
    Ойрд нь Минд элч илгээн: Та нар эхлээд зүүн Монголыг бут цохь, тэгсний дараа тамгыг өгнө, одоо өгөх гэхээр замаас булааж авах гээд байна. Зүүн монгол нь бас л Минд элч илгээн: Эхлээд ойрдуудыг ниргэчихээд дараа нь тамгаа аваарай гэхчлэн.
    Харин хоорондоо бол тамгыг хайж байсан нь лавтай. Хэнд тамга байна тэр Монголыг захирна. Аягүй бол Хятадыг ч захирч болно…
    Эрдэнийн эрхи, Алтан товч, Асрагч нэртийн түүх зэрэг тулгуур баримт бичгүүдэд Хубилайн удам тамга барих эрхтэй гэж хэлдэг ч Монголд л байвал юуны хамаатай…
    Энэ үед “феодалын бутрал” гэж нэрлэдэг нийгмийн задрал самуун монголд явагдаж байсан бөгөөд тамга үзүүлэх нь бүү хэл, эрэгтэй хүүхдээ нуудаг байсан цөвүүн цаг юм. Ямар ч гэсэн тамга найдвартай гарт байж тодорхойгүй хугацаагаар “нууц болсон” гэж үзэж болно…
    Манж домог
    Ингээд бараг 300 жил өнгөрөв. Тамганы шидэт хүч оршсоор л байв. Түүхийн тавцанд дээр Манж дайчин улс товойн гарав. Гэсэн ч тэдэнд агуу их сүр хүчний бэлэгдэл хэрэгтэй байв. Тэр нь мөнөөх л агуу Их Чингис хааны Хасбуу Тамга бөлгөө.
    Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
    “Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим Инчан Фү хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.
    Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч Бошигт хаанд өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс ЖИ ГАО ЖИ БОО хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж…Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус”хэмээв.
    Энд хэд хэдэн зүйл илт ажиглагдана. Манжийн хаан Чингисийн Тамгыг залснаараа Агуу Их Эзэнт гүрний хууль ёсны залгамжлагч гэдгээ “албан ёсоор” нотолж байна.
    Харин яг тамганы асуудал илт зохиомол болох нь ойлгомжтой байна.
    Энд нэг нэр их сонирхолтой бөгөөд энд өгүүлж буй Инчан Фү хот бол дээр дурдсан Барс хот болно. Барс хот Хубилай хааны 4 дэх орд бөгөөд цэргийн томоохон цайз байсан ажээ. Зарим нь түүнийг Өвөр Монголын Хишигтэн хошуу, Далай нуурын баруун өмнө, Цахарын хойт хэсэгт байсан гэдэг. Манай хөдөөгийн Пэрлээ гуай “Шар тууж” болон бусад сурвалжаас сэдэвлэн Монголын нутагт Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн. 1388 онд Мингийн цэрэг эзлэж, хүн амыг нь хядаж, шатаан сүйтгэсэн. Мөн Тогоон төмөр хааныг энд нас барсан гэж үздэг. Хотын багцаа одоо байгаа ч буурин дээр нь Тамга байхгүй нь тодорхой л доо…
    Тэхээр Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн болж таарч байна.
    Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон. Харин Тамга өгсөн нь үлэмж эргэлзээтэй…
    Наад зах нь Монгол Төрийн Хасбуу Тамганд 4 ханз яагаад ч байх ёсгүй. “Хятад” тамга байлаа ч гэсэн “Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэсэн 8 ханз заавал байх ёстой л доо. Ингэхлээр манжуудад Монголын Хасбуу тамга байгаагүй болж таарч байна.
    Манжид өгөөгүй, алдаагүй юм бол Монгол Тамга Монголдоо л байна биз дээ. Хятадад яагаад ч байж болохгүй. Яагаад гэвэл Хятад Манжийн дарлалаас дөнгөж 1911 онд гарсан юм…
    Хасбуу Их Тамга Галдан Бошигтийн үед нэг “гарч ирсэн”. YIII Богд нэлээд хайсан, ямар нэг үр дүнд хүрсэн байж магадгүй л юм. Н.К.Рерих их асууж шалгаадаг байсан. Тэхээр Я.Блюмкин хайх нь мэдээжийн хэрэг. Ингэхээр цуут ОГПУ буюу Оросын Дотоод Явдлын Ардын Комиссариатын Улс Төрийн Удирдах Газар хайсан гэсэн хэрэг. Мөн Гиммлерийн удирдлага дорх алдарт Аненэрбе институт хийгээд немцийн хурандаа Э.Шефферийн Түвдийн экспедици бас их хайсан. Харин энэ бол орчин үеийн судалгааны чиглэл болно…
    Тэрнээс хойш яасан гэж үү ?! Үүнээс хойш бол сэтгүүлч А.Баатархуягаас өөр монгол хүн хайгаагүй л байхгүй юу…
    Д.Ганхуяг.

  • Ч.ГАЛСАН: НАДАД ЗАВТАЙ ҮЕ ГЭЖ БАЙСАНГҮЙ, БҮХ НАСААРАА Л ГҮЙН ХАР АЛХААГААР АМЬДАРЛАА

    -Энд тэндхийн мэдээ харахаар танаас үрсэлгээ авч мод тарилаа гэсэн үг өгүүлбэр тааралдаад байхаар уулзъя гэж зорьж ирлээ. Сүүлийн үед та их завгүй байх шиг ээ?
    -Надад завтай үе гэж ер байсангүй. Бүх насаараа л гүйн хар алхаагаар амьдарлаа. Завтай байснаа ер санахгүй байна. Би боддог юм, яасан ч их урт насалсан юм бэ, яасан ч их ажилласан юм бэ гэж. Хүн болсоор би хөдөлмөрлөөд, хөдөлмөрлөөд л байсан. Би бол “Хөдөл хөдөл-мөрлөөд хөдөл” гэсэн уриатай хүн байгаа юм.
    -Мод тарья гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл энэ жил онцгой их байх шиг байна. Танд тэгж анзаарагдах юм уу?
    -Мэдэгдэлгүй яах вэ. Улаанбаатар хот 10 жилийн өмнө саарал хот байлаа. Одоо алаг цоог болж ногоорч эхэлж байна. Арван найман жилийн өмнө манайхыг одоогийн буйран дээрээ ирэхэд шалбааг тогтчихсон, машины хөлд талхлагдсан газар байсан. Хажууд нь томоо гэгч нь хогийн овоо байлаа.
    ХОГИЙН ОВОО ЯМАР БИЛЭЭ ДЭЭ, ҮНЭР ТАНАР ГЭЖ ЖИГТЭЙХЭН. БИД 2004 ОНЫ НАЙМДУГААР САРД НҮҮЖ ИРЭЭД, ДАВЫН ӨМНӨ ХОГИЙГ НЬ АЧУУЛТАЛ НЭГ АВГАЙ ХҮРЧ ИРЭЭД ХОГ ХАЯХ ГАЗАРГҮЙ БОЛГОЛОО ГЭЖ ЗАГНАЖ БАЙСАН ЮМ ДАГ. ХОГИЙН МАШИНААР ХОГИЙГ НЬ ОЛОН УДАА АЧУУЛСАН. ТЭГЭЭД МОД СУУЛГАЖ ЭХЛЭХЭД ШООЛОХ ХҮН Ч БАЙСАН. ӨӨР НЭГ АМАНЦАР АВГАЙГААР “ХӨӨЕ ЗӨНӨГ МИНЬ, МОД ГЭДЭГ ЧИНЬ УУЛАНД УРГАДАГ БОЛОХООС ХҮН ТАРЬДАГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ” ГЭЖ ХЭЛҮҮЛЖ ХҮРТЭЛ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ. ХОРИОД ЖИЛИЙН ӨМНӨ БАС Ч ГЭЖ ЗӨНӨГ ХЭЛЖ ХЭЛҮҮЛЭХЭЭРГҮЙ БАЙСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ХАРИУД НЬ БИ “МОД ГЭДЭГ ЧИНЬ УУЛАНД Ч УРГАДАГ, ХҮН Ч ТҮҮНИЙГ ТАРЬДАГ ЮМ. ЧИ ХАРААРАЙ” ГЭТЭЛ “ХАРЖ ТААРНА Ш ДЭЭ” ГЭЧХЭЭД ЯВААД ӨГЧ БИЛЭЭ.
    -Энэ газраа анхнаасаа мод үржүүлгийн газар болгоно гэсэн бодолтой авч байсан хэрэг үү?
    -Надад тийм бодол байгаагүй, худлаа хэлээд яах вэ. Эхэндээ Ар гүнтэд суурьших гэж үзээд больсон. Тэгээд 13 сая төгрөгөөр сууж байгаа газраа 2004 онд аваад, түүний дараа 20-30 сая төгрөгөөр үржүүлгийн газраа худалдаж авсан юм.
    -Та чинь тэгвэл нүүж ирээд 17 жил. Мод тариад…?
    -Мод тариад 13 жил болж байна. Анх мод яаж тарих ухаанаа олохгүй, зүгээр л Германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан хэрэг. Анх гурван нарс худалдаж авдаг юм. Тэр үед гурван ач хүүтэй байлаа. Гурван ачийгаа чандманалан суулгаад, монгол айл чандманалж бууна гэж ийм байдаг юм хэмээн үзүүлж, сууж байсан газарт нь нарсаа суулгасан. Одоо тэр модод тэнгэр тулсан модод болж дээ.
    -Говь хээрийн бүсээс үрсэлгээ захиалж авахаар ирэх юм уу. Хүмүүсийн ярихаар говьд хангайн мод ургах дургүй л гэлцэх юм. Моддынхоо ургаж байгаа эсэхэд санаа зовних юм уу?
    -Манайх гурван хүү, нэг охинтой. Отгон хүү маань тэр бүх зохицуулалтын ажлыг хариуцдаг.
    МОДОО ӨГӨХДӨӨ ХҮМҮҮСЭЭС ГУРВАН ЗҮЙЛИЙГ АСУУНА. ХАМГИЙН ЭХЭНД МОД ТАРИХ ГАЗАРТАЙ ЮУ, ХОЁРТ УСАЛГААГАА ШИЙДСЭН ҮҮ, ГУРАВТ НЬ ХАРИУЦАХ ХҮНТЭЙ ЮУ ГЭЖ АСУУДАГ. ГУРВУУЛАА БАЙГАА ГЭВЭЛ МОДОО ӨГДӨГ.
    Манайхан модыг буруу тарьдаг улс. Нүхээ ухаж бэлдээд, модныхоо хялгасан үндсийг нар харуулалгүй шууд суулгах хэрэгтэй юм шүү дээ. Говиос захиалга ирнэ ээ, тэгээд энэ зөвлөгөөгөө л хэлдэг. Манай үрсэлгээгээр мод тариагүй аймаг сум гэж ховор. Увс аймаг өөрөө томоохон мод үржүүлгийн газартай. Тэндээс мод авч байсныг санахгүй байна. Бусад бүх аймаг сумынхан манайхаас авдаг. Авах авахдаа бүр залж авна гээч.
    Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Галсан хүү Г.Галтайхүүгийн хамт, Канарийн аралд
    -Тийм ёс төртэй ханддаг хүмүүс байдаг юм байжээ?
    -“Хүний ийм сайхан модыг яаж зүгээр авах вэ” гээд жаал жуул гарын бэлэгтэй ирдэг хүмүүс байна аа. Гэтэл “Та мод өгдөг гэл үү. Би авмаар байна” гэж тулгадаг хүмүүстэй ч тааралдана. Ер нь мод тарина гэдэг бол хөгшрөлтийн эсрэг эм юм шүү дээ. Үргэлжийн хөдөлгөөнтэй байлгана. Дээр нь ургаж байгаа эсэхийг ажиглаж суух хэчнээн сайхан. Анх мод тарьж байхдаа нэг сайхан шилмүүсээ үхүүлчихлээ хэмээн санаа зовж, нэг сайн морь алдсан хүн шиг гутарч байлаа.
    -Та ер нь хэчнээн мод тарья гэсэн санаж байгаа вэ?
    -Модоо нэг саяд хүргэхэд 37 мянга дутуу байлаа. Энэ жил цаг оройтоод их шахуу ажиллаж байж, нэг саяд хүргэлээ. Одоо намраас 2 сая дахь модны ажил руугаа орно. Хүний зорилго гэдэг зүйл цаашлаад байдаг юм. Анх би таван ном бичье гэж боддог байлаа. Одоо 50 гаруй номтой болчихлоо. Хэвлэгдээгүй өч төчнөөн бичмэл байна. Цаг үеэсээ түрүүлснийг нь дарчихсан.
    МИНИЙ БОДЛООР БИ 60 НОМ БИЧНЭ. ШҮТДЭГ ГЕРМАНЫ ЗОХИОЛЧ ГЁТЕ 60 БОТЬ НОМТОЙ. НЭГ БОТЬ НЬ 3-4 КГ, ХАТУУ ХАВТАСТАЙ, АЛТ МӨНГӨН БОРОНЗООР ЧИМСЭН ЛУТ ЭД БИЙ. БИ ГЁТЕ БОЛТОЛ ХОЛ. ЯДАХДАА 60 НОМ БИЧЧИХЬЕ Л ГЭЖ БАЙГАА ЮМ.
    -Тэдгээрээс хэд нь гадаад хэл дээр байна?
    -Дөч нь.
    -Та ихэвчлэн гадаад хэл дээр номоо хэвлүүлээд байх юм. Хэзээнээсээ би таны сураг чимээг алсаас сонсож, ном бүтээлийг чинь унших юм сан гэсэн хүсэлд автаж явлаа. Шинэ үеийн залуус ном их уншдаг болсныг та анзаарсан байх. Ном бүтээлээ монгол хэлээрээ хэвлүүлж, хүүхэд залуусын сайн ном уншъя гэсэн эрэлтэд нийцүүлэх тухайд ямар нэг юм бодол байх юм уу?
    -Германд хэвлүүлэх номууд маань дуусаагүй байна. Түүний ар дээр орчуулна гэхэд амар биш. “Аянгат цагийн тууж” гэж намайг дэлхийд гаргасан зохиолоо 1971 оны 8 дугаар сарын сүүлчээр 2-3-хан хоногийн дотор бичсэн. Германд өндөр авсан тэр номоо дараагаар нь монгол руу орчуулах гэж 2-3 сар ядчихсан. Чанар нь дордчих вий гэж айгаад.
    -Миний ойлгохоор монголоороо бичээд, дараа нь гадаад хэл рүү орчуулах нь амар гэж ойлгоод байдаг. Гэтэл та шал эсрэг юм яриад байдаг?
    -Монгол хэл миний хувьд гадаад хэл. Унаган хэл маань тува хэл. Би чинь тувагаар хэлд орж, нэгдүгээр ангид орж байж монгол хэл сурсан хүн. Нэгдүгээр ангид ороход нэг ч монгол үг мэдэхгүй, бүлтгэнээд зогсож байлаа шүү дээ.
    -Та хаана нэгдүгээр ангид орсон юм?
    -Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Тухайн үед Цэнгэл хайрхан гэдэг байв. 1951 оны 11 дүгээр сарын дундуур сургуульд орсон юм. Сургуульд орох нас болоогүй, ер нь шийтгэл хүртэж сургуульд орсон хүн юм шүү дээ. Миний том ах багш хүн. Ах маань ямар ч бэлтгэлгүй намайг морины ар дээр сундлаад авч явсан юм даг. Тухайн үед хулгана зурамтай хөөцөлдөж явсан хир дагь болчихсон хөвөнтэй дээлтэй минь аваад явчихаж билээ. Анх сургуульд ороход надад их ч сонин байсан. Бас их ч аймшигтай байсан. Багш тулж ирээд юм асуудаг, би юу ч ойлгодоггүй.
    ТЭР ҮЕД СУРГУУЛЬ САЙРЫН ХАР ХҮРЭН ЧУЛУУГААР ЭРГЭН ТОЙРОН ГОРТИГ ТАТЧИХСАН. ТЭР ГОРТИГ ДОТОР ОРООД, ТУВАГААР ЯРЬЖ БОЛОХГҮЙ ДҮРЭМТЭЙ. ХҮН ЮМ АСУУХААР НЬ “ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ” ГЭЭД ӨӨДӨӨС НЬ ТУВАГААРАА АСУУНА.
    Хоёр сарын өмнө сургуульд орсон таньдаг мэддэг хүүхдүүд түүнийг нь орчуулж өгнө. “Нэр чинь хэн бэ” гэхээр “Журук-Уваа” л гэнэ.
    -Таны тува нэр юм уу?
    -Тийм, тийм.
    -Ямар утгатай юм?
    -Хөдсөн маамуу. Айлын эрх хүүхэд чинь Журук гэдгийнхээ Р үсгийг ч сайн хэлж чадахгүй.
    АНХНЫ ХИЧЭЭЛ ДЭЭР НЭРЭЭ ХАЛЬТ МУЛЬТ ХЭЛСЭН ЧИНЬ АНГИЙН ХҮҮХДҮҮД НИРХИЙТЭЛ ИНЭЭЛДЭЖ БАЙГАА ЮМ. ТҮҮНИЙГ СОНССОН БАГШ МААНЬ “ЭНЭ НЭР ТЭНЦЭХГҮЙ. МОНГОЛ НЭР ОЛООД ИР” ГЭСЭН ДААЛГАВАР ӨГӨВ. МИНИЙ АНХНЫ ГЭРИЙН ДААЛГАВАР ТЭР БОЛЖ БАЙГАА ЮМ. ТЭГЭЭД ЭЭЖИЙН ЭЭЖ НЭГ ЭМГЭН БАЙЛАА. ХӨГШИН ЭЭЖ ДЭЭР ОЧООД “НАМАЙГ МОНГОЛ НЭР ОЛЖ ИР ГЭЛЭЭ. БИ ЯМАР НЭР ОЛОХ ВЭ” ГЭСЭН ЧИНЬ БОДОЖ БОДОЖ “ЗА ЧИНИЙ НЭР ГАЛДАН БОЛОГ” ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА ЮМ. ГАЛДАН БОШИГТОО БОДОЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ТЭР.
    Өглөө боллоо. Хүүхдүүдтэй хамт хичээл рүүгээ явж байхдаа түлхэлцэж, наадалцаж байгаад нөгөө нэрээ мартчихсан. Хүүхэд юм чинь зүгээр явна гэж байхгүй шүү дээ. Ангид орж ирээд суутал хүүхдүүд чив чимээгүй болчихлоо. Дээшээ хартал өнөө багш гэдэг аймшигтай хүн чинь ороод ирчихсэн зогсож байна. Багш над руу хараад нэг юм асууж байна аа. Бодвол миний нэрийг ангийн журналд бичих гээд хүлээж байгаа бололтой.
    ГАЛ ГАЛ… ГЭЭД БАЙДАГ, … ДАН ГЭДГЭЭ САНАДАГГҮЙ. СУРГУУЛИЙН МАНААЧ УЛААН НҮДЭН ГАЛСАН ГУАЙТАЙ ЯГ ӨМНӨХӨН НЬ ТААРАЛДСАН БАЙСАН ЮМ. ГЭТЭЛ ТЭР ХҮНИЙ НЭР САНААНД ОЙРХОН БАЙСАН ЮМ ШИГ БАЙГАА ЮМ. ГАЛСАН ГЭЭД ХЭЛТЭЛ БАГШ “ЭНЭ НЭР БОЛНО ОО Л” ГЭЖ БАЙНА. ИНГЭЖ Л ГАЛСАН БОЛСОН ЮМ ДАА.
    -Тэгвэл Чина гэдэг нь ямар утгатай юм?
    -Чинаг юм шүү дээ.
    -Бид тэгвэл шал буруу дуудаад байдаг юм байна шүү дээ?
    -Уг нь Шынык юм. Тэр нь л явсаар Чинаг болчихгүй юу.
    -Та чинь амьдралдаа таг харанхуйгаас хоёр хэл сурсан хүн юм аа даа. Герман хэл сурсан түүхээсээ яриач. Нэг бус удаа уншиж байсан юм байна?
    -1962 онд Германд сурахаар арвуулаа явдаг юм. Нөгөөдүүл маань Зөвлөлтийн хоёрдугаар сургуулийн нэг ангийн сурагчид, дандаа дарга нарын хүүхдүүд. Герман хэлийг зургаан жил үзчихсэн. Би ангиасаа ганцаараа огт хэлгүй нь. Тэд чинь надад даналзаж байгаа юм.
    ТЭР ДУНДААС НЭГ ОХИН “БИД ЯАХ ВЭ, ЗУРГААН ЖИЛ ГЕРМАН ХЭЛ ҮЗЧИХСЭН. ХАРИН ТЭР НЭГ ХҮҮХЭД, ХААНААС Ч ГЭЛЭЭ ХӨДӨӨГИЙН НЭГ АЙМАГ СУМААС ИРСЭН ГЭСЭН. ХЭЛ БАЙТУГАЙ, НҮҮР ГАРАА Ч УГААЖ СУРААГҮЙ” ГЭХЭД ОЮУТАН ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ШИРЭНДЭВ ГЭЖ ИХ САЙН ХҮН БАЙСАН. ТЭР ХҮН “ОХИН МИНЬ ҮГЭЭ БОДОЖ ЯРИАРАЙ” ГЭСНЭЭ НАД РУУ ХАРААД “МИНИЙ ХҮҮ ТЭГЭХ ТУСАМ САЙН СУРААРАЙ. ЭНЭ Ч ЁСТОЙ НҮҮРЭНДЭЭ ГАЛТАЙ, НҮДЭНДЭЭ ЦОГТОЙ, ХӨӨРХӨН ХҮҮ БАЙНА. ТЭГЭХ ТУСАМ САЙН СУРДАГ ЮМ ШҮҮ” ХЭМЭЭН ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ.
    -Тэгээд толгой өөд таталгүй сурав уу?
    -Тэр охины тэгж хэлсэн нь маш сайн болсон. Би бүр голдоо ортол айсан байхгүй юу. Сурч чадалгүй хөөгдөх юм байна гэж. Эхэндээ ч эдний дайтай хэлтэй болчихвол болоо л гэж бодож байгаа юм. Тэгж айсандаа болоод шөнөө унтаж чадалгүй 4 цагт сэрчихсэн. Маргааш хичээл орно гэхээр зүрх түг түг цохилоод болдоггүй.
    Орныхоо хажуугийн гэрлийг асаагаад хэвтэнгээ толио үзлээ. Эхлээд юутай ч тоогоо цээжиллээ. Нэг, хоёр, гурав гээд. Дуудлагыг нь оросоор хадчихсан толь байсан юм. Маргааш нь шөнө 4 цагт сэрлээ. Нөгөөдөр нь мөн цагтаа сэрлээ. Ингэж л би бүх насаараа 4 цагт сэрдэг болчихсон. Энэ дадал маань ч надад их сайнаар туссан. Ингээд гурван сарын дараа гэхэд цайны герман хэлтэй болчихлоо.
    Сонсгол ч их сайтай байж. Би герман хэлийг үгээр биш, өгүүлбэрээр нь цээжилж сурсан. Энд тэнд бичсэн бичгийг их уншина аа. “Зүлгэн дээр гишгэж болохгүй” гэх ч юм уу тиймэрхүү энгийн өгүүлбэрүүдээс сурахаа эхэлсэн. Хамгийн түрүүнд хориотой, болохгүй гэсэн хоёр үгийг сурч байгаа юм.
    -Тэгдэг нь яаж байгаа юм?
    -Улс орныхоо шинж чанарыг ойлгосон гэсэн үг. Би чинь хориотой ертөнцөд хөл тавьсан хүн юм байна шүү дээ хэмээн ухаараад, хориглосон юмнуудыг нь хийгээд хэрэгт орох вий гэхээс маш их айж байсан. Тиймээс багш нар, сурах бичгээр хязгаарлалгүй 17 сая герман хүн болгон миний багш хэмээн ухаарч, амьдралд их ойроор сурч боловсорсон доо.
    “Хадат”-д байрлах гэртээ
    -Их сайхан арга юм. Тэгээд хэр сурцтай байв?
    -Тэгж байтал гурван сарын дараа улирлын дүн гарлаа. Тэгтэл өнөө хамт ирсэн хэдээсээ биш, анги дотроосоо нэгдүгээр байрт орчихдог юм. Анги гэдэг нь гучаад хүүхэдтэй, хар шар олон орныхон байсан гэсэн үг. Тэгээд институтын зардлаар хоёр долоо хоног өвлийн спортын төвд очиж амрах болдог юм. Их ч урам орсон. Багш нар ч их сайнаар ханддаг боллоо. Тэгээс эхэлсэн мөртлөө хамгийн их зүтгэлтэй хүүхэд гэж үнэлсэн шиг байгаа юм.
    ЗА ТЭГЭЭД ИНСТИТУТЭЭ ОНЦ ДҮНТЭЙ ДҮҮРГЭЛЭЭ, ИХ СУРГУУЛЬД ОРЛОО. ИХ СУРГУУЛИА Ч ОНЦ ДҮНТЭЙ ТӨГСЛӨӨ. НЭГ ӨДӨР “КАРЛ МАРКСЫН ИХ СУРГУУЛИЙН 1968 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН НЭРИЙН ӨМНӨӨС 15 МИНУТ ҮГ ХЭЛНЭ ҮҮ” ГЭЖ ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР НАДАД ХАНДДАГ ЮМ. ШӨНӨЖИНГӨӨ, УЛААН НҮДЭЛЖ НӨГӨӨ ҮГЭЭ БЭЛДЛЭЭ. ӨГЛӨӨ НЬ БИЧСЭНЭЭ АМАН ДОТРОО БУВТНАСААР ОЧТОЛ ЛАЙВЦЕГ ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙРНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМД ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОВ. ДИПЛОМ ГАРДУУЛСНЫ ДАРАА “ТӨГСӨГЧДИЙГ ТӨЛӨӨЛЖ МОНГОЛООС ИРСЭН ЧИНАГИЙН ГАЛСАН ҮГ ХЭЛНЭ” ХЭМЭЭН ЗАРЛАЖ БАЙНА. ИНДЭР ДЭЭР ГАРААД ДУРЖИГНУУЛЖ ӨГСӨН. НӨГӨӨ БИЧСЭН ЦААСАА Ч ХАРСАНГҮЙ.
    Ийм тийм сонгодог зохиолыг монголоор орчуулна, Бетховены 9 дүгээр симфонийг Монголдоо нутагшуулна, улаан өндөгний туулайг монгол хүүхдүүдийн тоглодог тоглоом болгож “найзлуулна” гэхчлэн авч өглөө. Нэг харсан хүмүүс алга ташиж байна аа. Төгсгөлд нь “Та бүхэнд их баярлалаа. Та бүхний ачийг хэзээ хариулж чаддаг юм бол.
    Танай агуу их герман хэлийг гурван үгээр баяжуулсан цагт би багш нарынхаа ачийг, Германы ард түмний итгэлийг хариуллаа гэж үзнэ” гэсэн чинь дахиад л алга ташиж байна. Сүүлд нь бодохоор ичээд байдаг юм. Сургуулийн захирал хүртэл алга ташиж, надтай гар барьсныг нь бодохоор ёстой ичмээр. Тэд юу гэж бодсон бол гэхээс хожим нүүр халуу оргидог сон. Тэд бодохдоо энэ хүү ийм том арга хэмжээнд оролцож үзээгүй юм болохоор сэтгэл нь их хөөрч, амлаг амлаг хөөрхий. Их хөөрөлд автаад, онгод нь орсон шиг байна гэж бодсон байх.
    -Тэгээд яав. Нөгөө гурван үг юу болов?
    -Тэр өдрөөс яг 33 жилийн дараа 2001 онд Германы өөр нэг хотын хүндэтгэлийн танхимд хотын даргын Соёл эрхэлсэн орлогч бүсгүй надад шагнал гардуулсан юм. Шагнал гардуулахын өмнө нэг хүн шагнал олгох болсон үндэслэлийг танилцуулав аа. Чагнаж ээ байсан чинь тэр номынхоо төддүгээр хуудсанд тэгж бичсэн, тэр үг нь тийм утгатай, ийм үгийг шинээр зохиосон гэхчлэн уншиж байна шүү.
    Тэгсэн нэлээн юм хийчихжээ. Өмнө нь олгож байсан шагналуудын үндэслэлийг харахад дэлхийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлж, Германы уран зохиолыг урагшлуулахад жинтэй байр суурь хүлээсэн тул хэмээж байсан бол тэр удаа герман хэлийг хөгжүүлсний төлөө энэ шагналыг олгож байна гэсэн нь намайг уужруулахад хүргэсэн дээ.
    -Тухайлбал ямар үг байх уу?
    -Би ганц үг хэлье. Оорфайген буюу хацрыг нь алгадах гэдэг үгнээс поофайген буюу өгзөгийг нь алгадах гэдэг үгийг гаргаж ирсэн байх жишээний. Түүнийг харсан германы уншигчид, зохиолчид, сонин сэтгүүлийн сурвалжлагчид “Өө энэ чинь ийм амархан байсан байна ш дээ. Бид юмыг эрдэг бол ойрхон л үг байсан байна. Наад үг чинь түүхэнд үлдэх үг боллоо” гэцгээж байсан юм даг.
    -Та түрүүнд шийтгэл хүлээж сургуульд орсон гээд хальт яриад өнгөрсөн. Яг юу болсон юм. Хоёул яриа хадуураад асуухаа мартах шахаж?
    -Би 4000 метрийн өндөрт өсөж өндийсөн хүн. Бичиг үсэг огт мэдэхгүй, жинхэнэ малчны гэрт төржээ. Миний ижий 9 хүүхэд тээж төрүүлснээс тавыг нь алдаад, дөрөв нь тогтож үлдсэн юм билээ. Тэр дотроо хамгийн хэнз нь би. Хэнз гэдэг нь манайхны ярьдгаар бол отгон нь гэсэн үг. Тэгэхдээ Тангад Галсангийн хэлсэн шиг энэрлээ энэрлээ гэхэд эрдэнээр тоглуулалгүй өсгөжээ. Биднийг ажилд маш сайн сургасан. Манайх уг үндсээрээ маш ажилсаг улсууд. Манайх өвөл болохоор голдуу ганц гэрээрээ өвөлжинө. Зуны дэлгэр цагт ах дүүсээрээ айлсаж буудаг байв.
    ТЭР НАМАР ӨВӨЛЖӨӨ РҮҮГЭЭ НҮҮХ ГЭЭД СУМЫН АРД ДАХЬ ШУГУЙД ТЭМЭЭ МАЛАА АМРААЖ 2-3 ХОНОЛОО. ТЭГТЭЛ АХАД ХЭН НЭГЭН НЬ “ААВЫНХ ЧИНЬ СУМЫН ОЙРОЛЦОО ИРЧИХСЭН БАЙНА” ГЭЭД ХЭЛЧИХЭЖ. ТОМ АХ БОР МОРЬ УНААД ГОЛ ГАТЛААД БИДЭН ДЭЭР ИРЭВ. ЭЭЖ ЦАЙ ЧАНАХ ГЭТЭЛ УС АЛГА. ТЭГЭЭД “ДҮҮГ ЧИНЬ УСАНД ЯВУУЛСАН ЮМ. АЛГА БОЛЧИХЛОО. ЧИ ХОЙНООС НЬ ЯВААД ИР” ГЭЖ Л ДЭЭ. АХ ГОЛ РУУ ДӨХӨЖ ЯВТАЛ ХҮҮХДИЙН ДУУ ЦАНГИНАЖ БАЙНА ГЭНЭ. ДӨХӨӨД ОЧТОЛ БИ ТОМ АЛЧУУР ЗАНГИДААД БАРЬЧИХСАН, ХОЁР ДАЛ РУУГАА ЭЭЛЖИЛЖ ЦОХИОД БӨӨЛЖ БАЙХ ЮМ ГЭНЭ. ХОЁР ХУВИН НЬ ХООСОН. АХ ТУЛЖ ИРЭЭД “ХӨӨЕ ЧИ” ГЭСЭН ЧИНЬ БИ ДАВХИЙГЭЭД ЦОЧСОН ЮМ БИЗ ДЭЭ. АХ ГОЛЫН УСНААС ХУВИНГААРАА ХУТГАЖ АВААД ҮГ ДУУГҮЙ АЛХАХААР НЬ БИ АРААС НЬ ДАГАВ. АХ ЭЭЖ ДЭЭР ОЧООД БУУЖ БАЙНА ШҮҮ, “ЭНЭ ЧИНЬ ЯМАР ЦАГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ, БӨӨГИЙН ЦАГ МӨН ҮҮ. ЭНЭ ЧИНЬ ЭРДЭМ СУРАХ ЦАГ. ИЙМ ДЭМИЙ ЮМАНД ХҮҮХЭД СУРГАЖ БАЙХААР А ҮСЭГ ТАНИУЛЖ, АРАВ ТАВАН ТОО НҮДҮҮЛЖ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ. БИ ОДОО АВААД ЯВНА” ГЭЭД СУНДАЛЖ АВААД ЯВЧИХСАН.
    Сургуульд очтол багш эхлээд нэрийг минь, дараа нь өвөрт чинь юу байгаа юм гэж асуусан байгаа юм. Тэрийг нь хажуу дахь хүүхдүүд орчуулж өгч байгаа юм. Тэгээд бүсээ тайлаадахсан чинь шалан дээр нэг хатуу юм тог гээд унаж. Юу унасан гээч, хонины далаар хийсэн гаанс. Намайг таван настай байхад бөө шавиараа сонгож авч байсан юм. Тэр үед аав маань надад тэр гаансыг хийж өгч “хандив” өргөж байв. Бөө онгодоо оруулахын тулд элдэв янзын хүчтэй өвс ургамлаар тамхилна. Татаад дуусахаар түшээ нь нэмж өгөөд л байна, өгөөд л байна. Ухаан санаагаа мэнэртэл татна шүү дээ.
    -Тэгээд тамхиа яасан?
    -Аравдугаар анги төгсөн төгстлөө татсан. Дан нууцаар. Арав төгсөхөд “Та нар Монгол Улсын бүрэн эрхт иргэн боллоо” гэхэд надад эсрэгээрээ аймшигтай санагдсан. Архи ууж болох нь, тамхи татаж болох нь, авгай авч болох нь, юу ч хийж болох нь гэж бодсон чинь аймшигтай санагдаад тамхиа хаячихсан. Түүнээс хойш уруулдаа тамхи хүргээгүй.
    -“Аянгат цагийн тууж”-аа биччихээд өөрийгөө тоож, хөөрөх сэтгэл төрж байв уу?
    -Ардчилсан Германы төрийн таван удаагийн шагналт, өвгөн багш байлаа. 1912 онд төрсөн, надаас 31-32 жилийн өмнө төрсөн хүн байсан юм. Зохиолоо явуулсан чинь хэдхэн хоногийн дараа “Чиний энэ тууж бол агуу том болжээ. Баяр хүргэе” гэсэн цахилгаан ирэв. Маш их баярласан, бас айсан, омогших сэтгэл ер төрөөгүй. Бидний хүмүүжил тэр юм. Би нэг зүйлийг ярья л даа, хамгийн анх олон улсын шагнал авахад баярлавал баярлахаар юм болж байгаа юм. 1992 онд 20 мянган ам.долларын шагнал авав аа. Тэр үед дэлгүүрийн лангуун дээр бор давс, гоймонгоос өөр хүнс байхгүй болчихсон байсан цаг. Тэр том шагналыг авчхаад айгаад, залбираад л байсан.
    Манай ээж намайг тэр том шагнал авлаа гэдгийг сонсоод дуугарахгүй байсан гэсэн. “Сонслоо, сонслоо” гээд мааниа уншаад байсан гэдэг. Ер нь үндэсний цөөнх болж төрнө гэдэг эмгэнэлтэй бөгөөд баатарлаг хувь тавилан.
    БИ ӨӨРИЙГӨӨ ТУВА ХҮН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХГҮЙ ЦАГ ХҮРТЭЛ БАЙЛАА. 1977 ОНД Ю.ЦЭДЭНБАЛ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ ГИШҮҮДИЙН ДУНД “МОНГОЛ УЛСАД НЭГ Ч ТУВА БАЙХГҮЙ НӨХӨӨР. ЧИ БОЛ УРИАНХАЙ ХӨӨН” ГЭЖ МИНИЙ НҮД РҮҮ ХУРУУГААРАА ЧИЧЛЭЭД ӨРӨӨНӨӨСӨӨ ХӨӨЖ ГАРГАЖ БАЙЛАА.
    Жил бүр Германд болдог уншигчдын уулзалт. 2018 он.
    -Танд энэ явдал хүндээр туссан уу. Хавь ойрын чинь олон хүн танаас урвасан уу?
    -Их л гомдсон, гомдчихоод “За яах вэ” гэж байгаа юм. Хүнийг дарж нэг, магтаж нэг урагшлуулдаг. Тэр үгний үр нөлөө ер тасраагүй. Урвах бол аль урьдын явдал даа, шал дэмий юмнаас болсон юм. Би 1968 онд МУИС-ийн багш болж мандаж явлаа.
    ҮНЭНДЭЭ МУИС-ИЙН НЭРТЭЙ БОЛОВЧ УЛСЫН БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬ, АНАГААХЫН ДЭЭД СУРГУУЛЬ ГЭЭД НИЙТ ДӨРВӨН СУРГУУЛЬД ХИЧЭЭЛ ЗААДАГ БАЙВ. ТЭР ҮЕД БУСАД БАГШ 7 ХОНОГТ 18-20 ЦАГИЙН ХИЧЭЭЛ ОРДОГ БОЛ БИ 52 ЦАГИЙН ХИЧЭЭЛ ЗААДАГ. ТУХАЙН ҮЕД ЧИНАГИЙН ГАЛСАН ШИГ ҮНЭ ХҮНДТЭЙ ХҮН МОНГОЛД БАЙСАНГҮЙ.
    Дээд сургуулиуд машинаар ирж авдаг, хичээлээ заачихаад оюутнууддаа “За чимээгүй сууна шүү. Үймэлдвэл багш нь хэрэгт орно” гэж хэлчхээд шатаар гүйгээд гараад ирэхэд машин хүлээж байдаг байсан. Тэр үед хамгийн сонин нь, өнөө шараа болгодог охинтойгоо их сургуулийн танхимд таарч хоёул тэврэлдэн уулзаж, дараагаар их сайн найзууд болж билээ.
    -Хоёул их ч удаан ярилаа. Ингээд ярилцлагаа өндөрлөе. Эх орон гэж юу вэ, таны бодлоор?
    -Эх орон гэдэг бол давын өмнө газар нутаг юм. Өнгөрсөн хугацаанд Монголд юу өөрчлөгдөв, юу ч өөрчлөгдөөгүй. Бид зөвхөн хөгжлийн чигээ л өөрчилсөн. Сэтгүүлчид надаас “Танд гомдолтой юм байна уу” гэсэн асуултыг ер асуудаггүй юм. Энэ олон жилд “Монгол эх орон минь би чиний төлөө зүтгэе” гээд байхад надад нэг удаа ч болов ямар нэгэн хариуцлагатай ажил өгч байсангүй. Би өөрөө л зүтгээд байлаа. Ядаж мод тарья гэхэд минь газар өгч болно доо …
    Ярилцсан Батсуурийн Туул

  • ТЭМҮЖИНИЙ МЭНДЭЛСЭН ӨДРИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

     

    Гэтэл Чингис хааны мэндэлсэн сар өдөр тодорхой болж чадаагүй, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн он, сар, өдрийг албан ёсны болгож, ёсчлоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай XIII-XIV зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин XVII-XVIII зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүжиний төрсөн сар, өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс XVII зуунаас хойших үеийн Монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм.

    Тэмүжиний мэндэлсэн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ. Өнөөдөр бид энэ чухал асуудлаар ярилцаж олон түмэндээ тодорхой ойлголт өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодож байна.

    Доктор, профессор Ш.Чоймаа: Яах аргагүй бид Эзэн богд Чингэс хааны унасан газар, угаасан ус, гал голомтыг сахиж суугаа Монголчууд. Бид Чингэс хааныхаа төрсөн сар, өдрийг зөв тогтоогоод тэр өдрийг тэмдэглэж занших нь олон талын ач холбогдолтой нь мэдээж. Энэ хэлэлцүүлж байгаа ажлыг үнэхээр дэмжиж байна. Яагаад гэхээр сүүлийн үед Монголчууд үндэсний цагаан сар, наадам хоёроос өөр юмгүй, харийн шашны Валентины баяр хүртэл түрэн орж ирж байгаа цагт эрхбиш Их эзэн Чингэс хааныхаа мэндэлсэн сар өдрийг жилд нэг удаа бүх ард түмнээрээ тэмдэглэж байвал үүнийг дагалдан залуу хойч үе маань эх түүхээ хүртэл үзэж сурч мэдэх, Монголоороо бахархах, монголоо гэсэн сэтгэлтэй болоход олон талын ач тустай юм. Тэмүжиний мэндэлсэн өдрийг ерөнхийдөө өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэхэд найдвартай гэж үзэж байгаа. Энд ямар ямар баримт байна гэхээр “Монголын нууц товчоо”-нд бол Чингэс хаан төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэдэг. “Монголын нууц товчоо”-нд он сар өдөр тавиагүй боловч энд давхар мэдээлэл байгаа юм. Гаднаас дайсан довтлох нь хавар, зун, ер хэзээ ч ирж болох зүйл. Харин өөрсдөө дайныг эхлэн сэдэж, ялах дийлэхийн арга ухааныг бодож байгаа нөхцөлд дайн байлдаан хийх хамгийн тохиромжтой цаг үеийг сонгох учиртай. Тэр цагийн Монголчууд агт таргалсан, нум хатуурсан үеийг тааруулж гадагшаа дайн хийдэг байсан. Энэ бол тэр цаг мөч гэдэг яах аргагүй намрын сүүл, эсвэл өвлийн тэргүүн сар байх ёстой, энд тэр тухай мэдээлж байна. Энэ бол нэгдүгээр баримт. Хоёрдугаарт, хожмын Монгол түүхэн сурвалжуудад Лу “Алтан товч”-оос эхлээд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр морин цагт төрсөн гэсэн байдаг. “Монголын нууц товчоо”-г Лувсанданзангийн “Алтан товч”-той харгалдуулаад судлахад яг Чингэс хаан гэдэг өгүүлбэрийг шууд дундуур нь нэмээд оруулчихсан нь тодорхой байдаг. Тэгэхээр үүнийг дагалдаад нэг хэсэг сурвалжууд явсан. Гэвч энэ олон түүхэн сурвалжууд дотор Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрих”, мөн “Хөх түүх”, эдгээр гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тов тодорхой тэмдэглэсэн байгаа. “Сувд эрих”-д өгүүлэхдээ “Тэндээс Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэжээ. “Чингэс хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шастир Хөх түүх”-д “…Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан үзэсгэлэнт Өгэлэн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцэж, тэндээс гутгаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв” хэмээсэн байна. Гуравдах баримт бол Эзэн богд Чингэс хааны мэндэлсэн өдрийг “Арван буянт номын цагаан түүх” болон эзэн хорооны тахилга тайлгын судар, өнөө хэр уламжилж ирсэн зан үйлээс бас тодлох болмжтой. Эзэн хорооны жилийн дөрвөн тайлгын нэг мялаагуудын хуримыг аравдугаар сарын гурванд хийхээр тохируулсан байдаг. Аравдугаар сар гэдэг нь Монголоор бол өвлийн тэргүүн сар юм. Мялаагуудын хурим буюу тасмын тайлга нь Тэмүжин мэндлээд гурав хономогц угаалга үйлдэж, баяр хурим хийснээс үүдсэн зан үйл юм. Ордосын онгоны дөрвөн улиралд хийдэг тайлгаас өвлийн тайлгыг “Их тайлга” хэмээн нэрийдэж, алтан ургийнхан оролцож ихэд хүндэтгэн үйлддэг нь Их хааны сүүдэр тохиосон өдрийг машид дээдлэсний учир болой. Дөрөв дэх баримт гэвэл, Оросын Санктпетербургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яах аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн гурванд мялаагуудын хурим хийдэг гэсэн байдаг.

    Профессор Б.Балжинням: Тэмүжин мэндэлсэн талаар “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнд сар өдрийн тухайд тодорхой дурдаагүй. Сүүлийн үеийн баримтаар бол бид Ш.Чоймаа багшийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр зонхилон саналтай байгаа. Үүн дээр тогтох нь зүйтэй. Харин Григорийн тоололд тэр нь чухам яаж таарч байгаа гэдгийг тогтоох шаардлагатай. Зарим нэг судлаачид 12 дугаар сарын 21-ний өдөр төрж 23-нд мялаагуудын хурим хийсэн гэж үздэг. Эндээс нэг л зүйлийг ойлгох нь зүйтэй байх. Одоогийн хятадуудын мөрдөж байгаа 1280-аад онд Хубилай цэцэн хаан зарлиг гаргаж байж гарсан зурхайг засаад цааш нь жаахан өөр өөр нэр өгөөд явсан. Энэ зурхайгаар таацуулах, мөн Монголын улирлын тооллыг яг онолдуулж гаргаж цэгцлэх л чухал байгаа юм. Харин өвлийн тэргүүн сар гэдэг нь их үндэслэлтэй гэж бодож байна.

    Доктор Г.Аким: Сурвалжуудыг үзэхэд Лувсанданзангийн “Алтан товч”-д байгаа өгүүлбэрийг дараа дараагийн гурван эх сурвалжид яг хуулаад биччихсэн байдаг юм. Зуны эхэн сарын улаан тэргэл өдөр гэж. Яг одоо тэгж явж байснаа гэнэтхэн “Хөх түүх”-ээс эхлээд хойшоогоо өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд бас гурван түүхч бичсэн байдаг. Гэхдээ “Арван буянт номын цагаан түүх”-д өнөөдөр мялаагуудын хуримыг ярихаар дөрвөн түүхч нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн гээд монголын түүхчдээс хэлсэн байдаг. Ш.Чоймаа багшийн хэлж байгаа зөв л дөө. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ гэдгийг тогтоох ёстой. 2006 онд энэ тухай өгүүлэл бичсэн. Миний өгүүллийн ерөнхий агуулгыг Ш.Чоймаа багш хэлчихлээ. Дөрвөн зохиолд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрж гурванд угаалга үйлдсэн гэж байдаг. Монголын буриад, баргууд дотор 20 дугаар зууны эхэн хүртэл энэ явдал байсан юм байна. Гэхдээ буриад, баргууд ой дээр нь жил болгон хийдэг байсан байна. Энэ зан үйл Чингэс хааны үед ч мөн байсан.

    Зохиолч, сэтгүүлч Л. Пүрэвдорж: Миний олж мэдсэнээр түүхийн есөн сурвалж бичигт Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг бичсэн байдаг. Үүний зургаад нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн, гуравт нь зуны эхэн сарын 16 гэж тэмдэглэсэн байна. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. “Арван буянт номын цагаан түүх”-нд мялаагуудын баярыг арван сарын шинийн гурванд хийнэ гэсэн байгаа. Тэгээд дараагаар нь Галдан туслагчийн “Эрдэнийн эрих”-д гэхэд угаалгын мялаалга гээд тайлаад биччихсэн байдаг.” Арван буянт номын цагаан түүх” сударт өгүүлснийг багцлан үзвэл, Тэмүжинийг эхээс төрөөд гурав хономогц угаалга үйлдэж, манцуйд өлгийдөж, тасмаар боож, мялаагуудын хурим хийснийг Хубилай сэцэн хааны үеэс үе улируулан ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Үүнийг Хубилай хааны зарлигаар тогтоосон юм шүү дээ. Хубилай хаан өвөг эцгээ нас нөхчөөд 60 жил ч өнгөрөөгүй байхад төрийн албан ёсны зарлиг гаргахдаа андуураагүй байх гэж бодож байна. Их хааныг Сартуулаас бууж ирэхэд нь ангийн тосоор мялаалгаж байсан өөрийн ухаан орчихсон хүн (Хубилай) байсан тул тэр тусмаа зарлигтаа сар, өдөр андуурч тогтооно гэж байхгүй болов уу хэмээн бодож байна. Энэ бол Хубилай хааны зарлигийн сурвалжтай юм шүү. “Монголын нууц товчоо”, Саган Сэцэний “Эрдэнийн товч” болон “Монголын Юан гүрний түүх” зэрэг сурвалжид Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг тэмдэглэсэнгүй л дээ. Рашид аддиний “Судрын чуулган”-д бүр хамаагүй бичсэн байдаг. За яахав гадаадын хүн учраас бид уучлах учиртай. Рашид аддин хүний амаас бичсэн л гэдэг юм. “Алтан дэвтэр” нь өнөөгийн бидэнд ирсэнгүй л дээ. Тийм учраас өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндлээд шинийн гурванд угаалга тайлга, мялаагуудын хурим хийжээ гэдгийг түүхэн сурвалжуудын ихэнхэд нь тэмдэглэсэн байгаа юм.

    Судлаач Н.Нагаанбуу: Үүнийг би 2004 оноос хойш 12 сарын 21-нд төрсөн, 23-нд мялаагуудын тахилга хийсэн байна гэж, Чингэсийн онгон дээр ч үүнийг мөрддөг. Миний ярьж байгаа зарчмын юм бол, Та бүхэн ямар ч цаг хугацааг ярьж болно. Гэхдээ ямар цагалбараар хийгээд байгаа юм бэ? Түвдийн төгс буянтаар яваад байна уу, манжийг дагаж ирсэн шар зурхайгаар ярьж байгаа юм уу? Энэ хоёр чинь хоёулаа биш ээ. Монголчуудад өөрсдийн улирлын цаг тоолол байсан. Би 2005 онд монголын цаг тооллын ном гаргасан, академич Ч.Далай гуай редакторлосон, энэ байна. Дундад зууны монголын түүх их гажуудсан. Түүхийн он цагууд бүгд гажуудсан байна. Тэгэхээр сая Ш.Чоймаа багш хэлж байна ш дээ. 10 сар гээд энэ дээр чинь буруудаад байна. 10 сар гэдэг чинь аагим халуун гэж сурвалжуудад чинь байгаа. Монголчуудын он тоолол намар 9 дүгээр сард цагаалж байсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэндээс 1 дүгээр сар чинь эхэлж байгаа. Жишээлбэл Бирваа гуайн түүх байна. Энэ хүн өөрийхөө гараар бичсэн байна. Намайг 38 онд цэрэгт явж байхад цагаалж байсан тэгэхээр намар цагаалж байсан энэ зүйл мартагджээ. Цагаалсны дараах сарын 6 сар гээд эхэлдэг байсан байхгүй юу. Тэгэхээр 1 сар чинь намар байна. 2,3 сар гээд 4 сар чинь өвлийн тэргүүн сар. Улирлын эхэн юунаас авахав гэхээр өдөр шөнө тэнцдэг үүгээр тоололтой учраас үүнийг Монголын улирлын тоолол гэсэн. Надад санал болгох нэг л зүйл байна, юу гэхээр улирлын тоолол, эртний монгол цагалбараар яваач гэж хэлэх гэсэн юм. Ганцхан зүйл хэлэхэд Чингэс хаан өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн нь үнэн. Харин эртний монгол тооллоороо тооцооч. Одоогийн 12 дугаар сарын 21-нд төрсөн. Монгол тооллын 4 сар буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр ес эхэлсэн өдөр, энэ монгол тооллоор та бүхэн тооцооч гэж хэлье.

    Доктор, профессор Ш.Чоймаа: Би нэг залруулга хиймээр байна. Энэ “Эрдэнийн товч”-д байгаа арван сар гэдэг чинь Монголын өвлийн тэргүүн сарыг хэлж байгаа хэрэг. Арван сар гэдэг бол “Эрдэнийн товч”-д арван сар гэсэн болохоос биш өнөөдрийн энэ Христийн тооллын 10 сар биш юмаа .

    Доктор, профессор Х.Шагдар: Би Чингэс хааны талаар 20-иод жил судалгаа хийж байна. Хамгийн хэцүү юм нь он цаг зөрөөд болдоггүй. Би бодохдоо түүхэн үйл явдал дээр он цагийг буулгах нь зүйтэй гэж үздэг. Эхний бүтээлдээ би Өвөр монголын эрдэмтэн Сайшаал гуайг дагалаа шүү гэж бичсэн. Гэвч Сайшаал гуайтай дотроо зөрчилдсөн. Дараа нь Б.Балжинням түүхчтэй танилцаад, бидний энэ он цаг ерөөсөө болохгүй байгааг хэлсэн. Юунаас болоод байна гэхээр бид он цагийн тоолол дээр алдаад байна. Н.Нагаанбуу эд нар гайгүй судалгаа хийсэн гэдэгт би итгэж байгаа. Яагаад гэхээр үйл явдал тэр цаг үе дээр буугаад байгаа юм.

    Доктор А.Пунсаг: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Чингэс хааны төрсөн он, сар, өдрийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчид лавлагаа мэдээлэл хүргүүлж байсан. Бидний ерөнхий үндсэн санал бол холбогдох сурвалжийн мэдээ болоод түүхэн үйл явдлын үндэслэлээр бол Чингэс хаан өвөл төрсөн буюу өвлийн эхэн сард төрсөн гэдэг нь илүү түүхэн баримттай байгаа. Чингэс хааны төрсөн газар Онон мөрний эх Дэлүүн болдог гэж ярьж байгаа. Энэ Дэлүүн болдог бол бараг өвөлжөөний нутаг байсан юм шиг иймэрхүү ул мөр ажиглагддаг. Хар зүрхний хөх нуур зуслангийн газар байсан бол өвөл Онон мөрний эрэг Дэлүүн болдогт өвөлжөөний нутаг байсан байх гэдэг ерөнхий таамаглал сүвэгч гарч байгаа. Хоёрдугаарт, Чингэс хааны төрөх үед Зарцуудаа өвгөн булган дээлээ хүргэлээ гэж байгаа. Монголчууд хэдийгээр бэлгийг бэлгэдлийн чанартай өгдөг гэх боловч харин өгөх бэлгээ зөв сонгодог. Зуны аагим халуунд булган дээл өгөхгүй байх. Эзэн хааны сүүдэр тохиосон цаг хугацааны хувьд өвөл байсан болов уу гэдэг баримт мэдээ олон байгаа. Манай түүхийн хүрээлэнгийн судлаачдын хувьд “өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэдэг нь түүхэн үнэнд илүү ойр хэмээн үздэг. Энэ дүгнэлтийг нотлох хамгийн ойрын баримт нь тэрхүү угаалга, мялаалга юм. Өнөөдөр ч гэсэн Өвөрмонголын Ордосын цахар, үзэмчин ястнууд хүүхэд төрсний дараа гурав хоногт нь угаалга мялаалга хийдэг ёс уламжлал хадгалагдаж байгаа. Ямар ч гэсэн Чингэс хааныхаа төрсөн өдрийг яг тогтоож чадахгүй ч гэсэн ирэх жил Их хааны мэндэлсэн 850 жилийн ойг тэмдэглэх ямар нэгэн өдрийг засаг төрийн талаасаа тогтоогоод агуу их хүнийхээ ач гавьяаг санан дурсах ийм нэг тодорхой өдөртэй больё гэсэн саналыг уламжилж өгөхийг хүсье.

    Доктор О.Сүхбаатар: “Монголын нууц товчоо”-г уншихаар 59, 97, 211 дүгээр зэрэг гурван зүйл дээр Чингэс хааныг Ононы Дэлүүн болдогт төрсөн гээд тодорхой хэлсэн байдаг. Тэгсэн мөртлөө төрсөн он сарыг ерөөсөө бичдэггүй. Би үүнийг хувьдаа ингэж боддог юм. Монголд бөөгийн шашин маш их дэлгэрсэн. Бөөгийн шашинд суудал мэнгэний, өөрөөр хэлбэл төрсөн өдрийг мэдэхгүй бол мянган бөө бөөлсөн ч төвөг учруулж чадахгүй, суудал мэнгийг мэддэг бол нэг бөө ч төвөг учруулдаг гээд Монголчууд төрсөн өдрөө хэлдэггүй байсан. Энэ заншлыг хадгалсан болов уу гэж нэгдүгээрт боддог юм. Зарим хүмүүс ярьдаг, цаг тооны бичиг муу байсан, тиймээс төрсөн өдрөө мэддэггүй гэж. Тийм биш ээ, “Монголын нууц товчоо”-ны 81, 111, 193 дугаар зүйлд төрсөн өдөр байтугай тайчуудын хуримаа хийсэн өдөр, Жамухаас салаад нүүсэн өдөр, Чингэс хаан тугаа тахисан өдөр энэ тэрийг онтой нь, сартай нь, жилтэй нь биччихсэн байгаа. Тэгэхээр Чингэс хааны төрсөн огноог “Монголын нууц товчоо”-нд дурдаагүй явдал бол хуучны заншилтай холбоотой байх. Нөгөө нэг талаар Чингэсийн угсааны олон тайж нар байсан. Зөвхөн Ар халхад гэхэд 1918 оны хүн амын тооллогоор 13300 тайж байсан. Тэд төрөл бүрийн тахилга ёслол хийхдээ ерөөсөө Чингэс хааны төрсөн өдөр гэх зүйлийг баримталж байгаагүй. Харин Чингэс хааны иш зураг гэж юмыг тахиж байсан. Үүнийг бодоод үзэхээр “Монголын нууц товчоо”-нд тэр өдрийг зориуд нуусан байх магадлалтай. Яагаад нуусан гэхээр хүний төрсөн өдөрт янз бүрийн хараал жатга хийдэг, үүнээс л болгоомжилсон болов уу. Ер нь тэр үеийн хүмүүсийн төрсөн өдрийг яг таг тогтооно гэвэл их хэцүү, бараг боломжгүй зүйл. Гэхдээ “Монголын нууц товчоо”-г түшиглээд хийх юм бол Их хааны мэндэлсэн огноог яг таг биш гэхэд ойролцоо тогтоож болно хэмээн үзэж байна.

    Доктор, профессор Х.Шагдар: Монголчууд намар шинэ он эхэлдэг гэдгийг хорьдугаар зууны эхэн хүртэл хэрэглэж байсан. Энэ нь гол нь орон нутагт хэрэглэж байсан он тоолол. Миний бодоход Чингэс хааны төрсөн өдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэдэгтэй зөрөхгүй, гагцхүү үүнийг одоогийн тоололд буулгах асуудал дээр жаахан зөрүү байгаа юм шиг байна. Ер нь манай он тоолол буруу яваад байгааг ганцхан жишээгээр үзүүлье. Төгсбуянтын аргаар тооцсон билгийн тооллын календарь гэж байна. Энд дэлхийн бөмбөрцөг таван өдөр тэнхлэгээ эргэхгүй зогсож байгаа. Зогсдог гэнээ, энэ зөв үү. Дэлхийн бөмбөрцөг эргэхгүй монголын зурхайчдыг хүлээгээд зогсох юм уу. Ийм юмаар ард түмнийг эргүүтүүлж байгаа байхгүй юу. Монголын он тоолол гэж байсан. Ялангуяа Чингэс хааны үед байсан.

    Академич Ш.Бира: Би бээр Их хааны төрсөн он, сар, өдрийг тусгайлан судлаагүй. Сүүлийн үед эрдэмтэд тодорхой асуудал руу орж нэг тийш нь болгох гэж хичээж байна. Чингэс хаан болоод бусад түүхэн хүмүүсийн төрсөн он, сар, өдрийг тогтоох нь тун бэрхтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайд төрсөн өдөр бүртгэдэг, тэмдэглэдэг тийм уламжлал байсангүй. Ер нь Монгол хүн чинь насаа нуудаг. Төрсөн жилээ нуудаг, яриангүй тийм байсан. Би гэхэд төрсөн сар, өдрөө мэддэггүй л байсан. Манай аав ээж ч төрсөн сар өдрөө мэддэггүй л байсан. Оныг бол тогтоож болно, яг сар өдрийг тогтооно гэдэг тун асуудалтай. Төрөөс ёсчлохын тулд ойролцоогоор тогтоож болно. Тэр их хүнийг дурсан санаж, мэндэлсэн өдрийг нь тэмдэглэж байх үүднээс бид тодорхой өдөр тохироод тогтож болно. Ийм туршлагыг дэлхийн бусад түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тогтооход хэрэглэсэн нь бий.

    Францын алдарт эрдэмтэн Пилео гэдэг хүн байсан. Тэр хүн бол Чингэсийг маш их судалсан. Марко Пологийн замын тэмдэглэлд маш том тайлбар бичсэн хүн. Марко Пологийн замын тэмдэглэлд Чингэс хааны мэндэлсэн оны талаар маш тодорхой бичсэн байдаг. Нэлээд олон хуудас бичсэн гэхдээ голдуу Хятад, Перс, Монгол сурвалжуудыг баримталсан. Энд би юунд их баярлаж, олзуурхаж явдаг гэхээр энэ том эрдэмтэн дэлхийд байгаа Чингэс хаантай холбоотой бүх сурвалжуудыг эх хэлээр нь судалсан хүн. 1162 он Монголын Алтан товч, Саган цэцэн гээд бусад сурвалжуудад байдаг мэдээ Хятадын ихэнх сурвалжуудтай яг таарч байна. 1162 он гэдэг бол илүү үнэмшилтэй он гэж энэ хүн олон жилийн өмнө шийдсэн. Энэ номыг орчуулаад Монгол хэлээр гаргавал зүгээр байна. “Өвлийн тэргүүн сар” гэдэг дээр би уншиж судалсан номынхоо нөлөөгөөр ч гэх юм уу даа бүрэн итгэлтэй байдаг.

    ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин: Эзэн богд Чингэс хааны төрсөн сар, өдрийг тогтох нь Монголчууд түүхээ мэдэх, ялангуяа залуу үе маань өвөг дээдэс, эх орныхоо түүхээр бахархах, нэг тодорхой өдөрт Чингэс хааныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, энэ талаасаа бол их ач холбогдолтой болой. Үүнийг тогтооход үнэхээр түүхэн баримт факт нь өнөөг хүртэл тов тодорхой тэмдэглэгдэж ирсэнгүй. Тиймээс үйл явц, нүүдэлчин монголчуудын зан заншил, уламжлал, шашин шүтлэг олон зүйлтэй харгалзуулж, уялдуулж шийдэх асуудал гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил ШУА түүхийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийг оролцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг тогтсон өдөртэй больё гэсэн санал өргөн барьсан. Тэр өдөр нь өвлийн тэргүүн сар хэмээн тогтох байх гэж бодож байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд: Монголын төр Их хааныхаа төрсөн газар, мэндэлсэн огноог түүхийн эх сурвалж бичиг, ард түмнүүдийн зан үйлийн мэдээ, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан албан ёсны болгож, ёсчлох, улмаар үндэсний бахархалын өдөр болгон ёслон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Үүнийг гадаад, дотоод нөхцөл байдал шаардаж байна. Энд алгуурлал байж болохгүй.

    Иймээс түүхийн үнэнд илүү ойр, бодит эх сурвалжид нийцтэй цаг хугацааг сонгох нь зүйтэй. Бидний өнөөдрийн ярилцлагаас манай иргэд Эзэн хааны мэндэлсэн цаг хугацааны тухайд тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу хэмээн найдаж байна.

  • “БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН”-Д БАРААЛХАХ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛИЙН ЁСЛОЛЫН ТАЛААР ЯРИЛЦАВ.

    Энэхүү түүхт баярын өдөр 3 дугаар сарын 18—ны өдөр Монгол Улсын “зүрх уул” Бурхан халдун”-ыг хамгаалах үйлст зүтгэн Монгол төрийн түүхэн уламжлалын биелүүлж яваа Гөрөөч сартуул овогт Д.Хурцаатай уулзаж, түүхийн жимээр харилцан ярилцлаа. Энэхүү ярилцлагад МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Б.Солонго нар оролцлоо. Гөрөөч сартуул овогт Д.Хурцаа гуайн үзэл бодлоос танилцуулж байна.
    ТАНЫ ОЮУН САНААНЫ ТУСГААР ТОГТНОЛД ТАНЬ
    НЭМЭР БОЛОХ НЭГЭН ЗҮЙЛ

    Нэгэн зүйл: Бодлого нэгтгэж хэрэгжүүлэх ёс
    Монголчууд эрт дээр үеэс төрт ёсны тахилгат хайрханаа тайж тахихдаа нэгдэн нийлж нэг л овооноос тахилга тайлга үйлддэг уламжлалтай байжээ. Цугларсан олон түмэн зэрэг зиндаа “дээр доор” гэлтгүй ард иргэдийн аж байдал, улс гүрнийхээ тухай санаа бодлоо солилцож бодлын зөрүүгээ ойлголцож нэгдмэл нэг санаа зорилготой болж нутаг гэртээ буцаж ирээд тахилгад оролцож чадалгүй үлдсэн олон түмэнд тайлгын идээ шүүснээс аль болох олон хүнд хүртээж тахилгад хаанаас хэн гэгч эрхэмүүд оролцож нэгдсэн нэг “бодлого” хэрэгжүүлэх болсноо түмэн олонд таниулан бүх нийтээр мөрдүүлж байсан уламжлалт ёс жудагтай байв. Нэг үгээр хэлэхэд одоогийн хуулийг “ёс жудаг” орлож байсан бололтой.

    Нэгэн зүйл: Уул хайрханы тахилгын овоо босгох ёс
    Уул хайрхандаа тахилга тайлга үйлдэх тохиромжтой газрыг сонгож тэмдэглэснээр овоо босгох нөхцөл бүрдэж, тахилга тайлга болох өдөр олон түмэн цугларч өөрсдийн нутаг уул уснаас авчирсан чулуу болон ойр орчимд мод чулууны аль нь элбэг байгааг бодолцон, мөн уламжлалыг харгалзан нэгдэн нийлж тэмдэглэгдсэн нэг л овоонд өөрсдийн хүслээ шившсэн чулуугаа /модоо/ тавьснаар овоо босдог байжээ.

    Нэгэн зүйл: Алсаас тахидаг уламжлалт ёс
    Тахилгат хайрханы “зулай” хараа гүйцэхүйц харагдах газарт “тэмдэг” овоо босгон тахилга тайлга үйлддэг ёс нь орон зайн хувьд зон олон цугларах боломжтой байх. Хоёрт, Хайрханы түмэн бодис ан амьтан, лус савдагийг амар тайван байлгахтай холбоотой байжээ. Мөн төр ёсны тахилгад хайрханаас алсад оршиж буй хүмүүс нутгийнхаа хайрханд тахилга тайлга үйлдсэнээр хайрхадууд лус савдагуудаараа уламжлуулан нэг нэгэндээ тахилга тайлгад оролцсон зон олны “үгэн цацал”-ыг уламжлуулан хүргэдэг гэдэгт итгэдэг тул Монголчууд уул хайрхадыг “ялгаварлан үздэггүй” уламжлалтай билээ. Жишээ нь, монголд байгаа хайрхадуудаас нэг хайрханыг үндэсний бахархалт хайрхан болголоо. Тэгэхээр бусад хайрхад нь үндэсний бахархалт биш болоод байна. Үүний цаана хаанахын бодлого оршиж байна вэ гэдгийг бодох цаг нь болжээ.

    Нэгэн зүйл: Тахилга тайлгыг нэг дороос үйлддэгийн утга учир
    Тахилга тайлга нь бидэнд уламжлагдан ирснээр: Уул усанд оршиж буй эцэг өвгөдийн сүнс сүлд, хайрхадын лус савдагийг “үгээр баясгаж үнэрээр цатгадаг” ёсыг үйлддэг.

    “Тахилгын үгэн цацал” нь уул, ус, хайрхадад зориулж зохиогдсон байдаг бөгөөд бичиж бэлдсэн үгэн цацалыг эрхэм хүмүүнээр дуудуулан, цугларсан олон даган түрснээр тэнгэрт сонсгож галд өргөн хайлуулж баясгадаг.

    “Үнэрээр цатгах” нь тайлгын идээ будаа, зоог, зум шүүсийг арвинаар ид задгай өрж тавьдаг нь үнэрээр цатгах ёсон билээ. Тайллагын төгсгөлд: тайлга болгож хүн бүрт идээ будаа зум шүүсийг хишиг болгон хүртээмжээр нь хүртээхдээ “Олонд түгээ” гэж хэлдэг байжээ. Энэ нь монгол хүн бүр тайлгын идээ будаа хүртдэгийн учир энэ бөлгөө.

    Нэгэн зүйл: Хадгийг хадгалах ёс
    Өвгөдөөс өвлөгдөж ирснээр бол айл гэрт нэгэн хадгийг арслантай авдартаа хадгалж уул овооны тахилга тайлгад оролцохдоо хадагаа дэлгэн барьж тайлгын үгэн цацалыг дуудаж мөргөөд лус савдагаас шившлэг авч нямбайлан эвхэн арслантай авдартаа хадгалдаг байжээ.

    Учир мэдэх өвгөдийн хэлснээр ил задгай байлгах нь лус савдагийн сайн сайхныг шившсэн шившлэг замрах, мөн хадаг ил задгай байснаар хорхой шавьж мэтийн амьтны хөлд нарийн мяндас нь орооцолдож үхүүлснээр буян биш нүгэл болно. Хадгийг хөдөө хээр уул овоонд үлдээх нь тэр айл өрхийн буян заяаг төөрүүлж байгаатай адилтгаж үздэг юм байна.

    Нэгэн зүйл: Хийморийн дарцаг хийсгэх
    Энэ ёс хэдийгээр сүсэг бишрэлтэй холбоотой ч үнэнхүү хийморь лундаагаа өөдрөг байлгая гэвэл хийсгэсэн хийморийн дарцагаа өөрсдөө хамгаалж харж байхаар нүдэнд ойр харагдах газар хийсгэж, засаж залж байх нь чухал гэнэ. Монголчууд гэрийнхээ гадаа, зүүн хойд талын бүслүүрт, саваа мод босгож түүндээ уяж хийсгэдэг байсныг огоорч цөвүүн цагийн хүмүүс уул овоо, мод чулуунд уядаг болсноор өөрийнхөө хийморь лундаагаа хөдөө хөсөр хаяж байгаатай агаар нэг болно.

    “Бурхан халдун” хайрхан ба “Их хориг”-ийн талаарх түүхийн
    сурвалжаас авсан судалгаа

    (Эрдэмтдийн баг бүрдүүлж судалгаа хийлгэсэн болно)

    Нэгэн зүйл:
    Рашид-ад-Дин цааш нь бичсэн нь “Чингис таалал төгсөхөд хөвүүд, хатад, сайн түшмэд нь түүний гэрээсэлсэн ёсоор төрсөн нутаг нь шарилыг нь тээн хүргэхээр явсан…Монголд өтгөн ой модтой энд тэндээс нь өдий төдий гол горхи салаалан урссан “Бурхан Халдун” гэдэг том уул байдаг. Тэдгээрийн гол горхийг дагаж Тайчууд аймаг нутаглаж байдаг…Үүний урд Тэмүүжин өөрийгөө оршуулах газрыг өөрөө сонгож олоод дэргэд байгаа бараа бологчид “Энд бидний ургийг оршуулж байгтун” гэж зарлиг буулгасан. Чингисийн зуслан, өвөлжөө түүний мэндэлсэн “Дэлүүн Болдог” гэдэг газар мөн бөгөөд Онон мөрний адаг орчим байдаг. Тэр үеийн тодорхойлолтоор Чингисийн шарилыг оршуулсан “Бурхан Халдун” зургаан өдрийн замд орших ажээ. Нэгэн мянган ойрадууд Чингисийн шарилыг сахиж байдаг” гэжээ.

    Тухайн үед “Их хориг”-ийг урианхай ноёд харгалзан хамгаалдаг байжээ. Хятадын “Цао-му-цзи” гэдэг сурвалж бичигт: “Юан гүрний хаадыг оршуулах ёсонд бүхэл модыг хоёр хэсэг болгож дунд нь биеийн хэмжээгээр нүхэлж нийлүүлээд авс болгоод түүний дотор цогцосыг хийж гадуур нь будаг шир тавьж, алтан цагиргаар гурав бүсэлж газарт гүн булж оршуулдаг. Дээр нь бунхан хийдэггүй. Оршуулж дуусаад түмэн адуу гишгүүлж газрыг тэгш болгоод түүний дээр нэгэн ботго алж тайлга хийгээд мянган цэргээр сахиулна. Дараах хавар өвс ногоо ургасан хойно шүүж очих тул үзэхэд тэв тэгш, хүн олж мэдэхгүй. Сүүлд тайлга тахилга хийхэд алсан ботгоны эх ингийг дагуулан газарч хийж ингэний булсан газрыг шарил оршуулсан газар хэмээн сая мэддэг” гэх зэргээр сонирхолтой зүйлийг дурдсан байдаг.

    Нэгэн зүйл:
    Рашид эд-диний “Судрын чуулган”-д өгүүлсэн нь: Чингис хааны үед Ойн урианхадын зүүн гараас гаралтай мянганы ноён Удачи гэгч байсан. Чингисийг тэнгэрт хальсны дараагаар энэ ноёны хүүхдүүд, тэдний мянгат Бурхан Халдун гэдэг газар мөнх нойрсон буй Чингис хааны алтан ясыг сахин хамгаалж ирсэн.

    Тэднийг аян дайнд оролцуулдаггүй, энэ ёс одоо ч байгаа гэжээ.

    Нэгэн зүйл:
    “Гурван мөрний тэргүүнд хэнд бээр бүү буулгагтүн” гэж Монголын нууц товчоо /2006 оны хэвлэлийн 120 дугаар тал/

    Тайлбар: Тэргүүн гэдэг нь Бурхан Халдун уул гэж хэлж болно. Хэнд бээр бүү буулгагтүн гэдэг нь хэнийг ч тийш алхуулж болохгүй гэсэн утга агуулж байгаа юм.

    Үнэн хүүрийг заримууд нь Бурхан Халдунаа онголов гэх /Лувсанданзан Алтан товч/, Хэнтий Ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов. Мөн тэнд /220 дугаар нүүрт/.

    Эзний алтан хүүрийг Хэнтий Ханы өлгөд их өтөг нэрт газар онголов. Саган Сэцэн, /Эрдэнийн товч 89 дүгээр нүүрт/.

     

  • СОНГУУЛИЙН ӨВЧИН

     

    Тэр улс төр, мөнгө хоёрын эрхэм нарийн холбоосыг аль эрт мэдэрч, түүний эмзэг бас давуу талыг алдахгүй мэддэг “зурхайч”, энэ талаар тэр хэнийг ч дагуулахгүй бөгөөд “доктор”-ын зэрэг хамгаалсан ч болохоор болсон.

    Мөнгө нь улс төр болж, улс төр нь эргээд мөнгө болдог, улмаар ашиг орлого нэмэгддэг зүй тогтлыг аль эрт болгож амьдралдаа хэрэгжүүлсэн нэгэн.

    Сонгууль ойртох тусам Тойгоо жип машинаа зүлгэж, хэдэн төрлийн хувцсаа хаана хэрхэн өмсөж хэнд ямархуу харагдахаа тунгаан бодож, дутуугаа сэлгэх талаар эртнээс төлөвлөнө.

    Хэнтэй нөхөрлөх, хэнийг өөртөө татах, хэнээс дөлөхөө бас тунгаана.

    Тэр жил ардчилсан нам сонгуульд ялахад Тойгоогийн хүүгийн машин намын байрны өмнө “багширсан” олон машин дотор багталцаж ядан “дүйхэлзэж” байсан бол, сонгуульд ялагдсан Арлын намын цагаан байшингийн өмнөх машины зогсоолоос Тойгоогийн машин хамгийн түрүүн “годхийн” алга болж билээ.

    Тэр юунаас ч айдаггүй. Учир нь мөнгөтэй бол хэнийг ч худалдаад авчихна гэж боддог. Тэр нь ч амьдрал дээр тодорхой биеллээ олсон учир итгэлтэй байдаг.

    Сонгууль дөхөөд ирэхээр Тойгоо өөрөө Ардын намын, хүү нь АН-ын, авгай нь Хувьсгалт намын үүдээр эргэлдэх нь ихсэж, үйл хэрэгт зүтгэнэ.

    Сонгуулийн өмнөхөн энд, тэнд болох хандивын үдэшлэг цэнгээнд оролцоно. Тэд хэрэгтэй үед нь намын санхүүд хэдэн төгрөг хандивлахаа мартдаггүй. Сонгуулийн өмнөх компанийг санхүүжүүлнэ гэдэг бизнесийн хөрөнгө оруулалттай утга нэг хэрэг. Хандив нь сонгуулийн дараа албан тушаал, мөнгө болон хувирна. Тэр гурвын хэн нэг нь сонгуулийн “бялуу”-г заавал амсах магадлалтай. Бялууг хүртсэн нэг нь нөгөө хоёрыгоо “дээш” нь татна. Тэгээд ч аль нам сонгууль ялахааас үл хамаарах өөрсдийн дархлааг бий болгосон.

    Энэ цаг үед Албан тушаал мэдлэг, боловсрол, туршлага дээр бус мөнгөөр хэмжигддэг, хов, жив “хор” найруулгын үндсэн нь тогтдог болсны амт шимийг амталсан бөлгөө.

    Тэднийд монгол дахь бүх намуудын батлахны цуглуулга бий. Батлах бүр өөрийн түүхтэй. Өвөөд нь тэр жил Тусгаар тогтнолын намаас Хотын хурлын гишүүнд нэрийг нь дэвшүүлж батлах өгсөн бол хөдөө амьдардаг хамаатны нэгэн өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчээс эмч нарын үзлэг хийх үед эрүүл мэндийн үнэгүй үзлэгт орохын тулд нэгэн намын батлах авсан байх жишээтэй. Тэдний сумын Батсайхан гэдэг залуу таван ч намын батлах өвөртөлсөн бузгай “улс төрч”-өөр тодорсон, хөөрхөн “онигоо”-той.

    Сүүлийн арван жилд болсон сонгуульд Тойгоогийн гэрийнхэн жинхэнэ улс төрч болохоо харуулсан. Тойгоогийн хүү хорьдугаар зууны сүүлчийн сонгуулийн өмнөхөн ааваасаа хэдэн төгрөг авч АН-д хандивласны хүчинд дүүргийн хурлын гишүүн болж, дараа нь Дүүргийн засаг даргын тамгын газрын даргаар тодорсон.
    Харин Тойгоо байгууллагынхаа ардчилагч нартай нийлж хэдэн шил архи хүртэж явдагийн буянд тэрүүхэндээ “ардчилагч” гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Энэ эрхэм алдрын хүчинд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялахад “бялуу”-аас хүртэж тэр нэгэн байгууллагын сургалтын хэлтсийн даргаар томилогдсон түүхтэй.

    Гэвч хожим сургуульд хүүхэд оруулах нэрээр хахууль хүртэж хэмжээг нь хэтрүүлсэн хэргээр ажлаасаа хусуулав. АН-д нүүрээ таниулсан түүнд нэг хэсэгтээ гэртээ “ичихээс” аргагүй байдалд хүрсэн. Түүнд сонгууль ямагт баяр баясгаланг авчирдаг. Одоо түүнд ганцхан Ардын намын царайг харж амьдрахаас өөр аргагүй болсон.

    Тэгээд намуудын улс төрийн удирдагчид солигдож байдаг завшааныг ашиглаж өөрийгөө хэнд ч ямараар таниулж чаддаг арга ухааныг сүвэгчилж сурсан. Эхлээд тэр одоогийн их хурлын гишүүн нэгэн эрхэмтээ хамт хөдөө аймгуудаар “давхиж” Ардчилсан хүчний бүх л намуудад хандив өргөв. Тэгэхдээ хотыг бодвол хөдөө тэдний “жинхэнэ нүүр царайг” танихгүй тул хэний ч дүр эсгэсэн болохоор жүжиглэнэ. Ардын нам нь мэдчих вий гэдгийг л онцгой анхаарч нууцлан чандлана.

    Тэгтэл энэ удаа тэр бодсоноос илүү үр дүнд хүрэх боломж бүрдэв. Учир нь “ханилж” явсан найз нь Улсын их хурлын гишүүн болж, Тойгоогоо дэмжих аятайхан, өргөн боломж бүрдэв.

    Сүүлийн үед Тойгоо генерал цол авч байгаагаар зүүдлэх болов.

    2008 он. Завхан, Нөмрөг сум

  • “ОРОСУУД 1945 ОНЫ НААДАМ ХҮРТЭЛ МОНГОЛЫГ ХЯТАДЫН ХАРЬЯАНЫ МУЖ ГЭЖ ХАНДДАГ БАЙСАН НЬ НУУЦ БИШ…”

    Одоо бол ингэлээ тэглээ гээд ил тод ярьж байна. 1957 онд Увс, Хөвсгөлийн чиглэлд асар их нутгийг Орост туучихсан. Өгөхгүй гэж тэмцсэн Аварзэдийг Улс Төрийн Товчоо яаралтай хуралдан, ажлаас нь хусч хаяад л асуудлыг шийдчихсэн. Дараа нь 1964 онд Өмнөговиос өчнөөн их газрыг тасдаж Хятадад өгсөн шүү дээ. Тэгэхэд бид дуугарч байсан уу? Огт үгүй. Одоо бол бид газар өгөх байтугай байгалийн баялгаа хямдхан өглөө гэж орилолдож байна. Энэ нь монголчууд нутаг усандаа эзэн болъё гэсэн сэтгэлийн илрэл юм.

    -Ю.Цэдэнбал төрсөн нутгаа үнэхээр Орост бэлэглэчихсэн юм уу?

    -Давст уулыг өгчихсөн. Хөвсгөлөөс хамгийн үзэсгэлэнтэй хэсгээс нь асар их нутаг тасдаж өгсөн. Тийм хүний хөшөөг хотынхоо төвд залчихсан л сууж байна шүү дээ бид. Хөшөөтэй байлдах нь хаашаа ч юм. Гэхдээ хойч үед их хорлолтой байдаг байхгүй юу.

    -Тэр үеийн эрх баригчид аргагүй байдалд байсан байх даа, хөөрхий.

    -Жинхэнэ улс төрчид байсан юм бол нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх ёстой. Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд Сталин маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр жил Коммунист Хятад биш Чан Кай Шигийн засаглалын үед юм даа, Хятадын Гадаад хэргийн яамны сайдыг Москвад дуудаж, хэлэлцээр хийхдээ Сталин “Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэг дээрээ монголчууд танайд захирагдахгүй байна” гэсэн. Дараа нь хятадууд Америкийн эрх баригчидтай тав хоногийн дотор 11 удаа утсаар ярьсан байдаг. Агуулга нь “Бид Монголыг яах вэ. Сталин шахаад байх юм” гэсэн утгатай. Америкийн Ерөнхийлөгч хариуд нь “Та нар монголчуудыг нэгэнт барьж чадахаас өнгөрсөн болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сталин зөв хэлжээ” гэх маягийн юм ярьж. Ингэж л бид тусгаар улс болсон түүхтэй.

    -Тэр үед манайх тусгаар тогтнох байтугай Өвөр Монголоо, Тэнгэр хайрханыг торгуудуудтай нь цуг авчих боломж байсан гэдэг.

    -Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе. Оросууд монголчууд нийлбэл аюултай гэдгийг мэдэрч байсан. 1945 онд Ар, Өвөр хоёр монгол нийлчих аятай боломж бүрдүүт шалавхан Ар Монголыг нь тусгаар тогтнуулах маягаар салгасан. Одоо бол Хятад задарвал нэг нэгдэх боломж гарна. Ямар чиг гэлээ, одоо бол бид газар шороондоо эзэн болсон. Хэн ч биднээс булааж авч чадахгүй. Эд нар сайндаа л байгалийн баялгийг хямдхан булаана биз. Одоо ч булааж л байна.

    -Би нэг зүйлд их санаа зовдог юм. Хөрш хоёр их гүрнээс маань манайд хандаж “Одоо ахиад нэг хилийн зурвасаа шинэчлэн тогтооё” гэх вий дээ гэхээс…

    -Одоо боломжгүй. Монгол улсын хил НҮБ-аар баталгаажсан. Яахав, улс гүрэн харилцан тохирч болно. Путин чинь Хятадтай тохироод хэдэн жилийн өмнө Даманы арлыг, амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалын хөшөөтэй нь цуг өгчихсөн шүү дээ. Иймэрхүү юм байдаг. Харин бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж яасан ч болохгүй. Муу, сайн ч энэ 76 нь хоорондоо хэрэлдээд юм илрүүлж өгөөд сууж байх нь Монголд хавьгүй тустай. Хэрэлддэг улсууд новшнуудаа илрүүлж өгөөд байдаг байхгүй юу. Тэд нэг нэгнээ ямар нэг учир шалтгаанаар илчилсээр л байх болно.

    -Монгол даяар сонгуулийн кампанит ажил ид явагдаж байна. Нэр дэвшигчид ёстой тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байна. Гэхдээ цаана нь Орос, Хятад хоёр өөрсдийн хүнээ гаргах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү?

    -Орос, Хятадаас ч өөр улсууд бий. Гэхдээ ард түмэнд сонгох онц эрх нь бий шүү дээ. Манайхан их жалгархаг. Нутгийн л хүн бол хулгайч ч байсан сонгочихдог. Тээр жил СнЗ-ийн орлогч дарга байсан Сүрэн гуай надад нэг зүйл хэлсэн юм. Тэр үед Жасрай гуайн Засгийн газар байл уу даа. “Та нар одоогийн Засгийн газрыг шүүмжилж л байна. Саяхан болтол АИХ-ын депутат болох хүний нэрсийг нэг бүрчлэн жагсаагаад, товч намтартай нь хойш нь явуулдаг байлаа. Хойно нягтлаад нэрсийн урд эрвээхэй, анхаарлын тэмдэг, хасах тэмдэг тавиад ирүүлдэг байлаа” гэж байсан. 1980-аад оны эхээр АИХ-аар батлуулаад Монголыг Оростой нэгтгэчих бодлого явж байсан. Тэгэхээр депутатууд нь найдвартай улс байх ёстой биз дээ.

    -Бал дарга чинь өөрөө Оростой нийлнэ гэж хөөцөлдөөд бүтээгүй гэсэн яриа тэнэж явдаг юм билээ.

    -МАХН санаачилж, бүр УТТ-ны тогтоол гарсан байдаг юм. БНМАУ-ыг ЗХУ-д нийлүүлэх саналыг Зөвлөлтийн удирдлагад тавих тухай. Тэгээд л Цэдэнбал гуай тэр бичгээ хойш нь аваад очиж л дээ. Хариуд нь “Цаг нь болоогүй. Ийм болчимгүй юм хийдгээ та нар боль. Энэ тогтоолоо хүчингүй болго. Танай намын ТХ-ныхон чинь өвчтэй юм уу, солиотой юм уу…” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр тогтоолыг одоо болтол хүчингүй болгоогүй байдаг. Гэтэл одоо бид гадныхантай “Баялгийг маань хямд авч байна” гэж хэрэлдэж байна. Бид хэрэлдэж чадаж байна. Үүгээрээ бахархах ёстой.

    -1990 онд монголчуудад олдсон эрх чөлөө хэврэг үү, эсвэл бат бөх болсон болов уу?

    -Биднээс л шалтгаална. Улсын эрх баригчид нь айж хулчигнаад л, барьцаанд ороод эхэлбэл Монгол улс буцаад л дуусна. Хүчтэй, зоригтой удирдагчид улс орныг авч явдаг юм. Тэрнээс баян чинээлэг хүн биш. Бид Монголын төлөө амиа алдсан улсуудын дурсгалыг байнга хүндэтгэж байх ёстой. Одоо Бодоо сайдыг гаргаж ирэх цаг нь болсон. Ханд ван, Да лам Цэрэнчимэд байна. Та нар Бодоог яагаад цаазалсныг мэдэх үү?

    -Бүр нарийн ширийн зүйлийг үгүй чиш.

    -Түүнийг цаазлах хоёр шалтгаан байсан. Бодоо Ерөнхий сайд болуутаа Данзантай хүч хавсран хэлмэгдүүлэлт хэзээ ч гаргахгүй байхын төлөө тэмцэж эхэлсэн. 1921 оны долоон сарын 08-10-ны шөнө Зоригт баатар Тогтох тайж тэргүүт нийт 106 хүнийг баривчилж, буудаж алах төлөвлөгөөтэй байж. 10-ны үдээс хойш Бодоо, Данзан, Эрдэнэбатхаан гурав завхрал гаргаад буй Вонукаев тэргүүтэй оросуудыг дуудаж “Энэ улсуудыг сулла” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Бодоо Ерөнхий сайд болуутаа Америк, Англи, Герман, Японы… эрх баригчидтай харилцаа тогтоож эхэлсэн. Энэ нь оросуудыг тэсэхүйеэ бэрх болгосон. Тэгээд л Сүхбаатараар бодийг хөтлүүлсэн. Уул нь хэргийг Шүүх яам таслах ёстой байтал шууд Цэргийн яам асуудлыг нэг мөр шийдсэн дээ.

    -Ер нь тэднээс хожим Х.Чойбалсан, Б.Цэрэндорж хоёр яагаад хоёулхнаа торойгоод амьд үлдэв гэдэг тайлагдашгүй оньсого шүү.

    -Чойбалсангийн орных нь хүн бэлэн болсон болохоор алахаас өөр аргагүй. Гадны тавиул гэдэг ийм л хувь заяатай. Цэрэндоржийн хувьд төрд урван тэрслэгч. Урвагчид амьд үлддэг. Тэр Богдод хэлэлгүйгээр Бадамдоржтой нийлээд Автономитыг устгах бичигт гарын үсэг зурснаар бүх зүйл эхлээ биз дээ. Харин хөшөөг нь эд урагш харуулаад босгочихсон байна лээ.
    СГЗ Л.Пүрэвдорж

  • Ё.ОТГОНБАЯР: КУЛИКОВЫН ТУЛАЛДААН БУЮУ МОНГОЛЫН “МУШГИГДСАН” ТҮҮХ

    Куликовын тулалдаан нь Москва Алтан ордны дарлалыг таягдан хаях эхлэл болж, Оросын нутгуудыг нэгтгэх улс төр, эдийн засгийн төвийн хувьд хүч чадлаа харуулсан хэрэг болжээ. Куликовын тулалдааны ачаар татварын хувь багассан билээ. Алтан Ордныхон Оросын бусад улсуудын дунд Москва тэргүүлэх болсныг эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрөв. Куликовын тулалдаанд Ордныхныг бутцохисон нь тэдний хүч чадлыг мэдэгдэхүйц сулруулжээ. Оросын янз бүрийн нутаг, хотын иргэд Куликовын тулалдаанд очиж, буцахдаа Оросын ард түмэн болон буцжээ” хэмээн дүгнэсэн байх ажээ.

    Оросын нэрт түүхч Н. М. Карамзинаас эхлэн томоохон түүхчдийн өгсөн үнэлэлт дүгнэлтээр Куликовын тулалдаан нь Монголын ноёрхлын төгсгөлийн эхийг тавьсан, Монгол цэрэг ялагдашгүй гэсэн домогт цэг тавьсан, Оросын вант улсуудаас Москвагийн вант улс хүчирхэгжин, Орос орныг нэгтгэх төв болон хувирсныг харуулсан, Оросын ард түмэн гэх нэгэн ойлголт бий болсныг Оросын олон нийтэд ухааруулсан хэмээн дүгнэцгээдэг юм. Олон зууны турш нэгэнт тогтсон түүхийн энэ ойлголт саяханыг хүртэл түүх судлалд ноёрхож, олон нийт энэ тулалдааныг Оросын цэрэг Монгол цэргийг дийлсэн байлдаан гэж бодсоор өдийг хүрчээ.
    Гэтэл 2004 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин сэтгүүлчдийн асуултанд хариулсан шууд ярилцлагынхаа үеэр Куликовын талын тулалдааны тухай ярихдаа: “Тэнд аль аль талаас нь Орос цэргийн хороод ч, татаарын морин цэрэг байсан. Оросууд (татаарын морин цэргийг) цохилтын гол хүч болгон ашигласан” гэж хэмээсэн нь энэ сэдэвт олны анхаарлыг дахин хандуулж орхив. Байз байз, юун Оросын талд байлдсан Монгол цэрэг, Монголын талд байлдсан Орос цэрэг болчиховоо? Куликовын талд тэгээд хэн нь хэнтэй, юуны төлөө байлдсан болж таарав аа?
    Эндээс эхлээд олон учир нь тодорхойгүй асуултууд хөвөрч эхлэнэ. Дмитрий ван Монголын дарлалыг эсэргүүцэж байсан юм бол яагаад энэ тулаанаас хэдхэн жилийн өмнө Мамай ноёны утсан хүүхэлдэй Мухамед Булаг хаанаас Оросын их вангийн зарлигаа өвдөг сөгдөн авсан юм бэ? Тулалдаан болох үед Оросын А. С. Орлов, В. А. Георгиев, Н. Г. Георгиева, Т. А. Сивохина. История России. Учебник для ВУЗов. Москва. 1997. Хуудас 74 http:// www.serpuhov.livejournal.com/105023.html нилээдгүй олон вангууд, тухайлбал томоохон вант улсуудаас Рязань Москвагийн эсрэг байр суурьнаас хандаж, Алтан Ордонтой нэг эвсэлд яагаад багтаж байв? Судар бичгүүдэд бичсэн шиг хэдэн зуун мянгаар тоологдох цэрэг эрс хоёр талаас байлдсан гэсэн нь үнэн үү? Хаанаас тийм олон цэрэг гарч ирэв? Хэрэв Доны Дмитрийн талд Монгол цэрэг байлдсан бол ямар цэрэг, хаанаас ирж оролцов? Хэрэв Куликовын тулалдаан Монголын дарлалыг төгсгөл болгосон юм бол Орос орон энэ тулаанаас хойш 100 жил монголчуудад татвар төлсөөр байсны учир шалтгаан юу вэ? Мамайг ялсаны дараа Доны Дмитрий ван Тохтамыш хаанд элч заран, эсэргүү дайсныг даран устгасныгаа илтгэсний учир юунд байх вэ? гээд зах хязгааргүй олон асуудал ар араасаа даган хөврөх ажээ.

    Москвагийн их ван Иван Калита (1284-1340) Алтан ордны Оросоос авах Монголын татварыг цуглуулах эрхийг Москвагийн вант улсад авсан үеэс эхлэн татварыг элдэв маапаангүй тушаах болсон тул Орос руу татварын асуудлаар үүссэн уулгалалт, залхаан цээрлүүлэх байлдааны ажиллагаа зогсож, хэсэгтээ “великая тишина” буюу “аугаа их нам гүм байдал” ноёрхох болжээ. Их талын зүгээс үе үе орж ирдэг галдан шатаасан уулгалалтууд зогсож, Монгол цэрэг Оросын вангуудын урилгаар үе үе дотоодын самуунд оролцох боловч Орос орныг нийтэд нь хамарсан томоохон довтолгоон болохоо байв. Энэ бол байлдан дагууллын дараа нурсан улс орноо өөд нь татаж, эдийн засгийн болон цэрэг, зэвсгийн хүчээ сэлбэх нэн шаардлагатай амсхийлтийг Орос орон олж авсан хэрэг байв. Монголын довтолгооны өмнө байсан Оросын дотоодын хүчний харьцаа өөрчлөгдөж, энэ үед Алтан Ордны татварыг цуглуулдаг Москва, Тверийн вант улсууд хүчирхэгжин өндийж эхэлсэн билээ.
    [1] Полное собрание русских летописей. Летописный свод 1497 г. Боть 28, Москва-Ленинград, 1963. Хуудас 71 [1] Беклярбек, бейлербей – ноёдын ноён буюу Алтан ордны улсын хоёрдахь нөлөөтэй хэргэм. Беклярбек Мамай цэргийн ерөнхий жанжин байж, гадаад хэрэг, шүүхийг ерөнхийлөн хариуцаж байжээ
    Эхлээд Хөх Ордод эзэн суусан Тохтамыш хаан 1380 онд гэхэд Мамай ноёныг түрсээр Цагаан Ордын нилээд хэсгийг эзэлж, Мамайг Хар тэнгисийн хойд тал, Крымын хойгоор хязгаарлаж чадсан билээ. Иймээс Куликовын тулалдаан болох үед Мамай ноён урдны хүчирхэг беклярбек байхаа нэгэнт больж, улсын баруун хязгаарт орогносон оргодол босуулын хэмжээнд оччихсон байлаа.
    Москвагийн ван II “Сайхан” Иваны хүү Дмитрий Иванович ван Алтан ордонд “их будилаан” үүссэн жил буюу 1359 онд 9 настайдаа вангийн ширээнд заларсан билээ. 1362 онд Мамай ноёны тавиул хаан Абдулла Дмитрий хүүд зарлиг хайрлаж, вангийн ширээг нь баталгаажуулахад Москвагийн хамба Алексий, Мамай ноён нарын дотнын харилцаа нөлөөлсөн аж. 1371 онд Алексий хамбын оролцоотойгоор Алтан ордоны татварыг хоёр дахин бууруулсан гэрээ Москвагийн Вант улс, Алтан Ордтой байгуулжээ.

    Мамай ноён Москвагийн харилцаа дандаа сайхан байсангүй. Москвагийн вант улс хүчирхэгжиж байгааг мэдэрсэн Мамай ноён завсарт нь татвар цуглуулах эрхийг Тверийн ван Михаилд өгөх зэргээр нилээдгүй асуудлууд үүсгэж байлаа. 1375 онд Дмитрий ван Оросын зүүн хойд хэсгийн вант улсуудтай хамтран Тверийг дайлж, Москвагийн хараат улс болохыг нь хүлээн зөвшөөрүүлснээр Мамай ноёны тоглолтыг хязгаарлаж чаджээ.

    1376 онд Москва, Суздалийн вант улсын цэргүүд Ижил мөрний Булгаар луу довтолсон байна. Алтан Ордны хаан ширээний төлөө тэмцэлд ялагдсан Хасан хан зугатаж, Ижил мөрний Булгаарыг эзлэн ноёрхсон тул Оросын вангууд Мамай ноёны зарлигаар тийнхүү дайнд мордсон хэрэг. Мамай ноёнд цохиулж, оргодол босуул болсон цөөхөн цэрэгтэй Хасан ханыг дарсан энэ явдал түүхэндээ Оросын цэрэг Монгол ноёныг дайлсан анхны тохиолдол шахуу байлаа. Харин энэ үед Мамай ноёны дургүйг хүргэсэн өөр нэгэн явдал болсон нь Хасан ханыг бутцохисон Оросын цэргүүд 5000 рубль дайны төлбөрт аваад зогсохгүй, Булгаарт татварын Орос ноён үлдээсэн хэрэг мандав. Үүнд дургүйцсэн Алтан Ордны хаан Араб шахын цэргүүд 1377 онд Орост халдан, Пьяна буюу Согтуу голын эрэг дээр Оросын нэгдсэн цэргийн хүчийг хиар цохисон тухай Оросын судар бичгүүдэд: “И бысть на Пьяни и пьяне (Согтуу голын эрэг дээр согтуу байцгаав)” хэмээн тэмдэглэжээ. Араб шахын цэргийг хүлээж байсан Оросын цэрэг хэд хоног найрлаж, согтуу унтацгааж байх үед нь монгол цэргүүд дайран орж, хүйс тэмтэрсэн байна.Алтан Ордонд алтан ургийн удмын ноён Тохтамыш хаан ширээний төлөө тэмцэл хийж эхэлсэн мэдээ Оросын вангуудыг ацан шалаанд орууллаа. Мамай ноёнд татвараа төлсөөр байх ахул хожим хууль ёсны эзэн хаан “оргодол хулгайд татвар төлсөн” хэмээн үзэж, наанадаж татварыг дахин төлөх, цаанадаж хэрэг буруугаар эргэвэл улсын эсрэг гэмт хэрэгтнийг санхүүжүүлсэн яланд ч унаж мэдэхээр болжээ. Тохтамыш хаантай тэмцэлдэж эхэлсэн Мамай ноён харин өөрийн дайн байлдааныг санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардлагатай болсон тул Оросоос авах татвараа багасгасан гэрээгээ зөрчихөөр шийдэж, хоёр дахин их татвар нэхэж эхлэв. Сарай, Казань, Астрахань гээд томоохон хотуудаа Тохтамышд алдсан Мамай ноёнд Хар тэнгисийн эрэгт байх Италийн худалдааны хотууд болох Кафа, Судак хотоос гадна Оросоос өөр олигтой татварын эх үүсвэргүй болсон нь ч нөлөөлжээ.

    Алтан Ордны доторх самууныг далимдуулан Дмитрий ван татвар төлөхөөс татгалзав. Юуны өмнө, Мамай ноёны өргөмжилсөн хаадууд хууль ёсны хаан эсэх нь ойлгомжгүй гэдэг аятайхан шалтаг гарч иржээ. Нөгөөтэйгүүр, гэрээгээ зөрчин татвараа нэмсэн тул учраа олтол төлөхгүй байх өөр нэг шалтаг ч бий боллоо. Мамай ноёны хувьд Тохтамыш хаантай хийх дайныг санхүүжүүлэх гарцаагүй шаардлага бий болсон агаад үүний тулд Оросын вант улсуудыг нухчин дарж, татвараа олж авах зайлшгүй хэрэгцээ үүсчээ. Эхлээд тэрээр сүрдүүлэх зорилготой Мурза Бегичээр удирдуулсан багахан цэрэг Орост 1378 онд илгээсэн боловч Вожь голын эрэг дээр Оросын цэрэгт бутцохиулав. Оросын цэрэг Вожь голын эрэгт Монгол цэрэгтэй тулгармагц хуурамч ухралт хийж, араас нь мөшгихөөр гол гарч эхэлсэн Монгол цэрэг рүү гэнэт эргэн довтолж, усанд түрэн шахаж живүүлжээ.

    Орос цэргийн жанжнууд Монгол цэргийн байлдааны тактикийг чамгүй сайн сурч авсан байсан нь эндээс харагдаж байна. Оросын цэргүүдийг Дмитрий вангийн үеэл дүү Серпуховын ван Владимир Андреевич болон Литовоос хүчин зүтгэхээр дагаар ирсэн Волынь мужийн Дмитрий Боброк жанжин нар удирдаж байв. Ялангуяа Дмитрий Боброк жанжин Литовын ван Ольгерд болон Алтан Ордны жижиг хануудын хооронд 1362 онд болсон Хөх голын тулалдаанд[1] оролцсон, монгол цэргийн Алтан Ордны хаан Жанибег, Бердибек нарын үхлээс болж, дотоодын самуун үүссэнийг далимдуулж, Литовын их ван Ольгерд Алтан Ордны харьяанд байсан Украин руу довтлон орж, эсэргүүцэн зогссон Крымын Феодора вант улсын Мангуп хотын захирагч Дмитрий, Солхатын захирагч Кутлуг буга (сударт Крымын даргач гэж монгол үгээр тэмдэглэсэн), Чуфут Кале хотын дарга Хажи Бек нарын гурван ноёны цэргийг Хөх голын эрэгт 1362 онд бутцохижээ. Энэ тулалдааны үр дүнд Киевийг оролцуулан Украины нутагт Литовын их вант улс ноёрхох болов. Тэрбээр хожим Куликовын тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухай сурвалж бичгүүд мэдээлдэг билээ.

    Энэ ялагдлын өшөө авах, Оросыг нухчин дарж, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох, их цэрэг элсүүлж, Тохтамыштай эргэн байлдах зорилгоор Мамай Литовын их ван Ягайлотой эвсэл байгуулан, Рязаны ван Олегийг талдаа татаж, 1380 онд Москваг эзлэхээр их цэрэг хөдөлгөв.
    Дмитрий ч зүгээр суусангүй. 1375 онд Дмитрий ван хүүгээ загалмайлах баяр хийж, найрандаа Хойд Оросын вангуудыг урьжээ. Ухаандаа, хүүхдийн үсний найраар далимдуулан холбоотон вангуудаа урьж, хутагт ламаар уриалуулан эвсэл байгуулах ажил зохион байгуулсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг, харьяат Оросын вангууд нэг газар гэнэт цуглах нь Алтан Ордны анхаарлыг татаж магадгүй байсан тул ийнхүү найр, наадам ашигласан хэрэг байх л даа. Хөвүүнийг загалмайлах ёслолыг үйлдэхээр ариун гэгээн хэмээн ихээхэн нэрд гарсан лам Сергий Радонежский ирсэн бөгөөд найрын үеэр Сергий лам эхлэн сэдэж, Зүүн-Хойд Оросын вангуудын эвсэл байгуулахаар болжээ. Вангууд энд тэнд мэр сэр уулгалах болсон татаарын бие даасан жижиг ноёдын уулгалалтыг хамтран сөрөн зогсох тохиролцоонд хүрсэнээс гадна юуны өмнө Тверийн ван Михаилыг дайлаар мордож, буулгаж аван, Москвагийн вант улсын ноёрхлыг тогтоов. Энэ үйл явдлын өмнө Алтан Ордонд очихдоо Дмитрий ван 10 000 рублийн өрөнд барьцаалагдсан Тверийн ван Михаилын хүү Иваныг өрийг нь төлж авсан бөгөөд Иван ханхүү ийнхүү Алтан Ордны бус Москвагийн вант улсын барьцааны хүн болж хувирсан байсан нь ч нөлөөлсөн нь эргэлзээгүй.

    Татварын маргаан

    Ийнхүү татварын маргаанаас үүдэн Мамай ноён болон Москвагийн вант улсын тэргүүлсэн Зүүн Хойд Оросын эвсэлийн хооронд цуст мөргөлдөөн үүсэх нь ойлгомжтой болов. Татварын маргаан. Орос болон Мамай ноёны хооронд үүссэн гол маргааны шалтаг нь татварын хувь хэмжээ байлаа. Орос орон Алтан Ордонд ямар хэмжээний татвар төлдөг байсан талаар эхэн үедээ эх сурвалжуудын мэдээлсэн тодорхой тоо, хувь хэмжээ алга. Хожим XVI, XVII зууны үед бичигдсэн Оросын эх сурвалжуудад “буруу номтны хаан Бат арван хувийн татвар буюу десятина төлөх”-ийг шаардсан гэж гардаг нь хувь хэмжээг заасан хэрэг бус, зөвхөн тэр цагийн Европт өргөн тархсан сүмийн 10 хувийн десятина хэмээх татвартай дүйцүүлэн хэлсэн байх магадлалтай билээ. Библийн судраас эхлэн нийт орлогын 10 хувийг сүмдээ өргөх уламжлал тогтсоныг Өрнөд Европт 779 онд Их Карл ван хуульчилсан байдаг. Орост ч энэ татвар үйлчилж байсныг 995 оны Владимир Святославович вангийн хуулинд: “Өнгөрсөн жилээс сүм хийд Эх дагины нэрийн өмнөөс Оросын бүх нутагт шүүхийн хэргээс 10-ны нэгийг, худалдаанаас 10 дахь долоо хоногийн орлогыг, зун бүр өрхөөс гэрийн амьтан бүрийн 10-ны нэгийг Эх дагины болон гэгээн Спасын өдрөөр” авч байхаар заасан байдаг.

    Монголчууд Оросоос хэд хэдэн төрлийн татвар авч байсан тухай мэдээ бий. Юуны өмнө Засгийн татвар буюу тухайн үеийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр ясак буюу выход гэх татвар авч байв. Оросын түүхч К. Жуков энэ татварын хэмжээг хамгийн ихдээ 4, хамгийн багадаа буюу Куликовын тулалдааны үед 2 хувь байсан хэмээн үзжээ. Энэ хэмжээ нь 10 хувийг төлдөг байсан Оросуудын хувьд жигтэйхэн их татвар байгаагүй нь ойлгомжтой хэрэг. Оросыг эзэлсэний дараа Монголчууд хүн амын тооллого явуулж, 43 түм[1] буюу 430 000 татвар төлөгч байгааг тогтоосон байдаг. Энэ үед үүнийг өрх биш, соха буюу анжис хэмээн нэрлэж байжээ. Соха буюу анжисыг зөвхөн өрх гэж үзэхэд хэцүү бөгөөд нэг эзэмшил тариалангийн талбайгаас тэжээгддэг тариачдын отог гэж хэлвэл зохистой. Монголын татвар анжиснаас жилд полтинник буюу хагас гривень мөнгө авдаг байв. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь 102 грамм мөнгө болж байжээ. Энэ их үү, бага уу?

    Их Петр хааны үед тариачны ам бүлээс хүн амын татвар нэг хүний 1 рубль буюу 30 грамм мөнгө авч байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Нэг өрхийг 5 хүнтэй гэж бодоод үзэх юм бол Петр хаан Монголчуудын хамгийн өндөр авч байсан үеийн татвараас 50% их буюу 150 грамм мөнгө жилд татварладаг байсан гэсэн үг юм. Петр хааны үед юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа биз?

    Өөрөөр тооцсон судалгаа бас байна. Монголчуудын тооллогоор Владимирын их вант улс 15 түмэн анжистай гэж тоологдсон бөгөөд жилд 15 000 рубль төлж байсан гэх баримт үлджээ. Хэрэв энэ тоогоор үзэх ахул нэг анжиснаас 10 копеек буюу 20 грамм мөнгө жилд төлж байсан гэвэл бүр бага тоо гарна. Мэдээж хэрэг, татварын хэмжээ вант улс бүрээр янз янз байсан нь ойлгомжтой. Татварын хувь хэмжээ багассаар Куликовын тулалдаан болох үед буюу XIV зууны дундуур 150 000 анжистай Владимир 15 000 рубль, 50 000 анжистай Тверь 2000 рубль, 50 000 анжистай Новгород 2 000 рубль, 20 000 анжистай Москва 1280 рубль төлж байсан баримт байгаа нь нэг өрхөөс жилд авах татвар 68 граммаас 13 грамм хүртэл байсан хачирхалтай тооцоо гарна. Өөрөөр хэлбэл эхэндээ 102 грамм байсан татвар дунджаар 40 грамм болтлоо буурчээ. Петр хааны 150 грамм Монголын хааны 40 грамм хоёр үнэхээр ялгаатай харагдах бөгөөд “монгол-татаарын дарлал” гээч их л таатай татварын орчинтой байжээ гэж бодогдоно. Үүнээс гадна замын татвар буюу ямская гэж авч байсан нь өртөөний албаны санхүүжилт байв. Замын татвар нь тэнд байсан өртөөний уналга, хүнсний зардал байсан бөгөөд тодорхой хувь хэмжээ заагдан үлдсэнгүй. Өртөөний алба Орос оронд улсын татварын орлогыг жилд 476 тонн мөнгө байсан гэж тооцсон бол Алтан Ордны жилд Оросоос авдаг байсан татварыг 1.5 тонн гэж үзсэн судалгаа байна. Өөрийн хаан нь ингэж авч байхад булаан эзлэгч Монголчуудын дарлал хамаагүй зөөлөн байсан

    Монголын дарлал төгсгөл болсон хойно ч үргэлжилж, ямская служба, ямская повинность гэж нэрлэгдэж байсан билээ. Хэмжээг нь тогтоож хэлж болшгүй өөр нэг татвар нь элч төлөөлөгчийн зардал буюу корма байлаа. Энэ нь ирсэн элчийн шуналаар хэмжигдэх тул тодорхой тогтоосон хувь хэмжээ гэж байсангүй.

    Алтан Ордны улс зөвхөн Оросоос ч засгийн татвар аваад байсан зүйлгүй юм. Харьяа бусад хотуудаас ч мөн адил ясак буюу засаг татвар авдаг байсан баримт бий. Жишээ нь, Астрахань хотын засаг татварын орлого Москвагийн вант улсаас хамаагүй өндөр байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн Астрахань Москвагаас хавьгүй том хот байсан болохоор аргагүй биз. Харин Алтан Ордны хаадууд өөрийн нүүдэлчин иргэдээсээ татвар авдаггүй байсан бөгөөд зөвхөн зуд турхантай жилд малгүй болсон иргэдийг дэмжих зорилгоор авдаг байсан гувчуур хэмээн 100 хониноос нэгийг татварладаг байжээ. Алтан Ордны 1 хувийн гувчуурыг одоогийн 20 хувийн нийгмийн даатгалын шимтгэлтэй харьцуулахад өндөр гэж хэн ч хэлэхгүй бизээ.

    Мэдээж хэрэг, Алтан ордны хааны татвараас гадна Оросын вангууд өөрийнхөө татварыг нэмж авдаг байсан нь тодорхой. Иван Калита вангийн үеэс Алтан ордны хааны татварыг Оросын вангууд өөрсдөө татварлан авах болсон бөгөөд Москвагийн вант улс нэгтгэн монголчуудад тушаадаг болжээ. Энэ нь тариачнаас авах татварын хэмжээг ихээхэн нэмэгдүүлдэг байсан нь ойлгомжтой хэрэг бөгөөд татварын тодорхой хувийг зардал хэмээн авч үлддэг байжээ. Дааж давшгүй хүнд татварын хамаг хараал зүхэл нь Монголын хаанд хаяглагддаг байсан нь Оросын вангуудад таатай боломж ч байсан байж болох юм. Иймээс Оросын түүхэн сурвалжид гараад байдаг “татаарын татвар даагдашгүй хүнд” гэсэн үгс зөрүүг нь авч үлдээд байсан Оросын язгууртнууд, түүний дунд Москвагийн их вангийн “гавьяа” байсан юм биш биз гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Мөн хураасан татварын тодорхой хэсгийг татвар цуглуулсан Москвагийн вангууд авч үлддэг байсныг дурдсан. Ийм асуудал Невийн Александр вангийн дүү Андрей вантай холбогдон гарч байсан бөгөөд Неврюйн уулгалтаар төгсөж байсан билээ. Харин хожим Москвагийн вангууд их хааны татвараас “хумслан” үлдээдэг байснаар ихээхэн хөлжсөн аж. Ялангуяа, Монголын ноёрхлын жилүүдэд Москва хотын анхны чулуун хэрэм – “Цагаан чулуун хэрэм”-ийг Доны Дмитрий ван барьсаныг харахад эсвэл давхар татвар авч байсан, эсвэл Монголын татвараас үлэмжхэн хэсгийг нуун авч үлддэг байсан байж таарна.
    За ямар ч атугай татварын хувь хэмжээний маргаан Москвагийн их ван Дмитрий Иванович, Алтан Ордоны беклярбек Мамай хоёрын мөргөлдөөнд хүргэжээ.

    Куликовын тулалдаан

    1380 оны 8 дугаар сард Мамай ноён Москваг дайлаар мордсон мэдээ авсан Дмитрий ван цэргээ яаралтай цуглуулав. Гэгээн Сергий Радонежскийн гаргасан уриалгаар Оросын бусад вант улсуудаас ч цэрэг эрс ирсэн бөгөөд Москвагаас гадна, Брянск, Смоленск, Друцк, Дорогобуж, Новосиль, Тарус, Оболенск, Стародуб, Трубчевск, тэр ч атугай Тверь, Новгород, Литовын вант улсын харьяа газруудаас ч цэрэг ирсэн гэх мэдээ байна.
    Оросын эртний сурвалжууд цэргийн тоог Оросын талд 300 мянга, Мамайн талд 500 мянга хүртэл байсан гэж мэдээлсэн нь тэр үеийн судар бичгийн уламжлалаар ихээхэн дэвэргэн өсгөсөн хэрэг байлаа. 8 дугаар сарын 15-нд Коломна хотод цугласан Оросын цэрэг 9 дүгээр сарын 7-нд Дон мөрний салаа Непрядва голын эрэгт ирсэн гэж мэдээлснийг үзэхэд цэрэг дан морин цэрэг байсан нь тодорхой байна. Оросын цэрэг Коломноос хөдлөхдөө эхлээд Тула хотыг чиглэн баруун зүгт гарсан нь Москвад байсан Литовын туршуулуудад нэгдсэн цэргийн хүч Литовыг чиглэн явсан гэх ойлголтыг төрүүлж, Мамайтай нийлэхээр хөдөлж явсан Литовын их ван Ягайлогийн болгоомжлолыг төрүүлээд авчээ. Болгоомжилсон Ягайло цэргээ ихээхэн хянуур удаан давшуулснаар тогтсон хугацаанаасаа хоцорч, Мамайтай нийлж чадаагүй байна.

    Оросын эрдэмтдийн олж тогтоосон Куликовын талд олдсон олдворуудаас харахад тэнд явган цэргийн тулалдаан бус, морин цэргийн тулалдаан болсон нь тодорхой ажээ. Одоогоор олдоод байгаа Куликовын тал гэгч нь өргөнөөрөө 800 м, уртаашаа 3 км урт талбай байгааг харахад олон арван мянган цэрэг багтахаар ч газар биш юм. Тэгэхээр энэ талыг олж тогтоосон эрдэмтэн О. Двуреченскийн тооцоолсноор Куликовын талд Дмитрий вангийн талаас 8000 цэрэг, Мамайн талаас 7000 цэрэг оролцсон гэх таамаглал хамгийн бодит болов уу.

    Мамай ноёны талд Орос цэрэг оролцсон байх магадлал өндөр бөгөөд Рязаний Олег ван Мамайн холбоотон байсан тул Рязаны хороодоос монголчуудын талд байлдсан байх магадлал өндөр юм. Сударт гараад байгаа Брянск гэх мэт Литовын их вангийн харьяа Оросын улсуудын цэрэг ч Доны Дмитрийн талд гэхээсээ Мамайн талд байх магадлалтай харагдана. Хожим яагаад ч юм Куликовын талд үрэгдсэн гэж тоологдсон Рязаны 70 ноён гэж сударт тэмдэглэгдсэн нь магадгүй, эсрэг талд байлдаад, хожим оросууд учраас Оросын хохиролд тооцогдчихсон ч байж мэдэх юм.

    Харин Дмитрий вангийн талд байлдсан Монгол цэргийн талаар Оросын судрууд огт дурдаагүй өнгөрчээ. Энэ нь “Задоншина”, “Сказание о Мамаевом побоище” зэрэг гол судрууд тулалдаанаас хойш 200 гаруй жилийн дараа бичигдэхдээ Оросын талд байлдсан монгол цэргийн тухай мэдээллийг хасчихсан байх магадлалтай, мөн монгол ноёд Оросын вангийн албанд зүтгэхээр очихдоо үнэн алдартны шашинд орж, орос нэр авдаг байсан тул монгол нэрээрээ тэмдэглэгдээгүй өнгөрчээ гэсэн үг юм.
    Гэтэл 1857 онд Долгорукий вангийн туурвисан Оросын язгууртнуудын удам судрын тухай номны Арсеньевын удмынхны тухай хэсэгт Доны Дмитрий ванд алба хааж байсан Арслан буюу Ослан Мурза Челибей нь өөрийн тугийн 300 цэрэгтэй дагаар орсон хэмээн тэмдэглэсэн бөгөөд Арслан ноёнг үнэн алдартны шашинд оруулахдаа Прокопий хэмээн нэрлэж, түүний хүү Арсенийгээс Арсеньевын удам үүссэн гэжээ.[1]

    Дмитрий ван Арслан ноёнг өөрийн дотны итгэлт нөхөр буурч (стольник) Зотик Житовын охин Мариятай гэрлүүлэн, Кременск хотыг эдлэн газар болгон шагнасан байна. Арслан ноён 5 хөвүүнтэй байснаас Есүл нэртэй хүү Арсений Прокопьевичаас Арсеньевын удам, Кременец хочит Яков Прокопьевичаас Кременецкий, Жданов, Яковцевын удам, “Их амт – Ртище” хочит Лев Прокопьевичаас Ртищев, Комовын удам, Федор Прокопьевичаас Сомовын удам, отгон хүү Павел Прокопьевичаас Павловын удмынхан гаралтай ажээ. Хэдийгээр Долгоруков вангийн номонд Арслан ноёнг Куликовын тулалдааны дараа буюу 1389 онд Орост ирсэн гэж тэмдэглэсэн байх авч, 1792 онд Арслан ноёны отгон хүү Павелын удам Оросын төрийн зөвлөх В. А. Павловын мэдүүлснээр Арслан ноён бүр 1365 онд Дмитрий ванд хүчин зүтгэхээр ирсэн гэсэн[2] байх ажээ. Хэрэв Арслан ноён 1365 онд дагаар орсон бол Мамайн довтолгооны тухай туужид нэр дурдагдсан өөр нэг монгол-татар ноён бол Костромын ноён Федор Сабур юм. Куликовын тулааны дараа алга болсон Доны Дмитрий ванг шархдсан байдалтай хус модны ёроолд хэвтэж байхад нь Костромын ноён Федор Сабур, Григорий Холопищев нар олсон хэмээн уг туужид дурджээ. Федор Сабур нь 1330 онд үнэн алдартны шашинд орж, Захарий нэр авсан Чета ноёны удам гэх бөгөөд “Чета ноёны тууж” гэх XVI зууны үеийн сударт тодорхой дурдагджээ. Сударт дурдагдсанаар Их ордоос ирсэн Чета ноёны хүү Александр, түүний хүү Дмитрий Зерно, түүний хүү Иван Зерно, Иваны хөвүүд Федор Сабур, Данило Подольский, Иван Годун“[1] хэмээсэн байна. Энд нэр дурдагдаж буй Иван Годуны удам Борис Годунов 1598-1605 он хүртэл, түүний хүү Федор Годунов 1605 онд 2 сар Оросын эзэн хаан байсныг уншигчид санаж буй буйзаа.
    Хороо захирч байсан өөр нэгэн ноён бол Коломнын цэргийн хорооны бүрэлдэхүүнд өөрийн цэрэгтэй байлдаж явсан Андрей Серкизов ноён юм. Харуулын хороог захирч байсан Андрей Серкизов тулалдаан эхлэх үед тэргүүн хороог дайран харвах монгол харваачдаас хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан тухай зарим эх сурвалжид тодорхой бичжээ.

    Андрей Серкизов бол 1371 онд Алтан Ордноос Доны Дмитрийд алба хаахаар ирсэн Серкиз ханы хүү тухай Оросын язгууртнуудын удмын бичигт бичигджээ. Андрей Серкизовын гавьяаг үнэлэн Москва орчны нэгэн тосгоныг Дмитрий ван Серкизово гэж нэрлэхийг зарлигдсан нь одоогийн Москвагийн Черкизовын дүүрэг болон үлдсэн байна. Орост сурч байсан Монголчууд түм түжигнэж, бум бужигнасан Черкизовын барааны захыг сайн мэдэх боловч монгол удмын ноёны нэр гэж таамаглаагүй байх л даа. Түүнээс гадна Доны Дмитрий ванг ялна хэмээн зүүдэлсэн харуулын цэрэг Фома Кацибейг бас туужид дурдсан байх бөгөөд Хажибей гэсэн нэрнээс гаралтай татар хүн нь харагдана. Туужийг унших ахул энэ нөхөр харуулын ээлжин дээрээ унтсан хэргээ замруулах гэж зөн билигт зүүд зүүдэлсэн мэтээр ярьсан бололтой, уг зүүд нь их ванд таалагдсанаас болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байх магадлалтай ажээ. Тэр ч атугай Кацибейн ярьсан зүүд Новгородын анхны цаглабарт бичигдэн үлдсэн 1240 онд болсон Невийн тулалдааны өмнөхөн Невийн Александр вангийн зүүдэлсэн зүүдтэй үг үсэггүй таарч байгаа нь мөн гайхалтай. Магадгүй Кацибейн зүүдний энэ хэсгийг Новгородын судраас хуулбарласан ч байж болох. Ямар ч атугай энэ сэдвийг түүхчид сонирхон цаашид судлах аваас Мелик, Арслан, Сабур, Серкиз нараас өөр монгол-татар ноёдыг олж тогтоож болох биз ээ. Ямар ч байсан Дмитрий вангийн талд тулалдсан Монгол цэргийн хороод байсан нь эдгээр баримтаас харагдаж буй бөгөөд тэд харин Тохтамыш хаанаас явуулсан цэргүүд биш бололтой.

    Тулалдаанд нас барагсдын жагсаалтыг авч үзэхдээ 1400-аад оны үед бичигдсэн анхны жагсаалтаар үзэх нь зөв бөгөөд XVI, XVII зуунд өвөг дээдсээ Куликовын тулалдааны оролцогч болгон бүртгүүлж, язгууртны ангилалд зиндаагаа дээшлүүлдэг явдал гарсан тул хүн бүр удам судраа энэ жагсаалтанд багтаахыг оролдсоор алагдагсдын нэр утгаа алдатлаа өргөжжээ. Одоогийн байдлаар алагдсан гэж бичигдсэн бояруудын нэрс 500 гарсан агаад Мамайн холбоотон Рязаны, Литовын харьяаны Брянск, Дорогобужийн боярууд хүртэл орчихсон аж.
    Энд тулалдааны явцын элдэв сониныг дэлгэрүүлэн бичих бодол агуулсангүй. Гагцхүү Оросын ихэнх түүхчдийн бичээд байгаа шиг Алтан Ордныг дарж, Монголын дарлалаас гарсан хэрэг бус, улсын дотоодын засгийн эрхийн төлөөх тэмцэлд идэвхийлэн оролцсон, яг тулалдаан болох үед баруун хязгаарын “босуул, хулгай” болсон Мамай ноёныг дарсан хэрэг байсныг л харуулахыг чармайв. Алтан Ордны улсын түүхийн нүдээр харвал Куликовын талд засгийн эрхэнд санаархсан, даварсан ноён Мамайг хараат улсын ван Дмитрий даран сөнөөсөн явдал болсон бол Оросын түүхийн нүдээр харвал Оросууд анх удаа монголын их цэргийг томоохон тулалдаанд амжилттай бутцохиж, Оросын вант улсууд нэгдмэл байвал ялан дийлж болохыг ухаарсан явдал болсон гэж үнэлэх нь зүйтэй хэрэг буйзаа. Одоо цагийн бидэнд ойлгомжтой байх үүднээс хэлэхэд Куликовын тулалдаан нь 1941 оны Москвагийн дэргэдэх тулалдаантай зүйрлэж болох ялалт байсан бөгөөд Фашист Германыг даран сөнөөхөд дахиад цус урсгасан 4 жилийн дайн хийсэн бол Алтан Ордны дарлалаас гарахад дахиад 100 жил дутуу байлаа.

    Мамай ноёныг ялсаны дараа Дмитрий ван Алтан ордны хаан Тохтамышд элч зарж, эсэргүү хулгайг даран сөнөөснөө “илтгэсэн” байна. Ялагдан зугтсан Мамай ноёны цэргийг домогт Калка голын эрэгт Тохтамыш хааны цэрэг хүлээж байжээ. Мамай ноёны жанжнууд хууль ёсны хаан Тохтамышд байлдалгүй бууж өгөв. Мамай ноён цааш Хар тэнгисийн Италийн боомт Кафа руу дутаан одсон ч Генуячууд араас нь ирэх нэхлэгээс айж, түүнийг хотод оруулсангүй. Орон гэргүй болсон Мамай удалгүй Крымын Солхат хотын орчимд Тохтамыш хааны цэргүүдэд баривчлагдан цаазлагдсан бөгөөд цаазлахдаа түүнд тулгасан ялуудын дотор “уулын орд руу довтолсон” хэргийг ч дурдсан байх аж. “Орда Залесская” буюу “Уулын орд” хэмээн тэр цагт Москвагийн вант улсыг нэрлэж байсан бөгөөд Алтан Ордны харьяа улс гэж үзэж байсныг энэ баримт дахин гэрчлэх бөлгөө.

    Тохтамыш хаан Москваг эзлэн шатаасан нь Мамайн хүү Хияд овогт Мансур Куликовын тулалдааны дараа өөрийн цэрэгтэй Литовын их ванд дагаар орж, түүнд Витовт вангаас Глинск, Глинница, Полтав хотуудыг эзэмшилд нь өгчээ. Энд суурьшсан Мамайн удмынхан Глинский гэх овгийн нэр авсан аж. Хожим Литовын Вант улс, Польшийн вант улс хоёр нэгдэх үед Михаил Глинский ван үүнийг эсэргүүцэн бослого гаргаж, Оросын III Василий их ванд дагаар орсон байна. Глинскийн удмын язгууртан бүсгүй Еленатай Василий их ван гэрлэж, дундаас нь Иван нэртэй хөвүүн мэндэлсэн нь хожим Оросын анхны хаан болсон “Догшин” хочит IV Иван хаан билээ. 1501 онд Их Ордын хаан Шейх Ахмад Глинский ванд захидал бичихдээ: “Хияд удмын Мамай вангийн хөвүүд” гэж нэрлэснийг[1] харахад тэдний удам судрыг Алтан Ордонд сайн мэдэж байжээ.

    Тохтамыш хаан Дмитрий вангаас Мамайд төлөөгүй хоёр жилийн татвар буюу 8000 рублийг нэн даруй нэхэмжилсэн бөгөөд Дмитрий төлөхөөс цааргалжээ. Үүний хариуд 1382 онд Тохтамыш хаан Орост цэрэглэн орж ирж, Москваг эзлэн шатаав. Дмитрий ван энэ удаа сөрөн байлдалгүй, Москваг орхин, цэрэг цуглуулах нэрээр дутаан одсон бөгөөд Оросын судар бичигт дурдсанаар “оставиша город ибо законнаго царя бояхуся (хууль ёсны хаанаас эмээж, хотыг орхин одсон)” гэсэн байх ажээ. Нэгэнт хууль ёсны хаан ирсэн тул Оросын бусад вангууд түүнд цэрэг илгээсэнгүй.

    Энэ үед Новгородын голын дээрэмчид–ушкуйникууд Ижил мөрний хотуудыг дээрэмдсэн хэрэг гарсан тул Дмитрий ван Новгородыг дайлаар мордож, учирсан хохирол 8000 рублийг гаргуулан авч, энэ мөнгөөр Тохтамыш хааны татварын өрийг дарж цайруулсан байна. Өрөө цайруулсаны дараа тэрбээр хүү Василийгаа Тохтамыш хаанд илгээн байж, гэмээ цайруулан, хүүдээ Москвагийн их вангийн хэргэм залгамжлах зарлиг авчээ. Харин болж өнгөрсөн энэ түүх хожим Оросын түүхчдийн бичсэн ном, судруудад дөвийлгөгдөн, Мамай хаан Алтан Ордны цэргээр Оросыг дайлахыг завдсан, Доны Дмитрий ван Мамай хааныг дарж, Орос орныг Монголын дарлалаас чөлөөлөх замыг нээсэн гэсэн домог болон хувирчээ. Татварын маргаанаас эхэлсэн зөрчил ийнхүү түүхэнд үлдсэн том тулалдаан болон тэмдэглэгдэж, Монголын бас нэгэн “мушгигдсан түүх” болон үлдсэн ажгуу.

    Ё.Отгонбаяр

  • НУУЦЛАГ “ТӨМӨР ХҮН” ШУУГИУЛСАН ХЭВЭЭР

    2007 онд тус баримлын эзэмшигч өөд болоход “Төмөр хүн” дуудлага худалдаанд орж, 20 мянган ам.доллараар борлогджээ. Ингээд энэ баримал нийтэд ил болжээ. “Төмөр хүн” хэмээх уг баримал 10.6 кг жинтэй юм. Тухайн үед“Sheafer” судалгааны багийнхан тус баримлын тухай судалсан юм. Тэдний олж мэдсэнээр, “Нацистуудын үндэсний үзлийн тулгын гурван чулуу болох Аричуудын гарал үүслийг тогтоохоор 1938 онд Төвд рүү нацистуудын судалгааны баг явж байжээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Төвдөөс буддийн гэх баримал авчирсан юм. Энэ баримал 15 мянган жилийн өмнө дэлхий дээр унасан солироор сийлжээ”. Герман, Австрийн эрдэмтдийн үзэж буйгаар, уг баримлын “түүхий эд” болох солирыг ойролцоогоор 15 мянган жилийн өмнө одоогийн Орос болон Монгол Улсын хилийн зурваст унасан “Chinga” солир хэмээн үзэж байгаа юм. Үүнийг батлахын тулд химийн шинжилгээ явуулах болж, энэ баримлын одоогийн эзэмшигчээс зөвшөөрөл авсан байна. Баримлыг эзэмшиж буй хүн нэрээ нууцлахыг хүссэн тул түүнийг хэн болохыг шалгаах хүн алга. Тэгээд ч нууцлаг баримал л илүү чухал болохоор тэр байх. Энэхүү солирыг 1913 онд олдсон хэмээн албан ёсоор бүртгэжээ. Элмер Бачер энэ талаар ярихдаа, “Уг баримал 1000 жилийн настай. “Vaisravana” хэмээх буддын бурхныг дүрслэн үзүүлсэн ч байж болох юм” гэсэн байна. Нацистууд баримлын өмнө талд нар зөв эргэлттэй буюу эр хас тэмдгийг нэмж сийлсэн байж магадгүй юм. Хас тэмдэг үүссэн цагаасаа хойш олон улс, үндэстэн, үзэл суртлын билэгдлийг илэрхийлсээр ирсэн. Тиймдээ ч улс орон бүр энэ тэмдгийг өөрийнх гэж өмчлөх дуртай. Харин нацистууд цагаан, улаан тугаа нар буруу эргэлттэй буюу эм хасаар чимсэн нь бий. Үүгээрээ түрий барьж, “Төмөр хүн” баримлыг эзэмшихээр оролдож байсан аж. Тэгвэл “Associated Press”-д хэвлэгдсэн нийтлэлээс үзвэл “Судалгаандаа төөрөлдөөгүй эрдэмтэд уг баримлыг солиртой холбож үзэж байгаа бөгөөд шинжилгээ нь ер бусын байсан” гэнэ. Харин Калифорнийн их сургуулийн Дэвис дэх геологийн судлаач Чин Зу Юүин энэ баримлыг шинжилж үзээд, “Байгалийн бодисны шүүрлийн урвалын цул хэсэг шиг харагддаг” гэж тайлбарлажээ.

    Чин Зу Юүин: “Дэлхийн чулуулаг их хэмжээний никель агуулах боломжгүй байдаг. Химийн элементүүд худлаа хэлдэггүй. Энэ бол манай гаригийн чулуу биш”
    Солирын мэргэжилтэн, НьюМехикогийн их сургуулийн зөвлөх профессор Риан Жонес: “Энэ баримлыг “Chinga” хэмээх төмөр солироор бүтээсэн нь тодорхой болж байна. Харин буддын шүтээнийг дүрсэлсэн гэдэгт эргэлзэж байна. Би түүхч биш л дээ. Гэхдээ миний соёлын мэдрэмж надад “Төмөр хүн”-ийг будда шиг харагдахгүй байгааг хэлээд байгаа юм. Харин надад Чингис хааны дүр төрх харагдаад байгаа юм. Мэдээж, энэ нууцлаг бүтээл Чингис хааны амьдарч байсан үеэс эртнийх. Гэхдээ яг л сэлэм атгасан баатар шиг байгаа биз дээ. Би хэзээ ч будда бурхныг сэлэм, хутга атгасан байхыг хараагүй”.

  • БУРИАД МОНГОЛЫГ БУСНИУЛСАН ТҮҮХ…….

    Ингээд С.Баясгалан гуайн бичсэн тэмдэглэлээс та бүхэндээ сонирхуулж байна.
    Буриадыг бусниулсан түүх
    Эрт урьдын цагт Сибирь хэмээх Шивэртийн их хөвчийг өвөрлөн Ангар мөрний хөвөөнд тоонотоо босгосон Эхирид, Булгад хийгээд Сонгол, Сартуул, Хатгин, Амбаган, Атган, Хударь, Баргужин, Еншөөбүү овгийнхон нүүдэл суудал болон мал адуулж, ан гөрөө эрхэлж загас агнаж ур дархлах бөлгөө.
    Өргөн шанаа, жартгар нүд, лагс бие, оочин сахалтай зоримог эрчүүл нь харвах намнахдаа гаргууд, хөвчийн хүрэн баавгайтай мэс барин тулж, хур дэлт морины дэлэн дээгүүр ганаан шонхор мэт цойлон дүүлнэ. Охид нь гоо үзэсгэлэн төгөлдөр, бүжин наадах нь уян найлзуур адил агаад үйлэнд гаршиж ажилд борогшжээ.
    Тэд Хамаг Монголын Их Хаанд алба гувчуур төлж ангийн сор, булга, минж, үнэг шилүүс, хэрэм тэргүүтэн ангийн олзыг өргөн барих бөгөөд дайн тулааны цагт хуяг дуулга, юлд балт, хурамсаг саадаг агссан баатар хөвгүүдийг зар тараан хуралдуулж Хабул хааны аян дайны дөрөө чангална.
    Эзэн Чингисийн үед Өрлүүд, Мэргэд, Дайчууд, Урианхай, Онигууд, Хэрээд, Соёд хээрийн олон аймаг лугаа хүч хавсран эцсийн далайд тоосоо гөвөн тулгуур төрдөө зүтгэж бас Хишигтэн гэгдэж түмтийн ноён Баржгуудай баатрын хар сүлдэн дор уухайлан довтолсоор нэг л мэдэхнээ тэртээ тэнгэрийн хязгаарыг үзэж, Адриатикийн тэнгисээс морьдоо услан, түмэн газрын их цагаан хэрэмний хөх тоосгыг тас цавчин явжээ. Тиймээ! Энэ бол домог болон эдүгээг хүрсэн дивангарын түүх!…
    Гэтэл дөрвөн зууны тэртээ гал голомтоо хамгаалан овт Манжтай хатгалдан тулалдаж байсан Монгол ах дүү нараасаа хульжин өрх тусгаарлан Орост дагаар орсон хувь тавилан цаашид ямархан харгуйгаар сажлав.
    Түүхэн үнэний улбааг хайн сурлаваас эдүгээгийн “Буриад” хэмээгдэх Умарт Монголчууд XVII зууныг хүртэл Түшээт Хан, Сэцэн Ханд харъяалагдаж Хамаг Монголын бүрэлдхүүнд байтал өмнө этгээдээс Манж нар, хойт зүгээс Атаман Ермакийн бүлэг дээрэмчид түрэн орж, Байгал далайн эрэг ирмэгт тулжээ. Үржил шимтэй газар, загас жараахай, зүйл бүрийн жимс, ой хөвч, алт эрдэнэсээр баян онгон зэлүүд энэ нутгийн хязгаараар орос тосгон, Христийн модон сүм, загалмай хатгасан оршуулгын хайс ёрдойн бавгар сахалтай, хянган хамартай, цэнхэр, ногоон нүдтэй уригдаагүй гийчид өөрсдийгөө Шмейскууд / смесь-холимгууд/ хэмээн танилцуулсан юмсанжээ. Монголын хаадууд тэгэхэд умраас айсуй түрэмгийллийн аюулыг мэдрэх тэнхэл даанч байсангүй л дээ.
    Манжийн лууны архиралт, дотоодын хагарал самуун, зүүнгарын Ойрадуудын довтолгоонд байнга нэрвэгдэн, хагас дэлхийг мориныхоо ганзаганаас чирч агсан их гүрний төгсгөл нь нүүрлэж байсан цөвийн цаг юмсанж. Тэр үед “Буриад” хэмээх социалист “Бага ястны нэрэнцэр” чих дэлдээгүй байлаа. Нутгийн монголчууд тэндхийн ноёд, гулваа, тайш нарын болчимгүй түрэгдүү занг нь зэмлэн “Буруутууд” гэж нэрлэснээр одоогийн “Буриад” гэдэг нэр үүссэн гэсэн явган яриа бий л дээ. Их Оросын дээрэнгүй үзэлтэнгүүдэд амаа гогдуулсан зарим “Шинжээчид” үнэн түүхийг гуйвуулж “Буриад” гэдэг нь Оросын “Братские люди” /ах дүү хүмүүс/ дуудлаганаас үүссэн бөгөөд монголтой ямар ч хамаагүй Сибирийн олон овог омог Саха, Чукчи, Ненец, Эксимос хийгээд мөсөн далайн цаатангууд, агнуурын тэнгисийн загасчин, хөвч тайгын хэрэмчин, Амарын хязгаарын хамниганууд өөр хоорондоо холилдон сүлэлдэн тэдний дундаас Буриад гэдэг шинэ үндэстэн гарч ирсэн мэтээр бичсэн удаа ч бий.
    Чингэсийн байлдан дагуулалтад өртөн эзлэгдээд Монголын феодалуудын дарлал доромжлолыг амсаж байснаа их Оросын ард түмний ачаар эрх чөлөөгөө олон 1727 онд Хаант Орост “Сайн дураараа даган орсноор мөхлийн аюулаас ангижирсан” мэтээр түүхэн үнэнийг сөрөн өгүүлжээ.
    Ийнхүү хүчирхэг Чингэсийнхээ туг сүлднээс буруулж харь гүрний хаяа хатавч сахисан анчин, малчин нүүдэлчин овгийнхон Эрхүүгийн амбан захирагчийн барлаг болж “Байгалийн чанад дахь казакууд” гэдэг шинэ хаяг зүүж, Их Петрээс эхлээд Романы удмынхан, Александр, Николай, хаан Иосиф Сталины жадны үзүүрт туугдан Орос-Туркийн дайн, Шипкийн даваа, Орос-Японы дайн манжуурын толгод, Орос-Германы дайн, өгөр Европын хөрсөнд ясаа яйруулж Сибирийн ГУЛАГ, Бутырын гянданд тамын зовлонг амсчээ. Яагаад Умарт Монгол эх нутгаасаа өрх тусгаарлаж манай угийн бичигтт огт байдаггүй “Буриад” нэр зүүж харьд одох болов?
    Байгаль далай, Сибирийг булаан эзэлсэн товч түүхээс
    XVIII зууны Оросын улс төрийн зүтгэлтэн Фельдмаршал Головин гэгч өөрийн тэмдэглэлдээ “Далбаа хүлэглэж загас барьж үзээгүй харгис зэрлэг бүдүүлэг нүүдэлчин малчин монголчуудад цэнхэр нүдэн Байгаль нуур огт хэрэг болохгүй түүнийгээ манайд шилжүүлэн өгвөл зохино. Эс зөвшөөрвөөс бид гал мэсийн хүчээр дайран орж эзлэх ёстой. Хэрэв биднийг зөвшөөрч буулт хийвэл Манж нартай тулалдахад тусламж болгож 500 ширхэг цахиур буу 10 ширхэг тэсрэх бөмбөгөөр харвадаг гунан бууг бэлэглэхэд бэлэн байна” гэжээ. Энэ нь үнэн чанартаа хил залгаа хөрш рүүгээ хөлөө жийж нутгаа тэлэх “Геополитик”-ийн эхлэл байсан юм. Ийнхүү аажим аажмаар Оросын атаманы зэвсэглэсэн отрядууд Монголын хойт хязгаарт эрээ цээргүй цөмрөн орж орон нутгийн ноёдын зөрчлийг ашиглан бэлэг сэлт, мөнгө зоос, хэргэм зэрэг амлан нутгийн иргэдийг Христийн шашинд оруулан загалмай нүүлгэн үл дагагсдыг элдвээр хавчин хяхаж эхэлжээ.
    Улаан бүс мөрөвчилж, урт жадтай буу үүрсэн казак цэргүүд эртний нүүдэлчдийн нутгаар чөлөөтэй сэлгүүцэх болж, агт сайн морьдыг нь булааж бурхан шүтээнээр нь доог тохуу хийж алба гувчуураар боомилж эхлэв. 1651-53 онуудад Буриадыг дайлахаар очсон казак отрядын захирагч Залубин “Амар мөрний чанад дахь Брацкийн хязгаарт зорчсон нь” гэдэг номондоо “Их хааны зарлигаар Лена мөрөнг уруудан аялж малын арьс нөмөрсөн догшин нүүдэлчидтэй халз тулалдан тэднийг сөхрүүлэн авч оросын бууны амтыг үзүүлэв. Одоо тэнд манай цагаан туг мөнх намирах болно” гэсэн байна. Мөн атаман Похабаев гэгч “Манай эрэлхэг цэргүүд Брацкийн газраас 300 гаруй тун бүдүүлэг өрх айлыг тэдний төрөл садан болох “Мунгалын” /Монголын/ зүг нь хөөж явуулаад газар нутгийг нь Оросынх болголоо” гэжээ. Үнэн чанартаа тэд хойт монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч багагүй хохирол үзэж ухарч нэмэлт хүч дуудан ирүүлж хүн хүч хийгээд зэр зэвсгийн давуугаар “Ялалт” байгуулж байжээ. Энэ мэтчилэн орон нутгийн дайн дажинг намдуулахын тулд хүйс тэмтрэх, аймаглан устгах бодлогынхоо зэрэгцээ бүхий л үзэл бодлыг нь өөрчилж тархийг нь эргүүлэхийн тулд Христийн шашинг бололцоотой бүхий л сувгаар нэвтрүүлэхийг хичээх болов.
    Хамба лам Серафим гэгч Дотоод яамны шашны хэрэг эрхлэх департментад илгээсэн бичигтээ “Сүм хийдийн дэмжлэгтэйгээр Буриадуудыг оросчлох үйл явц нь уугуул нутгийн хүмүүсийн зүгээс ноцтой эсэргүүцэлтэй тулгарлаа. Тэд өөрсдийгөө Чингэсийн угсааны Монгол хүмүүс гэж үзэж биднийг зөвшөөрөн хүлээхгүй байна. Иймд Буриадуудыг Монгол биш гэдэг үзэл санаанд итгүүлэхийн тулд тэднийг нийтээр нь хоморголон “үнэн алдарт шашинд оруулах, хуучин Слав хэлээр зохиогдсон Библи, Евангелийг буриадаар орчуулах, хүүхэд залуучуудыг шашны бага сургуульд өргөнөөр татан сургах, Христ шүтэгчдийг албан татвараас чөлөөлөх, цаашид мал аж ахуй биш газар тариалан эрхлүүлж аж амьдралын хэвшлийг нь өөрчлөх хэрэгтэй” гэж сургамжилж байжээ.
    Гэвч Буриадын олон нийт хар элэгтний шашинд албадан оруулах Их гүрний бодлогод эсэргүүцэл үзүүлж байв. Нэрт эрдэмтэн Дорж Банзаров буддын шашин хийгээд бөө мөргөлийг сурталчилсан хэргээр мөрдөгдөн Эрхүүгийн цагдаагийн газрын ивээл дор байдаг “Хар зуутан” гэдэг алан хядах байгууллагынханд хорлогдсон юм. 1857 онд Эрхүү хотноо тайж Дамбаев өөрийн албаттайгаа үнэн алдарт шашинд орж загалмай зүүх ёслол үйлдэн цагаан хаан Александр, хатан хаан Мария Александровна нараас алтан товчтой булган дээл, охидууддаа бадмаараг шигтгээ бүхий ээмэг, бөгж болон Владимирийн 4-р зэргийн очир алмас одонгоор шагнагдаж байжээ.
    Христийн шашинд орсон Буриадыг Тибельтинск, Елевск, Тугуран, Гужир зэрэг тосгодод хуваарилан суулгаж тэндхийн сүм хийдүүдэд хуваарилжээ. Тэднийг гурван жилийн хугацаагаар албан татвараас чөлөөлж цалин пүнлүү, одон медаль, ноёд язгууртны үр хүүхдүүдэд цэргийн дунд тушаалын дарга, офицер цол хэргэм эдлүүлсэн байна. Мөн энд нэгэн жишээ дурдахад Христэд шүтлэгтэй болсон хүмүүсийг мөнгөн шагналаар хөхүүлэн урамшуулж хүүхэд бүрт нь 20 копейк, томчуудад 1-5 рубль, охидуудад гоёлын алчуур, олон хүүхэдтэй айл бүрт 30 хүртэлх рублийн тэтгэлэг өгч байв. Мөргөлийн үеэр үнэ төлбөргүй бурхны ном, чихэр боов тарааж, үнэгүй үдийн хоолоор хүртэл үйлчилдэг “Буяны” журам тогтоосон юмсанж.
    1909 онд Хаант Оросын сайд нарын зөвлөлийн дарга П.А.Столыпин Эрхүүгийн тэргүүн амбан Лукъяновт явуулсан захирамжиндаа Буриадуудыг Христос шашинд оруулах үйл явц даанч удааширч байгааг зэмлэн түргэвчлэхийг шаарджээ /тэр үед Оросын эзэнд улсын бага буурай үндэстнүүдийн 57% нь өөр шашин шүтдэг байсан юм/.
    Бүдүүлэг Буриадуудыг оросчлохын тулд дан ганц шашин хүчин мөхөсдөх бөгөөд юуны өмнө тэднийг бие мах бодийнх нь хувьд буриад биш болгох, эрлийзжүүлэх, өөр бага ястангуудтай холих, Сибирьт цөлөгдсөн хоригдлуудыг хугацаа дуусмагц Буриадад шилжүүлэн суулгах, буриад бүсгүйчүүлтэй гэрлүүлэх эсвэл тэднийг зүүн Сибирийн хөвч тайгаар тархаан нутаглуулах зэрэг санал дэвшүүлсэн байна. Эдгээр иж бүрэн арга хэмжээний үр дүнд 1911 он гэхэд Христосын шашинд орж загалмай зүүсэн буриадуудын тоо 10000 хол давжээ.
    Зөвлөлт засгийн жилүүдэд өнгөө хувиргасан ч мөн чанар нь өөрчлөгдсөнгүй оросжуулах, уусгах, хэлмэгдүүлэх үйл явц үргэлжилсээр байв. “Хаант засгийн үед дарлагдаж байсан бага буурай үндэстэн ястан хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэх, салан тусгаарлах эрхийн” тухай Лениний тунхаг гарч Польш, Финлянд бие даасан улс болж байхад, буриадуудад тэр нь өчүүхэн ч хүртээлгүй үлдэв. 1921 оны хавар 110 мянган хүн амтай Ага, Баргуужин, Читын гурван аймагтайгаар Алс дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Буриад Монгол өөртөө засах /автономит/ мужийг байгуулжээ.
    Мөн оны 10-р сард ЗСБНОУ-ын бүрэлдэхүүнд Түхэн, Бухар, Алайр, Эхирид, Булгад, Сэлэнгэ аймгийг 185 мянган хүн амын бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь Буриадын автономит мужийг тусад нь бий болголоо. Ингэж Зөвлөлт Орос Улсын газрын зурагт хоёр буриадын муж зэрэгцэн төрсөн түүхтэй. 1932 онд АДБНУ-ыг татан буулгаж буриадын хоёр мужийг нэгтгэж “Автономит Зөвлөлт Социалист Буриад-Монгол Улс” гэж нэрлэн Түхэн, Бухар, Алайр, Эхирид, Булгад, Хорь, Тройцкосавск, Баргужин аймгийг харъяалуулан ЗСБНОУ-ын засаг захиргааны нэгж болгосон юмсанжээ. Алив эд барааг хайчилж, эмжиж зүйгээд өмсгөл зүүлт хийх нэг хэрэг. Харин нэгэн бүхэл бүтэн ард түмний хувь заяаг шийдэхэд хүн амаас нь гадна үндэсний соёл, хэл, ёс заншил, шашин шүтлэгийг нь яах вэ?
    1923 оны 9-р сарын 23-нд бүх Зөвлөлтийн гүйцэтгэх Төв хорооноос баталсан заавар ёсоор зөвхөн Буриадын аглаг хошуу сумдад буриад-монгол хэлээр, муж хийгээд Бүгд Найрамдах Улсын төвшинд гагцхүү орос хэлээр албан хэргээ хөтлөх тусгай заалт оруулсан байв. 1926 онд Буриад-Монгол болон БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд хамтарч хэл бичгийн дүрэм, нэр томъёог боловсруулах комисс байгуулагдсан боловч төд удалгүй панмонголизмын нармай Монголын үнэр ханхалжбайна хэмээн тараав.
    Аймшигт 1937 оны 9-р сарын 26-нд Гүйцэтгэх Төв Хорооны шийдвэрээр буриадын газар нутгийн тал хувь нь болох Ага, Улаан, Онон аймгийг Чит мужид шилжүүлэн өгч, Агын Буриадын үндэсний тойрог гэгчийг Эрхүү мужид, Алайр, Бухан, Эрхид-Булгад, Ольханы аймгийг Усть-Ордын үндэсний тойрогт харъяалуулахыг заагаад уг тогтоолыг ЗСБНОУ-ын ГТХ-ны дарга М.Калинин, нарийн бичгийн дарга А.Горькин нар мутарласан байна. Энд нэгэн зүйлийг тодруулан дурьдахад Байгалийн чанад дахь Буриад-Монголын Автономит Улстай холбон өгч байсан Ольхан аймгийг Эрхүү мужид өгснөөр цөөн буриадуудын нэгэн бүлд аж төрөх хүйн холбоог хүртэл тасалж, засаг захиргааны аргаар аймаглан үгүй хийх интернациональч бодлого хэрэгжиж эхэлсэн аж.
    Ингэж л Монголын мах цусны тасархай “Буриадуудыг буруутгасан түүх” 350 гаруй жил үргэлжиллээ.https://www.facebook.com/groups/805758390282778/?ref=shareМонгол Улсын СГЗ Содовын Баясгалан багш