Category: Үйл явдлын тойм

  • “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ” ДУУ МЭНДЭЛСЭН ЗАСТАВ, ХАЛХ ГОЛД

    Манай хамтлаг Бурхантын застав, Халх гол суманд очиход хилийн отрядын удирдлага угтан авсан билээ.
    1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы 500 морьтон цэрэг Номун хан хэмээх газраар Монголын хилийг зөрчин орж ирснээр Халх голын зарлаагүй дайн эхэлсэн юм. Монгол-Зөвлөлтийн олон цэрэг эрс Халх гол орчмын газрын хөрсөн доор нойрсож байдаг. Тэдгээр олон мянган эрэлхэг дайчдад зориулсан 31 хөшөө дурсгал Халх голын орчимд сүндэрлэн байдаг билээ.
    Халх гол сумын төвд Ялалтын музей байдаг бөгөөд 1984 онд байгуулагджээ. 1 дүгээр давхарт нь Халх голын түүхийн танхим, 100 хүний багтаамжтай кино танхим, 2 дугаар давхарт нь дайны үеийн байдлыг харуулсан фото болон зэр зэвсэг гэх мэт 1000 гаруй үзмэр бүхий танхим, 3 дугаар давхарт нь дайны баатруудад зориулсан хүндэтгэлтийн танхим байдаг.
    Дайчдын хөшөө: Халхгол сумын нутагт Баянцагааны нурууны урд үзүүрт, Хамар даваанаас хойш 10 километрт байдаг. Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж амь насаа алдсан Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулж 1954 онд байгуулсан. Гол хөшөөнд 110 хүний нэрийг сийлж, буу сэлэм хоёрыг зөрүүлж байрлуулсан сүрлэг хөшөө юм.

    Ялалтын хөшөө: 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд Халх голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгожээ. Хөшөөг 54 метр урт, 33 метр өргөн дан аранжин зэсээр урлан хийжээ.

    Илдэн хөшөө: Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулан 1969 оны 6 дугаар сард Халх голын Ялалт багийн төвд босгожээ. Хөшөөн дээр “Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадарсан ялалтын сүлд” гэж бичсэн байдаг.

    Ханан хөшөө: Баян цагааны нуруунд байдаг бөгөөд 1969 оны 8 дугаар сард босгожээ. Монгол гэрийн хананы хэлбэртэйгээр босгосон тус хөшөө байгаа газраасаа дотогш Японы түрэмгийлэгчдийг алхуулалгүй бут цохисон гэдэг

    Ерэн баатарын хөшөө: Баянцагааны нуруунд байх Ерэн баатарын хөшөөг Монголд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгожээ. Халхын голын ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгожээ.

    М.П.Яковлевийн хөшөө: Баянцагааны нуруунд М.П.Яковлевийн танкны хөшөө бий.. Тулалдаанд орж амь үрэгдсэн тэр газарт БТ-7 загварын танкаар сүрлэг хөшөө байгуулж, хашаанаас 10 метрийн зайд хос багана босгон танкийн 11 дүгээр бригадын амь үрэгдсэн 72 дайчдын дурсгалыг мөнхжүүлжээ.

  • БУЙР НУУРЫН ЭРЭГ ДЭЭР

    Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 кило¬метр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг. Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм. Нуурын ус гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална. Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг.
    Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ. Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна. Нүүдлийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хаяа тааралддаг ба 9 зүйл шувуу оршин амьдардаг. Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.

  • АМРАЛТ

    Мардайн асуудлаар ҮАБЗ-д байхдаа хэд хэдэн удаа миний бие ирж үйл ажиллагаатай танилцаж байсан түүхтэй.
    Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдын нутагт байрлах ураны ордуудад 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсын нутаг дээр ураны орд ашиглах тухай” тухай хэлэлцээр байгуулж, ОХУ 1988-1992 онд ил аргаар олборлож байсан боловч хэдий хэмжээний хүдэр авсан талаар мэдээлэл байдаггүй.
    2002 оноос Японы “Адамас майнинг” компани, эзэмшиж үйл ажиллагаагаа эхэлсэн. “Хан ресорсиз” ХХК нь тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг.Хожим олон улсын шүүхээр маргааниай асуудлууд яригдаж багагүй хугацаа зарцуулсан боловч өнөөг хүртэл үйл ажиллагаа нь бүрхэг байдаг.

  • ТӨГССӨН СУРГУУЛИЙН МИНЬ 70 ЖИЛ БОЛЛОО

    Бид, манай ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Даваахүүгийн удирдлага дор тэртээ 1977 онд 14 дүгээр сургуулийн математик-физикийн сонгоны ангийг төгссөн хамт олон билээ. Арга ч үгүй бизээ. Баянзүрх дүүргийн бүх л сургуулиудын наймдугаар ангийг онц төгсөгчид энэ ангид цугларсан байсан. 10 дугаар ангиа төгсөөд тэр үеийн сонгон шалгаруулах шалгалтад дээд оноо авч бүгд гадаадад суралцах эрхийг авч байсан гэхээр би ангийхаа хамт олноор бахархах сэтгэл төрдөг юм. Бүгд л тэр эрчээрээ өнөө цаг үед амьдрал, ахуй нь өөдрөг явна.
    Төгссөн сургууль минь надаа амьдралын хамгийн үнэтэй бүхнийг өгсөн. Тэр эрчээр амьдралын тэмцэл дунд хурцлагдаж, ирлэгдэж, өдий зэрэгт хүрчээ. Аравдугаар анги төгсөх үед миний бие “Алдар” нийгэмлэгт, Монгол Улсын Ардын багш,гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын удирдлага дор чөлөөт бөхөөр Улаанбаатар хотын өсвөр үеийн гурван удаагийн аварга, мөн хөлбөмбөгийн шигшээ багт, уулын болон шатрын спортоор зэрэгтээ тамирчин, спортын шүүгч болсон байсан. Сургууль төгсөөд салаа зам дээр сонголт хийх болж, спортоо орхиж, номын ажилд зүтгэх болсон.
    Нийслэлийн ерөнхий боловсролын лабортори 14 дүгээр сургуулийн 70 жилийн ойн баярын хурал, концертоос танилцуулж байна.

  • Зургаа. ОРОС-МОНГОЛЫН ХИЛИЙН БООМТ

    Энэ удаа бас л урт хугацааны цаг үрж байж хил хэвтэрсэн. Таалагдаад байхаар нь жижиг машины чиргүүл авчихсан нь өөртөө дарамт учруулав. Ийм бэрхшээлтэй бусад монголчууддаа учруулахгүйн тул анхааруулах зорилгоор бичиж байна. Бүх байдлыг судалж Оросын нутагт олон бичиг баримт бүрдүүлсэн боловч бас л болсонгүй.
    Оройн 18.30-д хил дээр ирсэн тул 20.00 цагт ээлж солилцох мөчид улсын хил рүү оров. Монголоос ачаа тээврийн бичиг авч байж хилээр нэвтэрдэг учиртай тул шалганаас буцав. Баримтаа бүрдүүлээд эргэж хилээр орсон боловч чиргүүлийг зөвхөн өдрийн ажлын цагаар хил нэвтрүүлдэг тул хилийн шалганаас буцаж гарлаа. Хоёр оролдлого бүтэлгүйтэж, тэгээд зочид буудал олдохгүй тул машиндаа хоносон юм.
    Өглөө 8.00 хилийн шалганаар орж, нийт хил дээр хорин нэгэн цаг болж байж монголын нутагт хөл тавьж билээ.
    Оросод байхдаа хүн санаандаа нийцсэн зүйлийг худалдан авахдаа хил, гаалийг бодож, сэтэхүйгээ зовоох хэрэгтэй. Улсын хил учраас хяналт шалгалт хатуу байх нь аргагүй. Гэхдээ Оросын хил дээрх хүнд суртал, хүмүүсийн хойрго ажиллагаа, орос орноор аялсан сайхан дурсамж, амарсан бие сэтгэл тэр бүхнийг “хаяад” гарахад хүрдэг. Монголчууд бид Оросын хил дээр олон цагаар зогсож байхдаа хятадын хилийн хяналт шалгалттай бүхнийг харьцуулж бодоход хүрдэг. Бас дэлхийн олон газарт чөлөөтэй зорчдог бидний эрх чөлөө олон зүйлийг харьцуулан бодож бухимдахад хүрдэг нь аргагүй. Бид бас эрх чөлөөгөө хэтрүүлж хэрэглэх гээд байдаг хүмүүс юм. Энд хар тамхинаас авахуулаад олон зүйл бусдыг болгоомжлоход хүргэж байгаа. Нөгөө талдаа Монголчууд бид хэтэрхий эрх чөлөөтэй ард түмэн шүү.

  • ЗҮҮН АЙМГУУДААР АЯЛСАН НЬ 4.ИХ ХААНЫ ТӨРСӨН НУТГААР

    Хэнтий аймгийн Дадал сум нь 1925 он байгуулагдсан бөгөөд Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн дөрвөн багт нийт 741 өрхийн 2,678 хүн амьдардаг байна. Дадал сумын хүн амын ихэнх хувийг Буриад ястан эзэлнэ.
    Дадал суманд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог бөгөөд Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат уулс оршдог ажээ.
    Хэнтий аймгийн Дадал сум нь их эзэн Чингис хааны төрсөн голомт юм. Их эзэн хааны хөшөөг сумын төвөөс 3 км-т байрлах Чингисийн Гурван нуур рашаан сувилалын төвд үзэсгэлэнт Гурван нуурын хөвөөнөө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний зохиогч нь уран бармалч Л.Махвал юм. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ.

     
  • дөрөв.ЗАЙРАНГЫН ӨРГӨӨНД БУУЖ МОРДЛОО

    Гэрт орохын өмнө онгодын өргөөгөөр орж залбирал үйлдсэн билээ. Гэр бүлээрээ хүндэтгэн угтаж өдрийн хоол хамт идэж энэ сайхан өдөр уулзаж, хамт байх учиртай байжээ. Хол ойрын зочид гийчдийн хөл үл тасарна. Гэрийнхээ хажуу талдаа онгод байрлах өргөөгөө барьжээ. Улаач нар бол зон олныхоо төлөө мэндэлсэн хүмүүс байдаг. Тэдний төлөө ажилласаар насаа бардаг.
    Өнгөрсөн жил Мондоор орж ирэхэд Галсанов Ю.С биднийг угтаж өдрийн зоог барьж хүндэтгэл үзүүлж бас Бүрэнхаан хайрхандаа хамт залбирч, Тумелекын хүрхрээнд Монгол бөөгийн их зайран Одонхүүгийн хуур, манжигаар бөөлөхийг үзсэн билээ.
    Дараа нь Аршааны нутгаар хамт аялж, олон сайхан дурсамжийг сэтгэлдээ үлдээсэн юм. Буриадын их онгодын үүцунд суугаа Монгол бөөгийн зайрандаа бишрэх сэтгэгдэл үлдээж ирсэн билээ.

     
  • Дөрөв. Онгодын өлгий нутгаар

    Тумелекын усан хүрхрээ бидний замд байдаг. Энд лус өвөрмөц хэлбэрээр оршдог. Лусдаа өргөлөө өгч цаашид аяны замаа үргэлжлүүллээ. Зааны толгой хэмээх өвөрмөц байгалийн үзэсгэлэнт хошууг тойрон аяны зам үргэлжлэнэ. Зам засаагүй бол ямар хүнд бартаатай үазар болохыг дотроо төсөөлөн бодож явлаа. Бас “Монголын нууц товчоо”-ны үйл явдлууд нүдэнд зураглан үзэндэнэ.
    Ноён оргилд Жамухын гэр харагдана. Бурхан халдуны нэг оргил энд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ л газраас хоёр тийш их ус эх аван урсах бөлгөө. Ахын эхэнд очиж, билэгт сайхан газраас өргөлөө өргөн залбирлаа. Толгойд “Монголын нууц товчоо”-ны үйл явдал эргэлдэнэ. Яагаад ч салж өгдөггүй.
    Эндээс цааш бид давааны уруу бууж эхлэв. Боксоны өргөлийн газар зогсож, өргөлөө өргөлөө. Уул ус, мод ургамал нь онгоноороо сайхан нутаг ажээ. Удалгүй Сорок тосгонд ирлээ.
    Улаан нугын өргөлийн газарт олон машин зүгссон харагдана. Гол даган загас барьж яваа хүн хаяахан тааралдана.
    Андрей, Аюна хоёр төрсөн нутагтаа соёлын төв байгуулж өгч байна. Хүний оюунд хийх өргөл бол хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Нутгийн зон олон нийтийг хамарсан лекц, ярилцлага, урлаг, соёлын олон араг хэмжээ зохион байгуулах материалаг суурийг байгуулж өгчээ. Энд үе үеийн олон багачууд өөрийн болон дэлхийн өвтэй танилцах болно. Соёлын төвийн барилгын явцтай танилцав. 
    Гол даган сайжруулсан замаар явсаар Орлыкын өргөлийн газарт ирлээ. Цуудар голдуу уясан модод, өргөлийн төмөр “овоо” байрлуулсан байдаг.
    Авто зам уулын хөндийрүү орж ирсэнээр Сенсины талын өргөлийн газарт ирлээ. Хан уул хажууд дүнхийж, бишрэн шүтэж өргөлөө өргөлөө. Монголын олон газраар аялсан надад монголынхоо нэг л гол хөндийгөөр аялж яваа мэт сэтгэлд бууна.
    Буриад зон олны билэгдэл болсон Обтайн өргөлийн газарт ирлээ. Бүх шүтээнээ модоор хийсэн байх агаад гол шүтээнээ тойроод буриад язгуур бүрийг төлөөлөн сүлд босгосон байх агаад тэдний нэгэнд Монгол хэмээн багтаажээ. Эндээс би шүтлэгийн гол философыг олж харсан юм.
    Цааш хөдлөн Цайллагын усан хүрхрээнд ирж бидний аялал цаад цэгтээ хүрчээ. Усан хүрхрээнд орох нь биеэ ариусгадаг учраас хүрхрээнд орох зориулалтай бөх бат төмрөөр зам, гишгүүр тавьжээ. Хүрхрээг тойрсон үзэсгэлэнт газруудад амралт, зоогийн ширээ зассан харагдана.
    Энд буриадууд их ирж амарч, зугаалдаг газар бололтой. Зон олон байнга тасралтгүй ирдэг ажээ.

     
  • Балданбэрээвэн хийдийн туурь

    МБНЭ-ийн хамт олны аялсан газруудын нэг нь байгалийн үзэсгэлэнт газар болох Балдан бэрээвэн хийд байлаа. Манайханы ихэнх нь энэ хийдийн газраар орсоны дараа бие нь тавгүйрхэж байсан. Балдан бэрээвэн хийд нь мөн чанараараа Утай гүмбэнтэй энэ зэрэгцэхүйц энергийн төв. Монголчууд гадны хийдүүдэд очиж мөргөж, хөрөнгө оруулж байснаас монголдоо байгаа ийм сайхан газарт мөргөл, өргөлөө өгч байвал илүү ач холбогдолтой юм.
    Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр юм. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээн нэгэн домог нутгийхан ярьж байдаг.
    Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар Балданбэрээвэн хийдийн суурь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. Тус хийд нь цагтаа 8000 ламтай Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Гол цогчин дуган 1700 оны үед баригдаж эхлээд 1776 онд баригдаж дууссан. 30х30 өргөнтэй бараг 12 м энэ барилга нь тухайн цаг үедээ монгол орны хамгийн өндөр барилгын нэг байв.

  • Хар зүрхний Хөх нуур мину

    МБНЭ-ийн хамт олны аялалын хоёр дахь цэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй Хар зүрхний Хөх нуур байлаа. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн тевшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.
    Чухамхүү 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монголын бөө, улаач нарын бүрэлдэхүүн энэхүү газар хуран цугларч анхдугаар нэгдсэн тахилга болсон билээ. Чухамхүү энэ газар МБНЭ-ийн хамт олон хоёр дахь хоногоо өнгөрүүлсэн билээ.
    Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.
    Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.