logo

logo.jpg

Advertisement

Тэнгэрийн сэрэхгүй ба билиг төөрөг

Тэнгэрийн сэрэхгүй ба билиг төөрөг
 
Онолын хийлэгч, доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
Өрнийн онч эрдэм ил бодист оршихуйг буталж судалсаар хумхи ертөнцөд нэвтрэхэд аливаа бүрдэл юм нь хэрхэвч үл салах амин шүтэлцээтэйг илрүүлээд улмаар квант физикномлолыг хөгжүүлэн туршилтаар баталгаажуулсан юм. Эдүгэ бодист ертөнцийн энэхүү сургаалийн ноён нуруу нэгэнт тодорсон гэх хандлага газар авч, чинагш эл эрдэм технологийн дэвшлийг л бадраахад чиглэнэ хэмээх болов. Харин ил бодист хийгээд далд буюу ухаарал, мэдээлэл- энергит орчлонгийн шүтэн барилдахуйн жамыг судлахад шинжлэх ухааны шинэ дэвшил чиглэнэ гэж үзэж байна. Эрин цагийн эрдэм ухааны цараанд үл багтах нарийн туршилтын гарц дүн, билиг сэтгэлгээний үр хөврөлөөс өлгөж, энэ санаанд дэм өргөхийн хамт нүүдэлчин- монгол туургатны Мөнх Тэнгэр эрдмийн язгуур унги нь чухамхүү ил, далдын амьсахуйн билиг мэдрэмж суурьтай байсныг тандан өгүүлнэ. Үүн лүгээ уялдуулан бие цогцос- сэтгэл, тэнгэрийн сэрэхүйн амьсхуйн барилдлагаар өвөрмөц дээд төрөл төрх тохиож, амьсгал хураасны дараа ч үргэлжилж болох тухай санааг билиг эрдмийн үүднээс баримжаалж өргөв. 

Түлхүүр үг: Ил, далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн шүтэн барилдахуй, Бие цогцос, сүнс. Тэнгэрийн сэрэхүй, Мөнх Тэнгэрийн хүч.

ИЛ БА ДАЛДЫН ШҮТЭЛЦЭХҮЙ
Гараа. Дээд тэнгэрээс заяаж төрөөд өнөө үеэс 200 орчим жилийн өмнө Архангай аймгийн Цахир суманд амьдарч байсан гэгээнтэн “Гэсэр багш” Цэвээнраашийн Чүлтэмжамц,Аграмба Равсалын Санжайжав нар нь ил буюу бодист ертөнц хийгээд далд буюу билиг ертөнц лүгээ шүтэн барилдахуйн эрч үйлээр мөнх болон мөнх бусын шид чанарыг олоод,үл үжгрэх үүрдийн гэгээн шид эрчийг лагшин цогцостоо оршоон хадгалуулжээ. Ард олны дотор энэ талаар сүсэг бишрэлээр хүндлэхээс гадна, учир утгыг нь ойлгох, эрин цагийн шинжлэх ухааны үндэслэл юу болохыг сонсох эрмэлзлэлтэй хүмүүс цөөнгүй байгаа нь тодорхой байв. 

Орчин үеийн шинжлэх ухаан тухайлбал, квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс багцаалсан санааг би энд хэлэхээр зориглосон минь монгол туургатныхаа тэнгэрийн билиг увидастан нарыг ямагт хүндэтгэн явдгийн илрэл билээ. Буянтны гэгээг түшиж үг санаа маань хол явна хэмээхүйд үзүүрийг нь ирээдүй рүү тэгэхдээ өнөөдрийн физик, эсийн биологи- физик дэх содон туршилт, “солиотой” санаанаас өлгөж хол онилохсон гэх бодолд хөтлөгдөв. Санааг маань өнөөдөр олон хүн ойлгож төсөөлөхөд амаргүй байж мэдэх юм.Гэвч миний төсөөллөөр бол газар дээрх мэдрэхүйн чинад дахь тэнгэрийн сэрэхүй бол орчлонгийн бүрэлдэх, бүрэлэхүйн тавиланг хөтлөх тулгуур хүч бөгөөд билиг ухаарал- энерги мэдээллийн орон юм. Гэгээнтэн нарын билиг чадлын талаар олон үеэр хуримталсан өв санд өнөөгийн шинжлэх ухааны охь үзлээс үрслүүлсэн дэм бодол нэмэхийг тэгж хичээснээ энд хэлсү.

Айлсахуй. Физик, тухайлбал квант физик бас синергетикийн үзэл санаа, Буддын гүн ухааны тулгуур томъёолол эдүгэ ихээхэн ойр дөт айлсаж ирэв. Өрнийн шинжлэх ухаан орчлон нь бодист юмс, хоосон хоёроос бүрдэнэ гэх үзэлд тулгуурлаж, юмсыг(хэрхэвч үл гүйцэлдэх) тусгаар “эгэлд” буталж зүй тогтлыг нь тандан мэдээд эргээд эвлүүлэн дүгнэх замаар өрнийн онч (rational) эрдэм ухааныг хөгжүүлэн дэвшсээр ирэв.

Орчлон нь ил юмс, далд оршихуй хоёрын шүтэн барилдахуйн жамаар бүрдэнэ гэх суурь томъёолол бол дорнын билиг эрдмийн язгуур үндэс мөн. Байгалийн нөхцөл, амьжирахуйн хэв шинжээс эх авсан хүмүүний танин мэдэхүй, эрдэм, соёл, иргэншлийн хоёр аугаа салаа чингэж дэвжихдээ Орчлонгийн нэгэн язгуур оршихуй руу өнөөдөр өөр өөр талаас нь мацаж байгаа нь тодорхой болов.
Дорнын гүн ухаан, түүний дотор унги оньс нь эдүгэ хүртэл тайлагдаагүй бас хүмүүний түүхнээ хэзээ ч үл бүдгэрэх соёл, иргэншлийн ул мөрөө үлдээсэн нүүдэлчдийн соёл бол ил хийгээд далдын амин шүтэлцлээр бүрэлдэх, бүрлэх бодит жамыг билиг тандалтаар танин мэдсний үр гарц нь мөн. Чухамхүү ил хийгээд далд оршихуйн дурьдсан барилдлагыг эдүгэгийн физикийн дэвшлээр гийгүүлээд тойм тайлал хэлэх боломж алгуур бүрэлдсээр[1] байна.
Хүний ДНХ молекулын шингээж цацруулж буй био цахилгаан соронзон долгиог бүртгэх үйлст физик туршилтын нарийн арга тууштай нэвтэрч байна. Орчлонгийн цацраг туяаг ч бас гайхалтай нарийн бүртгэдэг болоод судалгаанд хэрэглэж байна. Бас квант физикийн математик онол, мэдээллийн технологийн аргад суурилсан тооцоо дүрслэлт туршилтаар эсийн хувирлын физик, биологи зүй тогтлыг босгоод туршлага лугаа амьсуулан судалж байна. Эсийн физик-биологи, одон орны шинэхэн туршилтууд шинжлэх ухааны өнөөгийн төсөөллийн хүрээг хол давах атлаа орчлон бүхэлдээ нэгэн амь хамааралтай гэмээр үр дүн, санаа руу дөхөж байна.

ТУРШИЛТ, ЦЭГНЭЛТ “ГАЖ” ГАРЦ, ЧИНАД САНАА
Суут Эйнштейн залуудаа эрдмийн ажил олоогүй болохоор патентийн товчоонд ажиллажээ.Тэнд тулгуур туршилтуудыг шүүж танилцах зуураа гэрлийн хурд, бодис дахь цахилгаан соронзны хувирал, хумхи ертөнцийн бүтцийг хөндсөн тэр цагийн тулгуур туршилтуудын үр дүн гарц нь сонгодог физикийн хөтөч үзлийн хүрээ цараанаас хол хальж байгааг бат мэдэрсэн аж. Тэгээд физикт их хувьсгалын галыг асааж, заримдаа эргэлзэж байсан ч түүний үзэл санаа одоо ч холч хэвээрээ л байна. Эдүгэ физик ил орчлонгийн язгуур зүйг үндсэнд нь босгоод чинагш гайхам нарийн уран технологи боловсруулах чигт хөгжих төлөвтэй болов.

Содон туршилтуудыг одоо ч шүүрдээд байхад ил бодист юмс, далд ухаарлын ний оршихуй нь их орчлонгийн бүрэлдэх, бүрлэхүйн тавилан заяа буюу “бурханлаг” жамыг л хурайлаад байх мэт бодол төрүүлж байгаа юм. Тиймээс шинэ үзэл санааны хөврөл рүү хүргэдэг тулгуур туршилт хийгээд түүнээс ургуулсан онолын санааг олныхоо сонорт хүргэх зорилт өвөрлөн доор сийрүүлэв.
 
Нэг. 1981 онд францын А. Аспектийн эрдмийн гал бодис юмс дахь нэг бөөмд нь үйлчилж хөндөхөд холбогдох мэдээлэл нь Орчлонгийн нөгөө хязгаарт буй ижил бөөмст эгшин зуур хүрдгийг нотолжээ[1.AIII]. Орчлон нэгэн амьд багцармал заяатайг энэ туршилт нотлов. Тэгэхлээр юмс, хүн, амьтсын бие цогцос бол тус тусдаа битүү “тусгаар”юмс огтхон ч бус орчлон лугаа амьсмал ний оршихуй мөнийг туршилт тэгж илрүүлээд байна. Тусгаар юмс байгаа гэх нь унги чанараас нь хэт салгасан “харалган” бодол, зохиомол томъёолол аж.

Хоёр. 2011 онд гурван физикч орчлон хурдсан тэлж байгааг нотолсон туршилтаар физик дэх Нобелийн шагнал хүртжээ. Орчлонгийн оршихуйн 96 хувийг эзэлж[2] буй хар бие, хар энергийн далд “шид” хүч эл тэлэлтийг хөтөлж байна хэмээх санааг эрдэмтэд илүү дэмжих болов. Маний мэдэх таталцын (gravitational) хүч орчлонгийн массыг хумиж хураах учиртай. Гэтэл хар энерги нь далд шид хүч төрүүлээд тэр нь бүр татах хүчийг даваад худасган тархаах “шидтэй” хэмээн тааварлах болов. 

Гурав. Хүний бодол бөөмсийн туулах тавилан замыг өөрчилж байгааг туршилтаар[3] нотлов.Орчлонд урьдаас бэлэн оршихуй[4] огтхон ч үгүй ил хийгээд далд оршихуйн шүтэлцээ харьцахуйн жамаар бүхий л юмс зуурдын төрх төлөв олж бүрэлдэх заяатайг ч бас нотлов. Шинжээч хүмэнэй санаа хумхи оршихуйн хувьд дүлий дүмбэ ч ер нь биш далдын “зарлигаар” юмс бүрэлдэх, илрэхүйн үйлд хутгалдаж, билиг шидийг олон гарц бүтээлийг нь хувиргаж болохыг ч энэхүү туршилт харуулав.Цаашилбал, хүмэн санаа сэрэхүйгээ(consciousness) төвлөрүүлж, байгалийн ил хийгээд чинад язгуур лугаа ний болон найраг шидэд хүрвээс үлгэр, домогт өгүүлдэг шид хүчийг ч эзэмдэж болохыг үгүйсгэж боломгүйг эл туршилт сануулж байна. Бас хүсэл, зорилгодоо ч хүрэх шид хүчийг ивлүүлэх далд боломж байхыг эдүгэ физик туршилт өгүүлэх болов.

Дөрөв. Хаанаас нь ч харсан юмсын бүтэн биеийн(3 хэмжээст) дүр зураг босгодог квант зүйд суурилсан төхөөргийг физикчид бүтээсэн юм. Зургийн хальсыг нь хичнээн ч хигсэн мөнөөх бодит дүрс үүрмэг бүрт нь хадгалаатай байдаг. Квант физикийн энэ сод нээлтийг холограф гэнэ. Физикч Д. Бом, туршилтын баримт, онолын дүгнэлтээс ургуулан бүх мэдээлэл нь бодисын өчүүхэн хэлтэрхий бүрт шингээстэй байх учир орчлон бол аугаа холограф[5,6] юм хэмээх таамнал дэвшүүлсэн юм. Тэгээд нэг бөөмөөс орчлонг босгож болно гэж үзсэн байна.
Нейрофизиологч К. Прибрамч уураг тархины мэдээллийн бүтэц нь холограф төрхтэйг туршилтаар [7] нотлов. Тэрээр сэрэхүй(consciousness) бол орчлонгийн мэдээллийн холограф бүтцээс үүдэлтэй гэх санаа дэвшүүлжээ. Холограф хөтөч үзэл нь тэнгэрийн сэрэхүй хийгээд орчлонг нэгэн амь унги эх рүү холбох эрдмийн гараа болов.

Тав. Хоёр цахилгаан соронзон долгионы гүвгэр, хотгор нь эсрэг таарахад усталцаж юу ч үгүй болно хэмээн төсөөлсөөр ирэв.Гэтэл дурьдсан хөндлөн долгионоос гадна дагуу долгио нь үлдээд бүр далд хэлбэрт шилждэг болохыг Сербийн инженер Никола Тесла[8] өнгөрсөн зууны эхний мөчид илрүүлжээ. Түүнийг скалар долгио гэж ч хэлдэг юм.

Скалар долгио буюу энерги нь маний ертөнцөд илээр үгүй авч гайхам шид чанар нь мэр сэр илрээд байна. Огторгуй дотор гүйж тарахгүй.Огторгуйн цэг бүрт цахилгаан соронзон потенциал энерги эгшин зуур бүрэлдүүлнэ. Эгэлээр зүйрлэвэл савыг( орон зай) урсгал нь хугацааны туршид үелзэн хувирах шингэнээр дүүргэх лүгээ төсөөтэй гэвэл ойролцоо очмоор юм шиг. Шингэнийг тоо хэмжээгээр нь тодорхойлно. Саван дахь шингэн нь оготоргуйд тарж урсах вектор хэмжигдэхүүн бус савын хэмжээгээр шуудхан тархана. Хэмжээ нь скалар тоо болж байгаа юм. Скалар энерги бол цахилгаан соронзон долгио хүчтэй далд эрчрэл үйлчлэлээр “ус мөсөнд хувирах” лугаа адил төрөл арилжиж үүсээд “огторгуй савыг” дүүргэсэн, гурван цагийн(хугацааны туршид үелсэн) мэдээлэл энергийн(долгио) “тунамал” хэмээн төсөөлж болмоор юм. 

Шид чанар нь. Скалар долгио биетийг дүүргэсэн бол орон зайн цэг бүрт нь шүглэж байршина. Алив юмс, оршихуйн эд эс бүр нь хугацааных нь “дарамтад” өөрийн эрхгүй өртөнө. Мөнөөх юмсын дотоод амь хувирах хурдыг нь өөрчлөх шид хүч үйлчилнэ. Тэгэхлээр юмсын хугацааны амь жамыг хувиргах, тухайлбал, ухаан санаа, сэтгэлийн зориудын болон санамсаргүй хөдлөл, таталцлын орны хугацааны дэг горим, биеийн маас, инерцэт чанарт ч нөлөөлөх болно. Скалар долгиог газрын гүнд “юүлбэл” цөмийг нь хайлуулж, цахилгаан соронзон долгионд хувиргаж болох юм. Ямар орчин байхаас хамааралгүйгээр өмнөх мэдээллийг бүрэн үелэн давхарлуулж “долгилох” тунамал үүсгэдэг бололтой. Чингэхүй скалар энерги газар дэлхий, тэнгис далайг эгшин зуур дүүргэн дэлгэрээд, мэдээллийг хоёр талд хүргэх шидтэй. Үүнээс өлгөвөл, дэлхий тойронд үүсэх скалар долгио болон гэрэл хүний ухаан санаанд мөн эсэргээр хүний санаа бодол ч байгалийн үзэгдэлд нөлөөлж болох талтай аж.

Зургаа. Хүний цусны цагаан цогцсоос ДНХ-ийг ялгаж аваад нэг өрөөнд уг эзнийг нь өөр зайтай байрлалд дээжийг тавьжээ. Туршилтын явцад нөгөө хүнд ший үзүүлж, сэтгэлийг нь догдлуулахад үүссэн цахилгаан соронзон долгионы эрчмийн ихсэж, буурсан хувирал мөнөөх дээжийн цацруулсан мэдээлэл хоёр цаг хугацааны хувьд яг давхцсан байна. Дээжийг хичнээн ч алсад байрлуулсан үр дүн нь адилхан хугацааны өчүүхэн ч шилжилт гараагүй байна. Шинжээч Г. Бредэний өгүүлснээр бол амьд эс өөр хоорондоо эдүгэ хүртэл танигдаагүй энергийн орноор мэдээлэл дамжуулан харилцдаг аж. Тэр энерги орон зай, хугацаа, орчинд өртөж хувирдаггүй, орон зайд хаа сайгүй тарж хургах боловч нэгэн амьд багцрах шидтэй. Үйлчлэл нь орон зайг бүхэлд нь хамарсан хомрого дэнс(non-local)[9] аж. 

Хүмэнэй цацруулж, шингээж буй гэрэл нь ердийн гэрлээс тэс өөр амьд ертөнцийн хувьсахуйн шинж мэдээллийг хадгалах үйл заянд зохицон бүрэлдсэн шинэ төрх- биогэрлэн тун буюу биофотон юм гэж үзэж байна. Биофотон ердийн фотоноос илүү нарийн “амилаг” мэдээлэл хадгалдаг бөгөөд далд ертөнцөд хургах учир өвөг монголчуудын хэлдэг дээд тэнгэр заяаг түшдэг байх гэмээр. Янз бүрийн давтамж нь дотоод бүтэц бүрэлдэлд харгалзсан олон хэмжээст хуудас хувирлыг нь илэрхийлдэг бололтой. Цогцостоо төдийгүй, орчинтой хаа сайгүй мэдээлэл солилцож торгон тохироот шйдвэр гаргах үйлийг жолоодоход ДНХ-ийн биофотонт цахилгаан соронзон энергийн өртөөт үйл онцгой үүрэгтэй аж. 

Долоо. ДНХ-ийн дээжийг нэг саванд хийгээд нөгөөд нь цэвэр ус[10] хийжээ. Тэгээд мөнөөх хоёр дээжийг сулхан цахилгаан соронзон долгио цацруулж буй зэс ороомог дотор байрлуулан гадны долгионы нөлөөнөөс хамгаалжээ. Хэдэн цагийн дараа ДНХ-ийн ямар нэгэн ул мөр шинээр үүсснийг тодруулахаар дээжист ензим нэмж биохимийн гинжин урвал явах нөхцөл бүрдүүлжээ. Тэгтэл гайхалтай нь хоёр саванд хоёуланд нь ДНХ-ийн бүтэц илэрчээ. Угтаа нэгэнд нь цэвэр ус байсан шүү дээ. Туршилтыг үйлдсэн Монтагниэрийн гал ДНХ нь өвөрмөц цахилгаан соронзон долгио цацруулж усны молекулд ДНХ молекул бүрэлдүүлэх донж мэдээлэл суулгаж хадгалуулсан байна гэж үзжээ. Туршилтын эл баримтаас өлгөвөл, ДНХ нь эсээс эс рүү орон зайд дамжин өөрийгөө төлжүүлэн хувилах генийн донж жорыг дамжуулдаг бололтой юм. Генийн донж(code) бол удамшлыг газарт шууд жолоодох бэлэн жор дүрэм төдийхөн бус харин тухайн биологи бүтэц нь байгаль хийгээд сэрэхүйн орны нөхцөлд шинэ төрөл олох заяаг бүрэлдүүлэх зарлиг бүхий орчлонгийн сэрэхүйн үйл мэт. 

Найм. Эрдэмтэн Мэйлийн судалгаа квант физик, эсийн биологийн заагт эрдмийн шинэ мэдээ[11] илрүүлэв. Эсийн ДНХ нь “соронзон скалар долгио”[1] цацруулдаг болохыг тандсан байна. ДНХ-ийн цацруулж шингээдэг соронзон скалар долгио бол эс хооронд болон хүрээлэн буй орчин мөн бусад хүний ДНХ лүгээ зайнаас резонанслаж(дарвиж) мэдээлэл солилцдог болохыг [12] нотлосон байна. 
Хүмэнэй бие багцаагаар 50 тэрбум эстэй бөгөөд зэрэгцүүлэн байрлуулбал дэлхийгээс нар хүртлэх зайнаас 400 дахин их болно гэсэн мэдээлэл бий. Өмнө дурьдсан туршилтуудаар илрээд буй эсийн “билиг” чадварыг бодолцвол хүмэнэй бие цогцос нь дотоод ертөнц төдийгүй гадаад орчлонгийн тоо томшгүй физик, биологи хувиралтай шүтэлцэн үйлчлэлцдэг аж. Туршилтын баримтаас үзэхүл, ДНХ-ийн биоцахилгаан, соронзон орон бол аргын ухаанд ор үгүй чинад биофотон, скалар долгионоор дамждаг болж таараад байна. Эцэст нь хэлэхэд амьд оюун ухаан бол амьгүй ил юмсын адил скалар энерги цацруулдаг, тэгэхдээ бүр эрс хувирлаар скалар биоцахилгаан соронзон долгио(орон) буюу ил ертөнцийн чинадад төрөл олж заяасан билиг сэрэхүй- Орчлонгийн хувьслыг хөтлөх тавилан бүхий язгуур оршихуй мэт байна.

Ес.Хойт амьдрал. Амьсгал хурааж, зүрх, тархины үйл ажиллагаа зогссноор амьдрал төгсдөггүй ухаарал, мэдрэхүйн үйл үргэлжилж, сүнс мөнх орших тухай мэдээлэл дэлхийн эрдмийн хийгээд цахим өртөөгөөр тархах болов. Эдүгэ амь, сэрэхүй нь орчлонгийн язгуур зүй жамыг танин мэдэхэд ач холбогдолтойг газар сайгүй хэлэлцэж, эрдмийн нэрт төвүүдэд туршин судалж байна. Германы эрдэмтэд амьсгал хураасны дараа ч амь, сэрэхүйн шид чадвар цогцсоос салж дангаар оршин байхыг физикчидтэй хамтран эмнэлэхүйн (clinic) туршилтаар [13] нотолсноо зарлажээ. Зүрх нь зогссноос хойш 20 минутын дараа “үхлээс” эргэсэн хэдэн зуун хүмүүс дээр уг туршилтыг үйлджээ. Цогцсоосоо салж, хөөрч дэгдэж, тогтуун амгалан, айх зовох юмгүй, дөлгөөн байдалд орж, гэрэл гэгээ дүүрэн бялхсныг мэдэрч байсныг мөнөөх хүмүүс ижилхэн хэлдэг аж.Тийм туршилтыг хэд хэдэн лабораторт ч бас үйлджээ. 

Чингэхүй, тархины үйл ажиллагаа зогсмогц сэрэхүй мэдрэмж дуусгавар болно хэмээсээр ирсэн шинжлэх ухааны номлол эргэлзээтэй нь тодорч, харин ч амь сүнс цогцос хоёр тусдаа дагнан оршиж болохыг тийнхүү туршилтаар харуулав. Эрдмийн галын тэргүүн Др. Экерман “манай үр дүн олон хүний үзэл үнэмшилд таашаал төрүүлэхгүй байх, гэхдээ бид хүмүүн төрөлхтний түүхнээ байсаар ирсэн нэг аугаа асуудалд хариулт өгөв” гэсэн байна.

Туршилтаас ургуулж бодохуйд ухаарал сэрэхүй уураг тархи- бодисоос үүсч бүрэлдэж байсан бол тархины ажиллагаа зогсоход дагаж мөхөх л байсан шүү дээ. Тийм биш ажээ. Сэрэхүй, сүнс мөхсөн цогцсоос хийлж, дангаар орших төлөвт ороод зүрх тархи амилмагц буцаж цогцос лугаа ний болдог аж. Ухаарал, сэрэхүй бол тулгуур оршихуй буюу орчлонгийн алив бодислог юмсыг бүрэлдүүлэх, амьжих үйлийн хөврөл нь болдог хэмээн төсөөлбөл болох мэт. 

Сэрэхүй (consciousness). Газрын хүмэн бидний хувьд сэрэхүй бол мэдрэхүйн эрхтнээр бие цогцост хүрэлцэн орж, гарч буй мэдээллээр бие цогцост өрнөсөн сонор үйл юм. Бас багаж хэрэгслэлээр ч хэмжиж цэгнэдэг болсноор барахгүй далдыг ертөнцийг ч тандах чадварт хүрэх төлөвтэй болов. Ил хорвоогийн орон зайд, хугацааны туршид өнгөрөх аливаа хувирал, үзэгдэл нь орчлонгийн язгуур ухаааралт орны хүч- зарлигийн дагуу явдаг тухай санааг өмнө дурссан билээ. Тулгуур дөрвөн хүч бол далд энерги- мэдээллийн далайд өөр өөр нөхцөлд шугаман бус хувирлаар үүссэн тунамал- бодисын олон өөрхувь тавиланг[1] хөтлөх аж. Товчхондоо ил юмст үйлчилж буй Орчлонгийн тулгуур орны төлөөний хүчнүүд гэмээр. Тэгэхлээр орчлонгийн ил хийгээд далд оршихуйн аль алин нь нэгэн ундрагаас эхтэй боловч нэн олон эрс тэс ялгаатай төрөл төрхийн бүрэлдэх бас бүрлэхүйн олон үе давхаргатай байдаг аж. Бодист хорвоо дотогшоо, гадагшаа хичнээн яндашгүй баян агаад эрс тэс ялгаатайг санахад л өгүүлсний жишээ болно бизээ. Ил хорвоогийн хувьд бол өөр өөр төрөл нь огторгуй хугацааны ялгаатай төрх чанар буюу эрчлүүр хэмжээст харгалзана. 

Тэнгэрийн сэрэхүйн хүч. Өмнө дурьдсан туршилтын баримт, онолын дүгнэлтээс ургуулбал маний дассан оготоргуй, хугацааны хил хязгаарын чинадад оршиж, ил хийгээд далд ертөнц дэх аливаа үйлийг бүхэлд нь хөтлөн жолоодох тавилан бүхнй сэрэхүйн орныг тэнгэрийн сэрэхүй буюу тэнгэрийн сэрэхүйн хүч хэмээн нэрлэх саналтай байна. Синергетикийн үзлийн өндөрлөгөөс үзвэл орчлонгийн хувьсал нь ухаарал сэрэхүйг төрүүлж дэвшихдээ бүхнийг бүрэлдүүлэх, бүрэлгэх түгээмэл донж жамыг цэгцлэн урлаад далд энерги мэдээлэл бүхий тэнгэрийн сэрэхүйн хүч буюу зарлиг болгон дархлан[1] хадгалжээ. Тэнгэрийн сэрэхүйг тэр донж жамын дагуу бодист амьгүй болон амь сэрэхүйт мөн далд сүнслэг төрхт ертөнцийн хувирлын хөтлүүр зарлиг буюу хүч хэмээн төсөөлнөм. 

Тэнгэрийн сэрэхүйн хүчний орон лугаа ний болоод газарт ганцхан тохиосон шидэд хүрч эзэмшээд, өөд болсон өвөг дээдсээсээ ч зөн зөвлөмж авч, ул мөр нь улам бүр дурайх нүүдлийн соёл, их гүрэн байгуулж асан түүхийг энд тэсэлгүй дурснам. Өмнө дурьдсан санааг бидэнд илүү дөт байгалийн тулгуур хүчний орон, ухаалаг үйлийн жишээтэй холбож тодотгон ярилцъя. 

Таталцлын болон цахилгаан соронзон хүч. 
Шинжлэх ухааны нээлт бол тэнгэрийн сэрэхүйн хүчний орон дахь хувьсал, бүрэлдэхүйн тов донжийг багцаалан илрүүлээд түүнийг тулгуур хууль хэмээн зарлаад таньснаа амьдралд хэрэгжүүлээд техник, технологи, соёлын гайхамшгийг бүтээсээр ирж. Энэ бол мэдээж өчүүхэн хэсэг нь юм. Таталцлын болон цахилгаан соронзон хүч нь орон зайн цэг бүрт шүглэж үйлчилнэ. Аливаа биетийн цэг бүрт нь эл хоёр бас бусад хоёр хүч ч үйлчилж хувирах, хувьсахуйн жамыг тасралтгүй хөтөлнө.Бас квант оршихуйн заяаны хоморго дэнс[1.A9] чанарыг өвлөсөн учраас огторгуй, орон зай, хугацааг багсруулан эзэгнэснээр бүхнийг нэгэн амь зуурдыг туулах заяанд холбожээ. 

Байгалийн тулгуур хүчнүүд бол бодист орчлонг бүрэлдэх, бүрлэхүйн зүй зарлигийг хэрэгжүүлэх үйлийг хөтөлдөг учир “ухаалаг”(сэрэхүйн) заяатай гэхээс өөр яалтай ч билээ. Тэр аугаа шидийг билигээр тандаж баримжаалсан эртний хүмүүн “бурхан” л гэхээс өөр замгүй байж.

Эл тулгуур хүчнүүд болон орчлонгийн хувьслын оройн дээд гарц- оюун ухаарлын ний үйлийг багцлан хөтлөх тавилан бүхий тэнгэрийн сэрэхүй буюу дээд тэнгэрийн заяатай “хүчний” орон байна хэмээн үзэхэд шууд хүргэв. Тэгэхлээр тэнгэрийн сэрэхүйн “хүчний” орон бол Орчлонгийн ил хийгээд далд аливаа зуурдын оршихуйн бүрэлдэх, бүрлэхүйн бүхий л язгуур зүй жамыг жолоодон хөтөлдөг дээд тэнгэрийн хүч буюу энерги ухаарлын орон юм.

Дөрвөн тулгуур хүч ил орчлонгийн бүхий л үйл хувирлыг жолооддог “зарлиг” мөнийг өмнө дурсав.  Тэгвэл ил бодист хорвоо хийгээд  далд  сүнслэг буюу өнөөгийн эрдмийн тандалтыг  дагаваас скалар  энерги, мэдээлэл төрхт ертөнцийн  амьсахуйн жам тавиланг хөтлөх  орчлонгийн тулгуур зарлигийг хэрэгжүүлэх заяа бүхий түгээмэл“хүч” гарцаагүй  байж таараад байна. Тэр бол  Орчлонгийн цэг бүрт шүглэсэн тэнгэрийн сэрэхүйн хүч мөн.Тулгуур хүчнүүд болон энерги мэдээллийнх нь орныг энд тэнгэрийн сэрэхүйн хүчний  орноос орчлонгийн хувьслын тухай тухайн төөрөг тавиланд    тохиосон оршихуй хэмээн үзэж байна.Байгалийн дөрвөн тулгуур хүч бол тэнгэрийн сэрэхүйн хүчний зарлигийг  бодист хорвоогийн бүрэлдэл, бүрлэхүйн өөр өөр тавилан заяанд хэрэгжүүлж буй тулгуур хүчний төлөөний буюу гүйцэтгүүр хүч мөн  буюу. “Бодист” юмс дотор хийгээд нэл огторгуйн цэг бүрт нь  мөнөөх дөрвөн хүч болон дээд  тэнгэрийн сэрэхүйн хүч басэнерги мэдээлэлийнх нь далд далай шүглээд, тасралтгүй шүтэлцэн  байж тэнгэрийн зарлиг шийдэлд хүрдэг  бололтой. Энэ санаанд  Фейнманы үнэлгээ ч дэм өгнө байх.

Физикийн туршилтын үүднээс үзэхүл тэнгэрийн сэрэхүйнхүчний оронд үйлчлэл- мэдээллийн тээвэрлүүр нь  ухаалаг буюу скалар фотон, биофотон байх бололтой. Скалар фотон  орчлонг туулахдаа энерги зарцуулж сулардаггүйг өмнө дурьдсан.   Бодист хорвоогийн цэг бүрт нь скалар ухаалаг орон няргаж шигсэн байна.  Бодист орчлон  далд скалар орны далайд тэгж живсэн байх  аж. Өгүүлснээс өлгөвөл, скалар фотон, тэнгэрийн сэрэхүйн хүч хоёр нь материалаг ертөнцийн чинадад “нуугдан”хургасан, нэгэн төрхөд багтах орчлонгийн язгуур буюу мөнх оршихуй(absolute) аж.  

Чингэхүйд тэнгэрийн буюу билиг сэрэхүй бол илийг хориогүй нэвтлэн орогнох мөртлөө  чинадад нь ангидаа орших гүн дотоод дахь мөнхийн гэрэллэг буюу“бурханлаг” хүч юм. Тэгэхлээр матери анхдагч нь бөгөөд түүнээс үүдсэн сэрэхүйн тусгалаар  уураг тархинд ухраарал, сэтгэхүйн үйл өрнөдөг гэх  үзэл  ухралт  болох  нь илт. Өмнө дурьдсан туршилтуудын  санааг  үзүүрлэбэл хүмэнэй  эст цогцос нь газрын мэдрэхүй болон тэнгэрийн сэрэхүйг хооронд нь скалар орны урсгал мэдээллээр сүлэлдүүлэн ний болгоод бүрэлдэх, бүрлэхүйн  алив үйлийг хөтөлдөг гэх санаанд хүргээд байна.Орчлонгийн үүсэл хувирлыг  тайлбарлахын тулд одон орнысургаальд тэнгэрийн сэрэхүйн хүчний ойлголтыг хэрэглэх болов. Скалар энерги, гэрэл бол чухамдаа тэнгэрийн сэрэхүйн хүчийг дамжуулж,  манай гаригийг ухаалаг дэлхий болгон  хувиргадаг тухай санаа ч дэвшиж байгаа  юм.

Тэнгэрийн сэрэхүйн хүч.
 Өмнө өгүүлснээс үзэхүл байгалийн  тулгуур хүчнүүд бол“муйхар” довтолгооны эрч бус харин ч  үзэгдэл хувирлыг орчлон даяар хөтлөх зарлиг өвөрлөсөн тэнгэрийн “сэрэхүйн” төлөөний ухаалаг хүч хэмээн төсөөлбөл зохимоор. Нарны таталцлын болон атомын цахилгаан соронзон хүч нь тухайн цэгт анх тохиож орсон  биес, цэнэг, соронзонг чухам ямар тавилангаар  жолоодох зарлиг жор нь шууд бүрэлдэж хэрэгждэг буюу. Энэхүү тавилан жорыг физикт  илрүүлээд байгалийн тулгуур хууль хэмээн нэрлэдэг байна. 

Үүний нэгэн адил аливаа амьт юмс бол тэнгэрийн  сэрэхүйн зарлиг  дагуу зуурдын тэнцвэр тойронд  бүрэлдэж хувирах (тэнцвэрт бус) оршихуй мөнд бат  итгэнэм. Хүчний “үйлчлэлгүй” орших ч бас тэнгэрийн сэрэхүйн  тулгуур зарлигийг дагана. Ухаалаг  гэсний чинадад аливаа үйлчлэлийг  “хүлцэнгүйгээр” үл дагахыг өгүүлж байгаа юм. Тухайн үйлийг дагахдаа өмнөх гурван цагийн мэдээлэлт төлөв төрх, амь амьжирахуйн зүйг хамгаалан  сөрөх атлаа   гагцхүү зохист шийдлийг олж байж шинэ төрхөд хувирдаг буюу.  Хувь тавилан бүрэлдэх  шийдэл тодорхуйд тэнгэрийн сэрэхүйн хүчээр далд ертөнцөөс скалар энерги илийн төрөл төрх олдог болов гэмээр.

 Тэгэхлээр тэнгэрийн сэрэхүйн хүч бол “ хайш яйш” үйлчлэл хэрхэвч бус гагцхүү өнгөрсөн, өнөө, ирээдүйн мэдээллийг дэнслэн шийдвэрлээд даруй үйлийн үрийг шинээр сонгодог гэх нь зүйтэй байна. Энэ  бол механикт илэрхий  инерцийн хүч, түүнээс уламжилсан   кинематик зүй  тогтолд шууд хамаарна. Чингэхүй  хувьсал   зуурдын тэнцвэрт төрх буюу ил хийгээд далдын шүтэлцэхүйн шийдлийн тэнцлийг дамжин өрнөнө.  Инерцийн хүчийг тэгэхлээр ил юмс үйлчлэлд өртөхөд далд оршихуй шүтэлцэхүйн үйлээрээ зуурдын тэнцвэрийг бүрэлдүүлж байгаагийн илрэл хэмээвэл зохистой буюу. Орчлон дахь ил хийгээд далдын хувьсахуйн жам тийм аж.

Квант физикийн нэг нэрт үндэслэгч, нобелийн шагналт эрэдэмтэн, квантыг нээсэн М. Планк: “Сэрэхүйг язгуур уг унги хэмээн үзэж байна. Бодис юмс  бүгд лсэрэхүйгээс үүсдэг гэж бодож байна. Сэрэхүйн чинадад бид яавч гарахгүй. Бидний харж, хэлж ярьж байгаа, төсөөлөн буй аливаа юмсыг сэрэхүйгээс эхтэй гэж үзэж байна“ хэмээн тодорхойлсон  нь  ил хийгээд далдын шүтэлцэхүйг жолоодож буй   энерги-мэдээллийн орон,  тэнгэрийн сэрэхүйн хүчний  тухай нэн оновчтой зөн билиг үг мөн.  

Амисахуй. Өрнийн сонгодог шинжлэх ухааны мөр мөшгөх онол(determinism) нь юмсыг  салгаж бутлаад тус бүрийнх нь динамик зүйг тэрхэн зуурт нь судлаад байсан болохоос тулгуур хүчнүүд бол орчлонгийн бүх цэгт шүглээд  хоморголон базаж, амисуулан ний заяа олгодог байна гэх тулгуур санааг нь  орхисон байж. Хөтөч үзэл нь орчлон нь бодис, хоосон хоёроос тогтоно гэж чанга дэг тогтоосон юм. Цэг бүрт нь шүглэсэн тулгуур хүчнүүд хийгээд сэрэхүйн хүчний  цараандаа орчлон амилан цогцлохуйн заяа, ухаарал-сэрэхүйн хам жамыг  ч хадгалж байгааг тийнхүү гээж ойролцоолсон байна. Тэгж хялбарчилсны эцэст Ньютоны  динамик сургаал  үүсэн хөгжжээ. Энэ бол хүмүүний танин мэдэхүйн гайхамшигт дэвшил байв.  Сонгодог шинжлэх ухаанд  дархлаажиж үеэ өнгөрөөсөн  мөр мөшгөхүйн  үзэл өнөөдөр ч нийгэм,  байгалийн  ухааны ихэнх салбар чиглэлд амь бөхтэй байсаар л байна.  

Юуны өмнө физик, биологи, сэтгэл судлал, анагаах ухаан, гүн ухааны салбарт аливаа тусгаар мэт ойлгож дадсан юмс, үзэгдэл хувирал бол амин шүтэн барилдлагатай, сүлэлдсэн  төрх төлөвт оршдог болохыг хүн ардын ой тойнд бага балчраас нь хүргэх дэг манайд хэрэгтэй байна. 

Өвөг дээдсийн тулгуур үзлийн учир учгийг тайлж, шинэ нөхцөлд баяжуулан хэрэглэбэл манай урагшлах замд гэрэл болно. Байгаль дэлхий, амьтай, амьгүй бүхий л юмс, Орчлон хийгээд бүхий л бүрэлдэл нь амьсахуйн нэгэн заяатайг мэдэрч түүнийг шүтэж хүндлэх, хайрлах, хар амиа бодох, шуналд автах, атаархах, амьт байгалийн  унаган зүйд хоролгон цэвдгээр хандах үзлээс салахыг хүмүүнд сануулаад байна.Тэгж амьдрах нь дэлхий ээжид хүмүүний төрөл олоод тэнгэрийн сэрэхүйн заяаг эдэлж яваагийн  гол зорилт мөн.  Нийгмийн аливаа байгуулал,  шашин бусад суртлын нэгдэл ч ялгаагүй дээд тэнгэрийн түгээмэл нэг л ариун заяаг тал талаас нь тэмтэрч түшиж яваагаа мэдэрч дэлхий ээжтэйгээ бүгд хамтдаа эвийн хорвоог туулж, ний амьдрахын үйлс бүтээхэд зүтгэх ганц зам тулж иржээ. 

Туршилтын өндөрлөгөөс. Монгол түмнийхээ нэр, буянаар  зууны тэн хагаст ил, далд ертөнцийн савсалганд бэдэрсэн молхи би бээр сонссон, цуглуулсан сэдсэн  санаагаа ард олондоо базаж хэлэхээр энд зорив. Өрнийн шинжлэх ухаан ил бодис, юмсыг “тусгаар” үүрмэгт бутарган судалсаар хумхи буюу молекул атом хийгээд чинад ертөнцөд нь нэвтрэхүйд бүрдэл хэлтэрхийнүүд нь хэрхэвч үл салах далд шид амь холбоотойг тогтоосон юм. Өнгөрсөн зууныг дамнуулан  мөнөөг хүртэл хөгжүүлсний үрээр эрдмийн эл “гаж” зүй их орчлонд ч  ноёрхдог болохыг сод туршилт илрүүлсэнтэй өмнө танилцсан билээ. Орчлон  нь ил бодист  хорвоог  бүхэлд нь живүүлэн булхуулсан “ухаалаг” далд буюу “хар”(бурханлаг)ертөнцөөс бүрэлдэх аж. Маний дассан одот тэнгэр, ил бодист хорвоо орчлонгийн дөнгөж 4.5 хувь нь аж. 

Унги тунамал. Фейманы үнэлгээнээс үзэхүл планкийн урт 10-35 м  бол  энэ зайнаас чинагш орчлон далд “хар” төрхөд шилжинэ. Нөгөөтэйгүүр квант физикийн тулгуур  нь болдог бөөмлөг- долгиолог чанарын үүднээс цэгнэвэл энэ уртыг  ширхэглэг бодисын “хязгаар” хэмээн төсөөлж болмоор. Түүнээс чанагш буюу орчлонгийн унги язгуурт “хар” юм буюу дан долгиолог төрхт “ухаалаг” оршихуйн тунамал байж таараад байна.  Тэр тунамал бол орчлонгийн үндсэн буюу эх төлөв бөгөөд цэг бүрт  гурван цагийн мэдээллийн долгио хурж тунана. Хүмэнэй хийгээд аливаа юмс  бүхэлдээ  мөнхүү тунамалд живсэн байх аж. Оюун ухаант хүмэн угтаа бие цогцсыг булхуулсан ухаалаг тунамлын нэг “дусал” ч  болов уу даа. 
Хоосон чанар. Суут хүмүүс сэтгэл оюунаараа планкийн зайн чинадад нэвтрээд анх түрүүнд орчлонгийн язгуур тунамалд тэгж ний болоод хоосон чанарыг илрүүлжээ. Өөр нэг чухал ойлголт бол мөнөөх “хар” оршихуй бол орчлонгийн бүхий л мэдээллийг агуулж буй скалар орон, долгио буюу угтаа  мөнөөх язгуур тунамал юм. Тэгэхлээр орчлон нь язгууртаа бодислог бус гагцхүү ухаарал сэрэхүйн орны энерги мэдээлэлт долгиолог тунамал юм. Унги скалар орон дахь энерги потенциалын ялгаанаас тэнгэрийн сэрэхүйн “далд” хүч бүрэлдэж оюун ухааралт оршихуйн үүсэл хөгжлийг жолоодно. 

Тэнгэрийн сэрэхүйн ил ертөнц дэх хэдэн салаа хүч бол физик- байгалийн дөрвөн тулгуур хүч мөн. Бодист юмс хийгээд ухаарал, дээд оюунт оршихуйг ч бүрэлдүүлэх, бүрэлгэхүйн  түгээмэл зарлиг хийгээд энерги  тийнхүү орчлонгийн  унги язгуурт  дархлаатай бас  мөнх хөгжиж тэлэх аж.Тэнгэрийн сэрэхүйн зарлиг дагуу бүхий л  амьгүй бодист хийгээд амь ухааралт юмсын бүрэлдлэх бүрлэхүйн  эх  ундрага нь  далд оршихуй буюу ухаарал мэдээлэлт энергийн орон аж.Тэр орон нь тоймлон хэлбэл мэдээлэл тээсэн радио, телевиз, гар утасны долгио лугаа адил бөгөөд тэнгэрийн зарлиг тээсэн долгио юм. Орчлонгийн бүхий л цэгт өрнөх эрчлүүрт хувьсал ухаарлыг төрүүлэн  зарлиг зүйг нь далд ертөнцийн скалар долгионд  хурааж нягтруулжээ. 

Билиг танхай. Аливаа бодист юмс хийгээд амьд юмс, маний бие цогцос ч ялгаагүй орчлонгийн хувьслын хэрэгжүүлүүр тэнгэрийн сэрэхүй хийгээд  бодист хорвоогийн тулгуур хүч, энерги мэдээллийн орны жолоо эрхшээлд оршихыг сая дурьдлаа.  Далд ертөнцөд орчлонгийн хувьслын гурван цагийн мэдээлэл  мөнхөд хадгалааастай  бас энерги мэдээлэл зарлиг нь алдагдал сулралгүйгээр эгшин  зуур түгнэ. Тэгж орчлонг хоморголон жолоодох учир нэг амьд багсруулан байх нь ч гарцаагүй юм. Орлонгийн   ухаант амьтан, дээд оюун ухаант хүмэн бодист цогцос- саад аргамжаанаасаа сулран  гурван цагийн тэр мэдээ зарлигт  далайд билиг сэтгэлийнхээ “дуслаа” ний болгохуйд  өнгөрсөн, өнөө, өнө ирээдүйг тандан мэдээлэх мэргэн болох нь өмнө өүүлснээс илэрхий. Бас эрдмийг түүж тогтоож сурахаас гадна  мэдээллийн билиг сан лугаа ний төрхийг олсон хүмэн билиг танхай чадлыг олж, гайхам авьяастан, мэргэн “шидтэн” болно. Дээд гэгээрэл бол далд ертөнцөд бие  цогцос, скалар биоцахилгаан орноор дамжин  нэвтэрч гурван цагийн мэдээлэлд хүрч, билиг эрдэм чадлыг шууд эзэгнэх чадалд хүргэх хувирал юм.  

Онгод. Сүнсийг тэнгэрийн сэрэхүй буюу далд скалар орноос хүн хүнд заяасан биофотоны бүрэн цогц амь мэдээлэл  мэтээр төсөөлнөм. Сүнс бие хоёр  хэдийгээр сүлэлдэн барилдах авч амь алдарахад  сүнс  нь тусгаарлан салахыг туршилтаар нотлсныг өмнө ярилцсан. Зүрх цохиж цус эргэж байхад сүнс хүмэнэй цогцост  тэнгэрийн сэрэхүйн хүч энергийг суулгаад, мөнөөх тулгуур хүчээрээ дамжуулан бие цогцсын амьжирлын хувьсал хийгээд  ухаант амьдралыг жолооддог байна Уураг тархи бол дурьдсан ил далдын хувирлыг нэгтгэн хөтлөх, хувь хүний шийдэл хийгээд эргэлзлийг жолоодох зангилаа төв мэт буюу.  
 Өвөг монголчуудын дээд тэнгэр заяат (Тэнгэр заяат гэдэг нь одоогийнхоор элит, лидер угшилтай гэсэн үг болой) төрсөн гэх  ойлголт  бол тэнгэрийн сэрэхүйд онгод сүнсээрээ ний болох шидийг олоод улмаар газар дахь хүмүүний  үйлийг хөтлөх “билиг” чадлыг олсноор эдүгэ хүртэл оньс нь тайлагдаагүй нүүдэлчний “далд” соёлыг хөгжүүлсэн байна. Дээд тэнгэрээс заяат билиг чадлыг монгол туургатан хүмэн эзэгнэн байсны баримтыг[14] Монголын нууц товчоонд тодорхой  өгүүлсэн бий. Тийм шид чадалд цөөн зайран, удган төдийгүй бүхэл нүүдэлч үндэстнээрээ  ний болоод улмаар “тэнгэрийн нэг хүмэн” болон Мөнх Тэнгэрийн хүчийг эзэгнэсэн байж[1. Б].  Энэ бол үл шантарч няцах, үл дийлэхүйн тэнгэрийн хүчний “билиг” шид чадлыг олсны баримт мөн.

Бас цогцост  амь эцэслэхэд сүнс далд ертөнцөд эргэж хургадаг скалар цахилгаан соронзон багцрал гэх төсөөлөл дээр дурьдсан туршилтын баримтаас тодорхой болж байна. Тэгэхдээ бүр амьдын үйл явдал, эрдэм мэдээллийг хадгалдаг бөгөөд онгод дуудлагаар бууж, түүхэн үйл явдал, соёл урлагийн мэдээллийг дамжуулдаг[15] байж. Мөнх Тэнгэрийн хүчийг сүнс орноор дамжуулан эзэгнэх чадал гагцхүү монгол туургат нүүдэлчдэд тохиосон  бөгөөд  үр гарц нь аугаа их юм. Ирээдүйд хүмүүн тэр билиг чадалд хүрэх нь дамжиггүй.

Гэгээнтэн.  Амь үйл зогссон хойно цогцос нь үжрэхгүй хадгалагдах үзэгдэл бол сүнс, цогцос хийгээд тэнгэрийн сэрэхүйн ний сүлэлдэн шүтэлцэхүйн  бас нэгэн далд шид мөн бизээ. Сэрүүн тунгалаг байхдаа цогцсын бүхий л эд эс нь тэнгэрийн сэрэхүй, сүнсний далдын шид чадлыг олоод заавал амьсгал, цусны эргэлтээр амийг тэтгэх газар дахь биологи үйл хувирлын босгыг гэтлээд дээд тэнгэрийн энергээс төлжил авах шид бүхий төрлийг олсон байх болов уу.  
Молхи  байгальчийн бодлоор бол нүүдэлчний Мөнх Тэнгэр эрдмийн их суу заль (хүмүүн, тэнгэр, газар гэж амьд ертөнцийн гурван их хүч) сургааль руу дүйх синергетик ухааны үүднээс үзэхүл тэнгэрийн ухаарал сэрэхүйн эргүүлэгт хүрч, сэтгэл бодол төдийгүй,  бие цогцсоороо дээд тэнгэрийн  шинэ төөрөг заяа түшиж олсон  шид чадал тэгж илэрдэг буюу.  Ямартай ч газар дэлхий дээрх ил амьд юмсын биологийн хуулиас гажсан нь дээд тэнгэр заяаны төөрөг төрх олсны баримт хэмээнэм. Газарт хувирахуйн төөргөөр ус мөс, цас, хяруу болдог лугаа жишиж төсөөлбөл, дээд оюун ухаант хүмэн шинэ төөрөг төрхийг зөвхөн газрын хуулиар  төдийгүй ил хийгээд далд ертөнцийн сүлэлдэн барилдахуйн хуйлрал үйлээр гэгээнтэн амьд ахуйдаа дээд тэнгэрийн  далдын шидэт төөрөг төрх олох магадлалтай буюу. Өнөөдөр өрнөдөд үрсэлсэн шинжлэх ухаан  гайхамшгийг үзүүлэн хүмүүний соёл, иргэншил, технологийг бараг гэрлийн “хурдаар” дэвжүүлж байна.  Дээр өгүүлснийг  базвал шинэ туршилтын баримт, үнэлгээний дүн шинжлэх ухааны үзлийн багана  багцаа  орой чинээндээ  хүрснийг харуулаад байна уу гэхээр болов. Үүнээс үзэхүл хүмүүн билиг ухаанаараа танин мэдэхүйн онгон тэнгэрт нэвтрэх цаг тулж ирэв. Эрдэм танихуйн тэр тэнгэр бол бодист орчлон лугаа шүтэн барилдсан далд ухаарал сэрэхүйн унги язгуур мөн.  
Квант физик, синер­гетик, эсийн физик- биологийн охь дэвшлээс өлгөж төлжүүлэхээр  хичээсэн молхи байгальчийн билиг санааг уншигч абугай мэргэн оюундаа тунгаагаад авмаарыг нь болгоож чинагш  саналаа нэмэрлэхийг хүснэм.
Молхи шинжээч миний дээр өгүүлсэн тойм төсөөллийг бүхэлд нь эргэн харвал  хүмэн  бол мөн чанартаа  газрын төдийхөн бус орчлонгийн ил бодист  хийгээд далд  билиг оршихуй лугаа амьсан барилдаж, гайхам   увдис чадварыг олох дээд тэнгэрээс заяат,  ариун ухаант  бодгаль ажээ. Энэ санааг хүмүүний түүхэн туршид эхлээд билиг мэдрэмж, дараа нь шашин ном­­лолоор  таамнаж,  эдүгэ шинжлэх ухааны арга техник, үзлийн өндөр­лөгөөс сод туршилт,  зөн дайралтаар судалж байна. 

Харамсалтай  нь анхандаа  хүн тарчиг ахуйн эрхэнд хар амиа тээж амьдрах зүтгэл, яваандаа тэр нь шуналд автах гай болсноор тэнгэрийн гэгээн  билиг чадлаа гээж,  зовлон  туулах  “газрын”  оюун ухаант амьтанд хувирчээ.    Цахир сумнаа оршин буй Гэсэр багштан Ц.Чүлтэмжамц, Р.Санжайжав нарын    өнөөгийн лагшин төлөв бол   эл гэгээнтэн нар амьд ахуйдаа ил ба далдын барилдлагаар  тэнгэрийн сэрэхүйн увидас эрчийг бие цогцос –сэтгэлд амисуулан  шингээсний нотолгоо баримт хэмээн үзвээс зохиюу.

Эшлэл.

§  1. О. Лхагва, Орчлон, Суу заль, Мөнх Тэнгэр. Битпресс ХХК. Улаанбаатар, 2013.
§  2. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2011/
§  3. Dean Radin et.all, Physics Essays 25, 2 (2012)
§  4. A. G. Manning, R. I. Khakimov,R. G. DallA. G. Truscott, Nature Physics 11,539–542,(2015.
§  5. http://www.huffingtonpost.com/.../universe-hologram-math_n_7163416.html
§  6. http://www.vox.com/2015/6/29/8847863/holographic-principle-universe.
§  7. http://www.atlanteanconspiracy.com/2013/02/our-holographic-brains.html
§  8. http://pesn.com/2011/03/26/9501797_Teslas_Scalar_Waves_Replicated
§  9. http://www.redicecreations.com/specialreports/gbraden2.html
§  10. http://vaticproject.blogspot.com/2013/08/can-our-dna-electomagnetically-...
§  11.  Journal of Cell Communications and Signaling, 2012;6(1):53–58.http://www.meyl.eu
§  12.    http://www.scientificexploration.org/journal/jse_15_2_meyl.pdf,]
§  13. http://www.newssum.com/german-scientists-prove-life-death-4038
§  14. О. Лхагва, Цэгээн шар хүн хэн бэ?,  Монгол судлалын чуулган”, ¹6(41), 2009. 221
§  сэлбэсэн: Acta Mongolica,  Vol.9(320), 2010, 227-232.
§  15.  О. Лхагва, Дэм үг, санаа бодол, Монгол товчоон түүхийн тайлалI боть. Дээд тэнгэрүүдээс улаачлан дамжуулсан Аянгат
Эх сурвалж: www.assa.mn
 
Comments