Удаан хугацаанд хоол тэжээлгүй, ус уухгүйгээр амьдардаг чадвар нь бөхөнд нь байдаг гэдгийг захын хүүхэд мэднэ. Бөхнөөс гадна нарийн учир шалтгаан байсныг шинжлэх ухаан саяхан нээжээ.
Тэмээний цусны бүтэц маш онцгой аж. Дугираг биш зууван улаан эстэй. Энэ онцлог нь усгүй нөхцөлд цусны өтгөрөлд саад болж, судсаар цус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангадаг. Иймээс тэмээний цус бусад амьтдыг бодвол бие организмийн шингэн дутагдах үед шингэнээ хадгалж чаддаг ба тэмээний цусны эргэлт удааширах нь огт ажиглагддаггүй байна.
Тэмээний хамрын нүх маш онцгой хэлбэртэй, үүгээрээ тэрээр амьсгалж байгаа агаарт агуулагдах чийгийг хамар дотроо үлдээж, хув хуурай агаарыг буцааж гаргадаг ба үнэт чийгээ ийнхүү хэмнэж чаддаг аж. Биеийнхээ чийг алдалтыг багасгахын тулд биеийн температурыг ихэсгэж, багасгаж чаддаг нь сонин. Тухайлбал шөнөдөө 34-35 хэм болгож, өдөр 41 хэм хүртэл ихэсгэснээр хөлрөлтөөр чийг алдахаас сэргийлдэг бас нэгэн гайхалтай чадвартай. Энэ чадвараараа говьд байгаа илжигнээс 3 дахин удаан чийгээ алддаг.
Үүнээс гадна түүний онцгой чадвар нь 2 долоо хоногоос илүү хугацаанд огт ус уухгүй байж чаддагт оршдог. Цөлд хүн 1 хоногоос илүү усгүй байж чаддаггүй байхад тэмээ биеийнхээ шингэний 25%-ийг алдсан байхад ямар ч усгүйдлийн шинж тэмдэг илэрддэггүй, харин бусад жижиг амьтад 15%-ийн чийгээ алдахад үхдэг байна.
Тэмээ мөн давстай ус ууж чаддаг. Мөн ихэвчлэн хатсан өвс ногоо, мөчир энэ тэрхнээр хооллодог боловч шүүслэг ногоон тэжээл өгөхөд мэдээж дуртай, гэхдээ сайн хоол тэжээл удаан хэрэглэхэд бие нь тавгүй болдог нь сонин.
Мэдээж эдгээр чанарууд гайхалтай, гэхдээ сүүлийн үед эрдэмтдийг гайхшруулж байгаа зүйл бол түүний дархлааны систем юм.
Тэмээний дархлааны систем үнэхээр төгс бөгөөд бусад амьтдын үхдэг ямар ч нян паразитаар өвчилддөггүй. Түүнд том амьтад хүртэл хиардаг ямар ч тахал нөлөөлөхгүй. Тэмээний энэ чадварыг ашиглан зохиомлоор боловсруулж хүний эд эсэд оруулан вирусын өвчлөлийн эсрэг ашиглаж боломжтой гэж үзэж байна. Мөн тэмээний сүү үнэт шинж чанарыг агуулдаг ба бусад сүүнээс маш удаан мууддаг. Тэмээний сүү байгалийн антибиотик лактоферриныг ихээр агуулдаг ба мөөгөнцөрийн вирусын эсрэг шинж чанартай уургуудын бүлэг мөн их хэмжээгээр агууллагддаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тэмээний сүүнд дархлааг сэргээх, дэмжих их хэмжээний иммуноглбулинуудыг олжээ.
Дархлааг сэргээх тэмээний сүүн дэх иммунглобулинууд хүний эсэд амархан нэвтрэх чадвартай. Яг энэ бодис шинжлэх ухаанд аутоиммуны өвчлөлтөөс хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж тооцогдож байна. Өөр нэг тэмээний сүүнд байгаа гайхалтай зүйл нь түүнд инсулины бодис ихээр агуулагддаг байна. Тиймээс чихрийн шижин өвчинд шаналж байгаа хүмүүст тэмээний сүү маш ашиг тустай.
Ингэхээр бид тэмээнийхээ сүү, сүүгээр нь хийсэн бүтээгдхүүнийг ихээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд маш чухал юм байна.
Хөрвүүлсэн: Ц.Ганцэцэг
Category: Монгол үндэсний түүх
-
ТЭМЭЭНИЙ ИХ ТЭСВЭР ХАТУУЖИЛ НЬ ЗӨВХӨН БӨХӨНДӨӨ БИШ ӨӨР НАРИЙН УЧИР ШАЛТГААНТАЙ БАЙСНЫГ ЭРДЭМТЭД НЭЭЖЭЭ, ЭНЭХҮҮ НЭЭЛТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НЭН ЯЛАНГУЯА ДАРХЛААНД МАШ ИХ ТУСТАЙ ЗҮЙЛ БОЛЛОО.
-
“ИХ ЗАСАГ” хууль
Монгол үндэстнийг нэгтгэж, төвлөрсөн хүчирхэг улсыг үүсгэн, хэзээ ч гандан бууршгүй мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан. Эзэн богд Чингисийн их засгийн үүсэл, шинж, онцлог, бүтэц түүнийг монголын ба гадаадын олон эрдэмтэн, мэргэд ихээхэн судалсаар ирсэн. Энэ хуулиас хааныг сонгох, бишрэх, төрийг засах тэгшитгэх, улсын гадаад, дотоод бодлогыг явуулах, цэрэг, иргэнийг захирах, улс үндэс, газар нутаг, ус бэлчээр, ан амьтан, мал сүрэг, хэв ёсыг хамгаалах, аж ахуй хөтлөх, худалдаа арилжаа хийх, шашин суртал, заншлаа хүндэтгэх тухай мэдэх болно. Чингис хаан зөвхөн хурдан хүлэг, хурдан зэвсэг, эр зоригоор улс гүрнийг нэгтгэн захирж, төрийг засан тохинуулж үл болно гэдгийг сайтар ухаж, засаг цааз, хэв ёс журам дүрмийг цэгцлэн тогтоож, иргэн бүхэнд даган мөрдүүлжээ. Чингис хааны хууль цаазыг зөрчсөн хэн боловч алагчалгүй шийтгэгддэг байжээ. Өөрөөр хэлбэл хууль цааз нь их эзэн хаанаас эхлээд иргэн бүрд тэгш үйлчилдэг байжээ. Ийнхүү шударга ёсыг өөрөөсөө буюу дээрээсээ тэгш хэрэгжүүлсэн нь Чингис хааны Их монгол улс байгуулж чадсаны нэгэн нууц юм. Дэлхийн олон улсад ихэд алдаршсан их засаг бол их монгол улсын хууль цаазын эмхтгэл, үндсэн хууль бөгөөд уламжлал шинжлэлийг үнэн мөнөөр, монгол ухаанаар эргэн харах болсон өнөө үед олон талаас нь шинжлэн үзвээс зохих монголын эртний хууль цаазын дурсгал бичиг юм. Засаг хэмээх үгийн язгуур нь ЗАСА- /засах/ билээ. Засах гэдэг үйл үг ямар утга илтгэдэг вэ гэвэл “Мууг сайн болгон халах”, тэнгэрийн доорх хэргийг шийдгэх, бичгийн үгийг зохистой сайн болгох, төвийг үзэн тушаа тушаа захиран тэгш нийгэм болгохыг засна хэмээдэг. Аливаа улс оронд төр байгуулагдаж, өөрийн тогтолцоогоо бүрэлдүүлэх бодлого зорилтоо тодорхойлохдоо хууль цааз тогтоон түүхээ биелүүлэх замаар хэрэгжүүлдэг нь нийтлэг зүй тогтол мөн. Ингэхлээр монголд феодалын тулгар төр байгуулагдахад түүнтэй нэгэн зэргээр улсын цааз бий болох нь зайлшгүй зүй тогтолд үйл явц байжээ. Үүний үндсэн дээр Чингис хааны их засаг хууль гарсан.чингис хааны байгуулсан гавьяаны нэг болох төрийн алтан буулга Их засаг хуулийг гаргасан. Уг хуулийн үзэл санаа нь монголд төдийгүй, Чингисийн эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байв. Чингис хааны монголыг нэгтгэх, дэлхийн эзэнт их гүрнийг байгуулах асах төвөгтэй үйл ажиллагааг амжилтад хүргэж даяарт алдаршсан суутан болох их засаг хуулийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм. Судлаачид их засаг хуулийг бичигдмэл хууль байсан гэдэг талаар санаа нийлж байдаг нь түүхэн эх сурвалжид үндэслэсэн хэрэг, харин зарим судалаачид санал нийлдэггүй.
Жишээ нь: Попов хэлэхдээ энэ хууль байсан ба хууль дахь монголын эзэнд гүрний Юань улсын хууль цаазын бичигт орох байсан, их засаг хууль бичигдмэл хууль байж чадаагүй хэмээж байна. 1204 онд найман аймгийг дарсаны дараа Уйгар угсааны Татунгаг Чингис хаан албандаа зүтгүүлж улс гүрний хэрэг явдлыг Уйгаржин монгол үсгээр бичиж тэмдэглэн хөтлөх болсон болохоор энэ хуулийн эхийг Уйгаржин үсгээр бичсэн. Их Засаг бол Монгол оронд Феодалын харилцаа тогтон төлөвших явдлыг хангасан Феодлизмын үеийн анхны хууль мөн. Үүнд түүний гол шинж нийгмийн үүргийн нэг чухал тал оршино. Монгол оронд анхны төр улс үүсэн тогтсноос хойш феодалын төвлөрсөн улс байгуулах хүртэл 1400 гаруй жилийн хугацаанд төр ёс, хууль цаазын зохих дэвшил гарч, туршлага хуримтлагдсан түүхтэй. Монгол оронд бүрэлдэн тогтсон феодалын харилцаа, төрт ёс, эрх зүйн журмын үндсийг тогтоон бэхжүүлсэнд Их Засагийн гол шинж чанар илэрнэ. Их Засагийг гаргахдаа хааны хэмжээгүй эрх, төрийг байгуулахад хүчин зүтгэж, хаанд үнэнчээ харуулсан хүмүүсд бусдаас илүү эрх дарх олгох, цэрэг байлдааны үед хатуу ёс суртал бий болгоход илүүтэй анхаарч улмаар энэ хуулийн тогтоомжид бодит тусгалаа олсон онцлогтой. Их Засаг цаазын тунхагласан өдрөөс эхлэн эзэн Чингисийг насан хутга болох хүртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан төгөлдөржүүлж 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байжээ.
Их засаг хуулийн зурвас бүрийн гол агуулгын тойм
Нэг. Ерөнхий буюу Үндсэн хууль
Энд их хааны халдаж болшгүй дархан эрхийг хамгийн дээдээр хамгаалан хөгжүүлж, тус хуулийн гол зорилгыг бататгажээ. Их хаан бол феодал ноёрхогчдын төлөөлөгч, улсын бүх эрх мэдлийн биелэл, төвлөрөл болсныг харуулсан байдаг.
1 дүгээр зурвас: “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”
Энэ бол монголын эзэнт гүрний төрийн тамганы бичээс бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин” гэдэг ойлголтыг шинээр бий болгон төрт ёс, жам ёс хоёрыг холбон нэгтгэж өгсөн явдал мөн. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” жамыг илэрхийлэхийн хамт монголын эзэнт төр, их Чингис хаан чухамхүү ертөнцийн жам, хүмүүний ёс төр, хэрэгцээ шаардлага, эрхт дээд тэнгэрийн соёрхлоор бий болсныг тодотгон заажээ.
Их хааны зарлиг бол жам ёсны, эзэн тэнгэрийн хүсэл соёрхол болохын учир бишрэн дагахгүй байхын аргагүйг энд заасан бөлгөө.
2 дугаар зурвас: “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй”
Чингис хаан оюун бодлоороо Мөнх тэнгэртэй үргэлж харилцаж, тэндээс хүч чадал, онгод зоригоо авч, түүний зарлигийг хэрэгжүүлж байсан агаад “Их засаг” хууль, “Билиг” сургаал зэрэг нь Мөнх тэнгэрийн зарлиг байлаа. Чингис хааны хийж хэрэгжүүлж байгаа бүхэн зайлшгүй байх ёстой гарцаагүй үнэн зөв зүйл мөнийг энд заажээ.
3 дугаар зурвас:“Хүүхэд нь эцэг эхээ, залуус нь ахмадаа, эхнэр нь нөхрөө үл сонсвол хуулийн хариуцлага хүлээнэ”
Нүүдлийн соёл иргэшилтэй малчин монголчуудын хувьд өрх айл нь төрийн болон нийгмийн мөн агаад айл өрх бат бол төр улс бат бэх байх ёстой болохыг зааж, өрхийн тэргүүнийг төрийн төлөөлөгч болгож, эрх дархыг нь хуулиар хамгаалсан зурвас юм. Өрх айлыг, ах захыг дээдэлсэн энэ заалт дэлхий нийтэд ихэд үнэлэгддэг.
Хоёр. Хаан төрийн тухай хууль
Эзэнт гүрний хаан төрийн түшиг болсон ихэс дээдэс, шадар ноён жанжнууд нь их хааныхаа өмнө тодорхой үүрэг хүлээсэн, үйл ажиллагаа нь зохих дэглэм журамтай байх ёстойг энэ хэсэгт тодруулан заасан байдаг.
4 дүгээр зурвас:“Хаан ширээг залгамжлахад заавал овог аймгийн ахмадууд ахлагчид болон алтан ургийн хурилдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй.”
Тэр цагт Чингис хааны нэр алдар, эрх мэдэл асар өндөр байсан хэдий ч ганцаараа бүхнийг шийддэггүй бусдын үгийг сонсож, ухааныг эь дээдэлдэг байсныг эндээс харж болно.
5 дугаар зурвас:“Монгол хүмүүс улсын эзэн болон эрхэм язгууртан хаан, хан, ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дуудна.”
Энэ нь хаан ба хан, ноёд элдэв цол өргөмжлөлд хэтэрхий бялуурч, төрийн хэргийг самууруулах, эсвэл ард олны зүгээс тэдэнд тал засаж, хуурамч магтаалаар чимж, зусар үгээр хуурч, төр ба ард олны хооронд ан цав гаран ажил хэргийг хохироосоо болгоомжилсон заалт юм. “Хаан” гэдэг эрхэм хүндэтгэлийг зөвхөн өөрийнхөө гавъяа зүтгэлээр олж авах хэрэгтэйг Чингис хаан өөрөө сурган “Хаан” гэдгээсээ өөр ямар ч цол өргөмжлөл хэрэглэдэггүй байв.
6 дугаар зурвас:“Ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч ажлаа тайлагнаж хааны сургаал зарлигийг сонсож, буцаж хариад биеэр үлгэрлэн гүйцэтгэж ард олноо сайтар удирдаж чадвал хамаг үйлс эеэр бүтнэ. Миний зарлигийг аман дээрээ дагаж, алс далд зөрчиж уснаа унасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна.”
Ноён хүн тухайн орон нутагтаа хааны нэрийн өмнөөс онцгой эрх дархыг эдэлдэг байсан ч эзэн хааныхаа өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, жилд 2 удаа хаанд бараалхан сургааль зарлигийг нь сонсоод нутагтаа очоод хэрэгжүүлэх ажлаа өөрсдөө гардан хариуцах ёстой байв. Ингээгүй тохиолдолд ард нийтийг захирах эрх мэдэл нь шууд хүчингүй болдог байсан нь харагдаж байна.
7 дугаар зурвас:“Аравтын даргын тушаалыг биелүүлж чадаагүй хүмүүсийг даруй чөлөөлж, тэрхүү аравтын дотроос өөр нэгийг олж сонгох хэрэгтэй. Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал 3 хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болбол сая биелүүлж болно. Гурван хүний дотор өөрийгөө оруулж тооцно. Өөрийн хэлсэнийг бусдын хэлсэнтэй, ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх хэрэгтэй. Эс бөгөөс зарлиг тушаалыг буулгаж үл болно.
Өрх айл болон аравтын тогтолцоо нь монголын нийгмийн харилцааны үндэс, гол судас байсан бөгөөд төр улсын бүхий л хэрэг явдал чухамдаа аравтаас эхэлж байжээ. Удирдлагын шинжлэх ухааны үүднээс үзэхэд нэг хүн араваас илүүг удирдаж үл чадах нь бүрэн батлагдсан бөгөөд дэлхийн улс орнууд бүхий л түүхэндээ аравтын тогтолцооноос илүүтэй зөв зохион байгуулалтыг олж чадаагүй байна. Ингэхлээр төр нийгмийн болон хөдөлмөр зохион байгуулалтын дээд хэлбэр болох аравтын даргын ажил үүрэг хичнээн чухал болохыг энд заажээ.
Нөгөө талаар аливаа удирдах хүний зоргоороо авирлах явдлыг хориглож асуудлыг хамтаараа шийддэг байхын чухлыг хуульчлан бататгасан байна.
Гурав. Цэрэг дайны тухай хууль
Монголын их гүрэн бодит нөхцөл, шалтгааны улмаас дайн байлдаанаас ангид оршиж үл болох нүүдэлчдийн улс байсны учир цэргийн зохион байгуулалт байлдааны арга ажиллагаа, зэр зэвсэг, хүлэг морьдыг бэлтгэх зэрэгтэй холбоотой заалтууд “Их засагт” чухал байр эзэлж байлаа.
8 дугаар зурвас: “Эр хүн хорин нас хүрвээс цөм цэргийн алба хаах хэрэгтэй” Чингис хааны үед 14-20 насыг гэр бүлийн нас хэмээн тооцож байсан агаад энэ хооронд гэр бүл болж үр үндсээ залган бэлтгээд 20 нас хүрсэн хойноо хэрэгцээтэй цагт эр хүн болгон аян дайнд мордоход бэлэн байх ёстойг илтгэж байна. Бие бялдар, оюун санааны хувьд бүрэн гүйцэж төлөвшөөгүй хүнийг байлдаан тулалдаанд оролцуулахаас сэргийлсэн ажээ.
9 дүгээр зурвас: “Хааны торгон цэргийн албанд аравт, зуут, мянгатын даргын хөврүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүү арван нөхөр, нэг дүүгээ, зуутын даргын хүү таван нөхөр, нэг дүүгээ, аравтын даргын хүү гурван нөхөр, нэг дүүгээ дагуулж ирэх хэрэгтэй.”
Хааны хишигтэн цэргийг үнэнч шудрага, найдвартай хүмүүсээр бүрдүүлэх арга барилыг энэ заалтаар бататгаснаас гадна нэгдсэн улсын цэцэн билэгт их хааны амь нас, өмч хөрөнгө, гэр бүлийг хамгаална гэдэг нь улс орны аюулгүй байдлын үндсэн асуудал болохыг тодруулж өгчээ. Бас, ноёдын хөвгүүдийн найз нөхөд нь төрийн нэгжид харъяалагдаж, язгууртнуудын амьдрал ахуйн орчинд өсөж хүмүүжин, төр улсын үйл хэргийн болон төрт ёсны мэдэгдэхүүнтэй болох бололцоог энэ заалтаар хангажээ.
10 дугаар зурвас: Ан авын ажиллагааг цэргийн сургуулийн суурь болгож хуульчлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Авын үед дайралдсан анг гурванг давхар бүсэлж, тойргоо хумьж авлагтун. Анг гадагш алдсан аравт, зуутын дарга нарыг огцруулж шийтгэх хэрэгтэй.
Ан ав хийж дайн байлдааны бэлтгэлээ хангах, цэрэг эрсийн эрдэм чадал, тэсвэр хатуужлыг боловсруулж, морь малаа зүгшрүүлэх, хүнсний хангамжаа бүрдүүлэх, улмаар дарга нарын удирдах арга чадварыг дээшлүүлж, хариуцлага сахилгыг нь батжуулах зэрэг ажлыг энэ заалтаар зохицуулж байв. Анг тойргоос гадагш гаргаж алдсан ноёдыг шийтгэж байсан нь тухайн цагийн цэрэг, дарга нарын хариуцлага, сахилгыг харуулж байгаа юм.
11 дүгээр зурвас: Дайны үед өтгөс залуус, эрхэм доорд ялгалгүй байлдагч, хорчин жадчин болж дайнд оролцох хэрэгтэй. Хүн бүрийн хэрэглэх зэр зэвсэг, унаа хөсгийг аравт, зуутууд хуваан авч хариуцах хэрэгтэй. Цэрэг цуглах үед бүхий л хэрэгсэлээ авч очих хэрэгтэй. Дайн дажны цагт хөгшин залуу, дээд доод ялгалгүй цэрэг эр болох ёстой гэсэн энэхүү заалтын ачаар ахмад туршлагатай хүмүүс залуучууд цөмөөрөө оюун бодлоо нэгтгэн улс гүрнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцдэг байлаа.
Ялангуяа ноёд дарга нар нь гол төлөв ахмад хүмүүс байснаас гадна ерөөсөө Чингис хаан, Мухулай, Сүбэдэй мэтийн жанжнуудаас авахуулан ихэнх монгол эрчүүд 60 өнгөрсөн насандаа ч мориноосоо үл буун дайтаж ялгуусан амжилтанд хүрч байжээ. Цэрэг цуглах үед хүн болгон хувийн бэлтгэлээ базааж очдог агаад бэлтгэл хангагдаагүй бол аравт, зуутын ноёд шийдгэл хүлээж байв.
12 дугаар зурвас: Жанжин захирагчаас эхлээд жирийн цэрэг хүртэл дайсангүй энх амар байсан ч гэлээ дайны бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Зарлиг тушаал буусан тохиолдолд даруй түргэн мордох хэрэгтэй. Яаруу түргэн мордох зарлиг буусан үед өчүүхэн ч саатаж болохгүй. Урьдчилан очиж ч болохгүй.
Нүүдэлчин монголчууд тайван цагт мал ахуйгаа маллаж, ан аваа хийхийн зэрэгцээ болзошгүй байлдаан тулалдаанд бэлэн байж чаддаг, хэрэгцээтэй цагт товлосон цаг хугацаанд бэлэн очиж ялалтанд хүрдэг байсан. Дэлхийн бусад орны цэрэг дайны түүхэнд огт байдаггүй хосгүй туршлага практикийг энэ заалтаар бататган бэхжүүлж бий болгожээ. Ялангуяа дайсан этгээдийн гэнэтийн довтолгооны цагт энэ байдал онцгой ач холбогдолтой байв.
13 дугаар зурвас: “Зарлиг тушаалыг цаглашгүй хичээн гүйцэтгэх хэрэгтэй. Жишээлбэл, мянгатын, түмтийн захирагч хааны байх газраас хол, наран гарахаас наран шингэх хүртэл байрлах авч ямар нэгэн осол эндэгдэл гаргасан тохиолдолд хаан тусгай элч бүхий морь цэрэг явуулж тогтоол зарлиг ёсоор шийтгэнэ.”
Хуулийн өмнө эзэн ноёноос эхлээд жирийн ард хүртэл тэгш эрхтэй бөгөөд хэрэг зөрчил гаргаж, хариуцлага алдсан тохиолдолд ямар ч эрх мэдэлтэй ноён, түшмэл байсан ч хатуу шийтгэл хүлээлэг байсныг хааны зарлиг ёсоор шийтгэгдэж буй ихэс дээдсийг ямар ч доод тушаалын хүн хичнээн ч хол газар очиж шийтгэсэн байлаа ч гэсэн заавал биелэгдэх ёстой гэдгийг энэ заалт бататгаж байгаагаас гадна, хааны зарлиг тушаал хичнээн нарийн чанд, хатуу бөгөөд цаг нартай зүйл болох нь эндээс харагдаж байна.
14 дүгээр зурвас: “Өөрийнхөө аравт, зуут, мянгатынхаа харъяанд байхаас биш өөр тийшээ дураараа шилжиж болохгүй, өөр газар очиж нуугдаж болохгүй, тийм этгээдийг нуун дарагдуулж болохгүй. Тус зарлигийг зөрчиж шилжигчдийг цэргийн өмнө алах ялаар шийтгэж, тухайн хүнд хорогдох орон зай олгогсдыг хүндээр шийтгэнэ.”
Дуртай болгон нь хүссэн газраараа сэлгүүцдэг байвал байлдааны бэлэн байдал үл хангагдаж, аравтын тогтолцооны үр дүн ач холбогдол үгүй болохоос гадна тэнэж яваа хэн хүнийг харъяандаа оргонуулах нь хор хөнөөлтэй байж болохыг энд зааж, сахтлга дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлж, аливаа цалгардлаас сэргийлж буй заалт юм.
15 дугаар зурвас: Байлдааны талбарт шархагсдыг орхиж огт болохгүй. Байлдаж байхын цагт цэргийн туг буухаас урьд хэн ч байлдааны талбарыг орхиж сольж үл болно.”
Энэ нь цэрэг хүний эрхийг хүндэтгэж, урам зоригийг нь бадруулсан, бас байлдааны үед замбараагүй байдал гарахаас сэргийлсэн заалт юм. Энд бас байлдааны үеийн зохион байгуулалтыг чухалчилж байна.
16 дугаар зурвас: “Дайн байлдааны үед олзонд битгий шунагтун. Байлдаан хойно хуваалцах хэрэгтэй.”
Байлдааны үед олзонд шунаснаас цэргийн давшилт саарч эмх журам алдагдан, дарга цэргийн дунд шудрага бус явдал гарах аюулаас сэрэмжилсэн агаад ховдог шунахай занг цээрлэж, байлдаанд байгуулсан гавъяаг нь зохих ёсоор хөхүүлэхийг сайшаасан заалт юм.
17 дугаар зурвас: “Урван тэрслэх буюу байлдааны талбараас зугтаагсдыг алах ялаар шийтгэх хэрэгтэй.”
Урван тэрслэх буюу байлдааны талбараас дутаах нь ихээхэн уршигтай зүйл учир урьдчилан хуульчлан хориглосон энэ заалт нь монголчуудын байлдааны амжилтад зохих ёсоор нөлөөлж байсан нэн чухал зурвас юм.
18 дугаар зурвас: “Зарлиг зааваргүйгээр эвдлэн шатаах буюу олзлогсдыг дураараа шийтгэх тарчлаан зовоохыг орлдсон тохиолдолд алах ялаар шийтгэнэ.”
Ийм заалт оруулсан нь Чингис хааны болон монголчуудын нэр төрийг хамгаалсан энэрэнгүй үзлийг илэрхийлсэн хамгийн чанд сахилга бат, зохион байгуулалттай болохыг харуулах, шудрага агаад хүнлэг ёсыг дээдлэх зорилготой байжээ.
19 дүгээр зурвас: “Байлдааны талбарт нөхдийнхөө буюу дайн байлдааны олзыг хулгайлагсдыг алах ялаар шийтгэнэ.”
Дайн байлдааны үед ч гэсэн төрийн бодлогоо алдалгүй сахиж, эмх журамтай байдал шудрага үнэн үйлсийг ямагт дээдлэх үзлийг хэвшүүлэн тогтоож байснаараа энэ заалт чухал юм.
20 дугаар зурвас: “Хэрэв дийлэгдэн ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх хэрэгтэй. Эхний байрандаа буцаж үл ирэгсдийг алах ялаар шийтгэнэ.”
Дайны үед ялагдаж ухарна гэдэг ихээхэн бэрх явдал байдаг ч байдлыг тэр дор нь засаж, тулалдааны зохион байгуулалтыг шинээр хйиж чаддаг байсан нь монголчуудын цэргийн эрдмийн нэгэн гайхамшиг байсан агаад энэхүү заалтын үр ач байлаа. Ухралтанд ороод сарнин бутарвал бүр мөсөн бут цохиулах аюул байдаг учир энэхүү нөхцөл байдлыг урьдчилан харж хуулиар зохицуулсан нь цэрэг дайчид ямар ч нөхцөлд эхний байрандаа ирж нөхөдтэйгээ хамтран дахин тулалддаг дадал заншил ёс суртахууныг монгол цэргүүдэд хэвшүүлжээ.
Жич: 17-20 дугаар зурвасуудад алах ялаар шийтгэхээр заасан нь эцсийн эцэст хүнээ алаад байх гэсэн хатуу харгис заалт бус, харин дээрх алдаа эндэгдэл гэм буруугаас урьдчилан сануулж сэрэмжлүүлсэн нарийн чанд атлаа энэрэнгүй бодлогын илэрхийлэл байсныг энд тэмдэглэхгүй өнгөрүүлж болохгүй юм.
21 дүгээр зурвас: “Цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрсийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй.”
Энэ нь дайн байлдааны нөхцөлд ар талын ахуй амьдралын аж төрлийн бүхий л салбар хүрээний ажил алба цалгардах удирдлагын хомсдол болохоос урьдчилан сэргийлэх улс нийгтйин ажил хэвийн явах баталгааг бий болгосон заалт юм.
Дөрөв. Ард иргэдийн хууль
Шудрага бөгөөд тэгш ёсыг дээдэлж, аливааг алагчлахгүй авч үздэг байх, хүн бүрийн эзлэх байр суурь нь иргэдийн өөрсдийн авъяас чадвар, зан чанараасаа хамаарахыг заасан чин шудрага байдал уг хуулийн мөн чанар болохыг энэ бүлгийн заалтуудаас үзэж болно.
22 дугаар зурвас: “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд гэж ялгаж үл болно.
Төр улсын зүгээс ард олноо баян, ядуу, эр эм, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан тэгш шудрага хандах ёстой гэдгийг энд ийнхүү хуульчлан заасан байгаа агаад тэрээр XIII зуунд хүний эрхийг дээдлэсэн, тэгш ёсыг хамгаалсан энэрэнгүй сайхан ийм хуулийг зөвхөн Чингисийн монголчууд л гаргажээ. Энэ заалт нь олон үндэстэн ястантай асар том гүрний оршин тогтнолын нэг тулгуур болж байлаа.
23 дугаар зурвас: “Өтгөстийг хүндэлж, ядуусыг тэтгэх хэрэгтэй. Богд мэргэд ба бясалгачдыг хүндэтгэвэл зохино.”
Оюуныг дээдэлсэн заалт. Амьдралын их туршлагаар алдар гавьяатай өтгөс ахмад, авьяас чадвартай ном эрдмийн мэргэд нийгэмд гоц хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
24 дүгээр зурвас: “Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн билэг хурц хүмүүсийг эрхбиш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар харгис болон элбэрэл журамгүй этгээдийг жигшин занагтун.
Сайныг дэмжиж саарыг жигших үзлийг нийгэмд хэвшүүлж, нийгмийн эрүүл саруул орчныг бүрдүүлэхэд чиглэсэн заалт болно.
25 дугаар зурвас: “Шашны хэргэмтэн, шавь нар, эмч сурагчаас бусад бүх ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй.”
“Төр буй дор татвар буй” хэмээх зарчмыг тунхагласан заалт. Гэхдээ ард олныг гэгээрүүлж, хүмүүжүүлж байдаг шашны байгуулага зүтгэлтнүүд л энэхүү ажил үүргийнхээ төлөө татвараас чөлөөлөгдөнө. Төр , шашин хоёр хамтран ажжиллаж, ард түмэндээ үйлчилдэг байхыг ийнхүү хуульчилжээ.
26 дугаар зурвас: “Хөвгүүд охид нь эцэг эхээ үл хүндлэгсэд, гэргий нь эрийнхээ зарлигийг үл дагагсад, харьяат иргэд нь захирагчаа үл хүндлэгсдийг хүндээр шийтгэнэ.”
“Хүн ахтай дээл захтай” байх зарчмыг тунхаглаж ах зах, төр ёсыг дээдлэхийг заажээ.
27 дугаар зурвас: “Ноёд түшмэд, ард иргэд нас барсны дараа түүний эд хогшил хичнээн байсан нь ч хамаагүй хөндлөнгийн этгээд ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч тэр хөрөнгөд халдаж болохгүй. Нас барсан хүн залгамжлах үр хүүхэдгүй бол эд хөрөнгийг нь үнэнч шавь буюу зарцад нь өгөхөөс биш улсын сан хөмрөгт оруулж болохгүй.”
Аливаа өмч бол нийгмийн баялаг гэсэн төр улсынхаа төлөө сэтгэлгээг төлөвшүүлж, завших шамшигдуулах замыг хааж буй заалт байлаа.
28 дугаар зурвас: “Байлдааны талбарт амь үрэгсдийг боол зарц үүрэн гарч ирсэн бол түүний мал хөрөнгийг энэхүү боолд өгөх хэрэгтэй. Өөр хүн үүрч гарч ирвэл амь үрэгдсэн хүний гэргийг боол, зарц мөн эд хөрөнгийг цөмийг тухайн хүнд өгнө.”
Байлдааны талбарт нас барагсдын эхнэр хүүхэд өнчирч, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй олон гэр бүл үүсэхээс сэргийлсэн үр хүүхдүүд хүмүүжил сайтай эцгийн хайр халамжинд өсөх боломж бий болгосон бас амь үрэгсдийн ар гэр нь танил дотно хүмүүсийнхээ хүрээлэлд үлдэх нөхцөл бүрдүүлсэн ухаалаг заалт болно.
29 дүгээр зурвас: “Хүмүүс архи ууж согтвоос тэргүүнээ цохиулсан мэт аливаа оюун билиг хэрэггүй болмуй.”
Архи уух нь хортой зүйл боловч хүнд бага зэрэг архи уух хэрэгцээ байх тул хязгаар тогтоосон заалт энд оржээ.
Тав. Тусгай хуулиуд
Монголын эзэнт гүрэн дэлхийн тавцан дээр гарч ирснээр улс орны гадаад харилцаа ихэд хөгжиж, энэ талын асуудлыг зохицуулах хуулийн заалт аргагүй шаардагдаж эхэлсэн байна. Энэ хууль нь Чингис хааны гадаад бодлогын үндсэн чиг шугамын илэрхийлэл, гол зарчим байсан юм. Үүнийг олон улсын харилцааны хуулиндаа тусгажээ.
30 дугаар зурвас: “Хаант Монгол улс болбоос дэлхийн эл улсын нэгэн болохоос биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой.”
Монгол улс бол ердийн нэгэн улс биш, харин дэлхийн улс, бусад бүх улс орныг эзэгнэн захирсан аугаа гүрэн гэж Чингис хаан үзэж байсан нь энэ заалтаар илэрхийлэгдэж байна. Монголчууд монгол гүрэн бол тэнгэр заяатай учир “Мөнх тэнгэрийн хүчинд” ивээгдсэн онцгой төр засаг, хууль цаазтай өвөрмөц гүрэн мөн.
31 дүгээр зурвас: “Элч зарлагыг гутаан доромжилж үл болно”
Дэлхийн их гүрэн Чингис хааны элч бол онцгой эрх үүрэгтэй, хариуцлагатай дээд зиндааны хүмүүс мөний гадна ерөөсөө элч зарлага бол олон улсын харилцаанд гүн хүндэтгэл хүлээсэн байдаг. Иймд элч зарлагатай зүй бусаар харьцаж хэрхэвч үл болно. Элчийг доромжилно гэдэг нь бүхэл бүтэн гүрэн улсыг доромжилсон хэрэг мөн болохыг энэ заалт харуулж байна.
32 дугаар зурвас: “Улс хоорондын арилжаа худалдааг хамгаалах хэрэгтэй”
Их монгол улс нь өрнө, дорно хоёрыг холбосон торгон замыг сэргээж, өртөө улааны албыг бий болгосноос гадна энэхүү заалтыг хуулинд оруулснаараа хулгай худал, дээрэм тонуулгүй болгож олон улсын худалдаа наймааны ажилд асар их түлхэц үзүүлсэн байна.
33 дугаар зурвас: ” Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрэв эсэргүүцэлгүй бууж өгвөөс та нарын сайн сайхан амар түвшин батлагдана, хэрэв эсэргүйцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэднэ гэдгийг зарлана.”
Чингис хаан 40 гаруй улсыг эрхшээлдээ оруулан захирахдаа дөнгөж 10 орчим улстай нь л дайтжээ. “Их засаг” хуулийн энэ заалтыг мэдэж ойлгосон Чингис хаан хэлсэн үгэндээ хүрнэ гэдэгт итгэсэн 30-аад орон байлдалгүй дагаар орсон байна.
б. Монгол улс нүүдлийн мал аж ахуйтай орон учир энэхүү аж ахуйг эрхлэн хөтлөхтэй холбоотой тусгай хуультай байсан нь аж ахуйн хууль болно.
34 дүгээр зурвас: “Бэлчээр газрыг эвдэж сүйтгэгчдийг хүндээр шийтгэ. Өвс ногоорсон хойно газар нүхлэсэн ба гал алдаж бэлчээр шатаасан хүмүүсийг гэр бүлийн хамт цаазлана.”
Бэлчээр муу бол мал сүрэг, түүний дотор нүүдэлчдийн гол эрдэнэ амьдрал ахуйн амин сүнс болсон агт морьд тарга тэвээрэг авахгүй тул үнэхээр зүйл бүрээр мухардан доройтох нь илт юм. Асар их ач холбогдолтой энэ заалт нь байгаль хамгаалах талаар ч маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
35 дугаар зурвас: “Дайн байлдаан дуусмагц унааны сайн морийг ус бэлчээрт тавих хэрэгтэй, унах ба гүйлгэхийг хориглоно. Агт морио сүйтгэгчдийг яллатугай. Ялангуяа морины толгой нүдийг занчигчдыг ална.”
Агт морьд бол монголчуудын нүүдлийн аж ахуйн чухал бүрэлдэхүүн хэсэг, зам харилцааны гол хэрэгсэл, дайн байлдааны хосгүй зэвсэг хань нөхөр учир жич дээдлэн үзэж хайрлан хамгаалах хэрэгтэй байв
36 дугаар зурвас: “Өвлийн анхны их цаснаас эхэлж дараа хавар ногоо соёолтол их ав хийж зэрлэг амьтдыг авлана.”
Дөрвөн улирлын байдалд зохицуулж нүүдэлчин малчин анчдын хөдөлмөрийн хуваарийг хийж байсныг энэ заалт гэрчилж буй ялдамд байгаль, ан амьтантай зөв харьцаж, зөв ашиглаж хэрэглэхийг хуульчлан заасан хэрэг болой.
37 дугаар зурвас: “Их авыг тусгай зарлигаар зохих бэлтгэлтэйгээр хийнэ”
Их авд өвөл гарах агаад хаан тусгай зарлиг буулгаж ойролцоох нутаг орны цэрэг дайчид тусгайлан бэлтгэл хийнэ. Аравт бүр зарлигийн дагуу хэдэн хүн томилж зэр зэвсэг болон авын хэрэгслийг тараана. Авын горимыг зөрчсөн хариуцлагагүй хандсан тохиолдолд шалтгааныг байцаан тодруулж гэм буруутныг хүндээр шийтгэнэ.
38 дугаар зурвас: “Өрхийн ба гааль гувчуурын хуулийг баримтална”
Монголчууд аливаа улс угсаатныг ноёрхсоноор өөрийн заншил аргаар өрхийн дүрэм тогтоох, цэргийн алба, өртөөний алба, ахуй хангамжид зориулан татвар гувчуур авна.
В. Арилжаа худалдаа хийх явдал нь аз сорьж амь дүйсэн хүчир ажил гэдгийг Чингис хаан сайтар ойлгосон учир тэр тухай асуудлыг хуулинд тусгасан нь арилжаа худалдааны хууль болно.
39 дүгээр зурвас: “Худалдаа наймаачдыг хамгаална”
Наймаа арилжааны хүмүүсийн амь нас, өмч хөрөнгө, зам тээврийн аюулгүй байдал шударга орчинг бүрдүүлэх зэрэг бүхий л асуудлууд энд оржээ.
40 дүгээр зурвас: “Итгэмжийн өртгөөр зээлээр бараа аваад алдагсад хоёр дахиа бараа авч болно. Хоёр дахиа аваад дампуурвал гурав дахь удаагаа бараа авч болно. Харин гурав дахиа дампуурвал алах ялаар шийтгэсүгэй.(Вернадский “Монголия и Россия” номонд буй)
Худалдаа наймааг хөгжүүлэх төрийн бодлого хүчтэй хэрэгжиж байсныг энэ нь харуулж байгаа агаад гурав дахин зээл өгнө гэдэг бол асар том итгэл. Харин гурав дахин дампуурна гэдэг бол эрүүл ухаантай хүний гаргаж болшгүй алдаа юм.
Г. Асар том гүрэнд зам харилцаа маш чухал байсан учир энэ талын асуудлыг тусгай заалтуудаар зохицуулж байжээ.
41 дүгээр зурвас: “Өртөө бүрд байх ёстой унаа морьдын тоо, хоол хүнсний зүйл, бусад зардлыг дааж, тэр бүхнийг мянгат түмэтүүдээс гаргуулж байхаар тогтоосон байна. Нэг замын өртөөг хоёр түмт хариуцаж хангах агаад түмтүүд нь өрх бүрдээ хуваарилан татварладаг байлаа.
42 дугаар зурвас: Өртөө бүрийг сар тутам түшмэл ирж шалган бүхий л асуудлыг байцааж буруутныг шийтгэнэ.
Сар бүр шалгана гэдэг уг асуудлыг хичнээн их анхаарч байсны илэрхийлэл. Хязгааргүй уудам монголын их гүрэнд зам харилцаа өртөө улаа үнэхээр чухал байжээ.
Олон янзын сүсэг бишрэл, шашин шүтлэг бүхий янз бүрийн үндэстэн, олон хэлний ард олонтой дэлхийн их гүрэн улсад шашин шүтлэгийн асуудлыг хуулиар зохицуулахгүй бол болохгүй байлаа.
43 дугаар зурвас: Аливаа шашин болон түүнийг шүтэгчдийг онцгойлон үзэж бусдаасаа дээгүүр тавихгүй, басхүү хавчин дарамтлахгүй бөгөөөд харин шашин бүрийн төлөөлөгчид шүтэн бишрэгчид эзэнт гүрний өмнө адилхан үүрэг хүлээнэ гэсэн алсын хараатай ухаалаг заалт юм.
44 дүгээр зурвас: “Чингис хаан Чингисийн монголчууд мөнх тэнгэрийг шүтдэг байсан агаад бусад ямарваа шашныг дээр буюу доор үл үзнэ. Мөн ямарваа шашинтнууд Чингис хааны зарлигийг үл зөрчинө.
45 дугаар зурвас: “Аль ч шашны хэргэм мяндагтан, шавь нарыг алба, гувчуураас онцгойлон хэлтрүүлнэ.
Сүм хийд, шашны санваартнууд нь ард олны оюун санаа, боловсрол мэдлэгийн талаар тодорхой үүрэг гүйцэтгэж төрийн өмнө зохих үүрэг хүлээдэг учир аливаа албан татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ өнөөгийнх шиг төр шашин хоёр бие биедээ хамаагүй гэсэн уриатай байж үл зохино. Ер нь төрд хамаагүй юу байх билээ.
Төр, нийгмийн үндэс бол өрх гэр, айл орон байдаг болохоор гэр бүл, эр эмийн асуудлыг төрөөс зохицуулах нь нийгмийн ёс журам, ариун нандин орчинг бүрдүүлж, үе үеийн залгамж халааг хангах, нөхөн үржилтийн асуудлыг зохистой болгох зөв эрүүл саруул байдлыг төлөвшүүлэх ач холбогдолтой учир ургийн хуулийг бий болгожээ.
46 дугаар зурвас: “Эр хүн санааны зоргоор олон эхнэр авч болно. Анхны гэргий нь эрхэм хүндтэй онцгой эрхтэй байх агаад энэхүү эрх нь түүний үр хүүхдүүдэд ч бас хамаарна. -
Судлаач Ганаа: Шарын шашны институтийн хямрал ба Монгол
Монголчуудын олонхи Шарын шашин, Далай лам болон Богдын институтын түүхийг их бага хэмжээгээр гадарлах учраас авч үзэх хязгаарыг 1990-ээд оноос эхэлье. Үнэхээр ч 1990-ээд оноос шарын шашныг тойрсон геополитикийн хүчтэй зөрчил эхэлж, МУ түүнд татагдан орсон нь хөдөлшгүй баримт юм.
Даяар зөрчлийн эхлэл
1990.01.01. Энэтхэг Улс Бакула ринбүүчийг МУ-д суух элчин сайдаар томилов. Хэсэг хугацаанд Бакула Монголд байгаа цорын ганц хутагт болов. Тэр ирэх үедээ 73 настай байсан ба түүнийг таалал төгссөний хойно Монголд хойд дүр нь тодорно гэж олон хүн таамаглаж байв.
1991 оноос. АНУ-ын Ерөнхийлөгч нар Далай ламтай албан ба албан бусаар байнга уулзах болов.
1991 он. АНУ-ын Конгресс: “Түвд бол олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу булаан эзлэгдсэн орон бөгөөд түүний жинхэнэ төлөөлөгч нь Далай лам, Түвдийн ЗГ мөн” гэсэн тогтоол гаргасан ба үүнийг Ерөнхийлөгч Ж.Буш дэмжив.
1991 оноос. Хятадын ЗГ шарын шашны талаар “эх оронч хүмүүжлийн” бодлого явуулж эхэлсэн ба лам нар “XIY Далай ламаас татгалзаж, улс төрийн сэдвүүдийг судлах” үүрэгтэй болов. Түүнчлэн Түвдийн мөргөлчдийг Непал, Энэтхэг рүү мөргөл үйлдэхийг зарим талаар хааж, буддын том лам нарт паспорт олгохоос татгалзах болов.
1993 он. Москвад Түвдийн Соёл мэдээллийн Төвийг нээсэн ба энэ нь ОХУ-д байгаа Далай ламын төлөөлөгчийн газар мэт ойлгогдох болов.
Дээрх цөөн жишээ шарын шашин тойрсон геополитикийн тэмцэл өрсөлдөөн Хятад, АНУ-ын хооронд эхэлснийг хангалттай нотолно. Энэтхэг, ОХУ хоёр, мөн Япон, Солонгос ч гэсэн эл асуудалд онцгой идэвхитэй биш ч гэсэн дам байдлаар оролцож эхлэв.
Энэ зөрчилд МУ өөрийн түүх, соёл, шашин уламжлалаараа хүссэн ч, эс хүссэн ч татагдан орох хувь заяатай байлаа. Энэ үеэс эхлэн МУ шарын шашинтай холбоотой ямар ч асуудлаар Хятад, АНУ болон бусад улсын дунд ацан сонголт (дилемма) хийх “мөнхийн зовлонтой” учрав.
Монголд шарын шашны дахин сэргэлт
1990 онд МУ ардчилал, зах зээлд шилжин орохын хамт түүхэн уламжлалаа сэргээх их хөдөлгөөн өрнөв. Манай түүхэн уламжлалаа сэргээх хөдөлгөөн: 1. Эзэн Чингисийнхээ нэр төр, их гүрний түүх, уламжлалыг сэргээх, 2. Хавчигдаж шахагдсан Шарын шашныхаа уламжлалыг сэргээх гэсэн 2 том чиглэлтэй байсан ба энэ удаад Чингисийн үзлийн сэргэлтийг авч үзэхгүй.
1991.09.20. XIY Далай лам ”бусдын хүсэлтийн дагуу” Соном Даргэг YIII Богдын хувилгаан дүр гэдгийг батламжлав. “Бусдын хүсэлт” гэдэг нь монголчуудынх гэдэг нь ойлгомжтой.
1991.11.29. Зохиолчдын Эвлэлийн дэд дарга Ж. Бямба, МАН-ын дарга Баасан лам нар Шинэ Дели хотноо Далай ламтай уулзан IX Богдыг сураглаж, Монголд урих хүсэлтэйгээ илэрхийлэв.
Гэтэл тэр дороо л эсрэг талууд бий болов.
1992.03 сар. Монголын дээд зиндааны нэг улс төрч Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Монголын иргэдээс Жавзандамбыг урьсан янз бүрийн урилгаас цэрвэж буй бөгөөд үүний цаана улс төрийн далд санаа байж болзошгүй. Бээжин үүнд илтэд дургүйцэж хариу барих вий гэдгээс Монголын албаны хүмүүс зовниж байна” гэж мэдэгдэв.
1993.05.01. Монголын зарим уран бүтээлч, сэхээтнүүд, түүний дотор YIII Жавзандамбын өргөмөл хүү Улаанбаатарт Богдын санг үүсгэн байгуулав.
Ингээд Шашнаа сэргээн мандуулах хөдөлгөөн эрч хүчээ авав. Гэсэн хэдий ч асар удалгүй зорилго чиглэл нь өөр өөр хэд хэдэн бүлэгт хуваагдан өрсөлдөн тэмцэлдэх болсонд гадны нөлөө орсон нь эргэлзээгүй. Энэ нь удалгүй 1996, 1999 оны үйл явдлуудаар батлагдсан юм.
Монголын төр арчаагаа алдав
1996.09.11. Монголын Сүсэгтний Холбооноос: ”Сүсэгтэн олон, сүм, хийд болон Монголын шашны байгууллагуудын хүсэлтээр” IX Богд энэ 10-р сард Монголд морилон ирэх болсныг “ЗГМ” сониноор зарлав. Хэрэв IX Богд Монголд заларч Мигжид Жанрайсигийг шүншиглэх ёслолд оролцвол их том бэлэгдэл болох ба Богдын институтыг сэргээх эхний алхам болох учиртай байв.
Хэдийгээр ил биш ч гэсэн Барууныхан үүнийг идэвхтэй дэмжсэн, Хятадын тал дургүйцэж шахалт үзүүлсэн нь тодорхой. Энэ нь М.Энхсайханы эвслийн ЗГ “IX Богдын хувьд хувилгаан тодруулсан дэглэм тодорхойгүй” шалтгаанаар виз олгохоос татгалзаж, “толгойныхоо өвчнөөс” салав.
1997 он. Энэ явдлын дараа АНУ-ын Төрийн департаментад Түвдийн асуудлыг хариуцсан тусгай зохицуулагчийн (координатор) албан тушаал бий болгов.
1998.02 сар. Чойжамц хамба: “Монголд X Богдыг тодруулахын тулд IX Богдыг хүлээн зөвшөөрч Монголд оруулах нь тун чухал” гэж хэлэв. Ийм шаардлагыг шашны болон ТББ-ууд олон удаа шаардаж байв. Мэдээж цаана нь улс төрийн тодорхой хүчнүүд байсан.
Монгол алх дөшинд хавчуулав
МУ 1999.07.15-18-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Зян Зэминий төрийн айлчлалд бэлтгэж байтал 1999.07.13-нд IX Богд жуулчны визээр Монголд орж ирэв. IX Богд Москва дахь консулын ажилтан Б. Энхбаяр, Халимаг дахь консул Ш.Будбаяр нараас 2 виз авсан байлаа. Энэ нь яах аргагүй монгол төрийн албан ёсны зөвшөөрөл мөн юм. Тэрээр өөрийгөө Энэтхэгт цагаачлан амьдарч буй Жампил Намжил гэгч бөгөөд нутаг нэгт Чойжил-Юндэнг дагуулан явж байгаа гэж танилцуулжээ. Мөн МУ-ын иргэн Л.Баясгалан, Чимгээ нарын хувийн урилгыг үзүүлжээ.
IX Богдыг Монголд орж ирмэгц манай ГХЯ-ны ажилтнууд Монголоос гарч явахыг шаардав. Зян Зэминь, IX Богд нарын айлчлал давхцсаныг “санамсаргүй тохиолдол” гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ингээд асуудлыг зохицуулахчаа аядаж “Зян Зэминийг Монголд байх үеэр олны өмнө гарахгүй” гэдгийг IX Богдоор өөрөөр нь “хэлүүлэв”.
1999.08.05. IX Богд Эрдэнэ-Зуу хийдэд хүрэлцэн ирэхэд Мэндбаяр, Нацагдорж, Дамбажав болон 17 хийдийн лам нар “Бурхны шашны Чуулган” зохион байгуулж, 68-тай Жамбалнамдолчойжижалцанг ”Халхын цагийг эзэлсэн Богд Гэгээн IX Жавзандамба хутагт” хэмээн өргөмжилж Монголын шарын шашны тэргүүнээр тодруулав.
1999.08 сар. Гандан хийдийн хамба, Далай ламын цагаач Засгийн газар, МУ-ын Засгийн газрын хооронд нааш цааш бичиг захидал чулуудалцаж эхлэв. Монголын ЗГ “визийн хугацаа дууссан”, ”дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэх “тайлбар” хийж IX Богдыг эгүүлэн татахыг Далай ламаас дахин дахин “шаардав”.
1999.08.16. IX Богд хэвлэлийн бага хурал хийж ”Миний айлчлал ямар ч улс төрийн зорилго агуулаагүй…” гэж мэдэгдэв.
1999.08.23. Чойжамц хамба Далай ламд ”IX Богдын манай улсад эзлэх шашны статусын тухай албан ёсны тогтоол шийдвэрийг хүлээж байгаа учраас түүний буцахыг хойшлуулсан” гэж тайлбарлав.
1999.09.17. IX Богд ОХУ-аар дамжин нутаг буцав. Энэ үеэр IX Богд дараа жилээс Монголд ирж бүрмөсөн суух санаатай тухай мэдээ зарим хэвлэлд гарав.
1999.10.28. Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүүчий энэ оны 12 сард Монголоос бүрмөсөн нутагтаа буцах болсон тухай ӨС сонин мэдээлэв. ”Монголд ясаа тавина” гэж байн байн ярьдаг хүндэт хүн гэнэт нутаг буцах болсон нь тун хачирхалтай.
Ийнхүү эрхэм дээд Богд жуулчны шугамаар Монголын ЗГ-ын консулын зөвшөөрлөөр ирж Монголын шарын шашны тэргүүнээр тодров. Тэгсэн атлаа Монголоос бараг хөөгдөж гарав.
Монголын төр засаг арчаагаа бүрэн алдаж, энэ асуудлаар ямар ч шийдвэр гаргах чадваргүйгээ тов тодорхой харуулав. Хамгийн зэвүүн нь монголын төр 2 хуваагдаж IX Богдыг улс төр-шашны нэг бүлэг нь дур мэдэн урьж, нэг бүлэг нь хөөсөн явдал МУ-ыг дэлхийн шившиг болгов.Том гүрнүүд чангалж эхлэв.
2000 он. Энэ үеэс эхлэн АНУ-ын ЗГ Түвдийн сан, Түвдийн мэдээллийн сан, Түвдийг дэмжих олон улсын кампанийг санхүүжүүлж эхлэв.
2002 он. АНУ “Түвд дэх улс төрийн тухай хууль” гаргаж, Түвдийн өөрийн ахуйг хадгалах, яриа хэлэлцээр өрнүүлэхэд оролцоно гэдгээ тунхаглав.
2004 он. ОХУ Далай ламыг Халимагт очуулсанд Хятад ихэд дургүйцсэн тул ОХУ-ын XIY Далай ламд цаашид виз олгохоо болив. Хятад “жижиг” Монголыг байтугай “том” Оросыг хүртэл шахаж “айлгаж” байгааг бид харж байна.
2007 он. Хятад “Хойт дүр тодруулах (реинкарнаци) тухай хууль” гаргав. Энэ хуулиар шарын шашны хутагт хувилгаадыг тодруулах, монголчуудын ярьдгаар “алтан бумбаар шодох” үйлийг Хятадын ЗГ мэдэж зохицуулахаар болгов.
2009 оноос АНУ-ын албан баримтуудад Түвд дэх шашин, Далай лам, хүний эрхийн асуудлыг байнга сөхөн тавих болов.
2012 он Ерөнхийлөгч Б.Обама: “АНУ өөрийн соёлыг хамгаалахын төлөө Түвдийн ард түмний тэмцлийг Хятадын дотоодод ч, хилийн чанадад ч бүхэлд нь дэмжинэ” гэж мэдэгдэв.
IX Богдын хойт дүрийг тодруулах улс төр-шашны тэмцэл
2011.11.02. Өмнөх сард Монголд заларсан Х.Богдыг Монголын Бурхны шашны сэнтийд залах ёслол болов.
2012.01.24. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдод “Монголын Буддын шашинтны тэргүүлэгч” гэсэн албан ёсны төрийн батламж олгов.
2012.03.01. IX Богд насан эцэслэж, мөнх бусыг үзүүлэв. Ер нь бол IX Богдыг “хурдан үхээсэй” гэж нэлээд улс төрч бодож байсан баримт бий.
2012.03 сар. IX Богдын хойт дүрийг тодруулах комисс байгуулав. Энэ комиссын бүрэлдэхүүн маш нууцлаг хэдий ч Гандан хийдийн нөлөө бүхий 6 ламаас гадна бүлэглэлүүдийн дээд мяндагтнууд оролцов. Монголын улс төр-шашны бүлэглэлүүд “өөр өөрийн” Богдыг бэлтгэж эхэлсэн ба энэ тоо 4 хүрч байлаа…
Монголын Шарын шашны бүлэглэлүүд
Жирийн хүмүүс монголын шашны бүлэглэлүүдийг сайн мэддэггүй. Монголын дээд лам нар хэд хэдэн том бүлэглэлд хуваагдах бөгөөд эдгээрийн тэмцэл өрсөлдөөн маш нууц байхын хамт улс төрийн том бүлэглэлүүдтэй ихээхэн нягт бөгөөд далд холбоотой.
Монголын лам нарын бүлэглэлийг эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Жи: ОУ-ын харилцааны Хүрээлэнгийн ЭШАА, доктор Д.Базардорж: 1. Доржшүгдэн сахиусны, 2. Далай ламын, 3. Банчин Эрдэнийн гэсэн 3 бүлэглэлд хуваажээ. Харин судлаач Ө.Гонгор: 1. Гүрдаваа Ренбүүчийн, 2. Ажа Гэгээний, 3. Гандан болон Дарамсалагийн, 4. Бусад буюу Монгол бүлэглэл гэж ангилдаг.
Мөн Богдын институтын түүхийн талаар МУҮИС-ийн багш, германы иргэн Удо Баркман багш монголчуудаас илүү сайтар судалж хэд хэдэн өгүүлэл бичсэн боловч түүний тоож уншдаг улс төрч сэхээтэн Монголд бараг байсангүй. Эрдэмтдийнхээ үгийг тоохоо байхаар эхлээд улс төр-шашны бүлэглэлийн, улмаар олонхи сэхээтний “тархи хамуурдаг” зүй тогтолтой.
Дан ганц лам нарын бүлэглэлүүд өрсөлдөн тэмцэлдэж байгаа гэж үзэх нь маш буруу. Лам нарын цаана улс төр-бизнесийн том бүлэглэлүүд байдаг ба би үүнийг нийлүүлээд “улс төр-шашны бүлэглэл” гэж нэрлэж байгаа юм. Бас үүний цаана Хятад, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг улсуудын оролцоо, нөлөө байгаа нь ямар ч эргэлзээгүй.
Энэ бүхэн холилдоод ирэхээрээ геополитикийн, улс хоорондын, улсын дотоод дахь улс төр-шашны бүлэглэлүүдийн, хувь хүний гэсэн олон түвшний зөрчил тэмцлийн бантан болж хувирдаг ба үүний учрыг олдог хүн Монголын төр, шашинд л лав байхгүй.
Ахиад л будлиан хутгав.
2016 онд Монголд хийсэн XIY Далай ламын айлчлал дэлхий дахинд болон Монголд их будлиан тарьж, монголын төр засаг шившгээ хутгасан юм. Үүнийг хронологийн дарааллаар товч авч үзье:
2016.10 сар. XIY Далай лам Монголд ирэх тухай мэдсэн Хятадын ЗГ: “Дурын оронд, дурын шалтгаар, дурын хэлбэрээр явуулж буй Далай ламын хятадын эсрэг салан тусгаарлах идэвхийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэж сануулав.
Хэд хоногийн дараа “Хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэх өргөн хэтийн төлөвийг сайтар санаж, энэ талаар өгсөн амлалтаа биелүүлэхийг бид Монголоос хатуу шаардаж байна. Далай ламын ирэхийг зөвшөөрч болохгүй. Түүнтэй хамтран ажиллаж, Далай ламын салан тусгаарлах гэмт бүлгийг дэмжиж болохгүй” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Генг Шуань мэдэгдэв. Үүнийг Монголын эрх баригчид үл ойшоожээ.
2016.11.18-23. XIY Далай-лам Монголд зочлов. Ирсэн зорилго нь X Богдыг тодруулах явдал байв.
Хятад үүнд уурсаж монголын уул уурхайн бүтээгдэхүүний татварыг нэмж, Монгол өгөхөөр тохирсон 4,2 тэрбум ам.долларын зээлээ царцааж, агаарын болон төмөр замыг зогсоож, хилээ хаав. Далай ламыг Монголд айчлах бүр ийм явдал болдог байв. Жи: 2002 онд Хятад хилээ хаасан, 2006 онд нислэг зогсоож, татвар нэмсэн.
2016.12.22. Монголын ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадад очиж аргадав. Арай л өвдөг сөгдөн уйлахын наагуур болов. Тэрээр “Гандан хийдийн урилгаар XIY Далай лам Монголд айлчилсан нь бидний харилцаанд сөргөөр нөлөөлж, үүний улмаас үл ойлголцол үүсээд байна. Манай ЗГ үүнд харамсаж байна. Өнөөгийн ЗГ эрх барьж байхад Далай Лам Монголд ахин айлчлахгүй гэж бодож байна” гэж мэдэгдэв.
Ийм арчаагүй, хөгийн, үхээнц байж шашны талаарх “төрийн бодлоготой”, “төрийн нууцтай” гэж ярихаасаа ичих хэрэгтэй л дээ…
Х Богдыг тодруулах тэмцэл
2017.08.03. Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын шашны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдов. Ийнхүү Ц.Хулан дотоодын хувь хүмүүс, улс төр-шашны бүлэглэлүүдийн тэмцлээс эхлээд гадаадын геополитикийн сөргөлдөөн хүртэлх аварга том бөгөөд өршөөл энэрэлгүй том зөрчил тэмцлийн дунд оров.
2019.11.20. Ц.Хулан XIY Далай ламд Х Богдыг тодруулах талаар Монголд болж буй зөрчил будлианыг илчилсэн захидал илгээв. Захидлын агуулгаас үзэхэд X Богдыг тодруулах асуудал 2019 онд нэгэнт шийдэгдсэн байжээ. Түүнээс өмнө ч “шийдэгдсэн” байх өндөр магадлалтай. Нөхцөл байдал ийм атал Ц.Хулангийн Х Богдыг “жирийн ард олны дундаас” олж сонгох санал хүүхдийн гэмээр гэнэн мөрөөдөл байсан юм.
2020.12.08. АНУ-ын сенат “Түвдийн бодлого хийгээд түүнийг дэмжих тухай” хууль гаргаж, түвдийн ард түмний автономит эрхийг хүлээн зөвшөөрөв.
2020.05 сар. Ц.Хулан 2020 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших үедээ “Улстөрч.мн” сайтад ярилцлага өгснийг утгачлан товчилж сийрүүлье:
“Шашны эрх чөлөөний хуулийн анхны хэлэлцүүлэг 2018.10 сард болсон. Орчуулга шиг байхаар нь мөшгөөд сурвалжлаад үзэхэд энэ хууль гадаадаас 100 хувь захиалгатай нь тогтоогдсон. Энэ хуулийн англи хэл дээрхи анхны эх Ц.Нямдорж гарын үсэг зурахад бэлэн болчихсон байсныг “ГХЯ-ны” албан тушаалтны өрөөнөөс би олсон. Тэгэхээр манай хуульчид гаднаас захиалгаар хууль оруулж ирдэг юм байна. Ийм их ач холбогдолтой хуулийг намууд хоорондоо наймаалцаж байна шүү гээд баримтаа З.Энхболдод өгсөн. Тэгтэл 7 хоногийн дараа намайг дуудаад:”Чиний соёл, шашны гэдэг тодотголоос шашны гэдэг үгийг хасмаар байна. Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөх байх нь учир утгагүй юм байна” гэж хэлсэн…Бид нар чинь (би ?!) өөрөө амьд явмаар байна ш дээ…”
2021.03 сар. Байдены засаг захиргаа: “Далай Ламын хойт дүрийг тодруулахад Хятадын ЗГ ямар ч үүрэг гүйцэтгэх ёсгүй” гэж мэдэгдэв.
2023.01.19. Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ баривчлан хорив.
2023.03.08. Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам 8 настай монгол хүүг Халхын шашны тэргүүн, Х Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх ёслол үйлдэв. Богдын дараагийн дүрийг түрүүчийн Богд нас барснаас хойш 5 жилийн дараа тодруулах ёстой боловч 11 жилийн дараа тодруулав.
Өмнө нь олон заваан явдал болсон хэдий ч энэ бол яах аргагүй манай дотоод асуудал бөгөөд Монгол Богдтой болсон нь нэг том ахиц юм. Иймээс одоо энэ асуудлаар хэрүүл хийж, хэл ам татлах ямар ч шаардлагагүй.
Шарын шашны институтын хямрал
Алтан хан 1577 онд лам Содномжамцад “Далай лам” цол олгосноос эхлэн тоолбол Далай ламын институт одоо болтол үргэлжлэн 2023 онд 446 жил болж байна. Далай ламын институт бий болж төлөвшихөд монголчууд ихээхэн ач тус үзүүлсэн нь эргэлзээгүй.
Гэлэгва ёсонд Далай ламын дараа орох эрэмбэтэй Банчин богдын дэд институт нэлээд эртнээс улбаатай. Ойролцоогоор энэ үед бүрэлдэн тогтож, одоо 1995 онд Хятадуудын тодруулсан ХI Банчин Богд Гялцан Норов дээр үргэлжилж байна.
1640 онд Занабазарыг Монголын Анхдугаар Богд Жавзандамба гэж өргөмжилснөөс эхлэн тооцвол Богдын дэд институт 383 жил оршин байгаад түүхэн тодорхой шалтгаанаар 1924 онд тасалджээ.
Харилцан нягт уялдаа холбоо бүхий 3 тэргүүнтэй шарын шашны институт 400 гаруй жил “амар тайван” оршин тогтножээ. Яагаад гэвэл тэр үед Монгол, Түвд, Хятад гурвуулаа Манжийн мэдэлд байсан ба ганцхан Чин гүрний хуулийн дагуу шашны 3 тэргүүний хойт дүрийг тодруулж, энэ “ажилд” элдвийн хэл ам бараг гардаггүй байсныг би “амар тайван” гэж нэрлэж байна.
Гэтэл холоос яривал 1911 оноос, ойроос яривал 1990 оноос шарын шашны орчин нөхцөл эрс өөрчлөгдөв.
Маш бүдүүн тоймоор: Монгол: ганцхан Богдтой, Хятад: Түвд, Банчин Богд хоёртой боловч Далай ламгүй, АНУ: ганцхан Далай ламтай байгаа гэж зүйрлэж болно.
Шинэ зууны шинэ нөхцөл байдалд шарын шашны асуудлыг уламжлалт хуучин аргаар шийдвэрлэх боломж энэ асуудалд холбогдон буй том жижиг аль ч улсад байхгүй нь тодорхой. Гэхдээ одоохондоо шинэ аргыг хэн ч олоогүй байна…
Манай шарын шашны институт гүн гүнзгий хямралын байдалд оржээ. Энэ үгэнд цочирдох хэрэггүй. Учир нь шашин сөнөнө гэж хэзээ ч байдаггүй, харин үе үе хямралд ордгийг дэлхийн шашны түүх гэрчилнэ. Манай Зонхавийн шашин ч гэсэн тухайн цагтаа гүнзгий хямралд орсон буддын шашны согог гажуудлыг эсэргүүцэн төрж, маш их тэмцэл, дайн дажин туулж шашны том институт болон тогтсон. Шашин хямарсан тохиолдолд шашны реформ хийж гардаг. Харин шашны реформыг шашны институтын түвшинд сэтгэж, зөвхөн шинжлэх ухаанд тулгуурлаж байж хийж болно.
Үүнийг маш олон хүн олон жилийн турш ярьж байгаа ч хийсэн ажил оргүй шахам. Манайхан шашны тэргүүн хувь хүмүүс хийгээд шашны институтын ялгааг огт мэддэггүй. Эдгээр нь нягт уялдаатай боловч өөр өөр ойлголтууд. Шашны институт гэдэг нь шашны тэргүүн нарын удирдлага зохицуулалтаар ажилладаг шашны олон урсгал, олон мянган сүм хийд, хэдэн сая лам, сүсэгтэн олны харилцан үйлдэх харьцангуй бие даасан тогтолцоо (систем), түүний механизм юм. Энэ ялгааг ухаж ойлголгүйгээр шашны талаар “төрийн бодлого” явуулна гэж дайрах нь тэнэг хэрэг.
Манайхны өөр нэг том эндүүрэл нь “шашныг сэргээн мандуулна” гэдгийг YIII Богдын үеийнх шиг асар их эрх мэдэл, хүч нөлөөтэй болгох гэсэн хүсэл юм. Одоо бол яаж ч хичээгээд ингэх боломж байхгүй, учир нь дэлхийн геополитикийн болон МУ-ын хөгжлийн төлөв байдал, чиглэл, хандлага шал өөр болсон.
Х Богдыг залснаар шашны бүх асуудлаа шийдчихсэн бодож байвал тун их эндүүрэл. Харин ч даяар зөрчилт үйл явц одоо л дөнгөж эхэлж байна.
Би сургаар таамаглах дургүй. Гэхдээ илт тодорхой зүй тогтлыг хэлэх нь судлаач миний үүрэг юм.
1935 онд төрсөн XIY Далай лам эдүгээ 88 настай. Далай багш удахгүй жанч халах нь хэн бүхэнд ойлгомжтой. Өөрөө ч гэсэн хойт дүрийнхээ талаар хэд хэдэн удаа дурдсан. Энэ тохиолдолд Далай ламын дараагийн дүрийг тодруулах явдал олон улсын хурц өрсөлдөөний талбар болох нь гарцаагүй. Далай ламын хойт дүр “онолын” хувьд Түвд буюу Хятад, Монгол, Энэтхэгээс тодрох өндөр магадлалтай. Гэхдээ Далай лам өөрөө: “Би хаана ч, тэр ч байтугай эмэгтэй хүн болон төрж ч магадгүй” гэснийг харгалзвал уг асуудал маш хүнд болж таарна. Ямар ч гэсэн МУ энэ маргаанд татагдан орох нь гарцаагүй. Энэ нь Монголын хувьд нэлээд таагүй сорилт болох нь мэдээж…
Иймд одооноос эхлээд шашны талаар баримтлах төрийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд манай төрд шашны бодлого огт байгаагүйг 30 жилийн “ичмээр адал явдал”, “тэнэг хошин шогийг” өгүүлсэн энэ бичвэр хангалттай нотолно. Нэгэнт төрийн бодлого байхгүй тохиолдолд “төрийн нууц” гэж байхгүй. “Ямар нэг нууц” байж болох ч тэр нь “дараагийн дүр” тодруулахтай холбогдсон ач холбогдол багатай, хуйвалдааны шинжтэй “жижиг сажиг юм” байгааг тааж ядах юмгүй. Дашрамд Тагнуулын газар цаашид шашны асуудалд хутгалдан оролцохоо болих хэрэгтэй, энэ чинь ичмээр бөгөөд хууль бус зүйл…
Харин одоо бол Ц.Хуланг шашны талаар дахиж ганц ч үг дуугарахгүй гэсэн ам өчгийг нь аваад сулласан нь дээр гэдгийг би зориуд сануулж байна. Судлаач би хэчнээн дургүй хүрч байсан ч шашны нэрээр өрсөлдөж, тэмцэлдсэн бүх бузар булайг нарийвчлан дэлгэж, нэр бүхий хүмүүс болон Монгол Улсаа дэлхийн шившиг болгомооргүй байна. Өөрөө дотроо тэмцэлдэн хямарч, гадаад дотоодод ноцтой будлиан тарихгүй бол шашны асуудалтай зууралдах өчүүхэн ч хүсэл надад алга…
Х Богдоо залчихлаа, одоо болоо юм биш үү ?! Ц.Хуланг суллачихад хэн хохирох гээд байгаа юм ?! Харин шашны талаарх төрийн бодлогоо боловсруулах ажилдаа бушуухан орж үз. Том гүрнүүдийн зөрчлийн галыг дуудан авчирч өөртөө лай хураах хэрэггүй л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Sonin.mn agency -
БӨӨ МӨРГӨЛ БОЛ МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШИН БОЛОХ НЬ
Мөнх тэнгэрийн номлол сургаал бол манай монголчуудын дэлхийг байлдан дагуулж нэгэн тэнгэр дор нэгтгэх тэр их хүчирхэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл хамаарал нь болж ирсэн юм.
Тиймээс “МНТ”-ны нууц бол Чингис хааны тэнгэрлиг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон явдал эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа. Өнөөдрийн монголчууд удам угсаа уг гарлаа мэдэж, түүнийгээ залгамжлан, Их Монгол улсынхаа гал голомтыг бадрааж, монгол үндэстэн оршин тогтнох, мөнх тэнгэрийн үзэл номлолын хүчинд хөгжин цэцэглэж байгаа билээ. Энэ номлолоо улам боловсронгуй болгож хүн бүхэн ахуйн хэрэглээ болгох зайлшгүй шаардлага гарч байгаа нь нэн тодорхой бус уу? Үүнийг зөвхөн монголчууд өөрсдийнхөө хүрээнд авч үзэх нь эндүүрэл болой. Харин хямралдан дайтаж байгаа, зовлон шаналалд умбаж байгаа, хэтэрхий жаргалдаа ташууран гэм нүгэлтэн ард түмний энх амгалан, зол жаргалын төлөө энэхүү мөнх тэнгэрийн шашныг хөгжүүлж дэлгэрүүлэх учиртай билээ.
Энэ бол мөнх тэнгэрийн санаа байсан ба монголын их хаадуудын алтан хайрцагны бодлого байсан гэж нэрлэж болох талтай билээ. Үнийг эрдэмтэд системчлэн судласны хүчинд тодорхой амжилтанд хүрсэн байна. Иймээс мөнх тэнгэрийн номлол сургаалыг гүн ухаан, соёл, ёс зүй, зан заншил, нийгэм-улс төр, эрх зүйн хүрээнд товчхон авч үзэхийг хичээсэн болно.
– Бөөгийн шашны философи: ХIII зууны эхэнд монголчууд ертөнцийг 2 хэсэг болгон үздэг байсныг философид дуализм хэмээн нэрлэсэн байдаг. Ж-бэл: манай монголчуудын ойлголтоор эцэг тэнгэр бол ухамсрын шинжтэй, эх газар бол матерын төлөвтэй гэж үздэг байв. Хүн насан эцэслэхийг өөд боллоо гэдэг бол Чингис хааныг МНТ-д “Тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирээд түүндээ буцдаг гэсэн санааг баталгаажуулж байсан жишээ мөн юм аа. Харин махан биеийг газар бүтээж түүндээ буцааж шингээдэг билээ. Чингис хааны мөнх тэнгэрийг ухаарсан явдал бол философийн талаар хийсэн хамгийн том нээлт байсан бөгөөд ертөнц дахиныг нэгэн дээвэр дор захирсан их хааны минь философийн төр, эрх зүйн үндэс болбоос мөнх тэнгэрийн монотеист номлол сургаал болох болой.
– Бөөгийн шашны ёс зүй: Бидний монголчууд эрт дээр үеэсээ хүмүүсийг хайрлан хүндэтгэн энэрэнгүй хүлээцтэй байсан ард түмэн билээ. Энэ нь Эзэн Чингис хааны их засаг хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Бид чинь хулгай дээрэм хийх, бусдыг зэрлэг хэрцгийгээр зодох, эрэмдэг зэрэмдэг болгох, тамлан тарчлаах, тахир дутуу болгох, тоглоом шоглоомоор алан хядах зэрэг бусармаг заваан үйлдлүүдийг хийж байгаагүй их жигшин зэвүүцсээр ирсэн билээ. Хүнийг уучлан өршөөх, туслан дэмжих, хайрлан энэрэх, хүндэтгэн харьцдаг шудрага үнэний зарчмыг гол болгодог байсан. Энэ нь түүхэн сурвалжуудад Их Монгол Улсын нийгмийн эмх цэгц урьд өмнө байгаагүй сайн байсныг өгүүлсэн байдаг. Харин бусармаг булай, зүйл бус янз бүрийн үйлдлүүд огт тэмдэглэгдээгүй үлдсэн нь нэн сонирхолтой байна. Бодит амьдралд ч гэсэн ХIII-р зуунд монголчуудын дэлхий дахиныг өдрийн наран, шөнийн саран мэт соён гэгээрүүлж удирдаж байсан дээд ёс бол мөнх тэнгэрийн ёс зүй байсан юм. Мөнх тэнгэрийн ёс зүйн гол зангилаас болбоос: Гаж буруу зүйлийг гэсгээн цээрлүүлж ертөнц дахинд шудрага ёсыг тогтооход оршино.
– Мөнх тэнгэрийн улс төр – нийгмийн үзэл: ХIII-р зуунд монголчууд:
“Хоёр наран ургаваас худагын ус хатью
Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю”,
“Тэнгэрт гэрэл гэгээ цацруулахын тулд наран саран заяажээ, харин газар дээр 2 хаан яахын байж болох вэ? ”
хэмээн үздэг байсан нь дээрхи ишлэлээс илэрхий байна. Үүнээс үзвэл монголчууд нэгдсэн төртэй, нэгэн удирдагчыг хүсэж байсны илрэл мэдэгдэнэ. Эндээс томъёолвол: Мөнх тэнгэр бол цор ганц эзэн тэнгэр гэсэн бол Чингис хааныг мөнх тэнгэрийн хүчийг олж ертөнц дахинаа илч гэрэл цацруулан гэгээрүүлсэн тэнгэрлиг хөвгүүн буюу тэнгэрийн хүү гэж хэлж болох ажээ. Ийнхүү эзэн хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэндээ уламжлагдсан билээ.
– Мөнх тэнгэрийн шашин болохыг утга соёлын хэд хэдэн асуудлаар авч үзэж болно.
1. Гал бол соёлын эхэн мөн.
Хүмүүн биет галыг олсноор хөгжил дэвшлийнхээ соёлын эхийг олсон билээ. Түүхий мах идэж байхдаа хүн адгууснаас ялгарах юмгүй байсан буй заа. Гал олсноор нөхөр дайснаа ялгаж, болгосон хүнс хэрэглэснээр араатнаас ялгарах ялгаа гарчээ. Монголчууд галыг эрт дээр үеэс дээдлэн шүтэж, ариун сайны эх гэж үздэг байсан. Бүх юм сүлд сүнстэй гэж үздэг билээ.
Эрийн сүлд – малгай бүс
Гэрийн сүлд – гал голомт, морин хуур
Төрийн сүлд – хар цагаан сүлд
ТАЙЛБАР
2. Тамлага, дуудлага, онгодын хэлмэр зэрэг бол АМАН ТҮҮХ-ийн үнэт сурвалж болж байна.
3. Бөөгийн үг хэллэг нь хэвшмэл, заншилтай үг хэллэгтэй язгуурын монгол үгийн сангийн үүсвэр нь болж байдаг. Үг хэллэг нь монголын яруу найргийн арвин их соёл мөн. Үүний нэг жишээ бол Д.Нацагдоржийн “миний нутаг” шүлэг болно.
4. Монгол бөөгийн эд өлгийн түүх архелогийн сурвалжууд нь утга соёлыг агуулсан байна.
5. Утга соёлын судлагдахууны нэг бол хад чулуу, хөшөө дурсгал, агуйн хана туурганаа зурсан сүг зургийн судалгаа юм.
6. Бөөгийн өмсгөл дэх манжгийн уяа зангилаа ба дээсэн бичгийн утга санаа тайлах явдал бас болно.
7. Сэтгэлзүйн ухаан юм
8. Анагаах ухаан юм
9. Одон зурхай, мэрэг төлгийн зүйл.
10. Зан үйл
11. Бөөгийн шашин утга соёл – урлаг мөн юм. Үүний шалгаан нь: Яруу найраг, дуу, хөгжим, бүжиг, бясалгал, бүтээл, бие бялдрын урлаг, хийн урлаг, тохрох хувилах урлаг зэрэг болох талтай.
– Мөнх тэнгэрийн шашин болох нь: Монголчууд мөнх тэнгэрийг ухааран шашны сэтгэлгээнд оруулж ирснээр соёлын хөгжил, оюун санааны төвшинд их ахицтай тал бий болгосон билээ. Энэ шашныг аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цор ганц шүтээн хэмээн дахин шүтэж байсан билээ. Чингис хаан энэ үзэл номлолыг түгээн дэлгэрүүлж чадсанаар дэлхий дахинаа өөрийн гэсэн түүхэн үүргийг маш амжилттай биелүүлж чаджээ. Иймээс мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн монгол үндэстний шашин гэвэл эндүүрэл болно. Будда, Христ, Лалын шашинтай эн зэрэгцэхүйц даяан дэлхийн шашин юм аа. Тухайлбал энэ үзэл өнөөдөр дэлхийн 100-гаруй улс оронд бий болсон байна. Чингис хааны мөнх тэнгэрийн тухай бий болгосон үзэл бол нийгэм-улс төрийн тодорхой үндэстэй учир шашны сэтгэлзүйтэй юм. Энэ нь монголын ард түмний олон мянган жилийн ухамсрыг танин мэдэж хөгжүүлсний үр дүн харагдаж байна.
Дүгнэлт
Монголчууд өрнө, дорнын улс түмний шашин-философитой уралдуулан олон мянган жилийн байлдан дагуулалтынхаа онолын үндэс номлол сургаалиа бий болгож чадсанаар Будда, Христ, Лалын дараа гарч ирсэн дэлхийн хэмжээний 4 дэх монотеист болох юм.
Дараах үндэслэлүүдээр монотеизм гэж үзэж болно.
1. Цор ганц шүтээнийг номлосон.
2. Олон улсад хүч нөлөөгөө тэлсэн
3. Олон зуун жил тасралтгүй уламжлагдан ирснээр нь монголчууд дэлхийд 4 дэх монотеист шашныг үүсгэн байгуулсан хэмээн дүгнэж болно.
“Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу” хэмээх зүйр цэцэн үгийг монголчууд хэлэх дуртай. Иймээс мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугацааны хувьд хожуу учраас бусад шашны алдаа дутагдлыг ялан давж чадсан байна. Тухайлбал:
1. Цаг хугацааны хувьд даяан дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин юм.
2. Газарзүйн байршлын хувьд Төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даяан дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол мөнх тэнгэрийн шашин юм.
3. Угсаатан зүйн хувьд Аричүүд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэсэн ба түүний уламжилсан бол Урал алтайн хэлний үндэстэн, тухайлбал: Монголчууд мөнх тэнгэрийн шашныг үндэслэжээ.
Тиймээс монголчууд өөрийн гэсэн шашин шүтлэгтэй байж чадсан ба уламжлагдан өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн амжилт нь гайхамшигтай юм. Монголчууд МӨНХ ТЭНГЭР-ийг шүтэж амьдарснаар манай гаригын орон зайнд өөрийн гэсэн оюун санаа, сэтгэлгээний байр суурийг эзэлж, мөхөөшгүй, өнөд сэргэн МАНДАХ болно.
Ном зүй:
“Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” Зайран Д.Бямбадорж /2006 он/
“Тэнгэр шүтлэгийн амин судар” Зайран Д.Бямбадорж /2004 он/
“Мөнх тэнгэрийн амин судар” Зайран Д.Бямбадорж /2006 он/
“Бурхан халдун хайрханы тэнгэрийн тахилга, бөөгийн ёс”
Зайран Д.Бямбадорж /2005 он/
“Бурхан халдун хайрханы тахилга, тайллагийн судар”
Зайран Д.Бямбадорж /2005 он/
“Монголын түүх соёлын нэр томъёоны гаргалгаа”
Н.Нагаанбуу /2005 он/
“Монгол бөөгийн шашин” О.Пүрэв /1959 он/
“Чингис хаан судлал” Н.Нагаанбуу /2006 он УБ/
“Хас шинжлэлийн тойм” Х.Энхпүрэв /2005 он/
“Үндэсний монгол судлал” ¹1 /2003 он/
“Мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их засаг хуулийн тайлбар” Н.Ням-Осор /2003 он УБ/
“Central asian shamanism (past and present)
Shamanic cosmology (worldview and mythology)
Shamanism in transition (tradition and innovation)
С.Дулам, Д.Бум-Очир /1999 он УБ/
13. “Новая модель вселенной” П.Д.Успенский /1993 он петербург/
14. “Основын миропонемания новой эпохи” А. И. Клизовский /Москва 2002 он/
15. “Концепций современного естествознания” В.М.Найдыш /Москва 2001 он/
Даариймаа
Zairan Byambadorj
26 November 2017 -
ТУГУХУНЬ Сяньбийн Муюны нэг салаа, эртний монгол хэлт аймаг
Уурлаж хилэгнэсэн Илогуй хүн явуулж ахдаа “эцэг маань биднийг тусдаа байг гэж хувь овог өгсөн, гэтэл та холдож яваагүй учир адуу хэмлэлдэж, биесээ хазлаа” гэж хэлүүлжээ. “Азрага бол өвс идэж ус уудаг амьтан ш дээ. Хавар болсон учир зодолдсон байх. Адгуусын хэргийг юунд хүнд тохно вэ? Салж нүүх нь амархан, маргааш би чамаас холдож түмэн газар алслан нүүсүгэй” хэмээн Тугухунь хариулж, овгоо дагуулан Иньшань уулаар дамжин Хөх нуур хавийн нутагт хүрч очсон гэдэг. 285-289 оны үед ах дүүс муудалцаж Тугухунь холчлон нүүжээ. Нүүх үедээ л Тугухунь кэхань (хаан) цолтой байжээ. Тэр “хаан” цол зүүсэн Сяньбийн анхны толгойлогчдын нэг юм. Тугухунь (吐谷渾, tu-gu-hun) хэмээх үгийг Фан Чжуаню 1930 онд монгол хэлний *toghosun/тогосун буюу “тоосон” гэсэн үг гэж оноосон. Тугухунь овгийн нэрийг тэмдэглэсэн утга үсгийн Хожуу Ханьгийн үеийн дуудлага нь *tho-kok-γun гэсэн хэлбэрээр сэргээгддэг нь Фан Чжуанюгийн тайлбартай төстэй. Л.Базин 1950 онд Тугухунийг *Tuγquγun гэж сэргээгээд Tuγquγun бол *Tuγqu-гийн хувилбар юм, Тугху гэдэг нь “тугчид” гэсэн утгатай зүйл хэлжээ. Тус нэрийг хэзээ овгийн нэр болгосон тухай хятад сурвалжид дараах мэдээ үлджээ. Түүнд Хөх нуур хүрсэн муюн нарын салаа овгийн хүмүүс Тугухунь нэрийг Тугухуний ач Еянь-ий үед өөрийн овгийн нэр болгосон гэж өгүүлдэг.
Эртний хятад сурвалжийн мэдээ баримт Муюн аймгаас Тугухунь аймаг салбарлаж гарсаныг баталж байна.
Тугухуний дээд өвөг Тугухунь 72 насыг зооглож, жараад хүүхэдтэй байсан гэдэг. Түүний эцэг нэгтэй дүү Муюн Илогуй 333 онд 65 настайдаа өөд болсон. Үүнээс үзвэл Тугухунь III зууны жараад оны үед төрж IV зууны гучаад оны үед нас баржээ. Олон хүүхэдтэй тул Тугухунь аймаг хожмоо өсч үржин олон овогтой болсон нь тодорхой. Тугухуний 5-р үеийн Шилянь, 6-р үеийн Шулогань нар хаан байсан төдийгүй тэдний нэртэй овог байжээ. Мөн Гухунь, Пилоу, Ифу, Дугухунь зэрэг хүн ам олонтой овог, аймгууд Тугухуньд багтаж байв.
285 онд Мужуны хаан болсон Мужун Гуй ахтайгаа муудалцаж хөөж явуулсандаа их гэмшиж, ахаа санагалзан “ахын дуу”-г (агань жи гэ) зохиосон гэдэг. Нэгэн сурвалжид сяньби хэлээр ахыг “агань” гэдэг, Тугухунь ахаа санасан Мужун Гуй “ахын дуу”-г зохион, насан өтөл болсон хойноо ихэд гуниглан, энэ дууг байн байн дуулдаг байсан гэж тэмдэглэжээ. Энэхүү “агань” бол “ах-а” гэсэн монгол үг. Тугухуний үндэслэн байгуулсан Тогон улс 426 оны орчим үхсэн Ачайн үед газар нутгаа тэлж эхэлжээ. Тэр хөрш Түвэд, Ди нарын зарим нутгийг эзэлжээ. Гэвч Тогон улс Сяньбийн Табгач аймгийн Вэй улс дайсагнасан харилцаатай байсан тул үе үе тэдний зэвсгийн амтыг мэдэрдэг байжээ. Эртний хятад сурвалжид өгүүлснээр Вэй улс 445, 450, 460, 470, 491 онд Тогон улсыг их цэргийн хүчээр довтолж байжээ. 532 онд Вэй улсын Ши Нин гэгч Тугухунийг ихэд дайлж байсан байна. VI зууны дунд үеэс Тогон улсыг хүчирхэгжиж эхэлсэн Түрэг улс үе үе довтлох болов. 555 онд Баруун Вэйгийн Лянчжоу мужийн захирагч Ши Нин Түрэгийн Мухань хаантай нэгдэж гэнэт Тугухуний Куалюй хааныг довтолж хүчтэй цохьжээ. VII зууны эхээр Тугухуний Фуюнь хааны үед хятадын Суй улс өндөр тэрэгтэн аймгуудыг хатгаж Тугухунийг довтолжээ. Суй улсын Янди хаан ч өөрөө цэрэглэж Тогоныг дайлж байв. 635 онд Тангийн цэрэг, Түрэг, Циби аймгийн цэрэгтэй хамтарч Тугухунийг дайлж хүчийг нь ихэд сулруулахын зэрэгцээ Тугухунь Түвэд хоёрыг эвдэрцүүлжээ. Тэд бие биеэ байнга довтлох болов. Улмаар түвэдүүд 663 онд Тогон улсыг мөхөөжээ. Тогоны сүүлчийн хаан Мага Тогон Түвэдийн их сайдаас дээгүүр дээгүүр хэргэм хүртэж язгууртны зэрэгт багтжээ. (Б.Батсүрэн) -
ХОЛХИОС САРАВЧЛАН СУУХ ХАЛИМАГ ТҮМЭН
хөлбөмбөгийн тамирчин Юрий Жоркаев нарын зэрэг алдартнууд төрөн гарчээ. Пролетарийн их удирдагч хэмээх В.И.Лениний эмэг эх халимаг эмэгтэй байсан ч гэдэг.
Халимаг түмэн хэдэн зууны тэртээ эх Монгол нутгаасаа алслан нүүсэн ч Монголоо гэх сэтгэлээ алдсангүй, Жангарын туулиа тасалсангүй, товшуур хөгжмөө тавьсангүй, хөхүүр суулгаа хагсаасангүй, бурхны шашнаасаа буруулсангүй.
Халимагийн нийслэл Элстэйд хөл тавихад Монголынхоо нэг аймагт яваад очсон шиг л санагдана. Манай нэг аймгийн төвийн хэртэй дээ, Элстэй хот. Өчнөөн удаан нүүж зовж зүдэрсний хойно бууж төвхнөсөн газрыг нь ээ. Яльгүй элсэрхэг хөндий, явган зэрэглээ бэлээр нь бэдэрлэсэн эрэвгэр сэрэвгэр уул толгод. Яг л Монголын хээр тал мөн дөө. Нутгийн нүдийг олж агт морьдын эмээл хуулж, атан тэмээдийн тэгнээ буулгаж, шар үхрийн буулга мулталж, ханаа дугуйлж тооноо өргөхдөө чухам заяаны нутгаа олсон мэт сэтгэл тэнийн амс хийсэн биз ээ.
Монгол зочдыг угтан хүндэт харуулд зогссон бор цэргүүд, цагаан хадаг дэлгэн “Үсэрсэн цусан,тасарсан мяхан минь манийгаа гэсээр хүрээд ирэв үү. Саравчлаад л хараад суудаг шүү, бидэн” гэсээр тосох эмгэд, бишүүрхэнгүй харах улаахан хацарт охид, замын турш хамгаалалтад гарсан бүсэлхий хавиараа зузаан намхан чийрэг цагдаа нар. Харангуут “Хаа хол ингээд сууж байх гэж дээ эд маань” хэмээн бодохуйд өөрийн эрхгүй хоолой торж нулимс мэлтрэх юм билээ. Урлагийн тоглолт нь гал цогтой. Уулынхан, кавказынхны маягаар хувцаслаж товшин товшин бүжиглэвч хэлэх үг нь монгол, царай төрх нь монгол, товшуур хөгжмийн хөг нь монгол. Монгол, халимагийн сэтгүүлчдийн уулзалт дээр бүжиглэсэн нэг охин санаанаас салдаггүй. Түүний эрэмгий гэдэг нь. Шир суран тоногтой хувцас өмсөж, Германы “Чингис хаан” хамтлагийн ижил нэрт дууны аянд үсрэн цойлон бүжихэд нүдэнд нь оч гялалзан бүх биеэс нь эрч цацрах мэт, бусад нь тойрон зогсож “Чингис хаан, Чингис хаан” хэмээн түрэх нь сүртэй.
Халимаг нь Европ тив дэх цорын ганц Буддын шашинт улс. Бурхны шашны “Бурхан багшийн Алтан сүм” буюу халимагаар “Алтан сюмэ” хэмээх том төвд эргэлчин мөргөлчин тасардаггүй шинжтэй. Уг нэрийг Далай багштан морилон очихдоо хайрлажээ. Хийдийн гадна хаалганы өмнөх өндөр шатны хоёр талын тавцангаас ус тасралтгүй мяралзан урсах нь Алтайн өндөр уулсынхаа түргэн урсгалт голыг дүрслэн хийсэн болов уу гэлтэй.
Хөдөө айлд зочлоход ч монгол ахуй тосно. Сүүтэй, задьтай шаргал цай самарч, шар тостой улаан боорцог чанаад жижигхэн гэрт хэдэн хүүхэн завгүй. Бүхэл мах тавьчихсан, монгол ердийн буузнаас арай томхон хонин бууз таваглачихсан. Амт шимт бол яг л монголоороо. Эх нутгаасаа нүүгээд хэдэн зуун жил болчихсон байхад ахуй амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй ажээ.
Халимагчуудын туйлын мөрөөдөл бол Монгол нутагтаа ганц ч болтугай очиж Есөн хөлт цагаан тугандаа мөргөх. Тэдний нэг болох ОХУ-ын Халимаг Улсын иргэн, нутаг усандаа “Олны ээж Нимя” хэмээн өргөгдсөн 86 настай Нина Уланова хэдэн жилийн өмнө хүү болон өөрийн тэргүүлдэг “Өв” сангийн төлөөлөгчдийн хамт үндэсний хувцсаараа гоён Монгол төрөө ихэд хүндэтгэн Төрийн ордонд бараалхсан билээ.
Нина Уланова Халимагийн язгууртан гаралтай хүн. Нагац ах нь Жангар туулийг 1910-аад онд Санкт-Петербургт анхлан хэвлүүлж байж. Тэдний өвөг дээдэс халимагийн морьт цэргийн манлайд тулалдан Францын Напалеон жанжны цэргийг Оросоос үлдэн хөөхөд гарамгай гавьяа байгуулж явжээ. Нина Уланова өвөг дээдсийнхээ шүтээн болох тугийн бумба /зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлсэн юм. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Дөрвөдийн хорооны магнайдаа өргөж явсан тугийн зэв нь тэрхүү Монголд авчирсан бумба ажээ. Байлдааны тугийн зэвийг Нина Уланова гуай цагаан хадаг дээр залан Чингис хааны хөрөг, Төрийн есөн хөлт их цагаан тугийн сууринаас адис хүртээн “Нэгэн насны хэргээ бүтээлээ” хэмээн дахин дахин залбирч нүд дүүрэн нулимстай хөөрч догдолж байсан сан.
Эх нутгаасаа холхид нүүсэн халимагуудыг оросууд Догшин Иван хааны үе 1574 онд хүлээн зөвшөөрч зарим цайзад худалдаа, наймаа хийх боломж олгожээ. Оросын I Петр их хаан Астраханьд биеэрээ морилж, халимаг цэргүүд Оросын өмнөөс олон дайнд их гавьяа байгуулсан алдрыг нь өргөмжлөн Халимагийн Аюух ханд алтан сэлэм бэлэглэж, алба гувчуураас чөлөөлж байсан үе бий. Гэвч төвхнөсөн нутагтаа бас амар тайвныг үзсэнгүй ээ.
Екатерина II хатан хаан өмнөх бүхнийг үгүйсгэж, Хоо өрлөгийн тавдугаар үеийн хан Убашийн хэргэм цолыг хасаж, Туркийн дайнд олон цэрэг дайчилж, татвар гувчуур нэмж, суурин амьдралд татан христийн шашинд дагаар оруулахыг албадан тэсвэрлэхэд бэрх болсноос Убаши хун тайж 1771 оны эхээр, тэсгим хүйтний дундуур хагас хүнээ дагуулан аяны замд гарч орос, казах, киргизийн цэрэгтэй тулгарахын сацуу өлсөж, осгож, өвчинд баригдаж, тууж гарсан малаа барж хагас жилийн дараа сая Монголдоо эргэн ирсэн гэх. Дэлхийн түүхэнд хагас жил аяны зам туулсан их нүүдэл өөр гараагүй юм гэдэг.
Нүүдэлчин цустай халимагуудаас түм илүү хүн Ижил мөрнөөс Дон руу нүүж Доны казакуудтай нийлэн улаантан, цагаантны цэрэгт элсэж бужигнуулж явсан удаатай. Төрөлхийн омголон дайчин халимагууд Оросын хааны морин цэргийн гол хүч болж 1665 онд Орос-Польшийн дайнд нэгэн түмэн цэрэг гаргасан бол 1668-1676 онд Турк, Крымын дайн, 1701 онд Орос-Шведийн дайн, мөн Орос-Персийн тулаан,1812 онд Францын Напалеоны цэргийг бут цохиход сумны зэв, жадны үзүүр болж явав. Түрүүхэний Орос-Чечений тулаан, өдгөө ид үедээ байгаа Орос-Украины дайнд ч халимаг цэргүүд “өргөж авсан”эх орныхоо төлөө тэргүүн эгнээнд явж буй.
Дэлхийн II дайны үед гитлерчүүдэд Есөн цагааны бэлэг өргөж, армид нь хэсэг халимаг цэрэг элсэн тулалдсаны улмаас И.В.Сталины тушаалаар 1943 онд Зөвлөлт социалист Автономит Халимаг улсыг татан буулгаж, газар нутгийг нь Оросын ойролцоох мужуудад хуваан өгч, 120 мянган халимаг хүнийг Сибирь, Алтай, Сахалинд хуваан цөлсөн эмгэнэлт түүх бий. Улаан армийн бүрэлдэхүүнд олон халимаг тулалдаж байсан ч элэг нэгтнүүдээ цөллөгөөс аврахад тус болсонгүй. Ид өвлийн хүйтнээр Сибирь рүү ачааны галт тэргээр 15 хоногийг туулуулан байж цөлөх үед хамгийн голдоо балчир хүүхдүүдээ, түүний гадуур өвгөд хөгшдөө, тэгээд эмэгтэйчүүд, хамгийн гадна идэр эрчүүдээ хүрээ болгон зогсоож явсан ч олон хүн аяны хөл даалгүй хорвоог орхиж, цогцсыг нь галт тэрэгний явдал дунд хөлдүү гулууз мэт гаргаж чулууддаг байсан тухай торгууд хөгшид хуучилдаг билээ. Олон жил цөлөгдөж, хатуу амьдралд нухлагдсаны эцэст 13 жилийн дараа буюу 1956 онд Н.С.Хрущевын шийдвэрээр тэд нутагтаа эргэн ирж Автономит Халимаг улсаа сэргээн байгуулжээ. Өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Халимаг улсыг 1992 онд байгуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, К.Илюмжинов анхны Төрийн тэргүүнээр сонгогдож байв. Холхиос Монголынхоо зүг саравчилж, эмээлийн бүүргээ урагш харуулан тавьж, “Элгэн саднаа нүдээ онийтол харуулдан суудаг даа” хэмээн элгэмсдэг халимаг түмний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.
Д.Оюунцэцэг -
Зураг түүхийг авч үлддэг 6
Монголчуудын мэдэлд байсан өргөн уудам бүс нутаг нь харьцангуй тайван, аюулгүй байдлыг тогтоож, түүхий эд материал, техникийн мэдлэг, дүрслэх урлал, чадварлаг гар урчуудын хөдөлгөөнийг хөнгөвчилж, улмаар 1256-1296 оны хооронд Ираныг захирч байсан Монгол Илханчуудын урлагт хувьсгалт дэвшил гарч ирсэн. 1353 он, 1295 онд Ислам шашныг батлав. Энэ дээл шиг алтаар ороосон торгон даавуугаар сүлжмэл тансаг нэхмэл эдлэлийг янз бүрийн газарт хийж Европ руу худалдаалж Тартар даавуу эсвэл панни tartarici гэж нэрлэх болжээ. Ага Хан музейн дээлний дугуйрлууд нь хуурамч бичгээр чимэглэгдсэн байдаг бөгөөд энэ нь Иран эсвэл Төв Азид хийсэн гэсэн үг юм. Энэ дээлийг доор нь үнэтэй, гоёмсог нэхмэл эдлэлийг илүү сайн харуулахын тулд богино ханцуйтай гадуур задгай гадуур хувцас өмссөн байх байсан. Дээлний гар нь ер бусын урт бөгөөд шуу орчмоороо түлхэгдэж, хамгаалалтын давхарга нэмж, эзэнд нь алтаар нэхсэн торгон элбэг дэлбэг байгааг онцолсон байв.
Аугаа өвөг дээдэс таньдаа мэхийн ёслоё. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс өнө мөнх оршиг! -
ХОЁР АРД ТҮМНИЙГ ХОЛБОСОН 22 ЖИЛ
Хятадын үе үеийн шилдэг залуусын хүсэл мөрөөдөл болсон Бээжингийн их сургуульд элссэн дараахан өөрийн сонирхол, ачит багш нарын зөвлөсний дагуу монгол хэлний ангид орсон нь түүний хувь заяаны төөрөг дахь нэн чухал эргэлт байжээ. 1898 оноос эхлэлтэй Хятадын ард түмний оюун санааны ундарга болсон Бээжингийн их сургуулийн нэрт эрдэмтэн Жи Шяньлинь профессорын үүсгэн байгуулсан Хятадын дорно дахин судлалын хамгийн эртний, хамгийн олон мэргэжлээр сургадаг, гадаад харилцаа гадаад худалдаа соёлын солилцооны үндсэн боловсон хүчин бэлтгэдэг Дорно дахины хэл утга зохиолын факультетад хуваарилагдан орсон Цай Вэньруй нь Хоү Ваньжуан нарын суут багш нараар хөтлүүлэн эрдэм номд шамдан монгол хэл заалгахын зэрэгцээ өнө эртний түүхтэй, найрсаг харилцаат хөрш орныхоо түүх соёлоос оюутны дөрвөн жилд онцгой хичээнгүйлэн суралцсан шилдэг оюутан байлаа.
Төрөлх Хармөрөн мужийнхаа дунд сургуульд заадаг байсан орос хэлний мэдлэг нь түүнийг монгол хэл сурахад багагүй суурь болсон гэж тэрбээр хожим өгүүлсэн байдаг. Гадаад хэлний ур чадвар, түүх соёлын болон гадаад харилцааны мэдлэгээрээ үеийн нөхөд дундаа шагшигдаж, эрдэмтэн багш нартаа үнэлэгдэн 1985 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтнаар томилогдсон нь түүний дипломатын 40 шахам жилийн ажил амьдралын гарааны эхлэл байжээ.
Залуухан дипломатч Цай Вэньруй 37 жилийн тэртээ 1986 онд Монгол нутагт анх хөл тавьж МУИС-д мэргэжил дээшлүүлэх сургалтын хугацаандаа манай улсын монгол хэл бичгийн сор болсон эрдэмтэд Чой.Лувсанжав, Ш.Чоймаа нараар хичээл заалгаснаар түүний монгол хэлний мэдлэг чадвар улам төгс болж сайжирсаар байв. Ачит багш нарыгаа дурсан ярихдаа тэрбээр “Багш нарынхаа ачийг Монголд хийх ажлаараа хариулна” үргэлж хэлдэг.
Түүний дипломатчийн замналын харвал:
1985-1986 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан
1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе
1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга
1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга
2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
2000-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний ажилтан
2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга
2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин хотод суугаа Ерөнхий консул
2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул
2020-оны 1-р сараас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллажээ.
Дээрх замналаас харахад манай улсын сүүлийн 40 жилийн өөрчлөлт шинэчлэл, хөгжил цэцэглэлт, тэр дундаа социалист БНМАУ-аас орчин үеийн ардчилсан Монгол улсыг хүртэлх нийгмийн том өөрчлөлтийн бүхий л цаг хугацаанд тэрээр Монгол, Хятадын харилцааны тэргүүн эгнээнд ажиллаж хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн найрсаг солилцоог ахиулахад оруулан хувь нэмэр асар их юм. Цай сайдын монгол хэлний онолын зузаан мэдлэг, урсам сайхан ярианы ур чадвар, Монголын түүх соёлын арвин мэдлэгийг уулзсан хүн болгон магтан онцолдог бөгөөд үүнийгээ тэрээр “Эрхэм багш нарын ач гавьяа, монгол хэл сурсан буян заяа” гэж үргэлж бэлгэшээж, харин монгол хэл сураагүй байсан бол элчин сайд болж чадахгүй байсан гэж монгол хэл соёлыг үргэлж онцгой хүндэтгэж өгүүлсэн байдаг.
Түүнийг Элчин сайдаар ажилласан 2020-2023 онуудад даян дэлхийг хамарсан аюулт цар тахлын хүндрэлтэй цаг үе тохиосон хэдий ч тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг олонтоо зохион байгуулж, эдийн засгийн харилцаа бэхжиж, хоёр талын худалдаа эргэлт 2022 оны сүүлч гэхэд 12 тэрбум долларт хүрээд байна. Аюулт цар тахал нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед үргэлж идэвх зүтгэл гарган ажиллаж худалдаа тээврийн харилцаанд үүссэн бэрхшээл болгоныг шийдэн хамтаар даван туулж байлаа. Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30000 хонийг Хүбэй нутагт хүргэн өгч эрүүл мэндийн салбарт олонтоо тусламж дэмжлэг үзүүлэхэд оройлон ажиллаж байв.
БНХАУ-аас Монгол Улсад суусан 17 дахь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйгийн дипломатчийн амьдралд олон онцлох зүйлс байгаагаас дурдвал: Монгол Улсад хамгийн удаан хугацаанд буюу 22 жил ажиллаж амьдарсан, хамгийн олон удаа буюу зургаан удаа томилогдсон, хамгийн анхны Ерөнхий консул ба Элчин сайдаар дараалан ажилласан, хамгийн анхны Элчин сайдын яамны бүх албан тушаалыг хашсан гээд хөвөрч өгнө. Бээжингийн их сургууль түүнд хожмын Элчин сайд болох замыг чиглүүлж монгол хэлийг нь зааж сургасан бол харин тэр өөрийн нэгэн насны халамжит ханиа мөн л монгол хэлний салбараасаа сонгожээ. Түүний гэргий Гао Фэнин нь ГЯЯ-ны системд олон жил зүтгэж тэр дундаа Монгол Улсад олон удаа томилогдон Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх хүртэл албан тушаалуудад ажилласан чадварлаг дипломатч, монгол хэлний сайн мэргэжилтэн, найрамдлын зүтгэлтэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг эх орондоо буцах гэж буйтай нь тохиолдуулан Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд энэ нь Монгол, Хятадын ард түмний хөгжил цэцэглэлт, найрамдал нөхөрлөлийн төлөө 40 шахам жил зүтгэсэн түүнд ирэх зүй ёсны хүндлэл байв. Эрхэм сайд Цай Вэньруй маргааш Элчин сайдын үүрэгт хугацаагаа дуусган эх орондоо бүр мөсөн буцах гэж байна. Ийнхүү дипломатчийн замналаа өндөрлөж болох ч хоёр зууныг өртөөлж хоёр ард түмнийг холбосон тэрбээр найрамдал нөхөрлөлийн үйл үйлсийг манлайлах их аяны түүчээгээ дөнгөж эхлүүлж байна. Монгол түмний чин сэтгэлийн бэлгэдэл болсон сүүн цацлаар аяны дөрөөг тань мялаая. Баярлалаа. Та сайн яваарай. Удалгүй Улаанбаатартаа уулзахын ерөөл тавья.
Хятад судлаач, Орчуулагч Х.БААТАРХҮҮ
-
Зураг түүхийг авч үлддэг 5
Норвегийн аялагч Оскар Мэймэн авсан энэ зургийнхаа тайлбарт үйл явдлыг огноог тодорхой бичээд, Богдын сүйх тэргийг чирч яваа лам нарын дэргэд бараа болон яваа Ханд ван (Hanta wang), Далай ван (Dalai wang) хоёр гэжээ. Олноо Өргөгдсөн Монгол улсын Гадаад явдлын яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж, Цэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ Далай ван Гомбосүрэн нар одоогоос 108 жилийн өмнө ийнхүү гэрэл зурагт мөнхрөн үлджээ.
-
ТӨР, ЗАСГИЙН ТОМЧУУД Л МОНГОЛЫГ МИНЬ БАЛЛАЧИХЛАА
Дээрээс бороо их орвол нам доор газарт төчнөөн л их намаг, шалбааг үүсдэг. Дээр тэнгэрт үүл хуралдаж, тэнгэр дуугарч, цахилгаан цахиж эхэлбэл доор газар дээр айдас, түгшүүр үүсэж амьтан, хүмүүс хоргодох газар эрэн бужигналддаг. Ингэж дээрээс л сайн, муу бүх зүйл үүдэгддэг байжээ.
Хүмүүс дээшээ харж, тэнгэр шинжиж, шүтэж байсан нь улс орон дотроо мөн л дээшээ харж, хаад, түшмэдүүдээс жишээ авч, тэднийг дууриаж амьдрахад хүргэжээ. Улстөрийн намуудын дотоод амьдрал ч гэсэн мөн дээшээ харсан, дарга нараа дууриасан шинж, байдалтай нь үнэн юм. Байгалийн энэ дээрээс үүдэгддэг аюул, аврал нь бөө, удган нарын сурталд тусаж тэд “дээрээс, тэнгэрээс асууж байж” хэрхэхийг хэлдэг болжээ. Зурхайч нар ч гэсэн тэнгэр дэх од, гаригсын нөлөө хэмээж 100 хувь шахам худлаагаа үнэн болгож сурталчилдаг. Чингэж бөө, удган нарын сурталд түшиглэн, тэднээс улбаалж зурхай, зурхайчид анх үүсчээ. Хожуу нь шашны суртал ч гэсэн тэнгэр, бурхныг зааж, тэднээс улбаалуулан, тэдэнтэй холбон үзэл, сургаалаа боловсруулж, түмэн олонд номлох болсон байна.
Нийгмийн хувьд, нийт ард иргэдийн хувьд бол тэдний дагах, дууриах, үлгэр жишээ авах хүмүүс нь хаад, түшмэдүүд, улстөрчид, сайд, дарга нар байдаг. Лам нар ч хамбуудаа дууриадаг, цэргүүд ч жанждаа дууриадаг, сурагчид ч багш нараа дууриадаг. Ингэхлээр нийгэм дэх муу болон сайн зүйлүүд мөн л дээрээсээ эхлэл, нөлөөтэй ажээ.
“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ ч олохгүй” хэмээхийн учир ийм юм. Ардчилсан нийгэмд ч гэсэн сайн, муу бүх зүйл мөн л дээрээсээ эхлэлтэй, төр засгийн томчуудаас үүдэлтэй байдаг. Ардчиллын алтан хараацайнууд бүгд авлигачид, хулгайчид болчих аваас нөхцөл, байдал яг л өнөөдрийн Монголынх шиг болчихдог ажээ. Эрх барьж ирсэн хоёр нам хоёулаа л “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө” гэж лоозогнодог шүү дээ…
Байгаль дахь сайн, муу ч дээрээс, тэнгэрээс, мөн нийгэм дэх сайн, муу ч дээрээс, томчуудаасаа гэдэг нь үнэн юм. 1990, 1991, 1992 онд Монголын нийгэм, улстөр болон эдийн засгийн амьдралдаа шинэчлэлт хийж, 1960 оны үндсэн хуулийг халж, 1992 оны үндсэн хуулийг баталж, мөрдөх болсон үеэс л Монголын төр, засагт ажиллаж байсан эрхмүүд шударга, зарчимч, ёс суртахуунтай байж чадсансан бол ард түмний амьдрал шал өөр, сайхан болчихоор байв. Гэтэл Төрийн Ордонд 32 жилийн туршид хэн хэн байв аа? Бараг л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид! Тийм болохоор л тэдний жишгээр дунд, доод тушаалын дарга нар дагаад, тэднээс үлгэр аваад, дээдсийн мөрөөр ороод л мөн л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид болцгоочихжээ. Сайн, муу бүх зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг дээр дурдсан зүй тогтол Монголд маань яг хэргээ хийж, мөрөө үлдээлээ. Оросууд энэнийг “загас толгойноосоо эхэлж ялзардаг” гэж дүрслэн хэлдэг дээ.
Аль ч улс орон, аль ч нийгэм дээдсээ, ихэсээ дагаж, дууриаж байдаг болохоор, муу, сайн аливаа зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг болохоор Монголын төр, засгийн томчууд л (эрх барьж ирсэн хоёр намын томчууд л) дунд үе, залуу үеэ уруу нь татаж, увайгүй байдалд оруулчихлаа.
Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурсан нэртэй, үнэндээ бол мэдлэг цуглуулсан биш, зөвхөн диплом, хавтас цуглуулсан савангийн хөөс адил магистр, докторууд ч олон боллоо. Дээдсүүд нь хулхи болохоор цүнх баригчид нь дагаад л хулхи болцгоочихдог ажээ. Өнөөдөр төрийн өндөр алба хашиж буй 55-аас дээш насны хүмүүсийн дийлэнх олонхи нь гэмт хэрэгт холбогдож байгсад, тэдний дараах үе болох 40-өөс дээш насныхны мөн олонхи нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, энэ хоёр үеийнхний араас явж буй 25-аас дээш насныхны мөн л олонхи нь хулхидуу, хуудуутай, шуналдаа хөтлөгдөж мэдэх хүмүүс болчихоод байна.
Ардчилсан нийгмийг байгуулнаа гэсэн хүмүүс маань зөвхөн л дүр эсгэсэн ардчилал, үндэсний хөрөнгөтний төр, засгийг буй болголоо. “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа, лоозон нь жирийн иргэдийн амьдралд нэвтэрч хэрэгжсэнгүй. 8 сонгуулиар тодорсон УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд авлига, хулгай, луйврын хэрэгт нэр холбоглож шалгагдсаар, ял зэмлэл хүлээсээр л байна. Арга, заль хэрэглэн уснаас хуурай гарсан хүмүүс ч олон боллоо.
Эрх баригч хоёр намын дунд үе, залуу үе нь бүгд л дээшээ харж, дарга нараасаа үлгэр, жишээ авч улам л том авлигач, улам том шахаа, чавчаа хийж, улам их хор найруулагчид болсоор байгаа нь хууль, хүчний байгууллагууд дээр мөрдөгдөж байгаа гэмт хэргүүдээс тодорхой харагдаж байна. Томчуудынхаа эхлүүлсэн гэмт, нууц үйлдлүүдийн залгамжлагчид болж, нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулж, нам дамнасан хуйвалдаанд оролцсоор эцэсдээ гэмт хэрэгтний эгнээнд шилжиж буй залуус хөөрхийлөлтэй. 1990, 1991 оноос л гэмт хэргээ эхэлсэн (засгийн газрын 20-р тогтоолын нууц, алт диллерийн гэгдэх хэрэг, олон банкны дампуурал, өмч хувьчлал, лицензийн болон газрын наймаа гэх мэт) хууччууд нь тэрбумтан гэгдэж, тэргүүн зэргийн одон зүүж, гавъяатан гэгдэн “жүжиглэж”, харин тэдэнд уруу татагдсан хүмүүс ял зэмлэл хүлээсээр байна. Хууль, шүүхийнхэн маань яг л Манжийн үеийнхэн шиг “Хэргийн ихээр болохгүй, хээлийн ихээр шийднээ хө” хэмээн амандаа аялаж, шивнэж байх болцгоожээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав