Category: Монгол үндэсний түүх

  • Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.

     

    Буган хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүйвэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч тохиолдоно.

     

    Буган чулуун хөшөө тархсан бүс нутгийн хойд зах нь Байгал нуур, өмнөд зах нь Монголын их элсэн говийн ар хэсэг, зүүн зах нь Хэнтий аймаг, баруун зах нь Эльба мөрөн хүрэх бөгөөд тархалтын төв, гарал үүслийн цөм нь мөн болохын хувьд нийт бүртгэгдсэн хөшөөний 90 гаруй хувь буюу 1200 орчим нь өнөөгийн Монгол улсын нутагт байна.

    Судлаачид буган хөшөөн дээрх дүрслэлийн онцлог, тархсан газар нутгийн хүрээнд нь тулгуурлан хийсэн дараах гурван ангиллыг баримталж байна. Үүнд:

    Монгол, Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөө,

    Саян-Алтайн хэлбэр буюу буга болон бусад амьдтын бодит дүрст хөшөө,

    Евразийн хэлбэр буюу амьтны дүрслэлгүй хөшөө.

    Буган хөшөө голдуу 1-4 м гаруй өндөр, 20-50 см зузаан, 30-100 см өргөн хэмжээтэй байх бөгөөд түүнийг үйлдэхдээ цоолбор, сийлбэр, уран баримлын аргуудыг хэрэглэсэн байдаг.

    Буган хөшөөг хэд хэдээр нэг дор босгож, тэднийг тойруулан хэдэн арваас хэдэн зуу хүртэлх тахилгын байгууламж, том дугуй далантай хиргисүүр, булш, дөрвөлжин булш зэргийг байгуулж, бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтоо.

    Буган хөшөөг судлаж эхлэснээс хойш өнөөг хүрэх хугацаанд олсон амжилт багагүй бөгөөд эдгээрийн нэг нь ерөнхийдөө үгүй болсон баа­тар­лаг өвөг дээдэст зориулагдсан тахил тайлгын зориулалттай хүн хөшөө болохыг тод­руулсан явдал юм. Өөрөөр хэлбэл хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог, аймгийн толгойлогч-язгууртан хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө болох нь тодорхой бөгөөд түүнд дүрслэгдсэн дүрслэл, тахилгын байгууламжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд бөө мөргөлийн үзэл санаа гүн шингээстэй байдаг.

    Өнөөгийн байдлаар буган хөшөөний тахилгын байгууламжид хийсэн радиокарбоны он цагууд үндсэндээ хиргисүүртэй адил буюу НТӨ XIV-VIII зуунд хамаарч байна.

  • ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ЖИНХЭНЭ ЗУРАГ (ПАТИАР)

    Гэрэл зургийн аппарат 1820-иод онд үүссэн гэж үзвэл 15 жилийн дараа мэргэжлийн аялагч судлагчдын хэрэглээд аль хэдийнэ нэвтэрсэн байж таарна. Нутгийн хүмүүсээр газарчлуулж, морь, тэмээ хөлөглөн, үлэмжхэн ачаа хөсөгтэй явдаг байсан гадныхан зураг угаах төхөөрөмжөө хүртэл авч явдаг байсан юм болов уу. Ардын уран зохиолч Б.Догмид гуай энэ зургийг хутагтын бодит гэрэл зураг мөн гэдгийг хуучцуулын яриагаар баталж өгсөн юм. Зураач У.Чимэддорж гэж Догмид гуайн ах найз байж. Одоо байсан бол 100 шахсан буурал байх байж. Аймгийн төлөөлөгчөөр Хутаг уулын хошуунд явж байгаад оройхон нэг айлд ортол настай хөгшин бурхандаа мөргөж байжээ. Гэрийн баруун талд суунгаа бурханыг нь харвал нэг лам хүний гэрэл зураг байв. Эмгэн мөргөж дуусаад авдар дээрх хүрдийг эргүүлэн залбираад гийчдэд цай идээ тавьж өгчээ. Чимэддорж гуай жавдан дээр суусан номын хувцастай хуврагийн зургийг хараад “Эмээ, энэ ямар нэртэй бурхан бэ?” гэж асуувал “Говийн ноён хутагтын патиар” гэж. “Үнэн үү? Ноён хутагтынх гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм бэ?” гэвэл “Мэдэлгүй яахав. Өвөг маань адис жанлавыг нь хүртэж байсан хутагтыг сайн мэдэх хүн. Манай өвөг дээдсийн гурван үеийн шүтээн” гэж итгэлтэй хариулжээ. Чимиддорж гуай хуулбарлахаар авсан уг зургийг халамцуудаа хаячихаж гэж их халаглаж байсан гэдэг. Гэтэл хаа хойно түүний шавь, зураач Халтарын эхнэр Цэрмаа нөхрийнхөө номын завсраас олж бөөн хөөр баяр болжээ. Үнэндээ Чимэддорж гуай хаяж үрэгдүүлээгүй, харин Халтарт “Би хаячихаж магадгүй, чи хямгадаж бай” гээд өгснөө өөрөө мартсан байж.

    Эрт цагт вспышка буюу гэрэл цацруулагч гэж байгаагүй болохоор сүмийн үүдэнд хутагтыг залаад нарны өөдөөс харуулж суулгаад өмнө номын ширээг нь тавьж авсан бололтой. 1830-аад оны үед Саран хөхөөг үзэж байсан хүүхэд багачуул, 1900-гаад оны үеийн настнууд уг зургийг хараад ноён хутагтын патиар мөн болохыг хөгшинд хэлж байсан удаа ч бий гэдэг.
    Via:Gun-Uils Dugarsuren

     

  • ДОГОЛОН ДАРЬ ЭХ БУЮУ НЯЛХАСЫН ДУХАНД ХӨӨ ТҮРХДЭГИЙН УЧИР

    Айлын эр эхнэртээ уурлаж,

    – Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж,
    – Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал, хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчихээд нөхөртөө уурлаж, хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав.
    Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав. Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,
    – Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр,
    – Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.

     

  • НОЁН УУЛЫН ХҮННҮ ШИРДЭГ

    XX зууны эхээр Монголд өрнөсөн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үр дүнд шинжлэх ухааны тодорхой салбарууд хөгжих түүхэн үндэс тавигдсан билээ. 1924-1925 онд Оросын ШУА-иас томилогдсон П.К.Козловын удирдсан “Монгол-Түвэдийн хээрийн шинжилгээний анги” өнөөгийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараагийн Ноён ууланд анх археологийн малтлага хийж, олон тооны ховор сонирхолтой олдворууд илрүүлэн олон улсын хэмжээнд Хүннү судлалыг шинэ түвшинд гаргасан юм. Дээрх малтлагын явцад Ноён уулын язгууртны 6 дугаар булшнаас хамгийн баялаг олдвор хэрэглэгдэхүүн олж илрүүлсний дотор олон тооны хивсний хатгамал наалтын тасархай байжээ. Энэ ташрамд дурдахад өдгөө Монголын үндэсний музейд хадгалагдаж буй Хүннү ширдэгний тасархай хэсэг бол Эрмитажид хадгалагдаж буй МР-1956 дугаартай ширмэл ширдэгний нэг хэсэг бөгөөд 1927 онд монголд зарим олдворыг буцаахдаа ширдгийг хоёр хуваажээ
    Дээр дурдсан олон тооны ширдэгний дотор харьцангуй бүтэн хадгалагдаж үлдсэн нэг ширдэг өдгөө ОХУ-ын Эрмитаж музейн сан хөмрөгт MР 2300 бүртгэлийн дугаартай хадгалагдаж байна. Уг ширдэг нь бунхны дотор тасалгааны шалан дээр, дотор тасалгааны баруун этгээдэд, үндсэн хэсэг нь баруун хонгилоос тус тус илэрсэн байна.
    Хүннүгийн эзэнт гүрний түүх соёлын хамгийн алдартай урлагийн бүтээл болох уг эсгий ширдэг, түүн дээр дүрслэгдсэн хээ чимэг, амьтдын дүрслэл бүр гүн гүнзгий утга санааг илэрхийлжээ. Юуны түрүүнд ширдэгний гол хэсэгт буй гурван эгнээ хорин дөрвөн ширхэг ороомог (түмэн насан) хээний тоон болон дүрсийн бэлгэдэл миний анхаарлыг ихээхэн татсан билээ. Тиймээс локиг сэргээлт, түүхэн баримтад үндэслэн Хүннүгийн газар нутаг, засаг захиргааны хуваарь буюу гурван этгээд, хорин дөрвөн аймгийн нэгдлийг харуулсан төдийгүй хоорондоо бат бэх, өнө мөнхөд холбоотой байхыг илтгэжээ хэмээн үзсэн. Түүний гадуур тойрон хөвөөлсөн тоонолжин, дөрвөлжин, чагт тээг маягийн дүрсний давтамжууд нь алхан хээний эртний хэлбэр бөгөөд Хүннүгийн газар нутаг, хил хязгаарт хэн ч нэвтэршгүй бат бэх, хамгаалагдаж байхын бэлгэдлийг агуулжээ. Энэхүү хүрээ алхан хээ болон гадна эмжээрийн хоорондох зайд урласан тэмцэлдэж буй амьтдын дүрслэлүүд нь Хүннүчүүд, тэдний хүн ам, газар нутгийг хамгаалагч шүтлэгийн бодит болон домгийн амьтад, дайсагнагч этгээдийн шүтлэгийн амьтдыг ялан дийлж буй төсөөллийг бүрдүүлж байгаа тухай энэхүү өгүүлэлд бичсэн болно. Өгүүллийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл доорх линкээр орж үзнэ үү!

     

  • Дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон

    Цагийн эрхээр Монголийн эзэнт гүрэн задран, улмаар хэд хэдэн хэсэгт хуваагдаж, монголчуудийн хүч нь сарниад байсан XVII зуунаас Зүрчид угсааны Манж чин улс түрэмгийлэн, тэднийг цувуулан цохиж эрхшээлдээ оруулжээ. Монголчууд тийнхуүү манжийн түрэмгийллийн хүнд хэцүү үеийг туулж, 1911 онд харийн ноёрхлийг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ. Монголчууд төр улсаа тийнхүү сэргээн тогтооход тэдний урьдын улс төр, оюун санааны тусгаар тогтнолын уламжлал нь үзэл санааны эх сурвалж, өдөөгч хүчин болж өгсөн нь мэдээж юм.
    XX зууны хориод оны эхээс Монгол улс социализмаар замнан байснаа, 1990 оноос ардчилал, зах зээлийн харилцааны замыг сонгон авснаар дэлхий нийтийн хөгжлийн ерөнхий чиг хандлагатай хөл нийлүүлэх болов.
    Монгол улс түүхэн хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг тийнхүү эхэлж байна.

    Дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон
    Монгол нутагт мезолитын үед малыг гаршуулж эхэлсэн ба дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон байжээ.
    Таван мянга орчим жилийн тэртээгээс монголын оршин суугчид хүртэл зэвсгийг үйлдвэрлэж эхэлсний баримт манай хангай, говь, тал хээрийн бүв нутгаас олдсон билээ.
    Монгол нутагт хүрэл зэвсгийн уед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган хөшөө 550 гаруйг бүтээж өөрийн нутагтаа босгосон бөгөөд улмаар тэрхүү дурсгал манай хөрш өвөр байгаль, Тува, Алтайд нилээн дэлгэрч баруун тийш Казакстан , дундад ази, Умарт кавказаар дамжин зүүн европ хүртэл тархсан байна6
    МЭӨ 3-р зуунд Төв азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогносон бөгөөд түүний дараа Төв Азийн улс төрийн тавцан дээр ноёрхлоо тогтоосон Сяньби, жужан зэрэг монгол угсаатан улсуудын төр улсын эхлэл үндэс суурь нь болж өгсөн юм.
    VI зууны дунд үеээс IX зууний сүүл хүртэл Төв Азийн улс төрийн тавцанд Түрэг, Уйгур, Киргиз зэрэг түрэг угсааны овог аймгууд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд тэдний дотроос Уйгужууд өөрийн нийслэл Хар балгасыг Орхон голын хөндийд , Сэлэнгэ мөрний савд Бийбулаг зэрэг тухайн үедээ томоохон хотуудыг байгуулж байжээ. Уйгурууд хот байгуулж, гар урлал, худалдаа, газар тариаланг далайцтай хөгжүүлж, бичиг соёлсн боловсролыг эрхэмлэн байжээ.
    X зууны эхэнд Хятан нар Төв азид өөрийн хүчирхэг төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтнож байсан юм. Хятан гүрний хүн ам, эдийн засгийн байдал соёлын хөгжлөөр харилцан адилгүй нүүдэлчин, суурьшмал хоёр янзын амьдралтай байжээ. Хятан нар, Хэрлэн Барс хот Баруун-Зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм, чинтолгойн балгас, Шаазан хот, Талын улаан балгас, Хар бухын балгас зэрэг олон хот сууринг Монгол нутагт байгуулж, мал аж ахуй, газар тариалан аль алинийг нь эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байжээ.
    Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ.
    1960-1966 онд А.П.Окладников, Д.Дорж нарын зэрэг монгол зөвлөлтийн археологичдын бүрэлдэхүүнтэй монголын чулуун зэвсгийг судлах анги манай улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулж, хуучин чулуун зэвсгийн дунд, дээд үе, шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгал олон газраас олж илрүүлсэн юм.
    Оцон мааньтын чулуун зэвсгүүд нь дунд палеолитийн үед холбогдох бөгөөд европ, өвөр ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байв. Үүний зэрэгцээ 1960, 1961, 1964 онуудад өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйн нутаг Орхон голын хойд дэнжид буй Мойлтын амны 4 соёлт давхрага бүхий палеолитийн үеийн сууринг малтан шинжилснээр Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болох нь тодорхой болсон юм.
    Монголын чулуун зэвсгийн талаар гүйтцэтгэсэн томоохон ажлын нэг нь 1969 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг ярх уулын дэргэдээс доод палеолитийн үед холбогдох гилбэр зэвсгийн соёлын дурсгал бүхий дархны газар нээсэн явдал билээ.
    ярх уулын дархны газар нь Төв, Дундад Азийн чулуун зэвсгийн түүхэнд томохон байр суурь эзлэх дурсгал бөгөөд Монгол нутагт хүн анх нутаглах болсон хийгээд тус тусын палеолитын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад онол практикийн чухал ач холбогдолтой.
    1990-1994 онд Монгол-японы хамтарсан ‘’Гурван гол’’ төсөл ба 1992-1993 онд Монгол Солонгосын ,, Дорнод-Монгол” төслүүдийн хүрээнд археологийн хайгуул хийх явцад Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас нэлээд тооны чулуун зэвсэг түүвэрлэсэн юм.
    1995-2000 онд А.П.Деревянко, Д.Цэвээндopж, Ж.Олсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги Баянхонгор аймгийн Цагаан агуй, чихэн агуйд палеолит, мезолитын соёлт давхрага бүхий суурингуудыг малтан судлахын хамт тэдгээрийн он цагийн хамаарлыг геологи, полеоботаник, радиокарбоны аргаар тогтоох ажлыг ОХУ, АНУ-ын лабораториудад гүйцэтгэж буй нь Монголын чулуун зэвсгийн судалгаанд нэвтэрч буй шинэ зүйл болно.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • Д.ТӨМӨРТОГТОХ: “МЯНХАЙ ЧИНЬ Л ЧАМАЙГ АВЧ ЯВНА ШҮҮ. ОЛОН КИНОНД БИТГИЙ ТОГЛООРОЙ” ГЭЖ БАЛЖАА НАЙРУУЛАГЧ ЗАХИЖ БАЙЖ БИЛЭЭ

    -Та Өвөрхангай аймгийн Төгрөг сумын хүн. Тэгсэн атлаа одоо Өвөрхангайнхаа Баянгол суманд суурьшчихсан, малын эмчээр ажиллаад явж байдаг. Хөдөөнөөс гарвалтай шигээ хөдөөдөө буцаад суурьшчихсан байх юм. Төгрөгөөс эхэлж Баянгол сум хүрсэн таны амьдралын түүхийг сонсоно гэж бодоход баялаг түүх байгаа болов уу гэж тааварлаж байна. Та хаана анх хүй цөглөв?
    -Би Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1958 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн. Миний төрсөн нутаг чинь Баян Зэгстэй гэдэг, нэрэндээ таарсан уушгинд уудаг рашаантай, ан амьтан олонтой, жонш элбэгтэй дэлгэр сайхан газар байдаг юм. Би эхээс төрсөнөөсөө гэвэл гурвуул, нэг өргөж авсан ахтай. Ингэхээр манайх дөрвүүл. Аав ээж хоёр хоёулаа малчин хүмүүс. Манайх нэгдлийн мал хариулдаг байлаа. Сүүлд аав маань бригадын дарга, тоо бүртгэгч, ээж маань эмнэлэгт нь асрагч хийж байсан.

    -Хүүхэд нас тань хэрхэн өнгөрөв, та ямархуу хүсэл мөрөөдөлтэй хүү байв?
    -Малдаа явахдаа байнга дуулж явдаг хүүхэд байсан. Тэр үед айлууд төмөр цагаан орны өмнүүр хөшиг татдаг байв даа. Хөшигний араас өөрөө өөрийгөө зарлана, гарч ирж дуулаад л. Гайгүй хөөрхөн дуулдаг байсан юм байлгүй, найр хуриманд дуудагдаж дуулж явлаа. Бас шинэ гэр барьж байгаа улс надаар тооно их бариулна. Яагаад тэгдгийг бүү мэд, нэрнээс минь болдог байсан юм байлгүй. Хүүхэд байхдаа 7-8 айлын тооно барьсан байдаг юм. Том хүний дэргэд түшээд л зогсоно шүү дээ. Арай том болсоор адуу малтай ноцолдоно. Тэмээ их ноослоно. Тэгж явсаар 1966 онд нэгдүгээр ангид орлоо. Тэр үед Төгрөг сумын сургууль дөрвөн жилтэй байсан юм. Дөрөв төгсөөд Гучин-Ус сум руу шилжиж, тэндээ долдугаар анги төгслөө. Долоо төгсөөд илгээлт аваад хөдөө мал маллах болов оо.
    -Долоо төгссөн хүүхэд хэр том болсон байгааж дээ, бас л сонин цаг хугацаа байж. Ингээд буцаад мал дээр гарчихав уу?
    –Тэгсэн. Илгээлт аваад иртэл манай аав бригадын дарга хийж байх үе таарсан. Надад 90 хонь хуваарилаад өгчихлөө. Ээжтэйгээ хоёул хонь маллав аа. Би жаахан сурлага муутай нөхөр байсан юм уу даа. Хаа очиж ном сайн уншина, уран зохиол, түүхийн номыг гаргаахгүй. Малд явахдаа ч уншина. Ингээд гурван жил хонь маллалаа, 700-800 болгож өсгөлөө. Зурагт элбэг биш цаг шүү дээ, радио их сонсоно. Радио сонсохоороо сургуульдаа явж байх минь яалаа гэж бодно. Төв сууринд амьдарч байгаа залуус их сайхан санагдана, гоё оюутан бүсгүйтэй танилцах юм сан гэж мөрөөднө. Ингэж хэсэг мал маллаад, тэндээсээ цэрэгт татагдсан даа.
    -Цэрэгт татагддаг чинь хэдэн он бэ?
    -1976 он.
    -Хаашаа татагдаж байв?
    -Улаанбаатар хотод Хязгаарын цэргийн 0119 гэж барилгын цэргийн анги байсан юм. Гурван жилийн алба хаасан. Тэр үедээ гайгүй гар хөлийн дөртэйд тооцогдсон юм байлгүй, ангидаа улираад 5-6 жил сантехникч хийв. Тэгтэл манай хүн Хөдөө аж ахуйн их сургуулийн малын эмчийн ангид орчихлоо. Тэр нь цаанаа намайг бодож байгаа хэрэг. Энэ хөдөөний хүүхэд, хэзээ нэг өдөр нутаг явж таарна гэж бодож байгаа байхгүй юу. Эхнэр Сантад суманд мэргэжлээрээ хуваарилагдаад очихоор нь би уурын зуух хариуцсан механик хийх болсон.
    -Та чинь хэзээ нь эхнэртэйгээ танилцчихав?
    -Цэрэгт байхдаа. Манай ангид Д.Эрдэнэжав гэж жолооч байсан юм. Би тэр үедээ бага дарга цолтой. Барилгын анги болохоор Төв аймгийн Зуунмодоос элс татдаг байсан. Бага дарга ухаантай юм болохоороо 2-3, заримдаа 10-аад цэрэг аваад хэд хэдэн машинаар элс татна. Тэр үед хоёр цэрэг 5 тонны машины тэвшийг 30 минутад дүүргэдэг байсан. Тэгж Д.Эрдэнэжав ахтай явж байгаад эхнэрийнх нь дүүтэй танилцчихсан. Өнөөх нь аравдугаар ангийн охион.

    -Малын бэлчээрт мөрөөдөж байсан өнөө мөрөөдлүүд эхнээсээ биелж эхэлж, тийм үү?
    -1986 онд болсон Бүх ард түмний урлагийн их наадамд Сант суманд байхдаа оролцох боллоо. Сум сумаас шалгарсан 600 гаруй хүн тэр наадамд оролцов. Зургаан зуун хүнээс 25 хүн шалгарч, тэр хүмүүсээ Хужиртын амралтад 14 хоног байршуулж бэлтгэл хийлгэв. Тэр наадамд тухайн үедээ дуучин Б.Сийлэгмээ, Н.Амгалан, Г.Мөнхбаяр бид хэд цугтаа оролцож байв.
    -Та ямар дуу дуулсан гэлээ?
    -“Эхийн сургаал”. Дүүтэйгээ цугтаа дуулж хоёул алтан медаль аваад бөөн баяр. Тэр үед манай театр дуучид, жүжигчид ховор, Бүх ард түмний урлагийн их наадамд шалгарсан бол ямар мэргэжилтэй байх нь хамаагүй шууд театрт томилдог байсан. Бид хоёрыг хоёуланг нь театрт хуваариласан ч манай дүү жолоочоороо үлдсэн. Би болохоор тэгж нэг юм анх аймгийн төвийн хүн болж байлаа.
    -Та ч бодвол алгаа ташаад уухайн тас шилжсэн байлгүй. Мэргэжлийн театрт бүртгэлтэй уран бүтээлч болчихлоо. Хэр их загнуулав?
    -Загнуулж явсан байлгүй дээ. Юугаа ч мэдэхгүй орсон юм чинь. Анх гамм уншихаас ажлаа эхэлж байсан. Намайг анх ажилд ороход н.Чойсүрэн, Н.Жаргалсайхан гэсэн сайхан хүмүүс тосч авч, дуулах ухаанд сургасан. Б.Баярлах найруулагчийн найруулсан “Далан худалч”, “Дээрэмчин”, “Алтан түлхүүр” зэрэг жүжигт тоглож явлаа. Аймгийн театр юм чинь хаана хэнд хэрэгтэй гэнэ, тэнд л явна шүү дээ. Театртаа хөгжим тоглохоос бусдыг нь хийсэн дээ.
    -Ажил мэргэжлийн тоо нэмэгдээд л байдаг?
    -Өө Толь Гэндэн шиг л амьтан явлаа.
    -Толь Гэндэн гэхээр яах уу?
    -Мал маллаж, сантехникч болж, уурын зуухны механик хийсэн гэж дээр хэлсэн дээ. Тэгтэл зах зээл эхэлж, театр цалингаа тавьж чадахгүйд хүрч ажлаасаа гарлаа. Хархорин суманд гахай хариуллаа. Хуушуур хайрч, худалдлаа. Продакшнаас кино авч, кино гаргаж үзлээ. Дөрвөн хүүхдээ тэжээх гэж юм юм барьж авсаан. Тэр үед хүүхдүүд ч бага байж. 1999 онд одоогийн ажиллуулж байгаа мал эмнэлгээ хувьчилж авсан юм. Тэндээ ч ялгаагүй эмчээ хийнэ, жолоогоо барина, харуул манаа ч болно, цэвэрлэгээгээ ч хийнэ. Тэгээд дуудлагад явна. Толь Гэндэнгийн хойч үе гэдэг шиг л явжээ.
    –Та ч дайчин хүн юм аа. Киноныхны анхааралд хэзээ нь өртөв?
    -“Мандухай цэцэн хатан” киноны проб хийгдээд бүх аймгаар явж байна гэнэ, удахгүй Өвөрхангайд ирэх гэнэ гээд дуулдаад л байлаа. Манай театрынхан бүгд л пробонд орчих гээд хүлээж байтал Б.Балжинням найруулагч, н.Шаравдорж гуай, П.Пүрэвсүх зураач гурав аймагт ирдэг юм. Бид ч шалгалтад орох гэж байгаа юм шиг юм боллоо. Нэг нэгээрээ орж шалгуулсан. Миний нэрийг дуудлаа. Проб явуулж байгаа өрөөнд орсон чинь дуулга, цээживч өмсгөөд “За чиний хайртай бүсгүй чинь гэнэт хаяад явчихаж. Ямар сэтгэгдэл төрөх үү” л гэж байна. Би ч байгаагаа үзүүллээ. Анхандаа Өнөболдын дүрд пробонд орсон юм. “Гар” л гэж байна. Түүнээс хойш хоёр гурван сар өнгөрлөө. Нэг өдөр театрын дарга дуудаж байна. Даргын өрөөнд дуудагдана гэдэг нэг бол гавьяа байгуулсан, нөгөө бол гай тарьсан хүн дуудагддаг байсан цаг. Тэр хооронд “За юу билээ” гэсэн шүү юм бодоод орлоо. Тэгсэн “Чи хот орж пробонд орох болсон байна. Маргааш явах уу даа” л гэнэ. Тэр үед томилолт өгнө, замын зардал олгоно. 100 төгрөг 40 мөнгө төлөөд Өвөрхангайгаас Улаанбаатарт 55 минут нисээд газардаж байгаа юм. Онгоцноос буутал 69 машинтай нэг хүүхэн хүлээж байна. Тэндээсээ шууд Кино үйлдвэрт очсон. Тэр үед кино эхэлчихсэн, павилионд зураг авч байсан. Зүс үзсэнээс Балжаа багш байна. Балжаа багш “Энэ хүүхдийг Мянхайд буд” л гэж байна. Би чинь Өнөболдын дүрд тоглоно гэж бодоод аймгийн номын сан дахь уншиж судалмаар бүх номыг уншчихсан. Хэчнээн уншсан гэж бодно, бараг цээжилчихсэн байсан.
    -Та бүр өөртөө дүр өгчихсөн байна шүү дээ?
    -Өө тэгсэн. Тэнцсэн тэнцээгүйгээ ч мэдээгүй байж уу. Тэгтэл Б.Дамчаа ахыг бэлдүүл гээд намайг дагуулчихлаа. Б.Дамчаа гуай “Наад Мянхайд чинь 12 хүн өрсөлдөж байгаа. Ардын жүжигчин ч байгаа, гавьяат жүжигчин ч байгаа” гэж байна. Тийм юм сонссон хүн чинь сэтгэлээр унана биз дээ. Яагаад ч тэнцэхгүй юм байна гэчихсэн сууж байтал нэг хүн текст аваад ирлээ. Залуу ч байж, дороо цээжилчихсэн. Зургаа авахуулчихлаа. “Маргааш буцаарай” л гэнэ. Буцлаа. Дахиад хоёр гурван сар өнгөрлөө. Нэг өдөр ахиад л даргын өрөөнд дуудагдлаа. Яваад ортол “Баяр хүргэе. Мянхайд тоглох болсон байна” гэж дуулгаж байна. Баярласан гэж юу гэх вэ. Хамгийн түрүүнд энэ мэдээгээ эхнэртээ утсаар дуулгах гэж хөглөж л байлаа.
    -Хагартлаа баярлана гэдэг нь болов уу?
    -Ёстой хагартлаа баярласан. Мандухай чинь миний хамгийн анхны кино юм шүү дээ, тэгэхээр баярлалгүй яах вэ. Хожим нь Монгол Улсын гавьяат жүжигчин цол авчихаад бас хачин их баярлаж билээ.

    -Мандухайд та хэзээ язааны жүжигчин шиг л тоглосон байдаг. Таны анхны кино гэж ёстой бодсонгүй. Тэгэхэд та хэдтэй байсан бэ?
    -29-тэй. Тэр үед киноныхоо учрыг ч сайн мэддэггүй явж. Тиймээс Балжаа багшаас асуулаа. Мянхай ер нь ямар дуу хоолойтой, алхаа гишгээтэй ямар хүн юм бол гэсэн чинь “Мянхай гэдэг чинь Төмөртогтох юм шүү дээ. Чи ямар ч илүү зүйл хийж хэрэггүй” гэдэг юм. Би тэгэхээр нь өөрөөрөө тоглосоор киногоо дуусгасан. Хүмүүс кинонд тоглоод ядарсан уу, ямар хэсэг нь хэцүү байсан гэсэн юм их асуудаг юм. Ер ядарч зүдэрсэн зүйл тохиогоогүй дээ, залуу ч байж.
    -Ямар гайхалтай үг хэлэх нь тэр вэ. Тухайн үед сонссон та битгий хэл, би сонсоод таны өмнөөс бүр тайвширчихлаа. Тэгээд анх ямар зураг авалтад оров?
    -Мандухай хатныг хөнөөдөг төгсгөлийн хэсгийг санаж байна уу. Тэр зураг авалтыг павилионд авч байсан юм. Би Өнөболд вантай хамт хаалгаар орж ирдэг дээ. Ороод ирсэн нэл цус, Мандухай алуулчихсан. Тэрийг харсан чинь хамаг бие арзас гээд явчихсан. Өнөболд гүйгээд Мандухайг тэврээд авсан. Би ч Б.Дамчаа ах руу гүйж очоод хоолойг нь боосон чинь үнэнгээсээ боочихсон. Ядахад төмөр гаравчтай. Тэгсэн Б.Дамчаа ах “Хөөе, чи техниктэй тогло” гэж байгаа юм. Балжаа найруулагч болохоор “3өв зөв, сайн байна” гээд байдаг. Тэр үед кинонд тэгж л тоглодог юм байх гэж бодохгүй юу. /Инээв/
    -Ёстой хөгжилтэй түүх байлаа. Тэгж л анх жүжигчний замналаа тавьж байж дээ?
    -Мэргэжлийн биш хүн чинь дүрдээ орчихоор гарч чадахгүй их зовно. Анх тэр зураг авалтад орчихоод амьсгаадаад, тайвширч чадахгүй байж билээ. Би ер нь нэг дүрд орохоороо удаан гарна. Мэргэжлийнхэн бол сургуульд нь сурчихсан улс чинь их өөр. Би одооноос л сурч байна.
    -Танай киноныхон уулзахаараа хэдэн цагаар тогтохгүй дурсамж хөврүүлдэг байлгүй. Ганцаас нь яриач ах?
    -Миний нэг ааруул иддэг хэсэг байдаг даа, Мандухай хатан “Энэ чинь арай чулуу биш биз” гэдэг?
    -Тэр мөн гоё хэсэг шүү. Их зөв юм санууллаа?
    -Тэр хэсгийн зургийг авлаа. Хоёр ч удаа дахилаа. Найруулагч “Дөхөж байна аа, гэхдээ арай л болохгүй байна” гэж байна. Ааруул хийсэн уутанд нь хатуу зөөлөн холиод ууталчихсан байсан юм. Өмнө нь идсэн хоёр нь хатуу ааруул болоод нэг болж өгөхгүй байхгүй юу. Гурав дахиа дахихад Н.Сувдаа эгч надад нэг ааруул авч өгөв өө. Амандаа хийтэл зөөлхөн юм. “Яалаа гэж хатантан минь, тэр харав уу” гээд инээгээд идчихлээ. Тэр зурганд байгаагаараа л тоглосон. Яг тэр хэсэг нь кинонд орсон байдаг юм. Жүжигчин хүн бие биеэ авч явна гэдэг л тэр байх. Н.Сувдаа эгч тийм ухаантай, хатуу ааруул нэг л болохгүй байна гэдгийг мэдэж анзаарсан байна шүү дээ.
    -Би болохоор нээрээ л хатуу ааруул идсэн юм байх гэж бодсон?
    -Харин хүн бүр л тэгээд байдаг юм.
    -Хэдий хугацаанд зураг авалтад явав?
    -Жил болсон.
    -Театр цалингаа өгнө биз дээ?
    -Өгөлгүй яах вэ. Миний сарын цалин 450 төгрөг, нэг өдрийн зурганд ороод 25 төгрөг авна. Ардын жүжигчин, гавьяатууд бол 50 төгрөг авдаг байсан. Сард 800-900 төгрөг авчихна. Би нэг сонин түүх ярья. Мандухайд тоглож байхад Х.Дамдин найруулагч ирээд “Мандах нарны туяа” кинонд Д.Сүхбаатар жанжины дүрд тоглооч гээд, пробонд ороодохтол тэнцчихсэн. Тэгсэн Балжаа багш дуудаж байна. “Чи ер нь ямар хаашаа нөхөр вэ. Энд нэг кинонд тоглож байж, тэнд бас өөр кинонд тоглоно гээд явж байдаг. Одоохон тоглох киногоо сонго” гэдэг юм. Тэгээд бодлоо. Би яагаад ч Ц.Дашнамжил ахыг гүйцэхгүй юм байна гэж бодоод болисон. Тэр нь ч оносон. Хожим нь бас Балжаа багш “Мянхай чинь л чамайг авч явна шүү. Олон кинонд битгий тоглоорой” гэж захиж байж билээ. Ямар ч ухаантай хүн байсан юм. Намайг их хайрлана. Тэр үгнийх нь ч юм уу, нэг удаадаа би арав гаруй жил огт кинонд тоглолгүй өнжиж хүртэл байлаа.
    -Тэр үедээ юу хийх үү?
    -Малын эмчээ. Би чинь Дорнодод малын эмчээр техникум төгсөөд, дараа нь Хөдөө аж ахуйн их сургуульд эчнээгээр нэмж сурсан юм шүү дээ. Арван нэгэн жил болчихсон байсан чинь Ж.Бат-Өлзий над руу “Сэтгэлд шивнэсэн үг” кинонд тоглооч гээд холбогдож байна. Тэр үе чинь 8 дугаар сар, угаалга тарилга ид эхэлчихсэн үе таарсан. Зохиолоо уншлаа. Тэгээд хамгийн бага гарах дүр сонгоё л гэсэн. Кино хийгдээд Баянгол суманд гаргалаа, дараа нь Төгрөгт гаргалаа. Киногоо үзэж чаддаггүй ээ. Дарга нар дуудаж байна л гэсэн. Хүн бүрт хэдэн төгрөг өгсөн юм гэсэн. Би дотогш орж чадаагүй. Тэрийг нь ч авч чадаагүй.
    -Та чинь цагаа тулахаар нэрэлхүү хүн үү дээ?
    -Би ер нь тоглосон киногоо үзэж чаддаггүй. Улс амьтны ярианаас сонсож байж л дараа нь үздэг. Айна, юу хийсэн бол гэж санаа зовно. Сүүлийн үед киноны нээлт гэж хийдэг болж, тэгж л 2-3 киногоо үзлээ.
    -Та ер нь Мандухайд тоглоогүй бол миний амьдрал ямар байх байсан бол бодож үзсэн үү?
    -Бодолгүй яах вэ. Хэрэв энэ сайхан кинонд тоглоогүй бол хүн бүр намайг таньж, хайрлаж хүндлэх нь юу билээ дээ. Малын эмчийн ажлаа л сайн хийгээд явж байх байсан байх. Эсвэл мянгат малчин болъё гэчихсэн явж байх байсан байх.
    -“Мандухай цэцэн хатан” кино бүх цаг үеийн кинонууд дотроос хамгийн хамгийн гэсэн олон үзүүлэлтийг өөртөө агуулсан түүхэн бүтээл хэвээр байна. Үзэх тусам л чансаа нь улам тодроод байх юм, та ч гэсэн он цаг өнгөрөх тусам дурсамж дурдатгал чинь төгс төгөлдөр болох юм уу?
    -Мандухай үнэхээр том кино байсан. Зуун гэр барьж байлаа, 5000 цэрэг тоглуулж байлаа, 70 ширхэг 66 машинтай, тэнд цагдаа нь байлаа, шүүх прокурор нь байлаа, эмнэлэг нь байлаа. Зэвсэг гэхэд чиргүүлтэй дөрвөн машинд ачдаг байсан гээд бод доо. Хувцсыг нь гэхэд гурван аймагт оёно, төдий аймгийн мал сүргийг авчирч байлаа. Адуу гэхэд гурван жил дэл сүүлийг нь аваагүй байх жишээтэй. Кино өөрөө үнэд ороод байдаг, гэтэл хамт тоглосон хүмүүс байхгүй болоод байдаг юм байна. Нэг хэлсэн дээрээ хэлэхэд, түүхэн кино хийе гэвэл асар их бэлтгэл хангаж, их мөнгө төгрөг төсөвлөхгүй бол олигтой уран бүтээл болохгүй л юм билээ дээ.
    -Үзэгчид жүжигчдийг тоглосон дүрээр нь хайрладаг. Магад зарим үзэгч амьдрал дээр яг ийм хүн байх гэсэн төсөөлөлтэй явдгаас өнөөх уран бүтээлч нь амьдралд сөхөрч, буруу зөрүүд орооцолдоод ирэхээр их гонсойдог. Та ер нь бор дарсанд шунаж явав уу, үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хадгалж явах юм сан гэж хэр хичээв?
    -Хичээлгүй яах вэ. Зах дээр явж байсан ч “Хөөе Мянхай надаас юм ав” гээд хашгирч байхад чинь олны газар өөрийгөө цэнэж явахгүй бол болохгүй л дээ. Манайх аав ижийнхээ дэргэд архи дарс уух, тамхи тариа татахыг цээрлэж ирсэн. Би ер нь архи дарснаас хол явдаг. Уух сонирхол ч бага. Найз нөхөд тааралдаад нэг шил юм ууя гэвэл тэрийгээ нь л ууна, гурван хундага татна гэвэл түүнийгээ л татна. Илүү шунаж, цаашладагггүй.
    -Та хэр шулуун үгтэй вэ?
    -Шулуухан л хэлнэ. Олон юм ярихгүй. Хэлье гэвэл хэн ч байсан хэлнэ.
    -Шударга хүн өөдөлдөггүй юм биш үү?
    -Тиймээс л одоог хүртэл өөрийнхөө хүчээр амьдарч явна. Хэнээс ч гуйсангүй. Шударга байлаа гээд зодоон цохион хийсэнгүй. Ажлаас болж маргаан бол гарч байсаан байсан.
    -Та ер нь баатрын дүр хэдийг бүтээв?
    -Дөрөв. Хамгийн сүүлд “Хотулун”-ы Бүргэд баатрын дүрд тоглолоо.
    -Та ч их хувь тавилантай хүн юм. Жүжигчидтэй ярилцаж байхад түүхэн кинонд тоглох юм сан гэсэн мөрөөдөлтэй явдаг нь олонх юм уу гэж боддог?
    -Дөрөв таван түүхэн кинонд тоглолоо. Өөрийгөө азтай л гэж боддог. Нэг удаа телевизийн ярилцлагад орохдоо “Би урд насандаа баатар байсан юм шиг байгаа юм” гээд ярьчихсан чинь олон нийтийн сүлжээгээр “Энэний баатар гэж хаашаа харсан юм байдаг юм” гээд авахуулсан шүү дээ. Гэлээ ч монгол зангаараа билэгшээж, түүхэн кино таарвал тоглоод явдаг.
    -Төмөртогтох, Мянхай баатар хоёрын хооронд хэр их зөрүү байна, бас хэр олон адил тал байна вэ?
    -Ялгаа ерөөсөө байхгүй. Балжаа багшийн хэлдгээр “Төмөртогтох чинь Мянхай шүү дээ” гэдэг чинь юм.
    -Найруулагчид ч үнэхээр агуу хүмүүс юм аа. Тэр үг таны амьдралын философи болж хувирсан уу?
    -Агуу агуу. Кино хийж байхад Балжаа найруулагч шөнийн 3 цагт нимгэн хүрэн дээлтэй сууж ч байх шиг, гадаа алхаж ч явах шиг. Киногоо л бодоод явсан байх. Бид ч яах вэ, залуу улс дарвиж наагуур цаагуур нь гүйлдээд л явж байдаг байлаа. Тэр хүний шаналанг ойлгохгүй явж. Би анх зургийн талбай дээр оччихоод хамгийн амархан ажилтай хүн бол найруулагч байдаг юм байна гэж “хэлж” онигоонд орж байлаа. Би монтажны хэдэн хүүхнүүд дээр очсон юм. Тэгсэн “Кинонд тоглох ямар байна вэ. Хэр загнуулж байна вэ” л гэж байна. Тэгэхээр нь “Энд хоёр жаргалтай хүн байна. Нэг нь тэргэнд дээр түрүүлчихээд явж байдаг, нөгөөх нь дээр нь суучихсан аашлаад байж байдаг” гэчихэв. Тэрний нь нэг нь найруулагч, нөгөө нь зураглаач байсан байхгүй юу.
    -Тэгвэл тэр хэдэн хүүхэн таныг хөөрхий энэ залуу цэл ногооноороо байна даа гэж бодож, хөхрөлдөж байсан байх даа?
    -Тэгж бодолгүй хаачих вэ дээ, ийм юм ярьж байхад чинь.
    -Одоо та эргээд бодоход амьдрал тань кино шиг санагддаг байх. Таны ард нэг том “дүр” байна. Тэр бол таны гэргий. Эхнэртэйгээ суугаад хэдэн жил болов?
    -1979 онд суусан гэхээр хэд үү?
    -42 жил өнгөрч. Та ч мөд алтан хурим хийх нь?
    -Хүүхдүүд хийнэ л гээд байдаг юм. Ахынхаа хуриман дээр ирж дуулж өгөөрэй.
    -Амаргүй л даваа байна. Очвол дуулна аа ах. Хоёул их ч удаан ярилаа. Нэг уран бүтээл дээр нь тогтож яриад ихэнх цагаа авчихлаа. Таны тоглосон тэр бүх кино, амьдралын нугачаа давааг нэгжвэл дахин нэг ярилцлага гарна байх.
    -Нэг жилд хоёр ч кинонд тоглож явсан түүх бий. Билэгшээдэг л юм. Би ер сөрөг дүр бүтээгээгүй. Дотроо бол ийм тийм дүр бүтээх юм сан гэсэн хүсэл бол байсан. Гэхдээ Мянхайгаа бодохоор тэр чансаанаас унагах эрх надад байсангүй. Ах нь ер нь гол дүрд тун цөөн тоглосон юм шүү дээ. Хэдий гол дүр биш ч тухайн киног тодотгож тоглох хэчнээн сайхан.
    -Ярилцлагын эхэнд дурдагдсан малын захад гүйж явсан бор хүүгийн үе дээр буцаад очъё. Тэр жаахан хүүг сэтгэлдээ хэр олон олж харах юм?
    -Сэтгэлдээ битгий хэл, амьдрал дээр ч харагдана. Хаа нэг хөдөөгүүр явахад нус гоожчихсон, хөл гар нь сайртчихсан, мулзан толгойтой хөөрхөн юмнууд цөөн боловч тааралдана аа бас. Биднийг багад бөөстөнө гэж айхтар зүйл байв. Тиймээс халимаг тавихгүй, хусчихдаг байсан. Арай идэрмэгхэн үеэ бол цэргээс халагдаад ирсэн малчин залуучуудаас хардаг юм. Унасан морь, өмссөн дээл нь хүртэл дотно. Би ч ийм л нэг борогдуухан залуу байсан даа, эдэнд их ч ирээдүй бий дээ л гэж харж байдаг юм.
    -Таны яриаг сонсоход нигүүсэл энэрэл их тод мэдрэгддэг ярилцагч юм?
    -Ах нь боддог юм, ная хүрчих байх. Ная хүрчихээд намрын налгар өдөр газар гэсгэлэн цагаар амьтан хүнд тээг дараа бололгүй явчихна гэж. Одоо бол ах нь даралт энэ тэр гэж байхгүй, жаахан пионер гэдэс л суугаад байна.
    Ярилцсан Б.Туул

  • ӨНГӨРСНИЙ ҮНЭН, ӨНӨӨДРИЙН МААНЬ БАЙГАА ЦАРАЙ…

    Африк тив цөөхөн хүн амтай, нэр, нөлөө нь нэн сул, Азийн зүүн өмнөд, өмнөд хэсэг ч сайн таньж мэдэгдээгүй, яг хэрэг дээрээ бол Европ, Ази хоёр л “Дэлхий дахин”-ыг идэвхтэй төлөөлж байв. Африк тив 1950 онд дөнгөж л 221 сая хүн амтай байсан бол харин одоо нэг тэрбум гаруй оршин суугчтай болжээ. Дээрх байдлыг тооцох юм бол тэр цагийн монголчууд дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзэлсэн буюу нөлөө, хамаарлаа тогтоож чадсан гэж хэлж болох юм. “Дэлхийн хагасыг эзэлсэн” гэх үг, үнэлгээ бол 13-р зуунд огт тохирохгүй хэмжээ, баримжаа болно. Гэхдээ бид энэ тухай биш, харин ижилгүй хүчирхэг энэ эзэнт гүрэн, Их Монгол улс чухам юунас болоод, яахлаараа 1911 оны хэмжээ, түвшинд хүртлээ унаж, доройтсон болохыг товч авч үзье. Энэ талаарх түүхэн үнэнийг таних, хэлэх цаг, боломж одоо, бидний үед л тохиогоод байна. Харьцуулах жишээ, баримт ч хангалттай тоо, хэмжээнд бэлээхэн буй болжээ.

    13, 14-р зуунд Их Монгол улс, Их Юань улс, Алтан ордон улс, Ил Хаант улс, Цагаадайн улсын нэгдсэн их цэрэг, зэвсгийн эсрэг тулах гадны хүч хаана ч байсангүй. Ингэхлээр Монголын эзэнт гүрэн дотооддоо гэдсэндээ хөлөө хийлцсээр өөрсдөө өөрийгөө мөхөөжээ. Энэ бол Чингис хааны хөвгүүд, ач нарынх нь хийсэн ажил. Товчхондоо яг тийм. Харин Их Монгол улс бас л Чингисийн удмын ноёдын увайгүйгээс болж мөхсөн юм уу? Эсвээс Их хааны засаглалын хомсдол удтал нүүрэлснээс болсон уу? Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол гэх мэтээр бутарч, шил шилээ харцгаасан нь мөхлийн үндсэн шалтгаан байв уу? Энд цэрэг-зэвсгийн хатуу хүчин зүйл гол үүргийг гүйцэтгэсэн үү? Эсвээс хөрш орнуудын удирдлагын “зөөлөн бодлого” гол хөнөөлийг тарьсан уу? Их Монгол улсыг задалж, бутрааж, бага буурай болгож, ядууруулж, хүн амыг нь цөөрүүлж, мухар сүсэгт бүрэн автуулж, цэрэг арми ч үгүй, зэр зэвсэг ч үгүй, биеэ даасан төр, засаг ч үгүй болгоно гэдэг бол тийм амар ажил биш, нэг улсын төр, засгийн дангаараа, ганцаараа хийчих ажил ер биш юм.

    Сайтар нягтлах аваас энэ том хэрэгт наад зах нь Манж, Хятад, Төвд, Оросын төр ил болон далд, шууд болон хөндлөнгийн замаар идэвхтэй, бодлоготой, хамсан нэгдэн оролцжээ.

    Нэгэн цагт нэгдэж, томорч, хүчирхэгжиж, хөршүүдээ бүгдийг нь эзэлж, захирч байсан монголчуудаас дээрх дөрвөөр ч зогсохгүй ер нь л олон улс орон болгоомжилж, болвол л монголын хүч, чадавхийг сулруулахыг бодолгүй ч яах билээ. Харин монголчууд бид л ингэнэ гэдгийг нь тооцож, ямагт болгоомжтой, хянуур байх ёстой юм. Харамсалтай нь тэгэж чадсангүй. Дээрх дөрвөн орны эрх баригчдын арга, заль, мэхэнд автаж эрхшээл, нөлөөнд нь орчихжээ. 16-р зууны дундуураас Төвдийн шарын шашны мунхруулга, мөлжлөгт, 17-р зууны эцсээс Манжийн төрийн хүчирхийлэлд, 18-р зуунаас Хятадын худалдаа-мөнгө хүүллийн мөлжлөгт автаж дээр нь удаах зуунаас Оросын түүхий эдийн нэгэн бааз болж хувирчээ. Ингэж Манж, Хятад, Төвд, Оросын дөрвөн давхар мөлжлөг, дарамтанд орсны улмаас л монголчууд бүх талаар доройтсон байна. Улс төрийн дарангуйлал, эдийн засгийн мөлжпөг, оюун санааны амьдралын мунхруулгад автсан улс орон, хүн ард аажмаар мөхдөг жамтай билээ. Энэ л замаар орцгоожээ.
    Дээр дурдсан дөрвөн улс орны удирдлага санаатайгаар, далдуур хуйвалдаж, бодлогоор Монголыг мөхөөх нууц зорилгоо хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэ хэрэгт дурдсан дөрвөн орны ард түмэн ямар ч буруугуй юм. Тэд төр, засгийнхаа бодлого, шийдвэр, хууль, тушаалд захирагдаж зөвхөн “шатрын хүү” болж ашиглагджээ. Энэ хэрэгт эдгээр дөрвөн орны өнөөдрийн удирдлага ч шууд утгаараа бол холбогдолгүй юм. Өнгөрсөн түүхэн үйл хэрэг, үзэгдэлд хожуу цагийн хүмүүсийг буруутгаж болохгүй билээ. Ер нь нэг ард түмнийг нөгөө ард түмний эсрэг тавих, турхирах нь ялтай хэрэг, хол явах хор хөнөөлтэй үйлдэл. Оюунлаг, сэхээтэн хүн бүр энэнийг мэддэг, сахьдаг даа…

    16-р зууны дундуураас 20-р зууны эхэн хүртэл Монголын хүн ард, газар нутгаас олсон ашиг, орлогоороо Манжийн хаад, Хятадын худалдаачид, Төвдийн лам нар, Оросын худалдаа аж үйлдвэрийн эзэд бараг л энэ тэнцүү байсан болов уу. Энэ нь дээр Герман, Америк, Англи мэтийн орны бизнесменүүдийн олсон, завшсаныг нэмэх аваас монголчуудын алдсан, хохирсон их баялгийн нийт дүн гарах учиртай.
    Монголчууд бид шашин, сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжпөгийн талаар ер нь огт боддоггүй, тооцдоггүй, сонирхдоггүй явж иржээ. 300 шахам жилийн туршид бид үнэ цэнэтэй бүхнээ л өргөл, мөргөлд, лам багш нартаа, сүм хийдүүдэд, Лхасын оройн дээд гэгээнтнүүд, сүм хийдүүд, олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, хутагтуудад барьсан даа. Лхас, Утаа Гүмбэм хүрэх замын холд ч мөн ихийг зарсан. Олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, Богд гэгээн, хутагт хувилгаадын олонх нь төвд лам нар байжээ. Тэд бүгд л монголчуудын өглөгөөр баяжсан нь түүхийн үнэн юм. Тэд Монголчуудыг “эрдэм ухаан, ид шидээрээ” дэмжиж, өөд нь татсансан бол 1911 оны Монгол орны нүүр царай огт өөр байх байсан бизээ…
    Нийт даяараа ядуурсан, ноёд язгууртнууд нь хүртэл ихээхэн өртэй, Хүрээ, хийд бүхэнд л гуйлгачид цугласан, дэлхий нийтийн хөгжпийн дундаж түвшнээс ч хол хаягдаж гээгдсэн, ёстой л “Өр, бөөс өвчинд баригдсан, сая ч хүрэхгүй хүн амтай, хязгаарын бөглүү нэгэн муж” гэгдэж Ар Монгол үнэлэгдэх болсон байв. Энэ бүхэн үнэн юм шүү. Эдүгээ бид харин ямар замаар ороод, хаашаа, хэрхэн явж байна вэ?

    Монголчууд биеэ даагаад бүгд гэр оронтой, мөр бүтэн, гэдэс цатгалан, эрүүл чийрэг, хэнээс ч хамааралгүй шахам явахад дутах зүйл үгүй нь үнэн. Мал ч өсгөсөн, тариа ногоо ч тарьсан, уул уурхай ч хөгжүүлсэн, утас ээрч давуу ч нэхсэн, нүүрс-химийн аж үйлдвэр ч эрхэлсэн, нефть нэрж бензин, шатдаг хий ч бэлдсэн гэсэн бүгд л боломжтой.

    Тиймдээ ч “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үг гарсан буй заа.
    Гэтэл энэ үг өнөөдөр яг л эсрэгээрээ хэрэгжих болоод байна. Энэ байдлыг зассан шиг засчих нам, төр байна уу? Олныг нуршаад яах вэ?

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ЦЭЭРЛЭХ ЁСОН

    -Давсыг гараараа өгөх, авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгч авалцана.Аргагүй авах бол алганы ар дээр тавиулж авна. Гар хуруугаар атгаж, чимхэж авч өгөлцвөөс өстөн болно гэнэ. -Давсгүй цай, хоол аягалахыг цээрлэнэ. Зөрчвөөс хойт төрөлдөө нүцгэн явна гэх буюу тухайн өдөр үйлс бүтэхгүй болно гэнэ.
    -Давхар биетэй эмэгтэй нас барвал хүүхдийг нь салган авахгүй хайлах, оршуулахыг цээрлэнэ. Заавал салгадаг ёстой. Учир нь талийгаач үрийн эх учраас төрөл аваад бүтээгүй хүүхдийн хойшдын зам мөрд саад болох учиргүй гэснийх бөлгөө.
    -Дуутай ширүүн бороотой үед унаа моринд хазаар зүүхийг цээрлэнэ. Зүүвээс аянга цахилгаан дайрч мэднэ гэнэ.
    -Дуутай бороо орох үед мал саахыг цээрлэнэ. Зөрчвөөс тэнгэрийн дуунд харш гэнэ.
    -Дэлэнг зарим нутагт идэх огтлохыг цээрлэнэ. Малын дэлэн сүү саалийн эх булаг тул эхтэй хүн, мал сүрэгтэй айлынхан идэхийг цээрлэдэг заншилтай байжээ.
    -Дэлүүг махтай нь хаяхыг цээрлэнэ. Заавал махнаас салгаж тавина.
    -Дэлүүг хазаж идэхийг цээрлэнэ. Идвээс заавал хутгаар огтлон идээд үлдвээс галд өргөн түлдэг ёс буй.
    Гал голомттой холбоотой цээрлэх ёс
    -Галд хутга дүрэхийг цээрлэнэ. Үл хэрэсвээс хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархдана, хилэгнэнэ гэнэ.
    -Гал тахих үеэс галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочино гэнэ.
    -Гал тахин архи, тос өргөх үеэс жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана.
    -Галаар наадах, тоглохыг цээрлэнэ. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир, бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно.
    -Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ.
    -Гал түүдэг хээр хөдөө асаагаад гүйцэд унтраахгүй байхыг цээрлэнэ. Зөрчвөөс түймэр тавина гэнэ.
    -Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр сахиулган хилэгнэнэ гэнэ.
    -Гантай жил хуурай өвс, бут, модтой газар гал түлэх, түүдэг асаахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс гал алдана, түймэр тавина гэнэ. Зайлбаргүй асаах бол болгоомжтой сэрэмжтэй үйлдэнэ.
    -Ганц мод бариад гэрт орохыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс модоо барьсан гуйлгачны шинж үзүүлэв муу хэмээнэ.
    -Гахай өдөр нүүхийг, гал таслахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өлзий бус болно гэнэ.
    -Гахай өдөр шинэ үйл эхлэх, хийхийг цээрлэнэ.Зөрчвөөс үйлс бүтэл хазгай болно гэх буюу үхэл хагацал дайрна гэнэ.
    -Голомтын галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ.Зайлна хэмээн үл шатаана.
    -Голомтын тулга, зуухны үнсийг бужигнуулах, самардахыг цээрлэнэ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын бэлгэ тэмдэг хэмээн монголчууд үздэг бөлгөө.
    -Голомтын гал дээр ус асгахыг цээрлэнэ. Асгаваас гал голомт балрах муу ёр хэмээн жигшинэ. Ер гал, ус харшийн учир тийнхүү цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унтраах буюу бачуу хэрэг тохиолдвол “Галын бурхан та хөлөө татаарай” хэмээн хэлээд цээр арилгана
    1. Хэвтэж хоол идэхийг цээрлэнэ. Өвчтэй хүн хэвтэж идэх гэх.
    2. Зогсоогоор хоол идэхийг цээрлэнэ. Яараад байна уу сууж ид гэх.
    3. Ном уншсаны дараа суниахыг цээрлэнэ. Сурсан юм сугаар гарна гэх.
    4. Тогоон дотор хоолны халбага хийж орхидоггүй гэх. Чөтгөр долооно, тухайн айлын ажил үйлс бүтэхгүй гэх.
    5. Хоол унд идчихээд халбага сэрээгээ аяган дотроо хийчихээд гэрээс гарвал явсан ажил бүтэхгүй гэх.
    6. Идсэн аяга тавгандаа халбага сэрээгээ хийж орхиж, хонуулж болохгүй ажил үйлс бүтэхээ байна гэх.
    7. Аяга долоодог, таваг долоодоггүй.
    8. Хүний ул руу өшиглөдөггүй, муудалцана гэх.
    9. Гэрийн буурин дээр гишгэдэггүй
    10. Тэнгэр лүү гэрэл тусгахыг цээрлэнэ.
    11. Исгэрэхийг цээрлэнэ. Сэтгэлд хий орно гэх.
    12. Багана тэвэрдэггүй. Баганы зовлонг үүрнэ гэх.
    13. Гэрийн багана хоорондуур гардаггүй.
    14. Гэрлийн шонгийн шургааг доогуур гардаггүй чөтгөртэй уулзана гэх.
    15. Гал руу ус хийдэггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    16. Галаар тоглодоггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    17. Босгон дээр суудаггүй.
    18. Тотгоноос дүүжлэгдэггүй.
    19. Толгойгоо салаавчилдаггүй.
    20. Шанаагаа тулдаггүй.
    21. Уургаа газар тулдаггүй.
    22. Голын нуурын ойролцоо бие засдаггүй.
    23. Голын эхэнд айл буудаггүй.
    24. Цамцныхаа захыг толгойгоо бүтээн өмсөхийг цээрлэх. Эхийгээ алсан хүн тэгж өмсдөг гэх.
    25. Гэрийн ойр орчим тарвага амьтаны үүр байвал агнадаггүй.
    26. Уурган дээгүүр алхаж гардаггүй
    27. Явган суудаггүй. Нохой суулт гэх.
    28. Том хүний яриа сонсохыг цээрлэнэ. Иймээс гэрт зочин ирвэл хүүхдүүд зөрөөд тоглохоор гардаг
    29. Хоол хаяхыг цээрлэнэ. Амны хишиг ар дээрээ гарна гэх
    30. Хоолоороо тоглохыг цээрлэнэ.
    31. Сүүн дээр ус хийхийг цээрлэнэ. Усан дээр сүү хийнэ.
    32. Гутлаа чирж явдаггүй
    33. Малгайгаа буруу харуулж өмсдөггүй.
    34. Малгай давхарлаж өмсдөггүй. Хоёр эхнэртэй болно гэх.
    35. Өөрийн нэрээ голдоггүй
    36. Хүүхдийг бүтэн нэрээр нь дуудна. Бүтэн нэртэй бүрэн заяатай гэх.
    37. Бурхан шүтээн рүү хөлөө жийхийг цээрлэнэ.
    38. Гол нуурын усанд юм угаахыг цээрлэнэ.
    39. Хүний дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Үхсэн хүний дээгүүр алхаж гарна гэх. Бөхчүүд давсан бөхийнхөө дээгүүр алхаж гарч болно.
    40. Эрхий хуруугаа хөхөхийг цээрлэнэ. Ээж нь үхнэ гэнэ.
    41. Их унтахыг цээрлэнэ.
    42. Хүний бүсэлхийнээс дээш шавьж суувал тэр шавьжийг алдаг. Хийморьт муу гэх.
    43. Газарт гадас шааж орхихыг цээрлэнэ. Нүүхдээ гадсаа аваад сүү дусааж домнодог.
    44. Газар аяга таваг тавьдаггүй.
    45. Аяга тавагтай хоолон дээгүүрээ алхаж гардаггүй.
    46. Хаалга руу толгойгоо харуулж унтдаггүй.
    47. Хөлөө ачиж суудаггүй. Зовлонгоо ачлаа гэх.
    48. Ширээ өнцөгдөж суудаггүй.
    49. Хүнд хутга хайч гэх мэтийг өгөхдөө иртэй талаар өгөхийг цээрлэнэ. Бариултай талаар нь өгөх.
    50. Хутганы ир дээш нь харуулж тавьдаггүй.
    51. Тогооноос хутгаар мах зоож авахыг цээрлэнэ.
    52. Гэрийг нар буруу тойрохыг цээрлэнэ.
    53. Эмэгтэй хүний хормойн доогуур толгойгоо шургуулахыг цээрлэх. Хийморьт муу гэх.
    54. Хүний мөрөн дээр гараа тавихыг цээрлэх. Хийморьт муу гэх.
    55. Амандаа дуу аялдаггүй. Сэтгэлд хий орно гэх.
    56. Сүүн шүд унахад шүдэн завсараараа хэлээ оруулж болохгүй гэж сургах. Муухай шүд ургана гэх.
    57. Шүдэн завсараар орсон махыг утсаар авахгүй байх. Зай гарна гэх.
    58. Хаалга гарцаар ухарч гарахгүй гэх.
    59. Түлхүүр ширээн дээр тавьдаггүй.
    60. Хумсаа шөнө авдаггүй. Төөрнө гэх.
    61. Далны ясыг ганцаар иддэггүй. Далуулаа хувааж иддэг гэх.
    62. Хоёр хүн хөлийн улаа нийлүүлдэггүй. Муудалцана гэх.
    63. түлхүүр эргүүлдэггүй. Эргүү болно гэх.
    64. Нохойтой зургаа авахуулдаггүй.
    65. Шөрмөсөө дуугаргадаггүй. Шөрмөс сунана гэх.
    66. Хонины хоосон сүүж гэрт хонуулдаггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
    67. Өөд өөдөөсөө харж ярихыг эрхэмлэнэ. Солонгос кинон дээрх шиг нэг нь нуруугаа харж ярьдаггүй
    68. Аавын буйд сахал тавихыг цээрлэнэ.
    69. Аягатай хоол цай зөөхдөө эрхий хуруугаа аяганы амсар давуулан дотор нь хийж зөөхийг цээрлэнэ.
    70. Аягатай хоол цай зөөхдөө 5 хуруугаараа битүүлж барихыг цээрлэнэ. Үхлийн барилт гэх.
    71. Ахмад настны өмнүүр босч явахыг цээрлэх.
    72. Шувууны өндгөнд сүүдрээ хүргэхийг цээрлэх.
    73. Хүний толгой руу хөлөө жийж суух, хэвтэхийг цээрлэх.
    74. Урт настай амьтан алахыг цээрлэх. Нас богиносоно гэх.
    75. Цэцгийн толгой тасддаггүй гэх.
    76. Элгээ тэвэрдэггүй.
    77. Аяга таваг хөмрүүлж тавьдаггүй. Хоосорно.
    78. Арц асаахдаа үлээж унтраадаггүй. Гараараа сэвэрч унтраах.
    79. Бурхан шүтээний өмнөх хоосон аягыг хөмрүүлж тавих.
    80. Гутлын алчуурыг шидэж өгөх. Гараас гарт дамжуулж өгөхийг цээрлэнэ.
    81. Айлын бурхан, шүтээн, хойморын авдарын өмнүүр эс бөгөөс зуух, тулгын галын эхээр нар буруу тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн бөлгөө.
    82. Гол мөрний ус руу нулимахыг цээрлэнэ.
    83. Ташуур газар тулахыг цээрлэнэ.
    84. Нуруугаа үүрэхийг цээрлэнэ.
    85. Айлд нуруугаа үүрч зогсохыг цээрлэнэ. Хэрвээ тийн үйлдвээс ихэрхэж, дээрэлхүү аашилж буйн тэмдэг гэх буюу ялд унан баривчлагдаж ардаа гараа хүлүүлэхийн муу ёр гэнэ.
    86. Сүлсэн цайг буцалсан хойно нь самрах. Эхийн урагтай адилтгах.
    87. Сүү асгахыг цээрлэнэ.
    88. Ам руугаа цутгаж идэхгүй.
    89. Завьжаараа асгаж цутгаж унд уухгүй. Сэтэрхий уруултай юм уу гэж сургах.
    90. Монгол хүн амандаа мод зуудаггүй. Залгивал яана гэж сэрэмжлэх.
    91. Далны яс мөлжихийг цээрлэнэ.
    92. Ширээн дээр суудаггүй. Өрөнд орно гэнэ.
    93. Тооны машин сампингаар тоглодоггүй өрөнд орно гэнэ.
    94. Хүний суган доогуур, хөлөн завсараар гарахыг цээрлэх. Хийморь доройтно гэх. Бөхчүүдэд хамагүй.
    95. Гэрт шүгэлддэггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
    96. Доошоо харсан сав бэлэглэхийг цээрлэнэ. Малгай орно. Дээшээ харсан сав өгөх сайн гэж үзнэ. оймс, гутал орно.
    97. Чонын шагай бэлэглэдэггүй. Хулгайлж, худалдаж авдаг гэх.
    97. Морин хуур гэртээ худалдаж авдаггүй. Бэлгэнд авдаг.
    98. Орондоо дуу дуу дуулах, орондоо уйлахыг цээрлэнэ. Зовлон салахгүй.
    99. Хүүхдийн толгой руу цохихыг цээрлэнэ. Эргүү болно гэх.
    100. Хоёр хүүхэд шээсээрээ тоглож шээхийг цээрлэнэ.
    101. Ном уншиж байгаад дэлгэж орхидоггүй. Чөтгөр уншдаг гэх.
    102. Гараа хоосон савчдаггүй.
    103. Цустай зүйл гал руу хийдэггүй. (шатаадаггүй)
    104. Алгаа хоосон ташдаггүй.
    105. Өмд оймсоо толгойдоо углахыг цээрлэнэ.
    106. Хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    107. Хүний нүүр лүү толиор гэрэл тусгахыг цээрлэнэ.
    108. Толь дээш харуулж тавихыг цээрлэнэ.
    109. Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.
    110. Хэвтэж ном уншдаггүй.
    111. Хүний түрийвч рүү өнгийж хардаггүй.
    112. Түрийвчинд цээж зураг хийж авч явдаггүй.
    113. Газар гараараа тулж суухыг цээрлэнэ.
    114. Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг. (Гутлын алчуур хүнд шидэж өгөх нь зөв.)
    115. Үсээ хаа хамаагүй хаядаггүй. Морьны уяан дээр аваачиж моринд гишгүүлбэл сайн.
    116. Сүүн шүдийг хаядаггүй. Нохойнд өөхөнд боож өгөх.
    117. Хүнд гарын салаагаараа юм өгдөггүй.
    118. Хүнээс юм авахдаа булааж авдаггүй.
    119. Буруу гараараа юм өгч авалцдаггүй.
    120. Нохой зардаггүй
    121. Модны мөчир дээр гишгэх авирахыг цээрлэнэ. Ургалт нь зогсдог гэх.
    122. Номон дээр гишгэдэггүй. Эрдэм сурдаггүй юм гэж сургах.
    123. Гарын алган дээрээ юм зурахыг цээрлэх.
    124. Мал амьтанаа занчихыг цээрлэх. Малын буянтай холбож тайлбарладаг.
    125. Ахмад хүний яриа тасддаггүй. Хүндлэхийн учир бөлгөө.
    126. Хүн рүү хар ус цацдаггүй
    127. Нүүдлийн шувуудын цуваа тоолдоггүй.
    128. Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг
    129. Ванны өрөөний хаалга онгорхой орхидоггүй. Хааж байх.
    130. Хайч ангайлгаж орхидоггүй. Хамхиулж байх.
    131. Ороо засаад унталгүй хоосон хонуулж болохгүй. Чөтгөр ороод унтчихдаг.
    132. Саваа мод барьдаггүй хоосроно модоо тулна.
    133. Хайч ангалзуулдаггүй.
    144. Долоовор хуруугаараа юм чичилж заадаггүй.
    145. Хүн рүү хуруугаараа чичилдэггүй.
    146. Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй гэх. Хайраа булаацалдана.
    147. Мөр нь цоорсон урагдсан хувцас өмсдөггүй.
    148. Малгай тэлээнд хүндэтгэлтэй хандаж хаа хамаагүй хаядаггүй.
    149. Өөрийн өмсөж байсан хувцасаа хүнд өгдөггүй.
    151. Гудасыг толгойноос нь эхэлж эвхдэггүй. Хөлнөөс нь дээш нь эвхэх. Үхсэн хүний гудасыг толгойноос нь эхэлж эвхэх.
    152. Толгой сэгсэрдэггүй.
    153. Хүний нүүр лүү нулимдаггүй.
    154. Ясыг сайтар мөлжиж хаях. Махтай үлдээдэггүй.
    155. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр орж алхах цээртэй.
    156. Хаалга алдлах цээртэй. Хүн өнгөрсөн үед хаалга дардаг ёсон байсан.
    157. Малгайгаа буруу буюу хойш нь харуулж өмсөх цээртэй. Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг
    158. Гэрт орохдоо тотгоноос барьж, дүүжилж орох цээртэй.
    159. Жаргалтай ч гэсэн орондоо бүү дуул, зовлонтой ч гэсэн орондоо бүү уйл.
    160. Харанхуй шөнө үсээ самнадаггүй.
    161. Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй.
    162. Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй.
    163. Хүний малгай өмсөх цээртэй.
    164. Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй.
    165. Уурган дээгүүр алхаж гарах цээртэй.
    166. Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй.
    167. Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй.
    169. Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.
    170. Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг.
    171. Ус , гол руу нулим үл болно.
    172. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй.
    173. Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх..
    174. Эмэгтэй хүн завилж сууж болохгүй.
    175. Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
    176. Сүүнд түүхий мах хийж болохгүй.
    177. Болсон идээнээс заавал амсах.
    178. Ахмад хүнтэй золгох, уулзахдаа энгэр задгай байх цээртэй. Заавал товчилсон байх.
    179. Айлд хумсаа авах цээртэй.
    180. Айлд үсний сэвээ хаях цээртэй.
    181. Сэвийг галд хийх цээртэй.
    182. Сүүжний ясыг гэрт хонуулах цээртэй.
    183. Харуй бүрийгээр хог гаргах цээртэй.
    184. Эх рүүгээ муухай харах цээртэй.
    185. Эцгийн өөдөөс том дуугарах цээртэй
    186. Хаалга түшиж зогсох цээртэй.
    187. Гэрийн багана түшиж зогсох цээртэй. Баганын зовлон халдана гэх.
    189. Тургих цээртэй. Бороо орно гэхэ.
    190. Нохой нэмнэх цээртэй. Тэнгэр задраана гэх.
    191. Гал руу бохир цаас хийх цээртэй. Галын бурхан сэвтэнэ гэх.
    192. Утсыг хооронд нь хөрөөдөх цээртэй. Чонын шүд хурцална гэх.
    193. Аав нь хормойн донтвол үр хүүхэд нь өвдөж, үхэж үрэгддэг. \Эцгийн явдал үрд\
    194. Эхнэр нь хормойн донтвол нөхөр нь өвдөх, амь нас алддаг.
    195. Хулгай хар мөртэй тул хүний хулгайлсан зүйлийг авах цээртэй.
    196. Танихгүй хүний оршуулганд очих цээртэй.
    197. Ширээн буландаж суух цээртэй.
    198. Авдар болон ширээн суух цээртэй. Өрөнд орно гэх.
    199. Дэмий цаас хайчлах цээртэй. Өрөнд орно гэх.
    200. Гурил зуурсан гараа угаах хэрэгтэй.
    201. Хундаганы ёроол гартал уух цээртэй. Архичин болно гэх.
    202. Архины шавхруу уух цээртэй.
    203. Тогоо шанага угсарч тавих цээртэй. Эмэгтэй хүн төрж чадахгүй гэх.
    204. Уул, овоо, тахилгын газар болон мэдэхгүй газраас чулуу, эд зүйлс авах цээртэй. Хангай дэлхий лус хилэгнэнэ гэх.
    205. Шүдээ хавирах цээртэй.
    206. Хөмхий зуух цээртэй.
    207. Нурууны мөгөөрс мэрэх цээртэй. Хошного загатнана гэх.
    208. Далны яс мэрэх цээртэй. Махыг нь заавал огтолж иднэ.
    209. Толгой идэхдээ 2 нүдийг нь нэг нэгээр нь 2 өөр хүн идэх цээртэй. Хялар болно гэх.
    210. Тогоон дотор хутга хийх цээртэй. ээжтэй хүн бүр ч болохгүй..
    211. Хуурай тогоо галлаж болохгүй.
    212. Эр хүний хийморь малгай, бүсийг доош тавих цээртэй.
    213. Өлзий хээ нь бурхны зүрх учир доогуур байлгахыг цээрлэнэ.
    214. Гараа дэмий савчиж болохгүй. Орчинд байгаа бичил амьтдыг алж буй гэх.
    215. Гараа угаасны дараа гараа сэгсэрч болохгүй. Амны хишиг барна гэх.
    216. Явган сууж хооллох цээртэй.
    217. Шөнө орой болсон хойно хэрүүл тэмцэл хийх цээртэй.
    218. Тотгоор шагайх цээртэй.
    219. Бусдын өмдөн доогуур шургах цээртэй. Бузартана гэх.
    220. Хэц, цэрэвний доогуур шургах цээртэй. Бузартана гэх.
    221. Гараа угаалгүй үнээ саах цээртэй. Хөх нь яр иддэг.
    222. Авдар онгорхой орхих цээртэй. Сайтар таглах хэрэгтэй эс бөгөөд хоосроно.
    223. Гуйлгачин хүний гарт өглөг өгөх цээртэй. Холоос чулуудаж өгөх. Эс бөгөөд өөрөө ядуурна, буянаа өгдөг гэх.
    224. Оготны нүх рүү шээх цээртэй. Сэтэрхий хүүхэд гарна гэх.
    225. Шүдний мах буюу чононд хазуулсан малын мах идэх цээртэй. Хууч өвчин хөдөлнө гэх.
    226. Гол усанд юмаа угаадаггүй.
    227. Гал руу цустай зүйл хийдэггүй.
    228. Ус руу гал цогтой зүйл хийдэггүй. Нүүр нь алаг цоог болно гэх.
    229. Хар ус харамладаггүй.
    230. Тотгоноос гоожиж байгаа усаар тоглодоггүй муу ёр гэх
    231. Малгайгаа дээш нь харуулж тавьдаггүй.
    232. Шөнө орой хумсаа авдаггүй. Төөрнө гэх.
    233. Эмэгтэй хүний бөгс рүү цохьдоггүй, хадамдаа гологдоно гэх
    234. Чулуу түүж цуглуулдаггүй. \Чулуу цуглуулдаг хүмүүсийг хэлж байна.\
    235. Ахмад хүний үгийг тасддаггүй.
    236. Холд яваа хүн эдлэл хэрэглэлээ хаядаггүй гэх. Эзнээ дууддагаас тэндээ эргэж хэзээ нэг цагт буцаж очдог гэх
    237. Буурин дээрээ хогоо үлдээсэн айл сайн явдаггүй гэх.
    238. Хоол идэх юмаа хаяж асгадаггүй. Амны хишиг ар дээрээ гарна гэх.
    239. Ус харамладаггүй
    240. Нохой алдаггүй.
    241. Могой алдаггүй.
    242. Мэлхий алдаггүй.
    243. Чулуу нясалдаггүй.
    244. Халаасаа эргүүлж явдаггүй. Хоосроно гэх
    245. Урт настай амьтан алдаггүй. Нас богиносно гэх
    246. Толгойгоо сэгсэрдэггүй
    247. Угаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Ядуурна гэх.
    248. Хувцасны халаас эргүүлцэн явдаггүй. Хоосроно гэх
    249. Уруулаа гөвдөггүй. Буянаа гөвнө гэх.
    -Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
    -Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
    -Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
    -Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
    -Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
    -Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
    -Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
    -Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
    -Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
    -Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

  • ЧИНГИС ХААНЫ АЛТАН ЗООСЫГ ДЭЛДСЭНИЙ 800 ЖИЛИЙН ОЙ

    Хорезмыг эзэлсэн энэхүү ялалтаа тэмдэглэн алдаршуулж Чингис хаан 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад хотуудад алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан” эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох Перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой байв. Дундад эртний Хорезмын уран дархчууд гар, нүд, ухааны ураа дайчлан чингис хааны алтан зоосыг дэлдсэн нь 800 жилийн тэртээх хэрэг явдал бөлгөө.

    Эдгээр алдарт зооснууд 750-760 гаруй жилийн дараа буюу 1996 онд анх Пакистан, Афганистаны хил дээрх Газни хотоос олдсон байна. Нэг дороос 150 орчим ширхэг эртний зоос олдсон нь дэлхий нийтэд дуулиан тарьсан мэдээ байв. Тухайн үед Иракад сууж байсан АНУ-ын Элчин сайд Спэнглер гэж хүн уг зооснуудыг олох, малтлага хийж гаргах, дээрх бичээсүүдийг нь тайлж унших зэрэг бүхий л ажилд оролцсон аж. Газни хотоос олдсон эдгээр зоос удалгүй дэлхийн зоос сонирхогчдын анхаарлыг татаж, энэ зах зээлд нэлээд тарсан байна. Уг зооснууд дотор Хорезмын шахуудын нэртэй алтан зоос олон байж. Тэр дунд Чингис ханы нэртэй зоос нэлээд олон байжээ. Чингис хааны үеэс бүрэн бүтэн үлдсэн, их хааныг амьд сэрүүн байхад нь бүтээлгэсэн эд зүйл тун ховор. Тийм эд өлгийн зүйл байж гэмээнэ асар үнэ цэнтэй билээ. Тийм үнэт дурсгалын жишээ болсон Исламын тооллын 618 он буюу 1221 онд дэлдүүлсэн зооснууд дээр Чингис хааны цол, алдар гуншинг ихэд хүндэтгэлтэй бөгөөд яруу тодоор бичсэн байдаг аж.

    Чингис хааны алтан зоосны тухай ийн барин тавин баримттай ярих боломжийг олгосон хүн бол түүхч, түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа юм. Эдүгээ АНУ-д амьдарч буй энэ эрхэм зоос цуглуулагчийн хувиар төдийгүй түүхч мэргэжилтэй хүний зүгээс Чингис хааны зоосыг уйгагүй судалж, сурвалжлан, олон талын эх сурвалж, ном, товхимлыг харьцуулан шүүрдэж, бүрэн хэмжээний ном бүтээсэн аж. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга” нэртэй энэ ном эрдэм шинжилгээ, судалгааны даацтай бүтээл болж чаджээ. Эзэнт гүрний зоосны тухай өгүүлсэн энэ ном 16 жилийн өмнө хэвлэгдэн гарсан бөгөөд эдүгээ эртний зоос шиг нэн ховор чухаг бөгөөд үнэ цэнтэй болсон байна. Б.Нямаа судлаач дээрх номоос гадна энэ чиглэлээр 10-аад ном бичсэн гэхээр судалгааны асар арвин баялаг сан хөмрөг цуглуулсан ажгуу. Түүний Монголын их эзэнт улс Юань гүрний үед анх гүйлгээнд гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон манай эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг нэлээд хэдэн жилийн өмнө БСШУЯ улсын санд худалдаж авсан аж.
    Аль ч улс орон эртнээс зоос мөнгийг арилжааны хэрэгсэл болгож байсан. 1221 онд Монголын эзэнт гүрний анхны зоос гарчээ. Тэрнээс өмнө тархай бутархай аймгууд байсан болохоор тодорхой мэдээлэл алга. Монголын эзэнт гүрний зоос, Чингисийн алтан зоос гэж их ярьдаг. Яг ямар зоос байдаг вэ. Түүн дээр ямар үг бичсэн байдаг вэ гэдэг нь анхаарал татна. 1219-1225 оны хооронд Чингис хааны их цэрэг буюу Монголын цэрэг Дундад Ази руу аян дайн хийсэн. Тэр үед Дундад Азид худалдаа маш их хөгжсөн, маш гоёмсог, баян хот, улсууд байв. Тэд алтан зоосууд гаргаж байсан. Хорезмын шах Желаль Ад Дины үед, түүнээс ч өмнө алтан зоос гарч байв. Худалдаанд зориулсан алтан зоосууд гардаг байжээ.
    Б.Нямаа судлаач Чингис хааны алтан зоосны талаар “Зоосыг тэр үед гараар дэлдүүлдэг байсан учир орчин үеийнх шиг биш. Хэмжээ, загвар, жин нь ижил биш гардаг байж. Тэр үед араб дахинд гарч байсан зоос бүгд ийм” хэмээн өгүүлжээ. Түүний судалснаар Чингис хааны алтан зоос хоёр төрлийн бичээстэй.

    Нэгдүгээрт, Хаадын хаан агуу их Чингис хаан гэсэн Араб үсгээр Перс бичээстэй. Энэ зоос ойролцоогоор 4-4.5 гр жинтэй. Дөрвөн мөр бичээс байдаг. Эхний мөр ‘‘Ал хаган” гэж үг. Энэ нь хамгийн мундаг хаан, хаадын хаан гэсэн утгатай. Дараагийн мөр нь “Ал абл” буюу шударга хаан, үнэн хүчит хаан гэсэн утгатай. Гуравдугаар мөрөнд “Ал азм” буюу хамгийн гайхамшигт, агуу, эрхэм дээд гэсэн үг, хамгийн доор Чингис хаан гэж арабаар бичсэн байдаг аж.

    Чингис хааны алтан зоосыг 800 жилийн өмнө анх дэлдсэнээс хойш түүнийг залгамжилсан их хаад болон Ил хаант улс, Алтан ордны улсын хаад тэргүүт Монголын эзэнт гүрний залгамж хойчийн хаад бүгд өөр өөрийн нэрээр зоос дэлдүүлж байжээ. Тэдгээр зооснууд дээрх бичээс, дүрслэлүүд л гэхэд бүхэл бүтэн судалгааны сан хөмрөг, судлагдахуун аж. Тухайлбал, Чингис хаанаас эхлээд Монголын эзэнт гүрний хаад зоосон дээрээ өөрсдийн овгийн тамгыг дүрслүүлдэг уламжлалтай байжээ. Эндээс улбаалаад их хаадын овгийн тамганы судалгаа руу гүн гүнзгий орсон хүн бол түүхийн түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа гуай юм. Төрийн шагналт эрдэмтэн, нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ гуай 1975 онд “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх ном бичсэн нь энэ чиглэлийн судалгааны анхны бөгөөд даацтай бүтээл байсан. Тэгвэл Б.Нямаа судлаачийн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга” ном дээр бүтээлээс хойших цогц, чамбай бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Ташрамд дурдахад Б.Нямаа доктор XVI-II зууны Францын нэрт эрдэмтэн, Ойрхи дорнод болон Дундад Ази судлаач, дипломатч, орчуулагч Пети Де Круагийн бичсэн “Монголчуудын анхны эзэн Чингис хааны түүх” хэмээх түүхийн ховор нандин сурвалжийг нээн илрүүлж, судалгааны эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан нэгэн юм. Тэрбээр уг бүтээлийг анх олж уншсанаас хойш эх монгол хэлнээ хөрвүүлэх хүсэл эрмэлзэл тээн олон орчуулагч, түүхчид санал тавьсан ч дундад эртний Араб, Перс дахины хэлний онцлог, нэр, томъёо сэлт их гардаг уг номыг зориглон хөрвүүлэх хүн олдолгүй багагүй хугацааг үджээ. Эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч буй, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ уг номыг орчуулах саналыг хүлээн авснаар эл алдарт түүхэн зохиол анх удаа Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан билээ. Пети Де Круа тус номыг бичихдээ ХII-XVII зууны Араб, Перс, Турк хэл дээрх 50 гаруй, Европын 60 шахам жинхэнэ эх сурвалж материалыг үндэс болгон ашигласан нь эдүгээ цагт Чингис хаан болон Монголын түүхийн чухал үнэт сурвалж болж буй юм. Б.Нямаа доктор уг номыг олж авах хүртэл өрнийн Монгол судлаачид төдийгүй Монголчууд өөрсдөө ч ийм сурвалж буйг мэдээгүй явсан билээ.

    Г.Сонинбаяр

  • 2. МОНГОЛЫН 1000 БААТАР ДАЙЧДЫН ТУХАЙ ТҮҮХИЙН АГШИН

    Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын загасчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
    Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтоны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарчээ. Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
    Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
    Эд хэн байв? Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
    Үүнд 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв. Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ.
    Бат, Сүвээдэй нар цаашлан 1237 оны намар Черкес, Буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна.
    Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
    Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
    Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 дугаар сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна.
    Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 85 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав. Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
    4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв.
    Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй.
    Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийг хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм. Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогийг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

    djmedia:519