Category: Монгол үндэсний түүх

  • Чингүнжавын тэмцэл

     Манжийн төр Чингүнжавын эсрэг их цэрэг хөдөлгөхийн хажуугаар Хутуринга, Дорж тэргүүтэй залхаан цээрлүүлэх цэргийн ангийг Их хүрээнд ирүүлж, улмаар орон нутагт тархсан бослогыг цэргийн ангиудыг цувруулан цохиулж, бослогод оролцсон хүмүүсийг бариулж, элдэв янзаар тарчилган зовоож, цаазаар авахуулаад, толгойг нь олны явах газар модон шонд өлгүүлж, нийтийг айлган сүрдүүлэх аймшигт үзмэр болгох зэргээр харгислан байж, Халхын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийг цуслан дарсан байна.
     Зүүнгар, Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдаж байх үед Амарсанаа Орост очиж тусламж гуйж байгаад, 1757 оны 9-р сарын 21-ний өдөр цэцэг өвчнөөр нас барсан, Чингүнжав Оросын зүг зугатан яваад Манжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн, 1757 оны 3-р сарын 11-ний өдөр цаазаар авагдсан байна.Түүнээс гадна 1757-58 оны үест II Богд болон Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар нарыг манж нар сэм хорлож алаад, Дамиран гүн нарын бусад ноёдыг барьж цаазаар аваачсан байна. Энэ бүхэн нь зөвхөн 1757-1758 оны хөдөлгөөнийг дараад зогссонгүй, Халхын ард түмнийг дахин босох бололцоог хааж, Монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн үр хөрөнгийг таслан үгүй хийх гэсэн зорилго байжээ.
     Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл хэдийгээр дарагдаж, түүний удирдагч Амарсанаа, Чингүнжав нар амь үрэгдсэн боловч монголчууд тэр их тэмцэл, түүний удирдагч нарыг хэзээ ч марталгүй үргэлж дурсан дуулсаар ирсэн юм. Монголчууд Амарсанаа, Чингүнжав нарт харь Манжийн харгис ноёрхлын эсрэг зүрх зоригтой тэмцсэн эрэлхэг баатрууд гэж магтан дуулахын хамт тэднийг асар удалгүй дахин гарч ирээд Манжийн талхидалыг түлхэн унагаж, ард түмнээ авран жаргаана гэж мөрөөдөн, зөгнөж ярьдаг байжээ.
     Монголчуудын 1755-1758 оны хөдөлгөөн бол манжийн талхидалын эсрэг хандсан тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл, том бослого байв. Амарсанаа, Чингүнжав нар эх орноо Манжийн талхидалаас чөлөөлж, өөрийн нийслэл, өөрийн цэрэг мөн өөрийн албан татварын журамтай тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахаар зорьж байжээ.
     Энэ нь Монголын ард түмний 1755-1758 оны туршид явуулсан их тэмцлийн гол зорилго болж байв.
     1755-1758 оны хөдөлгөөн Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан бөгөөд жирийн ард, дорд лам болон нилээд олон ноёд түүнд оролцжээ. Гэвч тэдгээр ноёдын олонхи нь тууштай тэмцэгч байсангүй, шийдвэрлэх чухал үед гуйван дайвж, зарим нь шууд урван дайсны талд орж байжээ.
    Амарсанаа бол XVIII зууны дунд үеийн Зүүнгар улсын хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг юм. Тэр Манжийн цэргийн хүчийг ашиглан, өрсөлдөгч этгээдээ Зүүнгар улсын хаан ширээнээс зайлуулж, ширээг нь эзлэн авах гэжээ. Гэтэл хэрэг явдал санасны эсрэг чиглэлээр эргэж, Амарсанаа манж нарыг ашиглаж чадсангүй, харин манж нар түрэмгий бодлогоо биелүүлэхэд түүнийг чадамгай ашиглажээ. Энэ бол Амарсанаагийн гаргасан ноцтой алдаа, түүний үлдсэн харгис явдал мөн. Гэвч Амарсанаа удалгүй өөрийн хийсэн  осол эндэгдлийг ойлгож, маллагдсанаа мэдмэгц Манжийн эсрэг эргэлтгүй хандаж, эх орныхоо тусгаар тогтнолын тэмцлийг толгойлон босоод, харийн дайсан болон урвасан ноёдын эсрэг баатарлаг тэмцсэн байна. Дайсны давуу хүчинд цохигдон дарагдсаны дараа ч гэсэн зориг мохож санаагаар унан хөрш Орос улсад очиж, тусламж гуйж байгаад нас барсан юм. Чухам ийм учир Амарсанааг эцсийн эцэст эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг цогтой тэмцсэн эх оронч баатар байсан гэж үзнэ.
     Чингүнжав нь угаас Манжийн талхидалыг дургйцэж, алба ажилд нь огтхон ч идэвхтэй зүтгэдэггүй, харин байнга битүүгээр эсэргүүцэж байдаг дэвшилттэй хүн байсан бөгөөд цаашдаа нийт Ар монгол, Халхын ард түмнийг толгойлон босож тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахын төлөө Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг хүртэл зүрх зоригтой тууштай тэмцэн жинхэнэ эх оронч баатар мөн.
     Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдсан гол шалтгаан нь тус оронд ноёлж байсан улс төрийн тархай бутархай байдлын гүнд оршиж байжээ. Улс төрийн бутралын учир бослого эмх замбараагүй  дарвин дэгдэх шинжтэй эхэлж, цаашдаа мөн нэгдмэл зохион байгуулалт, төвлөрсөн удирдлагагүй, урсгалын байдалтай үргэлжилсэн нь түүний дарагдахын нэг гол шалтгаан болжээ. Бослого дарагдсан нөгөө нэг шалтгаан нь бослогын удирдагч ноёд, тайж нар эв нэгдэлгүй, зарим үед шууд хоорондоо байлдахад хүрч байсанд оршино. Гуравдахь шалтгаан нь нөлөө бүхий ноёд урваж манж нарт тусалсан явдал болно. Манжийн цэргийн зэвсэг хурц, зохион байгуулалт нарийн чанд, босогчдын зэвсэг дорой, удирдагч .нар нь ухран тусаж, хориглон хамгаалах тактикийг голлон баримталсан явдал хөдөлгөөн дарагдахын нэрмээс нөхцөл болсон юм.
     1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл тийнхүү дарагдаж, монголчууд Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн оролдлого дарагдаж бүтэмжгүй болсон нь Монгол орныг туйлын хүнд байдалд оруулж, түүний цаашдын хөгжилд хортой нөлөө үзүүлсэн юм. 1755-1758 оны хөдөлгөөнийг дарснаар манж нар монголчуудын дундаас тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн сүүлчийн ганц улс болон Зүүнгарын хаант улсыг мөхөөж, нийт Монгол орныг эрхшээлдээ оруулж эзлэн авах зорилтыг биелүүлж, Монгол орон бүхэлдээ Манж чин улсад эзлэгдсэн байна.

     
  • АМАРСАНАА БААТРЫН ЗҮРХНИЙ ХАЙРТ ДЭЛЭГДОРЖ ХАТАН

    Удалгүй тэр уг хуйвалдаанаа дахин үргэлжлүүлж өшөөт болсон ханыгаа харваж алаад Зүүнгарын хаан ширээг Даваачид өгчээ. Гэвч тэр эрх мэдэл, газар нутгийн асуудлаас болж Даваачтайгаа зөрчилдөн гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдаж, эцэст нь Хотгойдын шадар ван Чингүнжав, Хорчины эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглан Даваачийг дарж авсан ч эргээд Манжийн эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар амь хайргүй тэмцэлдсэн түүхтэй. Үнэндээ тэр амин хувьдаа бол маш их зөрчилтэй бие хүн бөгөөд дөрвөн сайхан хатны дөлгөөн харцанд талимаарч явсан жаатай эр юмсанж. Анхны хатан нь язгууртан гаралтай Ишсоном гэж байгаад залуудаа нас баржээ. Үүний дараа Хасагийн Аблай хааны охин Гульнарыг гэргий болгож авсан байна.
    Дараа нь Дүрвэдийн Далайдаш хааны охин Дэлэгдоржтой дэр нэгтгэж, эцэст нь Зүүнгарын Галданцэрэн хааны охин Битэй хэмээх үзэсгэлэнт бүсгүйг хатан болгон авчээ. Энэ хатан Амарсанааг Орос руу зугтаж одсоны дараа хүү Пунцагийнхаа хамт хойноос нь очиж Ойрадын баатрыг сүүлчийн замд нь үдсэн гэдэг. Битэй ухаан орсон цагаасаа эхлэн Зүүнгарын тусгаар байдлыг бэхжүүлэх гэсэн эцгийнхээ бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд “Миний гоо үзэсгэлэн инээмсэглэлдээ байдаг” хэмээсэн түүний брэнд үг Монголын түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Ерөөс хаад, жанжидын хатад үзэсгэлэнгүй байхын ч аргагүй. “Хаана сайхан хүүхэн байна, тэр эзний өвөрт” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан болохоор хамгийн сайхан нүдэнд торсон хүүхэн болгон л хаан, ван, гүн, жанжидын эхнэр болж байсан түүхтэй. Дандаа л хаадын гүнж нартай амраглаж явсан Амарсанааг Манжийн хаан бас охиноороо татах гэж үзсэн байдаг. Гэхдээ Амарсанаа “Надад энэ гүнжийг хатан болгож өгөх гэж үү. Юу гэсэн үг вэ, би эхнэр, гурван хүүхэдтэй хүн” гэж татгалзсан хариу барьдаг бөгөөд хааны үзэсгэлэнт гүнж нулимс цийлэгнэсэн том алаг нүдээр Ойрадын баатар эрийг гомдонгуй хараад, торгомсог урт банзалаа чиргүүлэн үүд рүү зүглэхдээ ширээн дээр байсан шаазан аягыг татаж унагаад гарч оддог. Дөрвийн дөрвөн сайхан хатантай амраглан цэнгэж асан Амарсанаа харь улсын гүнжийг хараад тэгтэлээ унаж тусаагүй нь “Хүүхний сайхныг зөвхөн Монголдоо” эдлээд үзчихсэн сайн эрийн мөн чанар гэлтэй. Амарсанаа “Би эхнэр, гурван хүүхэдтэй” гэсэн нь Дэлэгдорж хатныг онцолсон хэрэг бөгөөд түүний дөрвөн хатнаас хамгийн их зовлон туулсан нь, бас хамгийн хайртай бүсгүй нь Дэлэгдорж хатан юмсанж.
    Тэрбээр Амарсанааг Манжийн эсрэг ид тэмцэлдэж байх үед гурван хүүхдийнхээ хамт ах Базар вангийнхаа ивээлд түшиглэн Завхан голд суурьшиж байжээ. Тухайн үед Дэлэгдорж хатан Амарсанаагийн явуулсан хүмүүстэй учирсан боловч оргож нүүх эсэхээ шийдэхгүй удааширч байгаад 1755 оны 10-р сард Манжийн цэргийн жанжин Арантайд баригдаж долоон настай хүү Гэцэл, дөрвөн настай охин Дэжид, гурван настай хүү Коокүш нарын хамт Манжийн хааны Халуун гол дахь зусланд хүргэгджээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан “Хууль дор уучилж хэрхэвч болохгүй” гэсэн зарлиг буулган Дэлэгдорж хатанд ял оноож, Амарсанаагийн долоон настай хүү Гэцэлийг цаазаар аваачсан гэдэг билээ. Би бээр “Төрт ёс-хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд Дэлэгдорж хатны тухай “Зүүн гарын мөхөл” хэмээх туужаараа оролцож, уг бүтээлээ шилдэг зохиолын тоонд шигтгэж чадсанаа энд онцолсу. Амарсанаа, Дэлэгдорж нарын халуун хайр дурлал, зовлон жаргал, үхэл хагацал, дайн тэмцэл, ялалт, ялагдал хосолсон ээдрээт ертөнцийг гаргаж ирсэн “Зүүн гарын мөхөл” туужийг маань зохиолч, сэтгүүлч, судлаач олон арван хүн “Сайн зохиол болжээ” гэж үнэлсэн билээ.
    ЗУЛЫН ГОЛ БОЛЖ МАНДСАН “ХЯЛАР” ХАТАН
    Монголын түүх, судар бичигт “Хялар хатны домог” гэж тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд энэ тухай яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат “Могойн чуулган” роман, “Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг. Ийнхүү Монголын утга зохиолд мөнхөрч үлдэхийг бодоход Хялар хатан нь ихээхэн түүх намтартай нэгэн байсан нь илт. Хялар хатны домог хэд хэдэн хувилбартай байдаг. Дээхэн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошуу гэж байжээ. Хошуу ноён нь Гадинзасаг. Гадинзасагийн хүү нь Чагдаржав гэж ноён байсан бөгөөд энэ хүнд тохиолдсон явдлаас үлдсэн домог юмсанж. Чагдаржав ноён нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чинван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүн билээ. Тэрбээр баруун замын өртөөг засах гэж Түшээт ханы чуулгын дэд даргын хувьд баруун замд явж байгаад нэгэн ядуу ардын охинтой танилцжээ.
    Тэр нь Сэржмядаг гэж охин байж. Чагдаржав ноён түүнийг нутагтаа дагуулан ирж өөрийн хатнаа болгосон ч мань хоёрын амьдрал бүтсэнгүй. Човонбо хэмээх лам залуу хосын төөрөг заяаг мэргэлж үзээд “Энэ бүсгүйг одоохон салгаж хөө. Түүнээс шулмын шар туяа цацарлаа. Энэ эмэгтэйг хөөхгүй бол хүн, амьтан үй олноороо үхнэ” хэмээн олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ. Гэвч Чагдаржав эхнэрээ хөөж явуулахыг хүссэнгүй. Залуу хатан ааш зөөлөн, олон түмэнд тусч нэгэн байсан тул Говь түшээ гүний хошууны ядуу ардуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэвч ихэс дээдэс нь түүнд дургүй. Тиймээс тэд бүсгүйг “Хялар хатан”, “Долир хатан” гэх зэргээр шоолж муулах жишээтэй. Удалгүй бүсгүйг хөл хүндтэй болоход Човонбо лам “Чөтгөрийн хүү төрөх гэж байна. Энэ хүү төрж гэмээнэ хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно” хэмээн аги ноёны эцэгт мэдээ хүргэж гэнэ. Тиймээс эцэг нь хүүгээ “Хялар хатан”-аас салгахын тулд Манжид алба бариулахаар Бээжин рүү явуулжээ. Чагдаржав ноён Бээжин явахдаа залуу хатандаа хандаж “Эд нар чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юу ч болж байсан тэвчээртэй байж намайг хүлээгээрэй” гэж захисан байна. Гэвч түүнийг явсан хойгуур Чагдаржавын эцэг эх “Манай хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл” гэх зэргээр Хялар хатныг хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Эцэст нь Човонбо лам “Тарчлааж зовоогоод байхад зайлдаггүй, айхтар шулам шүглэсэн байна.
    Ерөөсөө жинсрэг цутган дарж тонилгоно” хэмээжээ. Жинсрэг цутгана гэдэг нь шатааж алахын нэр юм. Ингээд өвгөн ноён жинсрэг цутгахад нууцаар бэлтгэж эхэлсэн байна. Гэвч хошууны ядуу ардууд энэ тухай мэдсэнээр Хялар хатанд “Ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз” гэж аминчлан сануулаад түүнийг оргуулахаар болжээ. Төдөлгүй бүсгүйг оргосныг мэдээд Човонбо лам түүний араас маш хатуу сэтгэлтэй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Энэ хооронд бүсгүй зүүн аймагт очоод хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь өөрөө авч явсан ч төдөлгүй Лувсандамбын гарт оржээ. Эцэст нь Човонбо лам жинсрэг цутгахаар болж, бүсгүйг хоёр шургааг модны голд нүцгэнээр хүлж баглаад шатаажээ. Ийнхүү бүсгүйгээр сор залсаныхаа дараа Эрдэнэ далай хийд рүү жороо морь унаад галигуулж гарчээ. Гэтэл түүний морь оготны нүхэнд бүдэрч унасанаар Човонбо лам тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа арваад км газарт Авдрантын хөтөл гэж байдаг бөгөөд энд Хялар хатныг сор залж алсан гэдэг яриа ч байдаг аж. 1960-аад оны үед нэрт судлаач О.Намнандорж агсан энэхүү газрыг нутгийн өвгөд хөгшидөөр заалгаж аваад судалж үзэхэд газар дороос элдэв яс, үсний үлдэгдэл, амсраар нь нийлүүлээд булсан хоёр ширмэн тогоо гарч ирсэн тухай яруу найрагч Дамбын Төрбат өгүүлж билээ. Бурангуй цагийн хошуу ноёны хүү, ядуу ардын охин хоёрын хайр сэтгэл ийнхүү хагацал, харууслаар төгсгөл болжээ.
    ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН БАТ ЖУРАМТ СЭВЖИДМАА ХАТАН
    “Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ
    Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
    Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
    Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
    Урд уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь хө
    Угтаад очсон чинь үгүй л байна аа, хө
    Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
    Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа, хө” “Ай Нанаа” хэмээх энэ сайхан дууг монголчууд бид янаг амрагийн дуу гэж ойлгосоор ирсэн. Гэтэл энэ нь хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслын дуу болохыг бид саяханаас л ойлгож ухаараад байгаа. Манжийн дарангуйллын эсрэг цогтой тэмцэгч, Үндэсний эрх чөлөөний баатар Чин ван Ханддорж энэхүү дууг анх зохиож дуулсанаар монголчуудын зүрх сэтгэлд бүтэн зуун жил эгшиглэж буй. Чин ван Ханддорж эрдэм номтой ганц сайхан хүүгээ Ай Нанаа гэж өхөөрдөн дууддаг байж. Тэрбээр хүүгээ мэдээ ормогц Далай ламыг дагуулаад Баруун зууд ном сургахаар явуулжээ. Далай лам замдаа Манжийн хаанд бараалхсан байна. Тэр үед Манжийн хаанд бараалхах “Шар зам” гэж байдаг байж. Энэхүү зам дээр бараалхаж буй хүнээс өөр хүн гишгэхийг хориглодог байсан бөгөөд Далай ламыг дагаж явсан Ай Нанаа хүү санамсаргүйгээр мөнөөх “Шар зам” дээр нь гишгэчихэж.
    Тухайн үед Чин ван Ханддорж манж нартай эв түнжин муутай, харин оросуудтай найрамдах бодлого баримталж байсан болохоор Манжийн хааны занаанд орчихоод байж л дээ. Ингээд манж нар Чин ван Ханддоржоос өш хонзон авахын тулд Ай Нанаа хүүг нь эзэн хааны “Шар зам” дээр гишгэсэн гэдгээр цаазалчихжээ. Тэгээд “Хүүгийн чинь бие муу байна” гэж Чин ван Ханддоржийг Бээжинд дуудаж авчраад Ай Нанаа хүүгийн толгойг цар тавган дээр тавин хадгаар бүтээж эцэгт нь барьж байсан гэдэг. Энэхүү доромжлол, басамжлалын хариуд Чин ван Ханддорж отго жинстэй малгайгаа авч шидээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Халхын нутагт гишгүүлэхгүй” гэсэн тангараг тавиад хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ тайтгаруулахын тулд “Ай Нанаа” дууг зохиож дуулсан гэдэг. Тэгэхдээ хүүгийнхээ тухай хайрт хатан Сэвжидмаа болон нутаг усныхандаа хэлэлгүй ганцаараа гиюүрэн гансарч явдаг байж. Манай түүхч, зохиолч нарын өгүүлсэнээр бол Сэвжидмаа хатан нь төгс төгөлдөр, бат журамт, авир ялдам, аргагүй сайхан монгол эмэгтэй байжээ.
    Тэрбээр өнөөгийн Булган аймгийн Бүрэгхангай сум хавьцаа амьдарч асан нэгэн тайжийн охин юмсанж. Чин ван Ханддорж ч Булган нутгийн хүн. Сэвжидмаа хатныг төгс төгөлдөр, бат журамт хатан байсныг нь 8-р Богд Жибзундамба хутагт ихэд үнэлж 1915 онд “Ухуулах өргөмжлөл” олгож байсан байна. Тэрхүү өргөмжлөлд “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Гадаад яамны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Ханын зэрэг, сайныг удирдагч Эрдэнэ дайчин засаг хошуучийн ван Ханддоржийн аблай хошой хатан Сэвжидмаа болбоос анх хадамласнаас нааш гэрийн ёсыг бат журмаар болгоож, цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсан тул өргөмжлөл олгов” хэмээжээ. Түүнчлэн Чин ван Ханддоржийн эх, монгол бүсгүйн эрхэмсэг намба төрх бүрдсэн “Хошой хатан” Сосорт Богд хаан мөн ийм өргөмжлөл олгож байжээ. Сосор хатан нутаг усандаа ахай ижий гэж алдаршсан авир ялдам эмэгтэй байсан бөгөөд тайж, ард, баян, ядуу цөм л Сосор хатантай зовлон жаргалаа хуваалцаж зөвлөгөө авдаг байжээ. Дашрамд өгүүлэхэд Чин ван Ханддоржийг улсын их дагина Дондогдуламтай янаг амрагийн харьцаатай байсан тухай ном зохиолд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Академич П.Хорлоо гуай “Эдүгээ нийслэл хотын төвд байгаа Чин ван Ханддоржийн байшин тухайн үедээ тэр үеийн хамгийн өндөр өргөө байсан юм. Ноёны хатан Сэвжидмаа нөхрийгөө Богдын ногоон сүм рүү явсан үед тагтан дээрээ гарч тэр зүг рүү дуранддаг байж. Ханд чин ванд хүүхнүүд ихэд талтай байсан гэдэг. Сүүн хашааны цэцэрлэгт улсын их дагина Дондогдулам Ханд чин вантай салхинд гарахыг Сэвжидмаа хатан дурандаж харчихаад орой ирэхэд нь сануулга өгдөг байсан гэнэ лээ” гэж хуучилсан байдаг билээ.
    ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
    Жич: Галдан бошигтод булаагдаж явсан Боржигон хошууны Цагцаахай, Дарьгангын Орлой мэргэн Цагааны эхнэр “Эрх цагаан” Зэндэм, Өндөр Гэгээний хайрт бүсгүй Амина, Ховог сайран бэр болсон Хосгүй үзэсгэлэнт Дантийхүү гэх мэт арав гаруй хатны домог түүх энд багтсангүй.

     
  • Г.Лхагваа: Монголчуудын хоолны соёл дэлхийг дулаарлаас аварна

    Хүнзүйн ангилал, Хүнзүйн ерөнхий онол, Махбодийн хууль, Махбодийн энергийн хууль, Эергүү ба сөргүү энергийн хууль, Махбодийн энергийн түвшний хууль, Махбодийн илч зарцуулалтын хууль, Махбодийн наслалтын хууль, Махбодийн энерги зохицуулалтын хууль, Хүний чадавх ба хоол хүнсний хамаарлын онол, Мөнхийн усны онол, Тэжээлийн бодисын илчлэгийн онол, Мэдээллийн онол, Эмчилгээний шинэ технологи, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл зэргийг томъёолсон.
    Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвийн “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнуулсан. ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, АНУ-ын Намтар судлалын институт  “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд түүний намтрыг хэвлэсэн байдаг.
    ________________________________________
     
    Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа зонхилох нөлөөтэйг дэлхийн судлаачид хүлээн зөвшөөрч байна.
    Хүний үйл ажиллагаа гэдэгт бие, хэл, сэтгэлийн үйл хамаарах бөгөөд эдгээр үйлдлийг нэг мөр зохицуулчих шинжлэх ухааны онол хууль одоогоор үгүй, эрхзүйн хүрээнд багахан хэсгийг нь зохицуулах гэж оролдож байна.
    Ийм явцгүй байдал нь хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа аюул гамшгийн үндсэн шалтгаан юм.
    Хүн яагаад байгалийн шинжлэх ухааны хуулиас гадуур явчихад хүрээ вэ?
    Профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41% гэж тогтоосон байна.
    Ингэснээр хүнийг бүрэн төлөөлнө гэж шинжлэх ухааны үзэж байсан физик бие маань хүн хэмээх ойлголтын ердөө 41 хүртэл хувийг эзлэхийг бид одоо хэлж чадах боллоо. Үлдсэн 60 гаруй хувь нь юу байж таарах вэ? Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны шоовдорлож орхисон зүйл болох “ухамсар” юм.
    Тэгэхээр хүний хөгжлийг физик биеийн болон ухамсрын гэсэн 2 үе шаттай авч үзэхээс аргагүйд хүрч байна.
    Физик бие нь хүний 41 хүртэл хувийг эзэлж эс, удамшлын хуулиар зохицно гэвэл ухамсар нь энергийн болон термодинамикийн хуулинд захирагдана.
    Учир нь ухамсар бол энерги юм. Хүн өөрийн 60 гаруй хувь болох ухамсар бие буюу энерги биеийг олж авснаар одоо л арай нэг захирагдах хуультай болж байгаа юм.
    Бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, энергийн хангамжийн систем гэж үзвэл харин ухамсар бол хүмүүний хөдөлгөгч хүч нь бөгөөд “Оргүй хоосноос бий болохгүй, устаж үгүй болохгүй /мөнх/, зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд хувирч шилжинэ” гэсэн термодинамикийн I хуулинд захирагдах хүмүүний цөм энергийн тухай ойлголт болж таарч байна. Энэхүү энергийг ухамсар буюу сүнс гэнэ.
    Эр, эм бэлгийн эс нийлэхийг л хүн гэж ойлгоод одоогийн мэдлэгт ор сох дутаж буй чухамхүү тэр нэн эрхэм зүйл болох ухамсар буюу энергийг хүний ойлголтод нэмж авч үзсэнээр хүмүүн бид бүрэн бүтэн болж байгаа юм.
    Ингээд хүмүүн Танд өнөөдрөөс эхлэн бүрэн бүтэн болсны тань төлөө, бас захирагдах хууль, өөрөөр хэлбэл зөв явах зам мөртэй болсны тань төлөө баяр хүргэе.
    Та зөвхөн генээс бус энергээс үүсэлтэй, таны 60 гаруй хувийг энерги эзлэх тул Та устаж үгүй болохгүй, одоо харин энергийн шилжилтийг хэрхэн хийхийг мэдвэл та зөв замаар замнах болно.
    Энергийн шилжилт хувирал нь таны 9.6 сая км хальстай тэнцэх /П.К.Анохин, 1985/ тархины багтаамжид бие, хэл, сэтгэлийн тань үйлээр хийгдсэн цахилгаан – соронзон бичлэгээс хамаарна. Энэхүү бичлэг нь дээрх хуулийн “Устаж үгүй болохгүй, мөнх” гэсэн заалтанд хамаарах тул сайн бичлэгтэй нэгэнд айх зовлон гэж үгүй юм. Муухан бичлэг хийсэн нэгэн үүнийгээ энэрэл нигүүсэл, өглөг буян, сайн үйл, бусдад үйлчлэх, эс хүсэх, эс шунах гэх мэт эергүү энерги буюу эергүү мэдээллээр саармагжуулахаас наана үхэж хэрхэвч болохгүй, эс тэгвээс хуулийн 3-р заалтын дагуу явагдах таны энергийн хувирал шилжилт хүсмээргүй, таагүй байх болно.
    Түрүү үеийн Монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан бодитой хувь нэмэр бол ухамсар амтанд уусч доройтохын учрыг олж улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалзсан явдал юм.
    Ингэж чадсанаараа түрүү үеийн монголчууд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр одоогийн биднээс илт сайн байжээ.
    Бид 13-р зууны өвөг дээдсээ ухамсар болон физик биеийн түвшинд 100% гэж үзэхүйц хүний дүрээр тодруулаад тэдний физик биеийн хөгжлийн зарим үзүүлэлттэй өөрсдийгөө харьцуулаад үзэж болох юм.
    XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францын В.Рубрук нарын удирдсан хоёр өөр тандаачдын тэмдэглэж үлдээснээр тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь: “Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө” /Карпини/ гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ (XIII зуун) европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ.
    Монголчуудын өвлийн улирлын хоолыг: “Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна” /Карпини/, “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө” /Рубрук/ гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ.
    Дулааны улирлын хоол нь: “Урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно” /П.Карпини, В.Рубрук/, ”Монголчууд зунд гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй” /Рубрук/ гэснээс үзвэл дулааны 9 сард цагаан идээгээр дагнан хооллож байжээ.
    Ийм өчүүхэн бага хоолтой 13-р зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг үнэлэхдээ: “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” /Карпини/ гэжээ.
    Эртний монголчуудын лавтай 800 гаруй жилийн өмнө бий болгосон онцгой сонин мэдлэг бол биеийн жингийн 3,2%-ийг эзэлж 400 гаруй бактерийн төрлийг агуулах гэдэсний микробын бүтэц өвлийн багахан махан хоолноос болж доройтдогийг таньж мэдсэний дүнд гэдэсний микробын бүтцийг 9 сар цагаан хоолоор хооллож сайжруулдаг арга ухаан ба ийнхүү бие махбодид хэрэгцээтэй тэжээлийн бодис, эрдэс, аминдэмийг гэдэснийхээ микробын тусламжтай хангадаг байжээ.
    Ходоод гэдэсний микробын үйл ажиллагааны хүрээнд бий болж буй дотоод уураг нь И.П.Разенкова, А.Д.Синещекова, H.N.Munro нарынхаар хоногт 82 орчим грамм болох ба энэ нь хүний хоногийн хэрэгцээг хангахад бүрэн хүрэлцэх төдийгүй E.Naset-ийн тооцсоноор дааврын нөхцөл нь адилгүй хүмүүст хоногт хоолны 1г уураг тутамд 1г дотоод уураг ялгардаг бөгөөд гадны болон дотоод уургийн харьцаа 1:1 байдаг гэсэн судалгаатай түрүү үеийн монголчуудын хооллолт яв цав тохирч байгаа юм.
    Орчин үеийн судалгаагаар цагаан хоолтон тэсвэрээрээ махан хоолтноос 2 дахин, хүчээ сэргээх чадвараараа 5 дахин илүү гэсэн судалгаа ч түрүү үеийн цагаан хоолтон монголчуудын дээр дурдсан эрүүл мэнд, туулах чадварын үзүүлэлттэй таарч байна.
    Харамсалтай нь эртний монголчуудын шинжлэх ухаанч энэхүү мэдлэг, уламжлал эдүгээ бүрэн алдагдаж дэлхийн онол, жишгийг дагаад удаж байна.
    Дэлхийн жишиг хандлага гээч нь юу вэ?
    Эрдэмтдийн тооцоогоор 70 насалсан хүний идсэн хоол нь:
    – 3 үхэр
    – 10 гахай
    – 2 тугал
    – 2 хонь
    – хэдэн зуун тахиа
    – 2000 орчим загас
    – 10 000 өндөг
    – хэд хэдэн центнер хиам
    – 100 гаруй бялуу
    – 1000 кг бяслаг
    – 100 шуудай төмс
    – 80 шуудай гурил, саахар
    – 5000 талх
    – 900 кг цөцгийн тос
    – 225 кг маргарин, олон зуун литр ургамлын тос болох ба нийт 100 000 удаа хооллохдоо 20 тонн нүүрс шатаахтай тэнцүү буюу 90 сая ккал илчлэгийг хоолоор авна гэсэн үг юм.
    Тэд /эртний монголчууд/ юу хожив?
    Хоол хүнс
    • Өвлийн улиралд хоногт 2 аяга цай буюу 500 мг
    • Өвлийн улиралд оройд ганц аяга махан хоол
    • Дулаан улиралд 9 сар цагаан хоол
    • Хоногийн хоолны илчлэг нь 500-600 ккал
    Үр дүн
    • Туулах чадвар нь 3 морины хэмжээнд хүрч хөгжсөн цорын ганц ард түмэн байсан
    • 1-2 хоног юу ч идэж уухгүй, унталгүй 400 км замыг мориор туулах чадвар орчин үеийнхээс 4 дахин хүнд нум сумыг 4 дахин хол тусгах хүч тамир
    • 60 настайдаа цэргийн алба хааж улс дамнан довтолгох чадавх
    • 25 км зайд мал, амьтныг ялгаж таних нүдний хараа гэх мэт эрүүл мэндийн үзүүлэлт
    Бид /өнөөгийн хүн төрөлхтөн/ юу алдав?
    Хоол хүнс
    • Хоногт 1.5-2 л шингэн
    • Өдөрт бүр 3-аас дээш хооллох ба үндсэн хэсэг нь махан хоол
    • Дэлхийн хүний 87% нь цагаан хоолны тухай ойлголтгүй
    • Хоногийн илчлэг 2100-2300 ккал
    Үр дүн
    • Өвчний 90%, хорт хавдрын 40-60% нь буруу хооллолттой холбоотой үүсч байна.
    • ХБНГУ-д 1995 онд хоолноос үүдэлтэй өвчний эмчилгээнд 383 тэрбум дойч марк зарцуулсан нь 1980 оныхоос 9.1 дахин өсжээ.
    • Дэлхийн эмийн үйлдвэрлэл 2008 онд 745 тэрбум ам.доллар, өсөлт нь 6-7% болжээ.
    Хязгаартай хоол буюу Оюун санааны хоолны дэлхийн дулааралд үзүүлэх нөлөө:
    • Хүнээс ялгарах СО2 5 дахин багасна.
    • Махбодиос ашиггүй хэлбэрээр гадаад орчинд сарних дулаан 5 дахин багасна.
    Энэ нь дэлхийн дулааныг хоногт наанадаж 3.6 триллион ккал илчээр нэмэгдүүлэх үйлдлийг зогсоосонтой тэнцэх буюу өдөр бүр 3600 т нүүрс хэмнэнэ гэсэн үг.
    Дэлхийн дулааралд махан хоолны үзүүлэх нөлөө:
    • Нүүрсхүчлийн болон сарнимал дулааны ялгаралт тус бүр 5 дахин
    • Махаар зонхилон хооллоход түүний уургийн шингэх хугацаа сүүнийхээс 2 дахин, хүнсний ногооныхоос 5 дахин их, махбодийн энтропи төчнөөн их, ашигт үйлийн коэффициент төчнөөн бага.
    Түрүүчийнх нь өөрийгөө ходоодоор бус ухамсраар удирдаж бүх талаар хөгжүүлсэн ухаалаг хэрэглээ бол,
    Сүүлчийнх нь өөрийгөө эрүүл мэнд, хүч чадлын бүх үзүүлэлтээр хохироосон бүдүүлэг хэрэглээ болж таарч байна.
    Дээрхээс 21-р зууны “соёлт” иргэний хүнсний хэрэглээ бичиг үсэггүй, бүдүүлэг 13-р зууны хүнийхтэй харьцуулахад хэт балмад гэж дүгнэж болохоор байна.
    Ийм нэг балмад хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, АНУ дангаараа цаг бүр сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна.
    77 сая тонн ургамлын уургийг тэжээл болгож бордсон мал эргээд хүмүүст 58 сая тонн амьтны уураг болж хүрч байгаа юм. Энэ нь үйлдвэрийн аргаар бордож тэжээсэн орчин үеийн мал ахуйд ихээхэн хамааралтай юм.
    Ийм үрэлгэн, болхи сэтгэлгээ өөрийг олоход хэцүү биз ээ.
    Махны хэрэглээ улс орон бүрд хэт зөрүүтэй байгаагийн дотор нэг хүний жилийн хэрэглээ Энэтхэгт 5 кг, Монголд 99 кг, АНУ-д 123 кг болж байна.
    Махыг Монголчуудаас 20 дахин, Америкчуудаас 25 дахин бага хэрэглээд хэвийн сайхан амьдарч байгаа гэгээлиг, бурханлиг Энэтхэгчүүдэд баяр хүргэе.
    Бид ингэтлээ хүсэж шунаж хэрэглээд байгаа хоол хүнснийхээ тухай юу мэдэх вэ?
    Хоолны шингэлтийн ашигт үйлийн коэффициент ердөө 15% байдаг, үүнийг махбодийн “хэрэгцээ”-г хангахуйц шингэсэн хоол болгож 100 %-д хүргэнэ гэвэл хоногт даруй 3 кг хоол зооглох ёстойг судлаачид тогтоожээ. Энэ тохиолдолд хоолны шингэлтээр нь тооцвол махбодийн ашигт үйлийн коэффициент дөнгөж 15% болно.
    Хоол хүнсний шингэлтийн ашигтай хэсэг нь чанасан махных 30%, хиамных 15%, шарсан ба утсан махных ердөө 5%.
    Байгалийн энерги агуулагдах байдал: Чанасан загас, мах, өндгөнд 5%, шарсан ба утсан мах, загас, хиамын зүйлд 0%.
    Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч: Хүнсний ногоотой харьцуулбал чанасан өндгөнд 8 дахин, чанасан загасанд 11 дахин, чанасан, шарсан, утсан мах, хиаманд 22-26 дахин их эрчим хүч зарцуулна.
    Мах болон өндөгний хэрэглээг багасгаснаар бие махбодь хүчилших явцыг саармагжуулж, улмаар насыг 33% уртасгах боломжтой гэж судлаачид үзжээ.
    Дээрх шалтгаанаар цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97% бага, хавдраар өвчлөх нь цөөн, судалгаанд хамрагдсан махан хоолтой 25 үндэстнээс 19-д нь хавдрын өвчлөл байсан бол мах хэрэглэдэггүй буюу бага хэрэглэдэг 35 үндэстний дотор хавдрын өвчин өрнөлтэй нэг ч тохиолдол байгаагүй гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байна.
    Та өөрийгөө аваръя, эх дэлхийгээ аваръя гэвэл өөрийнхөө удирдлага болгосон буруу программыг өөрчил. Хуучин программыг бүгдийг нь DELETE хий!
    Таны Шинэ Программ = Таныг Аврах Программ бол:
    1. Хоолоо 2-2.5 дахин багасга!
    2. Аль болох цагаан хоол зоогло!
    Ингээд Та Чингэс хааных шиг хүч чадлыг, оюун ухааныг олох болно!
    ЯАГААД?
    Шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг Танд сонордуулъя:
    1. Таны бие махбодийг бүрдүүлж буй 100 триллион эс “Мэдээлэл”-ээр программчлагддаг. Мэдээлэл бол Энерги. Хоол унд бол Мэдээлэл.
    2. Бодол санаа бол физик биеийн тань генератор. Түүнийг ямагт эергүү бодлоор цэнэглэж ажиллуулж сур.
    3. Хоол хүнсний химийн энергийг биологийн энерги болгох гэж идэж уусан бүхнийхээ төлөө 5-6 цаг дэмий зарж махбодио тарчлаан зовоох шаардлагагүй. Учир нь биологийн энерги бий болгоход шаардлагатай хэдхэн электрон, протоныг та сэтгэлээсээ ч сугалаад авчихаж дөнгөнө. Мөн агаараас, салхинаас, нарны энерги, усны урсгалаас ч авч чадна. Гэвч эдгээр нь эцсийн дүндээ таны бодлоор л зохицогдож байдаг юм.
    4. Хүн Та өөрийн 60 гаруй хувийг эзлэх Ухамсар бие буюу Энерги биеэ өөд тат. Ингэж л та хөгжинө, агуу болно. Хөгжлийн өөр арга гэж үгүй.
    Ухамсар биеийг хөгжүүлэгч хүч нь бясалгал, түлш нь цагаан хоол юм шүү!!!

     
  • Исгэрээ

    Исгэрэх гэдэг нь ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх, эсвэл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болно.
    Монголчууд өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй. Гагцхүү зун намрын цэлмэг нартай өдөр, бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо, эсгий зулж байхдаа, ноос савж байхдаа исгэрэхийг цээрлэдэг. Монгол хүн малаа услахад заавал исгэрдэг нь морь малыг ус уухад аятай таатай болгон, ангаа цангааг нь тайлан, тавтай ундаалахад нь тус болог гэсэн санаатай юмсанж. Мөн аян замд элэгдэн яваа халуун хөлстэй морь, ширүүн туусан адуу мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг малчин Монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэн учир тэр юм. Ноос савах, эсгий хийхэд   хэдий бүгчимдэн халууцавч, салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс  авхуулаад галын эзэн, эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшилж болзошгүй гэж үздэг байснаас тийнхүү цээрлэдэг байв.

     
  • Богдын хатны төрсөн дүү Дэндэвдуламын түүх

    Наймдугаар Богд Жавзандамбыг Амарбаясгалант хийдэд 1900-гаад оны эхээр залрахад Сэцэн хан аймгаас Засаг Түмэнтогтох гүн хатантайгаа бараа болж явжээ. Замын уртад залуу Богд, хатны аягач Ц.Дондогдулам нар танилцан дотноссон гэдэг. Түүнийг зарим эх сурвалжид Богдын дотны нөхөр бэйс Цанлигдоржийн бага эхнэр байсан гэх нь ч бий. 1902 оны зуны сүүл сард Богд гэгээн Дондогдуламтай хуримлаж, түүнд эрх цагаан дарь цол өргөмжилжээ. 1903 онд Эх дагинын аймгийг байгуулж, 4700 гаруй лан мөнгөөр дугана хашаа байшин бариулжээ. Богд хаан ширээнд суусан үеэс Дондогдулам цагаан дарь хатныг Улсын эх дагина болгон өргөмжилсөн юм.
    Дондогдулам Богд гэгээнтэй 21 жил амьдраад 1923 онд 49 насандаа таалал төгссөн гэдэг. Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.
    Н.Цогбадрах “Би Богд Жавзандамба хутагтын эх дагинын дүүг эхнэр болгож авсан учир Дондогдулам хатан шүр сувд гэх мэтийн элдэв зүйл хайрлаж байсныг нарийн тодорхойлж чадахгүй боловч барагцаагаар 400 гаруй хувийн юм (1 хувь нь 30 төгрөгийн үл хөдлөх ба нэг адуу, нэг үхэр, 0.6 тэмээ, таван хоньтой тэнцэх хөдлөх хөрөнгөтэй тэнцдэг байжээ) болсон ба үүнээс цааш үрэгдсэн зүйл багагүй” хэмээн мэдүүлсэн нь үлджээ.
    Дондогдулам хатан төрүүлсэн хүүхэдгүй учраас дүү Дэндэвдуламынхаа хүүхдүүдэд ойр дотно байсан юм билээ гэж бидний зорьж очсон Т.Навчаа хэлсэн юм. Тэрбээр Хөвчийн жонон ван Цогбадрахын том охин Ашид Шийтэрийн төрүүлсэн ганц охин юм.“Хөвчийн жонон вангийн гурван Шийтэр гэж байжээ. Миний ээж Ашид Шийтэр, дунд эрэгтэй дүүг нь Лувсан- Шийтэр, бага охин дүүг нь Отгон-Шийтэр гэдэг байжээ.
    Хөвчийн жонон ван Цогбадрах манай өвөө, харин бидний эмээ Дэндэвдулам гэгч нь Богд хааны хатан Дондогдуламын төрсөн дүү охин юм. Эмэг эх Дэндэвдулам 13 хүүхэд төрүүлснээс эндэх нь эндээд гурав нь л насанд хүрч насалцгаасан юм билээ” гэж тэр хуучлав. Дондогдулам хатан эрхнийхээ тоогоор 108 хүүхэд үрчилж авсан гэдэг юм хэмээн тэр бас сонирхуулав. Энэ талаар Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай сайн мэднэ. Тэр Дарханд ирэхдээ манайд зочилдог байлаа хэмээн Т.Навчаа эмээ хэлсэн.
    Гучаад оны хэлмэгдүүлэлт Богдод ойр байсан хүмүүст хүндхэн тусчээ. Богдын шадар сайд, Цэргийн хэргийг бүгд таслан шийтгэх яамны тэргүүн сайд байсан Н.Цогбадрахыг гурван удаа баривчилж, суллаж хот хөдөөд байсан хөрөнгийг нь хоёр удаа хурааж, эцэст нь буудан хороожээ.
    Цогбадрахын дүү бүсгүйн хөвүүн С.Навааны дурссанаар хотын гэрээс нь 20 гаруй тэрэг, хөдөөгийн гэрээс нь 10 орчим бүгд 40 тэмээн тэрэг хөрөнгө хураасан ажээ. Тухайн үед даншиг наадамд түрүүлсэн хээр азаргыг Цогбадрах ноён 40 хомтой тэмээгээр худалдан авсан гэдэг. Ноёны буянаас үлдсэн хээр азаргыг Хэнтий сумын даргаар олон жил ажилласан Д.Жамъяанжав коммунаас салгаж үлдээгээд олон сайхан хурдан хүлэгтэй болжээ хэмээн түүхч Д.Гомбосүрэн “Хөвчийн жонон ван Цогбадрах” номондоо өгүүлжээ. Харин морины эзэнд аз тохиосонгүй.Хожим 1996 онд Н.Цогбадрахыг цагаатгасан байдаг.
    Н.Цогбадрах ноёны ганц хүү Лувсаншийтэрийн охин Нарантуяа ийн дурсчээ.“Өвөг эцгийнд маань хүү тогтдоггүй байжээ. Аавыг маань төрмөгц хүрээний сайн зурхайч айлд гэрийн хатавчаараа өгч өсгүүлээд, гурван нас хүрэхэд нь буцааж авч хүүтэй болсон гэдэг.
    Аавыг маань улаан нялзрай байхад өсгөсөн зурхайчийн эхнэр Удвал эмээ маань төрүүлсэн үр хүүхэдгүй учраас аавд маш хайртай, үргэлж санаа тавьдаг байжээ. Өвөг эцэг Цогбадрах төрийн өндөр алба хашдаг учраас цаг зав муутай, аав маань өсгөсөн ээж Удвалын асрамжинд байсан бололтой.
    Аавыг 16-17 настай байхад Удвал эмээ үеийн хүүхнүүддээ “Хүүгийн маань аав баригдаад хоригдож байгаа гэнэ” хэмээн ярихыг аав сонсчээ. Удвал эмээ аавыг дагуулаад өвөг эцгийг маань эргэж шоронд хэд хэд очсон гэдэг. Гэсэн ч бараг уулзуулдаггүй байжээ. Аав маань өвөөтэй уулзахын хүслэн болж, өдөр болгон шоронгийн үүдээр эргэлддэг болжээ.
    Гэтэл нэг өдөр нөмгөн дээлтэй өвөг эцгийг маань хоёр, гурван буутай цагдаа туугаад гарч ирж гэнэ. Аав маань холоос барааг нь алдалгүй дагаж явсаар Тасганы овоон дээр ухсан нүхний хажууд авчрахыг холоос харжээ. Буутай хүмүүс бичиг гаргаж уншаад, аавыг нь буудчихаж гэнэ. Энэ бүхнийг нүдээр харсан хүү нь цагаан цамцаа дэрвүүлээд, хоёр гараараа чихээ дараад буцаж гүйжээ. Маш их цочролд орж, чихэнд нь үргэлж буун дуу сонсогддог байсан гэж аав маань надад ярьсан юм. Аав маань амьд ахуйдаа “Энэ төр засагт би их гомддог” гэж ярьдаг байж билээ” …
    Охиных нь хэлснээр бол Цогбадрах ноёны ганц хүү сургууль соёлын мөр хөөгөөгүй ч хурц сэргэлэн ухаантай хүн байжээ. Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгчөөс цехийн мастер, тоноглолын фабрикийн дарга байгаад 1957 онд Зүүн хараад шилжин амьдарч мод боловсруулах үйлдвэрт бригадын дарга хийж байгаад 1972 онд өвчнөөр өөд болжээ. Дөрвөн хүү, дөрвөн охинтой хүн байжээ.
    Харин Цогбадрах ноёны Их Шийтэр буюу том охин нь (1915-1994) бага залуугаасаа хуулийн байгууллагад бичээч, нарийн бичгийн дарга хийж байжээ. Түүний төрүүлсэн ганц охин Т.Навчаа өдгөө Дарханд амьдардаг өндөр настан. Хөвчийн жонон вангийн Бага Шийтэр буюу отгон охин нь (1923-1997) бичиг үсгийн багшаар олон жил ажилласан гэнэ. Өргөмөл ганц хүү нь Зүүнхараад амьдардаг ажээ.
     Т.Навчаа эмээ залуудаа сайхан байсан болов уу гэмээр толиотой эмэгтэй байлаа. Богдын хатны өнгө зүс удамшсан юм болов уу гэж бодогдсон ч тэр өөрийгөө “Аавтайгаа адилхан” гэсэн л дээ. Түүний ээж, Цогбадрах ноёны том охин Ашид Шийтэрийг 1939 онд Шүүх яаманд нарийн бичиг, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “Феодалын хүүхэд” гээд ажлаас нь хална гэхээр нь овгоо хасч Цог болгоод нэрээ товчлон Шийтэр болгосон гэнэ лээ.“Дараа нь Цогбадрах өвөөг баривчлагдахаар нь ээж маань миний эцэг Төмөртогоотой суугаад, аавын томилогдсон Нисэх рүү шилжсэн гэнэ билээ. Миний аав Б.Төмөртогоо 1962 онд Дарханд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх товчооны даргаар ирсэн. Тэр үед би 18 настай байлаа. Ээж маань худалдагч, дэлгүүрийн дарга байгаад тэтгэвэртээ гарсан.
    Би тэр үеийнхний нэрлэдгээр Орос сургуулийн комбинатад цахилгаан мотор ороомгийн курст суугаад мотор ороогчоор ажиллах болсон.Цехдээ дандаа орос мэргэжилтнүүдтэй ажилладаг байлаа. Оросуудтай олон жил хамт ажиллаад ах дүүгээс ялгаагүй болсон. Хоол хүнсээ сонгох, тохируулах, ялангуяа эмийн ургамал хатааж ашиглах талаар тэднээс их юм мэдэж авсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жил бүр Тарнийн амралтанд амрангаа эмийн ургамлуудаа түүж авдаг ажээ. Эмээ нохойн хошуу, боролзгонын шар цэцэг, долоогонотой цайгаар дайлсан. Гүзээлзгэнийн навчийг түүж сүүдэр газар хатаагаад, усанд буцалгаж уухад даралт их бол 120-д буулгадаг, даралт бага үед 80 дээр аваачдаг гэж тэр сонирхууллаа. Эмийн ургамал хатаагаад зах дээр зардаг хүмүүст эмээ сүжиггүй. “Сүүдэр газар хатаах ёстой юмыг наранд хатаагаад, нарны хордлого болгочихдог” гэсэн.
    Эмээ өдгөө дал гарч байгаа ч шашин шүтлэггүй гэнэ. “Цогбадрах өвөө хэд дахин баригдсан болохоор ижий лам үздэггүй байсан” гэсэн л дээ.Навчаа эмээгийн орос мэргэжилтнүүдээс сурсан өөр нэг эрдэм нь хутга урлах аж. “Сайн хутга хийгээд, Мах комбинатад очиж тууварчдад хониноос өгдөг байсан” гэнэ.“Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг. Хутгаараа гурил, талх зүсч мохоогоод байдаг. Талх зүсдэг хөрөө гэж байдаг” хүүхдүүддээ их үглэдэг юм гэж эмээ хуучиллаа. Эмэгтэй хүнд ахдахаар мотор төмөртэй ноцолддог ажилтай байсан тэрбээр мэргэжлийн өвчний тухай ч хуучилж амжлаа. “Нэг өглөө босоод ирэхэд шүднүүд угаараа хөхөрчихсөн нь зэсийн хордлогын шинж” гэнэ. Хуучны түлээний гар хөрөөгөөр хутга хийхэд насны юм болдог л гэнэ.
    Тэднийд хуучны эд зүйлс байдаг эсэхийг сонирхвол “Ээжийг маань мэндлээд гурав хонож байхад Цогбадрах өвөө маань урт наслахын бэлгэдэлтэй хаш тэмээг өлгийд нь зүүж өгсөн юм гэнэ билээ” хэмээн сонирхуулсан. Навчаа эмээ дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн ач, зургаан зээтэй болжээ. Богдын хатан Дондогдулам үр хүүхдийн мөрөөсөл болсон эмэгтэй байсан талаар зарим судлаачид өгүүлдэг. Хэдийгээр тэр эрх мэдэлтэй хатан байсан ч хүүхэд төрүүлж, эх болох эгэл мөрөөдлөө хэзээ ч биелүүлэх тавилангүй байлаа.
    Богдыг удам залгамжлах үр хүүхэд нь бус хойд дүрээр нь тодруулдаг уламжлалтай байсан учраас нэгэн эмэгтэйн жирийн хүсэл биелэх боломжгүй байж. Хүрээний лам нар Дондогдуламыг хүүхэдтэй болгуулахгүй гэж хараал хийдэг байсан гэж зарим судлаач өгүүлсэн байдаг. Харин Богдын хатны төрсөн дүүгийн удам судрын түүх иймэрхүү. Хатан үнэхээр хүүхэд төрүүлсэн бол ээдрээтэй хувь тавилантай хүнийг хорвоод үлдээх байсан бус уу.
    Б.Янжмаа
     
  • Зүүнгарын ард түмний бослого

    1755 оны хавар, зуны цаг Амарсанаа, Чингүнжав, Сэвдэнбалжир нар Зүүнгар хаант улсыг байлдан дагуулахаар мордсон Манжийн цэргийн дотор хамт явах үедээ мөн оны намар Халх, Зүүнгар ба Өвөр Монголд манжийн эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэрэг гарган тэмцэж, Манжийн ноёрхлыг түлхэн унагаад, нийслэл, өөрийн цэрэг, албан татварын журам бүхий тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцсон байна. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бас Сэвдэнбалжирыг хэрэг зөвлөнө гэж, Бээжинд дуудаж аваачаад, зэрэг хэргэмийг эвдэж, гэр хашаанаас гаргахгүй болгон хорьжээ. Энэ нь бололцоо муухан байсан Өвөр Монголд бослого гарах явдлыг улам бүтэмжгүй болгосон юм. Манжийн ноёрхлыг Амарсанаа зөвшөөрөн хүлээхгүй байсан учир бослогыг даруй эхлэхээр шийдсэн байна. Манжийн хаан түүнийг гэнэдүүлэн барьж авахын тулд “хэрэг зөвлөнө” гэж, Бээжин рүү яаралтай дуудуулжээ. Амарсанаа учрыг нь мэдэж, аргад арга хэрэглэн, “Эзэн хаанд бараалхана” гэж гараад Алтайн чанад дахь Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан босож, хамт явсан Манжид итгэлтэй түшмэд, цэргийг цохин зугтуулаад, бослогыг өрнүүлэхээр нутгийг зүг буцан оджээ. Энэ бол 1755 оны 9 сарын 24-ний өдөр болсон хэрэг бөгөөд 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийн эх үүсэл мөн байлаа. 1755 оны 10 сарын 4-ний өдөр Амарсанаагийн туслагч Зүүнгарын зайсан Дондогмаанж нар цэргэг авч хөдлөн, Илид байсан Манжийн цэргийн жанжин Банди, Уянгу, Саарал нарыг бүслэн авчээ. Дайсны цэрэг хүчлэн тулж чадахгүй болохын хамт Саарал нь тугаа хээр хаяж, жинст малгай, жанжны тамгыг авч нуугаад, хэсэг цэргийн дунд хутгалдан орж зугатан гарсан, Банди, Уянгу нар амьд баригдахгүйн тулд амиа хорлож үхсэн байна. Амарсанаа цэрэг элсүүлсэн хүчээ нилээн зузаатгаж байгаад, 1756 оны 1 сарын 16-17-ны өдрүүдэд Саарал, Шигэширгэ нарын цэрэгтэй маш ширүүн байлдаж, хиартал цохисон нь ардын аман зохиолд тусгай сэдэв болон орж уламжлагдсан байна. Баруун Монголд тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл өрнөсөн явдал Манжийн төрийн эрх баригчдыг ихэд сандаргажээ. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бослогыг дарж, Зүүнгарыг дахин өөрийн эрхшээлд оруулж авах зорилгоор нэгэн талаас Зүүнгарыг дөрвөн бага ханд хувааж захирах гэсэн нууц шийдвэрээ нэн даруй хэрэгжүүлж, Амарсанаад цохилт өгөхөөр Зүүнгарын ноёлог аймаг болох Шоросын ханаар Галсандоржийг, Хойдын ханаар Баярыг, Дөрвөдийн ханаар Цэрэнг, Хошуудын ханаар Шагдарманжийг тус тус томилж, нөгөөтэйгүүр дахин хоёр замын их цэрэг татаж, умард замыг Хадаха, баруун замыг Жалафунгагаар захируулан хөдөлгөжээ. Энэ удаа хоёр замын их цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар Жалафунгааг, туслах жанжнаар Халхын Сайн ноён аймгийн эфү Цэрэнг, зөвлөлийн сайдаар Юй Баог тавьсан юм. Удалгүй Манжийн баруун замын их цэрэг Илид ойртон очжээ. Гэтэл дайсны цэрэг тулгаран ирэхэд Амарсанаа, Дондогмаанж нар тэргүүтэй бослогын удирдагчид хүчээ нэгтгэн тэмцэж чадсангүй, харин өөр хоорондоо зөрөлдөж цус урсган байлдаж, Амарсанаа ялагдаад, Хасагийн зүг зугатан гарчээ. Дондогмаанж үлдсэн цэргийн хамт Манжийн цэрэгт цохигдож, бослогын эхний их гараа дайсанд автсан байна. Манжийн хаан өөрийн жанжин Жалфунга, Цэрэн, Юй Бао нарын тийнхүү Амарсанаад хууртаж, түүнийг барьж чадалгүй алдсан явдалд хорсон гурвууланг нь тушаалаас огцруулж, оронд нь их замын цэргийн жанжнаар Жаохуйг, туслагч жанжнаар Далдангааг, зөвлөлийн сайдаар Фүдэг тус тус тохоон томилсон байна. Умард замын цэргийн жанжин Хадаха, баруун замын цэргийн туслагч жанжин Далданга нарт зүүн Хасагийн султай Аблайгаас Амарсанааг даруй нэхэж авчрахыг тушаах, тэр хэрэв Амарсанааг эс гаргаж өгвөл, шууд дайран орж булаан авах тушаал өгч хөдөлгөжээ. Амарсанааг Манжид барьж өгөхийг Аблай зөвшөөрөхгүй, харин түүнтэй хүч хавсран Хадаха, Далданга нарыг эсрэг байлдахаар шийдсэн байна. 1756 оны 8 сард Амарсанаа Хасагийн ноён Хожибэргэний хамт Далдангаагийн цэрэгтэй бүтэн долоо хоног ширүүн байлдаан хийсэн боловч дийлсэнгүй. Аблай Хадахагийн цэрэгтэй байлдаж, хүнд шарх олоод, цэргээ авч нутгийн зүг зугтан оджээ. Манжийн цэрэг Амарсанаа, Аблай нарыг нэхэж байлдалгүй буцжээ. Амарсанааг Хасагт очсон хойно 1756 оны 10-р сарын үеэр Оросын зүгээс элч ирж, захиа өгөн, тусламж дэмжлэг үзүүлж болохыг мэдэгдэхийн хамт, өөрийг нь бас Оренбург хотод морилон ирнэ үү гэж урьсан байна. Тэр зуурт Зүүнгарт тусгаар тогтнолын тэмцлийн гал дахин бадарчээ. 1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу, Ням нар цэргийн хамт босож, Манжийн цэргийг хэдэн удаа сүрхий цохижээ. Манжийн цэргийн жанжин Жаохуй цэргийнхээ үлдмэрийг авч зугтан гараад, 1757 оны 2 сард Үрүмчи хотод хүрэлцэн очжээ. Галсандорж манжийн цэргийг цохин утгаад, биеэ Зүнгарын хаан өргөмжлөхөөр шийдэж байжээ. Гэтэл Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан, түүнийг барьж алжээ. 1757 оны 3-р сарын үед Амарсанаа нутагтаа буцан ирсэн юм. Гэвч Амарсанаа, Занагарбу, Ням нар хүчээ нэгтгэн дайсантай тэмцсэнгүй, хэн хэн нь Манжийн эсрэг дан ганц өөрийн хүчээр тэмцэхээр шийдсэн байна. Манжийн төр энэ удаа хоёр замын их цэргийн жанжнаар Халхын Сайн ноён аймгийн туслах жанжин, Манжийн хааны хүргэн, эфү Цэрэнгийн хүү чин ван Цэнгүнжавыг томилж, Жаохуйг түүний туслахаар тавиад, Баруун монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг цуслан дарж, Зүүнгарын газар нутгийг бүрмөсөн эзлэн авах үүрэг өгч, хөдөлгөсөн байна. 1757 оны 6-р сарын 30-нд Шарбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор явсан 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгүнжавын түм гаруй цэрэгтэй учирч тулалджээ. Тулалдаан хагас сарын турш туйлын ширүүн үргэлжилсний дараа Амарсанаа дайсны давуу хүчинд автаж, 2500 гаруй цэргээ алуулж, хэдэн зуун цэргээ шархлуулж олзлуулаад цөөн хүний хамт Оросын зүг зугатан оджэ. Шарбэлийн тулалдаан бол Зүүнгарын босогчдын зүгээс Манжтай хийсэн хамгийн сүүлчийн, шийдвэрлэх том тулалдаан байсан юм.

  • Зургаа. Хайрханд зориулсан тахилга.

    Шөнөжин галын тахилга хийж хоносон бүрэлдэхүүн өглөө 10.00 цагаас эхлэх Нэгдсэн их тахилгын хайрханы тахилгад байрлалаа эзлэн суусан байлаа. Тэнгэр цэлмэг, Отгонтэнгэр хайрхан цэлийтэл тод харагдана.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Хайрханы тахилгад толгойлон бөөлөө. Өөрийн өвөрмөц төрх, уламжлалт дэг жаягаа харуулсан бөөлөлт олон хүний сэтгэл татсан, нүд баясгасан тахилгын бөөлөлтийг харуулж чадсан. Хөх мөнгөн тэнгэрийн дор өвөг дээдсийн уламжлалт дэг жаяг бүхий бөөлөлтийг авч үлдсэн улаачийн бөөлөлт, хөдөлмөрт бахархах зүйл их бий.
    Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Мөнгөнсувд түүний дараа их хайрхандаа бөөлж бослоо. Өмнөх жилийн туршлагандаа үндэслэж бөөлөлтөө өвөрмөц хэлбэрээр ахархан хийж өнгөрүүллээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, залуу удганы бөөлөлт бас л өвөрмөц байсан. Залуу хүн болохоор залуучууд түүний бөөлөлтийг илүү сонирходог байж болох юм.
    Хоёр жилийн өмнө хайрханы анхны тахилга дээр гаргасан үйлдлээр нь олон хүн мэддэг болж бас маргаан дэгдэж байсан. Энэ удаа өргөсөн хонь нь үйл хийж байгаа улаач нарыг нар зөв тойрон явсан бөгөөд олон шувууд түүнийг бүчин өөд, өөдөөс харан нэг хэсэг хугацаанд зогссон нь сонирхол татаж байв.
     
  • Таны мэнгэ юу өгүүлдэг вэ?

    Хvзvvн дээр
    Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцvv амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
    Эрvvн дээр
    Бусдын хvндлэлийг хvлээдэг.
    Мөрөн дээр
    Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.
    Хавирган дээр
    Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
    Нуруун дээр
    Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.
    Өгзгөн дээр
    Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
    Уруул дээр
    Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.
    Цээжин дээр
    Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.
    Бэлхvvс дээр
    Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.
    Мөрөн дээр
    Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мөнгө, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.
    Сарвуун дээр
    Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.
    Гаран дээр
    Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.
    Шагайн дээр
    Ажилч хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.
    А.Тэмүүл

     
  • Халх ястаны тухай

    Халх гэдэг нэр томъёо чухам хэдийд хэрхэн гарсан, утга учир нь юу болох нь хараахан бүрэн тодорхой мэдэгдэхгүй боловч Даян хааны шадар зургаан түмэний магтаалд “Халх” гэдэг нэрийн учрыг тодруулсан нэгэн зурвас мэдээ байх нь:
    Хангай ханд сууж
    Харин ирэхийн хайгуул болсон
    Халуун аминд түшээ болсон
    Халх түмэн гэжээ (“Зуун билэг оршибай” Ц.Д)
    Үүнээс үзвэл Халх түмэн монгол улсын хайгуул халхавч болж эх нутгаа сахин хамгаалах чухал үүрэг бүхий байснаас “Халх” гэдэг нэршил үүсчээ.
    “Халх” түмэн буюу “Халх” ястан үүсэн бий болсон нь :
    “Халх” нь XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд Батмөнх Даян хаан Монголын төрийг барьж байх үед Зүүн Монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Халхыг “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр отог халх” гэж нэрлэдэг байжээ. Эл үед Халх түмэн нь Цахар, Урианхайтай нийлэн Зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байв. Нутаг нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр бөгөөд хожим Цахар түмэн зүүн зүг нүүдэллэж, Урианхай түмэн бослого гаргасны улмаас сарнин бутарчээ. Батмөнх Даян хаан отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжид Халх түмнийг өөрийн гал голомт нутгийн хамт үлдээснээр “Халх орон”, “Халх түмэн”, “Халх улс” хэмээх товлосон нэр үүссэн байна.
    Халх нь Гэрсэнзийн (1513-1549) нэртэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, 1549 онд Гэрсэнз бие барсны дараа түүний их хатан Хатунгай, ууган хөвгүүн Ашихайд Үнэгэд, Жалайр, дэд хөвгүүн Ноён-тойд Бэсүд, Элжигин, гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэргүүд, дөрөвдүгээр хөвгүүн Аминдуралд хүрээ хороо, Цоохор, тавдугаар хөвгүүн Дарьд Хүхүйд, Хатигин, зургадугаар хөвгүүн Далданд Тангуд, Сартуул, долдугаар хөвгүүн Саму Бумад ганц Урианхан отгийг өмчлүүлэн хувиарласнаас Халх долоон хошууны үүсгэвэр тавигджээ.
    XYI зууны эцэс XYII зууны туршид үргэлжилсэн Халхын гурван хант улсын хоорондын болон Ойрадтай хийсэн дайн самуун, ялангуяа, 1655-1888 оны хооронд Түшээт хан, Засагт хан аймаг болон Ойрадын хооронд болсон дайн самуун нь халх түмний түүхэнд хүнд үе байсан юм. Дайны хөл үймээнээр Халхын долоон хошуудаас олон зуун мянган өрх айлууд дүрвэн Өвөрмонгол, Орос, Хөх нуур, Алтай (Галдан бошигтын харъяанд) зэрэг нутаг руу нүүдэллэсэн ба зөвхөн 1700 оны эхээр уван цуван төрөлх орон нутаг, отог, хошуундаа зарим нь эргэж ирсэн ажээ.
    1691 онд Халх нь Манж Чин улсад дагаар ороход засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж дөрвөн аймаг, 86 засаг хошуу, шавийн тавд хуваагдан аймаг, хошуудыг алтан ургийн Гэрсэнзийн удмын засаг ноёд үе залгамжлан захирч байжээ.
    “Халх” хэв маяг
    Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, хөх цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. Тоорцог, лоовууз, хар хилэн, юүдэн зэрэг малгайнуудыг өмсдөг.
    Халхчууд охиныг нь гуйж, сүй тавих үеэс эхнэр хүний иж бүрэн хувцас, гоёл чимэглэлийг бэлтгэн хуримын өдөр нь эхнэр хүн болгодог заншилтай. Эхнэр хүний дээлийн ханцуй урт нарийн, дэргэр мөртэй байдаг. Дээлэн дээр ууж өмсөх бөгөөд гоёлын, ажлын гэсэн хоёр янз байна. Өдөр тутам өмсдөгийг нь цээж ууж, гоёлд өмсдөгийг нь урт ууж гэнэ. Нөхөрт гарахаар үсээ дэрэвгэр болгон засаж, үзүүр хэсгийг үсний гэр туйванд хийнэ. Туйвны дээд хэсэгт цалин цагаан мөнгөөр хээ угалз бүтээн шүр сувд хатган тоноглодог.
    Энэхүү бичвэрээс өнцөгөөр Халх ястанг XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд үүссэн гэж өнцөгөөр дүгнэн үзэж болохгүй учир нь Халхчуудын өвөг дээдэс нь YIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба монголын нэгдсэн тулгуур төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон Хамаг монгол улсын хойч үеийн удам угсаа юм.
    Эх сурвалж: Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл номоос
    Номтой Нөхөрлөе Клуб Б.Амаржаргал

     
  • Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн

     Манжийн төрийн зүгээс Халхын зарим ноёд тухайлбал, 1756 оны 4 сард чин ван Ринчиндоржийг Амарсанаагийн хэрэгт холбогдуулан барьж цаазаар аваачсан нь II  Богд тэргүүтэй Халхын том язгууртнуудын занал хилэнг бадруулжээ. II Богд өөрийн нэг ахыг цаазаар авахуулсанд унтууцаж, “Дөрвөн аймаг хэлэлцээд, их түйвээн өднө”1 гэж Манжийн эсрэг бослого хөдөлгөөн гаргахад бэлдүүлж эхлэсэн байна.1 Жамбадорж.”Болор толь”. 14-р дэвтэр. Тал 16.
     Манжийн төрийн эрх баригсад ил, далд элдэв муу аргаар II Богдыг гартаа оруулж, бослогод шууд идэвхтэй оролцох бололцоог хааж чадсан боловч Халхын ард түмнийг тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэг барьж босохоос урьдчилан сэргийлж чадаагүй юм.
     1756 оны 6-7 сарын үед Манжийн хааны зарлиг ёсоор, Зүүнгарын бослогын эсрэг хөдөлгөсөн их цэргийн нэгэн багийг толгойлж явсан шадар ван Чингүнжав дайны талбараас босож, цэргээ удирдан нутгийн зүг хөдөлгөсөн, мөн тэр үед Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибазар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн нарын зэрэг ноёд Манжийн албыг хаяж, тус тусн нутагт нэгэн зэрэг буцсанаар Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл эхлэсэн юм. Чингүнжав зам зуур Улистай орчим Халхын Цэвдэн бэйл, Дамиран гүн нартай чуулган нийлж, бослогын хэрэг хэлэлцэн, Улиастайн цэргийн хороонд хүн зарж, манжийн эсрэг босохыг ятган, олон харуул, өртөөний цэрэгт зар тарааж, Манжийн харуул, өртөө, цэргийн албыг хаяж босохыг уриалжээ. Түүнээс гадна Халхын томхон ноёдод нууц бичиг илгээж, Манжийн ноёрхлоос даруй чөлөөлөгдөхийг уриалсан байна.
     Их хүрээ II Богдын хамт нэгэнт Манжийн хатуу хяналтанд орж, чин ван Цэнгүнжав Манжийн талыг тууштай баримталж байсан учир Их Хүрээнд чуулган нийлэх явцад бүтэхгүй болсон юм. Чингүнжавын шууд удирдлагын дор 2000-аад цэрэг цугларсан байна.
     1756 оны зун, намраас эхлэн нийт Халхчууд Чингүнжавын уриалгаар Манжийн өртөө, харуул, төмөр сүрэн болон цэргийн албыг хаяж босчээ.
     Чингүнжав Монгол дахь Манжийн ноёрхлын гол бэхлэлт цайз болох Улиастай хотын асуудлыг ихэд анхаарч, түүнийг дайсны гол хүчнээс тасалж цохих бодолтой байсан байна.
    Бослого дарагдсан нь, түүний шинж чанар, ач холбогдол
    Шарбэлийн тулалдаанд бослогын цэргийн гол хүчин цохигдож бослогын удирдагч Амарсанаа гадагш зугадан гарсан нь Баруун монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн цаашдын хувь заяанд ноцтой нөлөөлсөн юм.
     Бослогын цэргийн ангиуд, гол хүчин төвлөрсөн цэргийн удирдлагагүй болж, дан дангаар толгой мэдэн дайсантай тэмцэх болсон байна.
     Шарбэлийн тулалдааны дараа үлдсэн цэргийн ангиуд дотроос хамгийн хүчтэй нь Занагарбу, Ням нарын цэрэг байв. Занагарбу, Ням хоёр нэг үе хоорондоо эрх булаалдан байлдаж эхэлсэн боловч дараа нь дайсны эсрэг хүчийг нэгтгэн тэмцжээ. 1757 оны 7-р сарын 24-ний өөр Манжийн жанжин Миншүй нар Эвтэй даваа гэдэг газар Занагарбу, Ням нарын цэрэгтэй учирч байлджээ. Занагарбу, Ням нарын цэрэг 1000 гаруй хүн шивээлэн байлдсан боловч Манж нарт цохигдон зугтжээ. Миншүй нар тэднийг нэхэн байлдаж, Эрээн хавиргын Улиастай голын орчим гүйцэн очсонд, Занагарбу, ням нарын цэрэг хад асга, бартаа бэрх чухал газруудыг эзлэж, их буу жагсаан бэлдэж, дайсныг тосон байлджээ. Шөнө нь дайсны цэрэг давшиж хүчлэн байлдах гэтэл Занагарбу, Ням нарын цэрэг нэгэнт бүслэлтээс гарч одсон байжээ. Дайчны цэрэг хөөж байлдсанд Занагарбу, Ням нарын цэрэг ялагдаж, Занагарбу алагдаад, Ням баригджээ.
      Гэвч Манжийн цэрэг бослогын цэргийн анги, багуудыг ганц ганцааранг нь цувуулан цохисоор удалгүй Баруун Монголын тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийг үндсэнд нь дарсан байна.
     Манжийн төрийн гол зорилго бол бослогыг үндсэнд нь дарах зогсоох биш, харин бослогын бүх цэрэг, Баруун монголын бүх хүн ардыг хүйс тэмтрэн хядаад, газар орныг бүрмөсөн эзлэн авах явдал байжээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан сүүлчийн удаа Зүүнгарт цэрэг оруулахдаа, бослогын цэрэг болон ер Баруун монголын хүн ардыг цөмийг хүйс тэмтрэн хядаж устгах тушаал өгсөн байна.
     Манжийн цэрэг өөрийн хааны зарлиг ёсоор, 1757-1758 оны турш зүүнгарын нутгийн уул, тал, шугуй хөвчийг өдөр шөнөгүй шүүрдэн нэгжиж, Өөлд монголчуудыг хэдэн зуу буюу мянгаар нь хядаж байв. Манжийн цэрэг Баруун монголын хүн ардыг тийнхүү эр, эм, хөгшин, залуу, хүүхэд нялхас гэж ялгалгүй дайралдсан бүгдийг нэгд нэггүй хүйс тэмтрэн хядаж байв. 1758 онд Манжийн түрэмгийлэгчид Баруун Монголын хүн амын дийлэнх олныг хядаж устгаад, бослогыг дарж, газар нутгийг эзлэн авч нэгэнт амжсан байна.
     Чин ван Цэнгүнжавыг Улиастайн жанжнаар томилж, Чингүнжавыг даруй барих, бослогыг дарах даалгавар өгч хөдөлгөсөн, Хөх хотоос 2000 цэрэг гаргаж, Хахын эсрэг мордуулсан байна. Нөгөөтэйгүүр 1756 он 10 сарын үеэс Жанжаа хутагтыг Халхад ирүүлж, Орхон, Тамирын бэлчирт Живзундамба хутагттай хамтран Халхын ноёдын чуулган хийлгэж, Чингүнжавыг барих, бослогыг дарах тухай асуудал хэлэлцүүлжээ.