logo

logo.jpg

Advertisement

Дэлхийд данстай монгол найрагч

Дэлхийд данстай монгол найрагч

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой буюу Монгол бахархлын өдрөөр Монголын бахархалт хүмүүн Гомбожавын Мэнд-Ооёог Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнаж байсан билээ.
Урлаг утга зохиолын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээлүүд туурвисныг нь Монголын төр өндрөөр үнэлснээ энэхүү шагналаар баталж, тэрбээр “Чингис хаан” одонт ес дэх хүнээр өргөмжлөгдсөн байдаг.
Түүнд энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэснийг олон нийтэд зарласан намар оройн тэр өдөр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Өвөлжөөндөө бууж гэрээ дулаалаад шинэ гарах номын дардасаа уншиж суутал утас эгшиглэж энэ гайхамшигтай мэдээг дуулгав.

Хоёр хоногийн дараа Тайвань явна. Хуралдаа суугаад тэндээ амарч сувилуулах төлөвлөгөөгөө өөрчлөөд Одонгоо хүлээн авахаар удахгүй буцаж ирнэ ээ. Та бүхэнд баярлалаа” хэмээх талархалын үгсийг нүүр номондоо үлдээсэн байв. Төрийн өндөр хүндлэл хүлээж, тэргүүн зэргийн шагнал хүртэх баяртай мэдээ дуулсан түүний анхны сэтгэгдэл энэ байлаа.

Урлаг утга зохиолын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээлүүд туурвисныг нь Монголын төр өндрөөр үнэлснээ энэхүү шагналаар баталж, тэрбээр “Чингис хаан” одонт ес дэх хүн болж өргөмжлөгдлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг “нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү” хэмээжээ.
Г.Мэнд-Ооёо нь Дарьгангын хээр талд мэндэлж,  мал сүрэг адуулж, хурдан морь унаж өссөн нүүдэлч-малчин язгууртай зохиолч бөгөөд түүний уран бүтээл байгаль дэлхийтэйгээ гүн шүтэлцсэн нүүдэлчдийн соёл, ахуй, тал нутгийн зөөлөн намуун зан чанар, монгол уламжлалт мэдлэг ухаантай салшгүй холбоотой байдаг билээ.
Түүний бүтээлүүд дэлхийн 40 гаруй хэлнээ орчуулагдсаны зэрэгцээ тэрбээр Монголын түүх, соёл, байгалийн өвийг сэргээн хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа нийгэм соёлын зүтгэлтэн юм.
2014 оны есдүгээр сард Румыны Крайово хотод болсон Дэлхийн яруу найргийн наадмын тэргүүн шагналыг хүртлээ.
Дарьгангын талд өссөн малч удамт хүү хожмоо Монголоо дэлхийд сурталчилсан их найрагч болов. Анх “Бодлын шувуу” нэртэй шүлгийн түүврээ 1980 онд 28-хан насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том бүтээл болох “Алтан Овоо” туурвилаа 1993 онд хэвлүүлжээ. “Алтан Овоо”-ноос 19 жилийн дараа буюу 2012 онд “Гэгээнтэн” романаа уншигч түмний хүртээл болгосон нь өдгөө номын амтанд дурлагсдын талархал хүлээж байна.
Зохиолч Г.Мэнд-Ооёо Дарьганга нутгаас төрсөн сод авьяаст найрагчдын нэг. Ганга нуурын хөвөөнд тоглож, энэ нуураас алсын замд гарсан хүн хун юм.
Мөн уламжлалт босоо монгол бичгээ авч үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд зохиолч хувь нэмрээ үзүүлсээр ирсэн. Тэрбээр уран бичлэг сонирхож, өөрийн бүтээлүүдийг уран бичлэгт буулган, түүгээрээ Монголд төдийгүй гадаадын хэд хэдэн оронд үзэсгэлэн гаргаж эх хэлээ сурталчилсан гавьяатан.

Зохиолч Г.Мэнд-Ооёо Дарьганга нутгаас төрсөн сод авьяаст найрагчдын нэг. Ганга нуурын хөвөөнд тоглож, энэ нуураас алсын замд гарсан хүн хун юм. Тиймийн учир нуураа эргэж байгалийн үзэсгэлэнт энэ нутгийг хайрлан хамгаалах, онгон дагшин байдлыг нь хадгалж үлдэх тухайд шийдвэр гаргагчдын анхааралд хүргэж чадсан.

Үр дүнд нь Ганга нуурыг хамгаалах хөдөлгөөн өрнөж, жилээс жилд татарч, чуулах хунгийн тоо цөөрсөөр байгаа энэ нуурын эрэг хөвөөнөө мод тарих зэрэг сайхан санаачилгууд ажил хэрэг болоод эхэллээ. Үүгээрээ тэр нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн хэмээх тодорхойлолтод яв цав нийцэж байна.

Мэнд- Ооёо дэлхийд данстай найрагч. Тэрбээр 2009 онд Дэлхийн Урлаг, соёлын
академиас олгодог дэлхийн яруу найргийн дээд шагнал болох “Поэт лаурэт” цол, алтан титмийг гардсан. 2014 оны есдүгээр сард Румыны Крайово хотод болсон Дэлхийн яруу найргийн наадамд оролцож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй найрагчаас тодорч гранд буюу тэргүүн шагналыг нь хүртсэнийг монгол түмэн талархан угтлаа.
Зүүн гар талаас: Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, У.Хүрэлбаатар, Я.Баатар, Ж.Саруулбуян нар
Монгол найрагчийн бүтээлийг  өрнө дахинд шимтэн сонирхож буйн илэрхийлэл энэ биш гэж үү. Дэлхийн яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн албатай тэрбээр “Чингис хаан” одонг гардахаасаа хэдхэн хоногийн өмнө Тайваньд болсон Дэлхийн яруу найрагчдын 35 дахь их хуралд найрагчдынхаа хамтаар оролцоод ирлээ.

Чуулганы үеэр Монголын яруу найргийн өдөрлөг, уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэжээ. Мөн түүний шүлгийн түүвэр “Шинэ нутаг” нэртэйгээр англи, хятад хэлнээ хэвлэгдэн гарч, дээжийг нь дэлхийн өнцөг  булангаас ирсэн найрагчид хүртээд буцацгаажээ. Г.Мэнд-Ооёо хэмээх монгол хүмүүн дэлхийн яруу найргийн өргөөний хойморт хүндтэй байр эзэлсний тод гэрч энэ болно.

Тэрбээр өнгөрсөн оны тав, зургаадугаар сард Италийн Чеветилла хэмээх XV зууны шилтгээнд уран бүтээлээ туурвих урилга хүлээн авчээ. Тэр үедээ туурвисан шинэхэн романаа “Гол усан тунгалагших цагаар” хэмээн нэрийдэж, уншигч түмэндээ өргөн барихаар ариутган шүүж сууна.

Зуны дэлгэр цагт хөдөө гадаагуур явах ажил ихтэй тул уран бүтээл хийн, төвлөрч суух цаг олддоггүй. Харин өвлийн улиралд өвөлжөөгөө дулаалж аваад, уран бүтээл туурвихад нэн таатай байдгаа зохиолч нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байв.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө Г.Мэнд-Ооёо өвөлжөөндөө хэдийнэ тухалж, бичиг номын их ажилдаа шумбан оржээ. Энэ цагаар нь их найрагчид том хүндлэл ирэв.

 

Comments