Category: Монгол үндэсний түүх

  • У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж байна

    Хатагтай, ноёд оо,
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
    Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна.
    Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.
    Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.
    Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна. Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн.
    Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан билээ. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
    Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн бол саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна.
    Тэрбээр “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэмхэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.
    Эрхэм чуулганы дарга аа,
    НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
    Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ.
    Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг.
    Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон.
    Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.
    Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна.
    Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах” хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ.
    Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна. Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан.
    Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн.
    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.
    НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр “Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно” гэдгийг онцлон сануулжээ.
    Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.
    Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулсан.
    Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
    Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичиг”-ийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно.
    Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг. Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно.
    Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичиг”-ийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна.
    Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.
    Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан хүчин зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан. Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
    Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан.
    Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
    Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэж байна.
    Ирэх 2024 оны есдүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлого, санал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй. Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
    Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
    Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

  • Эртний Монгол удмын аймгуудын нэг нь баргачууд юм

    Судлаачдын тэмдэглэснээр баргууд XI-XII зууны үед Байгал нуурын зүүн эргийн Баргужин төхөм хэмээх газраар нутаглаж байсан бөгөөд МНТ-нд: “Хори түмэдийн газар Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гуа-гаас төрсөн Алун-гуа охин” гэжээ. Алунгуа нь Чингис хааны арван нэгдүгээр үеийн дээд өвөг Добу мэргэний эхнэр юм. Рашид-Ад Дин Сэлэнгэ мөрний хавиар нутагладаг ардыг Баргууд, Баргужин гэж нэрлэдэг хэмээн дурдсан байдаг бөгөөд Монголын түүхэнд Баргуд, Хори, Тулас аймаг нь хоорондоо ойр төстэй ба Сэлэнгийн зүүн этгээдийн Баргужин түхүмд хамт байжээ.
    XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэх үед Байгал орчмоор нутаглаж байсан нүүдэлчин аймгууд 1207 онд Их Монгол Улсын харъяанд, дараа нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн угсааныхны мэдэлд орж, 1368 онд Юан улс мөхсөний дараа шинээр үүссэн Дөрвөн Ойрадын холбоонд Барга аймаг орж байжээ. XY зууны үед Ойрадууд баруун зүг нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн монголын Зүүн гурван түмний нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж, Сэлэнгэ, Байгал, Онон, Хөлөнбуйр, Хянганы нурууны хооронд нутаглаж байжээ. XYI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж, улмаар Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ. XYIII зууны эхээр зохиогдсон “Алтан хааны тууж” хэмээх зохиолд Алтан (1507-1522) хааны үед Юншөөбү, Түмэдийн дотор барга иргэн багтаж байсан тухай тодорхой тэмдэглэжээ.
    Баргачууд түүхийн тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж бэйс Жанчивдоржийн хошуунд харъяалагдаж байхдаа Галдан бошигтын эсрэг дайнд оролцож, улмаар Манжийн хаанд захиргаанд орохдоо Хөлөнбуйрын нутагт суурьшин нутаглах зарлиг хүлээжээ. Ийнхүү 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж манж найман хошууны зохион байгуулалтанд орсон байна. Манж найман хошууны зохион байгуулалт гэдэг бол засаг захиргааны нэгж хошуу бөгөөд “цэрэгт барьдаг” тугийн өнгөөр нэрлэгдэнэ. Барга найман хошуу нь хөвөөт цагаан, хөвөөт хөх, хөвөөт улаан, гүл хөх, гүл цагаан, гүл шар, гүл улаан гэх нэртэй болсон байна.
    Богд хаант Монгол улс байгуулагдахад 1912 онд Баргад Манж-Хятадын эсрэг бодлого гарч өөрсдийгөө Богд хаант Монгол улсын харъяат хэмээн зарласан байна. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр баргуудыг хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ. Энэ үеэр барга, буриадууд дорнод хилээр Монгол нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ. 1945 онд нүүж ирсэн баргууд Дорнод аймгийн Хөлөнбуйрт суурьшсан ба хүний тоо 1000 орчим, малын тоо 89 мянга орчим байжээ. Баргачууд эдүгээ Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг сумдад аж төрж байна.
    Барга эрчүүдийн дээл нь өргөн захтай, энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу өргөн, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь дугуйвтар өргөн, зах энгэр нь дан эмжээртэй байх нь нийтлэг. Дээлэн дээр суран ба даавуун бүс бүсэлдэг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай. Бүсний өнгө хул шар, улбар шардуу байх нь элбэг. Даавуун бүсийг эр хүн шөнө унтахдаа аман хүзүү (халх) зангиагаар зангидаж дэрнийхээ доод талд тавьдаг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг.
    Нөхөрт гарсан барга эмэгтэй хүн түнтгэр ханцуйтай эхнэр дээл өмсөнө. Ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийж гоёдог. Эхнэр дээл уужтай, ууж нь таван мөнгөн товчтой, уужны хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэнэ. Уужны энгэр талыг өргөн хоргойгоор эмжиж, хоёр ташаанд нь оноо гаргадаггүй байна.
    Барга гутал нь буриад гуталтай төстэй, хамар нь шантгаргүй, гутлын зулагт тахир угалз, зуузай ба шагайд пүүз тавьж гоёх ба ирмэг улыг эсгий, даавуугаар ширж хөмөөр уллана. Бойтог гутлыг хонь, ямааны арьсаар зулаглаж оёно.
    Элдээ мууз малгайтай барга эрчүүд: Барга ястангууд нь Дорнод, Сүхбаатар, Төв, Завхан аймгаар аж төрдөг. Баргуудын хувцас гоёл нь олон талаараа Монголчуудынхтай төстэй боловч өөрийн гэсэн өвөрмөц онцлог төрх хэв маягийг бүрдүүлэн уламжилж иржээ. Барга эрчүүдийн малгай хэд хэдэн төрөлтэй. Тэд “элдээ мууз” хэмээх сампин тав хадсан босоо өндөр оройтой, дөрвөн чихтэй, залаагүй үнэгэн болон хурган үстэй малгай, “маахууз” хэмээх нилээд эртний хэв маягтай, юүдэн шиг оройтой, үс хадсан малгайг өвлийн улиралд өмсөж байжээ. Харин зун нь эсгий малгай эсвэл цагаан өнгийн алчуур толгойдоо зангиддаг байжээ. Мөн буриад гуталтай төстэй, мөлгөр хоншоортой гутал өмсөж байв. Энэ гутлын зулагт угалз, зуузай болон шагайд пүүз хээ тавьж гоёдгоороо ялгагдна. Түүнчлэн Барга эрчүүд алт, мөнгөн бөгж зүүж, хэт хутга, бэл хөөрөгний сав даалин, хавтага, цагаан хашин гаанс хэрэглэдэг байжээ.
    Барга эхнэрүүд үсний гэр хэрэглэдэггүй байжээ: Барга бүсгүйчүүд толгой, үс, ар өврийн болон мөрний гуу, ээмэг, бугуйвч, бөгжөөр гоёдог ба уужны хоёр ташаандаа алт мөнгөөр хийсэн хаан бугуйвч, хатай сүйх хэлбэртэй бэл, эргэн тойрон шүрэн шигтгээтэй хавчиг татуур хэмээх толгойн зүүлт зүүдэг байжээ. Хавчиг нь үс хавчихын зэрэгцээ нүүрний хажуугаар дугуйрах зориулалттай гоёл юм. Энэ үс засалт нь Барга эхнэрийг бусад ястнаас ялгаруулдаг. Үсний угаар хавчих эхний том хавчгийг “зантгар” гэдэг. Бусдыг нь нарийн савхан хавчиг гэх бөгөөд зөвхөн нэг талын үсэндээ 9-14 ширхэг хавчиг зүүдэг, хавчиг доошлох тусмаа богиносдог ба төгсгөлд нь туйв байх юм. Туйваар даруулаад үсний үзүүрийг гурав сүлжиж энгэр рүү урагш унжуулна. Барга эхнэрүүд бусад ястны эхнэр шиг үсний гэр хэрэглэдэггүй, үсний үзүүрээ ил байлгадаг онцлогтой.
    (Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл номоос)

  • Хүйсийн найман нуур-Монгол улсын дурсгалт газар

    Хүйсийн найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ой, галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд бий. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан-Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм. Энэ бүс нутагт эрс ховордсон эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Найман нуур болон эргэн тойрны газрыг хамруулан нийт 11.5 га талбайг 1995 онд Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.
    Хангайн нурууны гол хэсэг болох Шуранга, Гятруун, Битүү, Зэс улаан, Цэгээний хуниас, Ив зэрэг уул нуруудын араар, Орхон голын эхэнд орших ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн оршдог учраас байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлаараа эрс ялгардаг онцлогтой. Ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг бөгөөд 85 хувийг шинэс ба хуш мод, 1 хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Халиут, Бугат, Хүйс нуурууд нь жижиг гол горхиор холбогддог бөгөөд бороо хур багатай үед ус нь эрс багасдаг нуурууд юм. Эхний нуур болох Ширээт нууранд доктор А.Дулмаа анх загас үржүүлэх ажлыг зохион байгуулснаас хойш Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн байна. Уянга сумаас Хүйсийн найман нуур луу явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелэгддэг гэсэн домогтой. Хүйсийн найман нуур нь анх Хүйсийн есөн нуур гэгддэг байжээ. Ес дэх нуур нь маш жижигхэн байсан бөгөөд бороо хургүй үед бүүр ширгэчихдэг байжээ. Өдгөө Хүйсийн найман нуурын гурван л устайгаа үлдэж бусад нуурууд нь ширгэжээ. Хамгийн жижиг 2 нуур нь эргээд сэргэхээргүйгээр бүрмөсөн ширгэсэн байна.

  • Зураг түүхийг авч үлддэг 3

    Батноровын хойт хэсэг, Өмнөдэлгэр бүтнээрээ шахуу Цэнхэрмандал зүүн хойт хэсгийг хамарсан өргөн уудам нутагтай хошуу байсан гэдэг. Төв мөргөлийн газар нь Ар халхын Утай гүмбэн гэж алдаршсан Балдан Бэрээвэн хийд, аймгийн төв нь өнөөгийн Чингис хот байгаа газар юм. Жонон вангийн хошуугаа сэргээж, улмаар нийт Монгол даяараа эртний уламжлалтай аймаг, хошууны засаг

  • Эмэгтэй хүний энерги хэрхэн сэргэдэг вэ

    5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай.
    6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.
    7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүний ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
    8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
    9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.
    10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно.
    11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.
    12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
    13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
    14. Явган зугаалгад цаг гаргаж бай.
    Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсч үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
    15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно.
    16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлаггүй.
    17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно.
    18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.
    19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.
    20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга.
    21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.
    Эх сурвалж http://www.info.mn

  • Зураг түүхийг авч үлддэг 2

    Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр!

  • Зураг түүхийг авч үлддэг

    Навааннэрэнг түүний авга ах нь өргөж авчээ. Бага насандаа хийдэд шавилан сууж хятад, манж хэлийг сурсан бөгөөд 1910 онд Дэмчигдоржид өв залгамжлах угсаа байхгүйн улмаас Навааннэрэнг Сэцэн ханы ширээнд суулгав. Тухайн үед түүний амь насанд хүртэл халдах оролдлого гарч байв.

  • Хасагт хайрхан

    Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий.
    Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм. Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.

  • Хэнтийн мэргэн жаалын хэлмэгдсэн аймшигт түүх

    Монголын хоёр мянган жилийн төрт ёсны түүхэнд хамгийн харгис улаантны засаглал хорьдугаар зууны эхэнд тогтож бүтэн далан жил ард түмнээ дарангуйлсан байдаг.Тэр үеийг ард түмэн улаантны цөвүүн цаг хэмээн нэрлэдэг байлаа. Хорьдугаар зууны гучаад онд Хан Хэнтий нутагт нэгэн гайхамшигт мэргэн хувилгаан хөвгүүн мэндэлсэн бөлгөө. Улаантнууд бяцхан хөвгүүний хувилгаан ид шид, алдар хүнд, ард олны сүсэг бишрэлийг нь хүчээр нухчин дарахын тулд элдэв арга хэрэглэж, эцэст нь аав, ээж, лам багшийг нь хөнөөж, адаг сүүлд нь арван настай бяцхан хүүг хорооосон эмгэнэлт түүх байдаг. Харгис засгийн хар балаг эдүгээ илчлэгдсээр байна. Худал хуурмаг манан мэт замхарч, Үнэн наран мэт мандах цаг иржээ. Түүх өгүүлье.
    “Хэнтийн мэргэн жаал” буюу “Ламаадан хутагт” хэмээн алдаршсан бяцхан хөвгүүн бол цөвүүн цагийн улаан Монголд төрсөн сүүлчийн хувилгаан хүү байлаа. Ламаадан хутагт хуучнаар Хөвчийн Жонон вангийн хошуу буюу одооны Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт малчин ард Цэсэнгийн Сэрээтэрийн хөвгүүн болон 1936 онд мэндэлжээ. Хүүдээ Цэрэнпунцаг хэмээх нэр хайрлажээ. Энэ нутагт Богд хатан Дондогдулам мэндэлсэн газар юм. Ламаадан хүүгийн төрсөн эх нь хараагүй сохор эмэгтэй байжээ. Эцэг Сэрээтэр нь мөн нэг нүд нь хараагүй байсан гэдэг. Эцэг эх нь амьдрал хүнд, нүд хараагүй тул хүүгээ өсгөх нь хүнд хэцүү гэдгийг мэдэж нэгэн өдөр нутгийн айл “Онин” Гомбо хэмээх айлын гэр дээр нялх хүүгээ тавьчихсан ажээ. Ийнхүү Цэрэнпунцаг хүү одооны Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Гаравын Гомбо хэмээх айлд үрчлэгджээ.
    Гомбынх Өмнөдэлгэр сумын Хөгнө, Шанаган, Дундбаян, Шар талаар нутаглаж мал маллан амьдардаг байжээ. Дөнгөж хоёр гурван нас хүрсэн бяцхан хүү Цэрэнпунцаг шавар, чулуу, элсээр суварга босгон тоглодог, үе үе “суварга, сүм дуган, бурхны орон…” гэсэн үгнүүдийг хэлж явдаг хүүхэд байж. Цэрэнпунцаг хүү дөнгөж гурван настай байхдаа зөнч мэргэн хүүхэд гэдэг нь анх мэдрэгдэж иржээ. Тэр үед нэгэн адуучин эр адуугаа алдаад эрж явахдаа тэднийд бууж “Хүүхэд ер нь зөнч байдаг. Энэ хүүхдээс адууныхаа сургийг асууя” хэмээн бодоод асууж гэнэ.
    Цэрэнпунцаг хүү: “Таны адуу тэр зүгт тийм ууланд байна” гэхэд тэр газар нь очтол адуу нь яг байж байсан гэдэг. Үүнээс хойш нутгийн хүмүүс алдсан мал сүргээ асуудаг болжээ. Асуусан болгоныг нь алдалгүй хэлдэг байж.
    Удалгүй түүний ах Гомбын Амгаабазар 1938 онд цэрэгт явжээ. Ах нь цэрэгт яваад нэг жил болсны дараа нэгэн халуун өдөр гурван настай Цэрэнпунцаг: “Ах маань цангаж байна, хатаж үхэх гэж байна” хэмээн ээждээ хэлж бүтэн домботой цайгаа зүүн зүгт цацсаар байгаад дуусгажээ. Ах нь 1943 онд цэргээс халагдаж ирэхэд нь ээж нь энэ талаар асуухад Амгаабазар: “ Үнэхээр тийм явдал болсон.1939 оны 6 дугаар сард манай цэргийн хүнд пулемётийн тачанкны морьд халуун өдөр зогсож морьд маань зуурч цэргүүд бид ам цангаж хатаж үхдэгийн даваан дээр устай залгаж амь гарсан” гэж байжээ.
    1943 оны зун Гомбынх Ононгийн халуун рашаанд очжээ. Чухам тэнд л бяцхан хувилгаан хүүгийн ид шид, эрдэм чадал, өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт хардаг гоц чадвар, амьтан хүмүүний өвчин зовлон, гай барцадыг зайлуулж авардаг хүч чадал нь тодорсон гэдэг. Юмс үзэгдлийг илт мэдэх чадвар нь түмэн олонд гайхагдаж байлаа. Тэр үед Ононгийн халуун рашаанд ирсэн олон хүний зовлонг нимгэлж, өвчин зовлонгоос нь салгаж, асуусан бүрт нь хариулж байсан бяцхан хувилгаан хүүгийн алдар нэр талын монгол нутгаар гэрлийн хурдаар түгэх болжээ.
    Мэргэн жаалтай уулзаж байсан нутгийн ахмад буурлууд хуучлахдаа: ”Ламаадан хүү бол ширэлдсэн долгиотсон өтгөн их урт үстэй , сэргэлэн хурц хар нүдтэй, хөөрхөн хүүхэд байсан. Биднийг хүүхэд байх үед зарим хүмүүс хүүхэдгүй тул “Хэзээ манайх хүүхэдтэй болох вэ? Эхнэр яагаад өвдөөд байна вэ?” хэмээн мэргэн жаалаас асуудаг байсан. Мэргэн жаал “Та тэдэн хүүхэдтэй болноо” гэхэд яг л тийм болдог байсан. “Эхнэр өвдсөн, одоо яах вэ?” хэмээн нэг хүн асуухад мэргэн жаал тэр хүнд “Танай өвөлжөөны дэргэд хар ус байна. Тэр усны хажууд ургасан хус модыг та цавчаад муна хийжээ. Иймд та тэр модон мунаа сэмээд нуур руу шид. Тэгээд Алтангэрэл судар 25 удаа уншуул” гэдэг байлаа. Яг хэлснээр нь хийхэд өвчин зовлон арилж бүх юм сайхан болсон доо” гэдэг байв.
    Нэгэн удаа нутгийн ард 1937 оны хэлмэгдэлтэд алга болсон аав, авга ах нарынхаа тухай асуужээ. Мэргэн жаал: “Авга ах чинь сайн байна. Удахгүй та нар дээр ирнэ, та нарыг дэмжиж тусална. Аавын чинь яс цайчихсан байна” гэжээ. Үнэхээр тэр хүний авга ах нь удалгүй иржээ. 40 жилийн дараа аавынхаа сургийг нэгэн орос хүнээс дуулахад хилс хэргээр аав нь Орос улсад сибирт цөлөгдөж шоронгийн хүнд ажлыг даалгүй тэндээ нас барсан байжээ.
    Нэгэн удаа Төв аймгийн харьяат, эмийн сангийн эрхлэгч Лувсангомбо гэдэг хүн Хэнтийд ажиллаж байхдаа Өмнөдэлгэр сумын Дунд буян нутгаар дайрч Хэнтий нутгийн Гиваа гэгч бүсгүйтэй ханилахаар явж байхдаа нэгэн айлын гадна зогстол гэрийн гадаа шилбүүр унаад тоглож байсан нэгэн сэргэлэн бяцхан хүү хүрч ирээд эмийн сангийн эрхлэгчийг шууд нэр усаар нь дуудаж: “Лувсангомбо ах та сайн явж байна уу, Та эндээс хурдан яв. Таны очиж уулзах гэж байгаа Гиваа эгч ахдаа зодуулаад тэр уулын ард хоньтойгоо явж байна. Та яаралтай оч” гэхлээр нь хурдан эргэтэл араас нь бяцхан хүү “Та зургаан хүү, хоёр охинтой болноо. Бушуу яваарай” гэсэн гэдэг. Үнэхээр ч Лувсангомбо, Гиваа хоёр ханилан амьдарч зургаан хүү, хоёр охинтой болж элэг бүтэн сайхан амьдарчээ.
    Нэгэн удаа Хэнтийн Шагдар гэдэг хүн Ламаадан хүүтэй уулзахаар явж байтал замд тааралдсан айл энэ тухай мэдэж мөн л гай барцадаа даатгуулахаар хадаг, дээлийн өнгөний хамт дайж явуулжээ. Шагдар Гомбынд очоод хувилгаан хүүтэй уулзахын өмнө гэнэт шунал нь хөдөлж дээлийн өнгийг нь өөртөө үлдээж айлын гадаа нуугаад гэрт орж мэргэн жаалд зөвхөн хадгийг барьтал Ламаадан хүү: “Дээлийн өнгийг авснаараа Та ихэнхийг нь даа, хадгийг нь авснаар би багааханыг нь даая. Гадаа нуусан дээлийн өнгийг чинь үхэр идэж байна шүү” гэхэд нь гараад хартал үнэхээр дээлийн өнгийг нь үхэр идэж байсан гэдэг.
    Нэгэн удаа саахалт айлынх нь хүн мэргэн жаалтай уулзахаар явахад нь тэр айлын хүн “манай барцадыг арилгах талаар мэргэн жаалаас асуугаад ирээрэй” гээд ембүү мөнгө, торго хоёр өгчээ. Гэтэл саахалт айлынх нь нөгөө хүн мэргэн жаалынд очих замдаа торгыг нь өөртөө авна хэмээн шуналтаж торгыг тарваганы нүхэнд нуужээ. Нөгөө хүн мэргэн жаалд ембүүг барьж юм асуухад мэргэн жаал: “ Би ембүүний чинь юмыг хэлж өглөө, харин таны тарваганы нүхэнд хийсэн торгыг чинь тарвага гарч ирээд хөдөлгөхчих вий дээ” гэсэн гэдэг.
    Өмнөдэлгэр сумын иргэн,өндөр настан Нарангэрэл ах дурсахдаа “Тэр үед би таван настай байсан. Мэргэн жаалтай хамт тоглодог байсан. Насанд хүрсэн том хүмүүс ялангуяа буриад хүмүүс мэргэн жаалыг мөрөн дээрээ байнга өргөж явдаг байсан. Би дөнгөж таван настай хүүхэд байсан болохоор өөр нарийн ширийн зүйл мэдэхгүй л дээ” гэж байлаа.
    Өмнөдэлгэр сумын А.Ханд хэмээх нэгэн буурал эмээ дурсахдаа: ”Би хүүхэд байхдаа мэргэн жаалтай хамт саваа мод унаад тоглодог байв. Мэргэн жаалыг ногоон малгайтнууд барьдаг зун Өмнөдэлгэрийн Шанаган хэмээх нутагт манайхан нутаглаж байлаа. Тэр үед мэргэн жаал маш том жартаа чулуугаар татуулсан юм даг. Мөргөлчид жартааны дотор талаар явна. Үүдтэй. Үүдээр нь мөргөлчид орж гарна.Тэр үед нүүр амаар нь дүүрэн яр шарх болсон нэгэн аймаар хүн ирж Мэргэн жаалаар эмчлүүлсэн юм. Мэргэн жаал хар цох авчруулж сүүнд дүрээд эхлээд тэр хүний хамрын үзүүрийн шархан дээр тавихад цох шархыг нь идэж байгаад газарт унахад нь дахин сүүнд дүрээд хацарт нь тавьж идүүлээд тэр хүнийг эдгээж билээ. Нэгэн удаа Мэргэн жаал нутгийн олноор чулуу түүлгэж суварга босгуулж билээ. Тэгтэл нутгийн Дуламсүрэн хэмээх нэг ганган хүүхэн “ Чулуу хормойлуулж хувцас хунарыг минь муухай болгож, дээлийн хормой маань урагдчихлаа” хэмээн Мэргэн жаалд уурлажээ. Гэтэл Мэргэн жаал түүнд: “Чи үүнээс хойш хогон дотор амьдрах юм байна даа, Чиний бүх амьдрал чинь хогон дотор өнгөрөх юм байна даа” хэмээсэн. Үнэхээр л түүнээс хойш тэр эмэгтэй бүх насаараа хогон дотор ядуу амьдарч байсан даа. Энэ түүхийг Өмнөдэлгэр сумынхан бүгд мэднэ дээ” гэсэн байдаг.
    1944 оны намар Мэргэн жаалыг Хэнтий аймгийн төвийн дунд сургуульд оруулсан байна. Тэр үеийн Хэнтий аймгийн дарга Дондов гэдэг хүн сургуулийн багш нарт “Мэргэн жаалыг сайтар ажиглаж алхам тутмыг нь надад болон дотоодыг хамгаалахын даргад мэдээлж бай” хэмээн үүрэг өгчээ. Тэр үед мэргэн жаалтай хэсэгхэн хугацаанд хамт сурч байсан хүмүүс дурсахдаа: “Удалгүй намар болж хичээл эхлэхэд Өмнөдэлгэр сумаас ирсэн Ламаадан гэдэг хүүхэд улаан шар дээлтэй, тормолзсон сэргэлэн хар нүдтэй, улаа бутарсан шардуу царайтай, үсээ авахуулсан хүүхэд байсан сан. Сургуулийн дотуур байранд тэр хүүхэд амьдарч байхад нь сүсэгтэй хүмүүс, настай чавганц нар сургуулийн дотуур байранд дайрч орж ирээд тэр хүүхдэд сөгдөн мөргөж адис авдаг байсан. Хүүхдүүд дотуур байранд тэр хүүхдээс аав ээжийнхээ тухай, гэртээ хэзээ очиж чадах вэ? энэ миний атгасан гарт хичнээн ширхэг чулуу байна вэ? гэх мэт энэ тэрийг асуухад шууд хэлдэг , хэлсэн бүхэн нь үнэн байдаг байж билээ” гэдэг байжээ.
    Нэгэн өдөр Ламаадан хүү сургууль дээр хичээлээ хийж байснаа “Хүүхдүүд ээ. Хулгайч ирж явна. Үзэг дэвтрээ хямгадаарай” гэжээ. Сургууль дээр тэр өдөр жижүүр хийж байсан багш орж иртэл Ламаадан дахиад хүүхдүүдэд хандаж: “Хулгайч орж ирлээ. Үзэг харандаагаа далд хийгээрэй гэж гэнэ.Тэр жижүүр багш уурлаж: “Чи юу гэж хүн доромжлоод байгаа юм бэ?” гэхэд Ламаадан хүү түүнд “Чи хулгайч шүү дээ” хэмээн огт айсан шинжгүй хэлж байсан гэдэг. Дараа нь жижүүр багш Ламаадан хүүг захирал багшид ховлон матжээ. Захирал багш түүнийг дуудаж “Чи яагаад жижүүр багшийг хулгайч гэв? Багш хүн хулгайч байдаггүй юм. Дахиад багшийгаа хулгайч гэж хэлдэггүй юм шүү” гэхэд Ламаадан хүү: Тэр багш үнэхээр хулгайч. Танд хүн бэлэглэсэн улаан өнгөтэй үзгийг тэр багш хулгайлсан байна. Та үзэгнийхээ хойноос сэтгэл гонсгор явдаг юм байна. Тэр багш одоо гэртээ таны үзгийг авдрандаа хадгалж ихэд нууж байна. Заримдаа гэртээ хүнгүй үед гаргаж юм бичээд бусад үед далд хийчихдэг юм байна” гэсэн нь үнэн байсан гэдэг. Үнэхээр тэрхүү дайны үед нүдний гэм байсан авторучкийг нь хулгайч авчихсан болохоор захирал багш их л сэтгэл дундуур явдаг байжээ. Мэргэн жаалыг хэлсэн бүгд үнэн байсанд захирал ихэд гайхжээ.
    Ногоон малгайтнууд мэргэн жаалын аавыг нь Өмнөдэлгэр сумын нутагт хөдөө малаа хариулж явж байхад нь нууцаар баривчилж нийслэл хотод авчирч Ганц худгийн шоронд хорьжээ. Ногоон малгайтнууд Гомбын унаж явсан морийг нь эмээлтэй нь нутагт нь орхиж “Гомбо мориноосоо унаж, сураггүй алга болжээ” гэсэн худал цуу үг тараажээ. Удалгүй ногоон малгайтнууд бяцхан Ламаадан хүүг Өндөрхаан хотын сургуульд сурч байхад нь нууцаар баривчилж Улаанбаатар хотод аваачиж шоронд хорижээ.
    Хувьсгалт Монголын төрийн тэргүүн Х.Чойбалсан тэр үед Дотоодыг хамгаалах яамны сайд асан Цэдэвийг дуудаж: “Хэнтийн мэргэн жаалын эцэг, эхийг нь нэн даруй устга” хэмээн тушаал өгчээ. Долоон наснаасаа арван долоон нас хүртлээ Сэцэн хан аймгийн Санбээсийн хүрээнд арван жил бурхны ном үзсэн, хувраг байсан Чойбалсан эцэстээ ийм харгис улаантан болжээ. Чойбалсан арван жил хувраг байхдаа ядаж амьтны амийг тасалж болохгүй гэсэн бурханы ганцхан сургаалийг сурсан бол хүн алж хүрээ талахгүй байх сан, ямар ч гэм зэмгүй хорин хоёр мянган монгол хүнээ хөнөөхгүй байх сан. Ай халаг гэж.
    Ингээд 1944 оны 11-р сарын 13-ны өдрийн Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар тогтоол гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ямар ч гэм зэмгүй жирийн нэгэн малчин ард Гаравын Гомбыг 1948 оны 4-р сарын 14-ны өдөр Дотоод явдлын яамны орлогч сайд Дүйнхоржав, 2-р хэлтсийн дарга Болд нар буудан хороожээ. Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд мэргэн жаалын эх Ч.Янжинлхамыг нөхөр, хүүхдээ эрж Хэнтийгээс нийслэл хотод ирээд Гандан хийдэд мөргөл хийж байхад нь баривчилж, Түргэний голын дэргэд аваачиж 1948 оны 4-р сарын 6-ны өдөр ДЯЯ-ны 2-р хэлтсийн дарга Болд буудан хороожээ. Аравхан настай бяцхан хувилгаан хүүг Дотоод явдлын яамны хэлтсийн дарга, өнөөх Болд гэгч буудан хөнөөсөн гэдэг. Хожим нь “Болдын нэг охин Хятадад сурч байгаад хятадуудад хорлогдож нас барсан гэнэ.Үйлийн үр гэдэг ийм л юм даа” гэсэн яриа жараад онд орон даяар тарж байсан гэдэг. Бяцхан хувилгаан хүүд бурхны ном заасан хэмээн зохиомол ял тулгаж Норов ламыг мөн л Дотоод явдлын яамны ногоон малгайтнууд буудан хөнөөжээ. Мэргэн жаалыг амьд үлдээсэн, үлдээгээгүй гэсэн яриа үе үе гарч байлаа. Нэгэн удаа дотоод явдлын яамны хурал дээр уг асуудал босч “Мэргэн жаалыг яасан бэ?” гэсэн асуултад ДЯЯ-ны Дүйнхоржав,Болд нар “Маршалын тушаалыг ёсоор болгож гүйцэтгэсэн” гэсэн хариулт өгч байсан гэдэг.
    Харгис улаантнууд ингэж л монголын жирийн нэгэн малчин айлыг голомтоор нь хүйс тэмтэрсэн ажээ. Ийнхүү Манзушир Бурханы хувилгаан, Ламаадан хутагт, Мэргэн жаал хэмээн алдаршсан монголын хамгийн сүүлчийн хувилгаан бяцхан хүү цахилгаан цахих мэт хоромхон хугацааны амьдралдаа буянт үйл олныг бүтээж, аравхан настайдаа хүний арьс нөмөрсөн улаантан чөтгөрүүдийн гарт алтан амиа алджээ. Хайран хувилгаан хүү. Хайран эцэг эх. Хайран багш. Үүнээс хойш Монголд дахин хутагт хувилгаад мэндэлсэнгүй. Бурхад хувилгаад хүртэл нүгэлт Монголоос нүүрээ буруулжээ.
    Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар