Category: Гадаад харилцаа, мэдээлэл

  • БУРИАДУУД ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Өнгөрсөн жил МБНЭ-ийн хамт олон 2 удаа буриад олныг зорин очсон билээ. Эхний явалт нь Байгаль нуурын эрэг дээр хамтарсан тахилга байсан билээ. Манай залуучууд гол үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь бух ноёны онгодод залбирсан.
    Өнгөрсөн жил Улаан-Үд хотод нээгдсэн Бөөгийн сүмийн нээлтийн ажиллагаанд оролцсон билээ. Олон сайхан улаач нартай танилцсан, баярт үйл явдал байлаа. Буриадын соёл шашины асуудал эрхэлсэн төлөөлөлтөй уулзалт хийсэн.
    Байгаль нуурын Ольхан арал дээр хийсэн Сибирийн түймэр унтраах тахилгад МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хамтарсан үйл ажиллагаа явагдсан.
    Энэ жилийн хувьд дэлхийг хамарсан өвчин гарч хил хаагдсан. Гэлээ ч хаа байгаа газартаа монгол туургатангууд Мөнх хөх тэнгэртээ залбиран тахилгаа хийдэг. Энэ удаа манай нэртэй зүтгэлтэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто Байгаль нуурын Ольхоны Бөөгийн аралд хамтран зүтгэгч нарын хамт тахилгаа хийжээ. Бидний бахархал болсон Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто, тулмааш Балжима хоёртоо талархал илэрхийлж байна.

    djmedia:284
  • Хүн төрөлхтний гараар бүтээгдсэн 10 гайхамшиг

    Эйфелийн цамхаг
    •
    Эйфелийн цамхаг (фр. Tour Eiffel) буюу Төмөр Хатагтай (La Dame de Fer) нь өнөөгийн Парисын хамгийн том доминант бөгөөд түүнийг зохиогч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. 300м гаруй өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м.
    Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5 дугаар сарын 6-нд баригдаж дуусчээ.
    Цагаан хэрэм
    •
    Цагаан хэрэм гэдэгт НЭӨ 5 дугаар зуунаас, НЭ 16 дугаар зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид бэхлэлтийг хамтатган ойлгох юм.
    Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ. Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн, Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил зогсож харин хамгийн сүүлчийн Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.
    Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ. Эртний судлалын бүх талын судалгаануудаар болбол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.
    Кремль
    •
    Кремль нь Москва хотын төвд орших өндөр хэрмэн цайзтай цогцолбор бөгөөд өмнө талд нь Москва гол, зүүн талд Гэгээн Василийн цогчин дуган, Улаан талбай, баруун талд нь Александрын цэцэрлэгт хүрээлэн оршино. Кремль нь нийтдээ 5 ордон, 4 цогчин дуган, хэрмэн хана, цамхагуудаас бүрдэнэ. Тус цогцолборт орших Их Кремль ордон нь Оросын эзэнт гүрний хаадын Москва хот дахь албан ёсны ордон байсан бөгөөд одоо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ордон мөн түүнчлэн музейн зориулалтаар ашиглах болсон. Зөвлөлт Холбоот Улсын үед Кремль гэдэг нь тус улсын засгийн газрыг нэрлэх тогтсон хэллэг болсон. Кремль нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд багтсан түүхэн байгууламж юм.
    •
    Писа цамхаг
    •
    Пиза (итал.Pisa) нь төв Италийн Тосканад, Арно голын Лигурын тэнгист цутгах амын баруун эрэгт орших хот юм. Пиза мужийн төв болно. Тус хот нь унаж буй цамхгаараа алдартай бөгөөд 87,500 гаруй оршин суугчтай бяцхан хотод түүхийн дурсгалт 20 гаруй сүм дуган, хэд хэдэн ордон, Арно гол дээгүүрх олон янзын хийц бүхий гүүрнүүд байдаг билээ.
    1173 онд цамхагийг дөнгөж барьж эхэлсний дараа хойд зүг рүү хазайж эхэлжээ. Ойролцоогоор 100 жилийн дараа үргэлжлүүлэн барьж эхэлсэн ч хазайх нь улам нэмэгджээ. 1272 оноос цамхаг хазайж байгаа нь илт мэдэгдэж эхэлсэн бөгөөд энэ удаа урд зүг рүү хазайх болов. Одоо уг цамхагийн орой нь байх ёстой газраасаа 5м 27см-ийн урд байдаг байна. Энэ агуу байгууламжийг уран барилгачид, инженерүүд хазайлтыг нь болиулах гэж оролдсоор байлаа. Гэвч 1911 оноос нарийн хэмжиж эхэлсний дараа цамхагийн орой жил бүр 1.2мм буюу ижил хэмжээгээр хазайсаар байгааг тогтоожээ. Адил загвараар баригдсан Павиа сүмийн хонхны цамхаг 1989 онд нурж унахад Писа цамхагийн бат бэх байдлын талаар дахин санаа тавьж эхэлжээ. Энэ явдлын дараа Писа цамхаг руу гарахыг хориглов. 1990 онд Италийн засгийн газар Итали болон гадаадын эрдэмтдээс бүрдсэн онцгой комисс байгуулж, урлагийн түүхчид, сэргээн засварлах судлаачид, барилга болон геотехникийн инженерүүдээс бүрдсэн Соnsorzio Piazza del Miracoli буюу Пиза цамхагийн Төслийн Консерциум байгуулагдаж юуны өмнө байгууламжийн тэнцвэрийг олж, бүрэн бүтэн үлдээх, хазайх хурдыг нь багасгахын тулд хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн байна. Эхлээд цамхагийн гадна талыг судалжээ. Энэ байгууламжийн хазайлтыг зогсоохын тулд нэлээд ул суурьтай өөрчлөлт хийх хэрэгтэйг тодорхойлжээ. Барилгын ерөнхий байдалд өөрчлөлт хийхийг бүр хөрснөөс нь эхлэх болсон байна. Засварын ажил цамхаг байрлаж буй Piazza del Miracoli буюу Гайхамшгийн талбайгаас өөрөөр хэлбэл цамхагаас хол эхэлжээ. Цамхагийн ойролцоох хөрсөнд ажиллах нь барилгад хортой болохыг бодолцон ийм арга сонгосон юм байна. Энэ ажиллагааны гол зорилго нь Писа цамхагийг тэгшлэх биш юм. Барилгыг барьсан цагаас эхлэн одоо зүг бүр рүү хэлтийж, гадил мэт “хазайсан” учир тэв тэгш болохгүй гэнэ. Гэхдээ төлөвлөсөн ёсоороо цамхагийн оройг 10-20см хойш нь татаж чаджээ. Тэр үед эрдэмтэд аз байвал энэ барилга 21-р зууны босгыг давна гэж найдаж байжээ. Тэдний энэ ажиллагааны үр дүнд 800 жилийн туршид эрдэмтдийн дунд асуулт болоод байсан зүйлд хариу олох боломж олджээ.
    Хеопсын (Хуфугийн) пирамид
    •
    Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.
    •
    Эртний Египетүүд пирамидад ашиглах хадан блокуудаа Этиопын уулархаг бүсийн хаа нэгтээ орших хадан уулнуудаас авч, Нил мөрнөөр зөөж Гизад авчирсан бөгөөд түүгээрээ пирамидуудыг барьсан. чулууг тэгшхэн гаргаж авахдаа энгийн арга ашиглаж байжээ. Тухайлбал эхлээд хадаа сайтар хэмжин тэмдэглээд тодорхой цэгүүдэд хадаа нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Ингэхлээр мод аажмаар тэлээд хад тооцоолсны дагуу цуурдаг байж. Ингэмэгц засч янзлаад Нилийн урсгалын дагуу салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байжээ. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан илүү ташилт бүхий элсэн налуу ухаа үүсгэж, түүгээрээ чулуунуудаа гулдран дээш нь гаргаад байдаг байж. Баригдаж дуусмагц элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ.
    Сиднейн дуурийн театр
    •
    Сиднейн дуурийн театр (Sydney Opera House) нь Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотод байрлах бөгөөд Данийн уран барилгач Йорн Утзоны төслөөр баригджээ. Энэхүү барилгын ажлаараа 2003 онд уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналыг хүртжээ.
    2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ XX зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
    Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд хясааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан Сиднейн дуурийн театр нь далайн түвшнээс дээш 25 м өргөгдсөн байдаг. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25000 хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдэрлэсэн 1056006 ширхэг V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.
    Эрх чөлөөний хөшөө
    •
    Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.
    Уг хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж.
    Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
    Таж Махал
    •
    Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
    Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
    Чили дахь Моай
    •
    Моай бол Полинезийн Рапа Нуй арал дээрх асар том хөшөө юм. Энэ арлыг ихэвчлэн Улаан өндөгний арал гэж нэрлэдэг бөгөөд Чилид харьяалагддаг. Улаан өндөгний арлууд нь Чили улсаас 2200 милийн зайд Номхон далайн голд байдаг.
    Арлынхан 1250-1500 оны хооронд 900 гаруй сийлсэн чулуун дүрсийг бүтээжээ. Энэ чулуу дунджаар 14 тонн жинтэй бөгөөд энэ нь хоёр зааныг нийлүүлсэнтэй адил юм.
    Рапа Нуй улсын ард түмний хувьд ариун нандин 900 гаруй дурсгалт хөшөө, 300 ёслолын платформ байдаг.
    Перу дахь Мачу Пикчу
    •
    Мачу Пикчу буюу Кечуа хэлээр “Хуучин оргил” хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
    Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.
    Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ.
    Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.
    Уг хотыг үзэхээр зөвхөн 2003 онд л гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байгаа хэрэг билээ.
    Бэлтгэсэн: Б.Нямзул

     
  • ХАЙРХАНЫ ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Өвөрмонголын дөрвөд хошуунд овоо тахих тахилга хийжээ. Дөрвөд хошуу нь олон сайхан содон уул хайрхадтай билээ. Түүний нэгэнд манай улаач нар тахилга хийсэн байна. Монгол бөөгийн зайран Ганзориг толгойлон бөөлж, бөөгийн зан үйлээр тахилга хийжээ. Олон шүтлэгтэн нар тахилгад оролцож даатгалаа хийлгэж, өргөлийн дээжээ хайрхандаа өргөжээ.
    Өвөрмонголын Цахар баруун гарын дунд, хойд, өмнөд, дөрвөд 4 хошуу, 8 сянь, 5 сумтай. Олон сайхан содон уул хайрхадтай билээ. Монгол үндэстний өөртөө засах орон, аймаг дахь Монгол үндэстний уламжлалт газар нутаг юм. Гол төв нь Улаанцав хот юм.
    Энэ хотыг ан цав бүхий улаан шороотой газар барьсан учир “Улаанцав” хэмээн нэрийджээ. Хойд талаараа Монгол улстай 190.81 км газраар хил залгаж, зүүн хойгуураа Шилийнгол, зүүн, зүүн өмнө, өмнө талаараа Хэбэй, Шаньши мужтай, баруун талаараа Бугат, Ордос, Хөх хоттой зах нийлнэ.
    Мал аж ахуй хөгжсөн тул арьс шир, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр олон. 69 төрлийн ашигт малтмалтай, эрчим хүч, төмөр, нүүрс, барилгын арматур, хими, мах, арьс шир, хивс үйлдвэрлэдэг.
    Улаанцав 84 мянга 700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, далайн төвшнөөс дээш 2000 метр өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай, хур тунадас ихтэй. 3 сая шахам хүн амын 60 мянга нь монгол үндэстэн. Улаан буудай, юмэй гурил, амтат төмс тариалж ургамлын тос их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Тус хошууны Хонгор сумын нутагт Шэньжоу сансрын хөлөг газарддаг болсон.

    djmedia:279
  • -ХОТЖИЛТ ЭРЧИМЖИХИЙН ХЭРЭЭР ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧДИЙН ДЭГДЭЛТ НЭМЭГДЭНЭ-

    Үүний тулд тухайн уургийг кодолдог генийг дангаар нь нийлэгжүүлэн ялгаж аваад тэр генийн экспрессийг зохицуулдаг тусгай секвенсийг урд нь угсран залгасныхаа дараа цагираг дезоксирибонуклеин хүчил (ДНХ)-д бас угсран залгаж суулгадаг юм. Үүнийг gene construct буюу генийн угсраа гэнэ.

    Эрдэмтэд зохион бүтээсэн генийнхээ угсрааг, дараа нь, амьд эсийн дотор оруулах ёстой. Тэгэхдээ гол төлөв гэдэсний савханцар (Escherichia coli) хэмээх нянг ашиглаж оруулдаг. Энэ нянгийн уураг нийлэгжүүлдэг аппарат өөрийнхөө генүүдийн кодолдог уургийг нийлэгжүүлэхийн зэрэгцээ өнөөх угсарсан генийн уургийг ч өдий төдийгөөр нь нийлэгжүүлэн “үйлдвэрлэдэг” тул, эрдэмтэд хэрэгцээтэй уургаа цэврээр ялган авч бүтцийг нь тодорхойлох боломжтой болно.

    Бид хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 5-ны шөнө вирусийн геномыг бүрэн тайлсан. Геномыг тогтоосон даруй Ухань хотын Төв эмнэлгийн Амьсгалын замын өвчлөлийн тасгийн эрхлэгч, доктор Жао Сутай холбогдон өвчтөнүүдийн эмнэлзүйн өгөгдлийг асуусан. Түүнд энэ вирус САРС-аас илүү аюултай гэж хэлж зүрхлээгүй. Гэхдээ H5N1-ээс илүү аюултай гэж хэлсэн. Дараа нь Хятадын Эрүүл мэндийн яамтай холбоо барьсан. Бид нэгдүгээр сарын 8-нд Уханьд очиж, олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж ярилцсан. Шинэ вирус нь амьсгалын замаар дамждаг учраас яаралтай арга хэмжээ авах санал тавьсан юм. Төд удалгүй Сиднейн их сургуулийн профессор Эдвард Холмс над руу утасдаж геномыг олон нийтэд нээлттэй болгохыг хүслээ. Би Эддид “Бодож үзье” гээд хоёр цаг бодсоны дараа зөвшөөрсөн. Тэр өдөр Virological.org вэбсайтад гарсан Холмсын нийтлэл дэлхийг шоконд орууллаа. Бээжингийн албаны хүмүүс манай лабораторид ирж тайлбар хийхийг шаардсан. Харин олон улсын шинжлэх ухааны байгууллагууд биднийг 40 цагийн дотор шинэ коронавирусийн геномын дарааллыг тогтоосонд итгэхгүй байлаа” хэмээв.

    Жаны нээлтээс хойш болсон үйл явдлууд маргаантай байсаар ирсэн. Вирусийн геномыг тогтоосон даруйдаа буюу нэгдүгээр сарын 5-нд яагаад нийтэд зарлаагүй юм бэ гэсэн асуултад тэрбээр “Дэлхий даяараа вирусийн дэгдэлтийн нотолгоог олж мэдэхийг шаардаж байсан нь эрх баригчдад нөлөөлсөн байх. Бид АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвд геномыг байрлуулах үед тус улс энэ вирусийн талаар мэдэж байсан” гэж хариулжээ.

    Түүний нээлт вирусийн эсрэг эмүүд болон боломжтой вакцинуудыг эрт боловсруулахад дөхөм болсон. Гэхдээ 55 настай профессор хүн төрөлхтний өмнө хийсэн гавьяагаараа онгирохыг хүсээгүй юм. Авторитар тогтолцоотой Хятадын Засгийн газраас өвчний талаар аливаа мэдээлэл нийтлэхийг хориглосон бөгөөд лабораторид вирусийн бүх дээжийг устгах эсвэл шилжүүлэхийг тушаажээ. Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлгийн халдварт өвчний тэргүүн, доктор Дейл Фишер хэлэхдээ, Хятадын Засгийн газар зохих ёсоор баталгаажуулалт хийхдээ хугацаа алдсан гэжээ. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Хятадад очсон бөгөөд өвчний дэгдэлтийн үед хүмүүс юунд итгэхээ мэдэхгүй эргэлзэж байсныг онцолсон юм. ДЭМБ Хятадыг ил тод байдалд сайшаан магтаж байсан ч эх сурвалжуудын архиваас харахад эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэл удаашралтай байгаад дургүйцэж байв.
    Профессор Жан одоо эмгэг төрүүлэгч ба хүрээлэн буй орчин хэрхэн харилцан үйлчлэхийг судалж байна. Өнгөрсөн зууны турш Хятадад 1956 онд Азийн ханиад, 2002 онд САРС, 2013 онд H7N9 зэрэг өвчлөл гарсан.

    Жан Юнжэн үүнийгХятадын экологийн өөрчлөлт, хүн амын өсөлттэй холбон тайлбарласан юм. Түүгээр ч барахгүй Хятад улсын эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн аялах ихэссэн нь халдварт өвчин дэгдэхэд нөлөөлжээ.

    Энэ оны байдлаар Хятадад хүн амын 61 хувь нь том хотуудад амьдарч байна. Энэ үзүүлэлт 1978 онд дөнгөж 18 хувьтай байжээ. Энэ нь үл мэдэгдэх эмгэг төрүүлэгчдийг бий болгодог аж. Профессор Жан “Хотжилт эрчимжихийн хэрээр эмгэг төрүүлэгчдийн дэгдэлт түгээмэл болно. Тиймээс бид хүн амын популяцад тархах магадлалтай зөв зураглалыг урьдчилан таамаглах шаардлагатай. Хиймэл дагуулууд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг алдалгүй гаргадаг шиг шинжлэх ухаанд вирусийн дэгдэлтийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Хэрэв бид шинэ коронавирусээс сургамж авахгүй бол хүн төрөлхтөн илүү зовж шанална” гэсэн юм.

    Х.Эрдэнэзаяа

  • БАЙГАЛЬ ДАЛАЙГАА ТАХИВ.

    Байгаль далай-Далай ээж маань цэлэлзэн угтана. Балчир үр нь Байгаль далайн эрэгт залбирал, тахилгаа хийхээр очлоо. Энэ жил дэлхийг хамарсан өчлөл гарсантай холбоотой олон төлөвлөсөн ажил өөрчлөгдсөн билээ.
    Тэгээд энэ жилийн тахилгаа дангаараа хийж байна. Жилийн жилд ямар нэг байдлаар Байгаль далайгаа зорин хамтран хийдэг тахилга, залбирал тасалдав. Гэлээ ч буриад зон олон маань жил, жилдээ хийдэг тахилгаа тасралтгүй хийсээр ирсэн билээ. Ганц дайчин ганцаардаггүй юм аа, Монгол бөөгийн удган Туяана минь ээ.
    Энэ удаа ч Байгаль их далайдаа хийх тахилгаа амжилттай хийж, идээний дээжээ өргөөд ирлээ.

  • БНХАУ-ын “шашны дайн”

    Хятадын коммунист намын шашны эсрэг дайн зөвхөн Исламын шашнаар дууссангүй. Эрх баригчид коронавирус цар тахлын айдас, үймээнийг ашиглан Христийн шашны эсрэг үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлсэн байна. Үүнээс үзэхэд Коммунист нам гадаад улсаас гаралтай христ, ислам гэх мэт шашнуудыг ноёрхолд нь аюултай гэж үздэг бололтой. Тиймээс Ши Жиньпин шашнуудыг “нэгтгэх” ажил эхлүүлж, ислам, христ, буддын шашны тэргүүлэгчдийг номлол сургаалдаа БНХАУ-ын коммунист үзэл суртал оруулахыг тушаажээ.
    Коммунист нам ард иргэдийг “Эх орноо шашин шигээ хайрладаг” болгохыг хүсч байгаа хэмээн гадаад үндэсний цөөнх, шашны бүлэглэлүүдийн хэрэг хариуцсан байгууллагын дарга Юү Чуан ярьжээ. Энэхүү “нэгтгэх” ажлын үр дүнд хэдэн мянган сүм, хийд нурж, үлдсэн цөөхөн нь орой дээрээ БНХАУ-ын далбаа хийсгэхээс өөр аргагүй болсон байна.
    БНХАУ ДАХЬ ХРИСТИЙН ШАШИН
    Хэдэн арван жилийн турш БНХАУ-ын католик, протестант шашинтнууд Бээжингийн сонгож, зааж өгсөн, төрийн шууд хараат сүмүүдэд явсаар иржээ. Гэвч ийнхүү Бээжингийн үзэл суртал нэвт шингэсэн сүмд явахыг хүсээгүй хүмүүс нууц сүмүүдэд харьяалагдах тохиолдол маш олон болсон аж. Тухайлбал, БНХАУ-ын 12 сая гаруй католик шашинтнуудын бараг тэн хагас нь Ватиканы нууц сүмд үнэнчээр явдаг байжээ.
    БНХАУ энэ үйл явдлыг арилгахын тулд 2018 онд Ватикантай гэрээ хийн, сүмийн удирдагчдыг Бээжин томилох эрхтэй болсон юм. Чухам тэрхүү гэрээгээр олж авсан эрхээ ашиглан коммунист нам үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн тал хувийнх нь удирдагчдыг сольж, үлдсэнд нь коммунист намын үзэл суртал номлохыг тушааж, түүнийг нь Ватикан, пап лам нарын зөвшөөрөл хэмээн зөвтгөж, тэр байтугай гэгээн Маригийн хөргүүдийг Ши Жиньпиний хөргөөр сольсон байна.
    БНХАУ ДАХЬ ПРОТЕСТАНТ ШАШИН
    Протестант шашин БНХАУ-д маш хурдан тархсан нь Ши Жиньпиний санааг асар ихээр зовоосон бололтой. Тухайлбал, Бээжингийн сонгож, томилсон сүмд гэхэд гурван бие даасан урсгалын 39 сая орчим итгэгч явдаг аж. Мөн түүнээс гадна Протестант шашны нууц сүмд дор хаяж 40 сая хүн явдаг гэх мэдээллээс үзвэл БНХАУ-ын нийт хүн амын 6 хувь буюу Коммунист намын гишүүдийн тоотой тэнцэх хэмжээний хүн протестант шашинтан болж таарч байна.
    Тиймэээс Бээжин энэ асуудалд онцгой анхаарч, намын орчуулсан хятад хэл дээрх шинэ хувилбар гартал цахим номын дэлгүүрүүдэд Библи зарахыг хориглох зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн сүмийн удирдагчдыг төрөөс зохион байгуулдаг сургалтад албадан суулгаж, “Төр нь сургаж, сүм нь дагадаг” хэмээн заасан аж. Цаашлаад мянга мянган нууц сүмийн үйл ажиллагааг таслан зогсоож, үлдсэн цөөхнийх нь бэлгэ тэмдэг, загалмай, библүүдийг шатаан цэвэрлэжээ. Тэр ч байтугай сүмдэд царай таньдаг камер байрлуулж, итгэгчдийг мөрдөж, сүрдүүлж Түвдийн Буддистуудтай ижил байдалд оруулжээ.
    ТҮВДЭД ЮУ БОЛОВ?
    Бээжин Түвдийн тусгаар тогтнолыг үл зөвшөөрч, Буддын шашныг хэдэн арван жилийн өмнөөс эхлэн эсэргүүцэж байгаа билээ. Ялангуяа Ши Жиньпин төр барьснаас хойш түвдүүдэд чиглэсэн дарамт улам ихэссэн юм. Тухайлбал, хийдүүдийг хянах хяналт хоёр дахин нэмэгдэж, намын хэдэн арван мянган гишүүн Түвдийн хот, тосгод, хийдүүдийн ойролцоо суух болсон байна.
    Улмаар 2016 оноос хойш 17 мянга гаруй лам хуврага төдийгүй гэлэнмааг хийдээс нь хөөж, АНУ-ын мэдээлснээр үргэлж зодож, нүдэн, тогонд цохиулж эрүүдэн шүүдэг хорих төвүүдэд хорьсон гэдэг. Ийнхүү Улс төрийн товчооны гишүүн Түвдийн хэргийг эрхэлж байсан Чен Куангуог 2016 онд ижил ажил хийлгэхээр Шинжаан руу томилсон байдаг. Хорих төвүүдэд хоригдсон сүсэгтнүүдээр “Бурхан гэж байхгүй, Коммунист нам л гэж бий” хэмээн хүчээр хэлүүлдэг хэмээн АНУ-д төвтэй Уйгурын хүний эрхийн төслийн тэргүүн Омер Канат ярьжээ.
    ӨӨР ШАШНЫ БҮЛГҮҮД ЯАЖ БАЙГАА ВЭ?
    БНХАУ-ын төв хэсэгт аж төрдөг хуй хэмээх 10 сая орчим ислам шашинтай иргэд уйгурчуудтай яг ижил байдлаар зовж байгаа аж. Тэдний сүм хийдүүдийг нураан бузарлаж, бэлгэ тэмдэг, дурсгалуудыг устган, залбирал үйлдэхийг хоригложээ. Мөн тэд тун удахгүй уйгурчуудынх шиг хорих төвүүд байгуулагдах вий хэмээх айдастай амьдарч байгаа аж. Өдгөө БНХАУ-д аюулгүй үлдэж буй ганц шашин бол Хятадад эртнээс нутагшсан уугуул буддизм болжээ. Гэсэн хэдий ч хятад буддизмыг ч гэсэн Коммунист нам тодорхой хэмжээгээр дарамталж буй аж. Тухайлбал, Кунгфү анх үүссэн гэгдэх 1500 жилийн түүхтэй Шаолиний сүмд Коммунист намын тушаалаар БНХАУ-ын төрийн далбааг 2018 оноос хойш хүчээр байрлуулжээ.
    АНУ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ВЭ?
    Трампын засгийн газар Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон арван компани, төрийн байгууллагад хориг тавьсан билээ. Мөн өнгөрсөн сард дээрх хоригийн дагуу Чен болон өөр гурван дээд албан тушаалтныг АНУ-д зорчих болон АНУ-ын компаниудтай хамтарч ажиллахыг хориглосон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “БНХАУ уйгурчуудын соёл, итгэл үнэмшлийг дарлаж, сөнөөж байхад АНУ зүгээр хараад суухгүй” хэмээн мэдэгдсэн удаатай. Гэвч гадаад орны дарамт БНХАУ-ын бодлогод нөлөөлж чадахгүй хэмээн БНХАУ-ын шашны шинжээч Карри Коесель үзэж байгаа аж. Тэрбээр БНХАУ шашнуудыг маш том аюул хэмээн үзэж байна хэмээн тайлбарлажээ.
    ФАЛУН ГОНГ УСТГАХ НЬ

    БНХАУ-ын засгийн газар дэглэмийг нь сөнөөх таван хорыг нэрлэжээ. Үүнд ардчиллыг дэмжигчид, Тайванийн үндсэрхэг үзэлтнүүд, Түвдийн эсэргүүцэгчид, Уйгурын салан тусгаарлагчид, уламжлалт сэтгэхүйг шинэ үеийн философитой хослуулсан шашны төрлийн бүлэглэл болох Фалун Гон нар орсон байна.
    1992 онд Хятадын зүүн хойд нутагт бүрээчин асан Ли Хонжи Фалун Гон урсгалыг үүсгэсэн гэдэг. Итгэгчид нь Ли мастерын сургаалийг судалж, зөөлөн хөдөлгөөнтэй “дасгал” хийдэг аж. Лигийн энэ урсгалд 70 сая орчим хүн орсон нь Коммунист намыг ихээр түгшээсэн байна. Тиймээс Хятадын засгийн газраас Фалун Гонг 1999 онд хориглон, бузар сүсэг хэмээн нэрлэж, хэдэн арван мянган дэмжигчийг нь баривчилсан билээ.
    Тэр ч байтугай хүний эрхийг хамгаалагчдын мэдээлдгээр мянга мянган Фалун Гон дагагчдыг хөнөөж, эрхтнийг нь донор болгосон гэдэг. Улмаар Фалун Гоны дасгалжуулагчид Хонгконг руу дүрвэж, тэндээ урсгалаа хөгжүүлж ирсэн ч шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас болж хоргодох газаргүй болоод байгаа аж.
    эх сурвалж: THE WEEK

  • Хятадын тал “Сибирийн хүч”-ээс татгалзсан нь

     

    Москваг трубатай нь үлдээж орхив

    Коронавирусний цар тахал Хятадад саад бэрхшээл учруулсангүй. Тус улс эрчим хүчний хараат бус байдал руу дахин хэдэн алхмаар ойртлоо. 2020 оны эхний 6 сарын хугацаанд Хятад улс хийн олборлолтоо 9, 9 хувиар өсгөн 94,96 тэрбум шоо метрт хүргэсэн тухай “Синьхуа” агентлаг Хятадын Хөгжил шинэчлэлийн улсын хорооны тоо баримтаас иш татан мэдээлжээ.

    Өнгөрсөн 2019 онд 175 тэрбум шоо метрийг олборлосонтой харьцуулахад энэ бол том өсөлт билээ. Дашрамд дурдахад, 175 тэрбум гэдэг нь 2018 оны үзүүлэлтээс 9 хувиар өссөн тоо. Үүнээс үүдэн импортын хэмжээ ч буурч байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа ч гэсэн энэ оны 6 дугаар сард хийн импортын түвшин өнгөрсөн оныхтой харьцуулахад 6 хувиар унаж, 9,614 тэрбум шоо метр болжээ.

    Хоолойгоор хий авах нь Хятадын хувьд хэт үнэтэй тусч байгаа учраас хийн хоолойн импортоо багасгаж, үүнийгээ дотоодын олборлолтоор нөхөж байна. Тухайлбал, 6 дугаар сард шингэрүүлсэн шатдаг хийн импорт 7 тэрбум шоо.м байснаас 2,614 тэрбумыг нь хийн хоолойгоор авчээ. Одоогийн байдлаар, шингэрүүлсэн шатдаг хий Хятадын импортын ¾-ыг бүрдүүлж байгаа нь Австрали, АНУ, Катар гуравт хожоотой тусч байна. Харин олон улсын консалтингийн McKinsey & Co компаниас гаргасан тооцоонд тулгуурлан Интерфакс агентлаг мэдээлснийг үзвэл, хоолойгоор авсан Хятадын импортын хийн хэмжээ 6 дугаар сард 36 хувиар буурчээ. Үүний улмаас Туркменистан, Узбекистан, Казахстан ба Орос гэсэн 4 улс алдагдал хүлээж байна.

    Тухайлбал, Хятадын тал гэрээнд заасан хэмжээгээр Оросын хийг худалдан авахаас татгалзлаа. Тус улс хагас жилийн хугацаанд 5 тэрбум шоо.м хий худалдан авах эсвэл “ав эсвэл төл” гэсэн нөхцлөөр 4,25 тэрбум шоо.м хийний үнийг төлөх ёстой юм. Гэвч Хятадын тал хоёр нөхцлийн аль алиныг нь биелүүлээгүй бөгөөд 1-6 дугаар сарын хугацаанд “Сибирийн хүч” хоолойгоор 1,57 тэрбум шоо.м хий авсныхаа дараа импортоо зогсоолоо.

    Дашрамд дурдахад, 5 дугаар сард дөнгөж 281 тэрбум шоо.м, 6 дугаар сард мөн үүнтэй ойролцоо хэмжээний хийг “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлжээ. Энэ нь 1,1 их наяд рублийн өртгөөр барьсан хийн хоолой ашиглалтанд орсны дараах хоёр сарын нийлүүлэлтээс ч бага байгаа юм.

    Түүнээс гадна, хоолойгоор хий нийлүүлэгчдийн дотроос “Газпром”-ын үнэ хамгийн хямд нь /1000 шоо.м нь 183-184 доллар/ байгаа боловч уг үнэ Хятадын санаанд нийцэхгүй байна. Бээжингийн хувьд, Төв Азийн орнуудын геополитикийн талаар дэмжин, нөлөөний хүрээгээ тэлж, улмаар Оросыг аажмаар шахах нь илүү чухал байгаа.

    Харин Орос улс Хятадыг хоёрдахь Европ болгон хувиргахыг мөрөөдсөөр. Өөрөөр хэлбэл, Бээжин жилдээ 150-180 тэрбум шоо.м хий худалдан авснаар Европ, Азийн хооронд тэнцвэртэй байдлыг бий болгоно гэсэн үг. Энэ тухай 5 дугаар сард “Газпром”-ын тэргүүн ярьж байсан билээ.

    Эрхүү муж, Красноярскийн хязгаар ба Ямалын ордуудаас татах “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулах үүргийг В.Путин А.Миллерт өгсөн. Энэ маршрутыг бүр 2006 онд Бээжинд санал болгож байсан боловч тухайн үед Хятадын тал үүнийг сонирхоогүй юм.

    Одоо Оросын төр засаг юунд найдаж буй нь тодорхойгүй байна. Үнэн гэвэл, Оросын хий Хятадад хэрэггүй болжээ. Барууныхантай сөргөлдсөнтэй холбоотойгоор 2014 онд баталсан “Дорныг чиглэх” үзэл баримтлал бүтэлгүйтэж байх шиг…

    Эх сурвалж: http://rusrand.ru/analytics

  • “Их хааны өв” ба Өвөрмонголчуудын амьдрал

    Монгол үндэсний хээ угалзыг хотынхоо жижиг детальд хүртэл нэгбүрчлэн оруулсны зэрэгцээ, монгол гэрийн хэлбэртэй Олон улсын бага хурлын төв, монгол шатрыг нэгбүрчлэн урлан тавьсан ногоон парк, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч судруудыг билэгдсэн гурван ном зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй Төв номын сангийн барилга, монгол маягийн эрэгтэй, эмэгтэй малгай зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй театрын барилга, Шанью-гийн алтан титмэн дээвэртэй үндэсний гар урлалын худалдааны төв, хүрэл зэвсгийн олдворуудаар хийсэн том баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, монгол үндэсний хээгээр чимэглэсэн далангаар хүрээлэгдэж, сүрэг адуу давхиж буй хөшөөг төв хэсэгтээ залсан Улаан мөрөн голын эрэг дэх амралт зугаалгын газар, Хияа багшийн шинэ дүүрэг гээд Ордос хотын онцлох “үзмэр”-ийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хотын төв хэсэгт байрлах музей нь гэхэд л элэгдсэн чулууны хэлбэр бүхий зэс гадаргуутай 39 метр өндөр барилга байх ба газар дор 1, газар дээр 4 давхар бүхий байгууламж гэнэ.Тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор нь барьж байгуулсан тус хотод хүн суурьшаагүй бололтой шинэ хороолол ч цөөнгүй харагдав.
    Монгол хүн үнэ төлбөргүй үздэг “шүтээн”
    Намрын эхэн сарын шинийн гурванд нутгаасаа гарсан манай багийнхан шинийн 8-ны өдөр “Их онгон” цогцолборт зочилсон билээ.Их хааны сүнс оршин буй хэмээн бидэнд тайлбарласан, энэхүү шүтээнд зочлохдоо багийнхан маань дундаасаа хадаг цай, архи тус бүр гурвыг өргөв. 99 гишгүүр шатаар алхан өгссөөр гол шүтээнд ороход “Эзэн сан” хэмээх ном уншиж, идээний дээжийг хүн нэг бүрт хүртээх бөгөөд зочид гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор хүж асааж, арц, улаан утаснаас нь хувь хүртдэг ажээ.

    Хишигтэн хошууны гаралтай Хайраа хэмээх тайлбарлагч бүсгүйн ярьснаар, шүтээний өмнө байх зулыг 786 жил унтраалгүй асааж яваа Боорчи, Мухулай нарын удмынхан үе дамжин онгон шүтээнд ажиллаж ирсэн ба шүтээнийг хамгаалдаг дархадуудад улсаас тэтгэмж өгдөг болсон гэнэ. Хар азарганы онгон дэлээр хийсэн Их хар сүлдийг догшруулах тахилгыг луу жил бүрт хийж, 12 жилд нэг удаа хар сүлдийг сольдог байна.Их хар сүлдийг тахихдаа “Сүлдийн сан” хэмээх ном унших бөгөөд хар сүлдийг байрлуулсан талбайн дээд талын шат руу эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэв.

    Өгөдэй хааны үеэс эхлэл нь тавигдаж, Хубилай хааны үед найман цагаан орд өргөөг тахих болсон уламжлал өдгөө ч хэвээр байгааг бидэнд үзүүлэв. Тайлбарлагчийн ярьснаар, цаг тайван бус байх 1939 онд Ганьсу мужийн Бумбын сүмд шилжүүлэн 10 жил тахиж, 1949 онд Хөх нуурын Гомбын сүмд таван жил тахисны дараа 1954 оны 4 сарын эхээр одоогийн байгаа Эзэн хороонд авчирсан аж. Харин “Их онгон” цогцолборыг 2005 онд байгуулж дууссан бөгөөд Сүлдийн тахилгыг зүүн дархадууд буюу Мухулайн үр сад, Ордон гэрийг баруун дархадууд буюу Боорчийн үр сад тахиж, хамгаалж ирсэн тул шүтээнд 24 цагаар байх эрх дарх эдэлдэг байна. Билгийн тооллын 7 сарын 14-нд их хар сүлдийг тахидаг бол, билгийн тооллын 3 сарын 21, 5 сарын 13, 9 сарын 12, 10 сарын 3-нд бусад тахилгыг хийдэг хэмээн бидэнд танилцууллаа.
    “Их онгон” цогцолбор өглөөний 07.30-19.00 цаг хүртэл зочдоо хүлээн авах бөгөөд Монгол Улсын зочид болон өвөрмонголчууд шүтээнийг үнэ төлбөргүй үзэж, тахилгад үнэ төлбөргүй оролцох эрхтэй байдаг гэнэ.Харин хятад хүн болон гадаад орны иргэд 110 юань төлж тасалбар авсны дараа уг шүтээн цогцолборт нэвтэрдэг аж.

    Даяарчлалд нэрвэгдсэн амьдрал
    ӨМӨЗО-ны хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү гэхэд хилсдэхгүй. Даяарчлагдсан ертөнцийн тавьж буй бүхий л шаардлагыг тэд биелүүлжээ.Харин хүн ам нь энэ хурдыг гүйцэхийн тулд үндэсний соёлоо, төрөлх хэлээ гээж үрэгдүүлээд зогсохгүй, даяарчлалын шуурганд нэрвэгдэн унахгүйн тулд хөл дээрээ тэнцэж ядан, шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа дүр зургийг өвөрмонголчуудын амьдралаас би олж харсан юм.Тэд аялгатай ч гэсэн хачин хэллэгтэй монгол хэлээр бидэнтэй ярьж, монгол дуу дуулж, морин хуурын аялгуугаар сэтгэл гэгэлзүүлж чадсан.Бас монгол айл бүрийн үүдэнд хос хар сүлд тахиастай байгааг бидэнд харуулж, монгол маягийн гэрүүд парк, цогцолборуудынх нь гол үзмэр болох нь анзаарагдаж байсан.Гэвч үндэсний соёл гэдэг тэдний хувьд асар том байгууламжууд, байшин барилга, эд зүйл дээрх хээ угалз, хэлбэр дүрс болон музейн гайхалтай үзмэр, түүнчлэн өөрсдөө бараг үзмэр болох шахсан үндэсний хувцастай аялал жуулчлалын хөтөч нарын түвшинд л үлджээ.

    Тэдний алдааг бид давтахгүй гэхийн аргагүй тул, “хашгирч чарласан” гэмээр хэт хөгжилд улайрч, бусдыг дуурайн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа татгалзах хэрэгггүй юм байна гэдгийг “тал нутаггүй, бэлчээргүй” болсон өвөрмонголчуудын амьдрал бидэнд харуулж байна. “Тал нутаг хаана байна” гэдэг дууг хятад хэлээр дуулан зогсох өвөрмонгол эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүд нь зөвхөн засмал замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй амьдарч, паркад очиж агаар амьсгалах, нэг байшингаас нөгөө байшинд, нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суух тийм л амьдралд “хүлэгдсэн” хувь заяаг эргэлт буцалтгүй сонгожээ.

    Харин бидэнд зөв сонголт хийх боломж нь одоо ч нээлттэй байна.Сайхан Монгол орныхоо сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж, цэцэгт ногоон талдаа тааваараа бэлчих мал сүргээ маллан, морио унаж, монгол дээлээ өмсөөд, өргөө гэртээ сэтгэл тэнүүн амьдран сууж, нутгийнхаа хаана ч хүссэнээрээ зугаалж яваа монголчуудын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн ажээ.Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэсэн дууны үг юутай үнэн болохыг мэдрүүлсэн энэ өдрүүдэд баярлалаа.

    “Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” хэмээн өглөө бүр төрийн дууллаа дуулж зоригжин, хичээлдээ, ажилдаа явж буй хойч үеийг төрүүлсэн хүмүүс билээ бид.Бидний Монгол Улс мөнхөд оршиг.

     

  • АНУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР

    Тусгаар тогтнолын өдөр (англ. Independence Day) нь 1776 оны 7 сарын 4-ний өдөр АНУ нь Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойн баяр юм.

    Тусгаар тогтнолын өдрөөр том хэмжээний салют буудуулж, парад жагсан, аялал зугаалга, концерт, бэйсболын тоглолт, гэр бүлийн уулзалтууд, улс төрийн илтгэлүүд зэрэг, хувийн болон улсын түвшинд олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тусгаар тогтнолын энэ өдөр нь АНУ-ын үндэсний өдөр юм.
    Тусгаар тогтнолын энэ өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг. Энэ баярыг тэд тэмдэглэхдээ ихэвчлэн гэр бүлээрээ аялал зугаалага хийж, томоохон парад жагсаалд оролцон, ингэхдээ хүмүүсийн хувцас, талбайн гоёл чимэглэл зэрэг нь Америк улсын төрийн далбааны өнгө болох улаан, цагаан, цэнхэр өнгө голлоно. Энэ баяраар салют буудсаны дараагаар төрийн дуулал болон эх орноо хайрлан хүндэтгэсэн бусад дуунууд эгшиглэнэ. Зарим дууны шүлэг нь 1812 оны Хувьсгалын дайныг санагдуулам байх нь бий.
    1776 оны 6 сард Виржиниагийн Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тогтоолыг Эх газрын Конгресс зөвшөөрөхөөр санал хураах үед 13 колони орон 1776 оны 7 сарын 2-ны өдөр Их Британийн Нэгдсэн Вант улсаас хууль ёсны дагуу тусгаарлагдсан. Санал хураалтын дараа Конгресс өөрсдийн анхаарлыг Тусгаар тогтнолын тунхаглалд хандуулсан бөгөөд удаан мэтгэлцэж ярилцсаны эцэст 7 сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрчээ.
    Сонирхуулан хэлэхэд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан Жон Адамс, Томас Жефферсон нар АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Тусгаар тогтнолын 50 жилийн ойгоор буюу 1826 оны 7 сарын 4-ний өдөр нэгэн зэрэг нас барсан байна. Тунхаг бичигт гарын үсэг зураагүй хэдий ч үндэслэгч эцгүүдийн нэг Жэймс Монро энэ түүхэн өдөр өнгөрсөн гурав дахь ерөнхийлөгч юм. АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Күүлиж 1873 оны 7 сарын 4 өдөр буюу тусгаар тогтнолын ойн өдөр мэндэлсэн цорын ганц ерөнхийлөгч.

  • Бөөгийн ёслолд олноор цугласны улмаас Буриадын сууринд халдвар тархжээ

    Буриадын Тункинскийн аймагт зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, тэр дундаа Шулуты сууринд халдвар ар араасаа илрэх болсон тул мэргэжилтнүүд халдварын шинэ голомтыг тогтоох ажлыг яаравчлан хийсэн байна. 

    Ийнхүү шалгалт хийхэд олон нийтийн арга хэмжээг хориглосныг үл хайхран энэ сууринд зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд бөөгийн ёслол үйлдсэн байжээ. Энэ ёслолд 31 хүн оролцсон байна.

    “Тункинскийн аймагт зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн COVID-19 вирусийн халдварын 23 тохиолдол илэрсэн. Эдгээр нь Торы болон Шулуты суурингуудын оршин суугчид байсан юм. Толы сууринд халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн бол хамгийн их нь Шулуты сууринд хамаарч байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бөөгийн ёслолд оролцсон гэдэг нь тогтоогдсон, тэд энэ ёслолын үеэр халдвар авсан байх магадлалтай” хэмээн Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

    Ийнхүү нэг сууринд халвар олноор тархсан тул Шулуты сууринд хөл хорио тогтоосон байна. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн ихэнхэд шинж тэмдэг бага илэрсэн, ердөө дөрвөн хүнийг Буриадын халдварт өвчний клиник эмнэлэгт хэвтүүлжээ.

    Халдвар авсан болон бөөгийн ёслолд оролцсон хүмүүстэй хавьтагчдыг бүгдийг олж тогтоон, тэднийг тусгаарлан, эмчийн хяналтанд оруулжээ. Мөн халдвар тархах шалтгаан болсон ёслолыг зохион байгуулсан хүмүүсийг захиргааны хэрэг зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж нутгийн захиргаа мэдэгдсэн байна.

    Энд дуулгахад, Буриадад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 2857 бүртгэгдсэнээс 1957 нь эдгэрч, 19 хүн нас барсан юм. Одоо 881 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

    Г.Бямбасүрэн