Category: Мэдээ, мэдээлэл

  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 2

    6. Цэцгийн баяр тэмдэглэв.
    7. Youtube- Mongolianshaman 21 баримтад кино мэдээлэл хийгдэв.
    8. Тэнгэрлэг залуус-хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх аянаа зохион байгуулав.
    9. Өмнөд солонгосын бөөгийн 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.
    10. “Монголын түүх” сэдвээр 62 материал бэлтгэж сайтад тавив
     
  • 90-ээд оноос хойш Хойд Солонгост бөө мөргөл хүчтэй дэлгэрчээ

    1990-ээд онд болсон их өлсгөлөнгийн дараагаас энэ үзэгдэл эрчимжиж эхэлсэн бөгөөд энэ нь хүмүүс дэглэмд, намд итгэх итгэл алдарч, далдын хүчинд найдах болсонтой холбоотой гэв.
    Хойд Солонгосын иргэд хосуудын ивээл жил, шинэ байранд орох, аян замд гарах гээд өдөр тутмын зүйлсийг бөө нараас асуудаг, ихээхэн сүсэг бишрэлтэй болсон гэнэ.
    Үүнийг дагаад хуурамч бөө нар ч олноор төрж хүмүүсийг хохироох явдал элбэгшсэн байна.
    Харин дэглэмийн зүгээс хүнийг бөө гэдгийг нь мэдвэл баривчлах, цаашлаад цаазлах хүртэл шийтгэдэг. Тиймээс аль болох нууц байдалд, ойрын хүрээлэл дотроо зан үйлээ гүйцэтгэдэг байсан байна.
    Кан бөө өөрийн дотно хүрээний хүмүүс дотор үйлчилж, зан үйлээ алсын ууланд очиж хийдэг байснаа ярьжээ.
    Гэхдээ хууль хэрэгжихэд хэцүү. Дунд шатны намын ажилтнууд ч бөөд очдог болсон нь нууц биш гэнэ.
    Бөө нар хүмүүст үйлчлэхдээ өргөл барьц авдаг ба нэг удаадаа 15-20 кг эрдэнэшиш авдаг байсан гэнэ. Гэхдээ ихэнх хүмүүс ядуу тул уян хатан байж өргөлөө багасгах тохиолдол байдаг гэжээ.

     

     
  • ДАРХАНЫ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭН АЖЛАА ДҮГНЭВ.

     Жил, жилийн 12 дугаар сард монголчууд жилийн ажлаа дүгнэж, хуучин оноо үдэж, шинэ оноо шинэ зорилт дэвшүүлэн угтдаг. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон хоёр оны зааг дээр шинэ жилээ тэмдэглэж, баярын цэнгүүнээ тэмдэглэв. Шинэ жилийн баярын цэнгүүнийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нээж үг хэллээ. Баярын цэнгүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцож, баяр хүргэж үг хэлсэн билээ. 2019 онд МБНЭ-ээс зохион байгуулсан 70 арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг дурьдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээс АНУ-ын Элчин сайд Клеченски МБНЭ, Монгол бөөгийн онгодын өргөөнд зочилж, Монголын бөө нар БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлж хүндэтгэх үйл хийснийг онцлон дурьдсан билээ. АНУ, БНАСАУ хооронд дэлхийн анхаарлыг татсан харилцаа өрнөж байхад Монгол бөө нар энэ хоёр улсын хооронд шинэ харилцаагаар холбогдож чадсан нь өвөрмөц онцлог байлаа. Энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа тодруулдаг “Шилдэгийн шилдэг” цомыг, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга, Өмнөговийн нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн шалгарч, авсаныг МБНЭ-ийн шинэ жилийн арга хэмжээнд гардуулсаныг мэдэгдсэн билээ. Баярын цэнгүүн олон азтанууд тодотгосон, Байгууллагын шинэ жилийн азтанаар Пүрэлцог, Монгол бөөгийн тэргүүн зайран Мялдоржийн санаачилан азтангууд тодруулсан бөгөөд шүтлэгтэн Баавгай тодорч, долоо хоног Булган аймагт амрах амралтын эрхийн бичгээр, Бадамсүрэн, Эрдэнэдалай нар мөнгөн шагнал авахаар тодров. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шалгаруулсан азтанаар Алдарт эхийн одонт, шүтлэгтэн Оюун тодорсон байна. Ийнхүү Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон нэгэн үдшийг хамтдаа цэнгэн баясч, баярлаж өнгөрөөлөө.

  • Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн чөтгөр үү?

    Тун санамсаргүй явдлаас үүдэлтэй юм аа. Хотын төвийн нэгэн уушийн газар арга буюу ширээ нэг таарсан залуутай энэ тэрийг ярьж байгаад өөрийн эрхгүй ороод явчихсан хэрэг ээ. Тавантолгойд жолоочоор ажилладаг тэрхүү залуу ээлжийн амралтаараа ирээд байгаа юм. Тэрбээр тун хачирхалтай зүйл олныг ярьсны нэг нь энд өгүүлэгдэх болно. Тавантолгойн эргэн тойронд болж буй этгээд явдал, эрээн барааныг энд эс өгүүлэн зөвхөн нэгэн тохиолдлыг өгүүлсү. Тавантолгойд ажилладаг том оврын машины жолооч нар эх орныхоо нүүрсийг урд хөрш рүү элэг эмтэртэл ачдагийг товчхон яриад гол сэдэвтээ ийн орлоо. Тавантолгойгоос нүүрс ачсан машинууд өмнөд хөршийг өдөр, шөнөгүй зорихдоо “Хэрээт” гэдэг хушуугаар үдшийн 11.00 цагийн алдад тойрч өнгөрдөг ажээ.

    Гэхдээ энд буг чөтгөр гэхээсээ илүү нэг зүйл болдгийг бас өчих нь зүйтэй санагдана. Бид өмнө нь энэ талаар мэдээлсэн тул бяцхан тодруулга хийх нь зүйтэй байх. Хятад руу нүүрс ачин яваа жолооч нар нойроо сэргээхийн тулд тэр л хушууны тэнд зоригоо чангалдаг гэх. Зарим нь “100” татдаг бол үлдсэн нь өнөөх “ми-ми” гэх нунтаг цагаан бодисоо татаж аваад сэргээш хэрэглэсэн тамирчин мэт сэргээд ирдэг гэнэ. Бүр 48 цаг унтаагүй хүн тэр юмыг татчихаар 48 цаг унтсан мэт болдог ажээ. Тэгтэл сэргээж байхыг бодоход ёстой түр зуур галзууруулдаг бололтой юм. Архагууд нь эхлээд 100 грамм татчихаад өнөө бодисоор даруулж орхидог гэнэ билээ. Тэгээд л хэд сайн эвшээж, суниаж аваад л нүд нь улаанаар эргэлдсэн амьтад гарч өгдөг юм байх. Яг тэр сэргэлтийн өмнөх “гэрэлт мөч”-д/блестяшая промежутка/ тэрхүү хушууг тойрч таардаг ажээ. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн өөрчлөлттэй үе нь таардаг хэрэг л дээ. Тийм үед хүмүүс хий юм үзэж, сонсох нь уг нь хэвийн үзэгдэл юм. Эмнэлгийн хэлээр галлюцинаци/хий үзэх/ бөлгөө. Шархадны гэх эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтсэн хүн болгонд, архины цагаан солиотнуудад тиймэрхүү зүйл харагдаж, сонсогдох нь байдаг л нэг үзэгдэл юм. Яг тийм зүйл тохиодог байхыг үгүйсгэхгүй, гэхдээ л эл тодруулгыг хийв. Гэтэл жолооч нарын тэр дундаа эл идэр эрийн өгүүлснээр бол арай өөр процесс явагдаад байх шиг санагдсаныг өгүүлэх нь зүйтэй биз. Жолооч нар хушуу тойрох үед хятад, монгол нь үл мэдэгдэх нэг өндөр нөхөр гараа өргөдөг болжээ. Энэхүү хий үзэгдэл тэнд буй болсоор лавтай зургаан сарын нүүр үзэж байгаа юм байх.
     
    Тэрүүгээр явсан жолооч болгонд шахуу харагддаг гэхээр сонин байгаа юм л даа. Солиорсонд нь харагддаг байсан бол зарим нь юу боллоо гэж үзэв гэж. Бүр нэг дүрсийг бүгд харсан гээд байгаад учир байгаа юм. Гараа өргөсөн өндөр хүн. Дэргэд нь очоод зогсохоор алга болчихдог ажээ. Жолооч болгон арай өөрөөр ярих нь мэдээж. Тийм болохоор Болдбаяр гэх эл эрийн ярьсныг ямар ч хачир, нэмэргүй хүргэе. Болдоо Тавантолгойд ажилд ороод эх орныхоо нүүрсийг гол харалтал/өөрийнх нь хэлснээр/ зөөх болсоор бүтэн гурван жилийн нүүр үзжээ. Нэг ёсондоо тэр хавьдаа архаг жолооч нарын нэг гэсэн үг. Жолооч нар нүүрс зөөхдөө бараг тасралтгүй явдаг болохоор заавал хоёул, гурвуулаа гарах гээд байх шаардлагагүй агаад аль болох олон эргэлт л хийж байвал авдаг хэд нь нэмэгдээд байдаг ажээ. Тиймээс мөнгөнд улайрсан нөхөд нойр, хоолгүй явахын тулд эсэн бусын юм хэрэглэдэг юм байна л даа. Эхний жилдээ ч эрийн сайн, насны залуугаар давчихдаг бол хоёр дахь жилээс нь “100” татахгүй аваас давдаггүй даваа болдог юм байх. Гурав дахь жилээс нь мэдээж “ми-ми” хэрэглэхгүй бол үүрэглээд барахгүй л дээ. Манайхан тэрхүү “ми-ми”-г нь хар тамхи, мансууруулах бодист тооцдоггүй бололтой. Шалгалт энэ тэр болдоггүй ажээ. Ингээд мань хүний ээлж хаврын тэр нэгэн өдөр тохиожээ. Болдоогийн хувьд “ми-ми”-д арай ороогүй. “100” граммыг бол харин татчихдаг, дунд зэргийнд багтах сэргээштэний нэг гэнэ. Тэр удаа яагаад ч юм нөгөө “ми-ми”-г анх удаа хүртжээ. Ингээд хэсэг залхуу хүрсэнээ төдөлгүй сэргээд иржээ. Ёстой нөгөө нойр хаачив болсон санагджээ.
    Тэгээд л тоос татуулан давхиад байхаар яг “Хэрээт”-ийг тойртол нэг өндөр хар сүүдрэн хүн гараа өргөжээ. Энэ талаар өмнө нь дуулсан болохоор нэг сайн харж аваад зогсолгүй өнгөрөөд явчихжээ. Эргэж ч хараагүй гэсэн шүү. Тэгээд нүүрсээ хүргэдэг газар нь хүргэчихээд буцахдаа мөн л үдшээр нөгөө газраараа дайрсан боловч өндөр хүн алга байжээ. Би ч ёстой хий үзэгдэл харжээ гэж бодоод өнгөрчээ. Хэд хоноод дахиад нэг эргэлт хийх далим гарсанд архи, “ми-ми” огт хэрэглэлгүй явахаар шийдсэн байна. Замын зүйлээ бэлдээд ачаагаа аваад давхисаар “Хэрээт”-ээ тойртол өнөө өндөр хүн яг байдаг газартаа зогсч байжээ. Архи уугаагүй, мансуураагүй тул хэрхэхийг нь ажихаар хажууд нь очоод хаазаа гишгэжээ. Машин ч зогтуссан байна. Мань хүн ч сүүтэгнээд алга болжээ. Тэрхүү явдлаас хойш тэрүүгээр өчнөөн явсан бөгөөд   тааралдаж л байдаг, хажуугаар нь өнгөрч л байдаг шахуу юм болж орхисон гэх. Болдоо ганцхан юмыг л гайхан өгүүлсэн нь эрүүл явсан ч, манарч явсан ч таардагт байгаа юм. Бас нэг хачирхууштай нь хэн ч харсан өндөр хар нөхөр байгаад байдаг. Зарим жолоочид эр, заримд нь эм хүн харагдвал асуудал арай өөр болно. Мөн нэг хачирхалтай зүйл нь, зөвхөн Хятад руу явах замд тохиолдохоос наашаа яваа жолооч нарт үзэгддэггүй явдал бөлгөө. Үүнээс ургуулаад бодохул хятад хүний сүнс юм уу хий үзэгдэл байж болзошгүй мэт. Нутаг руугаа тэмүүлээд байна бус уу? Монголд үхсэн, эсхүл амиа хорлосон нэг хужаа юм уу өвөр монгол байж мэдэх. Тийм биш бол Ханбогдын чөтгөр үү, Тавантолгойн буг уу гэдэг асуудал сөхөгдөх нь зүйн хэрэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn
    – See more at: http://www.wikimon.mn/content/52761.shtml#sthash.gRvcd3rn.dpuf
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв:
    Эрхэм хүндэт найз нөхөд өө!
    Та бүхэнд ирж буй 2020 оны Шинэ жилийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!
    Улиран одож буй 2019 он нь манай хоёр улсын хувьд үйл явдлаар баян байлаа. Бид Халх голын Ялалтын 80 жилийн, УБТЗ нийгэмлэгийн 70 жилийн, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 9-р сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ялалтын ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулсан ёслолын арга хэмжээнүүдэд оролцов. Мөн саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д өндөр ач холбогдолтой албан ёсны айлчлал хийв. Бидний уламжлалт найрсаг харилцаа бүх чиглэлээр өндөр хурдацтай хөгжиж байгаа ба худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа маань дэвшилтэй өрнөж байна. Олон жил хуримтлагдаад байсан олон асуудал шийдвэрээ олж, манай хоёр орны харилцаа бүрэн эрхт улсууд хоорондоо тогтоож болох хамгийн өндөр түвшинд буюу иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрэв. Бид ирээдүйдээ итгэлтэйгээр урагш тэмүүлнэ!
    Оросын болон Монголын ард иргэдэд баярын мэнд дэвшүүлье! Ирж буй шинэ ондоо айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгодоо хүрсэн, эрүүл саруул, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе!
    Шинэ оны мэнд хүргэе! Сайхан баярлаарай!
     
  • Хадны оршуулгын хосгүй үнэт дурсгалыг дипломат ачаанд шургалуулж, хулгайгаар хил давуулжээ

     
        Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны дипломат ачааг ашиглан хил нэвтрүүлснийг хууль, бус, хулгайн арга гэж үзэхээс өөр аргагүй. Түүнчлэн дипломат албаны ачаанд шургалуулан Монгол Улсаас ХБНГУ-д хүргэхдээ ямар ч гэрээ, контракт үйлдээгүй аж. Өөрөөр хэлбэл, Монголын хадны оршуулгаас гарсан ямар ямар олдворыг Германы талд хүлээлгэн өгөв, хүлээн авав гэдэг баримт үлдээгүй юм. Монголоос ингэж зөвшөөрөлгүй хил давж одсон олдворуудаар германчууд “Талын дайчид” нэртэй үзэсгэлэн гаргаж 2012-2013 онд Бонн, Амстердам зэрэг хотуудаар аялуулсан төдийгүй олдворуудын зургаар ‘Талын дайчид” нэртэй ном хэвлүүлжээ. Хадны оршуулгаас гарсан олдворууд ийм ном болсон гэсэн үг.
     
        Герман хэл дээрх уг номыг бүтээхдээ зүй зохисоор бол Монгол Улсын Засгийн газрын 23 дугаар тогтоолын дагуу манай улсаас зөвшөөрөл авах ёстой. Соёлын хосгүй үнэт өв, дурсгалаар ном хийх, хувилан олшруулж худалдан эдийн засгийн эргэлтэд оруулах бол заавал зөвшөөрөл авах талаар уг тогтоолд заасан байдаг. Ном хийж, үзэсгэлэн гаргасан нь яахав гэхэд дипломат ачаанд нууж, хулгайгаар хил гаргасан олдворууд бүгд бүрэн эргэж ирэх үү гэдэг хамгийн гол асуудал. Олдворууд дотор маш ховор, нандин дурсгал зөндөө бий. Тухайлбал, чанарын хувьд маш сайн хадгалагдсан, унаган дүр байдал, өнгө зүсээ 1500 жилийн турш алдаагүй эртний Монголын морьтон баатар эрсийн зэвсэг хэрэглэл, түүний дотор нум сум болон сумны хоромсог саадаг бий.
     
         Үүнээс гадна морин толгойтой чавхдаст хөгжмийн зэмсэг гэхэд л Монголд төдийгүй нийт нүүдэлчдийн ертөнцөд одоогоор цор ганц байгаа хосгүй дурсгал бөгөөд дээр нь сийлмэл зураг дүрс, эртний руни /түрэг/ бичиг байгаа нь Монголын хөгжмийн урлагын уламжлалаар тогтохгүй хүн төрөлхтний хөгжмийн соёлын түүхэнд тэмдэглэгдэх, шинжлэх ухааны шинэ нээлт, судлагдахуун болохоор хосгүй дурсгал аж. Энэхүү ховор дурсгалын дөрвөн талаас нь авсан гэрэл зургийг “Талын дайчид” номын 260-261 дэх хуудсуудад нийтэлсэн байна. Хадны оршуулгаас гарсан нийт 98 орчим нэр бүхий ховор нандин дурсгалыг Монгол Улсын хууль зөрчин, хулгайгаар хил гаргасан холбогдох баримтуудыг урдчилсан байдлаар цагдаагийнхан тогтоон, энэ үйлдэлд буруутай байж болох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 175.2-т зааснаар буюу археологийн ба палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
     
        Дашрамд дурдахад, хадны оршуулга гэдэг нь хадны нөмөр, хөнөг, чийг орохгүй, хуурай орчинд үйлдсэн эртний оршуулгын нэгэн хэлбэр. Хадгалалтын нэн таатай ийм орчинд органик эдлэлүүд, түүний дотор мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл, торго дурдан зэрэг нь онцгой сайн хадгалагдаж бидний үед эрт цагийнхаа түүхийг хүүрнэхээр хүрч ирсэн байдаг. Харамсалтай нь археологийн олдвор хэлбэрээр газар эхийн хэвлийд нуугдаж ирсэн хосгүй үнэт ийм дурсгалуудаа манайхан хэнэг ч үгүй, ямар ч баримтгүйгээр, гэрээ үйлдэлгүйгээр харь оронд найр тавиуд өгчихдөг нь гол харлуулам. Археологийн дурсгал тухайн улс, ард түмний үндэсний тусгаар тогтнолын баталгаа байдаг. Үүнийг дэлхийн ард түмэн ойлгодог учраас археологийн судалгаанд онцгой ач холбогдол өгдөг. Манайхан ийм дурсгалуудаа олж авч байгаа нь сайн хэрэг ч харь оронд найр тавиад өгчихдөг нь үнэхээр таагүй хэрэг. Өгч болох ч буцаан авах баримт сэлт үлдээж, ил тод хийж болмоор доо. VII-XIV зууны үеийн нүүдэлчдэд холбогдох хадны оршуулгын дурсгалаас гарсан олдворуудыг ийнхүү хууль бусаар хил гаргасныг сүүлд Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мэдэж, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманнтай энэ оны аравдугаар сарын 21-нд уулзаж байжээ.
     
         Тэдний уулзаж ярилцсан тэмдэглэлд, ховор олдворуудыг хууль бусаар хил гаргасан учрыг сайд Ц.Оюунгэрэл ноён Элчин сайдаас асуухад Элчин сайд Монголоос Д.Цэвээндорж, Ц.Төрбат, Д.Батсүх нарын хүмүүс өгсөн тухай ярьсан байгаа юм. Элчин сайдын ярианд нэр дурдагдсан хүмүүс нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, тус хүрээлэнгийн секторын эрхлэгч Ц.Төрбат, эрдэм шинжилгээний ажилтан Д.Батсүх нар гэсэн. Нэр бүхий хүмүүс улсдаа мэдэгдэлгүйгээр, хил гаальд тэмдэглүүлэхгүйгээр ховор олдворуудыг хил гаргасныг сайд Ц.Оюунгэрэл мэдсэн хэрнээ хууль хяналтынханд мэдэгдэж, буруутай байж болох этгээдүүдийг шалгуулах, олдворыг буцааж авчрахаар ажиллах үүрэгтэй ч нуун дарагдуулжээ. Сайд хүн улсынхаа тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудлыг нуун дарагдуулсан ч цагдаагийнхан энэ тухай мэдэж, шалгаж буй нь сайн хэрэг. Түүх соёлоо хамгаалахад хамтарч ажиллахгүй байна гэдэг нь байж болохгүй зүйл учир Ц.Оюунгэрэл сайдын энэ үйлдлийн тухай дурдаж буй билээ. Цагдаагийнхны олж тогтоосноор 2008-2010 онуудад буюу “Монгол алтайн түүх археологийн дурсгалууд-2” төсөл хэрэгжих үед ийм хууль бус үйлдэл гарчээ.
     
         Дээрх төслийнхөн олдворуудыг Археологийн хүрээлэнд авчраад тэндээ байлгаж байгаад, Археологийн төв дээр Жан Бемман гэдэг герман хүнд эрдэм шинжилгээний ажилтан Д.Батсүх өгчээ. Гэхдээ энэ хоёр хүн хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэж аль аль нь гарын үсгээ зурж баталгаажуулаагүй. Хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй. Зөвхөн олдворуудыг англиар нэрлэсэн жагсаалт үндэслэсэн аж. Олдворын нэрийг англиар бичсэн учраас ямар ямар олдвор гэдэг нь маш тодорхойгүй, дундаас нь өөр зүйлээр орлуулах, авч үлдэх нөхцөл бүрдсэн гэсэн үг гэж хардаж буйгаа хуулийнхан хэлж буй юм. Жан Бемман гэгч энэ хүн сүүлд “Тамын дайчид” номыг эмхтгэсэн хүмүүсийн нэг болж нэр нь орсон. Жан Бемман Германы Элчин сайдын яаманд олдворуудыг аваачаад, дипломат ачаагаар хил гаргасныг цагдаагийнхан мөн тогтоожээ. Хосгүй үнэт олдворууд одоо Германд байгаа бөгөөд тус улсаас авчирч өгнө гэдгээ мэдэгджээ. Гэхдээ хэдэн олдвор гаргасныг мэдэхгүй, бүртгэл байхгүй болохоор бүрэн гүйцэд ирнэ гэдэг нь бүрхэг. Дипломат ачаагаар гарсан учир хил, гаальд ямар ч мэдээлэл байхгүйгээс яаж тулгаж авах нь ч тодорхойгүй. Үүнээс гадна ‘Талын дайчид”-ыг дипломат ачаанд шургалуулж, хулгайгаар гаргасны учир юу вэ гэдэг их л сонин. Цагдаагийнхан энэ бүхнийг шалган тогтоох биз ээ.
     
     
    Ц.Эрдэнэцэцэг

     
  • “Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон” нийтлэлийн няцаалт гарчээ

     
    Тэрээр нийтлэлдээ “Анх уншихад уур хүрч муусайн оросуудыг толгой бүтэн үлдээсэн нь эзэн хааны буруу гэж омтгойрно.Гэвч энэ өгүүллээс бодох юм их байна.Жишээ нь, монголчуудын шинэ түүхээ бүтээхдээ бүх түүхээ 1921 оноос эхэлсэн гэж тоолдог.Чингэсийн байлдан дагуулалтын түүхийг монголчууд мэддэггүй, хойч үедээ заадаггүй.Рашид Ад-дин, Гилом де Рубрик, Плано Гарфин нар Хар хорум гэдэг.
     
    Монголын нийслэлд бараг дэлхийн бүх мөнгөөр гүйлгээ хийдэг гэж тэмдэглэсэн нь худлаа.Монгол өөрөө анхны мөнгөн тэмдэгтээ 1924 онд хэвлэсэн Хар хорумын малтлагаас ганц ч зоос олдоогүй гэх юм даа.Монголын түүхчид Оросоор түүхээ зохиолгосны гор одоо л гарч байна.Нээрээ бид чинь Монголын эзэнт гүрэн гэж байсан, тэр аугаа их Чингэс хааны удам судар одоо бид байна.Цагтаа дэлхийг байлдан дагуулж явсан гэдгийгээ одоо яаж батлах юм билээ” хэмээсэн юм.
     
    Тус нийтлэл хэвлэгдсэн цагаас эхлэн манай сонины редакцад Монголын түүхч эрдэмтдийн олон захидал ирсэнд баярласнаа илэрхийлье.Мөн тусгаар улсын түүхэнд ингэж халдаж байгаад манай эх оронч улстөрчид болон үндэсний аюулгүй байдпын зөвлелөөс огтхон ч анхаарсангүй.Уг нь бол тусгаар улсын түүхийг мушгиж байхад хэлэх үг баймаар юм.
     
    Харин ОХУ-ын цахим сэтгүүл дээр блогчин goshlOO хэмээх Григорий Мухин “Татар Монголын дарлалыг үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол” нэртэй нийтлэл бичин, А.А.Кунгуровыг няцаасан байна.Григорий Мухин нь 41 настай, Москва хотын Н.Э.Бауманы технологийн их сургуулийг төгссөн нэгэн аж.Ингээд түүний нийтлэлийг TIME.MN сайтад М.Сугар-Эрдэнэ орчуулсныг хүргэе.
     

    “Үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол”
    Алексей Кунгуров хэмээх зохиолчийн бичсэн Монголын Эзэнт гүрний албан ёсны түүх бол түүхчдийн бичсэн худал хуурмаг зохиол, Татар-Монголын дарлал Орост болж байгаагүй гэсэн нийтлэлийг уншаад би Москвагийн Түүхийн музейд хэд хоног өнгөрөөлөө.Ер нь интернтэд иймэрхүү зүйл бичдэг “судлаачид” олширч, бас өөрийн гэсэн дэмжигч коментчидтой болоод байгааг дурдая.
     
    Мэдээж, иймэрхүү хагас ухаантай этгээд нетэд олон, бүгдэнтэй нь маргаад байлтай биш гэж төвөгшөөгөөд орхиж болох ч нэгдүгээрт Их гүрний өмнөөс гомдол төрөөд, хоёрдугаарт түүхийн бүхий л материал гарын дор байсан тул Кунгуровын баримттай тулган шалгаж үзлээ.За юуны өмнө Кунгуров гуай монголчууд ямар ул мөр үлдээсэн бэ гэдэг талаар юу бичсэнийг үзье.
    “Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад XX зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд.Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй.
    Архитекторын дурсгал-0 тэг.
    Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй.
    Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй.
    Эдийн засаг- 0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ.Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар.Тэгвэл бас л юу ч байхгүй.
    Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй.
    Зэр зэвсэг- 0 тэг.
    Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ.
    Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй” гэж бичсэн байна.Тэгээд энэ хэсгүүдээ задлан, өөрийн үзэл бодлоо баталсан байх юм.Гэхдээ түүний өөрийнх нь бичсэн зүйлүүд л өөрийг нь няцаахад хангалттай баримт болж байгаа юм.За ингээд няцаалтаа эхэлье.
    1. Бичгийн дурсгал- Үнэн хэрэгтээ монголчуудын байгуулсан асар том гүрэн улсын талаар бичсэн зүйл маш олон бий. Эртний Орос, Европ, Перс, Хятадын болон өөр олон бичгийн дурсгал байгаа.Европ, Орос сурвалжид тэднийг татар гэж нэрлэдэг бол Хятад, Перс сурвалжид монголчууд гэсэн байдаг.Өөр өөр орны энэ эх сурвалжууд газар зүй, он цагийн хувьд таарч байдгийг хэлэх хэрэгтэй.
     
    Жишээ нь: Рашид-ад-Дин монголчууд Зүүн Европт довтлохоор бэлтгэж байгааг бичээд зогсохгүй Бат хааны Оросын вант улсуудад хийсэн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлж, зарим тохиолдолд Оросын түүхчдийн мэдээллийг нөхөж, тодотгож өгсөн байдаг. Кунгуров XIX зуун хүртэлх Оросын бүх түүхэн бичиг хуурамч гэж бичиж байгаа нь угаасаа утгагүй зүйл юм.
     
    Гадаадын бас бүх сурвалж хуурмаг болж таарах уу.Олон арван хэл дээр гарсан, энд тэндээс олдсон энэхүү үнэт бичиг соёлын дурсгалууд бүгд ижилхэн худлаа бичнэ гэж байхгүй билээ.Тэрээр Монголд бичиг үсэг байгаагүй гэж бичиж.Бичиг үсэггүй байж, яаж ийм том гүрнийг удирдан зохион байгуулах билээ хэмээн гайхаж.
    Хариулт амархан, монголчууд эзэлсэн орныхоо бичиг үсгийг ашигладаг байсан.Алтан Ордны улс араб хэл хэрэглэдэг байсны жишээ бол 1397 онд Төмөрхүлүг хаан Оросын ванд араб хэл дээр бичсэн захиа байна.Мөн 1361 оны үеийн төмөр пайзан дээр “Келдибек хааныг дагаагүй бүх хүн тэнгэрийн гэсгээлийг хүртэх болно” гэж арабаар бичсэн байна.
    Төмөрхүлүг хааны захиа Кунгуров уйгар бичигтэй “Чингисийн чулуу”-г монголчууд үүнээс хойш өөр ямар ч бичиг үсэг ашиглаагүй мэт л будаа болтол нь шүүмжилжээ Гэхдээ тэр Оросыг Чингис хаан эзэлсэн гэж бодоод байх шиг байгаа юм.Тэгээд л Чингисийн үеийн хоцрогдсон.зэрлэг бүдүүлэг нүүдэлчид гээд л бичиж. Тэгвэл Евразийг Батхаан болон түүний үр удам эзлэн дагуулсныг сургуулийн сурагчид ч мэднэ шүү дээ.
    2. Архитекторын дурсгал-Кунгуров Хархорин гэдэг монголчуудын нийслэлийг огт байгаагүй гэж бичсэн байна. Хайгаад хайгаад сүм хийд, ордон, ер нь юу ч олоогүй гэж.Тэгвэл Хархорин хэдхэн арван жил л Монголын нийслэл байсныг хэлэх хэрэгтэй.Дараа нь хэдэн зуун жилийн турш дайн дажны хөлд үрэгдэн хүн амьтангүй болж, дахиж баригдсаар байсан хот юм.
     
    Хотын шинэ оршин суугчид хуучин барилгын материалыг барилгадаа ашигладаг байсан, соёлын үнэт зүйлсийг хамгаалах яам тамгын газар байгаагүй болохоор тэд ноён Кунгуровын Монголын нийслэлийг цэцэглэн хөгжиж байснаар нь харах хүслийг биелүүлж чадаагүй хэрэг.Тэгвэл тийм яам, тамгын газар Орост ч байгаагүй гэдгийг би хэлмээр байна.Одоогийн Москвад 1420 оноос өмнөх барилга байдаггүй гээд ямар ч эрүүл ухаантай хүн Москва 15 дугаар зуунаас хойш үүссэн гэж маргалддаггүй биз дээ.
     
    Кунгуров “Өгөдэйн ордны дороос XVII зууны сүмийн туурь гарч ирсэн гэж зүгээр л худлаа ярьжээ.Сүмийн туурь үнэхээр олдсон, гэхдээ XIII зууны эхэн үеийн сүм байсан.Тэгэхээр бүрэн бүтэн барилга олдоогүй гэдгээр татар монголчууд архитекторын дурсгалгүй байсан, Их гүрэн ч байгаагүй гэж үзэхэд хангалтгүй юм.Бүх юм өөрийн цаг үедээ л байсан хэрэг.Москвагийн Түүхийн музейд энэ талаар олон үзмэр бий.Ер нь бол монголчуудын байгуулсан олон зуун хот тосгон байсан гэдгийг хэдийнэ баталсан тул монголчууд дан ганц Хархоринтой байгаагүй гэдгийг хэлье.Хамгийн инээдтэй нь эрхэм Кунгуровын төрсөн хот Тюмень ч Алтан Ордны улсын нийслэл хот байсан гээд энд бичжээ.
    3.Хэл шинжлэл- Хэл шинжлэлийн тухай бичихдээ юуны өмнө Татар Монголын байлдан дагуулагчид ямар хэлээр ярьдаг байсныг эхлээд мэдэж байх ёстой болов уу.Кунгуров тэднийг зөвхөн монголоор ярьдаг байсан гэж бодож байх шиг байна.Тэгвэл эртний түүхийн бичгээс үзэхэд Чингис хааны улс үүсэн байгуулагдаж байх үедээ ч түрэг болон монгол хэлтэй ард түмнүүдээс бүтэж байжээ.
     
    Кипчак зэрэг түрэг хэлтэй олон улсыг нэгтгэсэн Бат хааны үед бол түүний арми дан монгол хэлтэй байхын аргагүй байлаа.Монголчууд тэр үед эзлэгдсэн орны цэргүүдээр хүчээ сэлбэдэг байсан бөгөөд оросууд Иран, Хятадад хийсэн аян дайнд оролцож байлаа.Ингэхээр Оросыг түрэг хэлтэй цэрэг дайчид эзэлсэн гэж үзэж болох бөгөөд орос хэлэнд түрэг үг маш их бий.
     
    Мэдээж булаан эзлэлтээр л түрэг орос хэл холилдсон гэж үзэж болохгүй ч бичгийн дурсгалаас харахад энэ үг хэзээ, яагаад орос хэлэнд орсон нь ойлгогддог.Жишээ нь Татарын дарлалтай цуг яма, ямшик (морин өртөө), деньги (татарын задгай мөнгө), таможня (гааль) гэсэн үгнүүд орж ирсэн.Мөн доха-(монголоор дах), тьма- (монг. түмэн), есаул- (монг. засуул), орда- (монг. ордон), бугай-(монг. бух), мерин- (монг. морин), караул- (монг. харуул), капкан- (монг. хавх) гэсэн монгол үгийг бид гадаад үг гэж бодолгүй хэрэглэдэг билээ.
    4.Соёл эрх зүй- Оросыг Байгалийн цаадах хагас зэрлэг нүүдэлчид эзэлсэн гэж бичдэг ч үнэн хэрэгтээ Батын их гүрэн Орост довтлохоосоо өмнө олон соёлт ард түмнийг байлдан дагуулсан, соёлыг нь шингээсэн орон байлаа.Тийм болохоор бидний амьдралд түрэгийн соёлын ул мөр алхам тутамд тохиолддог.Айлд ороод гутлаа тайлахаас эхлээд хананд хадсан хивсээ хар.
    5.Эдийн засаг- Хэрэв эдийн засаг гэдэг ухагдахуунд Кунгуровын ойлгож байгаа шиг алт мөнгийг хэлж байгаа бол бүх юм ок байна гэсэн үг.Бичгийн олон дурсгал, археологийн олдворуудаас гадна түүний дурдсан Европын аялагчид ч үүнийг баталж байгаа.Жишээ нь зураг дээр байгаа Алтан ордны улсын шаазан эдлэл.
    Кунгуровын хэлээд байгаа Сарай хотын тууриас олсон бөгөөд хэдэн ширхэг гэрийн эд зүйлс гээд байгаа нь.Эндээс мөн олон тооны алт, мөнгөн зоос олдсоныг музейгээс үзэж болно.Ер нь бол алт мөнгө, баялаг Алтан Ордны улсад хангалттай байсан.
    6.Мөнгө- Дээр дурдсан тул энд нуршихыг илүүд үзэв.Ер нь бол Кунгуров хараагүй гээд тэр зүйл нь байхгүй гэсэн үг биш билээ.
    7.3эр зэвсэг- Кунгуров монголчуудын гол зэвсэг нум сум байсныг мэддэг нь сайн хэрэг.Тэгсэн мөртлөө тэр нум сум бараг хэрэггүй зүйл гэж хэлсэн байх юм.Үнэндээ ган үзүүртэй дунд зэргийн сум хуяг, дуулгыг цөм цохих чадалтай.Мэдээж хэрэг хэн дуртай нь ямар ч зайнаас цөмлөөд байхгүй ч гэсэн нум сум хангалттай хүчтэй зэвсэг юм.
     
    Тиймээс л Английн харваачид Францын хуягт рыцариудыг бут цохиж чадаж байлаа.Эсвэл 100 жилийн дайн бас болоогүй, түүхчид зохиосон юм болов уу.Кунгуров монголчуудыг төмөр хайлуулж чаддаггүй, тийм болохоор төмөр зэвсэггүй байсан гэж бичжээ.Тэгвэл энэ үзмэрт байгаа монголчуудын зэр зэвсэг зүүд зэрэглээ юм болов уу, эсвэл археологчид нууцаар аваачиж хаясан юм болов уу.
     
    Төмөр гарган авахын тулд хөдөлмөрийн хуваарилалт хэрэгтэй, ядуу орон чадахгүй гээд л бичсэн байх юм.Үнэндээ тэр үед хоёр цоорхойтой шавардсан нүх байхад л төмөр гарган авч байсан бөгөөд Кунгуровын хэлсэн шиг өндөр технологи огт хэрэггүй.Нүүдэлчид зөвхөн өөртөө л зориулж хоол хийдэг, өөр юм хийж чадахгүй гэж бичсэн байна.
     
    Тэгвэл тэр нүүдэлчид чинь ан агнуураас гадна байнга дайтаж байлддаг байсан төдийгүй, өөрийн феодалын засаг захиргаатай, өөрөөр хэлбэл баяд ноёд, зарц барлагтай, худалдаа наймаатай, байлаа.Тэд түүний хэлсэн шиг ясан зүүгээр юм оёод суугаад байдаггүй, зэр зэвсгээ бэлдэн, эхнэр хүүхэддээ ар гэр, аж ахуйгаа даатгаад, алдар нэр, олз омгийн төлөө дайнд гардаг байлаа.
    8.Ардын аман зохиол- Монголчуудын аман зохиолд байлдан дагуулалтаа дурдаагүй гэнэ.Энэ баталгааг авч үзэх хэрэг ч алга.800 жилийн дотор ямар ч юм өөрчлөгдөнө шүү дээ.
    9.Генетик- Кунгуров Евразид монголчууд байсан генетикийн ул мөр байдаггүй гэж бурсан байна.Үүний хариуд та бүхэнд Кунгуровын зургийг толилуулахад л хангалттай.Тэр толинд хараад өөрийгөө хөх нүдтэй, шар үстэй байна гэж хардаг юм болов уу. Ер нь Оросын архитекторыг судлаад үзэхэд Монголоос өмнөх буюу 1237 он хүртэл, Москвагийн буюу 15 дугаар зуунаас хойших гэж хоёр тодорхой хуваагдсан байдаг.
     
    Голд нь 200 жил байгаа биз.Энэ 200 жилд бараг юу ч бүтээгээгүй, босгоогүй байдаг.Урлаг, гар урлалд ч адилхан.Энэ бол татар монголчуудад эзлэгдэн, уналтанд орсны үр дүн гэж үзэхээс өөр аргагүй.
    Эх сурвалж:
  • ХУРАНДАА НАР ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭВ.

    Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын хурандаа нар нэгдэж “ХУРАНДАА” нийгэмлэг байгуулсан билээ. Энэ хүрээнд шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн шинэ жилийн арга хэмжээ нь эмэгтэйчүүд хурандаа цол  хүртэсний 25 жил тохиож байгаагаар онцлог байлаа. Шинэ жилийн арга хэмжээг энэ удааг Цагдаагийн салбар зөвлөл зохион байгуулсан байна.  Хурандаа нийгэмлэгийн энэ жилийн шилдэг салбараар Зэвсэгт хүчний салбар зөвлөл шалгарсан байна.

  • ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧИД СПОРТОД ХҮЧЭЭ СОРИВ

    ҮБХИС-ийг Улс төрийн мэргэжлээр төгсөгчдийн дунд 2019 оны Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Дардасын тэмцээний аварга баг, тамирчид шалгаруулах тэмцээн боллоо.
    Энэ амралтын өдрүүдэд болсон арга хэмжээг Цэргийн улс төр, соёл, хүмүүжлийн
    ажилтны нэгдсэн эвлэл зохион байгууллаа.
     
  • Судалгаа: ‘Монголд авлига хэвийн үзэгдэл болсон’

    Азийн Сангийн Суурин Төлөөлөгч Марк Кэйниг энэ талаар “Бид олон нийтийн авлигын талаарх ойлголт төсөөллийг судлах судалгаанд хамрагдагчдыг санамсаргүй байдлаар сонгон оролцуулдаг. 2019 оны судалгааны зарим үр дүнгээс дурдахад, оролцогчдын 93.6 хувь “авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэж хариулжээ. Энэ нь 2018 оны ижил судалгаатай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Гэсэн ч энэ тоо бодит байдал дээр авлигын асуудал манай улсад илт нэмэгдэж байгааг илэрхийлэх боломжгүй бөгөөд зөвхөн олон нийт авлигын асуудалд хэрхэн хандаж байгаа тухай мэдрэмжийг харуулна. Тэгвэл нөгөө талдаа өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан өрхийн төвшний жижиг авлигын тохиолдол буурах хандлага үргэлжилсээр байна. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд авлига, хээл хахуул өгсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа иргэдийн тоо 3.3 хувиар буурсан байгаа. Сүүлийн жилүүдэд Улс төрийн намууд авлигын асуудалд хамгийн их холбогдох болсон гэсэн судалгаа гарсан. Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгааг харуулсан. Гэвч улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд судалгаанд хамрагдагчдын 88 хувь нь “улстөрчид уг асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна’ гэж хариулсан.
    Сант Маргад Сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати “Монголын нийгэмд төдийгүй дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Бид авлигын талаарх судалгаануудад тусгагдсан олон жилийн мэдээллээс ажиглагдаж буй чиг хандлагууд дээр тулгуурлан тайланд нэмэлт дүн шинжилгээ хийж, өөрсдийн санал дүгнэлтээ өгсөн бөгөөд санаа зовоож буй чиг хандлагыг өөрчлөхөд шаардлагатай зүйлүүдийн талаарх өөрсдийн саналыг санал болгож байна. Монголчууд авлигад илүү их бухимдаж, эдгээр хор хөнөөлтэй үйлдлүүдийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл. Гэсэн ч энэ жилийн судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын төвшин дахин шинэ дээд төвшинд хүрсэн дүн гарсан. Мөн цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тал дээр илүү сайн оролцож олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх хэрэгтэй байгаа юм” гэлээ.    
    Сэтгүүлч Э.Мөнхзаяа