Category: Монгол үндэсний түүх

  • ХЭРЭЭ ХАР Ч БУРХАНЫ ШУВУУ ГЭГДДЭГ. ХЭРЭЭНИЙ ХЭЛНИЙ ТАЙЛАЛЫГ МЭДЭЭД АВААРАЙ

    Гон, гон гэж дуугарваас идээ ундаа олох Тан, тан гэж дуугарваас жинчин хүн ирэх Хан, хан гэж дуугарваас элч ирэх Хайс, хайс гэж дуугарваас чоно хулгайд довтлох Гааг, гааг гэж дуугарваас төр төвшин сайн Сон сон гэж дуугарваас хүмүн бүгдэд муу Нэр нэр гэж дуугарваас нийт хүнд муу Гүү гүү гэж дуугарваас хүүхэн олох 3. Цагаар баримжаалан шинжихүй: Хулгана цагт – ноён хүмүнд муу Үхэр цагт – хонь малд үхэл болох Бар цагт – сайн хүн ирэх Туулай цагт – мах, архи ирэх Луу цагт – улсын дундаас бэлэгшээт үг сонсох Могой цагт – жуулчин эхнэр хүн ирэх Морин цагт – санасан хэрэг бүтэх Хонин цагт – хэрүүл гарна, их ном уншуул Бичин цагт – зочид ирнэ Тахиа цагт – үдэш буюу маргааш хүйтэн бороо салхи болох Нохой цагт – төгөлдөр сайн Гахайн цагт – охин, хөвгүүнтэй эхнэр ирэх гэж шинждэг байна.
    ХЭРЭЭНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ Хүмүүс хэрээ гуаглахад тийм ч таатай ханддаггүй. Ер нь аль ч үндэстэн ястан үлгэр домог зэрэгтээ хэрээг мөнхийн сөрөг дүрээр илэрхийлдэг. Гэвч манай ард түмэн аливааг сайн сайхан талаас нь харж тайлж чадвал муу зүйл үгүй гэх билэг билэгшээлтэй өвөг дээдсийнхээ уламжлалаар гэрийн гадаа хэрээ гуагалвал “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөх нь бий. “Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан” хэмээн аав ээжийнхээ ярилцаж байхыг сонсоод ихэд гайхсансан. Үнэхээр цагаан зүрхтэй байдаг юм болов уу гэж бодож билээ. Хэрээ “гэр бүлийн хувьд” бусад шувууг бодвол илүү бат бөх харилцаатай, нэг хостойгоо бүхий л насаараа хамт байдаг, нэгнийгээ үхэж үрэгдсэний дараа үлдсэн хугацаандаа ганцаараа амьдардаг, түүнийхээ араас “амиа хорлох” үйлдэл хийж хун шувуу шиг “уянгалаад” байдаггүй илүү ухаалаг, илүү өөдрөг үзэлтэй, тэвчээртэй, байгаль цаг уур, амьдралын олон бэрхшээлүүдэд дасан зохицож, даван туулах чадвар сайтай гэж шувуу судлаачид үздэг. Харин нөгөө нэг нь хосоо алдсан тохиолдолд түүнийг “гэр бүлийнхээ” гишүүнээр тооцож ангаахай, дэгдээхэйг нь хамтран өсгөлцөж, эзэмшил газар нутгаа нэгтгэн амьдралаа цааш үргэлжлүүлдэг байна.
    Хөгширсөн эцэг эх нь болох шувуундаа хоол зөөж тэжээсээр үддэг байна. Гайхалтай гэр бүлсэг, биедээ тусархуу, үүрээ аюулгүй газар нягт нямбай барьж чаддаг, бусад шувуу үүрэнд нь ирээд өндөглөчихсөн байвал булаацалдаад байлгүй шууд л яваад өгдөг, жил бүр нэг үүр шинээр барьдаг хөдөлмөрч, тусч, сайхан сэтгэлтэй гэхчлэн хүнд байдаг аль л эерэг чанаруудыг өөртөө агуулсан болохоор нь цагаан зүрхтэй гэсэн нь учиртай байж. Хүмүүс хун шувууг хамгийн үнэнч шувуу хэмээн үзэж хайр дурлалын билгэдэл болгодог, гэтэл хэрээ түүнээс ч үнэнч бөгөөд бие биедээ төдийгүй хүнд ч амархан дасаж, нэг сайн санасан хүндээ насан турш итгэж явдаг байна. Шувуу судлаачид хун шувуунд зүүсэн бөгжний тусламжтайгаар тэд хосоо алдсан ч ирэх жил өөр нэгэн хостой болоод ирж байгаа нь цөөнгүй тэмдэглэгдэж, өөр олон оронд насан турш нэг л хостой байдаггүй юм байна гэдэг нь батлагджээ. Хэрээ хар ч нутгийн шувуу, хун цагаан ч харийн шувуу гэх үг ч бий.
    Хэрээ хүн хоёрын нөхөрлөсөн бодит сайхан түүхийг “Хар шувууны цагаан түүх” номоороо нэрт зохиолч Ж.Дашдондог гуай түмэн олондоо хүргэж байсан билээ. Хон хэрээ, хар хэрээ, турлиах, шаазгай гэхчлэн хэрээнийхэн овогоос монгол нутагт 12 зүйл нь бий. Хэрээг шинжлэх ухаанд 20-25 насалдаг гэж үздэг. Дээрх номонд бичсэнээр бол 1948 онд таарсан хүн шувуу хоёр 60 жил нөхөрлөж байна гэж гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд бодит баримт юм. Тэр ч бүү хэл монголчууд хэрээг 300 насалдаг гэж ам дамжуулан ярьдаг ч хараахан нотлогдоогүй. Монголын төдийгүй гадаад улс орны бөө нар ч хэрээг “онгод тэнгэр явж байна” хэмээн шүтэж, билэгшээх нь түгээмэл. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн тайлбарладагаас үүдэлтэй ийм ойлголт бий. Харин буддын шашны талаас бол Гомбо хэмээх тарнитай, догшин бурхны дагуул гэдэг.

    Ямартай ч хэрээ маш зөнч, хэтэрхий мэдрэмжтэй амьтан. Сайн муу хүнийг хараад мэднэ, нэг харсан хүнээ хэзээ ч мартахгүй. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг хүний нүд хүрэхгүй газраас таньж, зугтах төдийгүй бусаддаа ч анхааруулна. Бид хатуу зөөлний тэмдэгээ хасаад 33 үсгээр авиа тэмдэглэдэг бол хэрээ 46 орчим авиа гаргаж хоорондын харилцаанд ашиглана. Өөрийнх нь эзэмшил нутгаар урьд өмнө үзэгдээгүй амьтан, хүн, машин, техник гэхчлэн юу л байна тэдгээрийг орчин тойрондоо зарлан мэдэгдэнэ. Бусад шувуу амьтад хэрээний гуаглахыг сонсож мөн хөдөлгөөнөө зохицуулна. Анчид буугаа доош нь харуулж үүрдэг нь бас учиртай. Учир нь хэрээ бууг өргөнөөсөө нарийссан хэлбэртэй буюу гозгор мод мэт дээшээ үзүүртэй байгаагаар нь таньж гуаглавал тэр өдрийн аз хийморь анчинг дайрахгүй л гэж ойлго. Учир нь хэрээ бууг таниад бүгдэд зарласан гэж ойлгож болно.
    Хэрээ хүчтэй салхи шуурганы өмнө гуагалж цаг агаарын таагүй үзэгдлийг хүмүүст мэдээлдэг. Голын эрэгт хоёр хэрээ амнаасаа уур савсуулан хоорондоо ярьж буй мэт сууж байвал хэсэгтээ л тухайн орон нутагт дулаан, тогтуун байна гэсэн үг. Намар хэрээ олноороо цуглана. Энэ нь эцэг эхийн эзэмшил нутгаас нүүж шинэ газар нутаг хайхаар гарч байгаа нь тэр. Харин эцэг эх нь анх нутагласан газраасаа нүүдэггүй, тэр орчмынхоо хэл улыг дамжуулан, бараг л тэр гуай, энэ гуай гэх нь холгүй бүгдийг таньж, дасаж дадсан нутаг орондоо насаа бардаг байна. Өөрийн эзэмшил нутагтаа байж байгаль эх дэлхийгээ элдэв сэг зэм, үхэж хатсан амьтны үлдэглийг цэвэрлэн, халдвар нян тарахаас сэргийлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч гэж хэлж болно. Хэрээний нэг онцлог нь химийн утаанд хорддоггүй. Гэрийн гадаа хэрээ гуаглахад муу ёртой гэхээсээ илүү болох гэж буй сайн мууг хэлж өгч байна гэж ойлгох нь зөв юм. Болох ёсгүй байсан муу муухайг энэ хэрээ л дуудаж авч ирэх гээд байна гэж ойлголгүй, дотоод зөн билгээ чагнаж эх байгалийнхаа дохио чимээг анхааран сонсож болгоож сэргээж явууштай. Шувуу болон байгаль эх хүнд хараал хийдэггүй, мууг ёрлож дууддаггүй. Хүн л өөртөө муу муухайг дуудах нь бий. Тиймээс монголчууд аливаа ёр зөнг сайнаар тайлж ерөөл болгон өргөж амьдарч иржээ. Сайн муу ямар ч мэдээг бусад амьтдаас илүү хамгийн түрүүнд орчин тойрондоо зарладаг учир хүмүүс хэрээг сайтар чагнаж байх хэрэгтэй юм
    ИНГЭЭД ТА БҮХЭНДЭЭ “ХАР ШУВУУНЫ ЦАГААН ТҮҮХ БУЮУ МАЛЧИН БҮСГҮЙ БӨМБҮҮЛЭЙД ТОХИОЛДСОН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ”-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ——————————— Малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Дайны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Тэр хавар бүсгүй дөнгөж арван найман нас хүрээд байлаа. Аргал түүж яваад хээрээс хөлөө хугалан нисч чадахаа байсан хэрээ олжээ.Говьд хаврын тарчиг цагт өлссөн хэрээ ядарсан цагаан зээр барих гэж байгаад зээрэндээ даруулж унан гэмтсэн нь тэр байжээ. Бүсгүй хэрээг өрөвдөн хугарсан хөлд нь мод барин боогоод аргандаа үүрэн гэртээ авчирчээ..
    Хэрээнд хоол өгч бусад цагт нь араган дотор хийгээд орхино. Сүүлдээ хөл нь ч эдгэрч өөрт нь дасч бүсгүйн гараас хоол идэх болжээ..Хөл нь эдгэсэн юм чинь яваг гэж бодоод араган дотроос нь гаргасан боловч явсангүй. Тэр цагаас хойш хэрээ хүн хоёрын нөхөрлөл эхэлж энэ жил жаран нэг дэхь хавартайгаа золгож байна. Бөмбүүлэй гуай ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрээг хугарсан хөлний бороолсон хэсэг дээр ургасан цагаан үсээр нь танина. Хэрээний хөл эдгэхдээ олом жирэм, унаганы ногтны ормоор олойртсон байдаг шиг цагаан үс ургасан байдаг тул түүгээр нь ялгадаг байжээ.
    Бөмбөөлэй гуай надад ярихдаа: Хэрээг хараал хийдэг хар өнгөтэй гэж л боддог байлаа.. Хэрээ хүний ачийг мартдаггүй сайхан сэтгэлтэй шувуу юм билээ. Монголчууд хэрээг гурван зуу насалдаг гэдэг. Миний хэрээ анх надтай учрахдаа хэдэн настай байсан юм бүү мэд. Эр эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Тэхдээ миний энэ муу шувуу “бүсгүй” амьтан байгаа юм гэж билээ.
    Улс амьтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ хөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ аашлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд л ирнэ. Тэдний гэрээс холгүй үе дамжин нутаглаж ирсэн Гүн¬шандны хайлаасны нэгэн дээр хэрээ үүрээ засжээ. Хэрээ ухаантай гэдэг үнэн . Бөмбүүлэй гуай хааяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ: Ажил хийгээд завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуув гэж аашлахад хэрээ ихэд гэмшсэн маягтай өндөөр нисч малаа харчихаад эзнээрээ эрүүлэлгүй мал дээрээ дагуулаад очно..Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт, уурганы хуйв, малын тушаа, гялгар зүйл, толь, халбага сэрээг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчирах тул хүмүүс хэрээгээрээ хулгай хийлгэлээ гэж хэлэх бий гэхээс санаа зовдог байлаа.. Хэрээ хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэл өгнө.Хэл өгч байгаа нь андашгүй тоонон дээгүүр далавчаа шуугиулан ниснэ, гуаглана.Тэгээд л дагуулаад очно. Бүр нэг нь хургалсан хонио гэрээс хүн иртэл ээрч байна. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ..Уншигч та юун хоёр дахь хэрээ гараад ирэв гэж гайхаж магад. Анх ирсэн хэрээ эм хэрээ байсан тул “нөхөрт” гарч үргэлж хоёул явдаг байлаа. Тэр ч байтугай хөгшнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нь эртэйгээ хоёул эргэж очсон байдаг юм.Бас нэг сонин юм болжээ. Нутгийн нэг матаач Бөмбөөлэй хэрээ шувууны хэл мэддэг, хараал хийж магадгүй гэж дээд газарт алтан хошуу өргөжээ.Түүнийг шалгахаар аймгийн намын хорооноос хүн ирж шалгахад мань хүн: Ямар юмных нь хэрээ шувууны хэл мэддэг юм.Хээрээс нэг өвчтэй шувуу олсон эдгээд л нисээд явчихна билээ гэжээ. Түүний дараахан нэг өдөр хэрээ нь үр хүүхэд хань ижил нь бололтой тав зургаан хэрээ дагуулаад ирэхэд нь Бөмбөөлэй гуай хоол өгөх зуураа: Та нараас болж намайг шалгасан. Дахиж битгий ингэж олуулаа ирж бай гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнх нь ойролцоох хайлаасан дээрхи үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэш ховордож хэрээ өлсөх тул Бөмбөөлэй гуай өвөл идэш хийх үед гэдэс дотрын өвдөл цөвдөл базаана. Хадгалж байгаад хоол унд ховордсон үед шувуундаа өгнө.
    Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно.Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрүүл юмуу согтуу хүн агсан тавих юмуу таагүй зүйл болдог байлаа. Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан. Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана.Яагаад ч юм явахыг нь мэднэ.Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ.Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих бий гэж боддог юмуу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна. Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа. Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод” шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш хулгай хийхээ байсан гэдэг. Тэр жил намар өвлийн заагаар Бөмбүүлэй гуайн бие чилээрхэж суудлаар хот явж эмнэлэгт хэвтэхэд нь түүнийг хэрээ нь эргэж ирсэн тухай Бөмбүүлэй гуай: -Хөөрхий минь намайг эргэж ирсэн нь үнэн.Тэр холоос яаж ирсэн юм хөөрхий. Их сэрүү орсон цаг байсан. Вагонд суухыг харсан болохоор шөнөжин суудал дагаж ниссэн байх. Эсвэл суудлын дээр суугаад ирсэн юм шиг байгаа юм Эмнэлэгт нэг палатанд хэвтэж байсан хүн: Маргааш хагалгаанд орох гэж байхад муу ёрын юм. Энэ хоёр хэрээ хэд хоног цонхон дээр суугаад байх юм гэхэд хөгшин : Миний муу хоёр шувуу намайг санаад бүр хар царайлчихсан бээвийгээд сууж байна гэж дуу алдсан гэдэг. Хоёр хэрээ нь эзнээ харсныг мэдээд баярлалдан нисч байсан гэнэ.Хөгшин хэрээ нь эргэж ирснийг хүүхдүүддээ дуулгаж мах авчруулан сайн гэгч нь хоол өгөөд: Та хоёр чинь гэр орон мал хуйгаа хаячихаад яаж яваа хүүхдүүдэв. Би удахгүй эдгээд харина. Хотын хэрээнүүдэд гадуурхагдаж хог идэж явсан биз .Одоо харьцгаа гэхэд хоёр хэрээ нь аав ээждээ зэмлүүлсэн хүүхэд шиг яваад өгчээ…Энэ хоёр хэрээ эмнэлэгт хэвтсэн эзнээ эргэхийн тулд хэдий хэр холоос ирснийг бодож үзье. Бөмбөөлэй гуай амьдардаг Хөвсгөл сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 170 км¬т байдаг хилийн сум.Сайншандаас Улаанбаатар хүртэл 450 км байдаг юм. Тэхээр хоёр хэрээ 620 км газраас нисч ирсэн байна. Шандаас хот орох суудлын галт тэрэг оройн 9 цагт хөдөлж өглөө 9 цагт хотод ирдэг юм. Тэхээр Бөмбүүлэй гуайн хоёр хэрээ шөнөжин нисэх юмуу вагоны нэг хэсэг дээр шөнөжин сууж явсан байж таарна.
    Хотод буухад нь эмнэлэг хүртэл бас л сэм дагаж. Гарч ирэхгүй болохоор нь хөдөөнийхөн үзүүлдэг 1¬р эмнэлгийн 300 гаруй цонхыг нэг бүрчлэн харж эзнээ хайсаар эзнийхээ хэвтэж байгаа палатыг нь олоод ирсэн байх нь. Намрын сэрүү орсон үед хоёр шувуу буцаад харихдаа бас л 600 км гаруй явж очно гэдэг шувуу байтугай хүнд ч амаргүй ажил . Бөмбөөлэй гуайн хэрээ сайн санаатай хүнийг андахгүй. Ялангуяа тус сумын Л.Гайхал гэдэг хүнд сайн байсан гэдэг. Өөрийг нь эзгүй бол ач охиноос нь л хоол авч иднэ.Өөр хэний ч өгсөн хоолыг иддэгүй гэнэ.Би аймгийн сонины эрхлэгч байхдаа Хөвсгөл сумын Чулуут багийн өдөрлөгт очиж телевизийн нэвтрүүлэг хийх замдаа сумын засаг дарга Батмөнх, тамгын газрын дарга Ц.Чулуунбаатар нараар газарчлуулан Бөмбүүлэй гуайн очиж билээ. Хэрээний зураг авах гэж яваа тухайгаа хэлтэл хөгшин: -Ирэхгүй ээ? Манай шувуу тоо мэддэг юм. Сая та нар машинаас хэдүүлээ буусан бэ гэж асуусан. Бид тавуулаа буусаан гэтэл: Тэгвэл таван хүн машинд буцаж суугаад явж байгаа юм шиг гэрээс далд очоод хүлээж бай. Түүний дараа л нэг ирж магадгүй гэв Бусдыгаа машинд суулгаж явуулаад оператортайгаа хоёул үлдлээ. Зураг авах камертай хүнээ бараан дотор нуугаад би гэрийн хаяагаар харж хүлээлээ. Бөмбөөлэй гуай хүн дуудаж байгаа юм шиг дуудтал хэрээ хаанаас ч юм нисээд ирэх нь тэр. Тэгснээ өнөө хэрээ зураг авах гэж нуугдсан операторын толгой дээр очоод суучих нь тэр. Ингээд бид зураг авч чадалгүй буцаж билээ. Ямартай ч хэрээний тухай тэр сонирхолтой мэдээг Сайншанд телевизээр явуулахдаа манай зураглаач аймгийн Мах комбинат дээр очиж өөр хэрээний дүрс оруулсан гэдэг юм.Хэрээ хамгийн урт настай шувуу гэдэг. Бас цагаан завьжтай хэрээ хамгийн урт настай юм гэсэн.Говийн жирийн малчин бүсгүйтэй 1948 он буюу одоогоос 61 жилийн тэртээ хувь зохиолоор уулзсан хэрээ хэдэн настай байсан юм бол.Хорвоогийн амьдрал баян юм болохоор хэрээ муу хүнээс илүү ач тусыг ойлгон цайлган сэтгэл монгол ижийг 60 гаруй жил бараадан яваа бус уу.Хөгшин өөрийнхөө хэрээг эм шувуу гэж боддог юм билээ. Харин хэрээний эр болох том биетэй хэрээ бол нөхөр нь. Түүнийгээ хөгшин Миний ааштай шувууг бодвол эр том биерхүү. Ааш зан нь дөлгөөн. Бас хүнийх шиг сайхан хар нүдтэй.Хоол ундаа жижигтээ авчирч өгнө.Нэг бус удаа бусад хэрээнээс хамгаалж байхыг нь бодвол гэрийн эзэн юм шиг байгаа юм гэж хэлсэн нь сонин.Ингэж газрын хүн, тэнгэрийн жигүүртэн хоёр нөхөрлөсөн сонин түүх ийм буюу.Ж.Дашдондог “Хар шувууны цагаан түүх”

  • ХУВИЛАЙН ШҮЛГҮҮД

    Хөх манан хөшилдөнө
    Хөх манан хөшилдөхөөр
    Хөх туг нь үзэгдэнэ
    Хөх шандын бууцан дээр
    Хөх шувуу хагсана
    Хөх шувуу нь хагсахаар
    Хөх ах минь бодогдоно
    Хөх шандын бууцан дээр
    Хөх тэнгэр өнгийнө
    Хөх тэнгэр нь өнгийхөөр
    Хөх Монгол өндийнө
    ЧИНГИСИЙН ЭМЭЭЛ
    Гүйгээд гарвал уяан дээр намрын салхи буйлна
    Гүүн цэнхэр тэнгэрээр нь сүрэг цагаан шувуу ихэр татан буцна
    Цахилдагын хайч эмтрээд Монгол нутаг хонгортоно
    Цайгаа самарсаар ээж минь хүүгээн хүлээнэ
    Үлгэрийн сайхан баатрууд нь тэнгэрийн хаяаг өргөсөөр холдлоо
    Үүрийн туяаг нөмрөн эзэн Чингис л буцаад давхина
    Байсхийгээд л зүүдэнд минь цагаан шонхор шувуу хагсах юм
    Байм хол Хулан ууланд чонын утаа манарах юм
    Эзэн минь хаа явчихав гэж би тас шувуунаасаа асууна
    Эзэн чинь хаана байна гэж дэлхий надаас нэхнэ
    Дээдэс минь хол яваагүй
    Дэлгэрэх нь Монголдоо л байна
    Дээлийнх нь үнэр надад байна
    Хөх Монголын эзэн Чингис хол яваагүй
    Хөлстэй эмээл нь Ордост бий
    Эмээлээ хаяандаа тавьсан
    Эндээс холдоод хаа очих вэ? дээ.
    МИНИЙ МОНГОЛ
    Шувуу төөрдөггүйн учир
    Өд нь тэнгэр байсных
    Загас нь мэгшдэггүйн учир
    Нулимас нь далай байсных
    Хөлөг морь нь унтдаггүйн учир
    Хөдөө арлаан санасных
    Хөх өвс нь гунддаггүйн учир
    Хөглөгөр Алтайгаан үгүйлснийх
    Бид унадаггүйн учир
    Бичиг минь босоо байсных
    Бид унтардаггүйн учир
    Билиг минь тэнгэрийнх байсных
    ДУУ: Хувилай хаан
    Шар талын цэцэгс чамайг мартахгүй
    Шархтайхан чулуу чамайг мартахгүй
    Булсан хотын буурь чамайг мартахгүй
    Урагдсан тугийн сэмрээн чамайг мартахгүй
    Одтой хөх тэнгэр чамайг мартахгүй
    Онгоцон борог дээр чамайг мартахгүй
    Ууж явсан голоо чамайг мартахгүй
    Уужуу сайн ээж чамайг мартахгүй
    Хувилай хаан, Хувилай хаан
    Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
    Хунан цагаан адууд чамайг мартахгүй
    Богдын Чингис шувууд чамайг мартахгүй
    Бууцаа сахисан хүү чинь чамайг мартахгүй
    Буурал түүхийн үнэн чамайг мартахгүй
    Хувилай хаан хаан богд оо
    Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
    Хувилай хаан Хувилай хаан
    Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
    Хувилай хаан Хувилай хаан
    Үлдэц галыг тань үйлдэж явсны учир нь шүү бид ээ.
    Shirchin Baatar
    28 May 2015 ·

  • ХЭРЭЙДИЙН ВАН ХАНЫ ОРДОН БУЮУ ТУУЛЫН “ХАР ТҮНЭ ОРД” ДУРСГАЛТ ГАЗРЫГ ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДАЛЖ БАЙНА

    Түргэний балгас – Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг 1966 онд Х.Пэрлээ нарын судлаачид илрүүлэн 1979 онд гүймэг судалж, судалгааны үр дүнд илрүүлсэн олдворуудад тулгуурлан тус хэрэм нь Кидан улсын үед холбогдох “Түргэний голын балгас” хэмээн бичсэн байдаг. Мөн 2005-2006 онуудад МУИС-НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхим болон Чингис хаан дээд сургууль хамтран археологич Д.Навааны удирдлагаар бага хэмжээний малтлага судалгаа явуулж, хэрмийн төв дунд орших гол байгууламжийг 400 метр кв талбайгаар цэвэрлэн ил гаргажээ.
    Малтлагын материал болон дурсгалын байршлыг харгалзан “Туулын Хар Түнэ Орд” буюу Ван ханы ордны туурь мөн хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.
    Ийнхүү сүүлд 2021 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тус дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, тус барилгын хэрэглэгдэхүүн болон илэрсэн олдворуудын дийлэнх нь хэлбэр дүрслэлийн хувьд Буддын уламжлалт хэв загварыг хадгалсан бөгөөд уг байгууламжийг тусгайлан зассан тавцан суурин дээр байгуулсан зэргээс харвал Буддын шашны байгууламж байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн өөр соёлт давхарга бий эсэхийг шалгаж үзэх шаардлагатай ба малтлага судалгаагаар дамжуулан:
    • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших эртний хот суурингийн дурсгал болох “Түргэний голын Кидан балгас” буюу зарим судлаачдын үзэж буйгаар Ван ханы орд-Туулын Хар Түнэ орд хэмээх хэрэмт байгууламжийг тусгайлан судалж, Монголчуудын хот байгуулалтын уламжлал, түүхэн цаг үеийн хамаарлыг нарийвчлан тодруулах;
    • Монголын нууц товчоонд Хэрэйдийн Ван хан Тэмүүжинтэй хамт Улиастай, Гачууртад ан ав хийгээд маргааш нь Туулын Хар Түнэ ордон руугаа буцсан гэх зэргээр тэмдэглэгдсэн байдаг. “Туулын Хар Түнэ” ордон болон өмнөх судлаачдын үзсэнчлэн Кидан улсын үед хамаарах бэхлэлт хэрмийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн дагуу малтлага судалгаа хийн, дээж авч байгалийн шинжлэлийн аргаар он цагийг нарийвчлан тогтоох;
    • Ван ханы Туулын Хар Түнэ орд гэх байгууламжийн архитектурын онцлог, түүний тусгайлан дэлдсэн суурийн бүтэц, байгуулсан арга, хүрээ хэмжээ, үүрэг зориулалт зэргийг нарийвчлан гаргаж ирэх зорилготой юм.
    БОГДЫН МУЗЕЙ, ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДТЭЙ ИЖИЛ СҮМ ХИЙДИЙН БАРИЛГА БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
    ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд:
    “Өв соёлын голомт” түүх археологийн төсөл эхний жилдээ хэрэгжиж байна. Бид энэ оны зургаадугаар сарын сүүлээс эхлэн 45 хоногийн хугацаанд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн бөгөөд соёлт давхаргын хувьд хамгийн эртнийх нь Киданы үе, дараах нь Их Монгол Улсын үе, хожим бурхны шашны дунд дэлгэрэлтийн үед сүм хийд барьж байсан тууриуд илэрсэн. Энэ жилийн хувьд бид голчлон нэгдүгээр барилга болох өндөр довжоотой барилгад малтлага, бага хэмжээний сорилын малтлага хийснээр судалгааны ажил маань амжилттай үргэлжилж байна. Судалгаагаар уг орд нь боржин чулуун суурь бүхий дөрвөн том баганатай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрстэй маш гоёмсог, та бүгдийн мэдэж байгаачлан Богд хааны музей, Эрдэнэ зуу хийдийнхтэй ижил вааран дээвэртэй байгааг харахад сүм хийдийн барилга байсан гэдэг нь тодорхой болсон. Мөн урьдчилсан байдлаар тахилын гол барилга дотор бадмууд суурьтай бурхдын сэнтий олдсон бөгөөд архитекторын хэмжилтийн зураг хийгдэж, үүн дээр тулгуурлаад зургуудыг сэргээх ажил явагдаж байна.
    “Өв соёлын голомт” урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг Голомт банк санаачлан, Археологийн хүрээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, энэ жил археологийн ажлаа ийнхүү эхлүүлээд байна. Цаашид ч Монголын соёлын өвийг дэлхийд таниулах түүх археологийн олон төслүүд дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах юм байна.

    Sonin.mn

  • ДАРХАН-УУЛ АЙМАГТ СЯНЬБИГИЙН ҮЕИЙН ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШНЫ МАЛТЛАГА ХИЙГДЭЖ БАЙНА

    20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байгаа юм байна. Малтлага 2023 оны долоодугаар сарын 31-нд дуусна гэж Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

  • ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН МОНГОЛ ОРНЫ ДОТООД ХЭВ СУРТАЛ:

    Хааяа мал алдах зүйл байвч олсон хүн нь хадгалж байх буюу эс бөгөөс уг эзэнд нь эргүүлэн тушаана хэмээсэн бөгөөд Чингисийн үед байсан Нанхиадын Мин Хун хэмээх эрдэмтэн өгүүлсний дотор Монголын дотор хэрүүл тэмцэл байсныг үзсэнгүй хэмээсэн ба бас Арабийн нэгэн бичгийн хүн Монголын дотор морины хулгай байсангүй хэмээн бичсэн байна хэмээжээ.
    Монголчууд нэг нь нэгнийг хүндэлж, хоорондоо эвтэй, найрамдалтай, хоол идэшээ хуваалцан идэлцэнэ.
    Хоёр гурав хоног хоол идэхгүй явавч цатгалан мэт дуулж наадах зэргээр ер бачимдахгүй, халуун хүйтнийг сайнаар өнгөрүүлж чадна.
    Харилцан нэгэн нэгэндээ муу санах, хордох явдалгүй, чадах чинээгээрээ биэ биесэд тусалдаг гэж тэмдэглэн үлдээжээ.
    Монголын товч түүх 1934 он
    Чингис хааны 772 он.
    А.Амар

     

  • Б.Ринчен: Хятадууд ухаантай хүмүүс

    Хоосон олон үг дэмий
    Хотол олонд тустай
    Бүтээлт үйлс эрийн чимэг.
    Чин зориг барьж
    Чинээгээрээ зүтгэж,
    Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр.
    Эр хүн бол,эр хүн шиг бай.
    Зөв гэж бодвол зүрхтэй бай.
    Үнэний төлөө үхэхээс бүү ай.
    Журам алдаж,нэр хугарснаас
    Зуу дахин үхсэн нь дээр бий.
    Царай алдаж биеэ бузарлаад
    Амьд явсны хэрэг чамд
    Ашигтай гэж бодвол дэмий.
    Эр хүн бол, эр хүн шиг л бай.
    Энэ ертөнцийн жаргалаас эрх чөлөөгөө өгвөл
    Эр биш ээ, эрэнцэр.
    Жаргалын төлөө биеэ худалдвал
    Шившгийн муу тэр ээ.
    Гуйж явсан ч яамай,
    Эрх чөлөөгөө л бүү алд.
    Эр хүн бол эр хүн шиг бай.
    Тэмцэлд зоригтой бол,
    Тэнгэр хүмүүс хэн ч дарж чадахгүй чамайг.
    Догшин их салхинд дайруулавч
    Хуга татуулахаас хулчийж бөхийдөггүй
    Хатан царс мод шиг бай.
    Зургийн тайлбар :
    Судар бичгийн хүрээлэнгийн шинэхэн ажилтан 22-23 настай Бямбын Ренчин. 1927-28 он
    БНХАУ-д зочилон явж байхдаа Бямбын Ринчен гуай нэг удаа Түмэн газрын Урт Цагаан хэрэм үзжээ. Гадаад, дотоодын олон аянчин, жуулчидын нүдэн дээр, гэнэт Ринчен гуай Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ. Цуг явсан орчуулагч нь ихэд гайхаж :
    * * *
    -Та яаж байна аа? гэсэнд
    -Энэ хэрэмнээс урагших нь Эртний түүхт Хятадын нутаг Эгц өндөр хэрэмнээс хойших нь
    Эзэн Чингисийн удмын Монгол нутаг
    Хүн /Хүннү/ гүрний довтолгооноос сэргийлж
    Хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм
    Нутагтаа ирсэн хүн чинь Нуруугаараа хэвтэж болно биз дээ хэмээгээд, хэвтэхэд нь зарим хvмvvс энэ газар эртнээсээ хятад угсааныхан амьдарч байсан энэ тэр гэж л дээ. Тэгэхэд нь их багш -Хятадууд ухаантай хvмvvс ээ. тэд хэзээч гэрийнхээ дундуур хашаа хатгахгvй. гэж амын тагласан гэдэг.

     

  • ВАНСЭМБЭРҮҮ

    голын урсгалын шүржигнээт дуу ямар нэг хөг аяыг сэтгэлд гижигдэнэ. Голын хоёр эргээр хаяа нийлүүлэн буусан олон айлын дэргэдүүр өнгөрөв. Энэ жил хавар, зун сайхан болсон болохоор хүн ардын сэтгэл тэнэгэр, малын зоо тэнүүн харагдана.
    Их уулын бэлд ирэв. Миний байгаа орчинд бороо ч намжлаа. Олон өдөр үргэжилсэн бороо биднийг машинтайгаа дээш өгсөх боломжийг хязгаарлав. Тэгээд уулын огцом оргил өөд явганаар мацаж эхлэв. Хамт яваа залуучууд аль хэдийн урагшаа тасарч одов. Эхлээд 20 метр дутам амарч байсан бол дээшлэх дутам 10 метр дутам, улмаар 5 метр дутам амарч дөтөлсөөр урагшлав. Хамт яваа нөхдөөсөө улам хоцров. Бүх биений хөлс асгарч, амьсгал багтарч, хөл цуцна. Аргагүй биз. Ширээний ард ном, цаастай ноцолдож өдрийг бардаг миний хувьд энэ удаагийн аялал биеэнд огцом ачаалал өгсөн гэнэтийн аялал байлаа. Өндөр уулын хугаст хүрч янз бүрийн хэлбэр дүрс агуулсан хад асганд хүрэв. Асга хадан дунд халтирчихгүйг хичээн харайж явахдаа нүдний үзүүрт нэгэн зүйл торох шиг болов. Зогтусан тэр зүйлийг нүдээ гүйлгэн хайлаа. Асга хадны дунд хэсэгхэн зүлэг ногоо байх агаад түүний захад нэгэн өнгө цацруулсан цэцэг байгааг харав. Эхлээд хэсэгхэн хугацаанд сонирхон харж зогсов. Тэгээд өөрийн эрхгүй “Нааш ир, энд том цэцэг байна” гэж орилов. Юм олж харсан, сониуч зан хөдөлсөн, бас олзуурхан хашгирсан миний дуу надаас холдсон нөхдөд тэр дороо хүрэв. Тэд төдөлгүй миний дэргэд ирэв. Тэдний нэг нь “Вансэмбэрүү” гэж ориллоо. Тэгэхэд толгойд минь ийм цэцэг байсан юм уу гэсэн зурвас бодол гялсхийн орж ирэв.

    Хорин долоон жилийн өмнө Их хайрханы оройд цэргийнхэн авиралт хийж байсан санаанд буув. Цэрэг эрс буу зэвсэгээ агсан, цанын ботинк өмсөж, түүндээ “муурын хумс” бэхлэж, бие биетэйгээ уулчдын нэрлэдэг “үндсэн” олсоор хоорондоо холбогдсон хоёр баг Их хайрханы онгоц мөргөж сүйрсэн тэр талаас нь авирч байсан сэтгэлд бодогдов.
    Их уулын оргилд гарав. Энэ оройгоос алс холын газар нутаг, уул ус, нуур, гол мөрөн зурсан зураг шиг харагдана. Их хайрханы оргилд гарсаны дараа хүн болгон дэвхцэж цовхцож, баяр хөөрөө сэтгэлээсээ гадагшуулан баясан гүйцгээж байлаа. Биднийг ахалж явсан “мэргэжлийн уулчин” бүгдийг цуглуулан нэгээхэн хэсэг газрыг “уулчны алх”-аар тогшиход цас цөмөрч ёроол нь харагдахгүй их ангал үүсэв. Одоо бид хүлцэнгүй номхон дуулгавартай нэгэн болов. Заасан газраар явж бөөндөө нэгдэн зураг хөргөө татуулав. Тэгээд авч гарсан хүн нэг бүрийн зэвсэг болох гар буу, автомат, тасгийн пулеметоор ёслолын буудлага хийлээ. Олон төрлийн бууны дуу, уулын оргилын цуурай давтамж нэгдэн сүрлэг дуу авиа тархав.
    Гэтэл тэрхэн агшинд их оройг тойрон үүлс хуралдан цас орж салхи ширүүсэв. Бид яаралтайгаар оргилоос буух маршрутаар хөдлөв. Ууланд авирч гарахаасаа буух нь хэцүү гэдэг.
    Сүйрсэн нисэх онгоцны багийнханы оршуулсан гэх чулуун овоо, онгоцны ослоос үлдсэн агааржуулах “мөгөөрсөн” хоолойны үлдэгдэл, онгоцны сүүлний далавч, цаахан нь уулыг нэвт зүссэн тогтоц бүхий гүн ангал харагдана.
    Бид ууланд авирах бэлтгэл хийх зорилгоор ноён оргилын эргэн тойронд дахь бүх уулын оройд гарч билээ. Хэн нэгний нь ээжийн бие муудсан түүнд Вансүмбэрүү өгвөл эдгэх тухай яриа гарч, бид ч хэрдээ түүнд туслах санаатай тэр хавийн уулсыг бүхэлд нь самнаж билээ. Тэгээд Вансэмбэрүү цэцгийг олсонгүй, Их хайрханаар нэрлэсэн арцтай, бас хүлхэдэг бөөрөнхий чулуутай, “хайлдаг” элстэй буцсан юмдаг.

    Одоо миний өмнө тэр олон жилийн өмнө хайгаад олдоогүй цэцэг харагдана. Түүн рүү тун болгоомжтой дөхлөө. Тэр цэцгийн тухай дуу, шүлэг, домог, хачин жигтэй түүхийг олонтой сонссон болохоор тэгж их болгоомжилсон байхаа.
    Цэцэг залуухан, дөнгөж л дэлбээгээ хумж эхлэж байгаа үе нь бололтой. Цэцгийн дэлбээний хэсэг тод цагаан гэгээнлэг өнгийг өөрөөсөө ялгаруулна. Миний үзэж харж байснаараа төсөөлөн бодвол түүнийг харанхуйд гэрэлтэх фосфорын гэрэлтэй зүүрлэв.
    Нялх хүүхдийн зулайд хүрч байгаа мэт эмзэгхэн, алгуурханаар гараараа цэцгийн дэлбээнд хүрэв. Хөвөн шиг зөөлөн зүйл гарт мэдрэгдэв. Түүнээс цааш би гар хүрч зүрхэлсэнгүй. Тэгээд гараа авлаа. Нөхдүүдийнхээ зөвлөснөөр гарынхаа алгыг үнэрлэв.
    Ямар сайхан, бас гоёхон үнэр ханхалсан гээч. Дэлхий дээр хүнд таалагдах үнэртэн хийх гэж хичнээн олон нарийн мэргэжлийн хүмүүс амьдралаа зориулж, хичнээн олон хүн хөдөлмөрлөж байгаа билээ. Гэтэл дэлхий, байгаль эх өөрөө энэ бүхнийг бүтээчихсэн байдаг. Байгаль эх өөрөө юутай нууцлагыг бас гайхамшигийг өөртөө агуулна вэ. Цэцэг өөрөө, түүнээс ялгарах өнгө, бас үнэр нь намайг Вансэмбэрүү цэцгэнд дуртай бас хайртай болгож орхив.
    Амьдралдаа би олон цэцэгтэй таарч явсан. Манайхан, хүмүүс хоорондын харилцаанд сарнай цэцгийг өргөн хэрэглэж ирсэн билээ. Телевизорын дэлгэцээр цэцэгсийн тухай дэлхийн уралдаан тэмцээнийг үзэж байсан.
    Умард солонгост хоёр их удирдагчийнхаа нэрээр нэрлэсэн цэцгийн музейг үзэж, тэрхүү цэцгийн дэргэд дурсгалын зургаа авахуулж явсан.
    Хүүхдүүдээ дагуулан Улаанбаатар хотын төвийн хэдэн үнэртэн зардаг дэлгүүрүүдээр явж, бүхий л үнэртэй усыг үнэрлэн сонголт хийж байсан цаг саяхан. Тэр бүхэн одоо Вансэмбэрүү цэцгийн дэргэд зүйрлэх юмгүй мэт сэтгэгдлийг төрүүлэв.
    Хүн үзэж харсанаараа бүхнийг жишиж, бас харцуулж дүгнэдэг. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан үнэртэй, гайхамшигт үзэсгэлэн гоо цэцэг–Вансэмбэрүү байлаа. Өндөр уулын оройд шахуу газраа сонгон ургасан энэхүү цэцэг онгон байгалийн зэрлэг төрхийн өөртөө шингээсэн, ертөнцийн гоо сайханы бахархал байлаа.

    Бид оргил өөд мацлаа. Байгаль дэлхийн бүтээсэн үзвэр, хад асганы дүрсийг ажиглан, өнгө алаглах ногоо цэцэгсийн зүг нүдээ билчээн урагш тэмүүлэв.

    Хад асгадаар өөрийгөө тойруулан хамгаалуулсан жижигхэн дэвсэг зүлгэн дунд гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах Вансэмбэрүү цэцэгтэй дахин таарлаа.
    Цэцэг бүхэн дэргэдээ байгаа аль нэгэн хадыг нөмөрлөн ургасан харагдана.
    Хүн хүнээ түшиж амьдардаг, байгаль ч гэсэн нэг нэгнийгээ түшиж амьдрахаар заяасан тэр хувь тавиланг давтжээ.
    Цэцэгсийг би бишрэн шүтэн харна. Вансэмбэрүү цэцэг намайг онгон зэрлэг нүдээр нэвт шувт ширтэн харна. Амьдралдаа би ийм нэвт шувт ширтдэг, онгон танхил зэрлэгхэн нүдтэй таарч яв луу.
    Энэ өдөр тав дахиа Вансүмбэрүү цэцэгтэй тааралдав. Миний эргэн тойрон Вансэмбэрүү цэцгүүд байна. Би ийм сайхан цэцэгсийн дунд амьдарч байна. Би ийм онгон сайхан байгаль, үүлгүй хөх тэнгэр, тэнгэрлэг хувь заяатай ард түмний нэг болон төрсөнөөрөө бахархаж байна. Вансэмбэрүү цэцэг чамдаа би хайртай болжээ.

    Өндөр уулын цэцэг гэнэ лээ Вансэмбэрүү
    Өргөн олон шүтдэг гэнэ лээ түүнийг
    Цэцэг цэцэгсээс тэс ондоо гэнэлээ Вансэмбэрүү
    Цэвэрхэн төрсөн чамайг түүнтэй зүүрлэлээ би

    Ариун нэрийг нь хадгалж явах хариуцлага чамд ногджээ
    Алдар нэр, итгэл, хүндэтгэл түүнд нь багтжээ, Вансэмбэрүү минь ээ
    Д.Жаргалсайхан
    Улаанбаатар-Бээжин-Берлингийн
    онгоцонд явахдаа үүнийг тэрлэв.
    2008.09.09

    djmedia:732
  • Бөө хүн онгод тэнгэрүүддээ хэрхэн ач тусаа үзүүлэх вэ?

    Монголчууд түүхэндээ бөөгийн зан үйлийг алхам тутамдаа ашигладаг байсны жишээ нь аян дайны өмнө дайсны талд салхи, бороо, мөндөр зэргийг дуудан авчирдаг зад барих үйл байна. Энэ зан үйл явсаар Хувилай хааны үед японы зэн буддизмын лам нарын бясалгал мөргөлийн зан үйлтэй тулгарсан юм. Хөрстөд хүн хоорондын, хөхрөгчид бурхад хийгээд догшин хар тэнгэрүүдийн хооронд тулаан болжээ. Энэ явдлаас хойш хаадууд нэгэн шинэ хүчийг эзэмших зорилго өвөрлөж эхлэсэн. Энэ зорилгоо муйхараар эхлэсэн учир олон бөө зайран хэлмэгдсэн түүхтэй.
    Цаг хугацаа бүхнийг цайруулдаг болхоор хүн ард тэнгэр онгодууд бүгд найрсан зохицож амьдрал ч цааш үргэлжилжээ. Буддын шашныхан догшин хар тэнгэрүүдээс онцлон сахиусаар залдаг болжээ. Олон ч тэнгэрүүд хамгаалагч сахиусны үүрэгтэйгээр томилогдсон байдаг. Далай багшийн дэргэд Найчун сахиус, мөн тусдаа урсгал болон хөгжөөд байгаа Шүгдэн сахиус гээд олон сахиус өмнө нь асар хүчит хар тэнгэрүүд байжээ. Найчун бол яах аргагүй Монгол нутагт оршиж байсан догшин тэнгэр байсан.
    Эдүгээ хамаг амьтан амар амгаланд хүрэх бололцоо төгөлдөр хэмээгдсэн Майдар бурханы даасан алтан эрин морилон ирж байна. Энэ эриний зөн совин хамаг амьтанд илэрч дор бүрнээ догдолсон, эрэл идэвхийлэл өрнөсөн үе тохиож байна. Хүн төрөлхтөнд индиго гэгдэх хүүхдүүд төрж, асури болон тэнгэрүүд хүн төрөлхтний зүг үр удамаа сэргээн ирж бөөн хөл найр болж байна. Зарим тэнгэр асурууд сайхан зөндөө хөтлөгдөөд ирсэн боловч үр удам болох хүн нь Майдарын эриний төсөөлөл ч үгүй байгаад балмагдан яахаа мэдэхгүй болж дэмий улаач бөөгөө аваад буцаад морилох үзэгдэл ажиглагдаж байна.
    Асур, тэнгэр, бардын гацалт зэрэг нь олон зуу бүр олон мянганаар наслаж зовлон гэдгийг хэзээ ч дуусашгүй мэтээр амсдаг хий биеийн амьдрал юм. Тэдэнд аз жаргалын энерги тасралтгүй ирэх боловч аз жаргал гэдэг нь зовлонгийн хагас гэдгийг тэд голдоо ортол мэдэрдэг.
    Бөө болсон хүн өөрөө тэрхүү тэнгэрүүдийнхээ алдааг давтахаас ангид байх хэрэгтэй. Мөн тэнгэрүүддээ тус болж жинхэнэ амар амгалан гэж юу байдгийг үзүүлж, тэрхүү амар амгалангийн амьдралын хэлбэр рүү тэнгэрүүдээ оруулах хэрэгтэй. Тэгхийн тулд эхлээд бөөгийн уламжлал тэнгэр, асурийн амьдралыг сайн судлах хэрэгтэй. Онгод тэнгэрийн юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал нь буддын амар амгалангийн сургаал болох Дандарын ёс гээчийг олоод нэг харчихвал сайн.
    Дандарын ёсоор амар амгалан нь явцуу ганц сүнсийг эзэмшиж байх үед мэдрэгддэг зүйл бишээ. Харин аватара буюу оршихуйн бүх эд эсэд шингэсэн асар их тэлэлтэд орсон амь болж байж амар амгалан гэдгийг мэдэрнэ. Таван махбодийн аватар болоо гэхэд усны аватара хаана ус байна тэр бүхнийг эзэмшинэ. Шавар шалбаагаас эхлээд далай тэнгис бол надаас өөр хэн ч биш болно. Мөн амьтны биеийн 70 хувь нь ус тиймээс би бүх амьтан болж мэдрэнэ. Гал аватара гэхэд чүдэнзний галаас эхлээд галтикын бүх нарыг ч биеээ болгон мэдэрнэ. шороо аватара бээр шороо хаана байна тэр бүхэнд оршино. Хумхын тоосноос эхлээд бүх гараг эрхэст амь болон орно. Ийм маягаар миний амь бүх л аватара нар болон тэлж хөгжих учир одоо надад жаргал зовлон гэгч зүйл мэдрэгдэхээ байж амар амгалангийн жинхэнэ бодит шинэ амьдрал эхлэнэ. Тэнгэр асуруудад ийм шинэ амьдралын тухай цухуйлгах төдийд ойлгон баясаж, рид хүчээрээ аватарагийн мөн чанарыг өөртөө цогцлоож аваад бурханы хутаг буюу аватара төрхөнд шилждэг. Тэгээд тэдгээр тэнгэр асууриуд эцэстээ хамтдаа бүхэл оршихуйд шингэн амьдрахын ерөөлийг өргөөд шинэ агуу амьдралынхаа зүг эргэж ирэлтгүй явж өгдөг.
    Ингээд онгодоо бурханлагт үдсэн бөө хүн маань энгийн хүн болж цаашид амьдралаа хөөн оддог. Гэтэл энэ үзэгдлийг ойлгоогүй бөө нар эцэг өвгөдгүйгээр би хүн биш хэмээн өөрийгөө ч, онгодоо ч жаргал зовлонгийн далайд татаж чангаасаар байхыг илүүд үздэг. Тэгээд ч шал өөр юм хайж ирсэн хүнийг онгод болгоод ашиглачихвал түүн шиг хачин явдал хаана байх билээ.

  • Японыг ялбал тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрнө

    Ийнхүү бүх нийтийн үйл хэрэгт хүчин зүтгэсэн оролцоогоороо Монгол нь тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх үндсийг мөн тавьсан юм. Их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааны үр дүн болох эл асуудал нэлээд эртнээс сөхөгдөж, АНУ, Их Британи, Хятадын удирдагчдын Каирын уулзалтын үед Дундад улсын Ерөнхийлөгч Чан Кайши гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын бүрэлдэхүүнд оруулах санааг дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд тавьсан ч хэлэлцэлгүй орхижээ.
    Улмаар 1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оруулах улс төрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Алс Дорнодын орнуудаар айлчилсны эцэст БНМАУ-д иржээ. Айлчлалын зорилго нь Их гүрнүүдийн удирдагчдын Крымийн бага хурлын өмнө Монголын тусгаар тогтнолын тухайд Америкийн байр суурийг бэлтгэх үүднээс БНМАУ-ын бодит байдалтай танилцах, тус улсын Зөвлөлт, Хятадын харилцаанд эзлэх байр суурийг тодруулах явдал байв.АНУ-ын төрийн дээд зиндааны анхны зочдыг Монголын удирдагчид хүндэтгэн угтаж, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан улс орныхоо туулсан зам, бодит байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхдээ Монгол нь тусгаар тогтносон улс болохыг онцолж, фашизмын эсрэг тэмцэж байгаа Холбоотон гүрнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.Х.Уоллес БНМАУ-ын бодит байдалтай танилцсаныхаа дараа Монголын төв хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…үзсэн зүйлүүд Монгол Улс их мандаж буйг харуулж байна” хэмээн өгүүлж, Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд өргөн барьсан илтгэх хуудсандаа “…Ар Монголд улс төр ба засаг захиргааны эрх мэдэл, хяналт монголчуудын гарт байна. Хятадын бүрэн эрхийг сэргээх аливаа бодол санаа бодит бус” хэмээн онцлон тэмдэглэсэн нь БНМАУ-ын талаарх Ф.Рузвельтийн үзэл хандлагад эерэг нөлөө үзүүлжээ.

    Үүний хамт ЗХУ, түүний удирдагч И.Сталин БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх явдлыг Японы эсрэг дайнд ЗХУ орох болзлуудын нэг болгон тавих талаар санаа бодлоо удаа дараа илэрхийлж, түүнийг бодит зүйл болгохын төлөө тууштай байр суурь баримталсан юм.
    1945 оны хоёрдугаар сард Крымд хуралдсан ЗХУ, АНУ, Их Британи гурван гүрний тэргүүн нарын бага хурлаар Германыг буулган авсны дараа Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцжээ.Энэ талаар ЗХУ ба АНУ-ын тэргүүн нар хоёрдугаар сарын 8-нд товч ярилцаж, хоёрдугаар сарын 10-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовоос “Японы эсрэг ЗХУ дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл” нэртэй хэлэлцээрийн төслийг АНУ-ын Элчин сайд А.Гарриманд гардуулж, зөвшилцсөний үндсэн дээр Герман дайнд ялагдаж, бүрмөсөн бууж өгсөнөөс хойш 2-3 сарын дараа ЗХУ тодорхой болзолтойгоор Японы эсрэг дайнд орно гэдгийг мэдэгджээ.
    Тухайн асуудлаар хэлэлцээр байгуулах талаар ЗХУ, АНУ-ын удирдагчид У.Черчильд танилцуулж, гарын үсэг зуруулах зөвшөөрлийг авснаар тохиролцоонд хүрчээ. Чингэж дэлхийн дайны сүүлчийн голомтыг дарах цэргийн ажиллагаанд ЗХУ-ыг татан оруулах Холбоотны бодлого, түүнийг өөрийн геополитикийн ашиг сонирхлын үүднээс БНМАУ-ын статус-квог их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд чиглүүлж чадсан ЗХУ-ын үйл ажиллагаа БНМАУ-ын язгуур эрх ашигтай нэгдсэн түүхэн цаг мөч нь Ялтын бага хурал болжээ.
    Эл байдалд хүрэхэд БНМАУ нь 20 гаруй жилийн туршид бие даан оршиж, тусгаар байдлаа бэхжүүлж ирсэн хийгээд фашизмын эсрэг нийтийн тэмцэлд өөрийн хүч бололцоогоор тусалж байсан нь үндэс болсныг тэмдэглэх ёстой.
    1945 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулсан “Алс Дорнодын асуудлаар гурван их гүрний хэлэлцээр”-т Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг хамгийн эхний болзол болгон заажээ. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг Холбоотон гүрнүүд хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байв.
    Ялтын бага хурлын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх талаар Холбоотон гүрнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 1945 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 6-ны хооронд хийсэн уулзалтаар Японы эсрэг цэргийн ажиллагаа эхлэх хугацааг тохиролцож, Хятадын талаарх ЗХУ-ын байр суурийг тодруулсны үндсэн дээр Чунциний Засгийн газрын төлөөлөгчдийг Москвад ирүүлж, ЗХУ, Хятадын хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
    ЗХУ, Дундад улсын хоорондын хэлэлцээр 1945 оны зургадугаар сарын 30-наас 1945 оны наймдугаар сарын 14 хүртэл дундаа завсарлагатайгаар Москва хотод явагдаж, хоёр улсын холбоо найрамдлын гэрээ байгуулах, Крымийн бага хурлын шийдвэрт тусгагдсан асуудлаар хэлэлцээ хийжээ.
    Хэлэлцээний үндсэн асуудлын нэг нь БНМАУ-ын статусквогийн асуудал болж, И.В.Сталин Алс Дорнод дахь ЗХУ-ын аюулгүй байдлыг хангахад Монголын газар зүйн байрлалын онцгой ач холбогдол хийгээд БНМАУ-ын бие даан оршин тогтнох хүсэл эрмэлзлийн аль алиныг тайлбарлаж, Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг зайлшгүй гэдгийг илэрхийлжээ.
    Хятадын төлөөлөгчид Крымийн тохиролцооны бүх зүйлийг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн хэдий ч БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн байр суурьтай байсан тул И.Сталинаас “… монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдэхүүнд байх дургүй, бие даан орших, үндэсний тусгаар тогтнолтой байх эрмэлзэлтэй, хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой, БНМАУ-д тусгаар тогтнол олгох тухай одоо л тохиролцох цорын ганц гарц байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
    “Ялтын бага хурлаар Монголын статус-квог зөвхөн хадгалах тухай шийдсэн учраас Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Сүн Зывенийг мэдэгдэхэд “…статус-квог БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэдэг утгаар Зөвлөлт Засгийн газар ойлгож байгаа, Крымд ч мөн утгаар ойлгогдож байсан” гэж И.Сталин тайлбарлажээ.
    Чингэмэгц Хятадын тал “Гадаад Монголд дээд зэргийн автономит эрх олгоход бэлэн байгаа” тухай санал дэвшүүлж, Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар буулт хийхгүй гэсэн байр суурин дээр бат зогсчээ. Энэ бүхэнтэй холбогдон хэлэлцээр мухардалд оржээ.
    1945 оны долдугаар сарын 9-нд Чан Кайшигээс цахилгаан утас ирүүлж “…Дундад улс ба ЗХУ-ын хоорондын харилцаанд Гадаад Монголын асуудал гол саад болж буйг Хятадын Засгийн газар анхааран үзэж,
    …Японыг ялж, өөрийн тавьсан саналд дурдсан зорилгод хүрсний дараа Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг тавьж болно гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ эл ажиллагааг хүн амын санал асуулга явуулах замаар гүйцэлдүүлэх ёстой. Хэрэв санал асуулгын дүн Гадаад Монголын тусгаар тогтнолын талд гарах аваас Хятадын Засгийн газар эсэргүүцэхгүй. Гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын газрын зургуудын дагуу анхны хилээр нь тогтоох болно” гэжээ.
    Ингээд В.М.Молотов, Сүн Зывень нар БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай гаргах тунхаг бичгийн төсөл “… Хятадын Засгийн газар санал асуулга явуулсны дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахгүй” гэсэн агуулгатай байна хэмээн санал нийлснээр хэлэлцээнд ахиц гарсан аж.
    Хэлэлцээ түр завсарласны дараа 1945 оны наймдугаар сарын 13-ны уулзалт дээр Сүн Зывэнь “БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилийн хүрээнд хүлээн зөвшөөрөх” тухай И.Сталины хүсэлтийг Чан Кайши хүлээн авсныг мэдэгдэж, “Найрамдал ба холбоотон болох тухай Зөвлөлт, Хятадын гэрээ соёрхон батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.
    Улмаар ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Дундад улсын Гадаад яамны сайд Ван Шицзе нар 1945 оны наймдугаар сарын 14-нд “Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнохыг удаа дараа хүсэж эрмэлзсэн учир … Японыг дарсны дараа Гадаад Монголын ард түмний нийтийн хүсэл энэ эрмэлзлэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэсэн утга бүхий нотыг Москвад харилцан солилцсон байна.
    Монголын асуудлын улмаас Зөвлөлт, Хятадын хэлэлцээр сунжирч байсан үед И.Сталины урилгаар БНМАУ-ын Ерөнхий сайд ХЧойбалсан ЗХУ-д албан ёсны айлчлал хийжээ.
    1945 оны долдугаар сарын 4-нд Москвагийн нисэх онгоцны буудалд БНМАУ, ЗСБНХУ-ын төрийн далбааг мандуулж, хүндэт харуул жагсан, ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа гадаадын төрийн тэргүүний хэмжээнд угтаж авсан юм.
    БНМАУ-ыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгийг Хятадын дипломат албаныханд харуулах, Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн явц, үр дүнг Монголын талд мэдээлэх, Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах асуудлыг тохиролцох явдал айлчлалын гол зорилго байв.
    ЗСБНХУ-ын Ардын комиссар нарын зөвлөлийн дарга И.В.Сталин, Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов нар 1945 оны долдугаар сарын 5-нд БНМАУ-ын Ерөнхий сайд газрын төлөөлөгчидтэй БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар хийж буй хэлэлцээрийн талаар И.Сталин дэлгэрэнгүй мэдээлж, эцсийн эцэст Хятадын тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
    Японы эсрэг хийх дайнд БНМАУ-ын цэрэг Улаан армитай хамт оролцох саналыг БНМАУ-ын Ерөнхий сайд хүлээн авч, Японы эсрэг дайнд оролцох нь тус улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж,
    Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
    Улмаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариат, цэргийн удирдлагатай уулзаж, Японы эсрэг дайнд оролцох, Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны бэлтгэлийг хангах асуудлаар тохиролцсон байна.
    БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тусгаар тогтносон улсын төрийн тэргүүний хувиар ЗХУ-ын удирдагчидтай хийсэн уулзалт Зөвлөлт, Хятадын хэлэлцээрт зохих нөлөө үзүүлсэн байна. Учир нь долдугаар сарын 7-нд өдрийн хоёр талын уулзалтад Хятадын төлөөлөгчид Крымийн бага хурлаас гурван улсын тэргүүнүүдийн хэлэлцэж тохирсон Гадаад Монголын статус-квог хадгалах томъёог Чан Кайши бүрэн зөвшөөрч буй”-г мэдэгдсэн бөгөөд цаашид хэлэлцээнд ахиц гарч, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ээдрээтэй асуудлыг удалгүй хэлэлцэн тохирсон билээ.

    Энэ нь үүсэн бий болсон шинэ нөхцөл байдалд Хятад улсын эрх баригчид хөрш Монголын талаар баримталж ирсэн бодлогоо өөрчлөхөөс аргагүй байдалд хүрснийг харуулахын хамт ЗХУ-ын тус дэм ч их байв.
    И.В.Сталин Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн Кремлийн ордны Екатериний танхимд долдугаар сарын 7-ны орой зоог барьжээ. Зөвлөлт, Монголын удирдагчид хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны төлөө хундага өргөснөөс И.В.Сталин “Монголд хоёр чиглэл байсан бөгөөд түүний нэг нь япончуудтай нөхөрлөхийг эрмэлзэж байсан, нөгөө нь ЗХУ-тай нөхөрлөхийг эрмэлзэж байв. Би ЗХУ-тай нөхөрлөж, сайн нөхрөө олсон Монголын удирдагчдын төлөө энэ хундагыг өргөж байна” гээд “Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө” гэсэн ерөөл дэвшүүлжээ.
    Х.Чойбалсан Москвагаас буцаж ирмэгцээ ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа дүнг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, Алтан таван хошуу, алтан соёмбо бүхий улаан, цэнхэр, улаан хосолсон өнгөтэй төрийн далбааны тодорхойлолтыг хэлэлцүүлж батлуулжээ.
    Улмаар Ардын хувьсгалын 24 жилийн ойд зориулсан 1945 оны долдугаар сарын 11-ний өдрийн баярын жагсаалын үед хэлсэн үгэндээ: “…Монголын ард түмэн энэ 24 жилийн дотор хөгжиж ирэхдээ бүх дэлхийн эрх чөлөөт, тусгаар тогтносон үндэстний дотор өөрийн байр суурийг эзэлж, манай улс бол биеэ даасан тусгаар тогтносон улс гэж бүх дэлхий дээр зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгээ ил үзүүлсэн байна” хэмээн мэдэгджээ.
    Энэ бүхэн нь БНМАУ тусгаар тогтносон улс болохыг төрийн бэлгэдлээрээ харуулж, дэлхий нийтэд сонордуулсан хэрэг байлаа. Улмаар 1945 оны долдугаар сарын 17-25-нд Берлинд хуралдсан Холбоотон гүрнүүдийн хурлаар БНМАУ-ын олон улсын эрх зүйн хоёрдмол байдлыг эцэслэн шийдсэн Ялтын бага хурлын үзэл санааг Подстамын тунхагаараа баталгаажуулсан билээ.
    Түүхийн ухааны доктор Н.Хишигт

  • Эдлэг соёл

     

    3. Гэрийн үүсэл, хөгжил • Ёж-Хавтгай чулууг ирмэгээр нь нийлүүлэн тавьж хашлага хийгээд дээгүүр нь мөн хавтгай чулуу тавьж дээврэлсэн сууцыг хэлнэ. • Халхаар-Нарыг халхлах оромжийг хэлдэг байжээ. Зарим газар сүүдэр, сүүдрэвч хэмээдэг.Халхаар нь мод, чулуун 2 янз байна. Нэн дээр үед хүмүүс 2 мөчрийг тодорхой зайтай газар суулгаад түүн дээрээ нэг мөчир хөндлөн тавьж бөхлөөд түүнийгээ налуулан олон мөчир, сургаагийг зэрэгцүүлэн тавьж өвс, навчаар хучсан сууцны зүйлийг халхасун гэж нэрлэдэг байжээ.
    4. • Нөр-хавтгай чулуу давхарлах буюу өрж ширэг, шавар зэргээр шавсан амсрыг чулуугаар тагласан дугуй буюу дөрвөлжин хэлбэртэй оромж юм. • Нэрсэг-мод босгож юмаар хучсан сууцыг хэлдэг. • Сөр-дөрвөн мод босгож юмаар бүрсэн буюу 2 талд тэгш юм тавьж бүрсэн түр сууц • Хороот-үерт эвдэрсэн нүх буюу чулууг ашиглан дөрвөлжлөн барьж дотор талаас нь шавсан орой онгорхой сууц
    5. • Хаснаг-чулуу хад, ургаа мод зэргийн хажууд мод түшүүлэн тавьж өвс холтос зэргээс бүрдсэн нөмөр оромж • Улаалж-зээр гөрөөсний арьс, үйс зэргийг нар хурц гарах үед хур бороо орох үед гал түлэх • Тэлүүр-2 ацтай модон дээр хөндлөн мод босгон арьс шир бөгтөрсөн сууц • Балгаан-мөчир, холтос мэтийг ашиглан барьсан түр оромж
    6. • Далавч отог-2 ацтай модыг газар суулгаад хөндлөн тавих буюу эсвэл хоёр ургаа модонд хөндлөн тавиад нэг талд нь мод налуулан түшүүлж хар модны холтос, өвс зэргээр хучиж нөгөө талыг онгорхой байлгаад бороо, салхи, шуурганаас хамгаалах, гал түлэхэд нөмөр болгох оромж • Эбүсэн нэмбүлэ/ Эмбүүл/- Ургаа модны мөчир, гишүү зэргийг ашиглан барьж өвсөөр хучсан сууц оромж
    7. • Урц-Урт сургааг модны оройг боож босгоод газар шийрлүүлэн өвс, холтос зэргээр хучиж барьсан түр оромж • Өвсөн овоохой-мод матаж тогтоон өвс холтос зэргээр хучсан оромж • Яв-чулуу, шавар сууц бөгөөд дотор талын хана эгц, гадна талынх хаяаруугаа налуу дөрвөлжиндүү хэлбэртэй, навтгардуу сууц • Тагз-эгц ханатай дөрвөлжиндүү хэлбэртэй сууц • Хадан сууц-байгалиас тотсон агуйн байр
    8. • Нүхэн сууц-гуу жалга зэргийг ухаж хонгил болгон зассан сууц • Газар сууц-халхлах дээвэр байхгүй малтмал байр • Хадан гэр-хад, чулуу ашиглан барьсан хиймэл агуйн орон • Нүхэн гэр-газар ухаж дээрээс нь битүүлэн хүн суух хоргодох орон • Газар гэр-газар малтан хэдэн арван хүн багтахаар зайтай болгоод чулуу, модон хана туурга хийж баганадсан орон юм. • Эрүкэ-монгол нутагт нэн эрт оршин суугчдын сууцны нэг
    9. Хувцас хунартай холбогдох эдлэг соёл • Монголд нутагласан нэн эртний хүмүүсийн хувцаснаас одоогоор мэдэгдэж байгаа хувцсыг авч үзье. • Хаадай-ширхэгт ургамал сүлжиж хийсэн нөмрөг өмсгөл • Хаадас-өвс зэргээр хийсэн хаалт хувцас • Хаалт-навчны урт шилбэ, модны дүрс зэргээр хийсэн халхавч өмсгөл • Халх-өвс, холтос, навчны урт шилбэ, ширхэгт ургамал сүлжиж хийсэн халхлах өмсгөл • Хормогч-өвс, навч, ургамал зэргээр хийсэн бэлхүүснээс доош өмсөх өмсгөл • Нөмрөг- ширхэгт ургамал сүлжиж хийсэн нөмрөх өмсгөл
    10. Тэртээ үед хэрэглэж байсан бүс • Өвс сүлжиж хийсэн өвсөн бүс • Дэрс зэргийг мушгиж хийсэн мушигмал бүс • Ширхэгт ургамал сүлжиж хийсэн сүлжмэл бүс • Навчит бүс
    11. Монголд нутагласан нэн эртний хүмүүсийн өмсөж байсан гутал, өмдний тухай мэдэгдэхгүй бөгөөд харин хэд хэдэн малгайтай байжээ. • Өвсөөр хийсэн өвсөн малгай • Навчаар үйлдсэн навчин малгай • Цэцгээр хийсэн цэцгэн малгай • Шувууны өдөөр хийсэн өдөн малгай
    12. Эртний хүмүүсийн оёдолгүй хувцас • Тохойвч, элгэвч, аравч, өвдөглөгч, захавч, бөгсөвч, нөмрөг, ташаавч, тоорцог, год гэх мэт Эртний хүмүүсийн оёдолтой хувцас • Бугуйвч, бэлхэмж, нуруувч, углаа, ханцуйвч, хормойвч, задгай дээл, цээжмэг, годон малгай, оройвч, сийрсэн малгай, сэрүүн малгай, хулгавч, шагайвч, улсан малгай гэх мэт.
    13. Эдлэг соёлын бүрэлдэхүүн хэсэг, түүний тогтвортой бүрдвэрийн нэгэн болох хувцас нь ард түмнүүдийн нийгмийн болон соёлын хөгжлийн төвшин, төлөв байдал, үндэсний ухамсар, гоо сайхан, зан үйл, угсаатан ястны түүхэн хөгжил, онцлогийг тодруулах чухал ач холбогдолтой. Хувцсыг • Ердийн • Баяр ёслолын • Гоёлын • Тусгай зориулалтын хэмээн ангилдаг.
    14. Үүнээс гадна Монгол угсаатан, • Угсаатны бүлгүүдэд хувцасны өвөрмөц онцлогууд бий. Эртний хүний өмсгөл нь нэм/ нэмнээ/ хэмээх нөмөргөн хувцас байсан боловч ийм хувцасны дурсгал одоо хэр яг биетээр олдоогүй байна. Хүннү гүрний түүхэнд холбогдох археологийн дурсгал, сурвалжийн мэдээнээс үзэхэд тэд баруун тийш зөрдөг энгэртэй дээлтэй, ээтэн хоншоор бүхий гутал, асарган бүстэй байжээ.
    15. Үүнийг Сүмбэ, Нирун нар залгамжлан авчээ. Жирийн хүмүүс, харц ардын хувцас түүхэн цаг үеүүдэд төдийлөн их өөрчлөгдөлгүй явж ирсэн боловч ястан угсаатны бүлэг бүрт өөрийн гэсэн өвөрмөц онцлог байлаа. 19, 20-р зууны зааг үеийн монголчуудын хувцсыг Халх маягийн, Өвөрлөгч маягийн, Ойрад маягийн, Буриад маягийн, Халимаг маягийн хэмээн 5-н үндсэн бүлэгт хувааж болно.
    16. Монголчуудын хувцсанд дээл онцгой байр суурь эзэлнэ. Эртний монгол дээл нь хув захтай байсан агаад хув зах нь аажимдаа тойруул болон дөрвөлжин маягийн болсон аж. Дээлийг халхчууд дээл, тэрлэг хэмээн нэрлэдэг бол дөрвөдүүд “дэвэл”/үстэй дээл/, “үч”/өнгө татсан дээл/, “лавшиг” нөхөрт гараагүй залуу эмэгтэйн зуны дээл, “цэгдэг”/нөхөртэй эмэгтэйн өмсдөг нимгэн дээл, “тэрлэг” цэгдэгдэй адил утгатай гэх мэтээр нэрлэнэ.
    17. Их төлөв явган явахад зориулсан хувцасны нэг бол ахар хормойтой оготор дээл юм. Харин хүйтэн бороотой буюу сэрүүн цагт хэвнэг хэмээн давхацыг хэрэглэх бөгөөд хэвнэгийг их төлөв эсгийгээр задгай энгэртэй, урт өргөн ханцуйтай, захтай хийнэ.
    18. • Эрэгтэйчүүд хантаазыг хэрэглэдэг. Хантааз нь задгай шууд энгэртэйгээрээ хэвнэгтэй төстэй боловч эмжээр, гоёо, хийдэг эдлэл зэргээрээ ялгаатай. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн давхар хувцасны төрөл бол дах, цув юм. • Монголчуудын малгайн үндсэн төрөл нь зуны цагт өмсөх халбан, харцага малгай, тоорцог, өвлийн чихтэй малгай / маахууз маягт лоовууз/, хэрээн живэр малгай зэрэг болно. Харин 13-14-р зууны үед эмэгтэйчүүд богтаг малгайг хэрэглэдэг байжээ.
    19. • Бүс нь хүндтэй эдлэлийн нэг бөгөөд урт хормойтой хувцсыг хумин эвтэйхэн болгох, биедээ байнга авч явдаг хутга, хэт, цохиур, сумны саадаг, асарга зэргийг агуулах гэсэн 2 үндсэн зориулалттай. • Цамц нь дотуур хувцасны төрөлд багтах бөгөөд монгол цамц ханцуй, хормой, зах, мөр зэргээрээ янз бүр байдаг. • Монголчуудын анхны гутал нь “гур гөрөөс мэтийн амьтны годоор үйлдсэн годон гутал байв” гэж Х.Пэрлээ үзжээ.
    20. Дарьганга хийцийн эмээл
    21. Хоол ундны зүйлтэй холбогдох эдлэг соёл Монголчуудын уламжлалт хоол ундны асуудлаар хийгдсэн судалгаа нь их төлөв угсаатны зүйн чиглэлтэй байна. Манай уламжлалт хоол унд нь Монгол орны эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуйтай харилцан шүтэлцсэн байдгаараа онцлог юм. Монголчууд хоол ундыг махан хоол, цагаан идээ, цай ундаа, ёслол хүндэтгэлийн хоол унд, өдөр тутмын хоол ундны дэг гэсэн төрлүүдэд хуваадаг.
    22. Махан хоол нь нэн эртний агаад монголчуудын хоол ундны үндсэн төрлийн нэг юм. Махан хоол хүнсэнд малын сацуу ангийн мах үлэмж хэрэглэнэ. Махан хоолыг тураг махан хоол, дотор махан хоол, шийр толгойн хоол гэж ерөнхийд нь ангилан үздэг. Монголчууд махыг борцлох, үүцлэх, шуузлах зэргээр хадгалдаг өвөрмөц арга технологийг бий болгосон ард түмэн.
    23. • Цагаан идээ нь сүүгээр хийдэг хоол ундны төрөл бөгөөд малын сааль сүүний хугацаа болон янз бүрийн аргаар нөөцөлж хадгалахад хялбар байдгаас үүдэн бүхий л жилийн туршид хэрэглэх боломжтой. • Ундаа нь цай, хярам, шийдэм, гүүний айраг, шимийн архи зэрэг олон төрлөөс бүрдэнэ. Эдгээрийн дотор хамгийн өргөн хэрэглэгддэг нь цай бөгөөд сүүтэй цай, бор цай, хийцтэй цай гэх мэт төрлүүдтэй.
    24. Ёслол хүндэтгэлийн хоол унд: цагаан сар зэрэг баяр ёслол болон хүндэт зочноо дайлахад зориулагдсан байдаг. Энэ төрлийн хоолонд ихэвчлэн хонины мах тэргүүлэх бөгөөд ёслолын зэрэг дэвээс хамаарч уг хоолны ундны төрөл, хэмжээ ялгагдана. Хуримлах, хүүхэд угаах, хүүхдийн даахь авах, гүү үрслэх, эсгий хийх зэрэг зан үйлийн нэгэн хэсэг болгож хүндэтгэлийн хоол ундыг хэрэглэдэг.
    25. Ашигласан ном • Л.Сономцэрэн. Монголын эртний соёл урлаг.УБ.,1989.тал-4-25 • МУИС.Монголын түүх. УБ.,2010.тал-338-346