Category: Монгол үндэсний түүх

  • ӨНӨӨДӨР ЗХУ 93,000 ХАЛИМАГУУДЫГ ХҮЧЭЭР ЦӨЛЛӨГТ ЯВУУЛСАН ӨДӨР

    Энэ бол 1930-1950 онуудад ЗХУ-ын хэмжээнд үндэсний цөөнхийн хэд хэдэн сая хүмүүсийг албадан нутаг шилжүүлж, хөдөлмөрийн хүнд талбарт ажиллуулж байсны нэг хэсэг байсан юм. Ард нь тухайн ард иргэдийн суурин нутгийг Оросжуулах далд бодлого нуугдаж байсан хэрэг.
    Халимгуудын түүх 1630-аад оноос бичигдсэн байх бөгөөд Баруун Монгол, Зүүнгарын хаант улсаас хэд хэдэн овог аймгууд баруун зүгт нүүдэллэн Волга мөрний орчимд суурьшсан нь Халимаг хэмээх угсаатныг бий болгосон. Тэд Монголоор ярьж, Буддын шашин шүтдэг байсан.
    1920 онд большевикүүд төрийг удирдаж эхлэхэд нилээдгүй Халимагчууд дүрвэн Болгар, Югослав зэрэг улсруу гарсан ч ихэнхи нь мал аж ахуйгаа эрхлэн үлдсэн. Хамтралын үед мал аж ахуйг нэгтгэх гэсэн оролдлогыг эсэргүүцэн партизаны бүлэг үүсгэн 1926 он хүртэл тэмцэж байсан. Ингээд Иосеф Сталин комунист намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болсноор бүх зүйл эхэлсэн. Америкийн түүхч Бен Киернан /Ben Kiernan/ хэлэхдээ “Сталины эрин үе нь Зөвлөлтийн тэр ч байтугай Оросын түүхийн хамгийн цуст үе байсан” гэжээ. Тэр нь ч үнэн юм.
    Эхлээд 1930-аад онд Халимагийн Буддын шашны эсрэг ажиллагаа явуулж 1917 онд Хаант оросын үед тоологдоод байсан 175 буддын сүм хийдийг 1940 он гэхэд нэгийг ч үлдээлгүй устгасан.
    1935 онд Элстэй нийслэлтэй Халимагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсыг байгуулж 1939 оны хүн амын тооллогоор нийт 131,271 Халимаг бүртгэгдсэн боловч баталгаагүй эх сурвалж тэднийг ямар ч байсан 134.400 байсан гэсэн байдаг.
    Үндэсний цөөнхүүдийг хөөх, нутаг заах, гулагт илгээх, цөлөх явдал 1937 онд 172.000 Оросын Солонгосчуудыг хөөн гаргаснаар эхэлсэн. Удалгүй дэлхийн дайн эхлэхэд Халимагуудын 4/1 нь Волга мөрнийг гатлан нацистуудаас зугтаж байсан бол эрчүүд нь хоёр талд тулалдаж байсныг дээр өгүүлсэн. Улаан арми 1942 оны 12-р сарын 31-нд Элстэйг эргүүлэн авах үед олон тооны Халимагууд Германчуудтай хамт нүүдэллэн явсан байна. Зөвлөлтүүд өөрийн талд олон эрчүүд байлдсаныг эс тоон Халимгуудыг эсрэг талд байлдсан, эх оронч бус хэмээн шүүмжиллээ.
    Дэлхийн 2-р дайны үеэр ЗХУ-ын засгийн газар Волга, Герман, Чечень, Ингуш, Балкар, Карачай, Крымийн Татар, Месхетийн Түрэг, Халимаг гэсэн найман угсаатныг төрөлх нутгаас нь хөөжээ. 1943, 1944 онд Кавказын бүс нутгаас ойролцоогоор 650,000 хүнийг албадан гаргасан бөгөөд дайны туршид нийт 3,332,589 хүнийг албадан нутаг заажээ.
    Зөвлөлтийн нууц цагдаагийн газрын дарга Лаврентий Берия халимагуудыг “найдваргүй” гэж үзэн тэднийг албадан гаргах шийдвэрийг 1943 оны 10-р сард Сталин батлав. 1943 оны 10-р сарын 27-нд НКВД-ийн /Дотоод Хэргийн Ардын Комиссариат/ орлогч Иван Серов Элистэйд бөөнөөр нь албадан гаргах бэлтгэл ажлыг эхлүүлэхээр ирэв. Тэр сард НКВД-ийн орлогч В.В.Чернышов Москва, Алтай, Красноярск, Омск, Новосибирскийн НКВД-ийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, Халимагуудыг эдгээр газарт нүүлгэн шилжүүлэх талаар ярилцав. Халимагийн бүс нутаг, түүний хамгийн том хот болох Элистэйг хэд хэдэн дүүрэгт хуваан төлөвлөв. НКВД-ийн нэг алба хаагчийг дүүрэг бүрт хуваарилж, албадан гаргах ажлын төлөвлөгөө боловсруулах, үүнд төмөр замын маршрутын зураглал гаргах, шаардлагатай ачааны машин, цэргүүдийн тоог тодорхойлох шаардлагатай байв.
    12-р сарын 27-нд Зөвлөлт Холбоот Улсын засгийн газар Халимагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсыг албан ёсоор татан буулгасан. Хуучин нутаг дэвсгэрийн зарим хэсгийг Астрахан, Сталинград, Ростов, Ставрополь, Дагестанд хуваарилав. Хуучин Элстэй хотын нэрийг Степной болгон өөрчилжээ. Халимагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг албан ёсоор тодорхойлсон Ардын Комиссаруудын Зөвлөлийн 1432 425 тогтоолыг 1943 оны 12-р сарын 28-нд батлав. Үүнд Вячеслав Молотов гарын үсэг зурсан боловч олон нийтэд зарлаагүй.
    1943 оны 12-р сарын 28-ны өглөө НКВД-ийн ажилтнууд Халимагуудын гэрт орж, Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоолыг зарлаж, халимагуудыг нэн даруй Сибирь рүү цөлөх болсноо дуулгасан. Халимагуудад эд зүйлээ баглах 12 цаг олгов. Тэд нэг гэр бүлд 500 килограмм хүртэлх эд хөрөнгийг авч явахыг зөвшөөрсөн бөгөөд олон гэр бүл нэг ачааны машинд хамт ачигдах ёстой байв. Зөвлөлтийн цэргүүд халимагуудын байшингуудад нэгжлэг хийж, галт зэвсэг, Зөвлөлтийг эсэргүүцсэн уран зохиол, гадаад валютыг хураан авч байжээ. Эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид гээд халимаг үндэстэн бүрийг ачааны машинд ачиж, ойролцоох төмөр замын буудлууд руу аваачин ачааны галт тэргэнд чихэж байв. Зөвхөн халимаг биш, албадан гаргахгүй угсаатны эрчүүдтэй гэрлэсэн халимаг эмэгтэйчүүд л үлдэх эрхтэй байв. Зөвлөлтийн хүчнүүд болзошгүй эсэргүүцлээс урьдчилан сэргийлэхийн тулд Халимагийн суурингуудыг эхнээс нь 10,000 гаруй цэргээр бүслүүлсэн байв. Албадан гаргах ажил эхлэснээр 750 халимагийг “террорист бүлэглэлийн гишүүн” эсвэл “Зөвлөлтийг эсэргүүцэгч элементүүд” хэмээн баривчилжээ.
    Зөвлөлтийн засгийн газар уг ажиллагаанд 10,000 цэргээс гадна НКВД-ийн 4421 төлөөлөгч, 1226 цэрэг, 1355 ачааны машин ажиллуулж байжээ. Иваново мужийн НКВД-ын дарга, Улсын аюулгүй байдлын хошууч генерал Маркеев албадан гаргах ажлыг хянав. “Улусы” ажиллагааны хүрээнд 93,139 халимаг нутаг заагдсан бөгөөд нийт 26,359 гэр бүл багтжээ.
    Халимагуудыг нийт 46 ачааны галт тэргэнд ачих үйл ажиллагааг 12-р сарын 28-31-ний өдрүүдэд багтаасан бөгөөд тэднийг 1000 гаруй км-ийн зайд байх ГУЛАГ-руу илгээж байсан. Тэднийг ачааны галт тэргэнд ачсан тул эрүүл ахуйн тал дээр ярих юм байхгүй. Халимагууд ачааны галт тэрэгний шалыг цоолж чемодан зэргээр халхлан жорлонгийн асуудлыг шийдсэн бол хоол ундны гачаалыг давах хүнд байсан тул заримдаа хамгаалж яваа цэргүүд хоолоо тэдэнтэй хуваалцаж байсныг гэрчүүд бичиж үлдээжээ. Ийм хүнд нөхцөлд тэд хүрэх газраа очтол дунджаар 14 хоног явсан.
    1944 оны 01-р сар гэхэд 24.352 нь Омск муж, 21.164 нь Красноярскын хязгаар, 20.858 нь Алтайн хязгаар, 18.333 нь Новосибирск муж руу илгээгджээ. Тодорхой бус эх сурвалжаас үзэхэд 1944 оноос эхлэн Халимагийн 6.167 өрх Алтайд, Красноярскад 7.525, Новосибирскэд 5.435, Омск мужид 8.353 гэр бүл байжээ. Түүнчлэн Томск мужид 660, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстанд 648, Тобольск хотод 522, Ямало-Ненецкийн автономит тойрогт 2.796, Ханты-Мансигийн автономит тойрогт 1.760 гэр бүл байрлаж байжээ.
    Түүхч Николай Бугайн бичсэнээр албадан гаргах ажлыг дөрвөн үе шаттай хийж: Эхлээд Халимаг муж дахь иргэдийг; 2-рт Ростов муж дахь халимагуудыг; 3-рт Сталинград мужийн нутаг дэвсгэрээс халимагуудыг албадан гаргах; 4-рт Улаан армид алба хааж байсан одоо идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа халимагуудыг албадан нутаг зааах байж. Эцсийн шат нь 1944-1948 оны хооронд болсон бөгөөд үүнд зөвхөн халимагууд төдийгүй Улаан армид алба хааж байсан Карайч, месхетийн турк, Крымийн татар, чечень, ингуш, балкар нар оролцсон – бүгд армиас халагдаж, тусгай албадан хөдөлмөрийн сууринд /гулаг/ цөлөгдсөн байв.
    Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид 1948 оны 11-р сарын 26-ны өдөр “Аугаа их эх орны дайны үеэр Зөвлөлт Холбоот Улсын алслагдсан бүс нутагт цөлөгдсөн хүмүүсийн албадан болон байнгын суурьшлын газраас зугтсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” зарлиг гаргав. Зарлиг ёсоор албадан гаргасан бүх угсаатны бүлгүүд байнгын цөллөгт үлдэх ёстой гэж мэдэгджээ.
    Халимагуудыг цөлсөн бүсүүд нь ЗХУ-ын хамгийн хөгжил багатай бүсүүд байсан бөгөөд тэд албадан хөдөлмөрийн газарт өдөрт 12 цаг хүртэл ажиллаж өлсгөлөн, ядаргаа, тав тухгүй байдлаас өвчилж, үхэж байлаа. Тэднийг ХАА, уул уурхай, алт олборлох, нүүрс олборлох, модны үйлдвэр зэрэгт ажиллаж, давчуу орчинд бөөндөө амьдарч байв.
    Цөллөгрүү тээвэрлэх явцад л гэхэд 1,400 Халимаг нас барж мөн тэр тооны иргэд хүнд өвчин туссан. 1945 оны тооллогоор 83,688 халимаг цөллөгт тоологдсон нь эхний жилд нийт 13,000 гаруй халимаг нас барах юм уу сураггүй алга болсныг илтгэнэ. 1945 онд л гэхэд 3,735 халимаг хүүхэд нас барж дөнгөж 351-хэн халимаг хүүхэд шинээр мэндэлсэн байна. Янз бүрийн эх сурвалжуудын тооцоогоор нутаг заагдсан халимагуудын 17-19% нь нас барж 1939 онд 134,0 мянга байсан Халимагууд 1959 оны тооллогоор 106,1 мянга болсон нь 20 гаруй хувиар цөөрч хамгийн их хохирол амссан угсаатны бүлэг болжээ.
    1953 оны 12-р сарын 13-нд Жаб Наминов-Бурхинов тэргүүтэй Халимагийн төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельд /Dag Hammarskjöld/ албан ёсоор гомдол гаргажээ. 1953 онд Сталиныг нас барсны дараа Никита Хрущев өмнөх олон бодлогыг буцааж, сталингүйжүүлэх үйл явцыг эхлүүлжээ. Хрущев 1956 оны 2-р сарын 24-нд угсаатнуудын албадан нутаг заасан цөллөгийг буруушаав.
    Халимагуудыг 1956 оны 3-р сарын 17-нд суурин газрын тусгай хяналтаас албан ёсоор чөлөөлөв. 1957 оны 1-р сарын 9-нд Зөвлөлтийн тогтоолоор Халимагийн Өөртөө Засах Орныг байгуулж, 1958 оны 7-р сарын 29-нд албан ёсоор Халимагийн Өөртөө Засах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс болов.
    1959 он гэхэд цөлөгдсөн халимагуудын 60 гаруй хувь нь нутагтаа буцаж иржээ. 1989 он гэхэд Зөвлөлтийн халимагуудын бараг 85% нь Халимагтаа оршин сууж байв. Гэсэн хэдий ч албадан гаргасан нь тухайн бүс нутгийн угсаатны бүрэлдэхүүнийг бүрмөсөн өөрчилж, хүн амын дунд 1926 онд 75% байсан халимагуудын тоог 1989 онд 45% болгон бууруулсан. Олон халимагууд Хрущевт газар нутгаа сэргээж өгсөнд талархаж байсан бөгөөд Элиста дахь гудамжийг түүний нэрэмжит болгож нэрлэжээ.
    1989 оны 11-р сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөл Сталины бүх цөллөгийг “хууль бус, гэмт хэргийн шинжтэй” гэж зарлав. Оросын түүхч Павел Полиан Сталины үед бүх угсаатны бүлгүүдийг албадан нутгаас нь гаргаж, цөлснийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг байв.
    Цөллөгө, нутгаас нь албадан гаргасны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг ямар ч хэлбэрээр өгөөгүй бөгөөд 2012 онд 1,800 гаруй халимгууд хохирогч хэмээн засгийн газраас нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан ч Элистэй хотын шүүх тэдний өргөдлийг хүлээн аваагүй байдаг.
    1996 оны 12-р сарын 28-нд уран барималч Эрнст Нейзвестный Элистэйд цөлөгдсөн халимагуудын “Цөллөг ба буцах зам” нэртэй 3 метр (120 инч) өндөр хүрэл баримал хөшөөг нээжээ.

    djmedia:834
  • Л.ДАШНЯМ: МОНГОЛ ГЭР БҮЛ ҮНЭЛЭМЖИЙН ЗӨРЧИЛТЭЙ, ТӨРИЙН ХЯМРАЛ АЙЛ ГЭРТ НӨЛӨӨЛӨХ БОЛЖЭЭ /ЯРИЛЦЛАГА/

    Мөн хэчнээн аав ганцаараа үр хүүхдээ тэжээх болов. Энэ бүхэн янз бүрийн шалтгаантай. Гол нь хүмүүс, тэр дундаа залуучууд амьдралын гол асуудалдаа хөнгөн хуумгай хандаж байгаагаас болж байна. Монгол уламжлалаа умартаж, гэр бүл, амьдрал хэмээх сонголтдоо хайнга ханддаг, эрт, өөрөөр хэлбэл хариуцлага үүрэх чадамжгүй насандаа гэр бүл зохиох гэж оролдох, харийнхны амьдралыг өнгөцөөр даган дуурайх болсон гэх зэрэг шалтгаантай.
    Баруунд “Бид сайн хүн бий болгохын тулд эхийн хэвлийд таван сартай байхаас нь санаа тавьж байна. Таван сартай үр хөврөл мэдээлэл хүлээж авч чаддагийг шинжлэх ухаан нотолсон. Тэр үеэс нь сайн, сайхан мэдээлэл өгөхөөс хүүхдийн хүмүүжилд анхаардаг” гэж ярьж байна. Тэнд тийм юм байж. Харин монголчууд төрөх хүүхдийн ирээдүй, төвшин сайхан гэр бүлийн төлөө бүр эрт санаа тавьж ирсэн уламжлалтай. Гэр бүл болох хоёр залуугийн удам судрыг судалж, жил, мэнгэ нь таарах нь уу, үгүй юү, ивээл үү, харш уу гэж судлахаас эхэлдэг байлаа.
    Одоо ч хардаг, судалдаг тал бий. Эмэгтэй хөл хүнд болоход хорио цээр тавихаас авахуулаад гэр бүл бүрэн бүтэн, эхнэр, нөхөр төлөв амгалан байж, хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж хөгжих нөхцөл бүрдүүлэх тухай бүхэл бүтэн шинжлэх ухаантай улс, бид. Жирэмсэн эхийн дэргэд чанга ярихгүй, айлгаж цочоохгүй, муу муухай, хараалын үг хэлдэггүй. Жирэмсэн эмэгтэй ч өөрөө энэ бүхнийг цээрлэнэ. Ингэж урагт муугаар нөлөөлөхгүй, үр зулбуулахгүй байх тухайд аль аль талаас хичээж ирсэн. Би энэ талаар “Монголчуудын хүн бүтээх эрдэм” гэдэг номондоо бичсэн дээ.
    Олдохоосоо авахуулаад ннгэж хайрлуулж төрсөн хүүхэд ёстой л өнөө арвай буудай асгахад зүүний толгой олж тогтохтой адил хүн болох хувь заяаг онож төрсөн үр айл гэрийн шүтээн байхаас яах билээ. Энэ ховорхон хувь заяанд хүн болж төрсөн юм шүү гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулахаас, хүмүүжүүлэхээс хэн болох вэ гэдэг нь хамаарна. Тэр хүүхэд нь насанд хүрч айл гэр толгойлох эр, гэр бүл, үр хүүхдээ авч авах гэргий болдог. Эндээс, эхнээс нь ярих ёстой асуудал бол гэр бүл, түүний төлөвлөлт, төлөвшил, хөгжил юм.
    -Хүмүүн заяаг олох гэдгийг маш их дээдэлдэг, тэндээс хүнээр хүн хийх ухаан бий болгож байсан гэж ойлгох уу?
    -Болно. Монголчуудын уламжлалт ухаан бол дахин төрөх гэдэг ойлголт агуулсан Дорнын ухаанаас гаралтай. Дахин төрөх явцад янз бүрээр хувирч болно. Гагцхүү хүний төрлийг олж төрөх гэдэг тэр бүр заяахгүй хувь тавилан. Тиймээс энэ тавиландаа эзэн болж амьдрах гэдэг хүмүүний жаргал юм.
    -Тэгэхээр ээж аав бүр, гэр бүл болгон үүнийг мэддэг учраас хүмүүн заяанд ирсэн хүүхдээ эхийн хэвлийд олдсон цагаас нь эхэлж хайрладаг, бөөцийлдөг, хүндэлдэг байх нь. Хүүхэд тэр их хайрыг мэдэрч төрж, өсөх нь сайн хүн болохын гараа юу?
    -Тийм ээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдгийн учир энэ. Энэ хэдхэн үг бүхэл бүтэн хөтөлбөрийн утга, агуулгатай. Хөтөлбөрт зорилго, зорилт тодорхойлдог биз дээ, түүн шиг зорилгыг ч, зорилтыг ч тодорхойлсон ардын ухаан юм. Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь анхаар, мундаг сайхан хүлэгтэй болъё гэвэл унаганаас нь сурга.
    Хүүхдийн хүн болж төлөвших орчин нь гэр бүл. Хүн болсон хүнээ эрдэмтэй, номтой болгохын төлөө сургана гэж авчрах ёстой. Харамсалтай нь одоо хүн хараахан болгож чадалгүй, түүхий, нойтон чигээр нь эрдэмтэй номтой болгоё гэх болжээ.
    -Тэгэхээр эндээс үүдээд хүнийг бий болгодог, өөрөөр хэлбэл олдог, тээдэг, төрүүлдэг, хүн хийдэг асар том амьдралын процессыг удирддаг гол хариуцлага ээж, аавд, гэр бүлд байна.
    Монголчуудын хувьд гэр бүл гэдэг нь ариун дагшин, энэрэхүй, нигүүлсэхүй сэтгэл дээр тулгуурласан ойлголт байж. Өнөөдөр энэ ойлголт ямар болоод байна вэ. Их өөрчлөгдсөн юм биш үү?
    -Амьдралын хэвшил, ахуй, монголчуудын сайн, муу гэх үзэл, амьдралынхаа зорилгыг тодорхойлж байгаа байдал энэ бүхэн уламжлалт ойлголттой харьцуулахад өөрчлөгджээ. Цагийн эрх, нийт хүн төрөлхтний хөгжил, бусад үндэстний соёл, шинжлэх ухаан, техник, технологи нөлөөлж байна. Түүхээ эргэж харахад хүн болгосон хүнээ ямар мэргэжил, чадвартай болгох вэ гэдэг нь их тодорхой байдаг байсан.
    Малчин бол бүх талын чадвартай малчин болгох, эсвэл сүм, хийд бараадуулж номын мөр хөөлгөх зэргээр замыг нь чиглүүлж өгдөг байсан. Энэ нь малаа зүс, шүдээр нь сайн таньдаг шиг хүүхдээ бас сайн таньж мэддэг байсантай холбоотой.

  • “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” -Ы ЭРТНИЙ БАР ХЭВЛЭЛҮҮД ХӨХХОТОД ХЭВЛЭГДЛЭЭ /ҮНДЭСНИЙ СОЁЛ/

    13 дугаар зуунд буюу өдгөөгөөс даруй найман зууны тэртээд бичигдсэн “Монголын нууц товчоон”-ы анхдагч эхээс нь дундад эртний монгол хэлээр, хятад ханз үсгээр галиглан буулгаж барлан хэвлэсэн тэдгээр эх бичгүүдийг нэг бүрчлэн цуглуулан авч эмхэтгэн судлах явдал зайлшгүй чухал бөгөөд нөр их ажил мөн. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хийсэн ийм ажил байхгүй байсан бол судлаач У.Цогтнаран ийнхүү өөрийн болоод олон улсын дэмжлэг туслалцаатайгаар энэ зүгт шан татаж үр өгөөжтэй ажиллаж байгааг нь бахдууштай.
    2016 онд эхлүүлсэн түүний энэ төслийн ажлын эхний үр дүн болсон “Монголын нууц товчоон”-ы 7 зүйл бар хэвлэл ба гар бичмэлийн 24 ботийн багц хэвлэл 2018 онд хэвлэгдэн гарчээ. Төслийн хоёрдахь шатны үр дүн өнөөдөр ийнхүү 5 зүйл бар хэвлэлийн 22 боть болж шинжлэх ухаан-технологийн хөгжлийн үр дүн болсон өндөр түвшинд гэрэл зургаар хэвлэгдэн гарч эрдэм шинжилгээний эргэлтэд орж эрдэмтэн судлаачдад хүрч байна.
    Хүн төрөлхтний аж төрөх ёсны нэгэн сонгодог их төлөөлөл болсон Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн мянган жилд бүтээгдсэн агуу сод бүтээл “Монголын нууц товчоон” хэмээх монголчуудын оюуны охь дээж болсон энэ гайхамшигт туурвилыг өнөөдөр дэлхий дахинд улам их мэдэх болж, олон хэлнээ орчуулагдан, хүн төрөлхтөн сонирхон үзэж, судлах болжээ. Чингэснээр Олон улсын Монгол судлалын нэг гол тулгуур, үндэс суурь болсон “Монголын нууц товчоон” судлал улам бүр гүнзгийрэн өргөжиж, өдгөө шинэ үе шатанд гарч хөгжиж байна. Энэ дашрамд дурдахад, др.У.Цогтнаран 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтдийн 12 дугаар Их хуралд оролцох үеэрээ өөрийн бичсэн “Монголын нууц товчоон судлалын нэвтэрхий толь” түүхчилсэн бүтээлээ кирил монгол бичгээр хэвлүүлж, номын нээлт хийсэн билээ.
    Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар.

  • МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХ НЭН ЭМГЭНЭЛТ ЦАГ ҮЕ /МОНГОЛЫН ТҮҮХ/

    Очих ч, оргох ч, орох ч газар үгүй, харцагад хөөгдсөн болжмороос хэцүү, мөн ч хэцүү байсныг тэр үеийн Ойрд ардын дуу илтгэнэ. Түүнд ийн дуулах аж.
    “… Хаданд авиръа
    Хальтрах нь хэцүү
    Ууланд авиръя
    Урагдах нь хэцүү
    Бөн бөн гүйе
    Дэн дэн шогшоё
    Хаана л очиж
    Туулай болоё
    Талд нь гаръя
    Тайг нь хэцүү
    Бутанд нь хэвтэе
    Бугуйл нь хэцүү
    Бөн бөн шогшоё
    Бөөр зүрх өвдөнө
    Хаана очиж
    Туулай болоё…”
    Манжийн буюу “Чин улсын Гао Зунь хааны магад хууль”-д тэр үеийн байдлыг энэ мэтээр тэмдэглэн үлдээжээ.
    – “Тэнгэр тэтгэгчийн хорьдугаар он /1755/Илийг түвшитгэснээс хойш өөлдийг бараг бүрэн хядан дуусч мянган газар хий хоосон болбой…”
    – “…үүнээс хойш бууж өгсөн хулгайч буюу цэргийн хорооноос хүргэж ирсэн өөлд буй аваас… боомтын дотор хүргэж ирээд …албаас зохимуй…”
    – “…ингэвээс тэднүүсийн ургийг тасалж болмуй..”
    – “Хойтын хүмүүс угаас сайн юм биш. Эртхэн шийдвэрлэх хэрэгтэй. .. Тэднүүсийг Хөлөнбуйр Чичхарын газар нүүлгэх нь эртхэн алж угийг нь таслахаас дор…”
    – “Бүхнүүд, Хөтөч нар авгас зэрэг отгын хүмүүсийг өрх үлдээлгүй алж, адуун сүргийг нь цэргийн хүмүүст шагнан өгч, цэргийн сүрийг бадруултугай…”
    – “..Буучин отгын хүмүүсийг … эрэгтэйчүүдийг бүрмөсөн алж, эмэгтэйчүүд болон мал сүргийг нь халхад авчирч хүчээ өргөсөн хүмүүст шагнасугай…” /Ж.Ялалтын “Тэнгэрийн сум” номоос/
    ГМ. Манж нарт хэрхэн, яахан талархах билээ…
    Өнөө манай дуучид сэргээн дуулж буй Урианхай ардын нэгэн дуунд мөн ийн дуулдаг…
    “… Жаран цагаан адууны минь
    Ардаг нь хаа байна эгч нар минь
    Зургаан хошуу нутгийн минь
    Цэрэг нь хаа байна, эгч нар минь…
    Арван цагаан адууны минь
    Ардаг нь хаа байна эгч нар минь
    Арван хошуу нутгийн минь
    Цэрэг нь хаа байна эгч нар минь…”
    Зүүн гар нутгийн жалга бүр нь цусаар урсаж байсан юм гэнэ билээ. Тэр эзгүйрсэн орон зайд нэг хэсэгтээ цагаач хятад хүртэл очихоос зүрхшээдэг байсан гэдэг…
    Төмөрхуяг Ноён Цорс

  • ГЕРМАНЫ ЭРДЭМТЭН ТОРСТЕН ХАРДЕР: ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО /ЯРИЛЦЛАГА/

    Монголын хөрс маш эмзэг,нимгэн давхаргатайг судлаачид нь сануулсаар байтал Төр засаг нь анхаарахгүй байгаа нь тун хачирхалтай бас харамсалтай!
    Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
    Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
    1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
    Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
    2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
    Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
    3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
    Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
    4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
    Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
    5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
    Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
    6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
    Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
    7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
    Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
    8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
    Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
    9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
    Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
    10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
    Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
    11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
    Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
    12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
    Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
    Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу???!!!
    Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?
    Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.

  • ДАРЬГАНГА НЭРИЙН УЧИР /ҮНДЭСНИЙ СОЁЛ/

    Гэрийн эзэн: чи одоо манайхаас яв. Харин юу хэрэглэхээ ав гэсэнд: Сайн дээл, ат, тохош өөр зүйл хэрэггүй хэмээн хариулжээ. Чингээд Ганга хүү яваад өгч гэнэ. Тэр явсаар хонь услаж байгаа хүү дээр ирэв. Тэр нь Гангахүүгийн хүч үзэх гэж зорьсон Дарьхүү мөн байв. Төдөлгүй овооны наадам болж, гурав, дөрөв хоног үргэлжилжээ.
    Барилдсаар Дарьхүү, Гангахүү хоёр үзүүр түрүү булаалдахаар үлджээ. Дарьхүү барьж авуутаа дээш шидэхэд Ганга хүү хавсарч аваад дээш хөөрөв. Ингээд аавын хоёр хүү хүч тэнцэж, түүнээс хойш нэгий нь нэрийг овоонд, нөгөөгийн нэрийг зүүн урд нь орших нууранд өгч хоёр нэрийг нь хамтатган Дарьганга гэж энэ нутаг усыг нэрлэх болсон гэдэг.
    Ж.Батдорж

  • ~УХААНТАЙ БАЙ МИНИЙ ХҮҮ~

    Шартай бай миний хүү
    Тэсэр, задар өөрийгөө чөлөөл
    Тэмцэлтэй бай миний хүү
    Ухрахыг чинь би харахгүй
    Урагшилж бай миний хүү
    Унш, бясалга өөрийгөө ол
    Урмын үгээр сэтгэлээ хоолло
    Уйтгарлахыг чинь би үзэхгүй
    Ургаж бай миний хүү
    Тэвэр, нөхөрлө өөрийгөө нээ
    Тийм яруу амьдар миний хүү
    Хоргүй, харгүй, цагаахан дээрээ
    Хорвоо ямар сайхныг мэдэр
    Итгэ, инээ, хуурт хүнийг тань
    Эгэл даруухан амьдар миний хүү
    Хайрла, дурла, алд, харамс
    Хагацлын гашууныг эртхэн амс
    Билэг танхай, хээ гүндүүгүй ч
    Биеэ зөв авч яв, омголон орш
    Мөргөлчин бишдээ сүсэгт хүлэгдэлгүй
    Мөрөөдөл шигээ гэгээн амьдар
    Их түүдгийн дөл бай
    Их сүлдний хөл бай
    Их нүүдлийн хөтөч бай
    Эх орныхоо хоточ бай
    Андын сайныг шилж нөхөрлө
    Амрагийн сайханыг сорьж ханил
    Бүгдийн дотроос олж дотнос
    Бүхний эхэнд хүндэлж харьц
    Худал хуурмагаас хол хөндий
    Нэр бүтэн л явдаг юм шүү
    Хулгайч луйварчидаас зай барь
    Мөр цагаан л явдаг юм шүү
    Амьдрал өөрөө тэмцэл шүү
    Авхаалжтай бай миний хүү
    Аз жаргал гэдэг хоромхон шүү
    Амжиж хүрт миний хүү
    Тэмцэл гэдэг тэвчээр шүү
    Тэнхээтэй бай аавын хүү
    Ялалт гэдэг богинохон шүү
    Ямагт сэрэмжтэй миний хүү
    Үрэхийн тулд олдог юм шүү
    Үүнийг санаж яваарай
    Үлдээхийн тулд үндэслэдэг юм шүү
    Үрийн буяныг хайрлаж яваарай
    Баялаг хураагаад авч явахгүйгээс хойш
    Байгаагаа бусадтай хуваалцаарай
    Залхуу ажилгүйг ивээн тэтгэж
    Заяагаа битгий хиртүүлээрэй
    Ханилсан бол хаяж явахгүй
    Халамжтай бай миний хүү
    Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй
    Нөмөртэй бай миний хүү
    Шийдэхээсээ өмнө олон эргэцүүл
    Шийдвэртээ харин үнэнч бай
    Хэлэхээсээ урьтаж сайтар бод
    Хэлсэндээ харин хүрч бай
    Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт
    Нөхөж сайжруулж хурдан зохиц
    Хөшүүн хад шиг байрандаа байлгүй
    Хөгжлийн түүчээ болж цэцэглэ
    Чадал муутанг бүү дээрэлх
    Чанга бай миний хүү
    Балмад мунхагт бүү хонзогно
    Барилтай бай миний хүү
    Дараа гэж эрдэмд залхууралгүй
    Дайчин бай миний хүү
    Эхлүүлсэн бол эцсийг нь үзэхээр
    Эрмэлзэж бай миний хүү
    Туулах зам чинь урт шүү
    Тууштай бай миний хүү
    Туйлбаргүй зан алдаа шүү
    Тунгааж бай миний хүү

  • МОНГОЛЫГ, МОНГОЛЧУУДЫГ ЗАЯА НЬ ХАЯСАН БОЛОЛТОЙ Ирэх сонгуулийн талаарх энэ өдрийн эргэцүүлэл

    Гишүүдийн тоо шууд 50-иар нэмэгдсэн, эрх барьж ирсэн хоёр намын нэр хүнд ихэд унасан, сонгогчдын итгэл, найдвар бараг л ноль зааж байгаа, өнөөдрийн УИХ-ын гишүүд, сайд нарын дунд нэр бүтэн хүн бараг л үлдсэнгүй, сонгуульд оролцох намын тоо 30 гаруй болчихлоо, намуудын бараг л 80 хувийг сонгогчид мэдэхгүй, дээр нь өнгөрсөн 8 сонгуулийн дараа юм болохлоор сонгогчид тун ч шаггүй хэрсүүжээд байгаа, тараасан эд, мөнгийг нь авчихаад тас өөр хүнд саналаа өгч ч чадна, 30 гаруй нам бүхэн л элдэв арга, заль хэрэглэх нь гарцаагүй, “мэхт мэхэндээ” унах тохиолдол ч гарна, товчоор хэлэхэд юм юм л болох байх… Хар цагаан хоёр ч эвсэж болно. Хар хартайгаа ч эвсэж болно. МАН ба АН хоёр ч эвсэх эрхтэй..
    Монголыг, Монголчуудыг заяа нь хаясан бололтой. Уул нь Монголын заяа ихээ! гэцгээдэг дээ…
    Төр, засаг, намууд нь эх орноо, ард түмнээ яалт ч үгүй л сайн, сайхнаар аваад явж чаддаг улсууд олон л байх юм. Улс төрчид нь зүй бус аргаар баяжих гэж биш, харин ард олноо өөд нь татах гэж парламентын гишүүд, сайд болдог тэр улс орнууд л жинхэнээрээ заяа ихтэй юм даа. Гэтэл манай улстөрчид яадаг билээ. Хэлэхээс ичмээр, энд тэнд тааралдахаар нүүрлүү нь нулимамаар л санагдах болжээ. Тэд хийсэн хулгай, луйвраараа ичих, гэмших ч сэтгэлгүй байцгаах нь үнэхээрийн жигшилтэй. Бүр эр эмгүй, хөгшин залуугүй бүгд л ичих нүүрэндээ элэг наачихсан мэт жишим ч үгүй царайлцгаах ажээ. Ёс суртахуунаар ингэтлээ доройтно гэж байх уу? Тэд дахиад л нэрээ дэвшүүлж, дахиад л сонгогдож, бас дахиад л идэх, завших гэмт үйлдлүүдээ дахин, давтан хийхээр шийдэцгээж буй бололтой. Өмнөх 33 жилийн доторх муу муухай бүхэн дахиад ч 33 жил, бүр 2100 он хүртэл давтагдаж ч болох юм. Яг л иймэрхүү нөхцөл, тохироо бүрэлдчихээд байна. Ингэхлээр ганц гарц бол тайван замаар, сонгуулийн аргаар том, бүр онцгой том өөрчлөлт хийх л арга үлдээд байна.
    Би бүх насаараа нам бус явсан, одоо ч нам бус хүн. Аль нэгэн намыг чухам юуны учир гэдгээ ойлгохгүйгээр улайран дэмжиж, эсвэл гутаан буруутгаж ч байсангүй. Жирийн хүмүүсийн талд, ард түмнийхээ олонхийн нь талд л ямагт зогсож, 50 гаруй жилийн туршид “хөндлөнгийн” гэгдэх өнцөг, байр сууринаас санал хэлж, зөвлөж ирсэн нэгэн. Би хэнд ч хөлслөгдөж, хэний ч гар хөл болж яваагүй. Энэ удаа ч гэсэн ганцхүү улс орноо, жирийн иргэдээ гэж л сэтгэл зовинож, саналаа хэлж байна. Элдвээр хардалгүй уншаад, эргэцүүлж бодоцгоогоорой. Эрх барилцаж ирсэн хоёр намыг харсаар ёстой л “Бухын доодохыг харсаар үнэг турж үхэв” гээч болчихлоо. 33 жилийн туршид тэд “ээлж ээлжээр хооллоцгоож,” дахин давтан бялуу хуваацгааж, зээл, тусламж, бонд, тендер юу л байна бүгдийг нь хоослон авцгааж, бүр тусгай сан байгуулж байгаад ч ханатлаа, хагартлаа идэцгээлээ. Ихэнхи нь тэрбумтан болцгоолоо. Энэ байдлаа болих, засрах нь бүү хэл бүр ч их зальжин, нууц гаршсан, шилдэг аргуудаараа үргэлжлүүлэн идсээр байна. Олон тэрбум, олон их наядын мөнгөн дүнтэй том булхай, луйвар, шахаа, чавчаа, авилга зэрэглээ болон гарч ирээд мөн зэрэглээ мэт замхарсаар л байна. Тэд өөрсөддөө зориулж өршөөлийн хууль батлаад ард түмнээсээ нууцалсан, стратегийн гэгдэх орд газруудыг ч өөрсдийнхөндөө өгчихсөн буюу сорчлон ашиглуулсан бололтой. Энэчлэн тоочоод барагдах ч үгүй, бас гол нь яриад ашиг, тус ч үгүй болчихоод байна… Ийм нөхцөл, байдлыг дахиад 33 жил, бүр 66 жил, тэвчих гэж үү? Гэтэл улс эх орноо өөд нь татъяа, хөгжүүльеэ гэсэн нам цаана нь 33, 34 байгаа шүү дээ! Тэд хоёр томтойгоо нэгдэхгүй байгааг бодоход огт өөр бодол, зорилготой, бүр олзуурхмаар зөв улстөрийн хүчнүүд байж болно доо?
    Бүр ядахдаа 50-60 хувь нь зөв хүмүүс, зөв намууд байх учиртай биш гэж үү?
    Эдгээр 30 гаруй намын нэг бүрд нь наад зах нь л 10-20 шудрага улстөрчид байх аваас тэдний нийт тоо 300-600 хүн болчихож байна. Тэдэнд найдаад нэг үзвэл яасан юм бэ? МАН ба АН-ыг харж цөхөрсөн, туйлдсан, итгэл бүрэн алдарсан ихэнх сонгогчид, дээр нь нэмээд мөнхүү 33,34 нам нийлэхлээрээ тайван замаар, сонгуулийн аргаар ирээдүйгээ аварч чадах биш үү? 33,34 жижиг нам нэг эвсэл болоод, хөтөлбөр нь тун ч зохистой байх аваас, мөн эвслийн удирдлага нь итгэл хүлээхүйц хүмүүс байх юм бол МАН ба АН-д санал өгдөггүй сонгогчид (нийт сонгогчдын 30 орчим хувь), мөн энэ хоёр намд үл итгэх болсон сонгогчид дээр нь нэмэгдээд бүр томдоо орох хүч болчих боломжтой. 126 суудлын 50-ыг, 60-ыг, бүр 70 суудал ч авах магадлал буй гэж хэлж болно. Жижиг намууд АН-тай эвсэх аваас түүний уруудаж доройтсон нэр хүндэд чирэгдэн хоосон үлдэж болох хувилбар буй, мөн тус тусдаа биеэ дааж сонгуульд оролцох юм бол дээр дурдсан 30 орчим хувийн саналыг дэмий олон хувааж, эцэст нь бүгд хоосон үлдэх хувилбар ч бас байгаа… Эрх барилцаж ирсэн хоёр намаас дайжсан бүх саналыг өөртөө татаж чадахуйц шинэ, том эвсэл гарч ирснээр л өөрчлөлт шинэчлэл хийгдэх боломжтой хэмээн ойлголт бүрэлдсээр л байгаа нь анзаарагдах боллоо.
    Монгол орныг, Монголын нийгмийг ийм эгзэг, ээдрээтэй үед чадварлагаар удирдах нь битгий хэл өөрийгөө ч эмхэлж, цэгцэлж чадахгүй байгаа АН-д сонгогчид яаж итгэх юм бэ? Энэчлэн, хийсэн хэрэг, үйлдсэн нүгэл, булхай, авилга нь ил тод болчихоод байхад тэр хүмүүсээсээ салж чадахгүй, ядаж зохих хариуцлагыг нь үүрүүлж чадахүй байгаа МАН-ын удирдлагад сонгогчид яаж өмнө нь өгч байсан саналаа дахиад 100 хувь өгөх юм бэ? Энэ хоёр намын аль аль нь авч байсан саналаа нилээд хэмжээгээр алдах байх.
    Монголын бүх сайн иргэд МАН, АН хоёрт л байдаг биш шүү дээ! Үлдсэн иргэд нь бүгд чадваргүй, тэднээс л нөгөө 33, 34 нам бүрдсэн, байгуулагдсан ч биш билээ. Тиймээс мөнхүү 33, 34 намынхандаа найдаад үзэхэд болохгүй нь юу байх билээ? Одоо 76-лаа биш, 126 хүн зөвлөлдөх, шийдвэр гаргах болсон, энэ ч бас нэгийг өгүүлээд байна биш үү? “МАН бол нам нь нам л даа, гэхдээ авилгачид, идэж ханадаггүй шуналтнуудын нам. Харин Ардчилсан нам бол нам болж чадахгүй байгаа түр эвсэл, холбоо төдий. Тэгээд ч зөвхөн л дүр эсгэсэн ардчилагчид олонхи нь” – хүмүүс ингэж л үнэлэх, ярилцах болчихжээ. “Монгол Ардын Нам, Монголын Ардчилсан нам нь товчлоод бичихлээр адилхан нэртэй (МАН), бас төрийн эрх авахаараа мөн л адилхан авилгачид” ингэж ч бас ярилцаж байна.
    2024 оны сонгуулиар эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал ч өндөрссөөр байна. Аль ч нам 63-аас олон суудал авч чадахгүй байж ч болох. Цааш цаашдаа ч ийм байдал удтал үргэлжилж мэдэх юм. Гишүүдийн тоог хэтрүүлж нэмсэний нэгэн үр дагавар тэгж л гардаг жамтай. МАН дангаараа 63+ суудал авахын тулд тун ч их бодох, тун ч их ажиллах, чухам ямар хүмүүсийн нэр дэвшүүлэхээ ёстой л долоо хэмжиж байж нэг огтлохоос өөр аргагүй болчихлоо. Үл тоомсорлох, аз турших, өнгө ба мөнгөөр шийдэх гэж оролдвол “өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн” үлгэрээр орж ч болох юм. Ирэх сонгууль “илүү харж билүү долоов” гэхийн нэгэн жишээ болсон том сургамж үлдээж ч мэднэ. Үл таньсан, гэнэхэн байр сууринаас үндсэн хуулиндаа гар хүрээд уйлж байсан баримт буй… Бараг дангаараа шахуу байхдаа МАН гишүүдийн тоог шууд л 50 хүнээр нэмлээ. Энэ бол улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү ихийг авах, завших гэсэн л хүслийн дам илрэл байв. Иргэдийн тоо, сонгогчдын тоо өслөө гээд, түүнтэй шууд шүтэлцээтэйгээр парламентаа 50 гаруй хувиар өргөтгөж байсан жишээ дэлхийд байхгүй. Харин бүх улс орон удирдлагын зардлаа бууруулахыг л хичээдэг, буруулсаар л байдаг.
    Гишүүдийн тоог 126 болгосноор МАН-ын нэр хүнд өндөр байх аваас тэд байнгад олонхи болж, Засгийн Газраа байгуулна. Бусад намд (АН-д ч ялгаагүй) олонхи болох өдөр лав л энэ зуундаа ирэхгүй л болов уу. Нөгөө нэг хувилбар нь Монгол улс байнгад шахам эвслийн, тогтвор муутай Засгийн газруудтай байх тийм ч хүсэмгүй ирээдүй. Яг таг, ягштал нь, хийгүй гэхээр хэмжээ, түвшинд бодож, шийдэж байх чадвар л улстөрийн намд, тэр тусмаа эрх барьж байгаа намд үгүйлэгдсээр байна. Энэ бол олон будлихын дохио, амжилтаа бататгаж, бэхжүүлж чаддаггүйн илрэл, аль нэгэн байдлаар самуурахын эхлэл гэж ч ойлгогдох, үнэлэгдэх үзэгдэл, үйл явц юм. Нуршаад яахав. Ингээд зогсоё. Бодох, нягтлах хугацаа уг нь байна. Ямар ч болов эгзэгтэй цаг үе, энгийн бус сонгууль, эвийг нь олохгүй л бол эндүүрлээр төгсөх санаархал оролдлого болон үргэлжилж байгаа нь үнэн. Манайхан улстөрийн олон нам байгуулжээ. Аль ч улс орон самуурлын үедээ л 20-30 намтай болдог. Энэнийг түүх гэрчилнэ. Жишээ нь Октябрийн хувьсгалын өмнөх Орос орон…
    Нэгэнт олон намтай болчихсон юм чинь тэд ямраар ч эвсэж сонгуульд оролцож болно. Хэдийгээр үзэл, баримтлал өөр боловч МАН ба АН хоёр ч эвсэл болон сонгуульд оролцоход болохгүй гэх газаргүй. Тэгвэл ч тэд харин байнгад шахам олонхи болж 4 жил дутамд л Засгийн газраа байгуулах болно. “МАНАН хамтлаг”-ийн тоглолтыг бид XXI зууныг дуустал нь үзэж, “таашаал” авч байхын зайлшгүйтэй учирна. Энэчлэн мөн ч олон хувилбар буй юм. М.Гал-Аривын санал болгож буй хувилбар ч мега эвсэл гэсэн хэрэгжүүлж чадвал хүчтэй л хувилбаруудын нэг нь. Сайнаар ойлгож, сонгогчид хүлээн автал нь тун ч чадварлагаар ажиллах, “амилтал нь тэжээх, хөрвөжтөл нь бойжуулах” хэрэгтэй. Үхрийн бөөр алаг ч гэсэн үүргээ гүйцэтгээд л байдаг даа…
    Авилгачид, хулгайчдаа ил далд хаацайлсан, шудрага, цэвэр байж чадаагүйнхээ улмаас МАН, АН-ын аль аль нь урд өмнө авч байсан саналынхаа арав гаруй, арав гаруй хувийг алдах нь гарцаагүй. Энэ 20 хувь дээр хэнд нь ч өгдөггүй 30-аад хувийг нэмчих юм бол “эзнээ эрэлхийлсэн бараг л 50 хувийн санал буй болно. Энэхүү 50 хувийн эзэн болохын төлөө юу хийх, ямар хөтөлбөртэй байх, хэнтэй эвсэх, эвслийн удирдлаганд хэн хэн орох, сонгуулийн компаниа ямар технологиор өрнүүлэх… энэ бүхэнд үнэн мэдлэг, зөв мэдээлэл, хурц ухаан, туршлага хэрэгтэй.
    Сонгууль эхлэхээс өмнө, бүр энэ ондоо багтаагаад Монголд намуудын тоо чухам юунаас болоод 30 гартлаа өссөн болохыг судлах, таних, зорилго, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй. Болдогсон бол 30 гаруй намын санаачлагчдын үнэн учрыг мэдмээр байна. MAH, АН хоёр гологдоод байгаа юм уу? Чухам юу юу нь сөрөг, хэрэггүй, бүр хортой, хорлонтой болчихсон юм бэ? Энэ хоёр намын аль нэгэнд элсээд, намаа цэвэршүүлээд, нэгэнт бүрэлдчихсэн нөхцөл, боломжийг нь ашиглаад цааш цаашаа замнаж болохгүй байсан гэж үү. Аль эсвэл энэ хоёр намын гол цөм нь, удирдах бүлэглэл нь ямар ч найдваргүй, итгэл хүлээх чадваргүй, “улстөрийн амьд хүүрнүүд” болчихоо юу?
    Нөгөөтэйгээр мөнхүү 30 гаруй намынхан нэгдэж, томорч, хүчирхэгжиж болохгүй гэж үү?
    Ингэхэд гарч ирдэг гол саад, бэрхшээл нь чухам юу юм бэ? Бүх жижиг, шинэ намууд нэгдэх, нийлэх гээд оролдоод үзвэл яасан юм бэ? Шинэ, жижиг намуудын харилцан ойлголцох, хамтрах, нэгдэхэд зориулсан сарын аян, Их Хуралдай зохиоцгоо л доо. Та нар чинь бүгдээрээ л нэгэн угсааны эцэг, өвгөдийн үр сад мөн биз дээ? 30 гаруй нам бүр болохгүй бол арав арваараа нэгдээд гурван томоохон нам болол доо.
    “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэдэг дээ! Манай энэ гуйлт, хүсэлт бол Монголынхоо төлөө зовнин, догдлон лугших зүрхний угаас өөрийн эрхгүй л хэлэгдэж байгаа үг юм шүү. 30 жижиг нам “элсээр байшин барьж” тоглож байтал дорхноо л 30 жил дахиад өнгөрнө. Өнөөдөр 30-тай байгаа хүн 60 настай болно. Амьдралын замын төгсгөл хажууханд л ирчихсэн байх нь тэр… Цаг алдалгүй нийлээд, томроод, юу чаддагаа хийж, хэрэгжүүлэл дээ! Хэд гурвуулахнаа л энд, тэнд худал томроод ер хэрэггүй!
    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ЭРИЙН ХИЙМОРЬ СЭРГЭЭСЭН ШИЛИЙН БОГД…ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЗАН ҮЙЛ

    Эрт нэгэн цагт эрэмгий баатар эрчүүд эргэмэг хүлэгээ хүлэглэн, эвчит нумаа үүрэн, ирт зэвсэгээ агсан, Эвэр урам уухилах цуурайлгаар, эхэрэг хэнгэрэш нүргэлэх хурайлгаар эрчистээ нэгдэн хуран чуулдаг байж. Эв нэгэн хэлхээнд эрчилж эр хат сур мэт чангарч, эрчист нэгэн хэмд нэгдэж эвдрэшгүй цул хүч болон асч, амиа аргамжлан адислаж, биеэ бэхлэн бөхөглөн, билгээр зөнд эесэн алсын аян тулаанд гарахын өмнөх андхай уухайлалт цуглаандаа хорголох тогоонд хуран чуулдаг байж.
    Хангир жингэр хийх хат ган төмөрийн чимээ, ханхар олон эрсийн нэгэн хүн мэт нэгдэн зангирсаныг дайдын хөрстөд тунхаглан цуурайлах уухайт дуудлагбг улам сүрлэг болгодог байжээ…
    Тэнд тэнгэрт өчиглөж, газарт андхайлж, тив дэлхийн гүн АМЬ ЯЗГУУР ГАЛдаа нэгдэн эрхшээлжсэнээ тунхаглан ёсчилдог байв.
    Атгаалж адыг арангалах ариун галын ундаргаас аюулыг өвдөглөн сөхрөөх авралт баатрууд өндийдөг байж…
    Харамсалтай нь Монголыг Монголоос нь язгуур бүхнэнс нь холдуулах харийн шашины ёрт ухуулгаар дагшин галын тогоон ирмэгт дайсан хөнөөлтний жатга шившин ховсдсон хар сархадыг хайр найргүй өргөж, ханхар эрс өөрсдөө ч хүртэн сөхөрдөг болжээ…
    Эрийн заяаг сөхрөөе гэвэл хар ховс хатуу сархадад хөлчүүрхүүлэх аар санаатны ёрыг ёс болгон төөрөгдүүлсэн нь өнөө хэр Монгол эрсийн минь өөдлөх заяаг өлмийдүүлж яваа үнэн.
    Арц ганга, аргал хомоол, шар тос, арвайн гурил, борц мах, бор цай, эмийн ургамалаар л өргөл дээжээ өргөн, хар сархадаас ангижирах хатуу андхайгаа дуулган ивээл эрч хүсэгчдийн итгэл зүтгэл бадраг ээ…

  • Д .Пүрэвдорж ЭХ ОРОН МИНЬ СОЁРХ

    Эх орон минь!
    Сайхан тунгалаг усныхаа
    Сав шимийн урсгалаар
    Салхин төөрөх хорвоод
    Санаа буртаан унах
    Самуун хумхийг ариусгаж соёрх,
    Эх орон минь!
    Ээжийн өгсөн сэтгэл
    Эмтэрвээс эм болж,
    Энэ насны дөрөөг
    Элбэрэлийн сүүтэй элээх
    Эр зориг, хайр соёрх,
    Эх орон минь!
    Хүй даль алжаавч
    Хүчиндээ эрдэн дэвсээр
    Хүний орчлонд зорьсан
    Хүслийн цагаан оргилдоо
    Хүрч газардах итгэл соёрх,
    Эх орон минь!
    Аз жаргал, учрал,
    Ажил, эрдэм, алдаршил,
    Аугаа сэтгэлийн бадрал,
    Амьдрал даах тэнхэл
    Аавын хүүд бүгдийг соёрх,
    Эх орон минь!
    Эргэх ачлал огоорон
    Эрэмшин зоргоор аашилж,
    Эгэл хүнийг хохилох
    Эзэрхэг балар хүнд л
    Эрх дарх бүү соёрх,
    Эх орон минь!