Category: Монгол үндэсний түүх

  • ХҮҮХДЭД НЭР ӨГӨХ ЁСОН

     

    1. Төрсөн жилээр нь билэгшээж нэрлэнэ. Хулгана, туулай, луу, барс…

    2. Төрсөн гарагаар нь нэрлэнэ. Даваа, Мягмар, Буд…

    3. Төрсөн сар гараг хоёрын тохиолыг баримтлан нэрлэнэ. Санчир, Эрхэс, Марал… мэт

    4. Од гаригийн тохиол баримтлан нэрлэнэ. Саран, Нархан, Хишиг, Мөнгөн гэх мэт …

    Хүүхдэд нэр хайрлахдаа хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзаж байсан баримт бас байна.

    Бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байв. Мөн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ нэр өгөхдөө маш их учир жанцантай ханддаг байжээ.

    Цэцэг, Навч болсон нэрийг хуучцуул өгөх тийм дуртай биш. Улирлын чанартай, амархан хагдарч унадаг тул богино наслана гэж үздэг байв.

    Түүхэнд нэрээ дуурсгасан алдарт хаад, тэдний үр садангийн нэр өгөхөөс цээрлэдэг байж. Энэ нь нэгд их хаадаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүндэднэ гэж үздэг байв. Гэтэл өнөөдөр бие биентэйгээ барьцаж байгаа юм шиг олон Тэмүүжин, Чингис, Өгөөдэй, Ану, Мандухай нар бий болсон байна. Ёс уламжлалаа мэдэхгүйн уршиг энэ юм.

    Дээр үеийн хүмүүс хүүхдэдээ Лувсан, Дулам, Бадам гэх зэрэг түвд нэрийг өгөхийг чухалчилдаг байж. Ийм нэрийг нас урт, бие эрүүл, бөх бат, хувь заяа сайн байхын билэгдэл гэж үздэг байв. Хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэнэ.

    /Хань/

  • ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛ БОЛОН МОНГОЛ ГАРАЛТАЙ ХЭДЭН ХҮН АМЬДАРЧ БАЙНА БЭ?

    2. Өвөрмонголд 3 сая
    3. Энэтхэгт 30 сая Монгол гаралтай хүмүүс
    4.Непал буюу Монголчуудын хэлдэгээр Балбын вант улсад 10 сая
    5. Афганистанд хазара буюу мянгатууд 5 сая
    6. Иранд хазара буюу мянгатууд 1сая
    7. Пакистанд хазара буюу мянгатууд 600000 гаруй мянга
    8. Шинжаан Уйгарт 200000 гаад мянган хүн Үндэсний цөөнх 0,8%
    9. Халимагт 150000 мянган хүн төрөлх хэлээрээ ярьж байгаа.
    10. Буриад Дэлхий даяар — 550 мянга (2010 он).
    Үүнээс: 2010 тооллогоор:
    * Орос 461,389 хүн амьдарч байна.
    * Бүгд Найрамдах Буриад Улс Буриад — 286,839 хүн амьдарч байна.
    * Эрхүү муж — 77,667хүн амьдарч байна.
    * Өвөр Байгалын хязгаар — 73,941 хүн амьдарч байна.
    * Монгол Монгол — 45,087 хүн амьдарч байна.
    * Хятад (БНХАУ) — 10,000 хүн амьдарч байна.

    11.БНХАУ-д нийтдээ 5 сая гаран Монголчууд байна гэсэн мэдээ байна. Харин Монгол гаралтай хэдэн хүн байгаа бол…
    12. БНХАУ Хөхнуурын Монгол буюу дээд монголчууд 200000 гаад мянган амьдарч байна
    13. БНХАУ – Дунсиань Монгол : Монголын эзэнт гүрэн буюу Чингис хааны их цэргийн байлдан дагууллын үед үлдэж хоцорсон хүмүүсийн хойчис юм. 1227 онд Чингис хаан хамгийн сүүлчийн байлдан дагууллаа хийхээр Тангуд улсыг зорьсон. Тэр зам Хатан голын эрэг дээр шархадсан цэргүүдийнхээ зарим хэсгийг цааш аян дайнаа үргэлжлүүлжээ. Тэнд үлдсэн Монгол цэргүүдийн үр хойч өдгөө Хатан голын эрэг дээр амьдардаг Дунсиань-чууд юм. Өдгөө тэдний тоо 541 мянгад хүрчээ. Тэдгээр хүмүүс Алтай язгуурын Монгол хэлээр ярьдаг.
    14. БНХАУ – Ганьсу мужийн Хилияншан уулын цаст өндөрлөгт Монгол улсын Баруун аймагаас 1910 оноос хойш 3 удаа нүүдлэн очсон Цастын халхууд 4000 гаруй хүмүүс амьдарч байна.
    15. Татарууд буюу Их Нирун улсын хааны үр удам дэлхий даяар мөн тархан суурьшсан байна.
    16. ОХУ – Бүгд Найрамдах Тува Улс 17 хошуунд – 310,460 хүн амьдарч байна.
    17. ОХУ – Бүгд Найрамдах Алтай Улсад 69000 Монголчууд амьдарч байна.
    18. АНУ – ын Халимагууд
    Энэ мэт бидний мэдэх болон мэдэхгүй маш олон Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан амьдарч байна.

    Монголчууд дэлхийд тархан суурьшсан шалтгаан нь:
    1. Хил хязгаараар таслагдсан
    2. Эзэлсэн нутгаа сахиж үлдсэн
    3. Хаад болон цэргүүдийн үр удмаас
    4. Нүүж очсон
    5. Орхигдож үлдсэн гэх мэт…

    Ийм л хувь тавилан эрт цагт амьдарч байсан бидний өвөг дээдэст тохиолдсон байна. Монголчууд маань дэлхийн газар нутгийн 33 000 000 мкв буюу Атлантын далайгаас Номхон далай хүртэл эзэлсэн цорын ганц ард түмэн шүү.

    Бидний хэдэн цөөхөн Монголчууд гэдэг ч цөөхөн байлгахыг хүсч байгаа улсууд, хүмүүс их байна. Гадныхны урт удаан хугацааны бодлогын үр дүнд Монголчуудыг маань салгаж сарьнуулж, буталж бутаргаж, алж талж, хавчиж хатуурхаж ирсэн. Энэ юуг хэлээд байна вэ? гэвэл Дэлхий биднээс айж байгаа бид нэгдвэл түүхийг өөрчлөх, шинэчлэх агуу ухаантай, зоригтой их хаадын үр удам тэнгэрлэг, тэнхээлэг “ДЭЛХИЙН ХААН” ард түмэн.

  • ГҮЙГҮҮЛ МОРЬ БУЮУ АЛДУУЛ МОНГОЛЧУУД

     

    1972, 73 оны үед хүлэг морьтой холбоотой сэтгэл сэртхийлгэсэн хоёр зүйл сонинд нийтлэгдсэний нэг нь унаж эдэлж дийлээгүй залуу морио хоригдлуудын идшинд өгчихсөн чинь тэр нь сугандаа гуурстай байсан тухай нэр, хаяг, баримттай зүйл, нөгөө нь Вьетнамаас монгол адуу биендээ олон шарх сорвитой хүрч ирсэн (тухайн үед гуурстай хүлгийн тухай би өөрийн биеэр уншсан боловч газрын холоос гүйж ирсэн адууны тухай олж уншаагүй) тухай нийтлэл гарч байсан талаар хүмүүст ярихад өрөвдөх, хайрлах сэтгэлээр сонсох хүн байхад тийм юм гэж хаанаас байхав дээ, уран сайхны аргаар дүрсэлсэн зохиомж байлгүй гэж хэлэх хүн ч тааралддаг.

    Морь ярих сонирхолтой миний бие өнгөрсөн хавар Нарантуул зах дээр хэдэн танилуудтайгаа адууны талаар хуучилж байснаа “1970-аад оны эхээр бэлгэнд өгсөн азарга Вьетнамаас гүйж ирсэн тухай сонинд бичигдсэн байсан юм. Замын саад, уул, ус, даваа гүвээ, гол мөрнийг яаж туулж ирсэн юм болдоо гэж яригдаж байсандаа. Тэр талаар ярихаар зарим хүмүүс худлаа гэдэг юм” гэхэд миний дотны танил Сэрээнэн: -Тэр үнэн. Хоёр жилийн урд ээжийнхээ бурхан тахилыг тоосолж суухдаа зурмал бурхны жаазны ар тагийг авч доторхы нь засч янзлахад сонингийн хайчилбар байхаар нь уншсан чинь хүрэн зүсний байлуу даа, нэг адуу тэр холоос гүйж ирсэн тухай аавын маань амьд сэрүүндээ хайчилж хадгалсан зүйл байсан, одоо ч байгаа гэсэн. Завханы Тосонцэнгэлд айлын бурхан тахил дотор тэр хайчилбар байгаа юм чинь архив, айлын номын сан, авдар, шүүгээнд байж л байгаа.

    …Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмийн үед манай улс хавар 5-р сард гадаадад гаргадаг мал мах бэлтгэх ажлаа сум бүрт хийж мал бүхий иргэдээс авсан малаа хүч тарга авахуулан нутаг ойролцоогоор нь Улаанбаатар, Дархан, Дорнод, Баян-Өлгий аймгуудад хөлөөр нь тууж хүргэдэг байсан.

    – Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч А.Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо бор хээр морио ариг гамтай унаж эдэлж явсаар Төв аймгийн нутагт гайгүй үнэ өгсөн хүнд худалдчихаж. 8-р сарын сүүлээр малаа тушаагаад тооцоогоо бодуулж хөлсөө авсан Товуу хотод байдаг ах дүүсээрээ орж, хоршоо дэлгүүрээс ойр зуурын хэрэгцээт зүйлээ аваад машин техник хөлөглөж аймаг, сум дамжин 9-р сарын эхээр гэртээ харьсан байна.

    Олон хоног, сараар адуу малаасаа хөндийрсөн хүн адуугаа эргэж унаа морио солиход хэдэн морьд нь тарга тэвээрэг сайтай сайхан л байж.

    Очсоноосоо хойш cap гаруйн дараа адуун дээрээ очиход Улаан-баатар хотын \Баянхайрхан сум, Улаанбаатараас 1050 км зайтай\ ойролцоо зарсан жороо морь нь адуундаа байж байна гэнэ. Арай биш байлгүй, би эндүүрч байгаа хэрэг гээд дэргэд нь очсон чинь яг зүсээрээ… 1000 км-ын цаана орхисон биш билүү? Би ижилдээ ирчихсэн байна. Намайг харж байгаа биз гэсэн байдалтай эзнээ ширтэх морио хараад өөрийн эрхгүй хоёр нүдэнд нулимс хурж билээ гэж Товуу эмч хуучилдаг байсан.

    -Шувуун фабрикийн харалдаа голын хойно Булагийн тохой, Хүйтний онгорхой орчмоор нутаглаж байсан Содгоо \Содномжамц\ олон жилийн урд надтай хүүрнэлдэж байхдаа “Би Баянхонгороос Дарханд хэдэн жил мал туусан. Хүрээ Маралын Дэнсмаагийн хээр морийг гурван жил тууварт унаж, гурван удаа худалдсан. Зам зуураа ч худалдсан, Дарханд дөхөж очоод худалдсан. Гурвуулаа нь нутагтаа гүйж очсон. Адуу сонин амьтан. Тэр тусмаа тэр хээр морь нутаг амьтай адгуус байсандаа гэж ярьж билээ”

    – Өмнөговь аймгийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж буй Сувдхүү наян хэдэн онд хар зүсний унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд хэдэн төгрөг болгоод ирэхийг хүссэнд цаадах нь хүсэлтийг ёсоор болгон хар морийг боломжийн үнээр борлуулжээ.

    Тууварчин буцаж очиход хар морь зэрэг шахам ижилдээ очихоор нь хот оруулж худалдаагүй, хотны захад борлуулсан юм шив дээ гэх мэтээр тоглоом шоглоом болоод өнгөрчээ. Хойтон жил нь дахиад тууварт авч яваадУлаанбаатархотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь ижилдээ гүйгээд оччихоор нь өрөвдөөд дахиж зараагүй нутагт нь ясы нь тавиулсан даа гэж хэлж байсан.

    -2013 оны 5-р сард Ховд аймгийн Зэрэг сумын ардын аж ахуйтан Г. Батаа Төв аймгийн Баянхангай сумын Ц. Батсайханаас найман настай азарга, хоёр үрээ худалдаж аваад нар шингэхийн үед машинд ачаалж 1200 гаруй км газрыг хоёр өдөр, хоёр шөнө туулж гуравдахь шөнийн ОЗ цагт Зэрэгийн баруун хаяанд очжээ.

    Хоёр хоног хоолтой хоолгүй ачигдсан адуунуудаа аргамжаад унтсан залуу хархүү бага үдийн алдад сэрээд аргамжаатай байгаа азаргаа услаад аваад ирэхийг ахаасаа хүсэхэд ах нь дүүгийнхээ хэлснээр аргамж, чөдрийг нь тайлаад услахаар худаг руу хөтөлж очоод алдчихаж. Суларсан азарга Их Гүвээ давж Зэрэгийн хөндий туулаад Зүүн хөдөе өгсөж Хөтөл усаар даваад Чандмань сумын Тахилт баг \3авхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа\ орсныг нь хурдан техникийн ачаар гүйцэж барьж авсан байна.

    Хөлөөрөө биш машинаар, өдөр биш шөнө тэр нутагт очсон адгуус энэ зүгт явбал нутагтаа очиж ижилдээ нийлнэ гэдгээ яаж мэддэг байна аа. Дуучин Хосбаярын дуулдаг бодит үнэнээс сэдэвлэгдсэн Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаа зорьдог тухай дууг сонсох бүрт буянт малтай харьцдаг монгол хүний самсай шархирахгүй байхын аргагүй юм билээ.

    Ганц адуу ч биш тэмээ, үхэр, ямаа, нохой хүртэл идээшиж дассан нутаг бэлчээрээ бэдэрсэн жишээ олон. Увс, Ховдоос Сэлэнгэ, Булган, Төв аймаг руу малтайгаа нүүдэллэж ирсэн хүмүүсийн яриаг сонсож байхад мал нь орой бүр нутгийнхаа зүг харж хэвтдэг, өглөө босоод ирсэн зүг рүүгээ бэлчдэг гээд өрөвдмөөр зүйл ярьцгааж л байсан.

    Социализмын үед харийн, хүнтэй гэр бүл болох, гадаадад цагаачлах асуудал давшгүй даваа, бүтэшгүй зүйл байлаа. Өнгөцхөн бодоход хэний хүү, охин аль орны хэнтэй ч гэр бүл болж болох мэт санагдавч монгол хүний ген, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн үеийн төр, засгийн удирдлага хатуу байр суурь баримталдаг социалист, капиталист хоёр системийн улс төрийн бодлого, шашин шүтлэг, ёс заншил бас нөлөөлж байсан.

    1980 хэдэн онд Микоян хочит Дамдинсүрэн гэдэг эр Монголоос анх гадаадад гэр бүлээрээ цагаачлах эрх олж авахдаа амаргүй даваа давж зам зуураа авч явсан эд зүйлээ алдаж үрэгдүүүлэн зовж зүдэрч явсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан үг дуулдаж, төрөлх сайхан эх орноо голж гоодон, харь орныг сайн сайхан хэмээн доншуучилж яваа хүн яаж ч өөдтэй явах вэ гэсэн яриа зарим хүмүүсийн амнаас гарч байж билээ…

    Удалгүй цагаан морин жилийн хувьсгал гарч одоо бидний амьдарч байгаа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан гэсэн халхавчтай харгис нийгмийн үр шимийг үзэхийг хүссэн хүмүүсийн уяа хүлэг тайлагдсанаар олон мянган хүн \голдуу залуус\ хөлөө хүрэх газар очиж, хэл нэвтрэх бүхэнтэй харьцах боломж олдсоны бодит нэг жишээ нь харийн хүнтэй гэр бүл болох асуудал.

    Гадныхантай гэр бүл бологсод энэ тухайгаа тайлбарлахдаа нутаг нэгтнүүдээ амь, амьдралдаа арчаагүй ханддаг, соёлгүй бүдүүлэг, архичин, тамхичин [залуучууд энэ шүүмжлэлд ач холбогдол өгч дутагдлаа засмаар] гэх мэтээр гоочилдог ч тэр улс гүрэн, газар орныхоо эрчүүдээс удам судар, заяа тавилан сайтай, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, соры нь олж ханилдаг уу гэвэл үгүй.

    Хир тааруу “амьтад”-тай гэр бүл болцгоосон байдаг. Түүгээр ч барахгүй шашин суртал, ёс заншлын дарамтанд орсон, сэтгэл санаа, эд материалын эрх чөлөө эдэлж чадаагүй зарим нь салж сарнин эх нутгаа бэдэрч байхад, нэрэлхүү нэг нь насаа өтөлж, үсээ цайтал тэсэх аядан унасан газар, угаасан усаа санан гансарч эцсийн мөчид эх орондоо ясаа тавихын хүслэн болж явдаг нь нууц биш ээ.

    Тэдний сэтгэлийн мухарт “хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн буг дээр” гэсэн үг бодогддог ч нэгэнт хийсэн үйлийн лайгаа үүрэхгүй гээд яалтай билээ. Голсон юм голд орж, шилсэн хүн шилэн хүзүүн дээр морддогийн шидийг үзэхээр эргэх хорвоогийн аясыг дагаж шар нар, бор хоногийг өнгөрөөхөөс өөр аргагүй.

    Уг нь “хүүхэн хаашаа бол хархүү тийшээ, хүзүү хаашаа бол толгой тийшээ” гэдэг үг байдаг даа. Үнэхээр л тийм сайн, сайхан хүн юм бол эх орон нэгтэнтэйгээ ханилаад өөд нь татаад хүний дайтай амьдарч болмоор… За энэ ч яахав. “Үйл эзнээ дагаж, үнээ тугалаа дагадаг” юм хойно…

    1970 хэдэн оны дунд үеэр Сүхбаатар аймагт хэдэн жил ажиллах үүрэг надад ноогдсон юм. Тэр нутагт хочгүй хүн ховор. Аймгийн хойд талын суманд амьдардаг ахимагдуу насны нэгэн эрийг Алдуул хэмээн хочилдог тухай хүн надад танилцуулахад нь “- арай ч дээ. Мал биш хүнийг алдуул гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд аль 1930 хэдэн онд Увс аймгаас Байшинтын дивизэд ирж цэргийн алба хаагаад \Японы милитаристүүдээс эх орноо хамгаалах монголын цэргийн гол хүч Сүхбаатар аймгийн Халзан сумын Байшинтад байрлаж байсан юм.\ манай нутгаас гэрлэж 30 гаруй жил нутгийнхаа барааг хараагүй хүнийг өөрөөр юу гэж нэрлэх юм бэ? хэмээн миний амыг таглаж билээ.

    Тухайн үед уг хүний тухай сонсоод цочирдож байсан бол одоо Монголоос зуларсан алдуулуудын тоо толгой тоймгүй болохоор энэ асуудал ерийн үзэгдэл мэт санагдах болждээ. Тэр ч бүү хэл, тийм хүний үр сад эвгүйтээд шарил чандруу нь ирж гэнэ ээ гэхэд эхэн үедээ сэтгэл сэртхийдэг байсан бол хоорондох хоног хугацаа нь ойртсон зөөврийн олон шарилын /Ард үлдэгсэддээ муу гээд монголчууд өөд бологсдын, тэр тусмаа эмэгтэй хүний шарилыг зөөвөрлөдөггүй заншилтай байсан гэдэг/ тухай сонсоцгоогоод байх ёстой зүйл юм шиг бодогдох болжээ.

    Алдуул Монголчуудын аав ээж, ахан дүүстэй нь уулзаж учран ярилцаж байхад арай сэргэлэн золбоотой нь гадаадад гарцгаадаг. Хүү тэнд ажиллаж, охин тийм сургуульд сурч байгаа гэх боловч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулж төдий хэмжээний хөрөнгө мөнгө хандивлалаа, улс ардын аж ахуйн
    салбарт хэрэг болохуйц санал санаачлага ирүүллээ, бидний амь амьдралд нэвтрүүлмээр ийм арга туршлага байна гэнэ гэж ярих хүн тааралдахгүй \ар гэр орондоо тус дэм болгон ирүүлдэг тав арван зоосыг би үгүйсгээгүй\, эх орон, төр засгийнхаа удирдлагыг муулан, боломжтой нэгнийгээ ар араасаа чирч гулдран хүний нутаг гүний хошуунд шингэхийг хичээдэг, мах идэж өсчихөөд манайсдаггүй, өөх идэж өсчихөөд өөриймсөг сэтгэлгүй зуугуулууд олшроод байгаа нь сонин.

    Мөнгөн ембүүн хэлбэртэй Монгол эх оронд төрж өсч хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрсэн хэн ч болов эх орон ард түмнийхээ тусын тулд хийх ажил багагүй байна. Сурч мэдэж, эзэмшсэн мэрэгжлээрээ эх орондоо ажиллая, хийе бүтээе гэхээр одоогийн төр засгийн удирдлага нөхцөл боломжоор хангадаггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Энэ үнэн.

    Ард түмнээ бодохоосоо илүү хувийн эрх ашиг, нэр хүндээ бодож төрд суудал эзэлсэн эрхмүүдийг хилийн чандаас хараад суугаад байвал “бухын доодохыг хараад үнэг турж үхэх”-ийн үлгэр болно. Хувиа борлуулж довоо шарлуулан амьдарч байгаа аргаасаа салцгааж цааш явах газаргүй мухардалд ороод байгаа капиталист нийгмийн чиг баримжааг өөрчлөх, хөгжлийн өөр гарцыг сүвэгчилэхэд мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ зориулах шаардлага хүн бүхэнд тулгарч байгааг дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч буй нутаг нэгт монголчууд маань анзаарах, анхаарах болоогүй юм болов уу даа.

    Хүн өөрийгөө малаас дээр гэж үздэг. Мал нутгаа бэдэрч ижилээ дагаж байхад арав, хорин жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс их л юм үзэж, мэдэж ойлгосон баймаар…

    Элсжиж, тоосжсон ч гэлээ эх орон нь, ухаа, хогтой ч Улаанбаатар нь хүлээж байна аа. Харь нутагт хатирч, хальтирч явтал хамаг сайхан залуу нас, хийх бүтээх чадал, чадвар чинь дундарч, дуусчих вийдээ…

    Т.Баттулга

  • НУУЦЫН ЭЗЭН АВТАЙ САЙН ХАН ТҮВДИЙГ ЗОРЬСОН ДОМОГ

    Абтай хааны эзэмшил Хэрлэн голын саваас Хангайн нуруунд тулж, нутгийн гол төв Орхон Туулын бэлчирт байжээ. Абтай хаан Жалайр, Сүлдэсүн зэрэг Монголын эртний алдарт том аймагтай ураг холбож гурван хатантай байснаас хоёр хөвүүн, гурван авхай төрсний ахмад хөвүүн Өлзийт Шибагудай хунтайж эцгээ төлөөлж Ойрадыг захирч байсан ба дэд хөвүүн Эртэхий нь угсаа залгамжилсан байна.
    Абтайн улс төрийн бодлого хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, өөрийн эзэмшил Халхын төв нутагт оршиж, хүчин чадал улам бүр өсөх төлөвтэйг чадмаг ашиглан дөрвөн Ойрадын толгойгоо даан тусгаарлах оролдлогыг эцэслэж, Халх Ойрадыг нэгтгэн захирахад чиглэгджээ. Академич Ш.Нацагдорж Абтай ханы Ойрадтай байлдан буулган авсан үйл явдлыг 1577 онд болсон гэжээ. Уул байлдааны шалтаг нь Халх, Ойрадын ноёд засгийн эрхийн төлөө удтал тэмцэлдэж байсны үргэлжлэл болох юм.
    Абтай хаан «урьдын гучин гурван өрөвлөгтөн, дөчин дөрвөн отогтон, жаран нэгэн хэгээртний өшөөг энэ өдөр авав» гээд буцсанаас мэдэгдэж байна. Абтайн хэлсэн үг бол түүнээс 110-аад жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн Агваржин жононг хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн, олонхийг нь хядсан хар явдлыг хэлж байгаа юм. Тэр цагаас хойш ноёдын үхэл чуулганд гэх хэлц үг монголчуудын дунд гарсан байдаг.
    Абтай хан бөөгийн онгон шүтлэгийг орхиж шарын шашныг хүлээн зөвшөөрч түүнийг Халх түмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ.
    Асрагч нэртийн түүхэнд «Абтай хан модон тахиа (1585) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (1586) жилд Түмэд нутагт морилж Содномжамц далай ламтай учраад түүнээс «номын их Очир хаан» цол авч их нутаг Хар Өлөнд байхад буцаж ирсэн» гэжээ.
    Гэтэл Эрдэнэ зуугийн намтарт «Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторхи улаагчин үхэр жил (1577) III далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов» гэжээ. Харин төвөд сурвалж бичигт, Ю.Н.Рерихийн өгүүлснээр III Далай лам Содномжамц 1577 онд нутгаасаа гарч замдаа Алтан ханы гурван удаагийн угтуул элч нартай уулзаж аялан явсаар Түмэдийн газар ирж хойтон жил нь Алтан хантай уулзжээ. Абтай хан Содномжамцыг Түмэдэд дахин ирсэн 1587 онд очиж уулзсан байна.

    Абтай, дайчин баатар, эрэлхэг зоригтой эр байсан тул түүнийг хуучин цагийн монгол түүхчид улам алдаршуулах зорилгоор «хомхой хуруундаа хар нөж атган төрсөн», «Ар Халхын Абтай галзуу ноён» гэх зэргээр магтан «Очирваанийн хувилгаан», «Түшээт сайн хаан» гэх зэргээр цоллосон байдаг.
    Нууцын эзэн Очирваань бурхан Монголын Бурханы шашны түүхэн холбоо
    Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж түүх шаштирт олонтаа байдаг. Үүнийг Монголын түүхэн олон үйл явдал тодорхой харуулдаг юм. Халх Монголын Зая бандида Лувсанпэрэнлэйн (1642-1716 он) “Өндөр гэгээний намтар”-т бичсэнээр, Абтай хан нь (1554-1588 он) III Далай лам Содномжамц (1543-1588 он)-тай хоёр удаа уулзсан ажээ.
    Энэ тухай “Баруун Төвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй” хэмээн Халх Монголоос анх түрүүнд Абтай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Абтай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ.
    Үүний дараа юу болсон бэ гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Төвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь ийнхүү өчжээ “Зүүн Халхын Абтай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав.
    Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв” хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд “Халх Монголын Абтай хан гэгч нь Очирваанийн хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер нь аливаа амьтанд хор бүү хүргэгтүн, үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй” хэмээн гэж бичсэн байдаг . . .
    Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр “Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай” хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Абтай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр “Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ.
    Энэхүү догшин хаанаас би ч гэсэн айн сүрдэж байна”хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг “Түргэнээ одогтун” хэмээн зарлиг болжээ.
    Ийн байтал Абтай хан хүрч иржээ. Абтай хан нь Далай ламд мөргөж ирсэн учраа айлтгасан нь “Өчүүхэн би бээр, умард зүгийн хязгаарын халх Монгол хэмээх улсын Абтай хан гэгч бөлгөө.Далай лам тантай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье, үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ” хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ.
    Далай лам Абтай ханд сургаал номлож, олон бурхадын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болжээ. “Хан чи бээр, олон бурхадын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурханаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай” хэмээн айлтгажээ.
    Энэхүү зарлиг ёсоор Абтай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн таалаад “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн залжээ.
    Уг бурхан нь Их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг. Энэхүү бэлгэдлээр хожим Очирваань бурхан нь Монголыг даасан сахиус хэмээн алдаршжээ. …Халхын
    Автай хан Далай ламыг үзэж ихэд сүжиглэн мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Абтай ханд зарлиг болсон нь:
    -Чи надад өчигдөр мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цаган буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, Бурхан Шагжамунийн галд үл шатагч шарил (уран баримал) ба бас хаан дүрт Пагмадүвийн (Сажа ёсны ламын) хөрөг тэргүүтнийг хайрлаад Абтай ханд “Очир хан” хэмээх цол өгсөн.
    Монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай “Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Абтай сайн хан тэргүүтэн олон гарсан нь Монголын ард олон бүгд Очирваанийн ивгээлд байхаар зарлигласны улмаас бөлгөө” гэж бичсэн байдаг. Энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх тахилгат уул, овоо нь Очирваанийн тахилгатай байдаг.

  • СЯНЬБИ УЛС

    Сяньби улс Хүннү гүрний нэгэн адил Төв Азийн нээдэлчдийн хүчирхэг гүрэн болсон. Сяньби нарын дунд хаан ширээнд үе залгамжлан суух журам жигдрэн тогтсон байв.
    Өмнөд хүннүгийн Чжао улс Муюны Янь улсын эсрэг аян дайн хийж 36 хотыг нь булаан эзэлжээ. Удалгүй Муюны Янь улсын цэрэг Бээжин хотыг бүслэн авчээ.
    Хүннү гүрний үед МЭӨ II зууны орчим Мао хан гэгч аймгийн холбооны зонхилогч тэргүүтэй тоба нар 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ.
    Түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээснийг дөрвөн үе өнгөрсний дараа, тухайлбал, Хүннү гүрэн мөхөөд сяньби нар баруун зүг Ар Монголд шилжиж, муюнчууд өмнө зүг нүүж Өвөр Монголын зүүн хэсэгт шилжин очихын хамт тоба нар бас өмнө, баруун өмнө зүг нүүж Түийнь ханы үед Өвөр Монголын хойд талын Шилийн гол, Цахарын чуулганы Долнуур хэмээх Долоннуур, Далай нуурын тэнд хүрэлцэн ирж нутагласан байна.
    III зууны дундуур тоба аймгуудын холбооны зонхилогч байсан Ливэй хан одоойин Өвөр монголын Бугат хот байгаа газрын зүүн хойтох Ченло сууринд төвлөн суух болжээ.
    Үнэхээр Хятадын Цзинь улсын төрийн бодлого Тоба зэрэгх Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн хувьд найрсаг дотно байсангүй, хамгийн наад зах нь Тобагийн “Овог аймгуудын ахлагч зонхилогч нарыг далдуур хээл хахуульдаж, өвөр хооронд нь эвдрэлцүүлэн мөргөлдүүлэх” зорилт тавьж, “тэднийг хэрэлдүүлэн мөргөлдүүлэх арга хэрэгсэл олсон “ байв. 1Мөн тэнд, тал 189-190.
    338 оны үест Шэигянь Тоба улсын хаан ширээнд өргөгдөн гарч ирсэн байна.Тэрээр ухаантай, зоригтой хүн байсан бөгөөд төрийн бодлогод өндөр боловсрол, дадлага туршлагатай хятад сайд, түшмэдийг өргөнөөр ашиглаж, засаг заслал, цааз хуулийг жигдлэн тогтоолгосон байна. Засаг заслал , цааз хууль ял шийтгэл зэрэгт нэлээд шудрага байдлаар хандах гэсэн нь олны талархлыг хүлээж, харъяат албат нар нь нэг хэсэгтээ тайвширсан хэмээн түүх сударт тэмдэглэн үлджээ.
    Тоба Гүй хааны үед Тоба улс Юань Вэй хэмээх нэртэй, Хятадын Пинчен хотод нийслэлсэн, дэвсгэр нутаг, хүн амын ихэнх нь хятад иргэд болсон, хятад, тоба холимог, нүүдэл суурьшил хосолсон улс болж хувирсан байна. Удалгүй Тоба хаад нийслэл хотоо эртний хятадын Зүүн Хянь улсын нийслэл байсан Лоян хотод шилжүүлэн,хятад маягаароны цол сэлттэй болж, түүнийг бас хятадаар нэрлэх болсон байна. Шашин соёл, зан заншлын хувьд ч Тоба хаад бөө мөргөл , нүүдлийн соёл заншлаас аажмаар хөндийрч хятад маягийн амьдрал,Хань улсын үеэс Хятадад нэвтрэн дэлгэрч, хангалттай хятаджсан буддын шашныг илүү баримтлах болж байсан байна.
    Тоба Вэй улсын хаад, ноёд Умард Хятадад ноёлон удах тусам хятадын нөлөөнд аажмаар автагдан эцэс сүүлд нь тоба нарыгаа хүртэл хятадчилах тийш хандаж байжээ.
    Өвөр Монгол, Умард Хятадад ноёлж байсан Муюны улс, Тоба Юань Вэй улс мөхсөн боловч Муюн, Тоба нар бүхэл бүтэн аймаг, овгуудын хувьд бас тэр доро устаж үгүй болоогүй билээ.
    Түгүхүнь нар нэг хэсэгтээ иньшан; уулын баруун өмнө хэсэгт буудаллан байж байгаад 4 зууны эхээр цааш нүүж, Хөх нуурын газарт очиж, тэндэхийн Цян угсааны тангад аймгуудыг засаглан захирах болсон ажээ. 2 мөн тэнд, тал 229.
    Хөх нуурын газарт очиж засаглан суусны дараа Түгүхүнь ноён хэрэг дээрээ тэндэхийн өвөг монгол угсааны анхны хаан болсон байна. Түгүхүнь нар өөрийн хааныг “кэхань” (каган) хэмээн цоллодог, хатныг “кэцзүнь” (катунь) хэмээдэг байсан нь бас л цөм өвөг монгол хэлний мөнгөл бичгийн эртний дуудлагаар байгаа байна.
    Эр хүн эцгийгээ нас барсны дараа хойд эхээ, ахын үхсэний дараа гэргий нарыг нь эхнэрээ болгож авдаг заншилтай байсан Хүннү, Сяньбийн угсааны бусад аймаг, овгууд дахитай нэг адил байжээ.
    4 зууны 20-оод оны үест төр барьж байсан Ачай хаан 20 хөвгүүнтэй байсан бөгөөд нас бархынхаа өмнөхөн эхийнхээ отгон дүү хөвгүүнийг дуудаад “Чи нэг цум аваад хугалаад орхи” гэжээ. Сумыг хөвгүүн хичнээн хугалж орхисонд одоо “19 сум авчраад хугал” гэжээ. Хөвгүүн хичнээн оролдовч хугалж чадсангүй. Ачай хаан үр хүүхдүүддээ хандаж “Та нар ганчаныг хугалхад амархан , харин олныг хугалхад хэцүү гэдгийг та нар ойлгов уу? Хүчээ нэгтгэж нэг санаатай бай! Тэвэл газрын онгодыг тахих тахилгын ширээ тань бат бэх байх болно. (Засаг заслалын суурь батжин бэхжинэ)” гэж байжээ.
    Эдүгээ хүртэл Хөх нуур, Ганьсү нутагт баоань дүнсянь, монгор гэх зэрэг эрт, дундад зууны монгол хэлтэн аймаг ястнууд байгаа нь чухамхүү түгүхүнь-төгөөн нарын үр удмынхан хагас дутуу ч гэсэн хадгалагдан үлдээд байгаа сонин бөгөөд чухал үзэгдэл мөн хэмээлтэй.
    Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюны соёлтой байсан нь дээр дурдсан бүх зүйлээс тодорхой байгаa юм.
    Тэд цөм дөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ес суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил , ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.
    Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна.
    Тоба нар ч гэсэн анхны үед бөө мөргөл шүтдэг байсан. Харин Умард Хятадыг эзэлж, Тоба Вэй улсыг байгуулсны дараа Буддын шашинд орж Энэтхэгийн соёл иргэншлийн нөлөө их дэлгэрсэн байжээ. Тоба нар буддын шашныг эхний үед Хятадаас уламжлан авсан бололтой байдаг. Тоба Вэй улсад буддын шашин нь төрийн шашин болсон байжээ.

    Сяньби нар ялагдсан дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчиж ховхлон авдаг тоног авах ёсыг их үйлддэг байжээ. Тоног авах ёс эртний скиф, индиан, монголчуудын дунд ч байсан бөгөөд 13 зууны үед “тоног” гэдэг нэрээрээ хадгалагдан үлдээд байжээ. Хожим монголчууд тоног авахыг бүрмөсөн цээрлэн хориглосны улмаас хонины толгойг чанаж болгон идэхдээ түүний оройн хатуу зузаан баатар хуйх гэгчийг “хүнд өстэй болно” гээд авч идэхийг цээрлэдэг заншилтай болсон байна.
    Тоба нарын тэнгэр тахих ёс бас их сонин бөгөөд зарим зүйл нь хожмын үеийн монгол зан заншлын зүйлтэй адил төсөөтэй байсан байна.
    Датун хотын баруун дүүрэгт 405 оны үест тахилгын дөрвөлжин цөнж бариад, түүн дээр 7 модон хүн тавьсан зэргийг нэлээд тодорхой дүрслэн бичжээ. Тэнд дурдсанаар тал хэнгэрэг барьсан удган нар цонжийн хоёр хажуугаар зогсож, хааны угсааны 7 хүн архи барин, удган нартай хамт цонж дээр гарч тэнгэр дэвээр мөргөн, 7 хүн баруун тийш хандан архиа тэнгэрлиг модон хөрөгт өргөж байжээ. Түүнчлэн 420-иод оны үест Тоба Вэй улсад хэрхэн тэнгэр тахиж байсан тухай эртний Хятадын “Өмнөд ци улсын судар” түүхэнд дурдсан зүйл их сонин бөгөөд чухал. Тэнд дурдсан нь: Хотын баруун талд тэнгэр тахих цонж бий. Түүний дээр дөчин есөн модон хүн, өндөр нь хос алд орчим, мөн цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл тавьжээ Дандаан (билгийн улирлын) дөрвөн сарын дөрвөнд үхэр, мориор тэнгэр тахидаг гэжээ. Доктор Г.Сүхбаатар Өмнөд Ци улсын түүхчдийн дурдсан цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл зэрэг нь хойч үеийн монголчуудын адууны дэл сүүлээр үйлдсэн хар, цагаан сүлдийг санагдуулж байна. Үүнд, марины сүүл гэдэг нь гилбэрийг тойруулан адууны сүүл уядагийг хэлж байна, тэр сүлдний ерөнхий байдлыг төсөөлөн бодоход Чингисийн үеийн хар, цагаан сүлдтэй үндсэндээ адил санагдана гэсэн санаа дэвшүүлсэн нь үнэхээр тийм байсан байж бүрэн болно.
    1Өмнөд Ци улсын судар 59-р бүлэг (хятадаар), 2Г.Сүхбаатар. Сяньби. УБ., 1971, тал 137-138
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • У.ПҮРЭВСҮРЭН: ИЖИЙ БҮРИЙН ӨРГӨСӨН СҮҮН ЦАЦАЛ ХИЛИЙН БАГАНА ДЭЭР ОЧИЖ ДУСДАГ

    -Таныг уншигчид яруу найрагч гэдгээр нь сайн мэддэг. Гадаа хавар болж байна. Хамгийн сүүлд ямар шүлэг тэрлэв?

    -Хүний амьдралыг би дөрвөн улиралтай зүйрлэдэг. Хавар мэт ургаад, зун мэт цэцэглэж, намар мэт гандаад, өвөл мэт хайлж дуусдаг. Ганцхан жил шиг цаг хугацаа. Энэ хугацаанд хүн өөрийнхөө хувь тавиланг яаж үргэлжлүүлэх, яаж дурсагдах, хэрхэн дуусгах вэ гэдэг нь өөрөөс нь л шалтгаалдаг. Миний хувьд шүлгийн бодол санаа ихэвчлэн намар хөглөгддөг. Намрын улиралд хамгийн даацтай уран бүтээлүүд минь төрсөн байдаг. Хамгийн сүүлд “Цаг хугацааны зүүд” гэсэн шүлэг тэрлэлээ.

    Таны хувьд жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Ямар хувь тохиолоор цэргийн байгууллагатай холбогдов?

    -Би СУИС-ийг төгсөөд Увс аймгийн театрт хоёр жилийн гэрээтэй ажиллахаар очсон. Тус аймаг хилийн хоёр ангитай. Тухайн үед бид төвийн хилийн ангитай уялдаатай ажилладаг байлаа. Захирагч нь Л.Батсүх гээд хурандаа байсан юм. Оросоос төлөөлөгч, зочид их ирнэ. Тэр үед нь би тоглолтыг нь найруулж, хөтөлдөг байлаа. Удахгүй захирагч маань Сэлэнгэ аймаг руу шилжиж ажиллахаар явахдаа надад Сэлэнгэд ажиллах санал тавьсан юм. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Үүний дараа намайг хотод ирчихсэн байхад дахин холбогдоод Сэлэнгэд хилчдийн баярт зориулсан тоглолтыг найруулах санал тавьсанаар энэ аймагтаа таван жил ажилласан түүхтэй.

    -Тэгээд л Сэлэнгэд үлдчихсэн юм уу?

    -Тухайн үед Л.Батсүх хурандаа удирдлагуудад энэ залууг л авч үлдмээр байна гэсэн санал тавьсан юм шиг байгаа юм. Тоглолтын дараа намайг аваад Сайхны хөтөл, хилийн зурвас дээр аваачсан юм. Тэр үед би Монгол Улсын хилийн хоёр багананы хажууд зогсоход нэг л сонин мэдрэмж төрсөн. Энэ хилийн багананаас цаашаа нэг алхахад хүний нутаг, яг миний зогсож байгаа газар миний нутгийнх. Хэрэв энэ багана жаахан наана байсан бол энэ хэсэг тэр чигээрээ хүний нутаг болох байжээ гэсэн бодол төрсөн. Яагаад ч юм тэр үед эх оронч үзэл давамгайлсан байх. Гэнэт үлдчихмээр санагдаад ээж, эхнэр лүүгээ ярьсан чинь “Үлдмээр байвал өөрөө л шийд” гэж хэлсэн. Тэгээд л энэ сайхан газар энэ мундаг хүмүүстэй хамтраад эх орны тухай, хилийн тухай уран бүтээл хийе гэж зориглоод үлдэх шийдвэр гаргаж байлаа.

    -Мэдээж таван жилийн хугацаанд олон уран бүтээл туурвисан байх?

    -Монголын хилчдийн сүлд бүтээл болж, эгшиглэсээр байгаа “Эх орон тайван байна” дуу минь хил дээр “төрсөн”. Энэ бүтээл гурван бадагтай, энэ бадгууддаа Монгол Улсын хилийн гурван үеийн түүхийг багтаасан. Тиймээс ч яруу найргийнхаа хувьд цар хүрээ өргөнтэй. Ихэнх цэрэг эх орны дуу марш байдаг. Харин энэ дуу уянгын мөртлөө цэргийн суурьтай гэдгээрээ онцлог болсон юм болов уу.

    -Өөрөө хил дээр ажиллаж байсан хүний хувьд яг хилчдийн амьдралыг зураглаач?

    -Говийн хилийн ангийг төсөөлье. Улайсан говь, тэнд шувуу ч ангадаг. Түүгээр явсаар хилийн зурвас дээр очоод тулахад нэг жижигхэн харуулын байранд нэг ахлагч хэдэн цэрэгтэйгээ “Монгол Улсын хил тайван байгааг илтгэе” гээд ёслоод зогсож байдаг. Тэр хүн насаараа хилийн зурвас манаж байна. Мэдээж өөрийн мөрөөдөл, зорилготой байсан. Түүнийг дагаад нэг бүсгүй ажлаа, мөрөөдлөө орхиод дагаад ирчихсэн байдаг. Тэгэхээр хилчдээр, тэдний гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй. Монгол ижий бүхэн “Төрийн минь сүлд өршөө, Монголын минь хил тайван байг” гэж сүүн цацлаа өргөдөг.

    Ижий бүрийн өргөсөн сүүн цацал хилийн багана дээр очиж дусдаг юм. Тиймээс эдгээр хилчдийнхээ алдар гавьяаг мөнхлөх, сэтгэлийг нь өргөхийн тулд ХЦДБЧ байхаас, сайн уран бүтээл хийхээөс өөр сонголтгүй гэж би боддог юм.

    -Цар тахлаас шалтгаалаад урлагийн байгууллагууд маань хоёр жил гаруй зогсонги байдалтай байлаа. Одооноос л хөл хорио сулраад үйл ажиллагаа хэвийн болж байх шиг байна?

    -Хэдийгээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэх цаг хугацаа нь хязгаарлагдмал байсан ч тэргүүлэгч уран бүтээлч буюу уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд нэлээдгүй бодох, шинэ санаа эрэлхийлэх боломж бий болсон. Уран бүтээл дээрээ тогтож суух, даацтай бүтээл гаргах түлхэц боллоо гэж харж байна. Хэдийгээр Монгол Улс хилээ хаасан ч бүтээгч хүмүүсийн тархины хилийг хаах боломжгүй учир уран бүтээлээ туурвих, өмнөх бүтээлүүддээ дүн шинжилгээ хийх гээд нэг талаар энэ хоёр жил үр өгөөж, бүтээмжтэй өнгөрсөн гэж бодож сууна.

    -Тэгвэл одоо л бодож, төлөвлөж, зорьсон уран бүтээлээ хийх цаг нь боллоо гэж та харж байна уу?

    -Ирэх жил Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ой болно. Ойн хүрээнд манай чуулга үндсэн үүргийнхээ дагуу том хэмжээний уран бүтээлүүдээр бэлэг барих учиртай. Тиймээс Монгол орны дөрвөн зүг найман зовхист байгаа хилчдийнхээ дундаас авьяастай уран бүтээлчдийг шалгаруулах хилчдийн урлагийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгарсан уран бүтээлчдээ ойн хүндэтгэлийн тоглолтдоо оролцуулах юм. Манай чуулга улсынхаа хэмжээнд үнэ төлбөргүй тоглодог, нүүдлийн статустай ганцхан чуулга. Бид эх орныхоо хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид болоод тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хил орчим ажиллаж, амьдарч байгаа ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үндсэн үүрэгтэй.

    -Үүргийнхээ дагуу хилчиддээ хэр ойр хүрч, үйлчилж байна?

    -Бид хоёр жилд нэг удаа Монгол Улсын хилийг бүтэн тойрсон байх үүрэгтэй. Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалаад энэ ажил нэлээд доголдсон тал бий. Гэхдээ цахим орчин хөгжсөн учир онлайн тоглолтуудыг зохион байгууллаа. Энэ хугацаанд анир чимээгүй, суурин газраас хол хилийн зурваст албан үүргээ гүйцэтгэж суугаа хилчид маань мэдээж урлаг соёлоор цангаж, уран бүтээлчдээ санасан байгаа. Тиймээс энэ жилийн хувьд илүү шинэлэг, чанартай, өвөрмөц уран бүтээлээр бэлэг барихаар төлөвлөгөөгөө нарийн гаргаж, ажиллаж байна.

    -ХЦДБЧ-ын үндэс суурь нь хэзээнээс эхтэй вэ. Дарийн утаа үнэртэж, дайнд хүртэл оролцож явсан гэх түүх байдаг юм билээ?

    -Монгол Улс гэж байгаа бол дархан хил байна. Хил байгаа бол тэнд хилчид байна. Манай улс хилээ хамгаалуулж байгаа учир тухайн хүмүүст цалин хөлснөөс эхлээд хангамж өгөх учиртай. Үүнд нь хувцас хэрэглэл, соёл урлагийн арга хэмжээ багтдаг. Тиймээс манай улсын хил бүрэлдэн тогтсоноос эхлээд л хилийн цэргийн чуулгын улбааг ярьж болно гэж би боддог. Харин орчин цагаар бодвол чуулга маань 78 жилийн түүхийг бичиж байна. Он цагийн салхинд манай чуулга мандан бадарч, дайны утаа үнэртэж явсан үе бий. Баруун хилийн тулгаралтад оролцож, амь эрсдсэн уран бүтээлчээ чуулгынхаа тугаар ороож авчраад хөдөөлүүлж байсан гашуун түүх ч байдаг.

    -Нэг хэсэг танай чуулга ЦДБЭЧ-тай нэгдэж байсан. Яагаад буцаад салчихсан юм бол?

    -Тухайн үеийн яам, тамгын газрын буруу бодлого, шийдвэрээс болоод чуулга маань татан буугдаж, ЦДБЭЧ-тай манайхыг нэгтгээд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгыг байгуулж байсан. Гэвч удалгүй энэ хоёр байгууллага тусдаа байх учиртай юм байна гээд эргээд салгасан түүхтэй. Одоогоор манай чуулга найрал дуу, найрал хөгжим, бүжиг анги, эстрад дуу хөгжмийн “Хилчин” хамтлаг гэсэн мэргэжлийн үндсэн дөрвөн ангид хуваагдаж байна. Үүнээсээ улбаалаад найрал хөгжим маань дотроо үндэсний хөгжим, үлээвэр хөгжмүүд нь дахин хоёр хуваагддаг. Зөвхөн хөгжим анги гэхэд тав салах жишээтэй. Эдгээр уран бүтээлчид маань Монгол Улсын таван хил рүү зэрэг гарах бололцоотой. Хөгжим дээрээ суурилаад дуучид, хөгжимчид маань хуваагдаад уран бүтээлээ хүргэдэг.

    -Уран бүтээлч авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

    -Бид уран бүтээлийн багаа мэргэжлийн уран бүтээлчдээр бүрдүүлдэг. Манай чуулгын нэг онцлог нь дуучид маань бүгд солист буюу гоцлол дуучны түвшинд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, дуурийн театрт зөвхөн найрал дуунд зогсдог дуучид гэж тусдаа байдаг бол манайд тийм боломж байхгүй. Тиймээс чуулгын маань босго жаахан өндөр. Дуучин авахдаа сонгон шалгаруулалт зарладаг. Энэ уламжлалынхаа дагуу саяхан хоёр дуучнаар бүл нэмээд байна.

    -Таны хувьд 12 жил чуулгынхаа ерөнхий найруулагчаар ажилласан. Уран бүтээлчийн хувьд баримталдаг хамгийн гол зарчим тань юу байв?

    -Би драмын чиглэлийн найруулагч. Тиймээс концертыг зохиомжтой хийхийг, тухайн концертийг үзсэн хүн нэг зүйл ухаараад гараасай гэж хүсч ажилладаг байлаа. Жишээлбэл, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулсан тоглолтоо Хүннүгийн үеэс эхлээд газар бол лусын үндэс гэсэн санааг илэрхийлж, өнөөдрийн Монгол Улсын хил тайван байна гэдэг санааг уясан. Агуулга дотор нь эх орныхоо түүхийг тэр чигт нь багтаахыг зорьсон юм. Хүннү, Чингис хааны байлдан дагуулалт, есөн өрлөг, манжийн дарлал, ардын хувьсгал, ардчилал гээд бүхий л түүхэн цаг хугацааг цаг дөчин минутад багтааж байсан юм. Уран бүтээлч хүн аливаа зүйлээс санаа авдаг. Сүүлд миний энэ тоглолтын агуулгаар Н.Наранбаатар найруулагч төрийн концертыг найруулж байна лээ.

    -Монгол Улсын хил өөрөө баялаг түүх, намтартай. Тэдгээрийг судалж, уран бүтээл хийнэ гэдэг найруулагчийн ур ухаан байдаг байх?

    -Хилийн аль ч цэг, тулгаралтыг авч үзэхэд тэнд бүхэл бүтэн концертын агуулга, санаа байдаг. Аливаа улсыг эзлэхийн тулд хамгийн түрүүнд хил рүү нь дайрдаг шүү дээ. Тиймээс дайсантай хамгийн эхэнд хилчид л тулна. Тэнд тулалдсан өвөг дээдсийн минь эр зориг, алтан амь бүхэн нэгэн түүхийг бидэнд үлдээсэн. Тиймээс ч энэ салбараас 14 баатар төрсөн. Тэдгээр баатрын түүхийг судлахад л 14 концерт босох жишээтэй. Миний хувьд энэ байгууллагын анхны ерөнхий найруулагч ажилласандаа үргэлж баярлаж, бахархаж явдаг. Өмнө нь зөвхөн найруулагч гэсэн ганцхан статус байсан юм билээ. Хилчдийн урлагийн их наадамд би түрүүлсэн юм. Тухайн үед цэргийн мэргэжлийн найруулагч байгаа юм байна гэдгийн удирдлагууд хараад надад энэ байгууллагад ажиллах саналыг анх тавьж байлаа.

    Ч.Гантулга

  • № 6 Хүн Улс ба тэнгэр үзэл

    Л.Н.Гумилевын цохон тэмдэглэсэнчлэн Энэ нь эрин үеийн төгсгөл мэт санагдаж байж болох юм. Гэсэн ч хэргийн байдал хавьгүй илүү ээдрээтэй байв. Хүннү нар соёлын тэргүүний буухиа тэмдгийг алдар нэрээ мандуулагч өөр улс түмэнд гардуулан өгч чадсан юм. юу ч боллоо яалаа ч гэсэн нүүдлийн соёлын эрчимт үе хэрэгжин биелсэн байв. Үүнд бас дэлхий нийтийн түүхийн өмнө Хүннү нарын байгуулсан ххоёрдох гавьяа зүтгэл орших билээ. 3 мөн тэнд, тал 92
    Л.Гумилев “каспи нуурын орчин тойрны мянган жил” хэмээх зохиолынхоо дотор Хүннүгийн түүх соёлын тухай нэлээд тодорхой дурдааад түүнийгээ дүгнэж үзүүлэхдээ: Хятадын зах хязгаар байсаар ирсэн юм шиг яригддаг Төв Азийн улс түмнүүдийг бүрэн дүүрэн чадвар, чадавхигүй хэмээн шагширдаг бэртсэгчин үзэл санааг няцаахын тулд бид энэ асуудлыыг ингэж дэлгэрэнгүй авч үзлээ, үнэн хэрэг дээрээ тэдгээр улс түмэн бол биеэ дааж, эрчимтэй хөгжин байсан билээ гэсэн маш зөв зүйтэй дүн шинжжилгээ хийсэн байна.
    Манай орны нутгаас хүннүгийн жирийн иргэдийн болон язгууртны булш 50 орчим газраас 3000 гаруй олдсоны дотор Архангай аймгийн Хүнүй гол, Хунуй гол, Хулгийн тоглой, Төв аймгийн Ноён уул, Хэнтий аймгийн Дуурлиг нарс, Борбулаг, Ховд аймгийн Тахилтын завсар зэрэг газар хүннүгийн язгууртны томоохон бүлэг булш бүхий оршуулгын газрууд мөн хүннү нарын 10 гаруй суурин, тэр үеийн хадны зургуудыг нэрлэж болно. Хүннүгийн аж ахуй , эдийн засаг нийгмийн байгууллын үндэс суурь нь бэлчээрийн газар, мал сүрэг байсан юм.
    Газар билчээр дээр хувийн өмч байтугай хувийн эзэмшил ч гэж байсангүй. Харин овгийн байгуулал задарч, эцгийн эрхт том гэр бүлүүд бий болохын хэрээр овог тус бүр нэг хэсэг билчээрийг улирлын байдлаар сэлгэн хэрэглэж байжээ. Айл өрх тус бүр байнгын биш гэхэд нэлээд удаан хэрэглэдэг өвөлжөө,зуслан, хаваржаа, намаржааны баримжаатай болж байжээ.
    Газар нутаг билчээр ус нь цөм тийнхүү бүх нийтийн өмч эзэмшлийн шинж чанартай байсан учир төр засаг, түүний тэргүүн шанью ч түүнийг дур мэдэн гадаад, дотоодын хэн нэгэнд худалдах, бэлэглэх, бүрмөсөн өмчлөн авахыг зөвшөөрөх эрхгүй байсан юм.
    Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн гол салбар нь нүүдлийн мал аж ахуй байсан, тэгэхдээ тэр нь бүс нутаг бүхэнд ялгаатай байжээ. Ар Монголын нутаг адуу,хонь, ямаа, үхэр, тэмээ таван хошуу мал маллаж нүүдэллэх амьдрал зонхилж байжээ. Говийн өмнөх өвөр Монгол нутагт таван хошуу малаас гадна бас илжиг, луус байсан байна.
    Монгол нутгийн хойт талын хангай нутаг ялангуяа Буриад, Тувагийн байгаа гаруудад ан гөрөө хийж, гөрөөчин амьдрал. цаа буга үржүүлэх явдал эрт үеэс уламжлагдан үлдсэн байв.
    Хүннү нар XI-XIVзууны моноглчуудынхтай ойролцоо гэр тэрэг хийж, хөнгөлсөн эр үхэр буюу хэд хэдэн шард хөллөн явдаг байжээ.
    Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ.
    Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол , Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна Энэ н. Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна.
    Хүннү гүрний мандаж байх үед Хүннүгийн нэг хүнд 19 мал оногдож байсан бол дайнд нэрвэгдэж,ган зудад хохирон доройтсон үе болод МЭӨ 72 онд 10 толгой мал, МЭӨ 68 онд 5 толгой мал, бүр сүүлд 46 онд 2 толгой мал оногдож байсан гэсэн тоо хийсэн байна.
    Хүннүгийн эдийн засагт ан агнуур мал ахуйн дараа орох чухал салбар байжээ. 1Труды двадцать пятого Международного Конгресса востоковедов т. 1. М., 1963. цтр.353.
    Хэрэв Модун шаньюн үед төр засгийн дээд тушаалын зургаан дэвийн арван хоёр сайд, түшмэд байдаг байсан бол Өмнөд хүннүд есөн зэрэг дэвин арван найман сайд түшмэд ажиллаж байжээ.
    Хүннү нарын амьдрал нь хэдийгээр төдий-лөн сүрхий сайнгүй байсан боловч төрөл садан, овог аймгийн гишүүдийн түшиг дэмжлэгтэй байдаг, дарлал мөлжлөгийн тогтолцоо жигдрээгүй байсан учир Хятад зэрэг бусад суурьшмал улс орнуудын жирийн хүмүүс, ялангуяа зарц ядуус, боол шивэгчин нарынхаас нэлээд дээгүүр байдалтай байсан байна.Гагцхүү дайны хөлд нэрвэгдэх, ган зудын аюулд автаж мала барах, царцаа хорхойнд тарианы ургац алдах үед жирийн Хүннү нарын амьдрал эрс доройтож, олноороо дааарч бээрч, өлсч цангаж үхэхэд хүрдэг байсан байна.
    Монгол, Буриад, Өвөр Монголд хийсэн археологи-антропологийн судалгаагаар уг таавар няцаагдсан байна .Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна.
    Хүннү нар тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлтэй улс гүрэн байсан юм. Тэнгэрийн хүү хэмээгдэгч шанью хаан өглөө өргөө ордноосоо гарч ургах наранд мөргөл үйлддэг, орой үдэш саранд мөргөдөг байжээ. Хүннү нар нэн түрүү тэнгэр газар, өвөг дээдэс, онгон шүтээн, лус савдагт шүтэн мөргөдөг байжээ. Билгийн улирлын нэгдүгээр сард буюу тсагаан сарын үеэр ихэс дээдэс, аймгийн зонилогч цөөн тооны сурвалжит язгууртан нар Луут хот дахь шаньюйн өргөө ордны тахилгын сүмд цуглаж мөргөл үйлдэн, төрийн бодлого аливаа чухал хэрэгявдлын холбогдолтой зөвөлгөө хийдэг байжээ. Тавдугаар сард ихэс дээдэс, аймгийн зонхилогч овгуудын ахлагчид цөм Луут хотод хуран цугларч өвөг дээдэс тэнгэр газар, онгон сахиусанд өргөл өргөж, мөргөл үйлддэг байжээ. 9-р сарын эхний нохой өдөр Лунцы тосгонд бүх нийтээр цуглаж тэнгэр тахидаг байжээ.Сар бүрийн могой, нохой өдрүүд ээлтэйд тооцогддог байжээ.
    Хүннү нар улсын эзэн савдаг, усны эзэн лус бас бус онгон шүтээнд шүтдэг байжээ. Түүнчлэн аливаа овог, аймгийн үүсэл гарвалтай холбоотой, түүнийг ивээн тэтгэгч тотем хэмээх амьтдыг онгон сахиус болгож шүтэн биширдэг байжээ. Чоно, марал буга , шонхор шувуу тэргүүтэй араатан жигүүртнийг шүтэн бишрэх амьтан шүтэх тотенизм тэдний дунд багагүй байжээ. Түүнчлэн бас мод ургамал, хад чулуу, амьгүй бодисыг сүнс сүүдэртэй хэмээн шүтэх анимизм хэмээх бишрэл байсан.
    Тэнгэр бол Хүннү улсын цорын ганц дээд шүтээн байсан боловч дэлхий ертөнц, өвөг дээдэс, газар ус гээд басөөр олон янзын дэд шүтээн байдаг байжээ. Тэд бүхэнтэй шууд харилцдаг нь бөө , удган нар хэмээн тооцогддог байжээ. Бөө удгандаа хүннү нар маш ихэд итгэн биширдэг байсан бөгөөд тэдний бөөлж буух үедээ хэлсэн үг нь тэнгэрийн айлдвар, онгодын айлдсан зүйл хэмээн итгэгдэн бишрэгддэг байжээ. Бөө , удган нар онгон сахиустай харилцана, өвчтөнийг эмчилнэ, мэрэг төлөг үйлдэнэ, хувь заяа, ирээдүй төлвийг урьдчилан мэдэж хэлж өгнө, сайн сайхны ерөөл үйлдэнэ, муу муухай хараал зүхэл хийнэ, дайсны сүр сүлдийг дарж ялагдалд оруулахын тул ирэх зам дээр нь алсан ямаа газар доор булж хараал зүхэл хийгээд орхиж одох зэрэг янз бүрийн үйлдэл хийдэг байжээ.
    Тэнгэр шүтлэг, бөө, мөргөл нь Хүннү тэргүүтэй Төв Азийн нүүдэлчин малчин улс түнүүдийн соёл иргэншлийн амин сүнс, ёс суртахууны мөн чанар,дотоод агуулгыг илэрхийлэн илтгэгч байв.
    Хүннүгийн соёл иргэншил нь өмнөх үеийн Монгол орон дахь Хүннү тэргүүтэй янз бүрийн нүүдэлчин, малчин овог аймгуудын “дөрвөлжин булш”, “буган чулууны” үеийн хүртэл, төмрийн соёлын өвийг уламжлан урагш ахиулж, эзлэгдсэн бусад нүүдэлчдийн соёл болон Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншлийн нөлөөтэйгээр хөгжиж байсан байна. Хүннү гүрэн байгуулагдсаны дараа утга соёлын аймагт гарсан хамгийн том ололтын нэг нь Хүннү нар үнэхээр бичиг үсэггүй байсан боловч дараа нь бичиг үсэгтэй, түүн дээр суурилсан гэгээн соёлтой болж, нүүдэл иргэншил үүссэн байна.
    Хүннү, Түрэг, Монголын аль алины тотем онгоны тоонд чоно дээгүүр байр суурь эзэлж байсан бөгөөд цөм уртын дуутай байсаар ирсэн .
    Хүннү нар бас бөх барилдуулж, морь, тэмээ уралдуулан, сур харваж хэрэг дээр эрийн гурван наадам хийдэг байсан бололтой байгаа юм.
    Хүннүгийн соёлын дурсгалд томоохон суурь эзлэх өөр нэгэн зүйл бол мал ба адгуусан амьтныг дүрслэх явдал байжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна.
    Тийм учир Г.Сүхбаатар ,,Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл гэх бүрэн үндэс байна,, хэмээх дүгнэлтэд хүрсэн байна 1Г.Сүхбаатар. монголчуудын эртний өвөг.1980. тал 150.
    Хүннү нар тахилгын сүмдээ алтан онгон тавьсан мэдээ байдаг боловч дийлэнх ихэнхдээ мод чулуугаар хийсэн онгодууд тавьдаг байжээ.Тэдгээр онгодыг тахидаг бөө, удган Хүннүд маш олон бөгөөд их хүч нөлөөтэй байжээ.Хятадын Хань улсын Уди хаан хүртэл Хүннүгийн хүчирхэг байдаг нь бөө удган нарт байж магад хэмээн үзэж, тэдэнд зориулсан тахилгын сүм бариулж байжээ.Түүгээр ч үл барам, Уди хаан тэдгээр бөө удганы ид шидээр Хүннүгийн хэдэн мянган модон хүн гарч ирээд Хятадыг сүйтгэж байна хэмээн зүүдэлж байсан тухай баримт хятад сурвалжид элбэг байдаг.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • ХУЛАН ХАТНЫ ОНИСОГО

     

    Солонгосын Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор И Сөнг юү, “Улаанбаатар” дээд сургуулийн захирал, профессор Чой Гихо нар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хуралд хоёр орны хэл шинжлэл, түүхийн эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлэв. МУИС-ийн доктор Е.Равдан “Дэлхийд тархсан Монгол газар нутгийн нэр”, мөн сургуулийн багш Ц.Баттулга “Эртний түрэгийн зарим нэр цолыг бичих тухай”, М.Баярсайхан “Мэргид ямар угсаа гаралтай байсан бэ?”, С.Дулам “Солонгосын Тангүний домгийг Монголчуудын баавгайн домогтой харьцуулах нь”, Г.Эрдэнэчимэг “Юан, Корейгийн төрийн ураг барилдлагын тухай”, Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Минжин “ХШ-Х1Ү зууны үеийн Монгол-Солонгосын худ ургийн харилцаа”, Солонгосын “Юн-Нам”-ын их сургуулийн эрдэмтэн Квак Тэ Чун “Солонгосын уламжлалт хөгжмийн гоо сайхан” мөн сургуулийн доктор Пак Су Хён “Солонгос-Монголын дипломат харилцааны 20 жилийн хөгжмийн соёлын солилцоо” зэрэг 30 гаруй илтгэл тавьсан юм.

    Монголын Солонгос судлалын тэргүүн, доктор, профессор Б.Сумьяабаатар сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, шинэ баримт сэлтээс танилцуулсан нь эрдэмтэн, судлаачдын сонирхлыг ихэд татав. Тэрбээр дундад зууны Монгол, Солонгосын харилцаа ямар байв аа гэдгийг үүх түүх, бичиг соёлын холбооны талаас нь нягтлан судалж үнэн мөнийг баримтаар батлах нь бидний гол зорилго гэлээ.

    Монгол хаад хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байв
    Дундад зууны Монголын Солонгос судлал, Солонгосын /Гуулин улсын/ түүх соёл, хэл яриа, бичиг үсэг, улс төр, эдийн засаг, газар тариалан, өмч хөрөнгө, одон зурхай, цэргийн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарч байсныг онцлов. Монгол хаад, төрийн зүтгэлтэн нар хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байжээ. Чингисийн үед Монгол, Солонгосын харилцаа сайн байсан. Домгоор бол Монгол нь Солонгосын хүргэн улс /Хулан хатны домог/, түүхээр бол Монгол нь Солонгосын хадам улс, нөгөө талаас Солонгос ч Монголын хүргэн улс. Хубилай хааны охин Хотолгэримши 1274 онд Солоносын бэр болсон. Мөн, Хубилай хааны ач хүү Гамалагийн охин Солонгос вангийн хатан байжээ. Энэ хатан Монгол бичиг сайн мэддэг. Монголоор захиа бичиж нутагтаа илгээж байсан тухай Солонгос түүхийн сурвалжид тэмдэглэсэн байсан нь олджээ. Найман зууны тэртээ ч гэсэн ийм л соёлтой бүсгүйчүүд Монголд байжээ. Мөн Монгол эмэгтэй гадаадад элч болж очиж байсны 790 жилийн ой 2011 онд тохиох аж. Энэ бол дэлхийн дипломатын түүхнээ бичигдэх түүхэн баримт гэнэ. 1225 онд Монголын элч Гуулин улсад очоод буцаж явахдаа алагдсан тоогүй явдал гарчээ. Элчийг алсан учир дайлаар мордох нь зүйтэй гэж баатрууд хэлэхэд Чингис хаан “Баттай баримт нотолгоогүйгээр хэрхэн дайлж болох” хэмээн өгүүлж болиулж байсан удаатай.

    Монгол төрийн зүтгэлтнүүд Монгол, Солонгосын харилцааг хэчнээн хүндэтгэдэг байсны нэг түүхэн баримт энэ бөлгөө. 2010 он бол Монгол, Солонгосын харилцаанд онцгой жил болж байгаа билээ. Солонгос /Гуулин улс/-аас Хятанд, хятан хэл сургахаар 10 оюутан илгээж байсны 1015 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хятаныг Монголын өвөг дээдэс гэж үзвэл, Монгол, Солонгосын соёлын харилцааны 1015 жилийн ой болж байна гэсэн үг. Хятан хэл Монгол хэлтэй бүтэц ижил. Нангиад үсгээр тэмдэглэсэн хэдэн үгийг хянаваас, Монголоор барахгүй Солонгос үгтэй ч тохирдог.

    Хятан бичгийн дурсгал манайд, мөн Өвөр Монголд нэлээн хэд байдаг аж. Хятан бага бичгийн гуулин толин дээрх нэгэн сонин дурсгал одоо ч Сөүл хотын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг бөгөөд хараахан тайлан уншиж чадаагүй,. Энэ дурсгал хаанаас, хэзээ, хэрхэн Солонгост очсоныг тодруулах ажил эзнээ хүлээж байгаа гэлээ. Монгол оюутан Солонгосд 791 жилийн өмнө сурч байв. 1219 он Монгол жанжин 41 хүнд “Та нар Корей хэл суралцаж бай” гэсэн захиа үлдээсэн түүхэн тэмдэглэл Солонгос сурвалжид байна. Энэ бол Монгол, Солонгосын соёлын түүхийн алтан хуудас яриагүй мөнийг харуулж байгаа хэрэг. Монгол Улс Солонгосоос бэх, бийр, бичгийн цаас зэрэг бичгийн хэрэгсэл авахаар жуу бичгийг 790 жилийн өмнө илгээж байсан баримт байдаг. Энэ нь Гурван голын буюу Чингисийн Монголчууд бичиг үсэггүй, харанхуй бүдүүлэг байсан гэсэн зарим эрдэмтдийн саналыг үгүйсгэх бодит баримт. Алдарт “Монголын нууц товчоо”-г манай толь бичгүүдэд байдаг солхо цаас буюу Солонгос цаасан дээр бичсэн байж магадгүй гэсэн саналыг эрдэмтэн Б.Сумьяабаатар дэвшүүлж байгаагаа ч дуулгав. Монгол, Солонгосын археологичид цаасны хоёр ч үйлдвэрийн ором буурийг Монгол нутгаас олоод байгааг дурдав. Монголоос Солонгост 686 жилийн өмнө 17 мянган дэвтэр бүхий 4371 боть ном бэлэглэж байсан түүхэн баримт Солонгосын эх сурвалжаас олджээ. Энэ бол бүхэл бүтэн номын сан гэсэн үг. Дундад зууны ямар ч улс гадаадад ийм олон тооны ном түгээж байсан түүх дэлхийд байхгүй. Дэлхийн соёлын түүхэнд тэмдэглэгдэх зүйл гэж бахархан бодно. Эдгээр номс одоо хаана байгааг Манай Солонгос эрдэмтэд /Дундад зууны Монголын хууль цаазын цорын ганц эмхтгэл бичгийг олсон шигээ/ хайж олно гэдэгт найдаж байна гэлээ. Энэ мэт дэлхийн Монголч эрдэмтдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж, оюуныг мялаасан түүхэн сурвалжуудыг судлан тогтоосноо эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлж байлаа.

    Хулан хатан Солонгос биш Мэргидийн угсааных гэв
    Бас нэг сонирхол татсан илтгэл бол МУИС-ийн багш, доктор М.Баярсайхан “Мэргид ямар угсаа гаралтай вэ” судалгааны бүтээл байлаа. Тэрбээр Бухцагаан хааны охин Хулан Солонгос биш гэсэн санаа дэвшүүлж байгаагаа хэллээ. Судалгааны үндсээ тайлбарлав. “Алтан улсын судар”-т Нюйчжи улс угтаа Мохэ-гээс гарав. Дайляо-гийн адил өөр улс ажгуу хэмээн тэмдэглэжээ. Мохэ нар нь Бохай улс /698-926/-ыг байгуулж явсан түүхтэй. Мохэ нэрийн талаар судлаачид голоор нутаглагч гэсэн утгаар нэрийдсэн түнгүс үг гэж үздэг. Зарим судлаач Мохэ-гийн нэрийг Монголын нууц товчоонд гарах “мэргид” аймгийн нэр болон мэргэн хэмээх үгтэй холбон тайлбарладаг.

    Энэ нэрийг Япон, Солонгос хэлэнд “mokid”, “moji”,”malgal”, гэх зэрэг хувилбар дуудлагатай хэлдэг. Тэгвэл тэдний баруун хөрш болох Монгол овог аймгууд тэднийг юу гэж нэрийдэж байсан бэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ илтгэлд миний бие тэрхүү “мэргид” хэмээх нэр мохэ-тэй холбогдоно гэдэг саналыг дэмжиж, Монгол түүхийн сурвалж дахь зарим мэдээ үүнд холбогдож болох талаар ажигласнаа дурдаж байна гэлээ. Тухайлбал Монголын нууц товчоонд мэргидийг дотор нь ялган нэг хэсгийг нь “увас мэргид” гэж бичсэн байдаг.

    Түнгүсүүдийн дотор “уван” гэдэг нэр нөлөө бүхий овог байдаг аж. “Увас мэргид”-ийн “увас” бол тэр уван овгийн нэрэнд олон тооны дагавар залгаж бүтсэн нэрийдэл гэж бодож байна. Мөн Монголын нууц товчоонд увас мэргидийн ноён Дайр усун өөрийн Хулан нэрт охиноо Чингис хаанд хатан болгон өргөсөн гэж гардаг. Гэтэл Хураангуй “Алтан товч зэрэг зарим түүхийн сурвалжид Хулан хатныг солонгуудын Буха цагаан хааны охин гэж бичсэн байдаг. Энэ мэдээ бол санаандгүй ч зүйл бус. Тэр солонгууд гэдэг нь Солонгос улсыг заасан үг биш, түнгүсийн нэгэн хэсэг болох солоон хүмүүсийг заасан үг гэж үзэх нь зүйтэй. Нэрийн хувьд Монгол сурвалжийн мэргид хэмээх нэр, Солонгос сурвалжийн малгаль, Хятад сурвалжийн мохэ зэрэг нь нэг л нэрийн олон хувилбар дуудлага мөн. Харин 12-13 дугаар зууны үед байсан мэргид аймаг гарлын хувьд жүржчиний өвөг дээдэс-мохэ нартай шууд холбоотой гэж болохгүй. Гэвч мэргид бол ямар нэгэн хэмжээгээр түнгүстэй холбоотой гэж үзэж байна. Дашрамд, эртний түрэгийн Орхоны хөндийн руни бичээсд гардаг “bukli” хэмээх нэр бол мохэ болон тэдний бүрдүүлсэн Бохай улсыг заасан үг гэж үзэх нь зүйтэй хэмээн тайлбарласан юм.

    Монголын их хаадын охид Солонгос нөхөртэй байжээ
    ШУА-ийн түүхийн хүрээлэн, Дундад зууны үеийн Монголын түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжингийн “ ХШ-Х1Ү зууны үеийн Монгол-Солонгосын худ урагийн харилцаа” илтгэлд “Их Монгол Улсаас Солонгост зарсан элчийн хамгийн олон хүнтэй нь Отчиган ноёны 1221 оны 8 дугаар сард ирүүлсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй элч байдаг аж.

    Отчиган ноёны илгээсэн элчийн шаардлага ёсоор Солонгосоос халиуны арьс нэг түмэн ширхэг, торго 3000 толгой, олс 200 боодол, мяндас түмэн жин, лунтун бэх 1000 хийлүүр, бийр 200, цаас буман хуудас, бэрээмэг, будаг, тоор модны тос тус бүр арван жин нийлүүлсэн гэж Солонгосын сурвалжид тэмдэглэн үлдсэн байдаг байна. Дэндүү их алба татвар нэхэж, Солонгос иргэдэд их чирэгдэл учруулсан гэж Отчиган ноёныг Чингис хаан зэмлэн буруушааж байсан боловч Монголчуудад өргөн энэхүү алба нь Алтан улсад өргөж байсантай харьцуулахад өчүүхэн бага байжээ. Мөнх хааны охин Солонгосын Ко Жон ваны төрөл гүн Ён нён буюу Ван сунтай гэрлэсэн.

    Чингис хаанаас хойш Монголын хаадын гүнжтэй гэрлэсэн Коре хүний нэг бол Вонжоны хүү Чүнрёл ван. Чүнрёл ван ихэд ухаалаг сэргэлэн хүн боловч сайхан эмэгтэй харвал шөнийн нойр нь хулждаг шахуу хүүхэмсэг нэгэн байжээ.

    Тэрээр Хубилай хааны отгон охин 16 настай Хутаг бэх гүнж ихэд гоо үзэсгэлэнтэй гэдгийг мэдээд, Хубилай хааны ордонд 3 жил шахам бүгж охиноо өгөхийг гуйжээ. Хаан элдвээр шалтаглан охиноо өгөхгүйг хичээсэн боловч эцэст нь Чүнрёл вантай гэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Хутаг бэх гүн ингэж Коре Чүнрёл вантай гэрлэсэн бөгөөд энэхүү худ ураг барилдах явдал Монгол, Солонгосын харилцаанд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үздэг байна. Монголын эзэнт гүрний түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн Солонгос гүнж нь Тогоонтөмөр хааны авааль хатан болох Чи овогт Өлзий хуту юм.

    Түүний хүү Аюуширидара гэх билэгт хаан нь Тогоон төмөр хааны том хүү бөгөөд 1370-1378 онд төр барьж байжээ. Тогоонтөмөр хаан Монголын хуучин зуршлыг эвдэж Чин овогт хатныг гол ордны хатан болгосон явдал нь Чи овогт хатны сэцэн сэргэлэн зан чанар таалагдсанаас гадна бас төрд зөвлөх авьяас чадвартай байсан аж. Ийнхүү судлаач, эрдэмтдийн олон жилийн нөр их судалгааны бүтээлээс та бүхэндээ цухас сонирхууллаа. Дараагийн дугаартаа дэлгэрэнгүй толилуулах болно.
    작성자: 숙향- СҮГХЯН 시간: 오전 9:08

     

  • Б.ГАЛИНДЭВ: МОНГОЛЧУУДЫГ ГЕДОНИСТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

    Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулах гэж байна. Энэ тухай ярилцлагаа эхэлье…

    -Хуучин бидний үед офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм гэж байсан. Одоо бол бараг мартагдсан зүйл төдий. Үүнийг сэргээе, шинэчилж дахин гаргая гэсэн санааг манай хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, профессор С.Нарангэрэл гаргасан юм. Ингээд ажил хэрэг болгохоор бид зорьж байна. Ямар ч байсан дүрмээ шинэчлээд төслийг нь боловсруулна. Тэгээд нийт цэргийн алба хаагчид уг төсөлтэй танилцаад өөрийн санал бодлоо “Соёмбо” сониноор дамжуулан илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрмийн шинэчлэлтэй холбогдсон өргөн хэлэлцүүлэг өрнүүлье гэж бодож байна. Дүрэм төслийн хэмжээнд боловсруулагдаад гарахаар та бүхэн ч энэ талаар нэгтгэл, ангиудын цэргийн алба хаагчдаас ярилцлага авч болох юм.

    Төрийн хууль, тогтоомжуудыг мөрдөхөөс гадна цэргийн албаны тухай хууль, дүрмүүд гээд цэрэг хүнд мөрдөж баримтлах олон хууль дүрэм байна. Ийм байхад ёс суртахууны талаар ярих зай байна уу гэж хүмүүс асууж байна. Ганц хууль дүрмээр хүний бүх асуудлыг зохицуулна гэж хэзээ ч байхгүй. Тэр хүн анги, байгууллагын хашаанаас гараад хэн бэ гэдэг чинь их чухал. Тиймээс л бид ёс зүй, ёс суртахуун чухал гэж яриад байна. Цэргийн дарга нар ч энэ талаар бодох хэрэгтэй. Хэдий цэрэг ч гэсэн тэр хүнийг айлын ах, дүү, аав, ээжийн хүү гэж бодож ёс зүйн талаас нь сургаж, төлөвшүүлж баймаар байна.

    Би цэргийн албыг эрчүүдийг тэсвэр хатуужил, үг сонсдог чадвар, тушаал биелүүлдэг гүйцэтгэгч чанар суулгадаг, хөдөлмөрч шинж чанарыг олгодог, эр хүнийг ирээдүйд эцэг хүн болоход нь нөлөөлж чаддаг тийм алба байгаасай гэж хүсдэг.

    Тэр дундаа ёс зүйтэй иргэн хүн болгон төлөвшүүлэх нь одоогийн нийгэмд маш чухал болоод байна. Зэвсэгт хүчинд тийм боломж нь, нэр хүнд нь, сүр нь, тогтолцоо нь байна гэж хардаг.

    Одоо цагт нийгэм даяараа ёс зүй, ёс суртахуун гэж их ярих болжээ. Тэгэхээр та философич хүний хувьд энэ тухай тайлбарлахгүй юу?

    -Энэ бол эртний уламжлалтай философи ойлголт. Ёс зүй гэдэг нь ёс суртахууныг судалдаг философийн салбар ухаан. Ёс суртахуун гэдэг нь хүмүүс бидний зан үйлдлийн хэв маяг түүний төрхийг хэлдэг. Тийм болохоор ялангуяа монголд ёс суртахууныг олон талаас нь ухаж ойлгож, ярилцах хэрэгцээ шаардлагатай байна. Манай улсын хүн амын дийлэнх нь залуу хүмүүс байгаа нь ч уг асуудалтай холбоотой. Тэгэхээр бидний байгуулах гэж зорьж байгаа ардчилсан хэмээх нийгэмд залуу үеийнхэн маань төдийлөн дасан зохицоогүй байна. Тэд зан заншил, түүний хэм хэмжээг эзэмших цаг хугацаа болоогүй, хүний амьдралын туршлага багатай байдгаас ёс суртахууны алдаа гаргах нь элбэг. Залуу хүн бүрийн эн тэргүүний асуудал нийгэмдээ дасах, бүтээлч иргэн болох ёстой байдаг. Тэгж байж улс хөгжинө. Ерөөс ардчилсан нийгмийн нэгэн онцлог нь бид өөрсдийнхөө зан үйлдлийг өөрөө сонгох эрхтэйд байдаг.

    Тухайлбал ямар зан үйлдэл сонгох боломжтой вэ?

    -Монгол Улсын иргэд Үндсэн хуульд зааснаар 18 эрхтэй, хуулийн болоод журамт 8 үүрэгтэй. Энэ нь юуг хэлж байгаа вэ гэхээр иргэд ямар нэгэн гаднын шахалтгүйгээр ямар нэгэн намын үзэл сурталгүйгээр өөрсдийн зан үйлдлийг сонгох эрхтэй болсон. Хүнд буян эсвэл нүгэл үйлдэх нь миний дурын хэрэг болсон. Тэгээд ирэхээр яахын аргагүй хүний дотоод гэгээрэл, оюуны чадавх энэ нийгэмд зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

    Ахмад үеийнхэн “…Бидний үед хүмүүс ёс суртахуунтай байсан” гэж их ярьдаг. Үүнийг бид нэг талаас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тухайн нийгэмд бид дур зоргоороо авирлах боломжгүй байлаа.Намын үзэл суртал, номлолын дагуу бид үйлдлээ хийх шаардлагатай байсан. Энэ нь явсаар хүмүүсийг хариуцлагаас бултдаг, бусдыг өөрийн хийсэн үйлдэлд буруутгах дадал зуршилтай болгосон.

    Ерөөс ёс суртахуун гэдгийг бид энгийнээр сайн дураараа хүлээж авч байгаа дүрэм, үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Би зүгээр л тэрбум мод тарих хөдөлгөөнд оролцъё, Туул голын захад очоод хэсэг газар цэвэрлэчихье гээд үйлдлээ сонгож байгаа маань ёс суртахуун юм. Тиймээс ёс суртахуун гэдэг нь хүнээс өөрийнхөө хийж буй үйлдлийг эргэцүүлж бодох оюун ухааны сэхээрлийг байнга шаардаж байдаг. Сайн үйлдэл хийж дадсан, муу үйлдэл хийж дадсан уу гэдгээ хүн өөртэйгөө ярьж тунгаан бодож байх нь чухал. Тэгэхээр монголчууд бид ардчилсан нийгмийн ёс суртахуун гэдгийг ойлгоогүй, энэ талын мэдлэг гэгээрлээрээ балчирдаад байна.

    Таны бодлоор ардчилсан нийгэм гэж юу вэ?

    -Амиа бодогчдын, өрсөлдөгчдийн нийгэм. Надад өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр төр хэрэгтэй. Гагцхүү энэ бүхнийг би өрсөлдөж байж л олж авна. Ийм үед хүний төрөлх араншин болох амиа бодох зөн совин байнга үйлчилнэ гэсэн үг. Социалист нийгэм бол хүний амиа бодох үзлийг хүчээр дардаг байсан. Гэтэл эрх чөлөөт нийгэмд гэгээрэл талаасаа шударга хүмүүс амьдарч байх ёстой. Тэгэхгүй бол өрсөлдөөнийг аль болох буруу аргаар ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ашиглаж байна. Тийм үзэлтэй хүмүүсийг уг нь нийгэм даяараа шахаж, хавчиж байх ёстой юм. Гэтэл одоогийн бидний байгуулсан нийгэм тэр түвшиндээ хүрээгүй. Бидэнд хуулиар олгогдсон эрх байх авч, үүргээ бас биелүүлэх ёстой. Үүнийг монголчууд мартсан. Харин сүүлийн үеэс нэлээд ярих болж, энэ нь сайн талтай.

    Мөн ёс суртахууны нөгөө тал нь үнэт зүйлсийн тогтолцоо юм. Социалист нийгмийн үед нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, намын үзэл суртлыг дээдлэх, эх оронч байх зэрэг үнэт зүйлстэй байсан. Гэтэл ардчилсан тогтолцоонд хүний эрх, эрх чөлөө гэж гайхалтай үнэт зүйлс байх боловч түүнийг нь бид дур зоргоороо аашлах гэж ойлгосноос ёс суртахуун намаг балчигт шигдчихээд байна. Ганцхан баримт дурдахад, 1989 онд улсын хэмжээгээр ердөө 1900 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэтэл 2017, 2018 онд улсын хэмжээгээр тус бүр 32 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Ухаандаа Монголд гарч байгаа нийт гэмт хэргийн 50 хувь нь хулгай, 30 орчим хувь нь архины хамааралтай гэмт хэргүүд эзэлж байна. Өдөрт 150-200 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгддэг. Энэ юу гэсэн үг вэ, нөгөө ёс суртахууны доройтол, уналт чинь айлын гэрт ороод ирчихсэн байна. Мөн ёс суртахууны үнэт зүйлсийн эрэмбэ алдагдсан. Ямар ч монгол хүнд эхлээд эх орон нь хамгаас үнэт зүйл байх болов уу, хоёр дахь нь хөдөлмөр гэдэг ч юм уу. Гэтэл өнөөдөр бүхний дээр мөнгө залрах болсон.

    Ардчилсан нийгэм нь өөрөө хүнд нэр алдар, мөнгөний төлөө амьдрахаас өөр сонголт өгөхгүй байж болох юм …

    -Макс Вебр, Кант зэрэг эрдэмтэд ардчиллыг анх тодорхойлохдоо рациональ нийгэм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл оюун ухаанжсан, ёс суртахуунжсан хүмүүсийн нийгэм бөгөөд хоёрт ашиг, мөнгө гэж тодорхойлж байжээ. Далай ламын хэлж байгаагаар өнөөдөр буддын шашин дан ганц оюун ухааны ариусал гэж ярихгүй ээ, энэ цаг үед хүний материаллаг хэрэгцээг харгалзаж үзэхээс өөр аргагүй. Оюун ухааны ариуслыг эрхэмлэдэг гээд л зүгээр суугаад бясалгал хийгээд байвал ядуурч үхнэ шүү дээ. Үүнийг шашин ч мөн ойлгож байна. Ардчилсан нийгэмд хүн өөрийгөө таних нь хамгаас чухал. Ялангуяа харилцааныхаа түвшинд гаж хэлж болно. Хүмүүс бусадтай харьцахдаа өөрөөсөө доод зиндааны хүнтэй илүү дээрэлхүү, ноёрхсон, өөрөөсөө дээд зиндааны хүнтэй тэднийг магтсан, дулдуйдсан өнгө төрхийг их гаргадаг.

    Олон улсын судалгаагаар монголчуудыг гедонист үзэл баримтлалтай гэж дүгнэсэн байна. Энэ нь зугаа цэнгэлд дуртай, чөлөөт цагтай байхыг хүсдэг гэсэн үг. Дандаа л тансаг амьдралаар амьдарч, зугаа цэнгэлтэй байхыг хүсэхээс бус хөдөлмөр хийгээд түүнийхээ төлөө шаналж явахыг хэн ч хүсэхгүй байна.

    Гэтэл эсрэгээрээ Э.Хеменгуйэн “Өвгөн тэнгис хоёр” зохиолд загас барина гэдэг нь өвгөний амьдралын утга учир байдаг. Түүхий загас идээд далайд 85 дахь хоногтоо явж байгаа ч тэр өвгөн өөрийгөө ядуу зүдүү байна гэж гутралгүй загас баригдана гэсэн итгэлээр хөлгүй далайд хөдөлмөрлөж байгааг нь харуулдаг. Мөн хятадын “Амьдралын хүрдэнд зүдрэгсэд” гэдэг зохиолд хөдөлмөрийн төлөө бүхий л сэтгэл оюунаа зориулснаар хувь хүн, айл гэр, улс хэрхэн хөгжиж амжилтад хүрч болохыг харуулж байх жишээтэй.

    Одоо бид яах вэ, ёс суртахуун ингээд мухардалд орчихлоо, таны хэлснээр намаг балчигнаасаа хэрхэн салах вэ?

    -Бид ёс суртахууны институт гэдэг юмыг байгуулах хэрэгтэй. Энэ нь хувь хүн өөрийнхөө зан үйлдэлд ёс суртахууны хяналт тавьж чаддаг хэмжээнд хүрэхийг хэлж байгаа юм. Байгууллага, албан тушаалтан өөртөө хуулиас гадна ёс суртахууны хориг тавьж чаддаг байх хэрэгтэй. Байгууллагын соёлыг мөн ярих цаг нь болсон. Үүнийг ярихаар хүмүүс дүрэмт хувцсаа сайхан өмсөөд өрөө тасалгаандаа цэвэр нямбай сууна гэж ойлгодог. Хүмүүсийн бие биетэйгээ харилцдаг харилцаа, үнэлгээний үнэн шударга тогтолцоо, байгууллагыг авч яваа оюуны өндөр чадвартай хүмүүсээ сонсох, бусдыг дээдлэн хүндэтгэх, бизнес, үйл ажиллагааны шударга зарчмыг баримтлах зэрэг нь байгууллагын соёлд хамаарна. Тэгэхээр хувь хүн, нийгмийн гэгээрэлтэй шууд холбогддог учир ёс суртахууны институтчилэл нь алгуур бүрэлдэн тогтдог гэж ойлгож болно.

    Нөгөөтэйгөөр хуучин дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал Цагаан сараар айл бүр ууц тавьж байна. Тэр ууцаа гурав хоногийн дараа хог дээр хаяна. Энэ чинь бидний хоцрогдсон дадал зуршил амь бөхтэй байгаагийн тод илрэл юм. Цагаан сараар л элбэг дэлбэг байвал тэгээд миний тэр жилийн насан туршийн амьдралын утга учир шахуу юм ярьж байна. Ингээд 30 хоног идэх хүнсээ 3 хоног ч идэж амжилгүй хог дээр хаяж байдаг ийм үндэстэн монголоос өөр дэлхийд алга.

    Өдөр шөнөгүй мэдээллийн дарангуйлалд автаж байна. Сарын өмнөөс телевиз радио, сонин сэтгүүл гээд бүх мэдээллийн хэрэгслээр ул боов чихэр, шарсан тахиа, кока кола сурталчлаад байдаг. Түүний оронд хөдөлмөрийг, номыг сурталчилж байгаа нэвтрүүлэг байна уу. Үзэж байгаа кино бүрд нь дандаа цагдаа гардаг болсон. Хоёр сайхан залуу үерхээд явж байхад гэнэтхэн цагдаа гараад ирдэг. Энэ чинь юуг хэлээд байна гэхээр манай уран бүтээлчдийн сэдвийн хүрээ дэндүү явцуу болсныг харуулж байгаа юм. Амьдрал баян шүү дээ, гэтэл дандаа сүүдэртэй талыг нь гаргаад байхаар хүмүүст энэ нь уран бүтээл бус дарамт болж харагдаад байна шүү дээ.

    Ялангуяа хүн утга, уран зохиолоос амьдралын мөн чанар, нинжин сэтгэлийг авдаг гэж би боддог…

    -Урлаг, уран зохиол маш чухал. Гагцхүү уран зохиолоос хүмүүний амьдралын мандсан, зовсон, хуурсан, атаархсан, дурласан, хаягдсан гээд ер нь бүхий л дүрийг харж, ойлгож болно. Миний хувьд сүүлд Чехийн Меландр Гундериа хэмээх зохиолчийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” хэмээх номыг уншлаа. Тус бүтээлд эр, эмийн хоорондын ажлыг тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй гэж хэлсэн байх юм. Гэтэл түүний оронд “тэвчихийн аргагүй хүнд оршихуй” гэж бас нэг аргументийг гаргажээ. Энэ нь хайр сэтгэлийнхээ төлөө, амьдралынхаа төлөө хариуцлага хүлээх, хүн байхын тулд бэрхшээлийг давж байгаа чанарууд, мэргэжилдээ уран чадвар үзүүлж байгаа хүмүүсийн оршихуй гэж тайлбарлажээ. Үнэхээр зүгээр суугаад орших бол амархан, гэтэл боловсрол мэдлэгтэй, авьяас чадвартай болоход маш хэцүү шүү дээ. Ихийг бодогдуулсан маш сайн ном байсан.
    Тэгэхээр залуус маань хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгмийн эд эс болж яваа иргэн хүн бүрийн үнэт зүйл байх ёстой юм. Түүнээс бус зүгээр сууж байгаад, зугаалж цэнгэж байгаад элбэг дэлбэг амьдарчихъя гэж бодоод байвал тэр хүн ч, тэр улс ч доройтон үгүйрэхийн шинж шүү дээ.

    Хэдий тийм ч гэлээ нийгэмдээ хөдөлмөрлөж, үлгэр жишээ болж байгаа залуус их байна гэж хардаг…

    -Цар тахлын улмаас манайд сүүлийн хоёр жил эмч, сувилагч нар үнэхээр их хөдөлмөрлөсөн. Ерөөс тухайн нийгэмд эзэлж байгаа хүн амынх нь 90 хувь нь ажил хөдөлмөр хийж байвал хөгжин цэцэглэхийн үндэс гэж үздэг байна.

    Ёс суртахууны институт байгуулахад нөлөөлдөг бас нэгэн, гол зүйл нь шашин. Манайд шашны гэгээрэл тал нь алга болоод зан заншил тал нь хөгжсөн. Шашин нэг бол гэгээрүүлнэ, нэг бол мухар сүсэгтэн болгоно. Манай лам нар Шинийн 8-ны дотор заслаа хийлгэ гэж хүмүүст тулгаж байна. Тэгээд аргаа барахаараа Шинийн 15-ны дотор хийлгэвэл буяны дээд буян болно гэж байх жишээний. Гэтэл яг сургаал талаасаа би хэзээ ч буян хийж болно. Би өөрөө л нүгэл үйлдэхгүй байх нь чухал. Германы философич Ф.Ницше хүртэл “Хүн ч бус, бурхан ч бус шашин бидний өмнөөс шийдвэр гаргаад байна, тийм учраас бурхан үхсэн” гэж хэлж байлаа. Тиймээс чи өөрөө л шийдвэрээ гаргана, түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдгийг манай залуус ухаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр шашин өөрөө нийгмийг авч явдаг гол оюун санаа. Протестант шашны зүгээс “Хэрвээ чи бурхны шавь юм бол хөдөлмөрлө. Энэ бол өөрийгөө чи бурханд үнэнч байгаагаа илэрхийлж буй гол зүйл” гэж сургадаг. Энэ нь капитализмын. гол үндэс байх жишээтэй.

    Ярилцлагынхаа төгсгөлд та юуг тодотгох вэ?

    -Ингээд эцэст нь хэлэхэд “Соёмбо” сониныг би соён гэгээрлийн сонин байгаасай гэж хүсдэг. Ялангуяа Б.Чантуу эрхлэгчийн үед танай сонин нийгмийг тэр аяар нь реформ хийхэд оролцож байсан гавьяатай. Тийм болохоор эдүгээ та бүхэн хүмүүсийг соён гэгээрүүлсэн нийтлэлүүд бичиж байвал их зүгээр. Өнөөдөр өдөр тутмын хэвлэлүүдээс уншчихаар сонин ховор байна. “Өдрийн сонин” бол их л алдартай сонин. 2021 оны дугааруудыг нь шүүгээд үзэхэд нийтлэлч Б.Баабар, яруу найрагч Д.Урианхай, философич Б.Батчулуун, С.Молор-Эрдэнэ нарын бичсэн нийтлэлтэй цөөхөн хэдэн дугаарыг л онцолж болж байна. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд бараг 240 гаруй дугаарынх нь арав хүрэхгүй хувь нь хүмүүст хэрэгтэй байна гэсэн үг. Сэтгүүлчид биднээс толгой дээгүүр байхын тулд их юм унших хэрэгтэй байна. Ерөөс ардчилсан нийгэм амиа бодсон, эд материал, нэр хүндийн төлөө нийгэм юм бол үлдсэн онгорхой орон зайг нь соён гэгээрлээр л нөхөхөөс өөр замгүй. Монголчууд бид амиа бодохоос илүүтэй нийгмийн үнэт зүйлээ боддог, бусдыг боддог өргөн ухаарал руу явах хэрэгтэй болж байна. Иймд сэтгүүлч та бүхнИй оролцоо маш чухал юм шүү.

    Ярилцсанд баярлалаа

    Ахмад М.МӨНХЗОРИГ

  • Д.Баярхүү: Үндэсний аюулгүй байдлын дайсан

    Эхлээд ухаалаг гэгээлэг нэгэн эрхмээс эшлэл авна. Нэр нь Д.Энхбат. УИХ-ын гишүүн асан, мэдээллийн технологийн анхдагч эрхэм. Түүний бичсэнд нь би задаргаа хийж үндсэн санаагаа гаргахаар зорилоо. Тэрээр ингэж бичжээ:

    – Монгол Улсын үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь олон зуун жилийн туршид үргэлж монголчууд өөрсдөө байж ирсэн. Харин түүнд нь тус болж байсан, мөн эсрэг байсан гадаад хүчин зүйлс түүхийн үе, нугачаа бүрт өөр байсан байх. Тиймд, XXI зууны Монголын тусгаар тогтнолын баталгаа нь мэдлэгтэй, өрсөлдөн ажиллаж, улс орноо авч явах чадвартай монголчууд өөрсдөө л байна. Яг л бусад улс үндэстнүүдийн нэг адил.

    – Хэрэв өөрийн ДОТООД ХҮЧ байхгүй бол гаднаас бидэнд юу ч тус болж чадахгүй. Монголын тусгаар тогтнолын ГАДААД ХҮЧ бол хөршүүдтэйгээ тогтоосон манай зөв харилцаа, мөн дэлхийн хүчний харьцаа, дэлхий дээр өнөөдөр тогтсон журам юм. Бид түүнд хэчнээн идэвхтэй оролцож, түүнд өөрийн байр сууриа зөв олж чадна манай тусгаар тогтнол төчнөөн баталгаатай байх болно.

    – Аливаа улс орны тусгаар тогтнолд хамгийн чухал нь өөрийнх нь дотоод хүч буюу тухайн цаг үедээ бусадтай зэрэгцэн, өрсөлдөн амьдрах хүмүүсийнх нь чадвар байдаг. Армигүй шахуу ч маш өндөр хөгжилтэй, бусдаас огт дутахгүй хүчтэй улс орнууд олон байдгийг бид мэднэ. Тэдний тусгаар тогтнолын баталгаа нь тэдний мэдлэг, чадвар, дэлхийн эдийн засаг, бусад хүрээнд эзлэх байр суурь нь юм. Энэ бол XXI зууны дэлхийн дүрэм.

    – Энэ бүгдийг зүйрлэн хэлбэл, аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа нь яг л хүний өөрийн биеийн эсэргүүцэлтэй адил дотроосоо юм. Тэр нь муу, сул бол түүнийг ямар ч эм, бусад хүмүүс, эмч орлож чадахгүй. Гадаад хүч тустай, мөн хортой ч байж болно. Гэхдээ тэдгээр нь үргэлж хоёрдогч хүчин зүйлс болдог гэжээ.

    Миний үндсэн сэдэв. Болхидуу харьцуулалт. Геополитикийн их онолчид аливаа улс орныг амьд организм, тийм учраас амьд организмын хуулиар тэжээгдэж тэнхэрч, тэлж өргөжиж байх ёстой гэж үзсэн нь санаандгүй тохиол биш юм. Номын цагаан солио бүр ч биш юм.

    Бүр энгийнээр ойлгуулбал яг л хүн гэсэн үг. Хүн байгалиас ирэхдээ оюун тархитай хүмүүн гэдгээрээ адгууснаас ялгардаг. Хүнийг байгаль (эсвэл бурхан) тэгж бүтээсэн. Нэгэнтээ хүн эрүүл чийрэг, ухаалаг гэгээлэг өсч торнивоос учрах эрсдэлийг тэр хэрээрээ бууруулж няцааж чадна. Өвчин зовлонтой, тархины тураалтай, түмэн стресстэй хүн байх аваас хорвоог туулах чадвар тэр хэрээрээ суларна. Энэ бол тун энгийн ойлголт.
    Монгол Улс маань ертөнцөд ирсэн нэг том хүн байлаа гэж сэтгэе. Эрүүл саруул хүмүүнд тавигддаг бүх шалгуур үзүүлэлт түүнд байх ёстой. Хүн юм чинь эрсдэл, элдэв дайралтыг даваад гарах чадвартай, тийм тархи оюунтай байх ёстой ёо доо?

    Эхний болхи харьцуулалтаа түр азнаад өөр нэг сэдэв рүү оръё. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнд дээр хөндсөн сэдвээр хурал болж, түүн дээр би Үндэсний аюулгүй байдлын дайснуудыг жагсааж нэрлэн, хуралд оролцогчдын анхаарлыг татаад авсансан. Гэхдээ палхийтэл хэлсэн тул заримд нь таалагдаагүй байж болно.

    Түүнээсээ цэгцлээд дор буулгая. Эх орноо нэг бүхэл бүтэн амьд хүнтэй зүйрлэх аваас Үндэсний аюулгүй байдал маань ихээхэн эргэлзээтэй болсон мэт сэтгэгдэл надад төрдөг.

    Энэхүү амьд организм маань тэжээгдэн тэтгэгдэх нь бүү хэл элдэв хоронд олон талаасаа нэн ихээр хорджээ. Хордоно гэдэг нь гадаадаас хэн нэгэн санаатай хордуулаад байгаа биш өөрсдийгөө сайн дураараа хордуулж байгааг нь хэлж байгаа юм. Төр–засаг нь зөнд нь орхиод эрхээр нь хатаачихсныг л төрийн буруу гэхгүй бол өөрсдөө зүв зүгээр байж байгаад хордчихсон юм.

    Ямар, юун хор вэ? Эх орны аюулгүй байдлыг бусниаж нурааж байгаа муу муухай юмс үзэгдлийг тэгж нэрлээд буруутныг би зааж өгөх гээд байна л даа.

    1. Архи ба архидалт. Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?

    2. Эрүүл мэндийн доройтол. Ковидын хоёр жил ёстой нэг харууллаа даа. Хэн хаанаас даалгавар өгөөд санаатайгаар монголчуудын эрүүл мэндийг доройтуулсныг мэдэх хүн алга. Нэг мэдэхэд л маш их өвчин өвчлөлтэй, доройтолтой монгол хүмүүнийг бид олж харав аа. Ерөөсөө монголчуудын хар зөнгөөрөө, дураараа, замбараагүй амьдарч байгаа нь тэр чигтээ эрүүл мэндийнх нь эрсдэлийг буй болгочихож. Мэдээж архи нөлөөлнө эхний ээлжинд, залгуулаад өөрсдөө буй болгосон агаарын бохирдол, өөрсдөө буй болгосон элдэв төрлийн стресс (замын түгжрэлээс эхэлнэ), амьдралын буруу хэвшил нь, идэш ууш нь, наргиан цэнгээн (зэрлэгдүү!) нь монгол хүмүүний эрүүл мэндийг цаг минутаар (хэтрүүлэг шүү, уучлаарай) муудуулж доройтуулж байна.

    3. Боловсролгүй, харанхуй бүдүүлэг нь хэтрэхээрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хасах оноо аваад ирдэг. Боловсролгүй, харанхуй бүдүүлэг нь ахуйн соёл, амьдралын буруу хэвшил, уран сайханлаг, байгаллаг, амьтанлаг сэтгэхүйтэй нь шууд холбоотой. Мухар сүсэг хурдан тархдаг. Шинжлэх ухаанд итгэдэггүй. Өнгөөр хөөцөлддөг. Уран сайхан, урлаг нь марзан, тэнэг, примитивээр хөгжиж ирсэн. Дэлхийн соёл урлагаас тасраад явчихсан. XXI зууны гэх үнэр байхгүй гэхчлэн.

    4. Улс төрчдийн авилга, хээл хахууль гэж Үндэсний аюулгүй байдалд бүү хэл эх орны тусгаар тогтнолд нэн халгаатай нэг дайсныг би тэр хурал дээр нэрлэсэн. Улс төрийн авилга бүх түвшинд баттай цэцэглэн байна. Эрх баригч намын томилгоонууд (тэр чигтээ хуйвалдааны шинжтэй), УИХ-ын сонгуулиуд нь цусгүй иргэний дайны уур амьсгалд болж өнгөрдөг, сонгуульд ялсан нь тэр чигтээ авилгаар эрх мэдлээ бэхжүүлдэг, өөр арга зам байхгүй, альтернатив хувилбар байхгүй. Энэ их шагналын хур, одон тэмдэг, гавьяат цолнууд ихэнхи нь авилга, танил талын нүүрээр хийгддэг. Зогсох шинжгүй. Явж явж бүх сэхээтнүүд нь гавьяат ба төрийн дээд одонгуудын төлөө зүрх сэтгэлээ огшоосон. Нийгмийн халамжийн бодлого нь тэр чигтээ авилгын хэлбэр болчихсон. Ажил хийх дуршлыг нь унтраасан.

    5. Ажилгүйдэл ба ядуурлыг Үндэсний аюулгүй байдлын дайснаар би нэрлэсэн. Ажилгүй хүн (цаана нь бүхэл бүтэн монгол айл өрх!) ядуурахад тун амархан. Буруутныг өөрийгөө тойруулж хайгаад байхаас монгол хүн өөртөө хир халдаах нь гонж. Нэгэнтээ ядуурчихсан бол золбирох, архинд донтох, эрүүл мэндээ сүйтгэх, гэмт хэрэг үйлдэх, яахаас ч буцахгүй болох зэрэг нь аяндаа гүйцэлдэнэ. Эцэст нь ядуу золбин хүнд эх орон ч хэрэггүй болно. Хэрэггүй гэж хашгирсан нь байхгүй ч яг үнэн төрх нь тийм. Тэд эх орныг минь дотроос нь, дороос нь мэрж байна!

    6. Энэ бүхнийг нийлүүлж байгаад Үндэсний аюулгүй байдлын дараагийн дайснаар бүх төрлийн гэмт хэргийг нэрлэж болно. Бүх төрлийн шүү. Монголчуудад түгээмэл байдаг нь хулгай, луйвар, залилан, экологийн элдэв гэмт үйлдлүүд. Монголын нийгмийг дотроос нь эвдэхэд тун ойртчихсон.

    7. Сүүлийн ганц дайснаар Үндэсний аюулгүй байдлыг эвдэгч үндэсний эв нэгдэлгүй байдал, нийгмийн олон хуваагдлуудыг тодруулъя. Ерөөсөө туйлын эв нэгдэлгүй нийгмийг монголчууд байгуулчихсан байна. Үндэсний эв нэгдлийг албан хүчээр барьцалдуулдаг тэр тогтолцоо нь ардчилал, хүний эрхээр солигдоод дур зоргоороо, эрхээрээ хатсан, атаархалдаа шатсан гурван сая монгол хүн буй болчихсон, юу хүссэнээ Төрдөө тулгаад эрх хүүхэд шиг аашлаад сууж байна.

    Илүү үг. Уучлаарай. Украиныг Монголын дайснаар тодруулчихсан баахан хүн сошиалд ааглаж байна. Украин манай Үндэсний аюулгүй байдалд хумсын толион чинээ ч аюул учруулаагүй хэмээн гэгээлэг монголчууд үздэгийг бас тэмдэглэе.

    Eрдөө байгаа дүр зураг чинь энэ юм биш үү? Явж явж ийм Монгол болчихгүйн төлөө яг өнөөдрөөс, яг одооноос хичээе. Төр нь төр шиг, ард түмэн нь ард түмэн шиг!

    Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү