Category: Мэдээ, мэдээлэл

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

    Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн агуу түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн, мэхийн ёслоё.
    Намайг төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн, бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёслоё.
    Миний бие энэхүү их итгэл найдварыг ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиа даалгавар, үүрэг хариуцлага хэмээн хүлээн авч байна.
    Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан эрхэм хүндэт Халтмаагийн Баттулга Танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
    Эрхэм хүндэт ард иргэд ээ,
    Монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт, үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй билээ.
    Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай.
    Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.
    Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм.
    Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна.
    Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.
    Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм.
    Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэгэн зарчим.
    Монголчууд бидэнд өвөг дээдсээс минь өвлөгдөн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний минь оюун санааны охь ундрага юм.
    Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай.
    Баялагтаа эзэн Монголын төлөө гэсэн ард түмний минь хүсэл тэмүүлэл, Төрийн тэргүүн миний байр суурь цаашид ч улам биелэлээ олж, үр шим, үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт би итгэл төгс байна.
    Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг, харин манай ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг бид ямагт санаж байх ёстой. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн баялгаа ариг гамтай, зүй зохистой ашиглах явдал нэн чухал гэдгийг монгол хүн бүр оюун санаа, зүрх сэтгэлдээ бодож явах учиртай юм.
    Монгол хүний оюун санаа, үүх түүх, өв соёл, зан заншил, бүтээл туурвил, хэл соёл, бичиг үсэг, мэдлэг боловсрол, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бид бүхэнд ундран арвиждаг баялаг асар их бий.
    Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид Монголоороо үлдэх, Монголоороо бахархах, Монголоороо гоёх, Монголоороо оршихын үндэс суурь болох юм.
    Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн Та өөрөө юм.
    Учир иймд Төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно.
    Түүнчлэн эх дэлхий, ургамал амьтан, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс ус, агаарын бохирдол, уул уурхай, үйлдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх санаачилга гарган, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.
    Эрхэм нөхөд өө,
    Улс орны минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн минь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас нь Монголын ард түмний эв нэгдэл юм.
    “Эвт шаазгай буга барина” гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байх үедээ хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.
    Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно.
    Харин Монголын ард түмний язгуур эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийн эсрэг аливаа бусармаг үйлдэлтэй хатуу тэмцэх болно гэдгээ энэ эрхэм индрээс илэрхийлье.
    Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төр засгаа бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэх, хүн бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхийн төлөө ард түмэн, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно.
    Ард түмний эв нэгдэл гэдэг бол улс орны оршин тогтнохын үндэс юм. Эв нэгдэл үгүй бол хөгжил дэвшил, улс үндэстэн байх боломжгүй.
    Өнөөдөр хүн төрөлхтний өмнө, монголчууд та бидний өмнө “Ковид-19” цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна. Нөхцөл байдал ч амаргүй байна.
    Энэ аюулт цар тахал өвчнийг хохирол багатай даван гарахад төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, эвийг эрхэмлэн, хүчийг нэгтгэн хамтын хүчээр тэмцэх явдал онцгой чухал байна.
    Коронавируст халдвараас хайртай хүмүүс, гэр бүлээ хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүх талаар дэмжин, хамтран ажиллахыг Төрийн тэргүүний хувьд ард түмэндээ уриалж байна.
    Бид итгэл найдвар, эв нэгдэл, сахилга зохион байгуулалт, хамтын хүчээр цар тахлын аюулыг даван гарч чадах болно.
    Эрхэм нөхөд өө,
    Эрхэм хүндэт зочид оо,
    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, халуун дотно мэндчилгээ ирүүлсэн дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн, тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгч, элчин сайд Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
    Миний бие Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно.
    Мөн Нэгдсэн үндэстний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана.
    Миний бие Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, төрийн цэргийн байгууллагын нэгдмэл байдлыг хангах, Зэвсэгт хүчнийг мэргэшсэн, чадварлаг болгон хөгжүүлэх, цэрэг дайчдыг энхийг сахиулах болон улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцуулах, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, цэргийн цолны үнэлэмж, зохист харилцааг бий болгох, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулахад илүүтэй анхаарах болно.
    Өнөө үеийн монгол цэргүүд өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн дайчин уламжлалаа нэр төртэй үргэлжлүүлж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болж чадсаныг ёслолын энэ арга хэмжээн дээр бахдан тэмдэглэж хэлэхэд таатай байна.
    Эрхэм хүндэт ард иргэд ээ,
    Энэ жил манай улсад Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил зэрэг түүхэн тэгш ойнууд тохиож байна.
    XX зуунд манай ард түмэн тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, зуу зуун жилийн хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, өвчин зовлонгоос ангижруулан, эх орноо орчин үеийн хөгжил дэвшилтэй улс гүрэн болгон хөгжүүлж чадсан түүхэн гавьяатай билээ.
    Тэгвэл XXI зуунд монголчууд бид улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататган бэхжүүлж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх их үйлсийг эхлүүлж байна.
    Энэ ажлын эхлэл бол манай улс халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих явдал юм.
    “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын сайхан үг бий.
    Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх зайлшгүй шаардлагатай байна.
    Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон байгалийн бусад баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтыг бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг хуулийн хүрээнд дэмжин, хамтран ажиллах болно.
    Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй албыг хашихдаа гагцхүү төрийн хуулийг дээдлэн сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, дадлага туршлага, хүч чадлаа дайчлан ажиллах болно.
    Миний Монголын ард иргэд ээ,
    Төрөлх сайхан эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна.
    Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө Та бид алхам алхмаар урагшилсаар байна.
    Намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, төрийн албан хаагчид нь сахилга хариуцлагатай, төр засаг нь тогтвортой, ард түмэн маань ирээдүйдээ итгэлтэй байж, зүрх сэтгэл, итгэл найдвараараа нэгдэн нийлж, бие биенийхээ гараас чанга атган, гэрэлт сайхан ирээдүйн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
    Шинэ зуунд эх орон маань дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил хүчирхэгжин хөгжинө гэдэгт Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч би бат итгэлтэй байна.
    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
    МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!” гэлээ.

  • ЛУС САВДАГТАЙ ТААРАЛДСАН ӨВГӨН

    Аргал, янгир, ирвэс дүүлэн чухам л баялаг бүхэн сүлэлдэн орших эл үзэсгэлэнт уулнаас нутгийн хүмүүс оготнын хамраас ч цус гаргадаггүй уламжлалтай. Ямар сайндаа л миний өвөө амьд сэрүүн үедээ /1970аад оны үед Цүлтэм бандихай хэмээн алдаршсан өвгөн лам байлаа/ авга ах Лханаажавт «Халзан бүргэдтэйд буу дуугаргаж болохгүй. Савдаг нь хилэгнэвэл хэцүү шүү» гэж аминчлан захидаг байжээ. Яагаад гэвэл авга ах маань энэ уулын өвөр дэх Налгар хэмээх нэртэй газар өвөлждөг байснаас тэр.
    Нэгэн удаа гэрээс нь холгүйхэн малын сэгэн дээр үнэг эргэлдээд байхаар нь очоод буудаж орхижээ. Маргаашнаас нь эхлээд мал нь үхэж эхэлсэн бөгөөд өвөө ном уншиж Халзан бүргэдтэйд тахил өргөснөөр мал хорогдох нь зогсчээ. Түүнээс хойш Лханаажав авга маань эл хайрханаа шүтэн тахиж явах болсон аж. Тэгснээрээ ч мал ахуйгаа энх тунх өсгөснөөр тухайн үедээ алдар хүндийн оргилд гарсан билээ. Өвөл авга маань Халзан бүргэдтэй ууланд явж байгаад нэгэн сонин амьтантай хэдэнтээ тааралджээ. Юм юм үзсэн хүн гэхэд тэр амьтанд яг таг оноосон нэр өгчихөж чадсангүй. Бугатай төстэй хэрнээ эвэргүй, жижигхэн толгой, тарган том биетэй цав цагаан зүстэй тэр амьтантай гурван удаа тааралдсан бөгөөд үүнийхээ дараагаар ёс юм шиг нэгэн шагнал хүртдэг байсан гэнэ.
    Энэ тухайгаа өвөөд хэлэхэд «Чи их хувьтай хүн юм. Энэ бол Халзан бүргэдтэйн савдаг юм гэнэ лээ. Би л олж харж чадаагүй юм даа» гэж хэлдэг байсан аж. Мэдээж хэрэг хатуу хүтүү үе байсан учраас хүн амьтанд хэлсэнгүй. Харин 1990-ээд оны эхээр хүргэн С.Нохойжав нь явж байгаад мөнөөхөн савдагтай тааралджээ. Тэр тухайгаа авга ахад маань хэлэхэд «За яамай даа. Би хүн үнэмшихгүй байх гээд одоо хүртэл дуугараагүй юм» гэжээ. Өнөөдөр Оросын геологичид Халзан бүргэдтэй уулыг зэс, фосфор, вольфромын асар их нөөцтэй хэмээн тогтоогоод байгаа. Хэрэв зээ ухаж төнхвөл савдаг нь хилэгнэх байхдаа гэж бодохоос өөрийн эрхгүй айдас төрдөг юм хэмээн Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Цагаан гуай нэгэнтээ сэтгүүлчид хөөрсөн нь энэ аж.

  • ТУВА, ХАКАС, ЯКУТ, АЛТАЙН ХЯЗГААР, СИБИРИЙН БӨӨ НАР ЦУГЛАРЧЭЭ.

    ОХУ-ын сибирийн Камерова хотын Яшин дүүргийн байгалийн хадны зураг бүхий цогцолборт Тува, Хакас, Якут, Алтайн хязгаар, сибирийн бөө нар цугларчээ.
    2021 оны 6 дугаар сарын 22-нд тэрхүү байгалийн цогцолборт Тува, Шориа уулын Шориа, Хакасси, Якутиа, Алтай, Томскийн бөө нарын томоохон уулзалт болжээ. Писанаяа тосгон, Яшкинский хотоос Юрга дүүргийн хот хүртэл 140 га талбай бүхий ойн бус, өргөн нутагт 50 км-ийн зайд сунасан чулуу хадан зурагнууд байдаг ажээ.
    Тува, Шориа, Хакасси, Якутиа, Алтай, Томскийн бөө нар уулзаж хамтарсан бөөлөө хийж, ярилцаж, санал бодлоо солилцож, урлагын хамтарсан тоглолт хийдэг ажээ.

    djmedia:430
  • “МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙН БҮЖИГ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

    Энэхүү хуралд СУИС-ийн БУС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн Тэргүүлэх профессор С.Дулам, СУИС-ийн БУС-ийн дэд профессор Ж.Эрдэнэхорлоо, Соёлын элч Ц.Гэрлээ нар Монголын бөө мөргөл, Монгол бүжиг дэх бөө мөргөлийн илэрхийлэл, Монгол орны соёл түүхийн тухай сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
    Хуралд Монгол, Франц, Герман, Испани, Швед, Канад, Энэтхэг, Бразил, Австрали, Сири, Грек, Ливан, Украин, Аргентин зэрэг орноос төлөөлөгчд оролцож олон сонирхолтой асуулт асууж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.
    Монголын бөө мөргөл, Монгол бүжиг цаашилбал Монгол Улсаа сурталчилсан ач холбогдолтой хурал болсныг зохион байгуулагчид тодотгов. Түүнчлэн монгол бүжгийн сэдвээр анхны олон улсад хийсэн хурал гэдгээрээ онцлог байв.

  • АНУ-ЫН ИХ СУРГУУЛИАС ИРСЭН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ.

    Номлолын гол үзэл санаа нь Мөнх тэнгэрийн үзэл бөгөөд байгалийн хүчин зүйл, түүнтэй харьцах арга бэлгээр ялгаран тодорч байлаа. Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, гэвч олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлсэнээс хойш 2223 жил болж байна.” гэв. Ярилцлагын явцад Мөнх тэнгэрийн үзэл, шашины хоорондын ялгааг сонирхон хөндсөн билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголчууд бүхний дээр Мөнх тэнгэр байдаг, тэр бол хамгийн шүтэн бишрэх дээд үзэл, түүний дараа шашингууд эрэмблэгддэг байжээ. Тиймээс бүх шашин ижил түвшинд тавьж, тэгш хандаж, улс төрийн бодлогодоо ашигладаг байлаа. Монгол Улсын төв нийслэлдээ шашины бүх сүм, хийдтэй байжээ. Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна. Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч” гэдгийг онцлон хэллээ.
    Судлаач Елзабет Х Турк бөө судлалын чиглэлээр цаашид хамтран ажиллах тухай санал тавьлаа. Мөн зарим нэгдсэн тахилгуудад оролцох хүсэлтэй байгаагаа хэллээ. Уулзалтад МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүд оролцож, ярилцлагын төгсөглд хамтдаа дурсгалын зураг авахууллаа.
    Д.Хүрэлбаатар

  • ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУЧУУД-2” АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

    Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн гэнэтийн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
    “Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд сарын дунд болон сүүлийн арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн Залуучуудын байгууллагын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан, Чингэлтэй дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
    Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
    “Тэнэгрлэг залуус-1,2” аянд МБНЭ-ийн Дээд цэцийн залуучуудын Зөвлөлийн гишүүд Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалмаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нар бусдаасаа илүү идэвхи санаачлагатай ажиллаж байна. Монгол бөөгийн байгууллагыг ирээдүйд авч явах залуучууд өсөн бойжиж, үйл ажиллагаанд идэвтэй оролцож, суралцаж байгаад МБНЭ-ийн хамт олон, Дээд цэцийн гишүүд баяртай байна.
    Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
    Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
    Б.Банзрагч

     

  • БУСДАД ХОРЛОГДСОН ШАГДАР УЯАЧИЙН СҮНС АРААСАА ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ ДАГУУЛЖЭЭ

    Шагдар бол угсаат тайж Тэгшийн хойч үр садын нэг бөгөөд эртнээс хурдан морьдтойгоороо алдаршсан удам сайтай айлын үр билээ. “Улаан” Тэгш хэмээх хамжлага цөөтэй хохь тайж дээр үед аж төрж байсан агаад “Цоохор” Гангаа начингийн элэнц, өвөө нар нь тэдний албатууд явсан гэлцдэг. Хүний араншин гэж хачин. Ардчилсан хувьсгал мандахад “Цоохор” Гангаа начин согтоод “Танай удам дандаа бидний дээр явдаг цаг дуусна аа” гэж заналхийлж байсан боловч Гангаа начны хүүхдүүдээс өөдлөн дэвжсэн нь үгүй. Шагдар уяачийн хүүхдүүд эхнээсээ сумын Засаг дарга болсон ба аавынхаа ятгалгаар Гангаагийн охиныг тамгын газрынхаа албанд авч байсан удаа бий. Тэглээ гээд “Цоохор” Гангаа баярлах биш бүр жөтөөрхөн хорссон нь сонин. Намрын дулаахан шөнө Шагдар уяач шөнө дунд “Морь харах”-аар босчээ.
    Үнэн хэрэгтээ тэр зарим шөнө энэ шалтгаанаар босч гараад туслах малчнаар хүчээ өгдөг Баярсайханы эхнэр Уранчимэгийн өвөрт ордог байсан билээ. Баярсайхан бол номхон нь дэндсэн хэл муутай ноомой эр. Эхнэр нь бол амандаа хэл нь багтахаа больсон юм шиг амтай, хэлтэй “галзуу” хүүхэн. Тэр эмийн халуун өвөрт орохдоо Шагдар уяач даанч дуртай. Өвгөнийхөө мөрөн дээр гараад суусан Уранчимэг унтах цаг нь болохоор Шагдарын чихэнд шивнэж, гэрийнхээ гадаахь тэргэн дээр хононо. Тэдний явдлыг Шагдарын авгай, Уранчимэгийн нөхөр хоёр мэддэг, үгүй нь ойлгомжгүй. Мэдлээ ч хэн хэн нь амаа үдүүлсэн мэт дуугардаггүй улс. Гэтэл намрын тэр шөнө Гангаа начин, ноомой Баярсайхантай эвсэж хоёр хүүгээ дагуулан ирээд отож байжээ. Шагдарыг тэргэн дээр хэвтэж буй Уранчимэг рүү очсон тэр үест “Цоохор” Гангаа түүнийг боож унагаад мориндоо дүүрэн авч оджээ. Баярсайхан гэртээ хоцорчээ. Тэгсэн “Цоохор” Гангаа начин өвөлжөөндөө ухаан алдсан Шагдарыг аваачаад хүлж агтлаад тамлан зовоосон байна. Дахиад морь хэзээ ч уяхгүй гэсэн ам өчиг өгөхийг түүнээс шаарджээ. Шагдар зөвшөөрсөнгүй. Түүнд нь хилэгнэж, галзууртлаа уурласан “Цоохор” Гангаа хүзүү хоолойг нь шахаж, бачимдан орилсоор амийг нь хөнөөчихсөнөө сүүлд л мэдсэн байна. Шагдарын эхнэр босч явсан нөхрөө цаг хэрээтэй болоход буцаж ирээгүйд гомдолловч Баярсайхан, Уранчимэг хоёрыг хөөж чадах биш. Айлын эхнэртэй нөхцсөн өвгөндөө гомдож, өглөөтэй золгосон ч Шагдар алга тул сэтгэл зовж эрэлд гарчээ.
    Гурав хоногийн дараа нөхрийнх нь цогцос гэрээсээ арваад километрийн цаана байх Бархөл нуурын хөвөөнөөс олдоход танигдахааргүй болсон байжээ. Тавин гурван настай Шагдар уяач өөрөөсөө хориод дүү хүүхэнтэй нөхцсөний хариу нь энэ болов гэж түүний авгай бодовч нэгэнт гучин хэдэн жил ханилсан авааль эрийнхээ үхэлд Уранчимэгийг сэрджээ. Гэтэл Уранчимэгийн нөхөр нь эхнэрээ хэрэгт орох нь гэж айхдаа “Цоохор” Гангааг хэлсэн тул хэргийн эзэн, хэнгэргийн дохиур тэрбээр долоон хоног гүрийгээд тэсэлгүй амь насанд нь хүрсэн гэдгээ мэдүүлжээ. Ингэж Шагдар уяач хүний гарт үрэгдсэн бол “Цоохор” Гангаа шоронд ясаа тавьсан байна. Харин Уранчимэг нөхрөө хаяад явжээ. Тэгсэн ноомой Баярсайхан солиорол өвчин тусч “Миний хажууд Шаагаа уяач ирж суучихаад босохгүй юм. Урнаа намайг хаяад явсныг хэлсэн боловч нэмэр алга. Авгайг маань надаас нэхэж шалгаагаад байна” гэж ярьж явдаг болжээ. Эмч үзээд түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул хот руу явуулж Шар хадны эмнэлэгт хэвтүүлье гэсэн ч солиотой боловч хүн амьтанд гэмгүй түүнийг эмнэлэг явуулсангүй. Баярсайхан өдөр ч, шөнө ч унтахгүй өнөөх л юмаа ярьж явах. Тэгтэл нэгэн өглөө түүний цогцсыг үхрийн хашаан дотроос олсон бөгөөд хоолойг нь боож алсан байв. Гэвч хүнд алуулсан гэх ямар ч ул мөр олдсонгүй. Өөрийгөө гараараа боомилж хөнөөжээ гээд тэр хэргийг хаажээ.
    Хэнд ч хэрэгцээгүй тэр амьтны үхэл бас хэнд ч сонин биш байсан тул тэгсэн биз ээ. Хачирхалтай нь, хагас жилийн дараа Баярсайхан үхсэн үхрийн хашаан дотроос хэн нэг хүний үглэж бувтнах чимээ сонсогдох болов. Балданцэрэн гэдэг сонин уншимтгай өвгөний ярьснаар бол яалтгүй Баярсайхан ганцаараа ярьдаг гэнэ. Тэгэхдээ “Шаагаа гуай, та миний эхнэртэй нөхцөхөө болиоч. Би гуйя. Тэгэхгүй бол би таныг алчихна. Эсвэл “Цоохор” Гангаа ална” гэсэн яриа дуулддаг гэнэ. Энэ ярианд хэн итгэх вэ. Гэтэл зуны нэгэн саруулхан шөнө Шагдар уяачийн бага охин Бурмаа үхрийн хашаан дотор Баярсайханыг “Цоохор” Гангаа багалзуурдан боомилж байхыг үзжээ. Айж сандарсан бүсгүй гэртээ гүйж ороод ээжийгээ сэрээжээ. Шагдар уяачийн эхнэр мөнөөх үхрийн хашаа руу гэтэж очоод бас үзсэн байна. Тэр байтугай үл үзэгдэх сүүтгэр дүрс сүүмгэнэн “Намайг бүрэлгэснийхээ хариуд та хоёр бие биеэ ална даа. Зовж үхнэ дээ” гэх нь яалтгүй Шагдар уяачийн дуу байжээ. Түүнээс хойш үхрийн хашаан дотроос хүн дуугарах нь сонстохоо болиод харин гурван хүний сүг дүрс л хоорондоо зууралдан, дээр дороо орж ноцолдох дүрс үзэгддэг болсон байна. Шагдар уяачийн эхнэр энэ муухай байдлыг арилгахын тулд лам залж ирсэн тэр орой гэнэт Уранчимэг тэднийд ирсэн аж. Гэхдээ тэр явсан ажээ. Гэтэл өглөө нь түүний цогцсыг мөнөөх хашаан дотроос олсон бөгөөд хамаг хувцсаа тайчиж шалдлаад үхсэн байх ба бүх бие нь хуу маажуулсан мэт зурагдаж шалбарсан байсан гэдэг. Тэр цагаас хойш тэдний сүг дүрс дахин үзэгдээгүй боловч Шагдар уяачийнхан болон бусад айл тэндээсээ нүүж ахин эргэж очоогүй гэдэг юм. Гэвч үзсэн хүний ярьснаар эзгүйрсэн тэр үхрийн хашаанаас хачин чимээ анир сонсогддог юм гэнэ лээ.

  • ЭД ХӨРӨНГӨНД НЬ ХАЛДАЖ БУС, ЭРҮҮЛ УХААНАА УРАЛДУУЛЖ, МӨНХ ТЭНГЭРИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАЯ.

    Өөрсдийг нь хуралдаанд ирсэн олон түмэн дагаж, энэхүү хуралдаан “бужигнаан” болно гэж санааширсан тэдэнд МБНЭ-ийн хуралдаан төлөвлөснөөрөө үргэлжилсэнд МБНЭ-ээс гарагсадад том цохилт болсон бололтой.
    Хуралдаан үргэлжилж байх тэр агшинд МБНЭ-ийн эгнээнээс гарагсад зүгээр байсангүй. Уур бухимдалаа гадаа байрлуулсан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн машинд гаргав.
    Харин Замын цагдаад өгсөн мэдүүлгээр “Сүнс” Одгэрэл гэгч нь хорьдугаар зуунд автомашин гэгчийг огт мэддэгүй нэгэн байсан бөгөөд Зайран Олдохын “ниссан” жип машинд жолооны хүрдний ард сууж, санамсаргүй нэг кноп дарсан нь машин өөрөө асч, тэгээд урагш ухасхийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн машиныг сонгож мөргөж орхисон ажээ. Гоё мэдүүлэг, бас “үлгэр” байгаа биз. Гэгээн цагаан өдөр машин асаж очоод зогсоол дээр тавьсан автомашиныг мөргөчихсэн үйлдлийг олон хүн хараад өнгөрөв.
    Дуудлагаар ирсэн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн “нөхөр” нь “Сүнс” Одгэрэлийн танил байж таарав. Шалгалт хийсэн болоод үйл явдлыг “таг” дарж орхисон байна. Тэгээд “Сүнс” Одгэрэлийн машинд уураа гаргасан хэрэг замхарав.
    Автомашин даатгалын компани ирж үзээд баримтжуулж, даатгалаас хохиролыг барагдуулж, асуудлыг шийдэх гэсэн боловч бусдын машинаар энэ үйлдлийг хийсэн болохоор даатгалын байгууллагад хамаагүй болоод явчихав. Харин иргэн Ж-д албан ёсны байгууллагуудын үнэлгээгээр нэг сая найман зуун мянган төгрөгийн хохирол учруулжээ.
    Энэ үйл явдал 2012 онд болсон юм. Түүнээс хойш 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд явуулж байсан мессежээс сонирхуулая.
    Бас түүний хохиролыг барагдуулахаар өгсөн гарын үсэг бүхий баримтыг уншья.
    Иргэн миний хувьд хэлсэндээ хүрээд хохиролыг барагдуулчихна гэж бодсоор өдий хүрсэн юм. Хүний хохиролыг барагдуулалгүй гурван жилийн нүүр үзэж байна. Тэгээд Энэхүү жижиг хэргийг Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газарт өгөхөөр заналхийлж намайг дарамталсан бичгийг унш даа.
    Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар гэдэг хэн нэг зальтай этгээдийн “хүүхэд” айлгадаг хадны мангаа биш, ийм зүйлд цагаа зарцуулдаг газар ч биш билээ.
    Хүнд тэвчээр гэж бий. Түүнд хязгаар бий. Тэгээд үнэнийг нь илчилж тавихгүй бол өмнө амьдарч ирсэн арга барилаар бусдыг дарамтлаад түүнийгээ болж байна гэж яваа “Сүнс” Одгэрэлийн үнэн нүүр ийм байна.
    Монгол Улс

    djmedia:423

    ын сүнс судлалын талаар их ажил хийж Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монголын ард түмний гавьяат, Монголын ард түмний баатар, Сүнс судлалын доктор, профессор, академич, Монгол төрийн зайран хэмээх нэр хүндтэй шагналуудтай “Сүнс” Одгэрэл таныг төрд 30 жил зүтгэсэн жирийн иргэнийг дарамталж бус уурандаа учруулсан хохиролоо зөв сэтгэлээр барагдуулахыг хүсч байна.
    Түүний хоолонд уриад хүнийг дарамталсан ярилцлагын дуу хойлоо мартагдаагүй, байж л байна. Бүх зүйл баримттай. Энэ тухай эчнээ бичих болно. Эцэст нь хэлэхэд эд хөрөнгөнд нь халдаж бус, эрүүл ухаанаа уралдуулж, Мөнх тэнгэрийнхээ төлөө ажиллая.
    Д.Жаргалсайхан

     

  • ХАМГИЙН ИХ ОСОЛ ГАРДАГ “ХАР ЦЭГ”-ҮҮДИЙГ НЭРЛЭЖ БАЙНА

    Бүр нарийвчилбал, аливаа авто замын 300 орчим метр зай дотор зам тээврийн осол, аваар давтан гараад байвал тухайн газрыг хууль хяналтынхан хар цэг хэмээн дансандаа бүртгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд осол, аваар олон давтамжтай гардаг 50 орчим хар цэг байгааг тогтоожээ. Тогтоожээ ч гэж хэдхэн хоногийн зөрүүтэй хэдэн арван осол нэг л газраа гараад байхаар тухайн газрыг хараар тэмдэглэхээс өөр яалтай. Ийм газар нь ихэвчлэн огцом эргэлттэй, хэт налуу, эвдрэл ихтэй, гүйцэж түрүүлэх боломжгүй нарийхан, байгалийн тогтцоороо үер их буудаг, салхи, шуурга байнга дайрдаг зэргээр тус бүртээ эрсдэл агуулдаг бөгөөд тэдгээр нь осол гарах нөхцөлийг бүрдүүлэх нь түгээмэл. Ард иргэд, жолооч нарт сэрэмжлүүлэг болгох үүднээс аль аймгийн, ямар сумын, хаана энэхүү хар цэгүүд буюу зам тээврийн осол олноороо гарч, өнгөрсөн хугацаанд олон зуун хүний эрдэнэт амийг авч одсон газруудын байршлыг дэлгэрэнгүй хүргэе.
    Хар цэгийн тоогоороо Төв аймгийн Сэргэлэн, Борнуур, Баянхангай, Баянчандмань сум улсдаа тэргүүлдэг байна. Ялангуяа Борнуур сумын Урьхан, 92-ын даваа, Улаан цав, Баянчандмань сумын Хөх хошуу, Шарын ам, 60-ын даваа зэрэг газарт хамгийн олон осол болж, осол гарах бүрд шахуу зорчигч, жолооч нар нь амь насаа алддаг нь хууль хяналтынхны хар дансанд бүртгэлтэй. Харин Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Баянхонгор аймгийн сумд энэхүү жагсаалтыг удаалдаг байна. Түүнчлэн зорчигчдын хөлд байнга дараатай байдаг гэж болох Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дагуу есөн хар цэг бий. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын авто замын 2-5 километрт байдаг бөгөөд жил тутам хамгийн багадаа 10 орчим том хэмжээний гэж болох осол гардаг гэнэ. Жишээлбэл, 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр 13:00 цагийн орчимд 26 настай эмэгтэй О өөрийн хоёр найз болох Н, Т нарыг нэг нас зургаан сартай охин, таван настай хүүгийнх нь хамт Эрдэнэт хот хүргэж өгөхөөр приус 20 маркийн авто машинтай Улаанбаатар хотоос гарчээ. Улмаар 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумаас хоёр километр зайд осолдсон. Хонгор сумын авто зам нь эвдэрсэн, олон тооны нүхтэй бөгөөд уг ослын шалтгаан нь нүхнээс болсон. Тодруулбал, зам дээрх нүхийг тойрох явцдаа жолооч замын хажуу руу орж, дөрвөн удаа өнхөрчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч нэг нас зургаан сартай охин нь урд цонхоор гадагш шидэгдэж, сар гаруй хугацаанд эрчимт эмчилгээ хийлгэжээ. Харин жолоо барьж явсан О шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч, осолдсон машинаа сар гаруй хугацаанд журмын хашаанд байлгаж байгаад 600 мянган төгрөгөөр зарж, нэг нас зургаан сартай охины эмчилгээний зардалд зарцуулжээ. Тэдний осолдсон Хонгор сумаас хоёр километр дэх “хар цэг”-т өнгөрсөн 2019 онд найман удаа осол гарч, дөрвөн хүн амиа алджээ.
    Түүнчлэн 2019 оны долдугаар сарын 12-ны өдөр хүн бүр л гэр бүлээрээ наадмаар баярлаж явах зуурт нэгэн гэр бүлд аймшигт үхэл, хагацал тохиолдож байлаа. Тэр өдөр Хэнтий аймагт аялж явсан гэр бүл Чандаганы талын зам дээр автомашинтайгаа осолдсон ноцтой хэрэг гарсан. Ослын улмаас таван настай, 10 настай хоёр хүү болон 21 настай эмэгтэй газар дээрээ нас барж, 28 настай эмэгтэй, 30 настай эрэгтэй маш хүнд гэмтэж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн. Автомашин нь базсан цаас шиг болж, хоёр хүүг нь, төрсөн эмэгтэй дүүг хорвоогоос авч одсоныг дуулах хатуу хувь заяа 28, 30 настай залуухан хосыг хүлээж байсныг тэд мэдээгүй. Бусад хар цэгт өнгөрсөн онд гарсан ослын талаарх баримтаас дурдвал, Төв аймгийн Сэргэлэн сумын авто замд зам тээврийн осол 35 гарч, 12 хүн амиа алдсан. Төв аймгийн Баянхангай сумын авто замд найман хүн амиа алджээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын авто замд зам тээврийн осол 26 гарч, 12 хүн амиа алдсан байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын авто замд зам тээврийн осол 15 гарч, хоёр хүн амиа алджээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замд зам тээврийн осол 11 гарч, хоёр хүн амиа алдсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын авто замд зам тээврийн осол есөн удаа гарч долоон хүн амиа алдсан. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын авто замд зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдсан. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын авто замд зургаан хүн амиа алдсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто замд 30 осол гарч долоон хүн амиа алдсан. Дархан-Уул аймгийн Дархан сумын авто замд 32 осол гарч, зургаан хүн амиа алдсан.
    Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг хамгийн олон хар цэгтэй. Тухайлбал, 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт зам тээврийн осол 4269 удаа гарч, 46 хүн амиа алдсан баримт байна. Тэр дундаа Авто сургуулийн уулзвар дээр 527, Баянхошууны уулзварт 428 удаа осол гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Баянхошууны уулзварт тус бүрдээ 6-7 машин мөргөлдсөн осол хоёр удаа гарсан. Харин Баянзүрх дүүрэгт өнгөрсөн онд осол 4508 удаа гарч, 31 хүн амиа алдсан байна. Тэр дундаа Цайз захын уулзварт 344 осол, Дүнжингарав захын уулзварт 337 осол гарчээ. Манай улсад жил тутам зам тээврийн 30 орчим мянган осол бүртгэгдэж, 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Тэдний 30 гаруй хувь нь дээрх хар цэгүүдэд амиа алдсан байгааг тоон үзүүлэлтээс харж болно. Түүнчлэн амиа алдсан 500 хүнээс гадна 5000 гаруй хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирч, зарим нь үүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд шилжиж байгаа нь дайн самуунтай Иран, Ирак, Афганистанд амиа алдаж байгаа хүмүүсийн тооноос зарим үед илүү гарч байгааг Тээврийн цагдаагийн албаныхан онцолж байгаа юм.
    Урин дулааны улиралд зам тээврийн осол нэмэгддэг Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын 60 орчим хувь нь хөдөө орон нутгийн замд, ялангуяа урин дулааны үед гардаг байна. Зуны гурван сар бол монголчуудын хувьд бүхэлдээ амралт, зугаалгын улирал. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо аялж, зугаалахаар яваад буцаж гэртээ ирдэггүй гашуун түүхүүдээс хэдийг л бол хэдийг дурдаж болно. Энэ зуны хувьд УИХ-ын сонгууль, “Ковид-19” цар тахлын хөл хорио зэргээс болж, иргэд өмнөх жилүүдийг бодоход аялал, зугаалгад харьцангуй орой гарч байна. Гэхдээ сонгууль дууссан энэ өдрөөс эхлээд орон нутаг руу ард иргэд цувж эхэлнэ. Улмаар наймдугаар сарын дунд үеэс орон нутгаас Улаанбаатар хот руу мөн “нүүнэ”. Хамгийн гол нь зорчигч, жолооч таны замд дээрх “хар цэг”- үүд отож байгааг санаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурд хэтрүүлэхгүйгээр зорчихыг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд анхааруулж байсан. Өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн газраас “Яараад яах вэ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аян хэрэгжүүлж, тэр хүрээндээ 50 хар цэгийн 14-т нь осол, аваараас сэргийлэх самбар байрлуулж, заримд нь пост байгуулжээ. Гэвч хар цэгүүд дээр гарах ослын тоо өмнөх жилүүдийнхээс төдийлөн буураагүйгээс гадна амиа алдагсдын тоо ч цөөрөөгүй гэнэ. 2020 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 22594 гарч, 130 хүний амь нас хохироод байна. Тэдний 50 нь бага насны хүүхэд байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Осол аваар буурахгүй байгаад авто замын хар цэгүүдээс гадна жолооч нарт өөрсдөд нь буруу их бий тухай ч албаныхан учирлаж байлаа. Хурд нэмэгдэх тусам зогсох зай холдоно гэсэн үг. Гэтэл жолооч нар орон нутагт ихэвчлэн 120 км\цагаас дээш хурдтай явдаг. Улмаар энэ хурдаараа замын эвдрэл гэмтэлтэй хэсэг болон хар цэг рүү орчихвол зогсож чадахгүйгээр эсрэг урсгалын машин мөргөдөг, эсвэл замын далан уруу өнхрөх зэргээр осолд ордог байна. Үүнийг сануулж, анхааруулаад осол гэмтлээс сэргийлэх, хурдаа хасахыг сануулсан самбар байрлуулаад байхад л жолооч нар өөрсдийгөө болон бусдыг эрсдэл, аюулд оруулсаар байна. Тиймээс урин дулааны саруудад аялал, амралт зугаалгаар хөдөө явахаар төлөвлөж байгаа бол явах замаа сайтар судалж, хурдаа тохируулж, өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ зам тээврийн осол, эрсдэлээс сэргийлэхийг хүсье.
    Хамгийн их осол гардаг “хар цэг”-үүдийг нэрлэж байна

  • ХҮХЭРТ НУУРЫН ХҮҮХЭН ЖҮГДЭР

    Адуучин Гочоо эл явдлыг сумынхаа Засаг даргын тамгын газар мэдэгдэж, захиргааны галч, манаач хэдэн хүн ганц бие Жүгдэрийг өөрөө буулгагч самосвал хэмээх машинд ачин ImageХүхэрт нуурын ойролцоох Бурханы аманд ил оршуулжээ. Эд хогшил болох өөвгөр гэрийг нь бензин цацаад шатаажээ. Ингэж л хорвоогоос нэгэн айл данс дугуйлжээ. Гэтэл хүүхэн Жүгдэрийн сүнс нь хойт төрлөө олохгүй өөрийгөө болон нутаг орныхоо хүмүүсийг жинхэнэ зовоожээ. Нэг удаа хонь хужирлахаар Хүхэрт нууранд ирсэн хоёр банди,
    – Жүгдэр эгч шав шалдан Хүхэрт нуурын усанд орчихсон Гандий мод гэдэг дуу дуулаад байж байсан. Бид хоёроос ерөөсөө ичихгүй. Шалдан эмэгтэй хүн үзлээ гэж шохоорхон ярьжээ.

    – Нүгэл гэм. Худлаа яриад гээд хүүхдүүдийн эх нь тэднийг тас загнаад тоосонгүй. Хэдэн өдрийн дараа хүүхдүүдийн эцэг болох Болд эхнэртээ “Би хачин юм үзлээ. Нөгөө Жүгдэр чинь Сайрын аманд шав шалдан цэцэг түүгээд явж байх юм. Би эхлээд анзаарсангүй. Морь үргээд хамар нь тачигнахаар л мэдлээ” гэв. Эхнэр нь эргэлзэж эхлэв.
    – Тэр тэгээд манай үүгээр яагаад эргэлдээд байгаа юм бол?
    – Би нэг эмээлийн модны өртэй байсан юм. Түүнд л хоргодоод байх шиг байна гэж нөхөр нь өчжээ.

    – Ээ, Бурхан минь! Түүнийг нь хурдан өг. Хэдэн хар толгойд гай нь ирнэ гэж эхнэр нь цовхчив. Удалгүй Болд хүүхэн Жүгдэрээс авсан эмээлийн модыг түүнийг нутаглуулсан газар аваачиж залсан байна. Эмээлийн модоо Болд хааяа дурандахад байж л байдаг байв. Нэг үдэш Болд адуугаа залж явахдаа нөгөө эмээлийн модоо дурандсанд хүүхэн Жүгдэр дээр нь сандайлчихсан “Жонон хонгор” гэдэг дуу дуулаад цогиод байхыг үзжээ. Үүнийг эхнэртээ хэлсэнгүй, зөвхөн энэ эмээлийн модыг энэ нутаг уснаас холтговол хүүхэн Жүгдэрээс салж болох юм байна гэж сэтгэв. Хүссэн юм хүзүүгээр гэгчээр нэг өдөр баахан тууврын хонь туусан “Тэнгэр” ХХК-ийн туурварчид Болдын хот айлыг бараадан ирж хоногложээ. Болд эхнэртээ,
    – Би очиж тууварчидтай уулзаж хуц сураглая. Увсын баяд хонины хуц олж авбал ирэх жил сайхан хургатай болно. Аян замын улс алжааж яваа биз. Цай уулгая гэсээр одов.

    – Одоо төмсөгтэй хуц тууж явдаг ямар тэнэг хүн байдаг юм бэ гэж нөхөрийнхөө маанаг, мулгууг эхнэр нь гайхсаар гэртээ үлджээ. Удсан ч үгүй нөхөр нь гурван хүн дагуулсаар, хоёр хурга өвөртөлсөөр, гурван хонь туусаар их л баяртай ирэв. Болдын ярьснаар бол хоёр хонь замдаа хургалж хоёр эр хурга гарсныг нь бэлэглэсэн гэнэ. Нөгөө гурван бүдүүн хонь нь сайхан танилцсаны билэг дэмбэрэл болгож өгсөн ажээ.
    – Энэ Увсынхан чинь замд тааралдсан айлдаа хонь тараагаад явдаг тийм баян хүмүүс үү? Гэнэт олдсон олз гэдсэнд цөвтэй гэдэг юм. Хэдэн төгрөг өгөөд сал гэж эхнэр нь хэлсэнд Болд,
    – Эр улсуудын явдал чамд падгүй гээд өнгөрчээ. Хоёр хоногийн дараа Болдын эзгүйд Увсын нэг тууварчин эмээлийн мод барьсаар тэднийд давхиж ирж, мориноос ч буулгүй,
    – Шалдан хүүхэн шөнө майханд орж ирээд эмээлийн мод өг гэж биднийг загнаад болдоггүй. Энэ буг бузар шингэсэн модоо ав гээд шидчихээд,
    – Гурван хониороо цадаарай гээд давхиад явчихжээ.

    – Ийм нүдний булай байх гэж эхнэр нь цовхчиж байтал оройхон Болд согтуу ирэв. Эхнэр нь түүнийг гэртээ ч оруулалгүй уяан дээр очиж нөгөө эмээлийн модоор нөхрөө баахан нүдэж,
    – Харуй бүрий болохоос өмнө наад үхээрийн бузар шингэсэн эмээлийн модоо манай гэр орноос зайлуул гээд хөөжээ. Эмээлийг ганзагалаад явсан Болд тэр өдрөө ирж хоносонгүй. Маргааш үд хүртэл ирсэнгүй. Эхнэр нь айж эхлэв. Гэтэл том хүү нь,
    – Аавын морь хэсэг морьдтой цуг эмээлтэйгээ Хүхэртийн нуурын дээр байна гэнэ. Содов сая замд тааралдаад хэллээ гэв. Хэрэг буруугаар эргэсэн болохыг эхнэр нь мэдсэн ч нөхрөө эмээлийн модоор жанчсаныг тас нуув. Удалгүй багийн Засаг дарга давхиж ирэв. Хүхэртийн нуурын хойт энгэрт баахан тас эргэлдээд байх юм. Танай мал бүрэн биз? Чоно, нохойд юмаа алдаагүй биз? Мал сүрэг чинь бүрэн үү гэжээ. Болсон бүх явдлыг эхнэр нь Засаг даргадаа уйлан хайлан ярив. Тэд машинтай нөгөө газар ирэхэд Болдын хоёр нүдийг хэрээ ухаад азаар цогцос бүтэн байжээ. Тэд Болдын цогцсыг гэртээ авчирч нэг хонуулаад оршуулав. Нөгөө тавьсан эмээлийн модыг шатаажээ.
    Түүнээс хойш Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэрт үзэгдэхээ больсон гэдэг. Болдын 49 хоногийг хураахдаа учир шалтаг шалтгааныг ламаас асуусанд,
    – Та нөхрөө эмээлийн модоор юу гэж нүдсэн юм бэ гэхэд эхнэр нь газар ширтэж дуугүй гөлийсөөр юу ч дуугараагүй гэх. Ийнхүү Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэр нэгэн айлын өрхийн тэргүүний толгойг залгиад тонилжээ.

    Эх сурвалж www.wikimon.mn