Category: Монгол үндэсний түүх

  • Цагадайн улсын тэргүүн,эвт найрсуу Эргэнэ хатан

    Гүюг 1246 онд их хаан болохдоо: “Хүү нь байхад яахан ач нь захирч болох билээ” гээд Хархүлэгийг хаан ширээнээс нь зайлуулж, Цагадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байна.
     
    Тэрбээр 1251 он хүртэл төр барьжээ. Их Монгол Улсын хаан ширээ 1251 онд Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж, Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан бас солигдоход хүрчээ. Мөнх хаан өөрийн ээлжинд дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг шилжүүлэн өгчээ. Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсчээ. Энэ байдалд Хархүлэгийн орыг Мөнх хааны зарлигаар түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Цагадайн улсын шинэ хаан балчир байсан тул засгийн эрхийг энэ үед Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авсан байна. Ийнхүү Эргэнэ хатан 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд анхлан гарчээ.
     
           Юуны өмнө Эргэнэ хатан нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид бөлөн бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан, Бат РУУ явуулсан байна. Гэвч Бат хаан түүнийг хэсэг зуур байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Гэвч Есөнмөнх удалгүй Эргэнэ хатны өш хонзонгийн золиос болон амиа алджээ. Эргэнэ хатан төр барьснаар Хабаш Амид болон түүний хүү Насир Адцины дэргэд шадар сайд болжээ. Есөнмөнхийн шадар сайд байсан Имам Беха Аддин Маргинанийг 1251 оны сүүлээр амийг нь хөнөөжээ. Эргэнэ хатан энэ үедээ Цагадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй.
     
         Цагадайн улсын зарим хэсэг, Өгэдэйн улсыг бараг бүхэлд нь Тулуй болон Зүчийн удмынхан хуваан авсан байна. Мөнхийг хаан суулгасан гол этгээд хийгээд алтан ургийнхны хамгийн ахмад нь болох Бат хаан Монголын Эзэнт Гүрний хэмжээнд онцгой байр суурьтай байв. Өгэдэй, Цагадайн удмын насанд хүрсэн ихэнх төлөөлөгчид энэ үед бараг цөм хадагдсан ба аль эсвэл цөлөгдсөн байсан учир Мөнх хаан, Бат хоёр эзэнт гүрний газар нутгийн шинэ хувиарийг төвөггүй хийж чадсан байна. Харин энэ үед Цагадайн удмын балчир хүүхдүүдийг хааны ордонд хүмүүжүүлж байсан учир тэд Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт ирж суух болсон ажээ.
     
         Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байхдаа 1254 онд их хааны зарлигаар персийг дайлаар явж байсан Хүлэгүг хүлээн авчээ. Эргэнэ хатан түүнд зориулан их найр хийж, бэлэг сэлт өгсөн байна. Хүлэгүг ийнхүү ихэд хүндэтгэсэн явдал бол Эргэнэ хатан төрийн ёс үйлдсэн төдий хэрэг бус, харин Эргэнэ хатны төрсөн эгч Кубак болон түүний дүү Өлзий нар хоёул Хүл эгү хааны хатан байсан тул Эргэнэ хатан хүргэн ах, эгч д үү нартаа ийнхүү гүн хүндэтгэл үзүүлсэн хэрэг байжээ.
     
         Хүлэгүг Самаркандын орчим 1255 оны намар дөхөж очиход, Цагадайн улсын захирагч Масуд бек Ялавич 40 хоногийн турш түүнийг мөн дайлсан байна. Эндээс үзэхэд Эргэнэ хатан Тулуйн удмынхан дунд нилээд нэр хүндтэй байсан юм. Тиймээс Цагадайн улсын түүхийн эмгэнэлтэй хүндхэн үед төр барьж байсан Эргэнэ хатан улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байна. Цагадайн удмынхан дунд ч түүний нэр хүнд өндөр байсны баримт бол Цагадай бүх бэрүүдээсээ түүнийг онцгойлон үзэж, Эргэнэ бэр хэмээн дотночлон дууддаг байжээ. Эргэнэ хатан өөрөө бурханы шашин шүтдэг байсан ч, лалын шашинтныг ихэд ивээдэг байв. Түүний хүү Мубарек шах алтан ургийнхнаас хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. Мөнх хааны төр барьсан хугацаанд Эргэнэ хатан балчир хүүгийнхээ оронд Цагадайн улсыг захирч байгаa
     
        Их Монгол Улсад дэгдсэн хаан ширээний төлөе тэмцэлд Аригбөхийн талыг дэмжив. Аригбөхийг дэмжихэд хүргэсэн нэг шалтгаан бол мөн л худ ургийн холбоо байжээ. Учир нь Эргэнэ хатны өөр нэг эгч Илчигмиш нь Аригбөхийн хайртай хатан нь байжээ.
     
        Хубилай Эргэнэ хатныг өөрийн талд татан авах зорилгоор дэргэдээ байсан Цагадайн гуч хүү Абишкаг Цагадайн улс руу илгээсэн боловч тэрбээр тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж, удалгүй Аригбөхийн тушаалаар хороогдсон байна. Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагадайн улс руу өөрийнхөө дэргэд алба хашиж байсан Цагадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ зарлиг өгч явуулсан байна. Алгуй өвөг эцгийнхээ хувь улсад очиж, улсаа бүрэн эрхтэйгээр захирч эхэлжээ. Эргэнэ хатан энэ үед захирагч Масуд бекийн хамт Аригбөхийн зүг явж очоод, Алгуйн талаар гомдол мэдүүлж, түүний халамжинд нилээд хугацаагаар хажууд нь байжээ. Гэвч эцсийн бүлэгт Аригбөх Хубилай хаантай хийсэн тэмцэлд дийлдэн, бууж өгөхөөр одохдоо Эргэнэ хатан болон Масуд бекийг Алгуй руу илгээсэн байна.
     
         Энэ үеэс Алгуй Эргэнийг хатнаа болгож, Цагадайн улсыг бүрэн эрхтэй захирч, Масуд бекийг Самарканд, Бухар хотын захирагчаар томилжээ. Цагадайн удмын төрийн залгамж холбоог алдагдуулахгүйн тулд Эргэнэ хатан ийнхүү Алгуйтай гэрлэсэн байна. Алгуй удаан төр барьж чадсангүй, 1265 оны сүүлээр нас баржээ. Энэ үед Эргэнэ хатан ноёд, түпгмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек шахыг хаан ширээнд өргөмжилжээ. Тэрбээр Их Монгол Улсын түүхэнд анх удаа их хааны зарлиггүй хаан болсон байна. Тиймээс лалын шашны нөлөө бүхий санваартан л ам нарын дэмжлэг олох үүднээс Мубарек шах өвөг дээдсийн сүсэг бишрэлийг орхиж, лалын шашинд орсон байна.
     
        Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрөн, Цагадайн удмын Боракийг Мубарек шахтай хамтран төр бариулахаар зарлигджээ. Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, түүний итгэлийг олсон хүн байв. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек шах болон Эргэнэ хатны байр суурь нилээд бат бөх болохыг олж харжээ. Тиймээс хаан ширээг ов мэхээр эзлэн авахаар шийдэж, тэдэнд зарлигаа үзүүлээгүй байна. Улмаар Борак 1266 оны сүүлээр Мубарек шахыг зайлуулж, барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. Хагас жил хүрэхгүй хугацаанд Борак дан заль мэхээр хаан ширээг эзэлж чадсан нь Мубарек шахын гол түшиг тулгуур болж байсан эх Эргэнэ хатан нас барсантай холбоотой байжээ.
     
        Ийнхүү Эргэнэ хатан 1251-1260 он хүртэл дангаар, 1260-1265 онд Алгуйтай, 1266 онд Мубарек шахын хамт 10 гаруй жил Цагадайн улсын хүнд бэрх үед засгийн эрх барьсан, төр улсын гарамгай зүтгэлтэн байжээ. Тэрбээр хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байжээ. Чингис хааны зээ охин, Цагадай хааны хайртай бэр бөгөөд алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй, улс төрийн нөлөөтэй байсан Эргэнэ хатан Их Монгол Улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн бөлгөө.

     
  • №47 Халх, Зүүн гарын дайн, Халхын тусгаар тогтнол алдагдсан нь

     Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 оны Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхын Зүүнгар хаант улсын эсрэг тавих зорилт бүхий байсан юм.
    Гэвч уг чуулганаар бүх зүйлийг шийдэж чадсангүй. Харин улам ч ээдрээтэй  асуудал
    гарч, Халх-Ойрадын болон Манж-Монголын зөрчил тэмцэл хурцдан, ширүүн тулалдаан гарахын үр хөрөнгийг бүрэлдүүлсэн юм.  
    Галдангийн Манжийн хаанд илгээсэн элчийг нь Түшээт хан Чахундорж нар 300 цэрэг илгээн замаас нь довтлон цохисон болон дүү Доржжавыг нь алсан, мөн Чахундорж бас өөрөө цэрэглэн Зүүнгар улсын нутгийн хязгаарт орж ирсэн зэрэг ноцтой мэдээг аваад, Галдан хаан Равдан, Данзан Омбо нарын жанжин, түшмэдүүдээ дуудан ирүүлж уг асуудлыг хэлэлцээд, Түшээт хан Чахундоржийг дайлах шийдвэр гаргажээ1. Чингээд 1688 оны хоёр сард Галдан нутгаасаа цэрэг удирдан гарч, Элжигин хошуугаар дамжин, Чахундоржийн араар нь Халхын нутагт цөмрөн оржээ.
     Түшээт хан Чахундорж Манжийн хааны ятгалгаар Цогдос нуурт чуулган чуулахыг хүлээн суутал, Галдан нэгэнт Халхад цөмрөн орсныг сонсоод, Эрдэнэ-Зуугийн зүг тосон хөдөлсөн ба Түшээт хан Чахундоржийн хөвгүүн Галдандорж Эрдэнэ-Зуугийн орчим Галданы цэргийг угтан байлдаж, бут цохиулаад зугатан, Цахиртай гэдэг газар ирээд байсан эцэг Чахундоржтой нийлэн, Төмөрт гэдэг газар Галданы цэрэгтэй дахин байлджээ.
     Галданы цэрэг Эрдэнэ-Зуу хийдэд хүрч очиход Өндөр гэгээн Занабазар Эрдэнэ-Зуугаас нэлээн зайтай байсан ба Ойрадын цэрэг орж ирсэн мэдээг сонсоод, Түшээт ханы эхнэр, хүүхдийг авч, Орхон голыг өгсөн, Жанчидаар дайрч, зүүн тийш эргэн, Ерөөгийн рашаан, Шарлин гол, Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн хар нуур зэрэг газруудаар дамжин явсаар Сэцэн ханыг түшихээр очсон боловч тэр үед Сэцэн хан Норов өвчнөөр нас барсан учир Хэрлэнгийн Баян улаанд бүгж байгаад, цааш Сөнидийн нутгийг тэмцэн явсан бололтой.
     Галданы цэрэг Өндөр гэгээнийг тэр даруйд нь бус, хэсэг хугацааны дараа сургаар яаравчлан нэхсэн боловч өндөр гэгээн нар нэгэнт Манжийн харъяат нутагт нэвтрэн орсон байжээ.
     Галдан бошгот Занабазарыг мөрдөн хөөж гүйцэхгүйгээр мэдэн, хойш эргэн, Олгой нуурын хөвөөнд Түшээт ханы цэрэгтэй хэдэн хоногийн турш байлджээ.
    Галдан бошигтын довтолгоонд шахагдсан Түшээт хан Чахундорж тэргүүтний энэ байдлыг нь далимдуулан бүрмөсөн оруулж авах гэсэн Манжийн хааны тулгалтанд өртсөн Халхын ноёд 1688 оны 9 сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулжээ.
     Уг чуулганаар, Галдантай хэрэхэн тэмцэх, Халх цаашид хэрхэн оршин тогтнох, Манж, Орос улсын алиныг нь дагах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхэд, Халхын ноёдын нэг хэсэг нь Манжийг дагаж орьё, нөгөө хэсэг нь Оросыг түшье хэмээн санал хуваагдсан учир нэгдсэн шийдвэр гаргуулах зорилгоор Занабазарыг саналаа хэлэхийг хүсэхэд, тэр “Хойд зүгийн шар Хятад /Орос/ хэмээх улсын хааны төр амгалан, их улс боловч шажин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцадын зах буруу тул үл болмуй. Өмнө зүгийн хар Хятад /Манж-С.Ц/ хэмээх улсын хааны төр төвшин амгалан сайны дээр бас түүнд бурхны шашин дэлгэрсэн, ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргүүтэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүг явбаас, төр тогтож, хамаг амьтан жаргамуй2” хэмээн өгүүлснээс үүдэн тэр чуулганаас Халх Манжид дагаар орох шийдвэр гаргажээ.
    2 “Богд гэгээн бээр Халх монголын оронд анх хувилан шашныг дэлгэрүүлж, төр дагаж сайтар үзүүлэн амьтныг жаргуулан айлдсан цадиг оршвой”. УТНС. ГБС
     Тийнхүү 1688 оны 9-р сард Түшээт хан Чахундорж, Занабазар нар харъяат нарынхаа хамт захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж, Манжийн хаанд өгчээ.
     1685 оны 6-р сарын 11-нд Халхчууд дахин Сэлэнгийн шивээг бүсэлсэн ба мөн л монгол нутгаас гарч явах шаардлагыг тавьжээ. Гэвч бүслэлт сар орчим үргэлжлээд амжилтгүй дуусчээ.
     1687 оны эцсээр Халхчууд дахин Сэлэнгэ, Үдийн шивээг довтлон бүсэлсэн ба Оросын элч Ф.А.Головиныг Үдэд ирэхэд нь Оросын хилд буй буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг монгол нутгаас гаргах шаардлагыг дахин тавьжээ.
     Тийнхүү Түшээт хан Чахундорж Оросын эсрэг удаа дараа цэрэглэж байсан ба Оросын эсрэг тэмцэлдээ манж нараас дэмжлэг авч байсан, мөн эсэргүүцэл этгээд Галдан нь Оростой сайн харилцаатай, мөн тэрбээр Оросоос тусламж авсан хэмээн цуурхуулж байсан зэрэг нь Занабазар тэргүүтэй Халхын эрх баригчид Манжид дагаар орох шийдвэр гаргахад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байна.

     
     
  • Япончуудын урт насладаг нууц тайлагдлаа

    • Өдөрт /24 цагт/ нэгээс дээш аяга кофе уухгүй байх
    • Хүйтэн усаар эмийг даруулж уухгүй байх
    • Орой 17,00 цагаас хойш юм идэхгүй байх
    • Тослог багатай хоол идэж байх
    • Өглөө их ус ууж орой бага ус ууж байх
    • Гар утсаа өөрөөсөө хол цэнэглэж байх
    • Орой 22,00- цагаас өглөөний 06 хүртэл тогтмол унтаж байх
    • Эм уусны дараа хэвтэхгүй байх
    • Өлөн элгэн дээрээ эм уухгүй байх
    • Гар утсаа цэнэглэж байхад мөн интернэт сүлжээнд нэвтрэхэд цацаргийн хэмжээ 1000 дахин нэмэгддэг тул байнга хол байлгах
    Япончуудын эрүүл урт удаан наслахын тулд бэлтгэн хүртдэг цэвэр байгалийн жүүс хийх арга
    Эрүүл мэндийн шүүс:
    • Лууван+ Цагаан гаа+ Алим-ын нийлэмж жүүс Таны дархлааны системийг цэвэрлэнэ
    • Алим+ Өргөст хэмх+шанцай-гийн нийлэмжит жүүс Цусан дахь холемтриныг бууруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлж, толгой өвдөх ходоод өвдөхөд сайнаар нөлөөлнө
    • Улаан лооль+ Лууван+ Алим- арьсны өнгийг сайжруулж уяан хатан болгоно, уушги цэвэрлэнэ
    • Гашуун чинжүү+Алим+Сүү-ний нийлэмжит жүүс нь амны үнэрийг арилгаж, биеийн темпеоатур буулгана
    • Жүрж+Цагаан гаа+Өргөст хэмх-ийн нийлэмжит жүүс нь арьсны чийглэгийг хангаж элдэв цоохор байдлыг устгана
    • Хан боргойцой+Алим+Тарвас-ын нийлдэж нь давсаг бөөрийг угаана, бөөрний хэм бууруулна
    • Алим+ Өргөс хэмх+ Киви-н нийлэмж арьсийг чийгшүүлнэ
    • Лийр+Гадил жимс- цусан дахь сахарын хэмжээг зохицуулна
    • Лууван+ Алим+ Лийр+ Манго-н нийлэмж биеийн дулааныг нэмэгдүүлж, цусан дахь хорыг гадагшлуулна, даралт болон биеийн нийт эсэлдэлттэй тэмцэнэ
    • Усан үзэм+Тарвас+Сүү+Витамин С+ Витамин В12- нийлэмж нь биеийн дархлааг дэмжин эмийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ
    • Гуа+ Ханборгоцой+Сүү+ВитаминС, Е Төмөр- нийлэмж бодисийн солилцоог сайжруулна, арьс өнгөлөг болно.
    • Гадил+ Ханборгоцой+Сүү- өтгөн хатахаас сэргийлж бодисийн солилцоог дэмжинэ
    Мөн өдөр тутамдаа
    1. Өглөө бүр ходоод хоосон байхад ус уух– Япон хүн сэрэнгүүтээ босч 4 аяга ус уудаг /160 гр Х 4 аяга/ Шинжлэх ухаанааор батлагдсан энэ арга нь дараах өвчлөлийг 100 хувь эдгээнэ
    • Толгой өвдөх
    • Зүрхний өвчин
    • Үений өрөвсөл
    • Зүрх хурдан цохих
    • Эпилепси
    • Таргалалт
    • Багтраа
    • Менингет
    • Бөөрний өвчин
    • Бөөлжих
    • Ходоодны үрэвсэл
    • Суулгалт
    • Чихрийн шижин
    • Өтгөн хаталт
    • Нүдний өвчин
    • Умайн өвчин
    • Хамар, хоолой
    • Хорт хавдар
    • Чихний өрөвсөл
    2. Эмчилгээний арга
    • Өглөө  шүдээ угаахаас өмнө 160 мл ус 4 шил уух
    • Та шүдээ цэвэрлэсний дараа 45 минутын турш юм идэж, ууж болохгүй.
    • 45 минутын дараа та өглөөний цайгаа заавал уух
    • Өглөөний, өдрийн ба оройн хоолны дараа ус уух ба 2 цагийн турш идэхгүй байх.
    • Өвчтэй болон хөгшин хүмүүс бага багаар дасган уух нь хамгийн чухал
    Энэхүү программаар байхад доорх өвчин эдгэрнэ
    • Цусны даралт -30 хоног
    • Ходоодны шарх 10 хоног
    • Чихрийн шижин-30 хоногт
    • Өтгөн хаталт-10 хоногт
    • Хорт хавдар-180 хоногт
    • Үений үрэвсэл -3 хоногт
    Эдгээр аргаар та эрүүл саруул байж бодисийн солилцоо идэвьхитэй болж ирнэ. Энэ үед идэвхитэй хөдөлгөөн хийсэн ч ядархааргүй болсон байна.
    Таны уух ус хэзээ ч хүйтэн байж болохгүй ба таны биеийн хэмтэй ижил төвшинд байх ёстой. Нэг үгээр өөх тос хуримтлагдсан таны биед хүйтэн ус орох нь хормын төдийд царцааж хананд өөхөн давхарга үүссэх нөхцөл бүрддэг.
     Харин танд доорхи шинж илэрвэл маш аюултай гэсэн үг:
    • Даралт ихтэй хүмүүсийн 60 хувь нь унтаж байхдаа бие нь тавгүйтдэг
    • Дотор муухайрах, хөлрөх нь зүрхний өвчний шинж байдаг
    • Эрүү өвдөх нь /чичрэх/ ядаргааны шинжтэй
    • Цээж өвдөж мэдрэгдэх эдгээр шинж илэрвэл яаж орхиж болохгүй заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.
     
    Орчуулсан Б. Саран
     
  • Алтан улсын цэргийн сүлд хийморийг унагасан үнэгэн давааны байлдаан

     
         Тэр жилийн долдугаар сард Зэвийн захирсан цэргээр Алтан улсын шинэхэн барьсан цайз Ушабааог довтлон эзлүүлж дагуул хотыг гартаа оруулахад, Алтан улсын жанжин Дүжя Сыжун, Вангин Хуша нар олиггой эсэргүүцэлгүйгээр ухарч, умард хилээ хамгаалалтгүй орхижээ. Чингис хаан энэ үед цэргээ хоёр хувааж хоёр чиглэлээр давшив. Иймд Алтан улс шахагдан нилээд хэдэн хотоо алдаад, гол хүчээ Үнэгэн даваа хавьд бөөгнүүлж, монгол цэрэгтэй тулалдах болов. Энэ газар нь одоогийн Хэбэй мужийн Чуулалт хаалганаас хойш байдаг газар бөгөөд Алтан улсын Вангин Жижун, Вангин Ваньну нарын жанжидад гучин түмэн цэрэг захируулан Үнэгэн даваанд амдан байлдахаар бэлтгэж байв. Мөн Хуша жанжинд арван түмэн цэрэг удирдуулан, буруулж дийлдэхээр бол залгаж байлдах нэмэгдэл хүч болгохоор бэлдэв.
     
         Жижуны тосон байлдах цэргийн дотор кидан үндэсний Багуши болон Санчэн гэдэг нэртэй хоёр цэргийн жанжин байжээ. Тэд Жижун жанжинд санал дэвшүүлж хэлэхдээ: “Монголчууд Фужоу руу шинэ довтолгоо хийхдээ, таллага дээрэмдлэг заавал явуулна. Тэр үедээ агт морьдоо хээр гадаа орхих нь тодорхой. Хэрэв бид тэднийг иймэрхүү бэлтгэлгүй байх үед нь тааруулан хөнгөн морин цэргээр гэнэдүүлж дайрвал ялалт олно” гэжээ. Жижун жанжин үүнийг эргэцүүлээд “Ингэж довтлох нь дэндүү осолтой, аз сорьсон хэрэг болно. Харин морин цэрэг нь явган цэргээ хүлээгээд хамтруулан довтолвол илүү ашигтай болно” гэжээ. Тэр үед Шимо Мянган гэгч кидан жанжин Жижуны цацарт байв. Тэр хүн умард этгээдийн муж буюу Хэнжоуд төрсөн бөгөөд газар орны байдлыг сайн мэдэхийн дээр, урьд нь элчээр Чингис хаантай уулзаж байсныг харгалзан, монгол цэрэг рүү илгээж: “Чингис хаан Алтан Улстай ийн дайтах гэсний шалтгаан юунд орших вэ” хэмээн асуулгахаар явуулжээ. Гэвч тэдний итгэж сонгон явуулсан Шимо Мянган нь кидан, монголчууд нэг гарвалтайн дээр Чингис хааны сүр жавхлантай байдлыг үзэн монголчуудад дагаар орж, монголын цэрэгтэй Алтан улсын их цэргийн тосон тулалдах хамаг нууцыг задалж өгчээ. Чингис түүнийг дэвшүүлэн урамшуулж монгол цэргийн ноён болгов. 1125 онд Зүрчидийн Алтан улс өмнөд хятадын Сүн улс хоёр нийлэн Кидан гүрнийг довтлон мөхөөсөн түүхтэй тул урьдын өсийг санасан киданчууд олноороо ийнхүү монголчуудын талд орж байлаа. Чингис хаан ч үүнийг бодлогоор дэвэргэж “Киданчууд, монголчууд нэг гарвалтай хүмүүс тиймээс ч монголчууд Алтан улсыг дайлж байгаа нь их Кидан гүрнийг мөхөөсөн өсийг давхар авч байгаа хэрэг” хэмээн ухуулдаг байв.
          Үнэгэн даваанд монголчууд Алтан улсын гол цэрэгтэй ийнхүү шийдвэрлэх тулаан хийхийн өмнө тагнуулын мэдээ олон сувгаар олох, тэдгээрийг харьцуулж баталж нотлохыг ихэд чармайсан байна. Иймээс ч Чингис хаан энэ тулалдааны өмнө “Дайсныг шинжил” хэмээн Цагаан ноёныг баг цэрэгтэй илгээсэн байна. Цагаан ноён явж ирээд “Дайсны хөл хөнгөн хөдөлмой. Амар бус” гэж нарийвчлан мэдээлжээ. Ингэж Шимо Мянганы мэдээг давхар шалгасан байна. Мухулай Цагааны мэдээг сонсоод Чингис хаанд: “Дайсны цэрэг олон, миний цэрэг цөөн буй за. Иймд бид амиа үрж эс байлдваас, хожим нөхөшгүй бэрх болно” гэж хэлжээ. Хоёр тал цэргийн хүрээгээ цэгцэлж, бие биенээ тандан ажигласаар хэд хонов. Авагдсан мэдээллээр Алтан улсын цэрэг монголчуудаас хэд дахин их хүчтэй нь мэдэгдсэн тул дайсны зүг яаран хөдлөхийг Чингис хаан бодсонгүй, эгзэгтэй мөчийг хүлээж байв.
     
         Гэтэл нэгэн өглөө Алтан улсын цэргийн морин төвөргөөн сонсогдож, монголчуудтай байлдахаар айсуйг толгойн сэргийлэх харуул мэдэгдэв. Энэ үед өглөөний хоол цайгаа зооглож байсан Чингис хаан ухасхийн мордож, их цэргээ журамлан удирдаж урагш давшив. Гэвч тооны хувьд монгол цэрэг хэтэрхий цөохон байв. Чингис хаан Мухулайгаар манлай цэрэг удирдуулан явуулахад, түүний үхлээс эмээдэггүй олон дайн тулааныг үзэж хатуужсан цэрэг эрс морио ташуурдан, зэвсгээ   далайн уулгалан Алтан улсын цэргийг сэт татан ороход Чингис хаан их цэргээ оройлон хойноос ньдайран орж алалдав. Хятад явган цэргийн шигүү эгнээнүүд энэ үед монголын харваачдад тун таатай бай болов. Бараг сум болгон байндаа тусаж байв. Суман мөндөр асар их хохирол учруулсны дараа залган бие биетэйгээ нягт хослон ажиллах морьт цэргийн довтолгоон явагдахад түүнийг тэсвэрлэж чадах явган цэрэг дэлхийд хараахан гараагүй байв. Длтан улсын цэрэг зууралдсан байлдаанд ийнхүү тэсэлгүй бутцохигдон, бөөн бөөнөөрөө амь зулбан зугтав. Монгол цэрэг тэднийг хөөн байлдсаар, Ваньчюань хошууны өмнө талын Куайхэ голын орчимд гүйцэн эсэргүүцэх тэнхэлгүй бутарч сарнисан Алтан улсын цэргийг дураар хядсан бөгөөд үхдэл хүүр хэдэн зуун бээр газрыг бүрхсэн ажээ.
     
         Байдал хүндэрсэн үед монголчууд руу нэмэгдэл хүчээр байлдах үүрэг хүлээсэн Вангин Хуша энэ үед үнхэлцгээ хагартал айсан тул тулааны эхний шугам дээр үхэх сэхэхээ үзэж байгаа Алтан улсын цэрэг дээр хүрч очиж зүрхзлсэнгүй. Харин түүнийг хар амиа бодон, ухарч явахад нь орон нутгийн эрхтэн: “Та цэргээ манлайд явуулна уу. Бид орон нутгийн цэргээр хамжилцаж, дайсантай үхэх сэхэхээ үзье” хэмээн гуйсанд, Хуша үг сүггүй тэвдэж, цаашлан ухран зугтах замыг хүнээс сураглаж байжээ. Нутгийн захирагч, хошин шогч тэр хүн дахин хэлэхдээ: “Гол ус, нутгийнхаа булан тохойг бид сайн мэднэ. Газар зүйн байршлаа ашиглан давуу тал олж байлдаж чадахгүй, зугтаахаас өөр бодолгүй чамд бид зам зааж өгөхгүй. Зориг байвал долоо үхэж, найм сэхдэг гэсэн хуучны үг байдаг. Цэрэг хүнд зүрх зориг гол нь юм шүү. Чам шиг ийм нулимсаа гоожуулж, чичирч айсан амьтан, урвайж зэвхийгээд байж байгаагаа хардаа. Их Алтан улс эрт орой та нар мэтийн хүмүүсийн гарт үрэгдэнэ дээ” гэж хулчийж ухарсан жанжинд хатуу үг хэлэхэд, Хуша ухаарч сэтгэх нь бүү хэл, хар амиа бодож, тэр шонөдөө цэргээ авч өмнө зүг хөдлөв. Гэвч түүнийг монголчууд гэзэг даран хөөсөөр голын хөндийд гүйцэн ирэхэд арга мухардсан жанжин эсрэгцэн тулалдсан боловч Алтан улсын 10 түм гаруй нэмэгдэл цэрэг толгой дараалан монгол цэрэгт устгагдаад, ганц биеэр үлдсэн Бангин Хуша Сюаньдэд зугтан очиж амь хорогдов. Алтан улсын шилдэг торгон цэргүүд ийн бүгд цохигдон устгагджээ.
     
         Үнэгэн давааны байлдаан бол Их Монгол улс болон Алтан улсын хооронд болсон дайны гол гогцоо байсан бөгөөд Алтан улстай хийсэн дайны дараа дараагййн тулалдаануудад томоохон эргэлт авчирсан юм.

     
  • №46 Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл

     Хаант Оросоос Зүүнгар улстай харилцах харилцан 1680-аад оны эцэас 1690-ээд оны эхээр өөрчлөгдөж иржээ. 1680-аад оны эцсээр Ойрад-Халхын харилцаа хурцдан, улмаар Манж нартай нүүр тулан учрах явдал гарцаагүй тулгарч ирэхэд, Галдан Оросын засгийн газраас цэрэг, зэвсгийн тусламж хүсчээ.
     Галдан гурван тамга дарсан тусламж гуйх бичгийг Оросын засгийн газарт илгээж, хариуг сэтгэл дэнслэн хүлээж байжээ. Гэвч Орос, Манж Чин улстай найртай хөршийн харилцаатай байж, Амур, Сунгар мөрний чиглэлд явуулж буй бодлогоо амжилттай хэрэгжүүлэх сонирхолтой байсан учир Галданд хэсэг хугацаанд тодорхой хариу өгөхгүй байв.
      1647-1652 онд Амурын орчим нутаг албан ёсоор бус боловч хэрэг дээрээ бараг бүхэлдээ Оросын мэдэлд орсон байв. 1685 онд тэр хавийн нутгийн засаг захиргааны төвийг Нерчүү хэмээн зарлажээ. Энэ явдалд дургүйцсэн Манж улсын эрх баригчид Амурын хоёр эргээс оросуудыг шахан гаргахыг чармайж, Оросын суурин руу удаа дараа довтолж байжээ. Хэдийгээр Манж нар тооны хувьд давуу байсан боловч Оросын албаны болон үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хохирол учруулсанаас бус, оросуудын Амурын хавиас шахан гаргаж чадсангүй.
    Манж нар дахин их цэрэг бөөгнөрүүлж, 1685, 1686 онд Амур хавийн орос суурин уруу довтолж, тэр нутгаас оросуудыг хүчээр суугчдыг хүчээр буцаан, Манжуурын нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлэлт хийж байв.
     Оросууд Амурт суурьшлаа бэхжүүлж, цайз бэхлэлт нэмэн байгуулсан төдийгүй хүн хүчээ нэмэгдүүлэн, Албазины цэргийн тойргийг нэгэнт байгуулжээ.
     Оростой энэ асуудлаар тохиролцож чадахгүй бол Орос нь Манжийн гол өрсөлдөгч Галданд цэрэг, зэвсгийн үлэмж тусламж үзүүлж, Төв Азид ноёрхолоо тогтоох гэсэн Манжийн төрийн бодлогод сөрөг нөлөөлөх байсан нөхцөлийг аргагүй харгалзсан байна.
     Тиймээс хоёр тал бие биеийн ашиг сонирхолын үүднээс зарим зүйл дээр харилцан буулт хийж, 1689 онд Нерчүүд Манж-Орос улсын найрамдлын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь хоёр улсын харилцаа албан ёсны болсны баталгаа болов.
     Үүний дараа Орос улс саяхан байгуулагдсан Нерчүгийн гэрээг зөрчихгүй, Чин улстай сайн хөршийн харилцаатай байх сонирхолын үүднээс Зүүнгар хаант улсад туслах бололцоогүй, уг гэрээнд үнэнч байх ёстойгоо Галдан бошигтод албан ёсоор мэдэгджээ.
     Манжийн хаан Галдан, Орос хоёрын найртай харилцааг таслан зогсоохын тулд их чармайлт гаргаж, Галданг Оросоос тусламж авах замыг хаах зорилгоор Нерчүгийн гэрээ яаравчлан байгуулж, Оросоос түүнд туслах явдлыг зогсоож чадсан нь Галданд хүчтэй цохилт болсон юм.
    Мөн үүний зэрэгцээгээр Галданг зүүн тийш Халх руу явсан хойгуур түүний ах Сэнгийн хөвгүүн Цэвээнравдан Зүүнгар хаант улсын нэлээд хэсгийг оруулан авч, өөрийгөө Зүүнгар улсын хаан хэмэаэн өргөмжилсөн нь Галданд давхар цохилт болж, түүний ар талын гол бааз хүчнээс нь таслав.
     Галдан Халхын нутагт  хүч хэрэглэн, цэрэглэн орж ирсэн болохоор Халхын олон нийт Галданг булаан эзлэгчийн ёсоор үзэж, хоол хүнс, унаа мал, цэрэг зэвсгийн дэмжлэг  үзүүлээгүйгээр барахгүй, манжийн нутагт  дүрвэн. Очигсод нь хүний нутагт зовж зүдэрч байгаагийн гол буруутан нь Галдан гэж үзэж, түүнийг Халхын нутгаас түргэн хөөн зайлуулж, хуучин нутаг усандаа буцахыг хүсч байсан учир, Галданы эсрэг манжийн тэмцэлд туслахад бэлэн байжээ. Тухайн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан Энх-Амгалан хаан Халхыг бүрмөсөн оруулан авах үйл ажиллагаагаа Галдангийн түрэмгийлэлээс Халхыг чөлөөлнө хэмээх уриалгаар халхавчилсан нь амжилтанд хүрч, Халхын олон нийтийн үлэмж хэсгийг Манжийн талд татан оруулж, Галданы эсрэг тэмцэлд босгосон юм. Энэ нь хүнд байдалд ороод байсан Галданг гарцгүй болгов. Галдан тэр үед манж нартай шууд байлдах хүч, бэлтгэл хараахан хүрэлцэхгүйгээ мэдэж байсан тул хүчээ сэлбэх, нөхөр хань олж авахын тулд цаг хожим зорилгоор эхний үед Манжтай найрамдалын журмаар харилцаж, Түшээт хан, Занабазар нарын асуудлаар хэлэлцээр хийх санал тавьж байжээ. Манж нар Өндөр гэгээн, Түшээт хан нарыг өгөхгүйг тэр сайн мэдэж байсан боловч ингэж цаг хожим нь түүнд ашигтай байжээ.
     Тэр үед Дрисрид Санзайжамц, Далай ламын нэрээр Шамбалин хутагт гэгчийг элч болгон, Манжийн хаанд илгээж, Галданы шаардаж байгаа ёсоор Өндөр гэгээн, Түшээт хан хоёрыг түүнд тавьж өгвөл, хамаг хэрэг барагдаж, шажин амьтанд тус болно гэх зэргээр хэлүүлж, Галданд туслахыг оролдсон боловч Энх-Амгалан хаан түүнийг эрс буруушаан, Далай ламыг ихэд зэмлэсэн хариу бичиг явуулжээ.
     Ингээд Бошигт хааны их цэрэг Үзэмчин зүүн хошууны зүүн хойд хилд ойрхон орших Соёлз уулын баруунтай Улхуй голын зүүн эрэг Улаан гэдэг газар буудаллажээ.
     Галдан өөрийн жанжин Дугарравданы хүү Хандад хоёр мянган цэрэг өгч, Үзэмчин хошууны хязгаарт ухуулах ажлыг хийлгэжээ.
     Галдан бошигтыг Халхыг дайлах явдлаа зогсоохыг ятгуулахаар Энх-Амгалан хаан Ялгуугсан хутагтыг өөрийн төлөөний элч болгон, Галданд илгээсэн байв. Гэтэл Ялгуугсан хутагт нь өнгөн дээрээ Манжийн хааны зааврыг биелүүлэгч мэт байсан боловч, дотроо Манжийн дарлалыг эсэргүүцэж байсан болон өөрөө Ойрад хүн байсан зэрэг учраас Галданг ятган болиулах нь битгий хэл, түүний тэмцлийг дэмжиж, Дисрид Санзайжамцын Далай ламн нэрийн өмнөөс дайтахыг зогсоолгохоор Галданд илгээсэн Ирүн хутагттай хамтран, Өвөр Монголын олныг Галданы талд татан оруулах явууллага хийхэд нь туслаж, мөн Галданы дайн эхлэх өдөр, цагийг нь үзэж, тогтоож өгч байжээ.

     
  • Хүүхдэд холбогдох монгол ёс заншил, зурхайн зан үйл ЭХИЙН АЛТАН ХЭВЛИЙД ХҮҮХЭД БОЙЖИХ ЯВЦ

    Yүнд:
    -Эхний сард: Санчир гарагийн нөлөөнд хүүхэд хүн дүрсээ олно.
    -Хоёр дахь сард: Бархасбадь гарагийн нөлөөнд хүч энерги олно.
    -Гурав дахь сард: Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтэний хөгжил тогтож тархи өснө.
    -Дөрөв дэх сард: Адъяа гарагийн нөлөөнд зүрхний ажиллагаа буй болж ажиллаж эхэлнэ.
    -Тав дахь сард: Сугар гарагийн нөлөөнд бүх эрхтэн дүрс хэлбэрээ олно.
    -Зургаа дахь сард: Буд гарагийн нөлөөнд нүд хөмсөг буй болно.
    -Долоо дахь сард: Сумъяа гарагийн нөлөөнд бүх эрхтэн гүйцэд хөгжинө.
    -Найм, ес дэх сард: Дахин санчир гарагийн нөлөөнд гадаад орчинтой харьцах бүх бэлтгэл нь хангагдана.
    -Хүүхэд эхийн хэвлийд есөн сар, ес хоног, есөн цаг бойжиж дуусаад эх дэлхийн хөрсөнд хүн болж мэндэлнэ.
    ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН
    Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийн
    нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
    Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно.
    Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм.
    Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай.
    Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.
    “Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг.
    Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ.
    Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ.
    Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана.
    Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм.
    Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг.
    Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.
    НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ
    Нэр бүтэн бол заяа бүтэн
    Монгол Ардын Зүйр сэцэн үг
    Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм.
    Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны  амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.
    Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.
    Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.
    Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү? гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө.
    Ёслолын эцэст хүүхдэд хандан:
    Эх эцэгтээ энэрэлтэй
    Элэг садандаа түшигтэй
    Эх орондоо гавьяатай
    Эрхэм сайн хүн болохын
    Эетэй сайхан ерөөлийг
    Энд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө.
    Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм.
    Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ.
    “Дуудах нэрийг эцэг эх
    Дуурсах нэрийг өөрөө олдог”
    “Нэр хугарахаар
    Яс хугарах”
    “Хүн нэрээ тогос өдөө”  гэх мэтээр эртнээс нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ.
    ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН
    Энэ ёсыг өөр өөрөөр нэрлэдэг заншилтай. Хүүхдийн үс авах гэдэг нь түгээмэл нэр бололтой.
    Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг байна. Эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ.
    Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.
    Нялх  үсийг авах учир
    Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.
    Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.
    Эвэр тавих ёсон
    Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.
    Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.
    Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл:
    • Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.
    • Даахь (нялх үс)-ийг  нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .
    Үс авах ёсон
    Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай.
    • Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.
    • Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.
    • Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.
    Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.
    Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.
    Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.
    Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална.
    Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг.
    Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ.
    Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна.
    Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.
    Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.
    Хүүхдийн үс (даахь) авах ерөөл
    Эрхэм хайрт танайх болбол
    Түмэн өлзий бүрдсэн
    Түгээмэл жилийн түвшин сайн өдөр өө
    Эрхэм хайртай хүүгийнхээ
    Алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоос
    Ивээл жилтэй хүнийг
    Эрхлэн залж, эрхэм олон түмнээ
    Урьдчилан хэлж, ган цагаан хайч
    Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
    Алтан хайчны амыг нээж
    Мөнх насыг нь даатгаж
    Мөнгөн хайчны амыг нээж
    Мөнх насыг нь даатган
    Ган хушуутай алтан бариултай хайчаа
    Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж
    Гарсан төрсөн насыг нь уртатгаж өргөөд
    Баруун талын шанаанаас нь эхлэж үргэхэд
    Бадамлянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт
    Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
    Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт
    Орой дээрээс нь авч үргээхэд
    Ой билэг нь хурцдаж
    Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
    Ар шилэн дээрээс нь авч үргээхэд
    Агуу хүчин төгөлдөр байгаа мэтээ
    Эрхэм хайртай хонгор хүүгийн
    Эрдэм билгийг ярихад
    Номд мэргэн, нойронд сэргэг
    Үйлэнд уран, үгэнд цэцэн
    Хуулинд шударга
    Дайнд баатар, далайд усч
    Элгээрээ энх сайхан жарган
    Төрлөөрөө төв сайхан оршиж
    Үрээ танихгүй өнөр баян
    Үрээгээ танихгүй хурдтай баян
    Суух заяа сурах эрдэм
    Баярлах наадам бахтай жаргал
    Нас сүүдрээр урт
    Найр цэнгэлээр их
    Эгүүрд номын ёсоор
    Баярын магнайгаар
    Баясан жаргахын
    Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая!
    ХҮҮХДИЙГ ХӨХНӨӨС ГАРГАХ СУДАР
    Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг.
    Yүнд:
    1.    Хулгана өдөр 22 дахь одтой
    2.    Үхэр өдөр 19 дахь одтой
    3.    Бар өдөр 24 дахь одтой 
    4.    Туулай өдөр 21 дахь одтой
    5.    Луу өдөр 19 дахь одтой
    6.    Могой өдөр 16 дахь одтой
    7.    Морь өдөр 13 дахь одтой
    8.    Хонь өдөр 10 дахь одтой
    9.    Бич өдөр 7 дахь одтой
    10.    Тахиа өдөр 4 дэх одтой
    11.    Нохой өдөр 1 дэх одтой
    12.    Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог.
    Нэг анхаарах зүйл гэвэл зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй байдаг.
    “ЭНРХИЙ” ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЗАНШИЛ
    Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ. Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэтийн амьтадын шөрмөсөөр боодог байжээ.
    Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Орос гэх зэрэг нэр өгдөг. Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг. Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм.
    ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР
    Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байв. Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм.
    ҮР ХҮҮХЭД ГУЙХ
    Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг.
    Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.
    ХҮҮХЭД ҮРЧЛЭХ ЁС
    Монголчууд гэр бүлийг бат тогтворотой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг хүүхэд өргөж авах ч гэдэг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх хагрилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам зурхайчаар өдөр цаг үзүүлж өдөр гаригийн бэлгэдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр эм хоёр үрчлүүлэх айлдаа “сүүн” бэлэгтэй очно.
    Сүүн бэлэгт заасан тодорхой хэмжээ байгаагүй. Өгөх хүмүүсийн сэтгэл , хэр чинээнээс болдог байв. Хүүхдийг авч байгаа айлд цөөн тооны мал ч тууж очдог. Говь нутагт сүүн бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн өнгө өгдөг заншил түгээмэл байв.
    Зарим нутагт хүүхэд үрчлэн авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байв.
    Үрчлэн авч байгаа эх хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж “Хүүхдээ хайрла” хэмээн гуйна. Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийдөө өлгийдөн авч явдаг.
    ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙГ ГЭРТ ОРУУЛАХ ЁСЛОЛ
    Өргөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлгэдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ зөв нар зөв нэг тойруулдаг. Гэртээ оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юмуу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачиж тогооны бариул бариулдаг. Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлгэдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулж, дараа нь ном бичиг, ногт, хазаар, уурга бариулдаг.
    Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алийг нь ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж “адис авахуулдаг” ёс үйлддэг байжээ.
    ХҮҮХДИЙН “АМ ГЭМТЭХЭД” ХИЙХ ДОМ
    Хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байв. Тэгж домнохдоо Эхэн дом, эхэн дом, эхэн дом хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай. Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч бий. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс байв. Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг.
    ХҮҮХЭД “ХӨЛСӨХӨД”-Д ХИЙХ ДОМ ШИВШЛЭГ, “ШИРГЭЛЭХ” АРГА
    Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.
    “Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
    “Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
    Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
    -Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.
    -Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.
    -Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
    -Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
    Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд “хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг.
    ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ
    1.    Гашуунаар бүү тэтгэ
    2.    Амттанаар бүү цатга
    3.    Өнгөнд бүү шунуул
    4.    Тансагт бүү умбуул
    5.    Улайг бүү үзүүл
    6.    Нойронд бүү автуул гэсэн захиасыг сэтгэлд сийлж ухаанд урлаж орхисон байна. Монгол айлд монгол хүн ийм л жаяг ёсыг сахин амьдарч, хийж бүтээж, төгс нөгчиж зуун зууныг туулжээ.
    МАН-ын баримтын төвийн архивч, магистр Т.Сайнжаргал
  • №45 Галдан бошгот

     Тэр 1678-1680 онд Дорнод Туркестан, Хами, Турфан, Зашгар, Яркенд зэрэг газар оронд довтлон, улмаар цаашлан ахисаар Сайрам, Самарканд, Бухар хотыг эзлэн авчээ. Тэр 1681 онд Тэнгэр уулын Хиргисүүдийг довтолж, цааш нь Ферганд нэвтрэн, хоёр жил орчим дайтаж, тэндэхийн нэлээд газрыг эрхшээлдээ оруулсан байна.
     Галдангийн баруун тийш хийсэн энэ аян дайны зорилго нь газар нутгаа өргөтгөх, эдийн засаг, цэргийн чадамжаа нэмэгдүүлэхэд чиглэжээ.
     Галдан бошготын зорилго нь бүх Монголчуудыг нэгтгэж, Манжийн түрэмгийлэлийн эсрэг тэмцэхэд оршиж байв2. Гэтэл тухайн үед Халхын баруун, зүүн гарын ноёд хоорондоо эвдрэлцэн, Манжийн хаан тэр хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Халхын дотоод хэрэгт хөндлөнгөөс хутган оролцож, байдлыг улам хурацатган байсан тул энэ бодлогоо тайван замаар гүйцэлдүүлэх боломжгүй байв.
     Иймд Галдан 1688 онд Халхыг байлдан эзлэхээр цэрэг авч орсон байна. Энэ үеэр Сэнгийн хүү Цэвээнравдан хэдэн зайсангийн хамт долоон мянгаад хүн авч, Зүүнгар хаант улсын нутгийн баруун өмнө тал Эрээн  хавиргад зугатаан оджээ. Галдан үүнийг мэдмэгц Цэвээнравданг  цохиулахаар хоёр мянгаад цэргээр нэхүүлсэн боловч бүтсэнгүй. Цэвээнравдан өөрийгөө Зүүнгарын хаанд өргөмжлөн, хуучин Ойрадын нутгийг захирах болжээ.
     Галдан, Цэвээнравдан нарын энэ зөрчлийг Манжийн хаан овжин ашиглаж, Цэвээнравданд тусгай элч илгээн, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, өөртөө татахыг оролдохын зэрэгцээ Галданг хөнөөхийг ятгажээ.3
    2 Д.Гонгор.”Халх товчоон”.УБ. 19670. Тал 236, Б.П.Гуревич.”Международные отношения в Центральной Азии. XVI-XVIII веков”.М_ 1979, стр 476.
    3 “Монголын түүхт хүмүүсийн тухай өгүүллүүд”. Хөх хот. 1984. Тал 249.
      Галдан Халх, Манжтай байлдаж явах хойгуур Цэвээнравдан төдий л их төвөг бэрхшээлгүйгээр Ойрадын хаант улсын гол хүн ам, газар нутгийг эрхшээлдээ оруулан, богинохон хугацаанд бэхэжсэн байна. Тэр эхэн үедээ арилжаа хийх бодлого баримталж байв. Гэтэл Манжийн хаан Галданг дарталаа түр зуур Цэвээнравдантай өнгөн дээрээ найрсаг харилцах дүр үзүүлж байсан тул Галдан бошготыг бут цохисоныхоо дараа Зүүнгар улсад дарамт үзүүлж, Хөх нуур, Турфаныг эзлэн түрэмгийлж эхэлсэн байна.
     1715 онд Цэвээнравдан цэрэг томилон, Хамийг байлдан, 1716 онд Түвэдийг эзлүүлэхээр Их Цэрэндондовт 6 000 цэрэг өгч явуулсан байна.
     Цэрэндондовын цэрэг Түвэдийг эзэлж байсан Хошууд угсааны хаан Лхавзаныг алж, Лхасыг эзлэн авчээ. Манж нар Цэвээнравдангийн цэргийн эсрэг Түвэдийг хамгаалуулахаар цэрэг илгээсэн боловч бут цохигджээ.  Цэрэндондовын цэрэг удалгүй Хөх нуурын газрын эзлэн аваад, 1719 он хүртэл тэнд суужээ.Манж нар Түвэдээс илүү Хөх нуурыг стратегийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, түүнийг алдахгүйг машид хичээж байжээ.
     Манж нар Хөх нуур, Түвэдийн хоорондын харилцааг таслах арга хэмжээ авахын хамт дахин цэрэг дайчилж, 1720 онд Баруун Зууд оруулан, Ойрадын цэргийн гол хүчийг бут цохиулан үлдсэнийг нь ухраажээ. Тэр үеэс хойш Түвэд нь Манжийн эрхшээлд орсон юм.
     1723 онд Лувсанданзан тэргүүтэй ноёд Манжийн эрхшээлээс гарч, Хөх нуур, Түвэдийн бие даасан байдлыг сэргээхийн төлөө босчээ. Гэтэл чин ван Цагаанданзан нар Манжийн талыг баримтлан, тэдний эсрэг зогсчээ. Лувсанданзан цэрэг хуримтлуулан 1723 онд Цагаанданзангийн цэргийг бут цохисонд, тэд Манжаас аврал эрэн, Цагаан хэрмийн дотор зугатаан оджээ. Лувсанданзан тэдний хойноос нь нэхэн байлдаж, Чин улсын хилийн зарим хотыг довтолсон ажээ. Хөх нуурын Шарайголчууд болон Тангуд нар бас Манжийн эсрэг босч, Лувсанданзантай нэгджээ.
     Манж нар даруйхан цэрэг дайчлан, Хөх нуурт оруулан давуу хүчээр 1723-1724 онд Лувсанданзангийн цэргийг бут цохисонд, Лувсанданзан Зүүнгарт зугатаан гарчээ.
     Манж нар тийнхүү Хөх нуурын бослогыг дарж, Түвэдийг эзлэн авсан байна.
     Манжийн түрэмгийлэгчид 1729 онд Зүүнгарыг байлдахаар Тэнгэр уул, Ховдын хоёр чиглэлээр их цэрэг хөдөлгөсөн байна. Зүүнгарын шинэ хаан Цэвээнравдангийн хүү Галданцэрэг /1727-1745/ Манжийн түрэмгийлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэхээр шийдэж, их, бага хоёр Цэрэндондовоор удирдуулсан цэргийг Ховдын чиглэлээр Фурдангийн удирдан айсуй цэргийн эсрэг 1731 онд мордуулжээ.
     Цэрэндондовын цэрэг Ховдын орчим Манжийн нэг замын цэргийг хиартал цохиод, Халхын нутагт гүн орж байлджээ. Гэвч тэднийг Манж нар таслан цохиж, ухраан нутгийн зүг зугатаалгажээ.

     
  • Н.Нагаанбуу: Итгэхүйн ухаанд суралцахгүйгээр бид урагшлахгүй Ч.ҮЛ-ОЛДОХ

    Тийм бүтээлүүд гарч байх ёстой гэж бодож би “Итгэхүйн ухаан” номоо бичсэн юм. Энэ нь итгэлзүйн ухаан гэсэн үг. Үүгээр юу судлах вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би нийгмийн сэтгэлзүй, сэтгэлзүйн ухаан гэдэгт эргэлздэг. Сэтгэлзүй гэдэг хүний темпераменттай, эмчтэй холбоотой ойлголт. Түүнийг нийгмийн янз бүрийн категориудаар судалж болохгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар нийгмийн итгэлзүйг нээгээсэй, судлаасай гэж боддог.Итгэлзүйн ухааны тухай ярихын тулд шинжлэх ухааны танин мэдүүлэх юм уу, тийм судлагдахуунтай бүтээл туурвих шаардлага байсан. Тэр тухай бичихийн тулд би өмнө нь “Монголчуудын гурвалын онол” гэдэг номоо бичсэн. Тэр ном намайг монголд төдийгүй олон улсад таниулж, нэр хүнд хайрласан. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай редакторлаж 1996-1997 онд хэвлүүлсэн юм.
    -Тэгвэл та “Гурвалын онол”-оо юунд чиглүүлэв?
    – Энэ нь дэлхий ертөнцийн онол худал байна. Идеаль мэтээр ойлгоод байгаа ин, янь буюу эсрэг тэсрэг гэсэн хоймсон онол худал байна. Тэмцэл гэдэг үг чинь ч худал байна гэдэгт чиглэсэн. Тухайлбал, тэмцэл гэдэг үг нэгдүгээр бие дээр ярьдаг үг юм. “Би энэ хэдэн хүүхдийг өсгөх гэж их тэмцсэн дээ. Энэ өвлийн зудыг давах гэж их зүтгэж, тэмцэж орлоо” гэж ярьдаг, тэгэхээр нэгдүгээр биеийн үг байгаа биз. Өнөөдөр намууд тэмцэл гэж ярьж байгаа нь энэ агуулгад таарахгүй. Тэдний үйл хэрэг бол арцалдаан, тэрсэлдээн. Нийгэмд хор учруулна, нийгмийн итгэлзүйг сэвтүүлж буруу тийш уруу татна. Итгэхүйн ухааныг ингэж шинжлэх ухааны мөн чанартай бичихийн тулд янз бүрийн категориуд байх ёстой. Бас уламжлал ч байх ёстой. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-г сөхөөд харах юм бол итгэл, итгэхүй гэдэг үг маш олон тааралдана. Сурвалжуудад ч маш олон байдаг. Ардын зүйр цэцэн үг гэхэд л “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж бий. Тэгэхээр философийн хамгийн гол чанар нь үнэнийг л хайдаг. Монголчууд язгуураасаа “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж үзэж байсан байна шүү дээ. “Итгэлээ гээснээс эдлэлээ гээ” гэж хэлсэн байна. “Итгэлээ гээвэл сүг болно, сэтгэлээ гээвэл буг болно” ч гэж ярьдаг. Монголчууд ийм ард түмэн. Гэтэл өнөөдөр бид тийм юманд зорьж байгаа гэсэн итгэл алга.
    -Тухайлбал?
    -Өөрөөр хэлбэл, монголчууд төрд итгэдэг, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Тэр мөн чанар алдагдчихсан. Өмнөх нийгэм коммунизмд бид итгэж байсан. Тэр итгэж байсан ард түмнийг хэн бүтээсэн бэ. Өнөөдөр юунд итгэж байна вэ. Энэ олон асуулт бидний өмнө гарч ирнэ. Шинжлэх ухаанд үүнийг үнэлэх үнэлэмж, харьцангуй үнэн, батлагдаагүй үнэн, үнэмлэхүй үнэн гэдэг ч тэр үнэнг бид олоогүй байна. Тиймээс “Итгэхүй ухаан” номыг гаргахын тулд итгэл, найдвар, үнэмшил гэдэг гурван үгийг ялгаж, салгаж ойлгох шаардлага гарсан.
    -Найдлага, үнэмшил хоёрын тухай жаахан тодруулна уу?
    -Найдлага гэдэг бол харьцангуй үнэн юм. Нагаанбуу ганц найдлага гээд явуултал, нөгөөх нь хоёр тавиулчихаад хүрээд ирдэг. Тэр юуг хэлж байна вэ. Үнэмшил гэдэг бол худал юмыг үнэн мэтээр ярьдаг мөн чанар. Энэ бол үнэмлэхүй үнэн. 1990 онд ардчилал гэж бөөн юм болсон, амьдрал өмнөхөөс илүү сайхан болно гэж бодсон. Өнөөдөр монголоор дүүрэн итгэлээ гээсэн сүгнүүд, архичин, ажилгүйчүүд байна. энэ категориудыг цааш яривал олон юм бий.
    -Итгэлийн гурван мөн чанарыг та хэрхэн үзэж байна?
    – Тухайлбал, гэнэн чанар байна. Энэ юуг хэлж байна гэвэл, “Өө энэ нөхөр ёстой зөв ярьж байна. Гоё хэлж байна” гээд шууд итгэдэг. Тэгвэл нөгөө нь “Энэ юу яриад байна вэ” гээд эргэлздэг. Үлдсэн зарим нь эсэргүүцдэг. Тэгэхээр нийгмийн амьдралыг болон түүнд хандах хандлагыг гэнэн, хэрсүү, хашир гэсэн гурван мөн чанараар судалж үзэх шаардлагатай. 1990 оны жагсаал, цуглаан бол гэнэн хийрхэл байсан. Социализмыг сайхан болгоно, алдаа дутагдал нь арилна гэж бодсон. Капитализмын үүд хаалгыг сөхөж ороод өнөөдрийн ээдрээтэй амьдралд хүргэнэ гэж хэн ч сэтгээгүй. Тэгж сэтгэсэн бол жагсаалд хэн ч ирэхгүй байсан. Гэнэн итгэл тэр.
    -Гэнэн итгэлийг яавал хэрсүү болгох бол?
    -Сонгуульд санал өгч буй байдал, бидний гаргаж ирж байгаа Их хурлын мөн чанар бол гэнэн итгэлийн илрэл. Чихэр боов, гоё царай зүс, сайхан амлалтад хууртсан хуурталтуудаас санаа авч хэрсүүжих ёстой. Өмнө нь Батыг гаргасан, тэр нөхөр баахан худал ярьж гоё юм амлачихаад ганц ч ирээгүй. Хороо, сум дээр ирж дарга нартай архи уучихаад явчихдаг. Одоо жаахан гайгүй шиг хүнийг сонгомоор байна. Залуухан, мэдлэгтэй, мэргэжилтэй хүнийг гаргая гэж байгаа бол хэрсүү мөн чанар. Энэ бол итгэхүйн ухааны нэлээд олон категориудаар жишээ авч ярьж болох ухагдахуун. Өөр нэг категори нь хашир мөн чанар. Өнөөдрийн монголчууд хашрах болоогүй. Ирэх 2016 оны сонгуульд бид итгэл тавьж байна. Гэтэл тэр бас л хашраагүй, тухайн үед хэн ямар сенсац дэгдээнэ, түүнд хууртана. Тиймээс нийгмийн итгэлзүйн ухааныг бүрэн хэмжээнд судлах, сурталчлах шаардлага байна. Тэгэхгүйгээр нийгэм урагшаа хөгжихгүй.
    -Итгэхүй алга болсон гэж та хэллээ. Түүний орон зайг юу эзэлж байна вэ?
    -Өнөөгийн монголчуудын ухаан санаа түвдизмээр дүүрчихэж. Өнөөдөр нэг яам нь шинэ ордны суурь тавилаа гэхэд баахан лам суулгачихсан ном уншуулж байна. Орой нь тэр ордныхоо нээлтэд зориулж бөх барилдана гэсэн чинь хэдэн нүцгэн толгойтой лам нар суучихсан боорцог тарааж байдаг. Энэ бол өнөөгийн хүмүүсийн толгойноос түвдизм салахгүй байгаагийн илрэл. Шашнаар улс гүрнийг өөд нь татдаг, түүнийг итгэл үнэмшил болгосноор мандсан түүх Монголд байхгүй. Чингисийн үед монголчууд шашингүй байсан. Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг хэн нэгэн үзэл сурталчтай, номлогчтой байдаг. Монголчууд үнэхээр төвдийн шашинд орсноор уруудсан. Богдыг хаан болгосноор бүр баларсан. Манжийн үед үзээгүй дарлалыг үзсэн. Жанрайсаг, зоо парк, Богдын ногоон ордонд алба гувчуур авч хамаг мөнгийг татсан. Энд олон баримт архивт бий. Нутаг хошуугаараа үгүйрлээ, Богд хаан минь, Хатан минь, эх дагина минь. Та хоёрын зардлыг бид дийлэхгүй байна гэсэн бичиг өргөн барьж, энд тэндгүй бослого тэмцэл өрнөж байсан. Гэтэл өнөөдөр тэр тухай ярихгүй, ярихаар үндэсний шашин гэдэг. Түүх үнэн байх ёстой. Бид үнэнийг ярих ёстой.
    -Түүх гажуудаж байгаа нь үнэн. Гэхдээ залруулж, тайлбарлаж болохгүй ямар шалтгаан байна гэж та үзэж байна?
    -Бид Өндөр гэгээн гэж магтаад байдаг. Тэр хүн тухайн үед ямар ч нэр хүндгүй байсан. Энэ түүхийг хэн ч ярихгүй, ярихаараа баастай бурхан байсан мэтээр ярьж байна. Ойрдууд Өндөр гэгээнийг эсэргүүцэж дайн хийсэн. Гэтэл халхууд түүнийг дэмжсэн байх ёстой. Тэгвэл “Халх журам”-ыг аваад үзэхээр 2.84 талд юу гэж бичсэн байна гэвэл, “Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг харанхуй мухар тийш чирсэн ялтан бүхний дээд ялтан мөн. Тэр үхвэл оршуулах газар Монголд байхгүй” гэж бий. Гэтэл өнөөдөр тэр тухай огт ярьдаггүй. Ярихаар шашнаа мууллаа гэдэг. Тиймээс өнөөдөр бидний тархи толгойд түвдизм бат оршиж байна шүү дээ. Ингээд бидний итгэлзүй алдагдсан. Нөгөөтэйгүүр, бидний тархи толгойгоор дүүрэн манжизм байна.
    -Бид Манжийн колони аль эрт дууссан гэж үздэг. Гэтэл өнөөдөр ч байна гэж үү?
    -Манжизм дуусаагүй байна. Тухайн үед, малгайд хаддаг чулуу, шувууны өдний төлөө тэмцэлдэж, хошуу нутгаа үгүйрүүлж байсан. Чин ван, гүн гэхчлэн Манжийн хаанаас цол, зэрэг авахын төлөө хошуу нутгаа худалддаг байж. Өнөөдрийн алдар цолыг хар, юу ч хийгээгүй байж гавьяат, тэргүүний болчихож байна шүү дээ. Бөхчүүд гэхэд л цол авсан гээд хошуу сумаараа ийм байр сууц, тийм жийп гээд хошуурдаг. Энэ манжизм. Алдар нэр, цол хэргэмийн хийрхэл. Дээр нь социализм, коммунизм гэхчлэн хийрхэл байсан. Үүнээс болж монголоо монголоор нь авч явах бидний ухаан эвдэрсэн. Олон изм-ээр дүүрсэн. Үзэл гээч юмаар улс орныг хөгжүүлдэггүй. Жишээ нь, коммунист үзэл гэж их ярьсан, одоо тэр нь хаана байна. 1990 онд ардчилсан үзэл гэсэн, одоо тэр нь хаана байна. Ийм учраас монголчууд үзэл гээч юмыг үгүйсгэдэг. Үзэл бол сэтгэгдлийн төдий юм. Юмс үзэгдлийн хамгийн доод төвшин буюу харьцангуй үнэнд гоё юм ярьдаг, тэр нь амьдралд батлагдаагүй зүйлүүд. Үнэмлэхүй үнэний шалгуурыг даваагүй, туйлын үнэн биш байдаг. Энэ өнөөдрийн манай нийгмийн амьдралын эмгэнэлт дүр зураг мөн. Үзсэнээ бодвоос бодол болно, бодсоноо онох аваас онол болно. Оносон юм нь ертөнцийн жам зүйд нийцвээс тэр иш болно. Гэтэл өнөөдрийн аль ч намд бүгд үзэл ярьж байгаа болохоос онол алга. Онолгүй учраас өнөөгийн улс төрийн намууд гурван бүлэглэлд хуваагдсан идэж уухын төлөө нэгдсэн сүйхээтэй найз нөхөд байна. Бидэнд итгүүлэх онол тэдэнд алга. Тэр онолыг нь итгэхүйн ухаан, ертөнцийн жам зүйгээр шалгах баримт бичиг хэнд нь ч алга. Өөрөөр хэлбэл, нийгмийн гэнэн итгэлзүйд үндэслэсэн байдалтай байна. Тиймээс би түрүүнд хэлсэн, нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар ниймгийн итгэлзүйн тухай судалж, үнэлэмж категориудаар шалгаж үзэж байгаасай гэж боддог.
    -Итгэлзүйн категориу¬даар нийгмээ тольдвол ямар дүр зураг харагдаж байна вэ?
    -Тухайлбал, нийгмийн итгэлзүйн гаргалгаагаар нийгмийн хөгжил гэж байх ёсгүй. Хөгжил гэдгийг зөвхөн хүн дээр ярьдаг. Хүний хөгжил гэж ярьдаг нь зөв. Хөгжөөнтэй байх, хөгжилтэй, цэнгэлтэй байх тухай утга юм. 1990 оноос хойш хүний хөгжил газарт унасан. Түүнээс өмнө бүг ажилтай, орлоготой. Түүнийхээ төлөө санаа зовсон байдалтай байсан. Бүгд цалинтай, орлоготой байсан учраас балан цулан болгоогүй ч хүүхдүүдээ тэжээж, өрх гэрүүд сайхан байсан. Өнөөдрийн нийгэм дэх гэр бүлүүд арцалдаан, зөрчлөөр дүүрэн. Миний аав, ээж унхиагүй, тэдний хүүхэд тийм юм эдэлж байхад би ийм байна. Ээжтэйгээ ингэж хэрэлдлээ, аавтайгаа тэгж муудалцлаа гэж ярьж байна шүү дээ. Нийгэм дээр ярих зүйл бол дэвшил ахиц, бууралт ухралт. Байгальд дэгжил гэж ярьдаг. Энэ дотор нөгөө л итгэлзүйд хэрэгтэй категориуд маань явж байдаг. Жишээ нь, өмчийн тухай ярихад хүнд гурван өмч байсны эхнийх нь хүний амь. Хоёр дахь нь ухаан. Доржийн ухаан гэхэд тэр хүнд л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр хүнд төрсөн бодол өөрт нь л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр бичих зүйл тухайн зохиолчид л байна уу гэхээс өөр хэн ч бичиж чадахгүй. Тэгэхээр хүн болгон өөрийн гайхамшигтай, мөн чанартай. Хүний гуравдахь мөн чанар нь удам. Хүн удмаа их боддог. Миний ач зээ ингэж байна, хүүгээ ийм чиглэлд сургая, охиноо ингэж сургахсан гэж ярьдаг. Тэгэхээр монголчудын өмч идеаль байсан, тэр нь амь, ухаан, удам. Гурвалын онолоор энэ нь амь, ахуй, ухамсар. Удам гэдэг нь эс, цус, яс. Энэ нь монголчуудын үндсэн өмч. Өнөөдөр үүнийгээ мэдэхгүй, хий юм ярьж яваа нь харамсалтай.
    -Өнөөдрийн өмчийн тухай та юу хэлэх вэ?
    -Өмч гэхээр тухайн хүн шуналаа нэгдүгээрт тавьчихаад эсээ, цусаа, ясаа огт тоохгүй яваад байгаад учир байна. Муу бодол, өөрт нь чиглэсэн хэл ам аль хэдийнэ тухайн хүнийг хүн биш болгосон байдаг. Өөрөө өөрийгөө буянтай гэж бодоод, үр хүүхэд нь тагсагладаг. Гэтэл мөн чанарыг аваад үзвэл, таван үе баян явсан хүн байдаггүй. Дуусах, уусах нь хэнд ч бий. Энэ мөнгөнд итгэсний, өмчийг шүтсэний уршиг. Өндөр байшинд хэчнээн амьдарлаа ч, үхэх цагт тэндээс гаргаж хаяна шүү дээ. Тэнд мөнх амьдрахгүй. Мөнгөнд итгэсэн амьдрал бол гутамшиг. Монголчууд хэлдэг шүү дээ, эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, эцсийн баян эд хөрөнгө. Энэ үгийг эцэг өвгөд эрт хэлж, бидэнд итгүүлсэн. Харин сүүлийн үеийнхэн итгэхээ больсон нь учир дутагдалтай.
    -Сүүлийн үед хүмүүс шашин руу ихээхэн тэмүүлэх болсон. Энэ зөв үү?
    -Бидний олонх нь шашинд итгэдэг. Шашин гэтэл горьдлого л дардаг. Өнөөдөр ах дүүсээс нь диваажинд очоод сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хулгайч, танхай этгээд тамд очоод муу яваа сураг байна уу. Шашин хүнийг сүнс гээч юмаар айлгадаг. Сүнс эрт балар цагийн хүмүүсийн уран сэтгэмж болохоос бодит байдалд байдаггүй. Жишээ нь, Н.Сарандаваа гэдэг хүн сүнс яриад, түрийвчээ гаргаж даллаад мөнгө орж ирнэ гэж байна. Тэр худал, залилангийн сүлжээ. Аура гэрлэн бүрхүүл гээд ярьдаг. Тэр ч бас худал, тусгай зохиосон программ. Шинжлэх ухаанаас илүү шуналын сүлжээ тэнд яваад байна. Буддизм мөн адил. Лам нар тариф тавьчихаад ном уншдаг. Гэтэл буддагийн философи байхгүй болчихсон шүү дээ. Зонхов Лувсандагва гэдэг хүний сургаалийн шүлгийг бидэнд ойлгуулдаг гэгээрэл байхгүй болсон. Төвд хэлээр ном уншлаа гээд бид юу ч ойлгохгүй, уг нь түүний цаана сургаалийн шүлэг байсныг бидэнд хэлж ойлгуулаагүй учраас тэр. Тэгэхээр мухар сүсэг дахин дэлгэрсэн, тэр нь 1930-аад оныхтой яг адилхан. Тэр бол бидний итгэх үнэн биш.
    -Итгэхүй ухааны тухай энэ гаргалгаануудыг та ямар эх сурвалжуудаас олж үзэж судлав?
    -Энэ бүхнийг би өөр ном, эх сурвалжуудаас олоогүй. Өвгөдийн сургааль, өрийн эргэцүүлэл, хэдэн жил сууж бичсэн зүйлүүд, шавь нарын маань тус дэм энд шингэсэн.

  • zone.mn сайтын сурвалжлагч Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа .

    байгууллага идэвхтэй ажиллаж, монгол хүний оюун санааг эзэмших, улмаар талцуулах үйл явц эрчимжлээ. Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн хорин жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж ирлээ. Монголыг монголоор нь авч үлдэх аугаа их ухааныг манай өвөг дээдэс бидэнд уламжлан үлдээжээ. Тэр бол мөнх тэнгэрийн шүтлэг юм. Мөнх тэнгэрийн шүтлэг бол шашнаас дээгүүр зүйл. Тиймээс их эзэн Чингис хаан мөнх тэнгэрийг шүтсэнээр монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их хүчнийг бий болгож чадсан. Чингис хаан бүх шашныг ижил түвшинд хүндэтгэн үзсээр ирсэн. Мөнх тэнгэрийг шүтсэнээр монгол хүн үндэсний үзлээ илүү сайн ойлгож, монгол уг удмын гайхамшигтайгаа учирч, Монголоороо бахархах, монгол эрчмээр эрч хүчээ авч, монгол омогшлыг мэдэрнэ.

    -Бусад орны бөө нараас монгол бөө юугаараа ялгаатай вэ?
    -Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигтай соёлын өв уламжлал юм. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, төрийн түвшинд хүндлэгдэж, дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтэгдэж ирсэн Бөөгийн түүх манайхаас өөр хаана ч байхгүй, хаанаас ч олохгүй.

    -Бөөгийн түүхэнд Чингис хаан их үүрэг гүйцэтгэсэн үү?
    -Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөө үетэй золгосон нь үнэн. Бөө шүтлэгийг Хүннүгийн үеээс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлж байлаа. Чингис хааны үед монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөнхтэнгэрийн шүтлэг нь амьдарч ирсэн байгаль дэлхий, эцэг, өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их Монгол гүрэн, үндэсний үзэл бүгд уялдаа холбоотой. Мөнхтэнгэрийг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан юм. Монголчууд нь түүхийн олон зуун жилийн турш харийн гүрэнд эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдрийг хүрч иржээ.

    -Монголчуудын оюун санаанд бөөгийн гүйцэтгэсэн үүрэг их үү?
    -Монголчуудын түүхэнд бөөгийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Цаашид энэ чиглэлээр судлаж хийх ажил зөндөө байна. Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудыг язгуур шүтлэгээс нь салгахаас ажлаа эхэлсэн байдаг. Тусгайлан бэлтгэсэн харийн шашныг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцлээс үүссэн хагарлыг ашигласан юм. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашинд шингээсэн. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгасан. Бөөгийн зан үйл үйлдсэн хүнийг гол амжиргаа болсон малаар нь торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байлаа. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдаж, гурван зуун жилийг өнгөрүүллээ. Өнөөдөр үүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхаглаад байна. Бид өөрсдийн шүтлэгээ харийн нүдээр харах болтлоо өөрчлөгдлөө. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Сүүлийн зуун жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алджээ. Энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь тэнгэрийн зан үйлээр үйлчилснийхээ төлөө буруутгагдаж, олон жилийг шоронд өнгөрөөсөн юм.

    -Өнөөдөр Бөөгийн нийгмийн үнэлэмж ямар байна?
    -Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр тутамд тус дэм үзүүлдэг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг тэд үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй. Бөөгийн жинхэнэ нэр хүндийг бөөгийн зан үйлээ уламжлалаар нь хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Зарим нь тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.

    -Монгол бөөгийн нэгдсэн эвлэл хэдийд байгуулагдав?
    -Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтнүүд өнгөрсөн жил хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн. Анхлан МБНЭ-д бөөгийн нийгэмлэг, төв, академи, холбоо зэрэг 60 гаруй байгууллага оролцож байсан, өнөөдөр бөөгийн бараг бүх байгуулага нэгдээд байна. Өнөөдөр бид сууж ажиллах байргүй, өөрийн гэх өмчгүй, бүх зүйлийг эхнээс нь эхлэж байна. Бидэнд зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй, Монгол улсын толгой уул гэгддэг Баян-Өлгий аймагт байдаг Жаргалант хайрханы тахилгад 600 гаруй, Монгол туургатны их тахилгад 3000 гаруй бөө, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл юм. Энэ намар Монголын Хөл уулын Их тахилга өвөг дээдсийн уухайн дуу, морьдын туурайг хөрсөн дээр нь тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болно. Эдгээр их үйлийг бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Нэг жилийн дотор олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадлаа. Бөө нар нэгдэж чадахгүй, хоорондоо таардаггүй гэнэ лээ, нэгдсэн ч удахгүй тарна гэж оношлож байсан үе бий. Монголчуудыг нэгдэж чадахгүй, хамтарч ажиллаж чадахгүй гэсэн үгийн цаана монголчуудыг нэгдэж хүчирхэгжихээс айж зүрх нь чичирсэн харийнхны санаа нуугдаж байдаг юм. Бидний тараах гэсэн, бутраах гэсэн оролдлого ч гарч байсан. Бөө нар бол Мөнх тэнгэрийн Улаач нар төдийгүй Их монгол Улс, Эзэн Чингис хааныхаа ариун сургаалыг түгээгч, Монгол үндэсний үзэл, Монгол генийн уг уламжлалыг үргэлжлүүлэгч, Монгол бахархал, Монгол омогшил, Монгол огшлыг биеэр үлгэрлэгчид билээ.Түүх бидэнд ийм өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэд даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах тэргүүлэгч үүргийг хүлээж байна. Бид өнгөрсөн хорин жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрч ирсэн бөөгийн нэгдлүүдийн түүхийг давтахыг хүссэнгүй. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Монголын бүх аймагт салбараа байгуулжээ. Ийм хэмжээнд ажилласан Монгол Бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Мөн орон нутагт МБНЭ-ийн салбарыг байгуулж, идэвхтэй ажиллаж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Г.Гэрэлтуяа, Зайран П.Ганболд нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургаал, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.

    -Та Бөө нар л Монголоо Монголоор нь авч үлдэхэд гол үүрэгтэй гэх гээд байна уу?
    -Яахав, Бөөгийн нэрийг ашиглан хувьдаа өндөр алдарт хүрсэн, бөөгийн нэрээр бизнес хийж ашиг олсон хүмүүс бий нь ч бий. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя. Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга байна. Төрөөс үнэлэх нь тун ховор байдаг. Тиймээс энэ байдлыг зарим хүмүүс овжин ашиглаж, янз бүрийн цол, нэрийг бий болгож, түүнийгээ худалдан ашиглаж байна. Ганц хүний үзэмжээр олгодог, янз бүрийн хуурамч цол, элдэв тэмдэг, “хуурамч” доктор цол авахаас татгалзая. Ийм хуурамч алдар цол нь өнөөдөр хэн ч мэдээгүй үедээ хэрэгтэй юм шиг санагдаж байж магадгүй, маргааш олон түмэн мэдээд ирэхээр нүүр хийх газаргүй “онигоо” болно. Бидний хамгийн эрхэм зорилт бол өвөг дээдсээс уламжлагдан хадгалж ирсэн онгон байгалиа хамгаалах явдал юм. Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул ус түүний лус савдгийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь аугаа их юм. Даяаршлын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай Өвөг дээдсээс минь онгон дагшнаар хадгалж ирсэн нутаг лиценз нэртэй алга дарам цаасаар харийнхны эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэгдэж байна. Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харь сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм.

    -Үнэхээр сүүлийн үед хуурамч бөө олон болжээ, тэднийг яах вэ?
    -Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ. Бөөгийн гэх гэмт хэрэг ч бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах боллоо. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцүүлж, бөө нар нийтээрээ мөрдөж эхэллээ. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулахад сэтгэл зүтгэл гаргаж ажилласан Зайран Б.Батсайхан, Д.Одонхүү нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Бид хэлэлцэж гаргасан “Монгол бөөгийн ёс зүй”-гээ олон түмэнд сурталчлах, хэрэгжүүлэхэд МБНЭ-ийн гишүүд дэмжигчид манлайлан оройлж оролцох ёстой. Монголын бөө нарын хувьд дотооддоо хийж цэгцлэх ажил их бий. МБНЭ байгуулагдсанаас хойш Бөө нэрийг зээлдэн гэмт хэрэг хийгсдийн тоо эрс багассан. Харин залилан хийгсэд улам нууц байдалд орж, арга нь нарийсч байна. Тэнгэрийн үйлээр тоглох эрх хэнд ч байхгүй бөгөөд ийм хүмүүст тэнгэрээс өгөх гэсгээл туйлын хатуу байх болно. Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан “Тэнгэрийн Улаач” нартаа нэгдсэн журмаар алдар нэр, цол олгохоор боллоо. Энэ цолыг МБНЭ-д нэгдсэн бүх байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаа тул МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэцийн гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байх болно. Манай иргэд, шүтэгч нар ийм батламжтай, цолтой “Тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлж байх нь зүйтэй. Бид МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бидний хамтарч ажиллаж сурч байгаагийн илэрхийлэл бол хуралдаан бөгөөд хамтын шийдвэр, бодлого бол бидний эцсийн шийдвэр, манай гишүүдийн хэрэгжүүлэх ёстой даалгавар болж байна. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.

    – Дэлхийн бусад орны бөө нартай харилцаа ямар түвшинд байна?
    -Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан. Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллан Монголд түүний нэрийг зээлдэн залилан хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоолоо. ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавилаа. ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн, Өвөр монгол, Японы эрдэмтэн, Өмнөд Солонгос, Канад, АНУ-ын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо. Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал юм. Манай МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн ОХУ-ын буриадын бөө нартай хамтарч ажиллах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Э.Буянбадрах Дэлхийн байгаль хамгаалагчдын Их хуралд төлөөлөгчөөр оролцсон.

    -Та өөрөө бас бөө болсон хүн үү?
    Би бол Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол хүн. “Тэнгэрийн улаач” биш гэдгээр бөөгийн байгууллагыг удирдах ёсгүй гэж зарим нэг нь ярьдаг юм. Бөөг шүтлэгтнүүдээс салгаж авч үзэх боломжгүй. Бидэнд ярих, шүүмжлэхээс илүүтэй хамтран зүтгэж, хийж ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Ярьдаг нь хэт олон, хийдэг нь цөөнх байна. “Улаач нар”, шүтлэгтэн гэж ангилж зааглаж ажиллах нь өнөө цагт тохирохгүй зүйл, явцуу үзэл. Бид нэгдэж хамтарч байж хөгжинө гэж үздэг. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл mongolianshaman.com сайтаар зочлоорой.

    Ярилцсан: Б.Отгонбаяр.2013 он

  • Чинагийн Галсан: Би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарина

     

    -Дэлхий дээр их олон мод тарь¬сан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шаг¬налт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө бурханы орон руу явсан. Тэр хүн Африк тивд 35 сая мод тарьж үлдээ¬с¬эн байгаа юм. Миний хувьд анх сая мод тари¬на гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их том амлалт байсан л даа. Манайхан Улаан-баатар хотын эргэн тойронд, байс¬хийгээд мод тарьдаг. Миний мэдэ¬хийн нийслэлийн ойрол-цоо Зуун мод нэртэй дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой. Тэдгээр моднууд зун цэцэглэ¬сэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж харагд¬даг. Харин мод ихтэй европ тивийн-хэн бид¬ний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ ойлгол¬тоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийн¬хөө хөрөнгөөр эх орон¬доо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй.
    -Тэр олон модоо хаана тарь¬сан бэ. Хамгийн олон нь хаана ургаж байгаа вэ?
    -Өөрийнхөө төрж өссөн нутаг болох Баян-Өлгий айм¬гийн Цэнгэл сум, Улаан¬баатар хотын эргэн тойронд нэлээд олон мод тарьсан. Анх Тэрэлжид мод тарьж байлаа. Дараа нь нийслэл дэх цэр¬гийн ангиудыг ногооруулсан. Цэргийн хуаран гэхээр л саарал байх ёстой мэтээр манай нөхдүүд төсөөлдөг.
    Цэргийн хуран¬даа нартай би ном хаялцсан. Тэд энд “Хуарангаа ногооруу¬лаач” гэхээр “Хуаранд мод тариад яадаг юм” гэдэг байсан. Харин одоо тэдний энэ бодол өөрчлөгд¬сөн. Цэргийн болон ангийн захи¬рагчид “Галсан гуай хэдэн мод өгөөч ээ” гэцгээдэг боллоо.
    Тарьсан моднуудын маань хам¬гийн олон нь нийс¬лэлээс 50 км-ийн зайд, Таван толгой гэдэг газар ургаж бай¬гаа. Тэнд манайхан “Хааны эрэлд” гэж цэргийн сур¬гуульд гадныхантай нийлж, цэр¬гийн бэлтгэл сургууль хийдэг. Цэргийн энэ сургуулилтад оролц¬сон цэргүүдийг амра¬хад нь зориулж “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн” бай¬гуулж байна. Энэ хүрээлэнд 200 мянга шахам мод тарилаа.
    -Таныг мод, суулгац худал¬даж авахдаа гар татдаггүй гэх юм. Мод тарих ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна?
    -Би мод, суулгацыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Үүнийг зарим хүмүүс ойлго¬дог-гүй юм. Үнийн хувьд мэ¬дээж өөр өөр. Мод, суулгацаа хамгийн багадаа мянга, дээд тал нь 20-30 мянган төгрө¬гөөр худалдаж авдаг. Авсан модоо заримдаа хүмүүст, байгууллагуу¬дад үнэгүй өгчих¬дөг. Монголын газар нутагт л ургах юм хойно тэр модыг хэн ч авсан хамаагүй шүү дээ. Би ой үржүүлгийн хоёр ч газартай. Нэг нь Улаанбаатар хотод, нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа.
    Манайхан нэг хэсэг Улаан¬¬баа¬та¬рыг ногооруулж байна гээд 22-ын товчооноос Амгалан хүртэлх замд том том мод авчирч суулга¬сан. Анх тэр модыг суулгаж бай¬хад “Дөрвөн жилийн дараа энэ мод¬нууд чинь үхнэ” гэж би хэлсэн. Учир нь би мод тарих аргыг мэргэжлийн хэмжээнд судаллаа. Монгол Улс малын, халаасны хулгайтай тэмц¬дэг хэрнээ байгалийн хулгайчдыг бараг шийтгэлгүй шахам өнгөрүүл¬дөг. Энэ нь УИХ-ын гишүүдтэй хамаатай гэж боддог.

    -Яагаад?

    -Тэд чинь хувийн нэг бус компа¬ни¬тай. Зарим нь хувь¬даа 10-20 компанитай байх¬гүй юу. Өнөө компаниа өөд нь татахын тулд Хэнтийн хөв¬чөөс 30-50 жил урга¬сан модыг хулгайлж, хүчтэй техни¬кээр ачиж бизнес болгочихсон байна. Ингээд нийслэлийг ногоо¬руулах нэрээр тендер авч, хулгайн юмаа хийдэг. Ийм аргаар суулга¬сан мод сайндаа л таван жил ургаад үхдэг. Харин би ийм замаар мод тарьдаггүй. Тиймээс надад бусдын адил хүнд харуулах 30-40 метрийн өндөр¬тэй ногоон мод байх¬гүй. Миний тарьсан модны хамгийн өндөр нь одоо 3-4 метр хүрч байгаа. Үнэндээ нэг зүйлийг бодохоор миний уур хүрдэг.
    -Уурыг тань хүргэдэг тэр зүйл юу болохыг асуумаар байна?
    -Монголд нэрд гарч, өөрсдий¬гөө одууд гэж ярьдаг хүмүүс цөөн¬гүй болж. Тэднээс ялгарах зүйл нь гэвэл би авдаг биш, өгдөг од нь байгаа юм. Надад энэ төр засгаас өгсөн юу ч байдаггүй. Намайг Төрийн шагнал, Хөдөлмө¬рийн баатарт ч нэр дэвшүүл¬сэн. Тува¬чууд бид эх хэлээ хаяагүй. Одоо ч эх хэлээрээ ярьдаг. Тиймээс л төр засагт таалагддаггүй байх л даа. Би чинь 1977 онд Ю.Цэдэнбал дар¬гаас банга хүртсэн. Тэр хүн Улс төрийн товчооны бүх гишүүдийн өмнө надад “Мон¬голд нэг ч тува байхгүй шүү. Үүнийг чи мэдэж яваарай” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл би юу юм бэ” гэж асуухад “Чи бол урианхай” гэсэн юм. Би “Урианхай чинь монгол хэлтэй, бид нар бол тувачууд. Бид турк хэлтэй” гэсэн.
    -Таныг Монгол дахь хамгийн олон тэмээтэй хүн гэх юм билээ. Та хэдэн тэмээтэй вэ?

    -Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа. Одоогоос 18 жилийн өмнө төгрөгийг одоогийнхтой харь¬цуулахад чанга байсан шүү дээ. Тэр үед би хоёр гурилын шуудайгаар дүүрэн нийт 40 сая төгрөгөнд тэмээ худалдаж авахаар говиор явж байлаа. Намайг очи¬хоос өмнө тэмээ 15-20 мянган төгрөгийн үнэтэй байсан гэсэн. Гэтэл 500 тэмээ худал¬даж авах миний сургаар мал¬чид ганц шөнийн дотор тэмээ¬ний үнийг гурав дахин өсгөж, 60 мянга болго¬сон. Тэгэхэд надад хохиролтой байсан ч одоо бодоход тэмээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Надад 130 гаруй тэмээ бий. Одоо миний төр¬сөн нутаг болох Баян-Өлгий айм¬гийн Цэнгэл суманд үржиж байгаа. Үр төлийнхөө заримыг Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумын зааг нутагт амьдардаг малчин н.Уатханыд аваачсан.

    -Тэгвэл жилд хэдэн төг¬рөгийг мод тарихад зар¬цуулдаг вэ?
    -Одоо бол жилд 50-60 сая төгрөгийг мод тарих ажилд зарцуулдаг.
    -Та ямар нэгэн бизнес эрхэл¬дэг үү. Зөвхөн нэг жилд 60 сая төгрөгийг мод тарихад зарцуул¬даг гэхээр таны орлого их өндөр байх нь ээ?
    -Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Кана¬дад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүү-дийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн бай¬гаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм.
    -Таны гаргасан номнууд хам¬гийн эрэлттэй нь байдаг гэж дуул¬сан. Ингэхэд ямар бүтээл тань таныг алдар¬шуул¬сан гэж боддог вэ?
    -“Аянгат цагийн тууж” маань намайг олонд таниул¬сан. Дээр нь дэлхийн уран зохиолтой намайг ойртуул¬сан гэж боддог.
    -Та нэг хэсэг Монголд бороо оруулах тусгай төхөөрөмж бүтээх гэж ажилласан байх аа?

    -Тийм ээ. Бороо оруулах төхөө¬рөмж зохиох гэж 50 сая төгрөг зарцуулсан. Алжи¬рийн Мачид Абделасис? гэж НҮБ-д бүртгэлтэй, дэлхийд танигдсан том эрдэмтнийг хоёр жилийн өмнө Монголд ирүүл¬сэн. Уг нь тэр хүн надад зүгээр явж өгөх хүн биш л дээ. Сахарын цөлийг ногооруулс¬наа¬раа дэл¬хийд танигдсан энэ хүнийг Монголд цагийн 100 еврогоор хөлсөлж, 14 хоног байлгалаа. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд уг төхөө¬рөм¬жөө ашиг¬лал¬тад оруулсан. Өнгөрсөн жил уг төхөөрөмжөө Хатадын ам гэж өөрийнхөө амьдар¬даг газарт байрлууллаа. Сүү¬лийн жилүүдэд зундаа бороо хур ихтэй байсан биз дээ. Ингээд ярихаар намайг инээдэмтэй болгодог, муу¬чил¬даг улсууд “Энэ галзуурчээ. Тэнгэрийн бороог би оруул-лаа” гэж ярилаа гэх байх. Ямар ч байсан би бороо ороход хувь нэмрээ оруул¬сан. Тухайн төхөөрөмж маань ассан үедээ тэнгэрийн бүх тортогийг сордог. Төхөөрөм¬жөө ойрын таван жил ажил¬луул¬на. Энэ хугацаанд Мон¬го¬лын газар нутаг зохих чийгээ авна.

    -Та хамгийн сүүлд ямар ном бичсэн бэ?
    -Монгол хэл дээр гарсан миний хамгийн сүүлийн ном “Тэнгэрийн зүүд” нэртэй. Сүүлд бичсэн гурван роман маань маш том шуугиан дэг¬дээ¬сэн. Нэг нь нөгөөгөөсөө давсан роман бичсэн л дээ. Би нийтдээ арван роман бичлээ. Одоо надад дахиж ном бичихэд бэрх байна. Бич-вэл өмнөхөөсөө давсан ном л байх учиртай байгаа юм. Харин одоо нүүдэлчин амьдралын сурах бичгийн тухай ном гаргахаар юмаа цуглуулж байна. Яагаад ийм ном бичихээр болсон бэ гэвэл, бид чинь их сонин амьдралаар амьдар¬сан. Намайг жаахан байхад тува хүүхэд болгон хатсан хус барьж явдаг байлаа. Энэ нь тухайн үед галзуу өвчин дэлгэрсэнтэй холбоо¬той. Галзуу чоно, нохой дайраад ирэхэд нөгөө хатсан хусыг ам руу нь хийж, тулахаар гараа сугалж ав гэж хөгшчүүл зааж сургадаг байсан юм. Азаар би галзуу чоно, нохой¬той таа¬раа¬гүй. Энэ мэтчилэн бид¬ний багад зааж сургасан, үеийн үед дамжиж ирсэн тэр юмыг л сурах бичиг маягаар, шог байдал оруулж бичиж байна.
    -Таныхаар Монголын утга зохиолын өнөөдрийн өнгө төрх ямар байгаа бол?

    -Монголын уран зохио¬лыг муу гэж байгаа юм биш. Гэвч жаахан гэнэн хүүхэд шиг байдаг байхгүй юу. Монгол гэдэг бол дэлхийн шилдэг үндэстэн гээд л хаана л олиг¬той юм байна бүгдийг Мон¬го묬той хамааруулж, магтдаг. Үүнийг гадныхан уншаад “Бичсэн юмыг нь” гээд инээм¬сэг¬лээд өнгөрдөг. Үнэндээ манай зохиолчдын гарга¬даг хамгийн том алдаа нь, ном гаргах өвчин туссан юм шиг бичээд л байдаг. Номын хэнээ¬тэй болж, нэр төр хөө¬цөл¬дөж, нэг их олон номтой болох гэж улайрдаг. Миний хувьд тийм олон номтой болохыг хүсдэггүй.

    Энэ нэг зүйлийг хэлэхэд, манай¬хан их дардайх, өөрий¬гөө хэт үнэлдэг байдлаас одоо салах хэрэгтэй. Чингэс хаанаа март гэж хэлэх нь хаашаа юм. Чингэс хаанаа зөв үнэлж, хүмүүсийн айдсыг тайлж, тэдний сэтгэлээс айдас хардлагыг угаах хэрэг¬тэй. Чингэс чинь Гитлер шиг алуурчин байгаа¬гүй шүү дээ. Би Чингэсийн талаар бүхэл бүтэн роман бичсэн боло¬хоор юу нэмж хэлэх вэ. Мон¬гол¬чууд энэ байдлаараа бай¬вал хэцүү. Чингэс дахин ами¬лаад ирлээ гэж бодоход бүгд толгойгоо авахуулж мэднэ. Учир нь Чингэсийн нэрээр улс төр, бизнес хийдэг хүмүүс олширсон. Сүхбаа¬та¬рын хөшөөг хүртэл Чингэсийн талбай болголоо. Түүх бол тэр үедээ үнэн байдаг. Евро¬пын хаа¬дын хөшөө байж л байгаа. Бат-Үүл утаа арил¬га¬на гэж хотын дарга болчи¬хоод, Ленин, Сүхбаатарын хөшөө рүү довтлох ямар хэрэг байна. Сүхбаатарын талбай гээд нэрлээд олон жил болсон ард түмэн Улаанбаатарыг Сүхбаата¬рын талбайгаар л төсөөлдөг. Гэтэл Чингэсийн талбай болгож, нэг аймгийг Чингэс хот болгох хэрэг байна уу. Ганцхан нисэх буудлаа ч гэсэн Чингэсээр овоглочихсон.
    -Германд олон жил бай¬сан хүний хувьд үндэсний утга зохиол, Монголын зохиолч-дыг гадагшаа гар¬гах, танилцуулах тал дээр хэр их юм хийв?
    -Түдэв гуайн “Хорвоотой та¬нилц¬сан түүх” гэдэг номыг герман хэлээр орчуулж, хэв-лүүл¬сэн. Энэ бол Монголын утга зохиолд оруул¬сан миний хувь нэмэр.

    -Ингэхэд та яаж яваад Герман улстай амьдралаа холбосон бэ?
    -Энэ бол хувь заяа. Би Герман улстай холбогдоод 52 жил өнгөр¬чээ. Энэ тухай роман ч бичсэн. Нэг ёсондоо өөртөө шалгалт өгч байгаа хэрэг л дээ. \
    -Хараад байхад та ган¬цаа¬раа байгаад байх шиг санагддаг. Та Монголын зохиолчидтой хэр холбоо¬той ажилладаг вэ?
    -Уг нь зохиолч найзууд бий. Харин зохиолчдын хороо¬той бараг холбоогүй байдаг. Намайг ч гэсэн нэг их уриад байдаггүй. Би Монго¬лын зохиолчдын хороонд гурван ч удаа хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Гэтэл “таны хувийн хэргийн хавтас хоосон байна” гэдэг. “Юу яриад бай¬на” гээд очихоор бүгдийг нь устгачихсан байдаг юм. Энэ бол атаархал. Намайг Нобе¬лийн шаг¬нал авах хүн гэж дэлхий дахин шуугисан. Харам¬салтай нь намайг Нобе¬лийн шагналд дэвшүү¬лээд өгөх Засаг төр ард минь байхгүй. Тийм учраас би дэл сул явж байна даа. Гэхдээ би үүнд гудайдаггүй. Би мөнгийг модоор сэтгэдэг. Европоор хэсч, уулзалт хийгээд явж байхдаа орой нь зочид буу¬дал¬даа ирээд олсон хэдэн цаасаа тоолдог. Мөнгөө тоолоод 80 мод, 100 мод, 500 мод гэж хашгирдаг. Нэг модыг 10 еврогоор боддог. Ингэж л өөрийгөө зоригжуулдаг.

    -Үр хүүхдүүдээс тань таны зам мөрийг хөөсөн нь бий юу?
    ]-Би дөрвөн хүүхэд, есөн ачтай. Хоёр хүүхдэдээ өөрийн¬хөө эдлэн газартаа хоёр хаус барьж өглөө. Өөрөө ч гэсэн хаустай. Гурав дахь хүү маань ууланд даяан хийгээд, бясалгаад сууж бай¬на. Шадивлан¬гийн уулын оройд том чулуун хашаа бий. Тэр газрыг би худалдаж авсан. Дээр үед тэнд эртний Монго¬лын сүм хийд байсан юм. Бага хүү маань миний үйлийг үргэлжлүүлж яваа. “Чинагийн Галсан сан”-гийн гүйцэтгэх захирал. Одоо Мон¬голд герман хэлээр радио нэвтрүүлэг хийдэг.
    Ч.АННА