logo

logo.jpg

Advertisement

​МОНГОЛЫН УНАЛТ ДОРОЙТЛЫН ҮНДСЭН ШАЛТГААНЫ НЭГ НЬ ЛАМЫН ШАШИН, МУХАР СҮСЭГ

МОНГОЛЫН УНАЛТ ДОРОЙТЛЫН ҮНДСЭН ШАЛТГААНЫ НЭГ НЬ ЛАМЫН ШАШИН, МУХАР СҮСЭГ
 
Тив дэлхийд сүр хүчээрээ гайхагдсан төр улсаа мандуулан, бардамнаж явсан ард түмнийг тогтоон барих арга ухааныг хол ойрын бүх л улс үндэстнүүд хайн сүвэгчилж байсан нь дамжиггүй бөгөөд тэр дундаас их цагаан хэрэмний урдах хан үндэстнүүд эртний өст хөршөө үүрд устган далдруулахыг ямагт хүсч зорьж ирсэн нь лавтай.
Их Юань гүрэн задран унах цаг дор түүний сүүлчийн хаан Тогоонтөмөрийг 1368 онд “Давааны арын орон”-руу нь шахан гаргасан хятадууд Мин хэмээх улсыг байгуулж, улмаар түрэмгий хөршөө нэг мөр дарж, устгахад чиглэсэн цогц бодлого авч хэрэгжүүлсэн бөгөөд үүний тулд юун түрүүнд Хубилай хааны үеийн бааз суурь дээр суурилсан цэрэг армиа улам хүчирхэгжүүлэх, цагаан хэрмээ сэргээн сайжруулах, нүүдэлчдийн оюун сэтгэхүйрүү ээлжит түрлэгээ хийж байсан буддын шашныг овжноор ашиглах, эрх мэдэл, шан харамж, хов гүтгэлэг, цол хэргэм зэрэг элдэв бусын аргаар монголчуудыг дотроос нь хагалан бутаргах зэрэг арга тактик хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнд хүрсэн бөгөөд тэрхүү бодлогыг Мин улсын дараа дараагийн хаадууд болоод манж Чингийн үе үеийн удирдлагууд ч уламжлан авч, үргэлжлүүлж ирсэн нь маргашгүй үнэн.
Дээрх арга ажиллагаа, ов мэхнүүд зорьсон цэгтээ оновчтой хүрч байснаас Мин улсын цэрэг монголчуудыг илт илүүрхэн, удаа дараа дайран довтолж, олноор нь алж хядаж байсан бөгөөд нийслэл Хархорум хотыг 1380, 1388 онуудад юу ч үгүй болтол талан дээрэмдэж, галдан шатааж байсан ба энэ цаг үеэс хойш элэг нэгтнүүд маань уруудан доройтсоор ирсэн нь түүхэн баримтуудад тодорхой тусгагдан үлдсэн билээ.
Мин улсын /1368-1644/ хаан Тай Зу (жинхэнэ нэр нь Нань Зинд), нутаг орондоо ихээхэн нэр хүндийг олоод байсан тангад лам Зонхов /1357-1419/-ыг өөрийн ордонд урвуулан авчирч, шашны зөвлөх нэрээр хорьж (нэг ч удаа нутагт нь буцааж бүр насан өндөр ээжийг нь өөдлөхөд ч уулзуулаагүй), өөрийн зальт санааг “Амьд бурхан, богд Зонховын амин номлол” нэрээр гарган тавьж, нилээдгүй газар аваад байсан улааны урсгалын эсрэг сөргүүлэн тавьснаас үүдэн гарсан улаан шар урсгалын тэмцэл зуун зуунаар үргэлжилж, түвдэд ч монголд ч асар их цус урсгасан түүхтэй билээ.
"Богд Зонхов" ламын үнэнч шавь өндөр гэгээн Занабазар, дилав хутагт Жамсранжав нарыг ч аанай л дээрх уламжлалт бодлогын хүрээнд манж Чингийн Кан Си (Энх-Амгалан) хаан, Хятад, Тайваны ерөнхийлөгч Чан Кай Ши нар мөн л зөвлөх нэрээр дэргэдээ цагдаж, монголчуудыг шарын номлолд нэвчүүлэх үйлстээ овжноор ашиглаж ирсэн хан үндэстний холч нарийн ухаанд хөөрхий гэнэн нүүдэлчдийг байтугай, хорвоо дэлхийг ч сүлбэх хорон санаа шингэсэн буйг хэн хэрхэн таамаглах...
Ийнхүү уруудан доройтох замаа нэгэнт зассан Их Монгол улс зуун зуунаар задран доройтсоор 1911 оны үеийн өрөвдөлтэй, арчаагүй төлөв байдлыг олжээ. Чингис хааны үеийн төрийн засаглалын хүчирхэг тогтолцоо, газар нутаг, хүн ам, олон улсын нэр хүнд, цэрэг-зэвсгийн чадавх, эдийн засгийн хүчин чадал зэрэгтэй харьцуулах аваас зүүдэнд ч оромгүй хэмжээнд хүртлээ унан доройтсон байлаа. Төв төрийг нь мөхөөн түмэн хэсэгт хувааж, хооронд нь алалцуулж, хамаг хатуу баялгийг нь цөлмөн мөлжиж, хүн амыг нь мухар сүсэгтэн болгон мунхруулж, цэрэг эрсийг нь шалдан лам, дарга жанждыг тойн, хан ван нарыг эфү, хоосон нэр, цол, чулуун жинсний төлөө улангасан өрсөлдөгч хэнээтнүүд болгож хувиргасан нь үнэхээрийн эмгэнэл, гаслан шаналал байв. Энэ бол харийн, дайсагнагч хүчнүүдийн (тангад, мин, төвд, манж г.м) хоруу бодлогын хэрэгжилт, урьдаас төлөвлөсөн үр дүн байлаа. Харийн хүчнүүд хожиж, завшиж, харин монголчууд ядуурч, цөөрч, доройтсоор мөхөл сөхөрлийн ирмэгт тулжээ.
 

Comments