logo

logo.jpg

Advertisement

НОЁН УУЛ

НОЁН УУЛ

...Хадан чулуун гэртэй л юмсан
Хайрган өвс дэртэй л юмсан
Ханатай гэрт чинь ханаран сууж
Хамаг учрыг чинь заллуулан хэлэх
Шагайтны хүүхдүүд
Шанаатны удмууд
Хөх нуруутны удмууд
Хүннү гүрний биетэнгүүд
Халх монголын угсаатангууд
Хаад ноёдын үндэстэнгүүд болохоор чинь
Түмэн зонд чинь хэрэгтэй л юм бол
Төр улсад чинь тустай л юм болвол
Ам хэлийг минь удирдуулангүй
Ааш уурийг минь хүргэмгүй болох юм бол хэлье
Хэлэлцэж болно
Өнгөтийн нартын үрсүүд өршөөл журмыг умартан хаяж
Өвчүү чээжээс минь өмчлөн авч
Өвөр нутгийг минь арилжин одох юм бол
Халх угсаа гэдэг чинь хаашдаа мөхөх бусуу
Хамаг монгол гэдэг чинь задрах бус уу
Түмэн түмнийг дамжсан
Түүхт их шастир чинь хаачив
Төрүүлсэн эх нутаг чинь хаачих вэ
Урсдаг барьсдаг галыг минь унтрааж
Уул нутгийг минь нурааж
Ургаа модыг минь огтлож ханахгүй байгаа үрсүүд үү та нар
Хар цусаа танихгүй үрсүүд үү та нар
Хойшдын хойшид хоолын бэлдэхийг нь бодох уу
Хот хөдөө нутаг нь хэрэгтэй юу гэдгийг
Үнэн сэтгэлээр үнэлээд үзэе
Халуун сэтгэлээр ханьлаад үзсэн ч
Энэ монгол угсаа чинь эртний их түүхтэй юм шүү үрсүүд минь
Туурга ханатай гэрт дугуйлан суудагсан
Дугуй тулгыг тулан суудагсан
Дэвжих найман лус минь дэргэд минь хүрээлээсээ
Хардаг найман лус минь хажуугаар минь байгаасаа гэж
Та нар хүсэхгүй байна уу
Хүсэл хүсэл чинь ихдээд
Хүн зон чинь олдоод
Төрсөн газар чинь багадаад
Төрмөл биес чинь гологдоод
Хувцас хунараа гээгээ юу
Хувирч одохыг хүсээ юу
Харийн гүрэнд очдог
Хамаг юмаа зөөдөг чинь
Хаанахын ёс уу
Энэ монгол гүрнийг чинь эвхэн авсан
Эрхэс тэнгэрийн дээдсүүдийг чинь
Хардаг олон сүнснүүд нь
Мандаг олон сахиусууд нь
Магад та нарт гомдох бус уу
Илч дулаан нар чинь илчгүй болохыг мэдэж байна уу
Эргэдэг энэ гариг чинь зогсохыг та нар мэдэж байна уу
Урсдаг энэ гол чинь хатахыг та нар мэдэж байна уу
Уул хөндий нутаг чинь байхгүй болохыг хүсэж байна уу
Алтыг амь шигээ бодож
Арван хэдэн цаасаар арилжиж
Аав ээжийнхээ нутаглуулдаг газрыг
Хэний хэнд өгөхөө хэсэгчилэн хуваах гээ юу
Мөргөж бай гэж мөнх тэнгэр байдаг юм
Сүсэглэж бай гэж сүлд чинь байдаг юм
Итгэж бай гэж амь чинь байдаг юм
Эргэж төрхийм шүү гэж заяа чинь байдаг юм шүү
Бул булуугаараа нийлж бухийн хүзүү гаргаж
Дан дангаараа нийлж дахын хүзүү гаргадаг шиг
Даяар монголыг минь сүнсгүй мэт бодож
Сүлдгүй мэт санаж
Өдий найман зуу гаруй жил болж.
Түмэн олны хэлийг төрлөөс чинь төрөлд дамжуулж
Алтан тэнгэрийн зарлигийг
Алд биенээс чинь мордуулж
Буулт суулт хийхийг байхад
Булталгүй олон үрсүүд мэдэхгүй
Харсан ч хараагүй юм шиг
Санасан ч санаагүй юм шиг
Санчигний чинь үс бууралтаж
Сахалт өвгөн болохыг мэдэх үү
Эмгэн буурал болохыг санах уу
Эрт мөдгүй одохоо бас мэдэх үү
Тэнгэр угсаагаа шүүмжилж
Тэнэг мангараар нь дууддаг
Алтан угсаагаа алагслаж
Ар тиврүү зорьдог
Ачлалтай хүнийг алж хөнөөдөг
Төрийн төлөө явсныг нь
Төмөр зэвсэгээр нударгалан алдаг чинь
Болих болоогүй юу
Борви чинь хатах болоогүй юу
Дугариг цагаан гэртээ
Дуулж хуурддаг түмэн минь хааччихав
Ханатай гэрт суудаг халуун бүл минь хаачив
Өмсдөг хувцас чинь өөрчлөгдсөн байна
Өнийн заяа чинь хаагдсан байна
Засаг төр чинь
Замхарсан байна
Замилан ард чинь
Доройтсон байна
Үндэсгүй мод, эхгүй гол гэж байдаггүй
Үрдээ хайргүй хүн гэж байдаггүй
Үндэстнээ мөхөөх гэж хүн төрдөггүй юм шүү
Энэ сайхан нутгаа идэж уугаад байх юм бол
Эртний энэ монгол чинь зөвхөн нэр нь л үлдэнэ
Нийт монголын заяаг бүгдээрээ бодох юм бол
Нийгэм гэдэг үг чинь чухам юу гэсэн бил ээ
Нэгтгэх гэсэн нэр чинь бус бол
Төр гэдэг үг чинь юу сан бол
Түмэн олноо бөөгнүүлж орой дээр гарч
Тэргүүлэхийг хэлдэг бус уу.
Алтан лусаа тахидаг нь олдоосой
Амин хувиа боддог нь цөөдөөсөө
Амгалан олон нь ихдээсэй
Аюул зовлон нь холдоосой
Ачлалтай хүнээ өрөвдөөсэй
Аав ээжийгээ хүндлээсэй
Алаг үрээ хайрлаасай
Ард олноо түшээсэй
Мөнгөний төлөө мөчөө тасдахаа болиосоо
Мөрөн голоо хайрлаасай
Ноцдог улаан галынхаа дөлөнд
Намхан борхон ээжийгээ шүтээсэй
Хайртай хүнийхээ нүүрлүү атгаа бүү зангидаасай
Хар сархад ууж ирчихээд хамгийг бүү түүвээгэээсэй
Энэ монголыын минь элэг нь бүтэн байгаасай
Ирэх зуун жилдээ бүгдээрэй мэнд ороосой
Түмэн жилийн түүх чинь
Хааныг харж аваасай
Төрсөн ээж аавын сүнс чинь төрхөмдөө очиж залраасай
Галынх нь сахиус нь манаж яваасай
Галтай эрчүүд нь олон байгаасай
Төрийн минь түшмэд дөнгөхгүй ухаан суугаасай
Төрсөн багачууд нь эхийнхээ хэвлийнээс үргэж бүү буцаасай
Түмний зовлонгоор хөлждөггүй юм аа үрсүүд минь
Төрийн сүлдэнд л мөргөдөг юм
Энэ байгаа биес чинь илжрэн муудахын цагт
Эргэж төрөх сүнс чиинь эрлэг там уруу явахыг
Ээ дээ үрс минь ухаарах юм бол их л сайн хэрэг байна
Алтан улсыг аргамжиж болдоггүй юм уу
Мөлхөө улсыг мөчилж болдоггүй юмуу
Ханатай төрсөн эрчүүд нь хайчив
Хатан зоригтой ханхар баатрууд минь хайчив
Элгэн саднаа боддоггүй эвхэрсэн олон үрсийг л харах юм
Хар дарсыг л шүтсэн ханхалзсан олон балчируудыг л үзэх юм даа
Түүхийг ноёлон суудаг
Түмэн бээрийн ноёдуудтай
Азийг алгасан суудаг
Алдартай их жанждуудтай байсан шүү гэдгийг
Амь эс зүрхэндээ
Аюулхай цээжиндээ бод...Зайран Даваасамбуу

Comments