logo

logo.jpg

Advertisement

ЦАГААН ХАЙРХАН БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА

ЦАГААН ХАЙРХАН БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ

НЭГДСЭН ИХ ТАХИЛГА

2017 оны 7 дугаар сарын 19-ны өглөө Завхан аймгийн төв Улиастай хотоос МБНЭ-ийн цуваа Нэгдсэн их тахилга хийхээр Отгонтэнгэр хайрханы зүг хөдөллөө. 40 гаруй автомашин нэгэн цуваанд орж, дэг журамтай хөдөлсөн нь сүрлэг бөгөөд өнгөлөг харагдаж байлаа. (Цаана нь Говь-Алтай, Хөвсгөл аймаг, хотоос 10 гаруй машин хоцорч очсон.)
Бид урьдчилан газраа сонгоогүй байсан нь бэрхшээл авчирав. Эхлээд бид нутгийн бөө нарын заасан Даян дээр очсон юм. Сонголт нэг л болсонгүй. Тэндээс шууд бид хотод хийсэн анхны сонголт болох хүүхдийн амралтын зуслангийн зүг хөдлөв. Автомашины урт цуваа хад асгыг сүлжин явна. 
Усан цахилгаан станцын дэргэдүүр өнгөрч, нэгэн хошууг тойрход Их хайрхан нүдэнд тулах мэт ойрхон гарч ирэв. Хүүхдийн амралтын зуслан өнгөрч нэгэн товцог дээр бид буудлаж, оройн тахилгын бэлтгэл ажилд орлоо. Бидний анхны сонголт зөв байжээ.
Төв асар барьж, хоёр тийш бусад майхнууд цувран бууллаа. Төрийн далбаа, МБНЭ-ийн туг байрлалаа эзэлж, үйл ажиллагаа жигдэрч, оройн тахилгад томилогдсон улаач нар бэлтгэл ажилдаа шуурхайлан ажиллана. 
Их хайрхан тод харагдах товцог дээр Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга, хүчтэй урсгалтай уулын голын эрэг дээр Лусын тахилга, Төв асарын чигтэй урд талд Долоон өвгөн одны тахилга, түүний цаахан Галын тахилга хийгдэхээр гортиг татан их хайрхан, гариг ертөнцдөө өргөх идээ, дээжээ бэлэн болголоо.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин тавдугаар өргөтгөсөн хуралдаан болж, бүх тахилга болон улаач нарын бэлтгэл ажлыг хэлэлцэн тодорхой үүрэг чиглэлээр хангалаа. Ялангуяа Хөвсгөл, Говь-Алтайн бөө нар хугацаандаа ирж чадаагүйтэй холбоотойгоор долоон өвгөн одны тахилгад ихээхэн өөрчлөлт орсон билээ.
Үүлгүй цэлмэг шөнө, тэнгэрт бүх од тод харагдана. Долоон өвгөн одны тэвш тэгшрэх мөчид газарт долоон өвгөн одны байрлалаар зассан аргалын галууд асч, хуур хэнгэрэгийн дуун тэнгэрт дүүлж, их тахилгын анхны тахилга, Долоон өвгөн одны тахилга эхэллээ. Бүгд их хайрханы зүг харж, чандамласан байрлалаар суусан байлаа.
Долоон өвгөн одны тахилгын Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран Ч.Болд, Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг, зайран Б.Баяржаргал, Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа, Монгол бөөгийн удган Балжинням, Монгол бөөгийн удган Б.Нарангоо, Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн зайран Дэвэл, удган Алтанзаяа, Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Ц.Сувдаа, Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн Тэргүүн удган Д.Наранцэцэг, Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг, Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Б.Солонго, Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн Тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун нар тус тус бөөллөө.
Долоон өвгөн одны тахилгад оролцогчид өөр өөрсдийн угсаа язгуурыг харуулсан өвөрмөц зан төрхийг тусгасан бөөлөлтийг хийж байлаа. Энэхүү тэнгэрийн зан үйлд Монгол туургатан Дархад, Халх, Буриад, Урианхай, Дөрвөд, Ойрод, Барга, Хотгойд, Торгууд, Тува, Цаатан бөөгийн язгуур, отог, овгууд оролцсоноороо онцлог байлаа.
Шөнийн харанхуйд өндөр газраас харахад газар дээр бадамлан асах галууд тэнгэрээс газарт одод заларч байгаа мэт тод гэрэлтэн харагдана.
Өглөөний наран уулсын дээгүүр мандан гарч ирэхэд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы Их тахилга эхэллээ. Энэ удаа энэхүү тахилгыг Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун толгойлж бөөлөх байсан боловч, гэнэтийн гачигдал гарч өөрчлөгдсөн билээ.
Отгонтэнгэр хайрханы Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлж бөөлсөн билээ. Олон удаагийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, хашир туршлагатай их зайрантан үйл хэргээ амжилттай хийж бөөллөө. Тэрээр гэнэтийн даалгаврыг биелүүлж, цаг нь тулсан үед ямарч хүнд хэцүүг үүрч гарах даацтай болсоноо харуулсан. 
Түүнийг залгаад Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд их хайрханы Хайрханы тахилгад тэргүүлж бөөлсөн юм. Өмнөх их тахилгуудаас ялгагдсан өвөрмөц өөрийн өнгө төрхтэй, нилээд задгайдуу гэмээр бөөлөлт байсан.
Онгодын мэдээллээр гурван төрлийн амлагаа байсан боловч шууд савдаг дайрч орж ирсэн. Харин Цагаан уул хайрханы магтаал дуудлаг, цагаан уул хайрханы эр,эм савдагийг магтсан дуудлагыг сонсоод баярласан, олон жил ар талаасаа хүлээсэн тахилгын шүүс хундан цагаан хониндоо их харам байна лээ. Хамгийн залуугаараа Монгол бөөгийн тэргүүн удган цол хүртэж байсан, залуу удган залуучуудыг төлөөлөн их хайрханы гол тахилгад бөөлж, омогшил хөдөлгөж, олон хүний нулимас дуслуулсан, сайн муу, сайхан муухайгийн үг яриа өдсөн, содон бөөлөлт болсон. Уншигч олон дараа хийгдэх киноноос бодит байдлыг олж харж, өөр өөрсдийн дүгнэлтээ өгнө биз ээ. 
МБНЭ-ээс төр улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө залбирч, саад тотгор бологчдыг Мөнх хөх тэнгэртээ мэдүүлж, Хайрханы тахилгын галыг цунцалд айлтгал өргөсөн билээ.
Бөөлөлттэй холбоотой, бөөлөх томилогоотой холбоотой хэл яриа гарч байсныг энд дурдая. Ялангуяа хамтын шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэг манай байгууллагад нэг хүн дураараа шийддэг мэт ярих, эсвэл эрэгтэй, эмэгтэй хүн хамтран ажиллаж харагдвал бол “бөгс, бөөрөөр” нь холбох, атаархал хорсолын сэтгэлээр хандах зэрэг зохисгүй үзэгдэл байсаар байна. Цаашид ийм яриа гаргасан хүнийг нэртэй, зүстэй нь бичиж, ёс зүйн зэмлэл хүлээлгэж байх нь зүйтэй мэт санагдлаа. Миний амыг хэн ч үдэхгүй гэж хагархай ам гаргагч нь эрэгтэй хүн байсныг цухас дурдаад орхие. Олон нийтийн газар биеэ, хэл яриагаа зөв авч явж сурах хэрэгтэй. 
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын Их тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн толгойлж бөөлөв. Бөөлөлтийн явцтаа залуучуудад олон талаараа нэн чухал чанаруудыг харуулж чадлаа. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа дараа үе бэлтгэгдсэн МБНЭ-ийн удирдлага баяртай байна. Одоо цагт энэ чанар Монгол бөөгийн хөгжилд ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм.
Түүний дараа Лусын тахилгад Монгол бөөгийн их зайран Э.Балжир толгойлж бөөлсөн билээ. Монголын Дархад бөөгийн мөн чанарыг тодхон харуулсан, түүний бөөлөлт давдагдашгүй юм. Манай ахмад үе, “алтан” үеийн бөө нарын бөөлөлт нь нэн ховор олзуурах зүйл бөгөөд залуучууд тэднээс суралцах шаардлага бий.
МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн ахмад улаач нарыг “Алтан үеийнхэн” гэж өнөө цагт нэрлэхэд хэн ч буруутгахгүй болов уу. Эрч хүчтэй урсах голын чимээнд үхэр чулуун дээр тухлан сууж бөөлөлтийг сонирхон үзсэн улаач нар, шүтэн бишрэгсэдийн дүр төрх бүхий агшиныг би хэзээ ч мартахгүй. 
Отгонтэнгэрхайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн хуралдаанаар Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид толгойлж бөөлөх болсон билээ. Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид тэрхүү хамтын итгэлийг сайн биелүүллээ. Түүний бөөлөлтийн араас Монгол бөөгийн тэргүүн зайран, Баяндун сумын бөөгийн зөвлөлөийн удирдагч Батдорж толгойлж бөөлсөн. Буриад бөөгийн нэг онцлог болсон хамтын бөөлөлтөд энэ удаа олонд танил болсон, Монгол бөөгийн удган Жавзмаа нар тэргүүлж бөөллөө. Тэнгэрийн тахилгын бөөлөлтийн төгсгөлд Монгол бөөгийн их зайран Б.Болд өөрийн онгидоо залж, тэнгэрээ баясгасан билээ. Буриад бөөгийн бүхэл бүтэн “чуулга” энд бөөллөө. Буриадын гурван үеийнхэн бүгд хамарсан гэхээр Тэнгэрийн тахилга содон сайхан байсан. Энэ бас давтагдашгүй бөөгийн зан, үйл байв. 
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын Их тахилгыг Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Сосорбарам толгойлж бөөлсөн. Одод түгсэн үдэш, их гал сүртэй бадран асч, галын тахилга эхэллээ. Өөрийн сум, орон нутагтаа нэр хүндтэй Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам галын тахилгаа өрнүүлж байх агшинд түүний багш, Монгол бөөгийн их удган Б.Отгонсүрэн бөөлж эхэлсэн. Түүний дараа Монгол бөөгийн Тэргүүн удганЭрдэнэчимэг хуяглан бөөллөө. Галын тахилга өндөрлөсний дараа шөнийн туршид улаач нар лус, савдагаа баясган дуулж хоносон. 
Ийнхүү МБНЭ-ээс зохион байгуулсан Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга өргөн олныг хамарч, амжилттай болж өндөрлөлөө. 
Цэлмэг тэнгэрт өглөөний наран мандаж, байрлалд олны хөдөлгөөн орж эхэллээ.Дууны өсгөгчөөр сүрлэг сайхан хөгжим, дуу сэтгэл баясган цацагдана. Цаг хугацаа бага байсан тул МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдайн дөчин тавдугаар хуралдаан болж, шагнал урамшилын асуудлыг хэлэлцлээ.
Хуралдайныг залгаад Нэгдсэн их тахилгад оролцогчдын дүнгийн хуралдаан боллоо. Алс холыг зүүн хязгаараас ирсэн Буриад олон эндээс нутгийн зүг хөдлөх болжээ. Жолооч нь дараагийн ажил тулсан тул буцахаар болж, яагаад ч гуйгаад тусыг эс олов. Тэгээд тахилгад голлох үүрэг гүйцэтгэсэн улаач, түшээ нарын шагналыг гардуулах ажиллагаа болж дараа нь нийт тахилгад оролцсон бүрэлдэхүүн дурсгалын зураг дарууллаа.
Завхан аймагт Отгонтэнгэрийн тахилгад онцгой үүргийг Монгол бөөгийн тэргүүн удган, Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Сонинжаргал гуйа гялалзтал биелүүлсэн. Ганц дайчин ганцаарддагүйг харуулж, галтай цогтой ажиллаж, аймаг, сумын засаг даргатай уулзаж, тулах үедээ тулж, олон хоног нойр хоолоо умартан их ажил амжуулсан. Тэр ингэж зүтгэлгээгүй бол энэ тахилга “тиймхэн” болох байсан.
Завхан аймгийн зайран Дорж сайхан сэтгэл гаргаж, чин сэтгэлээсээ зүтгэсэн. Ийм олон хүмүүсийн зүтгэлээр тахилга сайхан болсон. Завхан аймаг удирдагчтай, эзэнтэй боллоо. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин тавдугаар хуралдаанаар Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Доржийг санал нэгтэй томилсон.
Түүхэн ач холбогдол бүхий Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга, бөөгийн түүхийг бас нэгэн хуудсаар баяжуулан түүх болон үлдлээ.
Сайн зүйлийн хажуугаар саар зүйл дагалдах нь юутай харамсалтай. Хамтарсан их үйлийн явцад бөөлж байгаа улаачдаа саад тотгор хийх, хориотой өргөл өргөх, бусдыгаа үл хүндэтгэн сагсуурах байдал зарим залуу улаач нар гаргав. Энэ нэг бус удаагийн үйлдэл, асуудал юм. Алтай таван богд, Бурхан халдун, Отгонтэнгэрийн Нэгдсэн их тахилга дээр ийм олихоогүй байдал харагдлаа. Ийм байдал гаргах нь өөрсдөд нь муугаар нөлөөлнө. Залуучуудад зөвлөхөд ийм зан үйл нь улаачаа төлөвшүүлдэггүй, хүчээ, онгодоо буцаах нэг нөхцөл болдог.
Аймгийн төв рүү өөрсдийн баг багаар цуваа тасарч хөдөлсөн юм. Харин зарласан цагт, болзсон газраас Улиастай хотоос Хар нуурын зүгт хөдөллөхөөр тохирсон билээ.
Д.Жаргалсайхан

Comments