Миний бичсэн “Монгол бичгийн хэлний зүй. Хэлбэр судлал” хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг минь устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар төлүүлэх шийдвэр гаргаж нэг үзсэнээ 1967 оны 3-р сарын 29-нөө танд уламжилсны дараа дээрх шийдвэрээ түр азнуулаад өнгөрөгч оны адгаар академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ.
Академийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа манай хэл зохиолын хүрээлэнгийн захирал Хорлоо номыг минь худалдаанд гаргуулалгүй хориг саад хийж дөнгөөд өдгөө би мөнгө төлөхгү, номыг устгахгүй болоод ирэхлээр миний саналыг асуулгүй уул номыг өөрчилж дахин хэвлэх нь “зүйтэй” гэж тулган шаардаж байна.
Тэгтэл энэ завсар олон багш, оюутан миний номыг хэвлэх үйлдвэрээс “арын хаалгадан” зарим хэсгийг нь хэдүйнээ олоод авчихжээ. Бас мажар оюутнуудаар дамжин Мажар ард улсын академид миний ном хүрч Мажарын монголч эрдэмтэд түүнийг уншаад үг бүтээхүй, язгуур үг дагаварын бүтцийг цоо шинээр тайлбарласан монгол хэлний хэлбэр судлалын талаар тун олон шинэ баримт олжээ. Монгол хэлний тооны айг би эрс ондоогоор тайлбарласныг эрдэмтэд тоож үзээд энэ нь монгол хэлний талаар бичсэн хэл зүйч нар латин хэл зүйгээс хуулбарлан монгол хэлэнд оруулсан европ хэл зүйн уламжлалт ганц, олон тоо гэдгээс язгуураараа ялгаатай болохыг ажиглажээ.
Язгуур үгнээс дагавар бүтдэгийг ашиглах боломж олгосон монгол хэлний язгуур үгийн бүтцийг миний номд анх түрүүн задлан шинжилсэн юм.
Хорлоо бол эрдэм шинжилгээний дээд төвшинд хүртлээ бэлтгэгдээгүй хэл бичгийн мэргэжилтэн тул монгол хэлний хэл зүйн талаар гарсан эрдэм шинжилгээний ном зохиолыг мэдэхгүй учраас орчин цагийн ерөнхий хэл шинжлэлийн баримтад тулгуурлан миний дэвшүүлсэн шинэ шинэ үндэслэлийг огт хайхралгүй гагцхүү Дамдинсүрэнгийн нэр төрийг “унагаж” болохуйц зүйл гэж өөрт нь санагдсан тийм өө сэвийг номоос минь хайжээ.
Шинжлэх ухааны үндэс бүхий хэлзүйд Хорлоо чингэж хандсаныг Марксын үгээр илэрхийлж болох. Үүнд “жинхэнэ шинжлэх ухаанаас нь гаргаж ирээгүй(уг шинжлэх ухаан хичнээн алдсан байлаа ч) харин гаднын ондоо юмнаас гаргаж ирсэн үзэл, шинжлэх ухаанд харш, түүний тухайд өнгөцхөн гадна талын ашиг сонирхлын үүднээс гаргасан тийм үзэлд шинжлэх ухааныг аялдуулан зохицуулах гэж оролддог тийм этгээдийг би арчаагүй амьтан гэж нэрлэдэг” хэмээжээ.
Эдийн засгийн ухааны талаар Марксын дэвшүүлсэн шаардлагыг миний бие хамаг ухамсарт амьдралаа зориулсан монголын хэл шинжлэлд ч тавьж болох агаад Маркс томьёлохдоо “нэг нэгдээ харшилдсан үхширмэл номнолын оронд уул номнолын далд цаад шалтгаан байдаг бие биетэйгээ таардаг баримт сэлт, жинхэнэ зөрчлийг авч үзсэн тийм тохиолдолд, гагцхүү ингэж чадсан нөхцөлд л сая улс төр, эдийн засгийн ухааныг эерэг нааштай ухаан болгон хувиргаж чадна” гэжээ.
Нэг нь нөгөөтэйгөө харшилдсан “Үсгийн дүрмүүд” нь монгол хэлний хууль, түүний бүтэц, хэл хөгжих тодорхой зүй тогтол зэргээс үүдэн гарч буй өдгөө цагийн байдал зэргийг шинжлэх ухааны ёсоор тайлбарлаж чадахгүй агаад гэтэл эл бүхнийг ерөнхий хийгээд монголын хэл шинжлэлд бузгай сайн тусгасан авч үүнийг “үсгийн дүрэм” зохиогч нь, манай академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дарга нь ч мэдээгүй хоцорсон хэрэг.
Хорлоогийн хориглосон номтой өдгөө зөвлөлтийн мэргэжил нэгт нөхөд минь танилцаж, тэд түүнийг уншаад, монгол хэл, түүний хэлбэр судлалын тухай уг бүтээлд гарч буй цоо шинэ баримтыг тусгасан эрдэм шинжилгээний шүүмж бичихээр завдан буй. Чингээд энэ ном аль хэдийнээ хэвлэлээс гараад хэлний мэргэжилтнүүдийн бүтээл болсон байх аа гэж зөвлөлт нөхөд минь санаж байна. Тэд түүнийг хураан хориглохуйц сэжигтэй гэмтэй зүйлийг номоос минь олоогүйн дээр эрдэм шинжилгээний зохих төвшинд бичигдэж монгол хэл зүйгээр дагнан ажилладаг монголч эрдэмтдийн анхаарал татахуйц ном болжээ гэж үзсэн юм.
Мажарын ч, Зөвлөлтийн ч эрдэмтэд уг номоос Дамдинсүрэнг доромжилсон зүйл огт олоогүй бөгөөд хоёр удаа тааралдаж буй ДҮД (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм гэдгийг хураангуйлсан үг) гэсэн хураасан үг тэдэнд хараал зүхэл гэж ерөөсөө санагдаагүй байхад Хорлоо үүнийг хараал хэмээн мушгиад номын залруулгад ДҮД гэдгээ ҮД (Үсгийн дүрэм) болгож засъя гэдэг саналыг хэрэгсэхгүй байна гэлээ. Хэрэв Хорлоо орос хэл арай жаахан дөнгүүр мэддэгсэн бол ҮД болгоно гэхийнхээ оронд харин ч ҮД гэснээс болж уг номыг дахин хэвлэе гэж зүтгэх ёстой байлаа. Учир нь энэхүү ҮД гэдгийг оросоор орчуулбал даруй “бэлэг эрхтэн” гэж буух тул чингэснээрээ үсгийн дүрмийг ч “доромжилсон” хэрэг болно шүү дээ.
Хэрэв зээ 1966 онд би Хорлоогийн даргалан тогтоосон нэр томьёо утгагүй дэмий болсныг зааж хэлээгүйсэн бол өдийд миний номыг хориглохгүй зүгээр өнгөрөөж болох байсан бөгөөд Хорлоо миний эрдэм шинжилгээний ажилд элдвээр саад чирэгдэл учруулах гэж оролдохгүй байлаа. Гэвч миний бие шинжлэх ухаанд ч, ард түмэндээ ч эрдэмтэн хүнийхээ үүргийг биелүүлэх гэж бодсоор явдаг.
Миний зөвлөлт нөхөд Хорлоогийн хориглосон номыг минь уншаад, Хорлоо надад яаж ханддагийг дуулаад Ленинградад урьд дорно дахины судлалын төв байсан сайхан уламжлалыг сэргээхийн үүднээс намайг тийшээ урих гэсэн саналаа надад ирүүлж монгол судлалын ховор сонин хэрэглэгдэхүүнийг боловсруулах, монголч эрдэмтэн бэлтгэх, давтан сургах ажлаар таван жилийн хугацаатай ирнэ үү гэж хүссэн билээ.
Мажарын нэгэн залуу монголч эрдэмтнийг ч бас мөн ийм ажлаар Ленинград руу урьжээ. Одоо би 63 настай, таван жил Ленинградад сууна гэдэг бол миний амьдралын эцсийн жилүүд байх болно. Чингээд би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл энд эх нутагтаа амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм. Намайг түмэн хилсээр нэрийг минь бузарлан гутааж байсан он жилүүд нэгэнт улиран одож энд эх орондоо чадах бүхнээ Монголын шинжлэх ухаанд зориулж болох байх гэж итгэж найдаж байна.
Шинжлэх ухаантай хавилдах нийлэх юм ер байхгүйгээр миний номоос учир утгагүй өө сэв дэмий эрэн гоочилж буйг зогсоож шинжлэх ухааны алдар хүнд нь манай даргын “албархуу сэтрийг” дийлж бас би амьдралынхаа эцсийн жилүүдийг зориулан буй шинжлэх ухаанд огт хамаагүй Хорлоогийн элдэв явуулгыг ялж гарна гэдэгт итгэнхэн найдмуй.
Манай академийн ерөнхийлөгч надтай ярилцахдаа Хорлоо, намын хорооны шинэ нарийн бичгийн дарга Дугар нар л нэг шийд гаргаж чадна гэж байна. Гэтэл эд номын минь эрдэм шинжилгээний баримт сэлтийнх нь үүднээс бус гагцхүү яаж ийгээд гоочлох юу байна гэдэг талаас нь өө сэв эрсэн болохоор би аргаа баран мухардаж байна. Ардын эрхт Мажар улс, ЗХУ-ын жинхэнэ эрдэмтэд уг зохиолыг сайнаар үнэлж хэн нэг хүний нэр хүндийг муучилсан гэмтэй зэмтэй юм олоогүйн дээр хэлний хувьд урьд мэдэгдээгүй цоо шинэ зүйл олж үзсэн нь миний сэтгэлийг тайтгаруулан дэвтээж байна.
Эл ялдамд өгүүлбээс дундад эртний монгол хэлийг гарамгай судалсан Японы монголч эрдэмтэн Мураяма Монголын нууц товчоог Дамдинсүрэн хөрвүүлсэн нь шинжлэх ухааны үндэс нотолгоо муутайг хэвлэлээр мэдэгдэж, бас эртний нангиад хэлнээ дүрс бичгээр Гоялсылой гэж дуудагддаг, өнөөгийн бэйжин аялгаар бол Госыло гэж уншдаг Төвдийн Жалсрай нэрт хүнийг нангиад сударт Госыло хэмээх нэртэй гардаг байсан Гэсэрийг Дамдинсүрэн түүхт хүн гэж “нээснийг” нангиадач, төвдөч эрдэмтэн Штейн өөрийн хоёр ч номд няцаасан билээ.
Нэрт монголч Серриус Дамдинсүрэнгийн “Үсгийн дүрэм” нь (оросоор “правила букв” гэж орчуулдаг бөгөөд хэл шинжлэлийн ухаанд ийм нэр томьёо байдаггүйг нэрнээсээ эхлэн харуулдаг) монгол хэлний тухай шинжлэх ухааны өнөөгийн байдалд харшилж, монгол хэлний авиа зүй, хэлбэр судлалд тохирдоггүй болохыг шүүмжилсэн өгүүлэл гаргажээ.
Өнгөрсөн оны адгаар ЗХУ-д дорно дахиныг судлаач Оросын гарамгай эрдэмтэн Ю.Рерихийн дурсгалд зориулан ЗСБНХУ-ын ШУА-аас түүний сонгодог бүтээлийн номыг хэвлэж уг номд Рерихийн англиар бичсэн “Лин Гэсэр хааны туульс” бүтээл орсныг үзэхүл, эл туульсыг эрдэм шинжилгээний үүднээс гүн ултай задлан шинжээд монгол Гэсэрийн туужид дайралддаг Гэсэрээс төвдөд зээлдэн хэрэглэсэн бүх нэрийг тайлан тайлбарлажээ.
Штейн, Рерих нарын бүтээл нь Дамдинсүрэнгийн бүтээлийг талаар болгож байгаа боловч уран зохиолын судлал, хэл бичгийн ухаанд гардаг гүехэн өнгөц үзлийн оронд судалж буй үзэгдлээ шинжлэхүй ухааны үүднээс задлан шинжилгээг дэвшүүлж чадсан эрдэм шинжилгээний тэдгээр бүтээлийг дээрх орнуудад хэн ч хориглон хаагаагүй билээ.
Миний талаар, миний бүтээлийн талаар манай захирлын авч байгаа догшин хэрцгий арга хэмжээ бол манай хүрээлэнгийн дөрвөн ханан дотор амь бөхтэй зууралдсан нудрага зангидан дүрэмддэг ёсны үлдэгдэл даруй мөн боловч ингэдэг ёсыг манай захирлын хоншоор дутдаг тийм газарт аль хэдийнээ шинжлэх ухааны дэвшлээр буруушаан таягдаж хаясан гэдэгт би итгэмүй.
Хориглоод байхад ч шинжлэх ухааны хүмүүс олоод мэдчихсэн монгол хэлний хэлбэр судлалын олон шинэ баримтыг хаахад хүргэж, зарим хүний дургүйцэх аян шалтаг болсон ДҮД гэдгийн эхний золгүй “Д” үсгийг нийтдээ хоёр мянгахан хувь хэвлэснээс одоо үлдээд буй мянга гаруйхан хувьд нь гараараа хусан арилгаж болох бөгөөд номыг минь худалдаанд гаргаж хориглон хаасныг нь болиулж үзнэ үү гэж би танаас дахин гуйж энэхүү захидлыг өргөн барив аа.
Таныг хүндэтгэн ёсолсон хэл бичигийн ухааны доктор Ринчин.
1968.1.16
Жич. Энэ захидлыг сэтгүүлч, орчуулагч Цэвэгжавын Цэрэн гуай оросоос монгол хэлэнд хөрвүүлэн 1988 онд “Утга зохиол” сонинд хэвлүүлж байжээ.
Харин уг захидлын тухайд бол нааштай хариу аваагүй бөгөөд хэвлэх үйлдвэрт дараатай байсан Б.Ринчен гуайн уг номыг тус үйлдвэрийн хашаанд шатаан устгасан гэж Ц.Цэрэн гуай “Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой” номдоо дурдсан байдаг.
Category: Монгол үндэсний түүх
-
РИНЧИН ГУАЙН ЦЭДЭНБАЛД БИЧСЭН ЗАХИДАЛ
-
ДОНРОВЫН НАМДАГ
Бага насандаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.
1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн байна. Намдаг Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.
1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан ирсэн. 1926 – 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 – 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна. Нутагтаа ирээд Улаанбаатарын дунд сургуулийн багшаар ажиллав.
1930 онд (19 нас) Ард кино театр баригдав. Намар Зөвлөлт Оросоос уригдан ирсэн мэргэжилтэн А.А.Ефремовтай танилцан, цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр оржээ. Театрын тур сургууль байгуулагдав. 10 сараас Гэгээрүүлэх яамны харъяа Лам нарын бэлтгэл сургуульд газарзүй, латин үсгийн хичээл зааж байжээ. 1931 онд (20 нас) 8-р сарын 15-нд Улсын төв театрт жүжигчинээр орж, 11 сарын 12-нд тур сургуулийнхан ард олонд хөшгөө нээн С.Буяннэмэхийн Үнэн жүжгийг орос найруулагч найруулан тавиж, Д.Намдаг боолын дүрд тоглсон байна.
1932 оны 5-р сарын 16-нд До яаманд баригдаж Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэв. Шинэ эргэлтийн бодлогын үрээр нугалаатны бодлого нуран унаж 10 сарын дундуур Д.Нацагдорж, Д.Намдаг шоронгоос гарчээ. Нийт 12 хүн Манж гоо улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдорийн банкет хэмээх зохиомол хэргээр баригдаж байжээ.
1941-1949 онд (30 нас) Хэлмэгдэл явагдав. 10 сарын 9-нд, 9 жилийн дараа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув. 1943 онд (32 нас) 12 сарын 18 хүртэл 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригджээ. Тогос хээр шүлгийн номоо бичиж байв. 1944 онд (33 нас) 5 сарын 1-нд Д.Намдагийн Шарай голын 3 хаан жүжгийг Э.Оюун, А.Рабинович нар шинэчлэн найруулж Улсын хөгжимт драмын театрт тогложээ. 1945 онд (34 нас)Шоронд байх үед Б.Ринчен Цогт тайж кино дэлгэцнээ гарав. 1947 онд (36 нас) Эрх чөлөө 7-р сарын 10-нд наадмийн өдөр 7 жил шоронд суугаад суллагдав. 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал байсан ажээ.
1962-1964 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсчээ.
1963 онд (52 нас) Нүгэл буян кино гарсан.
1983 онд хошой Төрийн шагнал хүртсэн.
1984 он нас барсан.
Sogoo -
Нууц түүх: Зуун умайн хонхор
1921 оны 03 сарын 11-18 ны хооронд ” АЗИЙН МОРИН ДИВИЗ “-ийн Барон Унгерны дараах хүн болох, хошууч генерал Резухинаар удирдуулсан Цагаан цэргүүд, Барга, Цахарын тусгай ангийн хамтаар Говьсүмбэр аймгийн Чойрт үлдсэн, ДИУ-ын нөөц 5000 хүнтэй цэрэгтэй гарнизоныг өршөөлгүй хядсан байдаг. Зугтсан Гоминданы Хятад цэргүүдийг Азийн морин дивизийн тусгай анги болох Дугар Мээрэнгээр удирдуулсан тусгай гэзэг даран нэхэн устгахдаа нэгэн эмгэнэлтэй үйл явдлыг үйлдсэнийг өнөөгийн бид мэддэггүй. Тэр нь Хятад цэргүүдийн эрхшээлд, бэлгийн боолчилолд ЗУУ орчим Монгол эмэгтэйчүүд, эрхшээгдэн хамтаар явж байжээ, тэднийг бөөнөөр Дугар Мээрэн цэргүүдийн хамтаар буудан хүйс тэмтэрсэн байдаг. Хожмоо Монголын ард түмэн чухам тэрхүү эмгэнэлт үйл явдал болсон газар
( ЗУУН ЭХИЙН ДУРСГАЛД .1979.06.30 ) -БИЧЭЭСТЭЙ ГЭРЭЛТ ЧУЛУУН ХӨШӨӨГ БОСГОСОН БАЙДАГ.
Зуун эмэгтэйг буудсан хонхор газрыг
( ЗУУН УМАЙН ХОНХОР )- хэмээн гэм зэмгүй, тэр эмэгтэйчүүдэд харууссан, нутгийнхан гэгээн дурсгалын хүндэтгэн нэрлэжээ.
#МАРКО #ПОЛО -#Page- -
БОГД ХААН УУЛЫН ШИНЭ ХУУЧИН ТАХИЛГЫН БИЧГҮҮДЭЭС
Хэл бичгийн ухааны доктор профессор Л.Хүрэлбаатар (1945-2010) энэхүү Богд уулын сав, Их хүрээний газрын хуваарийн сансолх, тайлга тахилгын номуудыг олж бүртгэх ажлыг анхлан удирдаж хийлгэснээс хойш нилээн хэдэн ном судар олсны дээжсээс та бүхэнд толилуулж байна. Энэхүү тайлгын бичгүүд тун удахгүй ”Монголын Төвд судлалын цуврал” -ын XVI боть болох ”Газрын шинж оршивой” номд бүрэн эхээрээ орох болно.
Г.Ням-ОчирЧин улсын үеийн Богдхан уулын тахилгын бичиг
Түгээмэл Элбэгтийн Тавдугаар Хөхөгчин туулай жил хөх бичин 7-р сарын шинийн 4-ий хөхөгчин өдөрөө
Хуандибээр
Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд тэргүүн зэрэг хиа Миннай-г гаргаж,
Хануулын
Тэнгэртээн тайх үг. Сэтгэвээс
Тэнгэрийн эрдэм нь амгалан хүндийн тул гавъяа нь ивээн хамгаалахуйд тэнхцэлдвэй.
Зуун модны баруун этгээдэд оршоод Монголын аймагт гавъяа байгуулсан нь
Сайл бүрины бичигт илэрхийлвэй. Жавхлангаар Сэлбийн даваалугаасүндэлээдумрын хязгаар дахинаа буяныг бадруулж хамгаалан сахив. Хөндлөн гулдаг таван мянган бээрийн агуу их өргөн бүрнээр тойрон хүрээлсний сүрд итгэвэй. Далан дөрвөн хошууны адууны сүрэг адгуулан дэлгэрүүлэн үржүүлэхийг нь нийтээр илт өршөөх хишгийг хүртээв. Би бээр туйлыг байгуулж буяныг түгээмэл тархаан
Тайх эрхэм хуулийг тогтоохын тул, олон аймгуудын гуйн айлтгасан үнэнхүүг нь сайшааж элсэх эзлэх адил хамаг ородыг хамгаалзсаныг сэтгэж амттан ба үнэртэнээр
Тайх хуулийг явуулж хишиг өглөгийг нийтээр бадруулж тархаав.
Тайх эдийг бэлтгээд үнэнхүүгээн гарган залбирах ба хариулахын ёсыг үүрд тасалдах үгүй болговой. Эдүгээ намар цагийн тул тусгайлан
Тайх ёсыг явуулавай.
Тэнгэрээр айлд.
Энэ нь
Хан уулын Дайчин улсын үед тайж явсан зарлигийн үг болой.
Тайлбар: Энэхүү тайлга тахилгын бичгийг Манжийн эзэн хаанаас жил бүр илгээдэг байсан бөгөөд тахилгын үед шар торгон дээр бичин тэнгэр төргөдөг байжээ. Эндээс үзвэл тухайн үед болсон Зуун модны тулаанд гүйцэтгэсэн үүргийг чухалчилж үзэж тахилга хийдэг байжээ.”Дайчин улсын монгол магад хууль”-ийн дотроос Түгээмэл Элбэгтийн 5-р оны 7-р сарын илтгэл айлтгалуудыг шүүвэл монгол эхэд лавтай тохиолдсонгүй. Өөр бусад данс эвхмэлээс энэ тухайг арчиж болох юм.Мөн тэр үеийн Халхын 74 хошууны адуун сүрэг цэргийн агтыг цуглуулан тэнсдэг суурин газар маягтай байсан байж болох байна. Мөн хөндлөнгулд 5000 бээрийн доторхи уул хайрхадыг сүрээрээ дарсан хэмээн магтсан байгаагаас үзвэл их чухал цэгт тооцогдож байжээ.
1923 онд Богд хаан уул болгон өргөмжилсөн Богд хааны тахилгын бичиг
Олноо өргөгдсөний 12-р оны зуны дунд сарын шинийн 8-ы цогучрал бүрдсэн эрхэм сайн өдрийг сонгон тохиолдуулж
Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт
Богдхаан бээр зарлигаа тухайлан Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд гүн Дэндэвийг гаргаж
Шашныг тэтгэгч Их Богдхаан хайрхан уулын
Тэнгэртээн тайх учир, би сэтгэвээс эрт цагаас эдүгээд хүртэл
Их Богд хаан хайрхан уулны сахиулсан тэнгэрийн аугаа хүчин тус эрдэм маш гайхамшигтай бөгөөд, олон Монголын гол охь манлай газарт батад оршоод сүр жавхланг түмний газар түгээмэл хүртүүлэн зөв буруу сайн мууг машид ялгаж, зөв сайнд нь нөхөрлөн ивээж, буруу мууг нь сөнөөн эцэслэгэж, бурхны шар шашныг сахин тэтгэж, хамаг амьтны буянчуулганыг хураалган туслахын тухай дөрвөн улиралыг зүйгээр тэгшлэн зохилдуулж ивээсээрийн ач маш их дээр, нэн ялангуяа тусгайлан тулгар төр байгуулах чухал цагт онц ивээн хамгаалж, харгалзан тусалсны тэмдэг илэрхийеэ мэдэгдсэний тулд, тухайд гавъяаг илэрхийлэн,
Шашныг тэтгэгч Их Богд хаан хайрхан цолөргөмжлөөд, тухайлан тэргүүн сайдыг гаргаж, тайлгасан бөлгөө.
Эдүгээ зун / намарын сайн улирал орж элдэв бодис шинээр түрэн ирэх / жигдрэн шингэх баяртай сайн цаг тохиолдсон үүнд
Эрхэм их тэнгэрийн өршөөн тэтгэж ивээн хамгаалах гүнээ ачийг сэтгэж гүйцэшгүйн тул, тухайлан тэргүүн сайдыг ном унших лам нарын хамтаар гаргаж, ач хариулахын тахил балин, хүж торго сэлтийг өргөн хүргүүлж, ном уншуулан Эрхэмлэн тайх ёслолыг гүйцэтгэв.
Шашныг тэтгэгч Их Богд хаан хайрхан уулын сахиулсан тэнгэр олон нөхөд сэлт бүгдээр баясан хүлээн авч, рид хувилгаана угаах үчинээн улам уламаар дэлгэрүүлж, арван зүг дэхь Монгол улсын харъяат газар орны зах хязгаар хүртэл огт алгасал үгүй харж сахин, ил далдын элдэв муу хөнөөлт дайн дайсан хур салхи хүн малын өвчин тэргүүтэн бүхнийг агшинзуураа тохиолдуулалгүй түргэнээ устган амирлуулж, ялангуяа шар шашныг өчүүхэн хиргүйгээр тэтгэн дэлгэрүүлж, Их төрийг гадаад дотоодоос цаг бусын хорлолгүй өнө удаан батад оршуулж хишиг өглөгийг бадруулан түмэн бодис шимийг хотод төгсөөр жигдлүүлэн гүйцэлдүүлж, олон монголчуудыг хэзээ ямагт буян чуулганыг хураалган, хүү санэд тавар эрдэм чадлаар баян элбэг бүрэн гүйцэт, өнөег, тавтай тайвнаар энхжүүлэн амгалан жаргалан лугаа төгсгөн тэтгэсээр ахуйг тусгайлан даатгаж, чин үнэн хүүгээс хичээнгүйлэн Тайлгасан үүнийг Эрхэм их сахиулсан тэнгэрээр цөм анхааран хүлээн авч итгэмжилэн даатгасан ёсоор үргэлжид өршөөн тэтгэхийг зөвшөөн Соёрхож Айлдан Айлд
Энэ нь Монгол өөртөөн улс болсны хойно тайж яваа
Зарлигийн үг болой.
Энэхүү хануулыг жил бүр зуны тэргүүн сард нижгээд удаа тахина. Тайх тухай бүрт Нийслэл хүрээнээс лам нар гарч, хоёр өдөр хурал хурна. Тайхад сум нэг, торго нэг бүхэл, нэг багц хүрэн хүж өргөнө. Бас бүхэл үхрийн мах гурав, бүхэл хонины мах арван тавыг өргөж таймуй. Эдгээр тайлгын зүйлийг цөм улсын сангаас гаргамуй.
Тайлбар: VIII Богд Жавзандамба хутагтын бараг хамгийн сүүлд гаргасан зарлигуудын нэг. 1911, 1919, 1921 оны хэрэг явдал болоод цагийн самууныг тухай бүр Богд ууланд даатгаж байсан бөгөөд Монгол улсыг бүрнээ аварсан тул энэхүү тахилгын бичгийг бичсэнээс гадна 8 шолго магтаал төвд хэлээр зохиосон нь эдүгээ олдохгүй байна.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/157_5654 -
БАРОН УНГЕРНЫ АЛТ ЭРДЭНЭС ОДОО ХЭР НЬ ОЛДООГҮЙ ГЭДЭГ.
Даашинхүүгийн пүүс гэхэд л олон арван хөсөг болхоор алт мөнгөн гулдмайтай байсан гэдэг. Гэвч тэр хөсөг яг хаашаа очсон нь одоо болтол олдоогүй . Нэг их холдоогүй Монголоос гараагүй нь ойлгомжтой байдаг. За тэр ч яахав. Сүүлийн үед Унгерныг хэт шүтэх байдал гараад байх шиг . Зарим нэг гавьяа бий л дээ гэхдээ Унгерний ард Богд хаан болон Халхын Чин ван Цэвээн тэргүүн нар байсан . Богдын тагнуулын албаны дарга Баатар захирагчаар Богдтой холбоо барьж байсан Цэвээн тэргүүн даалгавар авч Баатар захирагчийн хамтаар Барон Унгернийг дагуулж ирсэн байдаг. Баатар захирагч бол гадаад тагнуулын хэрэг эрхэлсэн Богд хаант Монгол улсын ёстой үхэхээс бусдыг үзсэн олон орноор тагнуулын хэргээр явж байсан жинхэнэ шалгарсан захирагч. Цэвээн тэргүүн бол Монголын толгой баячуудын нэг Богд хаант Монголын сангийн сайд улсын дөрвөн эрх мэдэлтэний нэг байсан хүн. Унгерн большевикууддаа алуулангаа алдаад армиа дагуулан Атаман Семёновтой нэгдэхээр Манжуур луу зугтаж явсан хэрэг. Баатар захирагчийн тагнуулын мэдээллээр дүрвэж яваа Унгернийг мэдсэн Цэвээн тэргүүн замд нь тосож уулзан Монгол руу очиж хятадуудыг устгаж өгвөл алт эрдэнэс цэрэг зэвсэг эрх мэдэл бүхнийг хангаж өгнө гэж амлан замыг нь өөрчлөн Хүрээ рүү дагуулж ирсэн байдаг. Үнэхээр өөрийн хөрөнгөөр агт морь хоол хүнс гарган цэрэг армийг нь хангаж мөн Монгол нутаг аймаг хошуудаас Богдийн нэрээр хөрөнгө мөнгө цэрэг хоол хүнс дайчлан гаргуулж Түрэмгий баатар Баяр гүнээр удирдуулсан монголын армийг бүрдүүлсэн байдаг. Тэр бүхнээ цэрэг дайны туршлагатай Унгернээр удирдуулан хятад цэргийн эсрэг довтлуулсан . Мөн Хүрээн дотроос Саж ламаар удирдуулсан цэвэр төвдүүдээс бүрдсэн Богд хааны хамгаалтын хорооны шадар цэргүүд хятадуудыг ёстой алж хядсан амь хайргүй тулалдсан байдаг. Зүгээр л Богдын төлөө амиа өргөх ёстой тусгай алуурчидын бэлтгэгдсэн хороо. Унгерн ч монгол ноёдын амлалтанд итгэсэн өөр явах ч газаргүй болсон хүн ёстой амь хайргүй өөрийн армиа золиослоод ч хамаагүй Хятад цэргийг устгахаас өөр аргагүй болсон. Олон дахин оролдож Монгол цэргээр хүч нэмж байж Хүрээн дэхь хятад цэргийг ховх цохисон байдаг … Цэвээн тэргүүн Унгерн рүү явсанаас яг хоёр хоногийн дараа Бодоо Данзан нар улаан орос руу тусламж гуйхаар явсан байдаг. Цэвээн тэргүүн Бодоо нар нь нэг багшийн шавь улстөрийн санаа зорилго нэгтэй байсан хүмүүс. Унгерн хятадуудыг устгаж чадвал дараа нь түүнийг улаан оросуудаар цохиулах хэрвээ Унгерн чадахгүй бол улаан оросуудаар хятадын Хүрээн дэхь цэргийг цохиулахаар төлөвлөж байсан байдаг. Энэ бол ухаант Монгол өвөг дээдсийн минь эх орноо улс гүрнээ гэсэн цөхрөлтгүй тэмцэл уран ухаан чин сэтгэл байсан болохоос хэн нэг орос гадаад баатар ирээд Монголыг хамгаалдаггүй авардаггүй юм гэдгийг ойлгож ухаант эх оронч өвөг дээдсээрээ бахархдаг судалж мэддэг байгаасай гэж хүснэ. Хэн нэг орос хятадыг шүтэхээсээ өмнө амь хайргүй эх орноо өдий хүртэл авч ирсэн өвөг дээдсээ шүтэн хайрлаасай мэдээсэй гэж хүснэ.
Чука Бат
-
БИ МОРИНДОО “БҮРГЭД” ГЭЖ НЭР ӨГСӨН
Хүрэх газар хол, дайн ийм ширүүн байдаг, эд ер нь яадаг бол” гэж анхандаа итгэл муутай байлаа. Цэргүүд бид омголон морьдоо номхруулах гэж ёстой хөглөдөг байждээ. Аргаа ядахдаа нүдрүү нь даавуу унжуулж байгаад унадаг байлаа. Гэтэл энэ арга маань улам аашийг нь хөдлөгдгийг даруй мэдээд больсон.
Манай ангид шинээр цэрэг ирээд моринд эрэмгийгээ ярьж, яаж ч булгихад нь унадаггүй гэж гайхуулахад нь бид догшин Монгол мориноосоо өгнө. Тэгээд л нөгөө цэрэг хэд Ог л хайрайхад нь ойчоод амаа асуулгадагсан. Манай байлдагчид удалгүй Монгол морины сайн талыг нь мэдсэн юм. Монгол морьд их чадалтай, тэсвэртэй, ухаалаг, эзэндээ ээлтэйгээрээ хосгүй. Түүнийг өөр үүлдрийн ямарч мориор сольж үл болох сайн хүлэгүүд байсан юм шүү.
Өөр үүлдрийн морьдыг их бага гэмтэлийн учир хичнээн ч сольдог байлаа даа. Харин ах дүү Монголын ард түмний илгээсэн морьд л шарх гэмтэл сайн даадаг багаханыг нь тоодоггүй явдагсан. Би өтгөн дэлтэй хээр морь унаж байлдаж байлаа. Анхандаа ч ааштай л адуу байсан. Гэсэн ч Орос цэрэг, Монгол морь хоёр удалгүй дасалцаж эзэн унаа хоёр болсондоо. Жижигхэн биетэй, Дүрлэгэр нүдтэй, Толгой доортой сайхан морь байсандаа. Би мориндоо “Бүргэд” гэж нэр өгсөн. Бүргэд өөр хүнд хажиг ааш муутай мөртлөө намайгаа дуугаар бүү хэл шүгэлдэхэд л таньдаг болсон байж билээ.
Тэнгэр ямар ч таагүй муухай байлаа гэсэн замгүй газраар явах, шөнийн харанхуйд давхих, явж болохгүй газар, гаталж болохгүй намаг балчигийг мэдрэх чадвараараа Монгол морьд бидэнд гайхагдаж байлаа.Унасан хүлэг нь ухаантай,хурдтай, чадалтай байсан учраас анги Цэрэг бид Командлалынхаа даалгаварыг амжилттай биелүүлдэг байсандаа. Монгол морьд бас усч шүүдээ. Толгойгоо өлийлгөс хийн нүд хамрын нүрээ цухуйлгаад л хөвдөгсөн. Намагт живээд далдарвуу гэтэл гараад л ирдэгсэн хэмээн байлдаж явсан үеээсээ дурсаж бичсэн байдаг. Эх сурвалж: Гайхамшигт Монгол адуу -
“БИ БОЛ ЭРТНИЙ ТУРК БИЧЭЭСИЙГ ОРЧУУЛСАН Л ХҮН” Л.БОЛД
2023-р оны 5-р сарын 4-ий өдөр ШУА-ийн том асарт “ТҮРЭГИЙН ХААНТ УЛС БА ӨНӨӨГИЙН ТУРК УЛС” хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг ШУА-ын Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар чиглүүлэв.
Хэлэлцүүлэгт Түрэг төрийн түүхийн талаар хоёр, Түрэг төрөөс үлдээсэн үсэг бичгийн өвийн талаар хоёр илтгэл тавив. Энэ удаа бид Түрэг төрөөс үлдээсэн үсэг бичгийн өвийн талаар хийсэн илтгэл, хэлэлцүүлгийг та бүхэндээ толилуулна. Дараа Түрэг төрийн түүхийн талаар хийсэн илтгэл хэлэлцүүлгийг толилуулна.
Уг хэлэлцүүлэгт Хүн үсэгт хадны бичээсийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэл, Сэргэлэн Интернешнл Экспедишн ТББ-ын эх сурвалж судлаач Б.Хандмаа “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлийг тавьж, хоёр илтгэлийн хойноос хэлэлцүүлэг өрнөв.
Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэлдээ Томсен тэмдэгтийг хэрхэн авиалсан тухай, мөн хадан бичиг дэх хоёр үгүүлбэрийг СИЭ ТББ-ын тайлсан хувилбарыг өөрийн номондоо оруулсан хувилбартай зэрэгцүүлэн үзүүлэв. Л.Болд миний тайлал урьд үеийн бүх судлаачдын тайлалтай ижил, СИЭ ТББ-ын тайлал урьд үеийн судлаачдын тайлалтай таарахгүй гэж үгүүлэв. Л.Болд өөрөө энэ нь зөв, энэ нь буруу гэж баталсангүй. Л.Болдын илтгэлд хэлний судалгааны хамгийн чухал иж бүрдэл болох үг зүй, хэл зүйн судалгаа огт орсонгүй.
Б.Хандмаа “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлдээ дешифровка буюу үл таних тэмдэгтийг Томсен тайлсан логик дарааллыг, мөн хадан бичээс дэх зарим үгийг оролцогчдод таниулж, уг бичээс дэх үгийн сангийн 90 орчим хувийг өнөөдөр идэвхтэй, идэвхгүй хэлбэрээр бидний үгийн санд оршиж буйг, уг бичээс дэх тийн ялгал, үйлийн явц нь өнөөгийн халх ард түмний дээдсийнх болохыг тайлбарлан үзүүлэв.
Л.Хандмаа VII-VIII зууны Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичээс дэх хэл зүйг сүүлийн 100 орчим жил судалж буй харийн судлаачид бүрэн тогтоож чадаагүйн улмаас уг бичээс дэх олон хэсгийн тайлбар нь өнөө хүртэл маргаантай байгааг үгүүлэв.
Л.Хандмаа “Анх удаа уг хэлний мэдлэг тээгчид уг бичээсийг судлан хэл зүйг нь бүрэн гаргалаа” гэж үгүүлэв.
Л.Хандмаа Л.Болдын зэрэгцүүлэн үзүүлсэн үгүүлбэрт Тэнгэр тэг нь яагаад Тэнгэр цаг гээн ухах нь зөв болохыг илтгэлийн цаг бага тул товч тайлбарлав.
Л.Хандмаад олон хүмүүс алга ташив.
Дараа нь хэлэлцүүлэг эхлэв.
Хүн үсэг бичгийг Л.Болд судлаагүй гэдгийг түүний ажиллаас мэдэх тул Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн надад түүний мөн чанарыг илчлэх боломж олдож ингэж асуув (бичлэгтэй):
С.Сэргэлэн: Болд гуай, Таны гаргасан 2 ном байгаа. Дээр нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гээд … Би өөрөө эх сурвалж судлаачийн хувьд таны ажлыг харахад, Та фонем дээр нь ажиллаагүй байдаг, Та үг зүй дээр нь ажиллаагүй байдаг, “СИЭ” шиг адилхан тийн ялгалыг нь гаргаагүй, “дахь, дэх” тийн ялгалыг Кононов нэр үгээс тэмдэг нэр үүсгэх дагавар гэсэн гээд бичсэн байдаг. Бид Кононовыг харна шүү дээ. Тэгэхэд тэнд жаахан юм бичсэн байдаг.
Та мөн “саар, сээр” явцыг гаргаагүй байна. Та өөрийгөө судалгаа хийсэн гэж өөрийгөө бодож байна уу, Биднийхээр бол, Та бол сэтгүүлч шиг материал цуглуулсан хүн байна шүү. Аль нь вэ?
Л.Болд: -За баярлалаа, сайхан асуулт байна. Би бол эртний турк бичээсийг орчуулсан л хүн. Би бол дараа дараагийн судалгаанд чөтгөр нь чөлөө өгөөд, бурхан нь буянаа хайрладаг юм бол тэр хэл зүйн асуудал, Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай.
Хойноос нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Чулуунбаатар сандарсан хоолойгоор: “Та гэхдээ хэл шинжлэлийнхээ суурь юмнуудыг мэддэг байлгүй дээ. Мэдэж байж тэр орчуулга юмнуудаа хийсэн байлгүй. Авиа мавиа тийн ялгалаа гадарладаг юм байгаа биз дээ” гэж хэлээд инээв.
Л.Болд зөвхөн гадны хүмүүсийн ажлыг орчуулсан гэдгийг бид өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэв. Л.Болдын ажилд өөрийх нь хийсэн фонем буюу тэмдэгт бүрийн авиалбар ороогүй, В.В.Томсены авиалбарыг хадаж, түүний үг зүйн хэсэгт морфолог задаргаа огт хийгдээгүй, тэрээр дээдсийнхээ тийн ялгалаа таниж ажиллахын оронд Г.Айдаров, А.Н.Кононов судлаачдын ажлын гаргасан дутуу тийн ялгалыг шууд ишилсэн, бичээс дэх үйлийн явц, үйлийн цаг дээр огт ажлаагүй нэгэн болох нь СИЭ ТББ-ын эх сурвалж судлаач хамт олонд тодоос тод харагдаж байв.
Монгол улсад Үндэстний эх сурвалж судлал бий болсны ачаар хэний ажил материал цуглуулга, хэний ажил судалгаа болохыг төвөггүй тодорхойлох болов. Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” III, IV ном нь материал цуглуулга болохоос судалгаа биш гэдгийг СИЭ ТББ тогтоовой.
Л.Болд “Орхон бичгийн дурсгал” III, IV номныхоо нүүр хавтаст дээр “ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн” гэж нэрийг оруулжээ. Энд асуудлын гол нь өнөөгийн ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан гэх олон нөхдийн дунд эх сурвалж судлал, материал цуглуулга хоёрыг ялгах чадвартай ганц ч хүн алга гэдэгт оршино. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд суурь судалгаа хийдэг ганц ч ажилтан үгүй учир тэд “судалгаа”, “материал цуглуулга” гэх ухагдахуунуудыг ялган салгаж сураагүй учир Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” номыг судалгаа биш гэдгийг тогтоож чадсангүй.
Хэл зохиолын хүрээлэн нь “судалгаа”, “материал цуглуулга” гэх хоёр ухагдахууныг гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлээр ялгуулдаг юм байна. Гадаадын сэтгүүлд гарсан бол судалгаа, гараагүй бол материал цуглуулга буюу судалгаа биш гэх шалгуурыг тэд мөрдсөөр өнөөг хүрэв. Үүний нэг тод жишээлбэр нь уг хэлэлцүүлэгт Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн хэлсэн үг: “Шинжлэх ухаан гэдгийг үнэхээр баталъя гэвэл эрдэм шинжилгээний гадаад, дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлж батлах хэрэгтэй. Ингэж ШУА руу шинжлэх ухаанаар дамжиж бидэн рүү орж ирэх хэрэгтэй гэж бодож байна” гэж хэлжээ. Ж.Бат-Ирээдүй нь “гадаад сэтгүүлд” нийтлэгдсэн бүхэн шинжлэх ухаан гэж дотроо гүн итгэжээ.
Мөн 2019-8-2-нд БСШУСЯ-ны сайдын А/497 дугаар тушаал “Монгол орны нутаг дэвсгэр дээрх Түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах” зорилгоор байгуулагдсан “Ажлын хэсэг”-т орсон тухайн үеийн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Бэлгүдэй бидэнд “Сэргэлэн, гадаадын сэтгүүлд нийтлээд болоо юм биш үү” гэж хэлж байв.
СИЭ ТББ-ын суурь судалгаа эх сурвалж дээр суурилах учир гадаадын судлаачтай ойлголцоход бид шууд нэг хэлээр ойлгоцдог билээ. Гадаадын сэтгүүлд нийтлэлээ гаргах нь бидний хувьд техник асуудал. СИЭ ТББ-ын үндсэн зорилго нь Үндэстний ой санамжийг эх сурвалж судлан сэрээх үйл. Хэн олон гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн нь ШУ-ны үндэстэй гэх ойлголт буруу. Манай зорилго Монгол улсад эх сурвалж судлалыг бий болгож, суурь судалгааг үүсгэсээр үндэстний дархлаа болох үндэстнийнхээ ой санамжийг хамтран сэрээх үйл мөн. Бид академийн нөхдөд “Тануус биднийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх үйлээ бүү чухалчил! Тануус эхний ээлжинд “эх сурвалж судлал”, “материал цуглуулга” хоёроо ялгаж сур! Үүний тулд эх сурвалж судлах боловсролд суралц!” гэж уриалж байна.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Үндэстний хэл нь үндэстэн оршихуйн дархлаа билээ. Энэ тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд: “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж бичжээ. Мөн Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи / цаашид “Академи” гэх/ нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага мөн. Академи нь төрийн ивээлд байна” гэж оржээ. Ж.Бат-Ирээдүй захирал аа! Дээрх хоёр хуулиас ишилсэн заалт бүрийн утгыг таны хариуцах ажил дээр тайлбарлая.
ШУА нь Монголын улсын иргэдийн татварын мөнгөөр санхүүжиж буй байгууллага мөнөөс мөн. Монголын ард түмнээс сонгогдсон эрхэмүүд “үндэсний хэлээ хадгалж хамгаал”, “шинжлэх ухааны төв байгууллага бол” гэж дээрх хоёр эрх зүйн актанд таны үүргийг цагаан дээр хараар бичиж, тодорхойлжээ.
“Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэдэг нь “хэлний салбарт эх сурвалж судалж, суурь судалгаа хий” гэсэн үүрэг. Хэлний салбарт үнэн судалгаа хийдэг Шинжлэх ухааны төв байгууллага нь Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид байх үүрэгтэй гэж уг хууль хоёргүй санаагаар бичжээ. Монгол улсын ард түмэн Хэл зохиолын хүрээлэнгээс мөн ийм хүлээнэ.
Бат-Ирээдүй захирал аа! Танай ажилтан Л.Болд үнэн судалгаа хийгээгүй, орчуулга хийснийг СИЭ ТББ-ын судлаачид өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэв. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гэж хаягласан түүний хоёр ном судалгаа биш материал цуглуулга болно. Хэл зохиолын хүрээлэн суурь судалгаа хийх үүргийнхээ оронд орчуулгын товчооны үүрэг гүйцэтгэжээ. Энэ бол зөвхөн гутамшиг төдийгүй “үндэсний хэлээ хадгалж хамгаал” гэх Үндсэн хууль дахь заалтыг “үндэсний хэлээ харьд бэлэглэ” гэх утгаар сольсон хортой үйл болон өрнөж буй. Энэ бүхнийг нэг нэгэнгүй танд тайлбарлана.
Бат-Ирээдүй захирал аа! Монгол улсад анх удаа хэл, түүхийн чиглэлээр суурь судалгаа хийдэг байгууллага гарч ирэв. Түрэг, Уйгур төрийнхөө VII-VIII зууны хадан бичээс үгийн сан, хэл зүй буюу тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг гаргаж энэ бүгд Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх түмний дээдсийн хэл гэдгийг хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр батлав. Эх сурвалж судлахын ачаар манай мэдлэг, туршлага нэмэгдэв. Өнөөгийн өндөрлөгөөс Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтнуудын хийж буй үйлийг дүгнэхэд тануус судалгаа хийхгүй байна. Тануус материал цуглуулж байна. Тануус эх сурвалж судлахын оронд эх сурвалж судлах үүрэггүй яруу найрагч, зохиолчдын бүтээл дээрээс хэл зүйн дүгнэлт гаргаж байна. Эх сурвалжгүй нөхөр эх сурвалжгүй нөхрийнхөө бүтээлээс хэл зүйн арга ухаан хайх үйлийг “чөтгөрийн эргүүлэг” гэж нэрийдвээс тохирно. Эх сурвалж судалдаггүй нэгэн нь гадаадын судлаачдын нийтлэлээс мөн чанарыг нь олж тогтоож үл чадна. Тануус өөрсдийнхөө хүссэнээр тэдний ажлыг гуйвуулан тайлбарлаж байна. Ийм жишээ маш олон бий.
Ж.Бат-Ирээдүй захирал аа! Хэл зохиолын хүрээлэнг “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” болгох үүрэгтэй. Энэ үүргээ та огт биелүүлэхгүй байна. Үр дүнд нь VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх хэл зүйг судалсан ганц ч монгол судлаач байхгүй. Л.Болд гадаадын нөхдийн ажлыг цуглуулжээ.
Судалгаа, материал цуглуулга хоёроо ялгаж салгах чадваргүй Хэл зохиолын хүрээлэн нь “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй болсны улмаас Монгол улсын Хүн үндэстэн ард түмний үндэстний ой санамж самуурч, харь төрөөс үйлдэх түүх соёлын түрэмгийлэлд хялбар өртөж байна. Одоо энэ тухай үгүүлье!
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд: “Үндэсний хэлээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх хэсэг танд шууд хамаатай. Судалгаа, материал цуглуулга хоёроо ялгаж салгах чадваргүй Хэл зохиолын хүрээлэнгээс 2010 онд Л.Болд зохиогчтой гарсан “Орхон бичгийн дурсгал” III, мөн 2011 онд гарсан “Орхон бичгийн дурсгал” IV номыг жинхэнэ судалгаа гэж ард түмэнд танилцуулжээ. Л.Болдын орчуулга хэвлэгдсэн цагаас гурван жилийн хойно 2013-р оны 4-р сарын 17-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Манай Турк улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж ….” хэмээн БНТУ-ын ЕС Эрдоганы дэргэд үгүүлжээ.
Ж.Бат-Ирээдүй захирал аа! Танай Хэл зохиолын хүрээлэнгээс “Орхон бичгийн дурсгал” гэх орчуулга гарсны “буянаар”, Л.Болдын “орчуулгын буянаар” Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм тэнэг үг хэлэв. Н.Алтанхуяг эх сурвалж судлаач биш, улс төрч хүн учир тэр сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэнэ. Н.Алтанхуяг Хэл зохиолын хүрээлэнгээ “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэж хоёргүй сэтгэлээр итгэх тул ингэж үгүүлжээ. Н.Алтанхуягын хэлсэн энэ тэнэг савын (үгүүлэлийн) хариуцлагыг хувааваас 70 хувийг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд, 30 хувийн Н.Алтанхуягт ноогдуулна.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
2013-р онд Турк төрийн судалгааны алба юу мэдэв гэдгийг төсөөлцгөөе! Үүнийг СИЭ ТББ баталж чадахгүй боловч төсөөлж болно. Аливаа улсад суурь судалгаа хийдэг эрдэмтэд нь үндэстнээ урт удаан хугацаанд орших суурийг буюу Үндэстний ой санамжийг нь ариг (цэвэр) байлгаж бэхжүүлж хамгаална. Монгол улсад шинжлэх ухаанчаар судалгаа хийх боловсрол эрдэмтэдийн дунд бүрэлдээгүй, улс төрчдөд нь үндэстний ой санамж гэх ухагдахуун сууж төлөвшөөгүй юм байна гэдгийг тэд мэджээ. Турк улсын төр энэ бүхнийг геополитикийн алтан боломж гэж үзэж (үнэхээр тэдэнд алтан боломж мөнөөс мөн) ТИКА хөтөлбөрөөр улс төрчид болон судлаачдыг татах бодлогыг амжилттай явуулсаар өнөөг хүрвэй.
2019-р оны 5-р сард “Түүхэн аялал жуулчлал хөрөнгө оруулалт” үндэсний өв чуулган дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Туркуудын “root” (руут) буюу гарал үүсэл нь Орхоны хөндийгээс гаралтай” гэж ор үндэсгүй мэдэгдэл хийсэн билээ.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Монгол улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ хэл зүйч хүн биш, тэр мөн эх сурвалж судлаач биш гэдэгтэй та санал нийлэх байх. Монгол улсын иргэн Л.Оюун-Эрдэнийн амнаас “Туркуудын гарал үүсэл нь Орхоны хөндийгээс гаралтай” гэх ор үндэсгүй мэдэгдэл Хэл зохиолын хүрээлэнгээс Л.Болд зохиогчтой гаргасан орчуулгын үр дүн мөнөөс мөн. Хариуцлагыг хувааваас 70 хувь нь “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэх Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль дахь заалтаа биелүүлээгүй, орчуулгыг судалгаанд тооцсон Хэл зохиолын хүрээлэн үүрнэ.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Танд Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал дахь “Үндэсний хэлээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх заалт Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь …шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэх заалттай ямар утга зүйн холбоотой болохыг, мөн утга зүйн холбоо нь алдагдсаны учир ямар хор уршиг манай үндэстэнд нүүрлэж буйг таниулахыг хичээв.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Хэл зохиолын хүрээлэн орчуулга, судалгаа хоёрыг ялгах чадваргүйн улмаас Хэл зохиолын хүрээлэн “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” үргээ эс биелүүлж буйн улмаас харь төрийн түүх соёлын түрэмгийлэлд манай улс төрчид хялбар автаж байна.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Л.Болдын хэлсэн үгийг дахин иргэж ухая!
Л.Болд: “За баярлалаа, сайхан асуулт байна. Би бол эртний турк бичээсийг орчуулсан л хүн. Би бол дараа дараагийн судалгаанд чөтгөр нь чөлөө өгөөд, бурхан нь буянаа хайрладаг юм бол тэр хэл зүйн асуудал, Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай” гэж хариулжээ.
Л.Болдын “тэр хэл зүйн асуудал …руу зайлшгүй орох шаардлагатай” гэж үгүүлсэн нь миний асуултанд орших тийн ялгал, үйлийн явцыг хэл зүйн асуудал гэж тодорхойлж байна. Тэр тийн ялгал, үйлийн явц, цаг тээх үйл гэх хэл зүйн бүрдэл рүү огт ороогүй, огт судлаагүй гэдгээ ингэж хүлээн зөвшөөрөв..
Л.Болд “Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай” гэж Хандмаагийн илтгэлд цухас дурьдсан үгийн сан руу ороогүй гэдгээ аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөв.
Ж.Бат-Ирээдүй захирал аа!
Шинжлэх ухааны байгууллага нь харь улсын гар хөл болоод байна! Худал судалгаа ямар их хортой…!Тун удахгүй жинхэнэ судалгааг та бүхэнд хүргэнэ.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн -
ЁС СУРТАХУУН ХҮНД
Ёс суртахуун нь ёс зүйн ухааны судлагдахуун, хүнд байх учиртай, төлөвшүүлэх ёстой сайн сайхан чанаруудын нийлбэр цогц тул хүний ёс суртахууны тухай ярихдаа ёс зүй хэмээх шинжлэх ухааны нэрийг хэрэглэж, ёс зүйтэй хүн, ёс зүйгүй ажилтан гэх нь буруу юм. Ингэхийн оронд ёс суртахуунлаг хүн, ёс суртахуунгүй багш хэмээн хэлж ярьж, бичиж хэвших нь зүйд нийцнэ. Хүнд ёс зүй төлөвшихгүй, харин ёс суртахуун төлөвшинө, хүн ёс суртахуунтай байхаас биш ёс зүйтэй байхгүй. Хэн нэгнийг ёс зүйтэй хүн гэх нь ёс зүйн шинжлэх ухаантай хүн гэж байгаа хэрэг болно. Харин “ёс зүйн дүрэм” гэж хэрэглэж болох. Хүмүүст тавигдах ёс суртахууны шаардлага, мөрдөх зарчим, хэм хэмжээг тодорхойлон тогтоодог, сахиулан мөрдүүлдэг хүн ёсны хууль тул ийн нэрлэдэг.
– Улс орны хөгжлийн эх үүсвэр бол ёс суртахуунтай иргэдтэй болохАкадемич С.Нарангэрэл:
-
МОНГОЛЫН НЭРТ 9 НАЙРАГЧИЙН сэтгэлд хоногшсон 9 шүлэг
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын улаан дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
*** *** *** ***
“МОРИН ХУУР”
Унаган xөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч xатуужиж сууxдаа
Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй
Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xолбож яаж дуулаxаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана
Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа уярана вэ
Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа баясана бэ
Буурал xорвоогийн түүхийг
Буман олны хүслийг
Xолбож яаж дуулахаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ
Xорвоо гэдэг хоёрхон өнгө
Xар цагаан хосолсон
Xотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно
Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж бий хагацал гэж бий
Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xоёрхон чавхдасанд багтааж
Xолбохийн учир энээ
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана
Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй
*** *** *** ***
“ТУСГААР ТОГТНОЛ”
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
*** *** *** ***
“ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН”
Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ
Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ
Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ
Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ
Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ
Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны “тэнгэр” саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ
Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ
Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ
Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ
Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.
*** *** *** ***
” АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА”
Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрла
Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла -
СЭТГҮҮЛЧ Н.ДУЛАМСҮРЭНГИЙН Н.НАГААНБУУТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА.
Мөнх тэнгэрийн хүчний түүх гэж байхгүй. Энэ бол монголын түүхийн гүн ухааны асуудал. Түүхийн гүн ухаан гэдэг нь тэр түүхийг яаж бүтээсэн, яагаад гэсэн асуултанд хариулагдах тусгай шинжлэх ухаан. Гүн ухааны түүх гэвэл гүн ухаан тэдэн онд үүссэн гээд эхэлнэ. Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
Сүүлийн үед юу хийж байна вэ?
Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээнэ.