Category: Монгол үндэсний түүх

  • ИХ ХААН, ИХ ГҮРНИЙ МӨРӨӨРХ ХОЖУУ ЦАГИЙН “ИХЭРХЭХ ХИЙРХЭЛ”-ИЙН АСУУДАЛД

    Сайн санаа, дэвшилттэй зорилго, зөв нөлөө, эерэг үр дагаврын төлөө том эзэнт гүрэнг анх байгуулсан бол, байлдаж эзэлсэн, хараа нөлөөндөө авсан улс орнуудыг өөд нь татаж чадсан бол, сүсэг бишрэлийг нь хүндэтгэн үзэж тархайг нь хурааж, салсныг нь нэгтгэж өгсөн бол, тайван чөлөөтэй амьдарч дэгжих орон зай, цаг хугацааг ивээн талбин олгосон бол, соёл, шинжлэх ухааны шинэ, дээд шатанд хүргэж шинэчилж, өөрчилсөн бол мөнхүү
    Эзэнт гүрний нөмөр, нөөлөг ба их хааны гавъяа, зүтгэлийг хүмүүс хэдэн зуун дамжуулан магтаж, дурссаар иржээ. Ингэхлээр эзэнт гүрэн бүхнийг, бас эзэн хаан бүхнийг байх ёстой байранд нь тавьж, авах ёстой үнэлгээг нь өгөхөд заавалчгүй судалж, нягталж, дэнсэлж, харьцуулж, үлдээсэн үр дагаварыг нь хаана, хаанаа тооцоолж, бүртгэж байж эцсийн шийдпийг гаргаж байх учиртай юм. Муу сөрөг үзэгдэл, үйлдэл нь сайн ул мөрийг үлдээсэн, эерэг үр дагаврыг үүдсэн бол бас л харгалзан үзэх хэрэгтэй болдог. Аливаад тодорхой хандах нь үнэнд хүргэх нэгэн арга билээ. Үлдээсэн ул мөр, нөлөөг нь тухай тухайн цаг үед нь хадаж үзэх, холбож ойлгох, тэр түүхэн цаг үеийн нь үнэлэмж, баримжаалал, жишиг, ёсзүйн үүднээс хандаж дүгнэж байх нь үнэний харьцангуйн талаасаа зөв, зүйтэй юм.
    Цаг үе огт өөр болдог. Хүмүүс бас өөрчлөгддөг. Хожуу цаг үеийн хүмүүсийн үнэлэмж, баримжааллын үүднээс өнгөрсөн бүхнийг нэгэн утгатайгаар, эцсийн үнэн болгож үзэх, үнэлэх боломжгүй бөгөөд ийм аргаар үнэнээс холдох хэрэггүй юм.

    Эзэнт гүрэн нэг бүр эцсийн эцэст задрал, уналт, мөхлөөр л дуусаж байжээ. Ийм хувь заяаг нэг ч эзэнт гүрэн тойроогүй юм. Эзэнт гүрний нас богино болох, урт байх нь олон хүчин зүйлээс хамаарч байжээ. Эзэн болсон улс, үндэстэн өөрөө хүчирхэг хэвээрээ, бусдыг эрхшээсэн гар нь чанга янзаараа нэр нөлөө нь өндөрт цууриатсаар байх ахул Эзэнт гүрний задрах нь удаан байв. Монголын эзэнт гүрний жишээ, сургамж гэхэд Хувилай хаан эзэнт гүрний нийслэлийг Монгол орноос салгаж Хятад оронд шилжүүлснээр эзэн улс, эзэн үндэстэний нэр хүндийг унагааж, эзэн Монгол гэхийг эзэн Хятад мэт болгон сольж завхруулснаар Монголын эзэнт гүрний задрал, уналтын процессыг ердөө л шууд эхлүүлжээ. Монголчууд, Монголын нийслэл Хархорум хотын нэр, дуулиан хэдхэн жилийн дотор Хятадын гэх хүчин зүйлүүдээр түрэгдэн бүүдгэрчээ. Энэ мэтийн сонихон үзэгдэл, тохиолдол эзэнт гүрнүүдийн түүхэнд цөөн биш байдаг.
    Том эзэнт гүрэн, их хааны мөр, сүүдэр дагаж үлддэг эерэг, сөрөг зүйлүүд ялангуяа эзэн байсан улс, үндэстний хувьд нэн их байдаг. Наад захын жишээ гэхэд л том, их, эзэн байсан улс, үндэстэнг дахиж томрох бий гэсэн хардлага ойр орчинд нь мөнхөд шахам үлдэж, уг улс, үндэстэнд ихээхэн бэрхшээл, зовиурыг авч ирдэг байна. Хөрш улсууд нь хуучин байдлыг давтан гаргуулахгүйн тулд нууц, далд алсуур, холуур элдэв арга хэмжээ авч, бусадтай хуйвалдан гурвалжин, дөрвөлжин хэлхээ, холбоо тогтоож жич, нууц бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлдэг. Их байсан, эзэн байсан улс орныг эргээд томорчих вий гэх болгоомжлол түүний найгүй жижигхэн, буурай болсон үед нь ч салахгүй дагалдан зовоодог ажээ.

    Эзэн байсан орны улстөрчид, их хааны үр хойчис дэмий ихэрхэж зовлон тарих нь бас цөөнгүй. ”Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” гэхийн үлгэрээр орчихсон тоглоомын удам залгамжлагчид, “Хан хөвүүд” буй болж бусдын зэвүүрхэл дор ихэрхэж дүвчигнэх нь ч бас олонтой тохиолддог.
    Гурвуулаа цаг цагтаа том, жижиг эзэн улс, эзэн үндэстэн байж үзсэн Монгол, Хятад, Оросын харилцааны жишээ, сургамжийн талаар товч өгүүлье.
    Хүннүгийн эзэнт гүрний үеэс (МЭӨ 209 он) бүр түүнээс ч их өмнө монголчууд Хятадын улсуудад аюул, занал учруулсаар байжээ. Хүннү гүрэн олон тасарч задарснаас хойш ч гэсэн нүүдэлчид, эсгий туургатангууд Хятадын улсуудад довтолж түүвэйсээр л байв.
    Монголын Сүмбэ, Нирун улсын үед, мөн Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож чадсан Түрэг, Уйгар, Киргиз нарын үед ч гэсэн нүүдэлчдийн халдлага ер тасраагүй ажээ. Тэг тэгсээр XIII зууны монголчууд Хятадын улсуудыг бүрэн эзэлж, бүгдийг нь нэгтгэн захирчээ. Монголын эзэнт гүрний үед Хятадуудад мэдээжээр хүнд хэцүү байсан, мөн оросуудад ч бас хэцүү байсан юм. Ингээд л монголчуудаас айх болгоомжилох сэтгэлзүй, ухамсар хөршүүдэд нь буй болчихжээ. Орос, Хятад хоёр монголчуудыг тархай, бутархай байхад, сул дорой байхад, бүр болж өгвөл байнгад өөрсдийнхээ эрхшээл, нөлөөн дор барьж байхыг хүсэх болжээ. Энэнийгээ төрийн бодлого болгож сахиж хэрэгжүүлж байхыг тэд эрмэлзэцгээх болсон юм. Энэ бол хоёр хөршийн нь төрийн хар хайрцагны бодлогын Монголд зориулсан гол үзэл, баримтлал мөн бололтой. Чингэж монголчууд хоёр том хөршийнхээ ийм далд, нууц бодлогын объект болсоор уджээ. Чухам иймийн учир зөвхөн Ар Монголын тусгаар тогтнолын төлөө бүтэн зууны туршид элдвээр тэмцэхэд хүрсэн байна. Зуун жилийн туршид олон бусармаг арга, заль хэрэглэж, хоорондоо элдвээр сүлбэлдэн хуурамчилсаар хөршүүд маань монголчуудыг тархай бутархай, дорой буурай, “гар гарынхаа лор” хэвээр нь үлдээж чадсан билээ.
    Хоёр хөрш маань Монголын газар нутагт л зөвхөн шунадаг мэтээр зарим хүн ойлгодог, ярьдаг. Гэхдээ Хятад, Орос хоёрын төр засгийн аль аль нь “Монголчууд та нар хүнээ авбал аваарай. Харин газар нутгийг нь бид авч үлдэнэ шүү” гэж хэлж байсан удаагүй билээ. Тэгэхлээр газар нутгийг нь хүн ардтай нь цуг тасдан авч аль болохоор бүх талаар жижигрүүлэх, Монголыг жижигхэн бамбай улсын хэмжээнд л мөнхөд барьж байхыг тэд хүсдэг ажээ. Зарим судлаачийн тооцоолсноор Монголоос Хятадуудын салгаж авч чадсан газрын хэмжээ 2.216.000 километр квадрат, харин оросуудын авсан нь 610.900 километр квадрат юм байна. Энэ тооцоогоор бол Монгол улс уугуул газар нутгийнхаа зөвхөн 35.7 хувь дээр нь нь л амьдарч байгаа болно. Уугуул газар нутгийнх нь 50.4 хувь нь хүнтэй гэртэй, малтай, ашигт малтмалтайгаа цуг Хятадынх болсон ба мөн 13.9 хувь нь бас л хүн, гэр, мал, ашигт малтмалтайгаа хамт Оросынх болчихжээ.

    Хоёр хөршид маань ийм шинж, байдал бүхий далд, нууц бодлого, цаанаа нарийн учиртай ижилхэн зорилго байдгаас болж 1911 онд өвөг дээдсийн маань өндрөөс өндөрт өргөн дэвшүүлсэн “Үндэсний төр улсаа сэргээн байгуулж монголчууд хотол даяараа нэгдэж нийлэх” гэсэн зорилго биелээгүй байна. Ийм зорилго тавьж тэмцээд удлаа. Үнэндээ бол бараг 3 зуун дамнан мөнхүү тэмцэл үргэлжилжээ.

    XXI зууны эхэн гэхэд байдал ямар байна вэ? Монголчууд нэгдэн нийллээч гэсэн Орос ба Хятадад заналхийлж чадах. хоёр том хөршрүүгээ түрэмгийлэл үйлдэж чадах боломж нэгэнт үгүй болжээ. Монголын аюул гээч нь хоосон зүйл болсон байна. Харин ч бамбай орон байх, том сайн бамбай болох Монголын үүрэг улам л чухалчлагдах төлөвтэй боллоо. Одоо бол Монгол хүчтэй нэр хүндтэй байх тусмаа л Хятад, Орос хоёрын завсарт “сайн бамбай болох юм. Хүн ам цөөтэй, цөмийн зэвсэггүй, дайн-хийрхэлд дахин автагдах бодит боломжгүй болчихсон эн тайван, ардчилал, эрх чөлөөг дээдлэгч Монголчуудаа: жийрхэх, хоосон хардах, болгоомжлох нь аль хэдийнэ илүүц зүйл, утгагүй зүйл болчихжээ. Одоо XXI зууны өндөрлөгөөс энэ 3 орон хоорондоо шинэхэн бодит байдалд тулгуурласан шинэ, оновчтой холбоо тогтоож, хэн хэнийхээ ашиг, сонирхлыг тооцсон найрсаг харилцаатай байх хэрэгтэй байна. Эзэнт гүрнүүд байсан үеийн, эзэнт гүрнүүд байхын төлөөнөө гэхүйцээр ихэрхэх, ихээ үзүүлэх, эсвээс ихээ сэргээх, их байснаа санагалзан “хоосон томрох” мэтийн санаа, санаархал нь зөвхөн элдэв бэрхшээл үүдэж хэн хэндээ хор хүргэхээс цаашгүй болжээ.
    Хэтэрхий томрох, зах хязгааргүй их нутаг дэвсгэрийг эзлэх, олон хэлний ижил биш шашин, соёлтой олон үндэстэн, хүн зоныг нэгэн төрийн жолоон дор хураах нь энэ XXI зууны өндөрлөгөөс үзэж дүгнэх аваас тийм ч сайн зүйл биш гэдэг нь тодорхой болжээ. Томрохын сайн, мууг арьс махан дээрээ мэдэрч, үүрч өнгөрөөсөн монголчууд “сайн ба муу ямар ч зорилгын үүднээс бусдыг эзлээд хэрэггүй юм байна” гэдгийг хатуу ойлгосон ард түмэн билээ. Томорсноосоо үүдэж хохирсон ард түмнүүдийн эгнээг нэгээр нэмэгдүүлсэн монголчууд бусдыг эзлэх гэж хаашаа ч явахгүй. Тэгээд ч хоёр том хөрш маань хэнд ч эзлэгдэхээргүй хүчтэй болчихжээ. Ийм нөхцөлд Монголын аюул гэх бодит хүчин зүйл үнэхээр үгүй байна. Гэхдээ энэ гурван орны аль алинд нь Монголын гэх угшил, холбогдол бүхий асуудлууд бий. Ихээхэн ээдрээтэй эмзэг гэхээр асуудлууд ч бас бий. Түүхэн шинэ, шинэ нөхцөл, байдалд тэдгээр нь яаж шийдэгдэх нь ч мөн тодорхой бус байна.

    Монгол угсааны хүн амын 30 гаруй хувь нь л Монгол улсад аж төрж үлдэх 70 шахам хувь нь Хятад, Орос хоёрт хуваагдан харъяалагдаж байгаа нь асуудлуудын нэгэн гол шалтгаан юм. Эдгээр хүмүүс 2 хөршид бүрэн уусаж дуустлаа удах болно. Тэдний хувьд нүүдэлчдийн ахуй аж байдал нь бүрэн өөрчлөгдөх, хэл ба соёл нь мөхөж, еөрөөр солигдох, сэтгэлзүй, ухамсар нь хятаджиж, оросжиж дуусах зэрэг хувьсал явагдаж дууссанаар уусалт төгс болох учиртай. Өнөө гэхэд бутарч салсан, бусдын эрхшээл, нөлөөнд хүчээр үлдээсний зовиур нэг талд, харь хэл, соёл, өөр ахуй бүхий хүмүүсийг өөртөө уусгаж авах гэсэн зовиур нөгөө талд байсаар хадгалагдсаар энэнээс үүдэлтэй эмзэглэл, зөрчил хуримтлагдсаар элдэв шинжтэй ээдрээ, зангилааг социаль бүлгүүдийн харилцаанд буй болгож ужигруулсаар байна.
    Олон саяар тоологдох монголчууд хоёр хөршид маань уусаж бүрэн дуусахын цагт энэ гурван улсын хоорондын харилцаа их нээлттэй, илүү их ил цагаан илүү их шудрага,шулуухан болох байх. Гэвч ийм цаг ирэхээс өмнө юу ч болж бас мэднэ. Монголчууд уусаж чадахгүй хөршүүд маань уусгаж чадахгүй, харин ч харь элгийн хүмүүсийг хавчин хяхаж, жигшээж гүйцэх юм бол тааламжтай гэхүйц нөхцөл, тохироо бүрдэх бүрийд л Буриад, Барга, Өвөр, Өмнөд, Шинжааны болон Халимаг монголчууд түүхэн төврүүгээ татагдаж ээдрээтэй асуудлууд ар араасаа босох нь эргэлзээгүй. Дэлхий дахины өнгөрсөн түүхээс үзэхүл нэг үндэстэн нөгөө үндэстнээ өөртөө уусгах гэж хүчлэх бүрийдээ шахам бүтэлгүйтэж байжээ.

    Оросод харьяалагдах болсон Буриад монголчууд хаант төрийн нь үед ч хэлмэгдсэн бас социалист төрийн нь үед ч хэлмэгдсэн билээ. Иймэрхүү хувь заяаг өрөвдөхгүй байхын аргагүй юм.

    Хятадын харъяанд орсон монголчууд мөн цаг цагтаа ихэд хэлмэгдсэн болохыг дэлхий дахинаараа мэдэх билээ. Их Орос, мөн Их Хятадын үндсэрхэх дээрэнгүй үзэл хэмээн монголчууд шүүмжлэн үзэх, үнэлэх мөртлөө Их Монголын гэхээр үндсэрхэх дээрэнгүй үзэл сурталд өөрсдөө автагтаад харалган ааш авир гаргаж болохгүй юм.

    Нэгэнт буй болчихсон түүхэн нөхцөл, байдалд хүлээцтэй, ухаалаг хандаж, тал талын ашиг сонирхлыг судалж тооцож ямар ч тохиолдолд мугуйдлах, сөргөлдөх, мөргөлдөөнд турхирах, террор хийх зэрэг алдаанаас тууштай зайлсхийж байх хэрэгтэй байна.

    XXI зуунд хэлэлцээрийн ширээнд суухаас өөр хүчирхэг арга хэрэгсэл гэж үгүй билээ. Монголчууд хоорондоо эвтэй найртай байх цагтаа хүчтэй, хүчирхэг байдаг гэх суртал ухуулга бол зөв зүйтэй зүйл. Харин Монголчууд илүү дээд заяатай ард түмэн учраас бусдыг эзэлж, эзэрхийлж, ямагт бусдаас хүчирхэг байх тавилан, заяатай гэх нь худал, буруугаас гадна ичгүүртэй тэнэгдүү итгэл, бишрэл мөн болно.
    Их Хүннү гүрэн, Сүмбэ, Нирун, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн байсан үеүдээ магтах, элдвээр сайшаан санагалзах, уриа дуудлагаа болгох зэрэг нь монголчууддаа ихэд таалагддаг хэдий ч, мөн сайн нөлөөтэй байж болох хэдий ч хөршүүдэд маань, бас бусад ард түмэнд яаж тусах, ойлгогдох болоо гэдгийг ямагт тооцож аман дээрээ даруу, намдуу байх нь харин ч Их-ийн, Том-ын шинж байх болов уу…

    Ямар ч үнээр хамаагүй, бас орчноо үл ухааран томрох гэх нь томрохын цагтаа юу л хийх бол хэмээсэн айдас, жийрхэлийг бусдад ил, далд төрүүлж байдгийг үзэл санааны түвшинд ч гэлээ үүдсээр байх нь буруу, хортой болохыг аль ч цаг үед тооцож байх хэрэгтэй юм.
    Монгол бол эдүгээ ардчилсан гэгдэгч орон. Гэтэл иргэдийн нь амнаас сав л хийвэл “Их эзэн богд Чингис хаан минь” “Тэнгэр заяатай ард түмэн минь” гэх мэтийн үгүүд огт салахгүй гарсаар байх аваас, бас даварсан дэвэрсэн хэсэг нь “онцгой тавилан, тусгай зориулалт” дээд угсаа, гарвал”-тай хэмээн хэнхдэгээ дэлдэх нь ихсээд байваас бусад орны ардчилсан бие хүмүүс биднийг уг чанартаа чухам хэн гэж үнэлэх, ойлгох бол оо?…
    “Монголчууд бид биеэ чухам яаж авч явах ёстой болж байна вэ? Хоёр их хөршдөө таалагдахыг хичээж үргэлжид” жижиг” байх ёстой юу? Хэргээр, санаатайгаар улам бүр хагарч, бутарч жижигрэх бодлогыг айх, болгоомжлохын эрхээр явуулж байх учиртай болж байна уу? Монголчуудад төрөлх, заяагдмал эрх, эрх чөлөө байх ёстойг үгүйсгэхийг хүлээн зөвшөөрч байх нь ухаалаг арга, хандлага гэж үү? Бид цэрэг, арми, зэвсэглэл үгүй ердийн чөлөөт бүс болъе л доо !!! гэх мэтийн санал, санаачилга ч бас гарах болж … Тайван, амгалан, элэг бүтэн оршин амьдрахын философийг таних гэж монгол хүмүүн зовж, зовниж байх болжээ.

    “Ихэрхэх хийрхэл” яг хэрэг дээрээ бол юунд ч хариу өгөхгүй байна. Одоо цагт энэ нь ердийн нэгэн эрэндэг бололтой….

    Дэлхий дээр маань Европ тивийн засаглал тогтоод 400 орчим жил болж байсан түүх бий. Арван хоёрхон эзэнт гүрэн далдуур, нууцаар ард түмэн нэг бүрийн хувь заяаг хоорондоо үгсэн, тохирон шийдэж ирсэн саяхны практик бас бий билээ. Харин өнөөдөр хэн хэн хэрхэн засаглаж байна вэ? Дэлхий дахиныг тэд хааш нь хөтөлж явна вэ? Даяаршлын эрин үе дэх Ихэрхэх хийрхлийн субъект нь хэн вэ?, бас объект нь юу вэ? Аль эсвээс энэ нь хоосон, цаанаа бодит оногдохуй үгүй асуулт уу ?
    XXI зууны эхэн үед 12 том эзэнт гүрэн дэлхийг хуваан захирч байсан бол XXI зууны эхэн гэхэд АНУ-ын нэр, нөлөө, шууд хийгээд дам засаглал нэн их хүчтэй болсон байв. Цэрэг-зэвсэг, санхүү-эдийн засаг, улс төрийн нэр, нөлөөндөө дулдуйдан энэ том орны үйлдэл, алхам, үг хэл улам л зоргоор, түрэмгийдүү болсоор байна. Энэ байдал нь зарим нэгэн том улс оронд муу үлгэр дууриал болж ааш авирыг мөн эвдэлж эхлээд удлаа. Түрэмгийдүү чиг хандлагын төлөөлөгчдийн тоо олширч өрсөлдөөн нь ч ширүүсэх янзтай болж ирлээ. Энэ бол муугийн ёр, эхлэл билээ.
    12 том эзэнт гүрэн 400 жилийн туршид цэрэг, зэвсгийн хүчээр дэлхийг цөлмөн дээрэмджээ. Булааж авсан хөрөнгө, баялгийг ашиглаж дотооддоо аж үйлдвэржилтийг амжилттай хэрэгжүүлжээ. Одоо Тэд мөлжиж, цөлмөж ядууруулсан орнуудынхаа ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй билээ. Ингэх нь зохистой хэмээн үзэх, ойлгох соёл ба ухамсар саяхны эзэн орнуудын хүмүүст байгаа юм.
    Америкийн Нэгдсэн улс эдийн засгийн чадавхынхаа өндөр нэр төрд дулдуйдан цаасан мөнгө ихээр үйлдвэрлэж бусад орны баялгийг хямд үнээр хурааж авсаар иржээ Хэрвээ АНУ-ын төр засаг ба эдийн засгийн амьдрал нь эргэж сэхэхгүйгээр хямралд автах аваас энэ их цаасан мөнгөө тэд юугаар ч баталгаажуулж дийлэхгүй юм. Ийм байдал үүсэхээс өмнө оновчтой арга хэмжэз авах шаардлагатай байна. Иймэрхүү маягийн хямрал сүйрлээс нэр бүтэн гарах гэхдээ АНУ-ын цэрэг-улстөрийн зарим бүлэглэл дэлхийн хэмжээний дайн самууныг өдөөж ч магадгүй. Доллар одоохондоо гүйлгээний хэрэгслийн үүргийг маш өргөн хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа хэдий ч хуримтлалын хэрэгсэл болж ер чадахгүй нь тодорхой билээ. Энэ нь олон улс орныг ихэд хохироох ирээдүйг ноттой болгосоор байгаа юм. Цаасан мөнгөний эзэнт гүрэн цаг нь ирэх үед дэлхийг нэлэнхүйд нь таваарын хомсдолд оруулж, ужиг үргэлжпэх хямралыг үүдэж чадах нигууртай.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ЯДАМ ХУРУУНЫ ДОМОГ

    Найранд ирэгсдэд хаш эрдэнийн хундаганд хийсэн хортой архи барьжээ. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй найруулсан байсныг Ядам түшмэл мэдсэн байв. Тэрбээр “дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихэе” гээд хундагаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны дөрөв дэх хурууг “ядам хуруу” гэж нэрлэсэн гэх бас нэгэн домог байх ажээ.

  • “ХАН ТЭНГЭР ЭЦЭГ МИНЬ НИРГЭЭЧ”

    Хан тэнгэр эцэг минь
    Хар шуналтныг ниргээч
    Газар усны эзэд минь
    Галзуу шуналтныг гайтуулаач
    Эзэн богдын зарлиг засагтай
    Этүгэн эхийн эрдэнийн хэвлийг минь
    Эд зүүдэлсэн элэг буруутнууд
    Эрэглэн ухсаар, эрэмдэглэн барах нь ээ!
    Хан тэнгэр эцэг минь
    Хар шуналтныг ниргээч
    Газар усны эзэд минь
    Галзуу шуналтныг гайтуулаач
    Шилийн эрсийн шөрмөс шалгасан
    Шижирлэн шаргалтах сэжүүргүй талыг нь минь
    Шилтгээн зүүдэлсэн шиншээ нүгэлтнүүд
    Шимийг нь сорсоор, сэглээд төгсөх нь ээ!
    Хан тэнгэр эцэг минь
    Хар шуналтныг ниргээч
    Газар усны эзэд минь
    Галзуу шуналтныг гайтуулаач
    Аливааг тэтгэх ариун ундаргатай
    Анирлан долгилох амгалан мөрдийг нь минь
    Алт зүүдэлсэн албин төрхтнүүд
    Амин голыг нь адлан сүйдлэх нь ээ!
    Хан тэнгэр эцэг минь
    Хар шуналтныг ниргээч
    Газар усны эзэд минь
    Галзуу шуналтныг гайтуулаач
    Төрийн шагналт, Ардын багш Ш.Чоймаа

  • МОНГОЛЫН ТЭНГЭРИЙН ҮЗЭЛ БА ЭДҮҮГЭЭГИЙН ДЭЛХИЙЧЛЭЛИЙН ҮЗЭЛ

    Тэрхүү үзэл санаа нь тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл бүхэл бүтэн улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж болно. Тэнгэрийн үзэл нь аль нэгэн сурвалж бичигт тодорхой хэлбэрээр томъёологдон үлдээгүй боловч манай үед хүрч ирсэнмонгол болон бусад олон хэлээр бичигдсэн сурвалжуудаас бид түүнийг сэргээн тодорхойлж, утга агуулгыг нь шинжлэн судлах бүрэн бололцоотой. Юуны өмнө тэнгэрийн үзлийн талаар тодорхой бөгөөд магадлалтай анхны ойлголтыг “Монголын нууц товчоо”-ноос олж үзэж болно. Түүнд Монголын хаант төр тэнгэрлэг язгууртай болохыг түүхэн домгоор нотлон харуулсан нь илт байна. Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох бөө мөргөлийн тулгуур үзэл баримтлал болох Тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг Тэнгэр Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрхи байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. “Монголчууд зөвхөн гагц Тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал, зовлонгийн эзэн хэмээн үзнэ” гэж тухайн цагт Монголд ирж байсан гадаадынхан гярхай ажиглан бичсэн байдаг. 13-14 зуунд монголчууд ер бусын их өргөн түрэмгийлэл явуулан, улмаар дэлхийн их эзэнт гүрэн байгуулан тохинуулахын хамтад Тэнгэрийг тахин шүтэх үзэл нь улам их боловсронгуй болж, ертөнц дахины чанартай үзэл суртал болон хувирав. Энэ талаар эх сурвалжуудын мэдээ баримтыг авч үзье. Монголын их хаадын албан ёсны бичгүүдийн эхэнд нэгэн маягийн тогтсон оршил байсан нь:”Мөнх Тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл-дур…” Энэ томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хосёсны үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба Хаган хэмээн хослол нь эцэг Тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж ч болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд, ер бусын нэгэн төрлийн бурхан мөн бөгөөд тэр нь ”хүчин” хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Үүний ачаар Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Өөрөөр хэлэхэд Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн “суу зали” буюу харизмагийн ачаар Тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Тэнгэр, Хаган хэмээх хослол санаа нь Монголын их хаадын албан ёсны баримт бичгүүдэд улам хөгжиж нарийсаж иржээ. Жишээ нь: Байжү ноёноос Ромын пап Инносент IY-т бичсэн захидалдаа хавсран илгээсэн Гүюг хааны нэгэн зарлигт болон мөн Мөнх хаанаас Францын хаан Хутагт Луйд илгээсэн захидлын оршлуудад “Мөнх тэнгэрийн хүчин-дор, Дээр ганц Мөнх тэнгэр, дор газар гагц эзэн Чингис хаган, Тэнгэрийн хүвгүүнтй захидал…” хэмээжээ. Энэ мэтийн Монголын их хаадын албан бичгүдийн оршилд Тэнгэрийн үзлийн гол философи товч боловч тод илрэлээ олжээ. Тэрхүү филисофийн ёсоор дээр гагц Хагаан байх учиртай, өөрөөр хэлбэээс Монголын хаан нь “Наран ургахуй зүгээс, наран жаргахуй хүртэл” буюу Мөнх Тэнгэрийн дорхи бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ. Тэнгэрийн үзлийн энэ гол үзэл санааг Монголын их хаадаас Ромын пап нар, Европын улсуудын хаадад тухайн үедээ явуулж байсан албан бичиг, захидлуудаас олж үзэх болно. Энд нэгэн зүйлийг тусгайлан тэмдэглэхэд монголчуудын цэргийн довтолгоон 1240 хэдэн онд Зүүн Европын орнуудад хүрэх үеэр Монголын Тэнгэрийн үзэл нь тэр цагт Европ дахинаа ноёрхож байсан Христийн шашин ертөнцийн үзэл сурталтай халзмөргөлдөн тэмцэлдэж эхлэв. 1245 онд Инносент 4 пап ламтан Христийн шашинтны тэргүүний хувьд ихэд санаа зовж, Монголд өөрийн бие төлөөлөгч элч Плано Карпини хэмээх христийн ламыг тусгай захидлын хамт яаралтай довтолгов. Папын 1245 оны 3-р сарын 13-ны өдрийн захидалд Христийн шашинтан ба бусад орнуудын эсрэг довтлон сүйтгэж, цаашид ч алс холын улс орны эсрэг үргэлжлүүлэн, байгалаас заяасан уялдаа холбоог таслан эвдэж, нас хүйсийг үл хайхран сүйтгэж байгааг нь хүчтэй эсэргүүцэн, ялангуяа христийн шашинтныг үй олноор нь бүрэлгэн сүйтгэхээ даруй зогсоохыг хатуу шаарджээ. Үүний хамтад пап ламтан өөрийн бие төлөөлөгч, их номтны номнол, үгийг хүндэтгэн хүлээн авч зөвшилцөхийг хүсчээ. Үнэн хэрэг дээрээ ромын пап Монгол хааныг Христийн шашинд оруулахыг эрмэлзэж байсан нь ч тодорхой. Гүюг хаанаас 1246 оны 11-р сард мөнхүү элчээр нь дамжуулан Инносент IV папад илгээсэн хариу захидалд пап ламтныг нөхөд сэлтийн хамт хүрэлцэн ирж хүчин зүтгэхийг сануулж “Христийн шашинтан улс орныг бүрэлгэн сүйтгэж байна” хэмээн зэмлэснийг нь “үл ухаж байна” хэмээн няцааж, өөрсдийн довтолгооныг гагцхүү “Мөнх Тэнгэрийн зарлигийг биелүүлж буй хэрэг хэмээн, мөн “Дээд тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран жаргахуй хүртлэх бүх улс орон” Монголын хаанд захирагдсан болохыг дурджээ. Эцэст нь “Тэнгэрийн зарлигийг хэн эс дагах буй. Бид ил боол тань болон хүчээ өгсүгэй…”, “эдүүгээгээс эхлэн та бүхнийг ивээлдээ орсон хэмээн үзсүгэй. Тэнгэрийн зарлигийг эс даган, бидний үгийг эс дагаваас дайсан болохыг мэдтүгэй. Юун болохыг гагц Тэнгэр мэдтүгэй “ гэжээ. Гүюг хааны захидлаас найман жилийн дараагаар Мөнх хаанаас Францын Луи хаанд илгээсэн захидалд ч мөн иймэрхүү утгатай зүйлийг өгүүлсэн байдаг. Монголын Тэнгэрийн үзэл, Христийн шашны ертөнц дахины үзэл хоёрын мөргөлдөөн тэмцэл төдий л удаан үргэлжилсэнгүй. 1241 онд Өгөдэй хаан нас нөгчиж, улмаар монголчуудын Европын гүнд явуулсан довтолгоон зогссоноор тэрхүү тэмцэл ч үндсэндээ дуучгавар болжээ. Харин тэнгэрийн үзэл тухайн цагийнхаа өөр нэг хүчирхэг үзэл Исламын шашинтай халз тулгаран өрсөлдөв. Энэ нь Мөнх хааны монголчуудын түрэмгийлэлийг Исламын шашинтан Дундад ба Ойрхи Дорнодын орнуудын эсрэг чиглүүлэн явуулах болсонтой холбоотой байв. Өрнө зүгт Мөнх хааны дүү Хүлэгүгийн явуулсан аян дайны дүнд монгол цэргүүд Аббасидын Халифат устан, Багдад, Дамаскийг эзлэн улмаар Инд мөрнөөс баруун тийшэх Исламын шашинтан бүх улс орныг байлдан дагуулж, эцэст нь зуу шахам жил үргэлжилсэн Ил хааны улс хэмээн Монгол хаадын улсыг Иранд үндэслэн байгуулав. Энэ бүхэн нь голдуу цэрэг зэвсгийн хүчээр болсон хэрэг байсан боловч Монголын тэнгэрийн үзэл багагүй түүхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үзэл нь тухайн улс оронд он удаан ноёрхож байсан Исламын шашны эсрэгт Монгол хаадын ноёрхолыг үзэл суртлын хувьд үндэслэн зөвтгөж байв. Үүний нөгөө талаар Тэнгэрийн үзэл нь зорилгодоо хүрэхийн тулд нөгөө нэг ертөнц дахины үзэл суртал болох Христийн шашинтай ойртон нягтарч холбоо тогтоон Исламын эсрэг тэмцэхийг эрмэлзэж байв. Үүнд тааламжтай хөрс суурьч бүрэлдсэн байжээ. Юуны өмнө, Христийн шашинд монгол хаадын илүү дотночлон хандах явдал Мөнх, Хүлэгүгийн үед хүчтэй болж ирэв. Тэдний эх Соргагтани хатан өөрөө Христийн несториан шашинтан байсан учир нөлөө нь түүний хаан хөвгүүдэд багагүй нөлөөлсөн ажээ. Хүлэгү болон түүнийг залгамжлагч зарим Ил хаад ч Несториан шашинтан хатадтай байжээ. Исламын шашинтан улс орны эсрэг монголчуудын явуулсан аян дайн тэдгээр оронд олон зуун жилийн турш хавчигдаж байсан Христийн несториан шашинтныг чөлөөлөн урамшуулж, тусламж дэмжлэгийг авах бололцоог хангав. Монгол хаад ч уг байдлыг овжин ашиглан Исламын шашинтан орнууд, ялангуяа тэр цагт монголчуудад эзлэгдээгүй үлдсэн хүчирхэг Мамлюкийн Египетийн эсрэг түрэмгийлэлдээ Ромын папын улс болон Европын Христийн шашинтан улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэн, цэргийн эвслийг ч байгуулан тэмцэхийг чармайж байсан юм. Үүнийг түүхийн сурвалж бичгүүд ч гэрчилнэ. Жишээ нь 1289 онд Ил хаан Аргунаас Францын Гуа Филипп-д явуулсан захидалд Мисир /Египет/-ийн эсрэг хамсан довтлох саналыг нь зөвшөөрч “Тэнгэрийг залбирч” Димисги /Дамаск/-д морилон бууж, “Тэнгэрт мөрөгдөж тэд иргэдийг авбаас Орислим /Иерусалим/-г танд өгье…” хэмээжээ. Үүнээс 13 жилийн дараагаар 1302 онд Ил хаан Газан Ромын пап Бонифас 8-д илгээсэн захидалдаа мөн л Исламын шашинтан улсуудын эсрэг цэргүүдээ харилцан засан, болзсон хугацаанд илгээж хамсан довтолж “Тэнгэрийг залбирч их үйлийг ухаад нэгэн зүг болгъё” хэмээжээ.Энэ бүхнээс үзэхэд монголчуудын ер бусын их өргөн түрэмгийлэлбол зөвхөн гагц аюумшигт аллага хядлага, сүйрлээр дүүрэн зэрлэг нүүдэлчдийн гэнэтийн нэгэн хэрцгий уулга довтолгоон төдий байсангүй, харин тухайн цагийнхаа дэлхийг бүхэлд нь хамарсан гүн гүнзгий их их үр дагавар бүхий нэгэн төрлийн сонирхолтой үзэгдлийг хүн төрлөхтний түүхэнд үүсгэн буй болгосныг бид тусгайлан анхааран үзвээс зохино. Дорно, өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Үүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Өртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орны хооронд чөлөөтэй явагдаж байв. Дорно, өрнийн харилцаа холбоо тэр цагийнх шиг тийм үр бүтээлтэй бөгөөд идэвхитэй байсан нь урьд өмнө түүхэнд үзэгдээгүй ажээ. “Монголын энх амгалан” /Pax Mongolica/ хэмээн нэрлэгддэг нэг ёсны Монголын дэлхийн дэг журам ч тогтсон байв. Үүгээр үл барам, тухайн үедээ дэлхийн ердийн нэг их эзэнт гүрэн байгуулагдах төдийгээс илт хэтэрсэн, ертөнц дахины шинжтэй ер бусын нэгэн том үйл явц явагдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Тэрхүү үйл явцыг бид монгол нэр томъёогоор “тэнгэрчлэх” үйл явц буюу тэнгэрчлэл хэмээн нэрлэж болно. Түүх-үзэл баримтлалын үүднээс авч үзвээс Монголын тэнгэрчлэл бол эдүүгээгийн бидний “дэлхийчлэл”, Тэнгэрийн үзэл /тэнгэризм/ нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй төстөй учир харьцуулан авч үзэж болмоор байгаа юм. Энд зөвхөн нэр томъёоны ялгаа байгаа бөгөөд Тэнгэрийн үзэл /Тэнгэризм/ нь “Тэнгэр хэмээх алтай гаралтай хэлнүүдийн үгнээс үүсэлтэй бол глобализм нь “giobus” /газар дэлхий/ хэмээх хоёр үзэлд зарчмын бөгөөд тулгуур их ялгаа оршиж байгаа нь мэдээж хэрэг.Ийнхүү Монголын тэнгэрчлэх үзлийн тухай ярихдаа бид хуучны юмыг хэт эдүүгээчлэн он цагийн замбараагүй байдлыг үүсгэх гэсэн бус, харин түүхэнд эрт, орой болсон төстэй үзэгдлийг харьцуулан судлаж ойлгохыг оролдсон нь болой. Монголын түүхэн туршлагаас үзэхэд одоогийн дэлхийчлэл хэмээх үзэгдэл нь түүхэнд сая үзэгдэж байгаа тийм ч их шинэхэн үйл явц бус ажээ. Энэ нь бас өөрийн эртний түүхтэй бөгөөд Монголын туршлага бол дэлхийчлэлийн үзлийн хамгийн нийтлэг төрхтөй өвөрмөц нэг хэлбэр нь байжээ. Бидэнтэй энэ сэдвээр ярилцсан Америкийн нэрт сэтгүүлч Лесли Чань монголчууд бол “глобализмын үзлийг анхлан санаачлагч”, “анхны хэрэгжүүлэгч” нь байжээ хэмээн дүгнэн бичсэн юм. Гэхдээ Монголын тэнгэрчлэл бол голдуу улс төрийн үзэгдэл байсан хийгээд түүнийг юуны өмнө хүчирхийллийн аргаар хэрэгжүүлжээ. Ийм учраас тиймэрхүү маягийн дэлхийчлэл төдий л их амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэр нь удалгүй бүтэлгүйтэн нурсан билээ. Энэ бол хүн төрлөхтөн заавал мэдвээс зохих хийгээд хэзээ ч марташгүй, үл тоомсорлох ёсгүй агуу их түүхэн сургамж мөн. Одоогийн дэлхийчлэл нь Монголын тэнгэрчлэлээс эрс ялгаатай, үндсэндээ тайван замаар явагдаж байгаа билээ. Гэхдээ тэр нь хэтэрхий их материаллаг, прагматик шинжтэй, эд хөрөнгийн ашиг сонирхлыг урьдал болгоод оюуны болон зан суртахууны үнэт зүйлсийг төдий л үл анхааран орхигдуулж байгаа талтайг хэлэх хэрэгтэй. Эдүүгээ дэлхийчлэлийн үйл явц хүчтэй болох тусам дэлхийн өөр өөр иргэншил, шашны өвөрмөц шинж байдал, түүхэн уламжлалаа хадгалах эрмэлзлэл, тэрч бүү хэл эсэргүүцэл тэмцэл,ч ихсэх хандлага илт ажиглагдаж байна. Одоогийн дэлхийчлэлийн үзэл илүү их ул суурьтай, илүү их хүмүүнлэг бөгөөд болвсронгуй филисофийг шаардаж байгаа нь илт байна. Дэлхий дээрх олон соёл, шашин, хэв заншил, уламжлалын ялгааг үл харгалзан хүн төрлөхтөн нийт даяараа хүлээн авч чадахуйц тийм нийтлэг бөгөөд түгээмэл дэлхийчлэлийн үзэл онолыг гаргана гэдэг тийм ч хялбархан зүйл огт биш болох нь тодорхой. Гэвч үүний төлөө нийтээрээ хамтран ажиллах нь харилцан тэмцэлдэн сөргөлдөхөөс илүү их ирээдүйтэй болохыг онцлон тэмдэглүүштэй. Мөн үүний хамтад “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” хэмээн их хаан Мөнхийн айлдсан үгийг хүн төрлөхтөн альч үед санаж явахад илүүдэхгүй бөгөөд энэ үг одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
    Академич Ш.Бира

  • ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ Ч МАНАЙХ

    Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдэг вэ гэдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шиний нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улс төрч Ерөнхийлөгчид бараалхан золгохдоо юу өмсчихөв, бөхчүүд юу өмсөв, урлагийн нэртэй одууд юу өмсөв гэдгийг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Тэрэн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Тэрнийг хүмүүс харж моод дэлгэрдэг. Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.
    Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад Бао гуай “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.
    Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    -Ер нь Хятад газар ноёрхол тогтоож байсан Монгол улс аймаг нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн гэдэг. Солонгос \өмнөд\ улсын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – ван мужийн Шиен-дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын солонгос, япон, хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна.
    Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд сайхь гурван улсын үеийн хувцас нь умард монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол нэн эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Ер нь хятад оронд ноёрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед Зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.
    эх сурвалж: http://news.gogo.mn/r/155080

     

     

     

  • МОНГОЛЫН ТӨРИЙН ЁСЛОЛЫН ҮЕЭР ЭНЭ ЗУРГИЙГ АВЧЭЭ. 4 ҮЕЭР БООВОО ЗАСЧЭЭ.

     

    Монголчууд тэгш тоог манай ертөнц, нарт ертөнцийнх гэж үздэг, сондгой тоог нөгөө ертөнцийнх, хүмүүн бусын ертөнцийнх хэмээн vздэг байлаа. 4-ийн тоо бол монголчуудын хувьд 4 зүг 8 зовхисын орчлон хорвоо, эргэх 4 цаг улирал, 4 хүчтэнийг бэлгэддэг байв.

    Монголчууд монгол гэрийн бат бөх байдлыг “…төрийн дөрвөн тотготой, төмөр дөрвөн шийртэй, .. дөрвөн хөлтэй шийр шиг, дөрвөлжин зоотой морь шиг” гэх мэтээр шүлэглэн магтсан байдаг. Ийм учраас дөрвийн тоо нь бат бөх, найз нөхөр, түншийн бэлгэдэлтэй.

    4-ийн тоог жигших бол жинхэнэ хятад ёс. 4-ийн тоо үхлийг бэлгэднэ гэж айдаг. Доржхандын аарууланд эмзэглэсэн хүмүүс учиртай. Үхнэ гэж айцгаасан байна.
    Боовыг “жаргал зовлон” гэж өрдөг гэж судлалын эх сурвалжид үзээгүй. Ёс мэдэхгүй люмпенүүд харийг дуурайх буюу санаанаасаа зохиож гаж буруу ёсуудыг үүсгэдэг. Хятадын фэншүй шашныг монгол ёс гэж дайрдаг маш олон “монголчууд” үүсчээ. Ингэж айхавтар уусаж байна.

    Монгол хүн идээ будаагаа зовлонг бэлгэдэж өрдөг, хар муу бэлгэдэлтэй хүмүүс биш. Монгол хүн 4-ийн тооноос айдаг бэлгэдэлтэй биш шүү. 4-ийн тооноос айдаг хүмүүст л асуудал байна шүү.
    4-ийн тоог үзэх нь монгол хятад хүмүүсийн хувьд эсрэг агуулгатай. Монголчуудын хувьд амьдралыг, хятадуудын хувьд үхлийг бэлгэднэ.
    Munkhbayar Ch

  • МОНГОЛ БҮСГҮЙ ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНИЙН МАНЛАЙ

    Эрхэлж, тоглож “жаран чавганцын ажил” хийсээр нэг мэдэхэд нэхий бойтгоо элээж цоолоод хаячихаж би. Нагац ээж асууж. “Чиний энийг тэгээд хэн оёх юм”. Би хариулж. “Муу сайн хөгшчүүл л оёно биз”. Дээдсээс уламжилж ирсэн олон бөгөөд хачин сайхан бурхан тахилтай айл байсан юм. Даанч бүтэлгүй бэр нь, санаатай, санаагүй нь бүү мэд, үнс тоос болгоод хаячихсан гэдэг.

    Ганц хүүгийн нь тэр бүтэлгүй эхнэрээс гарсан хэдэн хүүхдийн зарим нь эрэмдэг зэрэмдэг төрж, эрүүл саруул өссөн нэг нь осолд орон талийгч болцгоосон билээ. Яагаад ийм болов гэж зурхайч мэргэдээс асуухлаар “бурхан тахилаа буруу замаар оруулсан байна” гэдэг гэсэн. Миний аавын бага ээжийг бид “хөгшээж” (хөгшин ээж) гэдэг байлаа.

    Авга ах нартай минь хамт амьдарч байгаад насныхаа сүүлийн жилүүдэд манайд байж, аавын минь гар дээр өнгөрсөн юм. Нагац ээжээс хойш хөгшээждээ ганц эрхэлж өгнө дөө. ёстой л “санаснаа хэлж, сарвайснаа авна”. Авга ах нараа ээлжээр эмээллэж унахаа шахна. Дөрвөн хөллүүлж байгаад зайдагнана.

    Гэтэл тэд насан эцэс болтлоо намайг хайрлаж, намайг дуудаж, өвчин хуучинд баригдаж, хоногоо тоолж байхдаа намайг л хүлээж, арай гэж нэг юм хүрээд очихоор намайг үзээд баярлан түр сэргэж, тэгээд сэтгэл нь ханасан бололтой бурханы оронд одоцгоосон билээ. Ээж минь шороон могой жил төрсөн, найман цагаан мэнгэтэй хүн байлаа.

    Амьд сэрүүн байсан бол энэ жил 85 сүүдэр зооглох байв. Өвөг аав минь бас могойтой хүн байжээ. Могойтой хүмүүсийг цэцэн ухаантай, авьяас төгөлдөр гэцгээдэг юм. Дамдины Сүхбаатар, Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ гээд олон суут хүнийг могой жил төрцгөөсөн гэж бодохоор үнэн ч юм шиг. Ээж минь намайг төрүүлсэн төдийгүй хүн болж төлөвшихөд их том үүрэг гүйцэтгэсэн юм.

    Аав минь багийн дарга гээд гэрийн бараа бараг харахгүй, гэр орны хамаг ажил ээжийн минь нуруун дээр үүрэгдэнэ. Намайг дөрөв таван настай байхад хонинд дагуулаад явна. Хоёулаа хонины захад сууж байхдаа надад цэцэн үг зааж, дуу дуулж, үлгэр ярьж өгнө.
    Сарьдаг өндрийн өврөөр
    Сайхан яргуй цэнхэртээд
    Саахалт айлын хоньд нь
    Сархиагаа дагаад идээшилж байна гээд залуу бүсгүйн шингэн хоолойгоор дуулдагсан.
    Тэр л өдрүүдэд “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг мэргэн үгийг надад зааж, яагаад тийм болохыг үлгэрээр тайлж өгсөн юм. Нэгэн хүү зовлонд унаад, яагаад тийм болсон, тэр зовлонг хэрхэн туулахыг асуухаар алсад суугаа мэргэн хүнийг зорин явж гэнэ. Гэтэл замд нь бас зовлонд унасан гурван хүн таарч гэнэ.

    Тэд хүүгийн зорьсон хэргийг асуугаад өөрсдийнхөө зовлонгийн шалтгааныг асуугаад ирээрэй гэж. Хүү ч амлаж. Мэргэн хүнд очвол, гурван л юм асуу гэж. Хүү бодож, бодож, өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бус нөгөө гурван хүнийхийг асууж. Мэргэн хүн тэдний зовлонгийн шалтгааныг тайлж, туулах аргыг нь зааж. Хүү буцаад явахдаа нөгөө гуравт учрыг хэлж, зовлонг туулах аргыг зааж.

    Тэгтэл өөрийн нь зовлон хийсэн арилж жаргал ирж гэнэ. Тэр мэргэн үг, үлгэр хоёр насан турш намайг дагаж яваа юм. Ээж минь дандаа л цэцэн үг хэлдэгсэн. Эгч дүү бид тэдгээрийг дор нь тогтоогоод хэлэлцэх, хэрэлдэхдээ хэрэглэнэ. Тийм болохоор миний бие ухаан орсон цагаасаа өнөөг хүртэл цэцэн үг, цэцэн үгтэй ном судар цуглуулж яваа.

    Зөвхөн цэцэн үг ч биш, Ертөнцийн гурваас эхлээд дуу, үлгэр, домог, тууль цуглуулдаг. Манай дарьгангачуул цэцэн мэргэн үг хэлтэй түмэн. Тэгээд ч олон олон яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, орчуулагч төрсөн. Одоо ч төрсөөр л байна. Ирээдүйд ч төрнө. “Билүүтэй уулынхаа овоонд нь
    Чулуу ганцыг нэмлүү дээ
    Биеэ хувааж төрүүлсэн
    Ижийнхээ ачийг ч яалаа даа
    Алтан гандиртай талдаа
    Ойрдоо би очлуу даа
    Амиа хувааж төрүүлсэн
    Ижийнхээ ачийг ч яалаа даа
    Уйлах шиг мэлтэгнэх усандаа
    Өссөн биеэ харлуу даа
    Ухаанаа асгаж ургуулсан
    Ижийнхээ ачийг ч яалаа даа” Бавуугийн хүүгийн энэ дуулал ээжийхээ ачийг хожуу таньсан үрийн нь хэлсэн сонгодог аксиом мөн. Мөхөс миний бие ийм л хүмүүсийн нэг л дээ. Дээрх бүхнийг нуршсаны учир нь айл гэрээс нийгэм бүрэлдэж, айл гэрээс нийгэм босч ирдэгт байгаа юм. Монгол айлд эмэгтэй хүн, эх хүн асар том үүрэгтэй.

    Монгол эр хүн суурин соёлтой орны эрчүүл шиг гэрийн мухар, эхнэр хоёроо сахин суудаггүй, адуу мал, аян жин, ан гөрөө, ажил явдап гээд алс хол олон олон хоног сараар явчихдаг болохоор өрх айлыг үндсэндээ эх хүн толгойлдог. Тэр хэмжээгээрээ эдийн засгийн том эрхтэй. Эр нөхөр нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Тоолшгүй цагийн чинадаас тийм байж ирсэн гэвэл эндүүрэл болохгүй.

    Одоо ч тийм л байгаа. Нөгөө “Аман хуур” кинон дээр Дарь авгай өвгөнөөсөө “Энэ гэрийн чинь өрхийн тэргүүн тэгээд хэн юм бэ” гэж асуухад Соном өвгөн “Нэр нь над дээр болохоос уг нь чи шүү дээ” гэдэг шиг. Монгол эх нь хүүхдүүддээ эцгээс нь илүү ойр. Тийм болохоор хүүхдүүд ээждээ ааваасаа илүү дотно байдаг гэвэл бас л эндүүрэл болохгүй.

    “Энэ хорвоо дээр ээж ганцхан, харин аав хэд ч байж болно” гэж хошигноцгоодог нь дэмий чалчаа үг бус бололтой. Тэгээд л ээжийн тухай дуу, шүлэг, найраг мянга түмээрээ байхад хөөрхий аавын тухай нь тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. “Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олохсон, миний ээж настай хүн, хайртай ээждээ өгөхсөн” гэж дуулцгаадаг мөртлөө хөөрхий муу аавдаа мөнхийн ус олж уулгая гэсэн дууг би л лав сонсоогүй юм байна.

    Бас “охинтой хүн баяжиж, хүүтэй хүн хоосордог” гээд байгаа. Бивээр найман настай сургуульд ороод дараалан гурван ч эмэгтэй багшаар анх ном эрдэм заалгасан хүн байгаа юм. Содовын Нарангэрэл, Магсарын Долгоржав, Аюушийн Пүрэвсүрэн гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан бүсгүйчүүд байлаа. Зөөлөн элбэрэлт мөртлөө хатуухан багш нар.

    Тэд миний болоод нөхдийн маань оюуны амыг нээж савныхаа хэмжээгээр эрдмийн абшиг хүртэх замд хөтөлсөн төдийгүй хүмүүний ёсыг таниулсан ачит хүмүүс билээ. Одоо нэгээс бусад нь энх тунх байгаа. Түүх сөхөөд монгол ээжийн тухай яривал Өэлүн эх, Сорхагтани бэх хатан хоёрыг л дурсахад хангалттай. Аугаа ээж нар.

    Есүхэй баатрыг тэнгэрт хальснаас хойш Өэлүн эхийн амссан зовлон далай мэт боловч зовлонгийн далайг хатамжилан туулж өчүүхэн хөвгүүдээ өвс ногоо, загас жараахайгаар тэжээсээр энэ уудам дэлхийн талыг эзэлсэн, Македоны Их Александр ч, Наполеон Бонапарт ч, Адольф Гитлер ч санаархаад бараагүй, хүмүүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй, хойшид ч байх боломжгүй Их Гүрнийг байгуулж чадсан мэргэн ухаант, хатан зоригт, энгүй хүчирхэг хаан, баатрууд болгон өсгөсөн эхийн алдар үеийн үед мөнх билээ л.

    Монгол үндэстний эцэг Их эзэн Чингис эцгээсээ Их Монголын голомтыг хүлээн аваад Өгөдэй хаан ахынхаа өмнөөс амиа зольсон гэдэг (яг үнэн түүх нь одоо болтол тодорхойгүй) Тулуй хаанаас хойш Их Монголын Мөнх хаан, Хүлэг хаан, Аригбөх хаан, Хубилай хаан гэсэн дөрвийн дөрвөн их хааныг өсгөж хүмүүжүүлсэн сэцэн ухаант Их хатан эхийн алдрыг яалтай.

    Иймийн учир монгол ээжийн алдар даян дэлхийд цуутай байх нь арга үгүй ээ. Монгол ээжийн энэ алдар төрийн Их хатан ээж нар төдийгүй тоолшгүй цагийн чинадаас өнөөдрийн өдрийг хүртэл айл гэрийг авч яваа хамгийн жирийн гэргий бүхний алдар мөнөөс мөн өө. Өнөөдрийн жирийн ээжүүдийн хөвгүүд, охид дотор хэн гэгч агуу хүмүүн өсч байгааг урьдаас тааварлан хэлэх аргагүй. Монгол ээж нарын апдар нь улам бадраг аа.

    Энэ бүхнийг хураан бодоод үзэхүл Монголын нийгэм хэнээс бүрэлдэж, ямар тавилангаар урсахыг монгол ээж нар ихээхэн хэмжээгээр шийдэж байсан гэж зоригтойёо хэлж болно. Өэлүн эх дэлхийн талыг эзэлсэн Их Гүрнийг байгуулсан юм гэж дам утгаар хэлж болно. Сорхагтани бэх хатан Их Монгол гүрнийг хаанчилж, их Юан Улсыг байгуулж, Багдадыг эзлэн захирч явсан юм гэж бас болно.

    Эцэг дээдэс, удам ясныхаа өштөн дайсанд олзлогдон булаагдаж, богтлогдсон боловч авааль эрийнхээ аягатай идээнд хор хийлгүй, ажил үйлсэд нь ухаан нэмж, сэтгэлийн нь зовлонг нимгэлж, хэвлийдээ үрийг нь тээж, төрүүлж, хүмүүний ухааны дээдээр угжиж, суртахууны дээдээр төлөвшүүлдэг Их хатад монгол бүсгүйгээс өөр дэлхийн ямар гүрний хатад дотор байсан юм бэ?

    Монгол айлын хамгийн жирийн эзэгтэйгээс эхлээд төрийн Их хатан хүртэл авааль эрийнхээ хаан ухааныг хатан ухаанаараа сүлж явдгаас Монголын төр хүчирхэг ялагдашгүй байсныг нанхиадаас эхлээд зүрчид манжийн төрийн бодлоготнууд тандаж мэдээд монголчуудын хаан ухааныг хатан ухаанаас нь салгах аргыг түмэн зүйлээр сүвэгчилсэн нь Монголын Их Гүрэн хүчгүй болон задран унасан нэгэн шалтгаан болой.

    Түүний нэг баримт нь “Ямаан толгойг ямбанд тавьдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй, тэмээн толгойг тэнгэрт тавьдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй” гэсэн үг юм. Энэ үгийг монгол хүн гаргаагүй бөгөөд харийн төрийн бодлогын жадны үзүүр бөлгөө. Тэр байтугай, Бурханы шашныг сэтгэл, итгэлдээ дээдэлснийг нь далимдуулан бүсгүй хүн гэрийн баганаас дээш хойморт гарч болохгүй, тахилгатай уул овоон дээр гарч болохгүй, төрийн хэрэг байтугай эрийнхээ хэрэгт оролцож болохгүй хэмээн төвдүүдээр дамжуулан ятгасан билээ.

    Монгол эрсийн төдийгүй бүсгүйчүүдийн нь сэтгэлд хоногшуулсан тэрхүү хорт явуулга өнөөдөр ч монгол амьдралд хэрэгжсээр байна. Улс төрийн намууд хууль тогтоох байгууллагад сонгуулахаар мэдлэг, чадвартай эмэгтэй гишүүдээ сэтгэл харамгүй нэр дэвшүүлэвч ард түмэн нь сонгохгүй байдаг нь тэрхүү хорт явуулгын бодит үр дүн юм.

    Монгол бүсгүйн гавьяа зөвхөн өрх гэрээр хязгаарлагдахгүй. XII-XIII зуун, XV зуун, XVII зуун, XX зууны Монголын төрийн түүхэнд монгол бүсгүйн байгуулсан гавьяа элэгдэшгүйгээр товойн үлджээ. Энэ тухай монгол түүхчид, зохиолчид төдийгүй гадаадынхан гайхан, шагшран бичсэн нь олон.

    Тэдгээрийн дотроос алс холд орших Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жак Уэтерфордын бичсэн “Монголын Их Хатдын нууц товчоо” (УБ 2009 он) бүтээл дэлгэрэнгүй бөгөөд онцлог. Садарсан үсээ хураагаад, саадаг нумыг агсч, хуяг өмсөн, хурцыг хурайлж, хүлгийн нуруунд дарцаглан, их цэргийг манлайлж, төрт улсаа өмгөөлөн, алтан ургийн суурин дээр монгол түмнийг нэгтгэх гэж амьдралаа зольсон, задран унасан гүрнийг ухаан, хүчээр сэргээн мандуулсан хатан зоригт, сэцэн Мандухай хатан билээ.

    Жак Уэтерфорд бичихдээ: “Тэрээр хааны ордонд хөл тавьснаас хойш бараг арав орчим жил улс төрийн амьдралд ямар нэгэн ил тод үүрэг гүйцэтгээгүй байдаг. Гэвч шаардлагатай цаг ирэхэд тэрээр улс төрд идэвхийлэн оролцож, Монголын түүхэнд төрсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хатан болсон бөлгөө.

    Хожмын нэгэн цагт их цэрэг удирдан дайлаар мордож улсыг захирах хувь тавилантай төрсөн бага залуухан Мандухай тэр өдрийг ирэн иртэл эргэн тойрны хүмүүсээс хэрэгтэй бүхнийг суралцаж анир чимээгүйхэн амьдарч байлаа” (141) гэжээ.

    Эрийнхээ нөмөрт амьдарч, үр хүүхдээ ирээдүй цагт бэлдэн, даруу номхон явавч бэрх цаг ирэхэд номхон зан нь тэсэрч, хатан ухаан нь мандан, эрээс илүү эр, хаанаас ухаантай хаан болж өрх гэр, улс Tөpөө залах чадвар монгол бүсгүйд байдгийг өдгөө бидний мэдэж байгаагаар Өэлүн эхээс эхлээд хөдөөний малчин айлын эзэгтэй,

    Хятадын Эрээнээс цүнх, гахайтай хямд бараа зөөн, авааль эрийнхээ бүтэлгүй, алтан төрийнхөө хайхрамжгүйгээс Нарантуулын зах, Улаанбаатарын гудамжинд хөөгдөн, хавчигдан, эцэж цуцан, даарч хөрөн, халж ядран, эрүүл саруул биедээ эдгэршгүй хүнд өвчин тусахаас шантралгүй зогсч, хоногийн хоолны зоос олж үр хүүхдээ өлсгөхгүй, мөр бүтэн явуулж байгаа бүсгүйчүүдээс бэлээхэн олж харж болно.

    Тэр эрт цагт, тухайлбал, Мандухай сэцэн хатан болоод түүнээс өмнөх үед, суурин соёлтой орнуудын хаад, ноёд, дээдэст боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчин хэмээгдэж явсан бидний дээдэс бүсгүй хүнийг, эх хүнийг, хатан хүний ухаан, чадварыг одоогийн XXI зууны биднээс илүүгээр мэдэж, ойлгож, хүндэлж явсан байна.

    Тийм бус байсансан бол залуухан бүсгүй Мандухай баатар эрсийн өрсөлдөөн, тэмцэл, тулаан дундуур төрийн эрхийг гартаа авч, задран унасан гүрнийг нэгтгэн, сэргээн мандуулж чадахгүй байсан биз ээ. Монголчууд бидний дээдэс мянга мянган жилийн турш оршин тогтнохын төлөө нум сум, илд жадаар байлдан тулалдсаар ирсэн боловч “сэлэм жад адгийн зэвсэг, сэцэн ухаан дээдийн зэвсэг” гэж үзсээр, баримталсаар явжээ.

    Тэрхүү “дээдийн зэвсэг”-ийг хатан ээжүүд эзэмшиж, хэрэглэж дайчин баатруудад өргөн барьж, үр хойчдоо өвлүүлж иржээ. Эндээс, өнөөдрийн XXI зууны Монголд бүсгүй хүнийг үнэлэх нийгмийн сэтгэлзүй XV зуун болоод түүнээс өмнөх үе, баттай хэлэхэд, Өэлүн эхийн үеийнхээс ухарсан байна хэмээн дүгнэж болно.

    Хэдийгээр монгол бүсгүйг чиглэсэн нанхиад, зүрчид манжийн төрийн бодлого хэрэгжсээр байсан боловч Монголын төрийн бодлоготнууд бүсгүй хүний хатан ухааныг үнэлэх ухаанаа гээлгүй эрх мэдлийнхээ хэрээр дэмжиж ирсэн байна. Үүний нэг нотолгоо нь Монголын Төрийн долоон эрдэнийн бодлого билээ.

    Монголын Шинжлэх ухааны академиас 2000 онд эрхлэн гаргасан “Монголын нэвтэрхий толь”-ийн тэргүүн ботийн 335 дугаар талд “ДОЛООН ЭРДЭНЭ-Монголын төрийг өнө удаан тогтохыг бэлгэдсэн бэлгэ тэмдэг. Хорол, чандмань, хатан, түшмэл, заан, морь, баатар эдгээрийг хүндэтгэн дээдэлдэг” гэж бичжээ.

    “Төр, улс, айл гэр, хүн ард нь номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэшгүй бат байхын билэгдэл”-хорол, “Зүрхэн эрдэнэ” гэсэн утга бүхий самгарди үгээс монголжсон “үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн билэгдэл” чандмань хоёрын дараа хатан хүнийг дээдэлсэн байна.

    Төр гэгч нь хүмүүний нийтлэгийг зохион байгуулах нэгэн хэлбэр учир элбэрэлт хатан эх болох эргэлзээ нь үгүй монгол бүсгүйг хаадын түшиг, төрийн хэргийг баригч мэргэн түшмэл, улсаа хамгаалагч баатар хоёрын өмнүүр гишгүүлэн соёрхсон нь монгол бүсгүй Төрийн долоон эрдэнийн манлай мөнөөс мөн гэсэн хэрэг даруй үнэн билээ.

    Амьдран буй нийгмийнхээ сэтгэлзүйд дарлагдан, үнэ цэнээ бүрэн олохгүй байгаа эрхэмсэг Монгол бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгаж, их найрагчийн бичсэнчлэн “наддаа нар, гэртээ гэгээ”, алтан төрийнхөө ариун эрдэнэ болон гялалзаж явахын эрхэм ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья.

    Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт утга зохиол судлаач,
    яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржав

  • АВДАРАА АЛЬ ЗҮГТ БАЙРЛУУЛАХ НЬ ЭД БАЯЛГИЙГ АРВИН ЦУГЛУУЛЖ, ӨЕГ ЦАТГАЛАН АМЬДАРДАГ

    Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг. Үхэр зүг : Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг. Барс зүг: Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ” Бор гэртээ богд, хар гэртээ хаан ” гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ. Туулай зүг: Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ. Луу зүг: Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9-н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ. Могой зүг: Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг. Морь зүг: Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.Хонь зүг: Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана. Бэчин зүг:Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бэчин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний суудал эхэлдэг. Бэчин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ажуйн тоног хэрэгслэл ч оршдог байна. Тахиа зүг: Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9-н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.Нохой зүг: Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ. Гахай зүг: Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.

  • ГЭРИЙН ЭЗЭНД АРХИ ЭРГҮҮЛЭН БАРИХ БОЛСНЫ УЧИР

    Хаан улам сандарч «Үхэхгүй байх арга байна уу?» гэж. «Үхэхгүй байя гэвэл хулгай хийвэл л амьд гарч магадгүй дээ» гэж гэнэ.
    Хаан тэр оройноо хулгай хийхээр шийдэж хувцсаа сольж өмсөөд хаан эзний мөнгөн сангаас хулгайлахаар мөлхөж явжээ. Тэгтэл бас нэг мөлхөж яваа хүн таарч «Чи хаачиж явна?» гэсэнд «Би хулгай хийхээр явж байна» гэжээ. Ингээд хоёул нийлж хулгай хийхээр хэлэлцжээ. «За маргааш ч хаан санд хулгай орж гэж үймэлдэх байх. Тэгэхэд хаан лав бүх албат иргэдээ дуудаж цуглуулна. Хоёул тэнд уулзаж бие биеэ танья» гээд харанхуйд малгайгаа сольж өмсөөд салжээ. Маргааш нь хаан «бүх албатыг цуглуул» гэж зарлиг бууж, хаан цугларсан бүх албатыг нэг нэгээр оруулж харж гаргаж байтал урьд шөнийн малгай сольж өмссөн хүн нь орж иржээ. Хаан «Энэ өдрийн хэргийг зогсоолоо. Албат нарыг тараа» гэж хэлээд нөгөө хүнтэйгээ битүүхэн уулзжээ.
    Бие биеэ «За чи юу гэж хулгай хийгээ вэ?» гэж хулгайч хэлж. «Би ч яах вэ, амь зуухын эрхэнд хулгай хийлээ. Та харин яах гэж хулгай хийв дээ? гэж. «Би ч бас амьд явахын тулд хулгай хийсэн» гэж урьдын явдлыг ярьж: «Тэр төлөгч үнэн хэлсэн үгүйг бүү мэд. Би 45 хүрсэн боловч үхээгүй л байна даа» гэж. Хулгайч хэлжээ: «Үнээн, таны хамгийн шадар түшмэд чинь энэ орой хорлож алах гэж бэлдэж байна. Танд зоог барихаар архийг нэрж арз болгоод, арзыг нэрж хорз болгоод хорзыг нэрж хор болгоод байгаа. Та тэр барьсан архийг нь хараач тулга хоёр луу нь өргөөд гурав дахь хундагыг нь өөрт нь бариарай» гэж хэлжээ.
    Хулгайчийн хэлсэн ёсоор орой нь их түшмэлийнх «цай зоогло» гэж урьжээ. Хаантанд дарс барьж гэнэ. Хаан хулгайчийн захисан ёсоор хараач өөд нь цацсан, зандан хараач нь зад үсэрч байж, тулга өөд нь цацсан, ган тулга нь цагаригаараа тас үсэрч гэнэ. Гурав дахь хундагыг «За идээ эзнээ таньдаггүй юм. Энэ гэрийн эзэн та тул танд барья» гээд өгсөнд их түшмэл эрхгүй эзэн хүний үг зарлиг тул барьсан архийг тогтоож тэр дороо үхжээ. Үүнээс хойш баядын нутагт архийг гэрийн эзэнд эргүүлж барих ёс гарсан гэдэг юм.
    *. *. *

  • ДААГАН ХАЙРХАНЫ ЭГЧ ДҮҮС

    Увс, Завханыхан эрт дээр үеэс энэ хоёр уулыг эгч дүү уул гэж домоглон ярьсаар иржээ. Энэхүү хоёр уулыг Булнайн нурууны 1905 оны газар хөдлөлтөөс болж хоёр салсан гэж үздэг. Эрт цагт энэхүү нутагт лусын дагина адил үзэсгэлэнтэй сайхан хоёр охинтой нэгэн айл байжээ. Тэднийхтэй хошуу залган оршдог, одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт нэгэн хөгшин ноён амьдардаг байж. Энэ ноён эгч дүү хоёрын багыг нь хүчээр авч суужээ. Тиймээс эгч дүү хоёр бие биенээ санаж мөрөөдөн уйлж гашуудсаар байгаад хоёр нутагтаа нэг нэг сайхан уул болж тогтсон гэх домогтой бөгөөд тэр нь “Дааган хайрхан”, “Баянхайрхан” хоёр юмсанж. Энэ хоёр уулын дунд “Цавдан” хэмээх нуур бий. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө “Дааган хайрхан”, “Баянхайрхан” уулыг холбосон ихээхэн манан буюу зурвас нууран дээгүүр үзэгддэг бөгөөд уг манан дотор ногоон дээлтэй, хөх морьтой эмэгтэй хүн явж байгаа юм шиг дүрс харагддаг юмсанж. Үүнийг нутгийн ардууд “Дүү нь ирж эгчдээ золгож байгаа юм” гэж ярилцсаар иржээ. Ер нь Хан хөхий уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домог яриа үүнтэй холбоотой байж болох талтай. Түүнчлэн Мөнххайрхан уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домогтой бөгөөд дээхэн үеийн цуутай үзмэрчид “Мөнххайрхан ууланд гоё хувцастай, зээрд хонгор морьтой эмэгтэй хүн явж байдаг” гэж онцолсон байдаг.